Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.
“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.
Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.
Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Гэрэл зураг хүлээн авах мэйл: tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006
Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.
Хүүхдийн паркийн алсыг харагчийн төмөр… Стандарт, аюулгүй байдал!
Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдад аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг эхлүүллээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.Арга хэмжээнд их, дээд 21 сургуулийн 150 оюутан шалгарсан юм. Оюутан цагдаа нар жуулчид ихээр төвлөрөн зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг, байршлын талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэг хүлээнэ. Оюутан цагдаа нар өдөрт дөрвөн цагаар буюу 10:00-14:00, 14:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүлд гарах бөгөөд ажлын нэг цагийн хөлс нь өмнөх жилүүдээс өсөж таван мянган төгрөг болсон байна. Энэ жил төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж буй оюутан цагдаа нарыг унадаг дугуй, скүүтэр, олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр ханган ажиллаж буйгаараа онцлог.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Энэ жил Улаанбаатарт Зүүн Азийн залуучуудын спортын наадам, Үндэсний их баяр наадам, “Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадам, “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам, Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон арга хэмжээ болно. Эдгээр арга хэмжээ, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монголыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тэдэнд түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь ханган ажиллахаар сонгогдсон оюутан цагдаа нартаа амжилт хүсье хэмээсэн юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Энэ жилийн хувьд нэг өдөрт дунджаар 2400 орчим гадаадын иргэн манай улсыг зорин ирж байна. Цаашдаа энэ тоо өсөж 3000 гаруй болох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан бид оюутан цагдаа нарын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг шуурхай шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэлд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, нягт хамтарч ажиллана” гэлээ.
Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Хурлаар бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Энэ талаархи Мөнгөний бодлогын хорооны мэдэгдлийг хүргэж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 5 дугаар сарын 31 болон 6 дугаар сарын 23-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.8 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаанаас үүдэлтэй мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч цаашид үргэлжлэн саарах хандлага хэвээр байна. Гэхдээ төсвийн тодотголтой холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс өндөр өсөхөөр байна.Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдгээр салбарын өсөлт цаашид сайжрах хүлээлттэй байгаа хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан ХАА, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, өрхийн хэрэглээ буурч, дотоод эрэлт агшсанаар үйлчилгээний салбарын өсөлт удааширч уул уурхайн бус салбарын идэвхжил буурах хүлээлттэй байна.
Улмаар хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг эдгээр салбаруудын өсөлт удаашрах нь хөдөлмөрийн зах зээл, цаашлаад өрхийн хэрэглээний төлөвийг муутгах эрсдэлтэй байна.
Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдэв. Дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол намжиж, газрын тосны үнэ буурсан нь улс орнуудад инфляцын түвшин саарах, эдийн засгийн идэвхжил сэргэхэд эергээр нөлөөллөө. Гэхдээ улс орнуудын хооронд үүсээд буй геополитикийн асуудал, АНУ, Европ зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлд үүсээд буй хүндрэл цаашид даамжрах эрсдэл зэрэг нь гадаад орчны тодорхой бус байдлын гол эх сурвалж болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр, төсвийн зардал нэмэгдэхээр байгаа нь өнөөгийн нөхцөлд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, төгрөгийн өгөөжийг хадгалахад эергээр нөлөөлнө.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр 7 хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
Хөгжлийн банкны гэх тодотголтой авлига, албан тушаалын томоохон гэмт хэргийн шүүх хурал 47 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн лхагва гаригт завсарлаад байна. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зөвлөлдөн, ирэх даваа гаригт шийдвэрээ танилцуулна. Шүүх байгууллагын түүхэнд хамгийн олон холбогдогчтой буюу дөрвөн аж ахуйн нэгж, 80 хүнийг буруутгаж шүүсэн уг шүүх хурлын шийдвэрээр хэн ямар авах нь удахгүй тодорхой болно.
Яллагдагчаар татагдсан 80 хүний дотор одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ч татагдаж, шүүх танхимд хэдэнтээ мэдүүлэг өгөв.
Прокуророос Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг 22.1.3-т зааснаар ялласан бөгөөд уг заалтад “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасч таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар ялласан байна.
Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар яллажээ. Уг зүйл ангиудаар бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм.
Төрийн өндөр албан тушаалтнуудын дараа эрэмбэлэгдэж буй Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд хэнд ямар ял төлөвлөсөн нь анхаарал татаж буй. Хөгжлийн банкны гэгдэх хэрэгт холбогдуулж шалгасан 80 хүний дунд Хөгжлийн банкны үе үеийн захирлууд, томоохон албан тушаалтай 37 хүн татагдсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Б.Чойжилжалбуу, Ч.Энхбат нарын 37 хүн багтжээ. Тэднийг ихэвчлэн Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар буруутган яллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат, Б.Батбаяр нар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх магадлалтай байна.
Сар хагас үргэлжилсэн энэ том шүүх хуралд яллагдагчаар татагдсан хүмүүсийн 50 орчим хувь нь Хөгжлийн банкны хариуцлагатай албан тушаалтнууд. Гэвч хуулийнхан гол буруутай этгээдийг сугалж үлдээснийгээ өнөөдөр хүртэл тайлбарлаагүй байгаа юм. Тэр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ.
Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалыг хашиж байлаа. Түүнийг анх АТГ-аас “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг зарлаж байлаа. Гэвч Хөгжлийн банкны хэргийн шалгалт дуусах үеэр Я.Сод-Эрдэнийн хэргийг тусгаарлачихсан. Товчхондоо түүнийг энэ том хэргээс мулталчихсан гэсэн үг.
“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумаар шахааны бизнес хийдэг, сүүлд Боловсролын сангийн зээлд хүүхдээ үнэ төлбөргүй сургасан зэргээр ёс зүйгүй үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа Я.Сод-Эрдэнээс бусад нь их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх нь тодорхой болж байна. Гагцхүү тэдний дунд зогсох ёстой хариуцлагатай албан тушаалтан байсан Я.Сод-Эрдэнэ дүүгийнхээ, намынхаа буянаар уснаас хуурай гарчихлаа гэж гэсэн холбогчид дунд, түүгээр зогсохгүй хуулийнхан, улс төрийн хүрээнд тархжээ.
Б.ЭНХЗАЯА
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдений 53 настай хүү Хантер Байден 2017, 2018 онд татвараа хугацаанд нь төлөөгүй гэдэг хоёр зөрчилд гэм буруутайгаа хүлээжээ.
Хууль сахиулагчидтай сая тохирсны дагуу, Байден хоёр жилийн туршид мансууруулах бодис хэрэглэхгүй, мөн хэзээ ч галт зэвсэг эзэмшихгүй байх ёстой болж байгаа юм байна. Энэ хэлцлийг, Хантер Байдений өмгөөлөгчид болон АНУ-ын Делавер муж дахь Ерөнхий прокурор Дэвид Вайс нарын хооронд сүүлийн хэдэн сарын туршид хэлэлцсэний эцэст байгуулжээ. Хантер Байдений өмгөөлөгч Кристофер Кларк, “Миний үйлчлүүлэгч болон Делавер тойргийн Прокурор нарын хооронд хоёр хэлцэл байгуулагдсныг зарласнаар Хантерыг шалгасан таван жилийн мөрдөн шалгалт дууссан гэж би ойлгож байна” гэж мэдэгджээ. “Мөн Хантер амьдралын амаргүй үедээ гаргасан алдаа, дон хамаарлын асуудалдаа хариуцлага хүлээх нь чухал гэж бодож байгааг би мэднэ” гэж ярьсан байна. Одоо хоёр талын байгуулсан хэлцлүүдийг АНУ-ын Холбооны прокурор батлах ёстой аж. Мөн Хантер Байден өөрийн албан ёсоор оршин суудаг, мөн татварын зөрчил гаргасан хэрэг үйлдэгдсэн Делавер муж дахь Холбооны шүүхээр орж, гэм буруугаа хүлээх юм.
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор “Усны тухай ярилцъя-3” ээлжит уулзалтаа энэ сарын 16-ны өдөр ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Монголын МСС болон Америкийн Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бидэнд танилцуулсан юм. МСК нь АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг юм. МСК эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт нийцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай компакт гэрээ байгуулан, таван жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгодог байна. Тус корпорац Монгол Улстай 2007 онд анхны компакт гэрээгээ байгуулсан.
Өдгөө хоёр дахь компакт гэрээний хүрээнд усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд, ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хаягдал ус дахин боловсруулах төсөл, усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл зэрэг багтана. Эдгээр төслийг 2021.03.31-нээс 2026.03.31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “Ус нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр зогсохгүй улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн асуудал мөн” гэж хэлснийг онцлон тэмдэглэмээр байна. Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нэг бол “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” юм. Төслийн захирлаар Б.Батсүх томилогдон ажиллаж байгаа аж. Уг төслийн хүрээнд Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байрлалд нийт 30 худаг бүхий газрын доорх усны эх үүсвэр шинээр байгуулснаар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх юм. Мөн энэхүү газрын доорх усны эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Улаанбаатар хотоос 20 гаруй километр зайд орших Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулж байна. 2023 оны 5 дугаар сарын байдлаар бүтээн байгуулалтын ажил ноцтой саатал хоцрогдолгүй, төлөвлөгөөний дагуу, 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тус үйлдвэрийг барьснаар ус хангамжийн системд жилд 50 сая м3 газрын доорх усыг нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг ойролцоогоор 60 гаруй хувиар нэмэгдүүлэх юм. Энэхүү төслийн гүйцэтгэгч байгууллагыг олон улсын тендер зарлаж сонгон шалгаруулсан бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын “Мапа Иншаат” компани шалгарчээ. МСС-ийн Нийгэм, жендерийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг бидэнд ажилчдын талаар мэдээлэл өглөө. Тэрээр: “Компакт гэрээний хүрээнд нийт ажилчдын 30 хувь нь эмэгтэйчүүд байхыг зорьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар энэ төсөл дээр 255 хүн ажиллаж байна. Бүх ажилчид мэргэжлийн хүмүүс. Тэдний 42 нь эмэгтэй ажилчид ба нийт ажилчдын 85 хувийг турк ажилчид бүрдүүлж байна. Монголчуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр туслан гүйцэтгэгчээрээ монголчуудыг ажиллуулж байна. Тэдний 50 гаруй хувь нь эмэгтэй ажилчид.
Турк улсын барилгын салбарт эмэгтэйчүүд бараг ажилладаггүй бөгөөд турк ажилчид эмэгтэйчүүд барилгын салбарт ажиллах боломжтой юм байна гэдгийг монголд ирээд ойлгож авсан” гэсэн юм. Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нийт санхүүжилт 461.76 сая ам.доллар. Үүний 350 сая ам.доллар нь МСК-ын буцалтгүй тусламж бол 111.76 сая ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал бидэнд санхүүжилт болон ажиллах хугацааны талаар мэдээлэл өглөө. “Санхүүжилтийн хувьд АНУ-ын талаас 350 сая ам.доллар нэг дор орж ирдэггүй. Тухайн улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаад, нэг улирлын өмнө санхүүжилтээ батлуулж авдаг. Ажиллах хугацааны хувьд 2024 оны II улиралд барилгын ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Монголд барилгын улирал маш богино. Тиймээс өвлийн улиралд барилгын доторх технологийн эд ангиудаа суурилуулна. Хүйтрэхээс өмнө цаг агаараас хамааралтай ажлуудаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Мөн төслийн нийт санхүүжилт болох 461.76 сая ам.долларын доллар нэг бүрийг хянаж ажиллаж байгаа ажээ. “Тийм ч учраас “Усны тухай ярилцъя-3” уулзалтад ирсэн сэтгүүлчдийн хоол цайг бэлтгэх тендер зарласан. Төслийн санхүүжилтээс нэг долларыг ч үүнд зарцуулаагүй харин ажилчдын хоолны газрын заалыг л ашиглаж байгаа” гэж тэд ярьж байлаа. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж, улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ААН-ийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг ач холбогдол бүхий газар юм. АНУ-ын МСК компакт гэрээний үр дүнд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлж, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
Ө.АНХЗАЯА
АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.
-АН шинэчлэлийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу. Сонгуулийн жил хаяанд ирлээ. Бүтцийн өөрчлөлтөө яаж хийж байгаа вэ. 21 аймгийн намын дарга нараа сонгож томилохгүй юм уу?
-Ардчилсан нам газар, хэлтсүүдээ байгуулан зохион байгуулалтад орсон, намын үйл ажиллагаа хэвийн явж байна. Цаашдаа намын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн орчин үеийн менежментийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Намын дарга орчин үеийн улс төрийн намуудын жишигт хүргэх ажлуудыг дэс дараатай зохион байгуулж байна. Ялангуяа мэдээлэл, харилцааны орчин үеийн технологиудыг ашиглан үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, намын бодлого, шийдвэрт гишүүдийн байнгын оролцоог идэвхжүүлэх цахим платформ бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна. Манай намын анхаарч байгаа гол асуудал бол бодлого боловсруулах чадавхаа бэхжүүлэх, бодлого боловсруулах процесст нь намын гишүүд идэвхтэй оролцдог болгох асуудлыг чухалчилж байна.
Мөн намын бодлогыг ажил хэрэг болгож чадах гишүүдээ намын төлөөллийн болон удирдах бүтцэд оруулах, цаашилбал төрийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд төвлөрч байна.
-Ирэх сонгуульд танай нам ямар бодлогоор ялгарах вэ. Залуу үеийнхнээ хэр дэмжиж байгаа бол?
-Ардчилсан нам бол үеийн үед улс орныхоо хөгжлийг тэтгэсэн, иргэдийнхээ боломжийг тэлсэн бодлого гаргаж, хэрэгжүүлж ирсэн нам. Цаашид ч хөгжлийн бодлогоороо өрсөлдөж, хэрэгжүүлэхэд Ардчилсан нам түүчээлж явна. Монголын ард түмэн ч Ардчилсан намаас үүнийг хүлээж байгаа. Тийм ч учраас АН-ын даргын санаачилгаар намын дэргэд Стратеги бодлого судалгааны хүрээлэн байгуулагдан захирлаар нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа томилогдон ажиллаж байна.
Энэ бол улс төрийн институцийнхээ хувьд хийж буй томоохон алхам юм.
Залуусын хувьд дэмжүүлж, тэтгүүлэх гэхээсээ илүү бодлого боловсруулах, хуулийн төслүүд дээр ажиллах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Мөн Ардчилсан нам залуусын өмнө үүд хаалгаа цэлийтэл нээж байна. Бид өрсөлдөөний шударга орчин, нээлттэй байх, ялгаварлахгүй байх зарчмуудыг залуусын улс төрийн оролцооны чухал нөхцөл гэж үздэг. Залуус ч идэвхтэй байна. Цаашдаа нас гэхээсээ илүү бодлого боловсруулах чадавхтай, эх орноо гэсэн сэтгэлтэй, эрч хүчтэй хүмүүсээ нэр дэвшүүлээд явна. Ардчилсан нам бол баруун төвийн үзэлтэй бүх хүнд, тэр дундаа залууст өөрийгөө сорих, улс төрийн амьдралд оролцох хамгийн сайн орчин, сайн боломж болж өөрчлөгдөж байна.
-АН-ын фракц өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо бараг 10 гаруй фракцтай боллоо гэж дуулдсан. Нам арай хийж эв цавандаа орж байхад фракцууд дахиад л намыг хуваах юм биш үү?
-Ардчилсан нам бол фракцуудын нэгдэл биш. Ардчилсан нам бол нэг цул, нэгдмэл институц. Харин манай намын дотоод засаглал нээлттэй, үйл ажиллагаа нь ил байдгаараа, гишүүд нь асуудлаа шийддэгээрээ өрсөлдөгч намуудаасаа ялгаатай. Тиймээс намын дотоодод олон ургалч үзлийг дэмждэг. Зарим нь илүү ач холбогдол өгдөг бодлогын асуудлуудаар, зарим нь улс төрийн үзэл санааны мэтгэлцээний сонирхлоороо, зарим нь ажил мэргэжлээрээ нэгддэг, клубүүд байгуулдаг. Энэ бол улс төрийн намд байх ёстой эрүүл үзэгдэл төдийгүй, дэмжих ёстой амьд үйл явц. Манай намд ийм олон клубүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид бие биенээсээ суралцаж, биенийхээ хийж байгаа ажлуудыг дэмжиж хамтран ажилладаг. Үүнийг хатуу гараар удирддаг, коммунист арга барилыг илүүд үздэг зарим намуудын нөхөд маань ойлгодоггүй. Гоочлох, муучлах дөгөө, сэжүүр болгож ашиглаж байгаа харагддаг.
-Сая амралтын өдөр танай намынхан АСЕМ виллад сүрхий цугларцгаасан байна лээ. “Нэг Монгол” гэж ямар зорилготой хөдөлгөөн үүсчихэв ээ. Оросын талын бодлогыг дэмжигчид гар хөл нь гэж шуугиад байх юм?
-Манай нийгэмд элдэв хардлага байна. Нөгөө талаас олон улсын байдал нэн ээдрээтэй байгаа энэ үед Монгол Улс түүхэн үйл явцын буруу талд зогсчих вий, ялангуяа Ардчилсан нам алдчих вий гэсэн болгоомжлол манай намыг гишүүдэд ч, Ардчилсан намын дэмжигчдийн дунд ч байна. “Нэг Монгол” хөдөлгөөний уулзалтад оролцоогүй. Гэхдээ би үүнийг эрүүл саруул үйл явц гэж дүгнэж байгаа. Энд гадаадын аль нэг улс орны бодлогыг тээсэн, аль экс ерөнхийлөгчийн ашиг сонирхлыг тээсэн аливаа зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Харин ч тус хөдөлгөөний санаачилсан УИХ-ын гишүүдтэй ярилцаж байхад намын нэгдмэл байдлыг дэмжих, клубүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиглэлд ажиллах зорилготой санаачилга гаргасан гэж байна. Энэ бол зөв алхам. Нам эв нэгдэлтэй байхад хувь нэмрээ оруулах нь өнөөдөр намын гишүүн бүрийн үүрэг. Нам нэгдмэл байх тусам намын удирдлагын, төлөөллийн байгууллагын гаргасан улс төрийн болон бодлогын шийдвэр амжилттай хэрэгжих боломж нэмэгдэнэ.
Энд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай нам бол эрх чөлөөний үзэл санааны дор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн хамтын байгууллага, баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ үзэл санааны эсрэг улс төрийн үйл ажиллагаа явуулсан, иргэн хүний амьдралд төрийн эрх мэдлээр дамжуулан оролцдог, чөлөөт эдийн засаг, хувийн хэвшлийн боломжийг хумих асуудал дэвшүүлдэг, дэлхий нийтийн хөгжлийн эсрэг зүйлс ярьж явдаг хүмүүсийг намаас сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх ёстой. Үүнтэй манай төлөөллийн байгууллагын гишүүд ч, намын удирдлага ч санал нэгтэй байгаа. Энэ бол сонгуульд ялахын тулд юу ч хамаагүй ярьж явдаг эрх баригч болон эрх баригчдын тэжээвэр намуудаас Ардчилсан намыг ялгаруулж буй бидний үнэт зүйл.
-АН бутарч нэгдэхдээ хурдан болохоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан гэж УИХ-ын гишүүд тайлбарлаж байх шиг. Харин иймэрхүү хөдөлгөөн фракцууд намыг улам хуваах юм биш үү?
-Ардчилсан намыг хуваагдмал байгаасай, дотроо эв түнжингүй байгаасай гэсэн гадны ч, дотны ч сонирхол их байна. Тэдний хувьд харамсалтай байж болох, монголчуудын хувьд баярлах нэг мэдээ дуулгахад Ардчилсан нам хуваагдахгүй, задрахгүй, тогтвортой байна. Өнөөдөр Ардчилсан намын төлөөллийн байгууллагын гишүүд ч, Ардчилсан намын дэргэдэх клубууд ч, саяхан байгуулагдсан “Нэг Монгол” хөдөлгөөн ч нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн төлөө, өнөөгийн удирдлагаа дэмжиж ажиллаж байгаа. Харин намын шинэчлэлийн явцад сэтгэл дундуур байгаа, ямар нэгэн аргаар Ардчилсан намыг гартаа оруулчих гэсэн улс төрийн ашиг хонжоо хайсан цөөхөн хуучны хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Шударгаар өрсөлдөхийн оронд Ардчилсан намыг хуваачихаж байгаад сонгуульдчих юмсан гэсэн эрх баригчийн сонирхол байхыг үгүйсгэж чадахгүй сууна. Геополитикийн энэ ээдрээтэй цаг үед сөрөг хүчнийг нь устгачихаж байгаад ардчилсан тогтолцоог нь үгүй болгочих гэсэн гадны хүсэл сонирхол ч байхыг ч таашгүй. Гэсэн ч нэг зүйлийг итгэлтэйгээр дахин хэлье. Ардчилсан нам монголчуудын итгэлийг дааж авч явах улс төрийн институц байна, эвдрэлцэхгүй, хуваагдахгүй. Ардчилсан намынхан хэрсүүжсэн. Өнгөрсөндөө өс санаж явдаг хүмүүсээсээ ангижирч, ирээдүйгээ бүтээх гэж яваа улс төрийн институц болж өөрчлөгдөж байна. Ганц нэг хүнд энэ нэгдэл таалагдахгүй байж болно. Тийм хүн байлаа гээд Ардчилсан нам хуваагдахгүй, тэдний хүсэл биелэхгүй.
-Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулна. Хуулийн төсөлтэй холбоотой АН ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан нам хууль санаачлагчид хуулийн төсөлд тусгах саналаа өргөн барихаас нь өмнө өгсөн. Харамсалтай нь манай намын саналууд бараг тусгагдаагүй байна. Ардчилсан нам Монголын нийгэм дэх хүний халдашгүй байдал, эрхэм чанарын баталгаа, олон ургалч байдлын хамгаалагч байж ирсэн. Бид өнөөдөр ч, маргааш ч энэ үнэт зүйлсийг тээж явна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ч асуудлыг энэ философийн үүднээс тавьж байгаа. Юуны өмнө иргэдийн эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхэнд саад хориг тавьж болохгүй, улс төрийн намуудыг парламентад суудалтай эсэхээр нь алагчлан хавчиж болохгүй. Үнэнийг хэлэхэд хуулийн төсөлд олон алдаа дутагдал байна. УИХ-д өргөн баригдсан төсөлд намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэхийн оронд эрх баригч намын дүрмийг хуульчлан бусад намууд мөрддөг хууль болгож оруулж ирж байна. Энд улс төр, эрх зүйн судалгааны туршлагатай олон хүн ажилласан. Ийм төсөл оруулж ирсэнд гайхаж байгаа. Пост коммунист намын хоцрогдсон, эрх баригч намын дотоод ардчиллыг хуулиар засч, ардчилсан тогтолцооны нэг оролцогч, улс төрийн нээлттэй институц болгоё гэхийн оронд бусад намуудаа хаалттай, дарга нь бүх асуудлаа шийддэг болгоё гэж байгааг хүлээн авах аргагүй. Өнөөгийн эрх баригч намын энэ хоцрогдол, бурангуй тогтолцооны гажиг өнөөдөр Монголын төрийн зовлон болчихоод байгааг бүгдээрээ харж байна. МАН-ын дарга ямар ч буруу шийдвэр гаргасан түүнийг нь шүүн тунгаадаг эрүүл саруул ухаантай хүн эрх баригч намын дотор алга. Одоо бүр парламентын бүтэц дотор хүртэл, Үндсэн хууль хэлэлцэхэд хүртэл нэг хүний харцнаас дальдарцгааж байна. Энэ бол ардчилал биш. Ер нь Монголын нийгэмд ардчиллын суурь институциүд алга болж байгаагийн шалтгаан эндээс үүдэлтэй. Яагаад чөлөөт хэвлэл уналтад орж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн шоронд явдаг болчихов. Яагаад авлига албан тушаалын хэргүүд гаараад байхад заримыг нь шалгаад, заримыг нь дардаг болчихов. Яагаад иргэний нийгмийн байгууллагууд дарга нарын хурлыг чимэглэдэг үзмэр болж хувираад байна вэ.
Дараагийн бас нэг асуудал бол улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг олгодог болгох нэрийн дор намуудын үйл ажиллагааг бүхэлд нь төрийн хяналтын байгууллагын хяналтад оруулах санаархал нуугдаж байна. Бид дээрх хоёр үндсэн шалтгаанаар хуулийн төсөлд болгоомжтой хандаж, зүйл заалт бүрийг нь нухацтай авч үзэж хэлэлцэж байгаа. Цаашдаа хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь АН-ын гишүүд саналаа өгөөд явна. Харин хүч түрж ардчиллын суурь институц болох улс төрийн намыг боомилох заалтуудаа хүч түрээд батлах дээрээ тулбал бусад улс төрийн намууд, иргэдээсээ дэмжлэг хүсч, хамтарч тэмцэх ёстой гэж бодож байна.
-Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлж шилэн болгосноор бизнесийнхний халааснаас гарна гэсэн шүү дээ?
-Энэ хуульд тусгасан нэг санаачилга нь төрийн санхүүгийн дэмжлэг.Манай орны эдийн засгийн өнөөгийн түвшин, авлигадаа идэгдсэн байдал, хуулийн хэрэгжилт сул байгаа нөхцөлд намуудыг авлигаас ангид байлгах, хэвийн үйл ажиллагаагаа бусдаас хамааралгүй байлгах нэг арга нь төрийн санхүүжилт байж болох юм. Гэхдээ ингэлээ гээд төрийг байгуулахад оролцдог улс төрийн намыг өөрийг нь төрийн хяналтад оруулж болохгүй. Намын үйл ажиллагаа ил тод, олон нийтийн хяналтад байх ёстой.
Иргэд улс төрийн үйл явцад идэвхтэй оролцдог хэдхэн арга зам бий. Саналаа өгөх, сонгуульд өрсөлдөх, аль нэг намын гишүүн болох мөн үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг нь дэмждэг нам, улстөрчдөд хандив өгөх. Гэтэл энэ хуулиар улс төрийн намд хандив өгөх боломжийг бараг бүхэлд нь хаачихсан байна. Энэ бол иргэдийн эвлэлдэн нэгдэх нэг эрх юм. Ийм заалт оруулж ирж байгаагийн цаана ердөө л эрх баригчдын улс төрийн жижиг ашиг сонирхол нуугдаж байгаа юм. Хандивын дээд хязгаарыг, томоохон хандивлагчдын нэрсийг зарладаг байж болно. Гэтэл намд 1000 төгрөг хандивласан хүн хувийнхаа бүх мэдээллийг өгөх шаардлага тавьж байгаа нь зүйд нийцэхгүй.
Харин Ардчилсан намын саналд нам төрийг салгах, намуудыг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эзэн болчихдог байдлыг таслан зогсоох саналууд өгсөн. Намыг сонгуульд ялуулах үүрэг хүлээсэн, намын санхүүгийн асуудлыг шийддэг гүйцэтгэх удирдлага төрийн тамга бариад суудгийг болиулах санал ч оруулсан. Намын бүх шатны сонгуульт гишүүдийн нэрс ил тод байдаг болгохыг зорьж байгаа. Эдгээр саналуудаа хуульд оруулахын төлөө ажиллана.
-Энэ хуулиар парламентад олон намын төлөөллийг бүрдүүлж, намууд бодлогоор өрсөлддөг болно гэж байна. Хууль батлагдсанаар Монголын улс төр яаж өөрчлөгдөх вэ?
-Одоогийн төслөөрөө явбал намуудын дотоод засаглал эрх баригч намынхтай адил болж улс төрийн намууд иргэн төрийн холбогч байхаа болино. Мөн эрх барьж байгаа намын хүсэл, төрийн хяналтын байгууллагуудын оролцоотойгоор сонгуульд оролцох эсэхээ, үйл ажиллагаа явуулах эрхээ шийдүүлдэг болно. Цаашилбал эрх баригчдаар тэтгүүлэгч төлөөллийн байгууллагагүй намууд бий болж хүссэнийг нь биелүүлж, үгийг нь дамжуулагч, хуурмаг сөрөг хүчин бий болно. Товчхондоо ийм л байна.
-Сая орон нутгийн сонгууль боллоо. Энэ сонгуульд АН яагаад арван тойргийг сул хаячихав?
-Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцсон тойргуудын ихэнхэд нь ялсан байна. Цөөн тойрогт төлөөлөгчөөр ажиллаж байгаад нас барсан хүний оронд хүн дэвшүүлэхгүй байхаар орон нутгийн намын байгууллага шийдвэрлэсэн зэрэг шалтгаанаар сонгуульд оролцоогүй тохиолдлууд байна. Энэ бол хүн ёсны хувьд байж болох шийдвэр юм. Ерөнхий утгаараа бол Ардчилсан нам сонгуульд өрсөлдсөн тойргуудын олонход ялна гэдэг бол ирэх сонгуулийн өнгийг илэрхийлж байгаа нэг дохио. Цаашдаа Ардчилсан нам ирэх сонгуулиар сонгогчдын итгэлийг хүлээхийн төлөө, тэр итгэлийг нь дааж чаддаг хариуцлагатай нам байхын төлөө институцийнхээ хувьд хөгжих, төлөвших тал дээр шаргуу ажиллана.
-Боловсролын багц хуульд тусгагдсан англи хэлийг бага ангиас заах тухай заалтыг унагачихлаа. УИХ-ын дарга ОХУ-д айлчлалаар очсон өдөртэй давхцаж байх шиг. Энэ үйл явдлыг сөрөг хүчний хувьд юу гэж харж байна вэ?
-Өчигдөр энэ асуудлаар цомхон хүрээнд ярилцсан. Англи хэл бол шинжлэх ухааны хэл. Өнөөдөр хүн төрөлхтний мэдлэгийн санг тэлж байгаа судалгаа шинжилгээний ажлууд, шинэ патент, технологийн шийдлүүдийн 98 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж байна. Манай орон шиг цөөн хүн амтай, эдийн засгийн чадавх доогуур оронд шинэ бүтээл болгоныг орчуулан хэвлээд байх боломж өнөөдөртөө алга. Тийм учраас англи хэл бол монголчууд бидний хувьд мэдлэгийн далайд хүрэх үндсэн гарц, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхах ганц боломж болчихоод байна. Товчхондоо манай үндэсний эрх ашиг. Хөгжил дэвшлээс хоцорно, хоцрогдоно гэдэг үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал мөн. Гэтэл УИХ-ын зарим гишүүд англи хэл сурах нь үндэсний аюулгүй байдал юм шиг тайлбарлаж байгаа нь ард иргэдээ, сонгогчдоо тэнэг гэж байгаагаас ялгаагүй. Ардчилсан нам бүх нийтийн англи хэлний боловсролыг тууштай дэмжинэ. Энэ асуудлыг Ардчилсан намын болосвролын салбарын цогц бодлогын хүрээнд мөрийн хөтөлбөртөө тусгаад явна.
М.МӨНХЦЭЦЭГ