Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлчид галын хор хүртэл үүрч явах шаардлагатай болоотохлоо доо

Монголын сэтгүүл зүйн орчинд цаг цөвүүн байна. Сэтгүүл зүйн хүрээнд хэлж ярих, болгоомжлуулах, зөвлөх, санаа авахуулах асуудлууд олноор урган гарч байгаа.

Саяхан “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид хэвлэлийн хурал зарлах үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ. Хэрэв би шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд гэнэт ундааны саванд бэлдэж ирсэн шатахууныг өөр дээрээ асгаж асаагуураа зурав. Гэнэтийн үйл явдалд балмагдсан сэтгүүлчид орилолдож, ширээн дээрх микрофон руугаа гүйсэн. Ингээд л сошиал ертөнцөөр “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” хэмээн буруутгаж, хүн үхэх гэж байхад сэтгүүлч асуулт асуусан хэмээн шуугилаа.

Энэ үйл явдал болоод удаагүй байтал сэтгүүлчид бас л нэг галын хэргийн гэрч боллоо. Уржигдар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд сурвалжлага хийж явсан сэтгүүлчдийн багийнхан Сэлэнгэ аймгийн харьяат С гэдэг нөхөр хамтран амьдрагчаа гэртэй нь шатаахаар гурван литр бензин цацаж зогсоход нь таарч сүйд болох шахлаа. Энэ хэрэг дуусаагүй шахуу байтал “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгтэн хэвлэлийн бага хурал хийж компанийн маань дансыг нээхгүй байна, надаас татвар нэхээд байна хэмээн уурсаж “Шаардлагатай бол хэн нэгнийг гэмтээхгүйгээр үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаах ёстой юм болов уу” гэж мэдэгдлээ. Галдаад л байвал үр дүнтэй юм байна гэсэн мунхаглал газар авчихжээ, Монголын нийгэмд. Тийм болохоор хэн, хаана, ямар аймшигтай гал гаргахаар зэхэж, тэндээ сэтгүүлч биднийг дуудахыг таашгүй боллоо. Жишээ нь энэ Г.Майцэцэг хэн нэгнийг гэмтээчихгүй галдана гэж байна. Гэхдээ тэр сэтгүүлчдийг дуудаж гал тавих нь тодорхой. Тэгж нийгэмд хүргэхгүй бол баахан хувцас шатаасных нь үр дүн гарахгүй шүү дээ. С.Эрдэнэ ч тэр сэтгүүлчдийг дуудаж байгаад шатаасанд үйлдлийнх нь утга учир оршино. Ингэхээр Монголын сэтгүүлчдэд галын хор биедээ байнга авч явахыг цаг үе өөрөө шаардаж эхэллээ. Галын хоргүй бол бармааргүй юм байна лээ. Сэтгүүлчдийг юу үүрч дүүрч, мэргэжлийнхээ ямар багаж хэрэгслээр хармаа халаасаа түнтийлгэж явдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй байх. Үнэндээ лайтай шүү дээ, дэвтэр, диктофон, зургийн аппарат, дуран, камер… үгүй бүр есөн шидийн хэрэгслээр өөрийгөө бүрэн өвчдөг хүмүүс. Эмэгтэй сэтгүүлчдийн цүнх тэр чигээрээ үүгээр дүүргээстэй. Эрэгтэй сэтгүүлчдийнх нь хармаа халаас мөн адил ийм зүйлсээр түнтийгээстэй. Хүмүүс өнөөдрийн сэтгүүлчдийг микрофон барьсан хөөрхөн охид, залуучуудаар төсөөлдөг байх. Тийм биш л дээ. Энэ их багаж хэрэгсэлдээ шинэхэн сэтгүүлч охид бол түүртдэг байх. Харин архаг сэтгүүлчид бол тоохгүй ээ. Бүгдийг нь чихэж дүүргэж, үүрч дүүрч аваад л гардаг. За тэгээд хэн нэгний өмнө очиж ярилцлага, сурвалжлага авах гэж аяглаж өгнө дөө. Энэ ч халааснаасаа дөрвөлжин хар юм гаргаж өмнө нь тавиад, түүнийгээ дахин дахин шалгаад л, маяглаад ч байгаа юм шиг, тэгснээ тийшээ ч харж бай гэж зургийг нь дараад, дэвтэр үзэг дэлгэж давхар юм бичээд л. “Энэ нэг юм чинь одоо яагаад байгаа юм бэ” гэж цаад хүн нь бодохоор. Үнэндээ тэр дотор нь дампуу үйлдэл явж байдаг л даа. Манай салбарын нэг гайгүй сэтгүүлч нөхөр маань УИХ-ын гишүүн Я.Санжмятав руу утасдаж, өрөөнд нь сүртэй гэгч нь яриа авчээ. Хамаг халаасаа уудалж уудалж нэг дөрвөлжин хар юм гаргаж ирээд өмнө нь тавьчихаж. Ингээд л яриад байж, Я.Санжмятав урьд нь олон сэтгүүлчдэд яриа өгсөн биз дээ. Өөрийнх нь өмнө тавьсан хар юм нь диктофон арай л биш шиг харагдаад болдоггүй гэнэ. Тэгээд “Наадах чинь хурааж байгаа юм уу, улаан гэрэл асдаг биз дээ” гэсэн өнөө сэтгүүлч чинь сүр сар хийн шүүрч томоо харснаа “Баларсан юм болжээ, зурагтынхаа удирдлагыг андуураад аваад ирж” гэсэн байгаа юм даа. Сэтгүүлч Г.Эрдэнэбатын тухай баримт ч байна. Тэр жил УИХ-ын даргатай ярилцлага хийхээр болж жигтэйхэн бэлдэж очсон ч яг ярилцлага эхлэх мөчид диктофон нь ажиллаагүй юм билээ. Ингээд цаасан дээр тэмдэглэх болсон ч бал нь гардаггүй гэнэ. Бал үзэг нь гарахгүйгээр барахгүй өврөө тэмтэртэл халаасанд нь ердөө дөрөв нугалаад хийчихсэн ганц ширхэг А4-ийн цаас байгаад түүн дээрээ ярилцлагаа тэмдэглэж эхэлжээ. Хэдэн үг томоор бичээд дүүрэхээр нь мөр хоорондын зайнд нь бичжээ. Тэр нь дүүрээд ирэхээр цаасныхаа дээд доод буланд нь бас бичээд ингээд конец фильм. Тэгсэн өнөөх чинь Их хурлын дарга руу нэг их сүрхий далийж харснаа “Төмөр-Очир гуай ганц ширхэг цаас байна уу” гэж гуйсан байгаа юм даа.

Иймэрхүү дампуу зүйл сэтгүүл зүйн ах нарт минь байдаг ч Монголын нийгэмд болж байгаа сайн муу, аймаар, аймшигтай бүх үйл явдал дээр тэд, бид, сэтгүүлчид бүгдээрээ л очиж ярилцлага, сурвалжлага хийж нийгэмд хүргэсээр ирсэн. Хүргэсээр ч байгаа. Тэгэхгүй бол өөр хэн ард түмэнд, нийгэмд тэр мэдээллийг чинь хүргэх юм бэ. Сая С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдлийг сэтгүүлчид хурдан шуурхай нийгэмд хүргэснийхээ хариуд өөрсдийгөө сошиалаар баахан доромжлуулах шив дээ. Сэтгүүлчдийн улаан нүүрэн дээр нь гэнэт гал хөс дүрэлзээд явчихсан хэрэг шүү дээ. Хэн ч байсан балмагдах үйл явдал. Харин ч тэр нэг зураглаач хүү гарч гүйгээд галын хор олоод ирж. Би бол шатаж байгаа зургийг нь дүрсэнд буулгахыг л зорино. Яагаад гэвэл би тийм л үүрэгтэй тэнд очсон. Миний хийх ёстой ажил тэр хүний юу ярихыг, ямар үйлдэл хийхийг нийгэмд хүргэх болохоос ямар хүний амь аврах гэж тэнд очсон биш. Концерт тоглож байгаа газар дуучин дуугаа дуулах л зорилготой очдог. Энэ нь л тэдний заавал хийх үүрэгтэй ажил нь. Тэртэй тэргүй тэр хүний чинь амь насыг аврах тусгай үүрэгтэй төрийн бүтэц бий шүү дээ. Тэд хийх ёстой ажлаа хийнэ биз. Сэтгүүлчид сурвалжлах л үүрэгт ажлаа хийсэн. Үр дүн нь ч гарч нийгэмд өөрийгөө галдсан мэдээлэл хормын зуурт хүрсэн. Ингээд л боллоо. Үгийн далимд хэлэхэд иймэрхүү зарчимгүй, мэргэжлийн нэр хүндэд маань халдсан сошиал медиагийн дайралтад сэтгүүлчид няцаалт өгч байх хэрэгтэй, өөрсдийгөө үхтэл хамгаалцгааж баймаар байна шүү дээ.

Сэтгүүлчид хойшид олон аймаар үйл явдлын голд очно. Юу ч хүлээж байж мэднэ. Ойрын прогнозыг харахад гал тавих, галдах үйлдэл газар авч байгаа бололтой. Тийм болохоор хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдээ галын хороор хангая. Камер, зургийн аппарат, дуран, диктофонтойгоо хамтад нь үүрээд явж байг. Сэтгүүлчид ачаалал дааж сурсан хүмүүс. Ямар ч турьхан сэтгүүлч охин данхайсан том камер, аппарат үүрээд харайлгаж явдаг. Түүгээр ч зогсохгүй камер, аппарат гээд мэргэжлийн багаж хэрэгслээрээ гангарчихдаг, өөрсдийгөө гоёчихдог хүмүүс шүү дээ. Галынхаа хоронд гоё уут сав хийгээд, дээр нь янз бүрийн гоё наалт, лого хийж чимээд үүрчихнэ. Хүмүүс хараад “Ямар гоё чамин зүйлс эдэлж хэрэглэдэг сэтгүүлч вэ” гэж гайхахаар.

Хэвлэлийн хурал дээр өөрийгөө шатаалаа. Хан-Уулд найз бүсгүйгээ гэртэй нь галдах гэлээ. Г.Майцэцэг үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаана гэнэ. Маргааш хэн гээч нь номоо шатаах юм, хэн гээч нь цайны газраа шатаах юм, хэн гээч нь машинаа шатаах юм, хэдийд нь сэтгүүлчдийг тэд дуудах юм, бүү мэд. Сэтгүүлчдийг дуудах нь л дуудна. Тийм болохоор тэнд нь очоод шатаж, түлэгдэж үхэхгүйн тулд галынхаа хорыг мартав, сэтгүүлчид ээ. О.Магнайгийн ярьж байгаагаар бол хувцас тараахад хүмүүс жигтэйхэн их баярладаг юм байна гэсэн. Тэгэхээр Майцэцэцэг гуай та үйлдвэрлэсэн хувцсаа шатааж байхаар хүмүүст тараавал цаадуул чинь их баярлана даа. Гэхдээ ийм цаг үед хүний үгийг өөртөө зөвөөр тусгаж авдаг хүн ховор болчихож. Галдана гэснээрээ галдацгаах биз. Тийм болохоор сэтгүүлчид галынхаа хорыг биеийнхээ нэг хэсэг болгоорой. Ууж явсан цэвэр усаараа гал руу тургиж байхаар галынхаа хорыг гялс гаргаж ирээд тургиад хаявал өөрийгөө галын аюулаас аварчих юм шиг байна лээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхжаргал: “Халх гол” чөлөөт бүс нь Монголын хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргах юм

ХХААЯ-ны харьяа “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн хоёр сарын хугацаанд Халх голын үржил шимт сайхан газар нутгийг “Халх голын чөлөөт бүс” нэрээр гадныханд өгөх гэж байна гэсэн мэдээлэл нийгэмд явлаа. Нэг хэсэг нь зөв, нөгөө хэсэг нь буруу… гэсэн маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Үүнд хамгийн бодитой хариулт өгөх хүн бол Та. Үнэхээр ХАА-н чиглэлийн Халх гол чөлөөт бүсийг байгуулахдаа ямар ч судалгаа тооцоо хийгээгүй, эрдэмтдийн санаа бодлыг ч тусгаагүй юм уу?

-Уг нь бол Халх голыг бүс нутаг болгон хөгжүүлэх суурь аль 1960-аад оноос тавигдсан юм билээ. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар социализмын үеэс эхлэн судалсан гэсэн үг. Тухайн үед Дорнод, Сүхбаатар аймгуудад нийт 14 сангийн аж ахуй байгуулах ТЭЗҮ хийгдэж, Халх гол суманд 270,000 га газарт тариалалт хийн, Дорнодын мухар улаан үүлдрийн 50,000 үхэр, 20,000 барга үүлдрийн хонь бордох цогцолбор байгуулах зорилт тавьсан байдаг. Энэ бүгдийгээ судлан, шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулсан. Анхны зорилт нь 1974 онд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигджээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 онуудад гэхчилэн өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдэж ирсэн.

Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгсөн байдаг юм.

-Яагаад заавал Халх голд чөлөөт бүс байгуулах болсон юм бэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХААИС-ийн судлаач, мэргэжилтнүүдийн багаас холбогдох судалгааг хийж, хагас эрчимжсэн мал аж ахуй бүхий хөдөө аж ахуйн бүс нутаг болгох боломжтой хэд хэдэн бүс нутгийг тогтоож, үнэлгээ хийсэн. Үүнээс Дорнод аймгийн Халх гол сумын нутаг нь нэгдүгээрт бэлчээрийн даац улсын дундаж түвшнээс 8-9 дахин бага, хоёрдугаарт байгалийн хадлан бэлдэх нөөц бололцоо өндөр, гуравдугаарт тариалангийн талбайн хүрэлцээ хангалттай, дөрөвдүгээрт усалгаатай тариалан эрхлэх боломжтой, тавдугаарт байгаль, цаг уурын нөхцөл тааламжтай, зургадугаарт байршлын хувьд зорилтот зах зээлтэй ойр зэрэг хагас эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжих угтвар нөхцөлүүд, шалгууруудад хамгийн ихээр нийцсэн нь юм.

-Халх голын орчмын нутгийг ХАА-н чөлөөт бүс болгосны ач тус, үр дүн гэж тусдаа яригдах байх?

-Тэгэлгүй яахав, тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, шинжлэх ухааны багтаамж ихтэй ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд хамгийн чухал нь тэр бүс нутагт томоохон ур чадвар, мэдлэгийн сан бий болох юм. Шинээр 1000 гаруй ажлын байр бий болно. Хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөн бий болно. Энд би нэг жишээ дурдмаар байна л даа. Халх голын малчин залуус хил залгаа Хянган, Хөлөнбуйр аймгуудад тэдний малыг маллахаар явж байна л даа. Тэд төрсөн нутагтаа ажлын байргүйгээс, орлогын эх үүсвэр нь хангалтгүй байгаа учраас урд хөршид сарын 5000 юань буюу нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийхээр явж байгаа юм. Солонгост ажил хийхээр явлаа гэдэг шиг. Үүнийг нийслэлд мэддэггүй л байхгүй юу. Хэрэв бид Халх гол суманд ХАА-н чөлөөт бүсээ байгуулчихвал тэнд байгаа залуус аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхдийнхөө дэргэд нутагтаа байж, орлогын эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, чөлөөт бүсэд буй болох хүнсний үйлдвэрт ажиллаж, хангалуун сайхан амьдрах боломжтой. Хамгийн энгийн жишээ гэхэд зүүн гурван аймгийн 24,575 малчин өрхийн эдийн засгийн эргэлтэнд оруулж болох малыг эрүүл гэдгийг нь батлаад, үйлдвэрийн аргаар боловсруулаад, гадаад зах зээл рүү экспортлоход жилдээ 400 сая ам. долларын орлого олох боломжтой болж байгаа юм.

-500 мянган га газрыг бүхэлд нь хашиж нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн яриа хүчтэй явсан?

-Зарим хүмүүс ард иргэдэд санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгч байгаа бололтой. Чөлөөт бүсийг тэр чигээр нь хашна гэж. Тийм юм огт байхгүй. Тэнд амьдарч байгаа малчин иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржаандаа байдгаараа байж, амьдардгаараа амьдарна. Хэнийг ч тэндээс нүүлгэн шилжүүлэхгүй. 500 мянган га газрыг газрын зураг дээр зурчихаар шууд хашаа татаж, хашна гэж ойлгож болохгүй. Тэр бол зөвхөн газар зүйн хил хязгаарыг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Харин чөлөөт бүс байгуулснаар тэр 500 мянган га-д амьдран суугаа иргэдэд давуу байдал үүснэ. Жишээлбэл, манай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт зарчмаар бол нэг хониноос олох нийт ашиг шим нь 150 мянган төгрөг байгаа. Харин малчид малаа чөлөөт бүсийн хорио цээрийн хэсэгхэн газарт оруулж, сар гаруйн хугацаанд маш нарийн хяналтын дор эрүүлжүүлэн, импортлогч орны стандартад нийцүүлбэл нэг хонийг дор хаяж 250 мянган төгрөгөөр үнэлэх боломжтой болж байгаа юм.

-Яагаад заавал ХАА-н чөлөөт бүс гэж?

-Монгол бол мал аж ахуйн асар их нөөцтэй орон. Гэтэл бид өнөөдөр уул уурхайгаас хараат эдийн засгийн бүтэцтэй болчихсон. Газрын тосоо хүртэл боловсруулж чадахгүй хилийн дээс давуулж байна. Нэг салбараа хэт шүтсэн, хэт хараат байсныхаа үр дагаврыг үзэж байна. Харин ХАА-н бүтээгдэхүүн бол эргэн төлждөг бүтээгдэхүүн. Би энд нэг жишээ дурдъя. 2008 онд дэлхийн зах зээл дээрх нэг кг үхрийн махны үнэ 2,7 ам. доллар байсан бол өнөөдөр бараг 4,6 ам. доллар хүрч байна. Энэ бүх тоо юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс Эдийн засгаа маш яаралтай солонгоруулах шаардлагатайг хэлээд байгаа юм. Солонгоруулах гэж хэлээд байгаа бодлогын буюу солонгын нэг том өнгө нь НОГООН буюу хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл байх шаардлагатай болоод байна. Үүний тулд өнөөдөр манай салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн томоохон асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай. Нэгдүгээрт, өнөөг хүртэл бид олон улсын байгууллагаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван статус авч чадаагүй байна. Тийм ч учраас 2014 онд ердөө 480 тн үхрийн мах экспортолсон. Харин Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар бид тэр хэсэгхэн газарт хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, эрүүл хүнс үйлдвэрлэж, олон улсын мал амьтны хорио цээрийн байгууллага болон дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл хүнс үйлдвэрлэж чадна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт орох хөрөнгө оруулалт маш муу байна. 2014 оны байдлаар бүх банкны зээлийн 2.5%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04% нь тус салбарт орсон. Манай арилжааны банкуудын санал болгож буй зээл нь жилийн 24-31 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай байгаа. Мөн өнөөдөр тариаланч, малчдын даатгалд хамрагдах байдал тун тааруу байна. Иймд бид чөлөөт бүсийн нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг салбартаа татаж бусад асуудлыг шийднэ.

-Халх голын сав газрыг Монгол орны хүнс, буудайн стратегийн ач холбогдол бүхий нутаг гэдэг юм билээ?

-Халх гол сумын бүс нутгийн тариалангийн хөрсний чанар сайн хэдий ч салхины хүч, технологийн буруу горимд маш эмзэг хөрсөнд тооцогддог. Мөн газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлтээс үүдэн хөрс, бэлчээр доройтох, зэрлэг ан амьтан цөөрөх төлөвтэй байна. Ийм учраас л тариалангийн үүц газар гэх энэ нутгийг төр хамгаалалтдаа авсан. Улс өөрөө энэ газрыг хамгаалалтдаа авч нийтийн эрх ашгийн төлөө хадгалахгүй бол Дорнод аймагт буюу Халх гол суманд газрыг зөвшөөрөлгүй ашиглах явдлууд гарсаар байгаа. Монгол Улсад шинээр газар хагалахад заавал Засгийн газрын тушаал гаргах ёстой байдаг. Гэтэл 2010 оны Засгийн газрын 97 дугаар тогтоол гарснаас хойш нэг ч га газар нэмж хагалах тушаал, шийдвэр гараагүй байхад Халх гол сумын Засаг дарга дур мэдэн газар тариалан эрхлэх, тэжээлийн ургамал тарих, хадлан бэлдэх нэрийдлээр газрыг замбараагүй олгосон байж болох ноцтой баримтууд ил болсон. Тиймээс ХХАА-н сайд холбогдох газруудад нь шалгуулахаар өгсөн байгаа. Ер нь бол Халх гол чөлөөт бүсэд хоёр асуудлыг маш онцгой анхаарна. Энэ нь тус бүсэд тохирсон тариалангийн горимыг тогтоож, түүнийг мөрдүүлэх мөн хууль бусаар газар хагалах асуудал юм. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ тал дээр нэлээн ач холбогдол өгч 75 дугаар тогтоол дээр байнгын хороо хяналт тавьж ажиллахаар болсон байгаа. Өөрөөр хэлбэл 500 мянган га газрын 14,4 хувьд хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих тэжээлийн ургамал тариалах зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх. Тариалалтын технологийн хувьд заавал тэг элдэншүүлгийн технологийг ашиглана. Notill буюу элдэншүүлэлтгүй технологи гэдэг нь хөрсийг хагалахгүй, эргүүлэхгүй тариалалт хийхийг хэлдэг. 2006 оноос Монголд ашиглагдаж одоогоор нийт 20 хувь энэ технологид шилжсэн байна. Ихэвчлэн томоохон үр тарианы аж ахуй тус технологийг ашиглаж байгаа. Энэхүү технологи нь хөрсийг хамгаалах, чийгийг сайн хадгалах давуу талтай байдаг юм. Халх гол нутаг бол тал нутаг учраас хөрс нь салхинд туугдах эрсдэлтэй. Тийм учраас хөрсийг салхины эрсдэлээс хамгаалж, ойн зурвас байгуулна.

-Дэлхийн хаана ч ХАА-н чөлөөт бүс гэж байдаггүй хэмээн зарим хүн ярьсан байна лээ?

-/инээв/ Бразил, Турк, Энэтхэг, Филиппин… гээд олон оронд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгаа шүү дээ. Уг нь жаахан мэдээлэлтэй, мэдлэгтэй байж л ийм асуудал дээр дуугармаар байгаа юм л даа. Тухайлбал, Бразил улс 1967 онд Амазоны ширэнгэн ойгоо хадгалж авч үлдэхийн тулд нэг сая га газрыг тусгай хэрэгцээндээ авч хамгаалсан байдаг. Үүнээс 583 мянган га газрыг ХАА-н зориулалтаар буюу чөлөөт бүс хэлбэрээр хөгжүүлсэн. Бразил улс мал, амьтны өвчингүй бүсээр улсаа бүртгүүлж өнөөдөр дэлхийн махны импортын 20 хувь буюу 1.8 сая тонн үхрийн махаар таван тивийг хангаж байна. Италийн арьс ширний кластер, Чилийн салмон загасны кластер, Кенийн кофе гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөдөө аж ахуйн кластерууд байдгийг жаахан боловсролтой хүн бол нарийн мэдэхгүй юм аа гэхэд дуулж сонссон байгаа л даа. Кластерын нөхцөл бүрэлдсэн газарт түүний хөгжлийг хөшүүрэгдэх нэг арга нь чөлөөт бүс байгуулах юм шүү дээ.

-ХАА-н чөлөөт бүсэд гадны иргэд визгүй чөлөөтэй нэвтэрч, суурьшина гэсэн мэдээлэлд ямар хариу өгөх вэ?

-Чөлөөт бүсийн тухай хуулийн 11.1-д Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гэж заасан. Өөрөөр хэлбэл гаднын иргэд 30 хоногийн хугацаатай орох-гарах виз авч чөлөөт бүсээс 30 хоногийн дотор гарна. Ер нь бол Халх гол чөлөөт бүс нь хил дээр бус, нутгийн гүнд байгаагаараа онцлог. Тэнд гадаадын иргэн визгүй зорчих эрхгүй. Гадаадын иргэн харьяат хэн ч байсан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу виз авч, тус чөлөөт бүсэд нэвтэрнэ.

-500,000 га талбай гэдэг бол том газар нутаг. Яг ямар зориулалтаар төрөлжүүлж ашиглах вэ?

Дотроо хэд хэдэн бүстэй байхаар төлөвлөгдөж байгаа. Үүнд: Хяналт, Хорио цээр, Үйлдвэрлэлийн бүс нь тус 500 мянган га газрын 5,6 хувьд байна. Хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжин тэжээлийн ургамал тариалах зорилгоор 14,4 хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ. Харин үлдсэн 80 гаруй хувийг хадлан, бэлчээр, хөдөө аж ахуйн аялал жуулчлал, хагас эрчимжсэн аж ахуйн талбай байхаар төлөвлөсөн. Ихэнх талбайг бэлчээрт авч хамгаалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал хөгжүүлэх, улсын хадлангийн нөөц бүрдүүлэх зэрэгт ашиглана.

-Орон нутгийн иргэдийн санал бодлыг асууж тусгасан уу?

-Дорнод аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас чөлөөт бүс байгуулах тухай санал хэд хэдэн удаа гаргаж байсан. Тухайлбал, 2014 онд чөлөөт бүс хариуцсан Засгийн газрын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярт, 2011 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны дарга Х.Ганболд нарт албан бичгээр саналаа хүргүүлж байсан юм билээ. Ардчилсан нийгэм бол төлөөллийн ардчилал буюу иргэд өөрсдөө дундаасаа Иргэдийн хурлын даргаа сонгодог, түүгээрээ дамжуулан төр засгийн бодлогод оролцдог тийм л зарчим. Тиймээс аймаг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарч байгаа аливаа санал санаачилга бол ард иргэдийн санаа бодол байдаг. Тиймээс бид өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаа ирүүлсэн чөлөөт бүс байгуулах хүсэлт, албан бичгийг ард түмний санал тусгагдсан тэдний хүсэл гэж ойлгож байгаа.

-Сүүлийн үед таныг сошиал ертөнц, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичих болжээ. Гарал үүсэл, боловсрол гээд л… харж байгаа биз дээ?

-Хараад, уншаад л сууж байгаа. Наад нөхөр чинь хятад, хужаа гээд л. Хэн тэгж бичээд, түүнийг нь хэн өдөөгөөд байдаг нь тодорхой л доо. Дорнод аймагт ирэх жил сонгуульд нэр дэвших хүсэлтэй нэр бүхий нөхдүүд байгаа юм билээ. Одоо ч ийм аргаар улс төрийн замаар алхахгүй байх аа. Би уг нь тэдний л нэгэн адил эх орноо хөгжүүлэх, сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, сайхан амьдрахыг хүсэж, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн залуусын нэг шүү дээ.

-Тэр угсаа гарвалын талаар?

-Хэлье л дээ, миний өвөө бол Увс аймгийн Өндөрхангайн хүн. Аав маань Улаанбаатар хотод төрж өссөн 40 мянгатын хүүхэд. Ээж маань Завхан аймгийн Завханмандал сумын хүн. Миний хувьд өвөг дээдэс, удам угсаагаараа хамгийн их бахархаж, ярьдаг, ер нь бол үндэсний үзэлтэй хүн шүү дээ. Өвөөгийн маань аав Даян Намсрай гэж хүн байсныг нутаг усны ахмадууд одоо ч ярьдаг л юм. Өвөө, эмээ, аав, ээж маань тухайн нийгмийнхээ сэхээтнүүд. Яахав дээ, хотод төрж өссөн миний үеийнхний нэг төрх байна шүү дээ, цайвар царайтай, эрт нүдний шил зүүдэг болчихсон гээд. Тэр маань л хятад шиг харагдуулаад байгаа юм байлгүй.

-Таны төгссөн сургууль, олж авсан мэргэжлийг асуумаар байна?

-Ямар ч сургууль соёл төгсөөгүй ш дээ /инээв/. Наргиан, наргиан, би нийслэлийн Нэгдүгээр дунд сургууль төгссөн. Есдүгээр ангид байхдаа Монголын Идэрчүүдийн холбооны ерөнхийлөгч болж байлаа. Их сургуульд ороод ч бас зүгээр байж чадахгүй МУИС-ийн Оюутны холбоо-Оюутан конгрессыг үүсгэн байгуулалцаж явлаа. Их сургуулийг биологич-биотехнологич мэргэжлээр төгссөн, эмийн ургамал судлалын магистр. Дараа нь ХБНГУ-ын Мюнстерийн их сургуулийг Газар нутгийн экологич мэргэжлээр буюу хөрсний эвдрэл, нөхөн сэргээлтийн чиглэлээр төгссөн. Миний төгссөн сургууль соёл хэн нэгэнд тийм их чухал юм бол ийм л байна даа.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд хямраагүй, зүгээр л амьдрахын төлөө зүтгэж байна

Хямрал гэдэг
олж байсан орлого багасахыг хэлнэ. Багасахаар барах уу байхгүй болохыг хэлнэ. Өнөөдрийн
Монголд бол төсөвт орж байсан орлогын нэг томоохон суваг нь хямарсан. Тэр нь нүүрс.
Нүүрснээс улсын төсөвт орж байсан их хэмжээний мөнгө агшсан. Тэгэхээр төсвөөс болж
авч байсан олон хүн, аж ахуйн нэгжийн орлого буурчихаж байгаа юм. Ингээд хямрал.
Тэрнээс үс, ноос, ноолуур… гээд гаднаас валют авчирдаг бүхэн зарагддагаараа зарагдаж
л байгаа. Жаран сая мал байдгаараа байж л байгаа. Банкууд цусны эргэлттэй, гуанз
дэлгүүр, баар ресторан бүгд ажиллаж байна. Монголд үнэхээр хямарсан бол хүмүүс өлсөж,
хотын гудамжаар машин явахаа байж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барих ёстой.

Тэгсэн хотын
асуудал машины түгжрэл хэвээрээ, орцны жижүүр эмэгтэй анх удаа хонины мах бүтнээр
нь авч идэж байгаадаа сэтгэл хангалуун сууна. Махны мангас монголчууд 51 мянгаар
бүдүүн хонины мах худалдаж аваад, орой авгай хүүхдүүдээ тойруулчихсан, шөлөнд нь
будаа хаяж хөлсөө арчсан шигээ Солонгос кинондоо автан жаргаж суугааг хямарсан гэх
үү. Тэгээд хэн хямраад байгаа юм бэ? Юу ч хийхгүй тэнгэр хараад хэвтэж байгаанууд
хямарч байгаа байж магадгүй. Тэд угаасаа хямралтай байдаг. Тэрнээс Монголд их бага
ямар нэг хэмжээгээр “юм” хөдөлгөж, болохоос нь болохгүйг нь хүртэл хөдөлмөрлөж байгаа
хүнд хямрал ярих арай эрт байна. Ийм байхад монголчууд хямралын эцсийн цэгийг зөгнөж
муу амлацгаах хэрэггүй. Хүмүүст асуудал мэт оргиод байгаа өр, зээл, лизинг бол зүй
ёсны чинь ажил амьдралын орчилдоон. Ард нь яаж ийгээд гарч байгаа нь өөрөө амьдарч
байгаа утга учир чинь.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Орост том дарга нар гадаадад эмчлүүлэх бол албан тушаалаасаа татгалзахаар боллоо, манайд ч ингэх цаг болсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн есдүгээр сард нэгэн мэдэгдэл хийхдээ “Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад явж эмчлүүлэх нь гадаадад данстай байгаатай адил хэрэг” гэж мэдэгдсэн юм. Үүгээрээ тэрбээр Дум дахь коммунист намынхны санаачилсан хуулийн төс­лийг дэмжсэн хэрэг. Комму­нист намын зүгээс 2004 оны тав­дугаар сарын 25-нд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барихдаа “Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаадад эмчлүүлэх шаардлага гар­вал төрийн албанаасаа татгал­зана” гэсэн заалт оруулжээ. Үүнийг Төрийн Дум нь эсэр­гүүц­сэн ч Ерөнхийлөгч В.Путин дэм­жиж “Хүнийг гадаадад эмчлүүлэхийг хорих нь ёс зүйгүй, хүний эрхэд халдсан байж болох ч ийм цаг үед Орос орондоо итгэх хэрэгтэй” гэж үзсэн билээ. Путин зүгээр ч нэг мэдэгдэл хийгээд зогсоо­гүй, Ерөнхий сайдын орлогч, мөн Сангийн сайд нараа дуудаж “Манай төрийн албан хаагчдын данс хаана байна, дансан дахь хөрөнгийг нь гадаадад эмчлүүлсэн зардалтай нь харьцуулж болох уу” гэсэн хүсэлт ч юм уу, шахалт ч юм уу зүйлийг тэдэнд тулгасан байдаг.

Орост яагаад энэ асуудал хурцаар тавигдах болов. Учир нь ОХУ-аас гадаадад очиж эмчлүүлдэг төрийн албан хаагчдын зардал тэрбум, тэрбум ам.доллараар яригдах болжээ. Нэгэн сайд эмэгтэйн гэр бүлээрээ гадаадад эмчлүүлсэн зардал 500 сая ам.долларт хүрч шуугиан тарьсан байна. Гэвч тэр эмэгтэй сайд нь Оростоо зуун хувь оношоо тогтоолгож, бүрэн эдгэрэх хэмжээнд эмчлэгдэх боломжтойг Оросын эмч нар баталсан байна. Эмэгтэй АНУ-д эмчлүүлэх болтол виз олгоогүйгээс маргаан үүсгэж энэ бүх асуудал сэдэрч, дуулиан дэгдээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудалд онцгой анхаарч, цогцоор нь, ул суурь­тай хандаж байгааг улс төр шинжээчид бичиж байгаа юм. Тэрбээр эхлээд Сангийн сайдаасаа эхлээд хөрөнгө санхүүтэй холбоотой бүх албан тушаалтнуудтай уулзаж, судалгаа тооцоотой нь танилцсаны дараа Эрүүл мэндийн салбарынхаа бүх сайд дарга нар, бодлого боловс­­руу­лагчид, нарийн мэргэжлийн хүмүүс, эмч докторууд… бүгдтэй нь уулз­жээ. Тэгсний дараа “Оросууд эрүүл мэндийн салбарт бүг­дийг чадах юм байна, ганц­хан төрөөс бүрэн дэмжих хэрэгтэй. Үүний эхний алхам нь гадагшаа эмчилгээнд урсч буй их хэмжээний мөнгийг эх орондоо үлдээж, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулъя. Орос орондоо итгэ” хэмээн мэдэгджээ. Тус улсын төрийн өндөр албаны хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхний гадаадад эмчлүүлэхэд гаргасан зардлаар Орост орчин үеийн техник, технологи бүхий хичнээн лаборатори, оношлогооний төв, эмнэлэг барьж байгуулж, хэдэн мянган эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж болох төсөв тооцоог гаргасныг Оросын сайтуудаас та одоо ч олж уншиж болно.

Тэгвэл Монгол Улсад Оростой адил арга хэмжээ авах цаг аль хэдүйн болжээ. Үүнийг наад зах нь ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгаас харж болно. Гүйцэтгэл нь 75 хувьтай байгаа энэ барилгыг гүйцээхэд ердөө 2 тэрбум 642.3 сая төгрөг л хэрэгтэй байгаа юм. Доллар биш монгол мөнгөөр шүү. Гэтэл энэ хөрөнгийг Их хурал шийдэлгүй дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Үүний оронд иргэд нь их хэмжээгээр хот руу шилжиж буй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 5.5 тэрбум төгрөгөөр 500 хүний суудалтай соёлын төв барьж байх жишээтэй. Жилийн 365 хоногийн 20 өдөрт нь алдаг оног арга хэмжээтэй байдаг, 200 хүн ч ордоггүй, гэрэл цахилгаан, урсгал зардалдаа шатаад дуусдаг ийм барилгуудыг хэдэн арваар нь суманд барихад хэдэн тэрбумаар нь зарж байна, тэд. Гэтэл ХСҮТ-ийн барилгын хөрөнгийг дөрвөн жилийн дотор шийдчихсэн бол нэг жилд 3536 хүний амь насыг аварч болох байжээ. Учир нь 2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан гэж оношлогдсоноос 3536 хүн нас барсан байна. Хэрэв 2011 оноос хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн “Хавдрын эмчилгээ оношлогооны цогцолбор төв”-ийн барилгыг тогтоосон хугацаанд нь ашиглалтад оруулсан бол олон мянган айл өрх хайртай дотны хүмүүсээ хавдар хэмээх аймшигт өвчнөөс ангижруулж, халуун ам бүлээрээ жаргалтай байх байлаа. Гэтэл УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд тэгсэнгүй. Өөрсдөө бие нь жаахан л хямарвал гадны улс оронд очоод өндөр үнээр биеэ эмчлүүлчихдэг тэд монголчуудынхаа зовлонг даанч нэг мэдэхгүй байна. Мон­голынхоо эмч нарт итгэх­гүй байна. Сүүлийн зургаан жилийн тооцоогоор Монгол Улсаас жилд 100-500 сая ам.доллар гадаадад эмчлүүлэх зардалд урсан гарлаа гэсэн тооцоо байгаа юм. Ийм хэмжээний мөнгө энгийн иргэн Бат, Доржоос гарахгүй нь тодорхой шүү дээ. Энэ мөнгөний дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхний халааснаас гарсан. Монголын эмч нарын ур чадвар олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүрснийг Японы эмч нар удаа дараа нотолсон. Япон, Солонгос, Хятадын эмч нарын яриагаар бол хөөрхий дөө, манай улсын эмчилгээний тоног төхөөрөмжүүд бусад орныхоос даруй 50-80 хувь хоцрогдолтой байгаа юм билээ.

Шууд тооцоогоор бол гадаадад эмчилгээнд зарцуулж буй төрийн том дарга нарын мөнгөний урсгал Монголын эрүүл мэндийн салбарын нэг жилийн төсвийн мөнгөтэй тэнцчихээд байна. Нэг жилд 500 сая ам.доллараар гадаадад эмчлүүлдэг гэвэл эмнэлгийн салбарт нэг жил зарцуулах хөрөнгө нь 900 тэрбум төгрөг байгаа юм. Энэ хөрөнгөөр гадаадад эмчлүүлж байхаар эмнэлгүүдэд дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмж нийлүүлчихдэг бол… Хамгийн багаар тооцоход жилд 140 тэрбум төгрөгийг манай иргэд гадаадын эмнэлгүүдэд төлдөг гэвэл энэ нь хоёр том эмнэлэг шинээр байгуулах зардалтай тэнцэнэ. Зүгээр нэг эмнэлэг бус, орчин үеийн оношлогоонд шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй, дунджаар 100 ортой, дэлхийн түвшний эрүүл мэндийн төв хоёрыг байгуулна. Энэ их мөнгөний урсгал гэнэт манай улсаас гараад явчихаагүй. Сүүлийн хорь орчим жилд эрүүл мэндийн салбартаа манай улс хөрөнгө оруулалт хийгээгүй, зөвхөн гадаадын тусламжийн хөтөлбөрөөр аргацааж ирсэн. Монгол улсын төсвийн үзүүлэлт өнгөрсөн гурван жилд гайгүй сайжирсан нь нэг талаас “гай” болж өгдөг байсан олон улсын гол хөтөлбөрүүд зогсчихоод байна. Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр гэдэг энэ боллоо.

Жишээ нь Сөүлийн онгоцонд суухад олны танил хүмүүс заавал тааралддаг. Дийлэнх нь улстөрчид. Хамаатан саднаа дагуулаад VIP хаалгаар гардаг. Эрүүл мэндийн салбарын төсвийг баталдаг, хөрөнгө оруулалтын зардлыг нь хасдаг эрхмүүд ингээд VIP хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээгээ гадаадын орнуу­дад хэдэн мянган ам.доллараар авчихдаг. Жирийн иргэн бол Сөүл байтугай Сонгдо эмнэлгийн багцын шинжилгээний төлбөрийг дийлэхгүй учир төрийн мэдлийн хэдэн эмнэ­лэгт үзүүлэн, эрт галавын ээж аавын үед бичиж өгдөг байсан хэдэн эмийг үргэлжлүүлэн цохуулж уусаар өнөөдөртэй золгож байгаа нь эмгэнэл. Нөхцөл байдал ийм гунигтай байдалд хүрч, монголчууд хавдрын тахалд нийтээрээ нэрвэгдэх аюулд хүрсэн ийм цаг үед эрүүл мэндийн салбарын төсөв баталдаг, танадаг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхний гадаадын улс оронд явж оношлуулдаг, эмчлүүлдэг байдалд онцгой нөхцөл тулгая. Эхний удаад тэднийг албан тушаалаасаа татгалзаж явахаас өөр аргагүй байдалд хүргэдэг ОХУ-ын туршлагыг нэвтрүүлье. Тийм дэг журамд оруулъя. Энд хүний эрх ямар ч хамаагүй, цаана нь илүү олон хүний эрүүл явах эрх яригдаж байгаа учраас том эрх ашгаа нэгдүгээрт тавилаа гэсэн үг. Тэгж байж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт орно. Ямартай ч УИХ-ын гишүүд эх орондоо гайгүй оношлогооны төвд орохын тулд соёлын төв, угтах хаалга, сүм дуганы мөн­гө­нөөс урьд эмнэлэгт мөн­гө төсөвлөдөг болно. Үнэхээр төр түмнээ боддог төрийн түшээ юм бол зургаан насны морь уралдуулаад бай шагналд нь тэрбум төгрөг хувиасаа зарцуулахаасаа урьд тойргийнхоо эмнэлэгт орчин үеийн оношлогооны аппарат авахыг урьтал болгоно. Ингэснээр эрүүл мэндийн сал­барын тоног төхөө­рөмж, технологи сайжирч, оношлогооны төвүүд орчин үетэй хөл нийлнэ. Эмч нарынх нь практик дадлага туршлага дэлхийтэй эн зэрэгцэнэ. Ямар ч аюулт өвчнөөс иргэдээ аварч чадах тийм нөхцөл бүрдэнэ. Давтан хэлэхэд эх орноосоо гарч эмчлүүлбэл албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн төрийн өндөр дээд, хариуцлагатай албан тушаалтнууд амьд явахын тулд энэ бүгдийг хийнэ биз дээ. Ингэж л эх орондоо үхвэл үх, сэхвэл сэх, гадагшаа явж эмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй шүү гэсэн тулгалтаар, хууль, дүрэм журмын тулгалтаар Монголын эрүүл мэндийн салбарыг босгож авъя аа. Үүнээс өөр арга алга. Дэлхийн том гүрэн Орос ийм арга хэрэглэхэд хүрч байхад бид яагаад болохгүй гэж.

Өнгөрсөн хавар хоёрын хоёр ч түшээгийн бэргэн, охин хоёр Сөүлд амаржих гэж байгаа гээд Монголоос хөөрөхөд нь нэгнийх нь нөхөртэй онгоцонд суудал зэрэгцсэн юм. Замд юу эсийг хөөрөлдөхөв “Эхнэр чинь хүндрэлтэй төрөх юм уу” гэж асуухад “Үгүй ээ, анхны төрөлт найдвартай нь дээр гэж бодоод л…” хэмээн хариулж билээ. Охиноо хүртэл эх орондоо төрүүлэхэд эргэлзэж байгаа Их хурлын гишүүнд Монгол Улсад нэг эмнэлгийн өргөтгөлд мөнгө тавьсан ч яалаа, байсан ч яалаа, тэгсэнд орвол дахин сонгогдоход нэмэртэй юм тойргийнхоо нэг суманд клуб бариулъя гээд тэрбум төгрөгийн лобби хийж суудаг нь үнэн билээ. Зөрүүлээд нөгөө гишүүн нь бас сумандаа нэг дуган бариулах төсөвт гар өргүүлэх наймаа ярьдаг. Төсөв баталдаг парламентад ийм л өчүүхэн эрх ашиг үйлчилдэг учраас төрийн түшээдэд зовлонг биеэр нь мэдрүүлэх цаг болжээ. Ийм асуудалтай нүүр тулсан Монголын улстөрчид үхэхгүйн тулд улс орныхоо эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж, дэлхийн жишигт хүргэх нь тодорхой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо

Саяхан нэг муугийн муу мэдээлэл цацагдлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгосон ч орон нутгийн зүгээс 90 хувь нь татгалзсан хариу өглөө гэсэн. Сумын дарга нарын эрх мэдэл Засгийн газраас хол давсан юм байна. Ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй юм байна. Уул уурхай, эрдэс баялгийн салбарт л гадны хөрөнгө оруулалт бодитой орж байж ам.доллар сулрахаас биш бусад шалтгаан нь худлаа шүү дээ. Долларын ханш сулрах, чангарахыг Монголын 331 сумын малчин иргэд, тэднээс сонгогдсон Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, дээр нь сумын Засаг дарга нөхөр, ийм л хүмүүс мэддэг цаг үе иржээ.

Энэ өдрүүдэд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Үүнд ирэх оны төсөвт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тэдэн тэрбумыг олно хэмээн ярьцгааж байна. Гэтэл хаа байна тэр хайгуулын тусгай зөвшөөрлөөс орох орлого чинь. 331 сумыг даргалж байгаа нөхдийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн чинь 90 хувийг будаа болгосон байна. Засгийн газраасаа хол давсан сумын засаг захиргааны бүтэц хуулиар бий болсныг одоо л хүмүүс анзаарч байх шиг. “Яаж байгаа юм чи” гээд аль нэг сумын Засаг даргыг зандрах захирах чадал, хуулиар олгогдсон эрх Ерөнхий сайдад байна уу. Сайндаа гуйж гувших байх даа. Хариуд нь өнөө сумын дарга ямар ч айдасгүйгээр “Манай суманд захиргааны ордон барьж өг” гэж тулган шаардана. Нэг их наядаар төсөв нь тасарчихсан төсвийн ерөнхийлөн захирагч бээр уул уурхайн компанийн захирлыг дуудаад цаад сумандаа хоёр давхар байшин бариад өгчихөө гэж гуйна. Эсвэл унааг нь шинэчлээд өгчих, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг даачих гэнэ дээ. Ингэхгүй л бол Иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрээ гээд гэдийгээд суучихна шүү дээ. Монголын төр өдөр ирэх тусам ямар аймшигтайгаар суларч, жижгэрч, хүчгүйдэж байна вэ.

Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёс гэж дээр доргүй хичнээн чалчлаа. Ингэж их бурсны үр дүнд орон нутагт бүх эрх мэдлийг шилжүүлэхийг хуульчилсан. Төсвийн захиран зарцуулалтыг Засаг дарга нь мэдэхээр болсон. Ашигт малтмалын бүх зөвшөөрлийг сумын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ санал авч байж шийднэ гэсэн солиотой хуулийн заалт бий болсон. Ингээд иргэдээсээ асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ гэсэн “сайхан” үг бий боллоо. Энэ үгийг хэзээ ч, хаана ч, хэнд ч түгдрэлгүй хэлдэг болсон нь өөрөө асуудал. Хэдийд нь иргэдээсээ асуусан байхав! Ашигт малтмалын гайгүйхэн ордтой сумдын Засаг дарга нар ланд 200, 570-ыг хөлөглөдөг болсон. Томхон хэмжээний сум 500 өрхтэй, 2000 орчим иргэнтэй. Тэдний дийлэнх нь сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн хамаатан садан байдаг. Суманд бол төрд алба хашиж байгаа нь отог омог дотроо нөлөөтэй нь байдаг. Энэ нөлөөгөө орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компанийг шантаажлахад ашигладаг болсон нь сумын удирдлагуудын дийлэнхийн байр байдлаас харагдах боллоо. Ийм нэг жалгын удирдагч, сум хэмээх ханлигийн эзэн болох эрх зүйг нь УИХ хуулиар баталгаажуулж өгчээ. Ийм дархлаатай болсон 331 сумын дарга нарт халдах гэвэл нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын тухай хуулийг нэгд нэгэнгүй өөдөөс ярина. Ингэхээр тусгаар тогтносон Монгол Улсын нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт 331 ширхэг бие даасан ханлиг улс нэгэнт бий болжээ. Тэдний амнаас гарах болсон “Ард нийтийнхээ саналыг асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ” гэдэг үг бол төрийнхөө өмнөөс “хуц” гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэлж байгаа ханлигийн эзний үг гэж ойлгох хэрэгтэй. Дорноговь аймгийн Айраг сумын нэгэн дарга саяхан ярилцлагадаа “Орон нутагт ийм сайхан эрх мэдлийг хуулиар олгосон өнөөдрийн төр засгийн удирдлагууддаа баярлалаа” гэж цоглог хэлж байна лээ. Ханлигийн эзэд айдасгүй, амташсан байдалтай хэдүйн болчихсон байна лээ дээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ханлигийн эзэд хатуу чанга, арга чарга ихтэй байгааг баримтаар дурдъя л даа. Аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнууд иймэрхүү мэдээлэл өгч байна. Булган аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Бумбаяр: “Манай аймагт Ашигт малтмалын газраас 38 хайгуулын тусгай зөвшөөрөл ирсэн. Гэтэл орон нутаг нэгэнд нь ч зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Сумдын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ авсан саналын үр дүн ийм байдалтай байна. Иргэд зөвшөөрсөнгүй. Түүнээс гадна сумдын Иргэдийн нийтийн хурал багагүй талбайг тусгай хамгаалалтад авчихаад байна. Үнэндээ бодит амьдрал дээр сум, орон нутгийн удирдлагууд хуулийн дагуу иргэдээсээ асуусан эсэх нь ч тодорхойгүй болчихоод байна. Бас нэг асуудал нь сумдын Иргэдийн нийтийн хурлууд хоорондоо холбогдоод, танай сум хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ, манайх ийм шалтгаанаар зөвшөөрөөгүй гэхчилэн ярьж, тохирох асуудлууд гарч байна. Үр дүнд нь сумдаас нэг хэвэнд цутгасан юм шиг шийдвэрүүд гарч байна. Мөн санаатай гэж хардахаар Дашинчилэн, Рашаант сумдад тусгай хамгаалалтад авсан газрууд нэмэгдчихлээ” гэсэн юм. Тэгвэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг: “Хайгуулын 84 лиценз хүссэн өргөдөл манай аймагт ирсэн. Дийлэнхэд нь орон нутгаас татгалзсан хариу ирсэн. Дийлэнх аж ахуйн нэгж талбайгаа авч чадахгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч, шүүх цагдаа дээрээ тулж байна” гэлээ. Харин Төв аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Баттогтох “Манай аймаг хайгуулын 179 тусгай зөвшөөрлийн өргөдлийг ажлын хоёр өдрийн хугацаанд хүлээж авсан. Холбогдох материалуудыг сумдын Иргэдийн нийтийн хурал руу явуулсан. Сумдын Иргэдийн нийтийн хурал 30 хоногийн дотор орон нутгийн иргэдээсээ санал авна. Дараа нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орно. Энэ нь тэгээд хугацаандаа амжих эсэх нь эргэлзээтэй” гэсэн хариу өглөө. Бүх л хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг өнөөх л иргэдээсээ асууна гэсэн үгээр Засаг дарга нар нь буцаажээ. Ямар ч арга байхгүй, ийм л хуультай. Гэхдээ ханлигийн эзэд иргэдээс асууж ч болно, асуухгүй байсан ч болно. Асуусан чинь ийм хариу өглөө гэж өөрийнхөөрөө хэлнэ, асуугаагүй байсан ч ийм хариу өглөө гэж өмнөөс нь протокол үзүүлж болно. Ерөөсөө ханлигийн эзний мэдэх асуудал.

Өнөөдрийн сумын төвд захиргаа, сургууль, эмнэлэг, Хаан банк ийм дөрвөн л газар байгаа. Ийм газарт Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч буй. Иргэд нь лааны гэрэлд амьдарч, сардаа нэг усанд ордог сумд олон бий. Эдийн засгийн утгаараа бол өдөрт 500 ширхэг талх зарагддаггүй сумын төв дээр томоохон үйлдвэр байгуулаад бүгдийг ажлын байртай болгоно гэж байхгүй. Гэхдээ ийм хэсэг бүлэг хүмүүсийг хөдөөд сум нэрийн дор байлгах сонирхол УИХ-ын гишүүдэд байдаг. Ийм нэг нэг бие даасан сумдыг устгах гэвэл өнөө УИХ-ын гишүүд чинь хамаг саналаа алдана гэсэн үг. Хэн эдгээр 331 тусгаар тогтносон улсыг татан буулгаж хамаг саналаа алдахыг хүсэхэв. Сумын төвд амьдрах 50 гаруй өрх нь бүгд төрийн албан хаагчийн гэр бүл. Бүгдээрээ сумынхаа иргэдийг гартаа атгасан. Сумын даргатай, эмчтэй, нийгмийн даатгалын байцаагчтай, банкны эрхлэгчтэй, цагдаатай… бүгдтэй нь тэрхүү сумын 1000 иргэн ойр байж, үг сургаалыг нь дагаж мөрдөж байхгүй л бол баларна. Өвдвөл яана, зээл хэрэгтэй болбол яана, малаа хулгайд алдвал яана, тэтгэврээ авч чадахгүй бол яана… энэ бүхэн тэднийг харцаараа хөдөлгөж байх нээнтэг болдог. Ийм орчин нөхцөлийг сумын удирдлагууд бүрэн ашигладаг. Сум хэмээх бие даасан ханлиг улсын эздэд “Уул уурхай, ашигт малтмал” гэдэг үгс бөөн мөнгө гэж сонсогддог. Тийм болохоор бие даасан ханлиг байх, жалгандаа “улс орон” болж тоглохоо өдрөөс өдөрт ойлгож амташсан нөхдүүд. Тэдний энэ байдал газар авсаар өнөөдөр улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх, бул хар чулуу болох хэмжээнд очсоныг хайгуулын тусгай зөвшөөрлийн 90 хувийг буцааснаас харж болно.

Хууль эрхзүйн хүрээнд 331 хэсэг улс болон хуваагдсан Монголын эдийн засаг (өнөөдөр Засгийн газар огцрох эсэх нь иргэн Доржид ямар ч хамаагүй, түүний хувьд ажилладаг байгууллага нь л ашиг орлоготой, тогтвортой үйл ажиллагаатай байх нь чухал) цаашид яах вэ. Ирээдүйд энэ улсын эдийн засгийн гол сэргэлт болох Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумын нутаг дахь Өвөржаргалантын хөндийд буй дэлхийн хамгийн чанартай занарыг ашиглах эсэхийг эдгээр сумын Иргэдийн нийтийн хурал гээчээс нь асууж шийдэх үү. Дэлхийд занарын хувьсал ид явагдаж байна, Монголын энэхүү хүхэргүй, хорт хийгүй, органикийн өндөр агуулгатай занарын ордыг дэлхий дуу алдан харж байна шүү дээ.

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн топ арвын нэгд аль хэдийнэ орчихлоо. Ураны нөөц ингэж огцом өссөн гол шалтгаан нь Францын “Арева”-гийн Монголд арваад жил хийсэн хайгуулын үр дүн. Дорноговийн нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн нөөц дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар байна. Гэтэл “Арева”-гийн охин компани “Кожи говь” хайгуулын өрөмдлөгөө сая зогсоочихлоо. Өнөөх л сумын Иргэдийн нийтийн хурлын шийдвэр, Иргэний хөдөлгөөнүүдийн дарамт шахалтаас болоод тэр. Монгол Улсын 331 сум тус бүрдээ ийнхүү бие даасан ханлиг улс болон шийдвэр гаргаж, эдийн засгаа хорлоод эхлэхээр монголчуудыг ирээ­дүйд ямар хувь заяа хүлээнэ вэ. Монгол орны хөгжил дэвш­лийн тухай яриад ч хэрэггүй боллоо. Тэмүжин гуай тэртээх зуунд 81 ханлиг аймгийг нэгтгэх гэж ухамсарт амьдралынхаа 20 жилийг зориулж хүчирхэгжсэн байдаг. Өнөөдрийн удирдагчид 331 ханлигийг хэрхэн нэгтгэж улс орноо хөгжүүлэх юм бол доо.

Categories
мэдээ нийгэм

Морь унавал түрүү булчирхай өвдөхгүй

Монголчууд морь унадаг байхдаа энэ өвчнөөр өвддөггүй байж. Морио мотоцикльтой сэлгэж унадаг болсноор түрүү булчирхайн өвчин үзэгдэж эхэлсэн байдаг. Одоо бүр мориноосоо холдсоноор энэ өвчин өдөр хоногоор өсч тэлэх боллоо. Энэ өвчний нэг хэцүү нь эхнэрээс нь эхлээд ойр хавьд нь байдаг эмэгтэй хүмүүс дагаж хямраад байдгаараа аюултай хэмээн мэргэжлийн эмч нар яриад байх юм. Яахаараа ч тэгдэг юм. Тэгэхээр эмч нар юу гэж зөвлөж байна гэхээр төв суурингийн эрчүүд энэ өвчинд эхнээсээ нэрвэгдэхгүй байх арга бол ядаж амралтын өдрөөрөө морь унаж байх явдал гэнэ. Амралтынхаа өдрөөр уул хаданд явган нүцгэн тэнэж явахаар хотын ойролцоох морины баазуудад захиалга өгөөд очиж морь унан өдөрт дор хаяж 2-3 цаг явж байвал түүн шиг сайн эмчилгээ байхгүй ажээ. Морь унаж яваа хүний бүх булчин хөдөлж байдгийг шинжлэх ухаан тогтоосон байна. Гэхдээ морь унахдаа бүр монгол модон эмээл тохох хэрэгтэй гэнэ. Тэрнээс орчин үежсэн, барууны эмээл тохох нь булчинд нөлөөлөх байдлаараа монгол эмээлийг гүйцдэггүйг тогтоожээ. За тэгээд монгол морь унах хэрэгтэй гэж байгаа юм. Учир нь жижигхэн монгол адуу дороо их язганасан хөдөлгөөнтэй учраас хүний бүх булчинг ажилд оруулдаг, харин том биетэй гадны үүлдрийн адуу түшүүрэг сайтай учраас зүйрлэвэл жийпэнд сууж яваатай адилхан ажээ. Энэ мэтээр эрчүүддээ энэ талын дуулсан сонссоноосоо зөвлөөд байвал дуусашгүй их цуваа болох учир бодитой хоёр жишээгээр төгсгөе. Жишээ нь олны танил хүмүүсээс морь сайн унадгууд гэвэл Санжийн Баяр, Норовын Алтанхуяг хоёр юм. С.Баяр тэр жил “Макс”-ийн уяан дээр морь унаж давхиад нуруугаа гэмтээсэн нь зүгээр ч нэг саваагүй эрийн зан биш, угаасаа морь унадаг эр гоомойдсон хэрэг. Н.Алтанхуяг бол амралтын өдрөөрөө мориноос буудаггүй эр. Энэ хоёрыг тэгээд харж байгаа биз дээ, эр хүнийхээ хувьд исгэлэн залуу байгааг.

П.Хашчулуун

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШИЛЭН ДАНС “шилэн” Дамдинг төрүүлэв

Шилэн данс гээд шуугив. Нийгэм тэр аяараа ч биш л дээ. Хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд шуугиж байна. “Шилэн дансны шилийг хагалаад харсан чинь энэ муусайн төрийнхөн ямар аймаар идэж уудаг юм бэ гэх нэгэн “шилэн” Дамдин гарч ирсэн хэрэг. Телевиз, сонин хэвлэлээр тэрбээр ярьж, сайтууд, сошиал ертөн­цийнхөн дэвэргэж ер бусын луйврыг шилэн данснаас хараад илрүүлсэн мэт ойлголтыг нийгмийн сэтгэл зүйд тулгах гэсэн оролдлого. Юун “шилэн” Дамдин яриад эхлэв гэж асуух хүн гарах биз. Тэгвэл тэртээх 50, 60 оны үед “шилэн” Дамдин хэмээх нэгэн цуутай хулгайч Монголын нийгэмд амьдарч байсан юм. Монголын “Бриттаника” толь дээр Монголын хамгийн алдартай хулгайч гэх хоёр хүнийг онцлон оруулсны нэг нь энэ “шилэн” Дамдин. Нөгөө нь “чонон” Борис гэгч. “Шилэн” Дамдин гэж нэршсэн учир нь тэр нөхөр нүдний шил зүүдэг байсан юм билээ. Мань эр хулгайчдын бүлэглэл зохион байгуулж тэднээрээ хулгай хийлгэдэг. Өөрөө ард нь зүгээр үлддэг. Хаана их мөнгө байгааг Шилэн дансанд харагдаж байгаа юм шиг харж чаддаг байсан тийм л хүн гэсэн.

Үүнтэй үйлдэл нь адилхан нэгэн “шилэн” Дамдин гарч ирж Шилэн дансаар дагнан ярьж эхлэв. Тэгэхээр Шилэн дансны хууль нь ч тэр, үүнийг яриад зогсож буй “шилэн” Дамдин ч тэр, түүнийг дэмжин элий халай болж байгаа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ч тэр бүгд буруу байна. Төр дэх “Шилэн данс”-ны тогтолцоо нь өөрөө дэндүү амьдралгүй байгаад хэлэх үг олдохгүй байна. Энэ хуулийг, энэ дансыг, эдгээрийг ярин шуугиж буй хүмүүс нь үнэндээ өнөөдөр Монголын төрийг улам сульдааж, хэврэгшүүлж, айдаст автуулж байгаа нь санаатай, санамсаргүй үйлдэл болоод байна. Энэхүү Шилэн дансны тогтолцоо нь Монголын төрд ардчилал хэрээс хэтэрснийг, бүр гай болж байгааг өдөр ирэх бүр ойлгуулж байна. Төрийн бүх мөнгө ил байх нь захын нэг архичин гарч ирээд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар ажлаа хийж буй хүнийг заамдан авч “Чи тэдэн төгрөг авсан байна, архины мөнгө өг” гэж хэлэх нь. Компанийн санхүүгийн нууцлал гэдэг нь хөгжсөн улс оронд бол компанийн засаглалын номер нэг асуудал байдаг. Манайд бол Шилэн дансаар дамжаад лөөлөө болох нь. Энэ ардчилал мөн үү. Манайд дарамтлагсдын бүлэг бий шүү дээ. Тэд хэн хэдэн төгрөгийн тендерийн ажил хийж байгааг алган дээрээ мэт хараад сууж байгаа юм байна. Цаг нь болоогүй байхад хэрэгжиж эхэлсэн хууль гэдэг энэ дээ. Төрийн байгууллагуудын “Шилэн данс”-ны шилийг мөн ч амархан хагалж эхэллээ дээ. Цаашид хичнээн “шилэн” Дамдин гарч ирэх юм бол.

Өнөөдөр хүмүүсийн үзэн ядаад байгаа Шилэн дансаар харагдах төрийн мөнгөний урсгал чинь Монгол төрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал юм шүү дээ. Дэлхийн 200 гаруй улс орон төрийнхөө бүх ажлыг мөнгөөр явуулдаг. Ганцхан Монголд л “шилэн” Дамдин гарч төрийн ажлыг мөнгөгүй явуул, пүүх паах, явуулбал эд нар идэж уугаад байна гэж хашгираад байгаа нь үнэндээ эрүүл зүйл биш юм. Төрийн мөнгө шилний цаанаас харагдаж, зарлагдахыг харчихаад “шилэн” Дамдин “Ямар булай юм бэ” хэмээн цовхчиж түүнийг нь сэтгүүлчид тэр чигээр нь нийгэмд хүргэж байгаад эмгэнэл нь оршиж байна. Энэ нь шууд утгаараа Монгол төр ажлаа битгий явуул гэсэн үг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сая гаруй хүнтэй энэ хотыг яаж хөгжүүлэх вэ хэмээн нойр хоолоо хасан, ар гэрээ умартан, хэдэн өдрөөр ард түмний төлөө хөдөлмөрлөж байгаагийнх нь төлөө төрөөс хэдэн төгрөгөөр урамшуулж яагаад болохгүй гэж. Эдгээр хүмүүс хийх ажлаа олж ядсандаа ингэж суудаг юм уу. Бразил улсад ажлын туршлага судлахаар очсон хэдэн төлөөлөгчийг тэр үед нь сэтгүүлчид, сошиал ертөнцийнхөн элдвээр хичнээн хэллээ. Тэдний зүтгэлийн хүчинд өнөөдрийн хот чинь өнгөө засаад, бид барууны хотод яваа мэт байшин барилгатай, гудамж талбайд нь тайван сайхан алхаж байна. Энэ бүхэн тэгээд төрөөс мөнгө хөрөнгө гаргахгүйгээр хар аяндаа хийгдчих ажил болж байна уу. Сая нэг инээдтэй яриа Их хурал дээр боллоо. Ерөнхий сайд 9.5 сая төгрөгийг мөнгөн аяга авахад зарцуулчихсан юм уу, өөрийг нь мөнгөн аяга авчихсан гээд байгаа юм уу. Шилэн дансаар олж харсан л мөнгөн дүн бололтой. Ерөнхий сайд нь тийм юм байхгүй л гэх. Би л оронд нь байсан бол хэрэглээгүй байсан ч “Тэгсэн, би тийм мөнгөний зардал гаргасан. Харинчиг багадуулсан. Ерөнхий сайдад энэ бол юу ч биш” гэж гөжүүдлэх байлаа. Үнэндээ Монгол Улсын Ерөнхий сайдад энэ байтугайг авах эрх байх ёстой. Зарж үрэх эрхтэй. Төрд зүтгэж буй хүн төрийн хайр ивээл, шанг хүртэх эрхтэй. Энэ мэт ганц нэгхэн жишээнээс харахад л “Шилэн данс” гэдэг Монголын төрийг ямар муухай жижигрүүлж, арчаагүй болгож байна вэ. Төр хүчгүй бол та бид ч хүчгүй. Хүчгүй, аймхай харагдуулах шалтгаан нь шилэн данс болчихож.

Тэгэхээр шилэн данс хянагч “шилэн” Дамдины үзлээр бол төрийн албан хаагч нь наад зах нь гадаад томилолт төрөөс авч болохгүй юм байна. Жишээ нь Монголбанкны ерөнхийлөгчийг гадаадад ажлаар явахдаа 30-300 ам.долларын буудалд хоногло гэж загнажээ. Олон улсын санхүүгийн зах зээл дээр очиж буй ямар ч улсын банкны ерөнхийлөгч хүн таван одтой зочид буудалд байрлаж, вип таксигаар үйлчлүүлэхээс ажлаа эхэлнэ. Бод л доо, 50 ам.долларын буудалд буусан, таван долларын зангиа зүүгээд давхиж очиж байгаа хүнтэй хэн гэрээ хэлцэл хийх юм бэ. Тоож мэндлэх хүн ч олдохгүй. Монгол Улсын банкны ерөнхийлөгч гээд байгаа нөхөр чинь залилан хийгч байна, эсвэл мэдрэл нь муудсан, галзуу нөхөр байх гэнэ. “Шилэн” Дамдин минь дээ, энэ дэлхий дээр чинь манай алтан тэвшийн хонхроос огт өөр дүрэм журам үйлчилдэг юм шүү дээ. Манай “шилэн” Дамдин өөрийнхөө хэмжээгээр сэтгэж, манай сэтгүүлчид түүний хэмжээгээр мэдээлж байгаа юм. Төрийн бүх ажлыг Шилэн данс ийнхүү царцаах нь. Шилэн дансыг хянагч “шилэн” Дамдин гэж олон сэтгүүлч бараа бологчтой, даналзсан аймаар амьтан гарч ирснээ “Шил авъя, шил авъя” гэдэг гудамжны нөгөө нөхдүүд шиг чарлаж эхэлсэн нь энэ төр засгийг мөн ч гутааж байна даа. Муу ч сайн ч энэ чинь тусгаар Монгол Улсын төр шүү. Одоо ч үзэгдэхээ байж дээ, хэдхэн жилийн өмнө бол гэрийн гадуур, гудамж талбайд “Шил лааз авъя” гэж орилолдсон нөхдүүд таардагсан. Аваад очихоор өнөө шил лаазчин нөхөр чинь “П… минь наад лаазаа гишгэж няцалж өг” гэж загнадаг. Өнөөдрийн “шилэн” Дамдингийн даналзаж байгааг харахаар энэ дүр зураг буух юм.

Шилэн дансны тогтолцоо ингэж л Монголын төрийг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн тулгалтад орууллаа. Аль ч улс орны төр засаг хийсэн ажлаа ард түмэнд ойлгуулахын тулд хэвлэл мэдээллээр сурталчилдаг. Тэр нь өөрийн үнэ хөлстэй олон улсад тогтсон жишиг. Шилэн дансны ач буянаар лав сэтгүүл зүй-төр хоёрын өмнөх 20 жилд тогтсон хамтын ажиллагаа дуусгавар болсон. Үүнийг ардчиллынхан төр засгийн эрхэнд гарснаар хийх шив дээ. Төртэй холбоо­той үйл ажиллагаа бүхэн санхүүжилттэй. Тэр нь шилэн дансаар харагдах учраас “шилэн” Дамдин хянаж олон нийтэд “Төр булай юм хийж байна та минь ээ” гэж орилж хашгираад байх нь гэж айгаад. Шилэн Дамдингийн үг үйлдэл бүхнийг бүх сэтгүүлч уухай­лан мэдээлж, даган бархиралдсаар. Уг нь төрийн үйл ажиллагааг нийгмийн сэтгэл зүйд хүргэх нь сонин хэвлэлийн хамгийн том үүрэг. Гэвч төлбөрөө “шилэн” Дамдинаас айгаад өгөхгүй. Үүнийг нь хэвлэл мэдээллүүд шуугин дэмжээстэй. Үр дүнд нь мэдээллийн байгууллагууд дампуурах хурдаа нэмээстэй. Манай улсаас өөр хаана ч байхгүй хачин логик харагдаж байгаа биз.

Өнөөдөр Монголын сэтгүүл зүй, сошиал ертөнцтэйгөө онь холбож аваад аль нэг асуудлыг барьж авч балбаад, түүнийгээ бүр шуургалуулаад, давалгаалуулаад ирэхээрээ буруу замаар явчихдаг болсон. Энэ бүгдийг хэн залуурдаад байдгийг мэдэхгүй. Өнгөрсөн хугацааны шуургаллын үр дүнг харъя. Жишээ нь Оюу толгой төсөл байна. Эх орноо гэсэн баахан ардын баатрууд гарч ирсэн. Баахан Иргэний хөдөлгөөнүүд бий болсон. Бүгдэд Монголын сэтгүүл зүй, сошиал ертөнцийнхөн хайр зарласан. Тэдний цээжээ хэрхэн дэлдэж, Оюу толгой төслийг зүхэхийг сэтгүүлчид хийгээд твиттерчид дуу алдан дэмжиж хамтдаа бөөлсөн. Үр дүнд нь Монголын эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэн, дэлхийг дэлдийлгэсэн энэ төслийн амыг барих хэмжээнд аваачив. Одоо өөрсдийнхөө байгаа царайг хар даа. Мөнгө ч үгүй, юу ч үгүй. Одоо төсвийн тодотгол хэлэлцэх гэж байна. Улсын төсөв нь нэг их наядаар сох дутах нь. Айлаар бол хоногийн хоол ч үгүй хонож мэдэх нь. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн Оюу толгой минь хэмээн эргээд хашгирцгааж эхэлсэн. Мөн ШӨХТГ анх гарч ирэхэд сэтгүүл зүй, сошиал ертөнц хамтран хэрхэн хүлээн авч, балиашиглаж шуургаллаа. Үр дүнд нь үндэсний хэдэн том үйлдвэр болох Алтан тариа, АПУ… гэхчилэн хөл дээрээ боссон хэдэн компаниа дампууруулчих шахав. Одоо ШӨХТГ нь аль л болж бүтэж байгаа ажил бүрийг очиж шалгадаг, торгууль тавьдаг, хаалга үүдийг нь хаана гэдэг, түүнийг сэтгүүлчид шаагилдаж очоод орь дуу тавин мэдээлдэг. Ямар сэтгүүл зүй, сэтгүүлчид өнөөдөр Монголд бий болоод байгаа юм бэ. АТГ-ыг анхнаасаа сэтгүүл зүй, сошиал ертөнц хэрхэн шагшин шаагилдан магтан дуулав. Сүүлдээ энэ байгууллагынхаа өгөөш загас болж хувирсан. Зарим сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд өөрсдөд нь АТГ-ын дарамт ирснээр сая нэг сэхээ авч байх шиг. Гэвч бас л оройтсон борооны хойноос… Хувь хүний асуудлууд байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр камазын тэвш дүүрэн доллартай байжээ хэмээн зорилгот шуугиан дэгдээхэд сэтгүүл зүй тэр чигээрээ чарлалдан шавж очоод “Камазын тэвш дүүрэн ам.доллар байжээ” хэмээн бүтэн сар шуургалсан. Одоо хар, өнөө их ам.доллар чинь тэгээд хаана байна. Монголын сэтгүүл зүй одоо ингэж бууны нохой болдгоо боль. Монголын сэтгүүл зүй нийгмээ урагш нь чирч, хөтөлж явах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн сэтгүүл зүй дэлхий ертөнцөөс арчигдан сөнөж буй социализм руу Монголын нийгмийг уллан чангааж байгаа нь гутамшиг. Ингэхгүй шүү найзууд аа, мэргэжил нэгтнүүд ээ. Одоо өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөөсөнд хутга гаргадаг сайд нар олшрох төлөвтэй

Өнөөдөр шинээр томилогдож очоод ажлын гараагаа эхэлж буй сайд дарга нар эргэн тойрондоо байгаа төрийн албан хаагчдыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймүүлж, яг дэргэд нь шадарлах, торгон цэрэг нь байх төрийн албан хаагчдад дайсан мэт хандаж байна. Өнөө маргаашгүй улс орныг сүйрүүлж, ард түмнийг хорлох гэж байгаа бөөн дайсан дунд орсон ганц эерэг дүрийн баатар мэт аашлах боллоо. Энэ эх захгүй бужигнааныхаа гол дүрд өөрсдөө тоглох болсон нь хэрээс хэтэрч, цагаандаа гарсан хэрэг болов. Тэдгээр сайд дарга нарын жижигхээн зүйл дээр эр бяраан гайхуулж буйг нь хараад яая даа гэмээр харамсал төрж байна. Саяхан Зам тээврийн сайд болсон М.Зоригтын жишээн дээрээс харъя. Энэ хүн бол Их хурлын гишүүний ажилдаа цаг завынхаа цөөн хувийг зориулдаг, харин твиттер фэйсбүүкт ажлынхаа ихэнх хувийг зарцуулдаг гэж хүмүүс ярьж, бичдэг. Магадгүй цахим ертөнцөд жиргэж, гэрэл зургаа оруулахад дийлэнх цаг заваа зориулдаг болсноор зарим иргэд “Аанхаа, ийм нэг их хурлын гишүүн байдаг юм байна” гэж таних болсон байх. Гэтэл сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгч маань Зам тээврийн сайдын суудлыг авсныхаа маргааш нь шахуу яамныхаа сошиал медиа-г хаалаа. Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулав. Тогтворгүй үзэл баримтлалтай хүн улс төрд байдаг. Учир нь М.Зоригт гишүүн Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэдхэн сарын өмнө өргөн барьсан. Тэрбээр энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулахыг зорьсон хэмээн мэдээлж байсан юм даа.

Зам тээврийн яаман дээр ингэж сүрхий ажил хийж аваад зүүн аймгуудын зам руу жирийлгэсэн. Тэнд тавьж очоод авто замын компаниудын гэрээг цуцалж дахиад гэрээ хий гэв. Зам тээврийн яам өнгөрсөн зургадугаар сард компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч Хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулсан нь тэдэнд хугацаа алдах шалтгаан болжээ. Замынхан Хөгжлийн банк гэрээнд хойрго хандаж улсын ажил цалгардуулсан талаар Засгийн газарт танилцуулахыг М.Зоригт сайдад учирласан ч өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 15 хүртэлх ажлын цалгардлын хариуцлагыг компаниудтай тооцон ийнхүү гэрээг нь цуцлав. Эхний цас орж өвөл хаяанд ирлээ. Залгуулаад хавар болж сонгуульдана. Хэдүйдээ зам тавих болж байна. Улсаас авах мөнгө нь орж ирээгүйгээс хугацаа алдсан эдгээр компаниуд Монгол Улсад яаж дайсагнасан учраас нэгэнт эхэлсэн ажлыг нь замын дунд зогсоов. Хардаж харвал өөрийнх нь нөлөөний компаниуд л тэнд нь оролцъё гэсэн байж мэдэх юм даа. Ер нь бол зүүн чиглэлийн автозам ашиглалтад орох нь өнгөрөв бололтой. Тэнд “дайснууд” бий болсон учраас тэр шүү дээ.

Нөхөр тэндээсээ давхиж ирээд шуурхай хуралдаан хийж Зам тээврийн яамны бүх дарга нарын машиныг хөдөө орон нутагт замын ажил дээр ажиллаж буй залуучууд руу шилжүүлэх, улмаар хот дотор явж байгаа машинуудад GPS байрлуулж хаана явааг нь хянах шийдвэр бас гаргав. Энэ одоо сайдын хийх ажил мөн үү. Байгууллагынх нь дисспечер л хянана биз дээ. Төрийн дарга нарын машинаар оролдохоор дагуулж хийцлүүлдэг урьдын практикууд бий. Өмнө нь нэг сайд ийм юм ярьж бүх жилүүдийг хураасан чинь өнөө дарга нар нь уриалгахнаар хүлээж авангуутаа хуучирсан 470-уудаа бүгдийг нь актлаад зөрүүлээд бүгд шинэ 200-нууд аваад уначихсан юм. Төрийн албанд шийдвэр хэрэгждэг, харин үр дүн нь ингэж л эргэдэг. Энэ мэтийг нь мэдэх болсон ард түмэн одоо юу гэдэг гэхээр “Өө яахав, наанаа хэмнэлт гэсэн шударга дүртэй цаанаа өөрийн бизнесээ шахдаг томчуудын үйлдэл” гэж. М.Зоригт сайдын энэхүү жижиг шийдвэрүүдийг бөөсөнд хутга гэдэг нь биш гэж байгаа юм бол нөгөө хариулт нь дээрх ард түмний ярьж байгаа болно. Гадаадын хөгжсөн нийгэмд яамныхаа машинаар хүүхэн шуухан хүргэж үйлчиллээ хэмээн огцорсон шуугиан бий. Харин жижигхэн Монголд энэ нь огт өөр. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх машин, эхнэрийн машин, албаны машин… нэг өрхийн авто хэрэгслүүд хөдөлгөөнд олноор оролцож байгаагаас хотын энэ их түгжрэл, нерв бий болдог. Үүний оронд даргаа хүлээгээд зогсож буй албаны машинд бензинийг нь хийгээд авгайгаа, хүүхдээ авахуулчих нь зөв. Гурван машины оронд нэг нь л хөдөлгөөнд оролцож байгаа биз дээ. Амьдралтай бодлого боловсруулахыг өнөөдрийн сайд дарга нараас цаг үе шаардаад байна шүү дээ.

Зам тээврийн сайд М.Зоригтын бөөсөнд гаргаж буй хутга цаашаа ч үргэлжилж байна. Саяхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очиж гэнэтийн шалгалт хийв. Сайдын дагуулж очсон ганц хүн нь МАН-ын пиарыг сошиал ертөнцөд хийдэг Цогоо. Цогоо нь гонжоом зангиатай сайд нь ч юм шиг. Хажуу дахь М.Зоригт болохоор хүзүүндээ гэрэл зургийн аппараттай зурагчин нь ч юм шиг. Төрийн сайдын намба төрх бол иргэн хүнд итгэл үнэмшил төрүүлэх эхний алхам болдог. Ялангуяа 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монголын ард түмний хувьд энэ нь их чухал. Тэрнээс цагаачдын тив Америкт бол жинсэн цамцтай сенатор харайж явдаг л даа. Зам тээврийн яаманд хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч гэж байдаггүй юм уу. Байдгийг нь шинэ сайд нь мэддэггүй юм уу. Дагуулж яваа нөхөр нь бол эрх баригчдыг айхавтар шүүмжилж, элдвээр хэлдэг хүн. Тэгээд л гэнэтийн шалгалт гэж шинэ сайдыг хөөргөөд, нисэхийнхнийг ёстой нэг хяргалаа, бужигнууллаа гэж сошиал медиагаар жиргээд, түүнд нь сайд М.Зоригт баясаад байгаа юмуу даа. Ингээд нисэх буудал дээр шалгаж, сайжруулж, бужигнуулаад байгаа юм нь юу байна гэхээр нөгөө л бөөсөнд гаргасан сайдын хутга. Гадаадын иргэн Монгол Улсын дархан хилээр есхөн минутын дотор гүйгээд гарах ёстой гэнэ. Тийм чирэгдэлгүй үйлчилгээг үзүүл гэж сайд М.Зоригт үүрэг өгч, биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно гэжээ. Үүнийгээ хэрхэн бодитой ажил хэрэг болж байгааг шалгахаар Цогоог дагуулж очсон нь тэр байж. Нөхөр сайд зорчигчдын танхимд зургийн аппаратыг зэхэн, цагаа тоолон зогсов. “Эйр Чайна”-гийн нислэгээр ирсэн зорчигчдыг бууж ирэх үеэс, хүлээн авагчийн танхимд гарч иртэл нь цагаа харж, даалгавар биелсэн эсэхийг шалгатал зорчигчид 14 минутад багтан гарч ирж сайдын уурыг нь хүргэв. Угтаа есхөн минутад багтах ёстой. Мөн лут хяналт, шалгалт шүү. Тэгээд “Эйр Чайна”-гаар ирсэн нэг хужаа манай улс руу есхөн минутад амжиж орох нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ. Монгол гэдэг улс чинь хэн дуртай нь хэдхэн минутын дотор гүйгээд орчихдог онгорхой нүх юм уу. Монгол төрийн алтан босго шүү дээ. Тусгаар Монгол Улсын үүд хаалга ажиллаж байна. Үүрэг хүлээж, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид тэнд ажиллаж байна. Монгол төрийн хамгийн хүнд суртал харинчиг тэнд л байх ёстой. Бүгд өмнө нь бөхөлзөж, хүлээж, ширтэж зогсох ёстой. Дэлхийн ардчиллын өлгий АНУ хил гааль дээрээ хэдэн цагаар хүлээлгэдгийг та бид мэднэ. Гэтэл Монголын хилээр гадныхныг зүгээр л гүйлгээд гарга гэж байгаа төрийн сайдыг хараад үнэндээ гайхаш тасрахад хүрч байна. Сайдынхаа ийм жижиг сажиг ажлыг хараад салбарынхан нь, мэргэжлийн хүмүүс нь бүүр нэг гайхширчихсан зогсож байгаа юм.

Монголын төр ингэж л жижгэрч байна даа. Ерөнхий сайд нь хилийн бүсэд нэг сэтгүүл зарлаа гэж дарга нарыг нь халлаа. Нэгэн загвар зохион бүтээгч хүүхэн “Намайг татвараа төл гэж загналаа” хэмээн уйлан хайлан ховлоход нь татварын даргаа дуудаж загналаа. Юу болоод байгаа юм бэ. Энэ бүгд Монголын төр бөөсөнд хутга гаргаад байгааг, хэтэрхий жижигхэн юмаар хөөцөлдөөд байгааг, дээрээ жижгэрэхээр дороо бүр хуурсанд хутга шөвөг тулгадаг болсныг харуулж байна.

Үнэхээр Зам тээврийн сайд та ажил хийх гээд байж ядаад аргаа олохгүй байгаа юм бол 270 сая ам.доллараар төмөр зам барина гээд говьд аваачаад овоолчихсон шороон дээр арга хэмжээ ав. Наад есөн минутын дотор хужаа оруулахын чинь дэргэд жинхэнэ Зам тээврийн сайдын хийх ажил. Говийн шороо, бороо хоёрт 270 сая ам.доллар хийсээд, урсаад алга болж байна лээ. Яг энэ асуудалд наад твиттерчнээ ашиглаач. Энэхүү далангийн овоолго ч сайд хүнд жижигдэх ажил. Ядаж нарийн, өргөн царигийн бодлогыг өөр түвшинд аваачих, эдийн засгийн тооцоон дээр суумаар байна. Транзит тээвэрлэлт дээр хоёр хөрштэйөө эрх ашгаа хэрхэн нэгтгэх талаар тогтож бодмоор байна. Наад нэг гэрэл зураг дарахаа, жиргээ миргээгээ ирэх зургадугаар сар хүртэл больчихооч. Салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж хар, анализ хий, бодлого боловсруул. Битгий бөөсөнд хутга барьж гүйгээд бай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаантнууд нь улс төрд орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг

“Улс төрд ухаантнууд нь орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж дорнын нэгэн ухаантан хэлсэн байдаг юм. Өдгөө хүн бүр мэддэг болсон үг. Сүүлийн үеийн Монголын улс төрийг харахад энэ үг их үнэн юм байна. Монголд ардчилсан хувьсгал хийгдэж, нийгэм огт өөр нийгмээр солигдох үед голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр ядахад торойж харагдахгүй байх юм. Яахав, Элбэгээ, Гончигоо, Үүл, Алтанхуяг… гээд улс төрд одоо байна л даа. Эдэнтэй эн зэрэгцэх, араас нь залгаас болж алдаа оноог нь дэнсэлж өгөх лидерүүд хаачив. Монголын ардчиллын гол үзэл сурталчид болох Баабар, Цэнддоо, Нэргүй, Хатанбаатар… яагаад улс төрд орж ирэхгүй байна. П.Очирбат, Д.Бямбасүрэн… өнөө жингийн цуваанууд яагаад улс төрд сураггүй байна. Да.Ганболд, М.Энхсайхан… эд нар өнөөдөр дагалдах, гүйцэтгэх түвшинд явах ёстой хүмүүс мөн үү. Эд нар, эдний үеийнхэн бүгдээрээ идэвхтэй амьдрах нас нь дуусаж, эрүү өвдөг нь нийлчихээгүй шүү дээ. Дэлхийн практикийг хар л даа, дэлхийн улс төрийг яг л та нарын үеийнхэн одоо удирдан жолоодож байна шүү дээ. Ганц ардчиллынхан ч биш МАН-ын лидерүүд байх ёстой байр суурин дээрээ алга. Б.Даш-Ёндон бол сүүлд төрсөн ганц онолч. Хоёр нийгэм дамнан улс төрд байсан Г.Очирбат, Ш.Гунгаадорж, Ц.Гомбосүрэн, С.Төмөр-Очир, Н.Багабанди, С.Баяр эд нар яагаад Их хурлын гишүүн болохгүй байна. Улс орны хэмжээний бүтээн байгуулалт, аж ахуйн ажлыг гаргууд сайн хийх хөдөлмөрийн баатар Р.Раш гуай, Ж.Гүррагчаа баатар нарын нэр хүнд, ажлын хариуцлагатай чанарыг нь өнөөдөр ашигламаар байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан гуай шиг Монголын газар тариаланг мэдэж буй хүн өнөөдөр байгаа юм уу. Энэ мэтчилэн салбар бүртээ ажилласан шиг ажиллаж чаддаг ланжгарууд энэ намд олон бий. Ийм л хүмүүсийн цэцэн мэргэн ухаан, ажил амьдралын асар их туршлага, хат суусан чанар Монголын улс төрд, улс орныг удирдан чиглүүлэхэд хэрэгтэй болчихоод байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ эх орондоо зүтгэх өртэй. Та бүхэн үхэн үхтэлээ энэ улс орны төлөө сэтгэл санаа, оюун бодлоо чилээх үүрэгтэй. Тэгэхгүй байгаагаас чинь болж өнөөдөр улс орныхоо байгаа царайг хар. Халагламаар байгаа биз дээ. Учир нь та нар Монголын төрийн бүх эрх ямбыг эдэлсэн, гавьяа шагналыг нь ч хүртсэн. Төрийн хүний өндөр дээд чанар ямар байхыг мэдэх, төлөвшсөн хүмүүс. Тийм болохоор та нар одоо өрөө төлөх цаг болжээ. Эх орондоо өрөө төлцгөө.

Та нар хар даа! Монголын төрд жолоодогчид байна уу? Монголын төрд жолооч нар нь л байгаа биз дээ. Хамгаалагч нь, сувилагч нь, цай зөөгч нь, ресторанд даагч нь, илтгэлийг нь шивэгч нь, цүнх баригч нь… үгүй ер ямрууд нь төрийн сайдын суудалд оччихсон байгаа юм бэ. Ийм удирдагчидтай байгаа нь эмгэнэл биш үү, нөхөд өө. Ийм хүмүүсийн эрх ашгийн эрэмбэ ямар байх бол. Наад захын жишээгээр бодоход Багабанди, Баяр, Баабар, Цэнддоо, Да.Ганболд… эд нар эх орныхоо эрх ашиг, ажил төрлөөс наана сайхан хүүхний хэрэг явдлыг урьдал болгох уу. Ядаж тэгэх нас нь өнгөрсөн биз дээ. Өдөр нь харсан сайхан хүүхнээ шөнө нь бодоод унтдаггүй нас чинь одоо энэ Сайхнаа, Баярцогт, Гантөмөр, Наранхүү, Баасанхүү, Болор, Тэмүүжин… нарынх байлгүй дээ. Эдний үеийн Их хурлын гишүүд, сайд дарга нарынх байлгүй дээ. Цаашилбал залуу хүмүүст мөнгө мөн ч хүчтэй нөлөөлнө дөө. Энэ бол амьдралд их ойр, үнэн эрсдэлүүд юм. Энэ мэт залуу улстөрчдөд тохиолдох олон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга бол олон улсад улстөрчдийн насны хязгаарыг зааж өгөх байдаг. Үүн дээр Дундад Азийн улс орнууд дорвитой алхмууд хийсэн. Одоо оросууд ийм санаачилгуудыг их гаргаж хэвлэл мэдээллээрээ ярих боллоо. Урд хөрш хийгээд япон, солонгосчууд угаасаа насны хязгаарт анхаардгийг та бид ядаж телевизийн мэдээнээс харж байгаа. Хятадын Ардын их хуралд 40 настай хүн харагдахгүй. Дундад Ази буюу станы орнууд дотор Узбекстан хамгийн анх парламентынхаа насны хязгаарыг 45 наснаас дээш болгосон нь хөрш орнуудад нь халдварлаад байгаа юм. Дундад Ази буюу уулынхны удам гарвалд тэгж яривал манай Алтай нурууныхан ч орно. Түүхээрээ бол Завханаас цааших хэдэн аймгийнханд уулынхны уламжлалын үлдэгдэл цусанд нь байх ёстой. Тухайлбал өнөөдөр станы орнуудад “Аксакалчууд” гэх хүмүүс бүгдийнх нь атаман, ноён нуруу нь болж байдаг. Аксакал нь манайхаар бол ус нутаг, сум баг дотроо нөлөө бүхий ахмад настан юм. Тэдний үг, үйлдэл бүхэн тэндээ хууль. Тэр байтугай Киргизстанд “Аксакалын шүүх” гэж бий. Нийгэмд хуулиар шийдэж, зохицуулж чадахгүй байгаа зүйлийг энэхүү “Аксакалын шүүх”-ээр эцэслэдэг байх жишээтэй. Өнөөдрийн хөгжсөн дэлхийд ийм уламжлал хадгалагдсаар байгаа нь мухар сохор ёс заншил гэхээсээ илүү ямар ч эдийн шуналгүй болсон, амьдрал таньсан, эх орноо, ард түмнээ боддог болсон, дээр нь зөнөж өтлөөгүй ахмад хүнийхээ үгийг нийгмийн сэтгэл зүй нь дагадаг, тэдэндээ итгэж найддаг талаас нь харах хэрэгтэй юм билээ. Өнөөдөр хүн урт насалдаг болсон. Жишээ нь Японд 100-гаас дээш настай иргэдийн тоо 60 мянга хол даваад байна. Хүн амьдралдаа 2-4 мэргэжил эзэмшиж түүгээрээ ажиллаж амьдрах болсон цаг үе ирлээ. Ийм болчихсон цаг үед 30, 40, 50 нас гэдэг залуу нас юм. Үүнийгээ дагаад дээрх насыг улс орныг удирдан жолоодоход эрсдэл дагуулах, жолдох нас гэж улс орнууд үзээд ийнхүү улс төрд насны хязгаар хуулиар тогтоож эхэлжээ. Дэлхий ч ийм болж байна, манай улстөрчдийн байгаа байдал ч парламентын насандаа хязгаар тогтоохыг шаардаж байна. Ингэхээр улс орныг удирдан чиглүүлэгчийн насыг манайх 50 наснаас дээш тогтоомоор байна. Өнөөдөр гэтэл манайхан яаж байна гэхээр 40 нас гараад “Би хөгширсөн хүн” гэж солиороод, гэртээ очоод хэвтчихдэг, дурсамжаа бичнэ ч гэх шиг, өөрсдийгөө эрт тэтгэвэрт гаргачихдаг. Үүн дээр залуус нь дөрөөлөөстэй. Угтаа бол одоо энэ доктор Л.Түдэв, “иргэн” Ламжав, судлаач Ганхуяг, хуульч Нарангэрэл, физикч Ганцог, академич Лхагважав, Нямзагд генерал Пүрэв, Сандаг-Очир… нарын /өөр цаана нь олон хүн бий/ салбар бүрийн оюуны бяртнууд бүгдээрээ юмны цаана ярьж суух биш шууд гарч ирж гар бие оролцмоор байгаа юм. Ялангуяа парламентад эдгээр хүмүүс амин чухал хэрэгтэй байна. Бүгдээрээ нэр дэвших хэрэгтэй.

Сүүлийн гучаад жилийн Монголын төрийн түүхийг харъя. Улс төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх гуай төрийн ажлаа орхиод гэртээ сууснаас хойш энэ төр эзэнгүй юм шиг явж ирлээ. Залуу хүмүүсийн зоримог, ухаалаг бодлого шийдвэр харагдсангүй. Сүүлийн 25 жилд улс төр, нийгэм эдийн засгийн хамгийн зоримог шийдвэрүүдийг хэн гаргаж вэ гэвэл дээр нэр дурдсан, өдгөө улс төрөөс хол байгаа нөхдийг нэрлэнэ. Жишээ нь ерэн оны хувьсгалтай дүйх хэмжээний том хувьсал өөрчлөлт юу байсан гэвэл 20 дугаар тогтоол буюу үнэ чөлөөлөх байсан. Үүнийг Дашийн Бямбасүрэнтэн хийсэн. Энэ бол ардчиллын дэд хувьсгал байсан. Удаад нь өмч хувьчлал орно. Үүнийг Да.Ганболд нар удирдан зохион байгуулсан. Энэ бол бас л дэд хувьсгал. М.Энхсайханы экспортын бүх татвар тэглэснийг ч оруулж болно. Энэ бол залуу улстөрчийн зоримог шийдвэр. Хамгийн сүүлийн эдийн засгийн том алхам бол С.Баярын Оюу толгойг хөдөлгөсөн явдал. Түүхэндээ анх удаа эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Сүүлийн гучаад жилийн түүхэн дэх реформ бүгдийг хийсэн нөхөд одоо улс төрөөс ангид байгаа нь өөрөө эмгэнэл болчихоод байна. Өөрсдийгөө өвгөд хөгшид болгочихоод байгаад нь уур хүрмээр байна. Ухаантнууд нь улс төрөөс зай барьж ухаан муутайнууд нь төрөөр тоглох үйл явц гэж үүнийг хэлээд байгаа юм.

Өнөөдөр улс орон удирдаж буй нөхдүүд яаж байна гэхээр улс төрийг өс хонзонгоо тайлах, хор найруулах, хуйвалдах, урваж шарвах гэж ойлгон, нийгмийн үнэлэмжийн хамгийн муухай бүгдийг бие сэтгэлдээ шингээж, толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийн дургицгааж байгаа явдал юм. Өнөөдрийн парламентад Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан… эд нар үнэ цэнтэй байна шүү дээ. Ц.Нямдоржийг намынх нь залуус далд элдвээр хэлээд хөөж байна. Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн одоо л төр барих насандаа хүрч байна. Ц.Нямдорж, Р.Гончигдорж… эд нарын нас бол жинхэнэ төр барьж эхлэх нас. Яагаад гэвэл эдгээр эрхмүүд хоёр нийгэмд амьдарч, ажиллаж, улс орны үйл хэрэгт гар бие, оюун ухаанаараа оролцсон хүмүүс. Хятадын төрийн эрхэнд 70 настай Дэн Сяопинийг гарч ирэхэд “Энэ муу хөгшин” гэж дургүйцэх хүн олон гарсан гэдэг. Харин Мао өвөө юу гэсэн гэхээр “Энэ хүн л ийм цаг үед Хятадыг удирдаж чадна. Яагаад гэвэл тэр хятадын гурван нийгэмд амьдарсан, бүгдэд нь оролцсон хүн” гэжээ. Хүн төрөлхтний түүх ийм явж ирсэн атал өнөөдрийн 40, 30, бүр хорин хэдэн настнууд юун төр удирдах вэ. Болоогүй ээ, залуусаа. Өнөөдөр Монголын улс төрд амьдралаас яг үнэнийг хардаг, түүнийгээ хэлдэг, үнэнтэй бас эвлэрдэг хүн л хэрэгтэй. Тийм хүмүүс бол та бидний ахмадууд гэж гоочлох гээд байгаа улстөрчид юм. Тэдний шуналын хор хэдүйн арилсан, тэд үр хүүхдээ боддог, ядаж буян нүгэл, хойд урд насаа боддог насан дээрээ ирсэн хүмүүс. Тэдэнд үр хүүхдээ, удам судраа, аав ээж, өвөг дээдсийнхээ ариун сүнс оршин буй монгол газар нутгаа яаж бүрэн бүтнээр нь, сайн сайхан амьдрах нийгэмтэй нь үлдээх вэ гэсэн л амьдралын утга учир байгаагаас бус өнөөдрийн залуус шиг мөнгөө, хүүхнээ, эрх мэдлээ булаалцалдан дайсагналцахгүй шүү дээ.

Хүн 50 нас хүртлээ юу эсийг хийхэв. Тэнэг л биш бол эхлээд өөрийгөө олно. Ар гэрээ төвхнүүлнэ. Бие сэтгэлээрээ хат сууна. Үүний дараа энэ нийгэм, улс орон чинь юу болж байна гэж босгоноосоо давж харна, бодно, шанална. Ийм үедээ л улс төрд орно. Энэ бол хүний амьдралын зөв хэмнэл. Үүнийг нь л хуульчлаад өгчихье. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нас 60-аас дээш, УИХ-ын дарга, Ерөнхий сайдынх 55-аас дээш, УИХ-ын гишүүнийх 50 наснаас дээш байдаг хөгжсөн орны жишгийг дагая. Эдгээр нас бол олон улсад шалгагдсан нас. Харин 50 наснаас дооших монголчууд минь сайхан бизнесээ хий, судалгааны ажил дээрээ суу, эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө харуул, нийгэмдээ танигд. Үнэхээр улс төрд орох хүсэлдээ дийлдээд байвал залуучууд нийлж баг болоод улс орныг хөгжүүлэх бодлого, концепц боловсруулаад намынхандаа, улстөрчдөд, нийгэмд сурталчилж, өнөөдрийн удирдагчидтай мэтгэлц. Ингэж улс төрд гарч ирвэл зөв болно. Тэрнээс цүнх барих бол биш л дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гуравхан сая монголд түүх хамгийн чухал

0Гэхдээ үнэнд ойр түүх хэрэгтэй. Онцлоход өнөөдрийн хятад, оросуудад түүх нь тийм чухал бус болчихож. Цагаан хэрмэн дээр хойшоо хараад зогсож байгаа тэрбум хятадад түүхээс урд хоол хэрэгтэй. Хойно Байгаль нуураас наашаа хараад зогсож буй 140 сая гаруй оросод мөн адил түүхээсээ урд загас жараахай, ногоо цагаа хэрэгтэй. Тэд түүх бүтээх, түүхээ ярьж амьдрах шаардлагагүй болчихож, яагаад гэвэл арилж баларшгүй тийм олуулаа болчихсон учраас. Харин гурван сая монголд түүх хамгийн чухал байна. Бидэнд дэлхийг дэлдийлгэх юм гэвэл 2000 жилийн төрт ёсны түүх, их хаадын маань ялгуулсан амьдрал замнал байна. Үүнийгээ л судлагдахуун болгож, ярьж бичиж, өнгөлж зүлгэж, дэлхийд таниулж, нутаг усандаа бусад улс орны сая сая иргэдийг авчиръя. Ингэж л түүхээ мөлжиж байж бид тэсч үлдэх нь, тэлж хөгжих нь.

Байгалийн баялгаараа урагшлах гээд өнөөдөр үзэж тарж байна. Үзэж тарах сонирхолтойнууд нь үзэж тарцгааж л байг. Бусад нь харин их түүхээ чулуу болгоход төвлөрцгөөе. Их хээр тал, нүүдэлчин ахуй соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй… юу эс байна. Бидний үнэт зүйлс эдгээр биш юм уу.

П.ХАШЧУЛУУН