Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Халхчууд та нар хэзээнээсээ урвамтгай” DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 2013 ОНД ШИЛИЙН ГОЛООС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГЫГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


-ШИЛИЙН ГОЛД ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА-

Өмнөд Монголын ну­тагт сайхан зун
болж бай­на. Нар, хур тэгшрээд таана, хөмүүл төө хэртэй ургажээ. Хавар эрт но­гоон­доо
цадсан мал сүрэг ногоон хөндийгөөр баг­ши­­ралдана. Мөн төв за­маас холгүйхэн уулын
энгэрт бөм­бийсөн цагаан гэрүүд ярайх ажээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг руу томи­лолтоор явж байгаа нь энэ. Шилийн
голынхон зуны дэл­гэр цагийн яг өдийд наадмаа хийж бай­гаа гэх сураг дуу­лаад хи­лийн
дээс алхаж, тэнд амьдарч буй Өмнөд мон­гол­чуудын аж амьдрал хэрхэн өрнөж байгааг
сурвалжлах зорилготой яваа. Эрээн хотоос чанх зүүн тийш засмал замаар туу­шиндуулж
өглөө. Өглөө эрт гарсан болоод ч тэр үү замд тааралдах мөөгний хүрээ шиг цагаан
гэрүүдийн яндангаар цагаан утаа дээш олгойдох ажээ. Хилийн зурвас дундуур нь татчихсан
болохоос биш энд Монголын нэгэн үндэст­ний үр сад аж төрж байгаа. Шилийн гол руу
хамт яваа жолооч Өмнөд монгол гар­валтай. Сүүлийн үеийн зо­хиолын дуучдын дуунууд
бүхий хуурцаг хөгжимдөө тавьчихсан, түүнийгээ дагаж чанга чанга дуулаад л дав­хиад
байх. Зам гэж толь, 140-160 километр цагийн хурд­тайгаар давхив. Жолооч за­луу
“Энэ зун Монголдоо очиж наадам үзэх санаатай. Наад­мын гоё сайхныг тэнд очоод л
мэдрэх юм. Өнгөрсөн зун наадам үзсэн. Уяач нар нь морио үнэн сайхан уяна. Манайхан
тэгж уяж чадахгүй л байгаа юм” хэмээн яриа өдөх ажээ. Цаг гаруйхан дав­хиад Шилийн
гол аймгийн Сөнөт хошуун дээр очлоо. Энд хятад үндэстнүүд шавар дагзанд амьдарч
байсныг илтгэх хуучин суурин зурай­на. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг улаан шавраар
өн­гөл­сөн жижигхэн цонхтой жижиг байшингууд ярайна. Хажууханд нь цэлийсэн том цонхтой
сүүлийн үеийн заг­варын өндөр барилгууд Сө­нөт хошууны өнгө үзэмжийг чимэх ажээ.
Энд өмнөд монгол хүн олон бий. Үүнийг илтгэх
зүйл нь хаяг сам­ба­руудын ихэнх нь монгол бич­гээр зурайтал бичсэн байгаа­гаас
мэдэгдэх юм. Бүр Сүх­баатар, Дорнод аймгийн урд сумдаар явж байхад нутгийн иргэд
өмсчихсөн байдаг дээл өмссөн хөгшид гадаа нарлан сууж байх юм.

Сөнөт хошууныхан гялт­га­насан сортой
хар адуугаа­раа алдартай. Хар адууны үр удам энэ хавьдаа зартай хурдан байдаг юм
гэсэн. Сө­нөт хошуунд амьдарч буй барга үндэстэн монголчуу­дын ихэнх нь малчин.
Хошуу­ныхаа засаг захиргаа, сургуу­ль цэцэрлэгт нэг хэсэг нь ажиллаж амьдарч байна.
Мөн Эрээнд таксинд явж амьдралаа болгодог залуус ч олон бий.

Сөнөт хошуунд амсхий­гээд цааш давхилаа.
Энэ хошуутай залгаа Авга хошуу бий. Тус хошууныхан саяхан том тахилга хийсэн сураг
дуулдана. Авга хошууныхан Бэлгүтэйн тахилга гэж нөсөр том тахилга хийж, морь урал­дуулж,
бөх барилдуулсан гэнэ. Түрүүлсэн адуунд арван бог, гурван бодоор байлсан гэнэ. Мөн
түрүүлсэн бөхөд хэдэн түмэн зоос өгсөн гэх мэдээлэл байна. Авга хошуу­ныхан Алтан
ургынхан хэ­мээн өөрсдийгөө ярьдаг юм билээ. Бүр Чингис хааны дүү Бэлгүтэйн үр удам
хэмээн түүх ярина. Бас энэ хошуунаас олон бөх төрсөн байдаг юм билээ. Ойр хавийн
наадмуу­даа Авга хошууны бөхчүүд хуваагаад авчихдаг гэсэн. Сүүлийн үед Заяа гэх
бөх сайн барилдаж байгаа гэсэн. Тус хошууныхан Төв аймгийн Баянцагааны илүү нугаламт
хонь шиг данхан сүүлтэй хо­нин сүрэгтэй аж. Өвс нь шимтэй байдаг учир намар эндээс
хонь худалдаж авах юм бол цавцайсан цагаан өөхтэй мах иднэ гэсэн үг. Хангай газраас
ирсэн хүн энд ирээд хонины мах идвэл хурцддаг тухай нутгийнхан ярьж байв.

Ийн өглөө эрт гарсан бид Шилийн гол
аймгийн Шилийн хотод бага үдийн алдад оч­лоо. Тэртээ харагдах талд өндөр барилгууд
сүндэрлэн харагдах ажээ. Шилийн хот руу ойртох тусам зам нь өр­гөсч дөрвөн эгнээ
болох аж. Замын тэмдэглэл тод шар өнгөтэй машинууд нь хурд­лан давхих нь сүртэй.
Хотын баруун захаас орох ажээ. Замд тааралдах арав гаруй давхар өндөр барилга Ши­лийн
гол хотын Булган сумын Засаг захиргааны барилга гэнэ. Өмнөд монголчууд ажилладаг
газар. Хотын төв хүрэлгүй хойш эргэсэн за­маар давхисаар Булган сумын малчдын амьдарч
буй Булган хороололд ирлээ. Том хашаанд зургаан давхар орон сууц олныг босгожээ.
Энэ орон сууцны хороолол мөн л өмнөд монголчууд амь­дардаг газар гэнэ. Хүүхдийн
цэцэрлэгт хүрээлэнд хүүх­дүүд тоглоод, хөгшчүүл хэд хэдээрээ нарлан сууж ажээ. Эндээс
баруун тийш давхи­саар Баяннуурын гацаа орно. Хотын төвөөс 30 гаруй кило­метрийн
зайд Дунгарынх гэх айл зусч байгаа юм. Тэнд шууд очих ёстой. Ингээд Шилийн хот оролгүй
баруун тийш салсан замаар давхи­саар Баяннуурын гацаа ор­лоо. Тэртээ урд харагдах
уулыг Баянцогт хэмээн нэрлэ­дэг юм байна. Баянцогт уулын хойд хөндийд мэл­тэлзэх
нуурыг Баяннуур гэдэг ажээ. Энэ нуурын хойд энгэр дээр Дунгар гуайнх олон жил болж
байгаа. Түүний эхнэр Ринчмаа энд мэдээ орсон цагаасаа нутаглаж ирсэн. Дунгар гуайн
гэрийн ойрол­цоо ирэхэд хоёр хар нохой араа шүдээ арзалзуулан ирж машин боргоод
явуулахгүй хорих аж. Гэрийн гадаа мори­ны уяан дээр наадамд уяж байгаа бололтой
гэдсээ татаж хөнгөрсөн морьд уяатай бай­гаа харагдана. Хашаан дотор зээглэсэн эсгийтэй
гурван гэр байх. Мөн эхээс төрөөд удаагүй бололтой улаан хээр унага хүний бараанаар
тосч ирээд л гар даган шогших ажээ. Гэрийн хойд талын энгэрээр хонин сүрэг таран
идээшилж, морьтой залуу хонины хошууг эргүүлэн залж явна. Нас тогтсон махлаг бор
эмэгтэй гарч ирэн нохой хорьж өгсөн нь гэрийн эзэгтэй Ринчмаа байв. Гэрт оруут идээ,
цай болж “Дээшээ суу” хэмээн зочлох ажээ. Тэд “Танай нутгаар бороо хэр орсон. Зуншлага
сайхан бай­на уу. Наадам болох гээд айлууд морио уяж байгаа биз дээ” гээд мэнд мэдэлцлээ.
Сумынхаа хөдөөний айлд сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх юм. Биднийг ирэхэд тосч
ирээд байсан хээр унага гэрт орж ирээд гэрийн эзэд “хаая, хүүе” болоод гэрээс гаргалаа.
Хавар адуунаасаа сарничихсан гэрийнх нь ойролцоо гүйж явсан гэнэ. Эзнийг нь хайсан
боловч олдоогүй учир угж хөхүүлж, мал болгох гээд нэлээд эрх­лүүлж байгаа нь энэ
аж.

Гэрийн эзэгтэй улаан хүрэн цай өтгөн
аягалаж өгөв. Тэд цай чанахдаа идээг нь их хийгээд богширтол нь буцал­гаж, дээрээс
нь сүлсэн ч улаан хүрэн байх бөгөөд үүнийгээ уухгүй л бол цай уусан болох­гүй толгой
нь өвддөг гэнэ. Ар монголчуудынхаар бол сүү амтагдсан сайхан цай нь юмдаг уу даа.
Мөн шуудайтай борц байшингаасаа оруулж ирэн алхаар түншиж, сал­байл­гаад “Борцтой
хоол хийж өгнө өө. Өвгөн маргааш шинэ шөл уулгах юм гэсэн” хэмээн ярьсаар хоолоо
бэлдэх ажээ. Гэрийн хойморт хуучны бор авдар байх. Мөн боронзоор эрээлсэн улаан
хүрэн модон ор, гэрийн баруун хатавчинд эмээл тавьчихсан хазаар, ногт, чөдөр ханын
толгойноос өлгөөтэй юм. Бүх л зүйлс хөдөөний малчин айл шиг. Хажууханд өнгөрөх цахил­гаан
шонгоос цахилгаан татчихжээ. Телевизээр нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн
суваг гарч байв. Хоёр нүдний ду­ран, хулсан хусуур зэрэг зүйлс унинд өлгөөтэй. Гэрийн
эзэн хоймортоо суучихаад хятад янжуур татаад суугаад байх тэгснээ “Би хэдэн морь
уяж байгаа. Олигтой давхихгүй юм. Нөгөөдөр Хамар усны их наадам болно. Түүнд давхиу­лах
санаа байна. Манай хүү, бэр хоёр унаж байгаа” хэ­мээн яриа өдөх ажээ. Гэрийн эзэн­тэй
хамт хоол болохоос өмнө уяан дээр очлоо.
Дунгар гуайн хүргэн Арслангийнх энэ зун айл зусч байгаа юм бай­на. Залуухан хосууд
дөрвөн ханатай гэрт аж төрдөг юм байна. Уяан дээр байгаа морьд бүгд хурдан шинж
агуулсан, цэвэрхэн хийцтэй юм. Монголын уяач нар эн­дээс сүүлийн үед адуу авчир­даг
болоод байгаа учир нь эндхийн барга адуу гүйцэг­дэхгүй хурдан байдагтай холбоотой
тухай бид ярьж явав.

Очсон айлынх 600 гаруй богтой, 40 гаруй үхэртэй, 400 гаруй адуутай юм байна.
Энэ жил төл алдалгүй авсан тул 20 гаруй үнээ сааж, зуу гаруй гүү унагалжээ. Долоон
сарын дунд үеэс гүүгээ барих юм байх. Тэр үед айраг гарч нутгийнхан цуглардаг байна.
Тэд айргийг цэгээ хэмээн нэрлэх аж. “Намрын цэгээ ч хар тос унаад мөн ч сайхан шүү”
гээд л ярих. Мөн үнээгээ саагаад, сүүгээ хөөрүүлж, өрөм загсааж, тараг бүрээд тогоо
нэрж, шимийн архи гаргаж, аарцаар нь ааруул тавиад л цагаан идээгээ худалдаалдаг
байна.

Гэрийн эзэгтэй бидэнд хоол цай бэлдэж
өгөөд үнээн­дээ гарсан юм. Нар баруун уулын шилээр орж амжаагүй байхад дэлэнгээ
дааж явсан үнээнүүд эхнээсээ ирсэн юм. Хуванцар хувингаар дүүрэн сүү сааж зэлэн
дээрээ тавь­сан том саванд юүлэх юм. Таана, хөмүүл, шувуун хөл зэрэг шимтэй өвс
ургадаг болохоор үнээний сүү их өтгөн аж. Гэрийн эзэгтэй “Сүүлийн жилүүдэд үхэр
сааж өгөх хүнгүй болчихоод үнээ­нүүдээ олигтой ч сааж хүч­рэхгүй дэлэнг нь султгаад
л тугалд нь өгч байна. Тугал нь гэж бяруу шиг том болчихоод хүчирч дийлэхгүй хэцүүдэж
байна өө” хэмээн ярив. Сүү­лийн жилүүдэд Өмнөд мон­голын залуус сургуулийн мөр хөөгөөд
малчид гэж хэ­дэн хөгшчүүл үлдээд байгаа гэнэ. Үүнээс үүдэн мал ха­риулдаг хүн цөөрөөд
байгаа аж. Ийн­хүү орой болж мал хотлов. Одод ярайтал түгсэн тэнгэрт бүртийх ч үүлгүй
цэл­мэг. Тэнгэрийн заадас тодоос тод. Ногоондоо цадаж махал­сан хонь, ямаа тэрий­гээд
хэвтчихсэн яраглаад, үхэр зэлнээс холдуухан хэвт­чих­сэн хэвэх нь тодхон. Мөн нохой чимээ авсан бололтой
“хөв хөв” хуцах, Монголын хөдөө гэдэг энэ. Гэвч энүүхэн хойгуур хятадын хил зурайн
байгаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Д.Базаргүр: С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс намайг хассан хүн “Миний алдаа байсан” гэж дараа нь хэлж билээ DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС Хурандаа Д.Ба­зар­гүртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-МИНИЙ БҮРДҮҮЛСЭН ЗАЛУУС МОНГОЛЫН ЦАГДААГИЙН
СОРУУД БОЛЖ ЧАДСАН-


Цагдаагийн ерөн­хий газрын дэд дар­га асан, хурандаа Д.Ба­зар­гүртэй
ярилц­­лаа. Түүнийг Монголын цагдаагийн байгууллагын шилдэг мөрдөгчдийн нэг
гэдгээр нь олон хүн мэдэх биз ээ. Бид хоёрын яриа ийн өрнөлөө.


-Тантай уулзах гэ­хээр завгүй яваад бай­на гэх юм. Ямар ажил амжуулаад
завгүй байна вэ?

-Амжуулах ажил мун­дахгүй байна шүү. Ач, зээ нараа сургуульд нь хүргэж өгч,
авахаас эхлээд завгүй их ажилтай. Харин энэ долоо хоногоос хүүхдүүдийн амралт
эхлээд байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо­ны хэдэн залуус хууль, журамдаа
өөрчлөлт оруу­лах гээд түүнд нь заавар, зөвлөгөө өгөөд л явж байна. Өнгөрсөн
амралтын өдрүүдэд ахмадуудын дунд жил бүр болдог сагсан бөм­бөгийн тэмцээнд
оролцлоо. Манай баг анх удаа мөнгөн медаль хүртлээ. Жил бүр алтыг нь авдаг
байсан юм. Ирэх жил хүрэл медалийг нь авах юм байна гэж манай багийнхан
хошигноцгоож байна лээ. Уг нь олон жил алт авсан юм. Эрийг нас гэдэг нь болж
байх шиг байна даа. Хүүхэд байхаасаа л сагс, гар бөмбөг тоглох дуртай байлаа.
Одоо ч сонирхол буураагүй л байна шүү.

-Та Дорнод аймгаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг байх аа?

-Тиймээ. Би Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж, өссөн хүүхэд. Сумандаа бага
сургууль төгсөөд аймгийн төвд сургуулиа төгсөж байлаа. Манай аав төрийн
хариуцлагатай ажил хийж явсан хүн. Аавыгаа дагаад Архангай, Говь-Алтай,
нийслэлийн Дөчин мянгатад амьдарч явлаа. Аав маань атар эзэмших намын
илгээл­тээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн анхны шанг татаж явсан хүн. Харин миний
хувьд 1971 онд дунд сургуулиа төгсөөд, Цэргийн ерөнхий сур­гуульд элсэн
суралцсан. Сургуулиа төгсөөд, Дорнод аймагт Өмчийн төлөөлөгчөөр ажлын гараагаа
эхэлж байсан. Аймгийн үйлдвэрүүдийг хариуцсан өмчийн төлөө­лөгч байсан. Тэр үед
эрүүгийн гэмт хэрэг мөрдөх чиглэлд илүү сонирхолтой бай­сан шиг байгаа юм.
Тэгээд Халхгол сумын цагдаагийн группын даргаар томилогдсон. Халхгол сум шинээр
бай­гуулагдсан болохоор болж бүтэхгүй хүмүүс олон байсан. Гэмт хэрэг гарахгүй
байна гэж байх­гүй. Увс аймгаас таван айл шилжиж ирлээ гэхэд гэрийн эзэд нь
бүгд малын хулгайгаар шийтгүүлж байсан байх жишээний. Халхгол суманд дөрвөн жил
ажиллаад эргээд аймаг­таа Гүйцэтгэх алба­ны тасгийн даргаар томилогдсон.

-Тэр үед 80 гаруй үйл­дэлтэй хэрэг илрүүлсэн гэгддэг?

-Миний цагдаа болоод хамгийн анх илрүүлсэн хэрэг пивоны хэрэг. Тэр үед пиво их
ховор байсан юм. Наадам болох гэж байсан үе. Таван поошиг пиво байснаас хоёр нь
алга болчихдог юм байна. Аймгийн Мах бэлтгэлийн газрын хөргөлтөд байсан юм.
Хэргийн араас яваад дор нь илрүүлсэн. Дараа нь “Онгорхой” хочит
Чулуунбаатараар ахлуулсан 80 гаруй үйл­дэл­тэй хэргийг илрүүлсэн. Орос
айлын гэрт хулгай дээрэм хийдэг, олон тооны мал хулгайлсан, бусдыг зодож
танхайрсан, охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн гээд Дорнод аймгийг тухайн үед
донсолгож байсан хүмүүс. Мөн хүн амины нэг хэрэг санаанд тод байна. 60 гаруй
настай хүн үхэртээ яваад, ор сураггүй алга бол­чихсон. Намайг хотод ажлаар
яваад ирэх үед гарсан байсан. Өвөл гарсан хэрэг. Манайхан нөгөө хүний цогцсыг
хайгаад байгаа. Огт олдохгүй байсан. Тэгэхээр нь би алга болсон үхрийнх
нь араас явсаар нэг айлд очлоо. Гэрийн эзэн манайд энэ үхэр ирээд олон хонож
байна гэхээс өөр зүйл ярихгүй байсан. Сэжиглэх зүйл огт байхгүй. Тэгээд нөгөө
айлаасаа хөдлөх гэж байх үед нуруулдсан их өвс цасгүй байхыг ажиглаад ухаж
үзлээ. Тэгсэн их өвс байгаа газар огт хөлддөггүй юм билээ. Тэнд нөгөө хүнийг
хөнөөгөөд булчихсан бай­сан. Халхгол сум болон Дорнод аймагт ажиллаж байхдаа
миний суурь их сайн тавигдсан гэж одоо боддог шүү.

Б.ПҮРЭВ ГЕНЕРАЛААР УДИРДУУЛСАН НЬ ЦАГДААГИЙН ХУВЬ ЗАЯА

-Хот руу хэдэн онд томилогдов. Орон нутагт гайгүй сайн ажиллаж байгаа
цагдаагийнхан хот руу шилжихийг л боддог гэх юм билээ. Та ч бас тэгж байв уу?

-Би хотод ажиллах хүсэлтэй байсан. Гэвч томилогдож чадахгүй л яваад байсан.
Тэгсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Жамъянсүрэн генерал Дорнод аймагт
хэд хоног ажилласан. Буцахдаа “Чамайг хот руу татаж авна” гэж
хэлчихээд яв­сан. Удалгүй 1988 онд Улсын цагдан сэргийлэх ерөн­хий газрын Эрүү­гийн
хэргийн ахлах төлөө­лөг­чөөр томилогдож ирсэн. Жамъянсүрэн генерал ажлаа
өгөхийн өмнөхөн хамгийн сүүл­чийн томилгоогоо надаар хийсэн юм билээ. Тэгээд
намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд “Би ажлынхаа хамгийн сүүлчийн
томилгоог чамаар хийсэн шүү. Илтгэл алдахгүй сайн ажиллаарай” гэсэн. Би
тэр хүний итгэлийг алдаагүй л гэж боддог.

-Таныг ирэх үед жагсаал, цуглаан эхэлж байсан байх. Цагдаагийн ерөнхий
газрын даргыг та нар дотроосоо томилж байсан гэдэг юм билээ?

-Нийгэм бужигнаад, Нийгмийг аюулаас хамгаалах яам задрах нь тодорхой болоод
байгаа нь бидэнд мэдрэгдээд байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргаар нийгмийн
аюулаас хамгаалах мэргэжлийн хүн ирнэ гэх мэдээлэл ирээд байв. Тэгэхээр нь
гуравдугаар тасгийн дарга Ц.Уугангэрэл бид нар хурал зохион байгуулж, Б.Пүрэв
генералыг дар­гаар томилох санал гаргасан. Тэгж л Цаг­даагийн ерөнхий газрын
даргыг дундаасаа тавьж бай­сан түүхтэй юм. Цагдааг Б.Пүрэв генерал удирдаж байж
л тэр эгзэгтэй хүнд хэцүү үеийг даван туулсан юм шүү дээ. 1990 оноос хойш
нийгэм задрах үед ганц ажлаа хийж байсан газар бол цагдаагийн байгууллага шүү
дээ. Хийлгэдэг хүн нь Б.Пүрэв генерал. Тэр үед цагдааг юм болгонд дууддаг
байлаа. Бүр “Та нараас өөр ажил хийж байгаа газар байхгүй байхад дуудахгүй
яах юм бэ” гэдэг байсан. 1990 онд цагдаа ард түмний нөхөр нь байсан. Тэр
хүнд хэцүү үед сайн хүнээр удирдуулна гэдэг тэр үеийн цагдаагийн хувь
тавилан байсан гэж боддог.

ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮС ДУНД ГАРАВСҮРЭН, ГАРАМЖИЛ ХУРАНДАА НАР
ЗОГСОЖ БАЙДАГ БАЙСАН

-Жагсаал болох үед цагдаагийнхан хэрхэн ажиллаж байсан бэ?

-Манай улсад жагсаал, цуглаан гарахаас өмнө урд хөршид болон өөр орнуудад
жагсаал гарч эхэлсэн. Үүнээс үүдэн манайд жагсаал, цуглаан гарвал яах вэ гэж
ярьдаг болсон. Намайг хойд хөршид туршлага судлуулахаар явуулж байлаа. Маш олон
ном байсан. Тэр болгоныг уншиж, жагсаалын үед цагдаа хэрхэн ажиллах талаар
мэдлэгтэй бол­сон гэхэд болно. Эрүүгийн алба хэрхэн ажиллах, жагсагчид ямар
үйлдэл хийхийг хүртэл мэдэж байх хэрэгтэй. Эмх замбараагүй бай­дал гарлаа гэхэд
хэнээр таслан зогсоох, жагсаал удирдаж байгаа хүмүүсийн хэн нь хань болж чадах
вэ гээд олон зүйл судалсан. Удал­гүй жагсаал ч гарсан. Мон­голд анх удаа
жагсаал болж байгаа юм. Бидэнд жагсаал удирдаж байгаа хүмүүс хаана байгааг
мэдэх үүрэг өгсөн. Бид ч С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг
хаана байгааг мэддэг байсан. Хэд хэдэн удаа Төрийн ордон руу дайрсан. Байдал
эвгүй болоод ирэх үед С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг
дуудаж олон удаа зогсоож байлаа. Тэр үед жагсаж байсан залуусын сэтгэл
эвдрээгүй байж. Жагсаал дунд Гаравсүрэн, Гарамжил хурандаа нар зогсож байна.
Тэр хоёр жагсагчид дундаас их содон харагдана. Өндөр болохоор тэднийг хаанаас л
бол хаанаас харж болдог байлаа. Байдал эвгүйдээд эхлэхээр нөгөө хоёр
зохицуулалт хийнэ. “Та нар ингэж болохгүй наадах чинь хэтэрч байна”
гэж эвгүй үйлдлүүдийг дотроос нь зогсооно. Иймэрхүү маягаар жагсаалыг давж гарсан
даа. Жагсаал удирдаж байсан хүмүүстэй бид ойр ажилласан юм.

БИДНИЙ БЭЛТГЭСЭН ХҮҮХДҮҮД ОДОО ЦАГДААГ УДИРДАЖ ЯВНА

-Цагдаагийн тусгай тасаг, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тас­гийг
байгуулснаар хэр­гүүдийг сайн илрүүлж байсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй
юу?

-Б.Пүрэв генерал цагдаагийн байгууллагад тулгамдаад байгаа асуудлыг судалж
үзсэн юм билээ. Тэгсэн дуу­лиант онц ноцтой хэр­гүүд илрэхгүй байгаад
байсан. Мөн цагдаа нар танхай нөхдүүдээс айж зугтаадаг. Хэн нэгэн танхайраад,
дийлдэхгүй үед нь зогсоож чадахгүй байх тохиолдол гардаг л байсан. Тэгээд хоёр
тасаг байгуулсан. Тусгай тасаг байгуулагдаж, даргаар нь одоо Гаалийн ерөнхий
газрын дэд даргын албыг хашиж байгаа Уугангэрэл томилогдсон. Харин
би онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга болсон юм. Бид хоёрт Б.Пүрэв
дарга давуу эрх өгч байсан. Уугангэрэлд бие хаа сайтай, надаас өндөр залуусыг
сонгож ав. Надад болохоор хэрэг илрүүлж чаддаг л бол ямар ч хамаагүй хүний
ажилд ав. Тэгээд л багаа бүрдүүл гэсэн. Бид ч багаа бүрдүүлсэн. Цагдаагийн
ерөнхий газрын дарга асан Д.Мөрөн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан,
бригадын генерал А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэн­найрамдах нарыг олж
ирсэн. Миний дарга бай­сан З.Төрмандах чиглэ­лийн ахлахаар ажиллаж байлаа.
Ёстой л гар нийл­сэн залуус мөн ч олон хэргийн араас орж илрүүлж байлаа.
Онгирсон болох байхдаа миний татаж авчирсан залуус Монголын цагдаа­гийн
шилдгүүд болж чад­сан. Өөр нэг зүйл хэлэхэд Цагдаагийн академийн сурлага сайтай
сонсогч нарыг сонгож аваад дараа­гийнхаа үеийг бэлт­гэсэн. Бидний бэлтгэсэн
хүүхдүүд өнөөдөр цагдаа­гийн дарга нар болчихсон байна. Бүгд л сайн мөрдөгч
болжээ.

-Гар нийлсэн шижиг­нэсэн залуус олон хэрэг илрүүлж байсан байх. Онц
ноцтой хэргүүдээс дурдвал?

-Тэр үед нийгэм бужиг­наантай байсан үе. Ядуурлаас болж ноцтой хэрэг олон гарч
байлаа. Дээрэм хийхийн тулд хүний аминд хүрдэг байв. Зүүнхараагийн банк
дээрэмдсэн хэрэг байна. Тэр хэрэг гараад манайхан очсон. Би ахалж очлоо. Хэрэг
гарсан газар руу ороод л банк хамгаалж байсан цагдааг цагдаа хөнөөсөн гэдгийг
мэдэж байгаа юм. Тэгээд л Зүүнхараагийн бүх цагдааг жагсааж байгаад шууд
хэлсэн. Алуурчин та нарын дунд байна гэж. Тэгсэн дарга нь цагдаа нараа өмөөрч
уурлаад бөөн маргаан үүсэж байлаа. Бид сарын дотор энэ хэргийг илрүүлсэн. Банк
хамгаалж байгаа цагдаа дээр энгийн иргэн орж чадахгүй. Цагдаа хамгаалж байгаа
газарт цагдаа л орж чадна гэсэн өнцөг гаргаад илэрсэн хэрэг. Бас урд хөршөөс
бараа дарж ирдэг хятадуу­дыг дээрэмдсэн хэрэг олон гарсан. Хэргийн араас судалж
үзтэл бүлэглэл бүхий залуус өдөр нь вокзал дээр хэн их бараатай ирж байгааг
судалж, араас нь дагаад гэрийн хаягийг нь мэдээд, шөнө нь дээрэмдэг
байсан. Мөн гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гаригтай холбоо барьсан тухай,
Алтан цөгцний зэрэг хэргүүдийг шалгаж үзээд, худал болохыг нь тогтоож байлаа.
Мөн Авдрантын хорих ангид гардаг аймшигтай хэрэг байна. Дорнодын онгорхой хочит
Ч.Чулуунбаатар нар хорих ангийн хянагч нараас эхлээд олон хүнийг онц
хэрцгийгээр хөнөөгөөд оргодог гээд олон хэрэг бий. Яриад байвал дуусахгүй.

-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэг дээр танай баг яагаад
ажиллаагүй юм бэ. Таныг ажлын хэсгээс хасч байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй
юу?

-Миний бие С.Зоригийн хэрэг дээр мөчидхөн хоёр удаа л орсон. Дорнодод явж
байтал дуудаад С.Зоригийн хэрэг дээр ажиллуулахаар боллоо гэсэн. Жамъянсэнгээ
хуран­даа бид хоёр ажил­лаж эхэлсэн. Долоо хоног ажиллаад хэд хэдэн зүйл гаргаж
ирээд байсан. Гэтэл болиулах шийдвэр гаргасан. Бүр ажлаас чөлөөлж
эхэлсэн. Тухайн үед уур хүрсэн. Бид нарыг ажлаас халсанд эсэргүүцэж байсан.
“Би эргээд ирнэ шүү” гэж хэлээд гарч байсан. Ажлын хэсгээс хасах шийд­вэр
гаргасан хүнтэй дараа нь уулзахад “Тэр миний алдаа байна лээ” гэж
байсан. С.Зоригийн хэрэг дээр миний бэлтгэ­сэн мөрдөгчдийн цөөхөн нь л
ажилласан байдаг.

-Хэргийг илрүүлэх чадал, туршлага, мэд­лэг­тэй шилдэг мөр­дөгчдийн
багийг хэргийг шал­гах ажил­лагаанд оруу­лаа­гүйд гайхах хүн олон байгаа байх.
Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Бидний хэдэн залуус тэр хэрэг дээр орсон бол яах байсан бол гэж боддог л юм.
Ямар ч байсан манай хамт олныг тараагаагүй бол будилаантай зүйлс лав үүсэхгүй
байсан. Тухайн үед нам нь солиг­дож, дарга, цэрэг болох сонир­холтой зарим
хүмүүст бид саад болж байсан байх. Тэгээд л бүгдийг ажлаас нь чөлөөлсөн гэж
боддог юм. Цагдаагийн дарга болох гэсэн хүмүүсийн хийсэн ажил байх. Сүүлд
Цагдаагийн ерөнхий газ­рын дэд даргаар ажиллаж байх­даа хэргийг бага зэрэг
цэгцэлж өгсөн. Үдэг­дээгүй олон баримтыг нэмж, үдэж өгсөн. Тэр үед Э.Бат-Үүлийг
хорьсон байдаг. Бидэнд Э.Бат-Үүлийг хорино гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ
хоригдсон нь Э.Бат-Үүлд ашигтай байсан. Э.Бат-Үүлийн талаарх зүйлс нэг мөр
болсон шүү дээ.

Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР


-НӨХЦӨЛ
НЬ БҮРДСЭН БОЛ ОДОО ЦАГДААД ХИЙЖ БАЙГАА ШИНЭЧЛЭЛИЙГ 2000 ОНД ХИЙЧИХ
БАЙСАН. ОДОО ЦАГ НЬ БОЛСОН-


Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан, хурандаа
Д.Базаргүртэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна.


-Танаас хоёр зүйлийг асуумаар санагдаад байх юм. Олон жилийн хугацаа
өнгөрсөн болохоор нуугаад байх зүйлгүй байх. “Центрпойнт”-ын
гэх хэрэг, 17 чингэлэг спиртний хэрэгт таны нэр холбогдож байсан. Энэ талаараа
хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаагүй. Хүмүүсээс сонсоод байхад та дээрх
хоёр хэрэгтэй холбоогүй юм биш үү?

-Үнэн юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ талаар ярилгүй олон жил чимээгүй явлаа.
Ямар учраас “Центрпойнт”-ын болон спиртний хэрэгт нэр холбогдох
болсон талаараа ярьж болж байна. Үнэндээ бол огт холбоогүй юм шүү дээ. Зарим
нэр бүхий хүмүүсийн миний нэр хүндэд халдсан явуулга байсан. Спиртний хэргийн
талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн үед тийм хэрэг мандсан. Манай
албаныхан хэрэг мөрдөж яваад айлын хашаанаас цэнхэр поошигтой спирт машины
тэвшин дээр ачаатай байгааг илрүүлсэн юм билээ. Тэгээд нөгөө машины жолоочийг
саатуулаад хэргийг шалгах ажил эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгсэн Ховд аймгийн
хоёр цагдаа манайхантай ирж уулзсан байдаг. Хамаг зовлонгоо яриад, банкнаас
зээл авчихсан чинь төлөх хугацаа нь болоод, төлж чадахгүй байна. Тавиад
явуулчих гээд гуйсан байдаг. Тэр үед үнэхээр л цагдаа нарын амьдрал хүнд байсан
үе. Цагдаа цагдаадаа амьдралаа яриад ороод ирсэн юм билээ. Тэгээд л тавиад
явуулчихсан. Хүн чанараасаа болоод л явуулсан. Үүнийг хүмүүс мушгиад надтай
холбож ярьсан байдаг. Нөгөө спирт авч явсан хоёр цагдаа сайхан л явж байна.
Хоёулаа хурандаа цолтой болчихсон байна лээ. Хэрэв тэр үед манайхан хүн
чанартай зан гаргаагүй байсан бол нөгөө хоёр яах байсан бол. Тасгийнхаа залууст
тухайн үед та нар тэр хоёр нөхрийг яагаад тавьж явуулж байгаа юм гэж загнахгүй.
Бас хүн чанартай зан гаргалаа гэж магтахгүй гэж л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ.
“Центрпойнт”-ын гэх хэрэгт намайг холбогдсон гэж өдөр тутмын нэг
сонин дээр гарсан байдаг. Тэр хэрэг гарах үед би гэртээ л байсан байхгүй юу.
Намайг гүтгэж бичсэн сонин удалгүй “Д.Базаргүр хурандаа
“Центрпойнт”-ын хэрэгт холбоогүй юм байна” гэсэн залруулга
гаргасан.Тухайн үед дээрх хэрэгтэй намайг холбож бичүүлэх болсон шалтгаан нь
том эрх ашиг байсан юм билээ. Чи асуусан болохоор нууж хаалгүй ярилаа шүү.

-Б.Пүрэв генерал танай тасгийн залуусыг дэмждэг байсан гэдэг. Тэр ч утгаараа
хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг байсан байх?

-Доороо бат суурьтай дээрээ түшигтэй байхаар ажилд ахиц гарч ирдэг юм
билээ. Б.Пүрэв генерал манайхантай уулзаад “Та нар бол цагдаагийн
ассууд буюу шилдгүүд юм шүү. Монголын цагдаагийн нүүр царай” гэж хэлж
байсан. Мөн “Хэрэг мөрдөөд хөдөө, орон нутагт байнга явна. Мэдэхгүй
газрынхаа өвс ургамал, рашаан усыг хамаагүй идэж, ууж болохгүй шүү”
гэж захидаг байсан. Генерал бидэнд үнэн үг хэлж байсныг удалгүй мэдсэн. Манай
нэг ажилтан Завхан аймагт явж байгаад рашаан ууснаас болж амиа алдаж байсан.
З.Төрмандахыг Эрүүгийн цагдаагийн даргаар томилох болсон шалтгааныг хүн бүр
гайхдаг байсан. 24-хөн настай мөрдөгчийг шууд томилж байгаа юм. Б.Пүрэв генерал
цаг үеэ мэдэрч байсан байгаа биз. Тэр үед “Морин жилтэй залуус улс орныг
удирдахаар гарч ирж байна. Тиймээс эдгээр залуустай хөл нийлэх залуу хүн
хэрэгтэй. Цагдааг удирдах хүнийг одооноос бэлтгэх хэрэгтэй” гээд томилж
байсан. Энэ юуг хэлж байна гэхээр маш алсыг харж байсан байгаа юм. Одоо
Монголын цагдаагийн байгууллагад Б.Пүрэв генерал шиг алсын бодолтой хүн
хэрэгтэй байна. 1990 оны жагсаалын үед Монголын цагдаа жагсагч нарын
өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Хэрэв байдал эвгүйдсэн бол
цагдаа нарыг хөдөлгөх боломж байсан. Б.Пүрэв генерал ардчиллыг дэмжиж
байсан хүн байгаа юм. Намайг анх Дорнодоос хот руу шилжүүлж байсан Цагдаагийн
ерөнхий газрын дарга Дамдинсүрэн генералын итгэлийг алдаагүй ажилласан.

-Цагдаа нар хэргийн үнэнийг олохын тулд л мөрддөг. Хэргийн нарийн
учгийг тайлж чадаагүйгээс болж гэм буруугүй хүн хохирох тохиолдол гардаг.
Завханд гарсан хүн амины хэргийг та үнэн зөв илрүүлж олон жилийн ял авах гэж
байсан залууг суллаж байсан гэдэг?

-Завханд нэг залуу амиа алдсан хэрэг гардаг юм. Дамбий гэх өвгөн хоёр хүүтэй.
Хэрэг гардаг өглөө эрт том хүү нь зүүн тийшээ адуундаа мордсон байгаа юм. Харин
нөгөө хүү нь баруун тийшээ үхэртээ явсан байдаг. Гэтэл үхэрт явсан хүү нь
хутгалуулсан байдалтай амиа алдсан байдаг. Дамбий гэх айлын ойролцоо хоёр айл
байдаг. Нэг хөгшин охинтойгоо амьдардаг. Хажууханд нь бас нэг айл. Тэр айлд
хэрэг гардаг өглөө идшээ авах гээд Эрдэнэ-Очир гэх залуу ирсэн. Тэгсэн
гэрийн эзэн танай хоёр хонь эргүүтсэн байгаа. Энүүхэнд бий, Чи мордоод олоод
ир. Тэрийг идшиндээ хэрэглэ гээд явуулсан байгаа юм. Эрдэнэ-Очир ч малаа
тавьсан айлаасаа мордож яваад дурандаж байгаад нэг хүн хээр хэвтэж байхыг
харсан. Тэгээд яваад очтол талийгаач амиа алдсан байдаг. Ингээд гэрийнхэнд нь
дуулгасан юм. Талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэ-Очирыг буруутгаад байгаа. Жил
гаруйн өмнө гутлынхаа түрийнд тонгорго хутгатай явсан. Тэр хутгаараа хүүг
минь хутгалсан гэж аав нь мэдүүлээд байгаа. Ингээд Эрдэнэ-Очир хүн амины хэрэгт
шалгагдаж эхэллээ. Миний олж тогтоосноор Дамбийгийн ойролцоо байсан айлын охин
нь урд энгэр рүү адуугаа тууж явсан хоёр хүнийг харсан байдаг юм. Тэд жалга руу
орсноос хойш удалгүй цулбуураа чирсэн морь үргээд гараад ирсэн гэдэг. Араас нь
явган хүн гарч ирсэн. Тэгээд нутгийнхан цулбуураа чирсэн морийг барьж авах үед
жолоогоо эмээлийнхээ бүүргэнд сойчихсон байсан байдаг юм. Явган гарч ирсэн хүн
талийгаач залуугийн ах нь. Морио үргээгээд алдчихлаа гэж хэлсэн юм билээ.
Улмаар ах нь энэ хэргийг үйлдсэн болох нь цаг хугацааны хувьд таардаг. Тэр үед
Эрдэнэ-Очир хутгаа айлд үлдээгээд явсан байсан. Энэ мэт зүйлээс Эрдэнэ-Очир гэх
залуу хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоосон. Улсын дээд шүүхийн дарга Ганбат,
шүүгч Батсайхан нар зөв хүлээж авсан. Тэгээд хуралдаад Эрдэнэ-Очирыг хэргээс
чөлөөлж байсан.

-Таны илрүүлж чадаагүй хэрэг гэж бий юү?

-Байлгүй яахав. Илрүүлж чадахгүй хэрэг байна шүү дээ. Би хөдөө, малтай ойр
өсөөгүй болохоор тэгдэг юм уу малын хулгайн хэргийг тааруу илрүүлдэг байсан.
Малын зүс, тамга надаас хол санагддаг байсан. Халаасны хулгайн хэрэг дээр ч
гэсэн сайн ажиллаж чадахгүй байдаг байсан. Илрүүлэх тал дээрээ тааруу гэж хэлж
болно.

-Авдрантад гарсан аймшигт хэргийн талаар асуух зүйл байна. Хоригдлууд болон
хорих ангийн хянагч нарыг амийг хөнөөсөн Ч.Чулуунбаатар нарыг тусгайгийнхан
болон цагдаа нар эсэргүүцэл үзүүлэлгүй буудсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Онгорхой хочит Ч.Чулуунбаатар, Н.Төртогтох гэх хоригдлууд олон хүнийг онц
хэрцгийгээр хөнөөгөөд оргосон. Нийгмийг айдаст автуулсан хэрэг юм. Бид
хэрэгтнүүдийн араас нэхэн хөөж Хүүлэйхан уулын энгэрт байгааг тогтоосон.
Тэгээд баривчлах ажиллагаа эхлэх гэж байхад тэд гал нээсэн. Унаж явсан машиныг
хэд хэдэн удаа оносон байсан. Тэгээд л буудалцаан гарсан. Гэхдээ Ч.Чулуунбаатар
нар амьд байсан. Замдаа шархаа даалгүй амиа алдсан. Үнэхээр тэд
яахаас ч буцахгүй байдалтай байсан.

-Цагдаагийн байгуул­лагад шинэчлэл хийгдэж байна. Энэ талаар юу гэж
бодож байна вэ?

-Энэ тогтолцоо руу орох ёстой гэж бодож байна. Бид 1990 оны дундаас 2000 онд
миний бие Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед энэ
талаар яригдаж байсан. Тэр үед энэ тогтолцоо руу орчихвол яах бол
гэж ярьдаг, судалдаг байсан. Бүр ийм тогтолцоо руу орно гэж байсан.
Хэрэг илрүүлэх алба тусдаа байх хэрэгтэй юм байна гэдгийг судалсан. Гэвч
шинэчлэлийг хараахан хийж чадаагүй юм. Тухайлбал, сумдад нэмж ажилтан тавих
гэхээр боловсон хүчний хувьд дутмаг байсан. Улс, орны эдийн засгийн чадавхи сул
байсан. Тиймээс одоогийн яригдаж байгаа тогтолцоог тэр үед хийж чадаагүй юм.
Харин энэ талаар хэлчихмээр зүйл ганц нэг харагдаад байгаа. Шинэ тогтолцоонд
орно гэдэг шинэ горимоор ажиллана гэсэн үг. Тиймээс албан хаагч нараа сургалтад
хамруулах хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар сургалтыг зохион байгуулах хэрэгтэй юм.
Цагдаа нарын дунд яригдаж байгаа гол зүйл нь цолны асуудал. Одоогийн яригдаж
байгаа хуулиар хурандаа цолтой хүн дэд хурандаа болж буух. Хошууч байсан хүн
хурандаа болж дэвших болж байх шиг байна. Би Эрүүгийн албаны хүн. Гэмт хэрэг
илрүүлэх албанд байсан. Бага цолтой албан тушаал дээр олон жил ажиллаж байсан
мөртлөө өндөр цол авч байсан. Хурандааг тасгийн даргаар ажиллуулах гэхээр дэд
хурандаа болоод буучихна. Тиймээс хурандаа нарыг өөр газар дарга болох ажилд
явуулах хэрэгтэй болно. Ингээд ирэхээр мөрдөх алба чинь сулраад ирнэ шүү
дээ. Миний удирдаж байсан тасгийн мундаг залуусыг тогтоохын тулд бид
чиглэлийн ахлах гэх албан тушаалыг гаргаж байсан. Тэгсний хүчинд
З.Төрмандах, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэннай­рам­дах гэсэн ааг
нь багтаж ядсан мундаг залуусыг найман жил тогтоосон байхгүй юу. Ингэж л гэмт
хэрэг илрүүлэх алба тогтвортой ажиллаж байсан. Харин одоо ахлах ажилтан гэсэн
хамгаалалт байхгүй болчихлоо. Дарга бол олдоно. Гэмт хэрэг илрүүлэх ажлыг
хүссэн хүн бүхэн хийдэггүй юм. Гэмт хэрэгтнээс илүү ухаан гаргаж, давж бодож байж
л гэмт хэргийг илрүүлнэ шүү дээ. Өөр нэг зүйл нь цагдаагийн томилгоонд нөлөөлж
боло­хуйц улстөрчид өөрсдөө нуруутай байх хэрэгтэй. Нэг улстөрч гарч ирээд
цагдаагийн удирдлага бүрэлдэхүүнд дураараа өөрчлөлт хийдэг. Тэгээд ирэхээр
замбараагаа алдана. Тиймээс шинэчлэл, тогтолцоонд орж байгаа энэ
үед улс төрчид шинэ ухамсар, төлөвшил хэрэгтэй байна. Ингээд хэлээд
байвал олон зүйл бий. Гэхдээ гол санаа нь энэ.

-Мөрдөх албаны тухай таны бодол?

-Мөрдөх алба гэдэг маань ерөөсөө глобалчилсон хэргүүд буюу гадаадын улс,
орнуудтай харилцах, хамтарч ажиллахаас өөр арга замгүй хэргүүдийг илрүүлэх алба
шүү дээ. Монгол Улсад ман­сууруулах бодис, хүний наймаа, эд эрхтний
наймаа, улс дамнасан мөнгө угаах, зэвсгийн наймааны хэргүүд харанга
дэлдэж байна. Саяхан гарсан “Цахлай нисэх гэж төрдөг” гэсэн кинон
дээр яг харагдаж байна лээ. Хар тамхины хувьд манай улс бүүр идэвхтэй
тээвэрлэгч хэмжээнд хүрсэн байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэмт хэрэгтэй
дорвитойхон тэмцэхээс өөр арга замгүй. “Ингээд байгаад байж болохгүй
ээ” гэж гарч буй хэргүүд хэлээд байна. Уг нь энэ хэргүүдийг хуулиар
тагнуулын байгууллага илрүүлэх ёстой. Харамсалтай нь тагнуул одоохондоо энэ
үүргээ биелүүлж чадахгүй байна. Эрүүгийн шинжтэй хэргүүдийг илрүүлэх чадамж муу
байна. Үүнээс болж хэргүүдийг гараасаа алдчихаад байна. Нөхцөл байдал ийм
байхад Мөрдөх алба байгуулах ёстой. Харин байгуулахаасаа өмнө одооноос боловсон
хүчнээ бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Хэд хэдэн хэлтэй, хэрэг илрүүлэх
чадвартай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах мэдлэгтэй, техник тоног
төхөөрөмжөө бүрэн ашиглах хэмжээний бүх чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх
хэрэгтэй. Одоо байгаа техник, технологио бүрэн шинэчлэх хэрэгтэй. Тагнуулын
газар тааралдсан болгоноо авах юм бол мөрдөх алба ажиллаж чадахгүй. Өндөр
шаардлага бол цагдаагийн байгууллагын гол зарчим байх ёстой.

-Өөр нэг зүйл нь гаднын орнуудын тагнуул болон холбогдох байгууллагатай шинэ
түвшинд нягт ажиллах хэрэгтэй байх?

-Ер нь гаднын орнуудын тагнуулын байгууллага бусад улсын тагнуултай харилцах
сонирхол өндөр биш байдаг. Аль ч орны тагнуулын байгууллага нягт ажилладаггүй
гэхэд болно. Харин Олон улсын цагдаа буюу интерполын салбаруудтай хамтарч, нягт
ажиллах боломж бүрэн бий. Юуны төлөө вэ гэхээр мэдээлэлтэй байхын тулд.
Ялангуяа Зүүн өмнөд Азийн орнуудад хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг
гэмт хэрэг ихээр гарч байна. Иймээс тус бүсийн Олон улсын цагдаатай хамтын
ажиллагааг даруй идэвхжүүлж, хамтрах хэрэгтэй. Бидэнд мэдээлэл л хамгийн чухал.
Жишээ нь, Монгол Улсын нэг иргэн хар тамхины хэргээр баривчлагдах эсвэл хэн нэг
бүсгүй хүний наймааны золиос боллоо гэхэд бидэнд тэр талаарх мэдээлэл байх
хэрэгтэй. Тухайлбал, тус бүс нутагт хар тамхи, хүний наймаатай холбоотой ямар
ямар гэмт бүлэглэлүүд байдаг. Тэдний алинтай нь манай улсын хэн гэгч холбоотой
байдаг вэ гэдэг талаарх мэдээллийг бид мэдэж байх ёстой. Одоогоор манайд тийм
мэдээлэл хомс байна. Бид одоогоор хэнтэй ч нягт холбоотой ажиллаж чадахгүй
байгаа. Энэ мэтээр л сургалтад бэлтгэж, харилцаа холбоог шинэ түвшинд гаргах
замаар өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой.

-Энэ бүхний эхлэл тавигдаж байна гэж ойлгож болох уу?

-Хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. Гэхдээ
хамгийн гол нь энэ хуулийг батлуулахгүй байх лобби гадуур явагдаад байна.
Лоббиг зөв ашиглавал улс, оронд хэрэгтэй, буруу ашиглавал хохиролтой. Тиймээс
бид маш зөв, цэгцтэйгээр алхмаа эхлүүлэх хэрэгтэй.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Хамгийн олон ямаатай Баацагаан сумынхны буйд амьдрал DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Баацагаан сумын Товгор багийн малчин С.Иринагийнх 500 гаруй ямаа төллөжээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сум энэ жил Монголын хамгийн олон ямаатай сумаар шалгар­чээ. Өнгөрсөн өвлийн мал тооллогоор 145,757 тоо­ны ямаа тоолуулжээ. Энэ нь Баацагаан сумын нийт малын 80 гаруй хувийг эзэлж байгаа юм байна. Монголын хамгийн олон ямаатай сумын амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногт Баацагаан сумыг зорьсон юм. Баян­хонгор аймгийн төвөөс 150 гаруй километрийн цаана орших уг суманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт очсон юм. Байдраг голоос эх аван 99 булаг шандаар сэл­бэгдэх Бөөн цагаан нуур сумын төвийн ар шилэнд мэлтэлзэх ажээ. Харин Бөөн цагаан нуурын урд хөндий харгана, дэрсэн дунд Баацагаан сум орших ажээ. Замд нүд, хамар, ам нь гарсан ноо­сон малгай өмссөн хэн болох нь танигдахгүй залуу, алчуураар нүүрээ боож, нарны шил зүүсэн эмэгтэй хоёр мотоцикль­той давхиж яваа хараг­дав. Тэд хоёр шуудай дүүрэн ноо­луур ганзагалсан харагдана. Сууж явсан
машины замаар хөндөлсөн тоос татуулан зогсдог юм байна. Тэгснээ жолоочтой мэнд мэдэлцээд
“Аймгаас ирж байна уу. Ноолуур ямар үнэтэй байх шиг байна” гэж асуух аж. Харин жолооч
“57 мянган төгрөг болоод буучихсан байна лээ. Удахгүй дахиад буух юм гэсэн. Өнгө
ялгаж авч байгаа гэнэ лээ” хэмээгээд гурил, будаа өөр бусад ахуйн барааны үнэ, ханшийн
талаар мэдээлэл солилцоод амж­лаа. Ингээд цааш хөдөллөө. Зорьж яваа сумынхан одоо
л ямаагаа ид самнаж байгаа гэх мэдээг хамт явсан залуу дуулгав. Баянхонгор аймгийнхан зуны эхэн сар гарч буй
өдийд ямаагаа бүрэн самнаж дуус­даг байна. Ямаагаа орой самнаж буй шалтгаан нь энэ
хавар цаг агаар хүйтэн байсантай холбоотой аж.

АНХ
УДАА
АРДЧИЛСАН НАМ
ЯЛЖЭЭ

Ингээд
Баацагаан сумын төвд нар баруун тийш хэвийж, Улаан аргалант уулын шилээр орж байх­тай
зэрэгцэн очлоо. Говь нутгийн буйд суманд хөл хөдөлгөөн бага аж. Хаа нэгтээ мотоцикль,
ма­шинтай хүмүүс тааралдах ажээ. Сумын Засаг даргатай уулзлаа. Засаг даргын ажлаа
аваад арав гаруй хонож байгаа гэх 30 эргэм насны залуу угтаж уулзсан юм. Түүний
алдрыг Ж.Ганбат гэдэг юм байна. Баацагаан суманд анх удаа Ардчилсан нам ялж, сумынхаа
иргэний бүртгэлийн мэргэжилтэн байсан Ж.Ганбат Засаг дарга бо­лоод байгаа нь энэ
аж. Гэхдээ нэлээд хэл ам болж байж сая нэг юм тамгаа хүлээж авсан юм байх. Сумын
Засаг дарга Ж.Ганбаттай мэнд мэдэлцээд Баацагаан сумын аж амьдралын талаар сурвалжлах
гэж яваагаа дуулгав. Тэгсэн “За манай суманд гоц гойд үйл явдал болоогүй байна.
Ирэх жил сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Өнөтэй сайхан өвөл болж, хавар ногоо
эрт гараад, мал но­гоондоо цадаад сайхан байна. Малчид яг өдийд ямаагаа самнаж байгаа.
Энэ жил ноолуур үнэтэй байна. Өнгөрсөн жил 40 мянгаар арай гэж өгч байсан бол энэ
жил 60 мянгад өгч байна. Бүр 70 мянган төгрөгт хүрсэн” хэмээн бид хоёрын яриа мөн
л ноолуурын үнэ ханш руу яваад орчих аж. Баацагаан сум гурван мянга гаруй хүн амтай
аж. 963 айл өрхтэй гэх албан мэдээ байна. Долоон багт хуваагдсан байдаг бөгөөд нутгийн
иргэдийн ихэнх нь малчин. Малчдын амь­жир­гаагаа дээшлүүлдэг амин зуулга нь ямаа
ажээ. Сумын Засаг даргатай уулзчихаад сумын төвтэй танилцлаа. Засаг даргын Тамгын
газрын зүүн талд Соёлын төв барьж байгаа харагдана. Хоёр давхар соёлын төв энэ жилдээ
багтаж ашиглалтад орох аж. Мөн спорт заал ашиглалтад оржээ. Энэ мэт бүтээн байгуулалтын
ганц нэг ажил тэнд эхэлжээ.

Энэ
нутагт Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн төрж, өссөн. Уншигч та алдарт “Хүрэн морь”
найраглалаар нь андахгүй мэдэх биз ээ. Ч.Лхамсүрэн гуайн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр
бай­гуулсан музей сумын төвд байх. Уг нь музейн барилгын гадна талд хаяг байсан
гэнэ. Саяхан болсон салхинаар уначихсан гэнэ. Тэгээд хаягийг нь шороо, бороонд нор­гохгүй
гээд барилгын дотор оруул­чихаад байгаа гэв. Түүнчлэн Хувьсгалт тэмцлийн ахмад зүт­гэлтэн
Ш.Өөдөс, Г.Пунцаг, хошууч генерал Н.Паль, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, П.Пүрэв­сүрэн,
гавьяат жүжигчин Х.Пүрэв­дорж, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин
А.Но­ров нарын төрж өссөн нутаг. Баа­цагаан сумаар УАЗ 469, пургон, хаа нэгтээ суудлын
жижиг тэрэг давхих аж. Гэхдээ сумын айлууд бүгд шахуу урд хөршид үйлдвэрлэсэн мотоцикльтой
юм билээ. Өмнөговь аймгийг бодвол сүүлийн үеийн загварын үнэтэй машин унасан хүн
их ховор. Суманд жийп унадаг таван хүн байдаг гэсэн. Хүүхэд хөгшид, эр эм гэлтгүй
л мото­цикльтой сүлжилдэн давхих аж. Бүр хоорондоо уралдах залуус ч тааралдаж байсан.
Хүүхдийн цэ­цэрлэгтээ 28 сая төгрөгийн их засварын ажил хийсэн байна. Мөн цэцэрлэгт
хүрээлэнгээ засварлаж усан оргилуур шинээр барихаар Сумын хөгжлийн сангийн мөнгө­нөөс
төсвийг нь батлаад гаргачих­жээ. Зулзаган улиас тарьсан цэцэр­лэгт хүрээлэнд таван
хошуу малын хөшөө байх аж. Мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн дундуураа явган хүний
зам тавиад гэрэлтүүлэг хийхээр болжээ.

“ПОКЕР” ТОГЛОДОГ
ГАЗРЫГ НЬ ЦАГДАА НАР ХААЖЭЭ

Нутгийн
залуусын цуглардаг газар яваад очлоо. Тэр нь бил­лъярдны газар. Бөөн залуус цуг­ларчихсан
бооцоотой тоглож байгаа харагдлаа. Тэдгээр залуус хонио хотлуулчихаад ирсэн гэсэн.
Өвөл, хаврын салхинд хүрэн бор царайтай болсон залуус хоорон­доо элдвийг хөөрөлдөж
баг болон хуваагдчихаад тоглох ажээ. Гурван баг болон хуваагдсан залуус 30 мянган
төгрөгөөр бооцоо тавиад 90 мянга болгоод тоглох аж. Тойрч тоглоод олон хожилтой нь 90 мян­ган төгрөг авах
гэнэ. Өндөр биетэй залуу шааригнуудыг бүгдийг нь цохиод оруулчихав. Эхний той­рогтоо
ялалт байгуулаад дараа­гийн багийн залуустай тоглох ажээ. Биллъярд тоглож байгаа залуусын ихэнх нь сайн
тоглох аж. Ганц зугаагаа гаргаж байгаа тоглоом болохоор өдөр шөнөгүй энд тог­лож
өнгөрөөдөг болжээ. Уг нь сумын төвийн урдхан талын цагаан байшинд “покер” тоглодог
газар нээгдсэн гэнэ. Мөрийтэй даалуу, хөзөр тоглодог нөхөр байшингийн­хаа нэг өрөөг
гаргаад сандал, ширээ тавиад хөзөр тоглодог бай­сан юм байх. Тэгснээ сүүлдээ өргөжөөд
сумын Засаг даргын Тамгын газрынхан, сургуулийн багш нар, хөдөөний малчин залуус
хүртэл мөрийтэй “покер” тоглодог болжээ.
Энд нутгийн залуус бор­лонгоор мөрийтэй тоглодог
болсон байжээ. Ийн хууль зөрчсөн асуудал босч ирээд сумын цагдаа арга хэмжээ авч
хаасан байна. Ноолуу­рын ченжүүд сумын дэлгүүрийн үүдэнд орой болтол зогсох аж.
Малчид өдөржин ямаагаа самнаж, малаа хариулж байгаад орой хонио хотлуулчихаад сумын
төв орж ирэн ноолуураа тушаадаг болжээ. Ингэж бага багаар өдрийн самнасан ноолуураа
шөнө тушааж байгаа шалтгаан нь ноолуурын үнэ өнгөрсөн жилийнх шиг шалдаа уначихаж
магадгүй гэсэн айдас. Ийн орой ирсэн малчин залуус ноолуурынхаа мөнгөнөөс архи,
пивонд илүүчилж, тэр хавийн дэл­гүүрүүдэд орлого оруулна. Зарим нь эхнэр, хүүхдээ
сундалчихсан, ноолуурын хэдээ өвөртлөөд буцаж байв.

ГУРВАН
УДАА НЭМЭГДСЭН БАРАА НУТГИЙН ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧДОГ

Гурван
мянга гаруй хүн амтай энэ суманд 30 гаруй хүнсний дэл­гүүр байх аж. Ихэнх нь аймгийн
төвөөс бараагаа татдаг. Аймгийн төвийнхөн “Нарантуул” захаас ихэнх хүнс болон бараа,
бүтээг­дэхүүнээ татдаг гэсэн. Баацагаан сумын иргэдийн гар дээр хүнс болон бараа,
бүтээгдэхүүний үнэ гурав нэмэгдэж сая нэг юм гар дээр нь очдог байна. “Нарантуул”
захын наймаачид үйлдвэрийн үнэ дээр нь хэдэн төгрөг нэмээд Баянхонгор аймгийн захын
наймаачдад худал­даалдаг байна. Харин хотоос
авчирсан бараан дээрээ замын зардал ашгаа нэмээд сумынханд худалдаалдаг аж. Сумын
дэл­гүүрийн эзэд ачааны зардал ашгаа нэмээд
иргэдийн гарт хүргэдэг байна. Улаанбаатар хотын захын дэлгүүрт 1200 төгрөгийн
үнэтэй “LD” гэсэн тамхи 1800 төгрөгөөр худалдаалж байна. 1.5 литрийн “Гоё” ундаа
2500 төгрөг, Ерөөл архи 7500 төгрөг гээд л үнэ нь цуврах ажээ. “Цагаан гол” дэлгүү­рийн
худалдагч Г.Болормаатай уулзлаа. Тэрээр “Манай сумынхан ямаагаараа л амьдарч байна.
Ямааны ноолуураар бүтэн жи­лийнхээ идэж уух, өмсөж зүүх зүйлээ худалдан авдаг. Ихэнх
нь дэлгүүрүүдэд зээл тавьдаг юм. Хавар ноолуураар эргүүлээд мөн­гийг чинь өгнө гээд
л зээл тавина шүү дээ. Цагаан сараар гэхэд ихэнх малчин манайхаас зээл авсан. Нийт
20 гаруй сая төгрөгийн зээл авсан. Эхнээсээ төлөөд бай­гаа” гэв. Түүнээс аймгаас
авчирсан бараан дээрээ хэдэн төгрөг нэмдэг вэ хэмээн асуулаа. Тэгсэн “20-30 хувийг
нэмээд л зардаг. Ачааны мөнгө, ашиг ороод тэгж таардаг. Хотод 2500 төгрөгийн үнэтэй
таав­чиг энд 4500 төгрөг болоод иргэ­дийн гар дээр очиж байна. Хятад мотоциклийн
сэлбэг гэхэд их үнэ­тэй. 50 мянган төгрөгийн дугуй 70 мянган төгрөгөөр малчид худал­даж
авдаг юм. Бид ашгийн бай­гууллага болохоор үнээ нэмдэг юм. Харин малчид, иргэдэд
өндөр үнэтэй хүнс, бараа бүтээгдэхүүн ирдэг болохоор амьдралд нь хүнд тусдаг гэж
боддог” хэмээн ярив. Хамгийн олон ямаатай сум иймэр­хүү дүр төрхтэй угтсан юм. Нутгийн
иргэдийн амьдрал ч тийм сайн биш юм билээ. Баянхонгор аймгийн ихэнх суманд алт гарч
“нинжа”-гийн хөлд дарагдсан байдаг. Баацагаан сумын хувьд одоогоор уул уурхай нээгдээгүй.
Амар жимэр буйд, хөл хөдөлгөөн эрс бага юм. Баацагаан сумын хамгийн олон ямаатай
айл болох С.Ирина гэх айлыг зорилоо. Тэднийх өнөө жил 1103 ямаа тоолуулжээ. Замд тааралдах айлуудын гадаа ихэнх нь хонь, цөөн
ямаа байгаа мэт харагдах аж. Гэвч ойртоод очихоор бүгд цагаан ямаа байх бөгөөд цөөн
хэдэн улаан ямаа байгаа нь хо­лоос хонин сүргийн дунд тав, аравхан ямаа бэлчиж яваа
мэт харагддаг ажээ.

-МЯНГА ГАРУЙ ЦАГААН ЯМААТАЙ С.ИРИНАГИЙНД
ОЧЛОО-

Баянхонгор
аймгийн Баацагаан сумын Товгор багийн малчин С.Ирина гэх эмэгтэй энэ жил 1400 гаруй
мал тоолуулжээ. Үүнээс 1103 ямаа тоо­луулж сумандаа хамгийн олон ямаатай айлаар
тодорчээ. Гурван хүүтэй­гээ амьдардаг тэрбээр
Баацагаан сумын ба­руун­тайгаар нутагладаг юм байна. Хөх толгой гэх газарт хаваржаан
дээрээ зусч байгаа гэдгийг нут­гийн иргэдээс сонсоод өглөө эртлэн сумын тө­вөөс
хөдөллөө. С.Ирина малчны гэрт очих гэж нэ­лээд хэцүүддэг юм байх. Сул элс, хад асга
ихтэй учир орос ах нарын үйлд­вэрлэсэн машин л мянга гаруй ямаатай айлын гадаа очдог
гэх. Жалга өгсөөд л яваад байх аж. Бидэнтэй хамт сумын Малын үржил, бүртгэл мэдээлэл
хариуцсан мэр­гэжилтэн С.Батхүү, багийн Засаг дарга, бага эмч хамт явсан юм. Тов­гор
багийн малчид сумаа­саа 70-80 километрийн хол байдаг учир багийн­хаа айлуудаар тэр
бүр ороод байдаггүй гэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд сумын төв дээр ойрд ирээ­гүй учир
бага эмч тэдний биеийг үзэж, ураг эрүүл саруул
бойжиж бай­гаа эсэхийг үзэх зо­рил­готой.

Харин
багийн Засаг дарга Г.Энхцэцэг өрх бол­гонд харилцах дэвтэр тараах ажлаа амжуулж
яваа юм. Малын үржил, бүртгэл мэдээлэл ха­риуц­­сан мэргэжилтэн С.Бат­­хүү замдаа
сум орон нут­гийн талаар та­нил­цуу­лаад ам хуурайгүй яваа. “Бөөнцагаан нуур чинь
эх оронч нуур шүү дээ. Уг нь мөрөн болох байсан юм гэсэн. Зуун гол, булаг шанд нийлээд
цутгах юм бол мөрөн бол­дог гэсэн. Манай Бөөн цагаан нуу­ранд 99 гол горхи, булаг
шанд нийлж энэ их усыг бий болгож байгаа. За­луу­даа ах нь Бөөнцагаан нуурыг шинэ
мотоцик­лиор тойрч үзсэн. 110 километр бол­дог юм билээ. Малчид зун боло­хоор нуурынхаа
эр­гийг бараадаад буучихдаг юм. Монголдоо төдийгүй дэлхийд ховор ургамал болох чихэр
өвс,гоёо бо­лон говийн ургамал цул­хир, дэгд, лидэр зэрэг жимсгэнэ, эмийн төрлийн
ургамал ихтэй” хэмээн ярих аж. Тэгсэн бидний ярианд багийн Засаг дарга Г.Энх­цэцэг оролцож “Батхүү
ахаа, ямаа согтоодог өвс чинь ур­гаад л байгаа юу” хэмээн асуух аж. Тэгсэн С.Батхүү гуай
“За манай нутагт нэг сонин өвс ургадаг болчихоод байгаа юм. Голын ширэг зүлгэн
дээр ургадаг юм. Хүн харахад зү­гээр л өвс шиг харин ямаа идэхээрээ согтчихдог юм. Гуйвж дайваад л яваад бай­на. Хаашаа ч хамаагүй
эр­гүүтсэн хонь шиг явна. Тэр өвснөөсөө өөр төрлийн но­гоо идэхгүй” гээд хортой
өвсний талаар яриа хэсэг өрнөв. Бөөнцагаан нуурын урд талд мянган шувууны үүр гэх
газрын талаар ярив. Бу­лагтай, заг, зэгсээр хүрээ­лүүлсэн газарт нэг давхар байшингийн
дайны өндөртэй шувууны үүр байсан гэнэ. Тэнд зундаа мянга гаруй шу­вуу өндөглөдөг
байж. Тэгсэн 2001 оны зун ган болоод цангасан
тэмээнүүд өнөөх үүр байгаа газрын булагнаас ус уух гээд тэр хавийг сүйт­гэчихсэн
гэнэ. Тэр зунаас хойш тэр хавиар шувуу үзэг­дэхээ больж, зүлэг нь хатаж, булаг нь
ширгэсэн юм байх. Сумын аялал жуулчлалын бүс нутаг гэгдэх Муруй хад хэмээх хад асга
дундуур яв­лаа. Тэг­сэн ишгээ дагуулсан хоёр янгир бидний явж байсан уул өөд бэлчиж
харагдлаа. Ма­шины бараанаар уулын амь­тад үргээд алга болох ажээ. Муруй хадан дунд ирвэс, янгир, аргал, хар сүүлт, бөхөн, шилүүс
зэрэг ан амьтан, хой­лог, ёл, шонхор, хөх дэглий, хотон, тоодог зэрэг олон төрлийн
жигүүртэн шувууд байдаг гэнэ.

МОТОЦИКЛЬ
УНАСАН ХОЁР ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ БИДНЭЭС ЗУГТААГААД, БИД АРААС НЬ ХӨӨГӨӨД…

Ийн
явсаар хадан хавцал дундаас гарч явтал зорьж буй айлын өвөлжөө хадан дунд тааралдав.
Говь нутгийн мал­чин айл гэхэд их том саравч­тай аж. Мөн хоёр ч модон амбаартай.
С.Батхүү тэдний нууц өвөлжөөг үзүүлдэг юм байна. Мянга гаруй бог багтах боломжтой
байгалийн хадан хашаа байх аж. Өвөлжөөнөөс харахад тэнд чулуун хашаа байгааг харах
боломжгүй нууцлаг газар байгалийн ха­шаа байх аж. Говь нутагт мод банз олдохгүйн
зовлон бий. Хашаа хороо барих асуудал хүнд гэсэн үг. Тэгтэл энд байгалийн малын
хашаа бай­гааг мянга гаруй ямаатай С.Ирина гуайнх ийн ашигла­жээ. Өвөлжөөнөөс доош
уруудаж, малын жимээр явж байтал хоёр мотоцикльтой хүн доошоо тоос татуулан явж
байгаа харагдлаа. Араас нь энэ хавиар ямар айлууд буу­гаад байгааг сураглах санаа­тай явсан чинь
нөгөө мото­цикльтой хоёр чинь “зугтаа­чих­даг” юм байна. Бид араас нь нөгөө хоёрыг
элдэж гар­лаа. Нөгөө “Ховор хүмүүс” гээд уран сайхны кинон дээр морьтой залуу даргаасаа
айгаад зугтаадаг даа. Тэрэн шиг л юм болох шахлаа. Арай гэж араас нь гүйцэж зогсоо­сон
чинь тогоон чинээ гэдэс­тэй хоёр эмэгтэй байж таа­рав. Бүр Товгор багийн залуу малчдын
гэргий зургаа, найм­дугаар сард төрөх хоёр эмэг­тэй байдаг юм байна. Бага эмч “Та
нар чинь яаж байна аа. Гэдсэн дэх хүүхэд чинь зүгээр үү” гээд балмагдсан амьтан
машинаас буугаад ирэв. Тэд “Сумын мал эм­нэлгийн УАЗ байхаар нь ичээд зугтаачихсан
юм. Гэрт хийх ажил олдохгүй уйдаад байхаар нь айл хэсч яваад та нарт баригдчихлаа”
гээд инээл­дэцгээн, бие биеэ нуд­раад авав. Багийн эмч эмэгтэй гэрт нь очиж нарийн
үзлэг хийхээр зорьж байгаагаа хэ­лэн зорьсон айлаасаа ха­зайн Далан түрүү гэх газар
руу явлаа. Энхтөр гэх залуу малчны гэрт очлоо.
Тэрбээр эхнэрээ айл хэсэх хооронд ямаагаа самнаж байжээ. То­гоон чинээ гэдэстэй
хоёр эмэгтэй ч эмчийн үзлэгт хам­рагдаад загнуулж байгаа харагдлаа. “Төрөхийн өмнөх
шинжүүдийг сайн цээжил гээд хэлсэн. Та хоёр зөндөө зааж өгч байхад их эмчийн нүүрэн
дээр мэдэхгүй гээд хүн байдалд хийгээд байх юм” хэмээн ярих нь сонсогдов.

ЯМААГАА
УЛАМ ОЛОН БОЛГОХЫГ ХҮСДЭГ

Ингээд
зорьж буй айл руугаа хөдөллөө. Бидний сууж яваа машин арай гэж багтахаар хадан дундуур
сүлжиж хайрга, элсэнд хий эргүүлэн явсаар их үдийн алдад зорьсон айлынхаа барааг
харлаа. Гэрийнх нь гадаа их олон цагаан ишиг байх аж. Ишигнүүд дунд цөө­хөн хэдэн
л улаан ишиг байв. Тэдний хаваржсан газарт эрт ногоо гарсан болоод тэр үү, мал өнгө
зүс сайтай ногоон­доо цадчихсан байгаа хараг­дана. Зүүн талын толгод дундуур цагаан
ямаа туусан морьтой хүн айсуй. 50 эргэм насны хүрэн бор царайтай эмэгтэй бидэнд
нохой хорьж өгсөн нь С.Ирина байв. Тэд­нийх таван хүүхэдтэй юм байна. С.Баатархүү
энэ жил 30 хүрч байгаа. Эхнэр авч амжаагүй гэнэ. Харин дунд хүү С.Түвшинжаргал
25 нас­тай энэ зун тусдаа гарч, хурим найр хийхээр төлөвлөж бай­гаа гэсэн. Хамгийн
бага хүү болох С.Төгсгэрэл ямаандаа явжээ. Хотод байдаг хоёр охиных нь нэг нь хоёр
хүүх­дээ дагуулж ирээд, ямаа сам­наж өгч байгаа хэмээн аар саар зүйл ярилаа. Ямаа
жил­бэтэй байсан болохоор ишиг­нүүд амархан торнисон юм байх. Таван хошуу малаас
хамгийн ажиллагаа анхаарал шаардаж, төлөө өгдөг малыг ямаа, тэмээ гэж хөгшид ярьдаг.
Тэр тусмаа ямааны төлийг хаваржин өглөө орой­гүй эхэд нь тавьж өгөх ажил­тай. Мөн
жаахан хүйтэн үед ямаа ишиглэвэл хурдхан дулаан гэрт оруулахгүй шууд л бээрчихдэг
амьтан. Их ажил­лагаатай малыг мянга гаруй болгон өсгөж үржүүл­сэн мянгат ямаачин
С.Ирина­тай ярилцлаа.

-Энэ
жил хэдэн ямаа ишиглэсэн бэ. Ямаагаа самнаж дууссан уу?

-500
гаруй ямаа ишиг­лэлээ. Өчин ишигний гарзгүй сайхан төл хүлээж авлаа. Өнгөрсөн жил
хур бороо ихтэй, өвс ногоо сайхан ургаж өвөл өн болсон болохоор төл авахдаа нэг
их ядарсангүй. Цаашид ямаагаа өсгөөд байх санаатай байгаа шүү. Манай гэр бүлийн
амьжиргааны гол үүсвэр ямаа болоод байна. Ямааг ад үзэх хүмүүс байдаг л юм. Гэхдээ
үр ашиг ихтэй амьтан шүү дээ. Говийн су­мын нутагт ургаж байгаа өвс их шим тэжээлтэй
байдаг. Мах нь хангай газрын ямаа шиг сэрүүдээд байхгүй. Хони­ны мах шиг л илчлэг
ихтэй. Сүүлийн үед мах нь үнэд ороод байгаа. Ямааны арьс мөн л үнэтэй. Хавар ноолуу­раараа
малчин бидний жи­лийн хэрэгцээг хангачихдаг юм. Манайх Бөмбөгөрийн улаан ухна, Шинэжинстийн
залаа цагаан ухнын үр удамтай. Ноолуурын хувьд ярих юмгүй сайн. Бусад айм­гийн эр
ямаанаас гардаг ноо­луур манай борлонгоос гарна шүү дээ. 300 гаруй килог­рамм ноолуур
гарсан. Түүний­гээ аймагт тушаачихсан.


Ямаа ч их ажиллагаа­тай мал шүү дээ. Энэ дайнд хүргэхэд хэдий хугацаа орсон бэ?

-Ямаанаас
төл авна гэдэг их хүнд гэдгийг малчин бүр л мэддэг. Хавар нойр, хоолгүй хэдэн өдөр
гүрийж байгаад л төлөө бүрэн авна. Ганцаас газар дүүрдэг гэдэг шүү дээ. Нэг төл
ч байсан бойжуулаад авах юм сан гэж бодоод хи­чээдэг юм. Энэ гурван хүү­гийн­хээ
ачаар өдий зэрэгтэй явна. Манай хөгшин өөд бо­лоод таван жил болж байна. Энэ суманд
1992 оны үед төрсөн ах, дүү гурван мянгат
малчны нэг. 2001 оны зуд­наар олон малнаасаа 80 гаруй ямаатай, цөөн хэдэн үхэртэй
үлдсэн. 2001 оноос хойш өсөөд мянга гарчихаад байна. Цаашид ч гэсэн өсгөх бодолтой
байна.

-Ноолуурынхаа
мөнгийг хүүхдүүддээ хуваана, идэж, уух юмаа бэлдэнэ гээд л хуваарилж өгнө биз. Аймаг,
сумын төвийн залуу­сыг хараад байхад архинд их үрдэг бололтой?

-Хотод
байгаа хүүхдүүд­дээ мөнгө явуулна. Бас хүүхдүүд зүүн талаас хурдан удмын адуу худалдаж
аваад 20 гаруй адуутай болсон. Буянт малынхаа үр шимээр хүнээс юм гуйхгүй сайхан
л амьдарч байна. Бидэнд ду­таг­дах гачигдах зүйл байхгүй. Хэрэгцээтэй бүхнээ худал­даад
авчихаж байна. Гурван хүүгээ удахгүй унаажуулах санаа байна. Тэгээд ноо­луурынхаа
мөнгийг хадга­лаад байгаа. Гайгүйхэн хэр тааруу машин авч өгөхөөр бодоод байгаа.
Хаваржаа зуслан дээрээ чингэлэг тавьчихсан. Бүх зүйлээ тэнд хураачихаад гэртээ цомхон
суудаг юм. Гурван хүүтэйгээ хамт малаа өсгөх гэж зүт­гэсний эцэст сайхан л амь­дарч
байна. Хотод дээд сур­гууль төгсчихөөд худалдагч хийж байгаа хүмүүс байж л байна.
Манай гурван хүүхэд арван жилийн боловсролтой. Гэсэн ч хэнээс ч дутахааргүй явна.
Хөдөөд сайхан амьд­рал байгаа гэдгийг танай сониноор дамжуулж залуу­чуу­дад хэлмээр
байна. Хөдөө нэртэй төвд амьдарч байгаа залууст хийх ажил байхгүй, хариулах мал
байхгүй болохоор цагийг биеэ зовоож өнгөрүүлж байгаа юм даа гэж боддог юм гэв.

С.Ирина гуайн гурван хүү хурдан моринд их хорхойтой
гэнэ. Сүхбаатар, Хэнтий чиг­лэлийн адуу худалдаж аваад байгаа юм байна. Тэднийх
Шинэжинстийн залаа цагаан ухнатай болоод ч тэр үү ямаан сүргийн ихэнх нь ца­гаан
ямаа байх аж. Зундаа ямаагаа саагаад цагаан идээг нь хотод байдаг ах, дүү нар­таа
өгч явуулдаг аж. Биднийг ийн ярилцаж байтал бага хүү болох С.Төгсгэрэл цагаан ишиг
тэвэрчихээд ороод ир­лээ. Тэгснээ “Хээр хэвтчихээд босохгүй юм. Чацга алдаад байгаа
юм шиг байна” хэмээн бидэнд хандаж ярив. С.Ирина гуай “Цагаан гоёо аваад ир. Жижиг
малын чац­ганд сайн шүү дээ” хэмээн шууд л нөгөө ишгээ эмчилж гарлаа. Гэрийн ойролцоо
байх худаг дээр ямаан сүрэг ирсэн байгаа харагдлаа. Ямаан сүргийн ихэнх нь цагаан ямаа байх нь сонин
харагдах ажээ. Дэрийсэн эвэртэй сэрхнүүд сүргийн чимэг гэгддэг нь яалт ч үгүй үнэн
юм аа. Сүрлэг гэж жиг­тэйхэн. Тэдний гурван хүү ямаагаа услахаар гарав. Мян­га гаруй
бог усална гэдэг амаргүй ажил юм. 25 литр ус ордог том ховоогоор гүн худ­гаас ус
татах аж. Шатахуунаар ажилладаг мотор нь эвдэр­чихээд ийн гараар малаа усалж байгаа
аж. Олон ямаа өвлийн цагт хэвтэр алдаад бууц нь дош болж хөлдөөд хажуугийн
өвөлжөөнөөс бууц зөөх нөсөр ажил тэднийг угтдаг гэсэн. Мөн хонь цөөтэй болохоор
зуны цагт ямаа салхидаад тогтдоггүйг ч хууч­лав.
Хөх толгойн хойд талын хадат ууланд ямаагаа ха­риул­даг байна. Хадан дунд сэрүүхэн,
шимтэй ногоо урга­даг жинхэнэ ямааны нутаг юм байна. Мянга гаруй малтай С.Ирина
гуайнх их даруухан аж төрдөг айл юм. Тэд бусад мянгат малчин шиг үнэтэй машин унаагүй.
Туслах мал­чин аваагүй. Бүгд л өглөө­нөөс үдшийн бүрий болтол ма­лынхаа араас явсаар
өдрийг өнгөрөөдөг. Тэд­ний амнаас “Хүн хөдөлмөр­лөх
хэрэгтэй” гэх үгс гарах ажээ. Тэднийх зун, хавар, намар ногоо хөөгөөд хэд хэ­дэн
удаа нүүдэг. Олон нүүдэг болохоор отрын байдалтай аж төрж байна лээ. Гэрийнхээ гадаа
байх чингэлэгт томоо­хон тавилга, төмпөн шанага эд зүйлсээ хураачихсан байх ажээ.
Мянгат ямаачных да­руухан, эгэл амьдарч байна, буйд талд.

<<Үргэлжлэл бий

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Аргал түүж зараад олсон мөнгөөрөө хүүхэд өнжүүлэх газар байгуулжээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


“Эгч нь гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийж зараад олсон
мөн­гөө­рөө Хүүхэд өнжүүлэх газ­рынхаа байшинг барь­­сан юм аа. Өлзийт хороол­лын
хүмүүс на­майг энэ байшинг өөрийн­хөө га­раар бос­госон гэдгийг мэднэ. Мон­гол хүний
сай­хан сэтгэл дундраагүй хэвээрээ бай­гаа шүү. Бидэнд тус бол­дог хүн олон бий.
Саалийн хоёр үнээтэй хөгшин хүртэл хотод бай­даг хүүхдүүд рүүгээ сүү өгч явуулахгүй
юм байж бидэнд аваад ирдэг юм.

Сайн санаат хүмүүсийн дэмжлэг тус­лал­цаагаар олон сайхан хүүхэд их амьдрал дунд хөл алдахгүй явж байна. Тэднээрээ би их бахархдаг.” хэмээн ярих эмэгтэйг Булгаа­гийн Уранчимэг гэдэг. “Ивээл энэрэл” ТББ-ын тэргүүн, “Гэ­рэлт ирээдүй” өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай. 30 гаруй насны шавилхан бие­тэй энэ эмэгтэй Ховд аймгийн Мөст сумын уугуул, нөхөр хоёр хүүхдийн хамт Яарма­гийн автобусны хоёрдугаар буудлын хойд талын гэр хо­роо­лолд амьдардаг.

Түүнийг уншигч та бүхэнд ийн танилцуулж байгаа нь учиртай. Тэрбээр 110 гаруй хүүхдийн ээж. Түүний 50 га­руй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлт­гэгдсэн юм билээ. Одоо өөр өөрийн сонгосон мэргэжлийн дагуу бусдаас дутахааргүй ажиллаж амьдарч явна. Анх 2004 онд Ховд аймгийн бүтэн өнчин 24 хүүхдийг цуглуул­жээ. Тэдгээр 24 хүүхдэд ха­маатан садан байсан ч амьд­ралд нь тус нэмэр болж ан­хаарахгүй байгааг Б.Уран­чимэг эмэгтэй олж харсан бай­гаа юм. Бүтэн өнчин хүүхэд ямар их шаналал, айдас дунд амьдардгийг биеэрээ мэдэр­сэн болохоор тэдэнд тус­лахаар сэтгэл шулуудсан байна. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх төвийг барь­сан түүнтэй уулзахаар нийс­лэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хороол­лыг зорьсон юм.

Хаврын урь орсон энэ өдрүүдэд уулын цас хайлан гуу жалга дүүрэн ус болжээ. Туул голын цөн түрж, мэлмэр­сэн хөх ус намуухан урсах нь нэн таатай санагдах ажээ. Хотын баруун урагш давхи­саар Өлзийт хороололд очиход холын буйд суманд очсон мэт. Морь хөтөлсөн хүн, адуугаа тууж яваа залуус, үхрээ туусан хүн, цагаан худ­гийн урд усанд дугаарлан зогссон хүүхдүүд харагдах аж. Өл­зийт хорооллын иргэ­дээс “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх тө­вийг сураглаад, төвөггүйхэн олоод очлоо.

Нэлээд том хашаа байх аж. Улаан тоосгоор өнгөлсөн нэг давхар байшингийн цонх нь том, цэлгэр юм. Мөн хүү­хэд тоглох талбай болон но­гооны хоёр ч том хүлэмж байх ажээ. Хаалгыг нь цохилоо. 30 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гарч ирсэн нь бидний уулзах гэж буй Б.Уранчимэг байлаа. Түүнтэй мэнд мэдэл­цээд хүүхэд өнжих газар руу нь яваад орлоо. Хананд нь хүүхдүүдэд зориулсан сур­гамжтай үгс наажээ. Нямбай гарын дүйтэй хүн хийсэн болов уу гэмээр гар аргаар хийсэн модон ширээ сандал эгнээтэй байлаа. Нам дарал­тын зуухнаас эхлээд хэрэн­дээ л тохилог орчин бий бол­гожээ.

Тус газрын тэргүүн “Та нарыг ирнэ гэдгийг мэдсэн бол хүүхдүүдээ цуглуулахгүй юу. Бүгдээрээ л өглөө ирчи­хээд хичээлдээ явцгаачихсан. Өглөөний ангийнхан арай л тарах болоогүй байгаа юм байна даа” хэмээн ярьсаар цай өгөв. Түүнтэй ийн хөө­рөлдлөө.

24 ХҮҮХЭД МААНЬ БҮГД ТУС ТУСЫНХАА АЖЛЫГ САЙН ХИЙЖ БАЙГАА

Таныг аргал түүж за­раад олсон мөнгөөрөө гур­ван жилийн дотор энэ төвийн барилгыг барьсан гэж сонсоод шууд наашаа гарлаа. Таныг амьдралын түвшин доогуур амьдрал­тай болоод өнчин хүүхдүү­дэд тусалдаг гэж сонслоо, энэ талаар яриагаа эхэлье?

-Та
нар хэнээс сонссон юм бэ. Миний аргал түүж байшин барьсан гэдгийг мэ­дэх хүн ховор шүү дээ. Хүнд энэ талаараа ярихгүй яваад байгаа юмсан. Би бусдаас ямар нэгэн тэтгэлэг тэтгэмж, төсөл авч хүүхдүүдийг тэ­жээдэг асрамжийн газрын тэргүүн биш. Зүгээр л өөрийн­хөө хүсэл мөрөөдөл бор зүр­хээрээ өдий хүрч байна даа. Бусдын хүүхдүүдэд тусалж амьдралыг нь сайн сайхан болохыг харах сайхан шүү. Анх 2000 онд аав, ээж маань бурхны орон руу явцгаасан. Би дөнгөж аравдугаар анги төгссөн амьтан есөн өнчин дүүтэйгээ үлдэж байлаа. Хам­гийн бага маань гурван настай. Өнчин дүү нартаа би аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж нь болсон. Хамаатан садан бай­сан ч зовлон туулаад ирэхээр тусалдаггүй юм билээ. Бид гэртээ идэх хоолгүй сууж бай­хад хамаатнууд маань тарган үхрийн мах тогоо дүүрэн чанаад идээд сууж байдаг байлаа. Энэ намайг хурцалж өгсөн. Дүү нараа аваад нут­гийнхаа ахын машинд суу­гаад хот руу ирж байлаа. Гурван дүүгээ асрамжийн газар өгөхөөс өөр сонголт үнэндээ байгаагүй. Тэгээд асрамжийн газруудыг суд­лаад яваад байсан чинь тань­даг хүн маань олон улсын “Сос” хүүхдийн асрах газрыг зааж өгсөн. Очоод үзсэн таалагд­сан, гурван дүүгээ тэнд өгчи­хөөд өөрөө ажил хийж эхэлсэн дээ. “Наран­туул” захаас эхлээд эсгий таавчиг зарж болох бүх газ­раар явж 2500 төгрөгөөр зардаг байлаа. Миний ганц чадах зүйл тэр байсан юм. Тэгсэн манай нутгийн бүтэн өнчин хүүхэд хотод оюутан болж ирээд манайд суухаар болсон юм. Тэр хүүхэд бид хоёрын амьдрал адилхан байсан. Үүнээс л анх дунд сургуулиа төгссөн бүтэн өн­чин хүүхдийг хүн бүр хаядаг юм байна даа гэдгийг ухаар­сан. Бага насны хүүх­дүүдийг нь хүн болгон л хайрлаж хам­гаалдаг юм билээ. Харин яг амьдралаа шийдэх гээд тү­шиг тулгуур хэрэгтэй байгаа хүүхдийг “Чи том болсон өөрөө амьдралаа бод” гээд хаячихдаг байхгүй юу. Ингээд Ховд аймагтаа очлоо. Дунд сургуулиа төгсөх гэж байгаа өнчин хүүхдүүдийг хайгаад байсан 24 хүүхэд олдсон. Тэдэнтэйгээ хамт айлын зуны амбаар хөлслөөд амьдарч байгаа юм. Идэж уухаас эх­лээд хэрэгцээ нь дийлдэхгүй. Оюутнуудад байсхийгээд л мөнгө хэрэг болно. Сургуу­лийн төлбөрийг нь олж ча­дахгүй байж сургуулиа хаяж болохгүй шүү гээд л зүтгээд байж. Тэгсэн нэг өдөр одоо сайд болчихоод байгаа Ц.Оюунгэрэлтэй уулзтал гадаадын тэтгэлэг олдож, 24 хүүхдийнхээ сургалтын төл­бөрийг хийлгүүлсэн. Дараа жил нь гадаадын тэтгэлгээс гадна нутгийнхаа томоохон компанийн эзэдтэй уулзаад төлбөрийг хийлгүүлээд хоёр жилийг өнгөрөөж байлаа. Дараа жилээс нь улсаас төл­бөрийг нь даадаг болж бид айх зүйлгүй бүгд сургуулиа төгссөн. Одоо нөгөө хүүхдүүд маань тус тусынхаа газарт ажлаа хийгээд нүүр бардам явж байна. Манай хүүхдүү­дээс “Оюутолгой” ла­борато­риос эхлээд улсын томоохон эмнэлгийн нэртэй эмч болсон хүн ч байна.

Аргал түүж зарсан тухай­гаа ярьсангүй?

-Оюутан
хүүхдүүд сургуу­лиа төгслөө. Би ч гэр бүлийн­хээ хүнтэй амьдралаа холбо­сон юм. Айлд дүү нартайгаа ирчихээд өөр хүний хүүхдүүд дагуулаад очилтой биш. Нө­гөө хүүхдүүддээ айлын хямд­хан байшин түрээс­элж өгч, сургуулиа төгсөөд ажил хийж байгаа хүүхдүү­дийнхээ гэрт заримыг нь байлгах маягаар хэсэг арга­цаасан. Гэсэн ч өөрийн гэсэн газар, байшин­тай болчихвол санаа зовох зүйлгүй болох байх даа гэсэн бодол тол­гойноос огт са­лаагүй. Гэр бүлийн хүнийхээ машиныг ломбардаж, зээл авчихаад Өлзийтөд хашаа худалдаж авсан. Тэгээд амьд­ралын боломж тааруу айлын хүүх­дүүд болон тусалж дэм­жиж ирсэн хүүхдүүдийнхээ хамт энэ хавийн аргалыг түүж ха­шаандаа хатаагаад Яар­магт аваачиж зардаг болсон. 1500 төгрөгийн үнэтэй модны хажууд 1200 төгрөгийн үнэтэй 25 килограмм гурилын уут дүүрэн аргал байхад аргал нь илүү борлогдоно. Аргал ху­дал­даж олсон мөнгөөрөө тоосго цөөн тоогоор нь худал­даж аваад л байлаа. Өлзийт хорооллын урд дээгүүр да­ваад л дүүрэн үхрийн аргал байдаг байсан. Аргалыг хэн ч тоож түүхгүй байсан юм. Үүнийг л ашигласан гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ амралтын өдрүүдэд өглөө эрт гараад орой Зил-130 машины тэвш дүүрэн аргал түүчихдэг бай­лаа. За­рим үед ганцаараа явах үе ч гарна. Ингээд л хүнд зараад олсон мөнгөөрөө байшингаа барина. Эхний ээлжинд бай­шингийнхаа суу­рийг цутга­сан юм. Дараа нь бага багаар тоосго өрж эхэл­сэн. Хүмүүс намайг ингэж дэмий юм хий­хээ боль гэж ирээд загнана. Харин тэр үед миний хүсч, мөрөө­дөж бай­сан зүй­лийг гэр бүлийн маань хүн мэдээд их тус болсон. Микро­гоор шуга­манд явсан орлого нь ч бай­шинд маань орсон. Ингэж л өдөр өн­жүүлэх төвөө гурван жилийн дотор барьсан юм даа. Энэ хугацаанд шантрах, няцах, саад бэрхшээл олон гарч байсан. Өвлийн хүйтэнд цемент зуурч байгаад гараа хайраад л. Энэ бүгдийг нь туулаад гарсан даа.

ОЛОН ХҮНИЙ ӨМНӨ ИХ МӨНГӨ ӨГЧ БАЙГАА ЮМ ЯРИАД ЦААСАН ДОТОР ЗАДГАЙ МӨНГӨ ХИЙЖ ЗУЗААН БОЛГОЧИХООД ӨГСӨН ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БАЙСАН

Хүүхдүүдийн төлөө гэг­дэх олон төсөл хэрэгждэг. Аль нэг байгууллагаас нь тусламж хүсэж үзээгүй гэж үү?

-Одоо
манайд 50 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Ихэнх нь Өлзийт хороололд бий. Тэдгээр хүүхдүүд өдөр өнжүүлэх төв дээрээ хонох гээд байдаг юм. Даанч ма­найх асрамжийн газар биш. Асрамжийн газар байгуулах гэхээр их мөнгө орно. Ядуу биднээр мөнгө олдог, нэр хүнд олох гэсэн хүмүүстэй олон таарч байна даа. Гадаа­дын зочид төлөөлөгч нарын өмнө “Төсөл бүтчихсэн. Та нартаа баяр хүргэе” гэхэд хүүх­дүүд бид нар баярлаад сүйд болж байгаа юм. Дараа нь төсөл чинь бүтээгүй гээд цөөхөн хэдэн төгрөг өгчихөөд яваад өгөх хүмүүс ч байна. Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бидэнд тусалсан дүр эсгэж яриад цаашид бүх боломжоороо тусална гэж амлаад явна. Олон хүний өмнө их мөнгө өгч байгаа юм яриад цаасан дотор задгай мөнгө хийж зузаан болго­чихоод өгсөн тохиолдол ч гарч байсан. Хүмүүсээс тус­лаач гэж гуйхаар “Намайг яаж рекламдах юм бэ” гэж шууд асуух хүн олон шүү. Ийм болохоор хэн нэгэнд хандах нь хүүхдүүдэд халтай, сэтгэ­лийг нь хиртүүлчих гээд бай­даг болохоор чимээгүйхэн урдахаа хийсэн нь дээр гэж боддог. Тэгээд ч би ашгийн төлөө бус өөртэйгээ адилхан зовлонтой хүүхдүүдийн зов­лонг нимгэлэхийг хүсэж, өнөөдрийг хүртэл өөртэйгээ, амьдралтай тэмцэж яваа. Би нэг сонин зүйл ярих уу.

Тэг л дээ?

-Хойд
ээжтэйгээ амьдар­даг нэг хүү байгаа. Хоёр биенийгээ үзэхээ байчихсан. Хойд ээжийгээ аймаар үзэн ядна. Тэгэхээр нь тэр хүүд тэгж болохгүй гэдгийг сайн ойл­гуулсан. Тэгээд нэг өдөр ээж­дээ тусал гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хүү ээжийнхээ оймсыг угаагаад зуухныхаа ард талын сандал дээр тавь­чихсан байсан гэсэн. Дараа нь манай төвөөс хичээлдээ сайн сурсан гээд 20 мянган төгрөгийн урамшуулал өгсөн юм. Нөгөө хүүд шаг­налынхаа мөнгөөр ээждээ дуртай юмыг нь авч өг гэж хэллээ. Тэгсэн хүү ээжээ­сээ “Та юунд дуртай вэ. Би танд гоё юм авч өгье” гэж асуутал ээж нь “Чи наад мөн­гөө хаанаас хулгайлсан бэ” гээд зөндөө загнасан байгаа юм. Бид “Танай хүү онц сур­сан болохоор шагнуулсан юм. Шагналаараа танд бэлэг авч өгөх гэсэн байна шүү” гэж хэлж ойлгуултал тэр эмэгтэй үнэхээр их баярлаж байсан. Тэгээд хүүтэйгээ хамт дэлгүүр ороод хүүдээ болон өөртөө дуртай зүйлсээ авсан тухай­гаа сүүлд ярьж байсан. Тэр хоёр одоо маш сайхан харил­цаатай болсон. Тэр хүү хи­чээлдээ ч их сайжирсан. Үүнээс гадна манайд ээж нь бурхан болчихсон, аав нь бор дарсанд хэт орчихсон гурван хүүхэд байна. Тэдний ирээ­дүй их хэцүү байна. Хаанаас мөнгө олж, тэдэнд хувцас, хоол хүнс авч өгөх вэ гэж бодоод л сууж байна. Гэхдээ урин цаг ирж байгаа юм бай­на. Учир нь олдох байх аа.

Таны халамж, нөмөрт өссөн хүүхдүүд одоо хол­боо­той байдаг уу?

-Манай
төвөөр явсан хүүх­дүүд бүгд л холбоотой бай­даг. Гэхдээ үнэхээр л харж хандах хүнгүй байна гэдэг хэцүүг том болсон ч мэдэрч байгаа хүүхдүүд зөндөө бай­на. Одоо их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдээс арав нь төлбөрөө олсон байгаа. Гэхдээ үүний цаана төл­бөргүй дөрвөн оюутан байна. Нэг нь сургуулиас хөөгдөх дээрээ тулчихсан гэнэ. Одоо очиж сургуулийн захиргаатай нь уулзах санаатай байна.

Хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж байгааг гэр бүлийнхэн чинь хэр хүлээж авдаг вэ. Хүний өмнөөс ингэтлээ гүйлээ гээд дургүйцэх үе гардаг байх даа?

-Гэр
бүлийн хүнийг маань А.Анхбаяр гэдэг. Миний аж­лыг сайн ойлгодог. Харин гэр бүлээс гадна бусдын хүүх­дийн төлөө ингэтлээ зүтгэж байгааг минь мэдэхгүй байж муу муухайгаар хэлэх хүн олон байна. Тэр болгонд өөрийн эрхгүй гомдох юм. Хүүхдүүдээр далимдуулж мөн­гө идсэн. Хүүхдүүд ашиг­лаж байна гээд л гүтгэнэ. Үнэн хэрэгтээ ирэх хагас сайн өдөр хүүхдүүдээ цугла­хаас өмнө 30 мянган төгрөг яаж олох вэ гэж бодоод сууж байна. Амралтын өдөр өнжих газраа ирэхэд нь сайхан хоол хийгээд сууж байвал тэд баярладаг юм. Гэртээ идэх хоолгүй амьтад төв рүүгээ яараад, гүйлдээд л ороод ирнэ шүү дээ. Гэхдээ би хүүхдүүдэд хоол биш бо­ловсрол чухал гэдгийг ойл­гуулах гэж их хичээдэг.

Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Биднийг яриа өрнүүлж байхад Бат­сайхан гэх хүү орж ирээд бие нь өвдөөд байгаагаа Б.Уран­чимэгт хэлсэн юм. Б.Уран­чимэг тэр хүүг харж хандах хүн байхгүй хэмээн бидэнд учирлаад өрхийн эмнэлэг рүү авч одсон.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn


Одоогоос 10-аад жилийн өмнө найман сартай нялх үрээ тэвэрсэн ээж аврал эрэн урссаар ОХУ-ын хил давсан харамсалтай хэрэг гарч байв. ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС сурвалжилгыг дахин нийтэлж байна.


Сайханы хөтлийн застав дээрээс ээж хүү хоёрыг хайх ажил эхэллээ

-Н.САРАНЧИМЭГ “ЯДАХДАА
ХҮҮГ МИНЬ АМЬД ДЭЭР НЬ АВЧИХ Л ДАА. БИ ТА НАРААС ГУЙЖ
БАЙНА. АВРААРАЙ” ХЭМЭЭН УЙЛЖ ЯВЖЭЭ-

Н.Саранчимэг гэх 27 настай эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүү­тэй­гээ ор сураггүй алга болоод яг зургаа хонож байна.
Тэрбээр зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж,
найдаж хүлээсээр ОХУ руу цут­гаж
буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон байна
лээ. Хойд хөршийн хил рүү гарсан гэдгийг яаж мэдээд байна
вэ гэж та бүхэн асуух байх.
Тэг­вэл хамгийн сүүлд Н.Са­ран­чимэг
бүсгүйн “Ядах­даа хүүг минь амьд дээр нь авчих л даа.
Би та на­раас гуйж байна. Ав­раа­рай” хэмээн чангаар ори­лох дуу гарсан гэдгийг
Сэлэнгэ мөрний дагуух хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэр­гийн
0243 дугаар ангийн манааны ахлагч сонсчээ. Энэ тухайгаа хилийн цэр­гийн албан хаагч
дээш нь мэдэгдсэн байна.

Түү­нийг энэ тухайгаа дарга нартаа
хэлээд арван ми­нут болоо­гүй байхад Тавтын заставын ха­руул мөн л голын
ойролцоо газ­раас “Авраарай. Хүү бид хоёр энд байна. Авраач дээ” хэмээн
эмэгтэй хүний цөхрөнгөө баран уйлах дууг сонссон байгаа юм. Түүнээс
хойш Н.Саранчимэг магадгүй аврал эрэн орилоогүй ч байж мэднэ.

ОХУААС ХИЛ РҮҮ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ

Ингээд л ор сураггүй алга бол­жээ. Тэднийг ар гэрийнхэн нь Онц­гой
байдлын албан хаагч нартай ОХУ-ын хилийн ойролцоо самналт хийн эрж, хайж
байгаа боловч олдоогүй байна. Ар гэрийнхэн нь “Амьд байгаасай. Хэн
нэгэн авар­чих­сан байгаасай” хэмээн итгэж най­даж хүлээж сууна. Уншигч
та бүхэн юуны талаар бичээд байгааг минь гадарлаж байгаа байх. Өнгөр­сөн
долоо хоногийн бямба гаригт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын найман хүн
Сэлэнгэ мөрнөөр гарч байгаад мөс нь цөмөрч, усанд унасан билээ. Тэдний
зургаан том хүн нь амьд гарч, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг
мөсөн дээр тэгнэн гол уруудаж, үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хилээр
гарсан билээ. Энэ талаар сурвалжлахаар Сэлэнгэ аймгийг зорьсон юм.

Бага үдийн алдад нийслэлээс хө­дөлж, орой нар жаргахтай зэрэг­цэн
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хо­тод очлоо. Сэлэнгэ аймгийн төвийн Таван шар
гэх газарт байх алга болсон ээж хүүгийн ар гэ­рийнх­ний байгаа газар
очиж уулз­сан юм. Биднийг очихоос өмнөхөн тус аймгийн Онцгой байдлын
ал­бан хаагч нар ирж ар гэрийнхэнтэй уул­заад явсан байлаа. Тэд ээж,
хүү хоёрыг хайхаар хойд хөршийн хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан гэдгээ
дуулгаад буцсан байна. Маргааш өглөө эртлэн 08:00 ца­гаас ээж хүүг хайх
ажил ОХУ-ын хил рүү нэвтэрч Наушик тосгоны наад хавиар хайх ажил эхлэх
юм гэнэ. Мөс тэгнэн гол уруудаж урссан Н.Саранчимэг болон түүний хүү
Г.Шинэбаяр нарын ар гэрийнхэн бүгд цугларчээ. Мөн тэр хоёртой хамт усанд
осолдож арай гэж амьд гарсан хүмүүс ч ирцгээсэн байв. Тэднээс тухайн
үед юу болсон талаар асуулаа.

Сэлэнгэ гол гаталж байгаад мөс нь
цөмөрч усанд живсэн хүмүүс бүгд айл саахалтаараа Сэлэнгэ аймгийн
Зүүнбүрэн суманд өвөл­жиж байгаа гэнэ. Тэд өглөө эртлэн үнээгээ саагаад
аймгийн төв оруулж борлуулан амьдралаа залгуулдаг хүмүүс юм байна. Осол
болдог өглөө ч гэсэн сүүгээ зара­хаар аймгийн төвд ирцгээсэн бай­на.
Хэрэв гүүрээр гаталж явах юм бол 80 гаруй километр явж Сэлэнгэ аймгийн
төв ордог байна. Харин Сэлэнгэ, Орхон голын бэлчрээр гатлах юм бол 20
хүрэхгүй кило­метр яваад л аймгийн төвд очдог аж. Бүр аймгийн төвийн
таксинд явдаг нэг хүнтэй аман гэрээ бай­гуул­жээ. Олуулаа ирэх юм бол
нөгөө жолоочдоо хэлээд “портер” машиныг нь дууддаг гэнэ. Харин цөөн
хүнтэй бол суудлын тэргээр аймгийн төв хүргүүлдэг байна.

Өмнөх
жилүүдийн өдийд Сэ­лэн­гэ гол тас хөлддөг үе гэнэ. Харин өнөө жил цаг
агаар хүйтрэхгүй байгаагаас Сэлэнгэ мөрөн огт хөлдөлгүй мэлтэлзэж
байгаа юм байна. Зөвхөн царамын 12 дугаар тоочик дээрх боолт хийсэн
гарам дээр ус хөлджээ. Түүгээр хүмүүс жилийн жилд л гол гаталдаг юм
байна. Өглөө сүүгээ зарахаар гол гатлах үед голын мөс хүн даахаар
хөлдсөн байжээ. Харин орой 18:00 цагийн орчимд ирэхэд бага зэрэг уярсан
байж. Эхлээд ээжтэйгээ алга болсон хүүгийн аав Ш.Ганбат, түүний араас
айлынх нь залуу Оюунболд тэгээд Н.Саранчимэг хүүгээ тэврээд гарч эхэлсэн
юм байна. Бүгд голын дунд хэсэгт явж байтал арав хүрэхгүй метрийн зайд
байрлах төмөр замаар галт тэрэг явж өнгөрчээ. Мэдээж галт тэрэг тэр
хавийн газрыг нэлээд доргиож явсан байгаа юм. Үүнээс болж өдрийн наранд
уярсан мөс цөн түрж бутарчээ. Хамгийн сүүлд явж байсан 63 настай Мягмар
гуай хамгийн түрүүнд цөмрөн усанд унасан байна. Мягмар гуайг хамт явж
байсан Өсөхбаяр мөснөөс татаж гаргах гэж нэлээд оролдоод, хагарсан том
мөсөн дээр арайхийн гартал нөгөө хэд нь аль хэдийнэ урсгал даган одсон
байсан аж. Энэ хооронд хүмүүс эрэг рүү тэмүүлж, зарим нь урсан ирэх
мөсөнд цохиу­лан усанд умбаж байсан байна.

ГАНБАТ АА, МИНИЙ ХАНЬ СЭЛЭЭД БАЙГААРАЙ. ЧИ ЗААВАЛ АМЬД ҮЛДЭХ ЁСТОЙ. ХҮҮХДҮҮДДЭЭ НЭГ НЬ Ч ГЭСЭН АМЬД ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ. ЧИ ЧАДНА АА ЗҮТГЭЭД БАЙГЭЖ НӨХӨРТӨӨ ХЭЛЖЭЭ

Голын мөс цөмөрч усанд унах нь унаж зарим нь мөсөн дээр тогтож үлдсэн
гэнэ. Саранчимэг хүүтэйгээ, түүний нөхөр Ганбат, хажуу айлын залуу
Өлзийсайхан нар ширээний тавцангаас томгүй мөснөөс зуурч амьд гарсан
байна. Ш.Ганбат Н.Саранчимэг хоёр хүү­гийн­хээ хамт нэг том мөсөн дээр
гол уруудсан ч доорх мөс нь даах­гүй живж эхэлсэн байна. Тэр үед Ганбат
ус руу үсэрч, эхнэр хүү хоёроо үлдээсэн гэдэг. Энэ үед нэг мөсөн дээр
гарч, мөс нь тасарч үлдсэн Өлзийсайхан сэлсээр го­лын эрэг дээр гарчээ.
Харин Ганбат сэлж чадалгүй живж эхэл­жээ. Тэр үед мөсний хэлтэрхий дээр
хүүгээ тэврээд гол уруудаж явсан Саран­чимэг “Ганбат аа ми­ний хань
сэ­лээд байгаарай. Чи заавал амьд үл­дэх ёстой. Хүүх­дүү­ддээ нэг нь ч
гэ­сэн амьд үлдэх хэрэгтэй. Чи чадна аа зүтгээд бай” хэмээн
зоригжуул­сан гэнэ. Эхнэр нь өөрөө унах гэж байж нөхрийгөө ингэж хэлсэн
нь Ган­батад голын эрэг рүү дөхөж очиход хүч өгсөн хэмээн ярьсан юм.
Ганбат сэлэхийг орол­дож, эрэг рүү тэмүүлсэн ч монгол гутлыг нь ус
бумбадаж, доош нь татаад, дээл нь гар, хөдөлгөөнийг нь хорьж байсан
гэдэг. Бүсээ тай­лах гэж ноцолдож байх зуур нь “Ханиа том мөс ирж байна.
Доошоо ороорой” гэж Са­ран­чимэг хашгир­сан байна. Түүний ингэж
хэлэхийг сонсоод доошоо шумбаад эргээд гарч ирэхэд нь машины дайны том
мөс өнгөрч байсан гэв.

Хамаг чадлаараа ус самардаж байтал
гэнэтхэн гарнаас нь хүн татаж голын эрэг дээр гаргасан нь Өлзийсайхан
байжээ. Голын хүй­тэн усанд сэлж гарсан Өлзий­сай­хан Ганбатын амийг
ийнхүү авар­чээ. Хамт явж байсан хүмүү­сийн ихэнх нь голын эрэгт хүрч
чадаж амьд гарцгаасан гэнэ. Тэднээс Оюунболд гэх залуу Мягмар гэх
хөгшнийг уснаас татаж гаргасан байна.

Н.Саранчимэг хүүгээ
тэврээд тэдний араас Цэрэнням гэх хөгшин мөсөн дээр суун гол уруудсан
байна. Эхнэр хүүхдээ аврах гэж Ганбат гол руу орох гэсэн боловч хамт
байсан хүмүүс оруулаагүй хоригложээ. Ганбат эхнэр хүүхдээ уснаас гаргах
гэж гутлаа тайлаад хөл нүцгэн хэсэг гүйгээд ухаан нь балартаж унасан
гэнэ. Үүнээс цааш Ганбат юу ч санахгүй байгаа юм билээ. Цэрэнням гэх 57
настай эмэгтэйн хүү ээжийгээ мөсөн дээр суугаад голоор урсч байгааг цаад
эргээс нь харсан байна. Тэгээд морьтойгоо дагаж давхиад ээжий­гээ
гүйцэж чадалгүй алджээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД НЭГ Ч ХҮНИЙ АМИЙГ АВРААГҮЙ. ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЧАДЛААР Л ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ГАРСАН

Голын мөс цөмөрч хүмүүс живж байгаа талаар дуудлага Сэлэнгэ аймгийн
Онцгой байдлын газрын­ханд 18:12 цагт ирсэн байна. Дуудлага ирсэн даруйд
Онцгой байдлын албан хаагчид хөдөлж, арав хүрэхгүй минутад иржээ. Осол
болсон газарт 20 гаруй аврах ангийн албан хаагчид ирсэн бай­гаа юм.
Тэдний багаж гэвэл хийлдэг завь байсан гэнэ. Өөр ямар ч багаж хэрэгсэл
байгаагүй аж. Ядаж л гар чийдэн, холбоо барих станц, гар утас ч үгүй
байсан гэдгийг ар гэрийнхэн нотлон ярьсан юм. Тэд хятад асаагуураар
гэрэл хийж, ар гэрийнхний утсаар хоо­рон­доо холбоо барьж байсан аж.
Аврагчид эрдэнэт хүний амь нас аврах чин сэтгэл, зүтгэл алга хэ­мээн
Н.Саран­чимэ­гийн ар гэрийн­хэн хэлж бай­сан. Онцгой байдлын албан
хааг­чид хоорондоо холбог­дох богино долгионы станц, гар чийдэн,
бээ­лий, усны хувцас гээд наад захын хэрэглэгдэх зүйлс юу ч байхгүй
байсан гэнэ. Бүр гар утсанд нь нэгж байхгүйгээс болоод хоо­рон­доо
холбогдож чадахгүй голын эргийн бургасанд төөрөөд нэг­ний­гээ дуу­даж
явсан байна.

Энэ талаар Н.Саран­чимэ­гийн хадам эгч Л.ГэрэлтОдоос цөөн асуултад хариулт авлаа.

Цэрэнням гэх эмэгтэй болон хүүтэйгээ алга болсон Н.Саран­чи­мэг нарыг аврах гэж Онцгой байдлын албан хаагч нар ямар ажил хийсэн бэ?

-Сүүлийн үед хэвлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Онцгой байдлын аврагч
нар найман хүн усанд осолдсоноос зургааг нь арай гэж аварлаа. Бид чадах
чинээгээ­рээ зүтгэж зургаан хүний эрдэнэ­т а­мийг аварч чадлаа. Зургаан
хүний амийг аврах гэж байгаад хүүхэдтэй эмэгтэйг яаж ч чадахгүй
урс­га­чих­лаа гэх мэт зүйлс яриад сууж байх юм. Үнэндээ Онцгой байдлын
газрынхан нэг ч хүний амийг ав­раа­гүй шүү дээ. 25-30 настай хоёр
эмэгтэй хүнээс л дор байсан гэд­гийг шууд хэлмээр бай­на. Ма­най
Саранчимэг хүүхэд­тэй­гээ, Цэрэн­ням гуай ганцаараа мөсөн дээр 20 гаруй
километр явсан. 18:10 цагт мөсний хэлтэрхий дээр суугаад 23:00 цаг
хүртэл явсан. Энэ үед нэг ч аврах ажил­ла­гаа хийлгүй гол дагаад л яваад
байсан. Мэргэж­лийн хүмүүсээс сонсоод байх нь ээ тактикийн ямар ч ажил
хийгээгүй юм билээ. Уг нь бол голын нарийн хэсгээр боолт хийж цаад талд
нь дахиж боолт хийгээд хүний амийг авардаг юм байна лээ. Мөн голыг
хөндлөн уяагаар бөхөлж уяад завиар то­соод зогсож байгаад аврах гээд л
их олон боломж байсан. Гэвч ийм ажил хийх нь битгий хэл өөрсдөө голын
эргийн бургасанд төөрөөд яваад байсан. Хүн нь доошоо урсаад байхад чинь
голоо өгсөж самналт хийгээд бай­сан. Хүн доо­шоо дуу нь гараад яваад
өглөө. Тийшээ яв гэхээр бусдыгаа хүлээж байна. Даргаас үүрэг ирээгүй бол
хаашаа ч явахгүй. Хуулиндаа бол шөнө явах ёсгүй гээд хөдөлж өгөх­гүй
байсан. Тэр үед үнэхээр гайх­сан. Та нар завиа голд тавиад араас нь
явахгүй юм уу гэхээр ганцхан хийлдэг завьтай. Мөс ирээд цохи­вол
хагараад өөрс­дөө үхэх юм болно. Гол руу орж болохгүй гээд байсан. Бүр
сүүлдээ аргаа бараад усны хувцас гар чийдэн байна уу гэхээр зуны хув­цас
бий. Энд байх­гүй байна. Ус нэвтрээд байдаг юм. Харин гар чийдэн, станц
байхгүй байна. Бу­сад­тайгаа холбогдох гэсэн юм утсаа өгөөч” гээд утас
гуйж аваад яриад байгаа юм. Ингэж цаг алдаж бид онцгой байдлынханд амийг
нь аврах болов уу гэж итгэс­нээс болж хоёр хүнээ алга болго­чи­хоод
амьдаа­раа хатаж сууна.

Тэдэнд багаж хэрэгсэл юу ч байхгүй байсан юм байх даа?

-Хүмүүсийн хэлж буйгаар Онц­гой байдлын албанд хүн уснаас аврах ямар ч
багаж хэрэгсэл байх­гүй юм билээ. Үүнээс болоод албан хаагчид хүний амь
аварч чадахгүй байна. Гар хоосон өмссөн хувцас­тай­гаа зогсож байгаа
хүмүүс яаж хүн аврах юм бэ. Үүнийг дээд албан тушаалтнууд нь огт
мэдэхгүй юм билээ. Цэрэнням эгчийн охин бид хоёр голын эрэг дагаад л
гүйгээд байсан. Тэндээс хашгирах дуу гараад л 20 гаруй километр яваад
Онцгойгийн аврагч нараас түрүүлж Хилийн багана дээр ирсэн. Харуулд гарч
байсан цэргүүд го­лын тэр хавиас хүний дуу гарсан гэдгийг хэлсэн. Гэтэл
Онцгой байд­лын­хан одоо өнгөрсөн. Хил рүү нэвтэрч болохгүй гээд 01:50
үед “Дээрээс буу” гэсэн даалгавар ирлээ гээд буугаад явчихсан.
Дар­га­даа энэ талаар хэл л дээ гэхээр “Одоо унтаж бай­гаа.Сэрээж
болох­гүй” гээд гар утсаар ярихгүй байсан. Тэд Хилийн цэргийн байлдагч
нараас гар чий­дэнг нь гуйж байсан. Харанхуй шөнө гэрэлтүүлээд явах гар
чийдэн ч байхгүй байна шүү дээ, Сэлэнгэ аймгийн Онцгой байд­лын газарт.

Саранчимэг, хүү хоёрыг го­лын уснаас аврах цаг хугацаа хан­галттай байжээ?

-Уг нь бол цаг хугацаа хангалт­тай байсан. Хоёр хүн битгий хэл 20 хүн
аврах боломж тэдэнд байсан. Улс маань ядахдаа моторт завь, гэрэлтүүлгээр
Онцгой байдлын ажилчдаа хангаад өгчихөөсэй. Цаашид ийм байдлаар хүн
эндэх­гүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ, энд. Энэ болгонд багаж байхгүй
голын эрэг дагаад гүйж байгаа хоёр эмэгтэй хүнээс дор төөрч гүйгээд
байвал олон хүн амь насаа алдана гэдгийг хэлмээр байна гэв.

Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Н.Гаравсүрэн: Ардчиллын анхны жагсаалын үеэр Польшийн Элчин сайдаас зөвлөгөө авч байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Хурандаа Н.Гарав­сүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-“НАВСГАР ХЭЛТСЭЭ
НАДААС АВ” ГЭЖ ХҮРТЭЛ ХЭЛЖ ҮЗСЭН. БИ ДАРГААС АЙЖ ЯВААГҮЙ-


Хурандаа Н.Гарав­сүрэнтэй уншигч та бүх­нийг уулзуулж
байна. Эл эрхэм Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын
тэр­гүүн дэд даргаар ажил­лаж явсан. Тэрбээр 1965 онд Эргүүлийн ротын цагдаагаар
ажлынхаа гарааг эхэлж байжээ.


-Таныг
цэргээс ха­лаг­даж ирээд л цагдаа болсон гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Би Завхан аймгийн Отгон сумын хүн. Цэрэгт ирээд Улаанбаатар хотын
барилгын цэргийн ангид хуваарилагдсан. Халагдаад л цагдаагийн байгууллагатай холбогд­чихсон
хүн. Одоо болтол цагдаагийн байгууллагаа бараадсаар л явна. 1965 онд Хотын цагдаагийн газрын Эргүүл ротод сэр­гийлэгч болсон.
Ми­ний ажлын гараа улаан погоонтой сэргийлэгч эргүүл хийхээс эхэлсэн. Явган, морьтой
гээд л хотын гудамж, зус­лангаар эргүүлд явна. Тэр үед цагдаагийн бай­­гуул­лагад
цөөн хүн ажилладаг, машин тэрэг гэж байсангүй. Хол га­зарт мориор, хотын гудам­жаар
явган эргүүлд гардаг байлаа. Тухайн үед машин гэвэл дарга нарын А 69 л байсан.
1970 оны дунд үеэс л цагдаагийн байгууллага машин, тэрэгтэй болж эхэлсэн дээ. Эргүүл
ротод сэргийлэгчээр жил гаруй ажиллаад, Салаан дарга болсон. Салаан даргаараа долоон
жил ажиллаад, районы цагдан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч болж дэвшсэн. Ингээд
хэв журмын тас­гийн дарга, Сэргийлэн хам­гаалах гарнизоны ор­­логч, эргүүл ротын
дар­га, Сүхбаатарын райо­ны цагдан сэргийлэх хэлтсийн дарга хүртлээ дэвшиж ажилласан.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга
гээд ер нь л цагдаагийн газарт хурган дарга хийж байгаад чөлөөндөө гарсан.

-1965
онд сэргийлэгч болохдоо цагдаагийн курс төгсч
байв уу?

-Тэр үед цагдаагийн бэлтгэх нэг, хоёр жилийн курс байсан. Миний хувьд
олон жил сэргийлэгчээр ажиллаж байсан Шагж гэдэг хүнийг дагаж, эргүүл хийдэг байлаа.
Цагдаагийн байгууллага цэргийн дүрмийг мөрд­дөг байсан үе. Тийм бо­ло­хоор хатуу
чанга шаард­лагатай, сахилга шаардсан ажил байсан юм. Буу үүрээд л эргүүлд гарч
байлаа. Одоо ямар нэгэн курст суугаагүй хүнд шууд буу үүрүүлээд гаргана гэвэл хүмүүсийн
са­наанд багтахгүй байх. Ард иргэдийн дунд
сэр­гий­лэхийн нэр хүнд сайн бай­лаа. Гудамж, талбайд ч хэрэг зөрчил барагтай бол
гарахгүй. Ийм үед ажиллаж байсандаа баяртай байдаг. Иргэддээ баярлаж явдаг. Иргэд
сэргийлэгчийн үгэнд сайн ордог, хүндэлдэг байлаа.

-Тэр
үед ихэвчлэн ямар хэрэг гардаг байв. Хүн амины хэрэг цөөхөн гардаг байсан уу?

-Хэрэг одоо үетэй харь­цуу­лах юм бол цөөн гардаг байсан нь үнэн.
Гэхдээ гардаг л байсан. Танхай, хулгай, дээрэм, хүчин гээд 13-14 тооны төрлийн хэрэг
ихэвчлэн гардаг байлаа. Тэр үед хүн ам цөөхөн архи дарсны үйл­чил­гээ бага байсан.
Орон байрны, иргэдийн өмчийн хулгай олон гардаг байлаа. Айлын гэрээс эд зүйлсийг
нь хулгайлдаг хэрэг олон гарна. Тэр үед айлуудын гэрт одоотой адил эд хөрөнгө их
байсангүй. Ихэвчлэн мөнгөн аяга, эмээл хазаар, халтар манан хөөрөг, хурган дотортой
дээл, каракуль захтай пальто алга болдог байлаа. Жилдээ нэг дүүрэгт 2-3 хүн амины
хэрэг гарна. Золгүй байдлаар амиа алдсан 60-70 хэрэг гардаг байсан. Тухайн үед олны
анхаарал татсан хэрэг гэвэл Нийгмийг аюулаас хам­гаалах яамны хоёр гене­ралын гэрт
хулгай орж, эд зүйлсийг нь хулгайлсан. Бас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн
гэрт хулгай орсон хэргүүд л шуугиан тарьж байсан.

-Айлуудын
гэрийн цагаан бүрээсний хулгай олон гарч, Сүхбаатарын районы цагдан сэргийлэгч нар
илрүүлж байсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-1968 он санагдаж байна. Өмнө огт гарч байгаагүй хулгай гардаг юм
байна. Намар бай­сан боло­хоор айлууд гэрээ дулаалж, шинэ цагаан бүрээс худалдаж
авч барьдаг байлаа. Тэгсэн гэрийн цагаан бүрээс хулгайлсан хэрэг хэд хэдэн удаа
гарлаа. Шөнө гэрийн эздийг унтаж байхад бүслүүрийг хутгаар огтлоод, хаяаны манаас
шорооноос сугалаад авчихдаг байв. Хэрэг илрэхгүй долоо хонож байлаа. Шөнийн рапорт
уншиж байтал дугуйтай хүн шуудайтай аргал
зөөгөөд явж байсан гэх мэдээлэл байсан. Улмаар дугуйтай хүмүүсийг шөнөөр шалгах
үүрэг өгсөн. Тэгсэн 56 дугаар дэлгүүрээс доор 32-ын тойрог орчимд дугуй хөтөлсөн
хүн хоёр шуудайтай зүйл тэгнээд явж байж. Түүнийг шалгаж, олон айлын бүрээсийг цэвэрхэн
авсан, эрхэлсэн тодорхой ажилгүй залууг саатуулан, хэргийг илрүүлсэн.

-Та
“Энэ навсгар хэлтсээ ав” гэж Сүхбаатарын райо­ны Цагдан сэргийлэх хэлт­сийн дарга
байхдаа дээд албан тушаалтнууддаа хэлж бай­сан
гэдэг. Таныг мэдэх хүмүүс дарга нараас айдаг­гүй байсан гэх юм билээ?

-Сүхбаатарын районд бусад дүүргийг бодоход их хэрэг гардаг байсан.
Иргэдээс жилд хоёр мянга гаруй өргө­дөл, гом­дол ирдэг. Үүнээс 1500 гаруй өргөдөл
гомдлыг эрүү үүсгэн шалгадаг байлаа. Тэр үед 8-10 төлөөлөгч 17 хэс­гийн байцаагчтай
ажиллаж байлаа. Хэрэг бүртгэлийн ажил явуулдаг. Жижүүр төлөө­лөгч нар ээлжээр гарна.
Ачаа­лал ихтэй нойргүй хонох нь энүүхэнд. Гэртээ ч харих завгүй ажиллаж байлаа.
Манай орлогч дарга Рэнцэндорж өрөөнийхөө диван доогуур хөнжил, цагаан хэрэгслээ
аваад хийчихсэн байдаг байлаа. “Цаггүй цаг­дан сэргийлэх” гэсэн нэр хочтой хүртэл
болж байсан үе. Иргэд өглөө ажилдаа явна. Орой ирэхэд гэрт нь хулгай орчихсон байх.
Эсвэл булган малгайг нь булаана. Ажил тараад үдэшлэг, уулзалт болж өч төчнөөн дуудлага
ирнэ. Бидэнд амралт гэж үнэндээ байдаггүй байлаа. Захиргаадалтын үе байсан. Нам
захиргаанаас эхлээд Улсын цагдан сэргийлэх газар, Хотын цагдан сэргийлэх газар гээд
намайгаа захирдаг, зандардаг улсууд их байсан. Энэ нь тун их ядаргаатай байсан.
Өөдөөс нь байнга ярдаглаад байх хэцүү. Тэд
“Гэмт хэрэг их гарч байна. Эзэнгүй хэрэг олон гарч байна. Чи муу ажиллаж байна.
Танай хэлтэс ажлаа хийхгүй байна” гээд загнана. Үнэндээ чадах чинээгээрээ ажиллаад
байхад гэж бодогдоод ажлыг нь өгчих юмсан гэж хүртэл бодно. Бүр “Навсгар хэлтсээ надаас ав” гэж хүртэл бухимдаж
хэлж байсан. Би даргаас айж яваагүй. “Албан тушаалаасаа доошоо бууна л биз. Ажил
олдож л таараа” гэж боддог байсан. Дээд шүүхийн дар­гын хүүхэд, Төв хорооны захиргааны
хэлтсийн орлогч эрхлэгчийн хүүхэд дээрмийн хэрэгт холбогдож, манай дүүргийн районд
шалгагдаж байсан. “Миний хүүхдийг хэн оролдоод байгаа юм” гээд дарамт шахалт хүртэл
ирж байлаа. Дарга ч бай, энгийн иргэд ч бай бүгдэд нь ижил үйлчлэх гэж хичээдэг
байв.

-Таныг
цагдаагийн албан хаагч нарт бие хамгаалах арга барилыг анх заасан гэдэг. Байлдааны
самбог цагдан сэргийлэгч нарт заадаг байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Сэргийлэгч болсны дараа орос багшаар хоёр сар гаруй байлдааны самбогийн
хичээл заалгасан. Үдээс өмнө хүний биеийн анатоми үзнэ. Тэгээд үдээс хойш арга мэх
заана. Энд эмзэг цэг бий, тэнд хүний мэдрэлийн судас байгаа, ингэж өчнө гээд гар,
хөлийн мэх заалгасан. 80 гаруй мэх сурсан юм. Ингээд багшлах, шүүх эрхийн үнэмлэхтэй
сэр­гий­лэгч болсон юм. Тэгээд л офицер, сэргийлэгч нарт байлдааны самбогийн хичээл
заасан. Тэр үед байлдааны сам­богийн мэхүүд нь хамгаа­лах, хориглох нарийн дэг журам­тай
байсан. Өөрий­гөө болоод бусдыг гэмт халд­лагаас хамгаалах чиглэлийн хичээлүүд ордог
байсан. Бие хамгаалах урлагийг сурчихсан байхад тэр хамгаалах зүйл чинь тухайн хүнтэйгээ
байдаг зүйл. Цагдаа нарт одоогийнх шиг олон багаж, хэрэгсэл байдаггүй байсан.

-1989-1990
онд болж бай­сан жагсаалын үед та Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга,
бүр Хотын цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байсан. Тэр үед цагдаа­гийн
байгууллага хэрхэн ажиллаж байв?

-Жагсаал цуглаан Сүх­баа­тар районы нутаг дэвс­гэрт болдог байсан.
Манай хэлтэс 1989 оны өвлөөс маш их ачаалалтай ажилласан. Хэлтсээ гурван хэсэг болгож
хуваачихаад ээлжгүй ажиллаж байлаа. Намайг 1990 оны зургадугаар сард Цагдаагийн
ерөнхий газрын орлогч бөгөөд хотын цагдаагийн дарга гэсэн албан тушаалд дэндүү эгзэгтэй
үед томилсон. Дүүргийн цагдаа нарыг удирдана гэсэн үг. Энэ нь миний өмнө нь хийж
байсан ажилтай адил чиг үүрэгтэй байв. Харин шинэ зүйл нь жагсаал цуглааны асуудал
байлаа. Мөн намуудын удирд­лагууд, олон нийтийн байгуул­лагуудтай харилцах, жагсаал,
цуглаан зохион бай­гуу­лагчидтай ажиллах асуудал байсан. Эдгээр нь тухайн үедээ
цоо шинэ зүйл байсан. Гэхдээ манайхан тэр үеийг гайгүй сайн давсан гэж бид дүгнэдэг.
Жагсаал, цуглааныг хэрхэн намжаах, давах талаар Польшийн Элчин сайдыг урьж зөвлөгөө
авч байсан. Тэр хүн Польшид гарсан жагсаал, цуглааны үед Цагдаагийн даргаар нь ажиллаж
байсан юм билээ. Тэгээд тэрбээр бидэнд нэгдүгээрт, жагсаал цуглаан хийгчидтэй үг
хэлээ ололцох, хоёрдугаарт, цагдаагийн бай­гуул­лага жагсаал, цуглаан болбол нийгмийн
хэв журмыг сахиулах гэж байгаагаа ард иргэдэд ойлгуулах, тохирох, зөв шаардах, хамгаалалтанд
ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг л даргын үгийг сонсож үүргийг биелүү­лэх
учиртайг бидэнд хэлсэн. Мөн жагсагчдын дундах гол үймүүлэгчдийг хэрхэн таних вэ,
яаж ялгах вэ, хэрхэн баримтжуулах вэ, байшин барилгуудыг хэрхэн ашиглах тактик гэх
мэтийг зөвлөсөн. Гэхдээ тэр үеийн жагсагчид цагдаагийн үгэнд ордог, үгийг нь сонсдог,
соёлтой байсан.

-“Жагсаал
зохион бай­гуулж буй С.Зоригт арга хэм­жээ ав” гэх тушаал дээрээс ирэхэд таныг биелүүлээгүй
гэх яриа байдаг?

-Тэр үед жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авах тухай 96 дугаар
зарлиг гэж гарсан. Зөвшөөрөл авалгүй жагсаал зохион байгуулбал хариуцлага тооцох
ёстой бай­сан. Гэтэл С.Зориг жаг­саал зохион байгуулахдаа зөвшөөрөл аваагүй хийсэн
байдаг. “Зөвшөөрөл авалгүй жагсаал зохион байгуулсан С.Зоригт арга хэмжээ ав” гэсэн
тушаал надад ирсэн. Мөн прокурор руу бас дээрээс тушаал ирсэн байсан. Түүний өрнүүлсэн
жагсаал олныг хамарч, маш өргөн далайцтай болж, бараг хүн бүр дэмжиж байсан. Гэтэл
түүний дундаас ганцхан хүнд арга хэмжээ авах нь хэр оновчтой вэ гэж бодсон. Тэгээд
С.Зоригийн ойролцоо ажилладаг Хадбаатар гэх залуу ирж уулзахад нь “Зоригт арга хэмжээ
авна” гэж хэлсэн. Түүний маргааш нь Зоригтой утсаар ярьж “Чамайг 300 төгрөгөөр торгохоор
болсон” гэхэд “Гаравсүрэн гуай, надад мөнгө байхгүй ээ” гэсэн. Тухайн үед ийм том
хөдөлгөөн болж байхад би ганц хүн торгоод ч яахав гэж бодсон. Цагдаагийн газраас
С.Зоригт ямар арга хэмжээ авсан бэ гэхээр нь “300 төгрөгөөр торгосон” гээд хэлчихсэн.
Энэ хэрэг тэгээд л өнгөрсөн. Үүнээс хоёр жилийн дараа Б.Пүрэв генерал “Чи Зоригийг
торгоогүй юм байна лээ” гэсэн. Хэнээс ч мэдсэн юм. Би тэгэхэд нь “Торгоогүй нь ч
зөв болсон байх аа” гэхэд генерал “Тийм ч байхаа даа” гэсэн шүү. Сүүлд шинэ Үндсэн
хууль хэлэлцэх үед С.Зоригтой тааралдаж, торгох, торгуулах тухай арга хэмжээний
талаар ярьж, инээлдэж байлаа. Юм гэдэг сонин шүү.

Үргэлжлэл
бий.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН шинэ хонгилтой болох гээд дуншиж байна уу

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж МАН-ынхан үзэж тарж байна. Хэлэлцүүлгүүдийг ар араас нь маш шуурхай хийж, ажлын хэсгийнхний оруулж ирж байгаа санал, анхан шатны хуулийн төслүүдийг бараг харж амжихгүй, ямар ч засваргүй шахам “Энэ заалт болж байна” гээд л нүдээ аниад “машиндаж” өгч байна гэхэд хилсдэхээргүй дүр зураг хөвөрч байна. Учир нь, ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн шинэ хувилбарыг ирэх есдүгээр сардаа багтаж, УИХ-аар батлуулах гээд ийн яарч сандарч байгаа хэрэг. Тэд “Одоо мөрдөж байгаа Үндсэн хууль цаг үедээ гологдож байна. Эзэн нь олон жилийн өмнө хаяад явсан яажийсан амбаар шиг болчихсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэн чухал” гэж ард түмэнд ойлгуулж байна. Гэхдээ үнэхээр одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий юү. Яг ямар заалт нь цаг үеэсээ хоцорч байгаа вэ гэдгийг тодорхой, баримттайгаар олон нийтэд хэлж ойлгуулж байгаа зүйл алга.

Ерөнхий сайд асан С.Баяр манай сонины өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн дугаарт өгсөн томоохон ярилцлагадаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлаар ярьсан. Тэрбээр“Монгол Улсын төрийн байгуулал гэх гуравдугаар бүлэгт л “но”-той зарим асуудал бий. Хамгийн урт, адармаатай бүлэг. Түүнийг засах янзлах хэрэгтэй. Түүнээс бусад бүлэгт өөрчлөлт хийх шаардлагагүй” хэмээсэн. Мөн нэртэй хуульчид ч “Одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байхаар муу хууль биш. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид нарын тэргүүтэй нэрт эрдэмтэн, судлаач, хуульчид чөмгөө дундартал бодож тунгаасан, олон хоног нойр хоолгүй хуралдаж, түүхий сүүний бяслаг шиг өө сэвгүй болгосон хууль юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан ч одоогийн хуулиас илүүг хийж чадахгүй. Үндсэн хуулиар ингэж зоригтой оролдож байгаа нь цаанаа маш том эрх ашиг яваад байгаа юм биш үү” гэж ярих болсон нь учиртай.

Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд МАН-ынхан улайраад байгаа цаад утга учир нь Шүүхийн эрх мэдлийг гартаа оруулж авах гэсэн далд сонирхол бололтой. Тийм гэдэг нь маш олон зүйлээр батлагдаж байгаа. Ингэх шалтгаан ч тэдэнд бий. Учир нь,МАН-ынхны үнэн нүүр царай нь олон нийтэд ил болж, тараа таниулж эхэлсэн. Үүнийгээ далдлах ажил цөөнгүйг хийж байгаа нь тодорхой. Жишээ нь, өнгөрсөн жилээс эхлэн шүүхтэй холбоотой олон ноцтой асуудал олны анхаарлын төвд орох болсон. Шүүгчдийн хууль бус үйлдэл, бусдаас авлига, хээл хахууль авч, томоохон хэргүүдийг шийдсэн асуудал, шүүх удирдлагаасаа эхлээд улстөрчдийн гар хөл болж байгаа талаарх мэдээллүүд өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнээс үүдэн ард түмэн ч шүүх засаглалын хараат бус байдалд эргэлздэг болсон. Өөрөөр хэлбэл, Монголын шүүхэд итгэх ард иргэдийн итгэл алдарч эхэлсэн юм. Гэвч ард иргэдийг шүүхэд итгэх итгэлгүй болгох зүйлийг улстөрчид зохион байгуулалттайгаар, санаа сэтгэл нэгдэн хийж байгаа нь ч тодорхой. Шуудхан хэлэхэд, Монголд шүүх засаглалын хараат бус байдал гэж байхгүй болсон гэх зүйлийг зарлан тунхаглаж, нийгэм даяар үзэн ядуулах технологийг маш амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Хамгийн ойрын жишээ нь, нэр бүхий 17 шүүгчид холбогдох хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Энэ мэтээр шүүхийг муухай харагдуулах ажил амжилттай хэрэгжиж дууссаны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зүтгэж эхэлсэн.

АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ, ШҮҮХ
ЗАСАГЛАЛЫГ ГАРТАА ОРУУЛАХ ГЭСЭН ДАЛД САНААРХАЛ

МАН-ынхан шүүх засаглалын эрх мэдлийг гартаа авахын тулд Үндсэн хуулиар оролдож байгаа гэдгийг дээр цухас дурдаад өнгөрсөн. Тэгвэл энэ асуудлын үнэн учир шалтгааныг одоо хүргэе. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүхийн хараат бус, хариуцлагыг маш тодорхой байхаар тусгасан байдаг. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл чамбай сайн. Үүнийг батлуулчихвал шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх сайн талтай юм байна гэж хуульч, судлаачид үзэж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг төсөл саналд шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна лээ. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санал нь МАН-ынхны захиалгатай гэх яриа бий. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын бүлгийн хурал дээр “УИХ-ын 108 гишүүнтэй байя” гэдэг чинь та нарынх шүү дээ” гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сайн нягталж ойлгох юм бол зөвхөн УИХ-ын гишүүнийг 108 болгох гэсэн зүйл биш юм. Та нар л ийм хуулийн төсөл бүхий саналыг өргөн барь гэсэн үг. Ерөнхийлөгчийн гаргаж буй төсөл, саналыг МАН-ынхан бүгд гар өргөн батлах юм гэсэн. Тийм болоод ч үүнийг эсэргүүцэж ярихгүй байна. Дээрх санал батлагдчихвал үе үеийн төрийн толгойд байсан улстөрчид шүүх эрх мэдлийг удирддаг болох, шинэ хонгил бий болгох гэсэн санаархал юм байна гэсэн хар ард түмний дунд төрж байна. Учир нь шүүгч нартай сахилгын асуудлыг УИХ-аар биш ҮАБЗ-өөс шийдэж байхаар тусгасан байгаа юм. Дээрх саналыг бүхэлд нь хүлээгээд авчихвал шүүх эрх мэдлийг бүр байхгүй болгох шинжиндээ орлоо. УИХ 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа таван жил байна гэсэн зүйл нь ард түмнийг төөрөгдүүлсэн тоглоом. Ард түмэн үүн дээр гол анхаарлаа хандуулж, эсэргүүцнэ гэдгийг тэд тооцоолсон юм. Ингэж шүүх эрх мэдлийг МАН-ынхан Ерөнхийлөчийн гараар могой бариулж байгаад ард түмнийг хуурч мэхлэн авчихвал хууль хүчний байгууллагыг захирсан хонгил бий болгож чадна. Ямар ч аавын хүүг өөрсдийнхөө бий болгосон хонгилоор оруулж, хорих ял өгч чадах юм. Яагаад гэвэл тэд шүүх засаглалыг удирдах хуулийн цоорхой, цогц түлхүүртэй болно шүү дээ. МАН-ынхны шинэ хонгилтой болох гэсэн мөрөөдөл дуншиж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр: Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дотор Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй ” Монгол газар “компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Дээрх мэдээллийн дараа Ц.Мянганбаярыг “Новотел” зочид буудалд ухаан алдаж унасан. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүний биеийн байдал ямар байгаа талаар холбогдож уулзсан юм. Түүнтэй “MN” тауэрын байранд уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


– Сайхан намаржиж байна уу. Таны бие тааруу, эмнэлэгт хэвтчихсэн байна гээд л өчигдөр сошиал орчинд бөөн шуугиан болсон. Тэгсэн та зүгээр явж байна шүү дээ?

-Өчигдрөөс хойш олон хүн над руу
залгаж байна. Чамайг цус харваад эмнэлэгт очсон гэсэн зүгээр юм уу гээд л
асуугаад байгаа. Одоо ч гэсэн миний утас тасралтгүй дуугарч, ах дүү, найз нөхөд
залгаж миний биеийн байдлыг асуусаар байна. Яагаад тийм худлаа мэдээлэл зохион
байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой
хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа шүү.

-Таны эзэмшилд байдаг 13 компанийн уул уурхайн ашиглалтын зөвшөөрлийг цуцалчихлаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Баялаг бүтээж байгаа цөөн хэдэн бизнесмэнээ төр засаг шахаж хавчиж байна гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Баялаг бүтээж байгаа энэ тэрдээ гол нь биш. УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна гэж хүлээн авч байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Гэхдээ би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана шүү дээ. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ.

-Та Засгийн газрын шийдвэрийг шүүхэд өгөх үү?

-Ирэх долоо хоногоос хоёулаа дахин уулзаж, өрнөж байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгч болно биз дээ. Тэр болтол асуудал нэлээн тодорхой болох байх. Утсаар холбогдож байгаад уулзъя гэв. Тэрбээр ийнхүү тодруулга өгөөд машиндаа суугаад явсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг хөлөөр нь гаргахгүй гэж малтсанаас болж 2.1 тэрбум ам.доллар алдлаа

Яг үнэндээ малыг хөлөөр нь Хятад руу гаргах нь Монголд үнэхээр их ашигтай байлаа. Тэр тусмаа гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг малчдын амьдрал сэвхийтэл босоод ирэх боломж, үүд хаалга цэлийтэл нээгдэх байв. Мөн улс орны эдийн засагт ч хувь нэмэр болчихоор байв. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар тэр боломжийг нь үгүй хийчихлээ. Сүүлийн 20 гаруй жил Монголын хөдөө аж ахуй тэр дундаа малын махны салбарт нар гараагүй. Ямар ч шинэчлэл, ахиц дэвшил хийгдээгүй. “Хүчит шонхор” захын хэдэн ченж л малчдын хөдөлмөрөөс их хэмжээний ашиг хүртэж ирсэн. Тэд малчдаас мал, махыг нь хямд худалдаж аваад нийслэлийнхэнд тэнгэрт тулсан үнээр зардаг байдал хичнээн он дамнан үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд малынхаа махыг экспортолно гэдэг холын мөрөөдөл байсан. Гэтэл ашгүй урд хөршийнхөн манайхаас хонь, ямаа худалдан авч, хүнсэндээ хэрэглэхээр болсон. Бас малыг хөлөөр нь гаргахаар болж, тодорхой ажлууд хийгдэж, одоо нэг мал үнэд хүрэх нь гэж байв. Гэтэл сошиалаар нэг “Малыг амьдаар нь хил гаргах нь буруу. Буянт малаа хятадуудын хоол хүнсэнд өгч болохгүй. Мал стратегийн гол бүтээгдэхүүн шүү дээ. Арай ч дээ, У.Хүрэлсүх, Ч.Улаан хоёр хятадуудтай нийлээд Монгол Улсыг малгүй болгох гэж байна. Хятадууд ядарсан хэдэн малчны насаараа хөдөө хөхөрч, гадаа гандаж өсгөсөн малыг нь хямд үнээр худалдаж авчихаад, нутагтаа үржүүлэгт оруулж, өсгөөд хэдэн жилийн дараа бидэнд хэд дахин нэмсэн үнээр зарах гэж байгаа бодлого. Бас монголчуудыг малгүй болгох урд хөршийн далд төлөвлөгөө” гэх мэтээр эсэргүүцсэн давлагаа үүссэн. Үүний дараа нэр бүхий УИХ-ын гишүүд хэдэн төрийн бус байгууллагын тэргүүн өмнөө суулгачихаад “Малаа хятадуудад зарахгүй. Монгол малын удмын сан алдагдана” гээд л нүдэндээ нулимс цийлэгнүүлж, хоолойгоо чичрүүлэн мэдээлэл хийж попорсон.Тэднийг хэвлэлийн хурал хийсний дараа “Гэртээ тарган хонины мах идэж ирчихээд “Монгол малаа хайрлая. Хятадуудад өгч болохгүй ч гэх шиг. Тийм л малдаа хайртай юм бол цагаан хоолтон болчих. Адилхан л нядлаад идэх байж” гэж хүртэл малчид дургүйцлээ илэрхийлж байв.

Хэдхэн өдөр нийгмийн сүлжээнд малыг хөлөөр нь хил гаргахыг эсэргүүцсэн мэдээлэл ар араас нь цувруулахад л Засгийн газар буугаад өгчихсөн хэрэг. У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит хурал дээр “Малыг хөлөөр нь хил гаргахгүй” гэж мэдэгдсэн. Үнэндээ “УИХ-ын сонгуулийн өмнө мал хилээр амьдаар нь гаргахгүй гэсэн шийдвэр гаргачихвал ард түмнээсээ очков авах юм байна” гэж тооцоолсон бололтой, ерөнхий сайд. “Малыг хөлөөр нь хил гаргахгүй байх шийдвэрийг хэнд зориулж гаргасан бэ” гэж асуувал тэр эргэлзэж тээнэгэлзэх юмгүй “Ард түмнийхээ хүсэл зорилгыг биелүүлсэн” гэж хариулах биз ээ. Гэхдээ малыг хилээр хөлөөр нь гаргах, гаргахгүй нь Ерөнхий сайд хийгээд УИХ-ын гишүүдэд тийм ч чухал асуудал биш. Тэдэнд ард түмнээс оноо авах л чухал. Сошиалаар санаатайгаар давлагаа үүсгэж, ард түмэн эсэргүүцэж байгаа мэтээр бидний өмнөөс сэтгэгдэл, пост оруулаад түүнийг нь дэмжсэн сошиалд идэвхтэй 200 хүнээс оноо авах гэсэн л үйлдэл юм. Ингээд харахаар хийх юмаа олж ядсан сошиалчид, фэйсбүүк, твиттерийн тэнэгүүд Монгол төрийн бодлогыг гаргаад ч байх шиг. Ингэж төр барина ч гэж юу байх вэ. Гэхдээ л энэ бол одоогийн манай төрийн үнэн нүүр царай. Үнэн хэрэгтээ малчид малыг махлах юм уу, амьдаар нь зарж хэдэн төгрөгтэй болох гэж л өсгөж, үржүүлж, жилийн дөрвөн улирлын турш араас нь явж байгаа. Түүнээс буянт мал гээд хайрлаж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Малчид хотноосоо хонь, ямаагаа нядлаад хотод ирэхээр гэдэс дотор, толгой шийр, нэхий, арьс нь үнэд хүрдэггүй. Арайхийж хоёр гурван мянган төгрөгөөр өгдөг.Тийм ч учраас малыг нь өндөр үнээр худалдан авахыг тэд хамгийн ихээр дэмжинэ. Тэр тусмаа амьдаар нь гаргахыг малчид хамгийн ихээр дэмждэг.Тэдэнд мал, мах нь үнэд хүрч л байвал “Хүчит шонхор”-ын ченжүүд нь авна уу, хятадууд нь байна уу хамаагүй.

Манай улс Хятад руу мах гаргах торгон үе нь өнгөрсөн хавар байлаа. БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас сая орчим гахайгаа устгасан юм. Хятад дэлхийн гахайн махны хэрэглээний хагасаас илүү хувь буюу 700 сая гахайг жилд гадаадын зах зээлд нийлүүлдэг. Гэтэл мялзан өвчнөөс болж гахайн махаа идэж чадахгүйд хүрсэн. Тэгээд ч зогсохгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, махны эрэлт маш их үүсч, дэлхийн олон орон Хятад руу мах нийлүүлэх гэж хошуурсан. Энэ далимаар Хятадын махны хэрэглээг хонины махаар орлуулах бүрэн боломж, энэ төрлийн үйлчилгээний цонх манайханд онгойсон гэсэн үг. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газар ч өнгөрсөн хавар хэдэн сая тонн мах манайхаас худалдаж авах шийдвэр гаргасан. Гэтэл яг энэ үед нь сошиалын тэнэгүүд солиорч гарсан. Засгийн газар ч тэдний үгэнд ороод малыг хөлөөр нь гаргахыг хорьчихсон. Бодит байдал дээрээ энэ нь гавьяа байгуулах биш гай болсон, малчдад. Тэртэй тэргүй нядалгаанд оруулах малаа хилээр гаргаад байж болох л байсан. Үүндээ харин Засгийн газар дорвитой анхаараад үржилд оруулах боломжгүй стандартыг ягштал бариад л эр малаа гаргаж болох байв. Тэгсэнсэн бол толгой шийр, нэхийнээсээ эхлээд үнэд хүрээд ирэх л байлаа. Нэхий, толгой шийр нь дахин боловсруулалт, нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн боловсруулж чаддаггүй Монголд ямар ч хэрэггүй. Өөр нэг зүйл нь нядалгаанд зориулсан мал “Эмээлт” зэрэг түүхий эдийн хэдэн зах дээр жилийн дөрвөн улирал хатдаг. Монголчууд буянт мал гэж ярих дуртай. Тэгсэн мөртлөө үр ашиг шимийг нь хүртэж байгаа хэдэн малаа хятадуудаас илүү зовоож тарчлаадаг. Хэдэн өдрөөр хашаалчихаад өвс идүүлэх нь битгий хэл ус уулгахгүй төмөр хашаанд хорьчихдог. “Муу нүүрэндээ үстэй малыг хэдэн хоног ч хорьсон яадаг юм. Өвс, ногоо идүүлээд ус уулгачихвал чацга баас нь дийлдэхгүй” гэж хээв нэг хэлчихээд л зогсож байдаг. Үүнийг манай хятадуудад малаа зарахгүй гэж дөвчигнөөд байгаа хүмүүс огт мэддэггүй, анзаардаггүй. Анзаарахыг ч хүсдэггүй байж мэдэх юм. Эмээлтэд зарж болж байгаа малыг Эрээнд амьдаар нь аваачаад зарахад ямар ч ялгаа байхгүй. Харин ч гадаадад илүү үнэ хүрнэ. Хэрвээ малыг хөлөөр нь экспортолсон бол салбарын сайдын “Засгийн газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Энд малыг амьдаар нь гаргах, тэр дундаа үржлийн бус эр хонь, ямааг гаргаж болох талаар чиглэл өгсөн байдаг. Нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тус тогтоолд тусгасан” гэсний дагуу жилд 14 орчим сая толгой бог малыг өмнөд хөршид худалдах боломжтой байж. Толгой нэг бүрийг хамгийн багадаа 150 ам.доллараар зарлаа гэхэд бид жилд 2.1 тэрбум ам.доллар олох байв. Ийм зах зээлийн мэдрэмжгүй, поп популизм хөөсөн засаг төрийн бодлого явуулаад баймааргүй байна. Монгол Улс мал аж ахуйн орон. Тиймээс дэлхийн зах зээлийн махны салбарт гол тоглогч улс болох ёстой. Ингэхийн тулд малаа хөлөөр нь гаргах нь хамгийн зөв алхам. 70 сая малтай улс үржлийн бус малаа амьдаар нь гаргахгүй байна гэдэг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж байгаагаас ялгаагүй зүйл. Хүчтэйхэн цасан шуурганаар хэдэн мянгаараа үхчихдэг нүдний хөрөнгө шүү дээ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шинэ хонгилын анхны зорчигчоор Ерөнхий сайд байсан М.Энхсайхан зорчиж, түүнийг хорьж, бах таваа хангав

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Шинэ хонгил ажиллаж эхэллээ. Тэд анхныхаа туршилтыг цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханаар хийв. Эрх мэдэл, бяр чадалтай гэдгээ хонгилын эзэд олон нийтэд ойлгуулахыг хүссэн бололтой. М.Энхсайханыг баривчлахдаа шүүхийн ямар ч тогтоол шийдвэргүй, ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хуулийн тодорхой заалтгүйгээр шууд л гэрээс нь барьж аваад цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулав. “Шинэ хонгилын эздийн дургүйг хүргэвэл хэнийг ч байсан шоронд хийнэ. Бидэнд хууль үйлчлэхгүй. Хэнбугай ч байсан хонгил руугаа чирээд оруулж чадна” гэж дэндүү их аархаж байгаа юм шиг л дүр зураг АТГ-ын энэ удаагийн баривчилгаанаас маш тодорхой харагдаж байлаа.

Эрх мэдэлтнүүд хэлсэн болгоныг нь хууль мэт биелүүлж чадах өөрсдийн хүмүүсээ АТГ, цагдаа, прокурор, шүүхийн удирдах албан тушаалд томилох гэж хоёр жил гаруй хугацаанд хэдхэн хүн дээрх салбаруудыг бужигнуулсан. Хууль хяналтын байгууллагын дарга нарын ажлыг авахын тулд нэр хүндийг нь үе шаттайгаар харлуулсан. Тэд ч санасандаа хүрч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Шударга бусын хонгил” гэгчийг нурааж чадсан. Үүнийг нь “Шударга бусын хонгил 1” гэж нэрлэмээр юм уу даа. Үүний дараа “Шударга бусын хонгил 2” гэдгийг бий болгож, анхныхаа туршилтыг М.Энхсайхан дээр амжилттайгаар туршиж бах таваа хангав бололтой. Мөн үүгээрээ “Шинэ хонгил байгуулагдаж, ажлаа хийж эхэлсэн шүү” гэдгээ харууллаа. Өс хонзонтой хүнээ яаж ч шийтгэж болдог юм гэдгийг маш тодорхой ойлгуулж байх шиг байна. Шинэ хонгилын эздийн анхны баривчилгааны ерөнхий зарчим, арга барил Сталины үеийн арга барилтай төстэй байх шиг. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэсэн зарчмаар л М.Энхсайханы баривчилгаа явагдлаа. Коммунизмын үеийн хэн нэгнийг барьчихаад дараа нь хэрэг олж тохдог шалгарсан арга байдаг. Энэ аргатай ижил төстэй, технологи нь адилхан харагдах ажээ. М.Энхсайханыг АТГ-аас Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Таван толгойн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гэрээ хийх төсөл боловсруулах үеэр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх шалтгаанаар цагдан хорьсон. Тэгвэл дээрх гэрээ УИХ-аар хэлэлцээгүй, батлагдаагүй гэрээ. Таван толгойн гэрээ хийгдвэл тухайн үеийн Засгийн газрын сайд нарыг огцруулна гэх асуудал нийгэмд хүчтэй давлагаа үүсгэж байсан юм. Өөрөөр хэлбэл хэлэлцээгүй, батлагдаагүй асуудал юм. Ийм л асуудлаар М.Энхсайхан хоригдсон.

Шинэ хонгил хэчнээн аймшигтай гэдэг нь сая болсон үйл явдлаас тодорхой харагдаж байна. Ийн хэлсний учир нь дураа хүрвэл хэнийг ч хамаагүй барьж хориход бэлэн болжээ. Ямар ч хэргээр хамаагүй баривчилж чадах юм байна. Гэхдээ шинэ хонгилын анхны туршилт шүүхийн шатанд доголдов. М.Энхсайхан хорих ангид шүүхийн шийдвэрээр нэг хоноод л гарлаа. Тэрбээр суллагдаж гарч ирээд “Эрх биш шүүх байсан тулдаа л гарч ирлээ” гэж хэлсэн. Одоохондоо шүүх шинэ хонгилд бүрэн орж, хараат болж чадаагүй байгаа юм байна. Шинэ хонгилын шүүх бүрэн байгуулагдаж дуусаагүй байгаа гэсэн үг. Энэ удаад шинэ хонгилынхны хувьд шүүх доголдож байна. Хүссэн хүнээ барьж шоронд хийчих гэхээр шүүх саад болоод байна. Удахгүй шүүхийн дарга нартай холбоотой томоохон акц гарч эхлэх байх аа. Үүний дараа халаа, сэлгээ хийгдэх биз ээ. АТГ, цагдаа, прокурор, шүүх бүрэн бүрэлдэхүүнээр цогц ажиллаж байж хонгил бүрэн утгаараа бий болдог билээ.

Ер нь их баривчилгаа хэлмэгдүүлэлтийн өмнө заавал ингэж туршилтаар эхэлдэг юм гэсэн. Феодалуудын хөрөнгийг хураахад Манзушир хийдийн лам нар Онц бүрэн эрхт комиссын төлөөлөгч нарыг эсэргүүцээд бөөн хэл ам болсон гэдэг. Бүрэн эрхт төлөөлөгч эд хөрөнгийг нь хураахаар ирэх үед хэдэн залуу лам салтаагаараа шороо самардаж цацаж эсэргүүцлээ илэрхийлж, элэг доог болгосон байдаг. Нөгөө төлөөлөгчид “Хэдэн залуу лам эсэргүүцээд байна. Яах вэ” гэж удирдлагуудаасаа асуусан байдаг. Удирдлагууд нь “Наад лам нараа барьж аваад буудчих. Бусад нь яахыг нь харъя” гэсэн юм гэдэг. Тэгээд нөгөө лам нарыг баривчилж аваад буудсан байдаг. Бусад лам нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй айгаад нам болсон гэдэг. Лам нарыг эсэргүүцэж чадахгүй юм байна гэдгийг туршилтаар мэдээд хэдэн мянган ламыг толгой дараалан буудах их хядлага, хэлмэгдүүлэлт эхэлсэн түүхтэй. Өөр нэг ойрын тод жишээ нь Л.Гүндалайг УИХ-ын гишүүн байхад нисэх онгоцны буудлаас баривчилж байсан. МАН-ынхан төр барьж байхад Л.Гүндалай ганцаараа сөрөг хүчин болж байсан. Одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Хятадын тагнуул гэсэн асуудал дуулиан болж байсан үе. Үүнийг Л.Гүндалай ил гаргаж хэвлэлийн хурал хийж, олны өмнө мэдэгдчихсэн. Улсын нууцтай холбоотой асуудлыг олон нийтэд ил болгож хууль зөрчсөн гэх хэргээр Ц.Нямдорж Л.Гүндалайг шүүхэд өгсөн. Энэ дуулиан шуугианы дараахан Л.Гүндалай эхнэртэйгээ өөрийнхөө зардлаар Хайнань руу амрахаар нисэх онгоцны буудал руу явсан. Тэр үед МАН-ынхан баруун аймгуудаар зөвлөгөөн хийх нэрээр зугаалж, хорхог, боодог эргүүлээд явж таарсан гэдэг юм. Н.Энхбаяр Л.Гүндалайг нисэх гэж байгааг мэдээд Ц.Нямдоржид “Чиний нөгөө шүүхэд өгсөн хүн чинь амарч, зугаалах гээд явж байна шдээ гэж хэл хүргүүлж байсан гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүнийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр нисэх онгоцны буудлаас баривчилж дуулиан шуугиан хадааж байв. Тэр үед Л.Гүндалайг баривчилж байгааг ганцхан “Өдрийн сонин” мэдээлж байлаа. Одоо цаг сайхан болсон. Хэн нэгнийг барьж, хорилоо гэхэд л сошиал даяар дуулиан шуугиан болж байна. Монголчууд бараг хоёр саяулаа сошиалд байдаг болсон. Цөөн хэдэн хөлсний бичээч баривчлагдсан хүний талаар муу муухайгаар бичих тохиолдол бий. Харин ихэнх нь болж байгаа үйл явдлыг байгаа чигээр нь мэдээлдэг болоод байгаа. Ингээд бусдын эрх ашиг зөрчигдөж байгааг шүүмжилдэг, үнэн бодит мэдээллийг хүргэдэг үй олон “Өдрийн сонин” цахим ертөнцөд бий болчихсон гэсэн үг.

Шинэ хонгилынхон М.Энхсайханаар туршилт хийж байна гэж дээр хэлсэн. Туршилт гэж таамаглах хэд хэдэн шалтгаан байна. Өмнө нь хэн нэгнийг баривчлахдаа ядахдаа прокурорын зөвшөөрөл, шүүхийн тогтоолыг худлаа үнэн үзүүлдэг байсан. Одоо тийм бичиг цаас харуулахаа ч больжээ. Шууд л хүссэн хүнээ төмөр торны цаана суулгачихдаг болжээ. Өөр нэг тодорхой зүйлийг хэлэхэд М.Энхсайханыг хэрэг хүлээлгэж, шоронд хатаах гэж байсан бол баасан гаригт барьж хорих ёстой байв. Сүүлийн үед АТГ-ынхан ийм л технологиор ажиллаж буй. Баасан гаригийн үдээс хойш бариад хорьчихоор амралтын хоёр өдөр таардаг. Энэ хугацаанд тухайн хүнийхээ талаар тодорхой хорих үндэслэл бүхий баримт цуглуулж чаддаг. Ингээд даваа гаригт хорих саналаа шүүхэд хүргүүлдэг. Шүүх хүсэлтийг нь хүлээж авч, хуралдааны тов гаргах, шүүх бүрэлдэхүүн томилох зэрэг ажлуудыг хийсээр байгаад өдрийг бардаг. Тэгж тэгж мягмар гаригт үргэлжлүүлэн хорих эсэхээ шийдсэн шийдвэрийг гаргадаг юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч амралтын өдрүүдэд олигтой ажиллахгүй өнждөг. Тэгвэл пүрэв гаригт М.Энхсайханыг баривчилсан нь шинэ хонгилынхон ажлаа хийхэд нийгэм хэрхэн хүлээж авах нь вэ гэдгийг туршиж үзлээ гэж харагдаж байгаа юм. Тодруулж хэлбэл, шинэ хонгилынхон “аймаар” ажиллах юм шиг байна.