Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайраар баян “Өнөр бүл”-ийнхэн DNN.mn

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл төв”-ийнхөн уригдлаа. Бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Улаанхуарангийн эцэст байрлах “Өнөр бүл төв-1″-ийг зорьсон юм. Өнөр бүл төв “Төв байр” болон “Цэцэрлэг” гэсэн хоёр салбартай. Бид төв замын ойролцоо бууж өгсүүр шороон замаар алхтал тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир тосч ирээд “Өнөр бүл хэмээх их айлд тавтай морил. Манайхан зундаа бэлтгээд хашаагаа будаж байна” гэв. Өглөө бид холбогдож төв рүү нэвтрэх зөвшөөрөл аван, товлосон цагтаа уулзаж байгаа нь энэ. Багш, ажилчид “Ажлын” хувцсаа өмсөн төмөр хашаагаа өнгө алаглуулан будаж байгаа харагдав.

Бид төв рүү орон “Ажилчдын гал тогоо” хэсэгт тухлан яриа хөөрөө дэлгэлээ. Тэрээр “Манайх 2017 оноос гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэхийн төлөө хүүхдүүд өрөөндөө хоолоо хийж иддэг, хувцсаа угаадаг, цэвэрлэгээ хийдэг болсон” хэмээн төвийнхөө талаар хуучлав.

Төвийн байр гурван давхар, нэгдүгээр давхарт захиргааны хэсэг, хоёрдугаар давхарт охид, гуравдугаар давхарт хөвгүүд амьдардаг. Одоогоор “Өнөр бүл төв”-ийн хоёр салбарт нийт 177 хүүхэд амьдарч байна.

Хоёрдугаар давхарт гармагц урт ягаан коридор, олон шар хаалга угтлаа. Хаалга бүрийн цаана бүтэн эсвэл хагас өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хасагдсан гэр бүлийн охид торниж байгаа. Эхний өрөө рүү тэднийхээр “Лхагва-Очир багш” ортол дөрвөн охин “Сайн байна уу, өдрийн мэнд” хэмээн мэндлэв. 10 орчим насны охин хичээлээ хийн сууж байв. Харин нэг нь орон дээрээ ном уншиж, хоёр нь цэвэрлэгээ хийж “Багш аа юнивишний эрх хаагдчихсан” хэмээн хэлж байлаа. Д.Лхагва-Очир багш “Миний охин хичээлээ хийж байгаа юм уу, танай гэр хүнстэй юү” гээд хөргөгчийг нь сөхлөө. Дээр дурдсанчлан 2017 оноос гэр бүлийн орчин бүрдүүлэхээр айл бүр хөргөгч, тусдаа унтлагын болон зочны өрөө, гал тогоотой болжээ. Хөргөгчинд нэг сагс өндөг, масло, зөөхий, элгэний нухаш, хөлдөөгчинд бага багаар ууталсан мах харагдав. Хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг тооцож, долоо хоногийн хоолны цэс гарган мягмар гариг бүр хүнсний материалыг өгдөг гэнэ. Нэг айл 8-10 гишүүнтэй, хоёр өрөө нийлээд нэг айл. Хоёрдугаар давхарт 10 өрөө, таван багштай, таван айл амьдардаг. Айлуудын цаад талд охидын ариун цэврийн өрөө, шүршүүр, наад талд угаалгын өрөө, амрах хэсэг тухлаг буйдан, тэдэнд зориулж багш нарынх нь зурсан “Гүнж”-үүд нүдэнд тусна. Охид өдөр өдрөөр ээлжлэн угаалга, хоолоо хийдэг. Охидын давхарт таван айлаас гадна номын сан, “Охидын шивнээ”, мэдээлэл зүй, уламжлалт бариа засал, эмч нарын өрөө байв. Тус төв хоёр их эмч, нэг сувилагч, эрүүл ахуйчтай гэнэ.

Ягаан өнгөөр дагнан тохижуулсан “Охидын шивнээ” өрөөнд зөвхөн охид найзууд, багштайгаа ярилцах, сэтгэл зүйн зөвлөгөө авах зэргээр ордог байна. Тус төвийн хүүхдүүд Нийслэлийн 53, 55, 69, 68, 44 дүгээр сургууль болон Насан туршийн боловсролын төвд суралцдаг. “Хүүхдийн автобустай, хүүхдүүдээ өглөө автобусаар хүргэж өгөөд, тарахад нь авчихдаг” гэж охидын дөрөвдүгээр айлын багш тайлбарлалаа.

12 настай Н “Манай хичээл орой 19:00 цагаас тардаг. Өнөөдөр өндөгтэй хуурга хийж идсэн, найзуудтайгаа гоё байна. Хоол хийж сурсан. Мэдээлэл зүй, зургийн дугуйланд явдаг. Зураг зураад л байх гоё, тайвширдаг. Би өчигдөр аавтайгаа ярьсан, багш нартайгаа маш дотно байдаг” хэмээв.

Гуравдугаар давхарт хөвгүүд бужигнасан, цэнхэрээр тохижуулсан коридор, өрөөнүүд байлаа. Эл давхарт 11-16 насны 42 хөвгүүнтэй таван айл амьдардаг. Хөвгүүдийн бүлгийн багш Э.Энхжин “Би энд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Бичиг хэрэг хариуцсан ажилтан байсан, жил гаруйн өмнөөс багшаар ажиллах болсон” гэв. “Багшийн нэг өдөр хэрхэн өнгөрч байна” гэж лавлавал “Маш их ачаалалтай, би өөрөө ээж болоогүй, гэхдээ есөн хүүтэй. Өглөө 8:30 цагаас ажилдаа ирдэг. Өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч байна гэсэн үг. Хөвгүүдтэйгээ тулж харилцах шаардлагатай учир цаг их зарцуулдаг. Манай хүүхдүүд биеийн тамир, гар урлал, зураг гэх мэт олон дугуйланд явдаг. Төв дотроо олон дугуйлантай, нэг хүүхэд 2-3 дугуйланд суралцдаг. Хүүхдүүд ч бас маш завгүй байдаг” гэж яриад “Миний хүү даалгавраа хийж бай” гэсээр цааш эргэв. Орой 17 цаг хүртэл өдрийн ээлжийн багш нар ажиллаж, оройн ээлжийн багш нар тэднийг харж хонодог байна. Хүүхдүүдийн нэг өдөр ихэвчлэн өглөө босч цайгаа уугаад, гэрээ цэвэрлэчихээд дугуйлан, хичээлдээ явж, даалгавраа хийж, хоолоо хийсээр өнгөрдөг тухай хөвгүүд ярив.

Э.Энхжин багшаас “Хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг юм бэ” гэхэд “Хүүхдээ авна гэсэн гэр бүлүүдэд нийгмийн ажилтан нөхцөл байдлын судалгаа хийгээд гэр бүлд нь эргэн нэгтгэх үгүйг шийддэг. Хүүхэд гэр бүлд эргэн нэгдсэнээс хойш гурван жил анхаарч явах ёстой. Гэр бүлгүй, гэр бүл нь авахгүй хүүхдүүд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 21 нас хүртэл амьдарч болдог. Зарим хүүхдүүдийг тийш нь шилжүүлдэг. Хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамжийн мөнгө нь 18 нас хүртэл хадгаламжинд хуримтлагдаж байдаг. Спорт заал, шүдний кабинет, саунтай. Хүүхдүүд амьдрахад таатай орчныг бүхий л талаар бүрдүүлэхийг зорьдог” гэв.

Долдугаар ангийн сурагч А “Би 53 дугаар сургуульд сурдаг. Би чөлөөт бөхийн дугуйланд явдаг. Чөлөөт бөхөөр хичээллэх найзуудтайгаа өрсөлдөөд гоё байдаг. Өглөө босоод цайгаа ууж, гэрээ цэвэрлээд, чөлөөт бөхийн дугуйландаа явдаг. Орой хоолоо хийж идчихээд, гэрээ цэвэрлээд багш биднийг 21 цагт унтуулдаг. Энэ гэртээ дуртай, би саяхан чөлөөт бөхийн тэмцээнд орсон. Амралтын өдрөөр гадаа тоглодог” гэж ярив.

Есдүгээр ангийн сурагч А “Гар урлалын дугуйландаа дуртай, хамгийн сүүлд ваар хийсэн. Би онц сурсан чинь ангидаа олон найзтай болсон. Ах, дүү хоёртойгоо хамт жаахан байхдаа энд ирсэн. Ирээдүйд эмч мэргэжилтэй болно. Ээжтэйгээ уулзахыг мөрөөддөг”, 10 настай Б “Ээлж ээлжээр хоолоо хийдэг. Би даваа гаригт хийдэг, гоймонтой хуурга хийсэн. Багш нар маань гоё ааштай, би гурван дугуйланд явдаг. Энд дөрвөн настайдаа ирсэн, аав ээж маань нас барсан. Хүүхдүүдээ аав, ээждээ хайртай байгаарай” гээд нулимсаа арчив.

Цааш сэтгэл зүйн кабинеттай танилцлаа. Битүү дэвсгэртэй тохилог гурван өрөө, уртавтар коридор угтав. Эхний өрөөнд бүлгээрээ, хоёр дахь өрөөнд ганцаарчлан сэтгэл зүйн зөвлөгөө авдаг юм байна. Дараагийн өрөөнд сэтгэл зүйчид суудаг.

Сэтгэл зүйч Д.Хажидмаа “Сэтгэл зүйн үйлчилгээг бүлгийн болон ганцаарчилсан хоёр төрлөөр явуулдаг. Манай төв дөрвөн сэтгэл зүйч, нэг сэтгэл засалчтай” гэв. “Хүүхдүүд өөрсдөө сэтгэл зүйчид ханддаг уу, тогтмол уулзалт хийдэг үү” гэтэл “Надад ямар нэг асуудал тулгараад байна, туслаач гэж өөрөө сэтгэл зүйчид ханддаг хүүхдүүд байдаг. Харин ихэнх тохиолдолд бүлгийн багш нар хүүхдүүдээ анзаарч, зуучилдаг. Бүх хүүхдийг сэтгэл зүйн асуудлаар нь гурван төрөлд ангилсан. Эмгэг сэтгэцтэй хүүхэдтэй сэтгэцийн эмч, сэтгэл засалч нар ажилладаг. Тулгамдсан асуудалтай хүүхэдтэй сэтгэл зүйч нар ажиллаж, эрүүл сэтгэцтэй болгохыг зорьдог. Хүүхдийнхээ асуудлаас шалтгаалан урт хугацааны уулзалтуудыг ч товлоно. Миний хувьд 10-16 насны хөвгүүдийг хариуцдаг. Манай төвд хайр энэрэл үзээгүй, үл хайхрах, бие махбод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг. Тэдэнд хамгийн түрүүнд хайр хэрэгтэй. Тэд аав, ээжийгээ санаж л байдаг” хэмээв. Тус сэтгэл зүйн кабинетыг төвийн сэтгэл зүйч М.Энхцэцэг хувийнхаа 30 гаруй сая төгрөгөөр тохижуулжээ.

Хөгжмийн багш Г.Ганбаатар “Урлаг хүүхдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, эерэг хандлага бий болгодог. Би энд 10 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх ажилд ороход урлагийн ганц, хоёр номертой урлаг сонирхдог, дуулж бүжиглэдэг хүүхэд цөөн байсан. Гэтэл одоо хөгжмийн дугуйланд бараг бүх хүүхэд хамрагддаг. “Би эстратын дуучин” гэдэг тэмцээн зохиоход манай 60 хүүхдээс 30 гаруй нь оролцсон. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь урлагт дуртай, урлагаар хичээллэж байна” гэлээ.

Тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир “Манайх нийт 103 ажилтантай, ажилтан хүрэлцдэггүй. Нэг ажилтаны ачаалал маш өндөр байдаг. Жишээлбэл, гурван хүүхэдтэй айл ямар байдаг билээ, гэтэл нэг багш есөн хүүхэд хариуцаж ажиллаж байна шүү дээ. Манай хүүхдүүд зундаа очиж амардаг хоёр зуслантай. Арай том хүүхдүүдээ “Бөхөг” зуслан руу гаргадаг. Багууд нь Хандгайт руу очдог. Хандгайтын зуслан 1974 онд ашиглалтад орсон, модон байшин бий. Дээврээс ус гоожно, шал нь муудаж хүүхэд амьдрах нөхцөл, стандарт хэцүү болсон. Бид жил бүр дээврийг нь хаддаг, цахилгааны масс ихтэй. Холбогдох байгууллагад зуслангийн байранд анхаарал хандуулахыг хүссэн. Монголын төр хоёр зуслангийн асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулаад өгвөл манай хүүхдүүд маш их баярлана. Хөгжилтэй орнуудын уул уурхайн компаниуд жилийн ашгийнхаа нэг хувийг өнчин хүүхдүүдэд зориулдаг жишиг бий. “Адууны алагаас аяганы алаг нь муухай” гэж ярьдаг даа. Бид ижилхэн л үр хүүхэдтэй хүмүүс. Энд хүмүүжиж байгаа хүүхэд ирээдүйд таны охинтой, хүүтэй гэр бүл болохыг үгүйсгэхгүй, бүгд нэг л нийгэмд амьдарна гэдгийг бодож ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.

Эх үрсийн баярыг тохиолдуулан төвийнхөн маргааш Тэрэлжид хүүхдүүдээ амраана, зургадугаар сарын нэгэнд гэртээ амарцгаана. Бүхий л баяраар хүүхдүүдтэйгээ бужигнаж байгаад л таардаг тухай ч хуучиллаа.

Өнөр бүл хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг “Манай төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 700 гаруй хүүхэд “Өнөр бүл төв”-өөр овоглон хүмүүжиж, амьдралд хөл тавьсан түүхтэй. Өнөөдөр манай байгууллагад 177 хүүхэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэх зорилго тавьж төлөвлөсөн ажлынхаа 80 гаруй хувийг хийсэн. Дугуйлангуудаар дамжуулан хүүхдүүд маш сайн нийгэмшдэг. Хуучин сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан бол одоо мэргэжлийн сэтгэл засалчтай болсон. 2-11 насны 70, 11-18 насны 107 хүүхэд байна. Нийт хүүхдийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг” гэв.

Ингээд бид Сансарын тойрог дахь “Өнөр бүл төв-2”-ыг зорилоо. “Өнөр бүл төв-2”-т 17-18 хүүхэдтэй таван бүлэг, нийт 70 хүүхэд амьдарч байна. Бүлгийн багш тус бүр 17 хүүхдийн “Аав, ээж” нь болж, хүүхдүүдийнхээ хувцсыг угааж, даалгаврыг хийлгэж, хооллож, унтуулдаг аж. Энэхүү төв “Өнөр бүл төв-1”-тэй харьцуулахад бага насны хүүхдүүдтэй учир багшийн ажил илүү их. Биднийг орох үед хүүхдүүд “Сайн байна уу, оройн мэнд” хэмээн гүйлдэж ирэв. Төвд хамгийн багадаа хоёр настай хүүхэд авдаг, ах дүү гурвуулаа, хоёр ихрээрээ ирсэн ч хүүхдүүд байв. Анги бүрт 2-3 тусгай асаргаатай хүүхэд байлаа. 70 хүүхдийн 40 гаруй нь хөвгүүд байсан юм. Гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд гурван ангийг тохижуулж, хоёр анги нь төсвөөс шалтгаалан хараахан тохижоогүй байв.

Бүлгийн багш Д.Номин “Охин”-тойгоо оймсыг нь угаах зуураа “Энэ төвд таван жил ажиллаж байна. Хүүхдүүд маш сайхан энергитэй, ээлжээр хүүхдүүдээ хичээлд нь явуулж, өөрсдөө амьдрах ухааны чадварт сургадаг” гэв. Хамгийн бага буюу “Дэгдээхэй” бүлгийнхэн биднийг хаалгаар цухуймагц л нүд нь гялтганаад гүйлдэж ирсэн юм. Бидний камер, дуу хураагчийг барьж үзэхийг оролдож “Энэ юу юм бэ”, “Та намайг чик гэж болох уу”, “Энэ яаж байгаа юм бэ”, “Та энд удах юм уу”, “Аниа, аниа намайг Х гэдэг”, “Сайн уу”, “Хөөх…” гэх мэтээр хөөрхөн үрс шулганалдана. Дуу шуу болон угтсан хайр татам “Дэгдээхэй” бүлгийнхэн хүүхдийн баярт гангарах хувцсаа өмсөж үзэцгээн “Баяртай, дахиад ирээрэй” хэмээн гараа даалласаар үдсэн юм.

Бага насны хүүхдийн асрамж халамж, үйлчилгээ хариуцсан эрхлэгч Ц.Цэрэнбалжир төвийн үйл ажиллагааг танилцууаад “Өнөр бүл төв-1”-ийн байрны эргэн тойрны гаражийг буулгасан учир тус төв дөрвөн талаасаа задгайрсан тухай тайлбарласан юм. Задгай талбайд хүүхдүүдээ салхилуулах маш эрсдэлтэй байдаг. Иймд төвийг тойрсон 209м.кв хэмжээтэй хашаа нэн шаардлагатай байгааг учирлаж байлаа.

Аав, ээжийгээ хэзээ ч хараагүй, бурхан болсон тэднийгээ сэтгэлдээ тээж яваа, эсвэл хэзээ нэг л өдөр хүрээд ирнэ ээ гэж горьдлого тээсэн ижилхэн зовлонтой Монголын 177 бяцхан зүрх нэг гэр бүл болон, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн “Өнөр бүл төв”-д торниж байна. Тэд уух ус, идэх хоол, унтах ор, өмсөх хувцсаар дутаагүй ч ганцхан л зүйлээр дутаж яваа. Тэр нь “Эцэг, эхийн хайр”.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Цэндсүрэн: Хуучир хөгжим хүнийг уяраах, дотоод мэдрэмжээ хөглөх, илэрхийлэх увдистай DNN.mn

Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Зургадугаар сарын 17-нд тоглолтоо хийнэ. Тоглолтдоо түлхүү анхаарч бэлтгэлээ базааж байна. Үүнээс гадна манай Үндэсний урлагийн их театрын Үндэсний их найрал хөгжим буюу төрийн найрал хөгжмийн 60 жилийн ойн хүрээний ажил их бий. Ирэх сарын 6-нд залуучуудын “Global mind” нэртэй тоглолт болно. Миний гоцлол хөгжимчний тоглолт, наадмын үдэш, гоцлол хөгжимчдийн тоглолт, гала тоглолт гэх мэт ойн хүрээнд 5-6 тоглолт төлөвлөсөн.

-Бие даасан тоглолт уу?

-Бие даасан гэхээс илүү 60 жилийн ойн хүрээнд хамрагдаж буй тоглолт. Үндэсний урлагийн их театр найрал хөгжим, дуу, бүжиг гэсэн үндсэн гурван ангиас бүрддэг. Найрал хөгжмийн 60 гаруй уран бүтээлч тоглолтод бэлтгэж байна.

-Та хэзээнээс хөгжимчин болсон бэ?

-2006 онд Хөгжим бүжгийн коллежид элссэн. Тэр үеэс хойш мэргэжлээрээ тасралтгүй суралцаж, ажиллаж байна. 2014 оноос МҮУИТ-таа хөгжимчнөөр гурван жил ажиллаад, БНХАУ-ын Шанхай хотод мэргэжил дээшлүүлсэн. 2020 онд сургуулиа төгсөж ирээд ажилдаа орсон. Ирснээс хойш хөл хориотой, ажил зогсонги байдалтай байж байгаад саяхнаас ажилдаа орлоо. Ковидын хугацаанд тайзаа их санасан байна (инээв).

-Тоглолтын бэлтгэл ханаж байна уу, хэзээнээс эхэлсэн бэ?

-Тоглолт хийх тухай өнгөрсөн намраас яригдаж эхэлсэн, он гараад бэлтгэлдээ орсон. Энэ дашрамд ганц хөгжимчний тоглолтыг байгууллагаасаа санаачилж, хамтраад хийх гэж байгаа хамт олондоо талархлаа илэрхийлмээр байна.

-Анхны тоглолт уу?

-Хөгжим бүжгийн коллежид байхаас тоглолтоо хийсэн. Бие даасан, том хэмжээний гэвэл дөрөв дэх тоглолт, их догдолж байна. Энэ тоглолтоор дамжуулан Монголын хуучрын урлагийн хэм хэмжээг харуулахыг хичээж байгаа болохоор ачаалалтай ажиллаж байна.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Хувийн бэлтгэлээ өглөө 7-9 цагийн хооронд хийдэг. Бусад үед байгууллагын болон хувийн ажил гээд цаг зав муутай.

-Яагаад хуучир хөгжмийг сонгосон юм бэ?

-Бага ангийн сурагч байхдаа гэрийнхээ бүх хөгжмийг дуугаргаад, сонсголоороо ая тоглочихдог байсан. Нэг өдөр ээжийг ажлаас ирэхэд нь мандолин хөгжмийг буруу харуулаад барьчихсан “Маамуу нааш ир” дууг тоглож байсан гэсэн. Ээж урамшаад надад шинэ мандолин авч өгч байсан. Монгол Улсын Консерваторын ахмад багш, хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багшдаа шалгуултал хуучир хөгжимд тохирох юм байна гээд сонгож байсан. Эхэндээ хөгжмийнхөө сайхныг мэдээгүй, яваандаа гайхамшгийг нь мэдэрч ямар азаар сонгогдсон юм бэ гэж баярладаг. Багштайгаа одоог хүртэл холбоотой, зөвлүүлсээр л явдаг.

-Хуучир хөгжмийн сайхан нь юу вэ?

-Хуучир эмэгтэй хүний хоолойтой их төстэй. Хуучир хөгжмөөр дамжуулан хүнийг уяраах, дотоод мэдрэмжээ хөглөх, илэрхийлэх увдистай гэж боддог. Хөгжим бүр өөрийн гэсэн онцлогтой, би хуучраар дамжуулан өөрийнхөө хоолойг гаргаж байгаа юм шиг санагддаг. Хөгжмийн зэмсэг гэхээс илүү сүнстэй, хүн ч юм шиг мэдрэмж төрдөг. Хуучир их ааштай хөгжим, өдөр бүр давтахгүй л бол маш хурдан мэддэг. Хамгийн нандин зүйл нь дотоод дууллыг хүргэж чаддагт оршдог. Хуучир хөгжим эхлээд надад хүн байхыг заасан, намайг хэзээ ч давраалгүй даруу, тууштай байхыг заасан. Хөгжмөөрөө хүмүүжиж байгаа гэж боддог.

-Хөгжмөөр хүний сэтгэлд хүрэхийн тулд юу чухал вэ?

-Хөгжимчин хүн өөрөө маш баялаг ертөнцтэй байх хэрэгтэй. Учир нь зохиол бүр ямар нэг санаа, дүрийг хүмүүст хүргэх зорилготой. Ном бол уншаад, зураг бол хараад ойлгочихно. Хөгжмийг хүн төсөөлж л ойлгоно. Хөгжмийн зохиолчийн хэлэх гээд байгаа санааг хөгжимчин өөрийн ертөнцөөр баяжуулаад сонсогчдод хүргэнэ гэдэг маш нарийн ажил.

-Та хуучраас өөр хөгжим тоглодог уу?

-Хөгжим бүжгийн коллежид ерөнхий төгөлдөр хуурын хичээл заадаг. Тэр утгаараа төгөлдөр хуур тоглодог. Ёочин, мандолин гэх мэт хэд хэдэн хөгжмийг тодорхой хэмжээнд тоглоно, гэхдээ чадна гэж хэлэхгүй ээ.

-Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-Багаасаа өөрсдийн нас, чадварт тохирсон хөтөлбөрөөр олон бүтээл тоглодог, түүнийг тоолох боломжгүй. Өнгөрсөн жил “Portraits” гэдэг найман бүтээлтэй анхны цомгоо гаргасан. Мөн он гаргаад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн хуучирт зориулсан концертын нэгдүгээр анги “Аяз” бүтээлийг клип болгож гаргасан. Тоглолтдоо зориулаад шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна.

-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй, хайртай уран бүтээл юу вэ?

-Б.Шарав гуайн концертыг л хэлмээр байна. 2012 оноос хойш тоглосон, одоог хүртэл тоглох бүртээ тэр зохиолоос суралцсаар байдаг. Агуу бүтээл гэдэг үнэ цэнээ хэзээ ч алдахгүй, улам л хөглөдөг юм байна. Шанхайд суралцаж байхдаа тоглолтдоо “Аяз” бүтээлийг тоглоход багш нар маань их сайшааж байсан.

-Монгол, Шанхайн хөгжмийн урлагт ялгаа их байна уу?

-Асар их ялгаатай. Нэгдүгээрт, хүн амын нягтралаас үүдэлтэй өрсөлдөөн маш их байдаг. Чи шанаганыхаа хэмжээгээр хутгаад ав гэж байгаа юм шиг үзэх, суралцах зүйл маш их. Яг үнэндээ Монголд суралцаж байхад хоёрдугаар дамжаанд ороод л бараг “Одоо монгол зохиол юу тоглох билээ” гэж санаа зовж эхэлсэн. Зохиолын гачигдалтай учраас зохиолыг их хөрвүүлж тоглодог. Энэ утгаараа Хятад бол маш их урын сантай, хөгжимчид нь хөгжмийн сайн зохиолч байдаг. Тоглогчдод хөгжмийг бүрэн утгаар нь ойлгох, тоглоход эвтэйхэн зохиол арвин.

-Зохиол бичих бодол байдаг уу, танд?

-Шанхайд очоод боломж, туршлагаа бүрдүүлж хуучир хөгжимдөө зориулж олон зохиол бичих ёстой юм байна гэдэг бодол төрсөн. Урын сан баяжиж байж сайн хөгжимчин болно, сайн хөгжимчин болбол хөгжмийн зэмсэг сайжрах юм билээ. “Дурсамж” гээд нэг зохиол бичиж байсан. Илүү олон сайн зохиол бичихийн тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн хөгжмийн зохиолч гэдэг тусдаа мэргэжил учраас тодорхой хэмжээний цаг зав, хөдөлмөр, туршлага шаардлагатай. Хөгжмийн зохиол бичих бол томоохон мөрөөдлүүдийн минь нэг мөнөөсөө мөн.

-Хөгжимчин болоход төвлөрөл чухал байх…

-Тийм, нэг талаас бясалгалын шинжтэй, олон зүйлийг нэг цэг рүү төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ заавал мэргэжлийн хөгжимчин болохгүй ч, хөгжмөөр сургаж байна. Энэ нь хүүхдийг тууштай, нэг зүйлдээ төвлөрөх, эхлүүлснээ дуусгахад сургаж байгаа хэрэг.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Жижигхэн биетэй, ажлын найман цаг ажиллаж байж их юм мөрөөднө өө бас /инээв/. Төлөвлөж байгаа ажлууд олон байна, эхний ээлжинд тоглолтоо сайн хийх. Оноос өмнө Монголын хөгжмийн зохиолчдоор дагнасан цомог гаргахыг зорьж байгаа. Шинэ уран бүтээлээ дүрсжүүлэх гэх мэт олон ажил хүлээж байна.

Хүн сайхан хувцаслаад, сайхан орчинд ажиллаж амьдарч болж байна. Гэхдээ сэтгэлээ юугаар тэжээх юм бэ гэдэг чухал. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Хөгжим хүнийг баясгаад байгаа юм биш, ямар нэгэн зүйлийг ойлгоход нь тусалдаг” гэж хэлж байсан. Өөрийгөө олох, өөрөөсөө асуух асуулт, хүн байхыг хөгжмөөс суралцдаг байх гэж боддог. Тэр ч утгаараа мэргэжил минь үнэ цэнэтэй, миний хувьд. Бид бүгд маш яарч байна, гурван минутаас урт хөгжим сонсож чадахгүй байна. Одоо ийм байгаа ч сэтгэл рүүгээ өнгийх үе эхэлж байна. Тэр хөгжмийг амьдруулж чадвал хүнд хүрнэ л гэж итгэдэг. Ирээдүй маш гэрэлтэй санагддаг, хэзээ нэг өдөр 20-30 минутын концерт таашаалтайгаар тоглох байх.

-Монголд ямар хөгжимчдөөс үлгэр жишээ авдаг вэ?

-Хуучрыг Хятадын хөгжим ч гэх юмуу, янз бүрээр хэлдэг л дээ. Монгол гэж батлах гээд ч яах вэ. Бидний өөрсдийн онцлог байгаа, монгол аяыг сайхан тоглочихвол монгол л сонсогдоно. Хятад зохиолыг тогловол хятад л сонсогдоно. Монголын бүтээл, хөгжимчин хоёр чухал. Манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, урлагийн нэрт зүтгэлтэн С.Буяннэмэх гуай гээд домогт уран бүтээлчид хуучир хөгжмийг тоглодог байсан. Хуучир хүрээний хөгжим байсан, ардын дуу хуураа хуучир дээр тоглодог, ерөөл магтаал уншдаг байсан. Ахмадууд бол хөгжмөөрөө өгүүлж, ярьдаг байсан. Орчин үеийн үлгэр жишээч хуучирч гэхээр жаахан хэцүү болчихоод байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Цэгмид: Туслах дүрд татгалзахгүйгээр тоглох нь мэргэжлийн ур чадвар сайжрах суурь болсон DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин А.Цэгмидтэй ярилцлаа.


-“Нийслэл хүүхэн-2” төсөл олны хүртээл болж байна. Залуучуудтай хамтарч ажиллахад ямар мэдрэмж төрдөг вэ, танд?

-Мэдрэмжээс гадна ямар ч бэрхшээл гардаггүй. Учир нь надад залуусаас суралцах, өөрийн мэддэгээ хэлж өгөх эргэх холбоо үнэхээр гайхалтай санагддаг.

-Та 14 наснаасаа тайзны уран бүтээлд тоглож эхэлсэн шүү дээ. Тэгвэл анхны дэлгэцийн уран бүтээлийнхээ тухай дурсвал?

-Би 18 настайдаа дэлгэцийн уран бүтээл рүү орсон. Анх 1968 онд “Өндөр ээж” кинонд тоглож байлаа. Харин одоо үед хүүхдүүд зургаахан настай, балчир үедээ дэлгэцэнд дүрээ мөнхөлнө гэдэг гайхамшигтай. Тэр үеийн киноны хөгжил одоо үеийн киноны хөгжил хоёрын хооронд асар их ялгаатай болохоор арга ч үгүй биз дээ.

-Ихэвчлэн ээж, эмээгийн дүрд тоглож байгаа харагдах юм. Та өөрөө ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Залуу байхаасаа л гол дүрд тоглохсон гэж мөрөөддөг байлаа. Энэ бол залуу насны алдаа ч гэх юм уу хөнгөн мөрөөдөл л дөө. Гэтэл надад голдуу туслах дүр оногдож түүнийг голохгүй, татгалзахгүйгээр тоглож байсан нь өдийг хүртэлх миний уран бүтээлийн дасгалжилт, ахин дэвших суурь нь болсон гэж боддог. Авсан дүрүүдээ үзэгчдийн таашаал, шүүмжид хүрэхээр бүтээхийг л зорьж ажилладаг даа. Бүх уран бүтээлийнхээ явцыг дүгнэхэд би гол дүрд цөөн үзэгдсэн юм байна билээ. Тэгэхээр үлдсэн насандаа дандаа гол дүр ирээсэй гэж мөрөөдөхөд буруудахгүй байх. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ (инээв).

-Та өөрөө “Нийслэл хүүхэн”-ий Ажаатай хэр төстэй вэ. Хөдөөний амьдралтай ойр өссөн үү?

-Таван настайдаа хурга, ишиг хариулдаг байсан. 12 нас хүртлээ хөдөө мал дээр өссөн. Миний хүүхэд ахуй настай Ажаагийн дүр маш ойрхон. Бага байхад миний буурал ээж, сайхан залуу ээжийн амьдралын дадал, дурдатгалууд тархинд минь баримтат кино шиг үлдсэн болохоор би зүдрэхгүйгээр энэ дүрд наалдсан. Нийслэл хүүхэн киноны зохиолч Ч.Баттүшиг энэхүү дүрийг өөрийн эмээ ээжийн дурсгалд зориулж,бодож бичсэн шүү гэж хэлсэн. Надад үүнтэй яг агаар нэг л санагдсан. Миний хөгшин буурал ээж яг л энэ Ажаа шиг олон таван үггүй, нэг хэлэхдээ жинтэй хэлдэг тийм хүн байсансан.

-Та 60 гаруй жил урлагийн салбарт ажиллаж байна. Энэ өндөрлөгөөс ямар бодол, мэдрэмжийг тээдэг юм байна?

-Миний үеийн хүмүүс надтай адилхан бодол тээдэг байх. Монгол хүн болж төрснөөрөө ертөнцийн аль нэг өнцөгт явж байхдаа ч бахархдаг. “Монгол хүн үү” гээд асуухад уртын дуугаа нэг бадаг аялчихдаг, үндэсний бүжгээрээ ядаж биелгээ хийчихдэг байх хэрэгтэй. Манай орон шиг амгалан тайван, дайн дажингүй газар хаана ч үгүй. Залуус илүү оюунлаг, сайхан, байна. Миний 20 насандаа хийж чадаагүйг 18 настай хүүхэд хийж, 30 насандаа сэтгэж чадаагүйг компанийн захирал залуу хийж чадаж байна шүү дээ.

-Урлагийн хатуу цензурт шантрах үе байсан л байх. Та өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Би хүүхэд байхаасаа спортоор хичээллэсэн болоод ч тэр юм уу шантрал миний амьдралд байгаагүй. Бүдрээд унах том чулуу байхад тэрийг яаж давна даа гэдэг сэдэв надад гарч байгаагүй. “Үүнийг заавал давна” гэдэг үгээр өөрийгөө зоригжуулаад олон зүйлийн ард гарсан. Одоо бэрхшээл алга.

-Танд хааяа өнгөрсөн рүүгээ өнгийх, харамсах мэдрэмж төрдөг үү?

-Харамсах биш, жаахан эрт төрөх минь яав даа гэсэн бодол сүүлийн үед их төрөх болсон. Яагаад гэвэл “Ялагсад” гэдэг номонд дэлхийн шилдэг 20 эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр номонд С.Удвал дарга, Дондогдулам хатан зэрэг байдаг. Дэлхийд алдартай, зовлон жаргал бүгдийг туулж алдрын өндөрлөгт хүрсэн эмэгтэйчүүдийн түүхийг уншиж дууссаны дараа надад асар их эрч хүч бий болсон. 70 гарсан надад ээжийнхээ 87 насыг давж гараад хүний хөл хүрсэн оргил юм бол би яагаад хүрч болдоггүй юм гэх бодол ч төрсөн. Роман, ном зохиолыг уншихдаа дэлхийн шилдэг, илүү олон уншигчтай номыг сонгож унших дуртай. Олон хатны түүхтэй ном уншсан даа.

-Одоо уран бүтээлийн санал хэр ирж байна даа?

-Олон санал ирж байна. Энэ сард ажиллах нэг киноны зохиол ирчихсэн байна, нэрийг нь нууцалъя даа. “Гуравдугаар сарын бэлэг” кино маань Мартаар бүх телевизээр үнэ төлбөргүй гарлаа. “Шийдсэн хүүхэн” УСК энэ оны хамгийн анхны уран бүтээл байлаа. Монголд хүүхдийн кино, хүүхдийн театр, хүүхэдтэй холбоотой асуудлууд орхигдчихоод байна. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт удаашралтай байна. Өндөр барилгын ажлаас ч удаан байна.

-Уран бүтээлч хүн ямар ч дүрийг голох эрхгүй гэж та хэлсэн. Залуу уран бүтээлчдэд юуг захих вэ?

-Үгтэй ч бай, үггүй ч бай оногдсон дүрийг голж болохгүй. Өөрийнхөө хийж байгаа ажилд сэтгэл ханаж, бардамнах нь өрөөсгөл, тураалтай тархитай хүний л бодол. Ийм бодлыг залуучууд минь өөртөө битгий хүлээж аваарай. Өөртөө ханасан мөчөөс чиний чадвар, уран санаа, өөрийгөө хөгжүүлэх хөгжил зогсож эхэлнэ.

-Хүүгээ жүжигчин болгох тухай бодож байв уу?

-Үгүй, харин эсрэгээрээ аавынх нь мэргэжлийг эзэмшүүлсэн. Аав нь Монголын номер нэг дуу хоолой, тэр эр хүний урд дуугарах хүн байхгүй дээ. Манай хүү урлагийн маш нарийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг, гоё дуулдаг. Аравдугаар анги төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт гурван сар дагалдан жүжигчин хийсэн. Дуучин болох боломж байсан ч яагаад ч юм надад нэг юм чангаагаад аав шигээ дуу хоолойтой юм чинь аавынхаа мэргэжлийг эзэмшиг гэж бодсон доо. Одоо радиод ажилладаг. Би Улаанбаатар телевиз буюу одоогийн “UBS”-ийн хамгийн анхны нэвтрүүлэгч байсан. Анх нэвтрүүлэгч Д.Цовоотой хамт эфир хөтөлж дэлгэцэнд гарч байлаа.

-Нас нэмэхийн хэрээр нутаг, ижий аавыгаа их санадаг гэлцдэг шүү дээ?

-Сэтгэлээрээ нутагтайгаа би их ойрхон байдаг. Хүүхэд залуучуудын театрт байхдаа “Сүүлчийн үдэлт” гэдэг эрэгтэй хүүхдэд тоглосон жүжгээрээ нутагтаа 1984 онд очиж тайлан тоглолт хийсэн. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нутагтаа нэг ч очоогүй. Тэр үед нутгаасаа аваад гарсан чулууг хүний нутагт 15 жил болохдоо ганц ч удаа өөрөөсөө салгаж байгаагүй. Тэрийгээ 70 нас хүрэхдээ гаргасан номондоо “Бурхан чулуу” гэж нэрлэсэн. Миний шүлгэнд ая хийх талаар хөгжмийн зохиолчид хандсан.

-Анх удаа кинонд тоглоод хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?

-“Өндөр ээж” кинонд тоглоод 800 төгрөгийн цалин авч байлаа. Энэ мөнгийг гар дээрээ ч аваагүй. Кинондоо тоглочихоод, дуугаа хийчихээд, хүний гэргий болоод Москва руу явчихсан. Хоёр ээжид минь кино үйлдвэрийнхэн аваачиж өгсөн байдаг. Тэр хоёр хагартлаа баярласан гэж хуучилдаг байсан даа. Тухайн үед ээж минь үйлдвэрт ажиллаад 350 төгрөгийн цалин авдаг байсан үе.

-Төр засагтаа талархалтай явдаг уу?

-Уран бүтээл хийхэд арын албаны хүмүүс жүжигчдээс хүнд хөдөлмөр эрхэлдэг. Төр засагтаа арын албанд 30, 40 жил ажилласан гэрэлтүүлэгч, зургийн дарга нар өнөөдөр ямар ч шагналгүй явж байна гэж хэлмээр санагддаг. Саяхан соёлын яам байгуулагдлаа. Шог хошноор ярихад соёл урлагийнхан аавтай, ээжтэй болчихлоо л гэсэн үг. Тийм учраас энэ тал дээр анхаарах байх гэж бодож байна.

А.ГАНТУЯА

Б.ГАНТОГТОХ

М.МАЙНАРАН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Лхагва-Очир: 2021 онд байнгын болон түр 230 ажлын байр бий болгосон DNN.mn

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын засаг дарга П.Лхагва-Очиртой ярилцлаа.


-Булган аймгийн Хутаг-Өндөр сум улсын шилдэг сумаар шалгарлаа, та бүхэнд баяр хүргэе. Шилдэг сум болохын тулд танай сум ямар шалгуур үзүүлэлтийг хангасан бэ?

-Баярлалаа, Хутаг-Өндөрчүүддээ талархал илэрхийлье. Бид хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ улсын тэргүүний сум болж чадлаа. Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор “Улсын тэргүүний /загвар/ сум”-ын 19 шалгуур үзүүлэлтийг баталсан. Энэ цаг үеэс манай сум “Улсын тэргүүний сум” болох зорилтыг дэвшүүлэн Хангайн бүсэд зургаан удаа журмын хэрэгжилтийг тайлагнасан. Дээрх 19 үзүүлэлтэд сумын нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтийг тусгасан байдаг.

Хэрэгжилтийг хангахын тулд төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн салбарынхан бүгд оролцож, тулгамдаж буй асуудлуудаа цаг тухайд нь шийдвэрлэж, ажиллаж, амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилласан. -Танай сумын онцлог юу вэ, байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-1924 онд байгуулагдсан, 2024 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Манай сум хангай нутаг, байгалийн үзэсгэлэнт газартай, Эртний Уйгарын томоохон хот болох Бай-балык хотын туурь, Чингисийн унаганы зэлний гадас, Бичигт Биржин, Бичигт хад, Эгийн голын олон үеийн дурсгалт газрууд болон Эг, Сэлэнгэ, Хануй зэрэг томоохон гол, мөрөнтэй, үүнийгээ дагаад аялал жуулчлал хөгжсөн. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан. Улсын чанартай автозам дайран өнгөрдөг ба Орхон аймаг, Хөвсгөл аймгийн дунд 200 км зайд оршдог. Төмс, хүнсний ногоо ихээр тариалж, дээрх аймгуудын тодорхой хэрэгцээг хангадаг. Жилийн дөрвөн улиралд чөлөө зайгүй ажиллаж байдаг их ажилч, хөдөлмөрч зон олонтой.

-Шилдэг сум болоход удирдлага болон иргэдийн оролцоо чухал байсан байх. Иргэдээ хэрхэн дэмжиж ажиллав?

-Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд бид өнөөдөр тэргүүний сум болж байгаа. Төрөлх нутагтаа ая тухтай, ажилтай, орлоготой сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч 2014 онд “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдаж, нэгдсэн инженерийн шугам сүлжээтэй болж, айл өрх, албан байгууллагуудыг дулаан, цэвэр ус, бохирын системд холбох ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллалаа.

Иргэдээ ажлын байраар хангах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд тусгай сангуудаас зээл олгох, хувийн хэвшлийн үүсгэл санаачилгыг зөв бодлогоор дэмжиж ажилласнаар ажилгүйдлийн түвшин 5,0 хувьд хүрч буурсан.

-Сүүлийн жилүүдэд ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн бэ?

-Сүүлийн хоёр жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл, үерийн далан, түр буудаллах цэг, орон сууцны барилгын дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд шинээр 0.4кв цахилгаан дамжуулах агаарын шугам татах, төвлөрсөн дулаан хангамжийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлд 1.4 мкв хүчин чадалтай халаалтын зуух шинээр суурилуулах, улмаар айл өрхийг дулаанаар хангах, боловсролын салбарт хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор “Цахим анги” төсөл хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдээд явж байна.

Сумын ахуйн үйлчилгээний барилгыг засварлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургуулийн дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууц барих зэрэг ажлууд шат дараатай хийгдэнэ.

-Эрүүл мэндийн салбартаа хэрхэн анхаарсан бэ?

-Сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбар их хүнд үеийг даван тууллаа. Эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд түргэн тусламжийн машин, гематологийн анализатор, шээсний анализатор, соруулгын аппарат, элетрофорет аппарат, цахилгаан зүүний аппарат, дефибилятор, хүчилтөрөгчийн цэвэр баллон, автомашинд цэнэглэдэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос зэрэг 309.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг улсын болон орон нутгийн төсвөөр шийдвэрлэсэн. Ковидын үед сумын баяр наадмыг тэмдэглэлгүй, төсөвлөсөн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвдөө цусны шинжилгээний иж бүрэн аппарат авч өгсөн.

-Сум төлөвлөлтдөө хэрхэн анхаарч байна вэ?

-Сум 2014 онд “Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” 2014-2035 хүртэл төлөвлөлт гарган түүнийхээ хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Мөн “Бэлчээр менежмэнтийн төлөвлөгөө” 2021-2024 он, “Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” 2020-2027 он зэрэг бодлогын баримт бичгүүдийг сумын эрхэм зорилго, зорилттой уялдуулан мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэн хэрэгжүүлж байна.

-Танай сум хэдэн хүн амтай вэ. Хүн амын дийлэнх хувийг хэдэн насныхан эзэлж байна вэ?

-Манай сум Хутаг, Хантай, Уньт, Тээл, Хонгор гэсэн засаг захиргааны таван багтай. 2021 оны жилийн эцсийн байдлаар 1607 өрхийн 5193 хүн ам оршин сууж байна. Үүнээс 52.5 хувь нь залуу болон дунд насныхан, 36.1 хувь нь хүүхэд, 11.3 хувь нь ахмадууд эзэлж байна.

-Боловсролын салбаруудад ямар ажлуудыг хийв?

-Багш, ажилчид, сурагчдын ая тухтай ажиллах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр Тээл багт Зуны цэцэрлэгийн байр, Уньт багийн цэцэрлэгийн байрны засвар, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга, хоёр багийн цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, Багшийн хөгжлийн төвийн тохижилт, найман төрлийн хичээлийн кабинетын тохижилт, үйлчилгээний автобус, гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, цахим ангийн хэрэглэгдэхүүн, Хантай багийн бага сургуулийн хичээлийн байрны засвар зэрэг боловсролын салбарт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цаашид нэн шаардлагатай байгаа 150 хүүхдийн дотуур байр барих санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулан ажилласан.

-Хүн амын тоо, ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг яаж дэмжив?

-Суманд нийт 137 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 536 иргэн 23 төрлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Тэдгээрт төрийн бодлого шийдвэрийг таниулах, тусгай сангуудын зээлд хамруулах, төрөөс үзүүлэх үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллаж байна. 2021 онд байнгын болон түр 230 ажлын байр бий болгосон.

-Малын тоо толгой хэдээр өсч, хөдөө аж ахуйн салбартаа хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Манай сумын эдийн засгийн гол үндэс мал аж ахуй, газар тариалангийн салбар. Одоогоор 1003 малчин болон мал бүхий өрхийн 293 мянган толгой малтай. Сүүлийн гурван жилээр аваад үзэхэд малын тоо толгой буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь малчид тоонд бус чанарт анхаарч мал, малын мах, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах хандлага нэмэгдсэнтэй холбоотой. Газар тариалангийн хувьд улсын хэмжээнд барьж байгаа бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр дэмжиж ажиллахад чухалчилж байна. Малчин тариаланч хоёрын хоорондох үл ойлголцлыг бууруулах, малчдаа тэжээл ургамал тариалах боломж олгох, малчдын хоршоог дэмжих бодлого барин ажиллаж байна.

-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-“Нэгдмэл Хутаг-Өндөр” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 317 ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулан ажиллахаас гадна сумын 100 жилийн ой 2024 онд тохиох тул олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Инженерийн шугам сүлжээнд айл өрхийг холбох, төвлөрсөн дулаанаар хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн орон сууц барих, гэр хорооллын нүхэн жорлонг өөрчлөх, “Сайн хашаа”, “Гудамж” төслүүдийг хэрэгжүүлэх, сумын хог хаягдлын менежмэнтийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Бусад сумдад ямар туршлага хуваалцах вэ?

-“Улсын тэргүүний сум”-ын шалгуур үзүүлэлтийг ханган ажиллахын заалт бүрийг эзэнжүүлж, хэрэгжилтийг сайтар тооцох, 19 шалгуур үзүүлэлт нь маш өргөн хүрээтэй тул төрийн бүх байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлалтай ажиллах шаардлага юм билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ, Засаг даргын тамгын газрын ажлын уялдаа холбоо, төр – төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн дэмжлэг хамгийн чухал гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сандагдорж: Математикт дурлах галыг сайн багш л асааж өгдөг DNN.mn


Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Б.Сандагдоржтой ярилцлаа.


-Монгол Улсын атематикийн 58 дугаар олимпиад болж байна. Олимпиадад хэдэн багш, сурагч оролцож байна вэ?

-Олимпиадад нийт 229 оролцогч оролцож байна. Дунд, ахлах анги, багш нар гэсэн гурван ангилалд зохиогддог. Дунд анги буюу ес, аравдугаар ангийн 88 сурагч, ахлах анги буюу 11, 12 дугаар ангийн 81 сурагч, багш нарын ангилалд 60 багш оролцож байгаа. Олимпиад тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ сарын 6-нд олимпиад нээлтээ хийж, 7-8 нд олимпиаддаа оролцоод, өчигдөр бодолтоо хамгаалж, өнөөдөр дүнгийн хурал болох гэж байна.

-Энэ жилийн математикийн олимпиад өнгөрсөн жилүүдээс ямар онцлогтой вэ?

-1965 онд анхны Монгол Улсын математикийн олимпиад албан ёсоор зохиогдож эхэлсэн. Тэр олимпиадад аравдугаар ангийн сурагч Ц.Баясгалан түрүүлж байв. Энэ жилийн олимпиад Улсын олимпиадын анхны аварга, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баясгалан агсны нэрэмжит болж зохиогдож байна. Ц.Баясгалан нь 1965 онд буюу 57 жилийн өмнө Улсын математикийн олимпиадад аваргалж, Олон улсын математикийн олимпиадад оролцоод, Москвагийн их сургуульд математикчийн мэргэжил эзэмшсэн. Дараа нь Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад Монгол Улсын их сургуульд багшилж байгаад өөд болсон. Ц.Баясгалан багшийн шавь нар олимпиадыг ивээн тэтгэж, багшийнхаа нэрэмжитээр зохион байгуулж байна. Олимпиадыг 1965-1990 онуудад БНМАУ-ын АБЯ, МХЗЭ-ийн Төв Хороо, МПБ-ын Төв зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор баталсан Улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хороо (УМОЗБХ), 1990 оноос хойш БСШУЯ-наас баталсан Монголын математикийн олимпиадын хороо (ММОХ) удирдан зохион явуулж ирсэн.

-Олимпиадын зохион байгуулагчдын тухайд…

Улсын Математикийн Олимпиадын зохион байгуулах хорооны даргаар манай нэртэй эрдэмтэд ажиллаж ирлээ. 1965-1982 онд Ү.Санжмятав, 1983 онд Д.Шагдар, 1984-1989 онд А.Мекей, ММОХ-ы даргаар 1990-2014 онд Ц.Дашдорж, 2015-2019 онд Г.Баярмагнай, 2019 оны тавдугаар сараас Б.Батбаясгалан нар ажиллаж байна.

-Улсын олимпиадад ямар шалгуураар оролцдог юм бэ?

-Олимпиадыг зохион байгуулахдаа I даваанд анги, сургуулийн аваргыг шалгаруулдаг. Үүнд Монголын нийт ЕБС-ийн бүх сурагчид хамрагддаг. II даваанд аймаг (хот)-ын аваргыг шалгаруулж, эцсийн буюу III даваанд улсын аварга тоочдыг 8-12 дугаар ангийн сурагчид болон бага, дунд ангийн багш нарын дунд тодруулдаг байсан. Аймаг, дүүрэг, хотын аварга шалгаруулах олимпиадад хамгийн өндөр оноо авсан багш, сурагчид оролцдог. 21 аймаг тус бүрээс хоёр хүүхэд оролцдог.

-Оролцогч багш нар хэдээс хэдэн насныхан байна вэ?

-Энэ жилийн олимпиадад оролцогч багш нараас хамгийн залуу нь 22 настай, хамгийн ахмад нь 64 настай багш байна. Орон даяар математикийн багш дутагдалтай байгаа учраас тэтгэвэрт гарсан багш нараа ажиллуулж байгаа. 22 настай багш Ч.Уртнасан, Улаанбаатар хотын сургуулийн багш. Их сургуулиа төгсөөд нэг жил ажиллаж байгаа багш улсын олимпиадад оролцоно гэдэг сайн амжилт. 64 настай багш Д.Батзул Говьсүмбэр аймгаас шалгарч ирсэн.

-Математикаас хүн юу сурдаг юм бэ?

-Цэгцтэй сэтгэж, гоо сайхныг мэдэрнэ. Математикийн гоо сайхныг нэгэнт мэдэрчихсэн хүн гарч чадахгүй, яг урлаг шиг.

-Математикийн гоо сайхан нь юу юм?

-Жишээлбэл, олон улсын олимпиадад өмнө нь хаана ч байгаагүй бодлогыг гурван цаг 30 минутад бодно. Тэр хооронд асар хурдан зөв сэтгэж байж зөв бодно. Сэтгээд бодож дуусчихаад би ямар сайхан, гоё юм хийчих вэ гэж бодож байгаа нь математикийн гоо сайхан.

-Бүх хүн математикийг ойлгох, суралцах боломжтой юу?

-Боломжтой, хүн бүр уншиж, бичиж сурдагтай ижил бүх хүн математикт дурлах боломжтой. Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь. Математикт дурлах галыг сайн багш л асааж өгдөг.

-Хүүхдийг яаж математикт дуртай болгох вэ?

-Багаасаа математикийн гоо сайхныг ойлгосон хүүхэд математикаас салж чадахгүй. Тэр гоо сайхныг мэдрүүлэх үүрэг багшид оногддог. Эцэг эх, найз нөхөд ойр дотны нөлөөлөл байдаг л даа. Гэхдээ хамгийн чухал нөлөөг багш үзүүлж, хүүхэд хөдөлмөрлөдөг. Сайн багшийн шавь нар үе дамжин олимпиадад оролцох явдал их байдаг.

-Та багш бэлтгэдэг хүн. Багш болохоор элсэж буй оюутнуудын чадал чансаа, зүтгэл ямар түвшинд байна?

-Нэг жилд 100 гаруй математикийн багш бэлтгэж төгсгөж байгаа. Тэдний 80-90 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Чанар чансааны хувьд харилцан адилгүй түвшний хүүхдүүд элсэж орж ирдэг. Зарим нь хичээлдээ дурлаад, сайжраад хувийн сургуулиуд орон сууц, өндөр цалин амлаж урилгаар ажилд ордог. Зарим нь орон нутгийнхаа гэрээгээр суралцаад, нутагтаа очиж ажилладаг. Төгсөгчдийн ихэнх нь Нийслэлд мэргэжлээрээ ажиллаж, тун цөөн хувь нь өөр ажил эрхлэх, гадаадад үргэлжлүүлэн сурах, гэр бүл зохиох зэргээр эхний нэг, хоёр жилдээ завсардаж байна.

-Та хэдэн жил багшилж байгаа вэ?

-Би 1994 оноос хойш 28 жил багшилж байна. Улсын математикийн 25 дугаар олимпиадад Архангай аймгаасаа шалгарч оролцоод, Монгол Улсын Боловсролын их сургуульдаа математикийн багшаар суралцаад тэнхимдээ багшаар үлдсэн.

-Таныг 28 жилийн өмнө багшилж эхэлж байх үеэс одоогийн багш болох гэж буй шавь нар ялгаатай байна уу?

-Тэр үед төрөөс бодлогоор багш бэлтгэдэг байсан. Багш бэлтгэгдээд гарч ирэхэд багш дутагдалтай газар руу хуваарилдаг байлаа. Намайг багш болж байх үед математикийн ангид эрэгтэй оюутан олон байсан. Нэг хэсэг эрэгтэй оюутны тоо цөөрч, одоо буцаад нэмэгдэж байна. МУБИС-ийн хувьд эрэгтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Ер нь улс даяараа математикийн багш дутагдалтай байгаа.

-Багшийн орон тоог нэмэгдүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Монголын хүн ам, сургуулийн тоо өсч байна. Үүнийгээ дагаад багшийн орон тоо нэмэгдэж байгаа. Нийгмийн асуудлыг нь шийдээд өгвөл багш болох сонирхолтой хүүхэд олон байна.

-Олон улсын математикийн олимпиадад манайхан ямар түвшинд оролцдог вэ?

-Монгол Улс 1964 оноос хойш Олон улсын математикийн олимпиадад оролцож байна. Олон улсын математикийн олимпиад 62 удаа зохион байгуулагдахад 50 удаа оролцож байсан. Энэ хугацаанд зургаан алт, 28 мөнгө, 71 хүрэл медаль хүртсэн. Гадны топ их сургуулиуд Олон улсын математикийн олимпиадад оролцсон хүүхдүүдтэй уулзаж ярилцлага хийгээд, сургуульдаа урьдаг. Энэ бол том боломж.

-Олон улсын математикийн олимпиадад өнгөрсөн жил хэрхэн оролцсон бэ?

-2021 онд хамгийн сайн оролцсон. Манай улсын зургаан сурагч оролцсоноос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Олон улсын математикийн олимпиадад дэлхийн 100 гаруй улсаас арваннэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Лхамсүрэн: Гэр хорооллын хүүхдүүдэд төлбөргүй бөхийн клуб байгуулсан нь нийгэмд зөв хүн бэлдэх л зорилготой юм DNN.mn

Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер, “Хүч”, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч асан, Канад улсын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөх, “MJ-бөхийн клуб”-ийн үүсгэн байгуулагч Н.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Таны эх орондоо ирж буцсаар байгаа сураг гарах ч уулзаж чадахгүй удлаа. Хэзээ ирэв, өөр оронд ажиллаж амьдардаг тань шиг хүн Монголынхоо спортын салбарын болох, болохгүйг илүү тод мэдэрч байдаг байх даа?

-Сая Монголд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнийг үзлээ. Мөн хэдэн жилийн өмнө өөрийн санаачилгаар байгуулсан “MJ-бөхийн клуб”-т хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүдтэйгээ уулзах, клубийнхээ ажилтай танилцах, цаашид юу хийх, ямар ажил төлөвлөх гээд миний хувьд эх орондоо их ажилтай байдаг хүн шүү дээ. Хэрдээ л ажлаа амжуулж байна, удахгүй буцна. Миний хувьд чөлөөт бөхийн спортод амьдралынхаа 40 жилийг зориулсан хүн.

Тийм болохоор Монголын бөхийн спортын хөгжлийг үргэлж харж, анхаарч байдаг. Үндэсний бөх, чөлөөт, жүдо… гээд бөхийн төрлүүдийн маань хөгжил ямар түвшинд байна, ирээдүйд яах ёстой вэ, юу нь болохгүй байна гээд байнга л санаа тавьж, ер нь салж чадахгүй дээ. Жишээ нь, манай жүдо бөхийн хөгжлийн түвшин Олон улсад сайн байна.

-Үүний нууц юунд байна вэ?

-Монголын жүдочид сайн байгаагийн нууц ерөөсөө л эв нэгдэл, удирдлагын зөв зохион байгуулалт, зорилгоо томоор харж, төлөвлөж чадаж байгаагийнх. Манай спортынхон зорилгоо ахархан харж, эндээ л болж байвал боллоо гэж бодох биш нэг толгойтой, нэг зүг рүү харж, том зорилгодоо төвлөрөх хэрэгтэй. Бидний хамгийн гол зорилго дэлхийн тавцанд сайн барилдаж Монгол гэдэг нэрийг гаргах. Түүний тулд нэг зорилго, нэг толгойтой байх ёстой. Одоо спортын холбоод дотроо нэгдэх гээд үзээд л байна. Бид хоорондоо учраа аль болох хурдан олж, ойлголцож, нэгдэх хэрэгтэй.

Бидний хэн ч байсан дэлхийн дэвжээн дээр Монголын л тамирчин гэж нэрээ дуудуулна. Үүний л төлөө эх орондоо хөлсөө урсгаж байгаа. Шулуухан хэлэхэд, Монголын жүдо бөхийн холбоо эв нэгдэлтэй, нэг дээвэр дор, бусад спорт холбооддоо үлгэр, загвар болохоор ажиллаж байна. Үүнээс бусад нь үлгэрлээд явахад болно. Зөвхөн чөлөөт бөхөөрөө жишээ авахад, Монголд чөлөөт бөхийн дэндүү гоё суурь, материаллаг бааз бий. Нийлээд, нэгдээд ажиллахад Монгол Улс чөлөөт бөхөөр дэлхийд дийлнэ л гэж боддог.

-Таныг хотын захын дүүрэг, гэр хороололд бөхийн клуб байгуулаад амжилттай ажиллуулж байгааг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Гэр хорооллын хүүхдүүдээс олимп, дэлхийн аваргууд төрүүлнэ гэсэн том амбиц танд байх шиг харагддаг. Тэндээс спортод авьяастай, байгалийн өгөгдөлтэй хүүхдүүд гарна гэж тооцож Сонгинохайрхан дүүрэгт бөхийн клуб, спортын төв байгуулсан уу?

-Хотын захын дүүргүүдээс дэлхийн спортын томчууд төрж болно шүү дээ. Тэнд л тэсвэр тэвчээрүүд өсч торниж байгаа. Бяцхан түүх ярихад, 2000 онд чөлөөт бөхийн дасгалжуулагч байхдаа Монгол, Япон улсын хамтарсан бөх хөгжүүлэх “MJ нийгэмлэг” гэж ТББ байгуулсан юм. Би өөрөө чөлөөт бөхийн хүн, харин япон найзууд маань жүдо бөхийн хүмүүс. Тэр үеэс тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хоёр улсын хооронд “MJ CUP” гэдэг тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Тэр тэмцээнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Д.Сумъяа… гээд нэрлэвэл олон сайчууд гарч ирсэн. Ганц жүдо ч биш чөлөөт бөхөөр хичээллэдэг, ирээдүйд том амжилт үзүүлэх боломжтой олон хүүхдүүд захын гэр хороололд амьдардаг, тэндээ сургуульд явдаг байсныг олж нээн, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгийн дэмжлэгийг ТББ-ынхаа зүгээс үзүүлдэг байлаа. Захын хороололд байдаг, бөхөөр амжилт үзүүлэх магадлалтай хүүхдүүдэд энэхүү “MJ нийгэмлэг”-ээс дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн. Энэ ажлын маань үргэлжлэл явсаар хэдэн жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт бөхийн клуб байгуулан, өөрийн зүгээс хөрөнгө санхүүг нь шийдэж барилга байгууламж, заал танхимыг стандартын дагуу барьсан юм. Гэр хорооллын хүүхдүүдийн спортын амжилтад хөрөнгө оруулж буй миний өчүүхэн үйл хэрэг юм даа.

-Өчүүхэн үйл хэрэг биш л дээ. Гэр хорооллын хүүхдүүдийн хөгжилд тань шиг хувиасаа мөнгө гаргаад, спортын цогцолбор байгуулаад явдаг хүн байхгүйг тодорхой хүрээнд ярьдаг юм билээ. Таны клубийн хүүхдүүдээс Олон улсад тамирчид дуулдаад эхэлсэн шүү. Ингэхэд “MJ CUP” тэмцээнээ Монголд зохион байгуулдаг биз дээ?

-(инээв). Зохион байгуулалгүй яахав. 18 дахь удаагаа зохион байгуулсан. Японоос зардлын тодорхой хувийг гаргана. Би өөрөө жүдогийн тамирчин биш ч гэсэн жүдогийн тэмцээнийг ерөнхийд нь зохион байгуулна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан Д.Дашжамц багш маань 15 жил энэ тэмцээнийг зохион байгуулсан юм. Багш маань бурхан болсон учир 2019 онд тэмцээнээ Д.Дашжамц багшийнхаа нэрэмжит болгож явуулсан. Түүнээс хойш цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр завсардаж байна.

-Ингэхэд хэзээнээс эхэлж Улаанбаатар хотын захын дүүрэгт бөхийн клуб байгуулах, заал танхим барих санаа төрж, хөөцөлдөж эхэлсэн бэ?

-“MJ нийгэмлэг”-ийн төсөл маань амжилттай хэрэгжсэн учраас япончуудтайгаа гэр хороололд бөхийн клуб байгуулах, заал танхим барих асуудлаа ярьж шийдсэн. Мэдээж спортын заал танхим барихад хотод газрын асуудал их хүндрэлтэй байлаа. 2016 онд одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга байхад нь уулзаж асуудлаа танилцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга агсан Ц.Ганхүү найз маань намайг дагуулаад Х.Нямбаатар дарга руу орж байсан юм. Дүүрэгт нь спорт заал барих газар авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Саналыг Х.Нямбаатар, тухайн үеийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъябазар /Улаанбаатар хотын захирагч/ нар дэмжсэн нь сайхан. Ингээд “MJ-бөхийн клуб”-ийн барилгын ажил 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж, аравдугаар сард ашиглалтад орсон. Барилгын зураг, гүйцэтгэл, бусад мэргэжлийн ажлын тухайд энэхүү спортын заал нь надад жижиг ажил л даа. Учир нь би чинь барилгад их ойр хүн. Миний хувьд Канадад шигшээ багийн дасгалжуулагчийнхаа ажлын хажуугаар барилгын бизнест хөл тавьсан юм. Тухайлбал, манай барилгын компани тухайн үедээ хойд Америктаа хоёрт орох том төсөл болох Канадад 66 давхар барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтад оруулж байлаа. Энэ нь тухайн үедээ Монголд бас хөөрхөн шуугиан болоод л авсан. Монгол захиралтай, монгол ажилчидтай компани Канадад 66 давхар барилга барьжээ гээд (инээв). Ийм том хэмжээний барилга барьсан надад тэр жижиг спортын заал танхимын зураг төсөл, хийж гүйцэтгэх ажил гайгүй л дээ. Дор нь л барьсан.

-Монголд лав баригдаагүй барилга барьсан юм байна. Барилгын мэргэжилтэн юм биш үү, та чинь…

-Үгүй ээ (инээв). Канадад барилгын компанитай л хүн, манай ажилчдын тал нь монголчууд. Хоёр жил долоон сарын хугацаанд 66 давхар барилга барьсан нь бол үнэн. Тухайн үед Асашёрюү Дагвадорж залгаад “Ах аа, миний нэрийн өмнөөс монгол ажилчиддаа баяр хүргээрэй” гэж билээ. За энэ сэдвийг орхиё, одоо хадуурах нь. Хоёулаа хүүхдүүд рүүгээ орьё.

-Яагаад Сонгинохайрхан дүүргийг сонгож клубээ байгуулсан юм бэ?

-Энэ дүүрэг хамгийн олон ерөнхий боловсролын сургуультай, баруун, зүүн аймгаас шилжиж ирсэн өрхүүд ихэнх нь тус дүүрэгт амьдардаг юм билээ. Хотын төвийн амьдрал, Сонгинохайрхан дүүргийн амьдрал хоёр тэс өөр байсан. Сайхан заал бариад өгвөл тэнд бөхийн үүр уурхай байгааг харсан юм.

-Клуб Сонгинохайрхан дүүргийн яг хаана байрлалтай вэ?

-Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны яг ар талд байрладаг. Спорт хороонд ирсэн хүүхдүүд заал руу ороход ойрхон.

-Зөвхөн чөлөөт бөхөд зориулсан заал танхим уу?

-Чөлөөт, жүдо бөхийн заал, хоёр дэвжээтэй. Саун, дэвжээ, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, усанд орох өрөө, дасгалжуулагчийн өрөө… гээд цогцолбор шүү. Саяхан нэмж номын сантай болсон. Бүх зүйл стандартын дагуу хийгдсэн. Хүүхдүүд чөлөөт цагаараа ном унших, номоо багшдаа тэмдэглүүлээд гурав хоног гэр рүүгээ авч яваад унших ч боломжтой.

-Өнөөдөр хэдэн хүүхэд танай клубт хамрагдаж, бөхийн төрлүүдээр хичээллэж байна?

-Жүдо, чөлөөт бөх нийлээд 250 гаруй хүүхэд хичээллэж байна. Энэ хоёр төрлийн Өсвөрийн улсын аваргаас медаль аваад эхэлчихсэн. Амжилттай сайхан ажиллаж байгаа. Чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Баатар, жүдо бөхийн дасгалжуулагч нь ОУХМ Р.Лувсанпүрэв ажиллаж байна.

-Хүүхдүүд төлбөртэй хичээллэдэг үү?

-Бидний нэг онцлог бол хүүхдүүдээс ямар ч төлбөр авдаггүй. Харин хүүхдүүдээр ажил хийлгэж, зөв хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөрүүдтэй. Сар бүр цонхоо угаана, ариун цэврийн өрөөг зөв ашиглах, заалаа өөрийн гэр шиг хайрлах, гаднаас хүн орж ирэхэд мэндлэх, зааланд хэн ч гуталтай орохгүй гэх мэт ахуйн соёлд сургаж, хүмүүжүүлэхээс эхлээд спортоор хүүхдүүдийг хүмүүжүүлэх, ёс суртахуунтай, хүнлэг бие хүн болгох нь клубийн том зорилго юм. Энэ олон хүүхдүүд манай клубт хичээллээд бүгд спортын алдартнууд болохгүй нь тодорхой. Гэхдээ бүгд спортын зөв хүмүүжлийг олж, авах, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн иргэн болоход нөлөөлж бол чадна. MJ бөхийн клубт хичээллэснээр насан туршийн олон сайн найз нөхдөө эндээс олно шүү дээ, манай хүүхдүүд.

-Хүүхдүүд үнэ төлбөргүй бөхийн клубт хичээллэдэг юм байна. Урсгал зардал, дасгалжуулагчдын цалинг хэрхэн зохицуулдаг вэ?

-Ус, дулаанаас эхлээд бэлтгэлийн кимоно, өмсгөл гээд ихэнх зардал миний зүгээс гарна л даа. Гэхдээ яах вэ, хамгийн гол нь бөхийн спортоор дамжуулаад зөв хүмүүжилтэй залуу үеийг эх орондоо бэлдээд өгчихвөл миний монгол хүн болж төрснийх, бөхийн спортод ухамсарт амьдралаа зориулсны хэрэг бүтлээ гэсэн үг. Мэдээж Сонгинохайрхан дүүрэгтэй гэрээ байгуулсан, тодорхой хэмжээнд дэмжлэг байгаа.

-Гадаадад бизнес эрхэлж амжилттай яваа тань шиг хүмүүс эх орондоо, мөн өөрийн ухамсарт амьдралаа зориулсан салбартаа ингээд хөрөнгө оруулдаг том жишиг Монголд бий болоосой гэж хүсч байна?

-Тийм хүмүүс цөөнгүй бий байх аа. Энэ клубийг байгуулахын учир нь нэгдүгээрт, олимп, дэлхийн аварга тамирчин төрүүлэх. Хоёрдугаарт, зөв хүнийг нийгэмд бэлтгэх гэж үргэлж санаж зорьж яваагаа сая хэллээ. Хүн бүрд боломж байдаг, тэр боломжийг бусдад нээж өгөх нь том буян. Зөвхөн спортын амжилт бус энэ клубт хичээллэж буй хүүхдүүд, хамт олноос ирээдүйн том улстөрч, эдийн засагч, шинжлэх ухааны эрдэмтэд төрнө. Хүүхдүүд сургуулиас гадуур өөр хамт олонтой, нийгэмд эзлэх байр суурьтай болно. Нэг хамт олонтой хүн, арван хамт олонтой хүн хоёрын ярих, сэтгэх, хандлага, нийгэмд эзлэх байр суурь маш их ялгаатай. Бид хүүхдүүдийн нуугдмал боломжийг нээж өгч байна. Гуравдугаарт, спортоор хичээллэсэн хүүхэд юунд ч няцдаггүй, сэтгэл зүй сайтай хүн болж төлөвшдөг. Наад зах нь өглөө эрт босдог, эхлүүлснээ дуусгадаг, буруу зуршилгүй, хүнийг хүндэтгэдэг болж хүмүүждэг. Манай бөхийн клуб зөв хүн бэлтгэж нийгэмд хөл тавиулах хамгийн том зорилготой юм шүү. “MJ-бөхийн клуб”-ын 250 хүүхэд 250-уулаа спортын мастер болохгүй, гэхдээ нийгмийн салбар бүрийн томчууд болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол миний өөрийнхөө зүгээс нийгэм рүү оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт.

-Ингэхэд та спортын гараагаа хаанаас эхэлсэн юм бэ?

-Нийслэлийн 31 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа насанд хүрэгчдийн Олон улсын тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн үеийн Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд, генерал А.Жамсранжав гуай өрөөндөө дуудаад жуух бичиг гардуулж байлаа. Би Ц.Нацагдорж багшийгаа дагаад ингэдэг л юм байлгүй гэж бодоод явж байсан (инээв). Баргийн хүний ордоггүй өрөөнд орж явснаа сүүлд нь л мэдсэн.

-Та ер нь хэзээ Канад явсан юм бэ, тэмцээнд дасгалжуулагчаар явж байхад тань Канадаас ажиллах санал ирсэн юм уу?

-1999 онд тэмцээнээр явж байхад л Канадын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах санал ирж байсан. 2000 онд ажиллах санал дахин ирсэн. Ний нуугүй хэлэхэд, хоёр охиныхоо ирээдүйг бодож л зөвшөөрсөн. Ингээд гэр бүлээрээ Канад улс руу явсан. Канадад очиж дасгалжуулагчаараа ажиллаад, хоёр охиндоо ч сайн боловсрол эзэмшүүлсэн. Манай бага охин Канадад их сургуулиа төгсөөд Монголдоо ирж бизнес эрхэлж, аавынхаа “MJ-бөхийн клуб”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Том охин маань Канадад аавынхаа барилгын компанийн бизнесийг явуулж байна. Бизнес хийнэ гэдэг хэцүү, хүний газар, хүний хуулийн дагуу ажиллана. Гэхдээ болж байгаа. Энд нэг зүйлийг би хэлмээр байна. Хоёр охин маань Канадад сурч боловсорч, гадаад тивд хүүхэд насныхаа багагүй хугацааг өнгөрөөж байгаа ч үргэлж Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй байдагт нь эцэг хүний хувьд бахархаж явдаг. Бага охинд маань гадагшаа илүү сайн ажиллаж амьдрах боломж дүүрэн байгаа ч Монгол эх орон руугаа л тэмүүлсэн. Энд тэндхээс илүү бэрхшээл байгааг нуугаад яах вэ, бүгд л гадарлаж байгаа хойно. Гэвч охин маань эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд нь нэмэр болох гээд үзэж тарж явна. Монголын ирээдүй хойч ийм эх оронч сэтгэлтэй байгаа нь сайхан юм.

-Та Канадын шигшээ багийн дасгалжуулагчаараа л ажиллаж байна уу?

-Одоо бол Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөхөөр ажиллаж байна.

-Тэр том гүрний шигшээ багийн дасгалжуулагч, зөвлөх байна гэдэг нийгэмд эзлэх томоохон байр суурь, нэр хүнд биз…

-Тийм шүү, их сайхан. Канад, АНУ гээд хаана ч явсан хүндэтгэлтэй сайхан байдаг, Канадад 18 жил амьдарч байна. Хэрэв би муу ажилласан бол үнэлэмж арай өөр байх байсан. Хаана ч зүгээр л цалин авахын төлөө ажиллана гэдэг утгагүй хэрэг. Ажиллаж байгаа бол ажилласан шиг л ажиллах хэрэгтэй, үгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавих ёстой, ийм л зарчмаар ажилладаг. 2008 онд миний ажилласан клубээс олимпийн аварга төрсөн, түүнийг Хуан Кэролл гэдэг. Бид хоёр клубтээ хоёулхнаа ази хүмүүс, их дотно. Шавь нараас маань 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Манай багаас дэлхийн аварга олон төрсөн, сүүлийн дэлхийн аварга Жастина Ренауг 2018 онд Монголдоо авч ирсэн. Тэр үед Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин ах, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийг хөтлөөд 14 хоног биднийг салалгүй дагаж, хамт бэлтгэл хийлгэж байлаа. Наадмын урьд өдөр гэхэд л спортын ордон дээр өнөө агуу Ойдов, Дүвчин хоёр чинь шавь нараа дагуулчихсан, бидний бэлтгэл дээр хамт сууж байсан. З.Дүвчин ах “Дэлхийн аварга хүн ирээд бэлтгэл хийж байна гэдэг бол алтан боломж” гэж байсан. С.Батцэцэг дараа жил нь дэлхийн аварга болсон. Багш, дасгалжуулагч хүн гэдэг шавийг ингэж “юм” болгодог, анхаарал тавьдаг, сайн тамирчинтай хамт бэлтгэл хийлгэхийг зорьдог юм билээ. Дэлхийн аваргатай хамтарсан бэлтгэл хийлгэхийг алтан боломж гэдгийг Дүвчин ах манай багш нарт хэлээд л өгсөн дөө.

-Монголын чөлөөт бөхийн хөгжил өнөөдөр шалан дээр очлоо гээд сүүлийн нэг хоёр жилээс шуугиад эхэллээ. Танд ямар харагдаж байна?

-Бидэнд маш их боломж байгаа. Дөрөв, таван настай монгол хүүхэд багшийн зааваргүйгээр өөрийн төрөлх мэдрэмжээр тонгорох мэхийг зөв хийдэг. Ийм байгалийн өгөгдөлтэй хүүхэд Монголд л байдаг байх. Жаахан л зааж чиглүүлээд өгөхөд их том амжилт тэднийг хүлээж байна. Хамгийн гол нь бүгд эв нэгдэлтэй, нэг зүгт харж, том зорилго дээрээ нэгдчихвэл тэгээд дэлхийн хэмжээний амжилтууд дэргэд байна.

-Монголын энэ олон дэвжээ, багш нарын хувийн амбиц арай хэтрээд, тэдгээр нь Монголын тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөөд байх шиг харагдах юм?

-Дэлхийд бол тамирчин Монгол гэдэг нэрийг л авч явна, эцсийн зорилго энэ л юм шүү дээ. Бидэнд сургалт муу, эсвэл өөр ямар нэг зүйл дутагдаагүй, эв нэгдэл л дутагдаж байна. Барилдааны дүрэм дөрвөн жил тутам өөрчлөгддөг, түүнийгээ дагаад багш нар өөрсдийгөө өөрчилж, шинэчлэхээс эхлээд хувь хүнээс шалтгаалах асуудлуудыг өөрсдөө шийдээд явчих боломжтой. Том баг хамт олон болох л чухал байна, энэ цаг үед.

-Та сая Азийн аваргын тэмцээнийг өөрийн биеэр үзлээ. Олимп ч дөхлөө. Монголд итгэл найдвар хэр харагдах юм?

-Олимпоос наана хугацаа байна, цаадуул чинь “аймар” бэлтгэж байна. Манай дасгалжуулагчид, тамирчид минь та нар сайн ажиллаарай, сайн бэлдээрэй л гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

С.Хүрэлбаатар: Ховс эмчилгээ далд ухамсрын мэдрэлүүдийг тогтворжуулна DNN.mn

“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Ковидын дараахь хүндрэлүүд маш их байна. Үүнд ямар эмчилгээ хамгийн тохиромжтой вэ?

-Үүний тулд эхлээд вирус гэж юу юм бэ гэдгийг ярих ёстой. Вирус гэдэг нь хүний биеийн хамгийн жижиг амьд организм. 1911 онд АНУ-ын эрдэмтэд нээсэн. Энэ нь хавдар үүсгэж байна гэдгийг ч нотолсон. Вирус гэдэг бүтцийн хувьд уураг. 1960 оноос хойш ихэнх вирусийг бүртгэсэн, дэлхийд 3000 гаруй вирус бүртгэлтэй байна. Хүний нэг эсэд хэдэн зуун сая вирус байгаа. Гэтэл үүнд ямар ч эм нөлөөлж чадахгүй -Суурь өвчтэй хүмүүст ковид хүнд тусч байна гэх юм. Хүн яагаад өвдөж, суурь өвчтэй болдог юм бэ?

-Хүний бие организм бүрэн бүтэн байдлаа алдахаар өвддөг. Намайг 1987 онд Анагаах ухааны их сургууль төгсөхөд дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл хүн гэдэг тодорхойлолтоо гаргаагүй байсан. Суурь өвчин гэдэг нь мэдрэлийн системийн тэнцвэр алдагдалтаас үүссэн өвчинг хэлнэ. Хүний уураг тархинаас симпатик, парасимпатик гэдэг хоёр мэдрэл гардаг. Энэ нь зүрхэнд очихоор симпатик нь зүрхийг хурдан цохилуулж, парасимпатик нь удаан цохилуулдаг. Энэ хоёрын нэгдлээс хүний бие хэвийн байдаг. Энэ хоёр мэдрэлийг дагасан био орон зай өөрчлөгддөг. Өөрчлөгдсөн газрын эрхтэн системийн үйл ажиллагаа хямарч, өвддөг. Ялангуяа цус төлжүүлэх эрхтэнд очиж байгаа судас нарийссан үед цус төлжүүлэх системийн эрхтэнүүд хямарна. Цус төлжүүлэх системийн эрхтнүүд хямрахаар бүтэн биеэр эрүүл цус гаргахаа больж байгаа юм. Бид харшил хөдөллөө, биеийн эсэргүүцэл суларлаа гэж ярьдаг, гол нууц нь энэ.

-Симпатик, парасимпатик хоёр мэдрэлийг биеийн эсэргүүцэл гэж ойлгож болох уу?

-Дархлаа гэдэг нь цусан дахь эд эсүүд хүний биед гаднаас ирж байгаа вирус, халдварыг устгах үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа тэр хэсгийг л дархлаа гээд байгаа юм. Гэтэл дархлааг үүсгэж байгаа цусан дахь эсүүдийн үйл ажиллагаа суларч байна. Тэр эд эсүүдийн хямралын улмаас биеийн эсэргүүцэл муудаж, өвчин тусна. Эсэд орж ирсэн вирус хөгжөөд байна. Жирэмсэн эхийн ураг эр, эм эс нийлээд өсдөг шүү дээ. Энэ өсөлтөд вирус ороод давхар өснө гэсэн үг юм. Сүүлийн үед ураг амьгүй болох тохиолдол нэмэгдэж байна, үүнтэй холбоотой. Энийг эмч нар огт ярихгүй байна.

-Вирусийн хүндрэл яагаад үүсч байна вэ?

-Эрүүл цусанд вирус ороод ирэхээр цус бүлэгнэнэ. Энийг бүрэн эмчлээгүй тохиолдолд вирусийн хүндрэл үүснэ. Хамгийн хурдан хүндрэл бол үргүйдэл. Зарим хүмүүс вакцин хийлгээд шокнд орж байна. Энэ вирус аль эрхтэнд орно, түүнийгээ л үрэвсүүлж хүндрүүлнэ. Хэрэв чи уушгины өвчтэй бол уушги руу чинь орно. Элэгний судас нарийссан, элэгний өөрчлөлттэй бол элэг рүү орно.

Ингээд хүндрэл үүсээд, нас бараад байгаа юм. Цусыг үүсгэдэг эрхтэн системүүд дээр очсон судас нарийсна. Нарийсалтыг удирддаг симпатик, парасимпатик мэдрэлүүд цочирдсоноор өвчин үүснэ. Бүх юм хоорондоо холбоотой, ганц цус бүлэгнэснээр өвчин үүснэ гэж байхгүй.

-Хавдар ч гэсэн цус бүлэгнэхээс л үүсэх үү, ер нь бүх өвчний эх үүсвэр юм биш үү?

-Тийм, сүүлийн үед хавдар ихэсч байна. Биед хавдар үүсгэх нэг вирус орж ирээд хуваагдаж өсдөг. Биеийн эстэй нийлээд хуваагахаар хавдар үүснэ.

-Эмч нар “ковид-19”-ыг цус өтгөрүүлж байна гэж үзэж байгаа. Үүнд яг ямар эмчилгээ хийх ёстой юм бэ?

-Дэлхий нийтэд зөвхөн цусны бүлэгнэлийг зогсоох эмчилгээ хийгдэж байна. Асар их аспиринтай эм ууж цусыг шингэлнэ гээд байгаа юм. Ингэж болохгүй, 100 хувь сайн эм гэж байдаггүй. Нэг талдаа хор, нөгөө талд эм. Би нэг жишээ ярья л даа, 1987 онд хүний их эмч болоод Дорнод аймагт очоод жижүүрт хонож байтал яаралтай дуудлага ирлээ. Дуудлагын дагуу очиход гурван настай хүүхэд бие нь цэл хөх болчихсон байсан. Яаралтай аваад нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очсон. Гэтэл тэр хүүхэд гурван цагийн өмнө ходоодоо угаалгаад зургаан ширхэг аспирин уусан байсан. Тэгээд 30 минутын дараа цус задралтаас болж нас барсан. Цус шингэлэх эм тариа ихэдвэл ийм аюултай. Вирус биед удаан хугацаанд хүндрэл өгдөг, уушгинд бол цэртэй ханиалгаад хатгаа болно. Зүрхэнд зүрхний үрэвсэл, элгэнд элэгний үрэвсэл үүснэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шалтгаангүй элэгний үрэвсэл үүсч байна гэдгийн шалтгаан нь энэ. Ковидын шинжилгээд илрэхгүй байх талтай, эсдээ орчихсон учраас тэр.

Үүнээс урьдчилан сэргийлж бүх төрлийн дархлаа сайжруулах, шимт эмчилгээг антибиотиктэй хавсарч хэрэглэдэг. Миний хувьд хүнд эмийн эмчилгээ хийх маш дургүй, аль болох эмгүйгээр эмчлэхийг зорьдог.

-Эмгүйгээр яаж эмчилдэг юм?

-Миний эмчилгээ бол нэгдүгээрт, бариа засал хийлгэж урьдчилан сэргийлнэ. Хоёрдугаарт, био орон зайн ховс эмчилгээ, гуравдугаарт, эмийн эмчилгээ. Дэлхий нийт эмийн эмчилгээг хийж байгаа боловч даацтай үр дүнд хүрч чадаагүй л байна. Тархинаас гардаг симпатик, парасимпатик хоёр мэдрэлийн тэнцвэр хаана алдагдаж байна вэ гэдгээс асуудал үүсдэг.

-Бариа заслын эмчилгээ ямар үр дүнтэй вэ?

-Бариа заслын эмчилгээгээр бие организм тэнцвэртэй болж эхэлдэг. Ковид туссан хүмүүсийн уушгины зургийг харахад ихэнх нь муруй, уушгины мэдрэлийн судас дарагдсан байна. Бариа засал эмчилгээний дараа био энергийн ховс эмчилгээ хийнэ.

-Био энергийн ховс эмчилгээ гэж яг юу юм бэ?

-Био энергийн эмчилгээ гэдэг бол хүний биеийн мэдрэлийн систем, эд эрхтэн дээр үүсч байгаа энергийг хэлнэ. Энэ нь хамгаалах урвал байдаг. Ховс эмчилгээ нь био энергийн эмчилгээ хийхдээ чи ямар ч өвчнөөр өвдөхгүй эрүүл байна, чиний дархлаа буюу биеийн эсэргүүцэл маш сайн байна гэдэг сэтгэлгээг суулгах эмчилгээ юм. Ховс эмчилгээ далд ухамсар буюу симпатик, парасимпатик мэдрэлүүдийг тогтворжуулахад хамгийн гол үүрэгтэй.

-Эмчилгээний тариф хэд вэ?

-Ховс эмчилгээг 5-10 мянган төгрөгөөр хийдэг, удахгүй үнэ нэмэгдэнэ. Судсаа бариулж оношлуулах болон бариа засал 25-30 мянган төгрөг, хэвтэн эмчлүүлэх тусдаа үнэтэй. Биеийн эсэргүүцэл сайтай буюу мэдрэлийн судас бага дарагдсан, цусны төлжилт сайтай хүмүүс. Миний бодлоор хүн яаж ч өвдсөн нэгдүгээрт бариа засал, хоёрдугаарт ховс эмчилгээ, гуравдугаарт, эмийн эмчилгээ. Ингээд л боллоо. Харин одоо би нийгэмтэйгээ холбоотой хэдэн зүйл яримаар байна.

-За…

-Нэгдүгээрт, Монголын залуучууд эр, эмгүй бие нь сульдаатай болчихлоо. Биеийн эсэргүүцлийг сайжруулах гол зүйл бол биеийн тамир. Биеийн тамиртай хүн сэтгэлийн хаттай байдаг. Сэтгэлийн хаттай хүн юуг ч даван туулна. Монгол Улсын Засгийн газар өглөө бүх биеийн тамирын заалыг нээхээр болсон. Монголын хүн амыг эрүүл байлгах тухай ярьж байгаа бол 17-20 цаг хүртэл бүх спорт заалыг нээх ёстой. Хорооны дарга нар очоод биеийн тамирын зааландаа очихыг анхааруулах, уриалах хэрэгтэй. Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих ёстой. Хоёрдугаарт, Монголын эдийн засаг есдүгээр сар хүртэл унах төлөвтэй байна. Бид эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарч мөнгө зарцуулах ёстой. Монголын төр мөнгө олж чадахгүй бол гадны банк оруулж ирэх ёстой. Тэгвэл иргэд өөрсдөө бүгдийг хийчихнэ шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга, Монголын Үндэсний аюулгүй байдлын дарга дөрөвт хэлэхэд, Монголд хэрэгцээтэй юм ярьж сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Дэлхийн гуравдугаар дайн эхэлчихлээ, биологийн зэвсэгээр. Дараагийн вирусийн давлагаа зун, намар хэзээ эхлэхийг таашгүй. Энэ нь эдийн засагт маш их хохиролтой. Энэ хохирлыг даван туулахын тулд хувь та эрүүл байх ёстой. Монголын төр эрүүл мэндийн салбарт мөнгө зарцуулах хэрэгтэй. Монголын төрийн өндөрлөгүүд мөнгөний төлөө ажиллахаа болих цаг болсон. Монголд хэрэгцээтэй хүмүүс, эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй, үндэстэн нурж унах дээрээ тулж байна.

-Та хэдэн жил бариа засал хийж, ямар үр дүнгүүд гарч байна?

-Бариа заслын чиглэлээр эмнэлэг байгуулаад 31 жил болж байна. Надаар бариа засал, ховс эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 70-80 хувь нь эдгэрдэг. Тэр байтугай бамбай булчирхайн хорт хавдартай хүн эдгэсэн. Ер нь залуучууд 3-5 удаагийн эмчилгээгээр эдгэрч байна. Нас тогтсон хүмүүс 1-2 курс, Ковидын эмчилгээний хамгийн гол зарчим бол иргэн та эрүүл, бүтэн байх ёстой.

-Яаж оношилдог юм бэ?

-Таны аль нэг эрхтэн систем өвчтэй бол рентген зураг авна, судас бариулна. Бусад лабораторийн шинжилгээг бусад оношт хэрэглэнэ. Өвчний онош нь мэдрэлд дарагдсан хам шинж байвал бариа засал хийлгэнэ. Ерөнхийдөө өвчин хөнгөн үед ингээд болно. Хүнд өвчтэй үед эмийн болон ховс эмчилгээг давхар хийнэ.

Танай сониноор дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж дэлхийн эдийн засагт монголчууд яаж нөлөөлөх, эрүүл мэндэд яаж анхаарах талаар ярилцмаар байна. Цаг гаргаж өгнө үү. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Цэрэндондов: Би амьд үлдсэн юм чинь илүү олон уран бүтээл хийх ёстой DNN.mn

Хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндондовтой ярилцлаа.


-Таны эмчилгээний зардалд зориулсан тоглолт болох тухай сонслоо. Хэзээ, хаана ямар тоглолт болох гэж байна вэ?

-Тийм ээ, энэ сарын 12-нд буюу пүрэв гаригт Монгол бөхийн өргөөнд 19 цагаас миний эмчилгээнд зориулсан хандивын “Өрөөлийг хайрлаж яваарай” тоглолт болох гэж байна. Тоглолтыг миний найз нөхөд, нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа. Саяхан ходоодны хорт хавдраар оношлогдож ходоодоо авахуулсан, хагалгаанаас гарч ирээд удаагүй байна, удахгүй хими эмчилгээндээ орно. Дараагийн эмчилгээний эхлэх хугацаа болчихсон. Монголдоо хийлгэе гэхээр эм, тарианы олдоц муу, гадагшаа явъя гэвэл бага зэрэг хүндрэлтэй л байна, удахгүй нэг шийдэлд хүрнэ дээ.

-Та Алтай нутгийн хүн үү?

-Тийм ээ, би Говь-Алтай аймгийн Бугат сумын хүн. Говь-Алтай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгийн зөвлөлийнхөн сайхан сэтгэл гаргаж хандивын тоглолт зохион байгуулж байгаад их баяртай байна.

-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Монгол Улсын ардын жүжигчин С.Батсүх, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхзул, Ц.Оюунцэцэг, У.Далантай, Б.Лхагваа, Чингис хааны одонт Г.Ариунбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр, О.Баянмөнх, Б.Цолмон, яруу найрагч М.Билэгсайхан, төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж гэх мэт 40 орчим уран бүтээлч оролцоно.

-Урлагийнхан нэгнийхээ хүнд үед халуун сэтгэл гаргаж, нэгдэж харагдах юм…

-Ер нь их сайхан юм, би ингэж нэгдэж, санаачилга гаргана гэж бодоогүй. Сайхан сэтгэлийн дэмжлэгийг үзэж л явна даа.

-Хамгийн сүүлд та ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Ардын дуу бүжгийн Алтай чуулгад 15 жил ажилласан. Одоогоор Орхон аймгийн Дуу бүжгийн чуулгад 17 дахь жилдээ ажиллаж байна. Чуулгынхаа уран бүтээлд зориулж найрал дуу, хөгжим, дуулаачийн төрлийн бүтээлүүд дээр ажиллаж байсан юм. Энэ зун чуулгынхаа 100 жилийн ойг тэмдэглэнэ. Уран бүтээлийн ажлууд маань үргэлжлээд л явж байна. Цагаан сарын үеэс бие өвдөөд хоёр сар хэрийн хугацаанд ажлаасаа хөндийрсөн. Дараагийн эмчилгээндээ орчихоод очиж уран бүтээлдээ орно доо.

-Таны анхны уран бүтээл юу вэ?

-Оюутан байхдаа дууны уран бүтээлд оролцож байсан, нэг их олны хүртээл болж чадаагүй ч оюутан цаг, намрын тухай дуунууд хийж байсан. 1984 онд Багшийн сургуулийг дүүргээд нутагтаа Алтай чуулгад очоод анхны уран бүтээлүүдийг тайзан дээр, бүжгийн хөгжмүүдээр эхэлж байсан. Хамгийн анхны дууны уран бүтээл гэвэл П.Бадарч гуайн “Уянга дууны алтан намар” дууг хийж байлаа, тэр дуу маань одоог хүртэл дуулагдсаар яваа, 38 жил өнгөрчээ.

-“Хонгорзул” дууг хэдэн онд туурвисан юм бэ?

-1999 онд зохиогдоод 2000 он гараад л дуулагдаж эхэлсэн. “Хонгорзул” дуу маань тэр оныхоо Монголын радиогийн “Цагаан лавай” наадамд хамгийн олон захиалга авсан шилдэг дуугаар шалгарч тэргүүн шагнал хүртэж байлаа.

-22 жилийн өмнө зохиогдсон ч одоог хүртэл дуулагдсаар л байдаг?

-Би 1990-ээд оны эхээр дууны уран бүтээл рүү шаргуухан орсон. Тэр үед миний зохиосон “Сутай зүгийн нутаг”, “Шаргын говь”, “Оройн намрын бороо” гэх мэт дуунууд Монголын радиогоор явдаг байсан. Анхны дуунуудаа голцуу Монголын радиогоор сонсож байсан. “Хонгорзул” дуу маш амархан түгсэн, уран бүтээл туурвина гэдэг бол хүүхэд төрүүлж байгаатай ижилхэн. Тэрийгээ нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсох их бахархалтай байдаг.

-Гавьяат Н.Энхбатыг “Хонгорзулын Энхбат” гэдэг шүү дээ. Таны дуунуудаас харахад та дуучин Н.Энхбаттай олон жил хамтарч ажиллаж ээ дээ…

-Тэгсэн шүү, Н.Энхбат 1987 онд цэргээс халагдаад Алтай чуулгад жаахан залуу дуучнаар ирж байлаа. Тэр үеэс хойш 13-14 жил нөхөрлөж, хамт уран бүтээл хийсэн. Н.Энхбат “Хонгорзул”, “Ажнайн хүрэн”, “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Оройн намрын бороо” гээд миний 12 дууг дуулсан байдаг юм.

-Н.Энхбат ахыг Монгол Улсын гавьяат жүжигчин болоход та их баярлав уу?

-Тэгэлгүй яахав, олон жил хамтарч уран бүтээл хийж явсан нөхөр маань гавьяат болоход нь их баярласан. Н.Энхбатыгаа дуучин болгож, олонд таниулахын төлөө хамтран зүтгэж явсан хүний хувьд их баяртай байгаа. Гавьяат болсон сураг сонсоод л баяр хүргэсэн.

-Та голдуу дууны уран бүтээл хийдэг. Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-300 гаруй дуу байдаг юм, бүртгэж үзтэл 90 гаруй яруу найрагчтай хамтарсан юм билээ. Зарим яруу найрагчдын шүлгийг өөрт нь хэлэлгүй аваад дууны уран бүтээл хийсэн тохиолдол ч байдаг. Сүүлд нь уулзаж, танилцаж байсан ч удаатай. Ү.Хүрэлбаатар, Д.Дашдондов, Д.Лхагвасүрэн, Н.Батжаргал зэрэг олон яруу найрагчидтай маш олон дуу хийсэн байдаг. Зөвхөн дуу, эсвэл сомфони хэлбэрээр гээд өөр өөр төрлөөр дагнаж уран бүтээл хийсэн хүмүүс ч байдаг. Миний хувьд дууны төрлийн уран бүтээл түлхүү, нэг дуулалт хөгжимт драм, хоёр фольк-дуурь, нэг бүжгэн жүжиг, 60 гаруй концертын бүжгийн хөгжим бичсэн. Энэ талаар Говь-Алтай, Сэлэнгэ, Эрдэнэтийн чуулга болон гадны чуулгуудад захиалгаар хийсэн концертын хөгжим олон бий. Дан хөгжмийн 30 гаруй, найрал хөгжимд зориулсан арваад бүтээл бий. Хөгжмийн найруулгыг бол 400 гаруйг хийсэн.

-Таны үеийн хөгжмийн зохиолчид хэн хэн байна?

-Оюутны байрны нэг тасагт хамт амьдарч, нөгөө ангид суралцаж байсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав байна. Бид нэг тасагт гурван жил амьдарч байсан. Б.Магсаржав маань “Сүүн далай ээж” дуугаа өөд өөдөөсөө харж сууж байгаад зохиож байсан. Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар “Аавын нутаг”, “Нутгийн зам” гээд сайхан дуунуудтай, бид оюутны байранд нэг тасагт амьдарч байсан. Манай дээд үеийнхэн гэвэл МУУГЗ Б.Бямбабаяр, Ё.Сүхбаатар гэх мэт.

-Таны шавь нараас…

-Алтайд чуулгын хөгжимчнөөс эхлээд л хөгжмийн багш, хөжгмийн удирдаач, уран сайхны удирдаачаар ажиллаж байсан. Алтай, Сэлэнгэ, Эрдэнэтэд гээд их олон шавь бий.

-Таныг Монголын анхны фольк-дуурийн хөгжмийг бичсэн гэдэг шүү дээ…

-Би Алтайн чуулгад байхдаа “Шаргын говийн домог” гээд дуулалт жүжиг бичиж байсан. Эрдэнэтэд ирсний дараа 2005 оноос олон уран бүтээл туурвисан, 2006 онд “Бөртэ хатан” хөгжимт драм Эрдэнэтийн чуулгад толилуулсан. 2008 онд “Тэнгэрийн гэрээс” гэж Монголын анхны фольк-дуурийг бичсэн. Фольк-дуурь гэдэг нь улс үндэстний ардын дуу хуурийг гол цөмөө болгосон, сонгодог хэлбэртэй дуурийг хэлдэг. Латин Америкийн орнуудад их байдаг юм.

-Дууны ая, кино, жүжгийн хөгжим бичих их ялгаатай юу?

-Тийм, тус бүрдээ өвөрмөц арга барилаар хийгддэг. Жишээлбэл, дууны уран бүтээлийг яруу найрагч, дуучинтай хамтраад хийчихнэ. Монголчууд их дуулаач ард түмэн учраас дууны уран бүтээл их хөгжсөн байдаг.

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-За яахав, урлагийн хүн болъё гэж бол бодож яваагүй юм /инээв/. Аав, ээжийн талд дуулж хуурддаг хүмүүс байсан. Багадаа сумын дотуур байранд байхад гармон гээд хоёр тийш нь татдаг хөгжим байсан юм. Тэрийг оролдож байгаад дуу тоглодог болсон. Баруун, зүүн гараараа тоглодог болоод сүүлдээ дотуур байрныхаа хоолны зааланд хөгжимддөг болсон. Найзтайгаа сумын клубийн ах нараас баянхуур хөгжим гуйж аваад, сумын томчуудын бүжгэнд уригдаж хөгжим тоглодог байсан. Тэгээд л Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид шалгалт өгч тэнцсэн. Би чинь мундаг хөгжимчин болчихсон гээд ирсэн чинь бүгд худлаа болж таарсан /инээв/.

-Таны хүүхдүүд хөгжим сонирхож байна уу?

-Хоёр ихэр хүүгийн маань нэг нь Соёл урлагийн их сургуулийн кино найруулагч мэргэжлээр суралцаад энэ жил төгсөнө. Бусад нь өөр мэргэжилтэй.

-Та эрүүл мэндийн оношоо хэзээ сонссон бэ?

-Ходоод айхтар далд эрхтэн юм байна. Миний ходоод огт өвддөггүй байсан, энэ жилийн Цагаан сарын дараа гэнэт цанхайгаад эхэлсэн. Тэгээд эмнэлэгт хандаад дурандуултал ходоодны шархлаа үүссэн байна гэсэн. Тэндээс эдийн шинжилгээ өгтөл 18 хоногийн дараа хавдар болсон байна гэж оношлогдож ходоодоо бүхэлд нь авахуулсан. Дөрөвдүгээр үедээ орсон нь тогтоогдсон. Монголын хавдар судлалын гайхалтай чадварлаг эмч нар хагалгааг маш сайн хийсэн. Химийн эмчилгээгээ хийлгэхээр хүлээж байна, 21 хоногийн зайтай зургаан удаагийн хими эмчилгээнд орно.

-Гэнэт өвчний оношоо сонсоод таны болон таны гэр бүлийн сэтгэл зүй хүнд байсан байх?

-Би өөрөө өндөр сэтгэл зүйтэй байгаа. Анагаахын шинжлэх ухаан хөгжчихсөн үед даваад л гарна гээд ойр дотныхондоо эерэгээр нөлөөлөхийг хичээж байна.

-Та цаашид ямар уран бүтээлүүд хийхээр төлөвлөж байна?

-Хүнд цаг үе ирэхэд ямар залхуу, назгай байснаа ойлгодог юм байна. Бодсон зүйлсээ хийж амжихгүй үхэх юм байна даа гэж бодогдож байсан л даа. Олон хүний сайхан сэтгэлийн дэм, эмч нарын чадвараар амьд үлдэхэд цаана нь асар их сэтгэлийн өр үлддэг юм байна. Би амьд үлдсэн юм чинь илүү их зүйлийг хийх ёстой.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ц.Содов: Устөрөгчийн түлшний зайтай машин ба нүүрсээ хий болгон экспортлох тухайд… DNN.mn

Монгол Улсын гавьяат багш, профессор Ц.Содовтой ярилцлаа.


-Япон улсын гадаад хэргийн сайд Ё.Хаяши манай улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч устөрөгчийн цахилгаан станц байгуулах боломж, нөөц бий гэж хэлсэн.Та үүнийг юу гэж харж байна?

-Үүнийг дэмжиж, энэ холбоог тогтоох нь зөв. Энэ ажил хэрэгжиж устөрөгчөөр ажилладаг (hydrogen gen­erator буюу устөрөгчийн түлшний зайтай машин гэж нэрлэдэг) машин манайд орж ирэх хүртэл бид шуурхай ажиллах ёстой. Үүнийг ажил хэрэг болгочихвол валют олох арга зам нээгдэнэ. Валют олохгүй юм гэхэд монголчууд хямдханаар машинаа ажиллуулна. Энэ чинь орчин үеийн нефть гэсэн үг юм шүү дээ. Хамгийн чухал нь бид нүүрсээ л ашиглах ёстой. Энэ технологийг япончууд маш сайн мэддэг, Хонда, Тоёота, Хьюндай компаниуд нь устөрөгчийн түлшний зайтай автомашиныг үйлдвэрлээд арав гаруй жил болсон ихээхэн туршлагатай тул түүнийг монгол айл өрх авч хэрэглэх боломжтой.

-Одоо яах ёстой вэ?

-Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй хэрнээ хүний гар харж амьдраад байна. Яг үнэндээ нүүрсээ бараг л үнэгүй өгч байна. Нүүрсийг угаагаад экспортолбол бага зэрэг үнэтэй, шингэн болгоод гаргавал 10 дахин үнэтэй, нүүрсээ хий болгоод гаргавал 30-40 дахин илүү үнэ хүрнэ. Энэ технологийг ашиглах зайлшгүй шаардлага бий. Манай хоёр хөрш үүнийг хийхгүй байгаа. Яагаад гэвэл тэд том гүрэн учраас том юм хэрэгтэй. Хөрөнгө, түүхий эд бага зардлаар цахилгаан гаргана.

-Хүрэн нүүрснээс устөрөгч гаргаж, устөрөгчийн түлшний зайтай машины үйлдвэр байгуулж болох уу?

-Зарчмын хувьд болно, гэхдээ устөрөгчийн түлшний зайг нь худалдаж авах асуудлыг бас тооцох шаардлагатай. Үүнийг техник эдийн засгийн үндэслэлийг ажлын хэсэг байгуулж, нүүрсийг хүчилтөрөгчөөр устөрөгч болгон задлах буюу хэсэгчлэн исэлдүүлэх аргыг хэрэглэх болов уу гэж бодож байна (C24H12 +12O2 à24CO +6H2 урвалаар). Ер нь улс хөгжих, ажил урагшлахын үндэс чанартай боловсон хүчин байдаг. Залуусынхаа боловсролд хөрөнгө зарж, туршлагатай физикчид инженерүүдээ ашиглан Япон улстай хамтарч энэ асуудлыг шийдэх байх.

-Физикийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар хэрэгтэй юм бэ?

-Физикийн шинжлэх ухаан бол байгалийн шинжлэх ухааны суурь ухаан. Байгальд болж буй үзэгдлүүд цөм физикийн хуулиар явагддаг, нийгмийн үзэгдэл, сэтгэцийн үзэгдэл гэх мэт олон үзэгдлийг тайлбарладаг өргөн хүрээтэй шинжлэх ухаан. Хэрэглээ ихтэй ухаан учраас ЕБС-ийн аль ч сургуулиадад физикийн хичээлийг үздэг.

-Сая та физикийн ухаан сэтгэцийн үзэгдлийг ч тайлбарладаг гэж хэллээ, жишээлбэл?

-Манайхан “Psychol­ogy” гэдгийг сэтгэл зүй гээд орчуулаад хэрэглээд сурчихсан юм. Сэтгэл зүй гэхээр хүний сэтгэлийг судалдаг ухаан болчихож байгаа юм. Гэтэл агуулгын хувьд сэтгэцийн үзэгдэл, үйл явцыг тайлбарладаг. Сэтгэцийн үзэгдэл хүний сэтгэлээс гардаг.

-Манайханд физик хэрэггүй гэсэн хандлага ажиглагдах юм. Уг нь инженерүүд л баялаг бүтээдэг биз дээ?

-Шинжлэх ухааныг хэрэгтэй, хэрэггүй гэж хэлэх нь тухайн хүний мэдлэгийн хүрээ, ертөнцийг үзэх үзэлтэй шууд хамаатай. Хэн нэгэнд хэрэггүй байж болох ч өөр хэн нэгэн болон нийгмийн дэвшил, хөгжилд энэ шинжлэх ухаан жигтэйхэн хэрэгтэй (инээв). Аж үйлдвэрлэлийн III,IV хувьсгал, техник технологийн хөгжил гээд бидний амьдрал, орчин тойрны бүх зүйлийн үндэс нь физикийн шинжлэх ухаан байдаг юм. Инженерүүд бүтээдэг, физикчид онолыг нь тайлбарладаг. Байгалийн шинжлэх ухаан бол хэрэгцээнээс үүсдэг, байгалийг дуурайж бүтээл, бүтээгдэхүүн хийдэг. Жишээлбэл, хамгийн хурдан явъя гэвэл шувууг л дуурайж онгоц бүтээсэн шүү дээ. Тэр дундаа техник технологийн хөгжил бүгд физик, математикийн арга, загварчлалаас хамаардаг.

-Их, дээд сургуулиудын физикийн ангид арай цөөн оюутантай байна уу даа…

-Энэ нь нэгдүгээрт, манай их, дээд сургуулиуд мэргэжлээ сурталчилж, таниулж чадахгүй байна. Үүргээ биелүүлэхгүй, зөвхөн орж ирснийг нь сургадаг болсон. Хоёрдугаарт, физикийн анги төгсөөд ажлын байр багатай. Уг нь манай ахмад үеийнхэн бидэнд асар сайхан замыг засч өгсөн. Гадны оронд мэргэжил дээшлүүлж, ажиллаад ирэхэд хийх ажлын олдоц ховор. Физикч болохын тулд олон жил зарцуулдаг ч авдаг цалин нь Монголд амьдрахад хүрэлцээтэй биш. Гуравдугаарт, сайн ажилласан, муу ажилласан хоёр багш ижил цалин авдаг. Нийгмийн захиалгыг судалж, сурагчдын мэргэжил сонгох асуудалд төрийн зүгээс бодлогоор анхаарахгүй байгаатай холбоотой. Физикийн багш нараа сайн ашиглаж чадахгүй байна. Хувийн хөрөнгөөрөө байгалийн ухааны лаборатори, кабинет байгуулахад олон жилийн хөдөлмөр, их хэмжээний хөрөнгө хэрэгтэй байдгаас инженер, физикч, биологич, химич бэлтгэдэг хувийн сургууль тун цөөн бий. Тиймээс үүнд улс л зайлшгүй анхаарах ёстой.

-Та олон жилийн туршлагатай багш хүн, физик хүмүүст яг юу өгдгийг тайлбарлаж өгөөч?

-Би 23 насандаа их сургуульд багшилж, түүнээс хойш тасралтгүй 50 гаруй жил багшилж байна. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлыг хослуулан хийж байгаа. Та бид физикийн аргыг эзэмшсэнээр сэтгэлгээ хөгжинө, сэтгэлгээ нь хөгжсөн хүн аливааг өргөн хүрээтэй хардаг болно. Аливаад нөлөөлөх олон хүчин зүйлийг тооцдог болно. Сурсан аргуудаа амьдралынхаа туршид бүх асуудал, шинэчлэлд ашиглана, тэгэхээр амжилт гардаг. Энэ аргыг эзэмших тийм ч амар биш л дээ (инээв). Оюутан байхад заасан бүхэн амьдралд таарахгүй шүү дээ. Судалж, суралцсанаа амьдралдаа баяжуулаад л ажиллахад тухайн хүнд физик ач тусаа өгнө.

-Хүүхдүүдийг яаж физикт сонирхолтой болгох вэ?

-Ерөнхий боловсролын сургуулиуд физик, хими, биологийн кабинетгүй л бол эдгээр хичээлийн нарийн зүйлсийг сурч, ойлгож чадахгүй. Сургуулиудын сургалтын материаллаг баазыг сайжруулж, хөрөнгө оруулснаар хичээлийн өгөөж дээшилж, сурагчдад сонирхолтой болно. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд огт хөрөнгө оруулсангүй шүү дээ. Би залуудаа улсад маань мөнгө байхгүй гэж боддог байсан. Гэтэл улсад маань мөнгө их байна, буруу газар, буруу хүмүүс идэж уугаад байсан юм билээ, одоо ч гэсэн. Тиймээс хамгийн түрүүнд байгалийн ухааны кабинет, лабораториудыг улсаас сайжруулах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, эрч хүч нь багтаж ядсан залуу багш нарт багаж хэрэгсэл, ном дутагдах зэрэг асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Сайн ажилласан багшийг дэмжих, багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн хөтөлбөрийг эрс өөрчлөх, сургадаг багш нарын чадварыг ахиулах ёстой. Тэнд хичээл заадаг хүмүүс өөрийнхөө мэддэг юмыг л заагаад байна, гэтэл амьдрал дээр тэнд заадаггүй юмыг мэдэхийг, сурахыг залуус хүсч байна шүү дээ. Гуравдугаарт, залуус хөдөлмөрлөхгүйгээр азаа үзэж гэнэт баяжихыг бодож байна. Ийм зүйл хэзээ ч байдаггүй юм гэдгийг тэдэнд ойлгуулахад сургууль, багш, эцэг эх, нийгэм анхаарч байж л сурч хөдөлмөрлөж сайхан амьдрана биз дээ.

-Та физикийн сэтгүүл эрхлэн гаргадаг. Сэтгүүлийнхээ тухай ярихгүй юу?

-Тийм ээ, “Физикийн боловсрол” хэмээх сэтгүүлийг 1992 оноос хойш Монголын физикийн нийгэмлэг, Улсын физикийн олимпиадыг зохион байгуулах хороо, БШУЯ-ны дэрэгдэх Физикийн сургалт-арга зүйн зөвлөлтэй хамтран 50 дахь дугаараа сая гаргасан.

Байгаль, техник сонирхдог сурагчид физикийн ухааны суурь боловсролтой болох, дүүрэг аймаг, хот, улсын, Азийн, олон улсын физикийн олимпиадад болон элсэлтийн уралдаант шалгалтад бэлтгэхэд нь туслан дэмжих, багш нарыг физикийн шинжлэх ухаан, боловсролд гарч буй шинэ мэдээллээр системтэй хангах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, цаашлаад бүх нийтийн физикийн боловсролд дэмжлэг үзүүлэх нь тус сэтгүүлийн нэг гол зорилго юм.

Сэтгүүлийн ар, өвөр нүүрт физикийн хэмжих багаж хэрэгслийн иж бүрдэл, судалгааны электрон багаж, лабораторийн туршилтын байдал, үүсгэвэрт тоног төхөөрөмжийн схемчлэл, бодисын бүтэцлэг, дэлхий, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрын архитектур, газар зүй орчны нөлөөллийн тухай бодит зургуудыг өнгөтөөр байршуулж, сургалт, сурталчилгаа, өнгө үзэмж, дизайнд өөрчлөлт оруулав. Энэ хугацаанд сэтгүүлийн хүндэтгэлийн буланд Монголын 160 орчим нэрт физикч эрдэмтэд, гавьяатууд, физикийн бүтээлч багш нар (ардын багш О.Отгонсүрэн, Б.Банзрагч, Б.Жадамбаа, Г.Шилагарди, гавьяат багш Н.Содном, М.Насанбуян, Г.Очирбат, Б.Оргой, Т.Дүгэрсүрэн, Д.Дамбасүрэн, Н.Алтангэрэл, Т.Гун-Аажав, Г.Гомбожав, Р.Маабазар, П.Лхагвасүрэн, С.Даваа, Л.Батмөнх, Б.Барамсай, Ж.Галбадрах, Ц.Хандаа, Р.Бавуудорж, Ц.Содов, Х.Цоохүү, Г.Баасанжав, Д.Дамдинжав, М.Шагдарсүрэн, Б.Равжир, С.Жагдал гэх мэт)-ын хөрөг зураг тавигдаж, тэдний судалгааны чиглэл, бүтээл, ажил үйлс, туршлага, шавь сургалт, амжилт, физикийн шинжлэх ухаанаар болон боловсрол судлалаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн мэдээллийг нийтэлсэн байна. Дашрамд хэлэхэд, тус сэтгүүлийн 2020 оны №41-ийн 36-43-р талд “Устөрөгчийн генераторыг хэрэглэх нь” гэсэн өгүүлэлд зураг, томьёотойгоор бичсэн байгааг уншвал ойлгоход дөхөмтэйг сануулъя.

-Сэтгүүлийг зайнаас захиалан унших боломж бий юү?

-Бий, уламжлалт тогтмол булангуудаас гадна хадгалагдаж байгаа бүх дугааруудаа аппликэйшн болгон хэрэглэгчдэд түгээхээр андройд утсан дээр “Play store- оос, IOS буюу iphone дээр “App store”-т “Физикийн боловсрол” гэж хайгаад татаж аваад ашиглах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхжаргал: Хүүхдүүдийнхээ хүйг таслахдаа “Хорвоо дэлхийд хүн болон мэндэллээ. Сайн хүн болж хүмүүжээрэй” гэж хэлдэг DNN.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн нэг өдрийг сурвалжиллаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасаг арга зүйч, бага эмчтэйгээ 19 эх баригч, зургаан хүний их эмч, 10 асрагч нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн ээлжээр ажиллаж байна.

ЭХЭМҮТ-д орон нутгийн бүх хүндрэлтэй ээж, улсын хэмжээний бүх дутуу төрөлт, үр шилжүүлэн суулгуулсан, ургийн гажигтай ээжүүд амарждаг байна. 2020 оны байдлаар энгийн төрөх тасагт 10 мянга гаруй, 2021 онд есөн мянга гаруй эх амаржжээ.


Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн эх баригч Н.Энхжаргалтай ярилцлаа.


-Танд Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе. Та эх баригчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Та бүхэн энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Баярлалаа, хамт олондоо болон бүх эх баригчиддаа Олон улсын эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлье. Би эх баригчаар 30 дахь жилдээ ажиллаж байна, өдөрт багадаа тав, ихдээ 10 хүүхэд эх барьж авдаг. Жилд дунджаар 500-600 хүүхэд, 30 жилийн хугацаанд 14 мянга орчим хүүхдийг эх барьжээ. Цар тахлаас өмнө эх баригчдын өдрөөр ЭМЯ уриа дэвшүүлэн, түүний хүрээнд тэмдэглэдэг байсан. Сүүлийн хоёроос гурван жил завсардлаа. Манай ЭХЭМҮТ-ийн хувьд жил бүр онол, практикийн бага хурал зохион байгуулж, ээлжүүдийн хооронд уралдаан зарладаг.

-Хатуу хөл хорионы үед ээжүүдийн сэтгэл зүй, хандлага өөрчлөгдсөн үү?

-Төрөх тасгийн хувьд бүх ээжүүдээс түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Эерэг гарвал ковидын тасаг, сөрөг гарвал энгийн тасар руу шилждэг. Ковидын үед хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ээжүүдийн таргалалт ихэсч, ургийн жин нэмэгдсэн. Ингэснээр кесар хагалгааны тоо нэмэгдэж, төрөх замаар төрөх тоо буурсан. Өнгөрсөн хоёр жилд ковидын тусгай тасаг нээгдэж бид нэг ээлжиндээ дөрвүүлээ ажилладаг бол гурвуулаа ажилласан. Ачаалал ихтэй байсан ч дархлаа, сэтгэл зүйгээ дэмжсээр байна аа.

-Кесар хагалгааны тоо өнгөрсөн жилүүдээс нэмэгдсэн үү?

-2020 онд нийт 10.1 мянган ээж амаржихад 7.4 мянга нь төрөх замаар, 2.7 мянга нь кесар хагалгаагаар төрсөн. Харин 2021 онд нийт есөн мянган ээж амаржсанаас төрөх замаар 6.5 мянга, кесар хагалгаа 2.5 мянга байна. Ерөнхийдөө нийт төрөлтийн 25-30 хувийг кесар хагалгаа эзэлдэг.

-Сүүлийн жилд төрөлт 40 хувиар буурсан гэсэн мэдээлэл байсан, энэ үнэн үү?

-Ээжүүд ковидын эсрэг вакцин хийлгэхэд ургийн ус багассан. Тиймээс хэвийн төрөлтөөс илүү дутуу төрөлт нэмэгдсэн гэж хэлж болно. Жирэмсэн ээжүүд ковид тусвал амьсгалын дутагдалд орж ургаа бүрэн тээхгүй, таслах тохиолдол олон байлаа.

-Эх баригч хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Эх баригчийн өглөө биеэ бэлдэхээс эхэлэдэг. Ажилдаа ирээд малгай, маскаа зүүж, үсээ бооно, ээмэг, бөгж гээд бүх металл зүйлсээ авч, хайч, чагнуур, уян зүүний наалт гээд хэрэгтэй зүйлсээ бэлтгэнэ. Дараа нь өрөөгөө бэлтгэнэ, дулаацуулна. Бүхэл бүтэн хоёр хүний амь настай холбоотой ажил учраас өрөөний болон өөрийнхөө бэлэн байдлыг маш сайн хангана. Хэвийн төрсөн нярайг төрөнгүүт хүйг нь хавчаад ээжийнх нь цээжин дээр 1 цаг 30 минут байлгадаг болсон. Анхны тэврэлт, эх үрийн холбоо их чухал. Ээжийн арьсны бактери хүүхдээ гадны халдвараас сэргийлж байдаг. 1 цаг 30 минутын дараа хүүхдийнхээ гарын бичгийг хийгээд, ээжийнхээ шөл цайг уулгаад орноос буулгадаг. Тэгээд л эх баригчидтайгаа ээжүүдээ хүлээлцэнэ дээ. Ээжүүдийн хяналтын түүх бүгд онлайн болж, гараар бичихээ больсон. Мөн бид өөрсдөө хүүхдийнхээ регистрийн дугаарыг олгодог болсон.

-Өөр ямар шинэ үйлчилгээ нэмэгдсэн бэ?

-Төрөхийн өмнөх өвчин намдаалт хийдэг болсон. Ээжүүдийн биеийн онцлогоос шалтгаалаад өвчин намдаалт хийх эсэхээ шийднэ. Өвдөлт намдаагчийг зөвхөн даралт өндөр, зүрхний оноштой дүлж болохгүй ээжүүдэд хийдэг байсан. Одоо ээж өөрөө хүсвэл өвдөлт намдаагчийг хийх боломжтой.

-Хүндрэлтэй төрөлт олон байдаг уу?

-Хамгийн их хүндрэл бол цус алдалт. Сүүлийн жилүүдэд хярзангийн гурав, дөрөвдүгээр зэргийн урагдалт гарахаа больсон. Ээжүүд маань маш их чадваржиж, ариун цэврийг сайн сахиж байна.

-Таныг анх эх баригч болж байх үе буюу 30 жилийн өмнөхөөс одооны ээжүүд ямар ялгаатай болсон бэ?

-Би 1991 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жаахан охин эмч болон очиж байлаа. Тэр үед ээжүүдийн сэтгэл зүй маш зөв, эмчийг хүндэлж, хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо бол тийм биш, эмч нар ингэх ёстой гэж бүх хариуцлагыг эмнэлэгт даатгасан хандлагатай. Эмч, ээжүүд хамтарч ажиллаж байж энх амаржина гэдгээ ойлгодоггүй. Төрөлт маш залуужсан, өсвөр насны жирэмслэлт нэмэгдсэн. Жишээлбэл, түрүүний ээлжинд гардаг өдөр 15 настай охин амаржсан.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Ямар ч их ачаалалтай байсан, маргааш яаж ажилдаа очно доо гэж бодож байгаагүй. Нэг л хазгай гишгэвэл хоёр хүний амь нас хариуцах маш хариуцлагатай, хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Хамгийн сайхан нь ээж энх амаржаад хүйг нь таслах. Хүүхдүүдийнхээ хүйг таслахдаа “Хорвоо дэлхийд хүн болон мэндэллээ. Сайн хүн болж хүмүүжээрэй” гэж хэлдэг хэмээв.

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн эх баригч Д.Тунгалагтуяа “Эх баригчаар 27 дахь жилдээ ажиллаж байна. Хүн эх барьж авна гэдэг айл гэрт шинэ хүн мэндэлж байна, маш сайхан зүйл. Аав, ээжээс нь түрүүнд би уулзаж байна шүү дээ. Ээжийг хянаж байгаад, хүүхэд төрөөд уйлахад л сэтгэл амардаг. Би өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 12.7 мянган хүүхэд эх барьжээ. Хамт олон болон бүх эх баригчиддаа Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе” гэв.