Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Залуус PC тоглоомны газарт хонон өнжин POKERSTAR, GGPOKER, 1XBET сайтад мөрийтэй тоглодог болжээ DNN.mn

2024.08.19. 08:00 цаг. PC тоглоомын газар

Одоогоос арав гаруй жилийн өмнө PC тоглоомонд донтсон хүүхдүүд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд олноор хүргэгддэг байлаа. PC тоглоомын газар гэхээр орон сууцны хонгилын давхарын харанхуй орчин төсөөлдөгдөж байгаа байх. Технологийн дэвшил гар утсанд багтсан өнөө үед PC тоглоомын газрууд хаалгаа барьсан мэт ажиглагдаж байна уу. Тэгвэл бодит байдал дээр ямар байгааг энэ удаагийнхаа Өдрийн сурвалжлагаар хөндөж байна. Өнөө үед PC тоглоомын газрууд өндөр орон сууц, барилгын дээд давхруудад үйл ажиллагаа явуулдаг болжээ. Бид Улсын Их дэлгүүрээс холгүй байрлах шилэн барилгын зургадугаар давхарт байдаг PC тоглоомын газарт очлоо. Хаалгаар нь оронгуут том гэгч танхим угтав. Үүдэндээ “18:00 цагаас хойш 18-аас доош насныханд үйлчлэхгүй” гэсэн бичиг наажээ. Нэвширсэн муухай үнэр хамар цоргилоо. Шөнөжин PC тоглочихсон хүмүүс гутлаа тайлаад, нүүрээ цамцаараа бүтээгээд хоёр сандал нийлүүлээд нам унтаж байх нь тэр. Харин зарим нь өглөөний 08:00 цаг өнгөрсөн ч тоглосоор л сууна. Яагаад гэвэл цагийн зөрүүний улмаас шөнө эхэлсэн цахим мөрийтэй тоглоомын тэмцээн нь дуусаагүй байгаа аж.

Удалгүй үйлчлэгч эмэгтэй орж ирэн шалаа угааж эхэллээ. Эгнээ бүрийн сандлыг холдуулж ширээний доод хэсгийг угаахдаа бөх гэгч нь унтаж байгаа залуусыг сэрээхэд зарим нь нойроо “харамлаж” уцаарлах янзтай. Тус PC тоглоомын газар энэ барилгын зургаа болон долдугаар давхарт нийтдээ 100 орчим компьютертэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

Тэнд голдуу насанд хүрсэн залуус өдөр, шөнөгүй мөрийтэй тоглодог болох нь ярианаас анзаарагдав. Тэд зөвхөн тоглоомныхоо тухай л ярьцгаана. Жишээлбэл, “ggpoker” гэдэг сайт дээр покерын тэмцээнд орсноо ийнхүү ярьж байв. “Өчигдөр ggpoker-ын тэмцээн рүү 10 доллараар “buy-in” хийж ороод (энэ нь бүргэлийн хураамж төлж байна гэсэн үг) шилдэг 32-т шалгараад мултарчихлаа. 16-т шалгарсан бол ядаж 100 доллартой болчих байлаа” гэлээ. Тэдний юу тоглож байгааг харах юм бол “llondon.xyz” болон “bit.ly/tatalt” гэдэг сайтаар 500, 1000, 2500, 5000 мянган төгрөгийн ултай ширээнд сууна. Тус сайтаар нь орж үзэх юм бол цэнэглэх доод дүн нь 5000 мянган төгрөг. Мөн банкны данс тавьсан байв. Цахимаар мөрийтэй тоглож байгаа залуус үе, үе хараал урсгана. Мөнгөө алдаж байгаа нь тэр. Алдсан мөнгөө эргүүлж олно гэсэн шартайгаар дансаа дахиад л цэнэглэнэ. Ойр тойрны хүмүүс рүүгээ утас цохиж мөнгө асууна. “Найзынхаа данс руу 100, 200 мянган төгрөг хийчих, удахгүй өсгөөд өгье” гэж хэлнэ. Дахин тоглоомны дансаа цэнэглэж байгаагаа “төрөх” гэж нэрлэдэг аж. Ийнхүү олон залуус нийлж мөрийтэй тоглоом тоглоно.

Б.Бат-Эрдэнэ: АЛДСАН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭЭД ОЛЧИХВОЛ АХИЖ ХЭЗЭЭ Ч ТОГЛОХГҮЙ

PC тоглоом тоглож байсан залуучуудын нэг Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та ямар тоглоом тоглодог вэ?

-Dota2, CSGO, Valorant тоглодог. “ggpoker” сайтын тав, 10 ам.долларын тэмцээнд орж суудаг даа. Dota2 хүнийг маш их стрессдүүлдэг тоглоом болохоор сүүлийн үед тоглохгүй байгаа. Монгол покерын сайтуудад ховор л сууж байна. Суухдаа найзтайгаа зэрэгцэж суухгүй бол амархан идүүлээд хожигддог.

-Ер нь нийт хэдэн цаг тоглосон бэ. Тоглосон нийт цагаа харж болдог уу?

-Болно оо. Dota2 гэдэг тоглоомыг нийт 1400 цаг тоглосон байна лээ. CSGO-ыг 200 орчим цаг тоглосон байх. Гэхдээ яг 1400 цаг тоглосон гэсэн үг биш, аккаунтаа компьютердээ оруулаад орхичихоор цаг нь гүйгээд байдаг бололтой. Би харин ч бага тоглосон доо тооцогдох байх шүү.(инээв) Манай найзууд дунд гурав дөрвөн мянган цаг тоглочихсон хүмүүс зөндөө бий.

-1400 цаг тоглоход ойролцоогоор хэдэн төгрөг үрсэн бол?

-Гэртээ ихэвчлэн тоглодог болохоор хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ 100, 200 ам.доллар л үрсэн байлгүй дээ. Их мөнгө видео тоглоомонд үрэхгүй. Харин мөрийтэй тоглоомонд бол их мөнгө үрсэн шүү. “ggpoker”-ын тэмцээнүүдэд их ордог. Хүмүүс их мэддэггүй л байх. Дэлхийн покерын аваргад Жонатан Тамайо гэдэг залуу өнгөрсөн долдугаар сард түрүүлээд 10 сая ам.доллар шагналд нь авсан. Тэмцээн нь Лас Вегаст болж өндөрлөсөн. Манайх шиг ядуу орны хүмүүст мөрийтэй тоглоом зохихгүй ээ. Хүмүүс хамаг зүйлсээ алдаад л дуусна.

-Яаж 1400 цаг тоглов. Бараг амьдралынхаа 60 хоногийг зөвхөн тоглоход зориулчихсан байна?

-Стрессээ тайлах гэж шүү дээ. Монголчууд баар, караоке орж л стрессээ тайлж байна. Ажлынхаа газрынхантайгаа ч юм уу, хуучны найзуутайгаа ганц хоёр тоглох ч сайхан шүү.

-Тоглох сайтаа хаанаас олдог вэ?

-Чи фэйсбүүк дээрээс “покер сайт” гээд хайхад зөндөө линк гараад ирнэ. Зарим нь утас руу мессеж явуулдаг л юм. Шинэ сайтын тоглох линк явуулдаг.

-Танай гэр бүлийн хүмүүс таныг мөрийтэй тоглодог гэдгийг мэдэх үү?

-Эхнэрээрээ тоглох, тоглохгүйгээ юу гэж заалгах вэ дээ. Манай эхнэр мэдэлгүй яахав. Амьдралаа тавиад туучихгүйгээ мэдэлгүй яахав. Харин энэ залуус хамаг цалингаараа тоглоод байдаг нь буруу даа. Цахим мөрийтэй тоглоомны цаана өөрөөс нь хэд дахин ухаантай. Өөрөөс нь олуулаа хүмүүсд сууж байгааг ухаарахгүй байна. Амархан мөнгө олох гэнэн хүсэлдээ хөтлөгдөөд байна.

-Яагаад мөрийтэй тоглосоор байна вэ. Алдах нь тодорхой биш үү?

-Алдсан мөнгөө эргүүлээд олчихвол ахиж хэзээ ч тоглохгүй. Хамгийн анх ийм тоглоомонд уруу татсан хүн нь манай найз. Одоо манай найз өөрөө тоглодоггүй. Харин би гарч чадахгүй ингээд яваад байна. “Ковид-19”-ийн жил “Poker­rrr 2” гэдэг аппликейшнээр бага багаар тоглож сураад л тоглодог болчихсон. Анх хожих мэдрэмж гоё. Сарын цалингаа ганц хоёр цаг хөзөр тоглоод олчихно. Харин алдсан тохиолдол нь илүү их шүү. Хүн хэзээ ч алдсан мөнгөө эргүүлж олно гэж байдаггүй юм байна. Гэхдээ одоо энэ “ggpoker”-ын жижигхэн тэмцээнүүдээс алдсанаа бага багаар нөхөх бодолтой байна. “Pokerstar”-ыг орос сайт гээд ам дамжиж яриад байдаг болохоор их ордоггүй.

-Гадны сайтаас хожсон мөнгө шууд дансанд чинь ордог уу?

-Монгол сайтаас хожсон мөнгөө авч чадаагүй тохиолдлууд бий. Цагдаагийн газар хандъя гэхээр тоглосон хүн нь өөрөө хэрэгт холбогдоно. Харин гадны сайтаас олсон тав арван цаасаа хэл амгүй авчихдаг шүү. Тухайн улс орондоо хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газрууд аргагүй биз.

Categories
мэдээ нийгэм

Бенгал үүлдрийн муур DNN.mn

Өнгөрөгч долоо хоногт манай улсын нэгэн иргэн дэлхийн есөн удаагийн аваргын удамтай 50 сая төгрөгийн үнэтэй муураа алджээ. Цахим орчинд олж өгсөн хүнд таван сая төгрөгийн шагналтай гэж зарлаж, олон нийтээрээ шуугиан боллоо. Та бүхэнд бенгал үүлдрийн муурны тухай танилцуулж байна.


Үүсэл гарал

Бенгал үүлдрийн муурны тухай хамгийн анх 1889 онд английн артист Харрисон Вайр “Our cats and All about them” номондоо тэмдэглэн үлдээж байжээ. Тэрээр хамгийн анхны муурны үзэсгэлэнг Лондон хотод 1871 онд зохион байгуулж байсан гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн. Хожим Жан Милл хэмээх муур үржүүлэгч эмэгтэй бенгал үүлдрийн муурыг бий болгосон. 1986 онд Олон улсын муурны холбоо албан ёсоор уг үүлдрийг шинэ үүлдэр хэмээн хүлээн зөвшөөрч 2000-аад онд гэхэд бенгал нь хамгийн алдартай үүлдрүүдийн нэг болсон юм.

Гадаад төрх

Өмнөд азид элбэг байдаг зэрлэг муурыг гэрийн тэжээвэр мууртай эвсэлцүүлж, үүний үр дүнд зэрлэг муур шиг гадаад төрхтэй ч гэрийн тэжээвэр муур шиг нөхөрсөг, эелдэг үүлдэр бий болжээ. Бенгал муур нь зэрлэг муур шиг өвөрмөц толботой, гантиг үслэг хээ угалзаараа алдартай. Хамгийн гол нь ирвэс шиг өвөрмөц гадаад төрхтэй. Тэд бор, хар, улбар шар, мөнгөлөг зэрэг янз бүрийн толбон өнгөтэй байж болно. Мөн булчинлаг биетэй ба урт сүүлтэй. Тус үүлдрийн муур нь нүдний торлог бүрхэвчийн хатингаршил зэрэг эрүүл мэндийн цөөн хэдэн өвчинд өртөмтгий. Насанд хүрэгчдийн бенгал муурны жин, хүйсээс хамаарч өөр өөр байна. Насанд хүрсэн эрэгтэй бенгал муур дунджаар 4.5-6.8 кг жинтэй бол насанд хүрсэн эмэгчин нь 3.2-4.5 кг жинтэй. Гэсэн хэдий ч зарим бенгал муурнууд есөн кг хүртэл таргална. Насанд хүрсэн эрэгчин бенгал муур 25.4-40.6 см өндөртэй байх бол эмэгчин нь 20.3-30.5 см өндөртэй байна. Уртын хувьд насанд хүрсэн эрэгчин бенгал 86-101.6 см, эмэгчин бенгал 76.2-89 см хооронд хэлбэлздэг. Бенгалын муурны хэмжээнд нөлөөлдөг гол хүчин зүйл бол генетик. Хоёр том бенгалыг хамтад нь үржүүлэх юм бол илүү том үр удам гаргах магадлалтай. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн бенгал муурны хэмжээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь илчлэг ихтэй хооллолт, хөдөлгөөний дутагдал нь жин нэмэхэд хүргэдэг. Тэдний жингээс үл хамааран бүх бенгал муур зохих анхаарал халамж шаарддаг. Тэднийг тэнцвэртэй хооллож, тогтмол дасгал хийлгэж, малын эмчид тогтмол үзүүлэх нь бенгал муурыг арчлахад чухал. Их Британийн мал эмнэлгийн бүртгэлд хийсэн судалгаагаар бенгалын дундаж наслалт 8.5-11.7 жил.

Зан араншин

Бусад зэрлэг муурнаас гаралтай эрлийзээс ялгаатай нь байгалийн зэрлэг авир араншин багатай. Уг муур нь эзэндээ маш эрх, дотно байдаг ба маш ухаалаг, амьдралын идэвх өндөртэй, хөгжилтэй. Тэднийг тоглуулахын тулд эзэд нь зориулалтын тоглоом, авирч, үсрэх боломжтой өндөр тоглоомнууд суурилуулж өгдөг.Бенгал муур бусад муурны адил өөрийгөө байнга цэвэрлэж байдаг. Тэдний тав тухтай хэвтэр нь хүрээлэн буй орчныг ажиглах боломжтой өндөрлөг газар. Мөн байгалийн араншин нь давамгайлсан тул аль болох нуугдаж болох газар унтах дуртай аж. Ухаалаг, сониуч зантай, идэвхтэй. Тэд бас маш эелдэг бөгөөд эздийнхээ дэргэд байх дуртай. Бенгалуудыг тоглоом тоглоход сургаж болно.

Үнэ

Бенгал муурны үнэ нь үржүүлэгч эсвэл үрчлэх байгууллага, нас, амьтны удам угсаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно. Бенгалыг үржүүлэгчид болон тэжээвэр амьтан үрчлэх агентлагууд харшил үүсгэдэггүй үүлдэр гэж үздэг. Муурны харшилтай хүмүүст харшлын урвал үүсгэх магадлал багатай. Тиймээс, муурны харшилтай хүмүүс уг муурны төлөө багагүй мөнгө зарахад бэлэн. Бенгал үүлдрийг цэврээр нь хадгалахын тулд үржүүлэгчид үржлийн хөтөлбөртөө маш их цаг, мөнгө зарцуулдаг. Ийм учир бенгал зулзага ихэвчлэн 1500-3000 ам.долларын үнэтэй. Чанартай зулзага 5000 ам.долларын үнэтэй ч байдаг. Тэднийг эрүүл, урт наслуулахын тулд үрчлэгч тус муурны онцлогтой сайтар танилцсан байх хэрэгтэй. Сонирхуулахад, бенгалаас үнэтэй Ашера үүлдрийн муурны үнэ 100 мянган ам.доллараас эхэлдэг байна.

Бенгал муур  юу иддэгвэ?

Бенгал муур нь шувууны мах, мах, загас зэрэг уургаар баялаг хоол хүнсээр хооллоно. Тэдний өвөг дээдэс болох Азийн зэрлэг муур нь шувуу болон бусад мэрэгч амьтдаар хооллодог байжээ. Бенгал муурыг хангалттай уургаар тэжээх хамгийн сайн арга бол байгалиас гаралтай макро шим тэжээлээр баялаг муурны хоолоор хооллох юм. Тухайлбал, бенгал муурыг шинэхэн махаар хийсэн түүхий хоолоор хооллох нь ашиг тустай. Мэдээж малын эмчийн зөвлөгөөгөөр тэднийг түүхий махаар бүрэн хооллоно. Эсвэл хоолонд нь түүхий мах нэмж уургийн хэрэгцээг нь нөхөж болно. Бенгал муур тахианы маханд тун дуртай байдаг аж. АНУ-ын ихэнх мужуудад бенгал муур эзэмшихийг хуулиар зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч зарим мужууд тэжээхийг хориглосон. Учир нь уг үүлдэр нь зэрлэг амьтдын эрлийз тул өвчин тээж, бусад гэрийн тэжээвэр амьтдад халдаах эрсдэлтэй гэж үздэг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Гэрэлтогтох: Нийслэлийн хэмжээнд 13 байршилд зам засварын ажил бүрэн хийгдэж дууссан DNN.mn

Нийслэлийн 78 байршилд зам засвар, арчлалтын ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын Санхүү, захиргааны хэлтсийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Гэрэлтогтохоос тодрууллаа.


-Нийслэлд одоогийн байдлаар нийт хэдэн байршилд зам засвар, арчлалтын ажил хийгдээд байна вэ?

-Зам засвар, арчлалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Нөхөн сэргээлтийн ажлууд арваннэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 13 байршилд зам засварын ажил бүрэн хийгдэж дууссан. Эвдрэл нөхөн засварлах ажлын хүрээнд 115 мянган м.квадрат замыг засварлаад байна. Намьяанжугийн гудамж, Амгалан, Орбитын буюу Цэргийн хотхоноос тахилтын уулзвар хүртэл, Бага тойруу, Нарны зам, УБЦТС-ын баруун талын авто зам, Хатанбаатар Магсаржавын гудамж, Богд уулын арын авто зам, Хилчний гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Нэгдсэн үндэсний гудамж гэсэн нийт 13 байршилд зам засвар, арчлалтын ажлыг хийж бүрэн дууссан. Энэ оны эхний хагаст 17.55 км авто замд засвар шинэчлэлт хийсэн байна. Мөн Мишээл экспогийн зүүн хойд хэсэгт байх Эрэлийн хажуугаас шууд говийн замтай холбогдох шинэ зам тавигдсан.

-Дүнжингаравын зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Яг одоо хийгдэж буй томоохон ажил бол яах аргагүй Дүнжингаравын урд талын зам. Дүнжингаравын уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Суурийн ухмалын ажил дууссан. Газар чөлөөлөлтийн асуудлаас болж түр зогссон. Газар чөлөөлөлтийн асуудал шийдэгдчихвэл ажил цааш хэвийн үргэлжилнэ. Мөн Дүнжингаравын зүүн талд зургаан эгнээтэй томоохон нүхэн гарцын ажил хийгдэж байна. Асфальт бетон хучилтын ажил хийгдэх гэж байгаа. Дүнжингаравын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө буюу Баянзүрх дүүрэг хүртэл далан дагаж явсаар холбогдох зам юм. Тухайлбал, Дүнжингараваас Нарантуулын зам руу орж, цааш явсаар Баянзүрх дүүргийн баруун хэсгээр гарах зам гэсэн үг. Энэ нь түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй байх болно.

-Яармагийн гүүрний зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ тал дээр яг тодорхой хариу хэлэх боломжгүй. Аль болох шахаж, хурдан ашиглалтад оруулах үүрэг өгч байгаа. Гүүрнүүдийн хувьд бүрэн ашиглалтад оруулахад бэлэн байгаа.

-22-ын товчооны авто замын засвар бүрэн дууссан уу. Наадмын үеэр их ачаалалтай байсан?

-22-ын товчооны авто замд суурь асфальт, бетон хучилт, шугам сүлжээний ажил, бродур суурилуулах ажил хийгдэж дууссан. Одоо харин хэсэгчилсэн байдлаар өнгө асфалть, бетон хучилтын ажил хийгдэж байгаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч ус зайлуулах системтэй болсон. Өөр ямар замд ус зайлуулах систем хийгдэж байна вэ?

-Эрдэнэтолгой болон Хангай хотхоноос урагш чиглэлд ихээхэн хэмжээний ус тогтдог учир эвдрэл үүсдэг. Ус зайлуулах шугам

сүлжээний ажлыг хийхгүй бол хэчнээн засварласан ч дахиад л амархан эвдрэх юм. Тус газруудын нөхцөл байдалтай хотын дарга өөрийн биеэр очиж танилцсан. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд Геодези, Усны барилга байгууламжийн газартай хамтарч тухайн газрын авто замын засвар, арчлалтын ажил хийгдэж байгаа. Эрдэнэтолгой нь булагтай болохоор ус их тогтдог. Гурван байршилд булаг үүсч зам руугаа хальж урсдаг. Тухайн бүсэд борооны усыг замаасаа доош нь урсгаж ус зайлуулах гаргалгаа гаргах юм бол ойр тойрны айлууд үерт автах эрсдэлтэй. Учир нь айлууд зам руугаа шахаад хашаалчихсан. Тиймээс тухайн хэсэгт ус зайлуулах шугам сүлжээний ажлыг цогцоор нь хийж байж тухайн асуудлыг шийдвэрлэх юм. Мөн Зурагтын авто замын тендерийг дахин зарласан байгаа тул хэсэг хугацааны дараа зам засварын ажил эхэлнэ.

-Энэ онд нийт хэдэн байршилд зам засвар, арчлалтын ажил хийгдэх вэ?

-Нийт 78 байршилд авто зам засвар, арчлалтын ажил хийгдэхээр төвлөгдсөн. 13 нь бүрэн дууссан. Үлдсэн 65 ажилд ус зайлуулах шугам сүлжээний ажил цогцоороо хийгдэнэ. Тиймээс хотын ихэнх гудамж замуудын эвдрэл гэмтэл багасна.

-МУИС-ийн арын авто зам засварын ажил зургадугаар сард бараг ажлын тав хоногт хийгдсэн. Харин өөр замууд яагаад ийм удаашралтай байна вэ?

-Зам засварын ажил тухайн хэсгийн ус зайлуулах худгийн таг өндөрлүүлэхээс эхэлж байгаа юм. Бродур солих, замыг өргөсгөх гэх мэт ажлууд замыг хаахаас өмнө хийгдэж байдаг. Тухайн ажлууд хийгдэж дууссаны дараа буюу асфальт бетон хучилт авахад бэлэн болох үед замыг хаадаг. Аль болох түргэн шуурхай зохион байгуулалт төлөвлөгөөний дагуу бүх ажил явагддаг. Асфальт бетон хучилт авахдаа л замыг хаадаг. Мөн зарим хувийн байгууллага хотхон дундуур стандартын бус авто зам барьж улсын өмчид хүлээлгэж өгөөгүй асуудал байдаг. Тийм болохоор нийслэлийн зүгээс засвар, арчлалт хийх боломжгүй. Мөн иргэд буруу ташаа ойлголттой байдаг. Бродур солихын эсрэг байдаг. Авто замыг шинэчлэхтэй холбоотойгоор зайлшгүй бродур солих шаардлагатай. Хуучин авто зам дээр давхарлаж хучилт хийж байгаа болохоор замын өндөр нэмэгдэж байгаа юм. Бродур нь стандартынхаа дагуу замаасаа 15 см өндөр байх ёстой. Хуучин бродурыг дүүргүүд рүү хүргүүлж байна. Мөн санал хүсэлтээ ирүүлж байгаа аж ахуйн нэгжүүд рүү өгдөг. Шууд хаяхгүйгээр дахин ашигладаг гэсэн үг.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Золбаяр: 20 дахь өдрөө суулт хийж байна. талийгаач О-гийн хэрэг олимпийн нүргээнд дарагдах ёсгүй DNN.mn

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу бие нь муудаж III дугаар төв эмнэлэгт хүргэгдээд удаагүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач О-той хамаатан төрөл садангийн холбоогүй ч түүнийг өмгөөлөн Сүхбаатарын талбай дээр 20 дахь өдрөө суулт хийж буй Т.Золбаяртай ярилцлаа.


-Та хэд дэх өдрөө суулт хийж байна вэ. Өөрөө талийгаач О-гийн төрөл садангийн хүн үү?

-Үгүй ээ, талийгаач О-той уулзаж байгаагүй. Хамаатан төрөл садангийн холбоогүй. Суулт хийж эхэлснээс хойш 20 хонож байна. Өглөө 09:00-10:00 цагийн хооронд ирээд 18:00 цаг хүртэл суулт хийж байна. Анх талийгаач О-гийн талаар мөн амь насаа алдсан мэдээг нь сонсоод маргааш өдрөөс нь эхэлж суултаа эхлүүлсэн. Хүний амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрх ноцтойгоор зөрчигдсөн хэрэг боллоо.

-Яагаад таны дүү, эсвэл үр хүүхэд биш байтал ийнхүү удаан хугацаанд суулт хийж байна вэ?

-Би ч гэсэн 19 настай эрэгтэй дүүтэй хүн. Орой үдэш дүүгээ гарахад хэрэг төвөгт орооцолдох вий гэж санаа зовдог. Би өөрөө ч энэ насыг туулж гарсан. Иргэд аймхай, ноомой, хүлцэнгүй болсон байна. Одоо энэ хэргийг нүдээ аниад, чихээ дараад зүгээр өнгөрүүлж яавч болохгүй.

Хэрвээ тэгэх юм бол дараа нь дахиад ийм зүйл болвол “хүмүүс өмнө нь зүгээр өнгөрүүлсэн юм чинь одоо яагаад шийдвэрлэх ёстой гэж, одоо ч зүгээр өнгөрүүлчихнэ” гэж хандах болно.

Хэн ч хариуцлага хүлээхгүй. Надад л тохиолдохгүй, миний хажуугаар өнгөрч байвал болоо гэсэн сэтгэлгээтэй байж болохгүй. Бид ямар нядлагдах гээд хүлээгдэж байгаа мал уу? Талийгаач О-гийн хэрэг, гомдол эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр ингээд өнгөрч болохгүй. Хэрвээ тэгвэл дараа дахиад л ийм зүйл тохиолдвол иргэд яаж ч чадахгүй гээд улам л дээрэлхэнэ шүү дээ. Талийгаачийн АТГ-т гаргасан гомдол эцэслэн шийвдэрлэгдэх ёстой.

-АТГ-т гомдол гаргахдаа зодуулсан шархны зураг гэх мэт зүйлсээ хавсаргасан бололтой байсан?

-Эгчийнх нь хийсэн хэвлэлийн хурлыг үзсэн. Маш их эмзэглэсэн ба уур бухимдал төрсөн. Олуулаа нийлж байж энэ хэргийг шийдвэрлүүлэх ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Асуудлыг өөр нэг үйл явдал, сенсаци гарах юм бол мартдаг, хойш нь тавьдаг баймааргүй байна. Суулт хийж байгаа нь ардчилсан тайван арга замаар шийдвэрлүүлэх зорилготой юм. Өөрсдийнхөө дураар хууль хяналтын байгууллага авирлаж байгаад маш их бухимдаж байна. Талийгаач О-гийн амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрх шууд зөрчигдлөө. АТГ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шалгах байгууллага шүү дээ. АТГ-т гаргасан гомдол нь хууль журмынхаа дагуу шийдэгдэх болно гэж итгээд гомдол гаргасан байгаа юм. Гэтэл АТГ нь талийгаач О-г цагдаа нартаа барьж өгчихсөн гэж нийгэм хардаж байна . Нас барахаасаа ч өмнө тэр залуугийн итгэл найдвар нь унтарсан байх. Цагдан хоригдоод бүүр залхаан цээрлэгдчихсэн.

-Түүний хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд зарласан. Энэ үйлдэл дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Цагдаагийн байгууллага нийгэмд хамгийн аюултай газар болчихжээ. Уг нь цагдаагийн байгууллага иргэнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Түүний цагдаагийн бүртгэлийн мэдээллийг олон нийтэд мэдээлсэн нь буруу үйлдэл. Хэрвээ хүмүүс санаж байгаа бол 2021 онд Сүхбаатарын талбай дээр нэг залуу өөр дээрээ бензин асгаж байгаад шатаж нас барьсан. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэл хийхдээ “гэр бүлгүй, CD зардаг, аав ээжтэйгээ амьдардаг” гэх мэт хувийн мэдээллүүдийг нь зарлаж байсан. Тухайн үед би хэвлэлийн бага хурал зарласан. Тус хурал дээр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга нь биечлэн ирж байсан. Хэлсээр байтал дахин хүний нууцыг өөрсдийгөө хамгаалах зорилгоор ингэж олон нийтэд зарлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Талийгаач О-гийн үхэлд буруутай этгээдтэй заавал харицлага тооцох ёстой. Талийгаач О-гийн хэрэг олимпийн нүргээнд дарагдах ёсгүй. Бид ийм дарамтад дасаад, дөжрөөд байж болохгүй. Хүний алтан амь нас шүү дээ.

-Дуртай нь хүний хувийн мэдээлэлтэй танилцдаг баймааргүй байгаа юм?

-Цагдаагийн байгууллага бидний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тийм байтал цагдаагийн байгууллага гэмт хэргээр мөнгө хийдэг байгууллага болсон. Үүнийг маш олон жишээнээс харж болно. Ингээд цагдаагийн байгууллагыг зоосны нүдээр харсаар байвал нийгэм, ард иргэд энэ байгууллагад итгэх итгэлээ алдана. Иргэд болон цагдаагийн албан хаагчид хоорондын харилцаа ч муудна. Мөн цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Хүний эмзэг мэдээлэлтэй танилцах эрх ямар албан тушаалтанд байхыг бид дахин харах хэрэгтэй. Үхчихсэн юм чинь гээд хүний эмзэг мэдээллийг олон нийтэд зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг олон талаас нь хэлэлцсэн нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байна. Мөн эрх баригч намаас цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг томилдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

-Эцсийн эцэст талийгаач О амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхээ эдэлж чадсангүй?

-Төр нь Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг хангаж ажиллах ёстой. Бидний эрхийг хангаж ажиллаарай гээд бид саналаа өгсөн. Төр засаг ингэж ажиллаж чадахгүй байна. Ер нь бидний эрхийг хангаж, хамгаалж ажиллах ёстойгоо мэдэж байгаа юм уу. Эсвэл олон нийтийг хамжлага ардаа гэж бодоод байгаа юм уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Сүнжид: Дүрэм журам нь өөрөө хүний эрхийг зөрчөөд байна DNN.mn

 ТАЛИЙГААЧ О-ГИЙН ХЭРЭГ МОНГОЛ ЗАЛУУС АМЬД ЯВАХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Иргэн О цагдан хоригдож байхдаа Улсын III төв эмнэлэгт хүргэгдэж, улмаар 23 цагийн дараа амьсгал хураасан. Иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нэг асуудал нь талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа гавтай байсан гэдэг асуудал. ШШГЕГ-ын журамд нь үнэхээр тийм байв уу?

-Төрийн байгууллагын хяналтад байсан иргэн амь насаа алдсан нь ноцтой тохиолдол. Тиймээс ч шуурхай ажиллаж, гэм буруугийн асуудлыг тогтоож, хариуцлага тооцох ёстой. Дээрх харамсалтай хэрэг 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр болсон тухай мэдээллийг ХЭҮК авсан даруйдаа шуурхай ажиллаж эхэлсэн. Комиссоос ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж, холбогдох алба хаагчдаас мэдээлэл, тайлбар авч дүрэм, журамтай танилцсан. Аюулгүй байдал талаас гав хэрэглэхээр журамласан байсан ч эмчилгээ хийх үед, мөн ухаангүй үед хэрэглэх талаар бол зохицуулалт тусгаагүй байна лээ. Эмнэлэгт ухаангүй ирсэн үйлчлүүлэгчид ямар журмаар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг нь эмнэлгийн өөрсдийн стандарт байх ёстой. Эмнэлэгт янз бүрийн нөхцөл байдалтай иргэн тусламж үйлчилгээ авдаг. Ухаантай ухаангүй, өөрийгөө хянаж чадах, чадахгүй гэх мэт. Энд хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Гэтэл үүнийг одоо болтол нэгдмэл байдлаар журам, стандартыг нь гаргаж шийдээгүй байна гэдэг тун харамсалтай. Талийгаач О-гийн амиа алдсан хэргийн хувьд гав хэрэглэсэн нь хүнлэг бус харьцаа мөн гэж Комисс дүгнэсэн. Тухайн нөхцөл байдалд хүнлэг харьцах, иргэнээ бодож шийдвэр гаргах нь алба хаагчдаас ихээхэн шалтгаалдаг. Хэн ч байсан нэр төр байна, ямар ч тохиолдолд тухайн хүний эрхэм чанарыг нь гутаахгүй байх, хүнлэг бус хандахгүй байх үүрэгтэйг санах ёстой.

-Тэгэхээр алба хаагчдыг шууд буруутгах нь өрөөсгөл бололтой?

-Хууль тогтоомжийн зохицуулалт болон салбарын дүрэм журам цаашлаад алба хаагчдын хандлага, үйлдэл гээд бүгдийг нь авч үзэх ёстой. Эцэстээ энэ бүх тогтолцоо нь хүний эрхийн зөрчилгүй байх, хүний төлөө байх учиртай шүү дээ. Дүрэм, журамд тодорхой зохицуулаагүйгээс, байгууллагын үйл ажиллагаа уялдаа холбоогүйгээс, алба хаагчийн хандлага, ур чадварын асуудлаас үүдэн хүний эрхийн зөрчил гарч байна. Энэ нь өөрөө төрийн байгууллагуудын хүний эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй уялдахгүй байгааг харуулж байгаа юм. ХЭҮК-оос хийгдэж байгаа хяналт шалгалтууд нь ихэвчлэн Комиссын гишүүдийн санаачилгаар хийгддэг. 2023 оны тоон мэдээнээс үзвэл, гомдол мэдээллийн мөрөөр 25 удаагийн хяналт, шалгалт хийсэн. Гэтэл Комиссын гишүүдийн санал, санаачилгаар 119 удаагийн хяналт шалгалт хийсэн байна. Хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй тохиолдол гармагц, гарах эрсдэл байвал үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүд санаачилгаараа тухайн байгууллагад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргадаг.

-Энэ хэргийг эцэслэн дүгнэхэд шүүх шинжилгээний хариу ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Одоо хариу л хүлээгдэж байна уу?

-Хоёр асуултад хариу өгөх ёстой. Нэгдүгээрт, эрүүдэн шүүгдсэн тухай асуудал. Талийгаач 2024 оны нэгдүгээр сард энэ талаарх гомдлыг АТГ-т гаргасан. Гомдлыг хэрхэн, яаж шийдэгдсэн бэ гэдэг хариуг прокуророос өгөх ёстой. Хоёрдугаарт, яагаад амиа алдав гэдэгт хариулах ёстой. Комиссоос цагдаа, прокурор, Цагдан хорих 461 дүгээр анги, Улсын III төв эмнэлэг зэрэг байгууллагаас мэдээлэл авч, биечлэн уулзсан. Иргэдийн хувьд маш хурдан ямар нэг дүгнэлт сонсож, буруутныг мэдэхийг хүсдэг.

ХЭҮК нь хүний эрх зөрчигдсөн эсэх, хаана зөрчигдөв гэдэг дээр мэргэжлийн дүгнэлтийг олон талын дүн шинжилгээ, хяналт шалгалтын үндсэн дээр гаргадаг байгууллага. Энэ дүгнэлтийг цаг алдахгүйгээр тогтмол, шуурхай гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл, ийм шалтгааны улмаас хүний эрх зөрчигдөх эрсдэлтэй байна, эсвэл зөрчигдсөн байна. Энэ зөрчлийг таслан зогсоо, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм ийм арга хэмжээ авч хэрэгжүүл гэдэг зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.

Гэтэл зарим тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэх дүгнэлтийг гаргахын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах тохиолдол гардаг. Жишээлбэл, иргэн О амиа алдсан хэрэг дээр дүгнэлтийг гаргахын тулд олон ажиллагаа хийх шаардлагатай болсон. Үүнд, нотлох баримтуудтай танилцах, хамт хоригдож байсан хүмүүстэй уулзах, шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдаас тайлбар авах, хяналтын камерын бичлэгийг шүүх зэрэг олон талын мэдээлэл цуглуулж, олон газраас тайлбар мэдээлэл авах шаардлагатай болсон. Энэ утгаараа зарим тохиодолд тодорхой хугацаа шаардлагатай. Бид алдах эрхгүй мэргэжлийн байгууллагын албан хаагчид. Маш үндэслэлтэй, нарийн ажиллах ёстой юм шүү дээ. Талийгаач О бол монгол залуус “амьд явах эрх”-ээ эдэлж чадахгүй байгаагийн тод жишээ.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭГ Ч БАРИВЧИЛГАА ЯВАГДАХГҮЙ БОЛЛОО

-Эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг ХЭҮК олон жил хөндөж ярьсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх олон удаагийн илтгэлд тусгаж, УИХ-аас хэлэлцүүлсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа хийгдэхгүй боллоо. Үүнийг Комиссын ажлын үр дүн гэж харсан.

-ХЭҮК анх байгуулагдсанаасаа хойш эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэж ирсэн. Тухайн үед цагдан хорих байр, баривчлах байранд эрүүдэн шүүлт түгээмэл байсан. Гэтэл 2017 оноос л эрүү шүүлтийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн шүү дээ. Бидний зүгээс үүнд багагүй хүчин чармайлт гаргаж, үндэслэл, судалгааг нь хийж, асуудлыг ил гарган тавьснаар энэ өөрчлөлтийг бий болгосон.

НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан тусгай илтгэгч 2022 онд Монгол Улсад ажиллаад дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтдээ баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн хяналтгүйгээр явагдаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хойшлуулшгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилдаг. Эсхүл таслан сэргийлэх арга хэмжээ болгож цагдан хорьж буй асуудал нь тодорхой орон зайд хорих замаар хүний эрхийг хязгаарладаг. Тэр хугацаанд баривчлах асуудлаар гомдол гаргах боломжгүй байх, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх, эрүүдэн шүүлтэд өртсөн гэдэг гомдол мэдээллийг ХЭҮК-т цөөнгүй иргэн гаргасан, дээрх асуудал нь хүний эрхийн зөрчил мөн гэж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд тусгасан. Улмаар илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг НҮБ-ын зөвлөмж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлж маш тодорхой нарийвчлан хуульчилснаар хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлийг бүгдийг нь хассан.

Хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр бүх баривчилгаа шүүхийн хяналтан дор явагддаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь хорих ял ногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт цагдан хорих арга хэмжээг түгээмэл хэрэглэдэг байсан явдал таслан зогсоогдож байна гэсэн үг. Гэхдээ нэг зүйл бий. Энэ нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс буюу хорих ялгүй зарим төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол цагдан хорих арга хэмжээг хэрэглэнэ. Ингэхдээ шүүхээс цагдан хорих прокурорын саналыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Хуульд ийм нэмэлт өөрчлөлт ороход ХЭҮК ихээхэн хүчин чармайлт гаргаж, шахалт үзүүлж ажилласны үр дүн юм.

-Ер нь таны харж буйгаар Монгол Улсад гарч байгаа хүний эрхийн нийтлэг зөрчлүүдийн үндсэн шалтгаан нь юу вэ?

-Нийгэм дэх хүний эрхийн тухай мэдлэг, мэдээллийн дутмагшлаас үүднэ. “Яасан ч үүнийг үйлдэж болохгүй” гэсэн ойлголт, “Тэр намайг ингэх эрхгүй” гэсэн өөрийгөө хамгаалах мэдлэг, энэ тохиолдолд хаашаа хандах вэ гэдгээ мэддэг байх гэх мэт. Хэн “хүчтэй” нь бусдад илүүрхэх эрхтэй мэт аашилдаг, энэ дур зоргыг нь хууль ёсны замаар арга хэмжээ авч хязгаарлахгүй байгаа байдал нь хүний эрхийн зөрчилд бас нөлөөлж байна. Мэдээж ядуурал хамгийн ихээр нөлөөлж байна. Амьжиргааны түвшин нь маш олон асуудлын суурь болдог. Ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчил гээд дагалдах асуудлууд гарч ирдэг. Өнөөдөр Монголын хүн амын 27 орчим хувь нь амьжиргааны түвшин доогуур байна. Энэ тооны цаана хүний эрхийн маш олон асуудал яригдана.

-Хурдан морь унаач хүүхдүүдийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Соёл, уламжлал гэдэг зүйл өөрөө маш хүчтэй, гүн суурьтай үзэгдэл юм л даа. Өөрчлөлтийг маш бага багаар хийхээс өөр ямар ч аргагүй. Унаач хүүхдүүдийн тухайд хамгаалах хувцас, хэрэглэлийн стандарттай болоод багагүй хугацаа өнгөрч байна. 2021 онд хийгдсэн судалгаагаар уяачид өөрийн хамаатан, төрөл садныхаа хүүхдээр морь унуулж байгаа бол стандартаа сайн сахиж, хүүхдээ хайрладаг юм байна. Харин аав, ээж нь малчин, эсвэл уяачийндаа “амьдардаг” хүүхдүүдэд ихэвчлэн өөрөөр ханддаг. Тэднийг “тавиул хүүхэд” гэдэг. Тиймээс эдгээр хүүхдийн эрхийг зайлшгүй анхаарч, хамгаалах ёстой. ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 23 илтгэлийн 15-д нь хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгаснаас хоёр нь унаач хүүхдийн эрхийн зөрчлийг судалж, УИХ-аар хэлэлцүүлсэн.

Хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналт хамгийн чухал. Гэтэл хүүхдэдээ тавих хараа хяналт сул, хайр халамж хангалттай үзүүлдэггүй, цаашлаад гэр бүлийн нөхцөл байдал зэргээс үүдэн хүүхдээрээ ажил хийлгэж байсан тохиолдол олон гарсан, одоо ч байсаар байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн эрхийн асуудал бол үүрэг хүлээгчдийн бүгдийнх нь байнга санаа тавьж, зөрчлийг шуурхай таслан зогсоож, зөрчлөөс урьдчилан сэргийлж байх ёстой асуудал.

-Сум, орон нутагт амьдардаг хүүхдүүдийн хувьд маш олон асуудал тулгамддаг. Зөвхөн сурч боловсрох эрхийн хэрэгжилт гэлтгүй шаардлагатай эмээр хангагдаж чадахгүй байх гэх мэтчилэн?

-Хөдөө орон нутаг дахь байнгын асаргаанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмийн хангалт муу, шаардлагатай эм нь тасалддаг асуудал гарсан. Энэ асуудалд Комисс хатуу байр суурьтай байгаа. Судалж үзэхэд, тухайн эм тариа нь импортоор орж ирдэг, нийлүүлэлт тасарчихвал хаанаас ч олох аргагүй юм билээ. Учир нь зарим эм нь импортоор шууд оруулах эмийн жагсаалтад байхгүй. Мэдрэлийн ёзоор тайруулах хагалгаа хийлгэсэн тохиолдолд уудаг 40 гаруй эм байдаг. Гэтэл үүний тал хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Эмийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа хангалтгүй, гааль дээр ирсэн эм тариа нь бичиг баримт бүрдүүлбэрийн шаардлага хангадаггүй, эмийн нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй зэрэг шалтгааны улмаас эмийн тасалдал үүсдэг. Гэтэл Эрүүл мэндийн сайдын нэг удаагийн импортын зөвшөөрлөөр удаа дараагийн татан авалт хийгддэг байх жишээтэй. Энэ бол Эрүүл мэндийн салбарын дагнан хариуцах ёстой ажлууд. Шийдэх боломжтой ийм асуудлууд үр нөлөөгүй, уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болж шийдэгдэхгүй байна. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн ээж, аавууд ажил хөдөлмөр эрхлэх болмж хомс байдгаас шалтгаалж, санхүүгийн дарамтад өртөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс ээж, аав асран хамгаалагчид, гэр бүлийн санхүүг хэрхэн дэмжих асуудлыг бас шийдэх ёстой.

Түүнчлэн орон нутгийн хүүхдийн боловсролын асуудал, хөгжих, хамгаалагдах эрхийг хангах асуудал чухал байна. Энэ асуудалд Комисс байнгын хяналт тавин ажиллаж байгаа. Дотуур байруудыг үе шаттай шинэчлэх, стандартад нийцүүлэх зэрэг асуудалд хяналт шалгалт хийж, Илтгэлд тусгасан. Үүний мөрөөр дотуур байруудыг үе шаттай шинэчилж, шинээр барихыг УИХ-аас Засгийн газарт даалгасан. Энэ ажил хэрэгжээд эхэлсэн.

ХЭҮК ҮРГЭЛЖ “ЧИХНЭЭС ХОНХ УЯСААР” БАЙХ БОЛНО

-Төр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэгтэй. Эндээс ХЭҮК нь төр энэ үүргээ хэрэгжүүлж байгаад хөндлөнгөөс хараат бусаар хяналт тавьдаг, хүний эрхийн хэрэгжилтийг шаарддаг гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төр нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Хүний эрхийг хангах, хамгаалахад оролцохгүй төрийн байгууллага гэж байхгүй. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх бүхий л байгууллага бүгд үүрэг хүлээгч. Харин хэн нь ямар үүрэг хүлээх вэ гэдэгт хуулиар чиг үүрэг, эрх хэмжээг нь тодорхойлдог. Тогтолцоогоо харах юм бол, Засгийн газарт хамгийн их үүрэг оногддог. Өнөөдөр 4100 орчим төрийн байгууллагад 225 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Харин ХЭҮК хүний эрхийг хангах, хамгаалахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл, энгийн үгээр бол “оношилгоо хийдэг”, хүний эрхийн хувьд хийх ажлын “луужингийн чигийг заадаг” гэсэн үг.

-Тухайлбал?

-Тогтолцоо нь ажиллаж байна уу, баталсан хууль тогтоомж хүний эрхэд ээлтэй байж чадаж байгаа эсэхийг судалдаг. Хүний эрхийн зөрчил гарсан бол яаж арилгах, залруулах ёстой вэ гэдгийг нь хэлнэ. ХЭҮК-оос жил бүрийн хавар бүр Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д танилцуулдаг. Мөн иргэдээс ирсэн гомдол, өргөдлийг гомдол шалгах ажиллагааны журмаар шийдвэрлэдэг.

Хамгийн гол хөнддөг сэдэв бол тогтолцооны асуудал. Хүүхэд хамгааллын тогтолцоо, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал, цэргийн дүрмийн бус харьцаа, эрүү шүүлтийн асуудал гэх мэт. Эдгээр асуудал гарч байгаа цаад учир шалтгааныг тогтоож, зөрчлийг арилгах зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.

-Өмнө нь илтгэлийг зөвхөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцдэг байсан. Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-аар хэлэлцдэг болсон байх аа?

-Тийм. Том зургаар харвал, илтгэлийн ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Анх зөвхөн байнгын хороогоор хэлэлцдэг байсан бол 2021 оноос эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцдэг болсон. Үүний үр дүнд асуудлыг олон талаас харах боломж нэмэгдсэн. Бидний зүгээс шаардлага, зөвлөмжөө хүргүүлнэ. Нөгөө талаасаа хэрэгжүүлж буй байгууллагууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, шийдэл гаргалгаагаа нээлттэй ярилцаж, хэлэлцэнэ. ХЭҮК-оос танилцуулсан илтгэлийн мөрөөр УИХ-ын тогтоол гардаг. Тогтоолыг Засгийн газар биелүүлэх үүрэг хүлээдэг.

-УИХ-ын гишүүд танайхаас танилцуулсан илтгэлтэй бүрэн гүйцэт танилцдаг уу. Танай байгууллагын чиг үүргийг хэр сайн ойлгосон байдаг юм бэ?

-Өнгөрсөн жилийн 22 дахь илтгэлтэй УИХ-ын зарим гишүүд сайн танилцсан байна лээ. Мөн Хууль зүйн байнгын хорооны гишүүд сайн уншиж танилцсан байдаг. Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр ХЭҮК-оос хууль санаачлах тухай асууж байсан. Энэ нь УИХ-д анх удаагаа сонгогдсон гишүүн олон болсонтой холбоотой байх. Хууль санаачлах байгууллага нь манайх биш. Харин УИХ-ын гишүүд хүний эрхийг хангах, хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулахад нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Мөн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлах ажил байна. Хүний эрхийн төлөв байдал ямар байгаатай гишүүд танилцаж, санаачилгатай ажиллана байх гэж найдаж байна.

-Жил бүрийн илтгэлд ямар сэдвүүд тусгагддаг вэ?

-Цэргийн албан дахь дүрмийн бус харилцаа, халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт асуудлаар тодорхой зөвлөмжийг тусгадаг. Нийт 23 удаагийн хүний эрхийн илтгэлд хамгийн олон удаа давтагдсан асуудал бол эдийн засаг, нийгэм соёлын салбарт хамаарах эрхүүд буюу сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийн тухай асуудал байна. Зорилтот бүлгээр авч үзвэл, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн эрх хамгийн их хөндөгддөг. Иргэний болон улс төрийн эрхийн хувьд эрүү шүүлтээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй байх эрхийн асуудлыг нийт 15 удаагийн илтгэлд тусгасан. Халдашгүй байх эрхийг хөндөөгүй илтгэл бараг байхгүй. Цагдан хорих, баривчилгаа хууль ёсных байгаа эсэх, эрүү шүүлтээс ангид байх эрх бол мөнхийн сэдэв байж ирсэн. Энэ зөрчил байгаа цагт ХЭҮК үргэлж л “чихнээс хонх уясаар” байх болно.

ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ХҮЧ, ДУУ ХООЛОЙ ДУТДАГ

-Жил бүр таницуулж байгаа илтгэлийн хэрэгжилт хангалттай байдаг уу?

-ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хангахаар баталсан УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтэд 2018 оноос дүн шинжилгээ хийж эхэлсэн. Өмнөх жилийн тогтоолын хэрэгжилтийн дүгнэлт дараа жил гаргах байдлаар дүгнэж байна. Өнгөрсөн дүгнэлтүүдээс харахад, 100 хувийн гүйцэтгэлтэй байсан удаагүй. Гэхдээ бага багаар урагшилж байдаг. Тухайлбал, 2015 онд хөндөгдсөн асуудал жил жилд “сайжирсаар” байгаад энэ жил бүрэн арилж байх жишээтэй. Өнгөрсөн гуравдугаар сард Хууль зүйн байнгын хороотой хамтарч 21, 22 дугаар илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн дүгнэлтийг хэлэлцсэн. Манай зүгээс тогтоолын хэрэгжилтийг 60, 70 хувьтай гэж дүгнэсэн. Гэхдээ яг хувиар илэрхийлэхэд бага зэрэг ярвигтай. Үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээг хувьчлан дүгнэх нь өрөөсгөл.

-Жишээгээр тайлбарлаач?

-Жишээлбэл, аймаг, сумын төвүүд дэх сурагчдын дотуур байрыг үе шаттайгаар шинэчлэх зөвлөмжийг өгсөн. Сумын төвийн дотуур байрууд нь одоо хүртэл дотор галлагаатай, гал гарах эрсдэлтэй, ариун цэврийн өрөө байхгүй, гадаа ил бие засдаг модон жорлонтой зэргээр хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй байдал байсаар байна. Барилга нь хөгцөрч, мөөгөнцөртчихсөн гэх мэт. Стандартын шаардлага хангахгүй, насжилт нь хэтэрчихсэн барилгуудыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Тэнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юм. Ямар ч байсан дотуур байруудыг шинэчлэх ажил эхэлсэн. Төсөв төлөвлөгдаж, зарим барилгын ажил эхэлсэн.

-Зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байх үндсэн шалтгаан нь юу гэж ажиглагддаг вэ?

-Ер нь хүний эрхийг зөрчсөн асуудал гарахаар Комиссын зөвлөмж, шаардлагыг төрийн байгууллагууд хүлээж авч, шуурхай арга хэмжээ авч байгаа хэдий ч нэг удаагийн гал унтраасан шинжтэй байна. Үйл ажиллагаа, авсан арга хэмжээ нь нэг удаагийн шинжтэй биш байгууллагын соёл, зорилго, албан хаагчдын хандлага болж байж хүний эрхийн нөхцөл байдалд ахиц гарна гэдгийг анхаарах ёстой. Хүний эрхийг хамгаалж байгаа дүр үзүүлж ажилладаг хандлагаа өөрчлөх цаг болсон.

Аливаа зөвлөмж, шаардлагыг биелүүлэхэд эргэх холбоотой байж, хүний эрхийн зөрчил үүсч байгаа тэр нөхцөл байдлыг залруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр асуудал, хүний эрхийн зөрчил байгааг илрүүлж, гаргаж тавьж чадаж байна. Шийдвэрлэх арга замыг хувилбартайгаар дэвшүүлж байна. Харин шийдлийг төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүйгээр, эсвэл дүр үзүүлсэн байдлаар аргацаах, хэрэгжүүлэх явцдаа эрчээ алдчихвал ямар ч үр дүнгүй болж байна.

-Иргэд ХЭҮК-ыг эрх баригчид, төрийн байгууллага, албан тушаалтны эрх ашгийг түлхүү хамгаалдаг гэж харддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-ХЭҮК нь өөрөө аливаа тохиолдол, болж буй үйл явдалд нарийн дүн шинжилгээ хийсний дараа хүний эрхийн зөрчил байгаа эсэх дүгнэлтийг гаргах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс тодорхой цаг хугацаа шаардагдах нь эндээс тэгж харагдаж байгаа байх. Олон байгууллагатай харилцаж, олон төрлийн асуулга, тодруулга, нотлох баримт, цуглуулсны дараа л хийгдэх зүйл шүү дээ. Тийм болохоор аливаа тохиолдол болонгуут иргэд ХЭҮК дуугарсангүй, буруутныг шууд зарласангүй гэж шүүмжилдэг. Гэтэл яг тэр цаг үед нь бид ид ажиллаж байдаг. Бид хөнгөн хуумгай хөдөлж алдаа гаргах эрхгүй мэргэжлийн байгууллага. Комиссоос төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, зөвлөдөг, шаарддаг учир төрийн байгууллагуудтай “найз”, “түнш байх боломж” амьдрал дээр байхгүй. Гэсэн ч бид бүх боломжоо дайчлан ажилласаар байгаа. Гэхдээ бидэнд нийгэмд тод сонсогдох дуу хоолой, нэгдэн нийлж шаардлага шахалт үзүүлэх хүч чадал яах аргагүй дутагддаг. Энэ хүч, боломж харин иргэдэд байдаг юм шүү дээ. Харин мэргэжлийн зөв дүгнэлт, мэдээллийг нийлүүлэх нь бидний үүрэг, хариуцлага.

-Баярлалаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Одбаяр: Цагдаа нар “Чи үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлдаг болсон DNN.mn

“No war” буюу эрх чөлөөний хөдөлгөөн оросуудын түрэмгийллийн эсрэг 115 дахь удаагийн жагсаалыг өнгөрсөн лхагва гаригт хийсэн юм. Эдгээр монгол залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нийгэмд шаарддаг гэдгээрээ олон нийтэд танигдсан. Энэ тухай тус хөдөлгөөнийг санаачлагч, үүсгэн байгуулагч Э.Одбаяртай ярилцлаа.


-Эрх чөлөөний хөдөлгөөнийг үүсгэн байгуулах болсон тухай тодруулж ярихгүй юу?

-2020 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин улсад эрчимтэй эзлэн түрэмлгийллийг хийж эхэлсэн. Энэ түрэмгийлэл яг үнэндээ 2014 оноос үргэлжилж байна. “NoWar” буюу Эрх чөлөөний хөдөлгөөн анх 2022 оны хоёрдугаар сарын 25-нд ОХУ-ын ЭСЯ-ны гадна болон Баянгол зочид буудлын өмнө жагсаалаа эхлүүлж, дуу хоолойгоо илэрхийлж байв. Нийт 115 удаагийн жагсаалын үеэр маш олон эсэргүүцэл, хууль хүчний байгууллагын хаалт хоригтой нүүр тулсан.

-Тухайлбал, ямар эсэргүүцэлтэй тулж байсан бэ?

-“NOWAR” эрх чөлөөний хөдөлгөөний олон залуус үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийснийхээ хариуд хилс хэргүүдэд ял шийтгэл авсан. Миний хувьд “Дабль стандарт” болон дайныг эсэргүүцсэх явцдаа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдсон. Хилс хэрэгт ял авч цахим гав зүүсэн. Хэд хэдэн шийтгэл хүлээсэн. Шоронгоос өлсгөлөн ч зарлаж байсан. Зөвхөн надаар ч зогсохгүй олон залуус энэ мэт саад бэрхшээлтэй тулгарч байна. 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн тайван жагсаал цуглаанаас эхлээд бидний тугийг булааж авч, цагдаа хүчний байгууллагын олон эсэргүүцэлтэй тулгарсан. Ганц хоёроороо ч, хэдэн зуугаараа ч жагсаал цуглаан хийжээ. Ийнхүү давтагдсан тоогоор олон мянган залуус бидэнтэй хамтдаа дуу хоолойгоо хүргэсэн шүү.

-Монгол залуус дайны эсрэг байгаа нь олон улсад хэрхэн харагдаж байна вэ?

-Украин бол бие даасан байдал, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа улс. Монгол Улс төвийг сахиж байна уу, үгүй юү гэдгийг маш олон зүйлээс харах боломжтой. Сүүлийн жилүүдэд гуравдагч хөрш буюу бусад дипломат харилцаатай улс орнуудтай гадаад харилцаагаа жигд хөгжүүлэх, өргөжүүлэх үйл ажиллагаа явагдаагүй. Орос улсын түрэмгийлэлд төвийг сахисан байр сууринаас ч хандаагүй. Шууд үйлдэл болон эс үйлдлээр түрэмгийллийг хүлээн зөвшөөрч, сурталчилж, зөвтгөх чиглэлийн үйл ажиллагаа Монгол Улсад тасралтгүй явагдсаар байсан.

Хэрвээ манай улс төвийг сахиж байгаа, эсвэл дайны эсрэг байр суурьтай байсан бол NoWar эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн энэ хүртэл үргэлжлэхгүй. Энэхүү хөдөлгөөн тууштай үргэлжилж байгаа нь Монгол Улсыг түрэмгийлэгч талыг баримтлаагүй шүү гэх монгол иргэдийн байр суурийг олон улсад тэнцвэртэй харагдуулж, Монголын олон мянган залуус түрэмгийллийн эсрэг байгаагаа дэлхий нийтэд харуулж байгаа хэлбэр гэж хэлж болно.

-Орос улсын түрэмгийллийн эсрэг барууны олон орон яагаад нэгдэж байна вэ?

-ОХУ хөрш зэргэлдээ жижиг тодотголтой улс оронд эдийн засаг, нийгэм, соёл, улс төр, эрчим хүч зэрэг салбарт нөлөөллөө тогтоож, эсрэг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд нийтээрээ илүү тодоор олж харсан гэж итгэж байна. Зөвхөн Украин гэлтгүй өөр олон хөрш зэргэлдээ улсад оросууд түрэмгийлдэг. “NOWAR” хөдөлгөөн нь Украины эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэмжиж байгаагаараа Монгол Улс өөрөө бие даасан, тусгаар тогтносон, эрх чөлөөт улс гэдгийг олон улсад харуулж буй юм. “NOWAR” хөдөлгөөн бол Монгол Улс бие даасан, тусгаар тогтносон, эрх чөлөөт улс гэдгийг нотлон харуулах эцсийн зорилготой юм.

-Та бүхэн дайны эсрэг байр сууриа тууштай илэрхийлж байгаа гол үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Өнөө үед хөшигний цаана бүх асуудлаа нуух боломжтой улс орон байхгүй болжээ. Тухайн улс оронд эдийн засгийн нөхцөл байдал ямар байна, хувь хүний эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө иргэд нь эдэлж байгаа эсэх нь бүх улс орнуудын нүдэн дээр нээлттэй. Дабль стандарт, дайн түрэмгийллийг эсэргүүцэж байгаа залуусыг дарангуйлж, баривчилж байгаа нь Монгол Улсад бие даасан, хараат бус, эрх чөлөөт улс биш болжээ гэдгийг харуулж байгаа юм. Ямар нэгэн байдлаар хойд хөршөөсөө хараат байна гэдэг сэрдлэг төрүүлж байгаа юм. Тиймээс бид тасралтгүй дуу хоолойгоо хүргэсээр байх хэрэгтэй.

-Иргэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч үзэл бодлоо илэрхийлэх зориггүй болжээ. Цагдан хорих вий, ял шийтгэл оногдох вий гэж айдаг болсон байна. Та нарт тийм айдас бий юү?

-Нийгэмд иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, хувь хүний эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж үгүй болсон. 2019 оноос хойш зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө манай хөдөлгөөний хэд хэдэн залуус ял шийтгэл сонссон. Бидний нийгэмд хүргэх гэсэн мессэж бол “Бид хувь хүний эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр байх ёстой юм”. Өнөөдөр бидний нүдэн дээр өдөр бүр үзэл бодлоо илэрхийлсэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн хүмүүст ямар хатуу гэсгээл оногдож байгаа жишээнүүд харагдах болсон байна шүү дээ. Үнэндээ монголчууд нийтээрээ айдаст автчихсан байна. Үгээ хэлэхээс айдаг болж. Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр эрх баригчид хэвлэл мэдээллийг худалдан авдаг болсон байна.

-Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад III дугаар төв эмнэлэгт нас барьсан залуугийн асуудлын тухай та ямар байр суурьтай байна?

-Талийгаач залуу цагдаагийн байгууллагын хууль бүс үйл ажиллагаа явуулаад байгаа учир АТГ-т гомдол гаргасан. Гэтэл тэр гомдол гаргасан үйлдэлд нь хонзогнож тэр залууг эрүүдсээр байгаад амь насанд нь хүрсэн байж болзошгүй хэмжээний бэртэл гэмтэл учруулсан байгаа юм. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа ч би өөрөө нүдээр олон тийм өрөвдөлтэй залуустай хамт байсан. Олон сараар цагдан хоригдчихсон. Ялихгүй асуудлаар цагдан хорьчихсон. Тэнд тэдгээр залуусыг хийчихээд мартчихсан. Хуурай, нойтон өлсгөлөн зарлаж л байж прокурор, мөрдөгч нь ирдэг. Асуудлыг нь шүүх рүү нь шилжүүлэхгүй гацаадаг. Ямар ч хүн байлаа гэсэн тэр хүн эрхээ эдлэх эрхтэй.

-“Mongolia Youtuber Sanchir” гэдэг залуу төв талбай дээр тайван жагсаал хийж байгаад цагдаагйин хэлтэст хүргэгдсэн талаар та сонссон уу?

-Тэр залуу цагдан хорих 461 дүгээр ангиас III дугаар эмнэлэгт хүргэгдэж амиа алдсан залуугийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэх гэж төв талбай дээр очсон гэсэн. Би буруу ойлгоогүй бол хөнжил, чемодантайгаа суулт хийхээр очсон байгаа юм. Гэтэл түүнийг цагдаагийн тэргэнд суулгаж, цагдаагийн хэсэг дээр аваачиж цаг гаруй лекц уншаад, эргүүлээд гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн юм билээ. Энэ бол шууд дарангуйлал. “Чи ингэж үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлсан хэрэг.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар ч нэг хүн суулт хийхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Үндсэн хуулиараа ч бидний тайван замаар жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх хамгаалагдаж байгаа. Тийм байтал цагдаагийн байгууллага дур зоргоороо хүнийг хаана очих, хаашаа явахыг нь зааж, хязгаарлаж байгаа нь дарангуйлал хэрхэн бий болчихсон байгааг харуулж байна. Ямар ч ичих нүүргүйгээр эелдгээр ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвийн цахим хуудсаар мэдэгдэл хийж, тухайн иргэний хувийн орон зайд халдсан байдлаа харуулсан. Мөн Э.Санчирдамбыг баривчилж, саатуулаагүй гэдгээ баталж байгаа юм гээд тэр хүний зураг хөргийг нь дарж цацсан байсан.

-Монгол хэт зүүнтний үзэл баримтлалтай улс болсон байна уу?

-Үзэл баримтлал гэдэг зүйл яагаад чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн өнгө, хэлбэрт автагдаад сонгуулиа өгөх үед юу болдог вэ гэдгийг бид харж байна. АН, ХҮН намууд бол зүүний үзэл баримтлалтай намууд шүү дээ. Эдгээр намууд бол МАН-ыг оршин тогтнуулах зорилготой халаасны намууд. Дээрх гурван нам нэгдэж байгаад бид ерөөсөө гайхах хэрэггүй. Бид дураараа дургих эрхийг нь олгосон өөрсдийн сонголтондоо л дүгнэлт тавих хэрэгтэй. Бид нэр дэвшигч, эсвэл намыг бус үзэл баримтлалыг нь үндэслэж сонголтоо хийх ёстой байсан. МАН-д хяналт тавих ёстой байсан АН, ХҮН хоёр нь бялуугаа хувааж идэх гээд зэхэж байна.Монгол Улсад бүрэн утгаараа дайрангуйлал тогтсон улс болж хувирсан.

-Та яагаад Монголд дарангуйлал тогтсон гэж үзэж байна вэ?

-Нэг өдрийн дотор ийм зүйл болоогүй. Бүгд ус залгичихсан мэт хүлцэнгүй, дуугүй суусаар байгаад өөрсдийн толгой дээр дарангуйллыг гаргачихлаа. Одоо л дарангуйллыг зогсоохгүй бол бид хэзээ ч үүний доороос өндийж гарч ирэхгүй. Эсвэл маш өндөр өртөг төлнө. Иргэд ирээдүй, цаг хугацаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, сайн сайхан зүйлээрээ хохирохоос өөр зам үлдэхгүй. Гэвч бид нэг гарт эрх мэдэл төвлөрч дарангуйлалд автчихсан улс болсоор байна. Дарангуйллын халуун тогоон дотор бид бага багаар дасаж, чанагдсаар байна. Нэг гарт төвлөрсөн эрх мэдлээр бүх зүйлийг шийдэж, удирдана, хувь хүний эрх чөлөө үгүй болж байна. Хоёр том гүрний дунд байгаа манайх шиг улс илүү эрх чөлөөт үзэл баримтлалтай байж илүү олон улс оронтой харилцаж, хоёр хөршөөсөө хараат байдлаас салах юм.

XXI зуунд дарангуйлал дундад зууных шиг, Зөвлөлтийн үеийнх шиг илт тод илрэх албагүй. Далд замаар, үл үзэгдэх байдлаар таны бүх орлого эрх баригчдын халаас руу орж байна. Цалингаас чинь хамаг хувь нь татварт суутгагдаж байна. Энэ талаар шүүмжлэх юм бол эрүүгийн цагдаад мэдэгдэнэ гэж айлгадаг болсон. Үзэл бодлоо илэрхийлэх юм бол цагдан хоригдох вий гэж айдаг боллоо. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бол бүр мартагдсан. Дангаараа засаг бүрдүүлэх боломжтой эрх баригч намыг “хянана” гэдэг амлалт өгч гарч ирсэн намууд нь эрх баригч намынхаа халуун хөнжилд орчихлоо. Тиймээс Монголд эрх чөлөөний үзэл санаа бүхий баруун жигүүрийн улс төрийн сөрөг хүчнийг бэхжүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

У.Дэлгэрхишиг: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна DNN.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахмад У.Дэлгэрхишигтэй ярилцлаа.


-Монгол оронд ургадаг мансууруулах төрлийн ургамалд хэрхэн хараа хяналт тавьж ажилладаг вэ?

-Мансууруулах нөлөөтэй ургамлыг устгах ажил зургадугаар сараас эхэлдэг. Бүхэл бүтэн зуны турш хийгддэг. Монголд ургаж буй канабисын ургалтад хяналт тавих, устгах арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллагуудтай хамтарч канабисыг түүж, бэлтгэхээс урьдчилан сэргийлдэг. Энэ чиглэлээр аймгуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл рүү албан бичиг хүргүүлснээр тухайн аймгийн зөвлөл устгал хийх төсвийг төсөвлөдөг. Зарим газар канабис нь их хэмжээгээр ургадаг учир төсөв нь хангалттай хүрэлцдэггүй.

Устгалын арга хэмжээг зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо болон ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн оролцоо ч мөн бий.

-Яагаад зургадугаар сараас устгалын ажлыг эхлүүлдэг вэ?

-Энэ ургамлын ургах чадвар маш сайн. Канабис нь ямар ч хөрс голохгүй ургадаг ургамал. Үрээ хаяхаас нь өмнө устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жил дахиад л ургана шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан энэ төрлийн гэмт хэргийн бай болж байна уу?

-Таван жилийн хугацаанд 58 хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхэд холбогдох тохиолдол буурч байна. Учир нь урьдчилан сэргийлэх ажил ихээр зохион байгуулагдаж, эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл өгөх ажлыг эрчимтэй хийсэн. 2022 онд улсын хэмжээнд “Анзаар” хэмээх урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний дараа 116 тусгай дугаарын утсанд эцэг эхчүүдээс дуудлага ирэх нь нэмэгдсэн. Эцэг эхчүүд хар тамхины тухай мэдлэг, мэдээлэлтэй болсон болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна.

Эцэг эхчүүд өмнө нь хар тамхи хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийг сайн мэддэггүй байсан бол “Анзаар” аяны үр дүнд мэддэг болсон. Хамгийн энгийн жишээ гэвэл тариур зүүний мөр хүүхдийн гаранд байвал хар тамхи хэрэглэснийг мэдчихэж байна. Түүнчлэн хүүхэн хараа нь мэдэгдэхүйц томорчихсон байвал, ямар нэгэн сонин, үл мэдэх, муухай үнэр хүүхдээс нь үнэртвэл эцэг эхчүүд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн мэддэг болсон.

-Баячууд, мөнгөтэй айлын хүүхдүүд л ийм зүйл хэрэглэдэг, худалдан авдаг гэсэн хэвшмэл ойлголт өөрчлөгдсөн нь шүүхээр шийдвэрлэж буй хэргүүдээс харагдаж байна?

-Жил ирэх тусам гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа иргэдийн насны байдал улам залуужиж байгаа нь маш их анхаарал татаж байна.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын насны байдлыг авч үзэхэд 15-35 насны хүүхэд, залуучууд 91.2 хувийг эзэлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.4 хувь нь эрэгтэй, 8.6 хувь нь эмэгтэй байна.

Нийгэмд хар тамхи, мансууруулах бодис гэхээр мөнгөтэй, баян айлын хүүхэд хэрэглэдэг гэх буруу ойлголтууд байдаг. Хүүхэд, залуучууд мансуурах зорилгоор хүн амын эмчилгээнд ашигладаг эмийг урвуулан ашиглах, ахуйн хэрэглээний зүйл, бүр цаашлаад манай оронд зэрлэг байдлаар ургаж буй мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлыг хүртэл түүж бэлтгэн мансуурах тохиолдлууд гарч байгаа нь нийгмийн ямар ч давхаргынхан өртөх эрсдэлтэйг харуулж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын боловсролын байдлаар авч үзвэл 61.2 хувь нь бүрэн дунд боловсролтой, 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн хараа хяналт тавих хэрэгтэй байна вэ?

-Зуны улиралд эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт багасдаг. Хүүхдээ хаана, хэнтэй юу хийж байгааг эцэг эхчүүд мэдэж байх хэрэгтэй байна. Хүүхэд ямар ч зорилгогүй, хийх зүйл үгүй бол буруу зүйлд уруу татагдах эрсдэлтэй. Гадны оронд хүүхдийнхээ сонирхлынх нь дагуу дугуйлан, дамжаанд хамруулдаг. Яг түүнтэй адил эцэг эхчүүд хүүхдээ зуны улиралд сонирхлынх нь дагуу хөгжихөд тусалж дэмжих хэрэгтэй. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 80 гаруй хувь нь шөнийн цагаар үйлдэгддэг.

-Гэмт хэргийн илрүүлэлт сүүлийн жилүүдэд сайжирч байна?

-Нуугдмал байсан гэмт хэрэг илэрч байна гэсэн үг. 2021 оноос урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлэх үед эцэг эхчүүд, багш нар хар тамхины тухай бүрэн ойлголтгүй байсан. Кинонд гардаг шиг нунтаг цагаан зүйлээр төсөөлөөд байдаг. Харин ахуйн хэрэглээний болон канабисны тухай тайлбарлаж өгөх үед л эцэг эхчүүд энэ зүйлсийн тухай мэдэх болж байна. 2022 онд эмийг зориулалтын бусаар мансуурах зорилгоор ашиглаж есөн иргэн амиа алдаж байсан. Харин урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд 2023 онд нэг ч иргэний амь нас хохироогүй.

-Хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлын олны танил хүмүүс хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл болж байна. Өнгөрсөн зургадугаар сард баривчлагдсан этгээдүүд дунд ч олны танил хүмүүс байсан?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2002 онд батлагдсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13.1.2 дахь хэсэгт хуульчилсан.Зарим уран бүтээлчид дээрх хуулийг зөрчиж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг сурталчилсан, уриалсан дуу, клип зэргийг өөрийн цахим хуудас болон цахим сүлжээнд байршуулж хүүхэд, залуучуудад буруу мэдээлэл өгөх, мэдээллийн төөрөгдөлд оруулах зэрэг зөрчлүүдийг гаргаж байна. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл, цахим хуудас,сайтуудад хяналт тавих, илрүүлэх устгах, Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг авах зорилгоор жил бүр “Илэрц” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд энэ онд 59 мэдээллийг устгаж, хандах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч ажилласан.

Мөн хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг иргэд олон нийтэд таниулах зорилгоор олны танил 81 хүнийг оролцуулсан “Цахим нөлөөлөл”-ийн аяныг зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзах, найз нөхдийн хүрээллээ зөв сонгох, бусдын ятгалтад автахгүй байх, урлаг, спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх контентыг бүтээн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Иймд уран бүтээлчдэд хандаж хэлэхэд, та бүгдийн үйл хөдлөл, гаргаж буй уран бүтээлийг өсвөр насны хүүхэд залуучууд шууд даган дуурайдаг тул буруу зүйлд уриалсан уран бүтээл гаргахгүй байхыг уриалж байна.

-Энэ төрлийн бодис хэрэглэчихээд, эсвэл хэрэглэхийн тулд өөр гэмт хэрэг ч үйлдэж байгаа тохиолдол гарах боллоо. Тэгэхээр Монгол Улсад цагаан тахлын аюул нэгэнт ороод ирчихсэн, нэрвэгдчихсэн байна гэхэд хилсдэхгүй болов уу?

-Хар тамхинд эхний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдаггүй. Энэ аюулт тахлаар нэг л удаа тоглосон бол тэр зүйл таны эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаар чинь бүрмөсөн тоглох болно гэдгийг ухаардаггүй нь харамсалтай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Үйлчлүүлэгч бол хаан гэдэг үгний эзэн DNN.mn

Сэм Уолтон гэдэг хүнийг Америкт мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэрээр “Уолмарт” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч юм. Зүйрлэж хэлбэл Америкийн “Номин” сүлжээ дэлгүүрийн эзэн л гэсэн үг. Тэрээр 1992 онд 74 настайдаа өөд болсон ч өнөөг хүртэл түүний гэр бүл Америкийн хамгийн баян гэр бүлүүдийн нэгээр тооцогдсоор байгаа юм.

2022 оны байдлаар Валтоны гэр бүлийн хөрөнгө 240 тэрбум ам.доллар байжээ. Гэсэн хэдий ч Уолтон дэлгүүрийнхээ логотой хямдхан давуун малгайг өмсдөг өвгөн байж. Нээрээ л дансанд нь хэдэн зуун сая ам.доллар байхад хүмүүст яаж харагдах, бусад хүмүүс юу гэж бодох хэнд хамаатай байх вэ. Тиймээс өөрийнхөө толгой дээрээ гэр бүлийг нь хэдэн үеэр нь хангалуун амьдруулах дэлгүүрийнхээ нэртэй малгайг тохох нь зөв. Амьдралын хувьд ч тэрээр даруухан хэв маягтай хүн байсан гэлцдэг. Хэрвээ би буруу санаагүй бол дэлгүүрийнхээ салбарыг өөр мужид нээх төлөвлөгөөтэй байхдаа өөрийнхөө дотны найз  болох Ол Ройтой танилцаж байжээ. Хэдийнэ олон дэлгүүртэй болсон байхдаа ч зочид буудалд бууж мөнгө үрэлгүйгээр Ол Ройныд хонож, буйдан дээр нь унтаж байсан ч гэлцдэг юм. Зарим нэгэн хүмүүс нарийндаа хатсан нөхөр вэ гэх л байх. Гэхдээ тэр хүнд бусдын юу гэж хэлэх чухал биш хойно.

Харин үйлчлүүлэгч хаан гэдэг үгнийхээ учрыг тэрээр тайлбарлахдаа “Үйлчлүүлэгч бол хаан. Үйлчлүүлэгч компанийн ТУЗ-ийн гишүүдээс авахуулаад кассчин хүртэл бүх хүмүүсийг ажлаас нь халж чадна. Хэрхэн бэ гэвэл зүгээр л мөнгөө өөр газар үрж” гэсэн юм. Нээрээ л үйлчлүүлэгчгүй газар дампуурч тэнд байсан дарга цэрэг бүгд ажилгүй болдог билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Дорж: Рапс тарьсан газраас ирэх жил ургац горьдох хэрэггүй DNN.mn

Рапс хэмээх ургамлын органик үлдэгдэлд азот маш бага хэмжээгээр агуулагддаг учир дараа жилийн тариалалт, ургац хураалтад маш сөрөг нөлөөтэй аж. Тус ургамлын шинж чанар болон тариалалтын хувьд юун дээр анхаарах талаар Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Б.Дорж гуайтай ярилцлаа.


-Тариаланчид маань рапс их хэмжээгээр тариалсан байгаа бололтой?

-Тийм ээ, импортын гурилын үнэтэй өрсөлдөх боломжгүй учир өөр төрлийн тариалалт хийж ашиг олохгүй бол болохгүй шүү дээ. Манай улс жижиг орон болохоор улаанбуудайн хэрэглээ бусад оронтой харьцуулахад харьцангуй бага. Жилд 360 мянган га газар тариалахад дотоодын хэрэгцээгээ хангадаг. Манай оронд улаанбуудай тариалах нь өртөг өндөр учир гадны гурилтай харьцуулахад харьцангуй үнэтэй. Тиймээс өнгөрсөн хавар ард түмэндээ хямд гурил идүүлье гэсэн үүднээс импортын гурилыг татвараас чөлөөлсөн. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого гадны улс орон баримталдаг. Дотоодынхоо зах зээлийг хамгаалах ёстой байтал гадны бүтээгдэхүүн зах зээлээ алдлаа гэж ярьдаг тариаланчид, эдийн засагчид ч байдаг. Уг нь дотоодын зах зээлээ хамгаалж, тариаланчдадаа тусалж дэмжих ёстой байлаа. Тариаланчид бол хагартлаа баяжчихсан улс биш шүү дээ.

-Улаанбуудай бол хүнсний зах зээлд яах аргагүй чухал бүтээгдэхүүн. Импортын гурилын үнэ илүү хямд байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд тусч байна?

-Хямд үнэтэй гурилыг идүүлье гэж бодсон нь зөв. Гэхдээ энэхүү зөв алхмын цаана давхар сөрөг үр дагавар байсан юм. Тэр үр дагавар нь дотоодын тариаланчид дампуурахгүйн тулд рапс тариалсан юм. Хавар импортын гурилыг татвараас чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн мөчөөс л тариаланчид дараачийн өөр тариалах зүйлсээ эрж эхэлсэн шүү дээ.

-Тариаланчид рапсыг хэр их хэмжээгээр тарьсан байна вэ?

-Өмнө нь рапсыг 60 орчим мянган га газар тариалдаг байсан бол энэ жил 100 гаруй мянган га газар тариалсан байсан.Тэгэхгүй бол тариаланчид маань орлогогүй болох аюултай байсан. Намар улаанбуудай зарж олдог байсан орлогоо олох гэж рапс тарьсан тариаланчид байна.

-Рапс тарих нь хөрсөнд ямар үр дагавартай вэ?

-Эдийн засгийн талаасаа бол маш зөв үйлдэл. Гэхдээ агрономийн талаасаа бол хөрсөнд маш халгаатай. Их хүчирхэг үндэстэй ургамал. Тэр хүчирхэг үндэс нь хөрснөөс ургахад шаардлагатай шим тэжээлээ сорж авдаг. Гол асуудал нь рапсын хөрсөнд үлдээх органик үлдэгдэл. Түүний дотор агуулагдах азотын хэмжээ маш бага байдаг. Түүнээс болж рапс тариалсны дараа дараагийн жилийн буудайн ургац авахгүй байх тохиолдол ч бий. Зарим газар ноднин рапс тариад хураасан учир энэ хавар тарьсан буудайны ургац муу байгааг тариаланчид хэлж байна.

-Тэгэхээр рапс тарьсан газраас ирэх жилүүдэд ургац хураах бараг боломжгүй байх нь?

-Эцсийн эцэст рапс тариалсан нь хүнсний хангамж, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Тариаланчдад буруу байхгүй. Зарим тариаланчид маань сөрөг үр нөлөөг нь мэддэг байх. Гэхдээ үүний сөрөг нөлөөг цөөхөн хүн ойлгож байна. Ихэнх нь энэ жилийнхээ ашиг шимийг л бодож байна. Монголд тарьсан буудайн үнэ бол тэртээ өндөр байхаас өөр аргагүй. Хур тунадас 500мм ордог улс оронд буудай тарих өөр хэрэг. Монгол шиг 250мм хур тунадас ордог оронд буудай тариалах мөн өөр. Тиймээс буудайн үнэ Монголд өндөр байдаг. Нэг жил рапс тарьсан газраасаа ирэх жилүүдэд ургац хураах боломжгүй л болж байгаа юм.

-Рапс тариалсан газраа дараа жил нь ямар ургамал тариалах боломжтой вэ?

-Хөрсний үржил шим нь муудчихсан, доройтчих талбай Монголд их байдаг. Эдгээр талбайг дахин тариалалтад оруулах шаардлагатай. Үүний тулд буурцагт ургамал тарих ёстой. Үржил шим нь хүчтэй буурсан талбайд гурван жил дараалан царгас тарих хэрэгтэй. Олон наст ургамал учир нэг тарьчихвал жил бүр өөрөө ургана. Рапс тариалсан газар бол вандуй тэргүүтэй буурцагт ургамлыг тарих нь нэн зөв. Вандуй ганц жил тарьчихвал нэг жилийн дараа үржил шим нь сайжирчих юм. Манай орон тариалах талбай багатай орон. Тэжээлийн ургамал жилд 100 гаруй мянган га тарьдаг.

-Тариаланчид маань рапсны тухай мэдлэг мэдээлэл дутмаг байгаа бололтой?

-Ирэх жилүүдэд гарах үр дүнгээ тариаланчид маань буруу тооцоолсон болов уу гэж ажиглаж байна. Цаашид гарах үр дүнг бодолцох хэрэгтэй. Газар тариалангийн салбарт баримталж байгаа бодлого зөв харагдахгүй байна.

-Бид мал аж ахуйг дэмжих ажлыг сайн хийж байна. Гэхдээ газар тариалангийн салбарыг орхигдуулаад байгаа бололтой?

-Тариаланчиддаа туслах, дэмжих хамгийн гол түлхүүр нь техник технологи, шинжлэх ухааны шинэ ололтуудыг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Сайн сортын ургамал яах аргагүй чухал. Гэхдээ сайн сортны үр шимийг бүрэн хүртье гэвэл сайн технологиор тарих хэрэгтэй. Мянган сайн сорт байгаад муу технологиор тарьчихвал тухайн сортны ургах потенциалыг бүрэн ашиглаж чадахгүй юм. Түүгээр зогсохгүй цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг маш нарийн судлах, тооцоолох ажлыг хийх хэрэгтэй. Хэзээ ган, зуд болох вэ гэдэг тоцооллыг гаргах боломжтой эрин үе ирж байна. Мөн ямар ч жил байлаа гэсэн аливаа улс орон улаанбуудайн нөөцтэй байх хэрэгтэй.

-Энэ жилийн ургац дотоодын хэрэгцээг бүрэн хангах уу?

-Өнөө жилийн хувьд багахан хэмжээний буудай гаднаас авах шаардлага гарч магадгүй. Хамгийн гол нь дараа жилээс рапс тарьсан газраас ургац горьдох хэрэггүй. Манай орны хөрсний шим тэжээлийн гол элемнетүүд дотроос азот маш дутмаг байдаг. Тийм байтал нэмээд рапс тарьчихаар улам азотын эзлэх хэмжээгүй болох юм. Рапсын сөрөг нөлөөг тариаланчдад таньж мэдүүлэх маш чухал. Үгүй бол “Маргаашийн өөхнөөс, өнөөдрийн уушги дээр” гэгч болж байна.

-Таныг залуу байхад газар тариалангийн салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг байсан уу?

-1964 оноос хойш өдийг хүртэл энэхүү салбарт байгаа хүний хувьд олон зүйлсийг биеэр туулжээ. Дээлний хормой харагдахгүй хаврын шуурганд ажиллаж ч байлаа. Цастай намар ургац авах ямар хүнд байдгийг ч мэднэ. Агуулахад нь ургац нь багтахгүй. Тийм их ургац авчихсан баярлаж байсан ч үе бий. Ургац алдчихаад л хөрш улсаасаа гурил авч байсан ч үе бий.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Ганхуяг: Хүний амь нас хохирсон авто замын ослын 76.6 хувь нь орон нутгийн зам дээр гарч байна DNN.mn

Баяр наадмын өдрүүд дууссан ч орон нутгийн замын хөдөлгөөн ачаалалтай байна. Түүнчлэн орон нутгийн замд хүний амь эрсэдсэн тохиолдлууд гарсаар байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах Д.Ганхуягтай ярилцлаа.


-Буруу талдаа жолооны хүрдтэй машин гүйцэд түрүүлэх үед осол гарах эрсдэлийг ямар хэмжээнд нэмэгдүүлдэг вэ?

-Гарч байгаа нийт ослын зонхилох шалтгаан нь хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх үйлдэл. Орон нутгийн замд явж байхдаа жолооч нар нэгэндээ нөхцөл байдлыг мэдээлэх боломжтой. Жишээлбэл, ар талын машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэж байхад урдаас ирж буй машин зүүн талын дохиогоо асааж “Урдаас машин ирж байна аа” гэж мэдэгдэх боломжтой шүү дээ. Энэ нь дүрэмд байхгүй ч гэсэн замын хөдөлгөөний соёл юм.

-“Амь аврах алтан гурвалжин” аяны тухай тодруулбал?

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2024” арга хэмжээ явагдаж байна. Энэхүү арга хэмжээний өмнөх жилүүдэд “Аажуу явбал аяндаа хүрнэ”, “Нэг зам нэг соёл” гэсэн уриатай явагдаж байсан бол энэ жил “Амь аврах алтан гурвалжин” гэсэн уриатай явагдаж байна. Яагаад ийм уриатай байгаа вэ гэхээр орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын судалгаанаас болсон юм. Судалгаагаар орон нутгийн зам дээр гарсан авто ослын улмаас амь насаа алдсан, бэртсэн гэмтсэн иргэдийн 87 хувь нь суудлын бүс хэрэглээгүй гэсэн дүн мэдээ бий. Тиймээс суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хатуу чанд шаардлага тавьж байна.

-Эхний зургаан сарын байдлаар 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан-

Мөн суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг хийж байна.

-2024 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын тоон мэдээлэл ямар байна вэ?

-Эхний хагас жилийн байдлаар нийт 60 орчим мянган зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 13.700 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1800 орчим иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. Мөн 247 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Түүнчлэн хүүхэд бэртэж гэмтсэн зам тээврийн осол 134 бүртгэгдсэн. Түүнээс 26 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байна.

-Иргэд хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж байна уу?

-Баяр наадмын өмнөх өдрүүдэд хотоос гарах чиглэлд тээврийн товчоонууд дээр хяналт шалгалт хийсэн. Хагас цагийн хяналт шалгалтын эцэст хүүхдийн зориулалтын суудал хэрэглэсэн хоёр тээврийн хэрэгсэл л байсан. Энэ төрлийн нарийн судалгаа удахгүй гарна. Үүнээс хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээ маш хангалтгүй байгааг харж болно. Иргэд бараг хэрэглэхгүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа болохоор зам тээврийн осол гарсан тохиолдолд хүүхэд хүнд бэртэж гэмтэх, амь насаа алдах эрсдэл буурахгүй байна. Хүүхдээ эцэг эхчүүд маш буруу тээвэрлэж байна. Арын суудал дээр сул орхичихдог. Эсвэл жолоочийн хажуугийн суудал дээр өөрөө хүүхдээ тэврээд явж байдаг. Энэ нь маш буруу алхам. Зам тээврийн осол гарсан тохиолдолд хүүхэд хамгийн түрүүнд эрсдэлд орж байгаа юм. Өөрөө суудлын бүс зүүчихсэн хэрнээ хүүхдээ өвөр дээрээ авч сууж болохгүй ээ.

-Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлийн замын ачаалал их байв уу?

-Гарч байгаа дийлэнх авто осол орон нутгийн замд бүртгэгдэж байна. Баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах таван чиглэлийн замд өндөр ачаалалтай байдаг. Жишээлбэл, Улаанбаатараас Лүн чиглэлд их ачаалалтай байдаг учир урт цуваа үүсдэг. Тиймээс зарим жолооч нар хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх гэж эсрэг урсгалд орж онхолдсон, мөргөлдсөн тохиолдол гарсан.

-Хүүхдүүд зам тээврийн осолд яагаад ийм өндөр дүнгээр өртөж байна вэ?

-Яагаад вэ гэхээр скүүтерийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Авто зам дээр цахилгаан скүүтертэй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байна. Зориулалтын замаар зорчих хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын дагуу тээвэрлэх ёстой.

-Орон нутгийн зам дээр гарч байгаа ослын үндсэн шалтгаан нь юу байна вэ?

-Нийтлэг шалтгаан нөхцөл хэд хэд бий. Нэгдүгээрт, шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэж онхолдох, мөргөлдөх, эсвэл мал амьтан мөргөх гэх мэт. Хоёрдугаарт, хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг хориотой нөхцөлд гүйцэтгэх гэсэн хоёр үндсэн шалтгаан байна. Хүний амь нас хохирч байгаа авто ослын 76.6 хувь нь орон нутгийн зам дээр гарч байна.

-Жолооч нар ямар нийтлэг алдаа гаргаж байна вэ?

-Орон нутгийн замд гарч байгаа жолооч нар техникийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах хэрэгтэй. Мөн дагалдах хэрэгсэл буюу анхны тусламж, эмийн сан, галын хор, ослын тэмдэг зэрэг зүйлсийг бүрэн авч явах ёстой. Хяналт шалгалтын явцад ажиглагдаж байгаа нийтлэг зөрчил нь жолооч, иргэд эдгээр зүйлсийг зөвхөн цагдаад харуулах, үзүүлэх зорилгоор авч явж байна.Хүний нүд хуурах гэж. Шалгаад үзэхээр эмийн санд нь анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн байхгүй. Эм эмийн бүтээгдэхүүн байсан ч хугацаа нь дуусчихсан. Галын хор нь ажиллагаагүй байх гэх мэт зөрчил илэрч байна. Мөн очих гэж байгаа аймаг, орон нутгийнхаа зам маршрутыг судалж, цаг агаарын мэдээгээ харж байх хэрэгтэй. Үертэй байгаа гол усыг гатлахаас зайлсхийх хэрэгтэй. Архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх ёстой. “Амь аврах алтан гурвалжин” уриатай аяны хүрээнд орон нутгийн зам дээрх хяналт шалгалт тогтмол ажиллаж байгаа. 100 км тутамд байнгын постууд ажиллаж байна. Мөн зам тээврийн осол ихээр гардаг хэсгүүдэд хяналт шалгалтыг түлхүү гаргаж байгаа.