Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэн

.

Монгол Улсын баатар, Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд, Хурандаа Пунцагийн Шагдарсүрэн 101 насандаа таалал төгсжээ. Тэрээр 1959-1963 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, 1963-1972 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Энэтхэг, БНАСАУ, Унгар, Польш, ХБНГУ, Афганистан, Ардчилсан Герман, БНХАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Манай сонины нийтлэлч П.Хашчулууны 2014 онд бичиж байсан “Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэн” нэртэй нийтлэлийг түүнийг дурсан санаж уншигчдадаа хүргэж байна.


Монгол Улсын баатар, хурандаа П.Шагдарсүрэн таалал төгсчээХалхголын байлдаанд Монголын цэргийн удирдах бүрэлдэхүүнд тулалдсан
Пунцагийн Шагдарсүрэнд Монголын төр Улсын баатар цолоо олголоо. Үнэхээр дайн
байлдаанд оролцсон, дайснаа дарж явсан хүмүүст Баатар цол олгодог ёстой юм бол
П.Шагдарсүрэн гуай гарцаагүй баатар хүн мөн юм. Өнөөдрийн хүмүүст үргэж
цочихоор үнэнийг хэлэхэд энэ өвгөн 21 настайдаа 17-р морьт хорооны штабын
даргын албан тушаалтай байлдаанд орж Монгол Улсын дархан хил, бүрэн бүтэн
байдалд халдан түрэмгийлсэн япончуудтай цусаа урсган тулалдсан, амийг амиар
сольж явсан, үүнийхээ төлөө амь насаа бууны исгэрэх суман дунд өнгөрөөсөн хүн
юм. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Манай хороон
дарга Дандар зоригтойгоо харуулах гэж байгаа нь тэр юм уу, дайралтанд орохдоо
хуягт тэргэн дээр сандайлж суугаад автоматаар шүршээд явчихдаг байсан…” гэж
ярьсан. Л.Дандарыг тэгж япончуудыг автоматаар шүршиж явсныг харсан хүн дэргэд
нь бас япончуудыг шүршиж явсан байж таарна биз дээ. “Байлдааны эхэн үед хоёр
япон баривчлаад сүүлд нь өнөө хоёрыг чинь хааш нь хийхээ мэддэггүй, жалганд
аваачаад буудчихаж билээ” гэхэд нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Яанаа…” хэмээн
нүдээ бүлтийлгэн амаа дарж, үнэн ярьж байна уу гэсэн итгэлгүй харцаар харж
байсныг үзэгчид харсан байх. Тэгж буудах нь наад захын хэрэг явдал байсан он
жилүүд шүү дээ. Тэд эх орныхоо төлөө энэ бүхнийг хийж байсан юм. Ийм үнэнийг
ярих хүн үлдээгүй болохоор, энэ цаг үед ингэж ярих амьд домог өмнө нь сууж
байсан болохоор тэр нэвтрүүлэг үнэхээр гайхамшигтай байсан. Б.Лхагвасүрэнгээс
нэгэнтээ таны нэвтрүүлгийн оролцогчдоос хамгийн содон онцгой хүн хэн байсан бэ
гэж асуухад “Шагдарсүрэн гуай байсан” гэж түвэггүй хариулсан юм. Магадгүй
монголын сэтгүүлчдийн өмнө ийм аймаар үнэн түүхийг ярьж суух амьд гэрч тийм ч
олон тохиохгүй байх. Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй билээ. Түүний
амнаас гарсан үг бүхэн түүхэн баримт. Амнаас гарсан үг бүр нь алтаар үнэлэгдэх
цаг үе урсан өнгөрч байна. “Дивизийн дарга Шаарийбуугийнхаа шарилыг олохын тулд
Олзвой бид хэд Хайлааст манханд хайж явахад…” гэж ярих нь улсын баатар
П.Шагдарсүрэн гуай шүү дээ. 1940 онд Олзвой баатрыг нас барахад Чойбалсан
оршуулганд нь оролцсон юм. Өнөөгийн бидэнд Хүннү Сүннүгийн үед гэдэгтэй бараг
адил алсад сонсогдох ийм л түүхэн домогт хүмүүстэй мөр зэрэгцэж явсан хүн
өнөөдөр бидний дунд байна гэхээр үнэмшимээргүй санагдах. П.Шагдарсүрэн баатар
“100 эрхэмд” өгсөн яриа, бусад сонин хэвлэлд өгсөн яриануудаас гадна сонин
содныг ярьсан нь цөөнгүй. Япончууд манай хайчин галд орж хүнд байдалд орохоороо
хөшгөн утаа татчихна, нэл утаа болоод юу ч харагдахгүй болохоор дэмий буудах
хэрэг гарна, төдөлгүй өнөө утаа замхарсны дараа харахад бидний суманд өртөж
үхсэн, шархдсан цэргүүдээ орхиод ухарчихсан байдагсан, шөнө нь буцаж ирж
цэргүүдийнхээ хүүрийг авах гэж заавал оролддог нь япончуудын зан байлаа,
зэвсгийн хувьд бидний хэрэглэж байсан орос буунууд хамаагүй хол тусгалтай
байсан л даа. Япончуудын бууны тусгал тийм ч хол биш гэж ярих нь яах аргагүй
амь өрсөн тулалдаж явсан цэргийн яриа биздээ. Энэ мэт энгийн тулаанаас эхлээд
цааш ихийг ярьсан байдаг. Цааш ярьсанууд нь ямар гайхамшигтай, ямарч хүн шүлсээ
гоожуулан сонсохоор тийм түүхүүд. Бид дайны баатруудаа нэг талаар огтхон ч
тоодоггүй байж. Үнэхээр Халхголын дайны баатар байсан Жамбаа гуай, чөлөөлөх
дайнаас төрсөн улсын баатар Дүүдэй гуай нар саяханыг болтол амьд байж, сүүлд
буцацгаасан. Сэтгүүл зүйн зах зух руу орж явсан надад тэдэнтэй хальтхан уулзах
аз тохиох үед яг л П.Шагдарсүрэн баатрын ярьж байгаатай нэгэн адил “аймаар”-ыг
ярьсан нь ой тойнд үлгэр домог шиг сонсогддог байсан санагдана. Өнөөдөр тэгж
тулалдаж явсан хүн байгаа гэх нь бүү хэл таван жилийн өмнө Халхголын ялалтын 70
жилийн ойгоор тэгж япончуудыг хядаж явсан хүн олдохгүй болчихсон байж билээ.
Гэтэл үлдсэн байжээ, өнөөдөр бид Баатар цолоо авахыг нь хараад сууж байна.
Түүний залуу нас дайны жилийн цэрэг явсан. Түүний залуу нас дайсан, үхэл хоёрын
дунд өнгөрсөн. Түүний залуу нас маршал, хэлмэгдэл хоёрын дунд манаргасан.
Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй байна

Таны үеийн цэргийн дарга нарын дийлэнх нь хэлмэгдэлд өртөж нас барцгаасан. Та хаагуур нь үлдсэн юм бэ гэхэд “Азаар маршалтай ойр, нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан болохоор оролдоогүй байх” гэж хэлсэн юм. Тэр үеийн тэмтэрч мэдрэгдэх нь хэцүү болсон ороо бусгаа цаг үеэс үлдсэн үнэн үг гэвэл энэ л байх. Тэр яг үнэнийг хэлсэн. Маршал Х.Чойбалсангийн дэргэд 9 жил яс тас байсандаа тэр хэлмэгдлийн хар шуурганд өртөөгүй юм. Тийм болохоор тэр маршалдаа хайртай. Түүний тухай түүхийн үнэнийг хэлэхэд хэл нь ээдэрдэг байхыг зөвтгөх учиртай. Улсын баатар П.Шагдарсүрэн гуай ихийг мэдэж байгаа. Гэхдээ өөртэй нь хамт дуусах үнэн гэж хүнд байдаг. Энэ хуучны хүмүүст байдаг зан чанар. Тийм цөөхөн хүний нэг бол П.Шагдарсүрэн. Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд ямархан байдалтай байгаад амьсгал хураасныг өнөөдөр амьд байгаагаас ганц энэ хүн л мэднэ. Маршалыг нас барах тэр агшинд дэргэд нь байсан гурван монгол хүний нэг нь. Өнөөдрийн монголчууд юу мэдэхийг хүсч байна гэвэл нэгэн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсангийн сүүлчийн үг, үйлдэл юу байсныг. Барин тавин баримтаар бол Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд Сталиныг зургийг авчруулан мөргөсөн байдаг. Үүнийг өнөө хоёр монголын нэг нь баталсан, нөгөөх нь үгүйсгээгүй, тэгэхдээ “тийм” гэж хэлээгүй. Харин П.Шагдарсүрэн гуай “Москвад сурч байсан над руу Маршалын комиссар Бат-Очир утасдаж яаралтай ир хэмээн машин явуулсан. Намайг ороход маршал…” гээд үгээ залгичихаад байгаа юм. БавуугийнЛхагвасүрэн хэлүүлэх гэж их хичээсэн. Саяхан Б.Лхагвасүрэн гуайгаас миний бие хэрэг болгож асуусан. 100 эрхэм нэвтрүүлэгч тэгээд өнгөрсөн. Хоёулахнаа байхдаа үнэнийг хэлсэн үү гэж. Б.Лхагвасүрэн гуай “Хуучны хүмүүс гэдэг өөр байдаг бололтой. Надад үнэнийг хэлбэл хэлэх л хүн. Бид хоёр нэг нутаг, эртний танилууд, юу ч дуугараагүй шүү” гэсэн билээ. Зарим түүхийн содон үнэнийг өөртэйгээ үлдээгээд дуусах хүмүүсийн нэг нь П.Шагдарсүрэн юм байна. Баабарын гаргалгаагаар бол Х.Чойбалсангийн тэр үйлдэл нь Сталинаас амь гуйсан сүүлчийн арга байсан гэж хэлдэг. Энэ мэт ээдрээт олон түүхийн учгийг тайлж хэлэх ганц хүн нь хэдий ч хэлэхгүй гүрийсээр байгаагаараа П.Шагдарсүрэн үнэ цэнтэй байна.

Монгол Улс дайн байлдаантай, хэлмэгдүүлэлтэй, тусгаар тогтнолоо олж ядаж байсан он жилүүдэд түүхэн үйл явдлуудын дунд, түүхэн үүрэг гүйцэтгэж явсан хүмүүсийн дэргэд гэрэл зургийн аппараттай ганцхан хүн байсан нь П.Шагдарсүрэн гуай юм шүү дээ. Үүнийг хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа юм. Өнөөдөр бидэнд үлдсэн түүхэн гэрэл зургуудийн ихэнхийг П.Шагдарсүрэн гуай авчээ. Халхголын дайны үеийн Х.Чойбалсан, Г.К.Жуков нарын зургууд, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон бусад нам төр, цэргийн удирдагчдын гэрэл зургууд, Маршалын амьдралын сүүлийн үеийн зургууд, тэрбүү хэл хүн бүрийн мэдэх тухайн үеийн үндэсний бөхийн аваргууд болох Их монгол Шаравжамц, Буянтоо аварга, “молиг бүргэд” хэмээх Бат-Очир, “буур” хэмээх Жамьян аварга нарын маршал Х.Чойбалсантай авахуулсан гэрэл зураг хүртэл П.Шагдарсүрэнгийн дарсан зураг юм. Түүний авдарт олонд дэлгээгүй үүнээс ч гайхамшигтай гэрэл зургийн хальснууд байж магад. Энэ мөн л түүнд байгаа үнэ цэн.

Нэгэн үед нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан Япон улсдаа Гадаад харилцааны сайд болчихсон ажлын айлчлал хийж явсан хувь зохиол хүн бүрт тохиох уу. Буудалцаж явсан дайсантайгаа гар барин дипломат харилцаа тогтоосон түүх монголын дипломатчдын хэдийнх нь амьдралын замналд байгаа бол. Түүний улсынхаа гадаад харилцааны салбарт гүйцэтгэсэн үүрэг роль нь тусдаа сэдэв болно.

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн эр хүний л амьдралаар амьдарч ирсэн эр хүн. Сүхбаатар жанжны хоёр гэргийтэй суусан хүн шүү дээ. “Сүхбаатар” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Ө.Рэнцэнноров хатагтай, “Өглөө”, “Тэмцэл” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Д.Нямаа хатагтай нарыг гэргийгээ болгож явсан үнэн түүх түүнд бий. Тэр үеийн сайхан хүүхнүүд гэвэл тэд нар. Маршалын нарийн бичиг гэсэн мандат байсан л биз, Халхголын дайнд оролцсон цэргийн даргын сүр хүч байсан л биз. Цэргийн амьдралын төлөвшил, биеэ авч явах чадвар, мэдлэг боловсрол… юм юм нь түүнийг дутуу юмгүй сайхан амьдруулж явна. Өнөөдөр П.Шагдарсүрэн гуай 97 настай. Ярьж хөөрч, явж гишгэж байгаагаараа бол 70 настай хүн шиг харагдана. Ингэж наслана гэдэг эрүүл саруул явахын том дэг сургууль, амьдралын зөв хэмнэл, сайхан үлгэр дууриал, бас л үнэ цэн.

Гайхамшигтай үйл явдлын дунд байж, гайхалтай түүхэн хүмүүстэй хамт ажиллаж, гайхамшигтай монгол эрчүүд-тэй мөр зэрэгцэн тулалдаж, гайхамшигтай сайхан хүүхнүүдийг эхнэрээ болгож, гайхалтай сайхан үр хүүхэд, ач зээсээ тойруулан, урт наслан, удаан жаргаж суугаа Улсын баатар П.Шагдарсүрэнд хүргэх урилга байна. Халхголын ялалтын 80 жилийн ойн баярын парад дээр уулзацгаая.

Categories
мэдээ цаг-үе

Г.Чойжамц: Интерферон эмчилгээг үр дүнтэй болгох судалгаанд Оросын эрдэмтэд хамгийн өндөр үр дүнд хүрсэн

Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц гуайтай ярилцлаа.


-Хэдий урин дулааны улирал ирж байгаа ч ханиад, томууны дэгдэлт их байна. Зарим хүн “Биднийг багад ийм байгаагүй” гэж ирээд шүүмжлэх нь бий. Харин та эрдэмтэн хүний хувьд шалтгааныг нь хэрхэн хардаг вэ?

-Манай эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд оршиж байгаа нэг том дутагдал бол нийгмийн эрүүл мэндийн хөгжил сул байгаатай холбоотой асуудал юм. Нийгмийн эрүүл мэнд гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх анагаах ухаан шүү дээ. Урьдчилан сэргийлэх гэхээр манайхан вакцин хийх л гэж бодоод байна. Яахав, вакцинаар сүрьеэ, “Б” гепатит, тархины халдварт саа, сахуу татран, улаанбурхан гэх мэт зарим тодорхой халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой гэж үздэг. Тухайлбал, улаанбурхан буюу корь товлолын вакцинтай. Насан туршид нь дархлаа тогтоох зорилтоор хүүхдэд энэ вакциныг хийдэг. Гэвч вакцин хийлгэсэн мөртлөө залуус улаанбурхантаж байна. Бас яагаад “Б” гепатит буурахгүй байна вэ.Сүрьеэгийн вакциныг бүх хүүхдэд хийдэг байхад яагаад манайд одоо сүрьеэгийн дэгдэлт ийм өндөр болоод байна вэ. Монгол Улс Зүүн Өмнөд Азид сүрьеэгийн хамгийн өндөр тархалттай эхний долоон орны нэг болчихоод байгаа. Уг нь вакцинжуулаад байгаа учраас огт өвчлөхгүй болчих ёстой биз дээ. Тэгэхээр вакцинжуулалтаар өвчнийг тасалж, сэргийлж чадахгүй байна л гэсэн үг.

-Нээрээ улаанбурхан өвчнийг устаад дахиад дэгдлээ гээд нэг хэсэг шуугьсан даа?

-Тийм. Корь эргэн сэргэж буй вирусийн халдварт өвчний нэг болоод байна. Бид салхин цэцгийн вакциныг ч хүүхдүүддээ хийдэг. Гэсэн ч хүүхдүүд салхин цэцгээр өвчилсөөр л байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсад хийж байгаа хамгийн боломжтой, үр дүн гарах ёстой, хангалттай мөнгө зарж байгаа үйл ажиллагаа маань ч үр дүн султай байгаа хэрэг. Мөн халдварт бус өвчнөөс сэргийлэх асуудал байна. Тухайлбал, цусны даралт ихдэх, үе мөчний болон хоол боловсруулах замын өвчнүүд гээд нэрлэж болно. Ийм халдваргүй өвчнөөс сэргийлэх асуудлын хүрээнд нийт хүн амын дунд хийж байгаа гэгээрүүлэх, буюу эрүүл мэндийн боловсрол олгох ажил бага. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг шат дараалалтай ахиулах цэгцтэй үйл ажиллагаа ч хангалтгүй байгаа юм. Хүмүүс эрүүл мэндийн боловсролын чиглэлээр тохиолдлын чанартай мэдээлэл авч байна шүү дээ. Радиогоор ганц нэг юм сонсох, телевизийн реклам, сурталчилгаа харах, эсвэл ямар нэгэн эрүүл мэндийн мэргэжилтнээс тохиолдлоор зөвлөгөө авах байдлаар л явж байгаа.

-Тухайлбал, би тэр болгон өвддөггүй болохоор жаахан ханиад тусчихвал эмийн санчаас асууж байгаад эм аваад уучихдаг?

-Магадгүй эмийн санчаас зөвлөгөө их авч байгаа байх. Ингээд бодохоор манай хүн амын эрүүл мэндийн боловсрол сул шүү. Дээр нь эрүүл, аюулгүй орчны асуудал их түвэгтэй байна. Жишээ нь, Улаанбаатар хот өвөлдөө асар их утаатай, жилийн дөрвөн улиралд агаарын өндөр тоосжилттой байдаг нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа. Орон нутагт амьдарч байгаа хүмүүст тухайлбал, усан хангамжийн баталгаатай, аюулгүй эх үүсвэр алга. Зүгээр л, ямар нэгэн худаг эсвэл урсаж байгаа голоос ус авч хэрэглэдэг.

-Хөдөө амьдарч байгаа хүмүүсээ усны цэнгэг, агаарын сайханд байгаа гэж боддог шүү дээ?

-Цэвэр агаарт байгаа учраас арай өвчлөл бага юм шиг байж болно. Гэхдээ хүн амын дундаж наслалтыг харахад хөдөөгийн хүмүүсийнх бага байна. Эрүүл орчинд байна гэж хэлэхэд түвэгтэй байгаа биз. Манайд малын гаралтай халдварт өвчин, заримдаа бүр ноцтой халдварт өвчний мэдээлэл байнга гарч байна шүү дээ. Малаас хүнд халддаг өвчний эрсдэл тэнд асар өндөр байгаа гэсэн үг. Ингээд бүхэлд нь харахаар Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн хөгжил маш сул байна. Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжил нь ч сул байна. Тиймээс ч бид бүгдээрээ мэддэг болчихсон. Арваннэгдүгээр сараас ханиад, томуу эхэлнэ. Зургадугаар сараас гэдэсний халдварт өвчин эхэлж хүүхдийн гэдэс өвдөнө гэдэг ч юм уу. Мэдэж байгаа хэрнээ ямар ч үр дүнтэй арга хэмжээ авч чаддаггүй.

-Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн хөгжил нь эргээд өвчин томуу их байгаагийн шалтгаан болчихов уу?

-Нийгмийн эрүүл мэндийн хөгжил сул байгаагаас шалтгаалаад өвчлөл өндөр байна. Тийм учраас Эрүүл мэндийн салбарын бүх зардал ерөөсөө өвчтэй хүнийг эмчлэхэд зориулагдаад нөгөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ юу ч зарж чадахгүй байдал руу шилжчихдэг менежмэнтийн том алдааг төр засаг шийдвэр гаргагчид мааань мэдэхгүй он олон жил явлаа. Арга буюу л вакцинжуулалтаасаа цааш юу ч чадахгүй байгаа юм. Хүрээлэн буй орчны бохирдол хүний дархлааг сулруулах хамгийн ноцтой хүчин зүйл болдог гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Нэг талаас дархлаа нь суларна. Нөгөө талаас хүний эрүүл байхад тус болдог хэвийн бичил биетний иж бүрдэл алдагддаг. Тухайлбал, хүний гэдэс дотор 500 сая тэрбум орчим нян бий. Жигнэвэл таван кг орчим бактер. Яг хэрэг дээрээ хүнийг эрүүл байлгаад байгаа юм бол тэр хэдэн нян шүү дээ. Бид хоол, эм юу ч уусан тэр нян гэдсэн дотор задална. Уураг бол бараг амин хүчлийн түвшинд хүртэл задарч байж цусанд шимэгдэж байгаа. Монголчууд бид уураглаг хүнс өргөн хэрэглэдэг. Тиймээс хоолоор авсан уураг цусанд шууд шимэгдээд орчихдогсон бол ерөөсөө уургийн дутагдалд орохгүй. Гэтэл эмнэлгийн практикт өвчтэй хүмүүстэй ажиллаж байхад уургийн дутагдалд орчихсон хүн олон тохиолддог. Энэ бол тэр хүний хоол боловсруулалт муудчихсан хэрэг. Ингэлээ гээд өвдөөд, шаналаад байх ил зовиур өгөхгүй ч дархлаа нь суларчихна. Өвдөх эрсдэл нь нэмэгдчихнэ гэсэн үг. Тэгэхээр хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх гэдэг үйл ажиллагааны хүрээнд төр нийгмийн бүх хэмжээнд хийж байгаа ажил нэг бол оновчгүй, нэг бол үр дүнгүй байна гэж хэлэхээс өөр аргагүй байна даа.

-ХИМИЙН АРГААР ВИРУСИЙН ЕРТӨНЦТЭЙ ТЭМЦЭХ НЬ МУХАРДАЛД ОРЖ БАЙНА-

-Нэгэнт өвчин туссан бол эм уухаас өөр сонголт байхгүй. Тэгэхээр эмний талаар асуумаар байдаг зүйлээ асуугаад явъя. Хуучин бол ханиад томууг бараг л аарц, чацарганаар эмчилдэг байсан ухааны юм ярьдаг хүмүүс бий. Гэхдээ орчин үеийн ханиад, томуу наад зах нь өндөр халууруулдаг боллоо?

-Орчин үед дэлхийн хэмжээнд вирусийн өвчний асар их идэвхтэй дэгдэлт явагдаж байна шүү дээ. Өнгөрсөн зуунд дэлхийн анагаах ухаан үндсэндээ “Өвчин үүсгэдэг бактерийг яллаа, антибиотиктой боллоо, сүрьеэ, тэмбүүг эмчилдэг боллоо гээд анагаахын ололтод маш их бахархаж байсан юм. Маш их үр дүнд хүрлээ” гэж байсан. Тэр үед вирусийн өвчний дэгдэлт, тархалт харьцангуй бага байлаа. Бага байсан шалтгаан нь нэг талаасаа хүн амын хөдөлгөөн хязгаарлагдмал байсантай холбоотой. Өнөөгийнх шиг өнөөдөр Монголд байгаа хүн маргааш Америкт явж байдаг юм байсангүй л дээ. Хил хязгаар хаалттай байсан явдал нь вирусийн шалтгаант өвчний дэгдэлт, тархалт бага байх том нөхцөл байж. Одоо бол дэлхий нийтэд вирусийн шалтгаант өвчний дэгдэлт, тархалт асар өндөр болчихлоо. Бид бактерийн эсрэг эмийнхээ хүч чадлыг алдчихсан. Энэ чигээрээ явбал цаашдаа ерөөсөө антибиотик эмгүй болох магадлалтай.

-Тодруулбал?

-Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн том судлаачид 2040, 2050 оны үед антибиотикийн төрлийн эмгүй болж магадгүй тухай бичиж байна. Нэгдүгээрт, нян антибиотикт тэсвэртэй болох процесс бас л хүний буруу үйл ажиллагаатай холбоотой. Хүний анагаахын түүхэнд 100 гаруй л антибиотикийн бэлдмэл гаргаж авч эмчилгээнд хэрэглэсэн байдаг. Одоо түүнээс 60 гаруй нь эмчилгээний практикаас бүрмөсөн хасагдчихлаа. Нян бүрэн тэсвэржсэн учраас ямар ч эмчилгээний ач холбогдолгүй болчихсон хэрэг. Антибиотик цаашдаа эмчилгээний өндөр ач холбогдолтой бодис байж чадахгүй болж магадгүй. Тийм учраас дэлхий нийтээр антибиотикийг зөв зохистой хэрэглэх юмсан гэдэг зорилт тавьж, энэ хүрээнд асар их үйл ажиллагаа явуулж байна л даа. Нэг антибиотик шинээр нээхэд 25-30 жил ордог. Гэтэл шинэ антибиотик эмнэлгийн практикт нэвтрээд нэг, хоёр жилийн дараа тэсвэржсэн нян олдож, бүртгэгдэж байна.

-Тэгвэл нян нь хамаагүй хурдтай хөгжиж байгаа юм байна.

-Нянгийн ертөнц өөрөө асар богино хугацааны амьдралын мөчлөгтэй. Хэдхэн цагт нянгийн амьдралын нэг мөчлөг дуусаад дараагийн үе эхэлдэг. Биднийг аль нэг эмийг ууж үзээд, больж үзээд явж байх хооронд аль хэдийнэ нянгийн амьдралын хэд хэдэн үе шат өнгөрөөд генетик мэдээллээрээ эмэнд тэсвэртэй нян үүсээд гараад ирж байна шүү дээ. Тэгэхээр антибиотикийн эмчилгээнд 100 хувь найдвар тавих үндсэндээ боломжгүй байдал руу орчихлоо. Мөн нянгаас гадна вирус их идэвхтэй болж эхэлж байгаа. Вирус бол бактериас хурдан хувирамтгай. Ноднин намар гарсан амьсгалын замын томуу, томуу төст халдварын үүсгэгч хойтон нь хэлбэрээ өөрчлөөд л гараад ирж байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн эмчилгээний арга, сэргийлэх вакцин энэ жил бол тохирохгүй.

-Гэхдээ бид ноднингийнхоо эмийг л уудаг. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Хоёрдугаарт, нэг ч антибиотикт вирусийн эсрэг үйлчилгээ байхгүй. Хүний анагаах ухаан вирусийн эсрэг үйлчилгээтэй антибиотикийг огт олж нээгээгүй байгаа. Тэгэхээр хүний өөрийнх нь бие махбодын потенциал л маш чухал болчихож байгаа юм. Нэг үгээр дархлаа.

-Та ярианы эхэнд хүрээлэн буй орчноос болоод хүмүүсийн дархлаа суларч байгаа талаар дурдаад өнгөрсөн байх аа?

-Хүүхэд төрөөд эхний зургаан сард ямар ч өвчнөөр өвчилдөггүй байсан үе бий. Эхээсээ дархлаа авчихдаг. Эхийн дархлаагаар хүүхэд эхний зургаан сар ямар ч халдварт өвчин тусдаггүй, эх нь халдварт өвчин туссан ч хүүхэд нь өвддөггүй байсан үеийг мэднэ. Гэтэл одоо зургаан сарын дотор хүүхэд өвчлөх нь элбэг болж эхэлж байна. Энэ бол удамших дархлааны мэдээлэл ч суларч байгаа хэлбэр юм. Гэтэл өнөөдөр дэлхийн анагаах ухаан дархлаатай холбохгүй ямар ч өвчний эмгэг жамыг тайлбарлаж чадахгүй болж байгаа. Ходоодны шархлаа, уушгины хатгаа, ханиад томуу эсвэл яс сийрэгжих өвчин, бүх хорт хавдар бол явж явж дархлааны л алдагдлын эмгэг жам дээр суурилж хөгжиж байна шүү дээ. Бид анагаахын хэлээр өвчний эмгэг жам гэж ярьдаг. Вирус биед ороод цаашаа яах, хэрхэн өвчлүүлж байгаа тухай асуудал шүү дээ. Тиймээс шинжлэх ухааны өнөөгийн түвшинд өвчний эмгэг жамыг дархлааны оролцоогүйгээр тайлбарлах ямар ч боломжгүй болж байгааг хүн бүр ойлгох хэрэгтэй болж байна. Үүнийг 10 жил, эсвэл 20 жилийн өмнөх мэдлэгийн түвшинтэй харьцуулбал дархлааг өнөөдөр анзаарахгүй орхичихож болохооргүй тийм л түвшинд хүрч байна. Дээр нь өвчний дэгдэлт тархалтад бидний хязгаарлаж чадахгүй юм зөндөө бий. Жишээ нь, нүүдлийн шувууд байна. Хамгийн сүүлд том дэгдэлт өгсөн Н1N1 вирус хүний дөрөв, шувууны хоёр, гахайны хоёр гентэй. Ийм найман гентэй вирусээр л үүсгэгдээд гараад ирж байгаа болохоор эмчилгээ сэргийлэлтийн том бэрхшээл аяндаа гараад ирлээ.Өмнө нь ийм гахай, шувууны гентэй вирусээр огт өвчин халдварлаж байгаагүй. Тэгэхээр хүний вирусийн ген устгадаг эмээс гадна гахай, шувууны вирусийн генийг устгадаг эмийг цоо шинээр нээх хэрэгтэй болноо доо. Шинжлэх ухаан асар хурдтай ажиллаад арайхийж нэг эм нээхэд дараачийн жил гарч ирж байгаа нөгөө Н1N1 вирусийнх нь ген хувирчихсан байна. Тэгэхээр химийн аргаар вирусийн ертөнцтэй тэмцэнэ гэдэг өөрийн эрхгүй мухардал руу орж байгаа юм.

-Таны яриаг сонсоод бодогдож байна л даа. Сүүлийн үед ханиад, томуунд дандаа найруулдаг, нэг тийм лемон үнэртсэн эм уудаг болчихоод байгаа. Зүгээр дархлаа дэмжих зориулалттай юм болов уу гэмээр.

-Томуугийн халдварт өвчний тархалт өндөр байгаа учраас дэлхийн анагаах ухаан энэ төрлийн эм нээх гэж их анхаарал тавьж байна. Одоо манай эмийн сангуудад томуу, томуу төст өвчний эмчилгээнд зориулсан эмийг нэр төрлөөр нь тоолбол, зуугаар тогтохгүй. Тэдгээр нь яг вирусийн эсрэг биш. Вирус хүний биед орохоор халууруулна, уургийн мэдээлэл орж ирж байгаа учраас харшил үүсгэдэг. Тэгэхээр таны дурдсан ханиад, томуунд хэрэглэдэг эмнүүд цөмөөрөө харшил, халууралтын эсрэг, дархлаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх гэж оролдсон, өөр нэртэй ч бүгдээрээ яг нэг төрлийн найрлагатай. Эмчилгээнд хэрэглэхээр халдвар авсан хүний эмнэлзүйн шинж тэмдэг буюу халууралтыг нь багасгах, харшлын урвалыг жаахан дарах ийм л эмнүүд байгаа. Судас агшаах эмнүүд бас хольсон бий. Вирусийн халдвар хамар, гуурсан хоолойн салст бүрхүүлийн судсыг тэлж, хавагнуулдгаас хамар битүүрэх, амьсгал бачуурах эмгэг жамтай. Тэрнийх нь л эсрэг эмчилгээ хийгээд байгаа болохоос яг вирусийн эсрэг эм цөөхөн. Гарын таван хуруунд багтахуйц цөөн гэж болно. Тэгэхээр эргээд л нөгөө вирустэй тэмцэх тэмцэлд тэгвэл юу байвал сайн юм бэ гэхээр дархлаа юм. “Томуу, томуу төст өвчин туссан хүн антибиотик уувал долоохон хоноод эдгэнэ. Уухгүй бол бүхэл бүтэн долоо хонож эдгэнэ” гэсэн үг байдаг. Антибиотик ямар ч үр дүнгүй гэсэн л үг. Манайхан бол хүүхэд ханиад хүрэхэд аптекаас антибиотик аваад уулгачихаж байна. Энэ бол асар гэнэн ойлголт. Нөгөө л антибиотикт нян тэсвэржихийг л нэмэгдүүлээд байгаа болохоос биш хүүхдээ эмчилчихэж байгаа юм огт байхгүй. Монголчууд их элгэмсэг ард түмэн шүү дээ. Эцэг, эхээ орхидоггүй, үр хүүхдэдээ хайр халамж тавьдаг. Тэр чанараараа дэлхийн олон орны хүнд гайхагддаг. Америк хүн монгол хүүхэд үрчилж байхад нь би “Чи яагаад заавал монгол хүүхэд үрчилж авч байгаа юм. Америкт хүүхэд үрчлэх ёс ер нь байна уу” гэж асуусан чинь “Байдаг. Гэхдээ монгол хүний эцэг, эхийгээ орхидоггүй зан чанар надад их таалагддаг” гэж хэлж билээ. Эцэг, эх нь ч хүүхдээ орхидоггүй. Гэхдээ бид хүүхдэдээ тийм их хайртай мөртлөө өвдсөн үед нь маш хариуцлагагүй шийдвэр гаргадгийн нэг жишээ бол ханиадтай хүүхдэдээ антибиотикийг эмчийн зөвлөгөөгүйгээр дураараа хэрэглэдгийг хэлж болно.

-МИНИЙ АЧ, ЗЭЭ НАР ХАНИАД
ХҮРВЭЛ БИ ВИФЕРОН Л ХЭРЭГЛЭДЭГ-

-Яг үүнтэй холбогдуулаад асуухад өнгөрсөн намар виферон гэдэг лааны талаар дуулиан гарсан. дархлаа дэмжих зориулалттай гээд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэдэг байлаа. гэтэл Эрүүл мэндийн сайд нэг мэдээлэл хийгээд дараа нь хэрэглээнийхээ түвшинд хүлээлтийн байдалд орчихоод байгаа. Та тэр эмний талаар хэр мэдэх вэ?

-Эцэг, эхчүүдийг эвгүй эргэлзсэн байдал руу өөрийн эрхгүй оруулчихлаа. Виферон гэдэг эм Монголд орж ирээд нэлээд хэдэн жил хэрэглэгдлээ шүү. Ер нь эхнээс нь ярихад интерферон гэдэг бодисыг анагаах ухаан нээсэн юм. Интерферон гэдэг чинь хүний бие махбод өөрөө үйлдвэрлэж, нийлэгжүүлж байдаг дархлааны бодис шүү дээ. Энгийнээр тайлбарлавал, интерферон бол хүний өөрийнх нь дархлааны маш чухал элементүүдийн нэг л байхгүй юу. Гэхдээ хүний бие махбод өөрөө л түүнийгээ хэрэгтэй цагтаа үйлдвэрлэдэг, хэрэггүй бол нэг их гараад байдаггүй тийм л бодис. Хамрын салстад ч интерферон байж л байгаа. Уушги, элэгний эдийн дотор ч интерферон бий. Жишээ нь, “С” вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл байна шүү дээ. “С” гепатитаар өвчилсөн 100 хүний 20 нь архагшдаг. Яачихсан 20 нь архагшиж байгаа юм гэхээр интерферонгүй, эсвэл, интерферон багатай нь юм. Тэр 20 хувийн таван хувь нь хорт хавдар болох боломжтой.

-Яаж вирусийн эсрэг үйлчилдэг вэ. Та илүү дэлгэрэнгүй тайлбарласан нь дээр байх?

-Ялангуяа вирусийн өвчний эсрэг интерфероны гүйцэтгэх үүрэг асар өндөр. Вирус бол нян бактериас энгийн бүтэцтэй, амьд организм. Хүний биед орж өвчин үүсгэчихээд тухайн вирусийн нуклейн хүчил РНК, эсвэл ДНК-ийн тасархай хүний биед үлдчихээр яг тэр вирус амьдаараа байгаа юм шиг өвчин нь үргэлжилдэг. Одоо “С” вирустэй хүн гэдэг чинь “С” вирусийн РНК-тай л хүн байхгүй юу. “Б” гепатиттай хүн гэдэг чинь “Б” вирусийн ДНК-тай хүн гэсэн үг. Элэгнийх нь эс дотор “С”, “Б”, эсвэл дельта вирусийн нуклейн хүчлийн тасархай байгаа хэрэг. Товчхондоо, вирусийн РНКэзэн эс дотор шимэгчилж амьдарч байгаа учраас өөрийн хэрэгцээтэй бүх зүйлээ элэгний эсээс авна. Тэгэхээр вирусийн нуклейн хүчил агуулж байгаа элэгний эсийн түвшинд юуны өмнө нүүрс ус, өөх тосны солилцооны алдагдалд ордог. Дээр нь элэгний нэг эс хоёр, хоёр эс дөрөв гэдэг юмуу хуваагдаж өсч үржихэд нь вирусийн нуклейн хүчил дагаад хуваагдаад байдаг. Хэдэн сая эс тэгж гэмтэж байгаа. Хүмүүс лабораторийн шинжилгээ хийлгээд “Намайг 500 саятай гэж байна. Би аймаар хүнд болчихож уу” гээд асуугаад явж байдаг. Тэр хүний элэгний эсийн дотор хэчнээн сая вирусийн нуклейн хүчил байна вэ гэдгийг л тоолсон тоо шүү дээ. Интерферон бол тэр нуклейн хүчил өөрийгөө хувилдаг процессийг л зогсоох үйлчилгээтэй бодис. Вирусийн нуклейн хүчил өөрийгөө хувилдгийг анагаахын хэлээр репликаци гэдэг. Тэр репликацийн процессийг л зогсоодог үйлдэлтэй байхгүй юу. Энд л интерфероны өөрийнх нь эмийн үйлчилгээний механизм оршиж байгаа юм. Гэхдээ интерферон чинь хүнээс өөрөөс нь ялгардаг гэж би хэлсэн шүү дээ. Өөрөөс нь тэр интерферон нь ялгарахаар цаашаагаа дархлаа идэвхжээд дархлааны бүх элементүүд идэвхтэй ажиллаж эхэлдэг онцлогтой.

Бид мэднэ шүү дээ. Хоёр хүн томуу тусахад нэг нь маш хүнд явцтай байхад нөгөө нь гайгүй өнгөрчихдөг. Тэр чинь л дархлааны ялгаа. Нэг их нус нь гоожсон, ханиасан найтаасан, хүн тааралддаг. Манайхан чинь гар барьдаг гажигтай улсууд. Сайн уу гээд хүний гар бариад, тавихгүй сэгсрээд л. Нөгөөх нь “Би ханиадтай байгаа” гээд тоох ч үгүй яриад л. 1960, 70, 80-аад онд ханиадыг агаар дуслаар л дамждаг гэдэг байлаа. Одоо бол ахуйн хавьтлаар халдаж байна гээд байгаа юм. Ханиадтай хүн хаалганы бариул бариад гарахад дараачийн хүн очиж бариад тусчихна. Хамраас нус гоожоод, загатнаад, найтаагаад “Яана аа би ханиад хүрчих шиг боллоо” гэж байсан хүн маргааш өглөө нь босоод ирэхэд зүгээр болчихсон байдаг. Эм уугаагүй, ямар нэг эмчлэх арга хэмжээ аваагүй. Яасан юм гэхээр хүний интерферон ялгараад дархлаа нь сайжраад өөрөө л эдгэрчихэж байгаа гэсэн үг.

-Тэгэхээр виферон лаа, түрхлэг гэдэг нь зохиомол интерферон байх нь?

-Интерферон нь тийм үүрэгтэй бодис. Дотроо альфа, бетта, гамма гээд олон төрөл зүйлтэй. Бүгдээрээ өвөрмөц биологийн үүрэгтэй, дархлааны үе шат болгонд ач холбогдолтой бодис юм. Интерфероныг дэлхийн анагаах ухаан эмийн хэлбэрт оруулаад эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Гэхдээ өмнө нь дандаа тарьдаг байдлаар байлаа. Ер нь ууж хэрэглэхэд бол үр дүнгүй. Хамарт дусааж, арьсанд түрхэж болох юм, эсвэл тарьж болно. Тариад хэрэглэхээр маш их гаж нөлөө өгдөг эм шүү дээ.

-Тухайлбал?

-Ер нь тариа хэлбэрээрээ бол таагүй гаж нөлөө өгдөг эмийн тоонд ордог.Эмэнд байдаг үндсэн эмчилгээний ашигтай үйлдлээс гадна хүний биед үзүүлж байгаа хортой ашиггүй нөлөөнүүдийг л гаж нөлөө гэж байгаа шүү дээ. Интерфероныг тарьж хэрэглэхэд гардаг гаж нөлөөн дотор хамгийн ноцтой нь хүн маш гүнзгий сэтгэл гутралд ордог. Бүр амь насаа бүрэлгэх тохиолдол гардаг. Манайд интерферон тарилгын хэлбэрээр зөндөө орж ирсэн. Одоо “С”гепатитыг эмчилдэг вирусийн эсрэг сайхан эм гараад байна. Үүнээс өмнө бид вирусийн гепатиттай хүмүүст интерферон л тарьж байлаа. Тариулсан хүмүүс гаж нөлөө гардаг байдал нь интерфероны гаж нөлөөгүй хэлбэрийг нээж эмчилгээнд оруулах эмнэл зүйн хэрэгцээг бий болгочихсон юм л даа. Олон орон янз бүрийн туршилт судалгааг одоо ч хийж байна. Интерфероны эмчилгээг үр дүнтэй, гаж нөлөөгүй болгох хүрээнд хийгдсэн судалгаанд хамгийн дэвшилттэй үр дүнд хүрсэн судлаачид бол Оросын эрдэмтэд. Оросын эрдэмтэд интерфероныг шулуун гэдсээр хэрэглэдэг лаа хэлбэрээр гаргасан.Түүнийг нь Виферон гээд байгаа юм. Виферон бол ОХУ-ын оргиналь эмийн бэлдмэл. Интерфероныг лаа хэлбэрээр эмчилгээнд хэрэглэхэд нэгдүгээрт, тарьж хэрэглэхтэй ойролцоо цусны сийвэнгийн концентраци өтгөц шимэгдэлт 76хувьтай гэж судлаачид тогтоосон байгаа.Өөрөөр хэлбэл, гэдэсний ханаар цусанд шимэгдээд элгийг дайрахгүйгээр шууд зүрхээр дамжиж бүх биед тархдаг гэсэн үг. Уусан эм бол заавал элгээр дайрна шүү дээ. Элэг хоргүй болгоод задалчихаар тунгийн тодорхой хэсэг нь л эмчилгээний ашигтай нөлөө үзүүлэх боломжтой.

-Тариагаар интерферон хийхээр сөрөг үр дагавар гараад сэтгэл гутралд оруулдаг гэлээ. Тэгвэл лаан хэлбэрээр хэрэглэхээр яагаад тэгдэггүй юм?

-Тарианы тун хамаагүй өндөр байдаг. Дээр нь элэгний архаг гепатитад зургаан сар хэрэглэж байж эмчилгээний үр дүн гарна гээд бод доо. Вифероныг бол өдөрт хоёроор таван өдөр л хэрэглэдэг. Тэр хооронд юу гэж гаж нөлөө, харшил гарах вэ дээ. Лаа хэлбэрээр хэрэглэхээр тийм гаж нөлөө гарах хэмжээний сийвэнгийн өтгөц, тунд хүрдэггүй. Нэг юмыг зургаан сарын турш хэрэглэх, таван өдөр хэрэглээд болих хоёрын хооронд асар их ялгаа бий.

-Өнгөрсөн намар Эрүүл мэндийн яаманд болсон мэргэжилтнүүд оролцсон хурал дээр арай өөрөөр яриад байсан?

-Таны асуугаад байгаа ноднин намрын Эрүүл мэндийн яаманд Д.Сарангэрэл сайдтай хийсэн ярилцлага дээр эмнэлгийн мэргэжилтнүүд харагдсан. Тэр хүмүүсийн зарим нь интерферон гэдэсний ханаар шимэгддэггүй гэж ярих юм. Зарим нь их аюултай гаж нөлөөтэй гэж ярьж байна лээ. Хэрэв гэдэсний ханаар шимэгддэггүй эм бол ямар гаж нөлөө үзүүлэх вэ дээ. Байж байгаад баастай хамт гарах байх. Тийм авцалдаагүй, мэргэжлийн бус л ярилцлага явсан. Эм судлалын ухааны цагаан толгой мэдэхгүй хүмүүс эмийг муулах, эсвэл магтаад байх нь нэг их сайн үр дүнд хүргэдэггүйн нэг баримт л юм даа. Тэнд бодвол эм судлалын мэргэжлийн хүн байгаагүй байх. Фармакокинетик гэж их том ойлголт бий. Аливаа эмийг хоногт хэдэн удаа, нийт хичнээнийг нэг курс эмчилгээндээ хэрэглэх юм гэдэг асуудал чинь фармакокинетик шинж чанараасаа хамаарна. Хэрэглэсэн тунгийн хэдэн хувь нь цусанд шимэгдэж орох юм. Хэдэн цагийн дараа цусанд хамгийн өндөр концентраци нь бий болох, тэр концентраци нь ямар хугацаанд баригдах, хэдэн цагийн дараа бие махбодоос хаагуур ялгарч гарах юм гэдэг тооцоо. Эмийн бодисын хагас задралын хугацаа гэж их том ойлголт байгаа. Энэ бүхнийг л авч үзэж байж эмийг хэрэглэх боломжтой болно. Анагаах ухааны математик л даа. Хүний бие ч жин, өндөртэй, тодорхой хэмжээгээр илэрхийлэгдэх гадаргуутай шүү дээ. Түүнд нь эмийн бодисын тунг тооцож байгаа. Вифероны тунг бол хүний биеийн гадаргуугийн талбайд нь тооцдог зарчимтай шүү дээ. Виферон хэрэглэх гэж байгаа эмч хүн хүүхдийн биеийн гадаргуугын хэмжээг тооцож гаргачихаад тунг тогтоогоод, тэдэн цагийн зайтай хэрэглэнэ гэж хэлж байгаа юм. Виферон бол биотехнологийн аргаар гаргаж авч байгаа орчин үеийн өндөр технологийн эмийн бүтээгдэхүүн. Гэхдээ хүний өөрт нь байдаг бодистой яг адилхан химийн бүтэцтэй. Тийм учраас түүнийг чинь Human recombinant interfer­on буюу Хүний интерферон гэж нэрлэдэг. Жишээ нь, парацетамол гэдэг эмийг химийн янз бүрийн бодисуудыг хооронд нь урвалд оруулах замаар нийлэг хиймийн аргаар гаргаж авдаг. Интерфероныг бол бионийлэгжилтийн аргаар буюу хүний интерферон ялгаруулдаг эсийн митохондрынДНК-г авчмикробын эсэд суулгаад микробын эсийн цэвэр өсөгвөрөөс ялгаж авсан эм шүү дээ. Томуу, томуу төст өвчний халдвар аваад өвчилж байгаа хүүхэд, том хүнд интерфероныг гаднаас бэлнээр нь оруулаад хүний бие махбодын дархлааг өдөөж сэргээж өгч байгаа эмийн эмчилгээний төгс төгөлдөр үйлчилгээ юм. Тэгэхээр интерферон хэлбэртэй виферон лаа гэдэг чинь нэг талаасаа хүний бие махбодын интерфероны нөөцийг нэмэгдүүлж гаднаас орж ирсэн вирусийн хувиллыг зогсоох, нөгөө талаасаа бие махбодын үрэвслийн эсрэг хамгаалах урвалын механизмыг дэмжиж өгч байгаа. Нэг ёсондоо интерферон вирус устгах, үрэвсэл намдаах гэсэн хоёр давхар эмчилгээний ач холбогдол үзүүлж байгаа юм. Ийм ач холбогдолтой болохоор том нээлт гэж үзээд ОХУ-д виферон бэлдмэлийг бүтээсэн хүмүүсээ саяхан алдаршуулж төрийн том шагналаа гардууллаа.

-Малиновская гээд эрдэмтний талаар мэдээг нь харж байсан юм байна?

-Тийм. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Хүүхдийн халдварт өвчнийг судлах эрдэм шинжилгээ – анагаах ухааны институтээс “Виферон” бэлдмэлийг бүтээсэн ОХУ-ын төрийн хошой шагналт, нэрт эрдэмтэн В.В.Малиновскаяд Хүндэт докторын шагнал гардууллаа.Институтнь ЗХУ байгуулагдсан 1917 оноос хойших 102 жилийн түүхтэй. Энэ бүх хугацаанд тэр шагналыг 15-хан хүн хүртсэн байдаг юм. Тэр хүний ажлыг Оросын шинжлэх ухаан үнэлж байна. Ер нь виферон гэдэг лааг муулснаас болоод манай эцэг, эхчүүд маш их эргэлзээнд орсон. Зарим нь бүр айдаст автсан байх. Хэрвээ миний ач, зээ нар ханиад хүрвэл би виферон л хэрэглэдэг. Надад бол санаа зовж байгаа юм алга. Яагаад гэвэл би бүгдийг нь уншсан, мэдэж байгаа. Уншаагүй хүмүүс бол “Би хүүхэддээ виферон хэрэглэсэн миний хүүхдийн эрүүл мэнд одоо яачихсан бол” гэж айж байгаа. Ингэж хүнд зохиомол, хий хоосон аймшиг үүсгэж болохгүй л дээ. Нөгөө талаас эмч, эмийн мэргэжилтнүүд их том эргэлзээнд орсон. Зарим нь бараг “Би буруу юм хийчихсэн юм биш биз дээ” гэж бодох тийм хэмжээнд асуудал явж байна. Үүнд би мэргэжлийн хүний хувьд харамсаж байгаа. Уг нь сайд дараа нь “Уучлаарай. Надад ирсэн буруу мэдээллээс би ийм юм ярьчихсан байна. Эцэг, эхчүүд ард түмэн, эмч, эмийн мэргэжилтнүүд минь тайван байгаарай. Виферон бол тийм аюултай юм биш юм байна шүү” гээд зарлачих хэрэгтэй байлаа.

-ЭМЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ВИФЕРОН ХЭРЭГЛЭСЭНТЭЙ ХОЛБООТОЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГЭЭОДОО СЭТГЭЛЭЭСЭЭ АВЧ ХАЯАРАЙ-

-Эрүүл мэндийн сайдын тэр мэдэгдлийг та юутай холбоотой гэж бодож байна?

-Мэргэжлийн бус хүнд ирсэн хариуцлагагүй мэдээлэл их үнэмшилтэй туссан байх. Ийм мэдэгдэл хийхээсээ өмнө яг төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах л ёстой байсан болов уу. Энэ далимд надтай хийж байгаа ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд эмч, эмнэлгийн ажилтнууд, эмийн мэргэжилтнүүд, эцэг эхчүүд та бүхэн виферон хэрэглэсэнтэй холбоотой ямар нэгэн сэтгэл зүйн дарамт байгаа бол түүнийгээ одоо авч хаяарай. Виферон бол тийм аюултай, хортой эм биш шүү. Хүний эрүүл мэндэд хэрэгтэй эмийн бүтээгдэхүүн л юм. Бид виферон хэрэглэхгүй бол ханиад, томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүддээ антибиотик, эсвэл өөр юм хэрэглэх л байх. Гэхдээ виферон шиг нөлөөлчих үр дүнтэй эм бол одоохондоо Монголын анагаах ухааны практикт хэрэглэгдэж байгаа бүртгэгдсэн эмэн дотор байхгүй. Яахав дээ, Орос манай хоёр чинь Европтой харьцуулахад ерөнхийдөө нийгмийн хөгжлийн түвшин, ядуурал бүх л юмаараа нэлээд ойролцоо яваа ард түмэн. Тэгэхээр өвчлөл нь ч ойролцоо байдаг. Эрүүл мэндийн асуудал нь төстэй учраас одоохондоо тэдний зохион бүтээж байгаа эм бидэнд хэрэгтэй байгаад байна. Бид Америк, эсвэл Японы түвшинд гарчихсан юм шиг аашлах гээд байна л даа. Тэнд бол байдал шал өөр. Тэгэхээр бид эрүүл мэндийн асуудлаар хэнтэй ойролцоо, аль эм бидэнд илүү тустай байж болох вэ гэдгээ харгалзаж үзэх хэрэгтэй.Дашрамд нэг үг хавчуулчихвал болох уу? Ер нь эмийн зах зээлийг эзлэх, хуваах гэсэн шударга бус өрсөлдөөнд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс татагдаж орохоос ямагт болгоомжилж байх ёстой шүү гэж л хэлэх гэсэн юм. Вифероныг муулаад байгаа мөртлөө манай улсын эмийн зах зээл дээр байгаа яг виферон шиг интерферон агуулсан бусад эм нь аюулгүй юм шиг таг чимээгүй өнгөрөөд байгааг харахаар ингэж сануулахгүй байж болохгүй л дээ.

-Гэхдээ л вифероныг орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд хэрэглэж байгаа эм шүү дээ гэх яриа байна. Тийм сайн юм бол яагаад япон, америк, европ нь хэрэглэхгүй байгаа юм?

-Яахав, ингэж хардах үндэслэл байж болох юм. Гэхдээ Америкт томуу, томуу төст өвчний дэгдэлт манайх шиг биш шүү дээ. Япон, Америкийн нийгмийн эрүүл мэндийн хөгжил нь сайн болохоор энэ төрлийн эмийн хэрэгцээ бага. Нэг үгээр өвчлөлийн бүтэц нь өөр юм. Японыг бид бас ойлгох хэрэгтэй. Тэнд их өөр шүү. Зөвхөн Японд хэрэглэдэг дэлхийд гаргадаггүй эм зөндөө бий. Би Японд явж байгаад их сайн эм байгааг мэдээд “Энэ эмийг чинь Монголд оруулж болох уу” гэж асуухаар “Болоогүй. Наадахыг чинь экспортлохыг зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол зөвхөн Японд хэрэглэгдэх эм” гэсэн удаатай. Түүн шиг Орост бас зөвхөн дотооддоо хэрэглэх шаардлагатай эм гэж бий. Одоо виферон бол бараг зөвхөн Оростоо хэрэглэдэг эмийн тоонд орж байгаа. Орос том орон шүү дээ. Өнөөдөртөө бол Оросын интерферон үйлдвэрлэлийн багтаамж нь өөрийнхөө орныг хангахад л хүрэлцээтэй байгаа байхгүй юу. Яваандаа дэлхийг хангана гээд зорьж магадгүй. Ерөнхийдөө интерферон бол дэлхийн эм юм. Жишээлбэл, вирусийн гепатит “В”-гийн эмчилгээний олон улсын удирдамж, Америкийн удирдамжийг аваад үзэхээр интерферон хэрэглэнэ гээд биччихсэн л байгаа. Тэгэхээр Америкийн стандартад байж л байгаа эм шүү дээ. Америк өөрөө интерферон үйлдвэрлэлийн асар өндөр түвшинд хүрчихсэн орон л доо. Эмчилгээнийх нь үндсэн удирдамжид нь орчихсон. Тэгэхээр Америк Оросоос интерферон худалдаж авах шаардлагагүй хэрэг. Бид тухайлбал, Австралиас хонины мах аваад байх шаардлагагүй биз дээ. Тийм болохоор Япон, Америк хоёрыг Оросоос интерферон авахгүй байна гэж загнаад байж болохгүй. Шинжлэх ухаан хөгжчихсөн орон юу гэж өөр орноос өөрсдийнхөө үйлдвэрлэдэг эмийг оруулах юм. Дэлхийн эмийн топ 10 үйлдвэрийн тав нь Америкт л байна.

-Виферон хэрэглэхэд дархлаа нэмэгддэг боловч хоёр жилийн дараагаас буцаад унадаг гээд ярьсан даа?

-Шинжлэх ухааны тийм ямар ч мэдээлэл байхгүй юм байна аа. Би тэгж сайдыг хэлмэгц нь бүгдийг нь ухна шүү дээ. Миний мэргэжил шүү дээ. Би клиник эм судлаач мэргэжилтэй. Сайд хаанаас юу олоод уншчихав гээд интернэт ухлаа, би хаанаас ч төсөөтэй мэдээ мэдээлэл олоогүй.

Энэ жилийн томуугийн халдварын эмчилгээнд Осельтамивир гэдэг эм л нэлээд хэрэглэх шиг боллоо. Нуклеозидазын идэвх саааруулах бүлгийн тамифлу гэдэг худалдааны нэртэй эм тэр жил Н1N1 дэгдэлтийн үед 200 хүн тунг анх Өмнөд Солонгосоос яаралтай журмаар оруулж ирж хэрэглэсэн юм. Тэр үед сайдын тушаалаар комисс байгуулагдаж 45 хоног ажиллаж их шуурхай эмх цэгцтэй менежмэнт хийсэн л дээ. Тамифлугийн хэрэглэх зааврыг боловсруулах үүрэг бидэнд ногдож бид анх боловсруулсан Тамифлу ханиад томуу хүрсний дараахь эхний 48 цагийн дотор хэрэглэх ёстой цэвэр вирусийн эсрэг эм. Хүний бие махбодын дархлаа тогтолцоонд огт нөлөөгүй юм шүү. Өөрөөр хэлбэл Виферонтой жиших ямар ч эм судлалын ба эмчилгээний үйлдлийн үндэслэл байхгүй гэж хэлж болно.

-Тэр үед азийн хөгжлийн банкны судалгаа гээд байсан.

-Азийн хөгжлийн банк чинь дараа нь интернэтээр мэдэгдэл хийсэн шүү дээ. “Бид тийм мэдээлэл хийгээгүй ээ. Зарим эмийг хэтэрхий их хэрэглэж байна гэсэн л дүгнэлт гаргасан болохоос виферон хортой гэж ерөөсөө хэлээгүй” гэсэн бичиг фэйсбүүкт зөндөө л байсан шүү дээ. Сайд мэргэжлийн хүн биш учраас ирсэн мэдээллээ л хэлсэн байх. Харин хариуцлагагүй буруу мэдээлэл өгч тийм юм хэлүүлнэ гэдэг цаана нь маш хариуцлагагүй хүмүүс байна гэсэн үг. Сайд би ийм мэдэгдэл хийх гэж байна гэж хэлэхэд зөвлөх нь,эмийн хэлтэс нь салбарын мэргэжлийн хүмүүсийг дуудаж уулзаад “Ийм мэдэгдэл хийж болохгүй юм байна” гэдэг гаргалгааг олж болох л байсан байх.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас тэгээд хасчих шиг болсон.

-Виферон хэрэглэхгүй бол томуу, томуу төст өвчин түвэгтэй. Өнгөрсөн өвөл ханиад, томуу их байлаа. Одоо ч байна. Ард түмэн гар мухардсан байдалтай л болчихлоо.

-Ер нь вифероныг нярай хүүхэд, жирэмсэн эхэд ч хэрэглэдэг. хэрэв хэрэглүүлэхгүй гэвэл манай улсад эдгээр хүмүүс хэрэглэх өөр төрлийн эм бэлдмэл байна уу?

-Нярай хүүхэд, томуу хүрчихсэн жирэмсэн эхчүүд хэцүү. Томуу, томуу төст өвчнийг бид вирусийн өвчин гэж яриад байна шүү дээ. Жирэмсэн эхийн вирусийн өвчнийг эмчлэхгүй орхих юм бол вирус нь урагт нөлөөлөх эрсдэлтэй. ОХУ-д нярай хүүхэд, жирэмсэн эхчүүд вифероныг өргөн хэрэглэдэг. Монголд турших гэж байгаа юм шиг ойлгоод байж болохгүй л дээ. Тухайн эмийн клиникийн өмнөх, дараахь бүх судалгааг нь үзэж байж бүртгэдэг. Миний ширээн дээр байгаа саарал хавтастай баримт бол эфедрин гэдэг эмийн материал(үзүүлэв. сурв). Би шинжээчээр нь ажиллаад уншаад сууж байна. Энэ дотор бүх юм нь бичигдэж ирдэг. Манай улс гаднаас эм оруулахдаа өөрийнхөө буюу үйлдвэрлэгч орондоо гурван жил буюу түүнээс олон жил хэрэглэсэн, үйлдвэрлэгч орноос өөр гурав буюу түүнээс олон оронд хэрэглэгдэж байгаа эмийг л бүртгэж авдаг. Тэр чинь монгол хүн дээр ямар нэгэн эмийн туршилт, судалгаа хийлгэхгүй байх л арга зарчим шүү дээ. Хэрвээ жишээ нь виферон аюултай байсан ч бүртгээд, эмчилгээнд оруулаад өдийг хүртэл өчнөөн жил хэрэглэчихсэн бол ЭМЯ өөрөө буруутай. Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр л энэ эм улсын бүртгэлд бүртгэгдсэн.Эрүүл мэндийн яаманд эм бүртгэдэг Хүний эмийн зөвлөл гэдэг байгууллага бий. Тэр байгууллагын гаргасан алдаа болж таарна шүү дээ. Гэтэл яагаад сайд мэдэгдэл хийчихээд байхад тэр эмийг нь Хүний эмийн зөвлөл зүгээр орхичихож байна, зах зээлээс тэр дор нь татаж үйлдвэрлэгчийг нь олон улсын шүүхэд өгөх естой байсан.Учир нь буруу юм хийгээгүй учраас тэднийг зэмлэх арга байхгүй. Үйлдвэрлэгчтэй заргалдах нотолгоо баримт байхгүй.Тэр байгууллагын мэргэжлийн хүмүүс өөрсдийгөө 100 хувь хамгаалж чадах чадвартай. Бүр цаашилбал, хэрвээ аюултай эм эмчилгээнд хэрэглэчихсэн бол үүний хариуцлагыг яам өөрөө хүлээнэ. Эм бүртгэдэг байгууллага чинь яамны өөрийнх нь байгууллага байхгүй юу. Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслээд Сайдын тушаал гараад бүртгэгдээд эмчилгээнд хэрэглэгдэж байгаа. Үг хэлэх амархан ч агуулга нь алдаагүй байх ёстой биз дээ.

Таньд баярлалаа. сайн сайхныг хүсье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавин га-д бослого гаргах нь, таван тэрбум долларын эсрэг бол дайн хийх нь ээ

Монголын нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмж байгуулах зөвшөөрлийг Хятадын “Тяньжин Фүүдс” компанид өгсөн мэдээлэл гарч сошиалаар нэг юм болж байна. Нийгмийн сүлжээ хүмүүст тийм их нөлөөтэй нь үнэн юм бол бараг бослого гарах нь. Бүгд л гар утас, компьютерийнхээ ард босоод зогсчихсон бололтой. Энэхүү 50 га газрыг Хятадын компанид эзэмшүүлэх болсон нь хэн нэг эрх мэдэлтний дурын шийдвэр биш байх аа. Манайх зөрүүлээд Хятадын боомт дээр өөрийн газартай болох юм шиг байна. Нарийн учир нь удахгүй тодорхой болно биз. Энэ төр засаг чинь эргүү тэнэгүүдээр дүүрчихээгүй болохоор хоёр хөрштэйгөө “Танайх тэр асуудлаа тэгж шийдвэл, манайх тэгнэ” гэсэн яриа хөөрөө, гэрээ хэлцэл басчиг хийнэ. Тэр бүгдийгээ нийгэмд тайлбарлаад байх албагүй. Дэлхийд ч тийм практик байхгүй, ард түмэндээ нээлттэй байлгахаа байлгадаг, бусдаар далан булчирхайгаа тоочдоггүй. Энэ л хүрээнд 50 га газрын асуудлыг шийдсэн юм шиг байна. Үүгээр нь Хятадад дургүй тодорхой хэсэг дээр зарим хүн улс төр хийж байх шиг.

Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Зарим хүний муу амлаад байсан шиг ганзага хоосон ч ирсэнгүй ээ. Өмнө Ерөнхий сайдын айлчлалаар яригдсан асуудлуудыг баталгаажуулж, мөн өөрөө өмнө нь ШХАБ-ын уулзалтад оролцохдоо Хятадын даргатай ярьж байсан ажлаа цэгцэлж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн гэрээ хэлцэл, санамжуудад гарын үсэг зураад ирлээ. Яг албан ёсоор мэдээлээд байгаа төсөл хөтөлбөрүүдийг нь хүргэе. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, Монголд “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Стийл” компани, Хятадын “Синостийл Экүйпмэнт энд” Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” компани болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ, Монголын “Гангар инвест” компани, Хятадын “СAMC Инженеринг Чайна” компани хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ, хоёр улс хоорондын 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр, мөн “Иш Ноён Бадрах” ХХК болон Хятадын Хөбэй мужийн “Хайфу акумляттор” ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ, Монголын “Мошеа Эко Энержи” компани болон Хятадын “Үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ… гэхчлэн эдийн засгийн төсөл гэрээнүүдийг албан ёсжуулжээ. Үүн дээр нэмэгдээд урд хөршийн дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл ахицтай ажиллаж байна. Монголд болох Азийн хүүхдийн спортын их наадамд зориулан Хятадын тусламжаар барих Спортын иж бүрэн цогцолбор, комплексын бүтээн байгуулалт байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байгаа. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авсан. Үүний үр дүнд нүүрс үнэтэй, махны экспорт урьд хожид байгаагүй өндөр байгааг эдийн засагчид ярьж байгаа. Ийм байдлаар цааш явбал 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ гэж төр засгийн түвшинд ярьсан нь бодитой болох нь.

Ерөнхийлөгчийн айлчлалаар хийгдсэн төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцлүүдийн нийт мөнгөн дүнг урьдчилсан байдлаар багцаалахад эрт байна. Зөвхөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих өртөг гэхэд урьдчилсан байдлаар таван тэрбум доллар гэж дуулдах юм. Энэ бол том тоо, том эдийн засаг шүү дээ. Энэ нь Хятад бол Монголд хөрөнгө оруулаад сурчихсан улс гэдгийг баталж байна. Дэлхий нүдээ бүлтийлгэн харж, мөнгө, зах зээлийг нь ашиглахын бөөн хүсэл байгаа БНХАУ-ыг монголчууд хангалттай ашиглаж, том бүтээн байгуулалтуудыг тэдний дэмжлэгээр хийж, валютын урсгалыг Монгол руу чиглүүлэх цаг болжээ. Алийн болгон “Аа муусайн хужаа нар” гэж тэнэгтэж суух юм. Мэдээж том төслүүдэд манайх газар өгнө. Олон олон боломжуудыг тэдэнд олгоно. Энэ бүгдийн эсрэг өнөө Хятадыг үзэн ядах өвчин, сошиал дахь нөхдүүдийн хийрхэл, улс төрчдийн турхиралт явагдвал яах юм бэ, 50 га газрын төлөө бослого гаргах гэж байгаа хүмүүс чинь таван тэрбум долларын өөдөөс дайн дажин хийх үү. Нийгмээ үймүүлэх үү. Үнэндээ энэ бүх заваан зүйлс бол хэдхэн хүний хийрхэсэн улстөржилтөөс эхтэй, манай том дарга нараас эхтэй юм. Монголын эрх мэдэлтнүүд улс төр хийхдээ дандаа Хятадын эсрэг хийдэг. Хийсээр ч байгаа. Жишээ нь, Хятад руу амьдаар нь адуу экспортлохгүй, сүлдэндээ мөнхөрсөн амьтныг муу сайн хятадын хоол болгохгүй ч гэх шиг. Төмөр зам баривал танк орж ирээд үндэсний аюулгүй байдалд занал учруулна ч гэх шиг. Ер нь л Хятадын эсрэг ард түмнийг турхирч болох юу л байна, бүгдийг нь манай улс төрчид ярьж, орилж чарлаж, урд хөршөө үзэн ядуулдаг. Энэ муухай улс төрийн “гай”, хөрш рүүгээ хийсэн мунхаглалын чинь үр дүнд ард түмэн чинь “50 га газрын төлөө” гээд босоод зогсчихсон орилж байна. Та нарын ажлыг хийлгэхгүй байгаа биз дээ. Өөрсдийн чинь тарьсан гай өөрсөд дээр чинь эргээд бууж байгаа нь энэ. Тэгэхээр урд хөршөөрөө улс төрждөгөө л больчих. Болихгүй бол Монгол улс хохирно. Та нарын буруу улс төржилт, попорсны гайт үр дагаврыг та нар өөрсдөө цаашид улам ихээр хүртэх болно. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын гэрээ хэлэлцээрийг хийх үеэр албан бусаар эмзэглэмээр зүйлс яригдсан нь дуулдаж л байна. “Хятадаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад очсон зээл тусламж, хөрөнгө оруулалтуудын 57 хувь нь хулгайлагдсан” гэж. Энэ бол Хятадын том даргын манайхны чихэнд шивнэсэн үг. Хятад бол их бага бүх хөрөнгөө хаана байгаагаа мэдэж байдаг ард түмэн. Даашинхүүгийн пүүсийн өрийн данс одоо хэр нь Тайванийн архивт байдаг гээд бодчих. Саяны айлчлалаар бол ерэн оноос хойшихыг ярьсан байлгүй. Энэ мэт шивнээг манай дарга нар ирээд ярихгүй гүлдийгээд байгаа харагдана. Ингэж гүлдийгээд байгаа чинь ч учиртай. Та нар дараагийн улс төрөө мөн л ингэж хийж, ингэж хийрхэж, ард түмнийг үймүүлэх гэж байгаа учраас тэр юм. Бүр тодорхой хэлбэл дахин сонгогдох нэг технологи чинь Хятадыг үзэн ядах сэтгэлгээн дээр улс төр хийж тоглох чинь шүү дээ. Гэтэл хятадууд монголд ямар гай тарьсан юм бэ. Жишээ нь, үүнийг уншиж суугаа таны амьдралд хятад хүн муу зүйл хийсэн үү. Хятадуудыг үзэн ядалт дэврэхийн хэрээр Монголын эдийн засаг хумигдаж, хөрөнгө оруулалтууд зогсож (Монгол Улс дахь хоёр дахь том хөрөнгө оруулагч шүү дээ), Монголд бүтээн байгуулалтын ажил явагдахгүй байна. Дэлхийд Хятад улс л хөрөнгө оруулалтыг хамгийн баавартай, хөрөнгөлөг хийж байна. Дэлхийн бүх улс орон Хятадын мөнгийг гуйж, зах зээлийг нь ашиглахыг хүсч, зорьж тэмүүлж байна. Ийм байтал хаяа залган суугаа монголчууд нөгөөдүүлээ зүхэж, яваад барагдахгүй их газартай байж “50 га-г өглөө” хэмээн бослого гаргах шахуу юм болж байгаа нь дэлхийд өөрсдийгөө үнэхээр тэнэг харагдуулж байна. Манайхаас өөр улс орнууд бол хятадууд “50 га газар ашиглая” гэвэл бөөн баяр болж “50 га хэрэггүй, 500 га-г ашигла” гэж хэлнэ. Зөрүүлээд таван тэрбум ам.долларын наймаа ярина.

Үнэн ийм л байгаа болохоор өнөөдрөөс эхлэн Монголын улстөрчид хятадаар улс төр хийдгээ боль, төрийн өндөрлөгүүдийн зүгээс ямар ч нам эвсэл, хөдөлгөөн, холбоо, олон нийтийн байгууллага хятадаар улс төр хийхгүй байхыг уриалж, өөрсдөө үлгэрлэж, “Монгол Улсыг эзэлнэ” гэдэг хүүхдийн гэнэн сэтгэлгээнээсээ нийгмийн тодорхой хэсгийг салгах ажлыг өрнүүлмээр байна. Энэ асуудалд ухаалгаар хандах цаг болжээ. Бидний Хятадын эсрэг хандлага бүхэн Монголын тусгаар тогтнолд аюул учруулж, эдийн засгийг сульдааж, бүр дэлхийгээс тусгаарлах хэмжээний хор хохиролд хүргэж мэдэх нь. Та бүхэн Олон улсын өнөөгийн байдлыг тогтож сайн хар, мэдэр. Хятад улстай ухаалгаар харьцаж, хамтран ажиллаж чадаж байгаа улс орон бүхэн мөнгө олж, ашиг тусыг нь хүртэж, улс орноо өөд нь татаж байна.

Эцэст нь хэдэн зүйл хэлье. “50 га газар” бол Хэнтийн нөхөн сонгууль, У.Хүрэлсүхэд зориулсан сошиалаар дэвэргэж буй улс төр. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлалын үр дүн бол урдаас үй олон хятад орж ирэх биш, харин урдаас үй олон мөнгө орж ирэх боломж нээгдлээ гэсэн үг. Гуравдугаарт, Хятадын хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор шинэ түвшинд гаргах цаг болжээ. Дөрөвдүгээрт, монголчууд нийтээрээ хятадад хандах хандлага, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг болсон байна. Эцэст нь хэлэхэд монголчууд усан далайд гарцгүй байж болно. Далайн тээвэр юунд хэрэгтэй вэ гэвэл том зах зээлд бараа таваараа хямд зардлаар хүргэх, тэндээс бараа таваар авахад л ач холбогдол нь оршдог. Тэгвэл монголчууд усан далайгүй ч дэлхийн хамгийн том хүн далайд гарцтай орон. 1,3 тэрбум хүнтэй зах зээл хамар дор маань байна. Дэлхийн бүх улс орнууд Хятад хэмээх хүн далайд сэлэхийг, загас жараахай, шүр сувд шүүрэхийг хүсч, тэмүүлж, хөдөлмөрлөж байхад бид өөрсдийнхөө байгаа царайг хар даа. Дэлхий биднийг галзуучууд гэж ойлгочих гээд байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүн Т.Төрбат: Монголчуудын морио дээдэлдэг цагаан сэтгэлийг улс төрийн зорилгоор ашигладгаа болих хэрэгтэй

ММСУХ-ны ээлжит VII их хурал болж дүрэмдээ шинэчлэл хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, шинэ удирдлага, Тэргүүлэгчидээ сонгож, улмаар бодлого чиглэл, үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа билээ. Монголдоо хамгийн олон гишүүнчлэлтэй тус ТББ-ын ажлын алба нь өдөр тутмын үйл ажиллагаатай болжээ. Ингээд тус холбооны Тэргүүлэгч гишүүн Т.Төрбаттай сүүлийн үед өрнөж буй үйл явц, цаашдын чиглэл, бодлого зорилтынх нь талаар ярилцлаа.


-ММСУХ-ны 7 дугаар их хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болж аймаг, сум бүрээс төлөөлөгч оролцсон маш өргөн бүрэлдэхүүнтэй хурал болох шиг болсон. Та бол хурлын бэлтгэл ажлын бүх процесст оролцсон хэдэн хүний нэг. Дүрмийн төсөл дээр ч хуульчийнхаа хувьд ажилласан. Их хурлын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Их хурлын гол онцлог нь өмнө болсон зургаан их хурлаасаа илүү ардчилалтай, төлөөлөгч бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, зарчмын санал бүрийг дүрэмдээ тусгах эсэх талаар санал хураасан, энэ хэрээрээ бараг 20 цаг үргэлжилсэн хурал болсон. Хамгийн гол нь бүх аймаг, сум, дүүргээс төлөөлөгч ирсэн. 2018 оны хавар УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Төслийн хэлэлцүүлэгт ММСУХ, ММСЗУХ зэрэг ТББ-ууд оролцож тодорхой саналуудыг өгсөн. ММСЗУХ-ны хувьд Төрийн ордонд зөвлөгөөн хийж уяачдын саналыг нэгтгэсэн. Харин ММСУХ-ноос орон нутгийн салбар холбоодоороо тойрч, 20 аймагт очсон байдаг юм билээ. Энэ үеэр уяачдын зүгээс Холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцох хүсэлтэйгээ маш их илэрхийлсэн байдаг. Мөн дээрх хуулийн төслийн тодорхой өөрчлөлт, үзэл баримтлалд өгөх саналыг нийт уяачдын олонхын дагуу нэгтгэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл ирж нийтдээ 728 төлөөлөгч их хуралд оролцсон. Үүний 80 орчим хувь нь орон нутгийн төлөөлөгчид байсан. Их хурлаар холбооны удирдлагын асуудал яригдах нь тодорхой. Үүн дээр нэмэгдээд ер нь хурдан морины уралдаан гэдэг маань дан ганц Монголын ард түмний бий болгосон өв соёл, уламжлал гэдгээсээ гадна спортын чиг хандлагатай болсон, бусад нийгэм, эрх зүйн харилцаа үүсдэг болсныг тусган дүрэм журамдаа өөрчлөлт оруулж цаасан дээр буулган баталгаажуулах, энэхүү суурь баримт бичгүүдээ өнөөгийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бусад захиргааны хэм хэмжээнд нийцүүлсэн байх, тийм ТББ-ын дүрэм, морин уралдааны дүрмийг батлах шаардлагатай болжээ гэж үзсэн. Холбооны их хурлаар хэлэлцэх суурь баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэг тусдаа байгуулсан юм. Ажлын хэсэгт голдуу хуульч, эрх зүйч мэргэжилтэй залуучууд орж ажилласнаараа мөн онцлог юм.

-Ажлын хэсэгт уяачдаас хүн ороогүй юм уу?

-Дан ганц хуульч, эрх зүйч хүмүүс биш л дээ, давхар хурдан морины уралдааныг сонирхдог, морь уядаг, морины орчинд ойр байдаг тийм хүмүүс дүрмийн төслийг боловсруулсан. Тус ажлын хэсгээс Их хуралд танилцуулсан дүрмийн төсөл бол маш сайн болсон гэж хувьдаа үзэж байгаа.

-Холбооны хуучин дүрэм журмуудыг үндсээр нь өөрчилсөн гэсэн үг үү?

-Хуучин холбооныхоо дүрмийг бол эвдээгүй. Нэмж сайжруулсан, баяжуулсан, илүү задалж нарийвчилсан. Ялангуяа цаашдаа уяачийн үүрэг хариуцлагын асуудлыг илүү сайжруулах зорилтынхоо дагуу тодорхой шинэ бүтцийг нэмж өгсөн гэх мэт шинэлэг өөрчлөлтүүд бий. Мөн цаашдаа төрийн байгууллагууд, салбар холбоодтойгоо уялдаж ажиллах чиглэлээ тодорхой болгож өгсөн байгаа.

-Сая болсон их хурлын үйл явцыг харж байхад уяачид яах аргагүй хоёр хуваагдан үзэж тарж байгаа харагдсан. Хэрүүлийн гол сэдэв нь өнөө л эрлийз, монголоор нь ялгаж уралдуулна, өндрийн хэмжээ, үүлдэрлэг байдлаар нь ялгана, ялгахгүй гэсэн хэрүүл байсан. Үүн дээр Монголын уяачид нэг мөр шийдэлд хүрч чадсан уу?

-Их хурлын төлөөлөгчдийн олонх нь энэ асуудалд л онцгой анхаарлаа хандуулсан тал бий. Энэ асуудал нь өөрөө зарим хүмүүсийн эрх ашгийг зөрчдөг, заримынх нь эрх ашигт нийцдэг маш их маргаан дагуулдаг сэдэв. Их хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг эвдэн түрүүлж яригдсан нь зарчмын хувьд алдаатай мэт боловч тийм хурцадмал түвшинд хүрснийг илтгэнэ. Уг нь бид эхлээд суурь бичиг баримтуудаа батлаад явах ёстой. Гэвч уяачдын маань өмнө тулгараад байгаа гол асуудал учраас энийгээ эхэлж ярих нь зөв юм байна гэж үзээд энэ асуудлаар холбогдох шийдвэрүүдийг эцэслэсэн байгаа.

-Яаж эцэслэсэн юм бэ. Өнөөдөр ч маргаантай л байх шиг харагдах юм?

-Их хурал хангалттай хэлэлцэж, олонхоороо шийдсэн. Нээлттэй, бүгдийнх нь үг, үнэт санал бодлыг сонсож, түүнээс нь зарчмын зөрүүтэй саналууд гарч маш тодорхой санал хураалтуудыг явуулсан. Жишээ нь, монгол адууг эрлийзээс ялгах ёстой юм уу, үгүй юм уу гэдэг дээр санал хураагаад олонх нь “Ялгах ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Ялгахдаа яаж ялгах юм, үүлдэрлэг байдлаар нь уу, сэрвээний өндрөөр нь үү, эсвэл хоёуланг нь харгалзан үзэж ялгах уу гэхчлэн тус бүр дээр нь санал хурааж тооллогын комиссыг 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан саналыг нэгтгэсэн.

-Тодорхой л гээд байх юм, яг ямар үр дүн гарсан гэж?

-Олонхоороо зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгана гэсэн шийдвэр гаргасан байгаа. 2015 онд Улсын баяр наадмын зохион байгуулах хорооноос баталсан журамд заагдсан хэмжээнүүдийг нэг бүрчлэн танилцуулаад, үүн дээр зарчмын зөрүүтэй саналтай хүн байна уу гэж асууж байгаад баталсан. Ингээд цаашид сэрвээний өндрөөр нь эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах ММСУХ-ны байр суурийг тодорхой болгох тогтоолыг гаргасан. Энэ бол Их хурлын эцсийн шийдвэр. Харин зарим нэг уяачид үүн дээр их буруу зөрүү ойлголттой байгаа. Зөвхөн ММСУХ-ны шийдвэр мэтээр ярьдаг. Тийм биш. Тэгж яривал Холбооны их хурлыг зохион байгуулагчид буюу тодорхой хэлбэл ММСУХ-нынхон энэ асуудлыг бүр эсрэгээр нь гаргаж дэвшүүлсэн. Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр хоёуланг нь харж ялгана гэсэн өмнөх шийдвэрээ хадаглах байр суурьтай байсан. Үүлдэрлэг байдлаа орхигдуулж болохгүй гэж шинэчилсэн дүрмийн төсөлдөө үүнийгээ үг үсгээр нь яг таг тусгаж Их хуралд оруулж ирсэн. Харин төлөөлөгчдийн уур амьсгал бол өөр байсан. Их хурлын төлөөлөгчид олонхоороо шийдсэн асуудал гэдгийг манай нийт уяачид маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ нь дан ганц Уяачдын холбооны шийдсэн асуудал биш гэдэг нь хэнд ч тодорхой юм шүү дээ.

-Ер нь өмнөх холбооны дүрэм журам цаг үеэсээ хоцорсон гэж үзсэн үү?

-Тэгэлгүй яахав. ТББ-ын дүрэмд холбогдох хууль тогтоомж болон төрийн байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу батлагдах ёстой. Мөн 2005 онд Засгийн газраас баталсан “Хурдан морины уралдааны дүрэм” тогтоолын хавсралт байгаа, тэр дүрэм маань өнөөдрийн хурдан морины уралдаантай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад дутагдалтай зүйл их бий. Яг энэ хоёр асуудал дээр Холбоо бол эхлээд хуулийн шаардлагад нийцсэн дүрэмтэй байх ёстой юм байна. Хоёрдугаарт, өнөөдрийн хурдан морины уралдааны түвшинд яригдаж байгаа асуудлыг бүгдийг нь тусгасан, нарийвчилсан тодорхой зохицуулалттай болох ёстой юм байна гэсэн байр сууринаас хандсан. Бичиг баримтыг ч ингэж боловсруулсан. Их хурлын төлөөлөгчид үүнийг сайн нягталсан, зарчмын зөрүүтэй саналууд гарвал тухайн бүрт нь санал хураагаад асуудлыг эцэслэсэн байгаа. Цаашдаа бид дүрмээ улам сайжруулах, зорилго, зорилтдоо илүү сайн нийцүүлэх, түүнээсээ цаашлаад холбооны эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах шаардлагатай байна. Үүнийг хуулинд тусгаж өгөх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг олж авах замаар шийдэх арга замыг эрэлхийлж байна. Үүний тулд бид энэ баталсан дүрмээ ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. ММСУХ нь шинэ бүтцээрээ “Хууль эрх зүй, дүрмийн хэрэгжилтийн бодлогын хороо”-той болсон. Энэ Бодлогын хороо маань энэ бүх асуудалд анхааралтай хандаж, эрчимтэй ажиллаж байгаа.

-Бүтэц гэснээс саяны их хурлаар ММСУХ нь шинэ удирдлагуудтай болсон. Үүнийг уяачид, морь сонирхогчид маань сонирхож, анзаарч байгаа. Товчхон мэдээлэл өгөөч?

– Шинэ бүтцээрээ ММСУХ нь дотроо зургаан бодлогын хороо хариуцсан дэд Ерөнхийлөгч нартай болсон. Удирдах зөвлөл болон Тэргүүлэгчид маань 61 гишүүнтэй байгаа. Энэ 61 хүн зургаан бодлогын хороондоо хуваагдаж ажиллана. Өмнөх бүтэц дээр шинээр нэмэгдсэн нь дээрх Хууль эрх зүй, дүрмийн хэрэгжилтийн бодлогын хороо байна. Залуу уяачид, унаач хүүхдийн хөгжил, тэдний сургалтын асуудлыг хариуцсан бодлогын хороо, Бүртгэл мэдээллийн сан хариуцсан бодлогын хороо бас нэмэгдсэн. Хурдан морины уралдаанд оролцогчид болох уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морьдоо бид бүртгэж, мэдээллийн сан үүсгэх ёстой. Гэхдээ энэ бол дунд хугацааны ч гэх юмуу, ирээдүйд зорьж буй ажил. Дээр нь холбооны ажлын алба өдөр тутмын байнгын ажиллагаатай болсон.

-Их хурлаас хойш нэгэн шинэ мэдээлэл түгэх болсон нь хэсэг хүмүүс шинээр “Үндэсний морин уралдааны холбоо” байгуулснаа зарлаж, их хурлаа хийхээ мэдээлсэн. Тэгэхээр ММСУХ маань хоёр хуваагдчихав уу?

-Юуны өмнө нэг зүйлийг тодорхой хэлэхэд ММСУХ дотроо хуваагдаж, салж сарнисан зүйл огт байхгүй. Монгол Улсын хуулиар иргэн бүр эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоо, ТББ байгуулах эрх нь нээлттэй. Энэ хуулийн хүрээнд хэсэг хүмүүс Монголын Үндэсний морин уралдааны холбоо гэх ТББ байгуулж анхдугаар их хурлаа хийх гэж байх шиг байна. Үүн дээр ММСУХ ямар нэгэн сөрөг байр сууринаас хандсан асуудалгүй байгаа шүү гэдгийг онцлон хэлье. Бид бусдын үзэл бодол, үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй. Гэхдээ цаашид бидний ярих сэдэв нэг учир тодорхой асуудлууд дээр байр сууриа илэрхийлэх байх. Ер нь өөр, өөрсдийн үйл ажиллагаагаараа ялгарах байлгүй дээ гэсэн төсөөлөлтэй байгаа.

-Тэгээд юу гэж, хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү. Монголд дорвитойхон үйл ажиллагаа явуулж байгаа, томоохон гишүүнчлэлтэй олон нийтийн байгууллагууд бүгдээрээ л ямар нэг байдлаар улс төрийн нөлөөнд ордог. Улстөрчдийн гар хөл болчих гээд байдаг. Монголын уяачид хоёр хэсэг болсон мэт харагдаж байгаа нь энэ хардлагыг бас төрүүлж байгаа. Танай холбоо жишээ нь улс төрөөс хэр ангид байгаа вэ?

-Энэ асуудлыг ярихаар эргээд Их хурлынхаа сэдэв рүү орох гээд байна. Би түрүүнд хэлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн үеэр хэсэг залуучууд хөдөлгөөн байгуулсан юм. “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн” гэж. Энэ хөдөлгөөн маань тухайн үед үүссэн нөхцөл байдал, бий болсон асуудлыг хэлэлцэж 300-аад уяачийн төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг бас хийсэн. Тэндээсээ санал дүгнэлтээ нэгтгэж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хүргүүлсэн байдаг юм билээ. Ингээд ММСУХ-ны VII их хурлын өмнөхөн тус хөдөлгөөн татан буугдсан. Татан буугдсан үндэслэлээ хэлэхдээ “Бид Уяачдын холбоотой нэг зүйлийн төлөө яваа, ижил зорилго чиглэлтэй учир нэгдмэл байх нь зүйтэй” гэсэн утга илэрхийлсэн байдаг. Ингээд VII их хурлын төлөөлөгчөөр тус хөдөлгөөний хүмүүс саналын эрхтэйгээр оролцсон. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг болох залуу их хурлаар хэлэлцэх дүрэм журмыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Бид нэг зорилготой гэдэг дотор нь морин уралдаан бол цаашдаа улс төрөөс ангид байх ёстой, улстөрчдийн нөлөө байх ёсгүй, улстөрч удирдлагуудтай байж болохгүй гэдэг байр суурь орно. Их хурлаар өнгөрсөн хугацаанд холбоо улстөрч удирдлагуудтай байсан нь үйл ажиллагаа болон морин уралдаан, уяачдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэх асуудал нэлээн ширүүн яригдсан. Төлөөлөгчид хатуу байр суурь илэрхийлсэн. Хурлын уур амьсгал ширүүн байсан нь тухайн үед холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байсан улстөрч эрхэм нэрээ татах хүртэл хэмжээнд нөлөөлсөн. Өнөөдөр холбооны удирдлагад улс төрийн ямар нэгэн албан тушаал, эрх мэдэлтэй нэг ч хүн байхгүй. Цаашид ч үүн дээр хатуу байр суурьтай байна гэсэн бодлоготой байгаа. Уяачид маань ч бүгдээрээ тийм байр суурьтай байна. ММСУХ-ны хувьд улстөрчид үйл ажиллагаанд нь оролцдог, холбоог улс төрийн зорилгоор ашигладаг явдалд цэг тавьж цаашид улс төрийн нөлөөнд автахгүй байх арга замыг сонгосон гэдгийг хариуцлагатай хэлье. Мөн сая Удирдах ажилтны V зөвлөгөөнийг хийлээ. 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд цуглаж өөрсдийн санал, хүсэлтийг дэвшүүлсэн ба холбооны зүгээс цаашид VII Их хурлаас баталсан дүрэм, холбооны бодлого шийдвэрүүдийг ягштал мөрдөж байх чиглэлийг өгсөн байгаа.

-Шинээр байгуулагдсанаа зарласан Үндэсний морин уралдааны холбооныхон төрийн ордноор нэлээн байршингуй, томоохон улс төрчидтэй их холбоотой байх шиг харагдсан. Төрийн өндөрлөгүүдтэй уулзаж дэмжлэг авсан гэж дуулддаг. Та бүхэн хоорондоо уулзсан уу, ойлголцсон уу. Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст энэхүү шинэ холбоо чинь албан ёсоор оролцох чимээтэй байна уу, үгүй юу?

-Тантай санал нийлж байна. Маш тодорхой хэлэхэд Үндэсний морин уралдааны холбоог үүсгэн байгуулагчдыг миний хувьд одоогийн байдлаар улс төрчдийн гар хөл болсон гэж харахгүй байгаа. Харин нөхдүүд өөрсдийн зорилгодоо хүрэх арга замаа сонгохдоо улс төрчдийг ашиглаж байгаа байж магадгүй гэсэн бодитой хардлагууд харагдаж эхэлсэн. Шинэ холбооны үүсгэн байгуулагч болох нэг залуу бий. ММСУХ-ны VII Их хурлаар хэлэлцэх шинэ дүрмийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан залуу. Үйл явдлыг дарааллаар нь ярья. Их хурлаар дэвшүүлсэн дүрмийн төслүүдийг 100 хувийн саналаар баталсан байгаа. Мэдээж дээр дурдсан “ялгах” асуудал дээр зарчмын зөрүүтэй санал гарч тэр нь олонхоор дэмжигдсэн. Үүний дараа холбооны Ерөнхийлөгч сонгох процесс явагдсан. Нөгөө залуу маань өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн бөгөөд олонхын дэмжлэг аваагүй. Логикоор бодоход зохион байгуулах ажлын хэсэгт байсан техникийн ажилтан нь удирдлагад нэрээ дэвшүүлж болох уу даа.. Үүнийг нөгөө талаас нь харвал хэрвээ тэр залуу олонхын дэмжлэг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол, тухайн их хурлаар хэлэлцэн баталсан дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй л Ерөнхийлөгчийн албанд очно. Тэгэхээр тухайн батлагдсан дүрмийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг мөн биз дээ. Гэтэл одоо өөрийнх нь яриад байгаа зарчмын байр суурь нь болохоор нөгөө “ялгах” асуудлын тухайд шийдвэрлэсэн сэрвээний өндөр хэмжих VII Их хурлын тогтоол болоод байгаа юм. Тэгэхээр шийдвэр бол гарсан, тухайн үед тэр залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол тэр шийдвэрийг биелүүлэх л үүрэгтэй. Дахин хэлэхэд эндээс юу харагдаж байна гэхээр тэр хүн олонхын шийдвэрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийнхөө нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн байна, хэрвээ сонгогдсон тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн маш тодорхой логик ойлгогдож байна. Тухайн үед холбооны Ерөнхийлөгчид хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлсэн. Тэр дотор тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Мөнхбаясгалан гэж хүний нэрийг заалнаас дэвшүүлсэн ч нэрээ татсан. Татсан шалтгаанаа тайлбарлахдаа “Өнөөдрийн их хурлаар зөвхөн сэрвээний өндрөөр ялгана гэсэн олонхын шийдвэртэй би хувьдаа санал нийлэхгүй. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол олонхын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас нэрээ татаж байна” гэсэн. Яг л энэ шүү дээ. Зарчмын маш тодорхой байр суурь харагдаж байгаа юм. Ингээд шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Батсайхан өөрийн багийг бүрдүүлэхдээ нөгөө нэр дэвшсэн залуу болоод түүний хөдөлгөөний бусад залуусыг хамтарч ажиллахыг урьсан. Гэвч тэр залуу маань өөрөө татгалзсан. Мөн бусад хамтрагчид нь ч идэвхи гаргаагүй. Ингээд их хурлаас хойш сар хүрэхгүйн дараа шинэ холбоо байгуулж байгаагаа зарлаж хэвлэлийн бага хурал хийсэн. Эндээс харахад тэр хүнд ямар нэг хувийн шинжтэй ашиг сонирхол байгаа ба олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх огт боломжгүй гэж миний хувьд үзэж байгаа. Энэ бол зөвхөн миний л байр суурь шүү. Харин өнөөдөр тэр хүн гаргасан санал санаачлагадаа уяачдынхаа дэмжлэгийг эхлээд авах ёстой байтал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, Засгийн Газрын тэргүүн бусад улстөрчдөд хандаад яваад байгааг гайхаж байна.

-За тийм байж, тэгэхээр тавдугаар сарын 1-нээс албан ёсоор хурдан морины уралдаанууд эхэлж байгаа. Удахгүй Засгийн газрын тогтоолтой томоохон бүсийн уралдаанууд эхэлнэ. Улсын наадам болно. Энэ бүгдийн зохион байгуулалтад энэ хоёр холбооны чинь аль нь албан ёсоор оролцох юм бэ. Уяачид төөрөгдсөн үйл явц болж байна?

-Үнэхээр уяачид төөрөлдчих гээд байгаа. Тодорхой жишээ хэлье. Сая дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны бүсийн уралдаануудын товыг тогтоосон. Засгийн газраас тогтоолын төсөлд уралдааныг зохион байгуулах байгууллагуудийн нэр, чиг үүргийг тодорхой зааж өгдөг. Өмнөх жилүүдэд бол тогтоолын төсөлд “…зохион байгуулалтыг аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасугай” гэж тодорхой зааж ирсэн. Энэ жилийн товыг тогтоох тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан санал дэвшүүлсэн байна лээ. Тогтоолын төсөлд санал оруулахдаа тодорхой чиг үүргийг бүрхэгдүүлж, тодорхойгүй болгож “Морин уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодод” гэсэн маш бөөрөнхий утгатай заалт оруулсан байна. Энэ нь үл ойлгогдох байдал үүсгэж байгаа юм. Эндээс харахаар шинээр байгуулагдаж буй гэх холбоо маань үйл ажиллагаандаа улстөрчдийн идэвх оролцоог гүнзгий оруулж эхэлжээ гэсэн хардлагыг гарцаагүй төрүүлж байна. Шууд хэлэхэд Ч.Улаан сайд энэ холбоог дэмжиж байгаа юм байна. Эзэн биегүй, хамааруулах этгээдгүй тогтоол Засгийн газраас гарч болохгүй. Шинэ холбоо маань хамгийн түрүүнд уяачдынхаа дэмжлэгийг авах ёстой гэж би түрүүнд хэлсэн. Гэтэл үүнийг алгасаад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нараас дэмжлэг хүсээд явсан. Одоо Ч.Улаан сайдаар дэмжүүлж байгаа нь тодорхой харагдлаа. ММСУХ-ны VII Их хурлаар улс төрийн нөлөөллөөс салснаа илтгэсэн Монголын уяачдыг төөрөгдүүлж, эргээд улс төр рүү чирч байгаа нь харамсалтай. Тэрнээс биш тэр хүмүүсийн үзэл бодол, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүндлэх ёстой. Ганцхан шүүмжлэхээс өөр аргагүй зүйл нь Их хурлын шийдвэрт цөөнх болсон уяачдыг дөрөөлөн, нэмээд улстөрчдийг ашиглан тодорхой зорилгод хүрэх гэж идэвх үзүүлж байгаа нь үнэхээр буруу байна. Эргээд энэ нь морин уралдааныг, уяачдыг энэ улстөрчид нь ашиг сонирхлынхоо дагуу хөдөлгөдөг болох вий, үүнээс улбаатай талцал, турхиралд уяачид автах вий гэж л ММСУХ-ны зүгээс санаа зовниж байгаа.

-Эдгээр тусдаа гараад байгаа хүмүүсийн үндсэн шалтгаан нь нөгөө л монгол наадамд зөвхөн Монгол адуу уралдах ёстой гэсэн байр суурь уу. Эсвэл хүмүүс анзаарахгүй байгаа огт өөр шалтгаан байдаг юм уу?

-Монгол наадамд монгол адуу л уралдах ёстой гэдэг дээр бидний байр суурь нэг шүү дээ. Монгол адуугаа бид цаашид яаж ойлгох юм гэдэг санал хөтөлбөрүүд явж байна. Эрлийз, монголоо яаж ялгах юм гэдэг дээр бид хамтраад ажиллачихсан, хамт сууж байгаад дүрэм журмаа баталчихсан. Бид цаашдаа ойлголтоо, зорилгоо нэгтгээд явахад тулгамдсан асуудлуудаа шийдээд явчихаж чадна. Хаврын уралдааныг хэзээ, хэрхэн, яаж зохион байгуулах нь оновчтой байх вэ, уралдаанч хүүхэдтэй холбоотой харилцаагаа яаж улам сайжруулах вэ, Өвөр Монгол руу ажиллахаар явж байгаа адуучин, уяач залуус, хурдан морины хүүхдүүдийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ, Үндэсний баяр наадмын тухай хууль маань өнөөдрийн шаардлагад нийцэж байна уу гэх мэт олон асуудлууд дээр бид гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. Гэтэл уяачдын маргааны сэдвийг үндэслээд, улстөрчдийн дэмжлэгийг аваад, ММСУХ-ны хамтран ажиллах саналыг үгүйсгээд, өөрсдийгөө тусгаарлаад явж байгаа энэ хэсэг хүмүүсийг харахаар хувийн эрх ашигтай л гэж дүгнэж байгаа. Энд олон нийтийн эрх ашиг харагдахгүй байна. Олон нийтийн эрх ашиг байгаа бол бид хамтарч ажиллах ёстой. Миний хувьд ийм л байр суурьтай байгаа. ММСУХ ч ийм байр суурьтай байгаа.

ММСУХ бол 24 жилийн түүхтэй байгууллага. Төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явж байна. 21 аймгийн салбар холбоодын удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг хийлээ. Дараагийн Их хурлаараа дэвшүүлэх бодлогын шинж чанартай асуудал, алхамуудаа одооноос боловсруулаад эхэлсэн байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хамгийн том ТББ-ын хувьд өдөр тутмын үйл ажиллагаа маань тасалдахгүй, идэвхтэй, ачаалалтай л байна.

-ММСУХ-ноос эхний уралдааны тов гарчих шиг болсон, хамгийн эхний уралдаан хаана, хэзээ болох вэ?

– Ер нь бол тавдугаар сарын 1 хүртэл морин уралдааныг хорьсон шийдвэр нь унаач хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой гарсан. Хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай манай холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодорхой асуудлууд дээр ойлголцлууд явагдсан. Хамтран ажиллах санамж бичгийн дагуу бид харилцан мэдээлэл солилцон судалгаануудаа нэгтгэж, бодитой төлөвлөгөө гарган энэ бүгдийгээ шийдвэр гаргагчдад хүргүүлж хаврын морин уралдааны асуудлыг эргэн харж хэлэлцэнэ гэдгийг хэлье. Аливаа дүрэм журам, шийдвэр нь амьдралд ойр, нийцэлтэй байх ёстой. Аливаа хориглосон шийдвэрийн сөрөг тал заавал бий. Асуудлыг олон талаас нь харж ажиллаж байгаа. Эхний уралдааны тухайд ирэх тавдугаар сарын 12-нд ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын бүсийн уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болно. Энэ уралдаан дээр бид анх удаа холбооны их хурлаас гарсан шийдвэрийн дагуу сэрвээний өндрийг хэмжих шинэ төхөөрөмжийг ашиглана.

-Хаанахын ямар төхөөрөмжийг ашиглахаар болов?

-Хүний оролцоо маш бага, олон нийтэд ил тод байх гэсэн хоёр үндсэн шаардлагын дагуу ажиллах шинэ төхөөрөмж хийх үйл явц өнөөдөр 90 орчим хувьтай байна. Анхны туршилтаа хийгээд үзчихсэн. “Цагаан хөтөл”-д албан ёсоор ашиглана. Хэмжих төхөөрөмж үр дүнтэй ажиллавал холбогдох мэргэжлийн байгууллагаар оруулж албан ёсны бүртгэл, гэрчилгээг авна. Цаашлаад Үндэсний баяр наадмын комисст албан ёсоор санал болгоно. Уг нь шинэ холбооныхон маань энэ эхний уралдааны хэмжилтийн үр дүнг гарсны дараа асуудлыг баримт нотолгоотой дэвшүүлэх ёстой байсан юм. Яарах ашиг сонирхол байдаг л юм байлгүй дээ. Ер нь нэг зүйлийг тодотгож хэлэхэд уяачидтай холбоотой бүх шийдвэр их хурлаас гарсан олонхын шийдвэр. Бид ямар ч тохиолдолд олонхын шийдвэрээ дагадаг тийм нийгэмд амьдарч байна. Хэрэв шийдвэрүүд буруу, алдаатай, хандлага нь буруу үр дүн үзүүлээд байвал бид бүгдээрээ нийлж асуудлыг эргэж харах, дүрмийн дагуу ММСУХ-ны ээлжит бус их хурлыг зарлах хүртэл шийдэх боломж нь нээлттэй юм. Тийм учраас эхний уралдаан, эхний хэмжилтийг харж байж дараагийн асуудлыг ярих дүгнэх ёстой ганц л зарчим баймаар. Түүнээс биш хэн нэгний “мэргэн” санаачилгыг зөв буруу гэж нийтээрээ ярих, дагах нь боломжгүй зүйл. Бөхийн холбоо хоёр хуваагдчихлаа, Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдчихлаа. Монголчуудын хамгийн их сонирхдог, анхаардаг спортын хоёр салбар мөн. Салж сарнилаа гээд юу хожсон юм, ямар ахиц дэвшил гараад байгаа юм. Улам л дампуурал руугаа явж, нийгэмд нэр хүндээ алдаж байгааг бид бэлэхнээ харж байна шүү дээ. ММСУХ ийм замаар явах хэрэггүй. Нэгэнт их хурлаараа, олонхоороо, нийт уяачдынхаа төлөөллөөр ярилцаад “Уяачдын холбоо улстөрчдөөс ангид байна” гэсэн шийдвэрийг нэг мөр гаргасан. Нэг талдаа гарцгаасан. Тэгэхээр цаашид улстөрчдийн оролцоотойгоор, тэдний дэмжлэгтэйгээр уяачдыг хооронд нь хагалах гэсэн, монгол хүний морио дээдэлдэг тэр цагаан сэтгэлийг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн увайгүй үйлдлээ болих хэрэгтэй. Үүнийг улстөрчид өөрсдөө гүнээ ухамсарлаж, хүндэтгэлтэй хандаж, ямар нэг оролдлого хийхгүй байгаасай гэдгийг хүсэх байна. Энэ бол ММСУХ-ны байр суурь гэж ойлгож болно. Миний хувьд VII их хурлын ажлын хэсэгт нь ажилласан, тус холбооны Тэргүүлэгч гишүүн учраас тодорхой зарим асуудлаар ММСУХ-г төлөөлөх бүрэн эрхтэй. Тус холбооны Хууль эрх зүйн бодлогын хорооны гишүүн хүний хувьд хэлэхэд холбоо цаашид дахиж улс төртэй хутгалдахгүй ээ. Ижил төстэй үйл ажиллагаа явуулна гэж шинээр байгуулагдсан холбооны нөхдөдөө хандаж хэлэхэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улстөрчдийн, улс төрийн ашиг сонирхлыг битгий ашигла. Эргээд тэднийхээ “хоол” нь болно шүү. Үүнийг Монголын нийт уяачид хүсч байгаа шүү. Уяачдын энэ хандлагыг уяачдын холбооны VII их хурал дээр та бид бүгдээрээ харсан шүү гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогтоос өс авдаг шигээ ажилладаг сан бол Монгол хөгжлөө шүү

Ингэж л бодогдоод байх юм. Та нарт тэгж санагдаж байна уу. Төрийн гурван өндөрлөгийн маань нэг нь сая Швейцарь гараад шидчихсэн. Арваад гишүүн дагуулаад. Гол зорилго нь С.Баярцогтын дансны хуулгыг олж ирэх байж. Ийм ажилтай явсныг нь үнэндээ ард түмэн ирсэн хойно нь мэдлээ. Урьд өмнө бол “гурав”-ынхаа хаашаа айлчлал хийх гэж байгааг мэддэг байлаа. Одоо ч өнгөрчээ, Суданд цэргийн хувцастай давхиж явахыг нь хардаг боллоо. Швейцарьт шилэн дансны хууль хэрэгжүүлэх гэж явааг нь сонсдог боллоо. Их хурлын дарга маань Швейцарьт хичнээн ширхэг нууц данс байсныг олсон гэнэ вэ. Хэдэн ч сая доллар байсан гээд байгаа юм бэ дээ. Эдний үгээр бол С.Баярцогт сэхэхээргүй болж, улс төрд шар шувталж байгаа бололтой. С.Баярцогт өөрөө хэвлэлийн хурал хийж “Тэр материалууд миний зөвшөөрлөөр өмнө нь Швейцариас ирчихсэн байсан юм. АТГ-ынхан мэдэж байгаа” гэлээ. Т.Аюурсайхан гишүүн болохоор “Үгүй ээ, би авчирсан” гэж байна. Итгэхийн тухайд бол Их хурлын даргын айлчлалд албан ёсоор багтсан төрийн түшээгийн үгэнд итгэхээс өөр аргагүй юм. Айлчлалаар явсан гишүүд “С.Баярцогтын данс…” гэсэн хоёр үгний эргэн тойронд баахан ярилаа. Өөр ямар ажил амжуулснаа ярихгүй байхыг бодоход үнэхээр л дансны хуулганд явсан болж таарлаа. Тэрнээс биш тэр сайдтай тийм ажил ярилаа, гэрээ хэлцэл хийлээ гэмээр юм. Төрийн өндөрлөгүүд маань мөн ч авсаархан айлчлал хийдэг болжээ.

Төрийн гурван өндөрлөгийн гадаадад хийх айлчлал албан ёсоор ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцэгдэж шийддэг. Ойрын айлчлалуудаас харахад Монгол Улсын хэмжээнд аюул занал нүүрлэсэн үйл явдал боллоо гэхэд ард түмэн нөгөө гурвыгаа ирж хайж мэдэх нь байна шүү. Их хурлын дарга Швейцарьт, Ерөнхий сайд Суданд, Ерөнхийлөгч Оросод… гээд сууж байвал яана. Муугаар бодоход айхавтар өвчин гарлаа гэхэд хөрш зэргэлдээ орнууд нь оготно зурам ч оруулахгүйгээр хилээ яс тас хаах үүргийг Олон улсын өмнө хуулиар хүлээдэг. Гэтэл манай гурван дарга хоёр хөршийнхөө хил дээр ирчихсэн “Би наад улсын чинь парламентын дарга нь юм аа, би Ерөнхий сайд нь юм аа, ормоор байна” гээд зогсож байвал юу болох вэ. Гэхдээ энэ улс орон иймдээ ч арай хүрчихээгүй гэдэгт найдъя. Найдаж байгаа учраас Их хурлын дарга Швейцарь руу явахыг төрийн гурван өндөрлөг сууж байгаад хоорондоо ярьсан байх. “Бид гурвын аль нэг нь очвол цаад нөхрийн чинь дансны хуулгыг өгчих юм шиг байна” гэж. “Очоод С.Баярцогтын хуулгыг авчихаар мөнгө өгсөн Оюу толгой нь ил болно. Бидний гарт орно. Гэрээг өөрчилнө гээд дайрахад хэрэг болно” гэж ярьсан л юм биз дээ. Хар үгээр тоймлож ойлгуулахад л энэ шүү дээ. Эд нар маань тэгээд дэлхийн гигант компанийг дийлнэ гэж боджээ. Нөгөөдүүл нь эдний бодлоор бөхөлзөх болов уу. Тоохгүй дээ.

Харин дотоодын улс төрийн хувьд С.Баярцогт бол тэдний хамгийн том өрсөлдөгч мөн. Москвагийн улсын их сургууль, Германы Гумбольдийн нэрэмжит Берлиний их сургууль төгссөн, Вашингтоны их сургуулийн докторант, орос, англи, герман, франц хэлтэй. 23 насандаа АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн. 33 наснаасаа хойш гишүүн, сайдын албыг тасралтгүй хашсан, дөнгөж 50 нас гарч байгаа эр. Арван жилээ алтан медальтай төгссөн гэдэг. Ямар гэр бүлд төрсөн, ямар сургуулиар боловсрол эзэмшсэн, ямар ажил алба хашсан, ямар найз нөхөд, гэр бүлийн хүрээлэлд амьдардаг… гээд улстөрчийн төлөвшлийн үйл явцыг нь монголчууд алган дээрээ байгаа юм шиг мэддэг. Ойр тойрных нь эх сурвалжууд бол эхнэрийг нь С.Баярцогтоосоо ч илүү боловсролтой эдийн засагч гэж ярьдаг, ийм л хүн. Манай гурван өндөрлөг бол хойд насандаа ч ийм боловсрол эзэмших нь юу бол. Доромжлол гэж бодохгүй байна. Хэнийх нь ч төлөвшиж боловсорсон үйл явцыг монголчууд бүгдээрээ мэдэх учраас хүн бүрийн мэддэг, ярьдаг зүйлийг бичлээ.

Гэхдээ С.Баярцогтыг бол барах нь барах байх. Монгол юм чинь. Харин Оюу толгойг бол манай нөхдүүд барахгүй байх гэдгийг дахиад хэлчихье. Барлаа гэхэд Оюу толгой олон жилээр гацна. Оюу толгой ажиллахгүй байлаа гэхэд өлсөхгүй, ядрахгүй хүмүүс Оюу толгойгоор оролдоод байгаа юм. Харин ард түмэн бол өлсөнө, ядарна. Нөгөө талаас нь харахад ийм том гэрээг хийж чадсан хүмүүст энэ хэрийн шагналыг дэлхийн том корпорациуд ямар ч хуулиас айхгүйгээр өгдөг нь капиталист ертөнцөд байдаг үйл явц. Тухайн улс орон байтугай дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлдэг томчууд бол хуультай нийцүүлсэн шагнал урамшууллын дотоод системтэй. Тэр нь сая сая доллар яригдана. Үнэн хэрэгтээ монголчууд бид мөнгө барьж үзээгүй болохоор том сонсогдоод байгаагаас биш, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллар гэдэг чинь хөрөнгөтэй нийгэмд гайхширч гангинах мөнгөн дүн биш шүү дээ. Дэлхийгээр л нэг 400 саяын наймаа хийгдэж байгаа. Үүгээрээ С.Баярцогтыг авлига авчихсан гэж байгаа юм биш. Хаацайлж байгаа ч юм биш. Зүгээр л олон улсын том компанийн тухайд сайн төсөл хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнийг шагнадаг, тэр нь том мөнгөн дүн байдаг гэдгийг л сонирхуулж байгаа юм. Жижиг эдийн засагтай, жижиг улсын иргэн бидний л зан. Тийм болохоор монголчууд бид хэрсүү баймаар байна аа. Бид хөгжих хэрэгтэй байна. Нарийн дээрээ дэлхийд хийгдэж буй эдийн засаг, санхүүгийн бүх гэрээнүүд алдаатай байдаг. Түүнийгээ явцын дунд хоёр талаасаа сайжруулаад л явдаг. Алдаа их үү, бага уу гэдэг л байна. Оюу толгойн гэрээн дээр ингэж л хандах ёстой. Улс төрийн хийрхэл, сэтгэлийн хөдөлгөөн, мэдэхгүй зүйлээрээ оролдох, хүнд илүү хүрэх, таалагдах талаас нь Оюу толгойтой зууралдаж болохгүй. Хэрүүл л хүнд хүрдэг учраас Оюу толгойг хэрүүл болгоод байна. Гэтэл Оюу толгой ашиглалтад орсноор Монголын нийгэмд ямар их өгөөжөө өгч буй талаарх мэдээлэл нийгэмд хүрэхгүй байна л даа. Түүний нэг золиос нь л С.Баярцогт.

Ер нь бол энд Оюу толгойг ярих ч гэсэн юм биш шүү. Гол нь манай ихэс дээдэс С.Баярцогтоос өс хонзон авдаг шигээ ажиллаж чаддаг бол Монгол Улс хөгжих нь ээ гэдгийг л хэлэх гэсэн юм. Ийм шуурхай, ийм ажил хэрэгч байдлаар гурван тийшээ ээлжлэн нисч, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж, анхаарлыг нь хандуулж, Монгол Улсаа хөгжүүлэх гэж зүтгэдэг бол мөн сайхан аа. Жишээлбэл, Швейцарь орон цагаараа хамгийн алдартай. Нисч очоод тэр олон алдартай брэндүүдийнх нь үйлдвэрлэлийг Монголдоо оруулаад ир л дээ. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд байна шүү дээ. Швейцарийн дэлхийд алдартай Patek Philippe, Audemars Piguet, Vacheron Constantin… өөр ямар ч брэнд байдаг билээ, ядаж нэгийнх нь үйлдвэрийг Монголд байгуулж, давуу эрхийн гэрээгээр хаяанд байгаа хоёр том зах дээрээ зараад сууж байя л даа.

Ингэхийн оронд сая Салхитад салхилж очиж популизм хийсэн шигээ Швейцарьт салхилж очин данс хуулга төдийхөн ярьсан чинь шившиг биш үү. Өнөөдрийн улстөрчдийн нийтлэг дүр төрх ийм л байгаа. Ингэж л ажилладаг. Хонзонгийнхоо төлөө ямар их эрч хүч, потенциал, хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулна вэ. Хонзондоо зориулж буй энэ их эрчим хүчээ улс орныхоо хөгжилд зориулавал мөн ч их хөгжинө дөө. С.Баярцогт гэж нэг сул иргэнд зориулан фронтын шугам нээж байхаар өөр газар нээгээч. Улс орны аж ахуйн салбарт зориулсан фронт нээгээч. Таван толгой нүүрсээ гайгүй зараад эхэллээ. Тариа будаагаа ард түмэн хангалттай бэлдлээ. Мал сүрэг ч өслөө. Ядарсан муу ард түмэн чинь басчиг хөдөлмөрлөж л байна. Та гурвын нэмэр оролцоо гэж энүүнд байсангүй. Хонзон хорсолд зориулсан их нервийнхээ талыг нь ч болтугай нефтийн үйлдвэрт зориул. Бензинийг 1000 төгрөгөөр зараад эхлэхэд л ард түмэн та гуравт алтаар хөшөө босгоно. Та гуравт эрх мэдэл хангалттай бий. Түүнийгээ амьдралд хэрэгтэй зүйлийн төлөө зориул. Ард түмний амьдралд ямар ч хэрэггүй зүйлд зориулаад байна. Интернэт ухахаас өөр эдгүй суугаа С.Баярцогттой ноцолдож яах гэсэн юм. Нэг ёсондоо та гурав өөрсдийгөө доош нь хийж байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ: Бидний үеийнхэн хэнд ойр байж, хэнээс суралцаж явах ёстойгоо бодох цаг болсон

-Ц.НЯМДОРЖ ГУАЙГААС ЮУГ НЬ СУРАХ ЮМ БЭ, ЭРДЭНЭТЭД ХҮҮГЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ БАРАА ШАХСАНЫГ НЬ, ХОРИГДЛУУДААР ХОЁР ТОМ ХАУС БАРИУЛСНЫГ НЬ СУРАХ ЮМ УУ-


Монгол Улсын Гавьяат хуульч,УИХ-ын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн гэж монгол төрийн тулхтай түшээ, Монголын хуулийн салбарын үнэ хүндтэй эрхэм байлаа. Монголын төрд үгүйлэгддэг төрийн зүтгэлтнүүдийн нэг. Хүү нь удам залган хуульчаар ажиллаж байна. Шударга ёсны төлөө түүний отгон хүү Д.Мөнх-Эрдэнэ сайн эцгийн нэрийг хугалахааргүй зүтгэж явааг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэдхэн сарын өмнө дөө, нийслэлд зам чөлөөлөх “аян дайн” шахуу ажлыг хотоос эхлүүлэхэд учир мэдэх хүмүүс “Дэмбэрэлцэрэнгийн хүү удирдан зохион байгуулж байгаа юм билээ, ард нь гарах байх” гэж байсан. Олны амнаас гарсан “Дэмбэрэлцэрэнгийн хүү” гэсэн энэ хоёр үг магадгүй түүний үнэт зүйл байх. Эцгийн өгсөн нэр дээр эцгийнхээ бий болгосон улстөрчийн, хуульчийн үнэт капиталыг авч явна гэдэг амаргүй. Яагаад гэвэл түүний алдаа, оноо бүхэнтэй хамт сайн эцгийнх нь нэр өндөлзөнө. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад сая өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй уулзаж, дэлгэрэнгүй яриа өрнүүлснээ хүргэе.

-Та бол Монголын тодорхой, том хуульч Д.Дэмбэрэлцэрэн агсны хүү. Удам дамжсан хуульч. Та саяхан дуулиан шуугиантайгаар ажлаа өгсөн Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын ахлах зөвлөхөөр ажилласан. Ямар ажил нь буруу байгаад танай дарга ажлаа өгөхөөр болов. Та хуульч хүнийхээ хувьд яаж харж, дүгнэж байгаа вэ?

-Өнөөдрийн Монголын нийгэмд хуулийн дагуу ажлаа явуулахад хүнд болчихож. Улстөржилт, талцал хуваагдал нь төрийн бүх шатанд даамжирлаа. Уг нь нийслэлд сайхан хамт олон, баг бүрдсэн. Засгийн газартайгаа хамтраад дүүрэг, хороо, төрийн албан хаагчдаа удирдаад нийслэлд ажил хийж болно. Саяны үйл явцыг харахад цэвэр нам доторх талцал хуваагдал нийслэл дээр буусны илрэл.

-МАН-ын доторх талцал хуваагдал уу?

-Тийм ээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, мөн Засгийн газрын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016, 2017, 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна гэж дүгнэсэн. Гэтэл гэнэт л Засгийн газрын тэргүүний зүгээс “Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас огцруулах нь зүйтэй” гэсэн санал ирсэн. Тэгээд л С.Батболд дарга улс төрийн нөхцөл байдлыг үнэлээд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх.

-Шинэ Ерөнхий сайд тодорхой үндэслэлүүдээр л С.Батболд даргатай хамтарч ажиллахаас татгалзсан байлгүй дээ?

-Энд нэг зүйлийг хэлье. Миний тантай ярилцаж байгаа нь ажлаа өгсөн даргаа өмөөрөхөд зориулагдсан юм биш шүү. Та бид хоёрын ярих сэдэв ч биш. Зүгээр таны зүгээс миний хамгийн сүүлд эрхэлж байсан ажлаас маань яриагаа эхлүүлж байна гэж ойлгоод хариулж байна. Ер нь бол Засгийн газрын тэргүүний ярьсан огцруулах үндэслэлийн гол нь “утаатай тэмцээгүй байна” л гэсэн байсан.

-Үнэндээ ч хотын утаа гамшгийн хэмжээнд үргэлжилсээр л байна шүү дээ?

-Үнэн. Гэхдээ санхүүжилтийг нь шийдэхгүйгээр ямар ч мундаг дарга байгаад утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Хоёрхон жилийн дотор илбийн юм шиг шийдчих ч ажил биш. Гэхдээ нийслэл өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан олон улсын байгууллагуудтай хамтарч, хоёр жил хагасын хугацаанд утааны эсрэг үе шаттай ажил хийгээд явсан. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд сервис центр төсөл хэрэгжээд явж байна. Энэ төслийг цааш нь нийслэлийн гэр хорооллын бүсэд байгаа 80 гаруй хороонд хэрэгжүүлж, 200 мянган айл өрхийг дэд бүтцэд холбох ёстой. Зөвхөн гэр хорооллын бүсэд 200-300 өрхийг дэд бүтэцтэй холбоход 5-10 тэрбум төгрөг шаардлагатай. Нийтэд нь тооцохоор эхний ээлжинд 2-3 их наядын хөрөнгө хэрэгтэй байгаа юм. За тэгээд бид гэр хороололд газрыг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувьд тооцож санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд гэхэд 100 гаруй өрх айл орон сууцтай болсон. Цаашид энэ арга хэмжээг өргөжүүлэх ёстой. Дахиад л санхүүжилт хэрэгтэй. Би хувьдаа айл өрх бүрийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дэд бүтцэд холбох нь төрийн бодлого гэж харж байгаа. Тэгэхээр утаатай тэмцэх нь зөвхөн нийслэл бус, Засгийн газраас, Улсын Их Хурлаас хамаарах ажил болох нь тодорхой байгаа биз.

-Тийм хөрөнгө мөнгөний боломж С.Батболдын үед байсан уу?

-Байхгүй. Та бид мэднэ. Монгол Улс 2016-2018 оны хооронд энэ тэндээс зээлсэн өмнөх өрүүдийг дарсаар байгаад таарсан. Томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зориулж сүүлийн 2 жилд улс, нийслэлийн төсөвт мөнгө тавиагүй. Бид аймаг орон нутгаа хөгжүүлэх, төвлөрлийг сааруулахын тулд тэнд хөрөнгө оруулалт хийж, дагуул хотуудыг бий болгох ёстой. Гэтэл хөрөнгө санхүүгийн боломж хязгаарлагдмал байна. Хотын удирдлагын хувьд арга ядаад 1994 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраар дамжуулан 2017 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Дэлхийн томоохон хотууд тулгамдаж буй асуудлуудаа Засгийн газар, гадаадын зээл, тусламжаас хамааралгүйгээр шийдэхийн тулд өөрөө бие даан олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргадаг жишиг бий. Бид энэ жишгээр нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бонд гаргах эрх авахаар уг хуулийн төсөлд тусгасан. Гэтэл одоо хүртэл тэр хууль батлагдаагүй. Нийслэлийн санхүүгийн боломж, нөхцөл байдлыг харахаар 20-30 жилийн хугацаатай нэг хүртэл тэрбум ам.долларын бонд гаргаад гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох томоохон төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

-Улаанбаатар хотод бонд босгоод төлөх эдийн засгийн чадамж бий юу?

-Бий. Нийслэл 2016-2018 онд 100 гаруй тэрбум төгрөгийн концессын өрийг төлсөн. Хотын эдийн засгийн боломж, нөхцөлийг харж хөрөнгө босгох хэрэг шүү дээ. Хотод боломж байгаа учраас ашиглая, шийдье гэхээр өнөөдрийг хүртэл хуулийг нь баталж өгөхгүй байна. Тэгээд төсвөөсөө мөнгө өгөхгүй. Ингээд утаатай тэмц гээд байдаг. Гэхдээ бид өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд байгаа боломждоо тулгуурлаад бололцоотой бүх бодлогын арга хэмжээнүүдийг авсан. Нийслэлд байнга оршин суухаар шилжин ирж байгаа хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. 2001 оноос хойш жилд 20-30 мянга орчим хүн хотод шилжин ирж байсан бол одоо энэ тоо эрс багассан. Байнга оршин суухаар орон нутаг руу шилжин явагсдын тоо ирж байгаа иргэдийн тооноос давсан. Бас суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Дуртай нэг нь хаанаас ч хамаагүй ирээд гэр бариад суухыг зогсоосон. Захиргааны арга хэмжээнүүд л дээ. Мөн нийслэлийн найман дэд төвөөс эхний ээлжинд Сэлбэ, Баянхошууны дэд төвийн ажлыг эхлүүлсэн. Энэ хавар Дэнжийн мянга, Дамба дэд төвийн ажил эхлэх гэж байна. Эдгээр төслүүдийн хүрээнд энэ хавийн айл өрхүүдийг дулаан, цэвэр, бохир ус гээд дэд бүтцэд бүрэн холбож, явган хүний зам, автомашины зам, гэрэлтүүлгийг хамтад нь шийдвэрлэнэ. Энэ бүх ажлын цар хүрээг өргөжүүлэх гэхээр мөнгөн дээр гацчихдаг. Дээр нь энэ их улстөржсөн талцал хуваагдал хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд саад болж байна. Уг нь улс төрчид улс орон, нийслэлийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхэд цаг заваа зориулах ёстой л доо.

-Одоо нийслэлийн удирдлага солигдож байна. Тэд ер нь юу хийж чадах вэ, нэн түрүүнд ямар ажлыг барьж аваасай гэж бодож байна?

-Ямар ажил хийх ёстой нь тодорхой. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Монгол ардын нам ард түмэнд амлалт өгсөн. Ард түмэн дэмжээд сонгосон. Өнөөдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлын 34-ийг нь авсан. Засаг даргаа томилох бүрэн эрх нь байна. Одоо ард түмэнд амласан амлалтаа л биелүүлэх л үлдсэн. Баталсан, батлуулсан үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүл. Хийх ажил нь цагаан цаасан дээр хараар дурайж байна. Гудамжаар алх, иргэдтэй уулз, айл өрхийн амьдралтай танилц. Тэд юу хийх ёстойг хэлээд өгнө.

-Өнөөдөр төр хүчгүй, төрийн албан хаагчид аймхай хулчгар байгаа юм шиг харагддаг. Гэхдээ нийслэл дээр энэ байдал арай өөр байгаа нь анзаарагдсан. Жишээ нь тэр зам чөлөөлж байгаагаас харахад?

-Хот гэдэг бол хамтын амьдрал, дэг журам. Та ямар ч их мөнгө хөрөнгөтэй том компанийн захирал байлаа гээд нэг хотод амьдарч байгаа хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж, халдаж болохгүй. Энэ буруу хандлага, үйлдлээс болж нэг гудамжинд, нэг хороонд хамт амьдарч буй иргэд нь өдөр бүр амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан автомашины замаар алхаж байна. Төрийн өмчийн газрыг гэрээ байгуулаад, тодорхой зориулалтаар ашиглана гэж авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ бүгдийг л засахаар бид ажилласан, хуулийг хэрэгжүүлсэн. Газраа тойруулаад нэг хашаа хатгачихсан, тэр нь хогонд дарагдчихсан олон жил болсон байсныг бид хуулийн хүрээнд чөлөөлсөн. Тэр газраа зарах санаатай юм уу, яах гээд байгаа юм мэдэхгүй, нэг л их том хүмүүс байсан. Зориулалтын дагуу ашиглаж чадахгүй бол болих хэрэгтэй. Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам шаардлагатай байна. Иргэдэд үр хүүхдээ салхилуулах талбай хэрэгтэй байна. Төр хүчтэй, хүчгүй, төрийн албан хаагчид аймхай хулчгар гэхээсээ илүүтэй Монголын төр баталсан хуулиа хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуудал л байгаа. Цагаан цаасан дээр хараар бэлээхэн дурайж байгаа хуулийг амь оруулах л хэрэгтэй. Бид ийм л концепцоор нийслэлд зам, газар чөлөөлөх ажлыг хэрэгжүүлсэн. Бараг 80 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж чадсан шүү. Мөн 2019 оны төсөвт анх удаа зөвхөн явган хүний зам барихад зориулж дөрвөн тэрбум төгрөг батлуулсан. Ажил маань нэлээн урагштай явсан. Одоо үлдсэн хүмүүс энэ эрчээ алдахгүй ажиллах байх гэж найдаж байна. Долоон буудалд буй иргэн Доржийн газрыг төр хуулийн хүрээнд асуудалгүй чөлөөлдөг байж, хотын төв дэх нэг компанийн захирлын мэдлийн хууль зөрчсөн байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлөхөд өөрөөр хандаж, давхар стандарт тогтоож болохгүй шүү дээ. Ер нь бол намайг хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллах хугацаанд нийслэлд хуулийг хэрэгжүүлэхэд асуудал байгаагүй ээ. Энэ нь манай төрийн албаныханд “Болдог юм байна” гэсэн итгэлийг өгөх шиг болсон. Төрийн албанд дээрээсээ доошоо нэг бодлоготой, зорилготой байхын давуу тал нь энэ юм. Тэр үед газрын албаны ажилтнууддаа миний зүгээс гурван зүйл л хэлсэн “Та нарын ард Монгол төрийн хууль байна. Та нарын ард эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа ард түмэн байна. Та нарын ард Та бүхнийг хамгаалах бид байна. Зүгээр л хуулийг хэрэгжүүл” гэж.

-Ингээд хотод хамгийн их хэл ам дагуулдаг газар чөлөөлөх, зам чөлөөлөх, явган хүний зам барих ажлыг хийлээ. Бас бус адармаатай цөөнгүй ажлыг нийслэлд хуулийн хүрээнд хийж, эхлүүлж байгаа нь мэдрэгдсэн. Харин энэ бүгдийн хариу нь Засаг дарга чинь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадалгүй огцорсноор илэрч байна уу?

-(инээв). Арай ч тэгж бодохгүй байна.

-Би бол тэгж бодож байна. Энэ хэдийг зайлуулахгүй бол цаашдаа баллах юм байна гэж намын чинь томчууд бодсон байх?

-Үгүй байлгүй дээ. Төрийн аль ч шатанд, нийслэл, аймаг, орон нутагт Монголын хууль алагчлалгүй үйлчилдэг байх учиртай. Гэхдээ манайхан дотор чинь хуулийг зарчимгүй хэрэглэж, хэрэгжүүлж сурчихсан нөхдүүд бий, бий. Үүнийг халах, засах цаг болсон.

-Таны сүүлийн хоёр жил ажилласан нийслэлийн хувьд ийм байдаг байж. Энэ сэдвийг ингээд орхиё. Та энэ албанаасаа өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан. Засгийн газрын халуун гал тогоонд хуулийг жинхэнэ эх барьж байсан хүмүүсийн нэг. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг яаж харж байна. Үнэндээ төр засаг бол самуунтай байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр нь холилдоод бүр нэг бантан болчихсон?

-Төрийн дээр нам гараад зогсчихож. Үүнийг л буулгах ёстой. Яг үнэндээ нам гэдэг чинь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын нэг нь шүү дээ. Улс төрийн үзэл бодлоороо иргэд эвлэлдэн нэгдсэн нэг л ТББ байхгүй юу. Нам бол төр, нийгмийг чиглүүлэгч хүч гэсэн хуулийн заалтыг 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болгоод 29 жил болж байна. Манай шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ч иргэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заагаад нам, олон нийтийн байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ гэж хуульчилсан. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд төрийн дээр гараад заларчихсан, үүрэг, чиглэл өгөөд сууж байна шүү дээ. Намын дотоод амьдрал, асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй болохоос төрийн хуулиар зохицуулсан асуудалд хөндлөнгөөс оролцож, эрхээ хэтрүүлж болохгүй юм. Нам, намын гишүүдийн эрх ашгаас хол илүү улс орны, нийт ард иргэдийн эрх ашиг гэж байгааг бид мартаж болохгүй. Ер нь тэгээд төрийн хуулиас давсан намын шийдвэр гэж хаана ч байх ёсгүй.

-Ийм үзэл бодолтой хүн, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг улстөрч байдаг юм уу?

-Бид улсаа бодох юм бол нам төрийн дээр сандайлаад суучихсан энэ байдлыг халж, байр байранд нь тавих л ёстой.

-“Тэгэхийн тулд одоо яах ёстой вэ” гэдгийг л нийгмийн эрүүл хэсгийнхэн бүгд ярьж байна шүү дээ?

-Хамгийн эхэнд авах ёстой арга хэмжээ бол хэсэг эрх мэдэлтэн, албан тушаалтан 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд халдаж, хууль зөрчин, дур зоргоороо нэмэлт, өөрчлөлт оруулсныг засч залруулах цаг болсон. 2000 оны дордохын долоон өөрчлөлт гэдгийг хүчингүй болгох ёстой. Энэ балмад явдал анх 1999 онд болсон. Тэр үеийн эрх баригчид Үндсэн хуульд 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ нэг өдрийн өмнө хуулийн төсөл өргөн бариад маргааш нь баталчихсан байдаг юм. Тоталитар, авторитар, фашист дарангуйлагч дэглэмтэй биш л бол ямар ч ардчилсан, эрх зүйт төртэй улс орон Үндсэн хуульдаа ийм гэрлийн хурдаар өөрчлөлт хийсэн тохиолдол байхгүй. Энэ үйл явдал манай дарга нар эрх мэдэл, албан тушаалдаа эрдэж, ард түмний хүсэл зоригийг үл тоодгийн тод илэрхийлэл болсон шүү.

-Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхөд хүндэтгэх шалтгаан хэрэгтэй. Зайлшгүй өөрчлөх л шаардлага гарсан болоод тэр байх?

-Тийм амин чухал шалтгаан байгаагүй л дээ. Энэ процесс цааш ингэж үргэлжилсэн байдаг юм. Иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, 2000 оны гуравдугаар сарын 15-ны өдөр дунд суудлын хуралдаанаасаа Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цэцийн дунд суудлын хуралдаанаас хэрэв тухайн хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарах л юм бол тэр хуулийн үйлчлэл зогсох учиртай. Тэгээд Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан тэр оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болж өмнөх шийдвэрээ баталгаажуулан, Үндсэн хууль зөрчсөн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгоод 1992 оны Үндсэн хуулийн бүх зүйл заалт хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө гэж шийдвэртээ заасан. Гэтэл ердөө маргааш нь нөгөө төслөө дахиад санаачилж, тэр өдөр нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж хуралдуулаад Засгийн газрын санал, дүгнэлтийг авсан. Ингээд хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон нэмэлт, өөрчлөлтийг ижил аргаар, яг нэг жилийн дараа буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр дахин баталчихсан байдаг.

-Үндсэн хуульдаа 14 хоногийн дотор өөрчлөлт хийсэн гэдэг бил үү?

-Тэгсэн. Тэр үед өнөө л Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар Засгийн газрын гишүүн, сайд байсан. Уул нь 14-хөн хоногийн өмнө Үндсэн хуулийн Цэц “Энэ нэмэлт, өөрчлөлт чинь Үндсэн хууль зөрчсөн шүү” гээд дүгнэлт гаргаад хүчингүй гээд шийдвэрлэчихсэн байсан юм шүү дээ. Энэ нөхөд хууль мөрддөг, мэддэг байсан бол эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлж, саналыг нь сонсох ёстой байсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн Цэцээс санал, дүгнэлт авах ёстой байсан. Бүгдийг нь зөрчсөн. Бүүр давраад, хадуураад тэр үед УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хууль бол хууль биш тул Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй гэсэн дүгнэлт хүртэл гаргуулж байсан байдаг. Их сургуулийн хуулийн ангийн нэгдүгээр курсийн оюутан хүртэл Үндсэн хууль бол улс орны хамгийн чухал хууль гэдгийг мэднэ дээ. Дэлхийн олон орны хуульчдын гарын авлага болсон, тайлбар, тодорхойлолтыг нь АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрүүдэд эшилдэг, нэр хүндтэй Блэк хууль зүйн нэр томьёоны толь бичиг (Black`s law dictionary)-т “Үндсэн хууль”-ийг улс орны бүрэн эрхт байдал, төрийн байгууламжийн хэлбэр, үйл ажиллагааны үндсэн зарчмууд, институцийг тогтоож, иргэдийнх нь эрх, эрх чөлөөг баталгаажуулж байгаа хамгийн гол хууль гэж тодорхойлсон байдаг. Миний аав тэр үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийг хууль биш гээд улмаар Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй гэж үзсэнд харамсаж байна. Хууль зүйн байнгын хорооны энэхүү дүгнэлт, эрх зүйн хөгжлийг, эрдэмтэд, судлаачид, ялангуяа оюутнуудыг буруу замаар хөтлөх аюултай” гэж хэлж байсан байдаг юм. Нэг хөгтэй зүйл нь хуульч биш зарим УИХ-ын гишүүд бүр гайхаж хоцроод “Үндсэн хууль, хууль биш юм бол бид сая юунд нэмэлт, өөрчлөлт оруулчихсан юм бэ? УИХ-ын шийдвэр чинь хууль, тогтоол гэсэн хэлбэртэй байдаг биз дээ” гэж асууж байсан байдаг л даа. Ер нь тэгээд зарчимгүй, мэргэжлийн ёс зүйгүй, эрх мэдэлд шунасан, цагийн аясаар хувирч, албан тушаалтнуудад үйлчилдэг нөхдүүд ийм аюултай юм шүү.

-Ард түмнээс заавал санал авах ёстой юу?

-Тэгэлгүй яахав. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт ч тэгж заасан. Аливаа төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй. Тийм ч учраас Үндсэн хуулийн Удиртгал хэсэгт “Монголын ард түмэн бид Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэсэн байгаа. Ардын Их Хурал 1992 онд Үндсэн хууль батлахын өмнө 1991 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний өдрийн хооронд гурван сарын хугацаанд ард нийтээр хэлэлцүүлсэн. Тэр үед нийт долоон мянга гаруй байгууллага, хамт олон, 900 мянга гаруй хүнийг хамруулан хэлэлцэж, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргасан байдаг.

-Тэгвэл 1999, 2000 онд эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахдаа ард түмнээр хэлэлцүүлээгүйн “гай” одоо гарч байгаа юм байна гэж нэг мөр ойлгоё?

-Ийм эх захгүй, хуулийг уландаа гишгэдэг, дураараа нулимдаг, зарчимгүй, өөртөө тохируулж хэрэглэдэг байдал нь явсаар, ужигарсаар өнөөдрийн энэ эх захгүй байдлын суурь үндэс, нам төрийн дээр гишгэчсэн увайгүй үйлдэлд хүргэлээ. Нам гэдгийн цаана би ард түмний нэр барьсан хэдхэн улстөрчдийг ярьж байгаа юм. Намын жирийн гишүүд үүнд огт хамаагүй. Та бүхэн 1992 оноос хойших хоёр том намын удирдлагуудыг хараарай. Хэдхэн л хүн байгаа биз дээ. Төрийн эрх мэдлээс огт буудаггүй хэдхэн хүний асуудал. Намын олон мянган жирийн гишүүдийн итгэл үнэмшил рүү ус цацаж буй энэ хэдэн хүн дарга, сайдын албыг насаараа хашлаа. Дарга нарын амьдрал сайжирсан байна. Ард түмний амьдрал сайжраагүй байна. Тийм учраас энэ нөхөд одоо бүгдээрээ болих хэрэгтэй. Монгол төрийн сайдыг зургаан удаа хашиж байгаа хүн одоо болих хэрэгтэй. Таван удаа Хууль зүйн сайдын албыг хийж байгаа хүн одоо болих хэрэгтэй. Ц.Нямдорж Хууль зүйн сайдыг насаараа хийлээ гээд Монголд шударга ёс тогтсонгүй, хууль ёс бэхэжсэнгүй. Тийм учраас энэ хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээгээд болих хэрэгтэй. Үе үе нэг их том улс төрийн шоу хийж, мэдэгдэл хийдэг. Би яагаад энэ 2000 оны Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгохыг дэмжиж байна гэхээр засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулчихсан. Намаас нэр дэвшүүлсэн байж болно. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн сонгогдсоноосоо хойш нийт иргэд, улсынхаа эрх ашгийг дагаж мөрдөнө гэж заасан болохоос биш, намын эрх ашгийг дагаж мөрдөнө гэж заагаагүй. Дордохын долоон өөрчлөлтөөс болж наад зах нь гишүүд саналаа ил хураадаг болсон. Ингэж УИХ-ын гишүүдийг намын бүрэн хяналтад оруулсан. Өнөөдөр намын бодлогоос өөр санал гаргасан, байр суурь илэрхийлсэн гээд намаас хөөнө гээд л сууж байна. Тэгээд намын бодлогыг нь хэн тодорхойлж байна гэхээр Удирдах зөвлөлийн 20 гаруй хүн л байна.

-Иймэрхүү завхарсан жишээ олон байгаа байх аа?

-Улсын Их Хурал хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөө буурсан. Хуучин бол чуулганы ирц 2/3 гэсэн харьцаагаар бүрддэг, тэндээс олонхын саналаар асуудлыг шийддэг байсан бол одоо ердийн олонхоор хууль баталдаг болсон. 39 гишүүн чуулганд сууснаар ирц бүрдэж байна. Үүнээс олонх гэхээр 20 хүн. Гэтэл өнөөдөр харахад энэхүү 20 хүний чинь 16 нь Засгийн газрын гишүүн байна. Дөрвөн гишүүн нэмэхэд л ямар ч хуулийг батална. Гэтэл УИХ гэдэг чинь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, тайланг нь сонсох, шаардлагатай бол хариуцлага тооцох бүрэн эрхтэй байгууллага. Наад захын жишээ гэхэд УИХ-аас жирийн иргэд, олон мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж төсөвт олон тэрбум төгрөг батлаад өгсөн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан чинь Засгийн газрын тусгай сан, харилцаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл энэ сангийн үйл ажиллагааг ямар байдалд оруулж, эрх мэдэлтнүүд яаж хувааж авсныг монголчууд бүгдээрээ харлаа. Өнөөдөр хуулийн байгууллага УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах гэхээр Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг үндэслэн аваад л үлдэж байна. Энэ дэд хорооны таван гишүүний дөрөв нь Засгийн газрын гишүүн, дарга нь бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд байна. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн хууль бус зарцуулалттай холбогдсон асуудлыг Засгийн газрын гишүүд үнэмлэхүй олонхыг нь бүрдүүлдэг дэд хороо хэлэлцээд сууж байдаг завхарсан юм байж болохгүй биз дээ. Сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үүнийг л хэлнэ.

-ЖДҮ-ийн хууль бус зарцуулалтад холбогдсон албан тушаалтнуудад иргэд үнэхээр итгэл алдарч, дургүйцэж байгаа. Та УИХ баталсан төсвөө зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж чадахгүй байна гэж үзэж байна уу?

-Тийм. Ер нь энэ ЖДҮ-ийн асуудал бол Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт хамаарах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, гэмт хэргийг үйлдэхэд бүлэг этгээд хамтран оролцсон байж болзошгүй, найм хүртэл жилийн ялтай тун ноцтой хэрэг шүү. Ийм ноцтой асуудал үүсчихээд байхад УИХ баталсан төсвийнхөө зарцуулалтад хяналт тавих Түр хороо байгуулж шалгах гээд чадахгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд нь давхар дээл өмсөөд Засгийн газар дотроо ороод суучихаар нөгөө төрийн эрх мэдэл харилцан хяналттай байх тэнцвэр нь алдагдчихсан. Цаашдаа 16 биш бүр УИХ-ын 20 гишүүн давхар дээл өмссөн Засгийн газар байгуулагдвал яах юм? Аюул нь эндээ байгаа юм. Засгийн газар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулдаг. Үндсэн хууль зөрчиж олон улсын гэрээ байгуулах тохиолдолд хүчингүй болгох эрх нь УИХ-д байгаа. Гэтэл дээр дурдсан жишээнээс өнөөдөр хүчингүй болгох боломж хязгаарлагдсан байна. Гэх мэтчилэн ноцтой олон асуудал, аюул байгаа учраас бид үүнийг өөрчлөх ёстой. Хүмүүсийн зүгээс тэгээд дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгосны дараа яах юм бэ гэдэг. Эрх мэдэлтнүүд өмнөх шигээ бас өөрсдөдөө зориулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчих вий дээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Хашраад байна шүү дээ. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, засаглалын зөв хуваарилалт, хоорондын тэнцвэрийг хангах чиглэлээр ард түмэнд хэрэгтэй өөрчлөлтийг хийх ёстой. Сайн жишээ олон байна. Өнөөдөр бид төсвийн сахилга, хариуцлагыг ярьж байна. Үндсэндээ, ирээдүй хойчийнхоо идэх ёстой мөнгийг одоо зээлээд л төсөв батлаад явж байгаа. Төсвийн алдагдлын байж болох дээд хэмжээг Үндсэн хуульд хатуу зааж өгөх ёстой. Өнөөдөр УИХ төсвийн алдагдлыг ес, 10 хувьтай баталж байна. Үүнийг дандаа гадны зээлээр нөхөж байгаа. Ирээдүй хойч маань төлөхөөр өр тавьж байгаа. Уг нь бол төсөв алдагдалтай батлагдвал төсвийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн болдог, Засгийн газар нь хариуцлага хүлээдэг ийм тогтолцоо руу орох ёстой л доо. Ингэж чадвал Засгийн газар бүсээ чангална, тансаглалаа зогсооно, үр ашиггүй зарцуулалтаа хянана, чамбай төсөв орж ирнэ. Нөгөө талаасаа хууль тогтоох үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулж, илүү судалгаатай, үр дүнтэй ажиллах болно. Эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчин, дур зоргоороо аашлаад байгаа албан тушаалтнуудыг огцруулдаг, хариуцлага тооцдог зохицуулалтуудаа тодорхой болгох хэрэгтэй. Засаглалын ойлгомжгүй байдлыг засах, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шүүх, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс хараат бус болгох чиглэлээр Үндсэн хуульдаа тодорхой зохицуулалтуудыг шинээр хийх шаардлагатай байна. Жишээ нь, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл гэж Үндсэн хуулийн байгууллагыг Ерөнхийлөгчийн нөлөөнөөс гаргах ёстой. Гэтэл манайд уг зөвлөлийн дарга, гишүүдийг, дээр нь бүх шатны шүүгчдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлж байна. Мэргэжлийн хуульчид, хараат бус шинжээчдийн зүгээс хуульчдын дундаас шилж сонгож, нэр дэвшүүлсэн хүнийг улс төрийн албан тушаалтан болох Ерөнхийлөгч шүүгчээр томилохгүй, хөндлөнгөөс нөлөөлөх боломж олгосон хуулийн зохицуулалтуудыг өөрчлөх нь зөв. Аль нэг Ерөнхийлөгчийн үед тэрний шүүх, энэний шүүх гэж байж болохгүй биз дээ. Монголын ард түмний шүүх л байх ёстой. Энэ мэт тодорхой болгох маш олон тулгамдсан асуудал байна.

-Үе үеийн Ерөнхийлөгч Монголын шүүх, хууль хяналтын байгууллагад “гай” болж байна гэж судлаачид бичих боллоо. Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын даргатайгаа илэрхий дайсагналцаж байгаа байдал, Шүүх, Прокурортойгоо үзэж тарж байгаа байдал нь өмнөх Ерөнхийлөгчийнхөө хүмүүсийг авч хаяж, өөрсдийн хүмүүсээ оронд нь байршуулах гэсэн, нөлөөгөө улам тэлэх гэсэн зөрчилдөөн гэж харагдах болов. Таны яриад байгаа дордохын долоон өөрчлөлтийг хийх болсон үндсэн шалтгаан нь тэр үеийн Ерөнхийлөгч Багабандийн зүгээс тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг олон удаа буцааж байснаас эхтэй гэж ярьдаг. Энэ бүгдийг та хэрхэн дүгнэж байна?

-Шүүх бол төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийн нэг. Хэнээс ч, тэр дундаа улстөрчдөөс хараат бусаар, бие дааж ажиллах учиртай. Ерөнхийлөгч бол гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хамаарч байгаа. Үндсэн хуулийн үзэл санаа, төрийн эрх мэдлийн хуваарилалт гэдэг нь хүн төрөлхтний олсон ололт амжилт юм шүү дээ. Тийм болохоор Үндсэн хуулийн хүрээнд ном ёсоор байранд нь тавих ёстой. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн үндэсний эв нэгдлийг хангах төрийн тэргүүнийхээ үүргийг л гүйцэтгэх хэрэгтэй. Үе, үеийн Ерөнхийлөгч нарыг харахаар Засгийн газрын ажил руу хутгалдаад, Хууль тогтоох засаглалд нөлөөлөх гээд л, Шүүх, Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон маш идэвхтэй улстөрчид байж ирсэн. Үүнийг буруу гэж харж байгаа. Дээр нь үе, үеийн УИХ хууль батлахдаа Ерөнхийлөгчид төрийн албан тушаалтнуудын томилгоотой холбоотой маш их эрх мэдэл өгчихсөн. Тийм болохоор энэ олон эрх мэдлийг нь хүчингүй болгох ёстой. Үүнтэй холбоотой арваад хууль байна. Тэр бүх хуульд өөрчлөлт оруулъя. Засгийн газар нь хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, УИХ-д ажлаа тайлагнаж ажиллах хэрэгтэй. Хууль тогтоогч нь хууль тогтоогч шиг бай. Шүүх, прокурор нь бие даан, хараат бусаар ажил, юун Ерөнхийлөгчөөс үүрэг, даалгавар авах. Прокурор бол Шүүх эрх мэдлийн хүрээний байгууллага. Улстөрчдөөс үүрэг, даалгавар авдаг албан тушаалтан биш. Шүүх, хуулийн байгууллагуудаа улс төрөөс л хараат бус, бие даан ажиллах боломжийг бүрдүүлье. Тэгэх юм бол наад хүмүүс чинь хараат бусаар хуулийг шударгаар биелүүлнэ. Тэдэнд улстөрчдөд таалагдах биш, шударга ёсыг тогтоох нэг л шаардлага тавих хэрэгтэй.

-УИХ-ын даргыг суудлаас нь буулгах нь л дээ. Энэ процесс таны хувьд хууль эрх зүйн талаасаа яаж харагдаж байна. Мэргэжлийн хуульчийн тань хувьд асууж байна л даа?

-Энэ үйл явц өрнөөд эхлэхээр миний хувьд анхнаасаа нэг л зүйлийг бодсон. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой гэж заасан тул парламент тулгарсан асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж.

-Тэгээд УИХ-ын даргыг огцруулах нь хуульд нийцэж байгаа юм уу?

-УИХ-ын зүгээс даргаа огцруулах, чөлөөлөх таван үндэслэл дээр зургаа дахь үндэслэлийг нэмж байна. Эхлээд бол манай хууль санаачлах эрхтэй гурван субьектийн нэг болох УИХ-ын 40 гишүүн нийлчихээд даргаа огцруулах асуудлыг хүчээр шийдэх гэж оролдсон. Эрх зүйт төрд тийм зүйл байж болохгүй л дээ. Харин сүүлд хууль санаачлах эрхтэй субьект нь хуулиа санаачилсан, батлах эрхтэй субьект нь баталсан. Хуулийн дагуу процесс явж байна. Ингээд л явах ёстой. Тэрнээс юун УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирж гаргах, юун жагсаал цуглаан. Яасан ч их бяртай, завтай, мөнгөтэй юм.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг сөхсөнийх “60 тэрбум”-ын хэргийн талаар Та ямар байр суурьтай байдаг вэ. Таныг төрийн захиргааны албан тушаалын хамгийн дээд зэрэг дэв болох Тэргүүн түшмэлийн зэрэг дэвтэй гэж бичсэн байсан.

-Монгол төрийн албыг мөнгө босгох арга хэрэгсэл болгох тухай яриад, хэлэлцээд сууж байна гэдэг байж болохгүй асуудал л даа. 60 тэрбумын асуудал анх 2016 оны сонгуулийн үеэр яригдсан. Тэр үед би 2002 оны Төрийн албаны тухай хуулийг яаралтай шинэчлэх ёстой л гэж бодож байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа миний бие нөхөдтэйгөө хамтраад уг хуулийн төсөл дээр нэлээн хэдэн жил суучихсан, бараг бэлэн болчихсон байсан. Ингээд Улсын Их Хурлаас 2016 оны намар Ажлын хэсэг байгуулж, миний бие дэд ажлын хэсэгт орж ажилласан. Ингээд хуулийн төслөө батлуулж чадсан. Энэ хуулиар мерит зарчим буюу чадахуйн зарчмыг, карьерын шатлан дэвших тогтолцоог хуульчилж чадсан шүү. Мэргэжлийн бус хүмүүс сонгуулийн үр дүнгээр төрийн жинхэнэ албанд олноор томилогдож, Төрийн нарийн бичгийн дарга, яам, агентлагийн даргаар ажилладаг зохисгүй явдал үүгээр эцэс болж байгаа.

-Өнөөдрийн Монголын төрд насаараа хууль тогтоогоод суучихсан хэсэг хүн байна. Эдгээр хүмүүсийн туршлага, алсын хараа өнөөдрийн төрд, залуу улстөрчдөд ер нь нэмэр болж байна уу, эсвэл бүр нэрмээс болж байна уу?

-Би төрийн ажлын гараагаа Хууль зүй, дотоод хэргийн яам, ЗГХЭГ-аас эхэлсэн. Ажлаа мэддэг, ёс зүйтэй, зарчимтай, залууст нөмөр нөөлөг болж, зааж сургаад явдаг олон сайхан ахмадуудтай хамтарч ажиллаж байсан. Зөв үлгэр дуурайл болж, алдааг маань засч, зөвлөдөг төрийн ахмад зүтгэлтнүүд олон бий. Харин манай энэ УИХ-д насаараа шахуу сууж буй гишүүдийн хувьд дэндүү ёс зүйгүй, зарчимгүй байна. Өнөөдөр тэднээс юуг нь сурах юм бэ. Жишээ нь, бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайл түүнээс авах юм бэ? Эрдэнэт үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж хоригдлуудаар зусландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу? ЖДҮС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал нийгэмд шуугиан тариад л байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрхээсээ Засгийн газар татгалзах, хувийн хэвшилд зарахыг зөвшөөрөхтэй холбоотой асуудал анх 2016 онд яригдахад би тэр Засгийн газрын хуралдаанд оролцож, хуульд нийцэхгүй ажил боллоо шүү гэж хэлж л байсан. Тэр үед М.Энхсайхан сайд бас яг тийм байр суурь илэрхийлж байсан. Ард түмнийг төлөөлж төрийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанитай холбогдох олон улсын гэрээнүүдийг 2004, 2009 онд баталсан байгууллага болох Улсын Их Хурлаар оруулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх нь буруу гэж хэлж байлаа. Гэтэл Ц.Нямдорж сайд энэ маргаантай асуудлыг шийдвэрлэх арга замуудаас хамгийн буруу арга замыг нь сонгосон. Уул нь УИХ-ын тогтоол биш, хууль гаргаад шийдвэрлээд явсан бол дараа, дараагийн асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар байлаа. Хуулийн дагуу асуудал өрнөөд дуусна гэсэн үг. Харин одоо энэ ганц асуудлаас болоод захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барьчихаад хэлэлцүүлэх гээд явж байна шүү дээ. Бүлэг нөхөд Стандарт банкнаас авсан 100 гаруй сая ам.долларын зээлийн барьцаандаа Эрдэнэт үйлдвэрийг тавьсан асуудлаар бол дуугарах ч үгүй байна.

-Гэхдээ сайхан ахмадууд танай намд байна аа, Ш.Гунгаадорж гуай, Шийлэгийн Батбаяр… гээд нэрлэвэл их цуваа үргэлжилнэ. Таны аав Д.Дэмбэрэлцэрэн агсантай мөр зэрэгцэн Монголын төрд зүтгэж явсан ахмадуудыг та арай үгүйсгэхгүй байлгүй дээ?

-Тийм шүү. Үлгэр авах олон сайхан ахмадууд байна. Жишээ нь, миний аавтай хамтарч ажиллаж байсан Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд гэж ямар гайхамшигтай шударга, үнэ цэнэтэй хүн байв. Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч Г.Совд гэж зарчимтай, шударга, мундаг хуульч байсан. Гадаад харилцааны сайд байсан, дипломатч Ц.Гомбосүрэн байна. Академич С.Нарангэрэл багш гэж мундаг зарчимтай хүн байна. Бас Ж.Амарсанаа академич, гавьяат хуульч Ш.Солонго гээд залуус бидэнд гишгэсэн зам мөрөөс нь суралцах хүмүүс олон байна. Харин залуучууд маань хэнд ойр байж, хэнээс суралцаж явах вэ гэдгээ одоо бодох цаг болсон. Үнэн ийм л байгаа. Зарчимгүй, ёс зүйгүй, шударга бус, дарга дагаж далдайсан нөхдөөс суралцаад байх зүйл байхгүй дээ.

-Бас л хуульчийн чинь хувьд асууж байгаа юм. Ойрын шуугиан гэвэл Монголын прокуроруудын нэгдсэн цугларалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очиж өмнөх Ерөнхийлөгчийгөө Таван толгойг гадныханд 100 жилээр өгөх гэж байсан гээд баримт гэх материал өглөө. Үүгээр ч зогсохгүй “Энэ бол гэмт хэргийн шинжтэй” гэж тодотгоод, захиалагч нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь М.Энхсайхан шүү гэсэн. Энэ нь ард түмний хувьд их ойлгомжгүй шуугиан боллоо. Энэ талаар мэргэжлийн үүднээс дуугарч буй хуульч ч алга?

-Монгол Улсын иргэн хэн ч байсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлж болно. Хуулиараа энэ нь нээлттэй. Гэхдээ манай дарга нар төрийн өндөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон цагаасаа эхлээд хувь хүн биш, Монгол төрийг төлөөлж байгаа, тэр утгаараа бүх үйл ажиллагаа нь дур зоргын биш төрийн хуулиар, ёс зүйгээр зохицуулагдаж явна гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт гэвэл ер нь энэ төрийн өндөр албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагад нөлөөлөх гэж оролдохоо болих хэрэгтэй. Тэдний энэ үйлдлийг хуулиар хязгаарлах цаг болсон. Нэг улс төрч ирээд хэрэг захиалдаг, шүүх, прокурорын байгууллагыг нөлөөндөө байлгах гэж оролддог, тодорхой асуудлаар гэмт хэрэг гэж урьдчилан дүгнэж, тулгадаг байж болохгүй. Гэм буруутай эсэхийг зөвхөн Шүүх л тогтооно. Тэрнээс “улс төрийн өрсөлдөгч, сөргөлдөгчийнхөө талаар энэ бол гэмт хэрэг шүү, заавал шалгаарай …” гэсэн тулгалт шахалт, захиалга байж болохгүй. Миний хувьд цаашид хууль, шүүхийн байдлын хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр дорвитой ажиллана гэж бодож байгаа. Шүүх, прокуророос гаргасан шийдвэрт хэн ч эргэлздэггүй тийм цаг үеийг бид авчрах ёстой.

-Тийм гэрэл гэгээ улам бүдгэрч байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан хүн хоригдчихлоо. Энэ нь ард түмний хуулийн байгууллагад итгэх итгэлийг улам алдруулж байх шиг?

-Би Д.Дорлигжав гэж хүнийг гэм буруутай эсэхийг мэдэхгүй. Гэхдээ зарчмын хувьд анхнаасаа улстөрч хүнийг Улсын ерөнхий прокуророор томилсон нь буруу гэж бодож явдаг. 2009 онд тэр үеийн Улсын ерөнхий прокурорыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө чөлөөлөөд сөрөг хүчний намын дарга байсан хүнийг Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч томилсон шүү дээ. Уул нь прокурор улс төрөөс ангид, цэвэр хуулийн ажлаар дагнаж ирсэн, мэргэжлийн хүн байх учиртай. Прокурорын байгууллагад төрийн албаны мерит зарчим үйлчлэх нь зүйтэй. Цаашид бид аль нэг намын гишүүн, удирдах алба хашиж байсан хүнийг прокурор, хуулийн байгууллагад ажиллахыг хуулиар хориглох хэрэгтэй юм. Хүмүүст хуулиар сонголт өгье. Та нэг бол зөвхөн төрийн албанд насаараа шударга зүтгэ, төрийн зүгээс бүх баталгааг чинь хангана. Та хэрвээ улс төр хийх гэж байгаа бол намдаа элсээд улс төрөө хөө. Та бизнес хийж байгаа бол зөвхөн түүнийгээ л хий.

-Та МАН-ын Бага хурлын гишүүн учраас танай нам гэж хэлье. Танай нам өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй олонх болсон. Одоо байж байгаа царайг нь хар. Олдохоороо өлдөнө гэдэг болж байна. Төрийн эрх барьж байгаа намдаа та ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Эрх мэдэл дутсангүй, ард түмний итгэл дутсангүй, ер нь бүгд байна. Сэтгэл, чадвар л дутаж байна даа. Чадахгүй л байсан юм бол чаддаг хүмүүст нь байр сууриа тавьж өгөх хэрэгтэй. Улс төрийн намын хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл нь бодитой байна. Одоо юу ч гэмээр юм дээ, намын жирийн гишүүдээсээ эхлээд бүгдээрээ яг над шиг “Юу ч гэмээр юм дээ” гэсэн цөхрөлтэй болцгоосон. Сонгуульд ялалт байгуулаад ажлаа эхлэхдээ эхнээсээ л буруу явчихсан. Ялсан намын дарга гүйцэтгэх эрх мэдлээ авч Ерөнхий сайд болдог. Гэтэл тэгээгүй. Улс төрийн өнцгөөс л дүгнэж байна шүү дээ, анхнаасаа ийнхүү мордохын хазгай болсон.

-Энэ байдлаараа 2020 оны сонгуулиар МАН найдвар их бага боллоо доо?

-Ард түмний итгэлийг алдсан хүмүүс дүнгээ тавиулна даа. Гэхдээ хугацаа бол бас байна. Амлалтынхаа тодорхой хувийг биелүүлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлээд нэг сонгуульд бус, ирээдүй рүү харсан, зоригтой шийдвэр гаргах ёстой гэж бодож байна.

-Өнөөдрийн УИХ-ын 76 гишүүн Үндсэн хуульд сайн нэмэлт, өөрчлөлт оруулж чадах уу?

-Өнөөдрийн нөхцөлд хэцүү. Тийм болохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж бодож байна. Үүнийг хийж чадвал л энэ УИХ-ын ард түмний өмнө гавьяа байгуулсан үйл хэрэг болно.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар ам.долларын ханшийг 1000 төгрөг рүү оруулаад, нефтийн үйлдвэрээ ашиглалт оруулж, бензиний үнийг огцом буулгаад, айл өрх бүрийн хаалгаар орсон өөрчлөлтүүдийг хийж чадвал юу юм. Тэрнээс ядарсан ард түмэн ҮХ-ийн өөрчлөлтийн ашиг тусыг мэдрэхгүй сонгуульд орох байх аа?

-Долларын ханш, бензин, махны үнийн өсөлт энэ тэр ч бүр явж өгсөн. Оюутнуудын уудаг 200 граммын кола ундаа 300 төгрөгөөр саяхан зарагдаж байсан. Одоо 400 төгрөг болчихсон байх жишээтэй л амьдрал дээр бууж байна. Энэ мэт нийгмийн амьдралыг дарга нар мэдэрч байна уу, үгүй юу. Хувийн хэвшлээ дарамталдаг, хөрөнгийг чинь хураана, нийгэмчилнэ гэдэг, ер нь татвар төлөгч, ажлын байр бий бологчдынхоо сэтгэл рүү ус цацсан үгс улс орон толгойлж буй хүмүүсийн амнаас гарах ёсгүй л дээ. Харин ч хувийн хэвшлээ дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах ёстой. Өнөөдрийн тэрийг булаана, энийг хураана гэдэг байдал нь өрсөлдөгчөө дарж байгаа, дайснаа дарж дархан цолоо мандуулна гэдэгтэй агаар нэг харагдах юм. Энэ нь шударга ёсыг тогтоож байна гэж надад лав харагдахгүй байгаа. Тэрний оронд эхлээд наад тендер будлиулж байгаа, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг цөлмөж байгаа, албан тушаалаа урвуулан ашиглаж, хүнд суртал гаргаж байгаа төрийн албан тушаалтнуудтайгаа хариуцлага ярих ёстой.

-Танд ажлын амжилт хүсье, ний нуугүй ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох нь

Ийм хандлага нийгэмд бий болох нь гэсэн болгоомжлол байна. Дундаас дээш насныхан бараг мэднэ дээ. Эсэргүүний хүүхдүүд гэж нийгэмд ямар өрөвдөм нүд үзүүрлэгдсэн хэсэг байсныг. 1937 оны их хэлмэгдүүлэлт гэхэд Хэнтий аймгийн Дадал сумын 1939 оны хүн амын тоогоор хүүхэд оруулаад ердөө дөрөвхөн эрэгтэй хүн үлдсэн өнөөдрийнхөн үнэмшимгүй түүх бий. Бусад бүх эрчүүдийг нь эсэргүү хэмээн буудаж хороосон. Японы тагнуул, хар шар феодал, Гэндэн, Дэмидийн хамсаатан, эсэргүүний үр хүүхдүүд хэмээн цоллож, тэднийг олон жил амьдын тамд байлгасан юм. Эсэргүүний хүүхдүүдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох бүх эрхийг хорьж, үндсэндээ Монголын нийгмийн илүүдэл болгож хорвоог туулуулсан юм. Залгуулаад 1960-аад оны үеэс эхлээд Хятадын тагнуул, Цэнд, Төмөр-Очирын хэрэг. Хятадын тагнуулууд, Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын намын эсрэг бүлэглэл гэсэн эсэргүүнүүдийг нийгэмд тодруулж, тэднийг нутаг заан цөлж, үр хүүхдүүдийг нь сургуульд сурах эрхийг хасч, мөн л эсэргүүний хүүхдүүд гэх нэр хаягтай хэдэн үеэр байлгаж ерэн он хүргэсэн. Тухайн үеийн Монголын нийгэмд гадаадад боловсрол эзэмшиж, төр засгийн голлох албан тушаалуудад ажиллаж байсан 200 гаруй сэхээтнийг эсэргүү болгосон юм. Тэдний үр хүүхдүүд болох нийгэмд нүд үзүүрлэгдсэн хэдэн мянган хүүхэд байсныг хэлж мэдэхгүй байна. Сумаасаа аймгийн төв орох эрхгүй эдгээр эсэргүүний хүүхдүүдийн дээд тал нь давсны үйлдвэрийн ажилтан, ихэнх нь малчид болсон. Эсэргүү хэмээн нутаг заагдсан аав ээжүүдийнх нь голдоо ортол харамсаж хорвоог орхисон ганц зүйл нь үлдэж буй үр хүүхдүүд нь бүгдээрээ өөрсдийнх нь үүрсэн ялыг нялх балчираасаа давхар үүрэн хоцорч буй тэр харуусал л байсан байх.

Эсэргүүний хүүхдүүд гэх энэ муухай эмгэнэлд 1990 оны ардчилсан хувьсгал цэг тавьсан билээ. Ерэн оноос эхлэн нийгэм дэх энэхүү ангийн ялгаа нэг мөр арилж, Үндсэн хуулиараа иргэн бүр эрх тэгш байх, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ үл ялгаварлах… гэхчлэн Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд суурилсан шинэ Үндсэн хуулийг баталж, эсэргүүний хүүхдүүдийг эрх чөлөөт иргэд болгосон юм. Хамгийн гол нь шинэ Үндсэн хуулиар иргэн бүр хуулийн этгээд байна гэж зааж өгсөн юм. Энэ бол их хэлмэгдүүлэлт, эсэргүүний үр хүүхдүүд гэх бүхэл бүтэн үе давхаргыг бий болгочихсон байсан Монголын нийгэмд гайхамшигт ололт байлаа. Дэлхий дахинаараа Азийн цээжин дэх ардчиллын ганц туг бол Монгол Улс мөн хэмээх нэр алдрыг олсон юм.

Гэтэл өнөөдөр тэрхүү аймшигт цаг үеийг мартжээ. Ялангуяа шинэ үеийн залуус бол энэ түүхийг багцаалах ч үгүй байна. Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох гээд байна. Сошиал сүлжээн дэх хараал зүхэл, улс төрийн том зүтгэлтнүүдийн хэлж ярьж, хийрхэж байгаагаас харахад “Луйварчдын хүүхдүүд улс төрд орох нь, улсаа тоносон улс төрчдийн хүүхдүүд удам залган төрд орж ирж байна. Үүнийг таслан зогсооё…” хэмээн уриалан дуудаж, тодорхой нэр хаяг бүхий хүмүүс рүү, тэдний үр хүүхдүүд дайрч давшлах боллоо. Тухайлбал, М.Энхболдын охиныг гутаан доромжлох, Ц.Элбэгдоржийн хүүг бага дээр нь дарж авъя… гэсэн үзэл суртлыг нийгмийн сэтгэл зүй рүү хүчтэй хаяж байгаа нь үнэхээр болгоомжлол төрүүлж байна. Энэ хийрхэл маягийн өдөөн хатгасан үгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл өөрсдөө хэлэх боллоо. Төрийн өндөрлөгүүдээсээ эхлэн ийнхүү дэвэргэж байгаа нь ерэн онд дэлхийд бахархалтайгаар тунхагласан ардчиллаасаа ухарч, хуучин соц нийгмийн үеийн эсэргүүний хүүхэд хэмээх ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн илүүдэл хэсгийг бий болгож байсан үеийнх рүү аваачих гэж буй эхлэл биш үү. Ингэж эцэг эхийнх нь ял зэмийг үр хүүхдэд нь нялзаах, үр хүүхдийнх нь ял зэмийг эцэг эхэд нь тохож ирсэн гашуун түүхийг бид 1992 оныхоо Үндсэн хуулиар хэдийнэ хориглочихсон шүү дээ. Дахин дахин шинэ Үндсэн хуулийн хүний эрхийн заалтуудыг сануулаад байгаа нь бид бие сэтгэлээрээ олон арван жил эсэргүүний хүүхэд байхын зовлонг туулсан учраас тэр юм шүү.

Үнэндээ өнөөдөр төрийн өндөрлөгүүд зарим улстөрчдийн үр хүүхэд рүү нь хандсан ийм муухай үгийг албан ёсоор хэлж ярьж, нийгэмд дэвэргэж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Аавын ял хүүд ямар ч хамаагүй. Үүнийг Үндсэн хуулиар аль аль нь тусдаа хуулийн этгээд гэж заачихсан. Энэ нь аав, хүү хоёр хоорондоо ямар ч хамаагүй гэсэн үг. Ийм хууль зөрчсөн, ард түмний сэтгэлийг үймүүлсэн, дэмий яриаг нийгэмд хориглох цаг болжээ. Төрийн өндөрлөгүүд иймэрхүү утгатай үг хэлсэндээ даруй уучлалт гуйх ёстой. Энэ бол хууль ёсны шаардлага. Ард нийтээрээ энэхүү эсэргүүний хүүхэд гэсэн хандлагад нухацтай, сэрэмжтэй, эрүүлээр хандах цаг болж! Учир нь бид өдөр тутмынхаа ажил амьдралд түүртсээр явтал нэг л мэдсэн юм өөр болчихсон, дарангуйлал, хэлмэгдүүлэлт рүү нэг алхам гишгэчихсэн байх нь байна шүү. Хамгийн гэнэн тэнэг нь нэг улстөрч нь нөгөө улс төрчдөө өширхсөн үгэнд нийгэм даяараа автаж, ямарч гэмгүй сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж яваа залуу сайхан хүнийг нийтээрээ үзэн ядах хэмжээнд өөрийн мэдэлгүй оччихсон байх бий дээ. Ингэх л юм бол энэ улс орон чинь замбараагаа алдана. Монголоо алдсан хэрэг болно.

Та бид саяхан харлаа, телевизийн дэлгэцээр, олон мянган үзэгчдийн өөдөөс харж байгаад “Хүүхдээрээ хүртэл туг тахиад…” гэж хэлэх чинь ямар хүний үнэр вэ. Гэнэн цагаан насныхаа зангаар зуурдаар л хорвоог орхичихсон хүний охин үр шүү дээ. Тэр үгийг сонсоод үнэндээ зүрх рүү зүүгээр шивэх шиг болсон. Ийм юм ярьж чадаж байгаа хүн ер нь юу ч хийж чадах юм байна гэж бодсон.

Ам нээсэн дээр уушги нээ гэсэн үг бий. Тэгж яривал М.Энхболдыг миний хувьд газрыг эдийн засгийн эргэлтэд төгс оруулсан гавьяатан гэж үнэлнэ. Элбэгээтэй ганц үг ч сольж үзээгүй хүн өрсөлдөгчийнх нь үгэнд автаж “Элбэгээ муу новш” хэмээн зүхэж байгаа нь дэндүү гэнэн, гоомой хэрэг. Энэ чинь л нийгмийг аюулд хүргэж мэдэх нь.

1990 оны гуравдугаар сарын 7-9-ний хооронд болсон Улс төрийн товчоог огцруулах ардчилсан хувьсгалын шийдвэрлэх өлсгөлөнг тухайн үед нэг минут ч болтугай очиж харсан хүнд бол Элбэгээ, Үүл, Дорлиг гурвыг өнөөдөр барих хорих тухай сонсохоос ч зүрх нь үхнэ. Энэ хүмүүс ямар аймшгийн эсрэг сөрж өнөөдрийн эрх чөлөө, эд баялгийг авчирсныг Монголын ард түмэн мартаж болохгүй. Тэр үед хэдхэн сарын өмнөхөн нь Тянь Миний талбайд олон мянган залууг танкаар хавтгайлж, Румынд удирдагчаа эхнэртэй нь Шүүхгүйгээр буудан хороож байсан үе шүү дээ. Нэг л гарын үсэг зурагдахад тэднийг тийм л хувь тавилан хүлээж байсан юм.

Ерэн оны хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс улстөрчдийн сайн муу хэлүүлдэг, зүхүүлдэг, бас манддаг, буурдаг тэр замналаар явж ирлээ. Юу үнэн гэвэл бүгдээрээ Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид болцгоосон нь үнэн. Юу ч хийж бүтээгээгүй, гавьяа байгуулаагүй хүн ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн түүх хүний нийгмийн бүх цаг үед байхгүй. Тэгвэл аавынхаа бий болгосон улс төрийн капиталыг хамгийн сайн мэдэх, үнэ цэнийг нь мэдэрсэн, сайныг нь өөртөө шингээсэн хүмүүс бол тэдний үр хүүхдүүд л байдаг. Тийм болохоор нэгдүгээрт, 1992 оны шинэ Үндсэн хуулиар баталгаажсан тус тусдаа хуулийн этгээд хүмүүс гэдэг талаас нь улстөрчдийн үр хүүхдүүдэд монголчууд хандах ёстой. Хоёрдугаарт дэлхийн жишиг болох нэгэнт эцгийн бий болгосон улс төрийн үнэт капиталыг үр хүүхэд нь залгамжлаад явдаг Америк жишгээр хандаж, тэд бол ирээдүйд Монголын хувь заяаг авч явалцахаар бэлтгэгдсэн залуус гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ерөөсөө төрийн том зүтгэлтнүүдийн замнал ийм л байдаг. Тохиолдлын хүн улс орны хувь заяаг авч явна гэж байдаггүй. Тохиолдлын, завсарын хэн нэгэнд хувь заяагаа даатгасан улс орнууд дампуурсан түүх л байдаг юм даа.

Categories
мэдээ улс-төр

Дахиад хэлье, бүлэглэлүүд зөвшилцлийн ширээний ард сууцгаа

Монголын улс төр дэх бүлэглэл хоорондын энэ их дайн дажныг зөвшилцлөөр шийдэх ёстой гэж урьд нь бичсэн, одоо ч бичиж байна. Талууд хоорондоо зөвшилц гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Өнөөдөр Монголын төр засгийн толгойд ЖДҮХС-гийнхан, “60 тэрбум”-ынхан, дээр нь Ерөнхийлөгч орно. Энэ гурван бүлэглэлийг л хоорондоо зөвшилц, ойлголц, хэлэлцээрийн ширээний ард сууцгаа гэж байгаа юм. Ийм оролдлогыг эхнээсээ хийсэн бололтой юм. Энэ долоо хоногт хоёр бүлэглэлээс дөрөв, дөрвөн хүн уулзаж зөвшилцөхийг оролджээ. “60 тэрбум”-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нар. “ЖДҮ”-гийн бүлэглэлээс Ч.Улаан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Х.Нямбаатар нар оролцсон байна. Хоёр талын нөхөд эв зүйгээ олох гэж гурван удаа уулзаж, зөвшилцөж, ойлголцох гээд чадаагүй гэнэ. Өчүүхэн төдий ч ахиц гаралгүй тарцгаажээ. Ингэх тусмаа Их хурлын чуулган гацаанд орж, төрийн бодлого эзэнгүйдэв. Ерөнхий сайдыг огцруулах эсэх чуулганыг эс тооцвол УИХ-гүй сар гаруй хугацаа өнгөрч байна.

Хоёр бүлэглэлийнхэн гурван удаа уулзаад бүтэлгүйтсэн энэ асуудалдаа одоо зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Уулзсан гишүүдийн чинь тоо нь цөөдөөд байна. Хоёр талаас дор хаяж арав, арван гишүүн оролцох хэрэгтэй. Тэгж байж бүлэглэлийн толгойлогчийн хараат байдал багасна. Дөрвөн хүнийг дуудаж уулзаад тулгалт хийх амархан. Арван гишүүнийг урдаа зогсоогоод тэг, ингэ гэх нь өөр шүү дээ. Тийм болохоор хоёр талаас доод тал нь арван гишүүн, дээд тал нь бүлэглэлийн бүх гишүүд зөвшилцлийн ширээний хоёр талд ярайтал сууж байгаад хэлэлцээр хийх юм. Хамгийн эхлээд эрх ашиг нийлж байгаа юман дээрээ зөвшилцөх хэрэгтэй. Бага ч болтугай ойлголцоод, зөвшилцөөд эхэлвэл ахиц гарч байгаа нь тэр. Аливаа зүйл багаас л эхэлдэг. Хамгийн эхэнд ойлголцож болох юу байна, МАН-аа ингээд устгах уу… гэдгээс эхэл л дээ. Устгалаа, тарааж сарниулж хаялаа гэхэд цаашаа яах юм. Бүгдэд маань хохиролтой биш үү… гээд ярь л даа. За тэгвэл намаа устгахгүй гэж хоёр тал тохирвол яахав. Тэгвэл ийм ийм эрх ашгууд дээрээ нэгдье, тэгээд ийм ийм ашиг хийнэ. Ингэхийн тулд энэ нь ингэнэ, тэр гишүүн нь тэгнэ гээд зөвшилцөл дээшээ ахих ёстой. Ер нь бол дэлхийн практикт энэ мэтээр, шат шатаар хэлэлцээрийг үргэлжлүүлдэг юм аа.

Хамгийн гол нь өнөөдрийн XXI зуунд, ардчилсан нийгэмд нэг бүлэглэл ганцаараа ялна гэсэн ойлголт байхгүй болсон. Хуучин бол нэг хаан гарч ирээд санал зөрөлдсөн болгоноо нухчин дараад ялдаг байлаа. Ойрхны түүх гэхэд Сталин байна, Мао байна. Өөртэй нь санал зөрөлдсөн болгоныхоо толгойг тасдаж ялсан. Монголд бол Х.Чойбалсангийн үед буудаж хороосон. Ю.Цэдэнбалын үед шоронд явуулж, цөллөгт байлгасан. Өнөөдрийн ардчилсан Монголын нийгэмд ингэж чадахгүй. Тийм боломж үнэхээр байхгүй. Тийм болохоор л хэлэлцээрийн ширээний ард бүлэглэлийн гишүүд бүгдээрээ сууж байгаад тохиролц, зөвшилц гээд байгаа юм.

Юугаа тохиролц гээд байгаа юм гэж та гайхаж байна уу? Юу юу авмаар байгаа юм, түүнийгээ шулуухан яриад, ойлголцоод цааш явчихаач гэсэн үг. Би тэр үйлдвэрийг авна, энэ ийм уурхайгаас хувь эзэмш, би тэр төсөлд нөлөөгөө тогтооно, чи тендер, концессийг хяналтдаа ав… гэхчлэн. Эд нарын хоорондын дайн ердөө л энэ шүү дээ. Үүнийг ойлгож ядах юм байхгүй. Шударга ёсыг цогцлоохын төлөө, Монголд диваажин бий болгохын төлөө эд нарыг тэмцээд байна гэж та бүхэн арай бодоогүй биздээ. Бодоод, итгээд яваа хүн байгаа бол хүүхдээрээ байна даа гэж хэлэхээс.

Аль нэг бүлэглэл нь ялж гарч ирээд уул уурхайг ард түмэнд хувьчилж үнэгүй өгөөд, бүх өр зээлийг чинь өмнөөс нь төлөөд, хамгийн баян 30 монгол иргэнийг бидний нүдэн дээр дүүжлээд, ресторанд оруулж австрали үхрийн махан стейкээр дайлаад … ингэнэ гэж бодоод байгаа юм уу. Монголчууд минь дээ, та бүхэн маань ийм гэнэн, романтик суртал ухуулгад автахааргүй хашир болсон. Ямар 1989 он байгаа биш. Тэгэхээр эд нар бол хөрөнгө л булаацалдаж хоорондоо тэмцэлдэж байгаа юм. Тэрнийгээ л хоорондоо тохирч аваад ард түмэн биднийг амар тайван байлгаад өгөөч. Нөгөө хонь бүрэн, чоно цатгалан гэгчээр шүү дээ.

Гэхдээ ийм бодолгүй нэгэн хэсэг байж байгаа. Ард түмэн бид тэгээд яах юм. Дээгүүрээ хуваагаад авчихлаа, яасан ханаж цаддаггүй юм. Бид фэйсбүүкээр дамжуулан шударга үнэний төлөө тэмцэж байгаа. Гэтэл эцэстээ ингэдэг байна шүү гээд орилолдоод, гомдоод сүйд болох байх. Үнэндээ томчуудын ингэж хувааж авах нь бидэнд ямар ч падгүй. Хүн төрөлхтний нийгэм ерөөсөө ийм л юм. Ямар ч улс оронд хэдхэн хүн л нийгмийг авч явдаг. Тэд л үйлдвэр, уурхай, банк санхүү, ерөөсөө нийгэм-эдийн засгийг зохион байгуулж, олон түмнийг авч явдаг юм. Хүний нийгэмд олон түмнээрээ хувааж авдаг юм гэж байхгүй. Олон түмнээрээ оролцдог ажил юу байдаг вэ гэвэл дайн байлдаанд л нийтээрээ хамрагддаг. Бурхан ингэж л хуваарилсан. Харин хөгжсөн улс оронд бол авсан эзэд нь тэр үйлдвэр, уурхайгаа сайн ажиллуулж хувьцаат болгодог. Хувьцаа нь өөрөө ард түмний оролцоог бий болгож нийгмээрээ урагшилдаг ийм л дэг жаяг байна.

Өнөөдөр шившигтэй байна л даа. Монголын төрийн толгойд очсон хэдэн хүн хоорондоо ойлголцохгүй зодолдоод, нэгнийхээ булайг дуудаад, нам төр гэсэн ойлголтыг доод түвшинд аваачиж шидээд. Үүний хор уршиг нь улс орноо улам л доройтуулж, гадна ертөнцөд муухай харагдуулж, ард түмнээ ядууруулан урагшаа явж өгсөнгүй. Энэ хэд юмаа булаалцалдаж байгаагаа нуухын тулд УИХ, Засгийн газар, элдэв иргэний хөдөлгөөн, нам эвсэл нэрийн дор жүжиг тавьцгааж байна. Бодит үнэн гэвэл эх орон, шударга ёсны төлөө гэдэг бүгд худлаа. Тийм болохоор дахиад хэлье, аль болох хурдан хоорондоо ойлголц, зөвшилц, эвтэйхэн хувааж авцгаа. Ингэх нь ард түмний эрх ашиг болчихоод байна. Энэ талаар эхнээсээ эдийн засагчид санал бодлоо илэрхийлээд эхэлчихсэн байна. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл гэхэд “Засаглалын хямрал бодитой болсон үед өргөх бичиг үр дүн өгөхгүй. Үнэхээр хоёр тал асуудлыг шийдье гэвэл саналуудаа хоёр талаасаа зөвшилцөж, реформын жагсаалт гарга. Дундын зуучаар нэр хүндтэй хүмүүсийг тавь. Болохгүй байгаа бүх хуулиудаа өөрчил. Тэгээд хүнээ ярь. Ийм л гарц байна” гэж. Зөвшилцөхөөс өөр замгүй болсныг бүлэглэлүүд хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Харин зөвшилцөж чадахгүй энэ хэвээр цааш явбал тэгээд л намтайгаа, юутай хээтэйгээ сөнөж, улс төрийн тавцангаас 65-уулаа гутамшигтайгаар буух байх даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хамгийн их аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ хамгийн их бухимдалтай байна

Монголын газар шороон дээр хүн төрөлхтөн амьдарч эхэлснээс хойш магадгүй хамгийн их аз жаргалтай амьдарч буй цаг үе бол сүүлийн 30 жил юм. Үүнийгээ бид ийм доргионтой өдрүүдэд хүлээн зөвшөөрөх нь их ухаалаг хэрэг болно. Энэ бол ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж, их гүрнүүдийн хараат байдлаас гарч, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхсаны буян хишиг юм. Яалт ч үгүй, Ардчилсан хувьсгалыг хийсэн, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалж ирсэн хүмүүсийн ач гавьяа. Монголчууд бид өнөөдөр дээрээ хаангүй, дэргэдээ албатгүй, ёстой нэг үлгэрт гардаг шиг хөл хөсөр, гар амар, хамгийн аз жаргалтай үедээ амьдарч байна. Ингэж бичихээр зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Таалагдахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь өглөө хувийн машинаараа хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байгаа. Гуч хүрэхгүй жилийн өмнө хүн бүр хувийн машинаараа хүүхдээ сургуульд хүргэж өгөөд… гэх нь үлгэр, зүүд зэрэглээ байлаа шүү дээ.

Өнөөдөр Далай ламын маш олон сургаал номлол хүний нийгэмд моодноос гарахгүй, улам ч түгэн дэлгэрсээр байгаа. Мянганы сургаалаас эхлээд… Тэр дундаа энэ цаг үед барууны өндөр хөгжилтэй орнуудад Далай ламын “Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур. Үр хүүхэдтэйгээ ямагт ойр бай, хань ижилтэйгээ аялж бай. Хүн гэдэг амьтанд энэ л аз жаргал. Биеийн эрүүл мэнд бол сэтгэлийн эрүүл мэндээс шалтгаантай. Хамгийн эхэнд оюун санаагаа цэвэр ариун байлга” гэсэн үзэл санаатай сургаалуудыг хөгжлийн дээд шатанд явж буй улс орны иргэд тэр аяараа сонсож, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байна. Далай лам бол дэлхийн 200-гаад улс орон дотор Монгол гэдэг улсад хамгийн их хайртай гэдгээ удаа дараа илэрхийлсэн хүн. Гэтэл хайртай ард түмнийх нь оюун санаа өнөөдөр ямар байна вэ. Аз жаргалтай амьдарч буйгаа ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй шунал, атаархал, хонзогнолын далайд живж явна.

Хүн төрөлхтний нийгэм их хөгжсөн. Үүний үр шимийг монголчууд бид хамгийн их хүртэж байгаагаа нэг ойлгооч. Монголчууд дэлхийн гүрэн байсан Чингисийн үед ямархуу байсныг саная л даа. Чингисийн хүүхдүүд, үр сад, ач зээ, хэдэн хатад нь, ойр дотных нь хаад ноёд жаргалтай байсан байх. Харин Монголын ард түмэн бол тэр үед, эртээдийн У.Хүрэлсүх дээр орсон хэдэн залуучуудын хэлсэн үг шиг жадны үзүүр, сэлэмний ир л явсан. Цаг үргэлж аян дайнд мордоостой, хэдэн жил сараар цусаа урсган явцгаасан. Амьд явах баталгаа нэг хувь ч байгаагүй. Өнөө есөн зэм ялыг хэлтрэх дархан эрхтэй ноёдууд нь сэлэмнийхээ ирийг шалгах гээд хажуудах албатаа цавчиад хаячихдаг байсан түүх, шастир хуудаснаа, түүхэн эх сурвалжуудад дүүрэн л байх юм байна шүү дээ. Яг бодит үнэнийг шулуухан хэлэхэд зарим нэг улс үндэстний дунд би Чингисийн Монгол гэж ярих нь тийм ч бахархах зүйл биш. Үүнийг юм үзэж нүд тайлсан хүмүүс мэднэ. Дэлхийн түүхэнд ховорхон тохиосон ярагчид гэж үздэг улс орнууд цөөнгүй шүү дээ. Ийм хэцүү бэрх цаг үед, их Чингис хааны үед амьдарч байсан монголчуудыг жаргаж байсан гэж хэлэх боломжгүй байх аа. Чингисийн дараа их хаадын хагарал бутрал нь, дайн дажныг улам ихэсгэж, монгол айл бүрийн хаалгаар амьдын хагацал оруулсан. Үргэлжлүүлээд бага хаадын бутрал Монголын ард түмнийг хөлдөө улам ихээр чирч, үйлийг нь үзэж, тамаа цайсан хэдэн зууныг элээсээр Манжид дагаар орсон билээ. Манжийн мэдэлд байх 200 жилийн хугацаанд алаан хядаан нь арай аядуу болсон байдаг. Харин албан гувчуур, өртөө улаа, өвчин зовлон, үгүйрэл хоосрол тамтагаа алдсан даа. Тэр үед 50 насалсан хүнийг ямар өндөр наслав хэмээн гайхан ярилцдаг байсан нь бодит үнэн юм. Өнөөдөр тэгвэл манай эрчүүд 50 насан дээрээ тав дахь эхнэртэйгээ гэрлэж байна. 52 насан дээрээ хүүхэд төрүүлж, дахиад нэг зүтгэвэл эхнэр маань эхийн одон авчих гээд байна хэмээн зүтгэж байна. Энэ бол үнэндээ аз жаргал юм аа. Ард нийтээрээ амьдрал нь боломжтой, аз жаргалтай, амар тайван, эрх дураараа амьдарч байгаагийн хамгийн энгийн хийгээд тод жишээ энэ юм. Гэтэл ийм сайхан аз жаргалаа ойлгохгүй, харин ч бүр эсрэгээрээ зовж байгаа мэтээр дээр доргүй ярьсаар, тунхагласаар байгаад одоо Монголын нийгмийг хямралын шинжтэй болгочихлоо. Үүнийгээ ойлгоосой гэсэндээ үүх түүхээс нь дурдаж байна.

Түүхийг дахиад ч товчхоноор үргэлжүүлэн сануулъя. 1910 оны үе буюу Манж гүрэн мөхөх тэр цаг үед хагас сая хүрэхгүй монголчууд нийтээрээ ядуурал гуйранчлалын туйлд хүрч, мунхаглал, мухар сүсэг, шашин, харанхуй оюун санаатнууд болж, монголчуудыг монгол гэж танихын аргагүй болсон байв. Нийт эр хүйстний 70 хувь нь лам болж, эхнэр авахгүйн зам мөрийг хөөсөн байлаа. Хүн амын нөхөн үржихүй нойл зааж, ангаж цангасан эмэгтэйчүүдийг нь хэн дуртай нь яадаг, зах замбараагүй болсон нь өвөг дээдсээ доромжилсон хэрэг биш цаасан дээр бичигдэж үлдсэн үнэн түүх, дүр зураг билээ. Гумилев бээр ил шулуунаар мөхөн дуусч буй монголчууд хэмээн дэлхийд тунхаглан зарлаж, бичин туурвиж байсныг бид өнөөдөр уншаад л сууж байна шүү дээ. Өнөөдрийн үеийнхэн жаахан ч болтугай юм уншдаг бол үнэндээ эмзэглэж үхмээр дүр зургаар эцэг өвгөдийн маань тухай монгол судлаач, алдарт эрдэмтэн Гумилев бичиж үлдээсэн байдаг юм шүү. Өөр ч гадны аялагч судлаачдын тэмдэглэл номууд бий. Гумилев нэгэнтээ “Их газрын гүнд, бие дээгүүр нь жижигхэн жижигхэн хорхой гүйлдэж байдаг цөөхөн үндэстэн бол монголчууд юм. Тэд өдгөө 400 мянга хүрэхгүй. Жилээс жилд улам цөөрсөөр байна. Удахгүй мөхөж үгүй болох ард түмэн билээ” хэмээн бичиж байлаа. Баабарын Төрийн соёрхол хүртсэн бүтээл болох “Монгол түүх” дөрвөн цуврал ботийг өнгөрсөн жил шинээр нэмж баримтжуулан баяжуулж дахин хэвлэснийг хараарай. Уншихаас залхуурч байгаа бол бараг тавин хувь нь тэр үеийн гэрэл зурган мэдээлэл байгаа. Тэр үеийн дундаж түвшний амьжиргаатай гэгдэж байсан монгол айлын дотор гаднахыг харвал одоо ч Монголд хамгийн ядуу айл тийм гэр орон, амь амьжиргаатай байхгүй байгаа. Ийм л гамшиг зовлонт цаг үеийг туулан монголчууд социалист нийгмийн гэх 70 жил үргэлжилсэн системийн аман дээр 1921 онд ирсэн юм. Соц нийгмийн 70 жил бол үнэхээр эрх чөлөөгүй цаг үе. Авах ганц юм нь бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан, өвчин хуучнаасаа салж, басчиг соёлжсон. Энэ бол үгүйсгэх аргагүй юм ололт мөн. Хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болох эрх чөлөө, ардчилсан зарчим бол байгаагүй. Аймгийнхаа төвийг орохын тулд “Зам явах” гэдэг хуудас авч НАХЯ-ны төлөөлөгчдөө бүртгүүлдэг байлаа. Хоёр хүн тутмын нэг нь энэ яамны нууц мэдээлэгч байж, хэн ямар айлаар орж, юу яриад гарсан нь тэр дороо бүртгэгддэг байлаа. Хувийн өмч хөрөнгийн тухайд ярих ч хэрэггүй. Хувхай хоосон ард түмэн.

Гэтэл өнөөдөр хөдөөд 13 настай хүүхэд шинэ мотоцикль унаад давхиж явна. Хотод бол ийм насны хүүхэд зах дээр хэдэн сар тэрэг түрээд л мотоцикль аваад уначихаар мөнгө олно. Нийслэлд үнэндээ өнөөдөр хуучин машин ч тоохоо больж байна шүү дээ. Монголчууд ингэж айхавтар капиталжсан байна. Жишээ нь, хотод 2000 төгрөгтэй байхад нэг өдөр өлсөхгүй явчих боломжтой. Нэг кг хонины мах 5000 төгрөг байна. 200 грамм мах 250 төгрөг. Доод талын гоймон 700 төгрөг. Ус, сонгино… гээд үлдсэн мөнгөөр нь хоолны орцууд авчих нь. Нэг хүн цадтал идэхээр хоол хийчихээр байгаа биз дээ. Хүнсэн дээр гэхэд ийм үнэ ханштай, манай хэрийн хөгжлийн түвшинтэй улс орон дэлхийд цөөхөн юм.

Ийм л элбэг дэлбэг амьдарч байна, бид. Гэвч бидний сэтгэл санаа гэж авах юм алга. Маш их уур хилэнтэй, бүх зүйл нь сөнөчихсөн юм шиг, зовлонгийн туйл үзэж байгаа юм шиг, дайн дажинтай улс орны ард түмэн мэт аашилцгааж байна. Энэ бол муу ёр юм. Оюун санааны энэ бохирдол нь өнөөдрийн монголчуудын аз жаргалыг үгүй хийж байна. Бүгд уур хилэнгээсээ болж нэгнийгээ хөнөөхөөс ч сийхгүйд хүрэх нь. Саяхан нэг судлаач “Атаархалаа хямрал гэж ойлгосон 10 хувь байна” гэж бичсэн байна лээ. Энэ үнэн. Яг үнэндээ арван хувиас ч хол илүү байгаа байх. Зах зээлийн нийгэм хүн бүрт боломж олгосон. Бүгд нэг гараан дээрээс хөдөлсөн. Боломжийг тултал ашиглаж баяжсан хэсэг байна. Зөв, ингэж баяжих ёстой нийгэм. Харин ингэж боломжоо ашиглан хөрөнгөжсөн хэсэгтээ атаархаж үхэх гэсэн, үүнээсээ болж өөрийгөө тамлаад байгаа маш олон хүн бий болсон нь үнэндээ өнөөдрийн нийгмийн эмгэнэл болчихоод байна.

Энэ атаархлыг хэн дэвэргэж, нийгэм даяарын шинж чанартай болгож байна вэ. Өнөөдрийн улстөрчид шүү дээ. Попуудын юу хэлж ярьж, юунд турхирч байгааг харж байгаа биз. Тэрийг хар, энийг хар, тэгж баяжсан, ингэж хөлжсөн хэмээн дайрч байна. Монголын улстөрч гэх хүмүүс нийгэмд танигдахын тулд, тодрохын тулд монголчууд бидний энэ атаархал дээр тоглож гарч ирж байна. Дээр нь иргэний хөдөлгөөнүүд байна. Саарал ордондоо эргэн орж суух туйлын хүсэлтэй гудамжинд байгаа асангууд байна. Энэхүү атаархал дээр суурилсан нийгмийн бухимдлыг төрийн гурван өндөрлөг маань хүртэл ашиглаж, ард түмнийг хутган үймүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Гэтэл монголчууд хүн төрөлхтөн дундаа ховорхон хувь заяатай, жаргасан ард түмэн байж байдаг. Энд нэг зүйлийг илүү дуугархад дэлхийн хамгийн баян 10 орны жагсаалт албан ёсоор гарчээ. Хамгийн баян нь Катар улс байна. Хүн амын тоо нь 2 сая 694 мянга. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 129 мянга 512 ам.доллар. Залгуулаад Люксембург, Макао, Сингапур, Бруней, Норвеги, Кувейт… гээд явж байна. Эдгээр 10 баян орон дотроо хамгийн олон хүн амтай нь Сингапур 5 сая 791.9 мянган хүн амтай. Тэгээд л тоо нь доошоо бууж байгаа юм. Харьцуулахад Монгол Улс 3 сая 177.9 мянган хүнтэй. Хүн амын тооноос хөгжил хамаардаггүй юм байна аа. Харинчиг эсрэгээрээ хүн ам цөөнтэй улс орнууд энэ дэлхийд хамгийн баян нь байдаг юм байна. Эдгээр арван баян орон юугаа ашиглаж хөгжсөн, баяжсан гэвэл нэгдүгээрт, хүн ардынхаа оюун санаа, уураг тархийг л ашигласан байна. Хоёрдугаарт, байгалийн баялгаа. Эдгээр 10 баян оронд Засгийн газар нь огцорлоо гэж та нар сонссон уу. Зарим улс нь хөгжлийн түвшингээрээ бидэнтэй бараг нэг гараанаас хөдөлсөн нь ч бий шүү дээ. Монголчууд бидний байгаа царай ийм л байна.

Өнөөдөр нийгэмд ерэн оноос хойш л тамаа цайж байгаа юм шигээр худлаа ярьж, сурталчилж байна. Ерэн он гараад эхний гурван жил нь хүнд л байсан. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн түүх, туулах ёстой байсан зам. Одоо ингэж худлаа үзэл суртал явуулдагаа боль. Бүх мэдээлэл ерэн оноос хойш ил болсон. Сошиал ертөнц бий болсон. Мэдээлэлтэй байж үзээгүй ард түмэн үүнд их цочирддог юм байна. Үнэндээ аль ч цаг үед, ямар ч нийгэмд төрөөс хулгай хийж, шамшигдуулахсад байсан. Өнөөдөр гэхэд нийгэмд хамгийн их бухимдал авчирч байгаа ЖДҮХС байна. Ерэн оноос өмнө юун ЖДҮХС-гийн мөнгийг булаацалдах. Бүх мөнгө төрийн мэдэлд, түүнийг нь хэдхэн хүн л мэддэг байсан шүү дээ. Эргэж харсан иймэрхүү түүхүүдийг яривал дуусашгүй их бузар булайг дэлгэх болно. Тийм болохоор орхиё. Урагшаа харах ёстой.

Монголчууд бид энэ жаргалтай цаг үеэ хайрлах, хамгаалах, тордох хэрэгтэй байна. Ингэхийн тулд иргэн бүр хариуцлагатай байя. Биесээ доромжилсон хүмүүсийн шүлсэнд булуулж суумааргүй байна. Өнгөрсөн 30 жилд олж авсан Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах нь дан ганц АН-ын үүрэг биш. Иргэн бүрийн үүрэг. Хамгийн аймаар нь болж бүтэж байгаа юм Монголд алга, бид сөнөлөө, мөхлөө гээд зогсоо зайгүй сурталчилаад байхаар ард түмэн маань нийтээрээ “Нээрэн бид чинь хамгийн ихээр зовж, ядуурал гуйранчлалын туйлд хүрч байгаа юм байна” хэмээн итгэх хандлагатай болж байгаа нь хамгийн аюултай. Мэдээж үүнээс илүү хөгжих, илүү сайхан амьдрах боломж бидэнд байсан. Үүнийгээ алдсан нь үнэн. Гэхдээ монголчууд гуйлгачин болчихоогүй. Ертөнцийн шившиг ч болчихоогүй. Байгаагаа хамгаалж, тордож, ямх ямхаар урагшлуулж байж бид цаашаа явна. Ингэхийн тулд эхлээд нэгэндээ атаархаж хорсдог, нэгнийхээ муу явааг харвал ихэд баясаж, бүтэн нойртой хонодог атгаг хорон санаагаа хаяж, сэтгэл санаагаа цэвэрлэцгээе. Бид амгалан тайван эх оронтой, эрх дураараа амьдрах нийгэмтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан хэвлэлтэй, энэ дэлхийн хамгийн их эрдэс баялаг дээр танз эргэсэн, дутуу юмгүй, бүтэн ард түмэн шүү.

Categories
мэдээ цаг-үе

Гог Гавар

Тэр үеийн цөөхөн сэхээтний нэг Рэгзэн бөглүүд суманд малын бага эмчээр очсон нь сэхээтний төөрөгдлийн гэх он жилүүд байлаа. Оросод дээд сургууль дүүргэсэн тэрбээр Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр өндөр албатай нөхөдтэйгээ оюутан цагийнхаа зангаар харьцаж байж алдаа гаргасан нь намаасаа шийтгэл авч, улмаар говийн бөглүү суманд унаган багын мэргэжлээрээ ажиллахаар цөлөгдөх горыг амссан нь энэ юм. Улаанцурав хэдэн хүүхэд, бие давхар гэргийгээ дагуулж, “Зил 130” машинд таван ханатай гэр ачаалан ирсэн тэднийх “Нэгдлийн хашаа” хэмээх нийтийн хашааны хойт мухарт гэрээ барив. Аймгийн АДХГЗ-ны дарга нь ашгүй голгүй эр байсангүй, бага залуугийн нөхрөөсөө нүүр буруулаагүйн хэрэг гарч гайгүй сум нэгдэлд нутаг заагдахад нь тус болжээ. Очсон даруй хүний нүд, олны хэл ам намын эсэргүү хэрэгтэн түүн дээр хурц тусч байсан ч аймгийн даргаасаа сэм “Цаад муугаасаа нүүр битгий буруулаарай” гэсэн захиастай сум нэгдлийн даргын зүгээс дарамт харьцангуй бага байх төлөвтэй. Энэ нь их нэмэртэй байсныг Рэгзэн сүүлд ярьдагсан. Гэхдээ л аргаа барах үе их. Цалин 300 төгрөг. Эхнэр ажилгүй бие давхар. Дөрвөн хүүхэд нь дунд сургуульд. Том хүү нь уралдаант шалгалтад орсон ч дээрээс нь ямар нэгэн урт гар мулт татаад хаячихаж. Удаах охиноо олны дунд оруулахыг хичээсэн ч сум орны хэлтсийн төлөөлөгчийн хяналт ургаш гишгүүлэхгүй тул хөдөлж чадахгүй байсаар таван онцын эзэн охин нь бас нэгэн далдын урт гарт баригдаж авсан оноо нь дарагдан Цэцэрлэгийн багшийн сургууль дээр буусан нь үнэн хэрэгтээ тэдний гэр бүлийн хувьд гэрэл гэгээ байлаа. Яадаг ч байсан хот орон бараадаж сургууль соёлд сурах нь гэж.

Намар болж охиноо сургуульд явуулах цаг ойртох тусам санхүүгийн асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой болж байлаа. Эцсийн найдвар болох сум нэгдлийн дарга дээрээ орж 500 төгрөгийн тусламж гуйсан ч тусийг эс олов. Эр хүнд энэ хорвоо хүнддэх үе байдгийг тэрбээр ажил тарахын алдад сумын төвийн баруун урд захад байх Худалдаа бэлтгэлийн ангийн хашаанд хураалттай байх боодолтой ноосон дээр сууж байхдаа яс махандаа тултал мэдэрч байлаа. Одоо гэртээ очиход өөрийг нь царайчлан, “Мөнгөний арга олдсонгүй юу хөгшин минь” хэмээн гар дагуулан харах гэргийгээ, битүүхэндээ аавынхаа үйл хөдөлгөөн бүрийг ажиглан “Намайг хот руу сургуульд явуулах мөнгө олдчихоогүй л байхдаа” гэж дотроо догдлон зогсох охиноо бодохоос яс хавталзаж, дотор нь бачуурч байлаа. Эхнэр хүүхдийнхээ өмнө эр хүн арчаагаа алдах шиг гутамшиг энэ хорвоод байдаггүй ч юм шиг. Тамхи ч татмаар, архи ч уумаар, эсвэл хээр гараад байдаг тэнхээгээрээ орилж чарламаар, цээжээ нүдмээр… Намрын нар таатай ээх хэдүй ч дотор нь зэврүү оргих түүний нүдний үзүүрт нэг хүн бөртөлзөж, тэртээ хашааны захад хөглөрсөн ноос эмхлүүлж, энд тэнд тарж бутарсан модон хайрцагнуудыг эмхэлж цэгцлэн дээш доош тонгойн хөдлөх нь Гавар харагдав. Гавар хэл дультираа учраас түүнийг нутгийнхан “гог” Гавар гэж дуудна. “Гог” гэдэг нь нутгийн нэршлээр бөөрөнхий хэлтэй, ерөнхийдөө хэл ярианы хөгжил муутай хүнийг хэлдэг шиг байгаа юм. Үе насны, бараг өөрөөс нь цөөн насаар ах болов уу ч гэмээр Гаварыг Рэгзэн ажиглан сууна. Нэгдлийн хамаг л хар бор ажлын үзүүрт тэрхүү Гавар л гүйж яваа харагдана. Нэг харах нь ээ сумын хэдэн байгууллагын хооронд зарлага ч хийж явах шиг. Төгрөг тавин мөнгөний зузаавтар дэвтэр, дундаа харандаа хавчуулчихсан. Түүнийгээ бор дээлийнхээ энгэрээс гаргаж ирээд “Таныг тэдний өдрийн тэдэн цагт хянан шалгахын дарга дуудахад та байхгүй байсан байна. Одоо очихгүй бол болохгүй” гэж хэн нэгнийг гүүргийлдэн гудманд, гэрийн үүдэнд нь зогсохыг Рэгзэн нэг бус харж “Яасан айхавтар золиг вэ, худлаа хэлээд аргалж болохгүй нь байна шүү” гэж бодсон удаатай. Эсвэл нэгдлийн няравыг дагаад шуудайтай юм үүрчихсэн гүйж явна. Эсвэл сумын ахуй үйлчилгээний манаач амарсан учир би оронд нь сууж байна гэчихсэн явж байх. Энэ бүх ажлын дотроос түүний түлхүү хийдэг ажил мужаан юм даа. Нэгдэл дэх албан ёсны орон тоот ажил нь “Аж ахуйн туслах ажилтан” гэж Гаварын албан тушаалыг сонссон юм байна. Ер нь нэгдэлд нөхөөсний ямар л хар бор ажил гарна түүнд тэр явна. Зун хангайн сумд руу гарсан бригадынхнаас өвс татахаар хөдөлж буй нэгдлийн хэдэн “Зил130”-ийн жолооч нарт зарагдаж, юмыг нь ачилцаж байж унаад гараа гэмтээсэн сураг дуулдахад нь над шиг ядарсан амьтныг аятайхан зарчихгүй, өндөр ачаан дээр гаргаж байж унагаж л дээ гэж Рэгзэн дотроо түүнийг өмөөрөнгүй бодож билээ. Нэгдлийн Худалдаа бэлтгэлийн анги нэртэй, үндсэндээ сум нэгдлийн хамаг л түүхий эд орж гарах хашааны нэг булангаас нөгөө булан хүртэл борви бохис хийлгүй ажиллах Гаварыг харж суусан Рэгзэн сая сэхээ авч “Чиний нөгөө гэмтсэн гар гайгүй юу, Гавараа” гэхэд хураалттай ноосон дороос цухуйх савах моднуудыг суга татах гэж оролдох тэрбээр “Гаагүй” гэж хариулав. Худалдаа бэлтгэлийн ангид ирсэн бараануудыг бүслүүрдэж ирдэг тэрхүү нарийвтар савхан моднуудыг эмхэлж авдаг хүн нь энэ нэгдэлд ганцхан Гавар. Бодвол гал түлдэг байх. Хэмхэрч цуурсан паниаруудыг тэр тэргэнд түрээд явж харагдана. Ажил тарсаны дараа аж ахуйн хашаанд доторх хамаг л хог новшийг нэг яажгий тэргэн дээр овоолж түрээд сумын төвийн доод руу үхэрчний хороололд байх гэр рүүгээ уухчин түрж явах Гаварыг сумынхан орой бүхэн харахдаа “Зайлуул, ядарсан амьтан” гэж бодоцгооно. Тэднийх нэг их том биш хашаатай, дотроо томоо гэгч нь хэлбэрээ алдсан амбаартай. Дөрвөн ханатай гэртэй. Болоогүй ээ, бас хар алаг цөөвтөр үнээгээ эхнэр нь өглөө бүр дэрс рүү тууж оруулах нь харагдана. Иймэрхүү л амь амжиргааны төдий, хүмүүс хэлгүй, зүдрүүхэн, бас олон хүүхэдтэй гэсэн ойлголттой нэгэн эр ийнхүү хажуу хавийн юмаа нааш цааш нь эмхлүүлж, тонголзож бөхөлзсөөр яваад ирж хажууд нь суув.

Хир даг болсон дугуй хар малгайгаа нэг гараараа сөхөж нөгөө гараараа духныхаа хөлсийг арчингаа “Та харах болоогуу юу” гэв. “Зовлон байна аа, Гавар минь” гэж Рэгзэн өөрийн мэдэлгүй хэллээ. Энэ муу амьтанд л сэтгэлээ уудлах хэмжээнд очиж дээ би гэж Рэгзэн харамсангуй бодоод үргэлжлүүлж яримаар санагдав. “Охин минь цэцэрлэгийн багшийн сургууль авсаан. Явах нь болчихож. Мөнгө төгрөг хүрэлцдэггүй. Нэгдлийн дарга дээр түрүүн орж мөнгө гуйгаад бүтсэнгүй. Яахаа мэдэхээ байчихаад сууж байна. Том хүү маань энэ зун сумын мал эмнэлэгт дагалдангаар ажиллаж, тарилгад яваад 150 цаасны хөдөлмөр хөлс гарч. Тэр нь хүрэхгүй нь…” гэхчлэн өөрийн мэдэлгүй доторхоо уудаллаа. Хөлс үнэртүүлсэн Гавар улаан тамхи сонинд ороож шунаг сорох зуураа тэртээх Тэвш хайрхан руу харж ялимгүй санаа алдаад “Тэгчихээ юу, тэгсэн ч амьдална даа” гэж дультараа хэллэн дуугарсан нь Рэгзэнд жигтэйхэн содон, чихэнд нь тод сонсогдож “Гавараас ийм үг гардаг юм уу” гэж бодоод түүн рүү тогтож харав. Бөөрөнхийдүү хэлээр “Амьдална даа” гэсэн үг нь толгойд торох шиг болжээ. Тиймдээ, өвчинд нэрвэгдсэн биш амьдарна л даа гэж Рэгзэн сэтгэлээ засаж хэллээ. Тэвш хайрхан руу харсан чигээрээ тамхиа баагиулах гог Гавар ихэмсэг ч юм шиг харагдах аж. Үргэлжлүүлээд тэр “Ажил бүтгүй байх ч золигол доо, ажил бүтээл байх чинь амьдал сайхан байгаа хэлэг” гэж дультраад урагшаа харсан чигээрээ “Хүнд битгий хэлээлэй, хэдэн төглөг надаас зээлэх юм уу” гэж хэлсэн нь Рэгзэнгийн хувьд амьдралдаа анх удаа сонссон баярт мэдээ, бас зэрэгцээд надаар тоглоод байна уу даа гэсэн бодолтой давхцав. “Хэдэн төглөг хэлэгтэй байгаа нь” гэхэд нь шалавхан 500 гэж хэллээ. Өөр рүү нь харсан ч үгүй, өнөөх л яайжгий тэргэн дээр багалсан мод шод, хог новшоо түрээд хөдлөхдөө “Охиныхоо сүүг авахаал үхэлчний холоолол олой очихоолоо манайхаа л сэмхэн олоод илээлэй” гэжээ. Сэмхэн гэдэг үгэнд хамаг учир байгааг Рэгзэн дор нь ойлголоо. Ээж нь бие давхар болохоор эрт мөөмнөөс нь гарсан бага охиноо угжаар тэжээхийн тулд Рэгзэн хэдэн улаан үнээтэй, сайхан сэтгэлтэй “зээрэн” Санги гэж өвгөнийхөөс хоёр өнжөөд жаахан сүү авдаг байв. Тэднийхтэй “гог” Гаварынх хамар хашаа болохыг санажээ.

Ингээд Рэгзэн үдшийн бүрийгээр охиныхоо сүүг авангаа Гаварынх руу яваад ортол тэр алга байв. Эхнэр нь сүү хөөрүүлж самрангаа амбаарт юм хийж байгаа дуудаатхая гэхэд нь би өөрөө гээд гарлаа. Хөрөөний дуу, алхны дуу… мужааны чимээ дуулдах ямбигар амбаарынх нь хаалгаар шагайвал тэрбээр сандарч “Гэлт олж бай” гээд цаанаа байх хөшгийг татжээ. Нэгдлийн аж ахуйн хашаа, худалдаа бэлтгэлийн ангийн хашаагаар хог болон новширч, Гавар л зөвхөн эмхлүүлж байдаг савхан моднууд сайхан сандал ширээ, орны нүүр, жижигэвтэр хүхэг… зэрэг болж, чанарын албаны хашаанд хэвтдэг үхрийн эвэрнүүд тэр амбаарт ямар гоё үнсний сав болсныг харж гайхширсан ч Гавар наагуур нь хөшгөө татаж ширэв татасхийхээр нь нэг их анзаараагүй болоод эргэв. Сумын төвд ирсэн малчид сандал бүсэндээ хавчуулчихсан, мотоцикл дээрээ ширээ хүлчихсэн “Гавараас үүнийг авлаа, ядарсан юм зайлуул нэг төлөг авна биз” гээд давхиж явахтай олонтой таардаг нь ийм учиртайг Рэгзэн ойлгох шиг болов. Гэрт орсон хойноо Гавар дэрэн дороосоо дарайсан бор халзан зуутын таван ширхэг дэвсгэрт гаргаж түүнд өгөөд “Рэлзэн минь хүн мэдэв” гэсэн үгийг гэрээс гарах хооронд гурвантаа хэлээд ялимгүй мушийхад нь Рэгзэн инээдэг билүү Гавар гэж боджээ. Энэ мөчөөс хойш намын шийтгэлээр нутаг заагдаж очсон Рэгзэнгийн амины ганц найз нь “гог” Гавар буюу нутгийнхандаа хэлгүй Гавар хэмээн хэлэгддэг ядруу зүдрүүхэн харагдах Гавар болсон гэдэг. Жаргал зовлонгоо хуваалцан гэр орноор орж гарч дотноссон нэг жилийн хугацаанд басчиг юм үзэж нүд тайлсан, Орост сургууль төгссөн, машин унасан том дарга явсан, том хүмүүстэй үерхэж нөхөрлөж явсан Рэгзэнд “гог” Гавар олонтоо дуу алдам гайхшралыг төрүүлжээ. Аминдаа архайсан хэдэн улаан үнээтэй, данайсан хэдэн эр үхэртэй гэж тэр хавьдаа яригдаж байсан, улаан үнээнийхээ сүүг харамлахгүй өгдөг “зээрэн” Санги гуайн өнөө хэдэн үхэр нь бүгдээрээ “гог” Гаварын хөрөнгө болохыг нь мэдэж авчээ. Өнөөх л хүнд битгий мэдэгдээрэй гэсэн аман итгэлээрээ нутаг усандаа тулхтай, нуруутай гэгддэг, Халхголын байлдаанаас цусан гавьяаны одонтой ирсэн хажуу айлынхаа хөгшинд хэдэн үхрээ нэр дээр нь байлгаж иржээ. Үүнийг Рэгзэнгээс өөр хүн мэдсэнгүй. Тэрбайтугай тэр зун, хангай руу өвсөнд явах жолооч нарт зарагдаж байхдаа машин дээрээс нь унаж гараа бэртээгээд олонд өрөвдүүлж байсан нь учиртай байв. Гавар өөрийн бас нэг “итгэлт Рэгзэн” болсон сум нэгдлийн архаг жолооч Гялаар хангайд аваачиж заруулахаар жил бүр явуулдаг олон шуудай говийн тос даасан бор ааруулыг шөнө оройн цагаар сэм өөрөө ачиж байж унасан байжээ. Олны нүдэн дээр Гаварт жигтэйхэн эрэлхүү харагдах Гял жолооч Гавартай хоёулхнаа байхдаа жигтэйхэн дуулгавартай, гөл царайлж байхыг нь хараад Рэгзэн мэл гайхжээ. Сумын аж ахуйн нярав Ноогдол гуайд толгой түрийгүй загнуулан, муу сайнаа дуудуулан, хамаг юмыг нь үүрч зөөгөөд явдаг байсан нь хэлбэр төдий байсныг Рэгзэн бас хожуу мэдэв. “Ноогдол далга та яасан удааж байна” хэмээн сүрхий захирангуй үг шидэхийг нь агуулахын том хаалганы завсараар Рэгзэн сэм хараад мэл гайхав. Сумын олон удаагийн гайвшгайч тэмдэгтэй, хахир харамч зангаараа алдартай энэ өвгөн гог Гаварын өмнө аргадсан хоолойгоор “Гавар минь түр хүлээ, тун удахгүй өгнө” хэмээн учирлахыг нь сонсоод инээд нь хүрэх шиг болжээ.

Ингэж “гог” Гавар бэрх хүн гэдгийг ойлгов. Энэ нэгдлийн нууц ноёнтон болохыг мэдэж авав. Тэрбайтугай сум нэгдлийн дарга сэм уулздгийг, сумын намын хорооны дарга Сүхээ өвлийн идшээ Гавараас хямдхан авдгийг хүртэл мэдэж “Энэ сум нэгдлийг чинь хэлгүй Гавар л мэддэг юм байна шүү дээ” хэмээн дуу алдахад хүрчээ. Тэрбүү хэл тэр үедээ улс орон даяар алдар нэр нь цуурайтаж, “Үнэн” сонины нүүрнээс зургийг нь хэдэнтээ харж байсан 15 дугаар баазын тээврийн жолооч, Хөдөлмөрийн баатар Дамба тээвэр хийж суманд ирэхдээ шөнө оройн цагаар Гаварынхаар заавал орж, сэм баахан “юм” ачаад хөдөлдөг болохыг нь Рэгзэн мэдлээ. Ингэж амьдардаг хүн бас байдгаа гэж өөрийн эрхгүй амандаа үглэж, аягалж өгсөн цайг нь анзаарахгүй эхнэрийнхээ ундууцлыг хүргэв. “Чи чинь өөрөө өөртэйгөө яриад юу болчихоо вэ” хэмээн эхнэр нь үглэхийг сая анзаарсан Рэгзэн “Хэлэх үг олдохгүй сонин юм болж байна аа хө…” хэмээн тачигнатал хөхөрлөө. Хүн жаахан л ядарвал амьдрал харгис зангаа улам ихээр харуулдаг хорвоогийн үнэнийг туулж яваа Рэгзэнд найдах, нааш гэх ийм том нөхөртэй болсондоо баярласан, бас дээр нь зүдэрч яваа эр хүний ганц хором ч болтугай амьдралд ханасан бахдалын инээд болохыг Рэгзэнгээс өөр хэн мэдлээ.