Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын Хүүрнэл зохиол төрлийн өгүүллэг, тууж ангилалд тэргүүн байр эзэлсэн зохиолч, зураач, түүхч Т.Мандиртай ярилцлаа.
-Таны “Хярснууд” гэх исгэл тууж “Алтан-Өд” наадмын шилдэг туужаар шалгарчээ. Танд баяр хүргэе. Энэ туужид юуны тухай өгүүлдэг юм бэ?
-Энэ ном маань их учиртай. Номонд гарч байгаа хүмүүс бүгдээрээ миний үеийнхэн. Тэднийг XIV зууны төгсгөлд аваачиж Тогоонтөмөр хаантай барьц учруулж, тэр үеийн үйл явдалд оролцуулсан юм. Тэдний дунд залуучуудын мэддэг яруу найрагчид, уран бүтээлчид ч бий. Туужийн маань агуулга, гол санаа нь монголчууд ямар ч үед эв нэгдлийг эрхэмлэж ирсэн. Үүгээрээ ч өөрсдийн амьдралаа бүтээж, улс орноо энх амгалан байлгаж ирсэн. Монголчууд хүчирхэг үедээ хүчирхэг, ядрах цагтаа ядарч л явлаа. Гэхдээ эв нэгдлээ ямагт сахиж явсан гэдгийг л харуулах гэсэн юм. Уг санаа нь их сонин л доо. Бат-Очирын Төмөртогоо гэж яруу найрагч, хүүхдийн зохиолч, сэтгүүлч хүн байлаа. Би түүнтэй “Хөдөлмөр” сонинд нэг дор ажиллаж, дараа нь гэр бүлийн найзууд болцгоосон. Би тухайн үедээ Тогоонтөмөр хааны намтрыг уншиж байгаад нэг өдөр Төмөртогоодоо “Би чамайг Тогоонтөмөр хаантай уулзуулъя” гэж хэлтэл “Хөөе Мандир, тэгж болохгүй шүү. Би тэр хаанд нь мөргөж мэдэхгүйгээсээ болж толгойгоо авахуулчихвал яана” гэж хэлж билээ. Хариуд нь би “Манай тэр хаан их сайхан зантай, шүлэг бичнэ, зураг зурна. Нарийн яривал олон нандин бүтээл хийж байсан. Тийм сайхан хүн яалаа гэж чиний толгойг авах вэ дээ” гэж яриад л өнгөрсөн. Тэгээд дараа нь нээрээ ч энэ хоёрыг уулзуулчихмаар санагдаж байлаа.
Төмөртогоо маань 1990-ээд оны эхээр засаг төр солигдоод хүмүүс учраа олохгүй байсан үед “Улаан шоргоолжны үүр” гэдэг том найраглал бичсэн юм. Түүндээ “Цаг төрийн үймээн”-ийг дурсаад, яруу найрагчид байр сууриа олж чадахгүйд хүрч, төрийн удирдлагууд нь учраа олохгүй байгаад эмзэглэж “Эрлийз ухаантай ноёдын уршгаар эмээлийн бүүрэг цуурч мэднэ…” гэж бичсэн байдаг. Би үүнийг Тогоонтөмөр хаан нас эцэслэсэн, Их Юань улс нурж байгаа үетэй холбоод үзэхээр тийм цаг үе Монголд байсан ч юм уу гэж бодогдоод номоороо дамжуулан тэднийг уулзуулсан. Бас нэг сонин юм бий л дээ. Яруу найрагч М.Баттөмөр “Хубилай хааны нүүдэл” гэж мундаг шүлэг бичсэн юм. Хубилай хаан нийслэлээ Хархориноос нүүлгээд өмнө газар Юань улсыг байгуулсан нь буруу гэж үзэх хүмүүс ч бий, зөв гэх нь ч бий. “Хубилай хааны нүүдэл” бол үүнийг дурсаж бичсэн шүлэг л дээ. Юань улсын сударт Тогоонтөмөр хаан бурхан болоод дараа нь хүү Аюушридар нь Билэгт хаан цолтойгоор хаан ширээнд сууж байх үедээ Баттөмөр, Эсэнбух гэдэг хоёр түшмэлийг одоогийн БНСУ тэр үеийн Гуулин улс руу элчээр томилж явуулсан гэсэн мэдээ байдаг юм. Нэгэнт түүхэн сударт Баттөмөр гэж хүн байгаа юм чинь манай М.Баттөмөр найрагч байж яагаад болохгүй гэж бодоод Баттөмөрийгөө дэд түшмэл болгоод Буянт голын хөвөөн дээр ойрадууд “Хархоринд захирагдахгүй” гэж хурал чуулган хийж байх үед нь төвөөс Баттөмөр түшмэл ирж “Хубилай хааны нүүдэл” шүлгээ уншиж байгаагаар зохиомжилсон. Гол санаа нь яруу найрагчид бүгдээрээ төрийн эсрэг байдаг. Гэвч төр байгуулахад тэдний сэтгэл санаа хэзээд нэгэн чигт байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон.
-Та номдоо Монголын нууц товчоон дахь баатруудын хөргийг бичсэн гэдэг?
-1980-аад оны сүүлчээр алдарт М.Горбачевын өөрчлөн байгуулалт гарч ирээд ЗХУ-ын Коммунист намын бодлого жаахан зөөлөрч, монголчууд 1988, 1989 оны үед сэргэх, биеэ даах хандлага үүсч байсан. Чухам тэр үед Монголын нууц товчооны ой болохыг тохиолдуулан Монголын түүхэн хүмүүсийн хөргийг бичье гэсэн санаа төрсөн юм. Би тэр өвөл Есүхэй баатар, Боорчи хоёрын хөргийг бичиж байснаа сайн санадаг юм. Бичсэн хөргөө “Улаан од” сонинд тавьж эхэлтэл Чимэдийн Догсүрэн эрдэмтэн над руу давхиж ирлээ. “Чи их сонин юм эхэлж байгаа юм байна. Ямар маягаар хийх гэж байна” гэж асуулаа. Би тэр үед Монголын 21 түүхэн хүний хөргийг бичнэ гэж бодож байсан юм. Тэгтэл Ч.Догсүрэн гуай “Ингэж томруулаад яах вэ. Одоо Монголын нууц товчооны ой болох гэж байгаа учраас нууц товчоонд гардаг хүмүүсээс сонго. Редакторыг нь би олж өгье” гэв. Тэгээд л би тэр дор нь 21 хүнээ нууц товчооноос сонгоод нэрсийг нь жагсаасан. Нэгэнт 21 хүний хөргийг бичих юм чинь салбар салбарыг төлөөлөх хүмүүсийг сонгоё гэж бодлоо. Монголын нууц товчоонд 21 байтугай 200-гаад хүн бий. Тэднээс 21-ийг сонгож авна гэдэг их хэцүү байсан. Ингээд л бичиж эхэлсэн. Би олон жил түүхийн ном уншсан, түүхэн зураг зурсан учраас бичих үгс минь зүгээр л урсаад байсан. Ч.Догсүрэн гуай надад редактор олж өгсөн нь Ш.Гаадамба гуай байсан юм. Ш.Гаадамба гуай “21 хөрөг” номыг уншчихаад нэг ч үг засаагүй. Хүмүүсээс сонсох нь ээ түүнийг яхир хатуу, уран зохиолд их элэгтэй хүн гэлцдэг байв. Анх тэр хүний дэргэд очиж бичсэнээ уншуулж байхдаа их л түгшиж айж байлаа. Дараа нь бүх зүйл номоороо болсон доо. Энэ номынхоо үргэлжлэл болгож яг 32 жилийн дараа 2022 онд “32 цацлага” гэж ном гаргасан.
“21 хөрөг” ном маань хэвлэгдээд хэдхэн сар болж байлаа. Би нэг өдөр Зурагт руу явж байтал замд Пунцагийн Бадарч ах тааралдаад шинэ гаргасан номоо надад өгөхдөө “22 дахь зул болоорой” гэж бичиж өгч байсан юм. Би бэлгэшээсэн ч гэж жигтэйхэн. Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Сормууниршийн Дашдооров гэсэн манай аваргууд бүгдээрээ намайг “21 хөрөг” номоор минь үнэлж, утга зохиолын хүрээнд түшиж оруулсан даа. Энэ нь “21 хөрөг” номын минь буян, энэ номонд хөрөг нь бичигдсэн тэр олон дээдсийн маань нөмөр нөөлөг гэж боддог. Энэ өв түүхийг ахмад үе нь хойч үедээ бичиж үлдээх хэрэгтэй. “32 цацлага” номд Их Монгол Улс, Юань улс, Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадай, Өгөөдэйн улс тус бүрээс хоёр, гурван хүний хөргийг оруулсан. Энэ номоо Долгорын Цэнджав, Дугарсүрэнгийн Гүн-Үйлс, Цэвэгийн Байды, Дэмбэрэлийн Өлзийбаатар нараар ариутган шүүлгэсэн.
-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Чингис хаантай холбоотой чухал зүйл танд хэлж байсан гэдэг. Танд юу гэж хэлж байв?
-Тэр их сонин л доо. Чингис хааны онгоныг хайх Монгол-Японы хамтарсан экспедиц ирээд явсны дараахан Д.Бямбасүрэн гуай нэгэн ярилцлагадаа Чингис хааны шарилын тухай ярьсан юм. Тэгэхэд Д.Бямбасүрэн гуай “Чингис хааны шарилыг бид бараг олохгүй байх. Яагаад гэвэл Зөвлөлтийн археологичид ухаад авчихсан болов уу. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Зөвлөлтийн цэргийн анги очиж, эргэн тойрныг нь бүсэлсэн юм. Учрыг нь асуухад “Хээрийн сургуулийн ажиллагаатай” гэсэн. Тэд ч сар бололгүй тараад алга болсон. Тэнд юу болсныг нь бүү мэд. Гэтэл дараа нь “Известия” сонинд “Доголонтөмөр хаан, Чингис хаан нарын хөргийг сэргээн бүтээлээ” гэсэн нэг мөр мэдээ гарсан юм. Доголонтөмөр хааны гавлын ясыг олсон гэдгийг мэдэж байсан. Доголонтөмөр хааны шарилыг ухсанаас болж дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэн гэж тухайн үед шуугиан дэгдсэн юм билээ. Гэтэл яагаад Чингис хааны хөргийг ч бас бүтээдэг билээ. Гавлын яс байж гэмээнэ хөргийг сэргээх ёстой. Тэгэхээр гавлын ясыг нь Зөвлөлтийн археологичид аваад явчихсан юм байна” гэсэн бодолтой байдаг юм билээ. Энэ бол Д.Бямбасүрэн гуайн хувийн бодомж шүү дээ. Тухайн үед Д.Бямбасүрэн гуай төрийн дээгүүр албанд ажиллаж байсан. Өөрөө Хэнтий нутгийн хүн болохоор нутгийнхаа талаар сайн мэддэг.
-Таныг зохиолч, түүхч, зураач хүн болоход хэн хамгийн их нөлөөлсөн бэ. Багш нарынхаа талаар дурсвал..?
-Багш гэвэл би аавынхаа хэдэн найзуудыг л нэрлэнэ. 1960-аад онд Дунд голын хөвөөнд байхад манайхтай айл саахалт байсан Хайдавын Шараа гэж Дундговь аймгийн хүн байлаа. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Батаа гэж нэг хөгшин байлаа. Завханы Цэдэнбалжир гавж гэж нэг хүн байлаа. Баян-Өлгий аймгийн харьяат Мандир гэж надтай адил нэртэй өвгөн байлаа. Би одоо тэднийг өвгөн гэж ярьж байгаа ч тухайн үедээ дөчөөд насны, тавь хүрээгүй харчууд байсан. Тэд манайд цуглаад шатар тоглоно, заримдаа шатраа орхичихоод элдвийг хуучилна. Дэвэн дэлхийн юмыг хамж шимээд ярихгүй сэдэв байхгүй. Тэдний яриаг сонсож суугаа би өөрийн эрхгүй үлгэр домог руу хөтлөгдөөд явчихдаг байлаа. Сүүлд би Ш.Гаадамба гуайгаас эхлээд Чулууны Далай доктор гээд л олон сайхан багштай болсон. Харин түүхчид намайг ид үедээ явахад их урамшуулсан даа. Намайг хамгийн их хөтөлсөн хүн бол А.Дамдинсүрэн гуай. Ер нь багш нараа нэрлээд байвал дуусахгүй дээ.
Ө.Анхзаяа