Categories
мэдээ цаг-үе

“Шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ

-Б.Батзаяа “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг дахин хорилоо-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг дахин цагдан хорих шийдвэрийг шүүхээс уржигдар орой гаргажээ. Б.Батзаяа болон Ли Жон Гёл нарыг энэ сарын 13-ны өдөр шүүх батлан даалтад гаргасан юм. Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүнийг суллуулахаар идэвхтэй явж байна гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсан билээ. Шүүхийн энэ шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хэргийг хянаж байсан прокурор болон цагдаагийнхан шүүхэд хүсэлт гаргасан юм. Прокурор уг хэрэгт холбоотой бичиг баримтыг устгаж магадгүй гэсэн үндэслэл гаргасан байна. Прокурорын энэ хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт шүүхийнхэн хэлэлцэх ёстой байсан ч шүүгч нь олдоогүй аж. Иймд өчигдөр энэ асуудлыг хэлэлцэж, дахин хорих шийдвэрийг гаргасан байна. Солонгос захирал, Б.Батзаяа нарыг өчигдөр өглөө ийн баривчилж дахин хорьжээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн анх Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг баривчлахад тэд эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн аж. Харин сүүлдээ тэд мэдүүлгээсээ буцаж энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдүүлсэн гэнэ. Тухайлбал, Ли Жон Гёл мэдүүлэгтээ “Тухайн үеийн төр засгийн албан тушаалтнууд надтай уулзаад энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн. Тэдний яриа болон хүсэлтийг нь сонсоод итгэл үнэмшил төрсөн. Тэд өөрсдөө ямар нэгэн асуудал болбол хэргийг бүрэн хариуцна” гэж хэлсэн. Тэр хүмүүс энэ хэргийг зохион байгуулж намайг татан оруулсан” гэжээ. Харин анхны мэдүүлэг өгснийхөө дараанаас мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэнэ. Учир нь ШШГЕГ-ын дарга өөрийн шугамаараа Б.Батзаяа болон Ли Жон Гёл нартай хүн оруулж үг дайлгасан гэх яриа хуулийнхны дунд байна. Тэр хүмүүс орж уулзсанаар хэрэгт сэжиглэгдэж буй дээрх иргэд мэдүүлгээсээ буцаж эхэлсэн бололтой юм. Үүнийг баримтжуулахын тулд хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Б.Батзаяа нарыг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн буруутгаж буй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж буйг манай сонин өмнө нь мэдээлсэн.

Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний данс руу орж ирснийг хуулийнхан баримтаар тогтоосон гэнэ. Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх байсан аж. Тухайлбал энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энэ баримтыг баталгаажуулсан бичгийг дээрх зургаас харж болох аж. БНСУ руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам. доллар болохыг хуулийнхан илрүүлж, баримтжуулсан байна. Энэ мэтээр хэрэг багагүй өрнөх төлөвтэй байгаа бөгөөд хуулийнхан энэ хэрэгт холбогдуулан дараагийн хүмүүсийг баривчлахад ойрхон болсон талаар эх сурвалж хэлж байна. Эхний ээлжинд Зам тээврийн яамны сайд асан А.Гансүх албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зүйл ангиар шалгагдаж магадгүй бололтой. Тэрбээр Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн гэнэ. Түүнчлэн Б.Батзаяа нарыг баривчлагдсан дуулиан дэгдэхэд түүний хилээр гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл бий. Харин тэрбээр энэ сарын 2-ны өдөр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас 90 хоногийн хугацаатай визийг хувийн журмаар хүсчээ. Хуулийнхан энэ мэдээллийг аваад “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат АНУ-д байгааг тогтоож чадсан аж.Түүнчлэн тэднийг уулзаж мэдээлэл солилцох гэж буйг хуулийнханд нэгэн эх сурвалж мэдээлсэн бололтой. А.Гансүх одоо төрийн өндөр албан тушаал хашиж байгаа учир хилээр гарах эрхийг нь хязгаарласан ч албан айлчлалаар гадаад явах болбол түүнийг нь зогсоож чадахгүйд хүрч мэдэх аж. Учир нь төрийн өндөр албан тушаалтан гэсэн статусаараа хилээр гарах боломж бий гэж хуулийнхан харж буй бололтой. Нөгөө талаас томоохон албан тушаалтны хамгаалалтад байгаа учир түүнийг саатуулахад багагүй асуудал үүсэхээр байгаа гэнэ. Тэгэхээр түүнийг хуулийнхан шалгах нь цаг хугацааны асуудал болоод буй аж.

Монгол Улсын хуулиар төрийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компани Монголд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл “Samsung CT corporation” 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны аравдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон гэгддэг. Ингэхээр энэ компанийг байгуулаагүй байхад шалгаруулсан байдаг. Ийм компанитай Монголын Засгийн газрыг төлөөлж хэн гэрээ хийсэн бэ гэдэг асуудал гарч буй бөгөөд үүнд тухайн үед хяналт тавьж ажилласан сайд оролцоотой байх магадлал өндөр байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа гэнэ.

“МТЗ” болон “Samsung CТ”-ийн хооронд гэрээ хийхдээ төсөвлөсөн мөнгөнөөс бага үнэтэй сонголт хийхэд тухайн мөнгө нь “Samsung CТ”-д үлдэх бөгөөд зөвхөн бэхэлгээний сонголт дээр нь жишээлэн хэлэхэд нэг бетонон дэр дээрх бэхэлгээний үнэ гэж “МТЗ”-аас 35 ам.доллар авах байсан байна. Ингэхдээ худалдаж авах үнэ нь 24 ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд тусгаснаар 11 ам.долларын зөрүүтэй байгаа аж. Нийтдээ энэ төсөлд 600 мянган бэхэлгээ орно гэвэл 6.6 сая доллар зөвхөн бэхэлгээнээс “Samsung CТ”-ийн халаасанд орж байсан бололтой юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, энэ төслийг гүйцэтгэснээр тус компанид 86 сая ам.долларын ашиг орно гэж гэрээнд тусгасан байжээ. Зөвхөн бетонон дэр дээрх бэхэлгээний үнийн зөрүү нь ийм их байсан гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Элчин сайдын яамнаас виз хүссэн албан тушаалтан хэн бэ

Зам тээврийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өнгөрсөн
баасан гаригийн 17.00 цагийн үед шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарсан. Ингэснээр
тэрбээр гадуур байцаагдахаар болсон юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас
мэдээлэл өгөх боломжгүй ч Б.Батзаяа өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан үнэн мөн нь тогтоогдох
байх хэмээжээ. Тэрбээр “баярлалаа….Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан
сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессэж илгээж үлдээсэн нөхдөдөө чинь
сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг
ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа…Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад
үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч
цаг хугацаа…” хэмээжээ. Харин Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийнхэн түүнийг батлан даалтад гаргасан нь хууль бус хэмээн үзэж түүнийг
үргэлжлүүлэн хорих асуудлаар шүүхэд давж заалджээ. Анхан шатны шүүх Б.Батзаяаг үндэслэлгүйгээр
сулласан хэмээн ийн давж заалдаж буй аж. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг даваа
гаригт буюу өнөөдөр шүүх дахин хэлэлцэх юм байна.

Мөн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
асан П.Бат-Эрдэнийг өчигдөр 14 цаг 50 минутаас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн
байна. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр
шалгаж эхэлсэн тухай Олон Улсын Интерполын цахим хуудаст оржээ. П.Бат-Эрдэнийг Зам
тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа
болон “Sam­sung CT”-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар
мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн
байна. Тэрбээр Австралид сурч байсан бөгөөд тэнд байсан монголчуудаас холбоогоо
таслан сураггүй болжээ. Гэвч тус улсын хилээр гараагүй байгааг нь тогтоосон байна.
Цагдаагийнхан түүнийг сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй гэж мэдээлж
байна. Түүнтэй хамт “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг ч мөн Интерполоор эрэн
сурвалжлуулж эхэлсэн. Улмаар Монголын Интерполын товчооноос Олон улсын Интерполын
товчоонд хандсанаар Интерполоор хайгдаж буй Монгол Улсын иргэдийн тоо хоёроор нэмэгдлээ.
Интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг Америкт байгааг тогтоосон
байна. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ
нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголын хилээр гарахдаа л монгол
паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль бусаар буюу
давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсан нь тогтоогдоод
байгаа аж. Ийнхүү Ч.Ганбатын хувьд АНУ-ын иргэн болсонтой нь холбоотойгоор баривчлан
шалгахад хүндрэлтэй болж байгаа бололтой. Харин энэ хэрэгт хамаатай байж болох албан
тушаалтны нэр хэвлэлээр явж буй билээ. Тэрбээр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын
яамнаас энэ сарын 2-ны өдөр виз мэдүүлэх ярилцлаганд орсон байна. Тэрбээр 90 хоногийн
хугацаатай виз хүссэн гэсэн мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

“Шинэ төмөр зам” төслийг гүйцэтгэгч
гэгдэж буй Монгол дахь “Samsung CT” компанид солонгосын 33 иргэн ажилладаг аж. Нэг
солонгос ажилтны нэг өдрийн хөлс нь 422 ам доллар байдаг байна. Энд захирлынх нь
болон цай, кофе зөөдөг ажилтных нь ч хөлс адилхан байгаа аж. Харин энэ компанид
ажилладаг монгол хүний нэг өдрийн цалин 45 ам.доллар байдаг гэнэ.

Энэ компани үүгээр ч тогтохгүй Монголын
төмөр зам компаниас офиссын зардал гэж авдаг юм байна. Нэг өдрийн зардал нь 950
ам доллар гэнэ. Үүнийг жилийн 365 хоногт үржүүлэхээр их тоо гарч байгаа юм. Гэрээг
энэ компанитай хэн хийсэн бэ гэдэг нь анхаарал татахгүй өнгөрөх аргагүй. Энэ бол
Чингис бондын мөнгө. Энэ бондын мөнгөнөөс Шинэ төмөр зам төслийн ажилд зарцуулахаар
буюу төмөр замын бүтээн байгуулалт техник эдийн засгийн үнэлгээ хийхэд зарцуулахаар
авсан байдаг. Зам тээврийн сайд А.Гансүх байхдаа энэ мөнгийг гаргуулж авч байжээ.
Чингис бондын мөнгийг зарцуулах бодлогын зөвлөлд А.Гансүх өөрөө багтдаг юм байна.
Тэгэхээр П.Бат-Эрдэнийг яагаад Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирлаар
сонгон тавьсан бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ залуу бол 1983 онд төрсөн нэгэн.
Мэргэжлийн төрийн өмчид байгууллагыг удирдахад ямар ч туршлага байхгүй хүнийг яагаад
томилов гэдэг өөрөө бас нэг асуудлын гогцоо юм. Монголын түүхэнд хамгийн их мөнгөн
дүнтэй гэрээнд гарын үсэг зурж байсан хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн
сайд асан Н.Батбаяр. Тэрээр 1.5 тэрбум долларын зээл буюу Чингис бондын мөнгөний
гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин дараагийн нэг том зээл болох төмөр замын бүтээн
байгуулалтын гэгдэх 650 сая ам.долларын зээлийн гэрээнд хариуцагчаар П.Бат-Эрдэнэ
гарын үсэг зурсан байдаг юм байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан ажлын хэсгийнхэн Д.Булганыг баривчилжээ

С.Зориг агсны эхнэр
Д.Булганыг баривчилсан
гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл
мэдээллийн албаныхан өчигдөр мэдэгдлээ. Тэд
“Д.Булганыг баривчилсан нь үнэн. Одоогоор
өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн
юм. Бидэнд олдсон мэдээллээр
түүнийг С.Зориг агсны
амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн талаар
анхнаасаа худал мэдээлж, нуун
дарагдуулсан хэмээн буруутгаж буй
гэнэ. Түүнийг 72 цагийн хугацаатай саатуулжээ. Хэрэв энэ хугацаанд
сэжигтнээр тооцох юм бол
хорих хугацааг нь сунгах аж.
Гэвч Цагдаагийн ерөнхий газрынхан “Д.Булганыг баривчилжээ”
гэсэн мэдээлэл үнэн гэж батлахаас
өөр албан ёсны мэдээлэл
өгч чадахгүй байгаад олон нийт
эргэлзэж байгаа юм. Учир
нь сонгууль дөхөхөөр “С.Зоригийн хэргийг
илрүүллээ”, “Энэ хэрэгт холбогдуулан
хоёр иргэнийг баривчилжээ” гэх мэдээлэл гардаг
нь гэм биш зан
болсон. Нөгөө талаар “С.Зоригийн хэрэг илэрлээ, илрүүлнэ”
хэмээн мэдэгдэж УИХ-ын сонгуульд өрсөлдөөд
ялж байсан түүх ч
бий. Энэ удаагийн “Д.Булганыг баривчиллаа” гэх мэдээлэл УИХ-ын 2016 оны сонгуулийн
өмнө болж байгаа нь
ямар нэгэн улс төрийн
хүчний ажиллагаа биш үү. Улстөрчдийн
хэн нэг нь нэгийгээ
айлгаж байгаа юм биш
биз гэсэн болгоомжлол байна.
Бас түүнийг баривчиллаа гэчихээд
буруугүй юм байна гээд
суллахдаа тоохгүй л байх
гэж хардах нэгэн байгааг
нуух юун.

Харин хуулийн эх сурвалжаас
авсан мэдээллээр ”Булган анхнаасаа цагдаагийн
байгууллагад худал мэдээлэл өгч
байсан гэнэ. Алуурчдыг худлаа
дүрсэлж, ам зургийг нь
тэс өөрөөр гаргаж, хэргийг
эхнээс нь будилаантуулж, байсан байж
болзошгүй. Эр, эм хоёр
алуурчин бус хоёр эрэгтэй
байсан бололтой” хэмээв.
Өөр нэг эх сурвалж “Энэ
хэргийн гүйцэтгэгчийг нь баривчилсан” гэж
хэлэв. Ингэж үзэх нэг
шалтгаан нь Орхон
аймаг буюу Эрдэнэтээс хоёр
иргэнийг баривчилсан гэх мэдээлэл байна.
Тэднийг С.Зориг агсныг
хөнөөсөн хэрэгт
сэжиглэн шалгаж буй бөгөөд
баривчлагдсаныхаа дараа хийсэн
хэргээ хүлээсэн гэх.

Д.Булганыг баривчлаг­дахаас өмнө буюу
энэ сарын эхээр Эрдэнэт
хотоос 40-50 орчим насны нэгэн
эрийг баривчилсан байна. Түүнийг 461
дүгээр хорих ангид авчирч
цагдан хорьсон аж. Түүнийг
баривчилахдаа ар гэрийнхэнд нь
“С. Зоригийн хэрэгт сэжиглэн шалгаж
байгаа” хэмээжээ. Үүнээс хойш өнөөх
залууг хаана хоригдсоныг нь
тогтоож чадахгүй явсан ар гэрийнхэн
нь Улаанбаатар хотод ирж, асууж
суржээ. Сүүлдээ баривчлагдсан
залуугийн ээж Жавзмаа
аргаа бараад УИХ-ын Өргөдлийн байнгын
хороонд гомдол гаргажээ. Түүний
гомдол, хүүгийнхээ талаар бичсэн зүйлтэй
нь холбогдуулж МАХН-ын гишүүн,
УИХ-ын гишүүн Л.Цог болон түүний
туслах уулзсан мэдээлэл байна.
Иргэн Жавзмаа тэдэнтэй
уулзахдаа хүүгийнхээ тухай яриад “Тогтсон
ажил хөдөлмөр
эрхэлдэг ч гэсэн нэг
муу хүнтэй нөхөрлөдөг. Түүнээс
болж хүү минь хоригдчихлоо
гэж бодож байна” хэмээжээ.
Харин тэрбээр хариуд нь
хүүгээ Цагдан хорих 461 дүгээр
хорих ангид хоригдож
буйг мэдсэн бололтой юм.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Эрдэнэтээс
баривчлагдсан тэр залууг С.Зоригийн амь насыг хөнөөсөн
хэрэгт сэжиглэсэн бололтой юм. Гэвч Жавзмаа
гэх иргэний өргөдөлд
юу бичсэн болоод, яагаад
Өргөдлийн байнгын хорооныхон Л.Цогтой уулзуулав. Нөгөө
талаараа Л.Цог нь Дэд
бүтцийн сайд асан С
Зоригийг бусдын гарт хэрцгийгээр
амиа алдахад Хууль зүйн
сайдын албыг хашиж байсан
нь анхаарал татаж байгаа юм.
Тэгэхээр магадгүй тухайн үед сайд
байсан хүн энэ хэргийн
талаар ямар нэгэн гадарлах
зүйлтэй учраас Эрдэнэт хотоос
баривчлагдсан залуугийн ээжтэй уулзсан байж
ч болох. Учир
нь тухайн үед Хууль
зүйн сайд асан Л.Цог 1999 оны
дөрөвдүгээр сард С. Зоригийн
амь насыг хөнөөсөн
хэргийн талаар
ярихдаа “Хэргийг илрүүлэх гэж
цагдаа улс даяар шалгаж
байсан. Харин одоо нэг
дүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр
нэг цэг дээр хумигдлаа
гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон
хүн байхаар барахгүй л
дээ. Байгаа юм. Хэрэгтнийг
дайчлан баривчлах тэр үед задруулна
гэхээс одоо чамайг баривчилна
гээд сониноор зарлаж болохгүй. Уг
нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл
зүгээр дээ. Тийм хэцүү
хэрэг биш шүү дээ”
хэмээж байжээ. Тэгэхээр Хууль
зүйн сайд байсан хүний хувьд хэрэгтнийг
гадарлаж байсан байж мэдэх.

Энэ мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд түгсэн
билээ. Жиргээчдийн зарим нь нэгдүгээр сургуулийн өмнөх С.Зориг
агсны амьдарч байсан байрны
гадаа “Хоёр машин байсан.
Багтай хүмүүс хэн нэгнийг
бариад явчихлаа” гэх мэтээр жиргэж
байсан билээ. Цахим ертөнцөд
энэ мэдээлэл тарж байх үед
С.Зориг агсны
дүү УИХ-ын гишүүн
С.Оюунаас тодруулахад “Ямар ч мэдээлэл
алга. Сүүлийн нэг жил
орчим Д.Булгантай уулзаагүй”
гэж хэлсэн юм. Харин ням
гаригийн 16 цагийн үед УИХ-ын гишүүн, Өргөдлийн
байнгын хорооны дарга О.Баасанхүү ”С.Зоригийн хэрэг
удахгүй илэрнэ гэдэгт итгэлтэй
байна” хэмээн жиргэсэн нь
цахим ертөнцийнхний анхаарлыг татаж байв. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс “Та яагаад ийм итгэлтэйгээр цахим
ертөнцөд жиргэсэн юм бэ” хэмээн
асуухад “УИХ-ын гишүүн
гэхээр бүхнийг мэдэх албагүй
шүү дээ. Жавзмаа гэдэг
хүн УИХ-ын Өргөдлийн байнгын
хороонд хандсан нь үнэн.
Түүний өргөдөлд
юу гэж бичсэнийг хэлэх
боломжгүй” гэв. Юутай ч
хэргийн эргэн тойронд ойрын
өдрүүдэд энэ
мэт сэжиг, таамаг гаргаж
болохоор явдлууд далд өрнөжээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн
хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Д.Булганыг баривчилсан гэдэг нь тодорхой болж байна. Гэвч
энэ үйл явдал хэр
бодитой эсэхийг цаг хугацаа
харуулах биз. С. Зоригийн
амь насыг хөнөөсөн хэргийг
илрүүлэх ажлын
хэсэг 1998 онд байгуулагдсан
байдаг. Ажлын хэсэгт Үндэсний
аюулгүй байдлын зүгээс болон
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн
цагдаагийн газрын тодорхой албан
тушаалтнууд орж ажилладаг бөгөөд
прокурор ажлын хэсгийг ахалдаг.
17 жилийн хугацаанд ажлын
хэсгийн бүрэлдэхүүн олон удаа солигдож
байсан гэдэг. Тухайн
үед энэ хэргийн талаар
албаны хүмүүс юу гэж
хэлж байсныг сийрүүлье.

Тухайлбал С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх
ажлын хэсгийн дэд ахлагч,
дэд хурандаа З.Төрмандах 2000 оны
аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Анх хэргийн газрын
үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон.
Хэргийн газраас олдсон гэх
5000, 1000-тын дэвсгэрт болон зарим нэг
эд мөрийн баримтын чанартай
зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн.
Тэр бүхэн ямар учиртай
болохыг шалгахын тулд энэ оны
долдугаар сараас өмнөх ажлын
хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
байгаа. Хэргийн газарт үзлэг
хийхдээ хивсэнцрийг эд мөрийн баримтаар
хурааж аваагүй зүйл байсан.
Гэтэл Зориг агсны гэрийнх
нь балкон дээр л
байж байсан юм билээ.
Энэ мэт тодорхой факт
байгаа учраас үнэн зөв
эсэхийг нь Эрүүгийн журмаар
шалгуулах зайлшгүй шаардлага гарсан” гэж байжээ.
Мөн 2000 оны арванхоёрдугаар
сард нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит
зөвлөх асан Д.Даваадорж
”Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага очсоноос
хойш долоон минутын дараа
цагдаа нар очсон. Тэгэхэд
өмнө нь 15 хүн хэргийн
газар руу орсон байдаг.
Дараа нь ажлын хэсгээс
албаны шалгалт хийж, хотын
Цагдаагийн дарга Ганболдод хүртэл
эрүү үүсгэн шалгаж, захиргааны
арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар
сүүлдээ улс төрийн ашиг
хонжоо болж хувирсан нь
улс төр хэрхэн хямарсныг
харуулж байгаа юм биш
үү. Анхнаасаа энэ хэрэгт цагдаагийнхан
алдсан нь үнэн. Цагдаагийнхан
хэргийн зураг авахдаа өнгөт
хальсаар авсан. Гэтэл тэр
өнгөт хальс угаах тоног
төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас
хувийн зураг угаалгадаг газраар
угаалгахад хүмүүс хувилаад авчихсан
байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ
авах, тодорхойлох техник Монголд байхгүй.
Нэг шинжээч өсгөдөг шилээр
25 хүний хурууны хээ харж
суугаад л нүд нь
улайчихдаг. Маргааш нь амраад
нөгөөдөр нь дахиж ирж
харах жишээтэй” гэж хэлж байжээ.
Бас нэг анхаарал татсан
яриа гэвэл Хошууч генерал
Л.Гарамжил 2012 онд
ярилцлага өгөхдөө “Би одоо хүртэл
нэг л юмыг гайхдаг.
Талийгаач Жамьянсэнгээ хурандаа, Базаргүр хурандаа хоёрыг яагаад тэр
ажлын хэсгээс гаргасныг л
гайхдаг. Д.Мөрөн гаргасан
юм уу, хэн гаргасныг
мэдэхгүй. Ажлын
хэсгийн шийдвэрийг ганц хүн гаргахгүй
шүү дээ. Уг нь
Д.Булганыг арай өөр аргаар
шалгах байсан болов уу
гэж хүн болгон хэлдэг.
Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга
байсан гэж үздэг. Булган
хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс
шалгуулсан. Манайхан түүнд хүндэтгэлтэйгээр хандаж
шалгасан” гэжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Г.Ганчимэг, Г.Шийлэгдамба хоёрын хэрэг хоорондоо хамааралгүй ч, тэднийг авлига авсан хэмээн шалгаж байна

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэх хэргээр саатуулагдсан. Тэгвэл түүний араас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас уржигдар баривчилжээ. Түүнийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд тусдаа хэрэг боловч мөн л бусдаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. Г.Шийлэгдамбад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй адил зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг одоогоор 72 цаг саатуулсан гэх боловч цаашид үргэлжлүүлэн хорих бололтой. Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд ” төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулсан гэдэг. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан аж. Энэхүү том төслийн эхний шат буюу цахим эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд “HUAWEY” компани хамтран ажиллахаар болсон аж. Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагджээ. Үүнийг нарийвчлан шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хэрэг илэрсэн бололтой. Харин Г.Ганчимэгийн хувьд мөн л бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэж шалгаж байгаа ч энэ асуудал нь баримтаар тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгтэй холбоотой лавшруулан шалгах зүйл байгаа тул мөрдөн байцаалтын нууц задруулахгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгөхгүй байгаа юм байна.

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч сэжигтнээр байцааж эхэлжээ

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч гадуур сэжигтнээр байцаагаад эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сонгууль дөхсөнтэй холбоотойгоор намдаа хандив цуглуулах нэрээр бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэл байгаа гэнэ. Энд зөвхөн Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг ч төдийгүй түүний өмнө энэ салбарын сайд асан С.Удвалтай ч холбогдож буй зарим хууль бус явдал байгаа бололтой. Тэгэхээр энэ салбарынхныг лавшруулан шалгах уу эсвэл нэг намын нөхөд сайд байсан тул ингэсгээд хэргийг дуусгах уу гэдэг нь цаг хугацааны асуудал бололтой. Мөн С.Удвалын үед Төрийн нарийн бичгийн дарга явсан эмэгтэйн асуудал ч сөхөгджээ. АТГ-ынханд олдсон хэргийн баримт болон мэдээлэгч нарын тайлбар, гомдол Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах тохиромж бүрдсэнтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна.”Өгье гэсэн мөнгийг үгүй гэлгүй” олдсон дээр нь аваад байсан байж болохыг үгүйсгэх хүн байхгүй байгаа юм. Учир нь Г.Ганчимэг Г.Шийлэгдамба хоёр нэг намынх. Г.Шийлэгдамбыг баривчлагдсан орой МАХН-ынхан бужигнаж, хоорондоо цуглахдаа ч энэ тухай ярьсан гэдэг. Зарим нэг нь “Н.Энхбаярыг залуусыг намдаа мөнгө ол гэж дарамталснаас Г.Шийлэгдамба явлаа” гэж зэмлэх явдал ч гарчээ. Дараа нь Г.Ганчимэг бас л хээл хахууль авсан хэргээр хоригдлоо. Үүнээс үзвэл Г.Шийлэгдамба тэргүүтэн намынхаа золиос болжээ гэж харагдахаар байгаа юм. Энэ явдлыг батлах нэг зүйл нь Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахад амархан “өгөөш” болсон бололтой. Тэр “өгөөш”-ийг Г.Шийлэгдамбын ойрын, намынх нь урвагч нэгэн хуулийнханд өгсөн сураг ч гарч байна. Мэдээж Г.Шийлэгдамбыг хаана юу хийж, явааг гадны хэн нэгэн иргэн мэдэх боломжгүй. Түүнд гомдсон хүсэлтийг нь биелүүлээгүй, тендерт ялах боломж байсаар байхад тэр эрхийг өөр хүнд өгсөнд хамаг будлиан оршиж энэ хэрэг илэрсэн бололтой. Тийм ч учраас тус яамнаас зарласан сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох ажил хахууль, шангаар явагдсантай холбоотой гэж зарим эх сурвалж хэлж байна. Нөгөө талаас манай улс төрийн намуудын дунд тогтсон нэг муухай зүйл нь энэ. Намынхаа төлөө хандив мөнгө цуглуулж яваад золиос болсон хүн цөөнгүй байдаг. Анхных нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар байсныг хэн хүнгүй л мэднэ. Энэ хүн дараа нь анхны авлигын хэрэгтэн болоод үлдсэн. Намын буруу тогтолцоо,бусармаг арга барил хэн нэгнээ золиос болгодог түүх байсаар байхад Г.Шийлэгдамба ямарч хамгаалалтгүйгээр яваад орчихлоо гэх хүн хуулийнхан дунд цөөнгүй байна.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн бичгийн дарга Г.Ганчимэг гэж хэн бэ

Г.Шийлэгдамбын сайд болсныхоо дараа хууль зөрчин томилсон хүн нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг. Тэрбээр эрүүл мэндийн салбарт анхан шатнаас нь буюу сувилагчаар ажлын гараагаа эхлэн улмаар хэлтэс, албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Г.Ганчимэг 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байжээ. 2014 оноос тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг юм байна. МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбатай нэг нам. Мөн зарим хэвлэл Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын сайн найз Г.Ганзоригийн эгч гэж мэдээлж байна. Энэ нь ч ортой юм байна. Г.Шийлэгдамбаар дамжуулж С.Баярцогт өөрийн танилын хүрээний хүмүүсээ албан тушаалд томилсон байдаг аж. Тэдний нэг нь Г.Ганчимэгийн томилгоо гэнэ.

Г. Шийлэгдамба түүнийг ажилд авахдаа хууль бус тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэргэжилтэн байсан Г. Ганчимэгийг томилсон аж. Тухайн үед түүнийг “өөрийн” дуулгавартай хүмүүсийг яаманд шургалуулах, үүний тулд саад болж байгаа төрийн албан хаагчдыг замаасаа зайлуулах ажлыг Г.Ганчимэгээр хийлгэж байна гэж үзэх хүн олон байсан юм. Мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал бий.

Хууль зөрчин Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилжээ

Энэ тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээдэг. Тухайлбал дээрх хэргийн “4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, “4.7 албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэжээ. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь чөлөөлөгдсөн бусад яамдын энэ албан тушаалын албан үүргийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар нь түр орлон гүйцэтгэж байхад, Эрүүл мэнд, спортын яамны сайд гаргаж, мэргэжилтэн Г. Ганчимэгээр орлуулсан нь дээрх журмын 4.3.2-ыг зөрчсөн хэмээж байв. Ингээд хуучин ЭМЯ-ны төрийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ЭМСЯ-ны ТНБД-ын 2014 оны 389 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ ЭМСЯ-ны төрийн албан хаагчдыг байршуулсан 390 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг эргүүлэн томилоогүй нь дээрх журмын 4.7-г зөрчсөн гэж үзэх шалтгаан болсон байдаг.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтан биш гэж үзсэн байна

Ийнхүү Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот явуулж байсан байна. Энэхүү албан бичигт “ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэг, ТЗУГ-т ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б. Эрдэнэчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэжээ.

Гэвч сайд Г. Шийлэгдамба, энэхүү албан тоотыг үл тоосон бөгөөд өөрийн хүссэнээр шийдсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга болсон Г.Ганчимэг харин 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Г. Шийлэгдамба ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүстэй уулзаж “Би өөрийн удирдлагын багийг авчирч байгаа тул та нарыг халж байна” гэж хэлжээ. Мөн ЭМЯ нь Эрүүл мэнд, спортын яам болж спортын чиг үүрэг нэмэгдэж ирснээс биш дөрвөн газар (Төрийн захиргааны удирдлагын газар, Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар), гурван хэлтэс (Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс)-ийн даргын албан тушаал (ажлын байр)-ын чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад бүгдийг ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, АТГ-аас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хүмүүсийг нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод, эрх зүйн чадамжгүй Төрийн нарийн бичгийн даргаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг тохоон томилсон. Гэвч “Удирдлагуудыг нь сольж чадсан ч тэдний хууль бус үйлдэлд дургүйцэн алхам бүрийг нь хянах халагдсан хүмүүсийн удирдлага доорх ажилтнуудыг нь халж чадаагүй. Энэ нь хожим гай болохыг мэдээгүй л байх. Яамны бүх ажилтанг халж чадаагүй учраас сайдын үйлдэл нэг яаман дотор үйлдэл бүрээрээ хэн нэгний хараанд байж л байсан” гэх яриа яаманд гаргаад байна. Яамны бүхий л тушаал шийдвэрүүд харин Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр явагддаг. Гэвч Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар авилгын хэрэгт унасан нь намаа санхүүжүүлэхээр зүтгэснийх бололтой.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Цахим технологид цахиур хагалсан монгол залуу

Монгол инженер А.Алтанбилэгийн шинэ бүтээл Японд шуугиан тарьж байна. Түүний зохион бүтээсэн “LIC-600” компьютер өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарчээ. Хүчин чадал, багтаамж, хурд гээд олон үзүүлэлтээрээ онцгойрч байгаа юм байна. 4200 ам.долларын үнэ бүхий энэхүү компьютерийг Японы KSJ компани үйлдвэрлэжээ. Цахим ертөнцөд энэ тухай сайхан мэдээ уржигдраас хөвөрч эхлэв. Энэ бол Монголын томоохон алтны уурхай биш оюунлиг монгол залуугийн ур чадвар, техник сэтгэлгээ дэлхийд үнэлэгдэж буй гайхамшигт мэдээ юм. Монгол инженер А.Алтанбилэгийн зохиосон супер компьютер дэлхий дахинаа технологиороо хол тасархай хөгжөөд буй улсад үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан даруйд нь Японд өргөнөөр ашиглаж эхэлжээ. Цахим технологид цахиур хагалсан энэ монгол залууг бид “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

үүний зохион бүтээсэн компьютерийн үйлдвэр, тоног төхөөрөмж нь найдвартай төдийгүй зогсолтгүй ажиллагаа шаарддаг системийг удирдахад зориулагджээ. “Lic-Z” хэмээх компьютерийн дизайныг нь Японы KSJ компанийн захиалгаар боловсруулж, программ болон техник хангамжийг нь зохион бүтээжээ. Тодруулбал, үүнийг энгийн компьютер бус тусгай зориулалтын сервер компьютерт ашиглах юм байна. Өдгөө түүний бүтээсэн компьютерийг Японы “Тоёо Нэцү Когёо” компани үйлдвэр, албан газрын дулааныг хуваарилах, системийг удирдах үндсэн компьютерээр ашиглах боломжтой аж. Түүнчлэн энэхүү компьютерийг төрөл бүрийн системүүдэд тохируулан, процессорыг нь программчлах боломжтой гэнэ.

Тиймээс тэрбээр доргилт болон газар хөдлөлт хэмжих систем зохиож буй бөгөөд маш олон мэдрэгчээс өгөгдлийг хурдтай дамжуулах боломж олгох эл системдээ энэхүү “Lic-Z” компьютерийг мастер компьютер болгон ашиглаж буй аж. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн зах зээлийн хүрээгээр дэлхийд толгой цохьдог Япон улсад энэ онд болох электроникийн үзэсгэлэн худалдаанд тэрбээр бүтээлээ танилцуулахаар зэхэж буй гэнэ. Мөн ирэх онд Сингапурт болох үзэсгэлэн худалдаанд мөн өөрийн бүтээлээ үзүүлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, цаашид электрон төхөөрөм­жийн эх хавтанг Монголд үйлдвэрлэж, Японд экспортлох электроникийн үйлдвэрийг “Дүйнхэр тэргүүн” компанитай хамтран байгуулах төсөл хэрэгжүүлэх юм байна.

А.Алтанбилэг нь МУИС-ийн Физик, электроникийн сургуульд суралцаж, улмаар Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуулийг энэ чиглэлээр амжилттай дүүргэжээ. Тэрээр үеийнхэндээ “Чи энэ залуу насан дээрээ өмнөө зорилго тавьж, уйгагүй, шантралгүй, хичээн зүтгээрэй. Дэлхий даяаршиж байгаа өнөө цагт чиний өмнө асар их боломж оршиж байна. Хэрэв чи ингэж зүтгэж чадах аваас сурч мэдсэн болгон чинь чиний баялаг болон хувирч, хожмын үед өөрийн дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун амьдарч чадах болно” гэж хэлдэг гэнэ. А.Алтанбилэгийн энэ жишээ бол АНУ-д төдийгүй, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж, ажиллаж байгаа монгол залуусын амьдралын замнал, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн нэгэн үлгэрлэл юм.

Монголчууд бид мундаг хүмүүс. 20 гаруйхан жилийн дотор дэлхийн хэмжээнд үнэлэгдэн сайшаагдаж, монгол хүний нэр төр, үнэ цэнийг нотолж чадаж байна. Хүсвэл бид бүгдээрээ л ийм мундаг байж чадна. Харин үүний тулд бид дор бүрнээ хичээж өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид өөрсдөө “баялаг” гэдгийг А.Алтанбилэг бидэнд харууллаа.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Гацууртын ордын “нинжа” нарыг нэр бүхий начин удирддаг гэнэ

-ТЭНД БАЙГАА 300 ОРЧИМ ХҮН ӨМНӨ НЬ ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН АЖ-

Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга оролцож, “Гацууртын ордод хууль бусаар нинжа нар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан гурван мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна” гэсэн ноцтой мэдээлэл хийсэн юм. Мөн “Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байгаа” хэмээсэн юм. Дээрх анхаарал татсан мэдээллийн араас нэхэн сурвалжиллаа.

ДИЙЛЭНХ НЬ ЗҮҮН ХАРААГИЙН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ГЭНЭ

Тус ордод хууль бусаар алт олборлож буй “нинжа” нарыг манай нэр бүхий улсын начин цолтой бөх толгойлдог гэнэ. Түүний удирдлага дор ажилладаг хүмүүс нь рецидив гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд тэд нүх амуудыг хуваарилах ажлыг хийдэг аж. Ухсан нүхнээс нь алтны судал гарч ирэх юм бол тэд бусдад зарах, өөрсдөө ухах эсэхээ шийддэг. Энэ хүмүүсийн дийлэнх нь хоёр, гурван удаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн. Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байсан хүмүүс тэдэн дунд их байдаг гэнэ. Хэдийгээр энгийн иргэд байгаа ч тэд рецидивүүдийн үгнээс гардаггүй юм байна. 1800 орчим “нинжа” байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний 300 орчим нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс аж. Гацууртын ордод “нинжа” халдлаа гэх боловч үнэндээ тэр хавийг дээрх начны удирдлага дор ажилладаг хүмүүс нь хянадаг гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

АЙМААР НАЧНЫ СУРАГ

Энэ начин хэн болохыг бид албаны болон орон нутгийн эх сурвалжуудаас тодруулахад “Нэг начин бий. Аймаар начин, нэрийг нь хэлчих юм бол хоёр, гурван хүн дагуулж ирээд юутай хийтэй нь түйвээчихдэг. Хэн хэлснийг дор нь мэдчихдэг. Хуулийн нэгэн байгууллагад ороод “Та нар харсан юм уу. Нотлоотох” гэж хэлээд хариу ч сонсолгүй шанаадаж унагахыг нь унагаад, орсон өрөөгөө түйвээгээд гарсан түүхтэй.Тийм хэрэг хийснийх нь төлөө ямар ч арга хэмжээ аваагүй. Нөгөө хүмүүс хохироод үлдэж байсан” гэв. Өөр нэг эх сурвалж “Түүний нэрийг мэдээд хэрэггүй, цагдаагийнхан ч мэдэж байгаа атлаа дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Манайдаа бол рецидив бөх. Түүнийг андахгүй. Улс төрийн нэг том албан тушаалтны халхавчинд байдаг. Хүргэн ах нь манай спортын нэртэй тамирчин” гэж хэлэв. Энэ мэтээр начны тухай ярьж чадаж байгаа мөртлөө түүний нэрийг хэлэх зүрх зоригтой хүн олдсонгүй. Тэр аймаар начны нэрийг хэн ч хэлж өгч чадахгүй байсан учир нэрийг нь мэдэж чадсангүй. Юутай ч аймаар л начин Гацууртын ордод хууль бусаар алт олборлож байгаа “нинжа” нарыг толгойлж, алсаас удирддаг юм байна. Сураг сонсохнээ тэр начин нутаг орондоо ч рекет гэдгээрээ алдартай гэнэ. Мандал сумын нэгэн иргэн ярихдаа “Бөхчүүд болон рецидив гэмт хэрэгтнүүд алт ухдаг болсон гэж дуулсан. Алт ухахаар очсон нутгийн иргэдийг тийшээ ойртох юм бол “бялба” нүдээд явуулчихдаг. Тийшээ ойртож очдог ч хүн байхгүй болсон. Тэд дийлэнхдээ шөнийн цагаар алт хууль бусаар олборлодог. Сум дундын цагдаагийн тасгийнхан ч өөрснөө тийшээ очихоосоо эмээдэг. Нэг начин тэр “нинжа” нарыг толгойлдог гэж дуулсан. Үүр цүүрээр хөнжлөө үүрч ирээд нүхээ ухан шороогоо зөөсөн хэвээр байгаа. Холоос дурандахад ургаа мод, ухсан нүх хоёрын аль нь болохыг тааж хэлэхэд бэрх болтол нь нүх ухсан харагдана. Яг л шатар даамны өрөг шиг ухаагүй хэсэг шаргалтаж, ухсан нь онгойж харлаж харагддаг. Нүх хоорондын зай метр орчим л байх. Зарим нь 20 см-ээс хэтрэхгүй ойрхон байж мэднэ. Гүн нь 5- 6 метр гэнэ лээ. Ухсан нүхний дэргэдүүр үүргэлсэн нэг нь өнхөрч, шороонд дарагдсан гэж ярих юм билээ. Тэр хавийн газар шуудайтай шороо үүрсэн хүнийг даалгүй цөмөрдөг” гэж ярьсан юм.

НҮХ, ШОРОО БУЛААЛДСАНААС НЭГНЭЭ ХУТГАЛЖ ГЭМТЭЭСЭН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

Энэ ордод нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч байсан аж. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдол ч хэд хэд гарчээ. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрдаг гэнэ. Энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон байна. Гацууртын ордоос алт олборлохоор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр 500 орчим нинжа цуглаад байсан ч одоо 1800-д хүрсэн байна. Цагдаагийнхан 25 удаа очиж ажиллан иргэдийг тараасан ч хамгаалалтын бүс рүү дайран орох явдал даамжирсаар байгаа юм байна. Өнгөрсөн сарын 11-ний үүрийн 04:00 цагт 300 гаруй нинжа 50 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр Гацууртын орд руу дайрсан байдаг. Харамсалтай нь энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, УБТЗ ангийн гэрээт харуул О.Амаржаргал гэх 26 настай залуу шороонд дарагдсан. Азаар тэр үед “нинжа” нарыг уулнаас буулгаж явсан дохиолол, харуул хамгаалалтын “Бүрэнцэнгэл” ХХК-ийн хамгаалагч нар 04:30 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл дарсан шороог нь ухсаар таван метрийн гүнээс гарган авч, сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч байсан удаатай. Одоохондоо хүн амины хэрэг гараагүй хэдий ч байдал өдөр бүр хүндэрч байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.

ХАМГААЛАХ АЖИЛД 20-30 САЯ ТӨГРӨГ ЗАРЛАГАДЖЭЭ

Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваагийн хэлж буйгаар “Гацууртын орд руу “нинжа” нар бүлэглэн дайрах явдал олон гарч байна. Энэ өвлөөс хойш 10 орчим удаа орд руу дайрсан. “Нинжа” нараас ордыг хамгаалах ажилд бараг 20-30 сая төгрөг зарлагадсан. Гацууртын ордын нөөцийн хэмжээг сонссон “нинжа” нар байнга нууцаар ухах гэж ирдэг болжээ. Ихэнхдээ Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Заамар сумаас “нинжа” нар хулгайгаар газар ухахаар ирдэг. Тэдний хэд нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болохыг мэдэхгүй байна. Гэмт хэрэгтнүүд цуглаж байна гэсэн ам дамжсан яриа бол байдаг. “Нинжа” нарын дунд судалгаа хийгээгүй болохоор хэн нь ямар ял шийтгэлтэйг мэдэх юм алга. Мандал сумын Засаг даргын Тамгын газар, цагдаагийн газар, “Ойн сан” нөхөрлөл зэрэг байгууллагуудтай хамтран байнгын бэлэн байдалд, хамгаалалтад ажиллаж байгаа. Сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн дарга удирдлагуудтайгаа нийлээд 40. Хамгаалалтын албаныхантай нийлээд 50 болж байгаа юм. Ийм бие бүрэлдэхүүнтэйгээр 300 нинжагийн эсрэг тэмцээд хүч хүрэхгүй байна. Тэгээд ч хамгаалалтын алба галт зэвсэг ашиглах хориотой байдгийг “нинжа” нар мэддэг учраас айдаггүй. Тэд цагдаагийн дүрэмт хувцастай, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг ашиглах эрх бүхий цагдаагийн албан хаагчаас эмээдэг. Тиймээс ЦЕГ-т албан тоот илгээн хүч нэмэгдүүлэхийг хүссэн” гээд арга нь барагдсан шинжтэй өгүүлнэ лээ. Нутгийн “индианууд”-ын тухайд бусад нинжа нараас ялгагдах юмгүй, харин ч энд тэнд алт ухаад сурсны дээр газар нутгийн онцлогийг мэддэг, хаагуур яаж зугтахаа андахгүй, Ланд-80, 200, портероор унаажсан, мэргэшсэн нөхдүүд байдаг юм билээ” гэв.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхийг эх орноосоо урвасан гэж шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц Төрийн ордон дахь ажлын өрөөнд нь М.Батчимэгтэй арван минут уулзаад гарчээ-

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэн З.Пагмажавт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 26-ны өдөр шүүжээ. Шүүгдэгч З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх байсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. УИХ-ын гишүүний зөвлөх байсан түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж шүүхээс 16 жилийн ял оноожээ. З.Пагмажав нь Эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмд ялаа эдлэх юм байна. УИХ-ын гишүүний зөвлөх байсан З.Пагмажавыг яагаад эх орноосоо урвав гэдэг асуудал энэ өдрүүдэд сөхөгдөж эхэллээ. Мөн өчигдөр зарим сайтын сэтгүүлчдэд УИХ-ын гишүүн М.Батчимэг ярилцлага өгчээ. Үүний дараа Төрийн ордон дахь ажлын өрөөнд нь Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц орсон байна. Энэ явдал өчигдөр 15.00 цагт болсон бөгөөд тэдний уулзалт 10 минут болсон гэнэ.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүний зөвлөх байсан учраас түүнийг ямар мэдээлэл хааш нь задруулав гэдэг нь өөрөө улсын нууцад хамаарах тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй билээ. Эх сурвалжийн мэдээлснээр З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан гэнэ. Хувиараа орчуулга хийдэг байсан бөгөөд орчуулга хийж байсан нэг материал нь улсын нууцтай хамаатай байж таарсан бололтой. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт он гарснаас хойш Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж байгаад Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг шүүх оноожээ. Наадмын өмнө тэрбээр зөвлөхийн ажлаасаа гарсан гэх мэдээлэл байна.

Гадаад тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэж үзсэн бололтой

Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэг (Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах) 79 дүгээр зүйлийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

М.Батчимэгийн нөхөр Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн захирал гэнэ

М.Батчимэг гишүүний нөхөр Ц.Эрдэнэбаяр “Аман хуур” хотхоныг бариулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Энэ хотхоныг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Kэй энд Tи констракшн” ХХК барьсан юм байна. Ц.Эрдэнэбаяр энэ компанийн захирал гэнэ. “Kэй энд Tи констракшн” ХХК 2013 оноос эхлэн чанар стандартын хувьд иж бүрэн шинэчлэн сайжруулсан “Аман хуур” хотхоны хоёрдугаар ээлжийн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Хоёрдугаар ээлжийн хотхоны барилгын нийт талбайн хэмжээ 3000 мкв, ойролцоогоор 27000 мкв талбайд 12 давхар Европ загварын орон сууц барьжээ. Барилгын үйл ажиллагаа явуулдаг компани. “Kэй энд Tи констракшн” ХХК нь Тайванийн тэргүүний дэвшилтэт техник технологиор баригдсан гэдэг. Уг барилгыг тайваньчуудаар бариулж байсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. М.Батчимэгийн нөхөр Ц.Эрдэнэбаяр нь АН-д томоохон байр суурь эзэлдэг нэгэн. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан. УИХ-ын гишүүн М.Батчимэг 2012 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Багануур” ХК-ийн 300, “Могойн гол” ХК-ийн 500, “Рио Тинто” ХХК-ийн 1000, “Арвис консалтинг” ХХК-ийн 27 мянга, “Ану корал” ХХК-ийн 445 600, “Амина интернэшнл” ХХК-ийн хоёр сая 768 мянга 500, “Прайм прожейгт инвестмэнт” ХХК-ийн 50 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг гэж бичжээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг чамгүй чинээлэг гэдгийг батлах аж. Түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр NASDAQ-аас интернэтээр Рио тинтогийн 1000 ширхэг хувьцаа авсан аж. Хувьцааны ханш нь 2012 онд 48 ам.доллар байжээ. Нөхрийнхөө худалдаж авсан хувьцааг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Тэгэхээр “Рио Тинто”-гоос 0.01 хувийг эзэмшдэг гэсэн үг юм байна.

Эх орноосоо урвасан гэх Загиржав овогтой Пагмажав гэж хэн бэ?

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажиллаж иржээ.

2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлжээ. 1995-1999 МУБИС-ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультет, Хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн.1984-1994 Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийг дүүргэжээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судлагааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судаллын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга хийж явжээ. Хятад хэлтэй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр хүүхэдтэй бөгөөд биеийн байдал нь эрүүл мэндийн хувьд тааруухан байгаа гэцгээж байна. М.Батчимэг гишүүнтэй яах аргагүй ойр явсан хүн юм байна.

Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байв

М.Батчимэг гишүүний хувьд Тайваньд 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургууль Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр,1997- 1999 онд Тайванийн төрийн их сургуулийн Улс төр судлалын магистрантур болон Монгол Улсын Батлан хамгаалах их сургуулийн магистрантур. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012 оноос УИХ-ын гишүүн. 2001 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Англи, орос хятад хэлтэй юм байна. М.Батчимэг нөхөртэйгөө арван жилийн найзууд байжээ. Арвайхээрийн 10 жилийн сургуулийг алтан медальтай төгссөн М.Батчимэг ахиад хэдэн жилийн дараа Бээжингийн хэл соёлын их сургуулийг амжилттай дүүргэснээр судлаач болсон байна. Тэрбээр “Шатрын их хөлөг” ном хэвлүүлж байсан юм.

Тэр Ерөнхийлөгчийн хүн гэсэн тодотголтой

Түүнийг хэвлэлүүд “Ерөнхийлөгчийн хүн” гэдэг. Тэрээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр 2009 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ ажилласан. “Нэг ардчилал” клубын удирдагчдын нэг нь М.Батчимэг. Энэ клубт Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр зэрэг АН-ын залуу улстөрчид байдаг.

Манай УИХ-ын гишүүн эмэгтэйн зөвлөх тагнуулын хэрэгт татагдан ял сонссонтой төстэй нэгэн хэрэг дэлхийн хэвлэлүүдээр шуугиан тарьж байна. Энэ бол Хиллари Клинтон төрийн захидлыг хувийн цахим шуудангаараа явуулж байсан нь төрд ихээхэн хохирол учруулсан байж болзошгүй хэрэг болж хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхлээд байгаа билээ.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

М.Алтан-Өлзий: Шүүхийн өмнөх шатанд маргааны 80 гаруй хувийг эвлэрүүлэн шийдвэрлэсэн

Ази, Европ бо­лон дэл­хийн олон улс оронд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо сайн хөгжсөн байдаг. Харин манай улсад шинээр хөгжиж байгаа. Аливаа маргааныг шүүхээр шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг аргын нэг нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм. Иргэний эрх зүйн маргааны 50 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэгддэг гэсэн судалгаа байдаг. Харилцан тохиролцож шийд­вэрээ гарган маргаа­ныг дуусгана гэдэг бол маш том соёл, ухамсар, хүнд байх л ёстой ухааны хэмжүүр гэдэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж эхэлснээс хойш маргааны 80 гаруй хувь нь шийдэгдэж байгаа аж. Энэ талаар өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч М.Алтан-Өлзий­тэй ярилцлаа.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнгээ өгч байна гэсэн мэдээллийг авлаа. Эвлэрүүлэн зуучлах эрх зүйн орчин манай улсад хэр бүрдсэн байдаг юм бэ. Энэ асуултаас яриагаа эхлэх үү?

-Японы засгийн газрын харьяа гадаад харилцааны хамтын ажиллагааны байгууллага болох JICA, Улсын дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг өөрийн улсад бий болгох, хөгжүүлэх, мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчдыг сургаж бэлтгэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажилласан. Үүний үр дүнд багагүй хугацааг ардаа орхисон байна. Өнөөдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь манай улсад бодит биелэлээ олж, хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж үзэж байна.

-Улсын хэмжээнд хич­нээн эвлэрүүлэн зуучлагч байдаг юм бэ. Үүнээс хэд нь шүүхэд ажилладаг юм бол?

-2011 оноос хойш “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтад хамрагдсан, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд 505 эвлэрүүлэн зуучлагч бүртгэгдсэн байна. Нийт эвлэрүүлэн зуучлагчдын ойролцоогоор 10 хувь буюу 43 нь анхан шатны шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байна. Хүмүүсийн хоорондох маргаан голчлон төрөл садан, найз нөхөд, танилын хүрээнд үүсдэг. Тэд төрөл бүрийн эрхийн харилцаанд оролцохдоо харилцан итгэлцлийн үндсэнд ямар нэг баримт бичиг үйлддэггүй. Гэтэл тохиролцоогоо зөрчиж итгэл алдсанаар үл ойлголцол бий болж эцэс төгсгөлгүй маргаан үүсч, эдийн засаг, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд дарамт болдог. Энэ нь эцэстээ бие биеийнхээ дээр гарах гэсэн тэмцэл болж хувирна. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм.

-Энэ оны хагас жилийн байдлаар маргааны 80 гаруй хувийг эвлэрүүлэн зуучилсан гэсэн статистик мэдээ гарсан байна. Энэ тухай баримт түшиглэн ярих боломж байна уу?

-2015 оны эхний хагас жилийн байдлаар шүүх Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд 7598 өргөдөл хүлээж авсан байна. Үүнээс 5100 гаруй өргөдөл амжилттай шийдвэрлэгдэж, маргаан бүхий талууд шүүхийн өмнөх шатанд эвлэрэн хэлэлцэж маргаанаа шийдвэрлэсэн. Энэ мэдээгээр бол маргааны 80 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна гэсэн үг.

-Эвлэрүүлэн зуучлахын давуу тал нь чухам юу юм бэ. Бусдын нууцыг хэр хадгалдаг бол?

-Эвлэрүүлэн зуучлалаар маргааныг шийдвэрлэх үед талууд хэн хэндээ таатай нөхцөл сонгож, сэтгэлд нийцсэн шийдвэрт хүрдэг. Тухайн шийдвэр нь биелэх магадлал өндөр. Цаг хугацаа алдахгүй, эдийн засгийн хувьд зардал багатай, маргаанаа хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой. Харин шүүхийн маргаан нотлох баримт шаардана, хуульд заасан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна, анхан, давж заалдах, хяналтын гээд шүүхийн гурван үе шатыг дамжина. Шүүхийн шат болгонд улсын тэмдэгтийн хураамж төлнө. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуусдаг. Гэтэл эвлэрүүлэн зуучлалаар талууд маргаантай асуудлаар түргэн шуурхай тохиролцоонд хүрч чадвал Эвлэрлийн гэрээ байгуулаад л дуусгавар болох боломжтой. Ямар ч маргаанд улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа нь шүүхэд төлж буй улсын тэмдэгтийн хураамжаас бага. Мөн эвлэрүүлэн зуучлалыг хаалттай явуулна. Маргааны шийдэл талуудаас хамаарч тэдгээрийн ашиг сонирхолд нийцэж байдаг. Нууцыг хадгална. Талуудын маргааныг зуучлагчаас өөр хүн мэдэх боломжгүй. Энэ бол маш хэрэгтэй, ийм аргаар маргааныг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй болохыг олон улс орон хүлээн зөвшөөрч, өөр өөрийн арга барилаар хэрэгжүүлж байгаа.

-Гадаадын улс орнуудад ямар байдаг юм бол?

-Японд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх маргааны тоо жил бүр өссөөр байдаг, маргалдагч талууд ч эхний ээлжинд эвлэрэх ажиллагаанд оролцоно гэдэг ойлголттой болсон. Энэ аргыг ганц шүүгч бус өмгөөлөгч, эрх зүйч, энгийн иргэд ч дэмждэг. Улам боловсронгуй болсоор байгаа юм байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хүмүүс нэгэнтэйгээ ярилцаж чаддаг, нээлттэй байж чаддаг, найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр үлдээх, эв найрамдалтайгаар маргааныг шийдвэрлэдэг, цаг хугацаа, зардал хэмнэдэг олон давуу талтай. Энэ бол шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх арга юм.

-Эрэлт хэрэгцээг дагаад Эвлэрүүлэн зуучлах төвтэй болох шаардлага гарч ирж байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Нэгэнт хууль, эрх зүйн орчин бүрдсэн, энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэн байгаа учраас цаашдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын дэргэд Эвлэрүүлэн зуучлалын төвүүд байгуулагдах чиг хандлага, зарим тохиолдолд зүй ёсны шаардлага урган гарч ирж байна. Эдгээр эвлэрүүлэн зуучлалын төвүүдэд юуны өмнө мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлд бүртгэгдсэн, түүн дотроо өмгөөлөгч нар тэргүүн ээлжинд ажиллах боломжтой юм. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн наймдугаар зүйлд “Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагч” гэсэн заалт бий. Үүнд 8.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажил­луулж болно. 8.2.Энэ хуулийн 8.1-д заасан зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна гэсэн байдаг. Үүнээс гадна эвлэрүүлэн зуучлагч-өмгөөлөгч нь бүх анхан шатны шүүхүүд дээр орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Уруйн үер бууж 38 айл өрх, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага усанд автжээ

-Хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд лам, бөө, үзмэрч хүмүүс саад учруулах болсон гэнэ-

Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрээд байгаа билээ. Төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байгаа мэдээлэл ирж байна. Иймд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон баруун зүгийн нутагт ажилласан. Ажлын хэсгийнхний ярьж буйгаар хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа аж. Учир нь он гарснаар гурван аймгийн таван суманд аянга буусны улмаас нэг иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогдсон байна.

Мөн дөрвөн аймгийн найман суманд уруйн үер бууж 38 айл өрх, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж, 6913 толгой мал хорогджээ. Энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж “тэнгэрийн зурхайчид” бас хэлж байгаа. Тухайлбал, энэ сарын сүүл болон ирэх сард хэт халалт болох юм байна. Энэ үеэр аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар сэрэмжлүүлэх болсон. Иймд гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн юм. Улсын онцгой комисс өчигдөр цаг үеийн асуудлаар хуралджээ. Хуралд Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Улсын онцгой комиссын гишүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийсэн юм. Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад манай орны

нийт нутгаар хур тунадас багатай, олон хоног өдөртөө хэт их халуун, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас зарим аймагт гандуу нөхцөл үүсч байгааг хэллээ. Ажлын хэсгийнхний мэдээллийг тоймлон хүргэе.

Өнөөдрийн байдлаар гурван аймгийн зургаан сум ой хээрийн түймэртэй байна

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хушаат, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар дээрх аймгуудын Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай анги, нутгийн иргэд нийт 290 хүн 17 техник хэрэгсэл, 30 ердийн хөсөгтэй унтраахаар 2-14 хоног ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Булган, Дархан-Уул аймгийн зарим суманд гарсан дөрвөн түймрийг цурманд оруулсан мэдээлэл олон нутгаас иржээ. Мал, амьтны гоц халдварт өвчний хувьд улсын хэмжээнд зургаан аймгийн найман сумын нутагт боом өвчний нэг, галзуу өвчний найм, нийт есөн тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа юм байна.

Төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ

Ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэсэн байна. Иймд орон нутгийн зарим айлууд өвөлжөө, хаваржаандаа зусаж байгаа аж. Өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүссэн гэнэ. Хэрлэнбаян-

Улаан, Малхын тал зэрэг аймаг дундын отрын бүс нутаг энэ жил отроор мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах боломжгүй болсон аж.

Адуу, малаар уул, усны тахилгыг хийнэ гэх явдал олшров

Гантай байгаа аймгуудын малчид, тариаланчид, ард иргэдийн сэтгэл санаа гундуу, тариалалт нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжийн эзэд сэтгэл зүйн хямралтай байгаа гэнэ. Тэд бороо хур оруулахыг тэнгэр хангайгаас хүсэх болсон байна. Гэтэл үүнийг нь далимдуулж зарим хувийн ашиг хонжоо хайсан лам, хувраг, бөөгийн дүр эсгэсэн хүмүүс хонь, адуу, малаар уул, усны тахилгыг хийнэ гэж орон нутгийн малчдын сэтгэл зүйгээр тоглож өргөл барьц авах болсон гэнэ. Энэ явдал хөдөө орон нутагт ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа.

Мөн үер, усны аюул, төөрсөн, осолдсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, усчин, аврагчдыг ажлаа хэвийн явуулахад лам, бөө, үзмэрч хүмүүс ихээр саад учруулах болсон гэнэ. Тэд гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчихийг тулган шаардах зэргээр саад учруулж байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээлэх болжээ.

Үлийн цагаан оготно, царцаа, сибирийн шөвгөр хошуут хорхой ихэсчээ

Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад уулын гуу, жалгаар л тачир өвстэй, бусад газраар ургасан жаахан өвс, ногоо нь хатаж, гандсан байна. Дээрх газруудаар үлийн цагаан оготно, царцаа, Сибирийн шөвгөр хошуут хорхой ихэссэн зэрэг нийтлэг байдал ажиглагдсан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн цагдаа сэжигтнийг олон нийтийн газар зодож танхайрчээ

Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай залуу 45 орчим насны эмэгтэйг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэ бичлэгийг үзсэн хүнд тэр цагдаагийн хэрцгий балмад үйлдэл жигшил төрүүлмээр. Гэгээн цагаан өдөр олон нийтийн газар авто зам дээр түгжрэл үүсгэн эмэгтэй хүнд гар хүрч буй түүнийг хараад хэлэх муу үг олдсонгүй. Эмэгтэйн толгой руу хэд хэдэн удаа цохиод авав. Тэр тоолонгоор нь эмэгтэйн толгой дальжгас гээд савагдах аж. Нөгөө эмэг тэй нь яасан их тэвчээртэй юм, цохиулаад зогсоод байх. Тэгснээ нөгөө эмэгтэйг цагдаа машиныхаа арын суу далд чихэж харагдав. Машины хаалгыг нь хаахдаа эмэгтэйн баруун хөлийг хавччих юм. “Яргачин” шиг л санагдав. Нөгөө эмэгтэй үг хэлсэн бололтой. Дургүй нь хүрсэн цагдаа эмэгтэйг дахиад цохиж буй дүр зураг харагдах аж. Эцэст нь нэг юм өнөө цагдаа машиндаа сууж, түгжирч зогссон машинууд ч хөдөлгөөнд оров. Энэ бичлэгт төрийн цагдаа биш нэгэн хүчирхийлэгчийн үйлдлийг харуулах шиг. Энэ бичлэгийг хийхээс өмнө тэр цагдаа авто замын нөгөө талаас эмэгтэйг үсдэж чирээд авчирсан гэдгийг жиргээч онцолсон байна. Бичлэгийг үзэж дуусаад цагдаа эмэгтэйг хаа нэгтээ аваачаад бараг алахаас наахнуур зүйл болсон байх даа гэж бодогдмоор. “Цагдаа болно” гэж ярьдаг жаахан хүүхдүүд энэ бичлэгийг үзсэн бол яах вэ. Цагдаа болох хүсэл мөрөөдөлдөө автаж яваа сонсогчид үүнийг хараад юу гэж бодох бол. Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнээс хэтийдсэн тэр цагдаа хэнийг ийн бөх зүрхтэйгээр гэгээн цагаан өдөр зодов. Арай эхнэрээ зоддог нөхөр биш биз гэсэн болгоомжлол олон нийтийн дунд түгсэн юм.

Цагдаагийн дотоод хяналтын албаныхан түүнийг хэн болохыг нь тогтоов. Эх сурвалжаас авсан мэдээллээр тэр цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан хэн гэдгийг нь тогтоож шалгаж эхэлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж гэнэ. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаа бөгөөд эхнэр хүүхэдтэй юм байна. Түүнд зодуулж байсан эмэгтэй нь түүний шалгаж буй хэргийн сэжигтэн аж. Хэдий сэжигтэн байлаа ч төрийн цагдаа хэнд ч гар хүрэх ёсгүй. Төрийн цагдаад гар хүрэх эрх байдаггүйтэй адил төрийн цагдаа бас хэн нэгэнд гар хүрэх ёсгүй юм. Таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүр хүртэл үргэлжилнэ гэсэн үг байдаг шиг санагдаж байна. Энэ бол танд эрх чөлөө бий ч бусад хүнд бас эрх чөлөө байгааг сануулсан үг юм. Цагдаа гэдэг бол хэн нэгнийг зодож дээрэлхэх бус нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн төрийн тусгай албан хаагч. Төрийн тусгай албан хаагчийн хувцас өмсөнө гэдэг маш өндөр хариуцлага, үлгэр дуурайлал байдаг.

Сэжигтэнд ч эдлэх ёстой эрх гэж бий

Тийм ч учраас цагдаагийн албан хаагч болж буй хүн тангараг өргөхдөө “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая” хэмээдэг. Ингэхдээ бас “Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гэж давхар тангараг өргөдөг. Сэжигтэн байлаа ч хүн. Түүнд эрх чөлөө, эдлэх ёстой эрх бий. Шүүх түүний гэм буруутайг тогтоосон ч түүнд эрх чөлөө бий. Гэмт хэрэг үйлдсэн байлаа ч түүнийг хэн нэгэн яллаж зодох ёсгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг учраас ийм байдаг. Ийм байх ч учиртай. Учир нь гэмт хэрэг хийсэн ч байлаа тэр бол хүн. Тийм учраас дэлхий дээр НҮБ бий болж, тэнд хүний эрхийг онцгойлон авч хэлэлцэж анхаарлаа хандуулж ирсэн юм.

Тэд хүний эрхийг хангаж ажиллах ёстой

Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм гэж байдаг. Тэрхүү дүрмийн зорилго нь цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагаа. Захирах захирагдах ёс, хүний эрхийг хангах, алба хаагчийн сахилга, хариуцлагыг журамлан зохицуулах замаар тэдний эрх ашиг, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг хамгаалахад оршино гэсэн байдаг. Энэ дүрмийн “1.9. Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаад анхаарал, хайхрамжгүй хариуцлагагүй хандах, хүч хэрэглэх, шунахайрах, ая тал засах танил тал харах, аминчирхах үзлээс эрс татгалзвал зохино” гэсэн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-д “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж бас заасан байдаг.

Иргэний сэтгүүл зүй хөгжиж, харин цагдаа нарын сэтгэл зүй өөрчлөгдөхгүй байна

Гэвч Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан энэ хэргийг шалгаж байгаа. Хэрэв энэ бичлэг олон нийтийн сүлжээгээр тараагдаагүй бол “Ийм явдал болсон гэдэг нь нотлогдохгүй байна” гэж хэвлэлийнхэнд хэлэх байсан биз. Харин дүрстэй, баримттай энэ явдлыг хэрхэн шийдэх бол. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхгүй болсноор хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, сэжигтэн яллагдагч нартай хуулийнхан зүй бусаар харьцаж, эрүү шүүлт эрс өссөн гэдэг баримтыг Хүний эрхийн үндэсний комиссынхон илтгэлдээ дурдсан байдаг. Дээрх албыг татан буулгаснаас хойш цагдаа нь цагдаагаа шалгадаг болж, цагдаагийн бусдын эрх чөлөөнд халдаж, танхайрсан эрүүдэн шүүсэн явдал тогтоогдохгүй болсоор удаж байна. Харин тус албаны үүргийг багахан ч болов жиргээчид нөхөж байна. Бусдын эрх зөрчсөн үйлдэл гаргавал тэр дор нь нийгмийн сүлжээгээр тараадаг, эргээд хариуцлага тооцуулдаг жишиг тогтож эхэлж байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Иргэний сэтгүүл зүй хөгжиж байна. Харин цагдаа нарын сэтгэл зүй өөрчлөгдөх цаг болжээ.

Яагаад цагдаа нарын эргэн тойрноос хүчирхийллийн хэрэг гараад байна вэ

Хэрэв уншигч та санаж байгаа бол саяхан дөрөвхөн настай жаахан охин хүчирхийл лийн бай болж нарт хорвоог орхисон. Түүний аав бас л цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Энэ хэргийг цагдаа бус бас л олон нийтийн сүлжээнийхэн олон нийтэд гаргаж тавьсан байдаг. Ингэснээрээ гэр бүлийн хүрээнд байгаа далд бугшсан хүчирхийлэлтэй нийгмээрээ тэмцэх хэрэгтэй гэдгийг төр засгаас ч анхаарч эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн тусгай хуультай болох гэж байна. Зарим судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл хуулийн ажилтнуудын гэр бүлд их байдаг гэдгийг гаргаж ирсэн байдаг юм билээ. Байнга гэмт хэрэгтэн, сэжигтнүүдтэй харилцаж байдаг болохоор хуулийнхны ажил хүнд стресстэй байдаг л байх. Гэхдээ ажил, гэр бүлээ ялгаж сурах сэтгэл зүйн болоод холбогдох сургалтуудыг хуульчдын дунд ч явуулж байх хэрэгтэй гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Цаг үе өөрчлөгдөж байна. Харин цагдаа нь өөрчлөгдөх ёстой гэдгийг дээрх хүчирхийллийн хэргүүд харуулж буй бус уу. Хүмүүсийн ухамсар, үйлдэл, хуулийн мэдлэг ч өөрчлөгдсөн. Хуулийн байгууллагуудад эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Гэвч тэнд ажилладаг зарим хүн нь балар эртний адгуусан авираасаа салж чадахгүй байгаа нь энэ нийгэмтэй хоршиж өгөхгүй байна.

Д.Маргад