Categories
мэдээ цаг-үе

Хавдрыг эсийн түвшинд оношилж, эмчлэх монгол эрдэмтний судалгааны ажлыг европ, америкчууд практикт нэвтрүүлжээ

Дэлхийн болон АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, Академич, доктор, профессор Г.Цэрэнчунттай ярилцлаа.

-Та саяхан Дэлхийн Шинжлэх ухааны Академийн 2014 оны шагналаар шагнагдсан. Юуны өмнө танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны төгссөн сургуулиас яриагаа эхлэх үү?

-Би 2000 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм. Сургуульдаа нэг жил гистологийн багшаар ажиллаад 2001 оноос ХБНГУ-ын Гумболдтын болон Фрии их сургуулиудын докторантурт суралцсан. 2006 оны дөрөвдүгээр сарын 24-нд докторын зэрэг хамгаалсан. Докторантурт суралцаж байх үедээ Гумболдтын Их сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 2006 онд Монголдоо ирж ажилласан л даа. Сүүлийн жилүүдэд Европын холбооны улсуудын хэд хэдэн их сургуулиудад олон удаа зочин профессороор уригдан ажилласан.

-Судалгааныхаа ажлын талаар тодруулаач?

– Оюутан байхаасаа л эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг байсан. Миний бие иммуногистохими, молекул биологийн судалгаа, шинжилгээний арга дээр суурилан, хавдар, хавдар төст эмгэг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношилгоо, эмчилгээний асуудлуудыг бүхэлд нь шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй олон шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.

Хавдар, хавдар төст эмгэгийг эсийн түвшинд дөнгөж бүрэлдэж буй үед нь нарийн ялган оношлох иммуногистохимийн маркеруудыг тогтоож, тодорхойлж, нээсэн. Түүнээс гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, Европын Холбооны улс болон Хойд Америкийн анагаах ухааны практикт нэвтрүүлсэн.

-Манай улсад хавдрын өвчлөл нилээд их байдаг. Таны судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлбэл хүн амын эрүүл мэндэд их хэрэгтэй санагдаж байна?

-Би 2006 онд докторын зэрэг хамгаалчихаад Монголдоо ирснийхээ дараа Германд хийж байсан, бүтээсэн ажлаа эх орондоо нэвтрүүлэх, бий болгох талаар их хичээсэн. Тухайн үед болоогүй. Олон талын шалтгаантай байх л даа. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй. Нөгөө талаас, бэлтгэгдсэн хэд хэдэн эмч мэргэжилтэн болон туслах ажилтан шаардлагатай. Гэхдээ шаардагдах хөрөнгө мөнгөний зардал улс орны хувьд жижиг асуудал л даа. Засгийн газар, салбарын яам энэ бүхнийг шийдвэл хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийнэ гэж илэрхийлснийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ хүрээнд энэ асуудал шийдэгдэж болох байх. Ерөнхий сайд ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л асуудлуудад ажил хэрэгчээр хандан ажиллаж байгаад нь хувь хүнийхээ хувьд талархаж байна.

– Герман, Австри улсуудад таны судалгаа, шинжилгээний ажлын чиглэл өндөр түвшинд хөгжчихсөн үү?

-Тиймээ. Ер нь Европын холбооны улсууд, тэр дундаа Герман улс бол анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Австри, Швейцарь улсуудын анагаах ухааны салбар Германаас дутахааргүй өндөр түвшинд хөгжсөн. Эдгээр анагаах ухаан өндөр хөгжсөн улс орнуудад, мөн Хойд Америкт бидний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлж, хүлээн зөвшөөрч практикт нэвтрүүлсэн. Тиймээс өнөөдөр, манай улсын хувьд бидний ажлын үр дүнг практикт шууд нэвтрүүлэх нь чухал юм.

-Таны судалгааны олон бүтээл дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн гэсэн. Яг ямар сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан бэ?

– Миний бие олон бүтээлээ ХБНГУ, Англи, Польш, АНУ, Англи, Грек, Канад ба ОХУ зэрэг улсуудын Clinical Cancer Research, Journal of clinical pathology, British Journal of Cancer, Folia Histochemica et Cytobiologica, Virchows Arch, Pathology Research and Practice, Anticancer Research, Journal of Orthopedic Research, Histopathology, Pathology & Oncology Research, Oncology reports, Senologie-Zeitschrift fuer Mammadiagnostik und-therapie, Siberian Journal of Medicine, Journal of Histochemistry & Cytochemistry болон Breast Cancer Online зэрэг олон улсын олон нийтийн хяналттай, IF өндөртэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн. Бүтээлүүдээс маань олон зуун ишлэл авсан байдаг. Энэ нь миний судалгааны ажлын үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэж буйн илэрхийлэл юм.

-Таны бодлоор Монголын анагаах ухааны салбар дэлхийн чиг хандлагын хаана яваа бол?

-Ний нуугүй хэлэхэд, баруун Европын анагаах ухааны хөгжилтэй одоохондоо харьцуулах нь утгагүй болов уу. Баруун Европын анагаах ухаан бол асар олон зуун жилийн түүхтэй, өндөр түвшинд хөгжчихсөнийг нь хүн бүхэн мэднэ. Манай Монголын анагаах ухаан сүүлийн жилүүдэд техник технологийн хувьд хурдацтай хөгжиж, мөн эмч, мэргэжилтнүүд маань олон шинэ нарийн мэргэжлийн чиглэлүүдээр мэргэшиж байна. Баруун Европынхоос дутахгүй хөгжих цаг ойрхон байна. Би үүнд итгэлтэй байна.

-Манай улсын эмч мэргэжилтэн бэлтгэдэг анагаахын сургуулиудын чанарын түвшинг юу гэж үздэг вэ?

– Манай улсын анагаахын чиглэлийн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд хангалттай үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ дэлхийн шилдэг Их сургуулиудын түвшинд хүрэхийн төлөө илүү их ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд АШУҮИС болон ” АЧ “- Анагаах ухааны Дээд сургуульд багшилж байсан. Энэ хоёр сургууль хоёулаа л чадварлаг багшлах боловсон хүчин сайтай, сайн сургуулиуд. 2013 онд АШУҮИС-н захирлаар профессор Г. Батбаатар багш томилогдсон. Энэ нэг жил гаруйн хугацаанд Г. Батбаатар захирал маш олон бүтээлч ажил хийсэнд миний бие баяртай байна. АШУҮИС маань удахгүй өөрийн гэсэн бааз эмнэлэгтэй болох цаг ойрхон ирснийг та бүхэн сонссон байх.

-Та эрдэмтэн хүний хувьд Монгол Улсын ШУА-ийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай улсын ШУА маш сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа үздэг. Төрөөс өгдөг төсвийн хөрөнгө оруулалт маш бага. Гэсэн хэдий ч ШУА-ийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, академийг өдий зэрэгтэй авч яваа нь талархууштай хэрэг. Ер нь Шинжлэх ухааны байгууллагаа төр засгаас маш сайн дэмжмээр байна. Шинжлэх ухааны салбараа тэргүүн эгнээнд тавьсан улс орон хөгждөг шүү дээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид хүйтэнд зутруухан сууж байна

Төрийн орон сууц санхүүжилтийн корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулаад тун удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ өвлийн эхний хүйтэн өдрүүдэд эдгээр барилгуудын “тар” нь танигдаж эхэлжээ. Тодруулбал, эдгээр 25 барилгын цонх нь гаднах орчин харагдахгүй болтлоо цантаж, зарим хэсэгтээ овойж, товойсон мөс болон хөлдөж байгаа юм байна. Энэ талаар манай сонинд оршин суугчдын зүгээс гомдол ирсний дагуу “Буянт-Ухаа” хорооллыг зорилоо.

Хорооллын орчимд очвол байрныхаа гадна нарлаж буй өвгөд хөгшид олонтаа сууж байна. Хөгшдийн хувьд эдгээр барилгууд нь ерөнхийдөө хүйтэн, цонхоор нь үргэлж салхи сийгэж байдаг тухай ам уралдан хэлж байна. Зарим айлын хана нь цантаж, обой нь хуурч байгаа тухай ч ярьж байлаа. Эдгээр байрууд нь хүйтэн, дулаан нь харилцан адилгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, захын байрууд нь хүйтэн, дунд талын байрууд нь харьцангуй дулаан байдаг аж. Хүйтэн байрууд дотроо найм, есдүгээр давхар нь л ихэвчлэн хүйтэн байгаа тухай оршин суугчид хэлж байлаа.

ШИНЭ БАЙРАНД ОРСОН ГЭСЭН НЭРТЭЙ Л БАЙНА”

Ингээд хөгшдийн зөвлөсний дагуу хамгийн захын буюу 726, 727, 728 дугаар байрууд руу орлоо. Эдгээр байрны онцлог нь нэг блок байр гурван орцтой бөгөөд орц бүрийг нэг байр хэмээн нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, бидний орсон гурван байр нь тус хорооллын нэг л блок гэсэн үг юм.

Эхлээд орсон айл бол 726 дугаар байрны есөн давхарт оршин суух Ц.Шижирийнх юм. Эднийх өнгөрөгч аравдугаар сард, бусдын л адил найман хувийн зээлд хамрагдан тус байранд оржээ. Залуу гэр бүл маань бага насны хоёр жаахан хүүхэдтэй юм. Ц.Шижирийнд ороход өөдөөс пүн хийсэн дулаан агаар угтсангүй. Бид гадуур хувцастай байсан болоод ч тэр үү, эсвэл гэрийн эзэд өөрсдөө зузаан ноосон цамц, монгол үйлдвэрийн эсгий шаахай өмссөн болоод ч тэр үү нэг л тух муутай байцгаана. Хэдийгээр гал тогоондоо ямар нэг хоол, унд хийгээгүй байсан ч гэсэн том болон жижиг өрөөний цонх нь битүү цан болсон байв. “Харин ч өдөр болоод жаахан онгойчихоод байна” хэмээн тэд хэлэх ажээ. Өглөө, оройд хоол унд хийх үед бүр битүү цан цохидог байна. Тэр ч бүү хэл хоол хийгээгүй үед, гэрийн гишүүд бүгд цуглараад халуун амьсгал олшроод ирэхийн цагт л цонх нь цантаж эхэлдэг ажээ. Эдний жижиг өрөөнийх нь цонхноос цангийн хайлсан ус гоожсоор тавцангийнх нь доод талын обой нь хууларчихсан байна. Үүн дээрээс паар нь дөнгөж амь төдий л дулаантай. Гэрийн эзэд үүнийг тайлбарлахдаа “Есөн давхар барилгын дулаан нь дээрээсээ доошоо явдаг. Гэтэл энэ барилгынх доороос дээшээ явдаг юм шиг байгаа юм. Манай нэг давхрын айлууд их дулаахан. Паар нь сайн халдаг. Тийм болохоор бидний хэл ам хийж байгааг дэмждэггүй” гэсэн юм. Үнэхээр ч гэрийн эзэн Ц.Шижир тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-д олон удаа хандаж, асуудлыг хэлж байжээ. Тэр болгонд нь “Танайхыг тэмдэглээд авчихлаа. Удахгүй хүн очиж үзнэ. Гэхдээ ер нь гадаа нэг их хүйтрээгүй байгаа болохоор халаалт тийм ч сайн биш байгаа шүү дээ. Ес эхлэхээр дулаан жигдэрнэ” гэсэн тайлбар сонсдог байна.

Эднийх өмнө нь мөн л Нисэхдээ есөн давхар байрны есдүгээр давхарт байсан бөгөөд өвөл ч гэсэн гэртээ майктай, тэр ч бүү хэл хөл нүцгэн байдаг байжээ.

Агааржуулагч нь огт ажилладаггүй хэмээн гэрийн эзэгтэй мөн ярьсан. Хэрэв агааржуулагч нь ажиллачихвал хоол хийсэн уур нь сорогдож, уур цан болохгүй байх ёстой гэнэ. Бүр агаар сорох нь байтугай хүйтнээр үлээдэг гэх нь ч дуулдлаа.

Паар ажиллахгүйн дээр ийм хүйтэн байгаа өөр нэг шалтгаан нь цонх муугийнх. Нүүж ирсэн даруйд гадаах температур дулаан байсан учир гэрт ч мөн тийм байлаа. Харин хүйтрэх тусам цонхны жийргэвч резин нь хөлдөж, булан тохойноосоо авахуулаад наалт нь хуурч эхэлсэн байна. Үүний улмаас цоож нь барихгүй байх үе ч олонтаа тохиолдох болжээ.

Ийн залуу гэр бүл өвлийн улиралд зутарч буйгаа нэгд нэгэнгүй учирлалаа. Тэд “Том хүмүүс бид ч яахав. Хүүхдүүд маань л ханиад, шуухинаанаас салахаа байлаа. Алсдаа энэ нь бүр том өвчний эхлэл болчих вий дээ л гэж санаа зовж байна” гэж байв.

Ц.Шижирийнхээс гараад оршин суугчдын дулаан гэж яриад буй гурав, дөрөвдүгээр давхрын айлууд руу орлоо. Ингэхдээ тус байрны дөрөвдүгээр давхрын оршин суугчийнд орсон юм. Эдний хувьд өглөө, оройдоо цонх нь жаахан цантаж, ус гоождог ч тийм их айхтар биш гэнэ. Есөн давхрын айлыг бодвол тэд гэртээ нимгэн цамц, футболктойгоо сууж байна лээ. Паар нь ч тийм муу биш халаалттай юм билээ.

ОРШИН СУУГЧДЫН ОЛОНХИ АМ МУУТАЙ БАЙНА

726 дугаар байрнаас гараад 721, 715 гээд хэд хэдэн байрны есөн давхрын айлуудын хаалгыг цохиж үзлээ. Ингэхэд тэдгээр айлууд их хүйтэн, дандаа зузаан цамц, өмдтэй байдаг тухайгаа учирлаж байлаа. Бага насны хүүхдүүдтэй айлууд нь даарснаас болж ханиад хүрсэн хүүхдэдээ элдэв янзын эм өгсөөр зарим нь хордлогод орж байгаа тухайгаа ч хэлж байсан билээ.

724 дүгээр байрны найман давхрын оршин суугч Г.Цэцэгээ гуай гэхэд “Дөнгөж сая байрнуудын дунд байх ТОСК-д хандаад ирлээ” гэсээр сууж байв. Учир нь эдний паарны дулаан хангалттай биш байгаагийн дээр мөн л цонхноос нь салхи сийгэж, уур, цан болж ус гоожсоор доод хэсгээрээ овгор, товгор мөс болсон байв. Г.Цэцэгээ гуай өдөр бүр шахам ТОСК-д ханддаг бөгөөд дээрх оршин суугчийн адил “Таныг тэмдэглээд авлаа. Удахгүй хүн очиж үзнэ” гэсэн үгсийг л сонсдог байна. Эдний агааржуулагч нь мөн ажилладаггүй. Үүнийг хэлэхээр “Та лаа асаагаад эсвэл шүдэнз зураад үз. Тэгэхэд дөл нь татагдаж байвал ажиллаж байгаа гэсэн үг” хэмээн утсаар зөвлөгөө өгдөг гэнэ. Г.Цэцэгээ гуай хэлснийх нь дагуу үзэхээр агааржуулагч нь огт сордоггүй байна. Тэр мөн л орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан тус байранд орсон. Тиймээс “Олон жилийн өр тавьж ийм байранд орох ч гэж дээ” хэмээн халаглаж сууна лээ.

Байрны гадна байх хүүхдээ агаарт гаргаж буй бүсгүйтэй хэсэг ярилцлаа. Тэрээр тус байрнууд ерөнхийдөө хүйтэн гэдэгтэй санал нэг байв. Нялх хүүхдээ усанд оруулахад их хүндрэлтэй байдаг тухай хэлж байлаа. Түүний хэлснээр заримдаа саван зуурчихсан юм шиг зунгааралдсан ус гоожих үе ч бий гэнэ. Мөн халуун усны крантнаас баахан хүйтэн ус гоожиж байж халуун ус нь гарч эхэлдэг аж. Түүнчлэн нарлаж байсан хөгшид болон энэ эмэгтэйн хэлснээр СӨХ-ны мөнгө нь хэтэрхий их гэнэ. Ам бүл хоёулаа залуу гэр бүлийг сардаа 30 мянган литр ус хэрэглэдэг хэмээн мөнгө авсан тохиолдол бий тухай тэд ярьж байв. Мөн 66 мкв талбайтай айлаас 35 мянган төгрөг үргэлж авдаг гэдгийг ч хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй СӨХ нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын талд үйлчилдэг хэмээн хэлэх хүн ч байсан юм.

АМЬДАРЧ БАЙГАА ГАЗРАА МУУЛААД ЯАХАВ”

Оршин суугчидтай ийн уулзаад эргэх зуурт нэг давхрын, цонхоо дулаалж буй хоёр залуутай тааралдав. Залуу гэр бүл маань өнгөрөгч сарын 6-нд түлхүүрээ авчээ. Гэсэн ч байрандаа бүрэн нүүж ирэхгүй байсаар арав хоногийн өмнө ирсэн байна. 722 дугаар байрны нэг давхрын оршин суугч залуу хосынд орвол бүрэн нүүж ирээгүй байгаа тул тавилга сав гэхээр зүйлгүй юм. Тиймээс ч орой ажлаа тарж ирээд газар ор засаад хэвтэхэд цонхноос нь салхи сийгээд байдаг ажээ. Худалч хүнд бол хөшиг нь хийсэх нь холгүй байдаг гэнэ. Эдний паарны хувьд маш сайн халдаг аж. Гол асуудал цонхонд байгаа тул ийнхүү хоёр залуу цонхоо дулаалж зогсоо гэнэ. Байрны засвар үйлчилгээг хариуцах хүмүүст олонтаа хэлсэн ч мөд ирэх шинжгүй байгаа тул “Нэг цагийн өмнө ч гэсэн дулаан байх минь” гэцгээж өөрсдөө барилгын материал худалдан авч дулаалж байгаа нь энэ аж. Эдний тагтны хаалт нь гаднах орчин харагдахгүй болтлоо цан болжээ. Гэрийн эзэн шилэн дээр нь “Цан” хэмээн бичиж үзүүлэх аж.

Цонхоо дулаалахын тулд энэ гэр бүл 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргажээ. Чигжээс парлон, цацдаг хөөс гээд олон зүйл харагдаж байв. Залуусын хувьд “Энэ байр бүхэлдээ ийм биш. Дөрвөн давхарт байдаг манай найзынх бол янзын дулаахан. Гэтэл бид л азгүй тохиолдлоор ч юм уу ийм байртай болчихжээ. Гэхдээ амьдарч байгаа газраа муулаад яахав. Өөрсдөө засаад л авчихъя. Манай цонхыг хийсэн компани л ажилдаа хариуцлагагүй хандсан бололтой” хэмээн уужуу сэтгэлээр хандах ажээ.

ОРШИН СУУГЧИД АГААР СЭЛГЭЛТ ХИЙДЭГГҮЙН УЛМААС УУР, ЦАН БОЛДОГ ГЭВ

Ийнхүү оршин суугчидтай уулзаж, хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ирж буй бэрхшээлийн талаар сонссоныхоо дараа тус байрнуудын барилга угсралтын ажлыг хариуцан ажилласан Үндэсний бүтээн байгуулалтын корпораци руу орлоо. Тус корпорацид таван компани багтдаг бөгөөд “Буянт-Ухаа” хорооллын угсралтын ажлыг бүрэн хариуцаж хийжээ. Тиймээс тус корпорацийн ашиглалтын баг болон Опен хаус СӨХ, борлуулалт хариуцах үүрэг бүхий ТОСК-ийн салбар зэрэг байгууллагууд хорооллынхоо дунд нь хоёр давхар, тусгай байранд байрлаж байдаг юм байна. Ашиглалтын багийн хувьд бүрэн ашиглалтад ороогүй байгаа хорооллынхоо ашиглалтын өмнөх засвар үйлчилгээг хийж, шинэ оршин суугчдадаа хүлээлгэн өгдөг юм байна. Бүрэн ашиглалтад ороогүй гэдэг нь тус хорооллын 25 барилгын 1575 айл байх ёстойгоос өдгөө 1250 айл л байгаа юм байна. Тиймээс байранд бүх айлууд нүүж ортол тус баг ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ. Дээр уулзсан иргэд ТОСК-д хандаад ирлээ гэцгээж байсан. Гэтэл үнэндээ тус багийнхантай уулздаг байжээ.

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн айлуудаас халаалт, цонх гэсэн гомдол олонтаа ирэх болжээ. Тиймээс өнгөрөгч мягмар гаригт тус корпорацийн зөвлөл хуралдаж, долоо хоногийн онцгой байдал зарлаад байгаа юм байна. Энэ хугацаанд угсралтын ажилд оролцсон таван компани тус бүртээ “асуудал” үүссэн болон үүсээгүй айлаар орж, засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тодруулж, улмаар шаардлагатай бол газар дээр нь засах арга хэмжээ авч байгаа юм байна.

Биднийг тус корпорацид орох үед инженерүүдийн утас чөлөө завгүй дуугарч, ихэвчлэн “Цонх сийгээд байна” гэх дуудлага ирж байв. Инженерүүд ч тэмдэглэн авч утсаа салгаад засварчин бололтой хүмүүстээ “Тэдийн тэдэн тоот, цонх сийгсэн гэж байна. Яаралтай очоорой” хэмээн үүрэг өгч байгаа нь дуулдана.

Энд ажиллаж буй инженер н.Цогбадрах болон бусад инженерүүд ийн ярьж байв.

Айлуудаар ороход ихэвчлэн цонх сийгэж байгаа тухай хэлж байна. Танай зүгээс хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Бид газар дээр нь янзалж байгаа. Өөрөөр хэлбэл, корпорацийн таван компани бүрээс тусгай баг гарч ажиллаж байна. Одоогоор 100 гаруй айлын цонхны резинийг солиод байна.

Гэхдээ цонхны хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Манайх бол шинэ байр. Ийм байранд барилгын чийг гэж байдаг. Тиймээс өдөрт 4-5 удаа таван минутаар агаар сэлгэлт заавал хийх ёстой. Гэтэл айлууд огт агаар оруулахгүйгээр, хоол унд хийж, юм угааж, уур савсуулдаг учир цонх нь цантаад байгаа юм. Зарим хүмүүс “Яагаад өвлийн улиралд цонх онгойлгох ёстой юм, даарч байна гэдэг”. Гэхдээ тийм биш, агаар сэлгэлт ямар ч үед байх ёстой. Бүр бариулаа аваад скочидчихсон айлууд ч бий шүү.

Танай байрнуудын агааржуулагч ажиллахгүй байгаа юм биш үү. Агааржуулагч байвал тийм уурыг сороод авчихна биз дээ?

-Зарим айлууд өөрсдөө агааржуулагчийн нүхэн дээрээ тавилга тавьчихдаг. Жишээлбэл, гурван өрөөтэй айл зөвхөн зочны өрөөндөө агааржуулагчтай атлаа түүнийгээ бөглөчихдөг. Хиншүү сорогчоо холбочихдог айлууд ч бий. Барилгын чийг хамгийн хүйтэн хэсэг болох шилэн дээр л гарч ирдэг. Гаднаа хүйтэн агаартай байгаа учир ус нь урсаж орж ирээд байгаа нь цонхон дээр л гол асуудал байгаа мэт харагдаад байгаа юм. Хэрэв агаар сэлгэлт хийдэг бол тийм асуудал байхгүй л байна шүү дээ.

Есөн давхрын айлууд халаалт нь нэг давхраас явж байгаа тул дээд давхрууд нь муу халж байна гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Есөн давхрын айл дээрээ айлгүй учир тааз байгаа, яавч л хүйтэн байж таарна гэж сэтгэлээрээ бодоод байгаа болов уу. Түүнээс бус халаалт яг жигд байгаа.

Паарыг нь барьж үзсэн шүү дээ. Үнэхээр амьтай төдий л байна лээ?

-Бид айлуудад ороод дулаан хэмжигчээр үзэж байгаа. Таазан дээр нь барихад 17, 18 градус буюу хэвийн л байгаа.

Нөгөө талаас даваа гаригаас эхлэн манай энэ хавиар тог тасарсан. Өчигдөр гэхэд бүтэн өдөржин тоггүй өнжсөн. Тиймээс халаалт доголдолтой байгаа юм. Манай узель мотор буюу цахилгаанаар ажилладаг. Тиймээс тог тасрах үед ийм асуудал үүсдэг.

Танай байруудыг Мэргэжлийн хяналт хэзээ хүлээж авсан юм бэ?

-Долдугаар сарын эхээр хүлээж авсан.

Танай зарим байрнаас шаардлага хангахгүй ус гардаг тухай нэг оршин суугч хэлж байна лээ?

-Одоогоор тийм гомдол ирээгүй байна.

Өнөөдөр нэлээд дуудлага ирж байх шиг байна. Одоогоор хичнээн айл танайд хандаад байна вэ?

-Бид гомдол ирсэн, ирээгүй айл бүртээ орж үзэж байгаа. Тог, цахилгаан гэх мэт бүх зүйлсийг нь шалгаж байгаа.

Ер нь анхнаасаа яагаад ийм шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг компани корпорацийн бүрэлдэхүүнд орчихсон юм бэ. Жишээлбэл, гол асуудал үүсгээд буй цонхыг “И Си Си” зэрэг компани хийсэн юм байна. Хариуцлагын тухай ярих уу?

-Бид хариуцлага гэхээсээ өмнө алдаагаа засах талаар ажиллаж байна. Асуудлыг тухай бүрт нь шийдэхээр манай корпорацийн 20 гаруй хүн ажиллаж байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өндөр байшин барих шийдвэр гаргасан бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр

Нийслэлийн дүүргийн Засаг дарга нар хийгээд бусад олон дарга эрх мэдэлтнүүд арав давсан давхартай, шилэн барилгадаа тухлах моод дэлгэрээд удаж байна. Бараг л хэн нь өндөр барилга барих вэ гэдэг марафон болоод байгаа юм шиг харагдах болов.

Гэтэл дүүргийнх нь хич­нээн зуун иргэн хэвтээд эмч­лүүлчих ­эмнэлэггүй байна. Ийм тооны өвчтөн багтчих хэмжээний зайтай өрөө тасалгаандаа эдгээр эрх мэдэлтнүүд төөрөх нь холгүй холхин байхад дүүр­гийнх нь нэгдсэн эмнэлгүүд өвчтөн, өвдөж буй хүүхдүүдээ хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд хөнжил дэлгээд хэвтүүлэн эмчлүүлж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. Эмнэлгийн үүдээр ороход л хөл гишгэх зайгүй давчуухан талбайд гадуур хувцсаа нөмөрсөн “Хөтөч” гэсэн хаягтай сувилагч сууна. Энд их хүйтнээс гадна шавар шавхай болсон бохир орчин “ноёлно”. Ирсэн өвчтөнүүд түүнээс хаана очих, ямар эмчид үзүүлэхээ нэгд нэгэнгүй заалгаж аваад дээших давхруудад гарах ажээ. Харин дээд давхартаа том хүн, хүүхэд багачуудгүй чихцэлдэж байна лээ. Биднийг очих үед үдийн 13 цаг болж байсан бөгөөд биднийг ирэхээс өмнө тасгийн хонгилд багтахгүй хүүхдүүд хаалганы гаднах цахилгаан шатны үүдэнд хэвтэж байсан тухай тэнд хэвтэн эмчлүүлж буй ээжүүд хэлж байсан юм.

Биднийг тасаг руу ороход 80 хүүхэд хэвтүүлэх ёстой хоёр тасагт 150 гаруй хүүхдийг хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байна. Хатгаа нь хүндэрч, амьсгалж ч чадахгүй байгаа 0-4 насны бяцхан үрсийг харж өрөвдөхдөө эмч, сувилагч нар нь өөр тасгуудаас ор гуйж авчирч байгаа дүр зураг нүднээ тусах нь энүүхэнд. Төд удалгүй тасгийн ор дууссан, одоо газар хэвтүүлэхээс өөр арга байхгүй гэсэн яриа хөвөрнө. Тэгснээ тасгийн эрхлэгчийн утас хангинаж “Сэхээнээс гурван хүүхэд энгийн тасагт шилжүүлэх боллоо. Ор бэлд” гэх. Эмч “За” гээд утсаа салгаснаа “Одоо яах вэ” хэмээн сувилагч руугаа харахад нөгөөх нь “Шалыг нь арчаад гудас дэвсье. Өөр яах билээ” гэх. Ийм л дүр төрх дүүргийн эмнэлгүүдэд байна.

Харин ч үдээс хойш болж ганц, нэг хүүхэд эмнэлгээс гарч, “дотор” ор суларсан тул тэднийг тасгийн хонгил руу шилжүүлсэн байх юм. Хонгилоос хонгилд шилжсэн тэдгээр хүүхдүүд дулаан хонгилд шилжсэнээрээ л давуу талтай болж байгаа тухай тасгийн сувилагч хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, өмнөх өдөр эсвэл арай түрүүнд ирсэн нэг нь өрөөнд орж, дараа ирсэн нь тасгийн хонгилд, дөнгөж ирсэн нь тасгийн гадаах шалан дээр гэрээсээ гудас авчраад хэвтэж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл

Аргаа барсан эмч, сувилагч нар нь өөрсдийн өрөөгөө суллаж өгөөд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоо тус тасагт сул байгаа ганцхан өрөө нь тарианы өрөө л байна лээ.

Өмнөх жилүүдийг бодвол өнөө жил томуугийн халдвар маш их тархаж байгаа бөгөөд аль ч эмнэлгийн хүүхдийн тасаг өөрийн хүчин чадлаасаа хоёр, гурав дахин олон хүүхэд хүлээн авч эмчилж байгаа тухай тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг хэлж байв.

Тус эмнэлгийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн хүүхдийн тасагтай болсон бөгөөд өнөө жилээс эхлэн дүүргийнхээ 19 хорооны 17 мянган хүүхдүүдийг хүлээн авч эмчлэх болжээ. Энэ нь өмнөх жилийнхийг бодвол хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нөгөө талаас энэ намар, өвөл томуугийн тархалт онцгой их байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байр

Ийнхүү өвдөж буй хүүхдүүдийг хонгилд хэвтүүлж байгаа нь барилгын хүрэлцээ хангамж муугийнх. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг гэхэд ердөө хоёрхон тасгийн 20 хүрэхгүй өрөөнд өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Эмнэлгийн удирдлагын хувьд шинэ эмнэлэг барих тухай 2007, 2008 оноос эхлэн ярьсан. Одоогийн байгаа байр нь ч эмнэлгийн бус бөгөөд социалист нийгмийн үед Цалин хөлсний хороо байрлахаар бариулж байсан юм билээ. Өдгөө тус барилгын дэргэд хуучин Өр барагдуулах алба байрлаж байгаад одоогоор эмнэлгийн өргөтгөлийн зориулалтаар ашиглаж байгаа байр бий. Үүний оронд 15 давхар бүхий орчин үеийн нэгдсэн эмнэлэг бариулахаар эмнэлгийн удирдлага жил бүр л хөөцөлддөг ч ажил хэрэг болж байгаа зүйл үгүй. Уг нь бол зураг төсөл нь аль хэдийнэ гарчихсан юм билээ. Харамсалтай нь барилга барих 35 орчим тэрбум төгрөг “байхгүй”. Үүнийг ч иргэд ойлгожээ. Учир нь тэд “Жил бүрийн төсөвт оруулахаар саналаа өгдөг ч асуудлыг шийдэх үүрэгтэй эрхэм дарга нар энгийн иргэдийнхээ өвчин зовлонг огт ойлгодоггүй. Учир нь дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хоёрдугаар шатлалынх. Тэгэхээр дарга нар хэрхэн үүгээр ирэх билээ. Тиймдээ ч тус эмнэлэгт байдал ямар байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй суугаа биз” хэмээн ярих нэгэнтэй ч таарч байлаа.

СЭТГЭЛ БАЙВАЛ ХИЙЖ БОЛДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА

Хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд гудас дэвсээд өвчтөнүүдээ хэвтүүлж байгаа эмнэлэг байхад тун саяхан есөн давхар, орчин үеийн стандартын шаардлага хангасан нэгдсэн эмнэлэгтэй болсон дүүрэг ч байх юм. Энэ бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тус эмнэлэг өнгөрөгч сарын 16-ны өдөр шинэ байрандаа оржээ. Үүдээр нь ороход л улсын томоохон эмнэлгүүдээс ч илүү тохижилттой, амар амгалан, цэвэр цэмцгэр, найрсаг харилцаа угтана. Энэ бол тухайн дүүргийн болоод эмнэлгийн удирдлага сэтгэл гаргаж чадвал хийж болдгийн тод жишээ юм. Ерөөс Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь өөрсдөө тухтай байранд оръё гэхээсээ илүүтэйгээр өвчиндөө шаналж буй хүмүүст тусалъя гэсэн үнэлж барамгүй сайхан сэтгэл өвөрлөжээ. Тэдний дээр мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэг бий гэсэн. Дахин хэлэхэд энэ бол сайн сайхан үйлийг амаар биш биеэр хийж болдгийн илэрхийлэл. Гэтэл бусад дүүргийн иргэд яг л баянголчууд шиг өөрсдийн төлөөллөө УИХ, Засгийн газарт явуулсан. Гэтэл тэднээс эргэж харсан нь үгүй. Бүр эсрэгээрээ тэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон арван давхар шилэн барилгыг барихад дэмжлэг үзүүлсэн гэх нь ч сонстох шиг.

Баянгол дүүргийн эмнэлгийг барихад долоон тэрбум 768 сая төгрөг зарцуулжээ. Тус эмнэлэг нь сүүлийн 25 жилд нийслэлд эмнэлгийн зориулалтаар баригдсан ганцхан цогцолбор гэсэн тодотголтой тухай тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал хэлнэ лээ. Түүний хэлснээр эмнэлэг өөрийн гэсэн есөн давхар байртай болсноор өмнө нь ажиллаж байсан тасгууд дээрээ яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасгийг бие даасан тасгийн хэмжээнд ажиллуулах боломжтой болсон байна. Түүнчлэн өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай болсон бөгөөд энэ нь дүүргийн иргэдэд бүрэн хүрч үйлчлэх боломжтой гэсэн үг ажээ.

Хэдийгээр эмнэлгийн зураг төсөл 2008 онд гарсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд барилгын ажил идэвхтэй явагдаж, сарын өмнө бүрэн хүлээлгэн өгсөн байна. Дүүрэг орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан эмнэлэгтэй болсноор өөрийн гэсэн дотоод дүрэм, журам, зохион байгуулалт бий болгочихсон, энэ нь ч иргэдийнхээ сэтгэлд хүрсэн үйлдэл болж байгаа ажээ. Тодруулбал, тус эмнэлэг гурван өнгөтэй. Өнгөтэй гэдэг нь өрөөний доторх эд зүйлс болоод таних тэмдэг бүгдээр нэг ижил өнгийнх гэсэн үг. Тухайлбал, эмнэлгийн хоёр, гурав, дөрвөн давхар нь үзлэг, амбулаторын хэсэг бөгөөд хананд өлгөөтэй мэдээллийн самбараас авахуулаад бүгд цэнхэр өнгөөр ижилсжээ. Харин тав, зургаа, долоон давхар нь улбар шар өнгөтэй. Энэ нь эмчилгээний тасаг байрлаж байгааг илтгэж байгаа юм. Түүнээс дээш буюу найм, есдүгээр давхар нь ногоон өнгөтэй. Энэ нь тайван амгаланг илтгэх бөгөөд хурал, зөвлөгөөний өрөөнүүд ажээ.

Энэ бүх өнгөний тайлбарыг эмнэлгийн үүдээр ормогц дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн нь иргэдийг эмнэлгийн дотор явахад хөтөч болохоор юм. Энэ зохион байгуулалтыг бусад эмнэлгүүд ч гэсэн хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй санагдана.

Цэвэр, тохилог байртай болсноор иргэд ч их соёлтой болж, аль болох улавч өмсөх, гадуур хувцсаа тайлж орохыг эрхэмлэдэг болсон шүү хэмээн тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал сэтгэл хангалуун хэлж байсан билээ.

ИРГЭДЭД НЭГ, ХОЁР ДАВХАР Л ХАНГАЛТТАЙ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр ч мөн орлоо. Тус эмнэлэг нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг бодвол 125 ортой ч энд өмнөх буюу Чингэлтэй дүүргийн эмнэлгээс ч олон хүүхэд ханиалгах, халуурах зэргэцэн хонгилдоо ч багталцахгүй хэвтэж байна. Энд байх ёстой хүүхдийн тоо хэдийнэ хоёр, гурав дахин нэмэгджээ. Бусад тасгууд ч хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор ачаалал нь үлэмж ихэссэн тухай эмнэлгийн эмч, сувилагч нар хэлж байв. Тус эмнэлэг нь дүүргийнхээ 135 мянга гаруй хүн амд эмнэлгийн хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Өвчтэй байгаа хүүхэд, томчуудаа багтааж чадахгүй байгаа эмнэлгийн цонхоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон давхар, шилэн барилга сүндэрлэн харагдах тул тус байрыг зорьлоо. Дотогш орвол хоёр давхар шилэн хаалгатай “пүн” хийсэн дулаан орчин угтах аж. Иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээний 20 гаруй цонх бүхий үйлчилгээний хэсэг нэгдүгээр давхарт байрлаж байна. Иргэдийн хувьд зөвхөн тэдгээр цонхоор л үйлчлүүлээд гардаг тухай хэлж байсан юм. Харин тус барилгын хоёр, түүнээс дээших давхарт чухам юу байдгийг мэддэг хүн тун ховор байх хэмээн “Нэг цонх”-ны үйлчилгээ аваад гарч байсан тус дүүргийн иргэн Д.Цэрэннадмид гуай хэлж байсан юм. Үнэхээр л энгийн иргэдэд хоёр, гурав, түүнээс дээш давхарт гарах шаардлага огт байдаггүй байна. Гэтэл дүүргийн удирдлага шинэ барилга барьсан шалтгаанаа “Иргэдэд үйлчилгээ илүү ойр, нэг дороос олон цонхоор үйлчилгээ үзүүлдэг болсон” гэж тайлбарлах. Харин уг цонхнууд нь барилгын зөвхөн нэг, хоёр давхарт нь байдаг юм.

Гэтэл бусад давхруудыг юунд зориулж, хэн тухлах гэж барьсан юм бол. Эмнэлэгт нь хөөрхий багачууд хэвтэх ч шалгүй шахцалдаж байхад тус дүүргийн хоёроос дээш давхрууд ялангуяа долоо, наймдугаар давхарт дөрөв, таван хурлын заалыг хэн ч ашиглахгүй, түгжээтэй байлгаж байна. Хэрэв тэдгээр зааланд өвдөж буй бяцхан хүүхдүүдийг оруулбал хичнээн зуун хүүхэд ортойгоо, юутай хийтэйгээ орчих бол оо.

Зөвхөн Сүхбаатар гэлтгүй Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын тансаг сайхан өргөө байна. Энд мөн л нэг, хоёрдугаар давхар нь л иргэдэд хангалттай. Харин бусад нь дарга, хэлтсийн гэж нэрлэгдэх хурган дарга нар, түүний туслах, мэргэжилтнүүдийнх.

Саяхан шинэ байрандаа орсон Засаг дарга нарыг харж байхад байрныхаа хамгийн дээд давхарт нь, хамгийн том талбай эзлэн суудаг юм билээ. Тэд уулзалтын, амралтын, өөрийн гэсэн хэд хэдэн өрөөтэй. Тэдгээрт бүгдэд нь том ширээ, зөөлөн сайхан буйдан байх. Тэр ч бүү хэл бараг зарим яамдын сайд нар шиг нууц өрөө, тансаг жакузтай ч байж магад.

Харин Засаг даргын доод давхарт нь дүүргийн орлогч дарга нар тухална. Тэд мөн л өөрийн, уулзалтын, амралтын гээд хэд хэдэн өрөөтэй. Бас болоогүй туслахын гээд үүдэнд нь бас нэг том өрөө бий.

Ингээд л давхар буурах тусам өөрийн гэсэн өрөөнд тухалсан “жижиг” дарга нар олширно доо. Дарга нараас яаж дутахав, хэмжээ нь жаахан бага ч гэсэн мэргэжилтнүүд ч гэсэн өөрийн гэсэн өрөөтэй. Зарим үед тэд ганцаарддаг ч байж мэдэх юм гэсэн бодол төрж байлаа. Дүүргийн ЗДТГ-ын байрны дүр төрх ийм л байна.

Ийнхүү Засаг даргын туслахын өрөөтэй тэнцэхүйц хэмжээтэй өрөөнд жирийн иргэдийн хорин хэдэн хүүхэд хөл, толгойгоо нийлүүлэн хэвтэцгээж байгаа сурвалжлагыг бэлтгэлээ. Өөрсдийнхөө тав тух, тансаг орчныг бодож, бусдын жаахан үрсийн амийг өтний чинээ ч бодохгүйгээр тансаг харш бариулах шийдвэр гаргуулахын төлөө үхэн хатан тэмцсэн бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё. Тансаг харштай байж болно, тэгвэл бас эмнэлэг бариулахын төлөө тэгж тэмцэх хэрэгтэй гэдэг давхар хариуцлага бас тэднээс нэхье.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Содномдоржийн Цэцэгмаа: Миний аав Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг

Монголын үе үеийн хүү­хэд багачуудын дуулж, уншиж өссөн “Жигмэд, Тогмид хоёр”, “Норовын намтар” туульсын найраглал зэ­рэг гайхамшигт уран бүтээлүүдээрээ уншигч­дын дунд мөнхөрсөн МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн том охин С.Цэцэгмааг “Миний аав” булангийнхаа хойморт урилаа.

-Таны аавын шүлгийг нь бичсэн “Жигмэд, Тогмид хоёр” дууг дуулж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Том болсон хойноо ч хүүхдүүдтэйгээ мөн л дуулж сууна. Энэ дууг аав тань ямар учрал тохиолоор зохиож байсан юм бол оо?

-Аав анхны номоо 1956 онд “Гол дээр”, “Энх” гэсэн нэртэйгээр дан шүлгийн ном болгон гаргаж байсан гэдэг. Хоёр номоо гаргачихаад урам орсон залуу зохиолч жимсэнд явсан Жигмэд, Тогмид хоёрын бяцхан адал явдлаас сэдэвлэн хүний нүдэнд тусаж, сэтгэлд буухаар шүлэг бичсэн нь “Жигмэд, Тогмид хоёр” байсан юм. Хожим аавын энэ шүлгийг Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Энэ шүлэгт ямар нэгэн ёс суртахууны сургаал, номлол байхгүй. Гэвч бяцхан уншигчдаа өөрийн хэмжээнээс нь илүү сургамж өгдөг. Энэ шүлгийн бас нэг онцлог нь үйл явдалт чанартаа байна” хэмээн дурссан байдаг юм.

Шүлэг гарснаас хойш нэг их удалгүй аавын нутгийн хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар аяыг нь хийсэн. Хэдийгээр энэхүү уран бүтээл нь дуу ч гэлээ тухайн үеийн хүүхэд багачуудын уран зохиолын баатар болж чадсан гэдэгт би итгэлтэй байдаг. Тиймээс ч хүүхдийн аман зохиолд амилсан ардын аман зохиолын Боролдой хүү, атгаалжин хар мангас зэрэг цөөхөн баатрууд дээр Жигмэд, Тогмид хоёр нэмэгдсэн гэж би боддог юм. Одоо хоёр жилийн дараа энэ дуу нь 60 нас хүрэх нь ээ.

-Таны аавын талаар ярихад шууд л сэтгэлд буух өөр нэг зохиол бол “Норовын намтар”. Энэ зохиолыг мөн л уншаагүй хүүхэд байхгүй биз ээ. Бидний үеийнхэн ч таны аавын зохиолын баатраар хичээлдээ шамддаггүй нэгнийгээ “Норовын намтар” гэж хочилдог байж билээ…

-Аав “Жигмэд, Тогмид хоёр” дуугаа бичсэнийхээ дараахан буюу 1957 онд “Норовын намтар”-аа бичжээ. Норов хүүгийн хичээл номондоо хайнга, нямбай бус байдлыг шоглон өгүүлж, өөрийнхөө дутагдлыг эцэст нь ойлгож байгаагаар дүрслэн үзүүлсэн бэсрэг найраглал нь тэр даруйдаа л сургуулийн сурах бичгүүдэд хэвлэгдсэн гэдэг. Түүнээс хойш 50 жил тэр байрандаа байж, сургуулийн багачуудад хүрсээр байсан юм. “Норовын намтар” гарснаас хойш үнэхээр л хүүхдүүд бие биенийгээ шоолдог байсан шүү. Хичээлдээ тааруу, нямбай бишийн дээр Норов нэртэй нэг хүүг ангийнхан нь чиний тухай биччихсэн байна гэж хэлээд уйлуулж байсан тохиолдол ч бий хэмээдэг юм. Ерөөс энэ бүхэн нь уг найраглалын хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, айж ичих мэдрэмжийг төрүүлж чадсанаараа туйлын ач холбогдолтой гэж хэлж болохоор санагддаг юм.

-Ерөөс таны аав эргээд хүүхэд болж байж зохиолоо бичсэн мэт санагддаг. Ер нь яагаад хүүхдийн зохиол бичих болсон юм бол?

-Миний аав Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн. Аав сумынхаа сургуулийг төгсөөд 1945 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн техникумд суралцан нарийн төмөр замчны мэргэжилтэй боллоо. Тэгээд нэг хэсэгтээ мэргэжлээрээ ажиллаж, станцын жижүүр, сумчнаар ажиллаж байв. Энэ үед нь Налайх, Хонхор дахь цэргийн ангийн цэргүүд аав руу ирж, охидод өгөх захиагаа бичүүлдэг байсан байгаа юм. Ингэхдээ бүр эхлэл, төгсгөлийг нь хэмээн “захиалан” бичүүлдэг байсан гэж байгаа. Энэ үед л аавын шүлэг бичих авьяас анзаарагдаж эхэлжээ.

Ингээд аав маань нэг хэсэг нийслэлд ойр зуурын ажил хийж байгаад нутаг буцаж, аймгийн клубт найруулагчаар ажиллажээ. Энэ үед харин урлагийн авьяас нь ил гарч, хэд хэдэн жүжигт тоглож, улаанбуланд болдог үдэшлэгүүдэд баяан хөгжим дарахаас гадна өөрөө их сайхан дуулдаг байсан гэнэ лээ. Тэгээд бас зав чөлөөгөөр нь өөрийн зохиосон шүлгээ уншиж, энд тэндхийн уулзалт ч хөтөлж байсан удаа бий гэдэг. Энэ үед хүмүүс алга ташин баяр хүргэхэд их урам ордог байж билээ хэмээн хожим бидэнд ярьж байсан.

1950-аад оны үед “Цэцэг”, “Дурлал”, “Аянчин” гэсэн гурван шүлэг нь аймгийн сонинд хэвлэгдэж ихэд урам орсон залуу найрагч 1951 онд “Солонго” дуугаа зохиосон нь олны дунд ихэд түгсэн дуу болж чадсан.

Ингээд л сурагчийн дэвтэр дүүрэн бичсэн шүлгээ бариад тухайн үед хийж байсан аймгийн номын худалдааны даргаасаа хэд хоногийн чөлөө аваад нийслэлийг зорьж. Тэгээд Зохиолчдын хороогоор орж тэр үед дарга байсан Ц.Дамдинсүрэн гуай дээр оржээ. Тэгэхэд нь Ц.Дамдинсүрэн гуай орлогч дарга Д.Сэнгээгээ дуудан “Шүлгийг нь үзээд, шийдэж өг” гэж гэнэ. Гэтэл Д.Сэнгээ гуай аймгийн сонинд хэвлэгдсэн, олонд түгсэн дууг нь “Чиний шүлэг дотор болсон шүлэг нэг ч алга. Чи ер нь бодож сэтгээгүй, санаанд орсон болгоноо тоочиж бичсэн байна. Шүлгийг маш их бодож, бүр толгойгоо өвдтөл бодож байж бичдэг юм. Хоёулаа ажиллаад үзье” гэж гэнэ. Хэдхэн хоногийн чөлөөтэй ирснээ аав хэлэхэд Д.Сэнгээ гуай шууд л утас цохиод зохицуулчихсан гэсэн. Ингээд л аав маань Д.Сэнгээ багшдаа шавилсан юм. Багш нь ааваар “Цэцэрлэгийн багачууд” шүлгийг нь уншуулаад, одоо харин чи өөрөө цэцэрлэгээр явж үзээд ир гэсэн байгаа юм.

-Тэгвэл энэ үеэс эхлэн хүүхдийн ертөнцөд “орсон” байх нь ээ?

-Тийм ээ. Аав маань ингэж л хүүхдийн гэх тодотголтой болсон юм. Д.Сэнгээ багшийнхаа хэлснээр хэд хэдэн цэцэрлэгээр орж үзэхэд урьд нь бичсэн шүлэг нь таамаг төдий зүйл байсан гэдэг. Тэгээд нөгөө шүлгээ дахин бичиж өгчээ. Багш нь дахиад бич гэж. Аав дахиад л бичив. “Болоогүй байна. Дахин зас. Сайн бод” гэсэн үгсийг хэдэнтээ сонссоны эцэст “Энх” шүлгээ бүтээсэн түүхтэй юм.

Үүний дараа Д.Сэнгээ багшаараа удирдуулан хүүхдэд зориулсан дараагийн бүтээлүүд болох “Цолмон хүүгийн цоохор даага”, “Гол дээр”, “Аз жаргалын эрэлд” зэрэг сор болсон бүтээлүүдээ туурвисан хүн дээ, миний аав.

-“Аз жаргалын эрэлд” гэдэг чинь хүүхдийн анхны дуурь бил үү?

-Тэгэлгүй яахав. Энэ дуурь 1961 онд Пеонерийн ордны тайзнаа 70 гаруй багш, сурагчийн хүч, авьяасаар бүтэж байсан юм. Дуурийн хөгжмийг “Жигмэд, Тогмид хоёр” дууны ая зохиогч Ц.Сүхбаатар бичиж, найруулагчаар нь пеонерийн ордын багш Н.Чүлтэмсүрэн, Н.Дарьсүрэн нар ажиллаж байжээ.

Энэ дуурь их сонин түүхтэй. Аав өөрийгөө их чамлаж байж бичсэн гэнэ лээ.

-Түүхийг товчхон сонирхуулаач?

-1960-аад оны үед Ардын гэгээрлийн орлогч сайд П.Хорлоо дараа жил нь болох Монголын пеонерийн байгууллагын 40 жилийн ойд зориулан хүүхдийн жүжиг бичих үүргийг тухайн үед “Долоодой хүү”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч” зэрэг хэд хэдэн жүжиг биччихсэн байсан Ч.Ойдов, манай аав хоёрт өгчээ. Аав ч өөрийгөө чамлаж, “Би ер нь чадахгүй байх аа” гэж хэлж үзсэн гэж байгаа. Гэтэл орлогч сайд аавд “Чи чадна, хүн эхлээд чадаж байж хийдэггүй юм” хэмээжээ. Ингээд аав маань хэд хоног бодсоны эцэст Боролдой хүү ээждээ болон хүмүүст мөнхийн усыг эрж хайж олоод урт наслуулж удаан жаргуулахаар алсын замд гарч байгааг өгүүлдэг зохиолоо бичсэн гэдэг. Бичиж дуусаад яаманд танилцуулахдаа аав өөрөө жүжгийнхээ дүрд тоглон, дуулж, бүжиглэж үзүүлжээ. Энэ бүхний эцэст орлогч сайдаас “Сайн бүтээл болжээ. Нийтэд хүргэе” гэсэн шагналын үгсийг сонссон гэдэг.

Дуурийг анх тоглоход одоогийн гавьяатууд болох Лхасүрэн, Отгон, Цээнямбуу, Ичинхорлоо нар хүүхэд ахуйдаа Хүүхдийн ордны тайзан дээр тоглож, урлагийн хүн болох анхны гараагаа эхэлсэн юм.

Аавын дуурийг тухайн үеийн утга зохиол судлаачид хүүхдийн аялгуут жүжиг, аялгуут цомнол, дуулалт жүжиг гэх мэт янз бүрээр нэрлэсэн байдаг ч “Монголын хүүхдийн анхны бүтээл” хэмээн номзүйн бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Тэр ч утгаараа судлаач, доктор Д.Оюунбадрах “Д.Содномдорж “Аз жаргалын эрэлчин” дуурийн цомнолоороо шинэ үеийн хүүхдийн утга зохиолд шинэ төрлийн эхлэл хийсэн хүн” хэмээсэн нь бий.

Түүнээс хойш аав маань “Чин хүсэл” хөгжимт жүжиг, “Маргад эрдэнэ” хүүхэлдэйн жүжиг, “Орхон түшээ гүн” дуурь зэрэг жүжгийн төрөл, “Цэцэгт нугын эрвээхэй”, “Учран золгохын ерөөл” зэрэг дууны шүлэг, “Барилгачин Баяраа”, “Төмөр гутал”, “Дэвтрийн ар дахь Дэндэв” зэрэг олон арван зохиол бичиж байсан хүн дээ. Ерөөс миний аав Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг байсан билээ.

-Таны аав дэлгэцийн уран бүтээл хийж байсан уу?

-“Улаан дарцаг” кино бол миний аавын дэлгэцийн бүтээл л дээ. Уг киног Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин гуай найруулж, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор үзэгчдэдээ хүргэж байсан гэдэг. Уг нь уран бүтээлчид хамтран “Улаан туг” нэртэй хоёрдугаар ангийг нь хийхээр төлөвлөж байсан ч хийж чадаагүй юм билээ.

-Таны аавын найзууд ямар хүмүүс байсан бэ. Р.Чойном найрагчтай их ойр байсан гэж сонссон. Тэр үнэн үү?

-Тэд бол нэг нутгийн хүмүүс. Аймгийн номын дэлгүүрт хамт ажилладаг байсан гэнэ лээ. Р.Чойном гуай орос номын тасагт нь ажилладаг байсан бол аав монгол номын тасагт худалдагч хийж байжээ. Хожим аав Р.Чойном гуайг Улаанбаатарт дагуулан ирж их утга зохиол руу алхахад нь нөлөөлсөн гэж Р.Чойном гуайн ээж нэгэн сонинд ярилцлага өгөхдөө дурсан ярьсан байна лээ.

Аав Р.Чойном гуай хоёрын сайхан нөхөрлөдөг байсны нэг нотолгоо нь Р.Чойном гуай аавд зориулан их олон зураг, шүлэг бичсэн байдгаас харагддаг юм.

Түүнчлэн Монгол Улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Төрийн шагналт зохиолч Д.Гармаа, зохиолч Ж.Дашдондог, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Давааням, Д.Сосорбарам, Ш.Энхбаяр, Л.Ожгоош, С.Бодоош зэрэг нэр цуутай олон найрагчтай найзалж, нөхөрлөж явсан даа.

Түүгээр ч зогсохгүй гадаадын олон зохиолчид аавын бүтээлийг орчуулан хүүхэд багачууддаа хүргэснийг би бахархан ярих дуртай байдаг юм. Аавын “Шуурган дундуур” өгүүллэг казах хэлээр гарсан бол “Норовын намтар” найраглал Өмнөд Монголд, мөн хэд хэдэн шүлэг нь болгар, чех, буриад хэлээр орчуулагдаж байсан юм. Мөн захидал бичин нөхөрлөдөг байсан оросын алдарт зохиолчид ч бий. К.И.Чуковский, Агния Барто, С.Михалков, Лев Ошанин гэх мэт дурдаад байвал олон нэр хөвөрнө.

-Аавын тань овог Дамдинцоо гэж таны эмээгийн нэр гэсэн бил үү?

-Аав 1928 онд З.Наваанлувсан гэдэг айлын ганц хүү болон мэндэлсэн юм. Дөрвөн настай байхад нь өвөө маань Улаанбаатар явсан байдаг. Нийслэл рүү явсан үе нь 1932 он. Лам хүн учраас их хэлмэгдүүлэлтээс зугтсан хэрэг. Тэр цагаас хойш сураг тасарсан гэдэг. Тиймээс эмээ хүүгээ Дамдинцоо гэж өөрөөрөө овоглосон гэнэ лээ.

-Аав, ээж хоёр тань хэзээ гэр бүл болсон бэ?

-Миний ээж ааваас 10 насаар дүү л дээ. Ээж маань Б.Баасан гэж тухайн үеийн циркийн жүжигчин хүн байлаа. Гэхдээ аавтай ханилснаас хойш мэргэжлээ бүр мөсөн орхиж, гэрийн эзэгтэй, халамжит ээж болсон юм. Миний дээр нэг ах байх байсан ч хүн болж чадаагүй гэдэг. Түүнээс хойш аав, ээж хоёр маань хоёр охин, хоёр хүүтэй болсон нь өдгөө өнөр олуулаа болжээ.

-Аав тань хүүхдийн зо­хиолч учир хүүхдүүдтэйгээ их ойр байсан уу?

-Бид бүр заримдаа аавыг найз шигээ л боддог, тоглодог байлаа. Ямартаа л зарим хүмүүс ээжийг маань таван хүүхэдтэй хэмээн шоглодог байж билээ. Аав яг л жаахан хүүхэд шиг тоглодог болохоор тэр л дээ. Гэрт зочид ирэхээр бид концерт тоглоно оо. Аав зарлагч, хөгжимчин, дуучин гээд л гол дүрд нь тоглоно. Ирсэн зочид маань ч алга ташилт харамгүй хайрлана.

Хүүхэд насны нэг сайхан дурсамж сэтгэлээс гардаггүй юм. Аав нэг удаа бид дөрөвт цаас, харандаа өгөөд “Хүссэн зүйлээ зураарай, хамгийн гоё зурсанд нь шагнал өгнө” гэнэ. Бид чадлынхаа хэрээр зурсан ч дөрвүүлээ нэгдүгээр байр эзэлсэн. Гэхдээ бид тухайн үед “Дөрвөн сайхан зураг” шүлгийн гол баатар болж байсан гэдгээ яахин мэдэх билээ дээ.

Аав маань “Хүүхэд бол том болохын хүсэлтэй байдаг. Гэтэл хүүхдийн зохиолч бол бага болохын хүсэлтэй байдаг. Хоёр тэс өөр энэ хүслийн нэг нь биелж, нөгөө нь биелдэггүй ч хүүхдийн зохиолч бол юуны түрүүнд, бичсэн зохиолоороо, санаа сэтгэлээрээ, ааш араншингаараа, их мөрөөдлөөрөө ямагт хүүхэд шиг байдаг” гэж нэгэн гар бичмэлдээ дурдсан байдаг юм. Мөн “Хүүхдийн зохиолчийн номыг амтархан уншиж байх шиг өндөр шагнал, уншихгүй байх шиг хатуу шийтгэл байхгүй” хэмээн хэлсэн нь ч бий.

-Та өөрөө ямар ажил эрхэлдэг вэ?

-Миний аав Хүүхдийн төв номын сангийн захирал байсан учир аавынхаа үйл хэрэг, айл үйлсийг нь үргэлжлүүлж, хүүхдийг номтой нөхөрлүүлэх, зохиолч, ном, хүүхэд гурвыг холбох зорилгоор “Сод номун” төв төрийн бус байгууллагыг байгуулан, явуулын номын сан ажиллуулж байна. Анх 2004 онд гэрээсээ 300 ном авчирч, номын сангаа байгуулж байлаа. Тэр үеэс эхлэн хүүхдийн зохиолчидтой хамтарч, сангаа арвижуулан өдгөө зөөврийн номын сангаа ажиллуулж байгаа. Монгол гэрт байрлах энэхүү номын сан маань хөдөөд бол нийслэлийн захын хорооллын хүүхэд багачуудыг ном уншуулах эрхэм зорилготой ажилладаг юм.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баатарсүрэн: Сонины зар сурталчилгаа нь бүх цаг үеийн туршид судлагдчихсан, сонгодог хэлбэр юм

Монголын лектор” төвийн захирал С.Баатарсүрэн, сургагч багш Н.Цогжавхлан нартай ярилцлаа.

Танай төвөөс “Зар сурталчилгаа ба сошиал медиа” сургалтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Уг үйл ажиллагааны талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд зар сурталчилгааны хандлага нэлэнхүйдээ өөрчлөгдсөн. Энэ байдал юунаас болов гэхээр технологийн хөгжил, хүн бүрт байгаа ухаалаг төхөөрөмжийн хөгжил, интернэт сүлжээний тархалт гэх мэт зүйлсээс үүдэлтэй. Үүнийгээ дагаад зар сурталчилгааны үндсэн шаардлага буюу бүтэц, дизайн, зохиомж гэдэг зүйл өндөр түвшинд оччихоод байна. Өнөөгийн манай рекламны зах зээлийг харж байхад уламжлалт буюу хуучин арга хэрэгслээс салахгүй байгаад байна. Зар сурталчилгааг тухайн үеийнхээ цаг хугацааны шалгуурт нийцсэн байдлаар зохиомжлон хийх ёстой. Үүний дараа өөрийн гэсэн үр дүнтэй байршилд байрлах ёстой юм.

Өнөө үед интернэтийн хөгжлийг дагаад зар сурталчилгааны эрхзүйн зохицуулалт гэдэг зүйл гарч ирж байгаа. Бид өмнө нь дуртай зүйлсээ аваад ашиглаж, зар сурталчилгаа явуулж болдог юм байна гэсэн ойлголттой явж байлаа. Гэтэл энэ нь өнөө үед олон улсын шүүхэд дуудагдахуйц хэмжээнд очиж магадгүй болчихоод байна.

Бидний өмнө тулгамдаж буй дараагийн нэг томоохон асуудал бол нэг нэгнээсээ хуулдаг байдал руу орчихжээ. Үүний эрхзүйн зохицуулалтыг хэрхэх вэ гэдгийг ч энэ удаагийн уулзалтаараа ярихаар төлөвлөөд байна.

Үүний зэрэгцээ бизнест сошиал медиаг хэрхэн ашиглавал зохистой вэ, ямар стратеги байдаг вэ, ямар төрлийн сошиал медиа өнөөдөр Монголын нийгэмд боломжтой байна вэ. Сошиал медиа өөрөө бусад хэвлэл мэдээллийн зар сурталчилгаа түгээж байгаа арга хэрэгслүүдээс ямар үр нөлөөтэй юм бэ гэдэг талаар ч компаниудын маркетингийн төлөөллүүдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байгаа юм.

Зар сурталчилгаа, бүтэц зохиомжийн асуудал гэдгээ тодруулахгүй юу. Ямар зохиомжтой байх ёстой юм бэ?

-Зар сурталчилгаа нь сонин хэвлэл, гар утас, телевиз, радио гэх мэт мэдээллийн хэрэгсэлд тулгуурлаад зорилтот, цогц мэдээллийг хүнд хүргэх зориулалттай. Гэтэл өнөөдөр Монголын зар сурталчилгаа нь бүтцийн талдаа аваад үзэхээр зөвхөн хүмүүсийн сонирхлыг татах талдаа илүү анхаарч, зохиомж тал дээрээ сул хандаж байгаа нь харагддаг. Угтаа бол зар сурталчилгаа гэдэг бол уран бүтээл. Өөрөөр хэлбэл, манай өнөөдрийн зар сурталчилгаанууд уран бүтээл биш болчихоод байна.

Тэгвэл эрхзүйн орчин ямар байгаа вэ. Өнөөдөр манайд нэвтэрч байгаа зар сурталчилгаанууд хууль, дүрмээ биелүүлж чаддаг уу?

-Өнөөдөр явж байгаа зар сурталчилгаа нь Оюуны өмчийн болон Зар сурталчилгааны тухай хууль гэх мэт хууль, дүрэм журамд тулгуурлан явах ёстой. Гэвч манайд эдгээр хууль, дүрэм огт мөрдөгдөж чадахгүй байна. Одоо манай рекламнуудын үндсэн зохиомж нь үүнийг л идэхгүй, хэрэглэхгүй бол чи хүн биш гэдэг. Жишээлбэл, хүүхдэд зориулсан рекламууд бүгд хууль зөрчиж байна. Аливаа зар сурталчилгаа нь бүгд өөрийн орны болоод олон улсын гэрээ конвенцийн хүрээнд явах учиртай. Гэтэл өөрөө шийдвэр гаргаж чадахгүй бөгөөд бусдын хараа хяналтад байдаг хүүхдийг хэт уриалсан, дуудсан, үүнийг л хэрэглэхгүй бол доод түвшний хүн болж харагдах утгатай реклам хийсээр байна. Гэтэл үүнийг олон улсын гэрээ конвенциудаар хориглосон байдаг. Тэнэмэл болон гудамжинд хог түүдэг хүүхдийг харуулж байгаа нь нэг талаас нийгмийн үзэгдэл боловч хүүхдийн сэтгэлзүйд үлдэх дохио талаасаа түүнийг хэтэрхий хэрцгий, хэнэггүй болгож байдаг. Олон удаа ийм зүйл үзсээр дараа нь хэр баргийн зүйлд айж цочихоо болихыг хэлээд байгаа юм. Энэ байдал бол зар сурталчилгаа нь зохиомж талаасаа бус уралдаж хүмүүст цочроо өгөх зорилгоор яваад байгаа буруу жишгийг харуулж байна.

Манай зар сурталчилгаа бүхэлдээ тийм байна гэж үү?

-Бүхэлдээ тийм. Таны зиндааг тодорхойлно, үүнээс өөр сонголт үгүй гэх мэтээр бүгдийг хагаралдуулсан байдлаар дүрсэлж байгаа зохиомж нь нийгэмд өгөх үр өгөөжөө алаад байгаа.

Үүнээс гадна бүх рекламуудад хэт олны танил хүмүүсийг тоглуулдаг. Ерөөсөө л улиг болсон хэдэн хүмүүсээр нүдчихдэг. “Хасар” Жагаа гэдэг жүжигчин байна. Үүнийг Жагаа гэдэг хувь хүн талаас бус уран бүтээлч гэдгээр нь ярьж байгаа юм шүү. Зохиомж талаас нь аваад үзэхээр нэг өдөр “Хатан маань ч гомдохоо больсон шүү” гэж байснаа маргааш нь хаан болчихсон, нөгөөдөр нь “Би ч гэрийн сайн эзэн шүү” гээд сууж байдаг. Энэ нь интерфэйс буюу дүр төрх хадгалалт гэдэг зүйлийг үгүй болгож байгаа юм. Хамгийн энгийн жишээ байна. Исүс Христосын дүрд тоглосон АНУ-ын жүжигчнийг Холливудын тухайн жилийн орлогын 80 хувьтай тэнцэх хэмжээний цалингаар цалинжуулаад өөр кинонд насаар нь тоглуулахгүй байх гэрээ байгуулж байсан. Энэ бол зохиомж талаасаа бүтээгдэхүүн хоногшуулалт хийж байгаа юм. Тэр жүжигчин хүүхэн эргүүлээд юм уу, гадаад хүн зодох байдлаар дараагийн бүтээлүүдээр гараад ирвэл Исүс Христос хэн ч биш болно шүү дээ. Нөгөө талаас үр дүнтэй байршуулах асуудал байна.

Энэ юу гэсэн үг вэ?

-Энэ удаагийн уулзалтаараа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зар сурталчилгааны үнээ өсгөөч гэж уриалах гээд байгаа юм. “Гуравдугаар хорооллын эцэст Солонгосын хип хоп хувцас хямдарлаа” гэдэг үгэн зар Үндэсний телевизээр явж байна гэдэг бол хэтэрхий хямд үнээр, хэн дуртай нь реклам цацаж байгаа хэрэг. Энэ бол байршуулалт бус шүршилт болчихоод байгаа юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр үр дүнтэй, чанартай рекламыг өөрт тохирсон сурталчилгааны суваг дээр байршуулах ёстой юм.

Ийм сургалт явуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зар сурталчилгаануудад судалгаа хийсэн байх. Ер нь үзэгч, уншигчдад хүрч буй манай зар сурталчилгаа дэлхийн түвшний хаана нь явна вэ?

-Зарим компаниудын зар сурталчилгаа дэлхийн жишигт хүрчихсэн. Харин дийлэнхи нь доогуур түвшний зар сурталчилгаа хийж байгаа.

Та зөвхөн телевизийн зар сурталчилгааны талаар ярьж байна уу?

-Бүхий л түвшинд үзэгчдэд хүрч буй зар сурталчилгаануудыг ярьж байгаа юм. Ер нь бол манай зар сурталчилгаа хийдэг компаниуд дэлхийн түвшинд хийж буй рекламуудыг араас нь хөөх байдлаар явж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манайд сошиал медиа илүү “мода”-ны байгаа бол дараагийн алхам буюу төхөөрөмжид, аппликейшнд тулгуурласан гэдэг зүйлийг дэлхийн зар сурталчилгаа хийгчид ашигладаг болчихож. Ингэж дэлхий нийт зар сурталчилгаа гэдэг бол контент бүтээх үйл явц юм байна гээд яаж контент бий болгох вэ гэдэг асуудлыг тавьдаг болж байна. Энэ нь манайхаас хоёр, гурван жилийн өмнө явж байна гэсэн үг. Гэхдээ бидэнд гүйцэх боломж бий.

Тэгвэл сонин хэвлэлийн зар сурталчилгааны талаар ярихгүй юу. Сүүлийн үед хэвлэлд хандсан зар сурталчилгаа ихэсч байгаа. Энэ ямар учиртай гэж та бодож байна вэ?

-Сонин бол өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчидтэй. Улмаар тодорхой, тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үр дүнгээ өгдөг. Сониноор бохь сурталчлахын оронд ажлын байр гэх мэт зар сурталчилгаа явуулбал уншигчдад илүү баталгаатай санагддаг.

Сонин, радио, телевизийн зар сурталчилгааг уламжлалт маркетингийн арга хэрэгсэл гэж хэлдэг. Ялангуяа сонин хэвлэлийн зар сурталчилгаа нь бүх цаг үеийн туршид судлагдчихсан сонгодог арга хэлбэр юм. Ямар ч сонгодог хэлбэр тодорхой цаг хугацааны дараа сэргэдэг, үнэ цэнэтэй болдог. Харин яг өнөөдөр эсвэл маргаашийн тухайд манайд бол сошиал медиа буюу төхөөрөмж, интернэт сүлжээнд тулгуурласан маркетингийн арга хэрэгсэл эрчимтэй хөгжиж байна. Энэ цаг хугацаанд нь үүнийг үр дүнтэй ашиглах нь чухал. Гэхдээ энэ нь уламжлалт буюу сонгодог зар сурталчилгаанаас тэр чигт нь татгалз гэж байгаа юм биш. Хослуулаад хэрэглээд явах нь ашигтай л гэж хэлэх гээд байгаа юм.

Телевизийн зар сурталчилгаа буурч байгаа гэсэн. Яагаад тэр юм бол?

-Телевизийн зар сурталчилгаа буурч байгаа. Энэ нь нэгдүгээрт, хямралын асуудал үүсээд ирэхээр компаниуд маркетингийн зардал болон хүний нөөцөө танадагтай холбоотой байх. Нөгөө талаас зар сурталчилгааг хэзээ ч бууруулж болохгүй зүйл. Ямар ч бизнес, бизнесмэн амьд байгаа гэдгээ үргэлж мэдэгдэж байх ёстой.

Орчин цагт хамгийн зардал багатай зар сурталчилгаа бол сошиал медиа. Тэгэхээр магадгүй телевизээр зар сурталчилгаа явуулж 100 мянган хүнд хүргэхийн тулд 5-6 сая төгрөг зарцуулдаг бол сошиал медиагаар 50-60 ам.долларын зардал гаргаад 100-150 мянган хүнд хүргэж байх жишээтэй.

Ер нь яваандаа сонин хэвлэл ч гэсэн аппликейшинд тулгуурласан зар сурталчилгаа явуулаад эхэлнэ. Хэвлэлтийн цаасны зардал хэмнэсэн гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, 1997 оны аравдугаар сарын 10-ны өдрийн “Өдрийн сонин”-ы дугаарыг утсан дээрээ тохирсон хувилбараар хайгаад уншчихдаг хувилбар руу орох болов уу.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганхуяг: “Нэхмэлийн шар” байрны иргэд эцсийн шийдвэрийг гаргана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай ярилцлаа.

-Танай дүүргийн “Нэхмэлийн шар” гэж нэрлэгдэх байруудыг дахин төлөвлөж барилга барихад төр, иргэдийн хооронд нэлээд маргаан үүсээд байна. Асуудал юунаас эхлэлтэй вэ?

-Нэхмэлийн шарын байрыг дахин төлөвлөн барилгажуулах асуудал наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хороог байгуулснаар эхэлсэн юм. Түүнээс өмнө буюу энэ оны зургадугаар сард нийслэлээс “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны байрыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг өнгөрөгч зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлаар баталсан юм. Тэр журмын дагуу Нэхмэлийн гэж нэрлэдэг манай дүүргийн II болон III хорооны нутаг дахь 20 байрыг дахин төлөвлөж барилгажуулах компанийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан нь тэр юм. Тус хороог Засаг дарга миний бие ахалж байгаа.

Дээрх журамд тухайн санал ирүүлж буй байгууллага ямар, ямар шаардлага хангасан байх талаар ч заасан байгаа. Тухайлбал, журмын 6.4-д санал ирүүлэх барилгын компани нь барилгажилтын төсөл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын туршлага, санхүүгийн техникийн чадавхи гээд таван зүйлийг бичиг баримтын төсөлдөө хавсарган оруулж ирэх ёстойг заасан.

Журмын дагуу Хотын ерөнхий төлөвлөгөөний газар сонгон шалгаруулалтаа зарласан.

-Журмын дагуу атал иргэд яагаад бухимдаад байгаа юм бэ?

-Сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо бус Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас явуулсан.

Уг нь Үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд шинээр барих барилгад хичнээн хүн амьдрах, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж нь ямар байх гээд ерөнхий мэдээллээ сонссон. Гэтэл энэ үед Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсээс “Сонгон шалгаруулалтаа зарлачихсан. Материалуудаа хүлээж аваад эхэлчихсэн шүү” гэсэн. Угтаа бол Үнэлгээний хороо хуралдаж, нөхцөл, шаардлагаа тавьсны дараа сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан юм.

Манай Үнэлгээний хорооны хувьд ерөнхий шаардлагуудаа нарийвчилсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Ямар ч ажлыг хийх гэж байгаа хүмүүст шаардлага тавьдаг шүү дээ. Хамгийн багадаа тийм туршлагатай, санхүүгийн чадавхитай, техникийн болон хүний нөөц ийм байх ёстой гэх мэт. Гэтэл эдгээр шаардлага огт тавигдалгүйгээр зарлагдчихсан юм. Үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй л дээ. Нэг хоногийн ч өмнө болохноо муу байрнаасаа салаад авъя гэсэн иргэдийн зөв. Нөгөө талаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч журмынхаа дагуу зарласан нь зөв. Үнэлгээний хороо бас шаардлагаа тавихгүй бол болохгүй нь ээ гэдэг нь ч зөв. Ингэж гурван талаасаа нэгдэж байж иргэдийн эрх ашиг хамгаалагдах ёстой юм. Энэ ажлын хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр иргэд маань ямар ч асуудалгүйгээр орон сууцтай болох л асуудал.

-Тэгээд тэр зарлагдсан сонгон шалгаруулалтад хоёр компани шалгарчихсан байгаа юм уу?

-Ямар ч компани шалгараагүй. Компаниудын ирүүлсэн санал лацтайгаа Ерөнхий төлөвлөгөөний газарт байгаа. Уг сонгон шалгаруулалтыг манай Үнэлгээний хорооны шаардлагыг тусгаагүй учир алдаатай байна гэж үзээд дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон.

-Үнэлгээний хорооноос ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, техникийн талын үзүүлэлт буюу инженерингийн тооцоо судалгаа, ерөнхий төлөвлөгөөтэй холбогдсон болон газар орчны байдал, архитектур төлөвлөлт гэх мэтийг харгалзах ёстой гэж байгаа. Нөгөө талаас чадварын үзүүлэлт буюу гүйцэтгэгч байгууллагын чадавхийн асуудал байгаа юм.

Ер нь бол энэхүү дахин төлөвлөлтийн ажил нь барилга угсралтын болон зураг төслийн компани хоёр нийлж байж хийх ажил. Тиймээс чадавхийн тухай асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Тухайлбал, найман байшин буулгаад дахин барилга барих гэж байгаа компани санхүүгийн хувьд чадавхитай, мөнгө босгох чадвартай, техникийн нөөц бололцоо нь сайн байх ёстой гэх мэтчилэн шаардлагыг тавьж байгаа юм. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл учраад тухайн байгууллага барьж чадахгүйд хүрвэл иргэдэд ямар баталгаа гаргаж өгөх вэ. Муугаар бодоод барьж чадахгүй болбол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Ийм эрсдлүүдийг хааж байж Үнэлгээний хороо үнэлгээгээ зарлах ёстой байсан гэдэг шаардлагыг тавьж сонгон шалгаруулалтын ажлыг зогсоосон юм.

-Гэхдээ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь таныг ашиг сонирхлын зөрчилтэй байснаас үүдэлтэй гэж иргэд хэлж байгаа?

-Энэ бүхний цаана иргэдийн эрх ашгийг хамгаалах, ямар нэг эрсдэлгүйгээр орон сууцанд нь оруулах зүйл яригдаж байгаа юм шүү дээ. Ийм зүйлийг ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй, хамаатныхаа, базынхаа, эсвэл хувьцаа эзэмшдэг компаниа оруулах гэж байна гэх мэтээр арай өөр өнцгөөс ярьж эхэлсэн л дээ. Тэр дагуу намайг иргэд АТГ-т өгч шалгуулсан. Хариу нь өнгөрөгч долоо хоногт гарсан. Мэдээж ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон.

Намайг шалгуулсан нь иргэдийн зөв. Тэд хардах эрхтэй. Магадгүй Ганхуяг хамаатнаа оруулсан ч байж болох шүү дээ. Гэхдээ одоо нэгэнт хуулийн байгууллага нь шалгаад түүнийг тогтоочихлоо.

-Тэгвэл энэ бүх маргааны зангилаа нь дээр хэлсэн журам болж таарч байна уу?

-Журамд учир дутагдал байна гэж харж байгаа. Тиймээс сайжруулах тухай цаашид ярина. Гэхдээ нэгэнт зарлаад авчихсан зүйлээ үнэлэх үү, үгүй юу гэдэг нь асуудал болоод байна.

-Тэгвэл хэзээ өөрчлөлт оруулах вэ. Иргэд журамдаа өөрчлөлт оруулахыг илүүтэйгээр хүсч байгаа нь өнгөрөгч долоо хоногт Э.Бат-Үүл даргаар ахлуулсан удирдлагуудтай хийсэн уулзалтаас анзаарагдаж байсан?

-2014 оны зургадугаар сард журам батлагдсан. Миний зүгээс ч өөрчлөлт оруулах тухай санал тавьж байгаа. Үнэлгээний хорооны эрх, үүргийг тодорхой болгох гэх мэтээр нарийвчилсан заалтуудыг оруулах шаардлагатай байгаа юм.

Журамд өөрчлөлт оруулах тухай асуудал нь Иргэдийн хурлаар орж байж шийдэгдэнэ. Тиймээс энэ удаагийн “Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудын тухайд одоогийн мөрдөж байгаа журмын дагуу л дахин төлөвлөлт нь явагдах болов уу. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо журмын өөрчлөлтийг хүлээхгүй. Өөрчлөлтийг хүлээлээ ч гэсэн журам нэгэнт буцаж үйлчлэхгүй тул одоо хүчин төгөлдөр байгаа журмаараа л явна гэсэн үг. Харин Үнэлгээний хороо аль болох чанартай гүйцэтгэж чадах боломжийн компанийг иргэдэд шалгаруулж өгөхийн тулд чадлаараа ажиллана. Иргэд ч үүнд давхар хяналт тавих ёстой. Компани танилцуулгаа хийхэд үнэхээр өөрийнх нь шаардлагад нийцэж байгаа эсэх талаар сайтар судлах ёстой. Тэгээгүй тохиолдолд татгалзах эрхтэй. Яагаад гэвэл энэ бол бүх насаар нь өөрт байх өмч хөрөнгийн асуудал тул хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Тэгвэл таны зүгээс журмын өөрчлөлтийг ИТХ-д яаралтай оруулж ирэх үүрэг ногдож байна?

-Бид журмын өөрчлөлтийг оруулахын төлөө ажиллана. Гэхдээ энэ удаагийнх нь хуучин журмаараа л явахыг дээр хэлсэн. Тиймээс журмын өөрчлөлт нь дараа дараагийн барилгын дахин төлөвлөлтийг хийхэд л нөлөөлнө. Манай дүүргийн хувьд хамгийн эхний барилга тул энэ удаа учир дутагдал байгааг үгүйсгэхгүй.

-Хамгийн эцсийн хариуцлагыг иргэд хүлээнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн байдлаар орон сууцгүй хоцорлоо гэхэд Үнэлгээний хороо буюу төр ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

-Тийм. Үнэлгээний хороо эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм биш. Үнэлгээний хороо нь тухайн компанийг иргэдтэй гэрээ хийх эрхийг л өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо дүгнэлтээ гаргаад Нийслэлийн Засаг даргад танилцуулна. Засаг дарга үүнийг болж байна гэж үзвэл батламж гардуулна. Ингэснээр тухайн компани иргэдэд танилцуулгаа хийх эрхээ авлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдтэй гэрээ хийнэ. Танай байрыг тэгнэ, ийм болгон гэх мэтээр. Тэгэхээр эцсийн шийдвэрийг өмчлөгч иргэд гаргана. Тиймээс Үнэлгээний хорооны санал болгосон компани иргэдэд таалагдахгүй ч байж болно. Харин иргэдийн олонхи татгалзаад эхэлбэл дахин сонгон шалгаруулалт явуулна.

Өөрөөр хэлбэл, барилга барьж өгөх чадамжтай компани эсэхийг Үнэлгээний хороо буюу төр иргэддээ сонгож өгөөд иргэд өөрсдөө эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм. Тиймээс ямар нэгэн байдлаар асуудал үүсвэл иргэд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Энэ бүхэн нь энэ ажил иргэн хүн хувийн компани хоёр гэрээ хийж байгаа асуудал бөгөөд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлээр зохицуулагдан явж байгаа. Мөн Барилгын тухай болон Орон сууцны тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа.

-Одоо тэгвэл Үнэлгээний хороо хэзээ хуралдах вэ. Одоогийн байдлаар хичнээн компанийн санал ирээд байгаа вэ?

-Өнгөрөгч пүрэв гаригт Үнэлгээний хороо хуралдсан. Журамд зааснаар үнэлгээний хорооны бүх гишүүд дүгнэлт дээр гарын үсэг зурах ёстой юм. Гэтэл зарим нэг гишүүд маань өвчтэй, томилолттой таарсан. Тиймээс бүх гишүүдийгээ байхад гарын үсгийг нь авъя гээд энэ сарын 21-нд Үнэлгээний хороо дахин хуралдахаар болсон. Өөрөөр хэлбэл, тэр өдөр бид үнэлгээгээ хийнэ гэсэн үг. Урьдчилсан мэдээллээр найман санал ирээд байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Гомбосүрэнгийн Энхтуяа: Өвлийн өвгөний хүүхдүүд гээд бидэнд Харшийн ёолкны бэлэг өгдөг байсан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэнгийн охин Энхтуяатай уулзлаа. Хүмүүс түүний аавыг өвлийн өвгөн гэдгээр нь хамгийн сайн мэднэ дээ.

-Шинэ жил дөхөж байна. Өвлийн өвгөний охин болохоор таныг цасан охин гэж төсөөлөөд байлаа. Шинэ жил таны хувьд бусдаас арай л өөр өнгөтэй байсан болов уу?

-Шинэ жил хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр. Аав маань өвлийн өвгөн болдог. Харшийн ёолкийг хоног цаг тоолон хүлээдэг байлаа. Харшийн ёолк гэдэг хамгийн дээд зэргийн баяр байлаа. Бэлэг нь их гоё. Бид аавын долоон охин. Шинэ жил дөхөөд ирэхээр манай аав байгууллагуудын шинэ жилд оролцоно.

-Та цасан охин болж байсан уу?

-Багадаа бандгардуу, махлагдуу охин байсан болохоор өөрөө ичдэг ч байсан юм уу нэг, хоёр удаа л цасан охин болсон. Би дээрээсээ тав дахь охин нь. Хамгийн том эгч жар гараад явж байна. Дэрсхэн, хоёр, гурван насны зөрүүтэй охид.

-Шинэ жил танай гэр бүлийн хувьд яаж өнгөрдөг байсан бэ. Он солигдох мөчид өвлийн өвгөн хаана байдаг байв?

-Он солигдох мөчид аав байхаасаа байхгүй нь их. Гэхдээ яахав гэр бүлийн хүрээнд сайхан тэмдэглэнэ. Ээж бүх юмаа бэлтгэнэ. Өвлийн өвгөний хүүхдүүд гээд бидэнд Харшийн ёолкны бэлэг байнга өгдөг. Бэлгээ авсан хүүхдүүд хөөрчихсөн гоё байна. Он солигдох мөчид аав заримдаа гэртээ байдаг. Аавтайгаа байхаар бүр гоё. Гэхдээ тэр нь ховорхон. Бид аав байхгүй байна гээд сэтгэл дундуур байдаггүй. Он гарахаар аав ирээд, ахиад л шинэ оноо тэмдэглэнэ.

-Аав шинэ жил хоёрын тухай сэтгэлд үлдсэн дурсамж бий байх?

-Шинэ жил болгон гоё л доо. Аав нас өндөр, ная гарсан хүн гэхэд залуу байхдаа яаж өвлийн өвгөн болдог байсан яг л тэр эрч хүчээрээ явдаг байсан. Ачаалал нь ихдээд ирэхээр настай хүн ядарна. Хичнээн өөрт нь сонирхолтой байсан ч улсын бодлого гэдэг утгаараа татгалзаж, гуниглангуй үе байсан. Хамгийн сүүлчийн удаа Харшийн ёолкны өвгөн болох тэр мөч нь л мартагддаггүй. Аав их л баярласан байж билээ. “Аав нь энэ жилдээ болоод дараа жилээс чадахгүй байх аа. Хувцас хунараа бэлтгэмээр байна” гээд маш сэтгэл нь хөдөлсөн, 85-86-тай үе нь санаанд үлджээ.

-Өвлийн өвгөн хэр их бэлтгэл хийдэг байв. Бидний үеийнхэн биднээс дээших үеийнхэнд бол өвлийн өвгөн гэдэг Г.Гомбосүрэн гуайгаар төсөөлөгдөж үлджээ. Маш гоё дуу хоолойтой хүн байсан даа?

– Манай аав дэглэм их барьдаг. Өглөө босоод гимнастик хийнэ. Залуу байхдаа тогтмол зургаан цагт босоод хоёр, гурван цаг дасгал хийдэг байсан. Нас өндөр болсон ч цаг гимнастик хийгээд усанд орж байж цай хоолоо идэж уудаг. Дуу хоолойгоо хадгалахын тулд нот уншиж, бэлтгэл сургуулилт байнга хийдэг байлаа.

-Г.Гомбосүрэн гуай жүжигчин байхаасаа өмнө жолооч байсан гэдэг билүү?

-Тийм. Анх Гал командад жолооч байгаад, дараа нь Бөмбөгөр ногоон театрт жолоочоор ороод, тэндээ туслах ганц нэг дүр бүтээсэн. Өөрөө их сонирхолтой болохоор сургуулилтыг хараад, бүх үгийг нь цээжилсэн байж. Нэг жүжигчин өвчтэй гээд ирж чадаагүй үед хамгийн анх ганц, хоёр үг хэлэх дүрд аавыг оруулсан юм билээ. Дуу хоолойг нь сонсоод, Гэндэн гуай, Чимэд-Осор гуай гээд хуучны мундаг жүжигчид жижиг дүр өгсөн байдаг. Тэр үед Урлагийн дээд сургууль байхгүй. Байгалиас заяасан авьяастай мундаг хүмүүс байсан. Чимэд-Осор гуай, Гэндэн, Цэвээнжав, Хандсүрэн, Рэнцэнноров гуай байгалиас заяасан авьяасаараа алдаршсан хүмүүс.

-Г.Гомбосүрэн гуай хүүхдүүддээ хэр их цаг гаргадаг байв?

-Цаг гаргах нь ховор. Аав их уян. Биднийг “Миний хөөрхөн охид, миний хүүхнүүд гэдэг. Ээжийг “Миний охин” гэдэг. Яаж байна, юу болж байна гээд эцэг хүний хайраар ханддаг.

-Хүүтэй болохсон гэж боддог л байсан байх даа?

-Хүүтэй болохыг хүсдэг л байсан байх. Хүүтэй болохыг хичнээн хүсдэг ч хэдэн хүүг нийлүүлсэн юм шиг хүч чадалтай, хайр халамжтай, ажилсаг охидтой болохоор миний дутууг та нар гүйцээж явдаг гэж хэлдэг байсан. Зээ хүү гарч ирэхэд тэр хүлээлт нь их бага хэмжээгээр нөхөгдөөд ирсэн.

-Ээлжит охин төрөх бүрт аав чинь яаж хүлээж авдаг байв?

-Хүлээх цаг мөч байсан. Миний дээд талын эгч бид хоёр жилийн зөрүүтэй гарсан. Одоо л хүү байх гэхээр охин гараад ирдэг. Сүүлдээ одоо хүү ч байсан, охин ч байсан яахав дээ гэсэн бодолтой байсан гэж ярьдаг. Нэг их ач холбогдол өгөөд, хүү байхгүй гэсэн гуниглал мэдрэгддэггүй байсан. Охидоо гомдоохгүй гэж тэгдэг ч байсан юм уу мэдэхгүй.

-Танай ээж жүжигчин Ц.Сэржханд гуай байх аа. Дездомонад тоглож байсан гэдэг?

-Манай аав, ээж хоёрын их гоё зураг байдаг. Дездомонад тоглоод дурлалцаад суусан гэж ярьдаг.

-Тайзан дээр Отелло, Дездомона хоёрын амьдрал яаж дууссаныг хүмүүс мэднэ. Харин бодит амьдрал дээрх Отелло, Дездомона хоёрын гэр бүлийн харилцаа, хайр дурлал хэрхэн өрнөсөн бол?

-Заяаны ханиуд байсан даа. Аав, ээжээс арав гаруй насаар ах. Тэгсэн мөртлөө аав жаахан хүүхэд шиг ээжид эрхэлнэ. Манай ээж болохоор хүүхдээ асарч байгаа ээж шиг байсан. Хувцас хунар, хоол унд, ар гэрийн бүх ажлыг ээж даадаг байсан. Ээж хоол хийж өгөхгүй бол аав өөр хоол иддэггүй. Өглөө, өдөр, оройн хоолыг нь бэлтгэнэ. Ээж жүжигчин байсан ч өөрөө жүжигчнээсээ татгалзаад, ар гэрийнхээ ажил амьдралыг даасан. Аавыг урлагийн замд төгс оруулах суурийг манай ээж л тавьсан. Аав ээжийг “Миний ээж” гэдэг ээж “Миний өвгөн”, “Миний хүү” гэдэг. Салж хагацаж чаддаггүй улсууд байсан. Аавыг өнгөрөхөд хоёр жилийн дараа ээж 72-той өнгөрсөн. Санаж мөрөөдөж гунигладаг. Аавыг өнгөрсний дараа хүүхдээ алдсан ээж шиг байсаар явсан.

-Г.Гомбосүрэн гуай ямар хоолонд дуртай байв?

-Манай аав гурилтай шөлөнд дуртай байсан. Надаас дээш үеийн олон хүүхэд манай ааваас бэлэг авч байсан дурсамж ярьдаг. Г.Гомбосүрэн гуайгаар өвлийн өвгөнийг төсөөлдөг гэдэг. Одоогийн өвлийн өвгөн Б.Жаргалсайхан манай ээжид ирж, ёсолж, хүндэтгэж “Багшийн хувцсыг авч өвлийн өвгөн болмоор байна” гэсэн юм билээ. Ээж дараа дараагийн хүмүүс хэрэглэг гэсэн. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс өмсөөд явна гэдэг миний аавын хүсэл мөрөөдөл биелж байгаа хэрэг. Аав өвлийн өвгөний хувцсаа их нандигнаж хадгалдаг, нямбай хүн байсан.

-Та аавдаа хэр их магтуулдаг байв?

-Ер нь бол би их магтуулдаг байсан. Ажилсаг байсан юм уу даа. Аав охиддоо урам хайрладаг. Миний дээд талын дээд талын эгч бид нар дотроос характер онцгой. Сэтгэдэг, хөдөлгөөнтэй. Тэр эгч их загнуулдаг байсан. Надад гар хүрч байгаагүй. Манай сэргэлэн эгч найруулах, зохицуулахдаа идэвхтэй. Багадаа бид жүжиг тоглодог. Хүүхдүүд болсон хойно өөрсдөө өрнүүлээд л. Манай эгч удирдаж, зохион байгуулаад бид “Алтан загасны үлгэр”, “Манжингийн үлгэр” гээд жүжиг найруулна. Аав, ээж хоёрыг орон дээрээ суулгачихаад, хөшиг нээгээд тоглоно. Янз бүрийн юмаар сахал, үс хийнэ. Намайг аав “Миний охин жүжигчин болох авьяастай. Тэр дундаа эрэгтэй хүний дүрд тоглох боломжтой. Жүжигчин болоход болно шүү” гэдэг байсан. Бид аав, ээж хоёртоо концерт тоглож үзүүлдэг. Заримдаа бүгдээрээ хөгжим тавиад бүжиглэнэ. Аав их гоё дуулна. “Цэнхэрлэн харагдах уул” гээд их гоё дуулна. Тэр үеийг бодохоор гоё. Би жүжигчин болно гэж боддог л байсан. Хань ижилтэй болоод хажуудах хүнийхээ аяыг дагасан. Яг намайг сургууль төгсч байхад Жаргалсайхан, Сарантуяа эд нар Москвад Кино урлагийн дээд сургуульд суралцахаар явж байлаа. Би тэр сургуульд явъя гэж бодож байсан ч хүүхэдтэй болоод чадаагүй.

-Та эрт хүнтэй суужээ?

-Дунд сургуульдаа найзалж байгаад 19-20-той суусан. Тэгээд нөхрийнхөө аяыг дагахаас аргагүй.

-Хүнтэй суусан, хүүхэд гаргасан эмэгтэй хүний хувьд мэргэжлээ сонгохдоо нэлээд буурь суурьтай ханджээ?

-Би барилгын инженер. Одоо Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга хийж байгаа. Нийслэлийн хэмжээний төлөвлөлт хийдэг. Манайх орон сууцны чанар шалгах ажил хийдэг. Би айхавтар хөдөлгөөнтэй биш ч миний зан төлөв ерөнхийдөө аавынхтай төстэй. Сэтгүүлч, орчуулагч, жүжигчин, урлагийн хүн гэх мэт олонтой харьцдаг мэргэжил зохих байсан даа. Гэхдээ түүнээсээ шал өөр мэргэжил сонгоод ажилласан. Хүний мэргэжил амьдралын баталгаа, хоол, гэр орон бүх юм даа.

-Танай эгч дүү нараас жүжигчин төрсөн үү?

-Жүжигчин бол байхгүй. Манай нэг дүү бүжигчин. Нэг дүү төгөлдөр хуурын багш, Хөгжим бүжигт багшилдаг. Хамгийн том эгч балетчин байсан. Тэтгэвэрт гарчихсан л даа. Том эгчийн хүүхдүүд харин урлагаар дагнасан. Нөхөр нь Ц.Баатаржав гэж ҮДБЧ-ын удирдаач байсан. Тэдний хүү Б.Энхбаатар Свердловскт Уралын филармонийн ерөнхий удирдаач хийдэг. Удирдаачдын олон улсын шагналтай залуу бий. Бас нэг хүүхэд нь хөгжимчин. Том эгчийн хүүхдүүд бүгд урлагийнх.

-Одоо бол та шинэ жилийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөнө.

-Хүүхдүүдийн чинь хувьд өвлийн өвгөн өөрөөр төсөөлөгддөг болов уу ?

-Бид нарын санаанаас өвлийн өвгөн хэзээ ч гарахгүй. Гэхдээ манай хүүхдүүд өвлийн өвгөн гэхээр өвөөгөө үргэлж дурсдаг. Шинэ жил болохоор “Өвөө минь байсан бол” гээд ярина.

-Өвлийн өвгөний хувиар зээ хүүхдүүддээ бэлэг өгч байсан уу?

-Хоёр том эгчийн хүүхдүүдэд өгч байсан. Гэртээ өвлийн өвгөний хувцсаа өмсөөд хүүхдүүддээ бэлэг өгөхөөр нөгөөдүүл нь онгирч баярладаг байсан.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбаа: Валютын чангаралт үргэлжлэх магадлалтай байна

Санхүүгийн зах зээлийн судлаач, эдийн засагч Л.Бямбаатай ярилцлаа.

Ам.долларын ханш өдөрт бараг 10, 20 төгрөгөөр нэмэгдсээр байна. Ямар учраас ингэж өсөөд байна вэ. Та эдийн засагч хүний хувьд ямар учир шалтгаантай гэж бодож байна вэ?

-Эдийн засаг, төлбөрийн тэнцэл, гадаад валютын урсгалын тухайд огцом том өөрчлөлт ороогүй, макро эрсдэлүүд шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа тул ам.долларын ханшийн хандлагад өөрчлөлт орохгүй байна. Өөрөөр хэлбэл, судалгаанаас харахад валютын чангаралт үргэлжлэх магадлалтай байна.

Үүний нэг шалтгааныг моргейжийн зээлтэй холбон тайлбарлах хүмүүс бий?

-Моргэйжийн зээл хэсэг хугацаанд хүмүүст сул мөнгө орж ирэхэд нөлөөлсөн. Тухайлбал, өндөр хүү төлж байгаад найман хувь руу зээлээ шилжүүлсэн хүмүүс байсан. Нөгөө талаас байр худалдах, худалдан авах зохиомол хэлцлүүд хийгдсэн гэсэн сэжиг байгаа. Гар дээрх илүүдэл мөнгө нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн байх талтай. Гэхдээ энэ бол одоо тийм том нөлөө үзүүлж байгаа гэж бодохгүй байна.

Тэгвэл гадаадаас орж ирэх валют багассанаар л ийм нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу?

-Мэдээж манай эдийн засаг гадаадын шууд хөрөнгө оруулалтаас асар их хараат байсан. Гадаадаас орж ирэх валют экспортын орлого буурсан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон учир валютын дотогшлох урсгал огцом буурсан нь ханшид шууд нөлөөлсөн.

Цаашид энэ өсөлт хэвээр үргэлжилсээр байх болов уу. Ерөөс ам.долларын ханш буурах найдвар бий юу?

-Суурь орчин, нөхцөл өөрчлөгдөхгүй бол ханшийн чиг хандлага дээр өөрчлөлт төдийлөн орохгүй болов уу. Огцом өөрчлөлтийг авчрахын тулд эдийн засгийг гацаанд оруулсан асуудлууд шийдэгдэх ёстой. Гэтэл ойрын хугацаанд шийдэгдэх боломж харагдахгүй байна. Эсрэгээр, Засгийн газар солигдож байгаа нь эдийн засаг дахь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, асуудал шийдэгдэх явдлыг хойшлуулж байна. Түүнчлэн эрсдэлийг ч өсгөж байгаа гэж бодож байна. Тодорхойгүй байдал нэмэгдэх тусам үндэсний валютад итгэх итгэл буурна. Гэхдээ төгрөгийн сулрах хурд буурч болох юм. Учир нь импорт буурч, бизнесийн эргэлт саарч байгаа тул валютын эрэлт буурах талтай. Манай эдийн засгийн багтаамж өөрөө цомхон учир эдийн засаг нь сэргэхдээ ч хурдан, унахдаа ч хурдан байдаг.

Монголбанкнаас ам.долларын ханш өсөхөд интервенц хийх гэх мэт тодорхой арга хэмжээ авч байгаа гэх боловч тодорхой үр дүнд хүрэхгүй л байгааг та хэрхэн харж байгаа вэ?

-Интервенци хийж байгаа болохоор л одоогийн түвшин дээр тогтож байна гэж бодож байна. Монголбанкинд байнга интервенци хийгээд байх их хэмжээний валютын нөөц байхгүй.

Тэгвэл алт тушаалтын хэмжээ нэмэгдсэн нь сайн нөлөө үзүүлж байгаа болж таарах нь?

-Тийм. Алт тушаалтын хэмжээ энэ онд нэмэгдсэн. Тиймээс үүнээс бага зэрэг нөхөгдөж байгаа болов уу.

Ер нь ам.долларын ханшийн өсөлт манай эдийн засагт хамгийн сүүлийн үеийн байдлаар хэрхэн нөлөөлж байна вэ?

-Ер нь эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө нь нэгдүгээрт, импортын барааны үнээр дамжиж инфляцийг нэмэгдүүлж байгаа. Хоёрдугаарт, ам.долларын зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд орж зээл нь чанаргүйдэх магадлал өндөр байгаа. Хэрэв эдийн засгийн бүтцэд үйлдвэрлэл илүү давамгайлж байсан бол энэ нь экспортын бараатай харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай болгодог. Гэхдээ манайд дотоодын үйлдвэрлэлийн хөгжил харьцангуй сул байгаа тул одоогоор тэр давуу тал нь эдийн засаг, аливаа бизнест мэдрэгдэхгүй байна.

Төрийн зүгээс ямар зохицуулалт хийвэл ам.долларын ханш буух бол?

-Чөлөөт зах зээлтэй учир төрөөс шууд зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал. Валютын ханш гэдэг өөрөө зах зээлийн зарчмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр л оршиж байгаа. Үүний огцом савалгааг нь арилгах үүднээс тодорхой зохицуулалтыг төрөөс хийж байна. Валютын ханшийг барих зорилгоор валютын зохицуулалттай дэглэмд шилжвэл зах зээлийн хөгжлөөс ухарсан явдал болно гэж бодож байна. Тухайлбал, хэн нэгэн хүн, байгууллагаас валют авах, зарах хэмжээ, хугацаа, давтамж дээр хязгаарлалт хяналт тавиад эхэлбэл зах зээл таатайгаар хүлээж авахгүй л болов уу. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл түр зурын зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч болох байх.

Ер нь манайд бусад валютын ханш ч байнга өссөөр байгаа. Энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Ам.доллараас гадна юанийн ханш манай эдийн засгийн эргэлтэд даац жин ихтэй. Юанийн тухайд Хятадын төв банктай шууд своп хийх хэлцэл хийгдсэн тул чангаралт нь хурдац арай бага байх болов уу.

Т.ГЭРЭЛМАА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Д.Адилхүү: Манай цонхноос дөрвөн метрийн зайд барилга барих гэж байна

Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш нар харах эрх чөлөөгөө хасуулсан маш олон иргэн бидэнд хандсаар байна. Тэдний нэг нь Д.Адилхүү юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, XI хорооллын тавдугаар байрны 38 тоотод оршин суудаг юм байна.

Та яагаад манай төрийн бус байгууллагад хандах болсон юм бэ?

-Би XI хорооллын тавдугаар байрны оршин суугч. Манай байрны урд талд “Бөмбөлөг” хэмээх хувийн цэцэрлэг барилга барих гээд айлуудын цонхыг хааж, хашаа барин, газраа ухчихаад байна.

“Бөмбөлөг” цэцэрлэг угаас манай байрны гуравдугаар орцонд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Цэцэрлэгийн удирдлага бүр долоон жилийн өмнөөс барилга барина гэж явж эхэлсэн. Тухайн үед оршин суугч биднээс зөвшөөрөл авах гээд л яваад байдаг байсан. Оршин суугчид ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлдэг байв. Түүнээс хойш таг чиг больчихсон. Оршин суугчид ч “Больчихсон юм байх” хэмээн хоорондоо ярилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн асуудал дахин яригдаж, цэцэрлэгийн удирдлагууд бүр хотын захиргаанаас зөвшөөрлөө авчихсан байна. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл даргын захирамжаар газрынхаа зөвшөөрлийг аваад, зураг төслөө хийлгэчихсэн байгаа юм.Барилгын ажил хэзээ эхэлсэн юм бэ?

-Энэ жилийн есдүгээр сараас эхлэн тойруулж хашаа бариад, газрыг нь ухаж эхэлсэн. Оршин суугчид бид эсэргүүцсэн. Учир нь нэг, хоёр давхрын айлуудын цонхыг бүрэн хаачихсан. Гэтэл цэцэрлэгийн удирдлагууд “Бид бүх холбогдох газрын албан ёсны зөвшөөрлийг авчихсан. Хотын даргын захирамж ч энэ байна” гээд хэдэн арван давхар бичиг цаас үзүүлсэн.

Оршин суугчид төрийн ямар байгууллагуудад хандсан юм бэ?

-Манай гэрийн цонх бүрэн халхлагдсан тул эхэн үед бид ганцаараа энэ талаар хөөцөлдөж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Анх Засгийн газрын иргэдийг сонсох утас “11 11” гэгч рүү утасдаж учир байдлыг хэлсэн. Гэтэл миний асуултын хариуд “Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байна. Гэхдээ та энэ байдлаа оршин суугчдын гарын үсэг болон иргэний үнэмлэхний хуулбарын баримттайгаар дахин хандаж болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь нэг давхрын арав гаруй айлын бүх хүний гарын үсгийг цуглуулаад явуулсан.

Тэгээд ямар хариу өгөв?

-“Албан ёсны зөвшөөрлөө авчихсан тул “Бөмбөлөг” цэцэрлэгийн барилга баригдах нь тодорхой юм байна” гэсэн хариу ирсэн. Энэ үед газар ухах ажил аль хэдийнэ эхэлчихсэн байсан тул оршин суугчид дахин гарын үсгээ зураад Э.Бат-Үүл даргад хандсан. Гэтэл тодорхой хариу өгөхгүй байсаар барилга эхлүүлэх зөвшөөрлийг нь өгчихсөн байсан.

Ингээд барилга бариад эхлэнгүүт зөвхөн нэг, хоёр давхрын арван хэдэн айл төдийгүй хоёр, гуравдугаар орцны 50 гаруй айл бүгд эсэргүүцэж эхэлсэн. Бид дахиад л хотын дарга Э.Бат-Үүл, ИХТ-ийн дарга Д.Баттулга, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарт хүсэлт хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг болтол ямар ч амжилт олохгүй байна.

Шинэ барилга танай байрнаас хэдэн метрийн зайтай юм бэ?

-Айлуудын цонхноос дөрөв хүрэхгүй метрийн зайтай.

Барилга хэдэн давхар, ямар төсөвт өртөгтэйгээр баригдах юм бол?

-Энэ цэцэрлэг хоёр давхар, 835 сая төгрөгөөр баригдах юм гэнэ лээ.

Хэдийгээр хоёр давхар ч гэлээ нэг, хоёр давхрын айлууд бүрэн халхлагдаж байгааг дээр хэлсэн дээ. Гэтэл энэ байдлыг маань доромжилж байгаа мэт “Хотын ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтнууд “Хоёр давхар барилга айлын цонх халхална гэж байдаггүй юм” гэж хүртэл хэлж байгаа юм.

Одоо барилгын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Барилга барих гээд газраа ухаж байтал дулааны шугам гараад ирчихсэн. Үүнийг ч бас Дулааны шугам, сүлжээний газраас асуухад “Хоёр жилийн өмнө “Бөмбөлөг” цэцэрлэгийн удирдлагууд зөвшөөрлөө авчихсан. Гэхдээ одоо техникийн нөхцөл нь дууссан. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд хэрэв барилгаа баривал дахин техникийн нөхцөлөө боловсруулж зөвшөөрөл авах ёстой. Ингэхдээ дулааны шугамыг доод тал нь таван метрийн зайд зөөж байрлуулах ёстой” гэсэн хариу өгсөн юм.

Одоо бол барилгын ажил зогсчихсон байгаа. Миний бодлоор аравдугаар сараас тавдугаар сар хүртэл халаалт ирчихдэг учир дулааны шугам, сүлжээний ажил хийдэггүй. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд үүн дээр гацчихаад, барилгаа эхлүүлж чадахгүй байгаа болов уу. Оршин суугчид бидний хувьд энэ хугацаанд амжиж, зөвшөөрлийг нь хүчингүй болгох талаар хөөцөлдөж байна. Яг энэ үед танай сонин “Цонхоо нээцгээе” хөдөлгөөн өрнүүлж байгааг сонсоод танайд хандсан юм. Ийм том хэмжээний сонин, энгийн иргэдийнхээ төлөө тэмцэхээр болсонд танай хамт олонд маш их талархаж байна. Бид яг үнэнийг хэлэхэд одоо хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна.

Та дээр хэлэхдээ оршин суугчид зөвшөөрсөн учир төрийн байгууллага зөвшөөрөл олгосон тухай ярьсан. Үнэхээр зөвшөөрсөн болоод л ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-Бид тэр гарын үсэг зурсан бичгийг үзсэн. Оршин суугчидтайгаа ч уулзсан. Тэгэхэд “Бөмбөлөг” цэцэрлэгийнхэн тухайн хаяг дээр байхгүй хүний хуурамч гарын үсэг цуглуулсан байна лээ. Үүнд бид гайхаж байгаа. Яагаад төрийн байгууллага нь үүнийг нягталж болоогүй юм бол. Хорооноос нь утсаар асуухад л тавдугаар байрны тэдэн тоотод, тийм хүн суудаг гээд л хэлнэ шүү дээ. Үүнийг цэцэрлэгийн эрхлэгч н.Отгонжаргалд хэлэхээр “Танайд ийм хүн байсан шүү дээ” гээд улайм цайм худлаа хэлж байна лээ.

Ер нь энэ барилга хотын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон, албан ёсны зөвшөөрөлтэй юм биш үү?

-Орчихсон. Гэхдээ айлын цонхноос дөрөв хүрэхгүй метрийн зайд барилга барьж болно гэсэн хууль манайд байдаг юм уу. Барилгын тухай хуульд дөрөв хүртэл давхар барилга хамгийн доод талдаа 15 метрийн зайтай байх ёстой юм билээ.

Тэгвэл анх жижиг газар аваад, барилга барихдаа томруулчихсан болж таарах нь ээ дээ?

-Тийм болж таарч байна. Анх 285 мкв талбай авсан юм билээ. Тэгснээ бид цэцэрлэгийнхээ гадаа ийм зүлэг, ийм мод тарина гээд газар нэмж авсан байгаа юм.

Нөгөө талаас бодоход хүүхдийн цэцэрлэг ховор үед цэцэрлэг барина гэдэг гэгээтэй зүйл биш үү?

-Одоо энэ цэцэрлэгт арав хүрэхгүй хүүхэд сурч байгаа. Цэцэрлэг барьчихвал хорооны хүүхдүүдийг хөнгөлөлттэй суралцуулна гэж байгаа. Гэхдээ ямар төрийн цэцэрлэг биш дээ, хувийн цэцэрлэгт хэдий олон хүүхэд явах билээ. Магадгүй оршин суугчдын таамаглаж буйгаар энэ барилгыг эхлээд цэцэрлэгийн зориулалтаар барьчихаад нэг, хоёр жилийн дараа ямар ч зориулалтаар ашиглахыг хэн мэдлээ.

Цонхыг маань халхалж барилга барьснаар зөвхөн бидний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй эдийн засгийн хувьд ч хүнд байдалд оруулж байгааг хэлмээр байна. Одоо ингэж цонхоо халхлуулсан үл хөдлөх хөрөнгийг цаашид хэн худалдаж авах юм бэ. Энэ талаас нь бодсон ч жирийн иргэд биднийг маш хүнд байдалд оруулж байна.

Т.ГЭРЭЛМАА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Мөнгө өгч газрыг нь авсаар нар харах эрхгүй болгожээ

Олон улс судлалын сургууль баригдаж буй барилга хоорондын зай ийм байна

Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус бай­гууллагын “Цонхоо нээе” булан­гийн энэ удаагийн онцлох сурвалжлагаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Олон улс судлалын дээд сургууль болон “Бага тойруу”-гийн 47 дугаар байрны орон сууцны айл өрхүүд цонхоо таглуулан, нар харах эрх чөлөөгөө хязгаарлуулаад байгаа тухай сурвалжиллаа.

Эдгээр хоёр барилгын цонхыг таглан барилга барь­сан компани бол “Гацуурт” компани юм.

Л.ЧИНБАТ МӨНГӨ ӨГЧ ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭГ ТОМСГОСООР БАЙЖЭЭ

Иргэдийн эрхийг зөрчиж цонхыг нь хааж барьсан энэхүү барилгыг 2008 оноос барьж эхэлжээ. Тухайн үед уг газарт ус, дулааны төв шугам буюу ЦТП барих гэж байсан аж. Уг ЦТП нь анх тус газрын хажууд буюу 47 дугаар байрны дор байсан бөгөөд нэг, хоёр давхрын айлууд өвөлдөө нэлэнхүйдээ цанд цохиулдаг зэрэг сөрөг зүйл гардаг байжээ. Тиймээс тус байрны оршин суугчид Мэргэжлийн хяналтын ерөн­хий газарт хандахад тус бай­гуул­лагаас барилгад суулт үүссэн зэрэг сөрөг үзэгдэл бий болж байгаа тул ЦТП-г барилгын гадна байрлуулах ёстой гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. Ийнхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт нэгэнт гарсан тул ЦТП-г байрны доороос гаргаж, урд талд нь, тусгай байр барьж байр­луулахаар болсон байна.

Үүнтэй зэрэгцэн Олон улс судлалын сургууль болон 47 дугаар байр хоёрын хооронд байсан нэг давхар, хуучны барилгыг “Опен хаус” компанийн захирал Д.Дорждагва гэгч “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад 55 сая төгрөгөөр худалдсан байна. Үүнээс өмнө буюу 2002 онд тус нэг давхар барилгын баруун талын 222 мкв сул газрыг Л.Чинбат дуудлага худалдаанаас худалдан авсан байсан бөгөөд уг газар нь барилга барихад хангалттай биш байсан учир ийнхүү Д.Дорждагваас нэмж газар авсан байгаа юм. Ингэж Л.Чинбат нийт 974 мкв газрыг эзэмших болсон бөгөөд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяраар 256 тоот захирамж хүртэл гаргуулж бүрмөсөн өөрийн болгон авчээ.

Ингэж ойр орчмынх нь газрыг бүхэлд нь авсныг тэр хавийн долоон байрны 199 өрхийн 1500 гаруй иргэн эсэргүүцэж, ус дулааны төв байгуулах газар хэмээн заргалдахад нь 67.4 мкв-ыг ЦТП барих зориулалтаар буцаан өгөхөөр 2010 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсэн байдаг байна. Ингэхдээ бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий ЦТП-ын барилга барих тухай төсөв нь хүртэл батлагдсан байдаг.

Уг маргаан үүгээр дуусаагүй бөгөөд Л.Чинбат нь дахин газраа томсгох тухай хүсэлт гаргаснаар 2011 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 295 тоот захирамж гаргаж, газрын хэмжээг нь 0.043 га газар болгосон байх юм.

Ийнхүү төрийн бүх тогтоол шийдвэр мөнгөний хүчээр өөрийнх нь талд гарсан тул “Гацуурт”-ын Л.Чинбат нөгөө иргэдийн тэмцэн байж бариулахаар болсон ЦТП-ын газар дээр өдгөө 13 давхар барилга барьж байгаа бөгөөд ЦТП нь тус барилгын дор орсон байгаа юм. Энд нэг зүйл тодорхой бус байгаа ажээ. Учир нь зургаан давхар барилгын дор ЦТП-г байлгаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байтал “Гацуурт”-ын 13 давхар байрны дор бол болдог байдал анхаарал татаж байгаа тухай “Эрдэм СӨХ”-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар хэлж байна. Тэрээр дээрх 13 давхар барилга барихаас өмнө ЦТП-г бариулахаар 2007 оноос эхлэн тэмцэж ирсэн хүн ажээ.

Н.Бумбар болоод тус байрны оршин суугчид өдрийн турш аль ч талаасаа нар үзэж чаддаггүй бөгөөд байрны орчимд тоглоомын талбай бүү хэл суух ч газар байхгүйг хэлж байлаа.

Н.Бумбар 2008 оноос эхлэн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт таван удаа, С.Батболдод зургаан удаа тус тус өргөдөл өгч байсан ч тодорхой хариу авч байсан удаагүй гэнэ. Оршин суугчдын хувьд “Нар харах эрх ч дүүрсэн хэрэг. Гагцхүү ус, дулаанаа л тасалдуулахгүй байх” юмсан гэж байлаа. Учир нь уг ЦТП-ээс тус хорооны долоон байр, таван дамжин хэрэглэгч байгууллага, 63 аж ахуй нэгж ус дулаанаар хангуулдаг юм байна.

Иргэдийн дунд энэ бүх маргааныг тухайн үед Нийслэлийн Захирагчийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар үгсэн хуйвалдаж газар зарснаар эхлэлтэй гэх нэгэн ч байна лээ.

Учир нь үүнийг Захиргааны хэргийн шүүхээс гурван ч удаа тогтоосон бөгөөд барилгын ажлыг албадан зогсоох захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдаас зогсоох тухай акт, дүгнэлтүүд удаа дараа гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн нь үгүй юм.

Үүнийг одоогийн хотын дарга Э.Бат-Үүлд уламжилж, тэрээр газар дээр нь ирж танилцан “Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах жагсаалтын эхний тавд энэхүү “Гацуурт”-ын барилгыг багтаасан байна. Энэхүү захирамжийг нь хотын даргад сануулж, өнгөрөгч аравдугаар сарын 6-нд Н.Бумбар гуай Э.Бат-Үүл даргатай уулзсан байна. Гэтэл тэрээр байдлыг үзсэн даруйдаа буюу 2013 оны эхээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилж, уг барилгыг нураах асуудлыг даалгасан байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул нар нь Хотын дарга болон мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн шийдвэрийг үл хайхран “Гацуурт” компани хууль зөрчөөгүй” хэмээн мэдээлсээр байгаа гэнэ. Энэ байдлыг Э.Бат-Үүл дарга мэдсэн тул “Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг бүгдийг сольё. Миний танилцсан асуудлаас эсрэг зүйл ярьсныг олж тогтоон, эргүүлэн хариуг өг. Дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг санал болгоно уу” хэмээн Хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэлдээ даалгасан байжээ. Гэтэл нөгөө С.Отгонгэрэл нь “Энэ байдлыг хянаж үзээд хариу өг” хэмээн Газрын албаны дарга Д.Нацагдоржид хариуцуулжээ. Өөрөөр хэлбэл, асуудал эргэн эргэсээр нөгөө л хууль бусаар газар олгосон газрын албандаа очсон байгаа юм. Өргөдлийнхөө араас ийнхүү уйгагүй хөөцөлдөж, хаана ямар албан тушаалтан дээр очоод гацчихсаныг хөөцөлдөж мэдсэн хүн бол дээр хэлсэнчлэн Н.Бумбар гуай юм. Түүний хэлснээр Э.Бат-Үүл дарга хэдийгээр асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа ч, түүний доод албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэхийн төлөө огт ажилладаггүй ажээ.

“Хүүхдүүдийн дээрээс кран унах аюул хэлж ирэхгүй шүү дээ”

Тус барилгын урд талд байрлах Олон улс судлалын дээд сургууль руу орлоо. Сургуулийн хойд талын хэсэг ямар ч гэрэл гэгээ алга. Цонхоор юм харах боломж огт байхгүйгээс гадна нарны гэрэл өдрийн турш үздэггүй гэсэн. Тус сургуулийн сургалтын албаны дарга Д.Нарангэрэлийн хэлж буйгаар “Гацуурт”-ын энэхүү барилга нь сургуулиас дөрвөн метрийн зайтай гэнэ. Энэ нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хуульд заасан барилга хоорондын зай 15-45 метрийн зайд байна гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа юм байна.

Түүнчлэн 13 давхар барилгатай өндрөөрөө тэнцэхүйц кран угсраатайгаа байна. Тэрээр үүнийг “Өнгөрсөн онд манайд барилгын кран унаж, эрдэнэт хүмүүсийн амь нас хохирсон тохиолдол олонтаа гарсан. Энэ удаа ч гэсэн тийм байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Энд чинь олон мянган хүүхдүүд байна” гэж байлаа.

Тус сургуулийн удирдлагын хувьд барилга барихаар нүх ухаж эхэлсэн цагаас буюу 2008 оноос эхлэн тэмцэж байгаа. Гэсэн ч шат шатны байгууллага нь асуудлыг судалж байна хэмээн хугацаа хожсоор ийнхүү 13 давхар болтлоо өндөр болчихжээ.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН