Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Хамгийн идэвхтэй бүлэг буюу 25-44 насны иргэдийн 50-иас дээш хувь нь вакциндаа хамрагдахад тархалт мэдэгдэхүйц буурна

ОДООГООР ВАКЦИН ХИЙЛГЭЭД ХАЛДВАР АВСАН ИРГЭД ӨӨР ХҮМҮҮСТ

ХАЛДВАР ТАРААХГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА БАЙХГҮЙ


ХӨСҮТийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Коронавирусийн халдварын тархалтыг бууруулахын тулд дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд халдварын тархалт мэдэгдэхүйц буурсангүй. Цаашид тархалт хэрхэх төлөвтэй байгаа вэ?

-Халдварын тархалт олигтой буурсангүй гэж байна. Гэхдээ бид сая хүн амын дунд өргөн тархсан үед нь хөл хорио тогтоосон шүү дээ. Олноороо илэрч байсан тооны ард илрээгүй хэдэн мянган халдвартай хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг цааш нь халдвар дамжуулахаас сэргийлээд хөл хорио тогтоосон. Цаашлаад өдөрт 2000-3000 хүрэхээр байсан халдварын тархалтыг хөл хорио тогтоосноор бууруулж чадаж байгаа юм л даа. Хөл хорио тавиагүй байсан бол одоо эмнэлгийн ор, эмч ажилчдын хүрэлцээ, нас баралтын тоо маш ихээр ихсэх байсан. Ер нь би өмнө нь ч хэлж байсан. 14 хоногийн дотор тархалт буурахгүй, одоогийн байгаа түвшинд нь барьж чадвал их юм гээд. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд Улаанбаатарт халдварын тархалт буурч эхэлж байна. Цаашдаа яах вэ гэвэл вакцинжуулалтаа хурдтай хийх хэрэгтэй. Хүн амын хамгийн идэвхтэй, мөн эрсдэлтэй хэсэг бол 25-44 насныхан байна. Тэгэхээр энэ бүлгийн вакцинжуулалт их чухал бөгөөд 50-иас дээш хувь болоход халдварын тархалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар 25-44 насны хүмүүсийн нэгдүгээр тундаа хамрагдсан байдал нь 35-40 хувьтай байна. Нөгөөтэйгүүр 60-аас дээш насны хүмүүс вакцинд сайн хамрагдсанаар энэ өвчлөлийн хүндрэл, нас баралтын түвшин мэдэгдэхүйц буурч эхэлнэ. Одоо халдварын тархалтыг хумьсан ажлаа бататгаж нэгдүгээрт, вакцинаа эрчимжүүлэх, хоёрдугаарт, хөл хорионоос маш аажмаар буюу, шат дараатайгаар гарах ёстой. Бидний өмнө гашуун туршлага байна, нийгэмд халдвартай хүмүүс маш их байхад бүхэлд нь хөл хориогоо цуцлаад халдвар тархсан. Энэ хоёр аргыг сайн хэрэгжүүлээд явбал халдварын тархалтаа ихэсгэхгүйгээр зунтайгаа золгох боломж байгаа гэж харж байна.

Тавдугаар сарын 8-нд хөл хорио дуусна. Түүнээс цааш дахин хөл хорио тогтоох болов уу. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Яахав, зарим насны бүлгүүд вакциндаа 40 хувь хүртэл хамрагдчихсан байна. Үүний үр нөлөө удахгүй гарч эхэлнэ. Ерөөс хоёр тун авсан иргэдийн тоо ихэснэ гэдэг нэг хүнээс нөгөө хүнд дамжих халдварын тархалтын боломж буурч байгаа юм. Гэхдээ улаан түвшний буюу хатуу хөл хориог огт тавихгүй гэж хэлж чадахгүй. Тэгэхээр хүмүүс вакциндаа эрчимтэй хамрагдаад Засгийн газар аажмаар буюу хамгийн эрсдэл багатай хэсгүүдээ нээж шат дараатай явж чадвал дахин хөл хорио тавихгүй байх боломж байгаа гэж харж байна. Гэхдээ нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Энэтхэг, Бразил зэрэг улсуудыг л хар. Монголд маш хурдан тархдаг, үхэлд хүргэдэг мутацилагдсан вирус гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тийм нөхцөл байдал үүсвэл халдвараа хумихын тулд хөл хорио тогтооно. Гэхдээ тийм нөхцөл байдал үүсэх хувь бага л гэж харж байна.

Вакцинд хамрагдаад халдвар авсан хүн цааш нь халдвар тараах магадлал хэр өндөр вэ?

-Вакцин хийж байгаа гол шалтгаан нь коронавирусийн эсрэг бие махбодид тэмцэх зэвсгийг л үүсгэж байна гэсэн үг. Эсрэг бие ямар хэмжээгээр үүсэх вэ гэдэг нь тухайн хүний биеийн байдал, дархлаа, харшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Үүнээс хамаараад вакцин хийлгээд халдвар авсан ч өвчлөх эсэх, өвчилсөн хүндрэл нь өөр байна.

Хоёр тун хийлгээд 14 хоногийн дараа тухайн вакцинаас авч болох хамгаалалтыг авна. Одоогоор вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс өөр хүмүүст халдвар тараахгүй гэсэн судалгаа байхгүй. Priz­er вакцины судалгаанаас харахад энэ вакциныг хийлгээд 14 хоносны дараа халдвар авах магадлал болоод бусад хүнд халдвар тараах эрсдэл нь ч бага байна. Тэгэхээр тухайн хүн вакцин хийлгээд 14 хоносны дараа тааралдсан бүх хүндээ халдвар тараагаад яваад байна гэсэн үг биш. Харин халдвар тараах эрсдэл бол байгаа. Гэхдээ энэ эрсдэл нь вакцин хийлгээгүй хүнийг бодоход арай бага байна.

Манай улс хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлт, судалгаа, вакцины хэлэлцээ хийж байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Монгол Улсын хүн амын 40 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байна. Сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 80 хувийг хамруулах шаардлагатай бөгөөд яалт ч үгүй хүүхдүүдээ вакцинжуулахаас өөр аргагүй. Эхний ээлжинд 15-аас дээш насныхан цаашлаад 15-аас доош насныхан гэх мэтээр явах байх. Prizer вакцин 16-аас дээш, бусад вакцин 18-аас дээш насныхан хамрагдана гэсэн заавартай яваад байгаа шүү дээ. Үүний гол учир нь коронавирусийн вакцин нь маш хурдан хугацаанд хөгжүүлэгдсэн, шинэ төрлийн био бэлдмэл учраас эмнэл зүйн туршилтыг нь олон улсад баримталдаг ёс зүйн хүрээнд хүүхдэд огт хийдэггүй. Яагаад гэхээр хүүхдийн тархи бие даан шийдвэр гаргах түвшинд хөгжөөгүй учраас тэр юм. Мөн жирэмсэн эхчүүдэд хийдэггүй. Одоо бол хүүхдүүдэд яалт ч үгүй вакциныг хийх шаардлагатай болж байна л даа. Барууны орнуудад эцэг эхээс нь зөвшөөрөл аваад бүх вакцинууд туршилтаа хийгээд явж байна.

Цахим хуудсаарЭнэтхэг улсаас ирсэн 19 иргэнээс гурван удаагийн мутацид орсон вирус илэрсэнгэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү. Ер нь Энэтхэгээс ирсэн иргэдэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ худал мэдээлэл шүү. Бидэнд гурван удаагийн мутацид орсон вирусийг нь оношлох оношлуур ч байхгүй. Бид одоогоор эерэг, сөргийг л илрүүлж байна.

Сүүлийн үед нас барж байгаа хүмүүсийн тоо өссөөр байна. Цаашлаад зургаа, долдугаар сард энэ тоо хэдэд хүрэх бол?

-Нас баралтын тоо өдөрт илэрч байгаа тоотой л хамааралтай. Нас баралт нь хоёроос гурван долоо хоногоор хоцорч явдаг. Тэгэхээр өнөөдрийн 1000 тохиолдлоос гурван долоон хоногийн дараа нас баралт бүртгэгддэг. Тийм учраас халдварын тохиолдлын тоо буурсан ч нас баралтын тоо нэг хэсэгтээ өндөр байна гэсэн үг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл: Энэтхэгийн давхар мутацид орсон вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай бөгөөд дэлхий нийтээр тарж магадгүй байна

Сүүлийн өдрүүдэд энэтхэг улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын тохиолдлын тоо хоногт 340-350 мянгад хүрээд байгаа юм. Тус улсад халдварын тархалт эрчимжиж байгаа шалтгаан нь “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий “давхар мутацилагдсан хувилбар” юм. тэгвэл засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шадар сайд с.Амарсайхан “Коронавирусийн мутацид орсон төрөл турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн” гэж хэлж байсан юм. мөн хӨсҮт-ийн дарга б.баттөр “бид өмнө нь бнсу улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вируслогич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. энэ бол “Whole genome sequencing” буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм.

Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ. Бид сая PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн. Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн. Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Иймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Мутацилагдсан вирусийн тухайд эмнэл зүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн” гэсэн юм. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад тэрээр “Яг энэ ажлыг одоо судлаад сууж байна. Саяхан Энэтхэгээс нэлээд хүн ирсэн. Энэ бүгдийг одоогоор судалж байгаа учраас нарийн тодорхой тоон мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.

Коронавирусийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.


Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн талаар хэлж байсан. Тэгэхээр коронавирусийн мутацид орсон хувилбар гэдгийг ойлгомжтой тайлбарлахгүй юу?

-Вирус нь байгаль дээр байнга мутацид орж байдаг. Мутаци гэдэг бол генийг хуулбарлах үед гарч байгаа алдаа юм. Мутацийн үр дүнд үүссэн генийн шинэ хэлбэр хэрвээ уг вируст давуу тал олгож байвал хүн амд улам олширч давамгайлах хэлбэр болдог. Тэгэхээр мутацид орох, уг мутаци давамгайлах хэлбэр болох процесс нь маш санамсаргүй явагддаг процесс юм аа. Вирусийн мутацийг лабораторид генийн инженерчлэлийн аргаар зориуд үүсгэж болдог. Мөн байгаль дээр болон лабораторид аль алинд нь хэт ягаан туяа, цацраг идэвхийн өндөр тун зэргээс болж ген олшрох явцад алдаа үүсэх давтамж улам ихэсдэг. Үүнийг мутаци үүсгэгч хүчин зүйлүүд гэдэг л дээ.

Мутацилагдсан вирусийн эмнэл зүйн байдал нь нас баралт хүнд, тархалт нь хурдацтай явагддаг гэсэн үү. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Одоогоор дэлхийд хэд хэдэн ноцтой, аюултай коронавирусийн хувилбарууд байна. Эдгээр нь Английн хувилбар (B1.1.7), Өмнөд Африкийн хувилбар (B1.351), Бразилын хувилбар (P1), Энэтхэгийн хувилбар (B.1.617) гэсэн хувилбарууд юм. Эдгээрээс Монголд одоогоор Английн хувилбар орж ирсэн гэдгийг Засгийн газраас зарласан. Английн хувилбар нь халдах чадвар өндөртэй, халдсан хойноо илүү хүндээр өвчлүүлдэг шинжтэй болохыг тогтоосон. Өмнөд Африкийн хувилбарын хамгийн гол шинж нь түүн дээрх Е484К гэдэг мутациас шалтгаалж байгаа одооны хэрэглэж байгаа вакцины дархлаанд сул баригдаж байгаа шинж юм. Мөн Бразилын хувилбар залуу хүмүүст илүү хурдтай халдварлаж байгаа бол Энэтхэгийн хувилбар нь халдварлах болон хүндрэх магадлал, мөн Е484К мутацийг давхар агуулж байгаа учраас вакцины дархлаанд дарагдах байдал муутай байна. Эдгээр хувилбаруудыг дэлхий нийтээр онцгойлон анхаарч бүр “Анхаарах Вариант” гэж нэрлээд маш эрчимтэй судалж байна.

Мутацид орсон вируст вакцин хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай оронд АстраЗенека, Синофарм гэсэн хоёр төрлийн вакциныг голлон хэрэглэж байна. Английн хувилбар нь энэ хоёр вакцинаар хамгаалагдана, асуудалгүй гэсэн үг. Гэхдээ Английн хувилбарт сүүлийн үед вакцинаас зугтаж чадах Е484К гэсэн мутаци илэрч байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэлбэр нь Английн хувилбар боловч дотроо Өмнөд Африкийн уг мутацийг агуулсан эрлийз маягийн онцгой аюултай Англи хэлбэр нь гэсэн үг. Хэрвээ энэ нь Монголд ороод ирвэл жинхэнэ аюул болно. Түрүүчийн долоо хоногт зарлахдаа Английн хувилбар гэж мэдээлэл өгснөөс биш яг энэ мутацийн талаар зарлаагүй учир нарийн дүгнэлт өгөх боломжгүй. Хэрвээ Өмнөд Африкийн Е484К мутаци Монголд орж ирээд өргөн тархсан байгааг тогтоовол энэ нь зөвхөн Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохон дуулиан тарих нь гарцаагүй. Энэ нөхцөлд бид цаашид ковидтой хэрхэн тэмцэх асуудал, вакцинжуулалтын арга техникийн асуудлаа эргэн харахаас өөр аргагүй. Ер нь тэгээд мутаци болон шинэ хувилбарууд гаднаас орж ирэхээс гадна Монгол дотроо ч үүсэж болно шүү дээ.

ХӨСҮТийн дарга Л.БаттөрЯпон улсад манай улсаас вируслогич гурван эмч очсон. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэгэж ярьж байсан. Ер нь энэ талын судалгаа шинжилгээ хийх лаборатори болоод мэргэжилтнүүд Монгол Улсад хэр байна вэ?

-Энэ бол бүтэн геномын ДНХ-ийн дараалал тогтоох дараа үеийн аргын талаар хэлсэн болов уу гэж би бодож байна. Үүнийг NGS буюу next generation se­quencing гэж хэлдэг юм. Энэ нь Монголд шинээр орж ирснээр богино хугацаанд вирусийн бүтэн геномыг унших боломжтой болно. Гэхдээ мутаци илрүүлэхэд энэ аргаас өөр, өмнөх үеийн илүү хялбар, хямд аргууд зөндөө байдаг. Энэ аргуудын нэг болох PCR-ийн хялбар аргаар сая Туркээс ирсэн хоёр хүнээс Английн хувилбарыг илрүүллээ шүү дээ. Мөн PCR-аас гадна ДНХ-ийн дараалал тогтоох Сенгерийн арга гэж хямд хялбар арга байна. Энэ аргаар ДНХ-ийн дараалал тогтоодог машин нь Монголд есөн ширхэг байна гэдгийг тусгай төслийн багууд явж судлаад бүртгэчихсэн байна билээ.

Бүгд улсын өмчийн лабораториудад байна. Уг нь энэ багажаа ашиглаад вирусийн генетикийн мониторингийг байнга хийж байх боломжтой. Харамсалтай нь энийг хийж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна гэвэл нэгдүгээрт, бүрэн ажиллагаатай багаж байхгүй, бүгд эвдэрхий байх шиг байна, хоёрдугаарт, уг багажийг ажиллуулж тогтмол судалгаа шинжилгээ хийдэг, багажаа арван хуруу шигээ мэддэг хүн бас байхгүй.

Манай улсад саяхан Энэтхэгээс 72 хүн ирсэн. Энэтхэгт одоогоор нөхцөл байдал хүндхэн байна. Тэгэхээр Энэтхэгийн давхар мутацилагдсан вирус манайд тархах вий гэсэн айдас их байна?

-Яг Энэтхэгт юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Энэтхэгийн давхар мутаци гэдэг нь уг вирусийн S ген буюу вирусийн өргөсний генийн яг хүний эстэй холбогддог хэсгийг кодолдог хэсэг дээр хоёр мутаци их ойрхон гарсан байгааг хэлж байгаа юм. Нэг нь Е484Q мутаци, нөгөөх нь L452R мутаци юм. Энэ хоёр мутаци зэрэг гарснаар энэтхэг хувилбар буюу B.1.617 хувилбарын вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай болсон бөгөөд улмаар дэлхий нийтээр тарж магадгүй гэж үзэж байна. Вакцинтай холбоотой юм одоогоор байхгүй. E484К бол харин вакцинтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Удахгүй нарийвчилсан судалгаанууд гарах байх.

Нөгөөтэйгүүр коронавирусийн эсэд орохдоо хүний эстэй холбогддог хэсэг нь S (spike) буюу өргөсний уураг юм л даа. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд хүний эстэй физик холбоо үүсгэдэг хэсэг бол өргөсний уураг. Хэрвээ энэ уураг дээр янз бүрийн хувирал гарвал тухайн вирусийн халдварлах чадвар сайжирч, эсвэл эсрэгээрээ муудаж болно. Ийм учраас хамгийн чухал уураг бол өргөсний уураг.Тийм учраас бүх АстраЗенека зэрэг вектор дээр суурилсан вакцин болон Модерна зэрэг рНХ дээр суурилсан бүх вакцинууд энэ уургийн яг хүний эстэй холбогддог хэсгийг агуулж байдаг. Тийм учраас Е484К мутаци вакцины дархлаанд нөлөө үзүүлээд байгаа юм.

Вакцин хийлгэсэн хүнд энэ өргөсний уурагны эсрэг дархлаа нь үүсч байгаа юм байна, тийм үү?

-Яг тийм. Энэ өргөсний уурагны эсрэг үүссэн эсрэг биеийг саармагжуулагч эсрэг бие гэдэг. Хүнд дархлаа үүссэн эсэхийг тогтоохдоо энэ саармагжуулагч эсрэг бие хэр зэрэг үүссэн байна гэдгийг хэмжиж тогтоодог. Мөн дээр ярьсан тэр вакцины дархлаанаас бултах чадвар зэргийг мөн энэ саармагжуулагч эсрэг биетэй тухайн хувилбарын вирус хэр холбогдож байгааг хэмжих замаар тогтоодог. Энэ тэгэхээр хамгийн чухал уураг, хамгийн чухал эсрэг бие юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Наранжаргал: Вакцины хоёр дахь тунгаа авч ирж хийж чадахгүй бол дархлаажуулалт, халдварыг бууруулах ажил хий хоосон зүйл болчих гээд байна

Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай вакцины талаар ярилцлаа.


-Монгол Улс хүн амаа хоёрдугаар сарын 28-наас эхлэн вакцинжуулж эхэлсэн. Ер нь вакцинжуулалтын зохион байгуулалтыг та юу гэж харж байгаа вэ?

-Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод түргэн шуурхай хийчих л юм байна гэж харж байна.

-ЭМЯ-наас “БНХАУ-аас орж ирэх вакцин хойшилсон учраас “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг давхар хойшлуулахаас өөр аргагүй болсон” гэж мэдэгдсэн. Уг нь бол вакцины хоёр дахь тунгаа хадгалах ёстой биз дээ?

-Яахав, дараагийн вакцин нь яг товлосон хугацаандаа ирнэ гэсэн цагт вакциныг хадгалахгүйгээр хийж болно л доо. Учир нь нэг дэх тунгаа хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээний хамгаалалттай болчихож байгаа юм. Жишээлбэл, бид 800 мянган тун вакцинаар 400 мянган хүнийг бүрэн хамгаалах уу, эхний ээлжинд 800 мянган хүнээ дархлаажуулаад эхлэх үү гэдэг л бодлого байсан. Анх ярьж байхдаа бол хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 15 гэхэд ирчихнэ гэж байсан, гэтэл анхны тун товлосон хугацаандаа ирсэнгүй.

Мөн AsztraZeneca вакциныг хийлгэсэн хүмүүс тавдугаар сарын эхээр хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Гэхдээ энэ вакциныг хийлгэх цөөхөн хүн байгаа шүү дээ. Харин БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг олон хүнд хийсэн. Хятад вакцины тухайд өчигдрөөс нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 28 хоног нь гүйцчихсэн хоёр дахь тунгаа хийлгүүлээд эхлэх ёстой байсан. Гэхдээ БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд асуудалгүй гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр хоёр дахь тунг 21-56 хоногоор тооцвол дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхэн үеэс эхлээд хийгдэх ёстой болно. Ядахдаа 56 хоногтоо багтаад вакцин нь орж ирээсэй л гэж бодож байна даа. Хоёр улсын харилцаа байна, манай улс ямар ч байсан арга учрыг нь олоод авчрах байх. Нөгөөтэйгүүр хоёр дахь тунгаа хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хамгаалалттай болно. Харин одоогийн халдварын тархалтыг харахад асуудал их л хүнд байна даа. Хүн бүхэн л халдвар хамгааллын дүрмээ сахиж, гэртээ суухаас өөр аргагүй л болж байна.

-“БНХАУ вакцинаа үр дүн муутай байна хэмээн зарлалаа” гэсэн мэдээлэл бий. ЭМЯ-наас тодруулахад энэ талаар судалж байгаа гэж хэлсэн. Танд мэдээлэл байна уу?

-Огт үр дүнгүй бол биш. Хятадын вакциныг ганцхан Монгол Улс ч биш өөр олон улсууд хийлгэж байна. Хамгийн олон хүнд хийсэн улс гэхэд Арабын нэгдсэн Эмират, Чили зэрэг газрууд байна. Эдгээр улс хүн амдаа Хятадын вакциныг нэлээн өндөр тунгаар хийчихээд байхад халдварын тархалтыг санасан хэмжээндээ хүртэл сайн буулгаж чадахгүй байна л даа. Гэхдээ энэ нь маш муу гэсэн үг биш. Хятадын вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 54 хувь хамгаалж, дархлаа тогтоно гэж ярьж байгаа. Жишээлбэл, бид 800 мянган хүнд Хятадын вакцин тарилаа гэхэд түүнээс 400 мянга нь хамгаалагдана. Мөн вакцин хийлгээд халдвар авсан ч бүр их хүндрэхгүй байх гэх мэт давуу талууд байна. Яахав, бусад вакцины сонголттой харьцуулахад муухан талдаа. Гэхдээ вакцин байхгүй бол тал хувиа ч хамгаалж чадахгүй шүү дээ.Одоо ерөөс хоёр дахь тунгаа авч ирж хийх нь л манай улсын хамгийн том зорилго болоод байна. Хоёр дахь тунгаа авч ирж хийж чадахгүй бол дархлаажуулалт, халдварын тархалтыг бууруулах ажил хий хоосон зүйл болчих гээд байна. Дээр дурдсанчлан Хятадын вакцины хамгаалах түвшин өндөр биш байгаа учраас хаа хамаагүй гадуур яваад байж болохгүй. Нөгөөтэйгүүр манайх гуравдугаар сард үзвэр үйлчилгээгээ нээчихдэг нь буруу зүйл болсон. Үүнээс болж халдвар маш их тархсан. Тийм учраас вакцин хийсний дараа ч гэсэн үзвэр үйлчилгээг бага багаар нээхгүй бол болохгүй.

-Вакцины хоёр дахь тунг заасан хугацаанд нь хийхгүй бол үр дүнгүй болох уу. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үгүй, үр дүнгүй болохгүй. Харин хэт их хол байж болохгүй. Хэт хол зайтай хоёр дахь тунг хийх нь дахин нэгдүгээр тунг хоёр удаа хийлгэж байгаатай адилхан болох эрсдэлтэй. Мөн хэт ойрхон хоёрдугаар тунг хийх нь сайн биш. БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн хугацаанд боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 21 хоногийн дараа, эсвэл 56 хоногийн дараа хийлгэхийн хооронд учиргүй их зөрүү гараад байх зүйлгүй. Ямар ч байсан хоёр дахь тун дөрөвдүгээр сарын сүүлээр ороод ирвэл хувь хүмүүс санаа зовоод байх зүйлгүй хоёр дахь тунгаа хийлгэчих хэрэгтэй.

-Хэрэв 56 хоногоос хэтэрвэл вакцины эхний тун үр дүнгүй болох уу?

-Вакцины судалгааны мэдээллийг харахгүй л бол ийм тийм гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ 21-56 хоногтоо хоёр дахь тунгаа хийхгүй бол асуудал их төвөгтэй болоод явчихна л даа. Гуравдугаар шатны судалгаа хийгээд байгаа гол шалтгаан нь таны асуугаад байгаа асуулт байхгүй юу. Хятадын вакцины тухайд судалгаа мэдээлэл хомс байна. AstraZeneca вакциныг Англи улс 12/7 хоногийн зайтай хийгээд халдварын тархалтаа тодорхой хэмжээнд бууруулсан. Тэгэхээр As­traZeneca вакцины хоёрдугаар тун 56 хоногийн дотор орж ирэхгүй байхад асуудал байхгүй, туршлага, судалгааны мэдээлэл нь бүгд байж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш тав хоног өнгөрлөө. Энэ хугацаанд халдварын тохиолдол буурахгүй улам бүр нэмэгдсээр л байна. Энэ хөл хорионы үр дүнг юу гэж харж байна вэ. Цаашдаа ямар хариу арга хэмжээ авбал зохимжтой вэ?

-Одоогоор халдварын тохиолдол буурах болоогүй л дээ. Хөл хорионы өмнөх өдрийн бужигнаанаар маш их халдвар тархсан байгаа. Тэр хүмүүс өчигдөр, өнөөдрөөс л гарч ирж эхэлж байгаа. Нөгөө талаас гэр бүлийн халдвар их байна, ер нь халдварын тоо тийм амархан буухгүй. Харин ч хөл хорионы сүүлийн хоногуудад нас баралтын тоо нэмэгдэх хандлагатай байна. Яагаад вэ гэхээр халдвар аваад тэр дороо хүндрэхгүй, нэлээд хугацааны дараа хүндэрч эхэлнэ. Ер нь энэ хөл хорио 14 хоногоор дуусна гэдэг эргэлзээтэй харагдаж байна. 14 хоногийн дараа эргээд бүх дэлгүүр, ААН-үүдээ нээнэ гэхэд хэцүү. Мөн өдөрт авч байгаа шинжилгээний тоо маш цөөхөн байна, арван мянган шинжилгээ л хийж байна. Тэгэхээр байж болох хариу арга хэмжээний аргууд нь хөл хориогоо уртасгах. Нөгөөтэйгүүр шинжилгээгээ өргөн хүрээнд авах, мөн вакцинаа түргэн хийх. Гэхдээ вакциныг өргөн хүрээнд хийсэн ч эргээд үр дүн гарахад нэлээд хугацаа шаардлагатай. Эхний тунгаас хойш 14 хоногийн дотор бага зэргийн хамгаалалт тогтож эхэлнэ, гэхдээ цөөхөн хувьд нь л тогтоно. Мөн хоёр дахь тунгаас 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Түүнчлэн бид хоёр сарын хугацаанд 800 мянган хүнд эхний тунг хийлээ. Цаашлаад дахин вакцинаа авч ирээд хийлээ гэхэд дор хаяж сар хагасын хугацаа хэрэгтэй. Энэ хооронд халдварын тархалт, тоо айхавтар өөрчлөгдөхгүй. Тийм учраас иргэн бүрийн оролцоо чухал байна. Залуучууд өөрсдөө өвдөхгүй, хүндрэхгүй гэсэн бодолтой олноороо уулзаад байх эрсдэл их байна. Хэрэв тэгж уулзаж байгаа бол хөгшин ээж, аав дээрээ битгий очоорой. Аль болохоор ажил, хичээлээ цахимаар зохицуулахыг хичээгээд хүнтэй уулзахгүй байх нь л зүйтэй. Нэгэнтээ ингээд их тархчихсан байгаа тохиолдолд хүмүүс хоорондоо уулзаад л байвал халдвар гинжин хэлхээгээр цаашаа үргэлжлээд л байна. Вакцин хэзээ ирэх, шинжилгээ хийх зэрэг нь биднээс хамаарахгүй учраас хүн бүр дор бүрнээ гэр бүлээ хамгаалах нь нэн чухал байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хучилтаас таван см хулгайлахад нийт өртгөөс ойролцоогоор 20 сая ам.долларын ашиг унана

-АНЗААРЧ БАЙГАА БОЛ АЛЬ Ч СОНГУУЛИЙН ӨМНӨ

ТОМ ЗАМУУД ЭХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ-


УлаанбаатарДархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2020 оны 9-12 дугаар сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээр зөрчлүүдийн нэг болох УлаанбаатарДархан чиглэлийн 204.11 км замаас 1-5 см зузаан асфальт бетон хучилтыг хасахад буюу шулуухан хэлэхэд, хулгайлахад хэчнээн төгрөгийн зөрүү, ашиг унадгийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Эх сурвалжийн хүсэлтээр түүний нэрийг нууцалсан юм.


-“УлаанбаатарДархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд шалгалт хийхэд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Үүнд “204.11 км хатуу хучилттай авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд өөрчлөлт оруулж, суурь үед зургаан см өнгөн үед дөрвөн см нийт арван см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед таван см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулсанбайна гэнэ. Тэгэхээр 204.11 км хатуу хучилттай замаас 1-5 см зузаан хучилтыг хасахад ойролцоогоор хэчнээн төгрөг болох вэ?

-Замын суурь гадаргуу нь хүн харахад тэгшхэн юм шиг харагддаг ч нарийн дурангаар харахад 1-2 см хэлбэлзэж байдаг. Үнэхээр техникийнхээ тоо хэмжээнд өөрчлөлт оруулаад энд зузаан хучилт хэрэггүй, эндээс эдийн засгаа бодоод бага зэрэг хасъя гэсэн шийдвэр гаргасан бол зураг өөрчлөгдөнө. Ингэж өөрчилж байгаа тохиолдолд хасагдсан үнийн дүнг улс суутгаад авчих байх. Асфальт бетон хучилт гэдэг бол мөнгөний маш том масс нь байдаг. Тэгэхээр 204.11 километрийн хатуу хучилтаас нэг см хасахад ойролцоогоор 88,175 тонн бетон хучилт болно. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд дунджаар 16 тэрбум 312 мянга болж байна. Харин таван см зузаан асфальт бетон хучилт хасахад ойролцоогоор 81 тэрбум буюу, 20-21 сая ам.доллар болохоор байна.

Замын хучилтын зузааныг таван см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй юү?

Хяналт хийж байгаа ААН, тухайн хүн нь гүйцэтгэгч байгууллагуудынхаа авлигад өртөхгүйгээр, тухайн замын ажилд орох ёстой материалаа хэмжээгээр нь оруулаад чанар стандартынх нь дагуу хийлгүүлэхэд эвдрэхгүй. Ерөөс зам эвдрээд байдаг шалтгаан нь юу вэ гэхээр суурь материал муу байсных юм. Замын доод талын сууринд орох материал болох шороог лабораторид шинжлэхэд ширхэгийн бүрэлдэхүүн нь таарахгүй, тохиромжгүй гэх зэрэг сайн муу материалууд олон бий.

Гэтэл тухайн замыг хийж байгаа байгууллага, иргэн илүү зардал гаргаж хол байгаа эрүүл материалыг биш, ойрхон байгаа муу материалыг хамаагүй хийчихье гэсэн эрсдэл үүсгэхгүй, суурийг нь л сайн тавьчихвал болно. Муу суурь дэвсээд дээр нь 20 см зузаан асфальт дэвссэн ч эвдэрдэг гэсэн үг. Ер нь асуудал их байдаг л даа. Хяналт шалгалт, сэтгүүлчдийг очиход “Бид замынхаа энд ус зайлуулах хоолой хийж байгаа” гэдэг боловч тэр усаа хааш нь зайлуулах нь тодорхой бус байдаг гэхчлэн асуудлууд бий.

УлаанбаатарДархан чиглэлийн замын гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААНсанал ирүүлснээс 26 нь БНХАУынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй гэсэн. Ер нь дотоодын компаниуд УлаанбаатарДархан чиглэлийн замыг барих боломжтой юу?

-Анх таван багц болж байх үед нь Залуу инженерүүдийн холбоотойхолбогдоод санал хүсэлтээ хүргүүлж байсан. Яахав, Азийн хөгжлийн банк тодорхойхэмжээнд чадалтайкомпани байх ёстой гэсэн шалгуураа тавьж байгаа, тэр хууль эрх зүйг нь ойлгож байна. Гэхдээ зам барих үйл явц бол ерөөс биднийхийдэг л технологи байхгүй юу. Гадаадын байгууллага хийлээ гээд ямар ч илүү шинэ дэвшилтэт технологи байхгүй. Монголчууд өнөөдөр төмөр замыг ямар сайн зохион байгуулалттай хийгээд дуусгаж чадаж байна. Яг үүнтэйадил Улаанбаатар-Дархан чиглэлийн зам чинь газар шорооны л ажил. Монгол компаниуд үүнийг хийх бүрэн боломж байгаа гээд яамдуудад дуу хоолойгоо өргөсөн, нэмэр болоогүй. Тухайн үед 2016 оны сонгууль болж байсан, МАНын энэ ажлаас сонгуулийнхаа мөнгийг гаргаж байна даа л гэж хардсан. Яагаад монгол компаниудыг унагаасан бэ гэхээр борлуулалтын орлого өндөр байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Монголд тэр шалгуурт нь хүрч байсан компани “Хурд” групп л байгаа. Ер нь замын компаниуд чинь өрөвдмөөр шүү дээ. Улсаас хараат учраас дуугаръя дуугарч болохгүй. Хэрэв тэр компани дуугарвал тендер өгөхгүй.

Одоо бол баахан хятадууд л байгаа биз дээ. Тэд мөнгийг маш их хасдаг, ойлгомжтойгоор ярихад тогооныхоо доор хусам өгөхгүй, эсвэл тал хусам тавиад үлдсэнээр нь өөр зүйл хийлгэдэг. Ер нь улстөрчдийн хамгийн их мөнгө угаадаг салбар нь замын салбар. Буцаад аудитын шалгалт хийе гэхээр боломжгүй. Овоолсон шороог эвдээд шинжилнэ гэсэн зүйл байдаггүй. Анзаарч байгаа бол аль ч сонгуулийн өмнө том замууд эхэлдэг шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жүжигчин Б.Навчаа: Төр нь иргэндээ гомдож болдог, иргэн нь төрдөө гомдож болдоггүй юм байна

-УЛСТӨРЧ ХҮН “ЗУЗААН АРЬСТАЙ, ДАРХЛААТАЙ” БАЙХ ЁСТОЙ. ЯАГААД ИЙМ ЖИЖИГХЭН ЗҮЙЛД ГОМДООД ӨӨРИЙНХӨӨ ДООР БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДЫГ ХӨДӨЛГӨӨД ЯВААД БАЙГАА ЮМ БЭ-


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан жүжигчин Б.Навчааг яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаарх асуудал шуугиан болоод байсан юм. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар жүжигчин Б.Навчаа анх удаа манай сонинд ярилцлага өглөө.


-хздх-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтийг прокуророос танд хүргүүлсэн байсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-2020 оны хоёрдугаар сарын 19-ний Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий прокурорын тогтоолоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж хаагдсан. Үүнд хоёр талаас гомдол гаргах хуулийн хугацаа гэж бий. Энэ хуулийн хугацаа дуусгавар болсон. Шийдвэр миний талд эерэг гарсан.

-Уг нь тухайн хуулийг хөнгөдсөн байна гэж та бичсэн болохоос Х.Нямбаатар сайдын нэр хүндэд халдсан зүйл байхгүй байсан шүү дээ. Таныг буруутгасан хуулийн зүйл заалт нь юу байв?

-Надад эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар эрүү үүсгэсэн. Хүний алдар нэр, албан тушаалын нэр хүндэд халдаж олон нийтэд илт худал гүтгэлэг, мэдээлэл тараасан гэж. Урьд нь энэ 13.14 дэх заалт зөрчлийн хуульд байсан юм билээ. Гэтэл энэ зүйл заалтыг 2020 оны нэгдүгээр сард дахин шинэчлээд эрүүгийн зүйл анги руу татаж оруулсан. Хүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө насан туршдаа эрүүгийн гэмт хэрэгтэн болж явна гэдэг бол хүний нэр төр болон сэтгэл санаанд маш том хохирол учруулна шүү дээ. Ямар ч хүн байсан цаашдаа өсөж дэвжиж шинэ ажилд орох, гадаад явахад тодорхойлолт хэрэг болдог. Тэр үед урьд нь ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн ялтан гэж л гарч ирэх нь хамгийн аймшигтай. Уг нь зөрчлийн хуулийн 6.21-д байсан зүйл заалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр хуулийн төсөл боловсруулж эрүүгийн хэрэг болгож батлуулсан юм билээ. Энэ зүйл ангиар жирийн иргэн би яллагдах хэмжээндээ хүрээд шүүх рүү шилжиж байхад сэтгүүлч нар бүр ч их хохирол амсах магадлал өндөр байгаа. Энэ эрүүгийн хуулийн зүйл заалтыг эргэн харж засаж залруулах хэрэгтэй байна. Үзэл бодлоо илэрхийлэхийг тухайн хүнийг гутаан доромжлох, гүтгэх зэрэгтэй хольж болохгүй.

-Таны яриад байгаа гол асуудал бол эр..гийн хуулийн 12.5 дугаар з.йл заалт буюу 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол торгох арга хэмжээ авах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг нь хөнгөдсөн тухай шүү дээ. Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Би “Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ. Энэ хуульд насанд хүрээгүй охидыг х.чирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа. Энэ хуулийг 2017 онд баталсан байна. Нямбаатар ахалсан гэж хуульч хүнээс сонслоо. Хэн ч санаачилсан бай эсэргүүцнэ” гэж пост бичсэн. Эрүүгийн хуулийн 12.5-д 18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14-16 насанд хүрээг.й болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг. Хуулийн номон дээрээ 2017 оны тавдугаар сарын 11-нд нэмэлт өөрчлөлт оруулав гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2015 онд Х.Тэмүүжин сайд байхдаа 12.5 дугаар зүйл заалтад өөрчлөлт оруулаад батлуулах гэтэл арай л дутуу боловсруулагдсан байна гээд буцаагдсан байгаа юм. Х.Нямбаатар 2016 онд УИХ-ын гишүүн болсон. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахалж ажилласан. Гэтэл 2002 онд энэ зүйл заалтын торгуулийн хэмжээ 5-30 сая төгрөг, 1-3 жилийн хорих ялтай байсан бөгөөд шийтгэл нь одоогийн хуулиас өндөр байсан. Ер нь би энэ хууль хамаагүй хөнгөдсөн талаар эх хүнийхээ хувьд ялладаг ч бай, торгодог ч бай 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болохгүй гэж л эсэргүйцээд байна. 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа зарахгүй гэдэг шигээ энэ хуулиа цэгцэлчихвэл яадаг юм бэ.

-Таныг шүүхэд дуудсаны дараахан та цахим хуудсандаа “За уучлаарай сэтгүүлчид минь, би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь ХЗДХ-ын сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа бол болно шүү. Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан” гэж бичсэн байсан. Энэ тухай тодорхой ярьж болох уу?

-Мөрдөн байцаалтын явцад хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийн нууцыг гадагш нь задруулахгүй байх ёстой байдаг. Намайг энэ хугацаанд өөрийн цахим хуудсандаа Х.Нямбаатар гэсэн нэр, эсвэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэж бичих юм бол шууд хэдэн сараар хорино гэсэн бичигт гарын үсэг зуруулсан. Би үнэхээр айсан. Тийм болоод ч бүтэн зургаан сар энэ хэргийн талаар чимээгүй явсан.

-Ер нь хэргийг хянан шалгах ажиллагаа тэнцвэртэй байж чадсан уу. Эсвэл аль нэг талд нь илүү үйлчлэх хандлага ажиглагдав уу?

-Ажиглагдалг.й яахав. Би дарааллаад гурван байцаагчийн царай харсан. Эхний байцаагч анх дуудахдаа “Өө, та яах гэж ийм зүйл бичсэн юм бэ. Хоёулаа үүнийг яаж ийж байгаад аятайхан зохицуулаад болгочих байх аа” гээд их сайхан зан ааштай хүлээж авсан. Эхний удаад гэрчээр мэдүүлэг авсан. Гэтэл нөгөө байцаагч маань хэдхэн хоногийн дараа намайг дуудаж мэдүүлэг авахдаа тэс өөр хүн болчихсон байсан. “Суу, бос, яах гэж ингэсэн юм, хэн юм, юу юм” гэх мэт тушаасан байдлаар хэзээний олон жилийн ялтантай ярьж байгаа юм шиг л надтай харьцаж эхэлсэн. Би үнэхээр гайхсан. Тухайн үед би “За за, Х.Нямбаатар удахгүй сайд болох гэж байгаа юм уу” гэж асуутал урдаас “Тэрийг би яаж мэдэх юм, надад ямар хамаатай юм бэ” гэсэн утгатай л юм ярьсан. Яахав, Х.Нямбаатар сайд болно гэдэг шум хамгийн түрүүнд хууль хүчнийхээ байгууллагуудаар тарчихсан байдаг юм шиг байгаа юм. Би тэгж л хардаж байна. Тэр шагналаа авсан байцаагчтай уулзаад “Та нар яагаад энэ хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал явуулж болдоггүй юм бэ” гэж би хэлсэн. Шагналаа авсан байцаагч өөдөөс “Таны хэргийг хэрэгсэхгүй болгох ийм л хоёр арга байна. Гэхдээ Х.Нямбаатар сайдаас уучлал гуй гэж хэлж байгаа юм биш шүү. Та фэйсбүүк дээрээ энэ хууль аль дээрээс л байсан юм байна. Би буруу ойлгож явжээ” гэж бичээд скрийншот хийгээд аваад ир гэж хэлсэн. Тэгэнгүүт би “Чадахгүй ээ, яасан гэж ийм юм хийх юм бэ. Би ямар ч гэм буруугүй, наад хүний чинь нэр төрд халдаагүй” гэж хэлсэн. Гэтэл “Тэгвэл дараагийн арга нь чив чимээгүй л бай, юу ч бичихгүй, юу ч постлохг.й бай. Тэгээд энэ хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгая” гэж тэр байцаагч надад хэлсэн. Би эсэргүүцсэн. Эхний байцаагч одоо дарга болчихсон. Би бодохдоо энэ байцаагчийг шагналаа авсан гэж бодож байна. Хоёр дахь байцаагч нь үг дуугарах болгондоо л хорино, цагдана гэж ярьж сэтгэл санаагаар маш их унагаасан. Харин гурав дахь байцаагч нь нөгөө хоёрыгоо бодвол хамаагүй дээр байцаагч байсан.

-Олон сарын турш шүүх цагдаагаар явсан. Ямар өмгөөлөгчидтэй хамтарч ажилласан бэ?

-Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн хугацаанд гурван өмгөөлөгчийн царайг үзсэн. Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн яамны сайд болонгуут өмгөөлөгчид маань “За больё, уучлаарай. Би өмгөөлж чадахгүй нь ээ. Наад хүн чинь зуумтгай хүн. Яг үнэнийг хэлэхэд би энэ хүний эсрэг байлдаж чадахгүй нь ээ. Харин ард чинь зөвлөөд өгье” гэж хэлээд явсан. Үнэндээ миний ард хэн зөвлөх ямар хамаатай юм бэ. Ил гарч ирээд, миний хажууд цуг явах өмгөөлөгч л надад хэрэгтэй болохоос ард мянган удаа зөвлөөд яах юм бэ. Ард байгаа хүн хэзээ ч урваж магадгүй шүү дээ. Маш олон өмгөөлөгчидтэй уулзсан, бүгд ажилтай, амжихгүй, эсвэл өндөр үнэ хэлж зугтсан. Тэр байтугай яг ийм хэргээр миний өмнө ял шийтгэл авсан Ганзаяа гэх эмэгтэйн өмгөөлөгч шүүх хурал болохын урьд өдөр нь тэгье ингэе гэж тохирчихоод яг шүүх хурал болдог өдөр утсаа салгаад алга болсон. Үнэндээ Монголд шударга өмгөөлдөг өмгөөлөгч ховор байна. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын албан тушаалаас хууль цагдаагийн байгууллага, намайг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар хүртэл айж байна. Ингээд яалт ч үг.й дахин хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж, ярьж байж гурав дахь буюу эцсийг нь хүртэл надтай хамт явж байгаа өмгөөлөгчөө сонгож авсан. Яг нэг хүн шиг байж өмгөөлөл үзүүлж ялалт байгуулсан н.Батбаяр, н.Баярмаа хоёртоо маш их баярлалаа. Ер нь шударга хэлье, энэ хэрэг Х.Нямбаатарыг сайд болохоос нь өмнө хаагдсан. Харин сайд болсны дараа дахин сэргэсэн. Үүнээс хойш цагдаа прокурор сайдынхаа талд орж, надтай хүнлэг бус харьцсан.

-Таны бичсэн пост ял авахаар хэмжээний зүйл байсан уу гэдэг талаар хуульч, өмгөөлөгчдөөс яриа авъя гэхэд дуугарах хүн цөөхөн байсан шүү?

-Тийм ээ. Энэ бол Монголчууд албан тушаал гэдэг зүйлийг мөнхийн юм шиг бодож хаан шиг өргөмжилдөг муухай зангийн илрэл. Үүнийг л халах хэрэгтэй. Эсвэл тэр хүн энэ хэрэгт нөлөөлөөгүй байж болно шүү дээ. Зүгээр л тэр хүнийг сайд болчихсон гээд өмнөөс нь гүйгээд байгаа хүмүүс байхыг би үгүйсгэхгүй. Тэр тусмаа Х.Нямбаатарын өмгөөлөгч Г.Даваахүү гэгч этгээд бий. Тэр анх зургадугаар сарын 9-нд намайг мөнгө тараалаа гэж гүтгэж кино шиг зүйл хийж фэйсбүүкээр цацаж, цагдаагийн газар өгч шалгуулсан байдаг. Намайг гэм буруугүй гэдгийг хууль цагдаагийн байгууллага тогтоосон. Үүний дараа өс хонзон санаж дөрөвдүгээр сарын 26-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн постыг фэйсбүүкээс ухаж олоод цагдаад өгсөн хүн бол Г.Даваахүү юм. Түүнчлэн миний шүүх хурлыг товлочихсон байсан. Энэ Г.Даваахүү гэдэг өмгөөлөгч энэтхэг кинон дээр гардаг өшөө авахын хилэн болчихсон л хүн байдаг юм. Түүнээс гадна намайг мөнгө авсан байж магадгүй, миний дансанд хууль бус мөнгө орж ирсэн байна уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн хяналтаас шалгасан. Сүүлд нь мэргэжлийн хяналтаас “Хоёр удаа таны дансыг шалгалаа, хоёр удаа энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан шүү” гэж хэлж байгаа юм. Үүнийг ч тэр Г.Даваахүү гэж өмгөөлөгч шалгуулсан байдаг. Мэргэжлийн хяналтаас надад ямар ч бохир зүйл алга, хууль бус мөнгө орж ирээгүй гэдэг нь тогтоогдсон. Энэ мэт намайг зургаан сараас хойш л “мэрээд” байгаа юм. Ер нь тэр пост бол би эх хүнийхээ хувьд эмзэглэж оруулсан цэвэр өөрийн үзэл бодол. Ер нь бол арванхоёрдугаар сарын 14-нд яллах дүгнэлт аваад фэйсбүүктээ пост бичээгүй бол өдийд шүүхээр орчихсон яваа. Тэр постыг маш олон иргэд цааш нь түгээсний улмаас хууль хяналтын байгууллага хараад энэ хэргийг чин үнэнээр шүүхг.й бол маш их эсэргүүцэлтэй тулж магадгүй гэж миний хэргийг үнэнчээр шалгасан байх гэдэгт итгэдэг.

-“Puplic Figure” буюу олон нийтийн зүтгэлтэн, улстөрч нэр бүхий албан тушаалтнууд өөрийнх нь талаар ямар ч мэдээлэл гарсан шүүхэд хандах эрхгүй байдаг юм билээ. Гэтэл дээхнэ энэ асуудлын талаар хуульчаас яриа авахад өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхэд нэлээд хэдэн хүн дуудагдсан гэж байсан. Тэр хүмүүсээс тантай холбогдсон уу?

-Холбогдсон. Шүүхээр ороод эцэслэн шийдвэрлэгдсэн гурван хүн байгаа. н.Ганзаяа гээд сэтгүүлч, нөгөөх нь Ариука гээд залуу бий. Энэ хоёр хоёулаа 13.14 д.гээр зүйл ангиар ял авчихсан байгаа юм. н.Ганзаяа хэлэхдээ миний өмнө нэг хүүхэн таслуулсан гэж ярьж байсан. Түүнээс гадна одоо байцаагдаж байгаа нэг охин надтай холбоо барьсан. Тэр охин нөхөртэйгөө хамт Сайншандад амьдардаг. Байцаагдах гэж хаа байсан Шандаас Улаанбаатар хотод ирдэг. Буцаад явах гэхээр хөл хорио гээд хоригдчихдог. Тэр охины хэрэг дахин сэргээд одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй юм шиг байгаа юм. Фэйсбүүк дээр явж байсан юмыг скрийншот хийгээд дээр нь “Би охин хүүхэдтэй учраас энэ хүнийг дэмжихгүй” гэж бичсэн байгаа юм. Гэтэл энэ өгүүлбэрээс болж ял авах гэнэ. Тэр бүсгүй сэтгэл санаагаар унаад бие давхар байснаа мэдэхгүй зулбасан байх жишээтэй. Ер нь бүгд л олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн айдастай байгаа байх. Нийт арав гаруй хүн байгаа юм шиг байна лээ.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Улаан бал” нэвтрүүлэгт “өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт надтай хамт нэр дэвшсэн нэр дэвшигчид энэ гүтгэлгүүдийг зохион байгуулалттай явуулсан. Энэ ажлуудыг гардаж явуулсан хүмүүсийн нэг бол жүжигчин Б.Навчаа” гэж хэлсэн. Та энэ тухай тайлбарлахгүй юу?

-Харин тэгээд байгаа юм. Намайг пост бичсэний дараа Х.Нямбаатар сайд өөрийн фэйсбүүк хуудсаар бичлэг хийж намайг гүтгэсэн. Тэгээд удалгүй “Улаан бал” нэвтрүүлэгт орсон. Миний таамгаар бол бушуухан энэ нэвтрүүлэгт оръё, Навчаа гэх хүүхний пост миний нэр хүндийг унагах гээд байна, энийг л хэн ч биш болгоё гэж бодсон юм шиг байгаа юм. Бүхэл бүтэн Монгол Улсын хуулийг толгойлж байгаа, хууль зүйн сайд нь жирийн нэгэн иргэнийг гүтгэж, нэр хүндийг минь олон нийтийн сүлжээгээр гутаасан. Би үүнд маш их гомдолтой байгаа. Тайлбарлахад, нэгдүгээрт би сонгуулийн үеэр мөнгө тараагаагүй. 2020 оны зургадугаар сарын 9-ний өдөр жазз дуучин Хулан над руу яриад “Эгч ээ, Б.Пунсалмаа эгч дэвшиж байгаа учраас манайхан ах дүү нараараа гар бие оролцож байгаа юм. Сонгогчидтой очоод уулзъя гэхээр намайг хүмүүс танихгүй байна. Таныг хүмүүс их сайн танина” гэж ярьсан. Би Хулангийн аавынх нь хамаатан. Харин Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байгаа хүн нь Хулангийн ээжийнх нь талын хамаатан. Тэгэхээр нэр дэвшигч бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс байгаа биз. Пунсалмаа нь хоёр гурван кино спонсорлож байсан гэж сураг сонссон. Гэхдээ миний кинонд оролцож байгаагүй. Хожим нь надад тусалж магадгүй гэж бодсон. Ингээд тухайн үед би зөвшөөрөөд сайн санааны үүднээс гурван удаа хамт явсан. Бид хоорондоо мөнгө өгөлцөж авалцсан зүйл байхгүй. Ингэж тусалж явж байхдаа Ханын материалын автобусны буудлын ойролцоо байдаг найзынхаа цайны газар луу орох гэсэн хоёр гурван хүн “Архины мөнгө өгөөч” гээд л шавсан. Тухайн үед яг МАН-ынх нь өөрийн үүдэнд мөнгө гуйсан хүмүүст задгай 2000, 3000 төгрөгөө л өгсөн байдаг. Энэ явдлыг хэн нэгэн бичлэг хийгээд Х.Нямбаатарын пиарын багт л аваачиж өгсөн хэрэг. Ингээд намайг зургадугаар сарын 9-ний өдөр жүжигчин Б.Навчаа мөнгө тараагаад байна гэж цагдаагийн газарт өгсөн. Цагдаагийн газар өгөхийнхөө өмнөх өдөр жүжигчин Б.Навчаа бол дуучин Т.Баясгалангийн найз, Кёкүшюзаны гурван тэрбум төгрөгийг тарааж явна” гэсэн утгатай кино шиг юм хийчихсэн цахим сүлжээгээр санаатай тараасан. Жинхэнэ гүтгүүлсэн хүн нь би биз дээ. Ингээд камер шүүсэн, өнөө хүмүүсээс байцаалт аваад нээрээ архины мөнгө өгсөн, ямар ч сонгуультай холбоотой зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед “Хэрэг чинь хэрэгсэхгүй болсон, хаагдсан шүү” гэж надад хэлсэн. Тэр хэрэг хэрэгсэхгүй болсон, хаагдсан гэсэн бичгийг нь аваагүй, одоо бодоод байхад авдаг байж. Одоо тэрийг авах гэхээр олдохг.й байгаа юм. Яагаад гэхээр тэрийг Х.Нямбаатар сайд олуулахгүй байгаа гэж хардаж байна. Намайг мөнгө тараагаагүй гэдгийг Х.Нямбаатар сайд маш сайн мэдэж байгаа хэрнээ мөнгө тараасан гэж цоллодог нь яаж байгаа юм бэ. Тэр нэвтрүүлгийг үзсэн хүн бүхэн намайг мөнгө тараадаг гэж ойлгосон. Гудамжаар явж байхад “өөрөө мөнгө тараасан юм байна лээ, тийм үү” гэж асуугаад байгаа юм. Би ямар хүн болгонд хүрч очиж мөнгө тараагаагүй гэдгээ тайлбарлалтай биш. Түүнээс гадна УИД-ийн өмнөх жагсаал цуглааныг зохион байгуулсан гэж бас гүтгэж байна лээ. Ямар жагсаал цуглаан болсныг ч би мэдэхгүй. Бас болоогүй “14 настай хүүхдийг х.чиндэгч Х.Нямбаатар новш оо чи зайл” гэж бичсэн гэж хэлсэн. Үнэндээ миний бичвэрт нэг ч тийм үг байхгүй. Тэр битгий хэл хэн нэгэн хүн рүү тэгж бичсэн мессэж ч байхгүй. Огт бичээгүй, хийгээгүй үйлдлээр хүний нэр төрийг гүтгэсэн.

-Энэ үйл явдал өрнөсөн хугацаанд таны гэр бүлийнхэн танд маш их санаа зовсон байх. Иргэд ч цахим орчноор таныг өмөөрсөн, таны талд байгаа гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлж байсан?

-Би маш их сэтгэл санааны дарамтад орсон. Зөвхөн би ч биш миний эргэн тойрны гэр бүл, ах дүү, дотны найз нөхөд бүгд шаналж байна. Одоо манай гэрийнхэн маш их айдастай “Навчаа минь гуйж байна, битгий фэйсбүүктээ юм бичээрэй” гээд хөгшин настай аав минь хүртэл хүрч ирж гуйгаад явсан. “Чи хэзээ ч энэ сайдыг барахгүй ээ, хэрэггүй” гэсэн зүйлийг л яриад байгаа юм. Гэхдээ энэ нь маш буруу байхгүй юу. Олны танил гээд онцолж аваад надад ял өгчихвөл ар талд нь тав зургаан мянган иргэн хохирно. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ хэн нэгэн рүү дайрч, муухайгаар хэлээд байгаа зүйл байхгүй шүү дээ. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хааж байна гэдэг бол асар том эмзэглэл юм. Зөвхөн миний хэрэг шийдэгдчихсэн, одоо болсон гээд өөрийн амин хувиа хичээгээд чимээгүй байж болох л байх. Гэхдээ миний ард арав гаруй хүн цагдаагийн байгууллагад шалгагдаад байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг хөндмөөр байна. Ер нь улстөрч хүн “зузаан арьстай, дархлаатай” байх ёстой. Яагаад ийм жижигхэн зүйлд гомдоод өөрийнхөө доор байгаа байгууллагуудыг хөдөлгөөд яваад байгаа юм бэ.

-Та Х.Нямбаатар сайдыг хүний нэр төрд халдан гүтгэж, сэтгэл санаа эд хөрөнгийн хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Би аль 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд Хан-Уул д..ргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гэтэл Х.Нямбаатар сайдыг одоо болтол нэг ч удаа дуудаж байцаагаагүй. Сайд нь дуудахад нь очоогүй юм уу, цагдаа нар нь хэлээгүй юм уу, тодорхойгүй. Иргэн Навчааг бол тэр өдөрт нь шууд дуудаад байцаагаад л арван сар тарчлааж байгаа юм. Ирэхгүй бол албадан ирүүлнэ гэж дарамталж болж байна. Ийм муухай ялгавартай хандаж болдог юм уу. Үндсэн хуулиараа хүн бүхэн тэгш эрхтэй шүү дээ. Үнэхээр шударга, ёс зүйтэй хүн юм бол иргэнээсээ уучлалт гуйгаад, хуулийнхаа хариуцлагыг хүлээгээд очоод мэдүүлгээ өгчих. Би шүүх цагдаагаар хөөцөлдсөн арван сарын хугацаанд нэг ч удаа уран бүтээлд тоглоогүй. Хоёр гурван гэрээ буцсан. Өвдөөд эмнэлгээр явсан, гурван өмгөөлөгчийн хөлс төлсөн, энэ мэтчилэн сэтгэл санаа болон эд хөрөнгийн маш их хохирол амссан. Одоо надад өмгөөллийн нөхөрлөл хэрэгтэй байна. Эргээд Х.Нямбаатарын эсрэг явж, нэр төрөө сэргээлгэж хууль цагдаагийн байгууллагаар явахад өмгөөөллийн баг чухал хэрэгтэй байна. Даанч энэ хугацаанд орлого олсонгүй, хуульч авах мөнгө алга. Мөнгөнтэй байсан бол маш сайн баг авмаар байна. Ер нь тэгээд бүх зүйл тодорхой шүү дээ. Сайдыгаа дуудаж байцаана гэж хаана байхав, сайд нь очиж байцаалт өгнө ч гэж юу байхав. Тэгсхийгээд удахгүй миний гомдлоор үүссэн хэргийг хаах байлгүй дээ. Төр нь иргэндээ гомдож болдог, иргэн нь төрдөө гомдож болдоггүй энэ муухай тогтолцоог л халмаар байна. Эцэст нь хэлэхэд, сайд аа!!! Та надаас уучлалт гуйгаасай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой

– НЭГ ШҮҮГЧ Л ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАХАД ТЭР САЛБАРЫН НЭР ХҮНД СЭВТЧИХ ГЭЭД БАЙДАГ ЭМЗЭГ САЛБАР. ГЭВЧ ЦӨӨН ХЭДЭН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН АЛДААНААС БОЛЖ ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮХЭЛД НЬ ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ –


Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай шүүгчийн ёс зүйн тухай ярилцлаа.


Цахим орчинд нэр бүхий шүүгч, атгын ажилтнуудын хоёр ч бичлэг цацагдлаа шүү дээ. Тэгэхээр бичлэгт гарснаар шүүгч, өмгөөлөгч, АТГын байцаагчид хоорондоо нийлж наргисан байдалтай байгааг хэр зохистой үйлдэл гэж та харж байна вэ?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг бий. Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын нэр хүндэд халтай л юм болж байна. АТГ-ын албан хаагчдын ёс зүйн дүрэм гэж бий. Энэхүү дүрмийг зөрчсөн эсэхийг АТГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгаж, ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхэд албан ёсны хариултыг өгөх ёстой байх. Авлигын эсрэг хуульд зааснаар албан хаагчдын ёс зүйн дүрмийг АТГ-ын дарга баталдаг. Ер нь хууль болон ёс зүйн дүрмээ хэр сайн сахин биелүүлэхээс төрийн албан хаагчдын нэр хүнд, тухайн байгууллагын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал тодорхойлогддог. Гэхдээ төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс болж бүтэхээ байчихсан гэж бодохгүй л байна. Хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мэргэжлийн ур чадваргүй хүмүүстэйгээ зохих түвшинд нь хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

-“Шүүгчид ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүйгэж иргэд цахим орчинд шүүмжилсээр байна. Энэ үйл явдал нь шүүх байгууллагын нэр хүндэд халтай юу. Хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?

-Шүүх эрх мэдэл бол ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа байх ёстой юм. Шүүгч бол нэг талаас хараат бус байх ёстой. Нөгөө талаас шүүхийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Нэг шүүгч л ёс зүйн алдаа гаргахад тэр салбарын нэр хүнд сэвтчих гээд байдаг эмзэг салбар. Гэвч цөөн хэдэн шүүгчийн ёс зүйн алдаанаас болж хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй. Учир нь шүүх эрх мэдлийн салбар бол Үндсэн хуульт төрийн нэг тулгуур багана юм. Ирээдүйд сайн шүүгч, прокурор, өмгөөлөгч болохоор хуулийн сургуульд сурч байгаа олон мянган залуусын итгэлийн галыг бөхөөж болохгүй. Тиймээс хууль, ёс зүйн зөрчил гаргасан шүүгч нартай хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ шүүх эрх мэдлийн тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй.

Шүүхийн нэр хүнд шалан дээр унавал төрийн хууль бус шийдвэр үйл ажиллагааг хэн таслан зогсоох юм бэ. Улстөрчид, албан тушаалтнуудтай үргэлж жагсаал цуглаан хийж тэмцэх үү…

Шүүхийн эрх мэдлийг бүхэлд нь үгүйсгэнэ, харлуулна гэдэг бол хуулиа өшиглөж байгаагаас ялгаагүй юм л даа. Монгол хүн уурган дээгүүрээ алхаж гарахыг цээрлэдэг шиг Монгол төр, Монголын ард түмэн эрт цагаас хойш хуулиа өшиглөж байгаагүй юм шүү.

Харин хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан хэнтэй ч хариуцлага тооцож чаддаг байсан. Хууль бол төр улсын үндэс байсаар ирсэн. Өнөө цагт бол хууль бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа юм. Түүнийг хэрэгжүүлэгч, хамгаалагч нь хараат бус шүүх байх ёстой. Тиймээс би шүүхийн тогтолцоог санаатай харлуулж байгааг бол сайшаахгүй. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэдэг шиг юм байж хэрхэвч болохгүй.

Ер нь шүүгчийн ёс зүй ямар байх ёстой юм бэ. Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Шүүгчийн ёс зүй ямар байх ёстойг би шийдэхгүй. Тэр ч бүү хэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч шийдэх эрхгүй. Шүүгчдийн зөвлөлөөс баталсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм гэж бий. Тус дүрмийн үндсэн зорилго нь шүүгч нь хувийн амьдралдаа болон албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа мөрдөх үндсэн зарчим, зан үйлийн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх бие даасан, хараат бус, шударга нэр хүнд бүхий шүүх эрх мэдлийг бэхжүүлэх хамгаалахад оршдог.

Миний бодлоор одоо Шүүхийн сахилгын хороо ажлаа хийж, хэрэв ёс зүйн дүрмээ зөрчсөн бол нэр бүхий шүүгч нартай хариуцлага тооцох ёстой. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн салбарын нэр хүндийг утга учиргүй улстөржилт, хөндлөнгийн нөлөөлөл, шахалтаас хамгаалах ёстой. Энэ бол энэ хоёр байгууллагын үндсэн чиг үүрэг юм.

Шүүгч хүнд хууль зүйн мэдлэг чадвараас илүү ёс зүй, зан төлөв чухал гэж ярьдаг шүү дээ?

-Аль аль нь чухал. Мэдлэггүй хүнд шүүгчийн алх атгуулбал, хүний эрх, эрх чөлөө дур зоргын золиос болно. Ер нь мэдлэг, чадваргүй хүн өөрөө толгойгүй байдаг л даа. Тийм хүн бусдын нөлөөнд орохдоо амархан. Тиймээс мэдлэг, ур чадвар маш чухал. Нөгөө талаас ёс зүйн асуудал тун чухал.

Мэдлэгтэй хэрнээ ёс зүйгүй бол бүр ч аюултай. Тиймээс шүүгчийн мэдлэг ур чадвар, мэргэжлийн ёс зүй бол нэг зоосны хоёр тал юм л даа.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн долдугаар зүйлд зохисгүй байдал гаргахгүй байх гэж заасан байдаг. ҮүндШүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа түүнчлэн ажлын бус цаг, амралт, баяр ёслолын үед ч шүүх, шүүгчийн нэр хүндийг хамгаалж, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн суртахуун, зан үйлийн болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчихгүй байхыг хамааруулж үзнэгэсэн байдаг. Тухайн бичлэгт гарч байгаа үйлдлүүд нь дээр дурдсан ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үү?

-Энэ асуудлыг Шүүхийн сахилгын хороо эцэслэн шийдэх ёстой. Тэгээд албан ёсны мэдээллээ олон нийтэд өгөх нь зөв байх. Түүнээс хэн нэгэн дураараа ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй. Ер нь нэг буруу жишиг тогтоовол цаашид засаж залруулах амаргүй байдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Эдийн засаг агшиж, ажлын байр огцом буурсан энэ үед НДШ-ийг нэмнэ гэдэг цагаа олоогүй шийдэл

МҮЭХны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


Нийгэм, эдийн засаг хэцүү байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувь болгосныг иргэд эсэргүүцсээр байна. Энэ нөхцөл байдал хөдөлмөр эрхлэгчдэд ямар дарамт учруулах талаар ярилцлагаа эхэлье?

-Нэгдүгээр сарын 1-нээс төсөв төрийн, орон нутгийн өмчит болон 2020 оны гуравдугаар сараас хойш шимтгэл төлж эхэлсэн хүмүүс дээр хоёр хувь нэмэгдэж байгаа. Мөн долдугаар сарын 1-нээс бусад бүх шимтгэл төлөгч нар нэмэгдсэн дүнгээр төлнө. Эдийн засаг агшсан, ажлын байр огцом буурч, орлого буурсан үед цагаа олоогүй шийдэл гэж харж байна.

-“Тэтгэвэр тогтоолгохоос өмнө нас барж байгаа тохиолдолд тухайн иргэний насаараа төлсөн мөнгө нэгдсэн сангийн өмч болдог. 40 жил төлчихөөд 300 мянган төгрөгний тэтгэвэр авах маш хэцүү. Нийгмийн хамгааллын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй байнагэж та хэлж байсан. Энэ тухай ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай эрчүүдийн 50 хувь нь хөдөлмөрийн насандаа буюу 16-59 насны хооронд нас барж байна.

Эмэгтэйчүүдийн 24 хувь нь 16-гаас 55 насандаа нас барж байна. Энэ нь тэтгэврийн өгөөжөөсөө нэг ч төгрөг хүртэж чадахгүй байна гэсэн үг. Тэтгэврийг өвлүүлэх нэрийн дансны мөнгийг нь нас барвал үлдэгдлийг нь ар гэрт нь олгох шударга тогтолцоог бид олон жил ярьж байна. Ямар ч байсан өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэрхэн яаж хийх гээд байгаад гол учир байна.

Тэтгэврийн тэтгэмжийг тогтоохдоо дундаж нь таван жил байсныг долоон жил болгож сунгасан. Энэ нь тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдэд хохиролтой байна л даа?

-Нэг юм шийдэх гэж байна гээд нөгөө дийлэнх хэсгийг нь хохироох шийдвэр юм л даа. Сангийн сайдын санаачилга гэж ойлгосон НДҮЗ-тэй зөвшилцөөгүй юм билээ. Долоон жилийн өмнөх үнээр талхаа авч идэхгүй биз дээ. Тэтгэвэр ойролцоогоор арав орчим хувиар бага тогтох эрсдэлтэй.

МҮЭХноос энэ сарын 3-ны өдөр НДШийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХын дарга Г.занданшатар, Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Эргээд ямар нэгэн хариу авсан уу?

-Тодорхой хариу ирээгүй байна. Ямар ч байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхой шийдэл гаргаж хүнд үед нэмэх нь буруу, тэтгэврийн шинэчлэлээ хийж зохицуулах тал дээр уулзалт хийсэн.

Мөн МҮЭХноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмснийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 22-ны өдөр цахимаар жагсаал хийсэн. Үүнд МҮЭийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцсон байна лээ?

-Тийм. Гишүүдийн санал шаардлагыг бид төр засаг, шийдвэр гаргагчдад хүргэх ажлыг хийх үүрэгтэй. Цар тахлын үед хууль дүрмээ хүндэтгээд дуу хоолойгоо хүргэж байгаа хэрэг. Бид анхнаас нь дэмжээгүй. ОУВС-ын хөтөлбөр дууссаны дараа дахин авч үзэж нэмэхгүйгээр тэтгэврийн өгөөжөө нэмэгдүүлье өвлүүлье, алдаануудыг засах байх гэдэг хүлээлт байсан. 2019 онд бид бас тэмцэж байж хойшлуулах шийдвэр гаргуулж байсан. Ер нь УИХ хаврын чуулганаар уг асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ дөрвөн сар болгож хойшлуулмааргүй байна. Ийм хүнд үед УИХ бүтэн сар гаруй амраад баймааргүй юм, онцгой нөхцөлөөр яаралтай шийдэх хэрэгтэй байна.

УИХ ын зарим гишүүд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль санаачилсан байсан шүү дээ?

-Боломжтой хуулиудыг нь дэмжиж байгаа. Харин эрсдэлийг нь тооцох гэх мэт сайжруулах хэрэгтэй зүйлүүд байна. Тэтгэврийн шимтгэлийн дөрвөн хувийг нь албан журмаар сайн дураар тусдаа нэмэлт сан хэлбэрээр хуримтлуулах, 100 хувь өвлүүлэх, эрсдэлтэй үед авч болох гэх мэт сонголттой юм билээ. Уг нь хуримтлуулж байгаа бүх сангаа л ийм загвараар хийвэл иргэдэд ээлтэй. ХНХЯ-нд бид тодорхой саналуудаа өгсөн, тэтгэврийн хуримтлалын сангаа иргэд өвлөдөг болохоор зохицуулахаар төсөл бэлдсэн гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АУ-ны доктор Г.Батбаатар: Вакцин тариулснаар асуудал шийдэгдэхгүй. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байна

АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн коронавирусийн эсрэг вакцины хүлээлтэд байлаа шүү дээ. Вакцин бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна?

-Дэлхий дээр маш олон өвчин үүсгэдэг, өвчин үүсгэдэггүй бичил биет өргөн тархсан байдаг. Хүн төрсөн цагаас эхлэн эдгээр бичил биеттэй танилцаж, мэдээллийг дархлааны “Ой санамж”-нд хадгалах, шаардлагатай тохиолдолд эргэн санаж идэвхжих онцгой чадварын ачаар өвчлөхгүй, эрүүл саруул амьдрах боломжтой болдог. Энэ чанарыг танин мэдсэнээр өвчин үүсгэгчийн тодорхой бүтцийг биед оруулах замаар дархлааны “Ой санамж”-ийг зориудаар үүсгэн халдварт өвчнөөс сэргийлэх аргыг нээсэн нь гайхамшиг юм. Өвчин үүсгэгчийн тухай дархлааны “Ой санамж” зориудаар үүсгэхэд ашиглаж буй бүтцийг вакцин гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, коронавирусийн дархлааны эсэд танигдах бүтцийн тодорхой, тогтмол бүтцийг гарган авч тарьснаар уг вирусийн “Санамжийн эсүүд” үүсдэг. Вирус хүний биед нэвтрэхэд дархлааны эсүүд түүнийг өвөрмөцөөр таньж, идэвхжин маш богино хугацаанд идэвхжин вирусийг устгана гэсэн санаа юм л даа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн өвөрмөц мэдээллийг зориудаар урьдчилаад дархлааны эсүүдэд таниулахыг дархлаажуулалт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээс вакцин гарснаар вирус бүрмөсөн устах, эсвэл вирусийн халдварт өртөхөө болино гэсэн үг биш. Ер нь вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Коронавирус устахгүй нь ойлгомжтой учир цаашдаа зохицон амьдрах, халдвараас сэргийлэх арга замаа тодорхойлох нь чухал.

-Монгол Улс БНЭУ-аас коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Вакцин нь олон хэлбэртэй буюу гарган авах аргаас шалтгаалан бүтэц нь ч өөр. Вакцин бүтээх ажил нь нарийн хяналтын дор олон түвшний туршилтаар шалгагдаж байж үйлдвэрлэх зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авдаг нарийн төвөгтэй процесс юм. Тийм учир вакцины чанарт эргэлзэх, санаа зовних шаардлагагүй байх. Тэгээд ч шинжлэх ухаан хөгжсөн цаг үед амьдарч байна. Энэ вакциныг дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд ч хэрэглэж байна. Вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт нэгдэл учир тухайн хүний дархлаа чадамжаас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг. Гэхдээ амь насанд аюултай хэмжээнд хариу урвал үзүүлэхгүй байх, баталгаатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас нийтээр хэрэглэх зөвшөөрлийг олгоно.

-Вакцины найрлагад ямар бодисууд багтдаг вэ?

-Дээр хэлсэн вакцин олон хэлбэртэй. Одоогоор “Pfizzer”, “Moderna компанийн вакцин бол РНХ технологид суурилсан шинэ төрлийн вакцин юм. Харин Спутник V, Astra Zeneca вектор вакцин юм. Эдгээр вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй болохыг олон судалгаагаар баталж дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч бүртгээд байна. Тийм учраас эдгээр вакцины үр дүн, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Хамгийн гол нь вакцины “Хүйтэн хэлхээний журам”-ыг чанд мөрдөх нь нэн чухал. Энэ нь үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хэрэглэх хүртэлх тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээнд тавих стандарт шаардлага юм. Манай орны хувьд -70С градусын нөхцөлд тээвэрлэх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүргэх дэд бүтэц нь ямар юм бол доо. Үүнийг тооцож байж ямар төрлийн вакцин, хаанаас, хэзээ авахаа шийдэх нь чухал.

-“Коронавирусийн эсрэг маш сайн вакцин гарлаа гэхэд үүсгэж байгаа дархлал нь тийм удаан тогтохгүй. Яагаад гэхээр вирусийн эсрэг дархлаа дандаа богино хугацаатай байдаг” гэж та нэг ярилцлагадаа дурдсан байсан.

-Коронавирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд гарган авч, яаралтай шугамаар бүртгэн хэрэглэж байгаа учраас вирусийн эсрэг дархлаа хэр тогтвортой, ямар хугацаагаар тогтдогийг одоо үнэлэхэд хэтэрхий эрт байна. Ер нь вакцин гарган авч хэрэглэснээр бүх асуудал шийдэгдэхгүй шүү. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байх нь ойлгомжтой. Магадгүй энэ вакциныг 2-3 жил тутам хэрэглэх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй.

-Анти вирусийн талаар хүмүүст илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахгүй юу?

-Вирусийн эсрэг дархлаа нь эсийн болон шингэний гэсэн хоёр хэлбэртэй. Товчхондоо вирусийн эсрэг эсийн дархлааны гол эффектор механизм “Эс хордуулагч Т лимфоцитээр” дамжин илэрнэ. Өөрөөр хэлбэл, вирусээр халдварласан өөрийн эсийг устгах замаар вирусийн халдвартай тэмцэнэ. Харин шингэний дархлааны урвалд “Иммуноглобулин” буюу эсрэг бие гэх өвөрмөц уураг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, вирус хүний биед нэвтрэн орж эсэд халдварлахаас урьтаж эсрэг биетүүд холбогдож саармагжуулан биеэс зайлуулна. Тэгэхээр вакцин нь вирусийн эсрэг өвөрмөцөөр үйлчлэх “Эс хордуулагч Т эс” болон эсрэг биеийн үүсэлтийг өдөөдөг гэж ойлгож болно.

-Аюулгүй байдлаас шалтгаалж вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна?

-Мэргэжлийн хүний хувьд дахин хэлье. Шинжлэх ухаанд итгэж чадахгүй юм бол лам, бөө, шашинд итгэх үү. Өнөөдөр миний хувьд итгэж болох хамгийн зөв зүйл нь шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон, мэдлэг боловсрол улс орныг хөгжүүлнэ гэдэгт би итгэдэг.

Д.ЖАРГАЛСАЙХАН: КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Цахим сүлжээнд вакцин тариулахыг эсэргүүцэж буй Д.Жаргалсайханы байр суурийг сонслоо.


Тэрээр “Вакцин тарихыг эсэргүүцэж байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Энэ үед Улаанбаатар хот бүү хэл улс даяараа маск зүүж байгаа. Гэтэл худалдааны төвөөр ч юмуу ямар нэг газраар халдвартай хүн явсан байна гэж тухайн газрыг цагдаагийн хүчээр бүсэлж, бүлэг хулгайч баривчилж байгаа юм шиг л сүр болно. Ер нь коронавирус чинь тэгээд хумхын тоос шиг бужигнаж байдаг юм уу, эсвэл гэрэл шиг тал бүр цацарч байдаг хэрэг үү. Тэгдэг юм бол хүнсний бүх бүтээгдэхүүн дээр бууж байгаа юм биш үү. Бүгд масктай байхад тархаад байгаа юм бол маскны хэрэг байна уу. Хорин мянган төгрөгний үнэтэй маск нь тийм найдвартай, өндөр шүүлттэй юм бол бүгд түүнийг чинь аваад зүүе л дээ. Үнэхээр тийм сайн маск байдаг бол хорь бүү хэл хоёр зуу, хоёр сая байсан ч аваад зүүх хүн Монголд хэдэн мянгаараа байгаа. Хэрэв маскны найдваргүйгээс болж алдаж байгаа юм бол хүн бүхэн амандаа даавуу нааж явах ямар хэрэгтэй юм. Анагаахын шинжлэх ухаан хэдэн зуун жил хөгжсөн мөртлөө ганцхан шинжилгээ аваад өвчнийг оношлоод ганцхан тариа хийгээд хамгаалдаг тийм эмчилгээ хаана ч байхгүй. Гэтэл коронавирусийг ганцхан шинжилгээгээр тогтоогоод, ганцхан тариа хийгээд хамгаална гэхэд хэн итгэх вэ. Жил гаруйн хугацаанд оношлох, эдгээх бүх аргыг нь олж байгаа юм бол бусад өвчнийг яагаад тэгж чадахгүй байна. Коронавирусийг оношлох, хамгаалах нь тийм амархан, тусгай өвчин юмуу, бусад өөр олон төрлийн ханиаднаас яаж ялгаж байгаа юм бэ (Өндөр халуурдаг, хоолой боогддог, хамар битүүрдэг) олон янзын ханиад байгаа шүү дээ.

Ер нь Монголд ковид орж ирсэн нь үнэн юм уу. Орж ирсэн нь үнэн юм бол ямар замаар орж ирсэн юм бэ. Түүнийгээ тогтоосон юм уу. Коронавирус туссан хоёр мянга шахуу хүн яаж яваад туссан юм. Яаж өвдсөн, яаж эмчилсэн энэ тухай яриаг сонсмоор байна. Яагаад корона туссан, тэр олон хүн өнөөдрийг хүртэл яагаад таг дуугуй байгаад байгаа юм. Хэлгүй болгодог, эсвэл сэтгэцэд нь өөрчлөлт оруулдаг өвчин юм уу. Энэ бүхэнд хэн хариулт өгөх вэ. Юу юуны духанд хүрэлгүй вакцин тарих гэж яагаад яараад байгаа юм. Тэр вакциныг тарилаа гээд бусад халдвараас хамгаалах хэрэг үү. Өөр төрлийн вирус гарвал яах вэ. Дахиад өөр вакцин тариулах уу. Төгсгөлд нь хэлэхэд, ямар нэг вакцин оруулж ирээд тарилаа гэхэд тэр вакцин хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг хэн батлах юм. Тэр сайн гээд байгаа вакцин пенициллин, дециллин шиг үр дагавартай байвал яана. Огт сөрөг нөлөөгүй, тэгээд халдвараас хамгаалдаг эм тариа байна гэдэгт тэнэг хүн ч итгэхгүй.

Өвчин яагаад тархаж байгаа нь тодорхойгүй, өвдсөн хүмүүс яасан нь бүр ч тодорхойгүй байна. Засаг төр, УОК яг юунд анхаарч байгаа нь ойлгомжгүй, төсвийн их мөнгө үрсэн, олон мянган хүн ажилласны үр дүн харагдахгүй байна. Бүр сүүлдээ өвчин байгаа үгүй нь ч тодорхойгүй боллоо. Ард иргэд чинь мухар сүсэгтэй мөргөлчид шиг боллоо шүү дээ. Америк, Австрали, Япон, Солонгос гэх мэт гадаадад байгаа хүмүүстэй байнга холбогдож байна. Тэдний дунд корона туссан, эдгэсэн хүмүүс ч байна. Тэр бүхнээс дүгнэхэд бие султай, хууч өвчтэй хүмүүст хүндээр нөлөөлж байна гэж ойлгогдож байгаа. Гэтэл манай өвдсөн хүмүүс яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ. Туссан хүн бүхний яриа хэрэгтэй байна. Тэдний ярианаас хүн бүхэн өөр өөрийнхөө дүгнэлтийг хийх ёстой. “Хүн алах вирус бүтээж, тараасан” гэж УИХ-ын чуулган дээр ярьж байсан. Хүмүүс дараа нь аврах вакцин хийх нь зөвхөн эдийн засгийн хорлол гэж ойлгох аргагүй. Магад үндэстэнг мөхөөх хэт холын бодлого биш гэх газаргүй. Хүний эрүүл мэнд, цаашлаад удам генд нөлөөлөхгүй гэдгийг хэн нь хэзээ баталсан юм бэ. Найдвартай гэсэн харийнхны үгэнд итгэх ёстой юу” гэж бичсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цэрэннадмид: Сэтгүүлч мэргэжлээр 40 гаруй жил ажиллахдаа үзэг, аппарат хоёроо хослуулж олон ч үйл явдлыг сурвалжиллаа

“Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин Д.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Та сэтгүүлч болох анхны алхмаа Дундговь аймгийн “Улаантуг” сонинд утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар эхэлсэн гэж сонслоо. Чухам яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болов?

-Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул хүн. Аймгийнхаа арван жилийн дунд сургуулийг төгсөөд тун удалгүй “Улаантуг” сонинд 1969 онд утга зохиолын ажилтан сурвалжлагчаар ажилд анх орсон юм. энэ бол миний сэтгүүлч болох анхны алхам байсан. Би Боржигоны бичээч гэдэг овогтой хүн л дээ. Манай аавын аав Тайж хүн байсан. Миний аав бол бичээч Т.Дашням гэж хүн байлаа. Аав минь бичиг үсэг сайтай, тэр дундаа монгол бичиг сайн мэддэг учраас хошуу тамгын газар бичээчээр ажилладаг байсан. Төрсөн ах маань ч их сайхан бичигтэй. Би хойчийг нь залгаад аймгийн утга зохиолын дугуйланд явна, шүлэг бичнэ. Арван жилд байхдаа хүртэл аймгийн сонинд мэдээ биччихдэг байж байгаад сэтгүүлчийн мэргэжлийг сонгосон. өнгөрсөн хугацаанд завсаргүй л сонинд ажиллалаа даа.

-Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Охин тань сэтгүүлч шүү дээ?

-Би таван хүүхэдтэй. Ц.Байгалмаа охин минь сэтгүүлч. Одоо өөрийн хэвлэл мэдээллийн агентлагтай болчихсон ажиллаад явж байна. Нэг хэсэг Батлан хамгаалахын яаманд ажилласан. Миний хань Архангай аймгийн Хангай сумын хүн байсан. Би хязгаарын цэргийн холбоонд гурван жил цэрэгт алба хааж байхдаа “Эх орны манаа” сонинд мэдээ сэлт, зураг хөрөг тавина. Тэгж яваад хэвлэх үйлдвэрт очиж нэг хүүхэнтэй танилцсан минь Дамдины Бадам гэж миний хань байсан юм. 47 жил ханиллаа. Хань минь гурван жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

-Та МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 1982 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд олон ч сонины газар ажиллаж байсан юм байна лээ?

-Их сургуулиа төгсөөд Булган аймгийн “Дэвшил” сонинд гурван жил ажиллаад буцаад Улаанбаатар хотдоо эргэж ирсэн. Улаанбаатар хотод ирээд үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн “Хөдөлмөр” сонинд ажилласан. Тухайн үед бүх юм хатуу байлаа. Хотод суурьших хэцүү байсан учраас намайг Дундговь руу, эсвэл Булган руу явуулна, хөдөөний паспорттой хүн хотод байж болохгүй гээд л… Сүүл рүүгээ “Хөдөлмөр” сониныг торгоно гээд би ч сонины ажлаасаа гардаг юм аа. Хотын иргэний үнэмлэх байхгүй хүн нэг сар ажилгүй явж байгаад бүр сүүлд нь “Улаанбаатар хотод суухыг зөвшөөрөв” гэсэн тамга даруулж авлаа л даа. Ингээд сэтгүүлчдийн холбооны Д.Үржинбадам дарга дээр очлоо, тэгсэн “Чи манайд ажилла” гэж байна. Ингээд сэтгүүлчдийн холбоонд референт гэдэг ажлыг хоёр жил хийгээд удалгүй “Улаанбаатарын мэдээ” сонин руу шилжсэн. Сүүлд сонин маань “Нийслэлийн сонин бичиг” нэртэй болсон. Ингээд 1993 онд “Засгийн газрын мэдээ” сонин байгуулагдаад жилийн дараагаар тэнд ажилд орсон хэрэг. “Засгийн газрын мэдээ” сонины залгамж халаа нь “Зууны мэдээ” сонин шүү дээ. Энэ сонинд 28 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тэтгэвэртээ гарсан ч гэсэн залуу сэтгүүлчидтэйгээ бужигнаад л явж байна. Ийм л түүхтэй юм даа.

Хань Д.Бадамын хамт. 1973 он

-“Улаанбаатарын мэдээ” сонинд үйлдвэрлэл, эдийн засгийн албаны сэтгүүлч байсан. Та сэтгүүлч хийхийн хажуугаар гэрэл зураг дардаг шүү дээ. Тэгэхээр гэрэл зураг таны амьдралд томоохон орон зайг эзэлдэг байх?

-Би арван жилийн сурагч байхаасаа гэрэл зураг авч эхэлсэн. Ахыгаа дуурайж зураг сонирхож оролдож эхэлсэн юм л даа. Арван жилийн ангийнхныхаа зургийг дарж аваад шөнө нь гэртээ очиж угаана. Ингээд баахан л саарал зурагтай болж сургуулилж эхэлсэн юм. Сэтгүүлч мэргэжлээр 40 гаруй жил ажиллахдаа үзэг, аппарат хоёроо хослуулж, зурагаа авч сурвалжлагаа бичсээр л ирсэн дээ. Ер нь биднийг сэтгүүлч болоход хамгийн их тусалсан анхны хүн бол Санжийн Батмөнх гэж Дундговь аймгийн “Улаантуг” сонины эрхлэгч хүн байсан юм. Тэр хүн “Залуучуудын үнэн”, “Үнэн” гээд олон ч сонинд ажиллаж байсан мундаг хүн байлаа. Тэр хүн хэдэн залуусыг сэтгүүлч болгоно гэж өөр дээрээ авсан юм. Түүнд нь би, Цэндийн Чимэддорж, гавьяат Сандагдоржийн Пүрэвсүрэн, Цогсүрэнгийн Ганболд бид дөрөв багтсан. Ц.Чимэддорж цэрэгт яваад тэр чигээрээ радиод шингэсэн, С.Пүрэвсүрэн Намын дээд сургуульд орж сэтгүүлч болж Хэнтийн сонины эрхлэгчээр ажиллаад сүүлдээ “Үнэн” сонины сурвалжлагч болсон, Ц.Ганболд Орос улсад сэтгүүлчийн ангид суралцаад сэтгүүлч болсон. Ингээд бүгдээрээ буцаж очоогүй бид чинь Дундговийн сониноо орхиод явчихсан жудаггүй улс байгаа юм даа /инээв/.

Парламентын сурвалжлагчаар 20 гаруй жил ажилллаж байна.

-Та сэтгүүлч болоогүй бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол. Ингэж бодож байсан удаа бий юү?

-Сэтгүүлч болоогүй бол гэж бодож байсан үе байхгүй. Гэхдээ би багадаа их саваагүй хүүхэд байсан л даа. Наймдугаар ангид байхаасаа зураг авч эхэлсэн. Түүнээс өмнө шүлэг бичнэ, зураг зурна гэж аймгийн дүрслэх урлагийн танхимд зуны амралтаараа ажиллаад баахан лоозон бичээд л явдаг байлаа. Хөгжмийн дугуйланд явна гэж баянхуур хөгжим чирээд явдаг байлаа. Ингэж явсаар өөрийн удамд бичээч, бичиг хэргийн улс байсных ч тэр үү ямар ч гэсэн сонинд оръё гэсэн сэтгэгдэл төрөөд аймгийн сонинд ороод л сэтгүүлчийн зам, мөр эхэлсэн дээ.

-Тантай хамт төгссөн олон ч мундаг сэтгүүлчид байна шүү дээ. Зарим нь одоо ч ажилласаар байна?

-Манай төгсөгчдөөс том ч улс байна, жижигхэн ч улс байна, янз бүр л байна даа. Эхнээс нь нэрлэвэл УИХ-ын гишүүн байгаад хоёр удаа яамны сайд байсан Төгсжаргалын Ганди байна. Төгссөнөөсөө хойш багшилж байгаад саяхан тэтгэвэртээ сууж буй Ломбын Норовсүрэн гэж гавьяат багш бий. Төгсөөгийн Оюунбилэг гэж надтай “Улаанбаатарын мэдээ”, “Засгийн газрын мэдээ” сонинуудад хамт ажиллаж байсан одоо хувийн сургууль байгуулчихсан явж байгаа эмэгтэй бий. Дармаагийн Сайнбаяр гэж сэтгүүлч байна. Одоо ч “МОНЦАМЭ”-д ажиллаж л байгаа. Дамдинпүрэвийн Амаржаргал гээд радиод ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан сэтгүүлч бий. Гэх мэтчилэн сэтгүүлч мэргэжлээрээ хэзээний олны танилууд болсон эрхмүүд олон байна л даа.

-Хуучин 120 мянгатаас урагшаа Монголын бүх үйлдвэрүүд байсан шүү дээ. Та тэр бүх үйлдвэрүүдээр явж сурвалжлага бичдэг байсан гэсэн. Тэр тухайгаа хуучлахгүй юу?

-Одоо сэтгүүл зүйд сурвалжилдаг объект нь өөр болчихож л дээ. Төрийн ордон хавиар сайд дарга нар эргүүлээд л байдаг болчихсон. Бид “Улаанбаатарын мэдээ”, “Хөдөлмөр” сонинд байх үедээ жинхэнэ ажилчин, малчныг л сурвалжилдаг байлаа шүү дээ. Төрийн хүмүүсийн ярилцлага тоотой орж ирнэ. Хөдөө их явна. Арьс шир, ноосны нэгдэл, савхин эдлэлийн үйлдвэрүүд гээд том үйлдвэрүүд байлаа. Сурвалжлага бэлтгэхээр нэг талаас нь ороод нөгөө талаас нь гарч ирэхэд өдөр дуусч байдаг тийм л том үйлдвэрүүд юм. Үйлдвэрийн ажилчдын зургийг авна, сурвалжилна. Оюутан цагтаа дадлага хийхдээ ч үйлдвэрүүдээр зураг аваад л явж байлаа. За тэгээд “Улаанбаатарын мэдээ” сонинд ажилладаг байхад Улаанбаатар хот жижигхэн байлаа шүү дээ. Хаана овгор шороо байна, хаана хог овоорсон байна бүгдийг нь мэддэг. Мөн тухайн үед идэвхтэн бичигчийн захиа их ирнэ. Идэвхтэн бичигчийн улсын зөвлөгөөн гэж хүртэл болж байлаа. Сонин хэвлэлийн нэг түшиг тулгуур бол идэвхтэн бичигч нар байлаа шүү дээ. Ажиллаж байх хугацаандаа нам төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт хөдөө их явна. Яагаад их хөдөө явдаг байсан бэ гэвэл би ганцаараа явахаар нэг хүний томилолтын зардал хэмнэнэ. Өөрөө зургаа аваад бичээд ирдэг болохоор тэр. Сэтгүүлч хүн түүх бичилцдэг шүү дээ. 1990 оны хувьсгал, хувьсгалын өлсгөлөн болж байхад хүзүүндээ аппараттай, гартаа дэвтэртэй олон ч үйл явдлыг сурвалжилсан. Олон ч үйл явдлын гэрч болсон. “Засгийн газрын мэдээ” сонинд байхад Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайтай хамт онгоцоор нисч нефтиэр дээлээ мялааж байхад би зургийг нь дараад бичээд л явж байлаа. Сүүлд П.Очирбат гуай “Би ном хийх гэж байгаа” гээд надаас зураг авч байлаа.

-Буянгийн Жаргалсайханы хоршооны тухай та нэг нийтлэл бичсэн чинь Б.Жаргалсайхан танай редакц дээр ирж маргалдаж байсан гэсэн. Тухайн үед юу болсон юм бэ?

-Анх “Эхлэл” гэдэг хоршоо Урт цагааны урд н.Цоомоо гэдэг эмэгтэй байгуулж би тэр тухай сурвалжилж байсан юм. Харин тэр Б.Жаргалсайханы хоршооны тухай тэнд дурьдагдаж л дээ. Дараагаар нь манай редакц дээр ирээд маргаж л байсан. Гэхдээ тийм юмыг алийг тэр гэх вэ. Би сүүлд барилгын маргааны тухай нэг зүйл бичлээ. Тэгсэн нэг өдөр “Та манай компани дээр хүрээд ирээч” гээд байхаар нь санаанд орохгүй хүрээд очсон юм. Тухайн үед би хөдөө явах гэж байлаа. Тэгсэн “Та манай компанийн тухай баримтыг хаанаас авсан бэ хэл, тэр баримтаа бидэнд өгөхгүй бол явуулахгүй” гээд явуулдаггүй. Би “Бид хаанаас авснаа хэлэх учир байхгүй, шүүхэд өг, шүүх дээр уулзаад учир явдлаа олъё” гэж хэлсээр байгаад салж байсан даа. Энэ мэт сайн саар зүйлийн талаар олон жил бичсэн дээ. Балдоржийн нэрэмжит шагнал авч байлаа. “Зууны мэдээ” сониндоо хориод жил тэргүүн бичлэгийн шагнал авлаа.

-Та залуу сэтгүүлчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Ер нь сэтгүүлчдийн сургалт тааруу болчихсон юм уу даа. Бидний үеийн сэтгүүлчид асар их хичээл үздэг байлаа. Улс төр, эдийн засгийн ухаан, коммунист намын түүх хүртэл шүү, философи гэх мэт нийгмийн ухааны олон ч хичээл үздэг байлаа. Одоо нийгмийн ухааны үндсэн суурь мэдлэг олгох хичээлүүд нэг их ордоггүй юм шиг байгаа юм. Анх төгсөөд ирж байгаа залуу сэтгүүлчид жаахан тааруухан л санагддаг юм. Сургалт л тааруухан болсных байх. Түүнээс биш хүүхдүүдийн буруу ч гэж юу байхав.

Гэхдээ сэтгүүлч хүн авьяас, оролдлоготой байж их унших, судлах хэрэгтэй. Өөрөө байнга боловсорч байх нь зүйтэй гэж бодогддог юм. Гэтэл өнөөгийн сэтгүүлчдэд тэр нь дутагдаад байдаг. Адаглаад өдөр тутмын сонины гол нийтлэлүүдийг түүгээд уншчихгүй юм. Сэтгүүлчийн мэргэжил бол хамгийн сайхан мэргэжил шүү дээ. Олны дунд явдаг, түүхэн үйл явдлуудад гар бие оролцож сурвалжилж явна гэдэг бол хамгийн сонирхолтой зүйл. Ерөөс сэтгүүлч байя л гэвэл хэзээ ч шантрахгүй, байнга өөрийгөө боловсруулж дайчилж чаддаг байх хэрэгтэй гэж захимаар байдаг юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал: Энэтхэгээс ирэх гэж байгаа вакцин 60 хувийн үр дүнтэй

Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож ДЭМБ болон цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар “ДЭМБ-ын “ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй” гэсэн юм. Тэгвэл бид ЭМЯ-наас хоёрдугаар сард Энэтхэгээс орж ирэх вакцины үйл явц ямар шатандаа явж байгаа талаар тодруулахад “одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Вакцин худалдан авах үйл ажиллагааг Сангийн яам хариуцаж ажиллаж байгаа. Эрүүл Мэндийн Яам вакцин орж ирсэн тохиолдолд хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулна” гэсэн юм.

Мөн вакцины талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Дэлхий даяар 170 ба түүнээс дээш тооны коронавирусийн эсрэг вакцин туршилтын өмнөх шатандаа бүтээгдэж буй. Тэгвэл эмнэл зүйн нэгдүгээр шатанд 18, хоёрдугаар шатанд 23, гуравдугаар буюу сүүлийн шатандаа 22 вакцин туршигдаж байгаа. Харин одоогоор ДЭМБ-аас гурван төрлийн вакцинд хүнд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. Үүнд BioNTech-Pfizer, Moderna, Oxford/As­traZeneca зэрэг компанийн бүтээсэн вакцинууд багтаж байна.

Вакцинтай холбоотой асуудлаар иргэдийн анхаарч, мэдэх ёстой зүйл бий. Тухайлбал, дээрх бүх вакцин хоёр удаагийн тун буюу хоёр удаа хийж байж дархлаа тогтооно гэдгийг санах хэрэгтэй. Хоёр тунгийн хоорондын хугацаа нь вакцины онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Тухайлбал, BioNTech/Pfizer-ийн вакцин нь эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх ёстой байдаг.

Харин Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг. Ингээд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаанд таны биед коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтох юм” гэсэн юм.

Энэтхэгээс манай улсад орж ирэх “AstraZeneca” компанийн коронавирусийн эсрэг вакцины талаар Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.


-Хүн амын 70-аас дээш хувь вакцин хийлгэсний дараа сүргийн дархлаа тогтож бид хэвийн амьдралдаа шилжих боломжтой гэж ойлгосон. Тэгэхээр манай улсын хувьд зээл тусламжид хамрагдсан энэ байдлаараа явбал эргээд хэвийн амьдралдаа шилжих явц удаашрах төлөвтэй харагдаад байна. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Одоогоор батлагдсан вакцинууд бүгд хоёр тунг хийлгэж байгаа. Мөн вакцин хийлгэчихээд сарын дараа очоод хийлгэе гэхэд вакцины хангалт нь байж байх хэрэгтэй. Мөн хийлгэсэн гэдгийг цахим байдлаар сайн бүртгэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэл ажлуудад нэлээд бэлтгэл шаардана л даа. Ихэнх улсуудын туршлагыг харахад олдоцтой вакцин сонгоод түүнд таарсан хүйтэн хэлхээг бэлдэх, хоорондын зай, хангалт яаж ирэх зэрэгт анхаарч байна. Нөгөөтэйгүүр одоо хамгийн чухал нь олдоц л байх шиг байна. Ихэнх нь клиникийн судалгааны үр дүн нь гарчихсан. Тэр үр дүнг нь харж байгаад тоо баримт, стандартын дагуу нийцэж байгаа тохиолдолд аль нь хамгийн түрүүнд олдох нь вэ гэдэг нь л чухал зүйл болоод байна. Вакцины олдоц долдугаар сараас гайгүй болчихно л доо. Маш олон компани үйлдвэрлэлийнхээ тоог өсгөх гэж хичээж, улс орнууд хоорондоо өрсөлдөөд амаргүй л байна.

-Энэтхэг улсаас “Astra­Zeneca” компанийн вакцин Монгол Улсад энэ долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл байна. Энэ вакцин хэзээ ДЭМБ-д бүртгэгдсэн үү. Хэр найдвартай талаар яриагаа үргэлжлүүлье?

-Энэтхэгийн мэдээллийн сайтууд дээр Монголд тусламжаар 150 мянган тун вакцин явуулна гэж бичсэн байна лээ. Манай улс дахиад нэг сая тун захиалсан, харин 150 сая тун вакцин нь тун удахгүй ирэх юм байна гэж ойлгож байгаа. Энэтхэгийн мэдээллийн сайтад нэг сая тун вакцины хүргэлт хэзээ хийх нь тодорхойгүй байна гэж бичсэн байна лээ. Түрүүлж ирэх 150 мянган тун вакциныг өндөр эрсдэлтэй бүлэг болох эмч, эрүүл мэндийн ажилчиддаа түрүүлээд хийх болов уу гэж таамаглаж байна.

-Тухайн вакцины үр дүнгийн талаар та бүхэн мэдээж судалж байгаа байх. Үр дүнгийн талаар ярихгүй юу?

-“AstraZeneca”-гийн вакцин одоохондоо ДЭМБ-аар батлагдаагүй байгаа. Гэхдээ батлагдах нь тодорхой гэж ойлгож болно. Яагаад гэхээр “AstraZeneca”-ийн вакцин Англи, Европын эмийн агентлагуудад батлагдчихсан. Европын эмийн агентлаг таван хоногын өмнө баталчихаж байна гэхээр ДЭМБ-аар батлагдах нь ойлгомжтой л доо. 60 хувийн үр дүнтэй гэж тооцож байгаа. Яг гарч ирж байгаа үр дүнгээрээ бол нөгөө хоёр вакцинаа бодвол арай бага үр дүнтэй гарч байгаа. Гэхдээ одоо Англи улсад хамгийн өргөн тоотойгоор хийж байгаа. Түүнээс ажиглахад 18-55 насны хүмүүст нэлээд сайн үр дүнтэй байна гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас манайд хийхэд боломжийн юм байна гэж харж байна. Үнийн хувьд хямд. Мөн хүйтэн хэлхээ бол тийм амархан биш. Тэгэхээр “AstraZeneca”-гийн хувьд хүүхдийн вакциныг хадгалдаг хөргөгчинд хадгалаад хэрэглэж болно гэдэг нь манайд байдаг хүйтэн хэлхээг ашиглах боломжтой гэсэн үг. Үүгээрээ давуу талтай байгаа юм.

-Вакцинд хамрагдсан иргэдэд гаж нөлөө, хариу урвал үзүүлсэн зүйл бий юү?

-Гуравдугаар шатны судалгааг хийж дуусгаж байж вакцин хийнэ гээд хүлээгээд байгаа шүү дээ. 150 гаруй вакцин хөгжүүлэлтэд явж байгаа. Гэхдээ яг одоо бүртгэгдсэн гурван вакцин байна. Нэмээд вакцинууд ч батлагдах гэж байна. ДЭМБ-д бүртгэгдсэн вакцинууд нь гурав дахь шатны судалгаа буюу 30 мянга гаруй хүн судалгаандаа хамруулаад түүнийхээ гаж нөлөө, хариу урвалыг тодорхойлчихсон байгаа юм. Израиль гэхэд хүн амынхаа 50 гаруй хувийг вакцинжуулчихлаа. Ингэхэд гарч байгаа гаж нөлөө айхавтар өндөр биш байна. “AstraZeneca” компаний вакцины хувьд гаж нөлөө харьцангуй бага байгаа. Гарч байгаа гаж нөлөө нь жирийн вакцин хийхэд гардаг бага зэргийн ханиад хүрсэн мэт шинж тэмдэг, тариа хийсэн газар нь хөндүүрлэх зэрэг нөлөөлүүд байгаа. Түүнээс илүү том гаж нөлөө гараад байсан юм алга. Хэвлэлээр вакцин хийлгэснээс болж хүмүүс нас барж байна гэсэн мэдээ яваад байсан. Гэхдээ вакцин хийснээс шалтгаалаад нас барсан байна гэсэн судалгаа гараагүй.