Categories
редакцийн-нийтлэл

Э.УЯНГА: Эгчтэйгээ нэг жинд тоглох хэцүү санагдаад доод жиндээ орсон

Улаанбаатар хотноо зохиогдсон эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 64 кгын жинд алтан медаль хүртсэн, ОУХМ Э.Уянгатай ярилцлаа.

Ази тивийн аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.
Азийн аварга бо­ло­ход минь тусалж дэмжсэн шиг­шээ багийнхан, Монголын олим­пийн боксын холбоо, БТСГ-ынхан болон бусад хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Энэ удаагийн Азийн аварга олон амжилт дагуулсан сайхан тэмцээн болж өнгөрлөө?

-Манайх
бүтэн багаараа оролц­лоо. Арван жинд арван охин өрсөл­дөөд хоёр алт, хоёр хүрэл медаль авсан нь Монголын эмэгтэй боксчдыг хэр байгааг нотолсон байх гэж бодож байна.

Та аваргын төлөө БНХАУын тамирчныг буулгаж авсан. Өрсөл­дөгч тань нэлээд бяртай харагдсан?

-Хятадын
тэр тамирчинтай анх удаа тоглож үзлээ. Тивийн аваргын тэмцээнд улс бүр шилдгүүдээ илгээсэн байж таараа. Би Хятадын шилдэг тамирчныг ялсандаа баяр­тай байгаа.

Хятадын хүнд жингийн тамир­чид чанга байсан шүү. Бас Энэтхэг, Казахстаны тамирчид ч арга барил сайтай байна лээ?

-Азийн
боксчид чинь дэлхийд нэлээд дээгүүр байр эзэлдэг. Хятад, Энэтхэг, Казахстаны тамир­чид чансаагаараа дэлхийд өндөрт тооцогддог. Миний өрсөлдөгчид Казахстан, Энэтхэг, Хятадын тамир­чид байлаа. Хүчтэй өрсөл­дөгчид, ширүүн тулаан дундаас л алтан медаль хүртсэн шүү. Энэ бүхэн багшийн минь л ач тус.

Шигшээгийн дасгалжуулагч Л.Энхбаатар багш уу?

-Тийм
ээ. Л.Энхбаатар багш маань надад анхнаас нь боксыг заасан. Би гурав дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна.

Яагаад боксоор хичээллэх болсон юм бэ?

-Яагаад
ч юм бэ дээ, өөрөө ч мэдэлгүй энэ спортыг сонгосон. Хүн амьтанд дээрэлхүүлэхгүй гэсэн бодлын үүднээс л сонирхсон байх.

Өөрийг тань дээрэлхдэг хүн байсан юм уу?

-Үгүй
л дээ. Харахад эмэгтэйлэг хэрнээ, эрэмгий байхыг хүссэн. Хүнтэй барилцаад авахад мөчөө­гөө өгөхгүй л гэж бодсон. Манай зарим найз боксоор хичээллэдэг юм. Найз охиноо бокс тоглохыг нь хараад маш их бахархдаг байсан. Найз маань ч надад боксоор хичээллэ гэж олон удаа санал тавьдаг байсан юм.

Найзыг тань хэн гэдэг вэ?

-Амгаланжаргал гэж охин бий. Кикбоксоор хичээллэдэг юм. Найзы­гаа харахаар ямар гоё, бахархмаар гэж санана. Тоглохыг нь хараад бага зэрэг атаархах сэтгэл төрдөг байлаа. Тэгээд л найзынхаа зөвлөсний дагуу “Хар чоно” клубт очоод Л.Энхбаатар багшид шавь орсон. Одоо багш маань эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгал­жуу­лагч болсон.

Боксоор хичээллэж эхлэх үед ар гэрийнхэн тань эсэр­гүүцэж байв уу. Шууд лТогло, тоглогээд зөвшөөрөөгүй л болов уу?

-Гайгүй
ээ. Манайхан шууд хориглож, үгүй гэж хэлээгүй. Эхэн­дээ “Ямар сонин юм сонирхдог юм бэ” гэцгээдэг байсан. Би багаасаа сагсан бөмбөг, спортоор яваад харьцангуй биеэ даачихсан байсан болохоор боксоор хичээллэх гэж буйгаа ээжид хэлтэл “Явж явж ямар сонин спорт сонирхдог юм бэ” л гэсэн. Тэгээд сонирхоод хичээл­лээд техникийг нь сураад иртэл “Энэ бол гэмтэл бэртэл биш. Спорт юм байна” гэдгийг ойлгосон. Техни­кээ сайн сурсан тамирчин гэмт­дэггүй гэдэг. Боксын суурийг багш маань зөв тавьж өгсөн учир ингээд хүчтэй өрсөлдөгчдөө ялаад тивийн аварга болчихлоо. Би алтан медалийн болзол хангачихаад өөртөө итгээгүй, сонин санагдсан. “Юу билээ. Яг хожсон юм болов уу” гэж бодогдоод өөртөө итгэхгүй байсан шүү. Одоо ч гэсэн медалиа гаргаж ирээд “Аая яа яа. Бас л…” гэж бодогдоод байгаа шүү.

Аваргын төлөө тоглоход тань гэрийнхэн чинь үзсэн байл­гүй. Ер нь тоглолтуудыг чинь танайхан ирж үздэг үү?

-Ер
нь бол нэг их үзүүлээд байдаггүй юм. Дэргэд байгаад яах юм бэ, зурагтаар үзэх нь дээр шүү дээ гэчихдэг. Сая алтан медалийн төлөө тоглосон болохоор манай­хан яах аргагүй бүгд ирээд үзсэн. Бид энэ тэмцээнд бэлтгээд хоёр сар орчим гэрээсээ хол байсан. Гар утас ч бариагүй.

Хоёр сар орчим гэрийнхэн­тэйгээ огт уулзаагүй гэсэн үг үү?

-Азийн
аваргын тэмцээн ДАШТ-ий өмнөх сорилго болохоор маш их бэлдлээ. Урьд өмнө нь энэ тэмцээнд ингэж 17 улсын тамирчид оролцож байгаагүй юм билээ. Олимпийн өмнөх Азийн аварга гэдэг бол асар их ач холбогдолтой. Бид хоёр сарын турш бэлтгэл хийсний үр дүнд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ.

Эрдэнэтийн “Олимп” баазад бэлтгэл хийсэн. Багш бидний гар утаснуудыг хураагаад авчихсан. Ар гэрт нь асуудал гарлаа гэхэд тэр талаар сонсоод сэтгэлзүйд нь өөрчлөлт орж, бэлтгэлжилт алдаг­дана гээд л тэгсэн хэрэг. Бид нар ч сүүлдээ дасчихаж дээ. Утасгүй явсаар байгаад. Зурагт ч үзэхгүй. Зөвхөн бэлтгэлээ хийгээд л, амраад л.

Тэмцээн өндөрлөсний дараа л зурагт үзлээ. Өнөө өглөө л (өчигдөр) гэртээ ирсэн. Ингэж л нэг юм гэрийн бараа харлаа даа. Гэрт маань олон юм өөрчлөгдөж, дүү нар минь том болчихож. Ойрд телевиз үзэж, радио сонсоогүй болохоор их сонин санагдсан. Шинэ дуу, клипүүд их гарчихаж.

Өөрөө хэдэн онд төрсөн бэ?

-1989 онд.

Сурдаг уу?

-Их
сургуулиа төгсөөд гурван жил болж байна. МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг спортын аялал жуулчлалын мене­жер, багшаар төгссөн. Дөрөвдүгээр курсээсээ боксоор хичээллэж эхэлсэн.

Биеийн өндөр чинь хэд вэ?

-172 см.

Та хаана төрсөн бэ. Ээж, аав тань аль нутаг усны хүмүүс байдаг вэ?

-Би
Улаанбаатарын унаган хүүхэд. Аав, ээж маань ч хотынх. Харин эмээ, өвөө маань Архангай чигийн хүмүүс юм шиг байна лээ. Тэр талаар сайн мэддэггүй юм. Хотод өссөн болохоор ийшээ тийшээ нэг их явж байгаагүй. Боксоор хичээллэснээсээ хойш Эрдэнэт рүү л бэлтгэлээр их явдаг даа. 14 хоног, сар, 45 хоног, хоёр сарын хугацаатайгаар.

Боксоор гаргасан амжилтуу­даасаа дурдвал?

-Улсын
аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. 2010 онд Азийн аваргад оролцож байсан. Мөн Индонезийн Эзэн хааны цомын аварга шалгаруулах тэм­цээ­нээс мөнгө, Казахстанд болсон эмэгтэй боксчдын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Сая Азийн аваргаас алтан медаль аваад байна даа.

Боксоор хичээллэдгийн ач тус амьдрал дээр хэрэг болж байсан тохиолдол бий юу?

-Боксын
спортыг амьдралд хэрэг­жүүлж болохгүй л дээ. Бид хүнийг хаана нь яаж цохивол яахыг нь сайн мэдэх учраас тэр бүгдийг амьдралд хэрэглэх хориотой бай­даг. Энэ талаар AIBA (Олон улсын сонирхогчдын боксын холбоо)-гийн дүрэмд болохгүй гээд заа­чихсан байдаг юм. Тулааны спор­тоор хичээллэдэг хүн ямар нэг гар зөрүүлэх таагүй явдалтай тохиолд­вол хамгийн түрүүнд ямар зарчим баримталдаг вэ гэхээр “Зугт” л гэдэг (инээв). Ерөөсөө л зугт. Яаж ийж байгаад л зугт гэдэг юм.

Найз залуутай юу?

-Найз
залуу байгаа.

Боксоор хичээллэдгийг тань хэр дэмждэг вэ?

-Найз
залуу минь өөрөө боксын спортын хүн л дээ.

Хэн гэдэг тамирчин билээ?

-П.Мөнхбаатар гэдэг. 81 кг-ын жинд тоглодог. Хоёулаа нэг спор­тын хүн болохоор бие биенээ ойлгох тал дээр ямар нэг асуудал гардаггүй. Харин ч бие биедээ зөвлөөд сайхан байдаг.

Таны тоглож буй 64 кгын жин олимпод орохгүй. 75 кг юм уу, 60 кгын жинд орж олимпод тоглож болохгүй юу?

-Би
уг нь 75 кг-ын жинд тоглодог байсан юм. Сая спартакиадаар 60 кг-ын жинд орж тоглоод ялагд­чихсан. Гэхдээ 2012 оны олимпод биш юм аа гэхэд 2016 оны олимп өмнө минь байна. Тэр үед эмэг­тэйчүүдийн бүх жин олимпод орчих ч юм билүү. Миний хувьд 64 кг-ын жин надад их тохироод байгаа.

Төрсөн эгч Э.Ундрам тань 75 кгын жинд тоглодог. Эгчтэйгээ нэг жинд өрсөлдөхөөс татгал­заад доод жинд орсон юм уу?

-Эгчтэйгээ
олон тэмцээн дээр таарч тоглосон. Эвгүй шүү дээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн эгчтэйгээ тоглоод байх хэцүү санаг­даад 64 кг-ын жин рүү орсон. Тэмцээний дараа бид хоёр “Чи намайг тэгж цохисон”, “Чи ингэж цохисон биз дээ” гэж биедээ гомдол­лодог ч “Гэхдээ чиний тэр цохилт дажгүй байсан шүү. Ингэвэл бүр ч янзтай болно доо” гэцгээнэ. Ээж “Та хоёр битгий зодолдоод байгаач ээ. Юм л бол зодолдох юм. Хэцүү санагдаад байна” гэдэг байсан юм. Одоо би жин доошил­чихсон болохоор эгчтэйгээ тогло­хоор цохилт нь илүү жинтэй тусаад байх шиг санагдаад байгаа шүү. Жингийн ялгаа их мэдэгддэг юм байна.

ОУХМ Э.Ундрам дүүгээ дагаад боксчин болчихсон хэрэг үү?

-Тийм
ээ. Би эгчээ дагуулсан. Уг нь эгч маань ерөөсөө спортоор хичээллэдэггүй байсан юм. Анх удаа л боксоор хичээллэж буй нь энэ. Одоо ЭМШУИС-д сурдаг. Сургууль, бэлтгэл гээд л завгүй явдаг юм.

Боксоор анх хичээллэхэд хэцүү санагдах үе байв уу?

-Байлгүй
яахав. Толгой өвдөнө. Хоёр нүдээ ээлжлээд хөхрүүл­чихнэ. Хүнд зодуулчихсан юм шиг л хөхөрсөн нүдтэй явдаг байлаа. Алба ч биш ингэн, ингэн явах хэрэг байна уу гэж бодогдож бай­сан ч “Энэ спортыг сонгоод хичээл­лэж эхэлсэн юм чинь эцсийг нь үзнэ” гээд л зүтгэдэг байлаа. Би угаасаа жаахан шаралхуу зантай л даа. Тэгсээр сүүл рүүгээ бэртэл авах нь багасгаад ирдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Баяраа хүүтэй хамт боксын тэмцээн үзлээ

Сонирхогчийн боксын эмэгтэй­чүү­дийн
Ази тивийн аварга шал­га­руу­лах VI тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт үргэлжилж
бай­на. Манай улсад анх удаа зохиог­дож буй энэхүү тэмцээнд 19 орны 100 гаруй боксчин
арван жингийн ангилалд өрсөлдөж байгаа. Эхний хоёр өдөр тус бүр долоон тоглолт болсон
бол өчигдөр 48, 54, 60, 64 кг-ын жингийн нийт 13 тоглолт болсон юм.

48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин
Т.Болортуул, Шри Лан­кийн тамирчин Косала Нилминитай тоглосон нь өчигдрийн эхний
ту­лаан байлаа. Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Болортуул зүүн далан дээрээ хилэнцийн
шивээс­тэй аж. Манай тамирчин өрсөл­дөг­чөө­сөө нуруугаар өндөр, чац урт учир зайнаас
тоглоно. Харин Коса­ла Нилмини 2010 оны Ази тивийн аварга.

Т.Болортуул аль болох өрсөл­дөг­чийнхөө
гарт өртөхгүйн тулд хурдан зайлж, зайнаас ажил­лаж ихэнх оноогоо авлаа. Эхний үед
5:3 харьцаагаар Т.Болортуул илүүрхсэн бол дараагийн үеүдэд 15:6, 21:10 харьцаагаар
илт тэр­гүүлж эхлэв. Сүүлийн раундад Шри Ланкийн тамирчин оноо авах гэж улайрч дайрахад
манай тамирчин хам­гаалалт, цохилтыг хослуулж тооны харьцааг 26:11 болгож ялалт
байгууллаа.

Хэдий урьдчилсан шатны тог­лол­тууд
явагдаж байгаа ч манай үзэг­чид тамирчдаа дэмжихээр ир­жээ. Нэг хэсэг газар бөөнөөрөө
суугаад та­мирчнаа өөр өөрсдийн­хөөр “дас­галжуулна”. “Зайнаас ажилла”, “Тойрч гарч”,
“Гэдсэнд нь цохи” гээд л орилолдоно. Тэдний дунд ахмад боксчин, дасгалжуулагч, тамирчид,
шигшээгийнхэн сууж харагдана лээ.

Хөдөөнөөс ирсэн найздаа тэм­цээн үзүүлж
байгаа нэг залуу байна. Тэрээр найздаа “Энэ ордон том байгаа биз. Гадаадын тамирч­дыг
харахаар сонин байгаа биз дээ. Тээр тэнд байгаа чинь Вьетнам улсын төрийн далбаа
байхгүй юу. Наана нь Хойд Солонгосын дал­баа байна. Дан эмэгтэйчүүд тоглож авар­гаа
шалгаруулж байгаа юм” гээд л энэ тэрийг танилцуулна. Найз нь ч тэр болгонд толгой
дохиж эргэн тойрноо сайтар ажиглана.

Энэ үеэр 13 настай Б.Баяраа гэдэг
хүүтэй танилцлаа. Тэрээр тэмцээнийг телевизээр шууд дам­жуулж байхаар нь тоглолтыг
боди­тоор нь үзье гээд ирсэн нь энэ гэнэ. 
Гэр нь Нисэхэд байдаг учир хичээ­лээ тарангуут нааш иржээ. Тасал­бар шалгагч
“Чамаас яалаа гэж мөн­гө авах вэ. Миний дүү ор, ор” гээд л оруулчихсан гэсэн. Хүү
дэр­гэд суугаад элдвийг шалгааж, юм л бол “Аниа” гээд л юм асуух юм.

Тэрээр “Аниа, тэр аль орны далбаа
вэ. Өмнөд Америкийн далбаа яагаад байхгүй байгаа юм бэ. Яагаад эрэгтэй боксчид гарч
ирэхгүй байгаа бол” гээд л янз бүрийн юм асууж гарлаа. Тэмцээ­нийг үзэнгээ хүүд
тэр бүхнийг нь аль бо­лох тайлбарлахыг хичээв. Хүү чөлөөт бөхийн дугуйланд явдаг
гэнэ. Спортод дуртай нэгэн. Ирээ­дүйд тамирчин болохыг хүсдэг гэсэн. 

Энэ үеэр зааланд олимпийн аварга Э.Бадар-Ууган
орж ирлээ. Б.Баяраа түүнийг хажуунаас нь харна гээд гүйгээд явчихав. Энэ мөчид
48 кг-ын жинд Тайванийн тамирчин Мен Чун Хсеих, Вьет­на­мын тамирчин Ди Там нар
тоглож бай­сан юм. Эхний гурван үед хоёр та­мирчин ижил тэнцүү тоглолт гаргасан
ч дөрөвдүгээр үед улаан булангаас гарч тоглосон Тай­ва­нийн тамирчин сульдаж, өрсөл­дөг­чөө­сөө
зуурч эхлэв. Тэрээр ядар­сан ч өрсөлдөгчийнхөө цохилтоос бултаж, оноо алдалгүй
17:15 харь­цаа­гаар хожлоо. 

Дараагийн тоглолт Филиппин, БНХАУ-ын
тамирчдын хооронд болсон. Хоёулаа тэсрэлттэй, хүч­тэй цохилттой тамирчид учир тог­лолт
нь нэн  сонирхолтой. Эрэгтэй боксчид тоглож
байна уу даа гэл­тэй. Энэ тоглолтод БНХАУ-ын та­мир­чин Южи Луо 10:16-гаар илүүр­хэв.

Б.Баяраа “Э.Бадар-Ууганыг бүр хажуунаас
нь очиж харчихаад ирлээ” хэмээсээр гүйж ирээд дэр­гэд суучихлаа. Тэгснээ “Би цэнхэр
булангаас гарч ирсэн тамирчныг нь дэмжихгүй байгаа. Тэр Хятадын тамирчин юм чинь”
гэв. Бээлий, малгайгаа өмсч зогссон Хойд Солонгосын тамирчныг харчихаад “Тэр Хойд
Солонгосын тамирчин байна. Өмсгөлийнх нь ард тэгээд биччихсэн байна. Хойд солон­гос­чууд
урд байдаг солон­гос­чууд­тай­гаа байлдаж байсан байхгүй юу. Би түүхийг нь мэднэ
шүү” хэмээлээ.

48 кг-ын жингийн сүүлийн тог­лолт
Энэтхэг, Казахстаны тамирч­дын хооронд болсон юм. Тэгтэл Б.Баяраа “Би Казахстаны
тамирч­ныг нь дэмжиж байгаа. Яагаад гэвэл казах эмэгтэйчүүд манай эмэгтэйчүүдтэй
царайгаараа их адилхан юм шиг санагдаад байгаа” гэсэн юм.

Эхний хоёр раундад тамирчид 2:2,
5:5 оноогоор тэнцсэн бол сүүлийн хоёр үед Казахстаны боксчин Дина Любаева 10:6,
17:8 харьцаагаар хошуучилсан. Ийнхүү 48 кг-ын жинд дөрвөн тоглолт болсны дараа
54 кг-ын жингийн тулаанууд эхэллээ. Шри Ланкийн тамирчин Видушика Пра­бад, Энэтхэгийн
тамирчин Сониа Ладер энэ жингийн эхний тулааныг хийв. Энэтхэгийн тамирчин хоёр,
дөрөв­дү­гээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, 5:24 харь­цаа­гаар ялалт байгууллаа.

Б.Баяраа хүү тоглолт явагдаж байхад
ч хажууд элдвийг асуусаар л, ярьсаар л. “Би сая Бадар-Ууганыг дэргэдээс нь харлаа.
Гоё юм. Би өмнө нь чөлөөт бөхийн од Наран­баа­тар ахыг харсан. Яг хажуунаас нь.
Хан-Уул дүүргийн спортын ор­донд. Чих нь аягүй сонин юм билээ. Яагаад чих нь тийм
сонин болчих­сон юм бэ. Би барилдаад байвал бас тийм чихтэй болчих уу” л гэнэ.
“Эмэгтэй боксчид юм байж яагаад эрэгтэй хүн шиг биетэй байгаа юм бэ” ч гэх шиг.  Хүүтэй энэ тэрийг ярьж суутал 54 кг-ын жинд манай
тамирчин М.Гүндэгмаа, Казахс­та­ны тамирчин Гүльзан Акимоватай хүч үзэхээр рингнээ
гарч ирэв. Уг нь М.Гүндэгмаа арал чацаараа илүү ч өрсөлдөгчөө гартаа оруулж чадсангүй.
Оновчгүй баахан цохилт хийж өрсөлдөгчийн цохилтод орж тоолуулав. Манай тамирчин
оноо авах гэж хэт дайрч, эмх цэгцгүй тоглосноос оноо авах биш алдсаар 23:14-өөр
ялагдчихлаа.

Б.Баяраа хүү ихэд харамсан “11-хэн
оноогоор ялагдчихлаа. Үеийг нь сунгаж болдог болов уу” гээд над руу харав.

Энэ тоглолтын дараа 54 кг-ын жингийн
үлдсэн тоглолт, 60, 64 кг-ын жингийн тоглолтууд болсон юм. Спорт цогцолбороос гарч
явтал өнөө хүү “Та маргаашийн тоглол­тыг ирж үзэх үү. Би байж байна шүү. Баяртай”
гэсээр хоцорлоо.

Тэмцээн өнөөдөр урьдчилсан шатны үлдсэн
тоглолтуудаар үр­гэл­жилнэ. Харин хагас шигшээ тоглолт 25-нд эхлэх юм.

Д.ГАНСАРУУЛ
Гэрэл
зургуудыг
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Ийм “бабушка”-гаар оросууд удирдуулах уу

Оросын Ерөн­хийлөг­чийн сонгуульд
тус улсын Ерөнхий сайд Владимир Путин ялалт байгууллаа. Тэрээр энэ талаар зарлах
мөчдөө уйлсан нь дэл­хийн хэвлэл мэдээллийн­хэн, олон улсын ажиг­лагч­дын анхаарлыг
та­тав. “Түүнд одоо л сайхан амрах цаг ирж байна”, “Путины эртэдсэн ну­лимс”, “Путин
хүмүүсийг уяраах гэж гавар түрхэж жүжиглэв” хэмээн янз бү­рээр тайлбарлаж байна.

Харин улс төрийн ажиг­­лагчид, Оросын
нэр нөлөө бүхий улстөрчид “Манлайлагч хүн бусад удирдагчдад нулимсаа харуулдаггүй
юм” гэж дуу нэгтэй шүүмжилж байгаа юм.

Путин хөгширчээ. Урь­дын эрч хүч,
зориг тэнхээ нь барагдчихаж. Оросууд уйланхай “ба­бушка”-гаар удир­дуу­лах­гүй л
байх. Угаасаа оро­сууд хүчирхэг, зоригтой хаад, удирдагчдын гарт л нэг­дэж, тогтдог
омголон ард түмэн.

“Догшин” гэдгээрээ түү­хэнд тэмдэглэгдэн
үлд­­сэн Оросын хаан Иван өдөж, басамжилсан дайс­­нуудаа харгислан алж, өөдөөс нь
сөргөө­цөлдсөн болгоныг хиар цо­хидог догшин хаан бай­­сан гэдэг. Хүүгээ хэ­тэрхий
үлбэгэр, сул байс­ных нь төлөө жадалж амийг нь хороосон тийм догшин нэгэн билээ.
Оро­сын эзэн хаанаар 1682-1725 оны хооронд суу­сан I Петрийн сүр хүчийг одоо болтол
дуурсдаг. Даяар Оросын хаан, Их ван I Петрийг хаан хүний ухаан, улсыг залахуйн өөрийн
гэсэн мэхтэй удир­­дагч байсан гэлцдэг. Октя­брын хувьсгалын гол удирдагч Владимир
Ильич Ленин Оросын шил­­дэг удирдагч. Тэрээр Оросын хувьсгалч, улс­төрч, Зөвлөлт
социалист бүгд найрамдах холбоо­ны улсын анхны тэргүүн, XX зууны нөлөө бүхий зуун
эрхмийн нэг. Энэ мэт нэрлэвэл тус улсыг удир­даж явсан олон хүчирхэг хүн байна.
ЗХУ-ыг 31 жилийн турш удирдсан Сталин, 1991 онд танкин дээр гарч зогсоод ард тү­мэндээ
“Өөрчлөлт хийц­­гээе” гэж уриалж хаш­гирсан ОХУ-ын анх­ны Ерөнхийлөгч Борис Ель­цин,
Чечень, Дагис­таны салан тусгаарлагч­дын эсрэг хатуу бодлого ба­рим­талж, эрс зангаа­раа
гайхагдаж байсан үеийн Владимир Путин. Ийм л удирдагчдыг оро­сууд хү­лээн зөвшөөрч,
үнэлж, дагадаг байлаа.

Гэтэл энэ Путин биш ээ. Сонгуульд
ялсан тө­дий эхлэл мэдээ дуулаад л уйлчихсан. Тэр өөр болчихож. Хэтэрхий зөөл­рөө
юу даа. Уг нь Пу­тин бол улс төрийн ер­төнцөд сайн дархны гарт мянгантаа давтагдаж,
зуунтаа тавлагдсан хурц илд мэт гялалздаг. Сэт­гэлзүйг нь хуягттай зүйр­лэ­дэг.
Гэтэл яагаад жаахан хүүхэд шиг уйлж, нүдээ нухлав аа. Тэр Ерөн­хийлөгч бол­сон­доо
баярлаад нулимс унага­сан ч үнэндээ айс­наа­саа болоод тэгж уйл­жээ. М.Кад­дафи
шиг алуу­­лахаас авраг­д­чих­лаа, Арабын хавар Орост цэцэг­лэхгүй боллоо гэж баярлаад
уйлсан нь тэр л дээ. Айгаад уйлахыг нь харахаар ямар юмных нь хурц илд байхав. Нэг
муу мохоо тонгорог л гэсэн үг. Гэхдээ Путины бодоод уйлаад байгаа шиг бүх юм дуусаагүй,
дөнгөж эхэлж байна. Түүний бод­сон шиг Арабын хавар Улаан талбайд цэцэг­лэх­гүй
гэж хэлж хараахан бо­лох­гүй нь. Учир нь Орост Путиныг, сонгуу­лийг эсэр­гүүцсэн
хөдөл­гөөн, жагсаал ид өрнөж эхэл­лээ. Ингэхээр Ара­бын хавар Орост ирээд, цэцэг­лэ­хэд
бэлэн байна. Яагаад гэвэл тус улсын иргэд ингэж жагсаал цуг­лаа­­наар нэгдээгүй
их олон жил болсон юм шүү.

Ай, оросууд ийм “ба­бушка”-гаар удирдуу­лаад
адилхан уйлж дуу­лаад сууж байх уу даа, үгүй л болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Сумогийн унасан нэр хүндийг Асашёорюү дахин сэргээнэ гэж үү

Японы сумогийн холбоо олон тэрбум
иений алдагдал хүлээж түүхэндээ байгаагүй санхүүгийн хямралд өртсөнөө зарлав.
Энэ байдлаар үргэлжилбэл, мэргэж­лийн сумо хүнд байдалд орж, олон жилийн
уламжлалтай спорт нь үгүй болоход хүрэн 1990-ээд оны унтаа төрхөндөө буцаж
ороход ойрхон байгаа юм.

Юунаас үүдэн сумо ийн үзэгчгүй
болж, хөгжил нь зогсоход хүрээд байгааг ихэнх хүн их аварга Аса­шёорюү
Д.Дагвадоржтой холбон тайлбарладаг. Түүнийг зодог тай­ла­хаа нулимс дуслуулан
мэдэгдсэн 2010 оны хавраас эхлээд сумо сонирхогчдын тоо буурч, башёг үзэх
хүмүүс цөөрч эхэлсэн. Зарим башёгийн эхний долоо хоногийн барилдааныг хүн
үзэхгүйд хүрч байсан тохиолдол ч бий. Сумогийн холбоо тэр үед үзэгчдээ эргүүлэн
татах зорилгоор башёгийн  тасал­ба­рыг
хөнгөлөлттэй борлуулахаас эх­лүүлээд газар хөдлөлт, байгалийн гамшигт өртсөн
иргэ­дийн­хээ сэтгэлд дэм өгч, дэмждэг бөхчүүдийнх нь барилдааныг ойроос
харуулах нэрийн дор ордны сууд­лыг дүүргэх хүртэл арга хэмжээ авсан. Яван
явсаар сүүлдээ сумо үзэгчгүй болов.

Асашёорюүг ид барилдаж байх үед
банцүкэ гарах үеэр л башёг үзэх иргэд тасалбар худалдаж авахаар хөөцөлддөг
байлаа шүү дээ. Гэтэл одоо сумогийн ба­рил­даа­ны тасалбар шиг элбэг юм Японд
үгүй гэх.

Манай төрийн нэг сайхан жаяг байдаг
юм. Монголын аугаа байл­дан дагууллын үед тэмдэглүүштэй, том гавьяа байгуулсан
баатар, цэргүүдэд “Есөн алдааг нь уучлах” гэдэг сайхан шагнал өгдөг байлаа.
Гавьяа байгуулсан тухайн хүний хийсэн есөн удаагийн алдааг цай­руулж, өнгөрөөх.
Эл заншил одоо ч монголчуудын сэтгэл зүрх, ааш араншинд хадгалаастай.

“Асашёорюү брэндийн дэлгүүрт
танхайрч гэнэ”, “Аса­шёо­рюү хятад ажилчныг мангастжээ”, “Их аварга Асашёорюү
тэгж зо­долд­лоо”, “Асашёорюү найр та­раа­жээ” гэх элдэв яриа гардаг. Тэр бүрт
нь бид “Үгүй яахав, ганц удаа яадаг юм”, “Юун сүртэй юм, эр улсуудын хооронд
байх л зүйл” эсвэл “Тэд өөрсдөө Аса­шёо­рюү­гийн дургүйг хүргэж, хорыг нь
маажаа биз” гээд л өнгөрнө. Энэ нь өнгөц харахад арлын орныг байлдан дагуулж,
монгол эр хүний жавхаа, хүч бярыг дэлхийд тун­ха­г­лаж чадсан их аваргаа өмөөрч
буй боловч дээр дурдсан “Есөн алдааг нь уучлах” гэсэн эртний төрийн хууль далд
байдлаар үйлч­лээд байгаагийн илрэл л дээ. Гэтэл япончууд яав, манай аваргыг.
Солонгос ч билүү, хятад ч байлуу тийм нэг хүнтэй ресторанд муу­дал­цаад
түлхсэнийг нь дуулиан бол­гож, үүгээр нь шалтаглаж сумо­гоо­соо хөөчихсөн. Тэр
үед Японы сумогийн холбоо “Зодог тайлахаа өөрөө албан ёсоор мэдэгд эсвэл бид
чамайг хөөлөө”  гэсэн ийм хоёр
сонголторхуу хэрнээ нэг утгатай шаардлага тавьж ацан шалаанд оруулсан. Тэгээд
аргагүйн эрхэнд Асашёорюү аварга сумогоос өөрийн хүсэлтээр явж байгаагаа
мэдэгдсэн. Энэ нь монголчууд, төдийгүй Японы ард түмний хувьд гэнэтийн мэдээ
байв.

Их аваргаа өөнтөглөж, хавчиж
дэвжээнээс нь хөөх үедээ Японы сумогийнхон үндэсний спортоо уналт руу залж
байгаагаа ухаа­раагүй.

Цагаан сарын үеэр Асашёо­рюүд
Такасаго дэвжээнээс мэнд­чил­гээ ирүүлсэн юм. Уг мэндчилгээнд сумогийн дэвжээнд
22 наснаасаа эхлэн 25 удаа тү­рүүл­сэн таны бахархам амжилтын гараа эхэлсний 10
жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд мэр­гэж­лийн сумогийн хөгжилд оруул­сан
хувь нэмэр тань зүйрлэшгүй их гэдгийг дурдъя. Таны амжилтыг хүндэтгэн ирэх оны
нэгдүгээр сард сумогийн 68 дахь их аварга төрөн гарсны 10 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх талаар Сумо бөхийн холбоонд уламжлаад байгаа шүү гэжээ. 

Японы сумогийн холбооны
зөвшөөрөлгүй ямар нэгэн дэвжээ захидал, мэндчилгээ дэвшүүлэх, тэр дундаа
сумогоос хөөгдсөн хүнтэй ингэж харилцах нь хорио­той. Такасaгo дэвжээнийхэн ийн
мэндчилгээ илгээсэн нь алсуураа Японы сумо бөхийн холбоо, Японы ард түмний
хүсэл байж мэдэх юм. Магадгүй тэд сумогийн унасан нэр хүндийг Асашёорюү
эргүүлэн ав­чирч өгч юун магад гэж итгэж байж мэднэ. Японы томоохон пиарчид су­могийн
холбоондоо “Даруй нэр хүн­дээ сэргээх арга зам хайхгүй бол 2013 он гарвал
найдваргүй болж, байдал хэцүүднэ” хэмээгээд Аса­шёорюүгийн амжилтын арван
жилийн ойг тэмдэглэх нь нэр хүн­дээ өсгөх нэгэн зам гэж зөвлөсөн байна. 

Хэрэвзээ япончуудад, Японы
сумогийн холбооныхонд мон­гол­чуу­дын уучлах ухааны дайтай сэтгэлгээ өчүүхэн ч
болтугай бай­сан бол хөөж явуул­сан их аварга руугаа ингээд захи­дал бичээд
сууж байхгүй л байсан даа. Тэгээд ч их аварга “Сумогийн унасан нэр хүн­дийг
сэргээнэ ээ хө” гээд Японыг зо­рино гэдэг нь юу л бол. Зодог тайл­сан монгол
бөх зүлэг ногоон дэвжээндээ дахин гарч ба­рилд­даг­гүйг тэд мэддэггүй л байх.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Нарантуул”-ын наймаачид “ШАТАЖ” ГҮЙЦЛЭЭ

-ИРГЭД ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРГҮЙ БАЙГАА БОЛОХООР ЗАХЫН БАРАА БОРЛОГДОХГҮЙ БАЙГАА АЖ-

Цагаан сарын баяр хаяанд ирсэн ийм
үед олны хөлд дараас­тай газруудын нэг нь “Наран­туул” зах. Томоохон тэм­дэг­лэлт
баяруу­дын өмнө тус захын наймаачид урд хөршөөс ойр, ойр­хон бараа татаж, санасандаа
хүр­тэл ашигтай ажилла­даг. Энэ мө­чийг наймаа­чид тэсэн ядан хүлээ­нэ. Гэтэл өнөө
жилийн цагаан сарын өмнө ард иргэд төдийлөн юм худалдаж авахгүй байгаа гэнэ. Мон­голчууд
Хятадын бараа­наас татгалзах болсноос тус захыг зорих нь багас­сан гэж ярих хүмүүс
бай­хад их хүйтний үед салхи, жавар хурсан ил задгай захаар явж даарч хөөрс­нөөс
энд тэнд дулаан байр байшин, худалдаа­ны төвд зохиогдож буй яармаг, үзэсгэлэн худал­дааг
зорих сонирхолтой болсон гэж тайлбарлах нь ч байна. Чухам юунаас үүдээд иргэд “Наран­туул”
захаар орохгүй бай­гааг тодруулахаар тус захыг зорилоо. 

Уулзсан наймаачид бүр
най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж “Юун ашиг манатай.
Ур­даас авсан үнээ олж авч
чадах нь уу” хэмээн бу­химдацгааж байна.

Ард иргэд худалдан авалт хийхгүй байгааг
мөнгөний ханшийн уналт, шатахууны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Наймаачид
цагаан сарын баярт зориулж шинэ жилийн дараанаас эхэлж урагшаа бараанд явдаг аж.
Гүйлгээ нэмэгд­сээр битүүний урьд өдөр бүр оргил­доо хүрч наймаачид хоорондоо ярих
байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж, урьд жилүүдэд. Энэ жил наймаачид
дунд нэгдүгээр сарын эхээр л бараа татсанаас хойш дахиж ураг­шаа яваагүй нь ч байна.
Бидний эхэлж уулзсан хүн бол М.Ямагт­дэлгэр. Тэрээр тус зах дээр 12 дахь жилдээ
наймаа хийж байгаа гэнэ. Хүүхдийн цамц, өмд, хослол, до­туур ноосон өмд, оймс зэрэг
хувцас зардаг юм байна.

Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Хамгийн сүүлд хэзээ ураг­шаа бараандаа
явсан бэ?

-Нэгдүгээр сарын 8-нд явсан. Түүнээс
хойш дахиж явсангүй.

-Бараа тань зарагдахгүй бай­гаа
болохоор дахиж урагшаа яваагүй гэсэн үг үү?

-Тийм. Гүйлгээ ёстой муу байна аа.
Манайхан юмны үнэ өслөө л гээд байна. Бензиний үнэ өсөхөд уг нь барааны үнэ нэг
их дагаж өсөөд байдаггүй юм. Гэтэл махны ченжүүд л тэгж дэвэргэж байгаа юм. Махны
үнэ өсөхөөр хүнсний бусад бүтээгдэхүүний үнэ өсчихөж байна. Харин барааны үнэ өсөөгүй.
Өв­лийн улиралд захынхан барааны­хаа үнийг харин ч буулгадаг. Бид урдаас авчирсан
нэг оймсон дээр 20-30 төгрөг л нэмж зардаг. Ноосон дотуур өмдөн дээр 400-500 төгрөг
нэмдэг. Захынхан авчирсан ба­раагаа хэд нугалж зардаг гэдэг чинь худлаа.

-Хүмүүс захаар төдийлөн үйлчлүүлэхгүй
байгаа нь ху­далдан авах чадваргүй байгаа­тай холбоотой байх нь ээ?

-Ард түмэн мөнгөгүй байна. Мах, шатахууных
нь үнэ өсчихсөн боло­хоор хэцүү байна. Төрийн толгойд байгаа энэ хэдэн гишүүд толгойгоо
зөв ажиллуулсан бол цөөхөн ард түмнээ ингэж амьдруулахгүй л байсан байхгүй юу. Цагаан
сарын дараа гурав, дөрөвдүгээр саруудад захын наймаачид бид чинь зарим­даа хоолны
мөнгөгүй, хоосон ха­рих нь бий. Гэтэл энэ жил юун цагаан сар вэ. Одоо бид чинь хаврын
тарчиг саруудынх шиг хоосон буух нь энүүхэнд байна. Бараа зарагдахгүй, хүн амьтан
ч авахгүй юм. Уг нь урьд жилүүдэд арай ийм байгаагүй. Цагаан сарын өмнөх өдрүүдэд
наймаачид хоо­рондоо ганц ч үг ярих завгүй най­маагаа хийгээд орлоготой байдаг байлаа.
Өглөө эрт ирж наймаагаа эхлүүлээд орой харуй бүрий бол­сон хойно харьдаг байсан.
Гэтэл одоо бид өглөө аажуу уужуу ирээд орлого орохгүй болохоор нарны голтойд л гэр
рүүгээ явчихдаг болсон.

Монголчуудын худалдан авах чадвар
дэндүү муу байна. Түүнээс биш монголчууд Хятадын бараа­наас татгалзаад байгаа юм
энд огт байхгүй. Хамгийн гол нь хүмүүст худалдан авалт хийх мөнгө нь алга гэсэн
юм.

Оймс, терко, цамц, футболк, ноосон
өмд зэрэг бараа зарж буй нэгэн эмэгтэй “Өдийд чинь зах дүүрэн хүнтэй, хөл тавих
зайгүй шахам байдаг. Энэ жил ер тэгсэн­гүй. Хүн амьтан ч цөөн байна. Хүмүүс юмны
үнэ асуучихаад л яваад өгөх юм. Бараа ерөөсөө худалдаж авахгүй. Авбал ганц хоёроос
хэтрэхгүй юм. Бөөндөж авахаа байсан. Ард түмний амьд­рал хэцүү байна. Оймс ч авах
чадвар алга байна шүү” гэж бухим­дангуй ярьж “Төр засаг ард түм­нийхээ амьдралыг
өөд нь татъя гэж бодохгүй байна. Жилээс жилд дордож байна” гэлээ.

Захын наймаачид “Хүмүүсийн худалдан
авах чадвар муу байна. Бараа ер гүйхгүй байна. Арай гайгүй орлоготой нь монгол гутал,
дээл, малгай, бүсний най­маа­чид болоод байна” гэцгээнэ.

Малгай, бүсний наймаачидтай уулзахад
өмнөх жилийн өдийд бараа нь “шуурч” зарагдаж байсан бол одоо өдөрт гурав дөрвөөс
илүү зарагдахаа байсан гэнэ.

Монгол гутлын наймаа эрхэл­дэг Н.Мягмарсүрэн
гэх бүсгүйгээс наймаа хэр байгааг асуулаа. Тэ­рээр “Цагаан сарын өмнө нэгдүгээр
сараас эхлээд хүмүүс гутал ху­далдаж авдаг байлаа. Битүүний өдөр бид гэртээ ганц
хоёр гуталтай харьдаг байсан. Энэ жил ямар ч гутал зарагдсангүй. Нэгдүгээр сард
зарагдах ёстой байсан гутлууд тунасаар лангуундаа багтахаа байлаа. Гутал хийх материалын
үнэ ч өслөө. Цагаан сар болоход тав, зургаахан хоног үлдсэн байхад лангуун дээр
ийм их гутал байгаа нь хэцүү байна. Цагаан сар өнгөр­вөл хэн ч гутал худалдаж авахгүй.
Ийм олон гутлаар юу хийх юм бэ. Хүмүүс уг нь гуталтай болох санаа­тай асууж байгаа
ч авахгүй юм. Гутал сонирхсон хүмүүсээ дагуу­лаад ойр хавьд байдаг цайны газарт
орж өмсгөж үзүүлэх гэхээр тэндхийнхэн хөөгөөд гаргана. Амьд­рахад улам л хэцүү болоод
байна шүү. Зах дээр зогсч байгаа бидэн дунд эрүүл биетэй ганц ч хүн алга. Эрүүл
эрхтэнгүй боллоо. Ийм хүйтэнд өдөржингөө зогсоно гэдэг хэний ч хүсэх юм биш” гэж
үнэн байдлаа хэллээ.

Захаар явахад монгол гутал, дээл,
бүс, малгай зардаг лангуу, эгнээнүүдэд хүмүүс чихэлдэж бай­сан бол бусад барааны
хэсэг сэ­лүүхэн байлаа. Дээл худалдаж буй эгнээнд орлоо. Эмэгтэй хүний дээл ямар
торгоор хийснээс хамаарч 100-160 мянга, 150-250 мянга, эрэгтэй кашмер дээл
90-150 мянга, хүүхдийн дээл 35-60 мянган төгрө­гийн үнэтэй байна.

Дэнжийн мянгын хар зах гэж байхаас
дээлний наймаа хийж буй Т.Тунгалагтай уулзлаа. Тэрээр энэ бизнесээр дагнаад 20 жил
болж байгаа аж. Дээлний наймаа эрхэл­дэг хүмүүсийн ашиг олдог ганц үе нь цагаан
сарын баяр. Гэтэл дээл­ний наймаачид “Нарантуул” захын саравчны нэг эгнээнд л бөөнөөрөө
чихэлддэг нь хүндрэлтэй гэнэ. Нэгдүгээр сарын сүүлээс эхлээд дээлний наймаачид нэмэгдсээр
одоо энэ ганц эгнээнд наймаачид, худалдан авагчдын хөл тавих зайгүй чихэлдэж байна.
Энэ нь халаасны хулгайчдад олз болж дээл авах гэж ирсэн хүмүүс өдөрт хэдэн арваараа
халаасаа хоослуу­лаад уйлаад буцаж байгаа аж. Захын цагдаа нар эргүүлээр явдаг ч
тэр нь төдийлөн нэмэргүй.

Т.Тунгалаг “Уг нь олны буянаар цагаан
сарын өмнө олон дээл зардаг юм. Гэтэл энэ жил дээл асууж байгаа хүн нь олон ч авах
хүн нь цөөн байна. Өнгөрсөн жил дээлнүүдээ гаргаж ирээд л шууд зарчихдаг байв. Цагаан
сарын өмнө дээлний бизнес ашигтай байдаг гэж дуулаад оёж чаддаг, чаддаггүй элдэв
янзын хүмүүс сайн муу дээл авчирч зарж байгаа нь дээлний нэр хүндийг унагаж буйд
харамсдаг юм. Өнгөрсөн жил би хурган дотортой торгон дээлийг хэд хэдээр нь зарсан.
Энэ жил ганцыг ч зарсангүй. 800 мянган төгрөгөөс өгнө гээд нэг байна. Ийм нэг дээ­лэнд
40 орчим арьс ордог. Нэг арьс нь 10-15 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд чанартай
торгоор гадар­лаад ураа гаргаж оёдог. Уг нь хамгийн сайхан дээл шүү дээ. Монголчууд
цагаан сараар хурган дотортой дээлээр гангардаг бай­сан үе өнгөрөв бололтой” гэж
харамсан өгүүлсэн юм.

Хүмүүс шинэ дээл авч хүч хүрэх­гүй
болохоор захын торгоны лан­гууг зүглэж байгаа гэнэ. Торгоны худалдаачин Г.Батмөнх
гэх залуу­тай уулзлаа. Г.Батмөнх “Торго метр нь 3-15 мянган төгрөгийн хооронд байна.
Одоо ч хүмүүс торго авахгүй л дээ. Цагаан сар тулчихаар авдаггүй юм. Нэгдүгээр сарын
дунд үеэс л дээлний торгоо зэхдэг. Энэ жил хүмүүс торго тийм ч их авсангүй. Дээл
авах мөнгөгүй болохоор торгыг нь аваад дээл хийгээд өмсөх хүсэлтэй байх шиг. Ер
нь тэгээд үнэтэй дээл авч бай­хаар хийлгээд өмсчих нь дээр шүү” гэж зөвлөлөө.

Монгол гутал, дээл, малгай, бүс зарж
буй наймаачид нэг иймэрхүү юм ярьж байна. Харин гэр ахуй, өмд цамц, цүнх элдэв бараа
зарж буй наймаачид олон саяар шатаж дууслаа гэж халаглаж “Төр засаг гэж байдаг бол
ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татаач” хэмээн чин сэтгэлээсээ хэлж, гуйцгааж байна.

“Нарантуул” захаас хүмүүс юм худалдан
авахгүй байгаа биш, худалдаж авах мөнгөгүйдээ захаар орохгүй байгаа юм байна. Одоо
ард түмэн дотор хамгийн баян байгаа нь тэтгэврийн хөгшид болоод байгаа гэнэ. Ээж,
ааваа, эмээ, өвөөгөө сугадсан үр хүүхдүүд нь банкуудаар орж тэтгэврийн зээл авч
ууц, буузны махаа авах гэж дугаарлаж байна. Ард иргэд “Наран­туул” захаас бараа
авах дургүйдээ биш ууц, боов, махандаа хамаг мөнгөө өгчихөөд л тийш зүглэхгүй байна
шүү дээ. Монгол­чууд бид сар шинээ шинэ дээл, хувцас, идээ ундаатай элбэг дэлбэ­гийн
ерөөлөөр угтдаг. Гэтэл шинэ дээл, тэр байтугай дээл хийх торго ч авах мөнгөгүйгээр
Цагаан сараа ядуу угтах нь.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Д.Банди: Шигшээгийн ахлах дасгалжуулагч болохсон гэж асар их мөрөөдсөн юм шүү

-НАМАЙГ ЗҮГЭЭР Л ХӨСӨР ХАЯЖ БАЙНА-

Ардын багш,
гавьяат дасгалжуулагч, сонирхогчийн боксын
үндэсний
шигшээ багийн з
өвлөх
Д.Банди багштай уулзаж ярилцлаа.

 
-Та хэдэн оны үед боксын үндэсний шигшээгийн ахлах дасгалжуулагч боллоо. Бээжингийн олимпоос
ганц, хоёр жилийн
өмнө л санагдах юм?

-2006 оны нэгдүгээр 1-нээс
үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон л доо. Би цоо шинэ,
юу ч үзээгүй залуусыг шигшээд авсан. Алдар цол олоо­гүй, амжилт гаргаагүй байхад нь би хүүхдүүдийнхээ авьяасыг хараад шигшээд оруулсан. Энэ үеэс хүүх­дүүдийн маань амжилт огцом өгсөх­­дөө өмнөх үеийнхээ амжил­туудыг эвдэж, ахиулж байлаа. Оюутны дэлхийн аваргад Э.Бадар-Ууган
аваргалж, цаана нь таван тамирчин хүрэл медаль
хүртэж билээ, тэгэхэд. Ингээд л боксчдын амжилт ахиж, улам урагшил­саар
байв.

2007 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Арван жил аваагүй байсан
дэлхийн аваргын медалийг ингэж авсан учиртай. Би тэр тэмцээнд явж чадаагүй. Хэрэв тамирчидтайгаа цуг явсан бол мөнгө биш алтан медаль авах байсан.

Амжилт байхгүй байсан
үеийг эвдээд улам дээшлээд, оргилж эхэлсэн.

-2008 оны олимпод манай дөрвөн тамирчин өрсөлдөх эрх авсан нь сүүлийн дөрвөн олимп дотроос хамгийн олон боксчин оролцсон наадам гэдэг?

Дөрвөн боксчин маань бүгдээрээ алтан медаль авчих боломж байсан. Боксын
тэмцээн хэцүү. Бүхэл бүтэн олимпийг эхлээд дуу­сахад бокс зэрэг л эхлээд дуусдаг. Жүдо бол нэг л өдөр барилддаг байхгүй юу. Гэтэл 16 хоногийн турш тамирчдынхаа форм,
сэтгэл санаа тэр бүгдийг нь хадгалж явахад маш их ухаан хэрэгтэй. Би Бээжингийн олимпийн
үеэр энэ бүгдийг нь хадгалж явж чадсан. Тийм учраас боксоор рекорд тогтоож алт,
мөнгөн медаль авч нэг тамирчин тав, нэг тамирчин есдүгээр байр эзлээд багаараа 195 орноос айргийн тавд багтсан. Энэ үед Монголын үзэгчид, бокс сонир­хогчдын сэтгэл ямар их хөдөлж, монгол омогшил төрснийг хэзээ
ч марташгүй. Энд ирсний дараа утсаа нээнгүүт баяр хүргэсэн, амжилт хүссэн, баярлаж таларх­сан, бахархсан мессежүүд ар араасаа “сар сар” гээд арав хориороо ирдэг байлаа.

Олимпийн дараа эх орондоо ирэхэд ямар гоё байсан
гэж сана­на. Нисэхээс машиндаа суугаад хотын төв рүү ирсэн чинь төрийн далбаагаа барьсан хүмүүс замын хоёр талаар жагсаж хүлээж авсан.
Яг төрийн тэргүүн явж байгаа юм шиг.

Хүмүүс “Банди багш! Банди багш явж байна” гээд л. Манай дүү надтай нэг машинд сууж ирсэн байхгүй юу. Тэгсэн
түүнийг хэн ч тоохгүй байна гэнэ ээ. Цонхоор толгойгоо гаргаад төрийн далбаа­гаа бариад хашгирсан ч тоохгүй байна гэнэ. Харин бүгд л “Банди
багш” гэж сүйд болсон гэж тухайн үедээ жаахан
гомдонгуй яриад бөөн инээдэм болж билээ (инээв). Энэ бүх амжилтыг
Банди гэдэг энэ хүн хийсэн юм аа гэдгийг Монголын ард түмэн мэдэрсэн байна. Би тэрэнд аймаар их баярлаж байгаа.

-Олимп хэдийнэ дууссан ч хүмүүс танд баяр хүргэсээр л
байсан?

-Гадуур явж байхад замын нөгөө талд явж байсан хүн тосч ирээд “Танд их баярлалаа. Баяр хүргэе” гэнэ.  Хүмүүс “Их баяр­лалаа” гэдгээ түрүүлж хэлдэг бай­сан. Их сонин байгаа биз. Ийм гоё. Тэгэхэд би баатар,
гавьяат төрүүллээ. Би өөрөө ардын багш боллоо. Булган аймгийнхан олимпийн аварга Н.Түвшинбаяр бид хоёрыг сайхан угтаж авсан. Бид хоёрын хөргийг дэлгэц дээр маш том гаргаад таван давхар байшингийн ханан дээр
өлгөчих­сөн байж билээ.

-Та олимпод тамирчдаа бэлтгэсэн төлөвлөгөөгөөрөө Миланы ДАШТ-д оролцсон байх аа?

-Олимпийн дараанаас л 2009 оны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлүүлсэн. Бээжингийн
олимпийн наадамд бэлтгэсэн төлөвлөгөөгөө улам чанаржуулаад Италийн Миланы дэлхийн аваргад найман тамирч­наа
оруулсан. Бээжинд 80 хувийн ялалт үзүүлсэн бол Миланд 74 хувийн ялалтын амжилт гаргасан. Энэ бол үнэн гайхамшиг. Дэлхийн 148 орноос тавдугаар байрт шалгарсан. Алт, мөнгө, хүрэл медаль авсан. Тэр байтугай Мон­голын боксын хүнд жин, 81 кг-ын жингийн тамирчин дэлхийн авар­гад хоёр давсан. Үүнийг мэр­гэжилтнүүд, сонирхогчид “Мон­голын хүнд жингийн боскчин дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр давна
гэдэг аварга болсонтой адил. Монголын бокс үнэхээр аугаа
юм аа” гэж дүгнэж байсан. Олим­поос илүү амжилт гаргасан.
Энэ тэмцээний дараа хөдөл­мөрийн баатар, 17 настай гавьяат тамирчин төрж гайхамшгийг бүтээсэн. Гэтэл багшид нь юу ч байхгүй. Төрөөс ямар ч шагнал аваагүй. Яахав
дээ, тэрэнд нь юм бодож л явдаг юм (хоолой нь зангирав).

Олимпоос нэг алт аваад, 2009 онд дэлхийн аваргаас
ганц алтан медаль хүртээд өөр ямар ч медаль­гүй жүдо бөхийн шигшээгийн ахлах дасгалжуулагчийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болгочихсон. Тэгсэн чинь би олимпоос алт, мөнгө хоёр аваад, дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл аваад, багаараа айргийн тавд орсон ийм амжилт гаргаж байхад төр засаг тоогоогүй. Яахав, дэлхийн авар­гаас алт, мөнгө, хүрэл медаль авахад Ерөнхийлөгч зүгээр л баяр хүргэсэн мэндчилгээ л явуулж байсан. Ерөнхий сайд ч мэнд­чилгээ явуулсан. П.Сэрдамбад хөдөлмөрийн баатар, Н.Төгсцогтод гавьяат тамирчин цол өгсөн. Багш байхгүй. Тэгэхэд “Баатруудыг бэлтгэсэн багш хэн ч биш юм байна” гэж хүмүүс ярьж байсан.

-Танай холбооноос дээш нь тодорхойлолт энэ тэр явуулсан биз дээ. Яагаад
х
өдөлмөрийн баатар болгох­гүй байгаа
юм бол?

-Тодорхойлолт өгсөөн, өгсөн. Тэр байтугай шигшээ багт авсан тамирчдын минь анхны дасгал­жуулагч
Ганзориг гэж байдаг юм. Тамирчдыг минь бэлтгэсэн, анх гаргаж ирсэн хүн мөн л дөө. Тэр хүнд гавьяат цол өгсөн.

-Олимп, дэлхийн аварга төрүүлсэн Д.Банди багшийг бие нь муудангуут залуу дасгал­жуулагчид нийлээд
албан тушаа­лаас нь буулга­чихсан. Хэрэв Д.Банди багш байсан бол боксчдын амжил­тын
буухиаг нэг хэсэгтээ
үргэлжлээд л байх болно
гэж ярих х
үмүүс байдаг юм?

-Тамир тэнхээ минь муудсан, насныхаа тэтгэвэртээ
гарчихсан. Би өөрөө зайгаа тавьж өгсөн. Залуу
дасгалжуулагчдадаа өөрийн бо­дол, сэтгэл аливаа зүйлээ үлдээе гэж бодох юм. Даанч эдгээр хүмүүст хүлээж авах оюун ухаан алга. Огт тоохгүй байна.
Намайг зүгээр л хөсөр хаяж байна. Зүгээр л надаас асуугаад лавлаад ирж болно. Би зөвлөөд л өгнө шүү дээ. Би тэнд нь ажиллана гэвэл миний чадвар хүрэхгүй. Зүгээр л намайг хажуудаа аваад, юм асуугаад сураглаад явбал болно биз
дээ.

-Таныг хүмүүс шигшээгийн зөвлөх багш болчихсон л гэж бодож байгаа. Үндэсний шиг­шээ багтаа ямар нэг харьяа­лалтай биз дээ?

-Зүгээр л тийм
нэртэй. Зөвлөгөө авч байгаа хүн ер алга.

-Шигшээгийн бэлтгэлийн үеэр хааяа
ганц нэг очдог байлг
үй?

-Би тэнд очих шаардлага байхгүй ээ. Завгүй байна. Яагаад гэвэл өөрийнхөө дурсамж-туужийг бичиж байна. “Монгол Улсад боксын спортыг хөгжүүлэх” гарын авлагыг бичиж дуусаад багш нар­таа тараалаа. Энэ гарын авлагыг
дасгалжуулагчид хичээлдээ ашиг­ласнаар эл спорт жигд хөгжинө гэсэн үг. Хуучин алаг цоог байсан. Энэ гарын авлага гарснаар хот, хөдөө гэлтгүй бүгд жигд нэг сур­галтаар явах юм. Олон жил бодож төлөвлөж явсан, туршлагаа үндэс­лэж энэ номоо гаргасан л даа.

-Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч, тус холбооныхны зүгээс зөв­лөхийн ажлаа ирж хий гэхгүй юм уу?

-Холбооны маань нөхдүүд шинээр зохион байгуулалт хийж байна. Шигшээ багийн дасгал­жуулагч
байсан Алтанхуяг, Ганбат, Оюунболд бид хэдийг нэгтгээд одоогийн шигшээ багийн дасгал­жуулагчдын
төлөвлөгөө, бүхий л ажлыг нь хянаж зөвлөж байх хэсэг гэж байгуулсан. Саяхан манай энэ хэсэг хуралдаж шигшээ
багийн дасгалжуулагчдын ажлын төлөв­лөгөөг авч хэлэлцсэн юм. Ямар ч шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт өгчихөөд байна. Олимп хүртэл төлөвлөгөөгөө сайжруул гэсэн даалгавар өгсөн.

-Тухайн өдрийн од мэднэ гэдэг
ч таны ажиглаж буйгаар боксчид Лондонгийн олим­поос хэдэн медаль х
үртэх бол. Лондон бол Бээжин биш?

-Чи их нарийн юм асууж байна. Монголын боксчид
Лондонгоос гурван медаль авна гэсэн таамаг гарсан байна. Бээжингийн олим­пийн өмнө Э.Бадар-Ууганыг медаль авна гэсэн таамаг байсан. Таамаг хэрэгжихэд
дасгалжуулалт, дасгалжуулагчийн ухаан нөлөөл­нө. Тамирчин маань тэгэх чадалтай болчихсон байгаа. Хам­гийн гол нь одоо
дасгалжуулагчаас маш их чадвар шаардана.

-Олимп, дэлхийн аварга, гавьяат шавь нар тань холбоо барьдаг биз дээ.
Гэрээр тань орж гардаг байх?

-Утсаар ярьдаг. Байнга биш л дээ. Завгүй байгаа юм чинь. Үе үе ярьдаг.
Манай Э.Бадар-Ууган их ухаантай, сэргэлэн хүүхэд. Өөлөх юм байхгүй. Олимпийн наадмын үеэр миний
ухааныг тэр чигээр нь хүлээж авсан. Олимп дуусаад энд ирснийх нь дараа нэгэн сурвалж­лагч Э.Бадар-Ууганаас
“Монголд олимпийн үеэр юу болсныг дуулсан уу” гэж асуусан чинь “Бид нар юу ч мэдээгүй. Багш бид нарыг вакуум орчинд байх ёстой гээд тэмцээн, бэлтгэл, амралт
гэсэн хуваарьтай байлгасан. Хүнтэй ч уулзуулдаггүй байсан” гэж хариул­сан байдаг. Ингэж байж л амжилт гаргадаг байхгүй юу. Олон хоног үргэлжилж буй тэмцээн шүү дээ. Тэр олон хоногийн турш тамирчнаа барина гэдэг хэцүү. Гэхдээ би чадсан. Миний ухаантай хүүхдүүд энэ бүхнийг биелүүлж чадсан. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёр чадсан. Харин З.Энхзориг,
У.Мөнх-Эрдэнэ хоёр биелүүлж чадаагүй. Тэгэхээр
ингээд уначихдаг байхгүй юу.

-Тэр хоёр яагаад биелүү­лээ­гүй гэж. Таны үгэнд ороогүй юм уу?

-У.Мөнх-Эрдэнэ
медаль авах байтугай бүр аварга ч болох боломж бай­сан. Гэтэл багшийнхаа үгнээс зөрсөн. Медалийн төлөө тоглох өдрийн урьд шөнө нь Улаан­баа­тараас утсаар муу мэдээ л дуулсан юм шиг байгаа юм. Тэгээд
шөнө нойр нь хүрэхгүй, эмчээс нойрны эм асуугаад явж байсан байна лээ. Жингээ үзүүлчихээд хоёр эм дав­харлаж уугаад унтсан гэсэн. Багшийн үгнээс зөрөөд. Дандаа ингэдэг дурак байгаа юм. Дандаа ингэж өөрөө алддаг. Олон удаа ингэсэн, Мөнх-Эрдэнэ.
Тэр зан нь ингээд өөрийг нь баллаад байдаг юм.

-Сая улсын аварга шалга­руулах тэмцээний үеэр таныг олж харсангүй?

-Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр улсын бүх нийгэм­лэг, спорт хороодын дасгалжуулаг­чид ирдэг. Энэ үеэр нь би семинар хийсэн. Өөрийнхөө бичсэн сургал­тын хөтөлбөрөө гардуулж өгч тайл­барласан. Бүтэн хоёр цагийн семинар хийсэн.

-Таны хоолой өнгөрсөн жилийн­хээс жаахан муудаа юу. Эсвэл ойрд гам алдав уу?

-Нэг их муудаагүй. Ер нь
иймэрхүү байгаа. Харин ч одоо улам сайжраад байгаа юм биш үү (инээв).

-Гамтай л байхгүй бол болох­гүй шүү. Эсвэл та номоо би­чээд хэтэрхий удаан суугаад байгаа юм биш биз?

-Компьютерийн ард удаан суугаад эхнэртээ загнуулчихдаг
юм.

-Шигшээгийн зөвлөх гэхээр холбооноос цалин авах уу. Тэт­гэврийн хэдээс гадна хэд гурван
т
өгрөг өгдөг үү?

-Байхгүй ээ, байхгүй. Эхэн үедээ ганц хоёр сар өгсөн. Одоо байхгүй. “Миний ертөнц” номын­хоо үргэлжлэлийг нь бичиж байна. Энэ их гоё ном гарна
аа. Эхний номонд 2000 он хүртэлх амьдрал маань гарсан бол хоёр дахь номонд 2000 оноос хойших,
шиг­шээ­гийн ахлах дасалжуулагч боло­хын тулд яаж мөрөөдөж явсан үеийн түүхээс минь эхэлнэ гэсэн үг л дээ.
Яагаад гэхээр миний шавь нар амжилт гаргахаар шигшээ баг руу хүмүүс аваад явчихдаг. Би өөрийнхөө шавь нараар амжилт гаргах юмсан гэж бодоод клуб байгуулсан. Би клубтээ
ирсэн хүүхдүүдийг авна. Харин шигшээ­гийн дасгалжуулагч болохоор Монгол Улсынхаа
шилдгүүдийг, шилмэл авьяастнуудыг нь түүж авч өндөр амжилтад хүргэнэ. Ийм учраас би шигшээ багийн дасгал­жуулагч болох юмсан гэж асар
их мөрөөдсөн. Клубийн дасгалжуу­лагч байхдаа зүгээр л сонирх­лоороо
ирсэн хүүхдүүдийг авдаг байсан. Авьяастай нь ч байсан, авьяасгүй нь ч байсан. Багийн төлөө л явдаг. Харин шигшээ багт эх орныхоо төлөө, Монгол Улсын­хаа төлөө явдаг байсан.

Шигшээ багийн дасгалжуулагч болсон, дасгалжуулагч
болоод амжилт гаргасан түүхүүд энэ номонд минь багтсан.

-Багш нарын баяраар яаж баярлав?

-Номоо бичээд л сууж байлаа. Шавь нар маань ирдэг
юм. Би Сэлэнгэд дасгалжуулагч хийдэг байсан. Сэлэнгийн шавь нар маань ирж багш нарын
баярыг маань тэмдэглэсэн.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Спартакиад эхэллээ

Монголын бүх ард түмний спор­тын
XIII их наадам сонир­хогчийн боксын УАШТ-ээр эхлээд байна. Спортын төв ордонд
зохиог­дож буй эл тэмцээнд 25 байгуул­лагын 240 гаруй тамирчин эрэгтэй ес,
эмэгтэй гурван жингийн анги­лалд өрсөлдөж байна. Улсын аваргын медалийн төлөөх
тоглол­тууд өнөөдөр эхлэх юм. Энэ тэмцээ­нээс шалгарсан тамирчид ирэх сарын
5-нд эхлэх спартакиадын шигшээ тэмцээнд өрсөлдөх юм.

1946 онд БНМАУ-ын анхдугаар
спартакиадыг “Тамирчдын улсын спартакиад” нэртэйгээр зохиож байжээ. Уг
спартакиадад хөнгөн атлетик, хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөг, кросс гүйлт,
дугуй зэрэг төрлөөр 3000 гаруй тамирчин оролцжээ. 1954 он хүртэл энэ
спартакиадыг есөн удаа зохиосон аж. Жил ирэх бүр оролцогчдын тоо нэмэгдэж,
уулын спорт, хүндийн өргөлт, мотоцикль, шатар, цана, тэшүүр зэрэг спортын
төрлүүдээр хүрээгээ тэлсэн түүхтэй.

Ингээд 1961 онд улс хувьсга­лын
40 жилийн ойг тохиолдуулсан дээрх спартакиадын цар хүрээг тэлж тамирчдаар
зогсохгүй бүх ард иргэдийг хамруулах зорилгоор нэрийг нь Монголын бүх ард түм­ний
спартакиад болгон өөрчилжээ. Бүх ард түмний анхдугаар спарта­киадад аймаг,
хотоос шалгарсан 2000 гаруй тамирчин шигшээ тэмцээнүүдэд оролцож аварга
шалгаруулж байжээ. Уг спартакиад 1961, 1964, 1967, 1971, 1975, 1979, 1983,
1987, 1991, 1999 ондуудад Монголын бүх ард түмний спар­такиад нэрээр зохиогдсон
бол 2004, 2008 онд Монголын бүх ард түмний их наадам гэх нэрээр зохиогдоод
байгаа.

Энэ удаагийн наадам автомо­тоцикль,
байт харваа, бокс, бууд­лага, гар бөмбөг, гимнастик, дугуй, жүдо, кикбокс, олс
таталт, таек­вондо, тэшүүр, хөнгөн атлетик, хөл бөмбөг, хүндийн өргөлт, сагсан
бөмбөг, самбо бөх, газрын теннис, спорт бүжиг, цана, чөлөөт бөх, шатар,
ширээний теннис, пара жүдо, пара хөнгөн, хонхот бөмбөг, суугаа волейбол гэсэн
спортын 27 төрлөөр зохиогдоно.

Наадамд оролцогчдыг зургаан бүсэд
хуваах бөгөөд бүсийн тэм­цээн сагсан бөмбөг, волейбол, ширээ­ний теннис,
хөлбөмбөгийн төрлүү­дээр зохиогдож, шигшээ тэмцээнд баруун, төв, зүүн бүсээс
тус бүр хоёр, хангайн бүс, тусгай газруудын бүсээс тус бүр гурав, нийслэлийн
бүсээс дөрвөн баг буюу нийт 16 баг шигшээд шалгарах юм. Хэрхэн бүсчилснийг
харуулъя.

Баруун
бүс

Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс,
Говь-Алтай

Хангайн
бүс

Архангай, Баянхонгор, Булган,
Орхон, Өвөрхангай, Хөвсгөл

Төвийн
бүс

Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ,
Төв, Өмнөговь

Зүүн
бүс

Говьсүмбэр, Дорнод, Дорно­говь,
Хэнтий, Сүхбаатар

Тусгай
газар 

Алдар, Аврагч,  Хүч, Хилчин, Сүлд, Эрч 

Нийслэлийн
бүс

Баянгол, Баянзүрх, Багануур,
Багахангай, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул

Спартакиадын хүрээнд ний­тийн
биеийн тамир, нийтлэг спортын төрлүүдээр орон даяар олон төрлийн тэмцээн, арга
хэм­жээг “Хүн-хөдөлгөөн-хөгжил” уриа­тайгаар зохион байгуулах юм байна. Наадмын
нээлтийн ёслол ирэх гуравдугаар сард болох бол хаалтын баярыг зургадугаар са­рын
3-ны өдөр Улаанбаатар хот­ноо зохиохоор төлөвлөсөн байна.

Наадам дөрвөн үе шаттай зо­хиогдоно.
Гуравдугаар шатнаасаа шалгарсан буюу бүсээсээ гарч ирж шигшээ тэмцээнд хүч үзэх
эрх авсан баг тамирчдад диплом ол­гож, их наадмын бэлгэдлийг дурсгах аж.

Шигшээ тэмцээний зай, жин тус
бүрт медальт байрт шалгарсан баг, тамирчин, багш, дасгалжуулагчдыг Монголын бүх
ард түмний спортын ХIII их наадмын медаль, мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.

Байгууллагын нэгдсэн дүнг “А”
хэсэг (дүүргийн Биеийн тамир, спортын газар, тусгай газрын Би­еийн тамир,
спортын хороо), “В” хэсэг (аймгийн Биеийн тамир, спортын газар), “С” хэсэг
(хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлүүдэд оролцсон аймаг, дүүр­гийн
Биеийн тамир, спортын газар “А”, “В” хэсэгт эхний зургаан байр, “С” хэсэгт эхний
таван байрт шал­гарсан байгууллага) гэж ангилж, гаргах юм байна.

Мөн бүх шатны тэмцээнийг сайн
зохион байгуулсан спортын арван холбоог спортын их наад­мын өргөмжлөл,
дурсгалын цом, медаль, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар тус тус тогтжээ.

Ийнхүү спартакиад нэрээрээ
Монголын ард түмний дуулж мэд­дэг, оролцдог байсан спортын их наадам 2012 онд,
Лондонгийн олимпийн өмнө, Монголын бүх ард түмний спортын их наадам гэж
нэрлэгдэн 13 дахь удаагаа хөшгөө нээж байна. Уг наадмын гол зо­рилго нь нийтийн
биеийн тамирыг хөгжүүлж, ард иргэдээ эрүүл энх байлгах, спортоор хамтатгаж нэгт­гэх.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын газраас
хамтран зохион байгуулж буй уг наадмын нэг, хоёрдугаар шатны тэмцээн урал­даанууд
аймаг, сум, дүүрэг, сур­гууль, клубүүдэд ид явагдаж байна. Улсын наадам хүртэл
Монголчууд спартакиадаар амьсгалж, наад­мын дараа бүтэн сарын турш олимпийн
тоглолт үзнэ гэхээр бид энэ хавар, зунжингаа спортоор амьсгалах нь байна
шүү.

 Д.САРУУЛ

Бүх ард түмний спортын их наадмын спортын төрлүүдийн хуваарь

Спортын төрөл

Жин, зай, төрөл

Хугацаа

Байршил

Хоёрдугаар сард

1. 

 

Тэшүүр

Эрэгтэй-3 , Эмэгтэй-3, Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 500м, 1500м, 3000м, 5000м, багийн уралдаан найман
тойрог Эмэгтэй: 500м, 1000м, 1500м, 3000м, багийн уралдаан зургаан тойрог

II/17-19

УБ хот

2. 

 

Цана

Эрэгтэй-3, эмэгтэй-3, дасгалжуулагч-1 Эрэгтэй: 10 км тэших,
15 км сонгомол, 20 км тэших 3х3 км, 1 сонгомол, 2 тэших, 3 сонгомол, Эмэгтэй: 5 км тэших, 10 км сонгомол, 15 км тэших 3х2 км буухиа 1 сонгомол, 2 тэших, 3 сонгомол

II/16-19

Төв аймаг Зуун мод

Гуравдугаар сард

3. 

 

Ширээний теннис

Эмэгтэй-3, эрэгтэй-3, Дасгалжуулагч-1 Ганцаарчилсан, багийн
(эр-3, эм-3), дан хос (эр 2, эм 2) 

III/01-04

УБ хот 

4. 

 

Бокс

Эрэгтэй: 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75
кг, 81 кг, 91 кг

Эмэгтэй: 51 кг, 61 кг, 75 кг 

Жин тус бүр 1 тамирчин

III/05-11

УБ хот

5. 

 

Чөлөөт бөх

Жин тус бүр 1 тамирчин. Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг,
120 кг

Эмэгтэй: 48 кг, 51 кг, 55 кг, 59 кг, 63 кг, 67 кг, 72
кг

III/09-11 

УБ хот

6. 

 

Жүдо бөх

Жин тус бүр 1 тамирчин. Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг,
+100 кг

Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, -78 кг,
+78 кг 

III/15-16

УБ хот

7. 

 

Таэквондо 

Жин тус бүр 1 тамирчин, Дасгалжуулагч-1 Эрэгтэй: 50 кг,
57 кг, 64 кг, 71 кг, 78 кг, -85 кг, +85 кг

Эмэгтэй: -45 кг, 51 кг, 57 кг, 63 кг, 69 кг, -75, +75кг
ОУ-н, Дэлхийн таеквондогийн тамирчид нээлттэй оролцоно.

III/18-20

УБ хот

 

8. 

 

Олс таталт

Эрэгтэй-8,  орлон тоглогч-1
Эмэгтэй-8 , орлон тоглогч-1 Дасгалжуулагч-1 

Эрэгтэй жин-620 кг хүртэл Эмэгтэй жин-520 кг хүртэл

III/23-24

УБ хот

9. 

 

Хүндийн өргөлт 

Олон улсын спортын холбооны дүрмийн дагуу жин тус бүрт 2 тамирчин
орж болно. Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг,
+94 кг

Эмэгтэй: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +69 кг

III/23-25

Орхон, Эрдэнэт хот

Дөрөвдүгээр сард

10. 

 

Самбо бөх

Жин тус бүр 1 тамирчин, Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 52 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 74 кг, 82 кг, 90
кг, -100 кг, +100 кг Эмэгтэй: 48 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 68 кг,
72 кг, -80 кг, +80 кг 

IV/16-18

Дархан Уул, Дархан хот

11. 

 

Аэробик 

Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, гурвалсан хос, баг (6 тамирчин)
дасгалжуулагчтай-1 

IV сард

УБ хот

12. 

 

Кикбокс

Жин тус бүр 1 тамирчин 
, Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 51 кг, 57 кг, 65 кг, 69 кг 74 кг, 79 кг

Эмэгтэй: 50 кг, 55 кг, 60 кг 

IV сард

УБ хот

13. 

 

Сагсан бөмбөг

Эрэгтэй баг: 12 тоглогч

Эмэгтэй баг: 12 тоглогч Дасгалжуулагч эр-1, эм-1 

Лигийн тамирчид оролцохгүй

IV сард

УБ хот

14. 

 

Спорт бүжиг

Төрөл: Латин, стандарт Дасгалжуулагч-1  

 IV сард

УБ хот

15. 

 

Волейбол

Эрэгтэй баг: 12 тоглогч

Эмэгтэй баг: 12 тоглогч Дасгалжуулагч эр-1, эм-1  

IV/30-V/06

УБ хот

Тавдугаар сард

16. 

 

Байт харваа

Эрэгтэй-3   Эмэгтэй-3
,  Дасгалжуулагч-1 

Төрөл: Хувийн харваа, багийн харваа

 V сард

УБ хот

17. 

 

Автомотоцикль

Эрэгтэй-2, дасгалжуулагч-1  

Төрөл: 125сс Чөлөөт ангилал, олон төрөлт А, Ендуро ангилал

 V сард

 УБ хот

 

18. 

 

Буудлага

Төрөл тус бүрт эрэгтэй-1, эмэгтэй-1 тамирчин,  Дасгалжуулагч-1

Эрэгтэй: 50 метрт 60 сум- БКГ-6, БКВ-6,

V сард

УБ хот ТСТөв

 

 

 

БКВ-9 10метрт  60 cум
– ХВ-6, ХГ-6 Эмэгтэй:  50 метрт
60 сум – БКВ-9, БКВ-5  25 метрт 30+30 сум
тогтоол, хурдан буудлага буудах  БКГ-5,  10 метрт 40 сум – ХВ-4, ХГ-4

 

 

19. 

 

Дугуй (уулын дугуй)

Эрэгтэй -3 , эмэгтэй-2. Дасгалжуулагч-1 Эрэгтэй: цуваа
25, бөөн 40 км

Эмэгтэй: цуваа 20, бөөн 30 км

V сард

УБ хот

20. 

 

Софт теннис

Эрэгтэй баг-3 , эмэгтэй баг-3 

Төрөл: Ганцаарчилсан, багийн, холимог хос, хос тоглолт (эр
2, эм 2) Дасгалжуулагч-1  

V сард

УБ хот

21. 

 

Хөнгөн атлетик

Нэг байгууллагаас нэг зайнд 2 тамирчин оролцож болно.  Дасгалжуулагч 1

Эрэгтэй: 100 м,200 м, 400 м, 800 м, 1500 м, 5000м,
10000м, уртын харайлт,  өндрийн харайлт,
3-ын харайлт, бөөрөнцөг, зээрэнцэг, 4х100 м, 4х400 м,

Эмэгтэй: 100 м,200 м, 400 м, 800 м, 1500 м, 5000 м,
10000 м, өндрийн харайлт, уртын харайлт, 3-ын харайлт, зээрэнцэг, бөөрөнцөг,
4х100 м, 4х400 м 

V сард

УБ хот

22. 

 

Хөл бөмбөг

Эрэгтэй баг-23 тоглогч Дасгалжуулагч-1

V сард

УБ хот

23. 

 

Шатар

Эрэгтэй-1, эмэгтэй-1 

Төрөл: ганцаарчилсан. Дасгалжуулагч 1

V/17-20

Дархан Уул, Дархан хот

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд зохиогдох спортын төрлүүд

24. 

 

Пара жудо

Эрэгтэй: 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг,- 100 кг,  Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг,
70 кг,-78 кг,  Жин тус бүр 1 тамирчин. Дасгалжуулагч-1

IV  сард

УБ хот МХҮҮТ

25. 

 

Суугаа волейбол

Холимог баг: эрэгтэй-3 , эмэгтэй-3, орлон тоглогч-2. Дасгалжуулагч-1

IV сар

УБ хот

26. 

 

Пара хөнгөн атлетик

Гүйлт, шидэлт. Багийн дасгалжуулагч-1

 

V сард

УБ хот

 

27. 

 

Хонхот бөмбөг

Эрэгтэй баг-5, эмэгтэй баг-5. Дасгалжуулагч эр-1 , эм-1 

V сард

УБ хот
Categories
редакцийн-нийтлэл

Gee: Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш

Реппер Gee буюу Төгсжаргалын МөнхЭрдэнэтэй ярилцлаа.

Та бараг мэдээ үздэг­гүй гэв үү?

-Ер
нь мэдээ үзэхээс айдаг. Яагаад гэхээр нийгэм аймаар байна ш дээ. Хүмүүс зарим талаа­раа араатан шиг болж байна. Мэдээ үзэхээр “Тийм хүнийг тэгж гэртэй нь шатаалаа”, “Хэдэн арван тоогоор хутгалж аллаа” л гэнэ. Аймаар аймаар юм гарна. Өдөр нь ажил төрлөө хийгээд явж байхдаа нийгмийн асуу­дал­тай хутгалдаж явдаг боло­хоор гэртээ харихаараа тэр­нээс түр ч гэсэн ангижирмаар байдаг байхгүй юу. Би ком­пьютер тоглодог. Сайхан ангиж­руулдаг шүү. Нээрэн. Бүх юмаа мартаад сайхан тоглодог. Тэр л гоё байдаг юм. Гэхдээ хааяа үзэхгүй байж чадахгүй мэдээ үзнэ л дээ. Үзэхээр маниусаас дээр суу­даг манай нөгөө ухаантай хэдэн хүмүүс “Ингэлээ, тэглээ” гээд хоорондоо хэрэлдээд, бөөн юм болоод сууж байдаг. Дандаа хэрүүл уруул, алаан хядаантай юм үзээд байхаар чинь залхаж байгаа юм чинь.

Манай зарим хип хоп­чид мансууруулах бодис­той хол­богд­сон нь энэ урла­гийг уна­га­сан зүйл болсон. Харин сүүлийн үед гарч ирж буй залуу уран бүтээлчид хип хопыг арай өөрөөр, шинэ уур амьсгалаар гар­гаж ирж байна. Хөндлөн­гөөс харахад “Vanqiush” гэх хамт­лагаас салбарлан гар­сан мэт?

-Аймаар
буруу ойлголт. Хувь хүний л асуудал байгаа ш дээ. Хувь хүн талаасаа. Хэрэгт холбогдож байсан хүн байлаа гэхэд тэр нь хувийнх нь л асуудал. Дараагийнх нь хүмүүсийн асуудал бол тэд­гээр хүмүүсийн хувийнх нь л асуудал. Ерөөсөө л хувь хүмүү­сийн ялгаа байхгүй юу. Хүн алддаг шүү дээ. Алдаа л биз. Ахиж тийм зүйлд ороо­цол­дохгүй гэж суралцаа байл­­гүй дээ. Түүнээс биш хип хопчдын нэр хүндийг унага­лаа гээд л хип хоп гэдэг нэр томъёог тэрэнтэй холбох гээд байх шаардлага байхгүй.

“Vanquish”-ээс салбар­ласан гэвэл сонин л доо. Тэрийг би эсэргүүцнэ. Мань, заньд нь бол ёстой хамаагүй ш дээ. Мэдэхгүй. Тийм хамт­лаг байсан. Би юмаа хийгээд явдаг байсан. Хамтарч дуу хийе гэсэн. Хамтарч дуулсан.

Тэндээс шинэ үеийн хип хоп гарч ирээд салбарласан гэвэл ёстой маргаантай асуу­дал.

Хип хопчид бусад хамт­лаг, дуучдынхаа нэрийг дуундаа оруулаад муулж дуулаад байдаг даа.

-Dis үү?

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Dislike гэдэг ш дээ. Тэрэнтэй адилхан утгатай.

Бусдынхаа талаар дур­гүйц­лээ илэрхийлж дуулж байгаа нь тэр үү?

-Энэ
чинь хип хопын бараг нэг төрөл ш дээ.

Тэгэхээр реппер Цэцээ та хоёр байнга бие бие рүүгээ dis илгээдэг болж таарав уу. Бокс­чид рингэнд тулалддаг шиг та хоёр үзэл бодлоо уран бүтээлээ­рээ илэрхийлжзодолддог“?

-Энэ
нь маш олон төрлийн зорилгоос болж хийгдэнэ. Зөвхөн үзэл бодлоо хамгаа­лахын тулд гэж болохгүй ч бас байж болно. Зарим нэг нь ашиг сонирхлын үүднээс хийдэг. Энэ овоо гайгүй бай­гаад байна, энийг ингээд дуулчихвал намайг хүмүүс сонсчих юм байна гэх PR-ийн зүгээс хийж болно. Янз бүр. Тухайн хүнд ашиг сонирхол, үнэт зүйл нь юу байна вэ гэдгээс шалтгаална. Тэр хүнд нэр хүнд чухал бол хэнийг ч, сайн хүнийг ч тэгж хэлнэ ш дээ. Тухайн хүнд өөрийн үзэл бодлыг хамгаалах нь илүү үнэтэй, үзэл бодол нь чухал бол түүнийгээ хамгаалж, үзэл бо­дол руу нь дайрсан хүнтэй шөргөө­цөлдөх хэрэгтэй байхгүй юу.

Харин бид хоёрын хувьд уг нь рингэнд гараад зодолд­чихвол амар л байна. Намайг муулж дуул­лаа. Би очоод түүнийг цохиод л авна. Энэ бол байдаг л асуудал. Тэрний дараа яах вэ. Дуулсан дуу нь явсаар л байх болно. Тийм болохоор түүний эсрэг дуу хийж хамгаалахаас өөр арга байхгүй.

Та хоёрын хэн нь анх ингэж дуугаар шөргөөцөл­дөх алхмыг тавьсан юм. Яагаад, юунаас болоод ингэв?

-Мань
эр өөрөө ч мэдэж байгаа даа. Өөрөөс нь л эхэлсэн. “Van­quish” хамтла­гийн­хантай “Гайгүй хүүхдүүд байна” гээд нөхөрлөе гэж бодсон, хийсэн. Тэр үед “Hood” гэж дуу хийсэн. Тэгэхэд Цэцээ буюу Цэцэнбилэг гэж хүн байгаагүй. Цэцэнбилэг гэж хүнийг тэгэхэд танихгүй байсан. Гэтэл гэв гэнэт нэг хүн гарч ирээд “Vanquish, Цэцээ, Gee чи зайл. Хашаандаа очиж банхраа хоолло. Юу хийгээд бай­гаа юм” гээд эхлэ­хээр нь би гайхаад “Vanguish”-ийнхнаас тухайн үед асууж байсан. Танай хамтлагт чинь Цэцэнбилэг гэж байдаг юм уу гэсэн чинь “Байдаг. Америкт амьдардаг юм” гэхээр нь “Энэ чинь намайг дуулаад байна ш дээ” гэсэн чинь “Өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Би тухайн үед тэгээд орхисон. Тиймэр­хүү насны саваагүйт­дэг хүүхэд байдаг шүү дээ. Саваагүйтэж л байгаа юм байлгүй дээ гээд хаячих­сан. Тэгсэн чинь мань эр бүтэн жил дуулсан ш дээ, намайг. Маш олон дуун дээр миний нэрийг хэлсэн байдаг. Би тэсээгүй, сүүл рүүгээ. Өт хүр­тэл биеэ хамгаалж хатгахаар хөдөлдөг. Сүүлдээ тэссэнгүй, тэвч­сэнгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. Намайг ингэж байгаа бол чи өөрөө ийм байна шүү. “Пүүз, пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуг­луулдаг мөн­гөөрөө ая хийлгээч ээ” гэж сайн санааны үүднээс зөвлө­гөө өгсөн. Түүний үнэт зүйл юу байсныг мэдэхгүй. Харин миний хувьд үзэл бодлоо хамгаалах байсан. Бас гэр хорооллынх гэдэг ялгавар үзлийг хүмүүсийн дунд бит­гий гаргаасай гэж хүссэн. Яагаад гэвэл бид адилхан монгол­чууд. Адилхан хүмүүс. Бид хэн нэгнээ өссөн орчин, үзэл бодлоор нь ялгаварлана гэдэг бол үнэхээр тэнэг асуу­дал байхгүй юу. Бид нар энд байгаа гадаадынхныг яаж ч чадахгүй байж хоорондоо маш их тэрсэлддэг. Тэрийгээ болих хэрэгтэй.

Би гэр хороололд өссөн. Над­тай адилхан гэр хороо­лолд өссөн өчнөөн залуусын эрхэнд нь энэ хүн бөгөөд түүний цаана байгаа сонсог­чид нь битгий халдаасай гэж боддог ш дээ.

Та дуунууддаа хараал, этгээд үг их оруулдаг. Энэ нь эцэг эхчүүдийн зүгээсээ эсэр­гүүцэлтэй тулгардаг бол хүүхэд, залуусын хувьд өөр байх шиг байдаг юм?

-Тэр
чинь ийм юм. Хип хоп дуунд зуун үг байлаа гэж бодъё. Зүгээр жишээ. Хип хоп дуунд бол үүнээс ч их үг ордог. Тэр зуун үгийн тав нь хараал байдаг. Тэгэхээр хүмүүс, ялангуяа эцэг эхчүүд нь хүүх­дүү­дээсээ сонсгол муутай байгаа байхгүй юу. Хүүхдүүд тэр таван үгийг хаяад 95 үгийг нь сонсоод утгыг нь ойлгож чадаад бай­на. Гэтэл эцэг эхчүүд 95 үгийг нь сонсохгүй таван үгийг нь сонсдог. Тэгэхээр тэр хүн тэгж бодохоос яахав.

Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш. Монголд бүгдээрээ л хараал хэлдэг. Надад энэ хараалыг хэн зааж өгсөн юм бэ. Миний орчин тойрон, нийгэм чинь зааж өгсөн. Тэгвэл энэ нийг­мийн зааж өгсөн хараалыг бид нийгмийн буруу зүйлийг хэлэхдээ буцаагаад өөрт нь хэлж байгаа юм. Түүнээс биш би хүүхдүүдэд муу юм заагаа­гүй. Бие биенээ хайрла, биенээ хайрлавал хүчтэй байж чадна гэдгийг сануулдаг. За яах вэ, би муу хүн. Хараал зааж байна гэж бодъё. Ингэх нь муу үзэл суртал юм байна л даа. Тэгэхээр зурагтаар дотуур хувцастайгаа дуулаад бай­гаа охид урлаг юм уу. Тэд нар зөв юм заагаад байгаа юм байна л даа, тэгж л ойлгоё доо.

Таны дуунд нэр нь хав­чуу­­лагдсан хүмүүс, ялан­гуяа улс­төрчдөөс дарамт үзүүлдэг үү?

-Тийм
том хүмүүсийн зураг хөргийг нь оруулсан клип байхгүй. Үг хэлээрээ хэлсэн дуунууд байгаа. Хэн нь мэдэгдэхгүй хүмүүс л утас­даад байдаг юм.

Юу гэж утасдах уу?

-Ална
л гэдэг. Амьд явж л байна. Үхтлээ үгээ хэлнэ.

-Gee гэдэг нэрээ тайл­бар­­лавал?

-Энэ
чинь нэр биш хоч. Миний нэр бол Мөнх-Эрдэнэ. Найзууд маань намайг Gee гэж дууддаг байсан. Хоч маань явсаар нэр шиг болчи­хож.

Таныг Монгол реппер гэдэг билүү?

-“Монгол
реппер” гэдэг дуунаас минь л болсон байх. Зүгээр л реппер. Монгол репперийг би үүсгэсэн юм биш шүү. Надаас өмнө 1995 онд “Дайн ба энх” хамтлаг Монгол репперийг үүсгэсэн. Би үргэлжлэлийнх нь өчүүхэн хэсэг.

Хип хопчид хоорондоо хэр эв найрамдалтай, хол­боотой бай­даг юм бэ?

-Харьцаатай байлгүй яахав. “Дайн ба энх” манай “Click click
boom” бүлэг хам­тар­сан дуун дээр ажиллаж байна. Байнга харилцаа­тай байдаг. Бид өмнө нь юм хийж байсан хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Яагаад гэвэл тэд­ний суурин дээр бид хөдөлж байгаа.

Гэтэл ингэдэггүй хүмүүс байдаг. Би шинээр юм гаргаж ирлээ. Би л, би л гэж юм бүхний анхдагч байх гэж үздэг. Монголд анхны юм гэж арай хэтэрлээ. Хүн болгон анхных гэнэ. Монголд анхны юм хийе гэвэл амархан. Би ийм нэг дуу хийж байна. “Хүн болгон Монголд анх­ных байх гэж ядаж байна. Тэгвэл би Монголд хамгийн анхны, хам­гийн урт нэртэй дуу хийчих­лээ” гэж байгаа юм.

Телевизийн шоунаас гарч ирж байгаа найман охинтой нэг хамтлаг байна аа. Ярьж байгааг нь сонс­лоо. “Бид бол Монголын анхны найман охинтой хамтлаг” гэсэн. Ёо, ёо. “Бид Монголын анхны бүжиг­лэдэг охид” гэж байгаа юм. Тэднээс өмнө хүмүүс яадаг байсан юм бэ. Ингэж арай болохгүй. Зарим нэг хүн өмнө нь хүмүүсийн нээчихсэн, хийчихсэн нэр томъёог нь хараа­хан өгөөгүй байсан урсгалыг нээгээд байна ш дээ. Тэд нар бол ичих л хэрэгтэй. Ичиг ичиг гэдэг шиг, тийм үү?

Та сэтгүүлч мэргэ­жил­тэй. Мэргэжлээрээ ажилла­сан уу?

-Радио,
телевизийн дээд сур­гуу­лийг 2005 онд төгссөн. Мэргэж­лээрээ л ажиллаж байна гэж бод­дог ш дээ, уг нь.

Чи эх орондоо юм хийе гэж бодож байгаа бол өөрийн­­хөө амьдралаа хэ­нээс ч хараат бусаар аваад явчих. Тэр чинь чиний эх орондоо хийж байгаа хам­гийн том зүйл. Яагаад гэвэл татвараа төлнө. Чиний тат­вараар улс хөгжинө. Тэгээд чи улсаас буцаагаад татаас авахгүйгээр сайхан амьдар­чих гэж би зарим залуучууд, найзууддаа хэлдэг. Би ингэж боддог юм. Гэхдээ төлж бай­гаа татварыг нь дээрээс нь хусаад байвал хэцүү л дээ. Хэн нэг нь тэндээс нь гүзээ­лээд байвал хэцүү.

Та цаасан дээр үгээ буул­гаад уншигчдадаа хүргэж байна. Тэрэн­тэй адил би дуугаар үгээ сонсогч­додоо хүргэж байна. Таны бичсэн мэдээллийг хүн уншаад нэгийг ойлгоно. Миний дуу­нуу­даас миний сонсогч нэгийг ойлгож байгаа. Тэгэхээр нь энэ чинь сэтгүүлчийн ажил. Сэтгүүлчийн ажлыг янз бүрийн хэлбэрээр хийж бол­но. Ямарваа зүйлийг хайрц­ганд барих нь явцуу.

Таныг хэдий дуундаа этгээд үг ихээр хэрэглэдэг ч үзэл бод­лоо өөрийн гэсэн арга барилаар илэрхийлж байна, зоригтой бай­на гэж магтах хүмүүс байдаг юм билээ?

-Янз
бүрийн насны янз бүрийн хүмүүсийн дунд надад дуртай нь ч байгаа, дургүй нь ч байгаа. Дүртай ч бай, дургүй ч бай бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Үзэн ядсан ч бай, хайрла­сан ч бай тэр хүмүүсийн хүчээр л би өдий зэрэгтэй яваа. Баярлалаа.

Урлагийн олон төрөл дун­даас хип хопыг сонгох болсон тань юутай холбоот­ой вэ?

-Болж
байгаа бүх юм нөлөөл­­сөн. Гэхдээ гэр бүл биш. Гэр бүлээ энэ бүхэнд хутгамааргүй. Би гэр бүлдээ аль болох жаргалтай бай­хыг боддог. Айлын охиныг жар­гаана гэж авч суудаг биз дээ. Би эхнэрээ, охиноо жаргал­тай байл­гахын төлөө бухим­дал­тай асууд­лаа гэртээ очоод гаргахыг хүсдэг­гүй. Гаргахгүйг хичээдэг. Зарим­даа тэсдэггүй. Яах вэ, болох юм болд­гоороо болно биз. Ямар ч байсан өөрийнхөө бодож буй зарчмыг дагаад явбал болох байх.

Бид зүгээр энэ нийгмээ харъя л даа. Тэнгэрийн хаяа харагдахаа болилоо. Утаа­наас болж. Сайхан уудам талд тэнгэрийн хаяаг хараад гэдэг үгтэй шүлэг, яруу найраг байдаг биз дээ. Тийм шүлэг, яруу найргийг одооны хүүх­дүүд уншаад ойлгохгүй. Тэн­гэрийн хаяа гэж хаана байдаг юм бэ, тэр утааг хэлээд байна уу гэнэ. Уудамдаа биш утаа­наас болоод тэнгэрийн хаяа харагдахаа больсоон гэж. Асуудал зөндөө байна аа.

Таны олон фенээс “Gee эх оронч. Монголоо гэсэн сэтгэл­тэйгэх үгийг сонс­сон юм байна?

-Монгол
гэдэг бол оюун санаа­ны асуудал. Би хэдий Монголын реппер гэгддэг ч хэт туйлшрахыг хүсдэггүй. Монгол гэхээр л дээлээ өмсөх ёстой гэж хүмүүс ярьдаг. Надаас нэг сэтгүүлч “Та Мон­гол реппер гэчихээд яагаад зурагт хуудас дээр чинь бууны зураг байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэгээд нум сумны зураг тавих юм уу” гэж зөрүүлж асуусан.

Бид дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэж явах ёстой. Гэхдээ дээл гэдэг соёлыг мартаж болохгүй нь үнэн үү гэвэл үнэн. Мартаж болох­гүй боловч хэтрүүлж болохгүй. Бид өдөр тутамдаа өмсөхөө байг гэхэд цагаан сараар дээлээ өмсөх хэрэг­тэй. Надад нэг дээл бий. Тэр минь их гоё торгоор хийгээгүй ч энгийн нэг хөвөнтэй дээл. Тэрийгээ ца­гаан сараар өмсөнө. Наад­маар бас нэг дээл өмсчихдөг.

Зарим нэг санаа надад таалагд­даг. УИХ-ын гишүүд, эрхэм сайдууд гадаад руу явахдаа монгол дээлээ өмсч бай. Арабууд үндэсний хув­цас­тайгаа явж байдаг. Энэт­хэгчүүд сайри­тай­­гаа ирлээ. Монголчууд дээлтэйгээ явна гэдэг чинь боломжийн. Гэртээ ирээд солиод өмсчихнө биз. Үүнийг би дэмждэг. Харин хэтрүүлж бас болохгүй. Яагаад гэвэл энэ үе чинь орчин үе учраас.

Та одоо ямар томоохон уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би
чинь угаасаа том юман дээр ажиллаж үзээгүй ш дээ. Яагаад гэвэл хийсэн юмнууд маань эргээд хара­хад жижигхэн байсан. Одоо бүлгээрээ “Click click boom”-ынх­наа цомгон дээр ажиллаж байна. Соло дуунуудаа түр хойшлуулчи­хаад байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Иран, Хойд Солонгосын бөхчүүд ирлээ

БНАСАУ-ын шигшээ багийн тамирчид

Чөлөөт бөхийн “Mongolia
open-2012” олон улсын нээлттэй тэмцээн маргааш спортын шинэ ордонд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран зохион байгуулж байгаа. “Женко” группийн ерөнхийлөгч, ОУХМ Х.Баттуул тухайн үед өөртэйгээ нэг жинд барилддаг байсан дэлхийн шилдэг бөхчүүдийг тэмцээний үеэр эх орондоо урьж, “Mongolia open-2012” тэмцээний
дараа болох хамтарсан бэлтгэлийг удирдуу­лахаар болсон.

Урилгын дагуу олим­пийн хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн хошой аварга, БНАСАУ-ын тамир­чин Ким Ён Сик болон тус улсын шигшээ багийн тамирчид, олим­пийн хошой мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн тоглолтын аварга, Ираны тамирчин Махоммадиани Аскари нар манай оронд өчигдөр хөл тавилаа. Тэднийг олон улсын “Чингэс хаан” нисэх буудал дээр сэтгүүлчид, албаны хүмүүс угтан авсан юм.

БНАСАУ-ын чөлөөт бөхийн багийнхныг тосон авч манай оронд ирсэнд баяр хүргээд, олимпийн хүрэл медальт Ким Ён Сикээс сонирхсон зүйлээ асуух гэтэл багийнх нь хэлмэрч гэх залуу зөвшөөрөөгүй. Гэвч цөөн асуултад хариулт авч чадсан юм.

Ким Ён Сик гуай та Монголд хэд дэх удаагаа ирж байгаа вэ?

-1992 онд олон улсын тэмцээ­нээр ирж байсан.

-“Mongolia open-2012”-т танай улсаас хичнээн тамирчин ирэв. Багийнхныгаа танилцуулна уу?

-(Өнөө
хэлмэрч залуу Ким Ён Сикийг дуугүй байхыг хүслээ. Тэгээд өмнөөс нь ийн ярив) Дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй тамирчин ирсэн.

Танай багийн тамирчид дунд Монголын тамирчидтай дэлхийн аваргын тэмцээнд барилдаж байсан бөхчүүд харагдаж байна?

-(Хэлмэрч
дахин яриан дун­дуур орж ирээд Ким Ён Сикийг энэ асуултад хариулж болохгүй гэлээ)

Та тухайн үедээ тив, дэл­хийд нэрээ дуурсгаж байсан алдартай бөх. Монголын та­мирч­дын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Х.Баттуулд талархсанаа илэр­хийлж байна. Бид 20 жилийн тэртээ тэмцээнд таарч барилддаг байлаа. Намайг марталгүй эх орондоо урьсан найздаа баярлаж буйгаа дахин илэрхийлье гэв.

Ийнхүү БНАСАУ-ын алдарт бөх Ким Ён Сиктэй цөөн хором ярилцав. Зохион байгуулагчид тэмцээний хүндэт зочид болох БНАСАУ-ын бөх Ким Ён Сик, Ираны бөх Махоммадиани Аскари нарыг тусгай зэрэглэлийн тансаг, суудлын автомашинаар зочид буудалд нь хүргэх гэтэл БНАСАУ-ын багийн ахлагч, хэлмэрч нь тамирчнаа тусдаа явахыг хориг­лоод багийнхнаасаа салгахгүй, цуг явна гэлээ. Зочдынхоо хүсэлтийг хүндэтгээд БНАСАУ-ын баг тамирч­дыг “Женко”-гийнхон лимузин хаммераараа аваад явчихав.

БНАСАУ-ын тамирчин Ким Ён Сик нь 1992 оны Барселоны олим­пийн хүрэл, 1986 оны залуучуудын дэлхийн аварга, 1990 оны Азийн наадмын аварга, 1988, 1991 оны Азийн аварга тамирчин юм.

Энэ үеэр хүндэт зочин Ираны бөх Махоммадиани Аскарийн сэтгэгд­лийг сонслоо.

Тэрээр 1988, 1992 оны олимпийн мөнгөн медальт, 1989 оны ДАШТ-ий мөнгө, 1982 онд Сөүлд болсон Азийн тоглолтын аварга, 1983 оны Азийн аварга.

-Монголд
ирсэндээ маш их баяртай байна. Найз Х.Баттуулын­хаа урилгаар танай оронд анх удаа ирлээ. Бид хөнгөн жинд хамт барилддаг байсан улс. Энэ тэм­цээнд уригдсан тухайгаа жилийн өмнө сонсоод маш их догдолсон. Ираны бөхчүүд дэлхийд хурдан шаламгай, техник өндөртэйгээрээ алдартай. Монголын тамирчид ч мөн адил, сүүлийн үед чанаржиж байгаа. Танай бөхчүүдийг би өндөр үнэлдэг гэсэн юм. Тэрээр орчуулагч, хоёр эмэгтэйн хамт иржээ.

Зохион байгуулагчид “Тэм­цээнд оролцохоор янз бүрийн л улсын тамирчид ирж байна. Кубачууд Хойд Солонгос­чуудыг бодвол өөр юм. Арай чөлөөтэй хүмүүс санагдлаа. Ямар сайндаа тэд лимунзин хаммерыг хараад бөөн баяр хөөр болоод хажууд нь зогсч зураг авахуулаад, дотор нь сууж нэг үзээд, гадна нь гарч ирж нэг сонирхоод хөгжилтэй улс юм билээ. Гэтэл Хойд Солон­госчууд ямархуу байхыг та бүхэн харлаа. Гэхдээ тэднийг муулах гэсэнгүй. Байгаа нь тэр шүү дээ. Нийгэм нь тийм учраас яах ч билээ. Цагтаа манай тамирчдыг Намын төв хороо­ныхон ингэж дагадаг л байсан” гэлээ.

Өнөөдөр “Mongolian Open-2012” тэмцээнд
оролцох бусад улсын баг тамирчид болон олим­пийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Европын таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Сергей Алексеевич Белоглазов ирэх юм байна.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Та бүхэнд “Mongolian Open-2012” олон улсын тэмцээний хөтөлбөрийг сонирхуулъя.

Нэгдүгээр сарын 14.

09:00-13:00    Эрэгтэйчүүдийн 55, 66,
84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55,
67 кг-ын жингийн тойргийн барилдаанууд

15:30-16.00 Тэмцээний үргэлжлэл

16:00-16.30 Тэмцээний нээлтийн ажиллагаа

16:30 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Нэгдүгээр сарын 15.

09:00-13:00 Эрэгтэйчүү­дийн 60, 74, 96 кг, эмэгтэйчүү­дийн 51, 59, 63, 72 кг-ын жингийн тойргийн барилдаа­нууд

15:30 Тэмцээний үргэлж­лэл, шигшээ барилдаан, шаг­нал гардуулах ёслол, хаал­тын ажиллагаа тус тус болно.

Categories
редакцийн-нийтлэл

Б.Сэр-Од: Гавьяатын найраа олимпийн дараа, ирэх намраас л хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин БатОчирын СэрОдтой ярилцлаа.

Гавьяат тамирчин болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа.

Спорт сонирхогчдын хувьд таныг энэ цолыг аваасай гэж удаан хүлээсэн. Зарим хүмүүсСүүлийн үед төрсөн гавьяатууд дотроос жинхэнэ гавьяат нь Б.СэрОд боллоогэж байна?

-Баярлалаа.
Монголын ард түмэн намайг өдий зэрэгтэй амжилт гаргахад минь тусалсан. Та бүхний дэмжлэгээр л би ийм амжилтад хүрээд байна. Цаашид би хичээх болно оо.

Төрөөс цол авсан хүмүүстэй тэр даруйд нь уулзах гэхээрАмралтанд явж байна. Хотоос гарлаа. Баяраа тэм­дэг­лээд завгүй байнахэ­мээц­гээдэг. Гэтэл та гавьяат цолоо авангуут л бэлтгэлдээ гарчих юм?

-Надад
төр, ард түмэн минь маш их хариуцлага өгч байна. Монголынхоо нэрийг марафоноор гаргахын тулд би, дасгалжуулагч­тайгаа хамт тасралтгүй хөдөлмөр­лөх хэрэгтэй байна. Олимп хаяанд ирчихлээ. Энэ том наадамд бэлт­гэхийн тулд өдөр шөнөгүй ажиллах ёстой. Дасгалжуулагч бид хоёрт олимпод яаж оролцох, өр­сөл­дөх талаар нарийн төлөвлөсөн зүйл бий. Тэр талаар энд яриад яахав. Ямар ч байсан би байнгын бэлтгэлтэй байна. “Өдрийн сонин”-д ярилц­лага өгөх гээд бэлтгэлээ түр завсар­луулчихлаа. Ярилцлагаа өгч дуус­чи­хаад шууд бэлтгэлдээ орно шүү дээ. Түүнээс биш баярлаж цэнгээд явах зав алга. Олимпийн дараа, намраас л цолны найр, цайллагаа хийх байх даа.

Монголд марафон хөгжөөгүй ийм цаг үед таныг дэлхийд мара­фоноор эх орныхоо нэрийг гар­гаж, энэ спортыг эх орондоо хөгжих үндэс суурийг тавьж буйг спортын мэргэжилтнүүд онцолж байна лээ?

-Тийм
л дээ. Энэ спорт одоо л хөгжих зам руугаа орж байна. Монголчууд морь, бөх, сур гэсэн үндэсний спорт, бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага гэсэн хэдхэн спорт руу л хамаг анхаарлаа хандуулаад байдаг. Хэрвээ Монголын томоо­хон пүүс, компани, корпорацийн удирдлагууд хөнгөн атлетик, тэр дундаа марафоны спортод жаахан ч гэсэн анхаарал хандуулбал та бүхний итгэлийг бид алдахгүй ээ. Дэлхийд марафоноор эх орныхоо нэрийг гаргаж, монгол хүний тэсвэр хатуужлыг гайхуулна гэж хэлье. Монголын хөнгөн атлетикийн тамирч­дын эгнээнээс төрөн гарсан гурав дахь гавьяат нь би боллоо. Надаас өмнө гавьяат болсон хоёр тамирчин маань спортоос хол­доод, зодог тайлсан хойноо энэ цолыг хүртэж байсан. Харин би спортоор ид хичээллэж, амжилт гаргаж яваа насандаа гавьяат тамирчин боллоо.

Хэрвээ Б.СэрОдыг олим­пийн аварга болоод ирвэл түүнд зориулж хөшөө босгоё. Морь, бөхчүүдэд харамгүй их мөнгө зарлагадаж хөшөө босгодог юм чинь дэлхийд улсаа гайхуулж буй энэ тамирчнаа хөшөөнд мөнх­лөхөд буруудах зүйлгүй гэж ярьцгаах хүмүүс бас байна шүү?

-Намайг
олимпийн аварга болоод эх орондоо ирэхэд минь Монголын ард түмэн минь үнэн сэтгэлээсээ баярлаад надад хөшөө босговол түүн шиг сайхан зүйл хаана байх вэ. Хэрвээ надад зориулж хөшөө босгоно гэвэл би шав тавихад нь очно. Тэгээд хөшөө минь хэрхэн босч буйг харах гэж өдөр бүр очиж байна. Нээлт дээр нь очно. Дараа нь өдөр бүр очиж байх болно. Бэлтгэлээ хийх болгон­доо хөшөө рүүгээ гүйгээд очно. Гадагшаа тэмцээн уралдаанд явах бүртээ очиж хөшөөндөө залбирч байх болно. Яагаад гэвэл ард түмэн минь надад зориулж, амжилтаар минь бахархаж босгох учир тэр хөшөө надад маш их урам зориг өгнө.

Эх орныхоо нэрийг өөрийн­хөө хүч чадал тэвчээрээр гаргаж буй тамирчиндаа гавьяатын ганц тэмдэг өгснөөс ядаж гуч, дөчин сая төгрөг өгчих­сөн бол амьдрал ахуйд нь нэмэр болох байсан юм уу ч гэж санагд­сан шүү?

-Төрөөс
надад олимпийн өмнө энэ өндөр цолыг өглөө. Олимпод сайн оролцоорой гэж ташуур өгсөн хэрэг боллоо гэж бодож байгаа.

Өнөөдөр би өөрийн гэсэн гэр оронгүй л явж байна. Гадаадад тэмцээн уралдаанаар явах, бэлтгэл хийхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болдог. Би одоогоор хадам ээжийн­хээ хажуу өрөөнд эхнэр, хүүхдүү­дийнхээ хамт амьдарч байгаа шүү дээ.

Гадаадын том марафонд түрүүлээд барианд ирэх мөчид хэн нэгэн монгол хүн таныг дэмжээд хашгирч бай­хыг хара­хад нүдний нулимс аяндаа л урсаад ирдэг болов уу гэсэн бодол төрдөг юм. Тийм тохиолд­лоосоо ярихгүй юу?

-Гадаадад
байдаг монголчуу­даас марафон гүйлтийг мэддэг хүмүүс нь ирж дэмжинэ шүү. Зарим гадаад хүмүүс бичгийн цаасан дээр Монголын төрийн далбааг зураад, миний овог нэрийг бичээд дэмждэг. Монголын марафоны нэг номерын тамирчин Сэр-Од гэдэг. Гадаад хүмүүс монголчуудын мэдээгүй зүйлийг интернэтээс олж мэдээд, Монголын ард түмний төлөөлөл болоод Монголын төрийн далбааг  бариад дэмжиж байхыг нь хара­хаар үнэхээр гоё байдаг. Маш их урам өгдөг.

Нэгэн япон өвөө, залуу, охин гурав намайг Хофү хотын мара­фонд дөрвөн жил дараалан дэмжиж байна. Би тэднийг огт танихгүй. Хофүгийн марафонд анх оролцоход минь дэмжиж л байсан. Сая арванхоёрдугаар сард түрүү­лэ­хэд минь ч дэмжсэн. Монго­лын төрийн далбааг бариад, миний нэрийг дуудаад японоор “Хичээгээ­рэй!” гэсэн бичиг бариад дэмжиц­гээ­дэг. Уралдааны замд гүйж байхдаа тэгж зогсохыг нь хардаг юм. Би барианд орсныхоо дараа тэд нартай уулзах гээд хайгаад олоо­гүй. Дараа жил энэ марафонд оролцохынхоо өмнө Японы теле­ви­зээр тэр гуравтай уулзах хүсэл­тэй байгаагаа хэлье гэж бодож байгаа. Японы телевизийнхэн ч зөвшөөрсөн. “Таныг дараа жил ирэхээр тэр гурвыг олж өгнө өө” гэсэн.

Бээжинд бэлтгэлтэй байхад тань Ерөнхийлөгчийн зарлиг гарч гавьяат болсон. Энэ сайхан мэдээг хүлээж авсан тэр мөчийг тань сонирхъё?

-Оройн
хоолны үеэр өөрийгөө гавьяат болсноо утсаар дуулаад “Тийм үү” гэж асуусан. Нүдэнд нулимс цийлэгнээд, хоолой зангир­сан. Хажууд маань эгч, хүргэн ах, хүү минь, дасгалжуулагч, Японд сурч байсан, биеийн тамирын дээд сургуулийн төгсөх курсийн оюутан Батчимэг нар байсан. Бүгд нүдэн­дээ нулимстай, биесээ тэврээд, хоолны газарт баахан орилолд­сон.

Ээж таньХүүгээ гавьяат болохыг нь мэдсэн болСпортоо орхигэж дэмий хорьдог байж дээ гэсэн шүү?

-Тэр
үед хүүхэд болгон л гүйдэг байлаа. Сургууль руугаа гүйгээд явчихдаг. Тэгээд хичээлээсээ мөн л гүйсээр ирдэг хүүхэд байсан гэж манайхан ярьдаг юм. Гуравдугаар ангид байхад аав минь Хятад руу яваад ирэхдээ надад нэг пүүз авчирч өгсөн юм. Тэр пүүзийг өмсөөд тэмцээн уралдаанд орно. Гуравдугаар ангид байхад зургаан минутын гүйлтийн тэмцээн боллоо. Би зургаан минутад хамгийн хол зайг туулаад түрүүлж билээ. Тэр үеэс л гүйх сонирхол төрсөн. Ер нь би гүйх дуртай.

1996 оны өвөл. Гүйлтээр хичээл­­лэж эхэлж байсан үе минь. Би багадаа их өвчлөмтгий байв. Жаахан даарвал ханиад хүрээд хоолой өвдөнө. Хоолой нь боочих­дог хүүхэд байсан болохоор аав, ээж, ах дүү нар маань “Өвлийн хүйтэн, зуны хар халуунд гүйж яадаг байна аа. Больж үз. Тэгж биеэ зовоогоод” гэж намайг зөндөө хориглодог байсан юм. Үнэндээ намайг спор­тоор хичээллэхийг минь манайхан дөрөв, таван жилийн турш хоригло­сон юм шүү.

Би “Түлээ оруулаад ирье” гээд гарахдаа бэлтгэлийнхээ өмд, цам­цаа аваад гарч ирнэ. Тэгээд жаа­хан байж байгаад “Нүүрс оруу­лаад ирье” гэж хэлээд пүүзээ гаргана. Сүүлд нь “Бие засчихаад ирье” гэчихээд цүнхээ аваад тэр чигээрээ бэлтгэл рүүгээ гүйчихдэг байлаа.

Тэгж явсаар биеийн тамирын сургуульд ороод, олон улсын тэм­цээнд яваад спортын мастерын болзол хангаад, Монгол Улсын аварга болсон. Ингээд ирэхээр аав ээж маань аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн дөө. Тэр үеэс л манай гэрийнхэн намайг дэмжиж эхэлсэн.

Аав тань цэрэгжилтийн багш хүн байсан. Өглөө зургаан цагт сурагчдаа дагуулаад гүйхэд таныг цуг гүйдэг хүү­хэд байсан гэсэн байх аа. Гүйлтэд дуртай болоход аавын тань мэргэжил их нөлөөлсөн болов уу?

-(Уйлав).
Аав минь өнгөрөөд хоёрхон сар болж байна. Хүүгээ гавьяат тамирчин болохыг харж амжсангүй дээ. Тэмцээнд яваад рекордыг нь эвдээд, алт, мөнгөн медаль хүртээд ирэхэд минь гэр бүлээрээ цуглаад, ширээ тойрч суугаад хооллодогсон.

Гадагшаа тэмцээнээр явахаа­раа гэр рүүгээ байнга ярина. Олон улсын том марафонууд Монголд телевизээр гарна. Гарахгүй нь тухайн орныхоо телевизээр гара­хаар интернэтээр шууд цацдаг. Тэгэхээр манайхан интернэтээр марафоныг шууд үзэцгээдэг юм.

Та маргааш, нөгөөдрөөс да­хиад гадагшаа явах гэж байгаа гэл үү. Хаашаа явах нь вэ?

-Эргээд
Бээжинд очоод 21 хоног бэлтгэл хийчихээд Японд очиж марафонд уралдана. Тэр нь  “Beppa-Oita”-гийн 61 дүгээр олон улсын марафон. Маш том тэмцээн. Японы алдартай марафон. Олон жил зохиогдож байгаа тэмцээн л дээ. Дэлхийн шилдэг гүйгчид ирж оролцоно. 

Гадаадад бэлтгэл хийнэ гэдэг үр өгөөжтэй ч зардал мөнгө их шаардана. Гадаадад урт хугацааны бэлтгэл хийх эрхийг яаж олж авдаг юм бэ. Их л хөө­цөл­длөгөө шаарддаг байх даа?

-Санхүүгийн бэрхшээл байнга тулгардаг. Наад захын жишээ гэхэд л онгоцны тасалбар, виз, очоод байрлах байр, хоолны мөнгө гэхээр овоо их мөнгө хэрэгтэй болдог. Гадаадын орнуудад өртөг өндөр­тэйг хэлэх үү. Гадаадад бэлтгэл хийхэд Мон­голын хөнгөн атлети­кийн холбоо маань холбож өгдөг. Бас бид өөрс­дөө холбоо тогтоодог. Англи, Японы шилдэг марафон­чидтой сайн найзууд. Тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг. Тэд “Бид тэнд бэлтгэлд гарах гэж байна. Чи хамт гарах уу. Чи хаана явна” гэж байнга асууж сураглана. Тэгээд хамт бэлтгэл хийдэг. Одоо Бээжинд ганцаараа бэлтгэл хийнэ.

Хэрвээ та шагнал гардуул­сан өдөр гавьяат цолоо гар­даж авсан бол Ерөнхийлөгч танд их гоё үг хэлэх байсан байх аа гэж бодогдоод байгаа юм. Ерөнхий­лөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга цолыг тань гардуулж өгсөн. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн үгийг дамжуулсан юм биш биз?

-Ерөнхийлөгчийн тамгын газ­рын дарга Д.Баттулга “Баяр хүр­гэе. Дахиад их амжилт гаргаарай. Найдаж байгаа шүү” гэж өөрийн­хөө сэтгэгдлийн үгийг л хэлсэн. Надад энэ шагналаа Ерөнхийлөг­чийнхөө гараас авсан бол сайхан байх байсан гэж бодогдсон л доо. Гэхдээ би дотроо энэ бүхнийг өөрөөр хүлээж авсан. Энэ удаа­гийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч маань гардуулах ёсгүй юм байна. Дараа өөр нэг шагналыг Ерөнхийлөгч минь гардуу­лах учиртай юм байна даа гэж бодсон шүү.

Гоё тайлал байна шүү?

-Яагаад
гэхээр хүний зурсан зам, хувь тавилан гэж байдаг. Гавьяатын цолыг минь Ерөнхий­лөгч гардуулах байсан бол гардуу­лах л байсан. Гэтэл түүний оронд тамгын газрын дарга нь гардуулж өгнө гэдэг маань “Энэ удаагийн шагналыг чинь би өгье. Дараагийн чинь шагналыг Ерөнхийлөгч өгнө” гэсэн үг юм болов уу гэж их бэлгэ­шээж байгаа.

Тантай уулзах гээд нааш ирэх­дээ таксинд суусан юм. Тантай ярилцлага хийх гэж бай­гаагаа жолоочид нь ярьталӨнөөГүйдэгСэрОд уугээд сүрхий таньж байна лээ?

-Угаасаа
л гүйдэг болохоор хүмүүс “Чи нөгөө “Гүйдэг” мөн үү?”, марафоны Сэр-Од уу? гэцгээдэг. Хүмүүс их таньдаг юм, намайг. Монголд гүйдэг Сэр-Од, марафоны Сэр-од гэдэг бол Англид бүгд л “Зээгий” гэж дууддаг.

Гүйлтийн спорт, тэр дундаа марафон гүйлтийг дэмждэг нийт Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Танай сониноор дам­жуу­лаад Монголын хөнгөн атлети­кийн холбоо, Биеийн тамир, спор­тын газар, “Бодь” групп, Нийслэ­лийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “All star”  фитнесс клуб, Х.Баттулга сайд, хоёр ээж, ах дүү, дасгал­жуулагч буюу эхнэртээ баярлаж явдгаа хэлье. За ингээд л нэрлэх хүмүүс минь болж байх шив. Цомхон байгаа биз.

-“Б.СэрОдыг морьтой урал­дуу­лаад үзэх үүгэж нийт­лэл бичсэн юм. Хэрвээ тийм шоу зохиовол та уралдах уу. Жирийн уналгын морьтой 42 км газар уралдана гэсэн үг. Таныг олим­поос ирэхээр, намар тийшээ зохион байгуул­бал…?

-(Инээв).
Болно ш дээ. Гэхдээ тухайн үедээ л шийдэх байх.

Д.ГАНСАРУУЛ