1990 онд өрнөсөн ардчилсан үйл явцыг удирдан зохион байгуулсан Санжаасүрэнгийн Зориг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ олон удаа хутгалуулан амь насаа харамсалтайгаар алдсан билээ. Энэ хэрэг олон жилийн дараа шүүхээр орох гэж байна. Монголчууд 18 жилийн турш энэ хэргийн үнэн мөн олдоосой, ямар учраас түүний амийг хөнөөх болов хэмээн хүлээсэн. Энэ хүлээлт эцэс болж байгаа бололтой. Харин энэ хэрэг үнэхээр зөв учгаар хуулийнхантай холбогдож байгаа юу гэдэг асуудал шүүхийн шийдвэр гарснаар тодорхой болох биз ээ. Шүүх хурлыг энэ сарын 14-ний өдөр буюу ирэх лхагва гаригийн 10:00 цагт Хорих 461 дүгээр ангид байрладаг шүүх танхимд хийхээр товлолоо. Шүүх хурлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлах журмын дагуу хурлын нууцын зэрэглэлтэй асуудлаас бусад үйл явцыг нээлттэй сурвалжлах боломж олгож болзошгүй гэсэн мэдээлэл бий. Юутай ч хэвлэл мэдээллийнхэн шүүх хурлыг сурвалжлах хүсэлтээ илэрхийлэх ёстой гэнэ. Харин шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчдийг шүүх хурлын явцын аль хэсгийг сурвалжлуулахаа шийдэх бололтой.
Энэ хэргийн сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтыг үндэслэн шүүх юм байна. Шүүх хурлыг М.Алдар даргалах бол шүүх бүрэлдэхүүнд Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүгчид багтжээ. Сэжигтнүүдийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, хохирогчийн өмгөөлөгчөөр Л.Энхсайхан, Д.Дашдорж, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор ар гэрийнхнийг нь төлөөлөн УИХ-ын гишүүн асан, талийгаачийн төрсөн дүү С.Оюун оролцох юм. Улсын яллагч прокурорууд энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр бүлгийг үндэс болгосон байна. Энэ нь хүнийг санаатай алах гэсэн зүйл анги юм. 91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 91 дүгээр зүйлийг 2-ын нэг нь хүнийг шунахайн сэдлээр санаатай алах, 91.2.4 захиалгаар, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн (энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй), 91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.13.нийтэд аюултай аргаар, 91.2.16. хоёр ба түүнээс олон хүнийг алсан бол гэсэн зүйл ангиудыг дурдсан байна.
Олон нийтэд ил болсон шүүхийн зараас харвал энэ хэрэгт хамаатай зүйл анги нь хүн амины хэрэг болж таарч байна. Тэгэхээр мөрдөн байцаалтад ажлын хэсгийнхэн болон прокурор С. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ахуйн хүрээнд үйлдэгдсэн аллага хэмээн үзэж буй нь шүүх хурлын зараас тодорхой харагдаж байгаа юм. Тэгэхээр С. Зориг агсны амь насыг хөнөөсөн нь улс төрийн зорилготой аллага биш гэж үзсэн бололтой юм. Хэрэв улс төрийн захиалгат аллага гэж үзвэл давхар зүйлчлэл байх ёстой аж.
Эсвэл улсын нууцад хамаарахгүй зүйл ангиудыг шүүх хурлын тов дээр тэмдэглэсэн байж болох уу. Магадгүй “Маш нууц” гэсэн зэрэглэлээр шалгаж буй хэрэгт холбоотой заалтуудыг дэлгээгүй байж болохыг ч хэлэх хүн байсан юм. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад ”Энэ хэргийг илрүүлж, шалгах явц нь өөрөө нууцын зэрэглэлтэй болохоос энэ хэрэг нууцын зэрэглэлтэй гэсэн үг биш юм. Тэгэхээр энэ хэргийг ахуйн хүрээний аллага гэж үзсэн байна. Түүнээс хэрэг нь нууцын зэрэглэлд хамаарахгүй. Шүүхийн зараас энэ бүхэн тодорхой харагдаж байна. Улс төрийн захиалгат аллага гэж үзсэн бол давхар зүйлчлэл нь байдаг. Зүйл ангийг нууцлах шаардлага байхгүй” гэлээ.
Нөгөө талаар энэ хэрэг гарснаас хойш Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдсан гэсэн зүйлчлэл буюу 81 дүгээр зүйлийн нэгд “Улс төрийн үйл ажиллагаанд саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулах, доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай холбогдуулан төр нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн бол гэсэн зүйл ангиар анх энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байдаг. Гэвч энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй бололтой гэж харагдаж буй юм. Хүн амины хэргийг захиалгаар хөнөөсөн бол гэсэн зүйл анги байгаа нь улс төрийн аллага биш гэснийг хэрхэн салгаж ойлгож болох вэ гэсэн асуултыг нэг хуульчид тавьсан юм. Тэрбээр “тухайн үед С.Зориг агсан Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн сайд асан. Ийм албан тушаал хашиж байсан хүний амь насыг хөнөөлгөхөөр захиалга өгсөн л бол улс төрийн захилга гэж үзэх учиртай. Хэрэв энгийн иргэний амийг хөнөөлгөх захиалга өгсөн бол энэ нь захиалгат аллага болж буй хэрэг. Үүнийг хуулийнхан болон шүүх бүрэлдэхүүн итгэл үнэмшлийнхээ хүрээнд юу гэж харж, шийдэх нь шүүх хурлын дараа тодорхой болох биз” гэсэн юм. Юутай ч шүүх хурал болохтой зэрэгцэн энэ хэргийн эргэн тойронд ийм таамгууд явж байв.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 2-ын нэг нь хүнийг шунахайн сэдэлтээр санаатай алах болон 91.2.4-т захиалгаар гэсэн заалт орсон нь анхаарал татаж байгаа юм. Дээрх гурван сэжигтэн аллага үйлдсэн юм бол захиалагч байгаа гэдэг нь тодорхой болно. Тэгэхээр тэр захиалагч лав тодорчээ гэж харагдахаар байгаа юм. Хэрэв сэжигтнүүдийг шунахайн сэдэлтэйгээр бусдын амь насыг хөнөөсөн гэж үзэж байгаа бол тэд юунд шунасан байх вэ гэдэг асуудал гарч ирж буй. Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь 35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. 18 жилийн өмнө тэд 17, 22, 24 настай байсан болж таарч байгаа юм. Гарч байсан мэдээллүүдээс үзвэл тухайн үед талийгаачийн гэрээс алуурчид бөгж, аяга зэргийг авсан гэж гэрч хэлдэг. Зарим таамгаар энэ нь хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн мэт харагдуулах гэж л тухайн эд зүйл авсан болов уу гэж үздэг. Харин зарим хүн алуурчид С.Зориг агсныхаас ямар ч эд зүйл аваагүй байх гэж таамагладаг. Чухам сүүлийн мөрдөн байцаалтаар сэжигтнүүд хүний амь хөнөөх ямар шунахайн сэдэл байв гэдэг тодорхой болсон бололтой. Энэ мэтээр олон өнцөг, таамаг гаргаж хөвөрдөж болох үндэслэлүүд байна. Дээрх хоёр заалтыг Улсын дээд шүүх хэрхэн тайлбарлаж вэ гэдгийг сонирхъё.
Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай тогтоолд 5.2.“Шунахайн сэдэлт” гэдэгт гэмт этгээд өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах, эсхүл ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх гэсэн санаа зорилгыг ойлгоно. Уг сэдэлт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байдгийг анхаарвал зохино. Шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэх мэт бусад зүйл, хэсгээр давхар зүйлчлэх шаардлагагүй. Бусдыг санаатай алсны дараа эд хөрөнгийг авсан гэмт үйлдлийг шунахайн сэдэлтээр алсан гэж үзэхгүй гэсэн байна. Захиалгаар бусдын амь насыг хөнөөх гэдгийг тайлбарлахдаа уг тогтоолын 5.5.“Захиалгаар” гэж гэмт этгээд нь хэн нэгний хүсэлтээр, өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус ашигтай байдал бий болгох, эсхүл тодорхой болзол бүхий амлалт авч хүнийг санаатай алсныг хэлнэ. Энэ тохиолдолд захиалагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Уг гэмт хэргийг үйлдэхэд хатгагч, хамжигч, зохион байгуулагч нар идэвхтэй хамтран оролцдогийг анхаарвал зохино” хэмээсэн байна.
Эргэн сануулахад, Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойр байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа. Яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж буй тухай өгүүлсэн байдаг. Б.Содномдаржааг хууль хяналтынхан өнгөрсөн оны сүүлээр баривчлан шалгаж эхэлсэн бол Ц.Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насанд хүрсэн хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч Өршөөлийн хуульд хамрагдан 25 жилийн хорих ял эдэлж байгаа гэдэг. Т.Чимгээг нь Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг байсан хэмээдэг. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутанг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна” гэсэн нь анхаарал татдаг. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн иймэрхүү зүйлсийг өнгөрсөн хугацаанд ярьсан. Тэгэхээр энэ хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.