Categories
нийгэм

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөгчид Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж байна. Тус сум нь 349792 га газар нутагтайгаас 282109 га нь бэлчээр, 10564 га нь хадлан, 4361 га нь тариалангийн талбайд тооцогддог байна.

Үүнээс сумын ойн сангийн нийт талбай 25548 га ба үүнээс 97.5 хувь буюу 24906 га нь ойн талбай, 2.5 хувь буюу 642 га нь ойн бус талбайтай юм.

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархжээ.

Судалгаагаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг 12 аймгийн 81 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын Дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар гээд нийт 1,5 орчим сая га талбайд тархсан. Үүнээс 732 мянган га талбай голомттой гэсэн судалгаа гарчээ.

Энэ жил Улсын төсвийн есөн тэрбум, Рио Тинто компанитай хамтарч гурван тэрбум, нийт 13 орчим тэрбум төгрөгийг хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулна. Өнөөдрийн байдлаар энэ ажил 20 гаруй хувьтай байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл

Монголоороо бахархах момент DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Өмнөд Монголд өөртэйгээ адил монгол хэлтнүүдтэйгээ хамт хооллоод сууж байлаа. Гадаадад гадаадаар бус ярилцах нь жинхэнэ бах тав ажгуу. Англид төрсөн азтангууд сурч боловсрох олон шаардлагаас чөлөөлөгддөгтэй эгээ л адил. Энэ орчлонгийн хаа нэгтээ өчүүхэн муу Монголоороо бахархах орон зай байгаа нь их юм. Уг нь манай садан төрөл хаа сайгүй ч хажуу дахь буриадууд гэхэд л Оросоос айж өөрсдийгөө монгол гэхээс эсвэл ичнэ.
Ар Монгол өгүүлрүүн: “Бидний борог амьдрал янз бүр л явна. Их гүрэн бараадсан тань ямар ч буруу алга. Манайхан өөрсдийгөө яая гэж байж, өдий болтол орон сууцтай ч болж чадахгүй хэвтэж “Улс эх орон, тусгаар тогтнолын төлөө” гэж орилох дуртайг нь яана. Ам бүл бага, бусдад нөлөөлчихөөр хөгжиж чадахгүй бидэн шигт нь энэ эрх чөлөө, ардчилал гээч лайг сэтгэлдээ тээж явах ямар хэрэг байна гэж бодогдох л юм. Цалин өндөр, эрүүл саруул л байвал өөр санаа зовох зүйлгүй та нар юутай аз жаргалтай амьдарна вэ?”
Өвөр Монгол хариулруун:-“Эй журамт андаа яалаа гэж дээ. Битгий л тэгж үзээрэй. Тусгаар тогтносон бүрэн эрхт та нарыгаа бид чинь үндэс угсаа гал голомт минь гэж голоо зогоож явдаг юм шүү дээ. Монголд юу л болно, шинээр дуу зохиогдлоо гэхэд энд даяараа даган баясацгаана. Дундад улсад дэлхийн бүх хөгжил дэвшил бий тул барууны орны явдал сонин гайхам лав биш шүү.”
Ачир дээр харуулруун: Гарвал нэгтэндээ туг болчихоор манлайлалгүй. Төрөлх хэлээрээ тэгш зөв бялхам хэлж бичих чадамжтан нэн ховор. Өмнөх тогтолцооноосоо өнөө хэр салаагүй пиг дүүрэн хоёр нүүртнүүд хамаг бахархлыг халхлан хаана.

Ж.ГАНГАА

Categories
нийгэм цаг-үе

Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгааныг 6 хоног хязгаарлана DNN.mn

Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгааныг энэ сарын 23-28-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд хязгаарлана. Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Тооройхүү тодруулга өгсөн байна. Тэрээр “Улаангом-Өмнөговь чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийхээр төлөвлөсөн. Тухайн ажлыг жил бүрийн энэ цаг үед зохион байгуулдаг бөгөөд ирэх өвөлд цахилгаан дамжуулах агаарын шугамаас болж эрчим хүч тасалдахаас сэргийлж буй арга юм.

Цахилгааны хязгаарлалттай үеэр Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц, Нарны станцаас цахилгаан эрчим хүчээр хангана. Тус засварын ажлыг энэ сарын 15-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байсан бөгөөд ЭЕШ-ын хугацаатай давхардсан тул хойшлуулсан. Энэ тухайгаа хязгаарлалт хийх аймгуудад мэдэгдсэн. Одоогоор тус засварын ажлыг гүйцэтгэхээр таван машин, 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна” гэлээ.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Сэтгэлзүйч Т.Мөнхнаран: Гадаадын улсуудад хамт олны баяр, зугаалгад гэр бүлийг нь хамруулдаг соёлтой DNN.mn

Зуны дэлгэр сар үргэлжилж байгаа энэ өдрүүдэд төгсөлтийн ойн уулзалтууд шилээ даран өдөр бүр тохиож байна. Баяр тэмдэглэж байгаа төгсөгчид ихэнх нь амралт зугаалгын газарт очдог, тэндээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг нь ёс юм шиг болсон гэхэд хилсдэхгүй. Төгсөгчдөөр тогтохгүй албан газрууд, байгууллагын хамт олон, бүр хүүхдийнхээ төгсөлтийн баярыг тэмдэглэж яваа эцэг, эхчүүд ч согтуурдаг болсон нь нууц биш. Нийгэмд бий болоод буй нийллэгийн энэ сэтгэл зүйн талаар сэтгэлзүйч Т.Мөнхнаран, Аддиктологийн төвийн донтолт судлалын клиникийн тасгийн эрхлэгч Б.Гэрэлчимэг нартай ярилцлаа.

Т.Мөнханаран: Хүмүүс стрессээ зөв тайлж чадахгүй байгаа учраас төгсөлтийн баяр, уулзалтууд архидан согтуурах шалтаг болж байдаг


-Төгсөлтүүдийн ойн уулзалт, баярууд үргэлжилсээр байна. Саяхан гэхэд улсын хэмжээнд 1998 онд сургууль төгссөн төгсөгчид Хүй долоон худагт хэдэн зуугаараа баяраа тэмдэглэсэн дуулдлаа. Манайд төгсөлтийн уулзалт, тэмдэглэлт баярууд, тэр ч бүү хэл хамт олноороо ёс юм шиг тогтмол хугацаанд нийлж архидан согтуурдаг үзэгдэл бий болоод удаж байна. Үүнийг сэтгэл зүй талаас та юу гэж тайлбарлах вэ?

Үндсэн шалтгаан нь манай нийгэмд стресс их байгаагаас үүдэлтэй. Стрессээ зөв тайлах аргад суралцаагүй. Тиймээс ерөөсөө л нийлээд л архидан согтуурдаг явдал ёс болоод тогтчихоод байгаа юм. Ингэх ёстой гэсэн хандлага нийгэмд бий болчихсон хэрэг. Ингэж явсаар бүр архины хам шинжтэй болж байх эрсдэлтэй. Харамсалтай нь манайд олон нийтийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрууд ховор. Стресст орсон хүмүүс ажлаасаа түр амсхийж чөлөөт цагаа зөв өнгөрөөх шаардлагатай байдаг. Гэтэл манайд тийм газруудын оронд баар сав л олон байгаа учраас хүмүүс түүнийг сонгохоос аргагүй. Эсвэл агаар салхинд гарч байгаа нэрээр согтууруулах ундаа хэрэглэдэг.

-Стрессээ зөв тайлаад сурчихвал энэ үзэгдэл арилах боломжтой байх нь ээ. Учир нь үүнээс үүдэлтэй маш олон сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Төгсөлтүүдийн ойн баярууд, мөн албан байгууллагууд хамт олноороо байн байн ингэж явахаар гэр бүлд үл ойлголцол, цаашлаад гэр бүл салалт ч олноор үүсч байдаг.

Хүмүүс мэдээж ажил төрөл гээд маш их завгүй байдаг. Тэр бүрдээ стресстэж байдаг. Түүнийгээ тайлах аргаа мэдэхгүй явж байтал энд тэнд анги төгсөлтийн уулзалт болно гэнэ, хамт олноороо сууна гэнэ гэхэд л шууд яваад очдог. Төгсөлт гэхэд олон жил уулзаагүй хүмүүс сайхан үүх түүх ярья гэхээс илүү нөгөө стресс л тэнд очих шалтаг болж байдаг. Ингээд тал бүрээс стресстэй ирсэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглээд гэмт хэрэг, зөрчил үүсгэхэд хүрдэг. Тиймээс стрессээ тайлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж сурмаар байгаа юм. Үүнийг уулзалт, баяр ёслол зохион байгуулж байгаа хамт олон, хүний нөөц, багийн ахлагчид ч анхаарах ёстой.

Аялал, уулзалтын хөтөлбөрийг маш эрүүл, эко гаргаж болно шүү дээ. Ерөөсөө гадаадын орнуудад уулзалт, баяр ёслолын хөтөлбөрүүд маш эрүүл, хамт олонлог, гэр бүлсэг байдаг.

-Манайд бага ангийн хүүхдийн төгсөлтийн баяр нэрээр Тэрэлж рүү авч яваад л, эцэг эхчүүд нь нийлдэг жишиг ч гарч байна. Гадаадын улс оронд дунд сургуулийн хүүхдүүдийн төгсөлтийн баярууд ямар болдог юм бол. Баяр ёслол, аяллын хөтөлбөрүүд гэр бүлсэг байдаг гэдгийг тодруулахгүй юу?

-Гадаадын улс оронд хамт олны аялал зугаалга, уулзалт, баярыг тэмдэглэхдээ гэр бүлийг нь заавал хамруулдаг. Бүр ийм соёл тогтчихсон. Энэ нь маш олон талын ач холбогдолтой. Гэр бүлийн дунд үл ойлголцол үүсэхгүй. Байгууллага улам халуун дулаан уур амьсгалтай болдог. Тиймээс бид ч ийм соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Хамт олноо гэр бүлээр нь авч салхинд гардаг. Тэнд ямар нэгэн архи байх шаардлагагүй. Үр хүүхдүүдийг нь тоглуулж, хөгжөөнт спорт наадам, өдөрлөг зохион байгуулах боломжтой. Байгууллагын сэтгэл зүйд ч энэ тухай хөндөгддөг.

Төгсөлтүүд ч тэр, заавал архи дарс хэрэглэж уулзах шаардлагагүй. Олон жил уулзаагүй хүмүүс яагаад заавал архи согтууруулах ундаа хэрэглэх ёстой гэж. Эрүүл зөв хооллолтын клуб, фитнесст явж болно. Эмэгтэйчүүд нь бүжиг, иогт ч явж, ой модонд алхаж болно шүү дээ. Энэ тухай хэлэхээр мэдээж хүлээж авахгүй л дээ. Юу хийх юм бэ, өөр яах юм бэ л гэнэ. Энэ бол нэг ёсондоо архины хамааралтай болж байгаагийн илрэл. Ийм хандлагыг өөрчлөхийн тулд цаг хугацаа орно. Ердөөсөө маш олон жил явчихсан, ёс юм шиг нийгмийн сэтгэл зүйд суучихсан. Тиймээс хувь хүн дор бүрнээ стрессээ зөв тайлж сурахад суралцах хэрэгтэй. Стресс бий болж байгаа олон хүчин зүйл бий. Санхүү мөнгө, гэр бүлийн асуудлаас гадна өөр ч ноцтой зүйл нөлөөлдөг.

-Тодруулахгүй юу?

-Агаарын бохирдолд агуулагдаж байгаа хүнд элементүүд хүний тархинд нөлөөлж, хүмүүст уур бухимдал стресс үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Нэгэнт л бид ийм нөхцөл байдалд байгаа учраас эрүүл, эко, аюулгүй аргаар стрессээ тайлж сурах хэрэгтэй. Ядаж л нэгдүгээр ангийн хүүхдийнхээ төгсөлтийн баярыг тэмдэглэж байна гээд эцэг эхчүүд нийлж архидаж болохгүй шүү дээ. Хүүхдүүддээ ямар үлгэр дууриал үзүүлэх вэ. Хүүхэд эцэг эхийг харж хүмүүждэг. Эцэг эхчүүд нь хажууд нь архидаад байвал тэд түүнийг л дуурайна. Дараагийн үе шатыг бэлтгэж байгаа хэрэг.

Эмч Б.Гэрэлчимэг:

Бүх төрлийн согтууруулах ундаа хүнд донтолтүүсгэдэг

-Төгсөлтүүд, хамт олон, найз нөхдөөрөө нийлж согтууруулах ундаа хэрэглэдэг явдал манайд нийтлэг болж байна. Сэтгэлзүйчид энэ явдлыг архины хамааралтай болох эрсдэл гэж нэрлэж байна. Эмч хүний хувьд юу хэлэх вэ?

-Ажиглаад байхад сүүлийн 10-аад жилийн хугацаанд сургууль төгссөний 10, 20, 30, 40 жилийн ой тэмдэглэдэг болсон. Дээрээс нь нэгдүгээр анги төгсөхөд үсэглэлийн баяр, дунд, ахлах ангийн төгсөлтийн баяр гээд л дуусахгүй болжээ. Баяр ёслолоо тэмдэглэж дуусаад амралт зугаалганд үргэлжлүүлээд явдаг жишиг бий болчихсон байна. Хүүхдээ дагаж яваа эцэг эхчүүд заримдаа ямар утга учиртай явж байгаагаа мартаад хоорондоо нийлж архидах үзэгдэл их гардаг болсон. Ер нь хүний уураг тархины хөгжил 21 нас хүртэл явагддаг. Түүнээс өмнөх насанд архи дарс уух, мансууруулах бодис хэрэглэвэл цаашдаа архины хамааралтай болох магадлал шууд 50 хувиар нэмэгддэг.

-Сургуулийн төгсөлт, хамт олон, найз нөхөд, хамаатан садан бүх л орон зайд нийллэг, зугаалга болж нөгөө л архи, согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Ер нь энэ нь архинд донтох эрсдэлийг бий болгож байгаа хэрэг биш үү?

-Дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох спиртийн хэмжээ долоон литрээс дээш болбол үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө гэж үздэг. Тэгвэл Монгол Улсад энэ хэмжээ 12 литр болчихоод байгаа юм. Бүх төрлийн согтууруулах ундааны дунджаар үзвэл нэг хүнд нэг жилд 55 литр оногдож байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар болсон, тахлын хэмжээнд оччихсон асуудал. Үүнд мэдээж таны хэлж буй нийгмийн энэ хандлага нөлөөлж байгаа.

Нэг тоо сонирхуулахад, 15 нас хүрээгүй үедээ архи согтууруулах ундаа хэрэглэвэл архинд донтох эмгэгтэй болох магадлал 40 хувьтай, 17 нас хүртэл 25 хувьтай, 21-25 насанд хэрэглэх нь архинд болох магадлал 10 хувьтай, 25-аас дээш настайд архины хамааралтай болох магадлал 2.5 хувьтай болдог гэж үздэг. Өнөөдөр арван жилийн сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн дунд архины хэрэглээ байна гэж үзвэл ирээдүйд архинд донтох эмгэгтэй болох магадлал 25-40 хувьтай гэсэн үг.

-Эмчийн хувьд та юуг сэрэмжлүүлэх вэ?

-Метиллийн спирт агуулсан согтууруулах ундаа, ганц архи ч биш пиво, вино бүх төрлийн согтууруулах ундаа хүнд донтолт үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй. Донтолтод нэг л өртөх юм бол тархинд эргэшгүй бүтцийн өөрчлөлт гарчихдаг. Нэг ёсондоо тархи хэвийн байдалдаа орохгүй гэсэн үг. Нэгэнт ингээд хамааралтай, архинд донтох эмгэгтэй болчихвол насанд туршдаа салж чадахгүй. Амьдралаа архинд мэдүүлж явсаар байгаад дуусдаг. Архины хамааралтай хүмүүсийн ихэнх нь цаг бусаар нас бардаг. Эрүүл хүмүүс шиг амьдралын жамаар явж байгаад нас эцэслэнэ гэсэн ойлголт байдаггүй. Гэнэт зүрх зогсох, уналт татах өгөх, бөөлжсөндөө хахах зэргээр нас бардаг.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Б.Тулга: Хилийн боомтыг бүх нийтийн амралтын өдрөөр ажиллуулах хүсэлт иргэдээс ирвэл үүнийг БНХАУ-ын талтай ярилцана DNNmn

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.


-Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг Монголын гол гарцуудын өнөөдрийн нөхцөл байдал ямар байна. Боомтын сэргэлтийн хүрээнд эдгээр болон бусад боомтуудад ихээхэн ажил хийгдэж байгаа бил үү?-Тийм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилтод Монгол Улсын боомтын хүчин чадлыг сайжруулах ажил туссан. Манай улс газраар БНХАУ-тай 17, ОХУ-тай 16 боомтоор, олон улстай агаарын зургаан боомтоор зорчих хөдөлгөөн, тээвэр худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарын үйлчилгээг үзүүлж байна. Бид өнгөрсөн хугацаанд боомтын асуудлыг харахдаа, боомттой холбоотой асуудал нь зөвхөн хилээр нэвтэрч байгаа хүмүүсийн зорчих асуудал. Тэр нь Хил хамгаалах газрын асуудал. Эсвэл зорчигчдын бараа таваарт татвар тавих нь Гаалийн байгууллагын асуудал мэтээр харж ирсэн. Үүнийг засах оролдлогыг 2012, 2014 онд гарсан ч харамсалтай нь ухарсан. Тиймээс алдаатай буруу бодлогыг засахын тулд энэ Засгийн газар Боомтын сэргэлтийн үндэсний хороог сэргээн байгуулсан. Мөн Хилийн боомтын захиргаа гэсэн байгууллагыг байгуулсан. Боомтоор зорчиж, үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч, аж ахуйн нэгж, гадаад дотоодын худалдаачид эсвэл үйлчилж байгаа төрийн албан хаагчид зэрэг бүх талын олон асуудалд дундын зохицуулалтыг хийхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулаад ажиллаж байна.

 

Боомтын сэргэлтийн үндэсний хороо хуралдаж бодлогын шийдвэр гаргаж ажиллаж байгаа. Харин өдөр тутмын үйл ажиллагааг Хилийн боомтын захиргаа хэрэгжүүлж байна. Таван аймагт Боомтын захиргааг байгуулж, Хилийн боомтод төлөөлөгч томилон ажиллуулж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсад өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа боомтын хүчин чадлыг таван жилийн хугацаанд багадаа 3-4 дахин нэмэгдүүлэх зорилготой. Энэ хэрээр Монголын эдийн засгийг 3-4 дахин тэлнэ.

Ерөнхий сайд “Боомт бол манай эдийн засгийн боолт болж байна” гэж хэлж байсныг санаж байгаа байх. Үүнийг өвчнөөр зүйрлэвэл боомт бол шинж тэмдэг нь. Энэхүү шинж тэмдгийн үндсэн шалтгаан нь Монгол Улсын гадаад орнуудад хийх худалдааны бодлого, гэрээ хэлцэлтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, аль боомтоор ямар хэмжээний худалдаа хийхээс хамаарч тухайн боомтын хүчин чадлыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх, гарц орцын төрлийг ямар хэмжээтэй байлгах, тухайн боомт ямар төрлийн үйлчилгээнд зориулагдсан байх вэ зэрэг стратеги олон төлөвлөлтийг гаргаж болж байгаа юм. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. Бид дотоодын стратеги төлөвлөлт, түншлэлийг бодож гаргахаас гадна хиллэж байгаа хөрш орнуудтай хамт төлөвлөж, түүнтэй нь худалдааны бодлогоо, боомтын төлөвлөлтийг уялдуулах шаардлага гарч байгаа. Учир нь аль аль тал харилцан хэлэлцэж тохирсны үндсэн дээр үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэрэг бүх ажил явдаг. Монголын тал мянга хүслээ ч БНХАУ, ОХУ өөр саналтай байвал цааш явахгүй шүү дээ. Монголын тал маш сайхан төлөвлөгөөг гаргасан ч цаад талтай зөрчихвөл мөн л явахгүй гэсэн үг. Боомт гэдэг бол хоёр улсын уулзаж байгаа уулзвар цэг. Энэхүү уулзвар цэг дээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, уулзвар цэгийн газар нутаг дээрх сум, аймаг зэрэг бүх талуудын оролцоо уялдааг хангасан зохицуулалтыг Боомтын сэргэлтийн үндэсний хороо зохицуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллаж байна.

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалаас олон нийт өндөр хүлээлттэй байна. Айлчлалаар хил холболтоос эхлээд боомтыг өргөжүүлэхтэй холбоотой олон асуудал хөндөгдөнө байх…

-Хятадтай хийх худалдааг шинэ түвшинд гаргая гэсэн зорилттойгоор албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайдын БНХАУ руу хийж байгаа хоёр дахь айлчлал. Айлчлалын нэг онцлог нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын хоёр Ерөнхий сайдтай уулзаж байгаа Монголын анхны Ерөнхий сайд болж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын эхний айлчлал нь цар тахалтай хүнд үед болсон. БНХАУ өвлийн олимпийг зохион байгуулахад бусад улс орнууд ковидоос үүдэлтэйгээр болгоомжилсон хандлагатай байсан. Тэгвэл Ерөнхий сайд “Спорт улс төрөөс ангид байх ёстой” хэмээн уриалаад хамгийн түрүүнд очихоо илэрхийлж байсан. Тус айлчлал ч амжилттай болж байсан. Хязгаарлалттай нөхцөл байдалд буюу ковидын нөхцөл байдалд болсон тэрхүү айлчлалтай харьцуулахад одоо болох айлчлал маш өргөн хүрээнд олон салбарыг хамарсан, хугацааны хувьд тавиу байна. Дахин хэлэхэд, энэхүү айлчлалын гол зорилго нь худалдааны асуудал. Худалдааны асуудал нь нөгөө талаар боомтын асуудал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-тай төмөр зам, автозамаар холбогдох, боомтуудын өнөөгийн хүчин чадал, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн эрдэс баялгаас гадна аялал жуулчлалын хэмжээг, зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Орос, Хятад, Монгол иргэдийн эзэмшдэг тээврийн хэрэгсэл харилцан бие биедээ чөлөөтэй зорчих гэхчилэн олон асуудлыг хөндөж байгаа. Хамгийн том жин дарах нь мэдээж боомтыг өргөжүүлэх асуудал.

Эрдэс баялгийг хэр хэмжээтэй ямар үнээр худалдсанаас хамаарч манай улсын эдийн засаг бүтэж байгаа нөхцөл байдалтай байна шүү дээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 50 сая орчим тонн эрдэс баялаг гаргах потенциалтай дэд бүтэцтэй. Энэ дэд бүтцийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэхээр тээврийн шинэ төрлийн ажиллагаанд оруулах хэрэгтэй. Энэ дотор таны асуусан Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги-Мандал, Бичигт гэсэн дөрвөн боомтын төмөр замын холболтын ажил туссан. Өөрөөр хэлбэл, 1955 оны гэрээг шинэчлэх асуудал яригдана.

-Ер нь энэ их яригддаг. Энэ удаад удаашрах, саад болох ямар нэгэн асуудал гарах болов уу?

-Монголын өмнөх Засгийн газрууд Хятадын талтай тохирсон ажлуудаа дуусгаагүйгээс болж зарим боомтын холболт дараалалд орох магадлалтай. Өөрөөр хэлбэл, эхлээд энэ боомтын ажлаа дуусгаад дараагийн боомт руу оръё гэсэн гацсан нөхцөл байгаа. Тиймээс гацааг арилгах нь энэ айлчлалын гол зорилго болж байгаа. Энэ ч үүднээс сарын өмнө Шивээхүрэн-Сэхэ боомт дээр Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй очиж БНХАУ-ын талаас орж ирж байгаа нарийн царигийн төмөр замыг Монгол талтай холбогдох хил холболтын төмөр зам, терминалын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Энэ ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэнэ. Тэд арваннэгдүгээр сард багтаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Бичигт боомт мөн л олон улсын чанартай боомт. Тус боомтод хийгдэх ажлын тендерийг Зам, тээвэр хөгжлийн яам, Монголын төмөр зам хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, Чойбалсангаас Бичигт боомт хүртэлх замын тендер зарлаж гүйцэтгэх компаниа шалгаруулсан. Энэ намар бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой. Энэ бол Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам. Өөрөөр хэлбэл, Орос-Монгол-Хятадыг холбосон коридор. Транзит төмөр замын ажил эхэлнэ. Тиймээс өмнө нь тохирсон байсан хилийн цэгээ эцэслэн тохирч гэрээнд тусгах ажлыг ярихаар байгаа. Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомт руу баригдсан мухар төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлыг түргэвчлүүлэхээр ажиллаж байна. Харамсалтай нь өмнөх Засгийн газруудын удирдлагуудын гаргасан хортой шийдвэрийг буцаан засч залруулах ажил энэ Засгийн газарт ногдож байгаа. Энэ ч утгаараа төлөвлөлт дээр Хятадын талтай тохироогүй, ойлголцоогүй гэдэг ч юм уу буруу төлөвлөснөөс болж 17-хон км замын холболтын ажил нарийн төвөгтэй бүтэцтэй, гүүрэн байгууламжтай, зардал өндөртэй болж байгаа. Үүнийг яаралтай холбож ашиглалтад оруулахгүй бол болохгүй. Учир нь Цогтцэцийгээс боомт руу барьсан төмөр замыг буцаана гэж байхгүй. Тиймээс ашиглалтад оруулах нь нэн тэргүүний зорилго. Иймд энэ ажлыг урагшлуулах чиглэлээр Засгийн газрын танхимын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Хятадын талтай хөрөнгө оруулалтыг, зургийг нь яаралтай шийдэж богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж байгаа. Тиймээс айлчлалаар энэ асуудал яригдана.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан Ханги-Мандал боомт хүртэлх төмөр зам богино хугацаанд буюу есөн сарын дотор баригдсан. Харамсалтай нь хилийн цэгээ тохироогүй байсан. Тиймээс Хятадын талтай энэхүү төмөр замын холболтыг хийх дэд бүтцийн шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн очер дараа эрэмбэд орж болзошгүй асуудал бий. Ярианы эхэнд хэлсэнчлэн Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайтын асуудлаа шийдсэний дараа энэ боомтын ажлыг явуулъя гэсэн байдалтай байгаа. Үүнийг засахын тулд төмөр замын асуудлуудаа цогцоор нь шинэчлэх шаардлагатай байгаа. Бид БНХАУ-тай Эрээн-Замын-Үүд боомтын төмөр замаар холбогддог. Тиймээс дээрх дөрвөн боомтоор төмөр замаар холбогдох ажлыг хурдлуулах, шийдвэр гаргах айлчлал болж байгаа.

-Өмнө нь ч тэр, одоо ч тэр баярын үеэр хилээ хаачихдаг. Энэ нь баахан бөөгнөрөл, дараалал үүсгэдэг асуудал бий. Үүнийг засч болохгүй юу?

-Бүх нийтээр амрах өдрийг хуульд оруулсан байдаг. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хилийн боомт амрах ёстой. БНХАУ-ын бүх нийтийн амралтын өдрөөр Хятадын тал амрах ёстой. Тиймээс боомтуудын хуваарийг анхнаас нь ил тавьдаг. Хагас сайн өдөр ажиллана, бүтэн сайнд амарна. Цайны цагтай, цайны цаггүй гээд боомтын мэдээллийг ил тавьдаг. Үүнийг хоёр улсын Хилийн хоорондын хэлэлцээрээр тохирч, графикаа жилийн өмнө гаргаж мөрдөж байгаа хэлбэр. Иргэд, аж ахуйн нэгжээс бүх нийтийн амралтын өдрөөр ч ажилламаар байна гэсэн хүсэлт ирвэл үүнийг Хятадын талтай ярилцана. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хилийн хэлэлцээрээр тохирсон амралтын өдрийг болиулна гэсэн үг. Танайх бэлэн байна гэвэл бид Монголын амралтын өдрөөр ажиллахад бэлэн байна хэмээн ойлголцох шаардлагатай. Үүнийг дагаад ямар асуудал гардаг вэ гэхээр Монгол Улсын батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Учир нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгө, хүн хүчийг нэмэх шаардлагатай болно. Бүх нийтийн амралтын өдрөөр ажиллах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргавал ажиллахад болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь эртнээс төлөвлөж хийх ёстой ажил юм.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороо хуралдаж зарим боомтуудыг амралтын өдөргүй ажиллуулах чиглэлийг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлж байгаа иргэдийн тоо, ачаа тээврээс шалтгаалж зарим боомтыг хагас, бүтэн сайнгүй ажиллуулах, зарим боомтыг өдрийн цайны цаггүй ажиллуулах, заримынх нь цагийг сунгах чиглэлийг Гадаад харилцааны яам руу бид өгсөн.

-Ямар боомтуудад энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байгаа вэ?

-Цагааннуур, Булган, Боршоо боомт. Жишээлбэл, Увс аймагт байрлах Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Наймдугаар сард ашиглалтад бүрэн орох ёстой. Уг боомтоор зорчих иргэдийн урсгал их нэмэгдсэн. Энэ боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ ч нэмэгдсэн. Харин баруун бүсийн босоо тэнхлэгийн боомт болох Булган боомтод AH-4 зам ашиглалтад орсноор транзит ачаа тээвэр нэмэгдсэн. Энэ нь Монгол руу зорчиж байгаа иргэдийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа. Гаднаас импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүн орж ирэхэд очер үүсч 5-6 цаг хүлээдэг асуудал бий. Тиймээс дээрх боомтуудыг уртасгасан цагаар, амралтын өдөргүй ажиллуулах талаар Гадаад харилцааны яаманд чиглэл өгсөн. Гадаад харилцааны яам ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны яамтай тохирно. Ингээд мөн хоёр талын хилийн байгууллагууд тохирвол эдгээр боомтын үйл ажиллагаа улам өргөжих бололцоотой. Харин Эрээн-Замын-Үүд боомтын хувьд энэ чиглэлийн өөрчлөлтийн асуудал яригдаагүй байна. Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтын зорчих тээврийн терминал ашиглалтад орсон. Ачаа тээврийн терминал наймдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр ачаалал харьцангуй багасна.

-Заасан хугацаандаа яг ашиглалтад орох болов уу. Ажил саатах ямар нэгэн асуудал гарч байна уу?

-Бүтээн байгуулалтын ажил саадгүй явж байгаа учраас ашиглалтад орчихно. Ер нь өмнийн говийн бүсэд буюу урд талын боомтуудад нэг асуудал байгаа нь усны хангамжийн асуудал хүнд байна. Боомтын бүтээн байгуулалтын ажил явуулахад ус хүрэлцэхгүй байх асуудал үүсч байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт бид ажиллаж байна. БНХАУ-ын талаас ус авч болох ч энэ нь нэлээд хүнд л дээ. Мөн Монгол талын аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа усыг ашиглаж бүтээн байгуулалтын ажлыг графикийн дагуу тасралтгүй явуулахад онцгой анхаарч ажиллаж байна.

-Тяньжин боомтод 2600 ачаа тээвэр гацчихаад байна гэх асуудал бий. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Монгол Улсын далайд гарч байгаа үндсэн боомт нь Тяньжин. Уг боомтоор манайх импортолж байгаа ачаагаа авдаг. Энэ боомт дээр өмнө нь 4000-5000 ачаа тээврийн бөөгнөрөл үүсч байсан. Үүнийг аль болох цөөлж 2000-3000 байхаар зохицуулж байна. Тус боомтын хүчин чадал ч тийм байгаа. Өөрөөр хэлбэл, ачаагаа нааш нь мянга татсан ч Монгол талын терминал, боомтын болоод төмөр замаар тээвэрлэж ирэх тээврийн ачааллаас үүдэж Тяньжин дээр 2000-3000 ачаа тээвэр хуримтлагдаж байгаа юм. Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Боомтын үндэсний хороо өдөр бүр энэ асуудалд хяналт тавьж ажилладаг. 2300 гэдэг бол дундаж тоо. Үүнээс өсгөхгүй байхаар хичээж байна. Энд биднээс үл хамаарах нөхцөлүүд маш их нөлөөлдөг. Тэр дундаа ОХУ олон улсын хоригт орсон. Мөн баруун тал руугаа цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор манай нутгаар дамжиж Хятадтай худалдаа хийх, бараа таваар татах ачаалал нь эрс нэмэгдсэн. Гэтэл манайх БНХАУ, ОХУ-ыг холбосон ганцхан төмөр замтай. Энэ замын 50 хувь нь Оросын мэдэлд байдаг. Тиймээс ОХУ өөрийн мэдлийн төмөр замаар өөрсдийнхөө ачааг түлхүү татах сонирхлоо илэрхийлж байдаг. Бид ч гэсэн Монголын талын ачааг саатуулахгүй байхад яриа хэлэлцээр хийж, доголдол гацаа үүсгэхгүй байхыг хичээж байна. Манай дэд бүтцийн болоод боомтын хязгаарлагдмал байдал өнөөдрийн энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно.

Categories
нийгэм цаг-үе

Нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Ойрын хоногуудад нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 22-ны 20 цагаас 06-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +17…+22 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +19…+21 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17…+19 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
улс-төр

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 151 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны зургаадугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 911 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 151 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 760 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 11 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 5 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 221 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 21 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 57 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
цаг-тооны-бичиг

2023-06-23

Билгийн тооллын шинийн 5, хар хулгана өдөр, их морь-9 одтой, гал суудалтай, 4 ногоон мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой, тэрсүүдийн өдөр. Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой. Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Categories
нийгэм цаг-үе

2023-2024 онд нийт 810 шинэ автобус авна DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нэн чухал нөлөө үзүүлэх гол гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх, олон салаа зам, замын байгууламжийг холбох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187,0 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр болж, 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан болно.

Өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр үйлчилж байгаа 996 автобусны 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. 2022 онд сургуулийн хүүхдийн 50, их багтаамжийн дизель 224 нийт 274 автобусаар парк шинэчлэлт хийсэн.

2023-2024 онд нийт 810 автобусаар парк шинэчлэлт хийнэ. Үүний дүнд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт 100 хувь хийгдэнэ. Нийтийн тээврийг чөлөөтэй зорчих боломжийг хангах зорилгоор холбогдох замд чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ тавих, хайс хашлага байрлуулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.  Тухайлбал, 2023 оны зургадугаар сард Энхтайваны өргөн чөлөө 18,3 км авто замыг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байршуулсан бол ирэх сард Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, наймдугаар сард Долоон буудлын зам, Энэбишийн өргөн чөлөөг нийтийн тээврийн автобусны чиглэлд чөлөөлөхөөр төлөвлөөд байна.

“Нүхэн гарц” төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барьж байгуулна.  Үүнд:
1.  Таван шарын төмөр замын гарам орчмын
2.  Геологийн төв лабораторийн уулзвар орчмын
3.  Гермес худалдааны төв орчмын
4.  Нарантуул худалдааны төвийн уулзварт нүхэн гарц хийнэ.

Ирэх сарын 05-нд эхний байршил болох Таван шарын төмөр замын гарам орчмын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2023 онд хоёр байршлын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэнэ. 2024 оны зургадугаар сард төслийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Categories
нийгэм цаг-үе

Цэргийн тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоов DNN.mn

Нийгмийн даатгалын сангаас олгодог болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг 10 хувиар нэмжээ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөг болгов гэж Засгийн газраас мэдээллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр,
нийгмийн халамжийн тэтгэврийг 350 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоожээ. Иргэд, ахмадууд ирэх сараас дээрх дүнгээр тэтгэвэр тэтгэмж авна.