Categories
булангууд их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун 0151 дүгээр ангийнхан DNN.mn

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт хурандаа Г.Ган-Эрдэнэ захирагчтай Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0151 дүгээр ангийнхан уригдлаа. Харуул цэргээс зөвшөөрөл аван анги руу нэвтэртэл цэлгэр, цэмцгэр хашааны голд гурван давхар ногоон байшин угтсан юм. Ангийн хаалганы зүүн гар талд төрийн сүлдний доор алтан шаргал өнгөтэй буу үүрч, дуран гартаа атган сөхөрч суусан байлдагч, нохойн хөшөө. Хоёр талаар нь Монгол Улсын баатар хилчдийн зураг, нэрийг байрлуулжээ. Хаалганы баруун гар талд ногоон байгууламж, модон гүүртэй бяцхан цэвэрхэн цэцэрлэг бүхий орчин хараа булаана.

Биднийг ангийн хаалгаар ормогц ангийн захирагч хурандаа Г.Ган-Эрдэнэ, Соён гэгээрүүлэх албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа М.Өлзийхишиг, Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах офицер ахмад Т.Мөнхбаяр нар угтан авлаа.

Тус анги 1937 онд Дотоод явдлын яамны сайдын гуравдугаар сарын 9-ний өдрийн 47 тоот тушаалаар “Радистын тусгай салаа” нэртэйгээр байгуулагджээ. 1939 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн хэрэг эрхлэх “Холбооны сургууль”, 1947-1996 онд “Тусгай батальон”, “Холбооны анги”, 1996 оноос “Холбооны хороо” болон өргөжиж 2011 онд Хил хамгаалах албаны Сургалт, бэлтгэлийн цогцолборыг шилжүүлэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулж, хилийн отряд, ангиудад мэргэжилтэн бэлтгэх, давтан сургалт явуулах, Улсын хил хамгаалалт, Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоо хангалтыг зохион байгуулах болжээ.

Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Одсүрэн “Хил хамгаалах байгууллагын бэлэн байдлын үүргийг хэрэгжүүлэх, холбоочин засварын мэргэжилтэн бэлтгэх, төвийн бүсийн анги салбарын алба хаагчдын англи хэлний анхан шатны сургалт, хил хамгаалах байгууллагын сургалт цугларалтын үеийн хангалтыг зохион байгуулах гэсэн үндсэн үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд хил хамгаалах байгууллагаас “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун” хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд манай анги “Зөв бодол, эерэг хандлагаар үндсэн үүргээ чадварлаг бүтээлчээр гүйцэтгэн, зорилтоо амжилттай хэрэгжүүлье” гэсэн уриалгатайгаар үүрэг, чиглэлийнхээ хүрээнд ажиллаж байна. Энэхүү анги нь хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах зорилгоор бие бүрэлдэхүүний сургалт хичээллүүлж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна” хэмээв.

Тус анги нь холбооны анги гэдгээрээ онцлогтой. Холбооны тасгийн дарга Х.Батболд “Манай анги Монгол орны өнцөг булан бүрт байгаа хилийн застав, хилийн анги отрядуудын холбооны техник хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлах, үүрэн холбооны сүлжээгүй болсон үед радио станцаар буюу тойруу байдлаар бие бүрэлдэхүүнийг холбоонд оруулж холбоотой байх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоог зохион байгуулах үүрэг чиглэлийг хүлээдэг. Хөдөлгөөнт, суурин, кибер гэх мэт талуудаас холбоо үүсгэнэ. Өмнөх ангийн байр маань 80 гаруй жилийн түүхтэй сайхан анги байлаа, бид ангийн өөр байранд нүүж ирээд сар гаруй болж байна” гэв.

Кибер аюулгүй байдлын тасгийн автоматжуулалт нийцлэлийн ахлах инженер, ахлах дэслэгч Б.Билгүүн “Манай тасаг хил хамгаалах байгууллага, хилийн отряд анги болон өөрийн ангийн хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэрэг болон кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, халдлага илэрсэн тохиолдолд түүнд хариу арга хэмжээ үзүүлэх үүрэгтэй” хэмээв.

Бид ангийн онцлог, үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаад “Дайчин алдрын танхим”-тай танилцлаа. Хилийн 0151 дүгээр ангийн хувьд 85 жилийн түүхтэй. Баялаг түүхийг бүтээлцсэн хилчид тэр хэрээр авьяастай, жавхаатай. “Дайчин алдрын танхим”-д байрлах амжилтын цом, баярын бичиг, үе үеийн холбооны хэрэгсэл, станц, эмчийн багаж, бэлэг дурсгалтай нэг бүрчлэн танилцвал нэг өдөрт амжихааргүй.

Энэ бүхнийг хоёр өрөө дамнуулан шилэн хоргонд байрлуулжээ. Ангийн 85 жилийн түүхээ ч үечлэн байрлуулжээ. Жишээлбэл, 1967-1983 онд ажиллаж байсан удирдлагууд, үүрэг чиглэлийг самбарт бичсэн байв. Дэд хурандаа М.Өлзийхишиг “2001 онд намайг ажилд ороход ашигладаг байсан холбооны станц техник хэрэгслүүд. Энэ станцаар хилийн отряд заставтай холбогдож мэдээллээр хангаж ажилладаг байлаа. Энэ хүн бол хурандаа Ц.Цэрэндорж манай ангийн захирагчаар 23 жил ажилласан. Ажиллах хугацаандаа холбооноос гадна цэргийн байгууллагад менежмэнт гэдэг зүйлийн үндэс, хөрсийг суулгасан хүн” хэмээн бүгдийг тайлбарлана. “Дайчин алдрын танхим”-тай танилцаад гарах үед өдрийн хоолны цаг болжээ. Бид хоолны заал руу явлаа. Ангийн байрны нэг давхарт байрлах цэлгэр зааланд цэргүүд дөрөв, дөрвөөрөө суун хооллож байв.

Хугацаат цэргийн алба хаагчид, цэргүүд гэхээрээ л урт банзан сандал дээр сууж, нэг сонголттой хоол иддэг үе ард хоцорчээ. Стандартын шаардлагад нийцсэн хүнсний компанитай гэрээ байгуулж, эрүүл ахуйн лабораторид шинжлүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Хил хамгаалах ерөнхий газар сонголтын хоолны системд шилжээд хоёр жил гаруй болжээ. Энэ нь цэргүүд өдөрт 5-6 нэр төрлийн хоолноос өөрсдөө сонгож зооглодог байна. Хоолны хуваарийг давхардуулахгүйгээр долоо, долоо хоногоор гаргадаг. Гаргасан хуваарийг эмнэлгийн алба, санхүүгийн алба, хангалт үйлчилгээний алба, ангийн захирагч шалгаж баталгаажуулдаг аж.

Дайчин алдрын танхимд дэд хурандаа М.Өлзийхишиг

Хангалт үйлчилгээний албаны дарга, ахмад Ө.Сарантуяа “Ар гэр, аав, ээжээсээ хол, цагийн хоолонд дөнгөж орж байгаа залууст олон сонголт бий болгож, аль болох гэрийн хоолтой ойртуулахыг зорьдог. Энэ заал бол зүгээр л цэргийн хоолны газар биш аз жаргал мэдэрдэг, кайф авах газар болгох гэж хилийн цэргийн хэмжээний бүх газар сонголтын хоолонд шилжсэн. Цэргүүд 26-27 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээлбэл, найман нэр төрлийн будаа, гурил хэрэглэдэг. Үүнд цэрэг, дайчид маань ч сэтгэл хангалуун байдаг. Манай алба цэргийн алба хаагчид, офицер ахлагч бие бүрэлдэхүүний хангалт үйлчилгээг цогцоор нь хангаж ажилладаг. Тэднийг орчин үеийн шаардлагад нийцсэн хувцас, хэрэгслээр хангах ёстой” хэмээн ярив. Тус анги 5-8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, малаа сааж туслах аж ахуй ажиллуулдаг тул өөрсдийн хүнсний ногоо, цагаан идээний хэрэгцээгээ хангадаг байна.

Мөн ахмад Ө.Сарантуяа Хилчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг аж. Тус холбоо нь хил тойрч ажиллаж буй бүх эмэгтэйчүүдийг удирдан чиглүүлдэг, нийгмийн асуудлыг шийдэхэд дэм болдог удирдах дээд байгууллага.

Хил хамгаалах байгууллагын хүрээнд “Нийгмийн хамгаалал- 2024” гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд түрээслэн өмчлөх хэлбэрээр зургаан өрхийг орон сууцжуулжээ. Эмэгтэйчүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн баасан гаригт бүх эмэгтэйчүүд амардаг. Гэр бүлдээ санаа зовохгүй байж ажлын бүтээмж өснө. Ар гэр жаргалтай байвал айл өрх жаргалтай, айл өрх жаргалтай байвал албан газар жаргалтай байна. Сонгинохайрхан дүүргийн 244, 288 дугаар цэцэрлэгтэй хамтарч ажиллаж энэ жилийн хувьд 12 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан гэдгийг онцолж байв.

Ингээд 13:30 цагаас өдрийн амралтын цаг эхлэв. Цэргүүд өдрийн хоолны дараа зарим нь орон дээрээ амарч, зарим нь соёл амралтын танхимд чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Тухлаг буйдан, телевиз, шилэн ширээ, теннисийн ширээ, ном, сонин сэтгүүлтэй, бор шаргал хивс дэвссэн цэлгэр өрөө бол соёл амралтын танхим. Хугацаат цэргийн алба хаагчид гитар, шатар тоглож, шагай уралдуулцгаана.

Байлдагч Б.Тэмүүлэн “Би Монгол Улсын их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Надад уг нь зарлан ирээгүй л дээ. Би өөрийн хүсэлтээр цэрэгт ирсэн. Цэргийн алба хаах маш таалагдаж байна. Сэтгэлийн хатуужилтай болж, өөрийгөө олох нэг арга гэж цэрэгт ирсэн. Ард байхад миний амьдрал дэг журамгүй, цагийн хуваарьгүй, замбараагүй байсан. Амралтын цагаараа телевиз үзэж ном уншдаг. Онжавуудтайгаа байхад арван жилийн ангидаа буцаад орчихсон юм шиг гоё санагдаж байна” гэв.

Байлдагч Г.Энхбат “Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооноос татагдаж ирсэн. Ангийн хаалгаар сүү амсаж орж ирэх мэдрэмж маш гоё байсан. Цэрэгт ирснээр өөрийн гэсэн зорилго, харилцааны чадвартай болж байгаа. Халагдаад хамгийн түрүүнд ажил хийж мөнгөтэй болж сургалтад сууна” хэмээв.

Соёл амралтын танхимтай зэрэгцэн ногоон эрээн бүтээлгээр жимбийлгэн бүтээсэн хоёр давхар ор, модон шүүгээ, цэлийсэн цонхтой цэргүүдийн өрөө байв.

Салааны дэд түрүүч Б.Тэмүүжин “Би Баянзүрх дүүргийн II хорооноос татагдан ирсэн. Цэрэгт ирснээр ажлыг өндөр бүтээмжтэй хурдан хугацаанд хэрхэн амжуулах вэ гэдгийг суралцаж байна. Их сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад цэрэгт ирсэндээ харамсдаггүй. Цэрэг бол амьдралын сургууль. Аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн нэг жил амьдралын сургуульд суралцаж байгаадаа бахархдаг” хэмээн ярилаа.

Цэргүүдийн өрөөнөөс гармагц “Англи хэлний багш нарын өрөө” гэсэн хаяг нүдэнд тусав. Хил хамгаалах байгууллагууд англи хэлний багшийн орон тоотой болоод 4-5 жилийг үджээ. Тус ангид англи хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулж байв. Зөвхөн төвийн бүс гэлтгүй хил хамгаалах байгууллага отряд ангиудаас алба хаагчид ирж суралцдаг аж.

Англи хэлний ахлах багш, ахлах дэслэгч П.Нямгэрэл “Энэ оны эхний сургалт дууссан. Нэг удаагийн сургалт гурван сар үргэлжилдэг. Албан хаагчид ажлаасаа бүрэн чөлөөлөгдөж Улаанбаатар хотод байрлаж, сургалтад хамрагддаг. Анхан шатны сургалтад 400-470 цагийн хичээл судалдаг. Миний хувьд хил хамгаалах байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын бодлогын дагуу алба хаагчдаа мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургах, нөгөө талаараа манай ангийн ерөнхий чиг үүрэг нь холбооны чиглэл учир мэргэжлийн англи хэл ажлын байран дээрх бүтээлч байдалд шууд нөлөөлдөг. Мөн олон улсын боомттой ангиуд байдаг. Тэдэнд мэргэжлийн англи хэлний сургалт зохион байгуулах, албаны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ гэсэн үг гэв. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн 341 дүгээр салбарын сүлжээний инженер ахмад Ю.Мөнхзул “Англи хэлний сургалт эхлээд гурав дахь удаагийн хичээл орж байна. Энэ сургалтаас маш олон зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байгаа. Нэг удаагийн хичээл 50 минут ордог, сургалтаа дуусгаад дараагийн шатанд сурна гэж боддог. Манайх хилийн цэргийн анги учраас шалган нэвтрүүлэх алба буюу Монгол Улсад ирж байгаа, явж байгаа бүх зорчигчидтой харьцдаг. Тиймдээ ч энэ сургалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний англи хэлний суурьтай залуус бий. Бидний ажилд англи хэлний шаардлага их гардаг” хэмээв.

Хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа М.Өлзийхишиг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум дахь сургалт бэлтгэлийн төвд ногоон байгууламжаа сайжруулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэжээ. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ажилд гар бие оролцож, “Эко соёл сантай” хамтран ангийн байрлалд шар хуайс 300, Баянчандмань дахь Сургалт хамгаалалтыг заставт шар хуайс 200 ширхэгийг тус тус тарьж ногоон байгууламжтай анги болох зорилго тавин ажиллаж байгаа талаар ярилаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Айрагдаагүй ч бэлэгтэй наадам DNN.mn

Миний үзсэн хамгийн сайхан наадам гээд бодмогц ихэвчлэн тэмээний наадам санаанд бууж байна. Говь нутгийн минь чимэг болсон сүрлэг сайхан тэмээгээ уралдуулж, сайхан хос, сайхан ингэ, сайхан буур, сайхан атаа шалгаруулж өвөлдөө бид өргөн дэлгэр сайхан нааддаг. Манай удмынхан үе дамжин буянт сүргээ өсгөж, тэр дундаа тэмээг голчлон малладаг билээ. Харин би энд үзсэн гэхээс илүү өөрийн биеэр наадсан наадмаа бичихийг хүссэн юм.

2005 оны зун, сургуульд орохын өмнө жил ах нарыгаа дагасаар морь унаж сурлаа. Би уул шиг түшигтэй зургаан сайхан ахтай. Хоёр бага ах болох М.Амартүвшин, М.Амарсанаа нар намайг морь унахад сургалаа. Тэр зун зургаан даага сургаж, бид халтар даагаа мянгатын наадамд сойхоор болов. Морин дээрээс шороо амсаж үзээгүй хөлний хий, сэтгэлийн хөөрөл хоёр нь дарагдаагүй “Нөхөр” ахыгаа дагаж Мянгатын наадамд явахаар болсон юм. Манай нутагт аагим халж, долдугаар сарын сүүлээр арайхийн хур хайрлав. Хур оров уу үгүй юү маргааш өглөө нь таана шазайж, хүн малын сэтгэл тэнийж, уужим тал нутаг минь өнгө засах нь урамтай. Миний нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Манайх сумаас зүүн урагш 50 гаруй км зайд Их уул, Хээрийн булгийн араар зуншина.

Хур орсон тул мянгатууд найр, наадмаа хийхээр зэхнэ. Найр, наадмын уур амьсгал орж хавийн харчуул морь уядаг нь морио, барилддаг нь биеэ бэлдэцгээнэ. Ах бид хоёр ч бас. Нагац ах М.Амартүвшин маань цэргээс халагдаж ирээд удаагүй анхны наадамдаа халтар даага, хул шүдлэн үрээ сойлоо. Харин би унаач хүүхэд нь. Анхны наадам учир шөнийн зүүд, өдрийн бодол минь тэдний адил бэлдэцгээн наадамд түрүүлэх байлаа. Өвөө, эмээ, ээж минь ч надтай хамт наадамд бэлтгэнэ. Өвөө шинэ эмээлийн мод засч, ээж олонцоглоно. Эмээ олом жирэм сүлжинэ. Өвөөг минь Төгсийн Маниа, эмээг Д.Элбэг, ээжийг М.Азжаргал гэдэг. Ах бид хоёр өглөө, оройгүй морины ажлаа хийсээр л.

Өглөө нар мандахтай зэрэгцэн босч эмээлээ үүрээд, ахтай мориндоо явна. Нэг орой морио тавьчихаад орж ирэхдээ эмээлээ гэрийн үүдэнд тавиад ороод ирж. Уг нь тэмээн тэргэн дээр тавих ёстой. Маргааш өглөө нь эмээ намайг дуудахаар нь очтол “Хурдан морины хүүхэд чинь эмээлээ гэрээс урагш тавьдаггүй юм, дээш нь тавьж бай миний хүү. Тэгэхгүй бол энийг хар даа” гээд хайртай шинэ эмээл рүү минь заалаа. Гэтэл миний эмээлийн ган нь ханхалсан ганзагыг эрх цагаан ямаа маань идчихэж. Уйлах, инээх хоёрын дундуур юм болж билээ. Тал нь алга болж, шүдний ором үлдсэн ганзага руугаа харахаар л өөртөө гомдож нулимсаа залгимаар, эсвэл эрх ямаагаа зодмоор санагдана.

Бид олон хоног бэлдсэний эцэст мянгатын наадам ч хаяанд ирлээ. Наадмын өглөө ах бид хоёрын ходоод руу хоол битгий хэл цай ч орохгүй. Эмээ сүүгээ өргөөд, ээж миний хамаг гангарааны хувцас болох жийнсэн хослол, цагаан пүүзийг өмсгөж, гэзгийг минь хоёр сүлжиж өглөө. Өвөө болгоомжтой уралдахыг захиад, зүүн хацрыг минь үнэрлэн хөдөлгөв.

Бид хоёр морь уяж, унаж байгаа тул наадамд хамаг хүнээс эрт очих ёстой. Тэр наадамд бидний араас хонь, тэмээгээ усалчихаад өвөө, эмээ, ээж гурав очсон эсэхийг ч би санадаггүй юм. Ах бид хар үүрээр хоёр хос жороо морио унаад уралдуулах халтар даага, шүдлэн үрээгээ хөтөлсөөр саахалт айлыг зорилоо. Саахалт айл нь өвөөгийн отгон дүү Төгсийн Мөнхбатынх. Т.Мөнхбат ахын хүүд нар ч бас морь уяж байгаа, бид хамт явна. Ахын шон дээр очоод мориноос буухтай зэрэгцэн надтай үе тэнгийн хөвгүүн М.Сумъяа гүйж ирээд “Чамаар нэг ах азарга унуулна гэсэн” гэв. Би ч итгэсэнгүй “Худлаа ярь” гэчихээд гэр рүү орлоо. Гэр рүү ортол томчууд ч хэлж байна. Шон дээр сонссон хов үнэн болоод явчихлаа шүү.

“Хурдны морь унаж уралдаж үзээгүй надаар хэн морь унуулах вэ дээ” гэж бодсоор Цэций уулынхаа зүүн дэнж Эрэгийн зоон дээр ирлээ. Наадмын комиссоос “Эхлээд азарга уралдана шүү” гэж байна. Тэр үед манай сумын уул уурхай хараахан хөгжөөгүй, хаашаа л харна таньдаг хүмүүс. Энд тэндээс хүн ирээд “Энэ хэний хүүхэд вэ”, “Маниагийн өвөрт явдаг байсан бор охин ийм том болчихсон юм уу” гээд л ахтай сонин сайхан ярина.

Наадам ч албан ёсоор эхэллээ, нутгийнхан ч олуулаа цуглажээ. Энэ бол манай сумын Сийрст багийн Улсын аварга малчин Ц.Наранцэцэг гуайн мянгатын наадам.

Наадмын нээлтийн үеэр том хар машинтай, 40 эргэм насны бор ах ирээд “За сайн уу, миний дүү. Чи байх нь ээ, миний морины хүүхэд” гээд инээлээ. Тэр бол манай нутгийн хурдан хул азаргатай, Билгэх багийн малчин, уяач Б.Самба ах байсан юм. Агаа тэр хоёр ярилцаж надаар Б.Самба ахын алдарт хурдан хул азаргыг унуулах болов. Би огт азарга унаж үзэээгүй болохоор их айсан “Тийм хурдан азарга юм бол түрүүлчих юм биш үү” гэж догдолно. Үдээс өмнө азарганы уралдаан эхэллээ. Миний санаж байгаагаар 30 орчим азарга уралдсан юм. Хул азаргаа унаад гарааны зураас руу хөдөллөө. Би туршлагагүй унаач бүх азарганы хамгийн түрүүнд нь явж байтал нэг мэдсэн чинь хүүхдүүд “Гүүглээд” л буцаад харвачихдаг юм даа. Гарааны зураас дээр очоогүй байхад дутуу эргэчихсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч олон наадмын нүүр үзсэн хул азарга маань аль хэдийнэ мэдээд эргээд давхичихав. Гайхах, яарах хоёр зэрэгцэж ахын захиасыг ч бодож азаргаа зам дөхөөгүй байхад гуядсангүй. Замын голоос хэтрээд явж байтал Самба ах мотоцикльтой миний харалдаа ирчихсэн гараараа гуядаж үзүүлж байна. Би ч “Одоо болох юм байна” гэж ойлгоод суран ташуураараа баруун, зүүнгүй гуядсаар барианд есөөр оров. Бодсоноос муу уралдсан тул сэтгэл гонсгор “Арай ч дээ, наадам ийм байдаг юм уу. Ингэж дутуу эргэдэг юм уу” гэж шар гозойгоод нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой зангираад үг ч гарсангүй.

Б.Самба ах “Миний охин сайн уралдлаа. Өөрөө гэмтээгүй, эхний аравт орно гэдэг чинь амжилт” гээд л намайг аргадаж зуугийн шар тор дүүрэн бэлэг авч өгсөн юм. Удалгүй ах бид хоёрын уяж байгаа шүдлэн насны уралдаан эхэллээ. Өмнө нь нэг уралдаад тодорхой хэмжээний туршлагатай болчихсон нөхөр бүх шүдлэнгийн сүүл мушгаад, их болгоомжтой гарааны зураас руу явсан юм даг. Бас л 20 гаруй шүдлэн үрээ уралдсаныг санагддаг. Хамаг тактикаа ашигласан ч 15 дугаарт хурдаллаа. Бас л сэтгэл гонсгор “Одоо даагатайгаа сайн уралдана аа” гэж бодоод дуртай дургүй мориноосоо бууж ирсэн. Ах намайг зоригжуулж ундаа уулгаж, наадмын хуушуур идүүлээд “Айрагдах хамгийн сүүлийн боломж, ахын дүү хамгийн гол нь болгоомжтой яваарай” гээд дааганд мордууллаа. Тэр хүйтэн коланы сайхан амт хуруу дарах тооны төв орж үзсэн, хөдөөгийн хургачин охин надад амттаны дээд нь юм шиг санагдаж билээ.

Даага уралдах цаг болж бид гарааны зураас руу явлаа. Хэд орчим даага уралдсаныг одоо санадаггүй ч нэг их олон даага бол байгаагүй.

Даага барианаас эргээд л давхиж өглөө. Ах бид хоёр даагаа олон хоног сойгоогүй хөөрхөн “Холхгор” даага байсан юм. Халтар даага бид хоёр хичнээн хичээсэн ч баян ходоодонд орсон. Барианд ороход хүмүүс хоёр талаар эгнээд зогсчихсон “Хоёр хөөрхөн юмыг хар даа” гээд л өхөөрдөж байсан ч надад нүүр хийх газар байсангүй. Ичсэндээ барианы зураасны хажуугаар явж байтал морь бариач цогьж ирээд “Ингэж болдоггүй юм, бариандаа орох ёстой миний дүү” гээд цулбуурнаас минь хөтлөөд бариан зураасаар алхуулав.

Тэр өдрийн наадамд хэн хэн байсан, хэдэн гэр байсныг, морины уралдаанаас өөр юу болсныг ч огт санадаггүй. Учир нь миний хамгийн гол зорилго уралдаанд түрүүлэх л байлаа. Уралдаанд түрүүлж чадаагүй ч баян ходоодонд орсон дааганд бэлэг өгдөг юм билээ. Ууттай бэлэг, жижигхэн бор хувцасны чемодантай болсон. Ямартаа ч анхны наадмаасаа бэлэгтэй харьсан юмдаг. Ах бид хоёрыг гэртээ очиход өвөө, эмээ, ээж минь гоёо түүгээд арилгачихсан, бүр дүрж идэх таргийг нь бэлдээд “Миний хүүхдүүд сайхан наадсан уу” гэсээр угтаж билээ. Баян ходоодонд орсон халтар даага минь одоо арав гаруй настай бүдүүн морь болж адуун сүрэгтээ идээшлэн бий. Зуны амралтаар хаа нэг адуугаа эргэхэд андаад гүйгээд ирдэг юм. Тэр жилийн наадмаас ийм гэгээн дурсамж үлдэж. Наадам дөхсөн өдрүүдэд таван настай балчир охин халтар даагаа унаад саахалтын хөвгүүдтэй ана мана тарлаж явсан тэр дурсамж сэтгэлд илүү тодорч харагддаг юм. Наадам гэдэг айрагдаж, түрүүлэхдээ гол нь биш хатуу өвөл, хахир хаврын их ажлыг давж, дэлгэр зунтай золгосны баяр юм билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Н.Идэрмөнх: Солонгосын тайзан дээр би дэлхийд түүхтэй монгол хэлээрээ дуулж байгаадаа омогшдог DNN.mn

Солонгос улсын “SOOM” энтертайнментын дуучин Н.Идэрмөнхтэй ярилцлаа.


-Саяхан бие даасан тоглолтоо хийсэн, тоглолтын сонин сайхнаас ярилцлагаа эхэлье…

-Хэдхэн хоногийн өмнө Сөүл хотноо анхны бие даасан тоглолтоо хийлээ. Эерэг, дулаан уур амьсгалтай маш сайхан тоглолт болж өнгөрлөө. Монгол хүн анхны бие даасан тоглолтоо Солонгос улсад хийхэд монголчууд маань их хүндэлж, дэмжлээ. Солонгост байгаа монголчууд маань эх орноо их санасан байна. Тоглолтын маргаашаас эхлээд үзэгчдээс сайхан сэтгэгдэл олон ирсэн. Миний хувьд анхны тоглолт учир бүх зүйл дээр их ач холбогдол өглөө.

-Тоглолтоо “Одод ширтэхийг хүснэ” гэж нэрлэсэн. Ямар утга учиртай вэ?

-Миний анхны солонгос уран бүтээлийн нэр байгаа юм аа. “Одод ширтэхийг хүснэ” дуугаа 2019 онд Солонгосын хөгжмийн сувгуудаар цацаж байлаа. Нэрийн учир нь солонгост од харагддаггүй. Манай Монголд бол орой бүр тэнгэр дүүрэн од харж чаддаг шүү дээ. Энэ утгаараа гадны оронд ажиллаж, амьдардаг эх орноо санасан олон монголчуудынхаа хүслийг илэрхийлэхийг зорьсон.


-Та хэзээнээс БНСУ-д амьдарч эхэлсэн бэ. Ямар зорилгоор БНСУ-ыг зорьж байв?

-Би Солонгос улсад 12 дахь жилдээ амьдарч байна. Анх 2010 онд хөдөлмөрийн гэрээгээр ирж байсан. 2016 онд “Seajun” их сургуулийн бизнесийн удирдлагын ангид элсэж, 2017 оноос энэ сургуулийнхаа дуулаачийн ангид давхар суралцаж төгссөн.

-Манай улстай харьцуулахад Солонгос улс олон хүн амтай, тиймдээ ч урлагийн зах зээл нь өрсөлдөөн ихтэй байх. Харин монгол залуу энэ салбарт яаж орсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Өрсөлдөөн их байдаг, түүнийгээ дагаад урлаг соёлын арга хэмжээ, телевизийн нэвтрүүлэг олон байдаг. Тиймээс өөрийгөө дайчилж авьяас чадвараараа ялгарч чадах юм бол олон тэмцээн, уралдаанд оролцох боломжтой. Энд гаднын орныхон олноороо ирдэг учир гадаад хүмүүст зориулсан үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг.

-Таныг нэг жилийн өмнө БНСУ-ын “E chan­nel” телевизийн дууны тэмцээний ялагч болсон гэж уншсан. Энэ тухай яриач?

-Тийм ээ, к поп төрлийг сурталчлах зорилгоор гадаад уран бүтээлчдийн дунд зохион байгуулсан “Topgoal Rhapsody” тэмцээний тав дахь дугаарын ялагч болсон. Тэмцээнд дууны эхний бадгийг Солонгос хэлээр, хоёрдугаар бадгийг эх орныхоо хэлээр дуулдаг. Чех, Америк, Хятад зэрэг олон улсын оролцогчид дундаас хамгийн өндөр оноог авч түрүүлсэн. Тэмцээний үеэр Солонгосын дууны урлагийн томоохон төлөөлөгч 1200 гаруй дууны шүлэг бичсэн алдарт И Гон Ү хамтарч ажиллах санал тавьсан. Тэр тэмцээнд түрүүлсэн бичлэгийг монголчууд маань үзэж олон эерэг сэтгэгдэл бичсэн байсан. Сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг монголчууддаа маш их баярлалаа.

-Тухайн үед дөрвөн шүүгчээс 100 оноо авч тэмцээний шинэ рекорд тогтоосон талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр магтан мэдээлж байсан. Яагаад “Чиний төлөө” дууг сонгосон бэ?

-“Чиний төлөө” дуу өөрөө маш хүнд, хүн бүрийн сонгож дуулаад байдаггүй дуу. Дуучин нь хурц хоолойтой, өвөрмөц ертөнцтэй хүн. Энэ дуу хэцүү учраас хүмүүс их онцгойлж авч үздэг. Тэр үед өөрийнхөө бүх л нөөц бололцоог дайчилж оролцсон.


-Монгол, солонгос хоёр хэлээр дуулах ямар байсан бэ?

-Гадаад дууг монгол хэл рүү хөрвүүлж дуулах хэцүү байсан. Хэдэн шөнө нойргүй хонож үгийг нь дахин дахин сонсоод, дуулж үзээд, маш олон үгнээс сонголт хийж байж тэр дууг орчуулсан. Агуулга, орчуулга нь сайн байсан болохоор монголчуудад маань хүрсэн юм болов уу гэж боддог. Анх удаа Солонгосын тайзан дээр монгол хэлээр дуулсан нь онцлог болсон байх.

-Ер нь дуу хөгжимд татагдах, тэр тусмаа өөрийн дуулах авьяасаа хэзээ нээсэн бэ?

-Монголд байхаасаа л дуучин болох хүсэлтэй байсан. Монголд байхдаа урлагийн сургуульд сурч чадаагүй. Харин одоо энэ чиглэлээрээ Солонгос улсад ажиллаж амьдарч байна /инээв/.

-Одоо ямар нэг агентлагт харьяалагддаг уу?

-2022 оны эхээс “SOOM” энтертайнментад харьяалагдаж эхэлсэн. Олон орны уран бүтээлчээс бүрдсэн хөгжмийн хамтлаг байгуулсан, би дуучнаар ажилладаг. Манай хамтлаг ирэх намраас шинэ уран бүтээлээ гаргахаар ажиллаж байна.

-Дараагийн тоглолтоо төлөвлөсөн үү?

-Солонгосын хотуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 10-ны өдөр Инчон хотод тоглолтоо хийх гэж байна. Мөн Солонгосын “Arirang” телевизэд 30 минутын тоглолтоо хийнэ. Телевизийн тоглолт шууд цацагдах учир монгол дуунуудаа дуулна аа.

-Монголд тоглолтоо хийх бодол бий юү?

-Сая тоглолтдоо хоёр шинэ монгол уран бүтээлээ дуулсан. Монголдоо очиж уран бүтээлээ танилцуулах бодол байдаг. Эхлээд уран бүтээлүүд маань олон хүнд хүрсний дараа эх орондоо тоглолтоо хийх зорилготой байна.


-Солонгос улсын тайзан дээр монгол дуугаа дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Өвөг дээдсийнхээ байлдан дагуулж явсан түүхээр бахаддаг. Солонгосын тайзан дээр би хэний ч мэдэхгүй биш, дэлхийд түүхтэй монгол хэлээрээ дуулж байгаадаа омогшдог. Хүний нутагт миний эх орон ийм хэлтэй, ийм дуутай гэдгийг харуулж, сонсгож байгаадаа бахархдаг.

-Монголоос Солонгосын урлагийн салбарт хүч үзэх хүсэлтэй залууст юуг зөвлөх вэ?

-Монгол залуус маань авьяаслаг учир хичээж чадвал ямар ч амжилтад хүрнэ. Өөрийгөө бүрэн дайчилбал хүн бүхэнд боломж байдаг гэж хэлмээр байна.

-Таныг эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон хүмүүст тусалдаг гэж сонссон юм байна…

-Элэг нэгт монголчууддаа бага ч болов туслахыг хүсдэг. Боломж гарвал хандивын тоглолт зохион байгуулдаг. Ямар нэг ашиг сонирхлын зорилгогүй, хүн хүндээ дэмтэй явахад болно доо гэж боддог

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

О.Чимэдцэрэн: Нүүрсээр зурах нь илүү амттай санагддаг DNN.mn

Зураач О.Чимэдцэрэнтэй ярилцлаа.


-Та хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа зураг зурах дуртай, гадаа тоглодоггүй, цөөн найзтай хүүхэд байсан. Арван жилдээ шугам зургийн хичээлдээ дуртай, архитектурч болно гэж боддог байлаа. Тэгээд мэргэжлээ сонгоход хоёр сонголт байсан, архитектурч эсвэл зураач, бодож байгаад зураач мэргэжлийг сонгосон.

-Зураач болоход гэр бүлийн орчин нөлөөлсөн үү?

-Манай гэр бүлд зураач, урлагийн хүн огт байхгүй. Одоо бодоход их сонин санагддаг. Хэн ч зур гэж хэлээгүй байхад өөрөө дурлаад зураад л байсан /инээв/.

-Таны урланд ихэвчлэн хөрөг зураг харагдаж байна. Яагаад хөрөг зурах болсон бэ?

-Хамгийн анх аравдугаар ангидаа эмээгийнхээ хөргийг зурсан. Тэр үедээ их төстэй санагдаж, урамшаад их сургуульд хөрөг зургийг илүү судалж суралцаж эхэлсэн.

-Яагаад нүүрсээр зурдаг юм бэ?

-Нүүрсээр зураг зурах илүү амттай санагддаг. Би хар зурагт дуртай, өнгөөр ч гэсэн зурдаг л даа. Гэхдээ хар зурагтаа илүү дурлаж зурдаг. Анхлан суралцагчид харандаагаар зурж эхэлдэг. Харандаа гарын ур чадварыг сайжруулдаг. Харандаагаар зураад тодорхой хэмжээний ойлголт, суурьтай болсны дараа нүүрсээр зурахад тохиромжтой байдаг.

-Нүүрсний нунтгаар зурна гэсэн үг үү, зориулалтын хэрэгсэл байна уу?

-Шахаад бэхжүүлсэн, зураг зурахад зориулсан шатаасан мод байдаг.

-Хөрөг зураг зурахдаа хүнийхээ ерөнхий төрхийг гаргахад юу чухал вэ?

-Хамгийн эхэнд хэлбэр, дүр төрх, түүнийгээ дагаад гэрэл сүүдрийг ойлгосон байх ёстой. Тухайн хүнийг зурахдаа маш сайн ажиглах хэрэгтэй. Донж, төрх давуу талыг нь харсны дараа жинхэнэ тэр хүнийг зурж чадна. Зүгээр хараад дуурайлгаад, адилхан зураад л байвал гурвалжин, дөрвөлжин дүрс зурж байгаагаас ялгаагүй.

-Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-Одоохондоо би өөрийгөө уран бүтээл хийсэн гэж хэлэхгүй. Тодорхой хэмжээнд бага багаар ур чадвараа хөгжүүлээд л явж байгаа. Яг тэдэн бүтээлтэй гэж хэлж чадахгүй байна.

-Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу хүргэхийг хүсдэг вэ?

-Өөрийн дотоод мэдрэмжээ л илэрхийлдэг. Жишээлбэл, “Цаг хугацаа” гэдэг бүтээл байна. Энэ бүтээлээрээ дамжуулж залуу ч бай, хөгшин ч бай цаг хугацаагаа хайрлаач ээ гэж хэлэхийг зорьсон. Миний хувьд аав болсноосоо хойш цаг хугацааны үнэ цэнийг илүү мэдэрч байгаа. Өөрийн цагаа их үнэлдэг болсон. Залуучууддаа ч бас цаг хугацаагаа үнэлээрэй, та л өөрийн цагийг үнэлэхгүй бол өөр хэн ч үнэлэхгүй гэж хэлмээр байна.

-Өөрийн дотоод мэдрэмжээ уран бүтээл болгон гаргасан байна. Таны хувьд мэдрэмж гэж юу юм бэ?

-Би бас өөрийн мэдрэмжээ гайхаад байдаг /инээв/. Заримдаа би яаж энэ зургийг бүтээв гэж боддог.

-Таны уран бүтээлээ хийх хүсэл, онгод яг ямар үед төрдөг вэ?

-Яг тийм үед зурах онгод ордог гээд хэлэхэд хэцүү. Яах вэ, зарим үед тохироо нь бүрдээд сайхан зураг гаргадаг, зарим тухгүй, түгшүүртэй үед төвлөрч өгдөггүй. Гэхдээ бас би төвлөрөхгүй байна гээд шалтаг тоочоод байж болохгүй. Би зураачаас гадна дизайнерын ажил хийдэг. Төвлөрч чадахгүй байгаа үедээ тэр ажлаа хийдэг.

-Нэг уран бүтээл бэлэн болоход ямар нэг хугацаа заадаг уу?

-Тодорхой ажил авсан бол тэр хугацаандаа дуусгадаг. Хүмүүс халтуур гэж нэрлэдэг, би тэгж ярих дургүй, би халтуур хийдэг хүн биш. Зүгээр л чаддаг зүйлээ үнэлүүлж байгаа хүн. Ямар ч ажил авсан миний архивт үлдэх, миний бүтээл гэж ханддаг. Яг өөрийнхөө тусад нь авч үзэж байгаа бүтээлүүддээ хугацаа заадаггүй, мэдрэмжээрээ л дуусгачихдаг.

-Ямар зургийг хамгийн удаан хугацаанд зурсан бэ?

-Хамгийн том зураг болох “Үр”-ийг хоёр улирал зурсан. Ямар нэг зүйлийг хараад, дуурайгаад зурж байгаа зүйл биш учраас бодох, эргэцүүлж удаан хугацаа зарцуулах үе олон байдаг.

-Ирээдүйг хэрхэн харж байна?

-Энэ байдлаараа илүү ахиц дэвшилтэй явна гэж боддог. Их мөнгөний хойноос ч юм уу тийм зорилго байхгүй, яг өөрийнхөөрөө уран бүтээлээ хийгээд л явна. Хамгийн ойрын зорилго бол анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах, цааш төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана даа.

-Уран зургийн сургалт хичээллүүлдэг гэсэн үү, сурагчдаа ямар чадварт сургахыг зорьдог вэ?

-Урлангийнхаа хажууд сургалт ажиллуулаад хагас жил гаруй болж байна. 20-иод сурагчтай, би сурагчдадаа суурь мэдлэгийг олгодог, дотор нь нэг гоё хүсэл, мэдрэмж байгаад түүнийгээ хөгжүүлмээр байна гэвэл зөвлөгөө өгөөд явдаг.

-Ер нь зураг зураад л байх чухал юм уу?

-Би зураад л байдаг, гэхдээ маш олон юмыг боддог. Чөлөөтэй үедээ их эргэцүүлж байх чухал. Байнга зурлаа гээд гар хөгжихгүй, хүн оюун санаагаа хөгжүүлж байж цааш явна. Хүн завгүй хөдөлмөрлөх чухал, гэхдээ зарим үед анзаарахгүй хөдөлмөрлөөд байдаг.

-Дараагийн уран бүтээлүүдээ төлөвлөсөн үү?

-Би заавал олон материал цаас гарзаддаггүй, эхлээд таблетдаа зурж үздэг. Дараагийн уран бүтээлүүд санаа боловсруулалтын үедээ явж байна.

-Та сүүлд “Тамгагүй төр” жүжгийн зураг дээр ажилласан байсан…

-Тийм ээ, Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн жүжгийн зохиолд ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Зурж байхдаа маш их баярласан.

А.ГАНТУЯА

Н.МӨНХБОЛОР

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Я.Баяраа: “Гэгээн муза”-ийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна DNN.mn


Яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраатай ярилцлаа.


-“Гэгээн муза” олон улсын театрын наадамд таны уран бүтээл өнгөллөө. Танд баяр хүргэе.

-Баярлалаа, залуусын бичсэн зохиол мэргэжлийн хүрээнд, энэ хэмжээнд үнэлэгдсэнд их баяртай байна.

-Энэ жилийн “Гэгээн муза” наадамд та “Шилдэг жүжгийн зохиол” төрөлд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Ш.Гүрбазар, профессор Н.Пүрэвдагва гэсэн туршлагатай, нөлөө бүхий хоёр ахмад уран бүтээлчтэй өрсөлдлөө. Та өрсөлдөгчдөө хэрхэн үнэлж, өөрийн “Гэм зэм” постдрамын жүжгийн зохиолдоо хэр их итгэлтэй байв?

-Энэ цаг үеийн сэхээтэн, хүндтэй хоёр эрхэмтэй өрсөлдөж илүү үнэлэгдсэндээ баярлалгүй яах вэ. Тэд бол миний өвөө шиг хүмүүс, аав шиг ч биш. Жүжгийн зохиолын хувьд яг үнэндээ эдгээр зохиолуудтай харьцуулахад харьцангуй сайн гэж бодож байсан. Зохиолч хүнд дотоод итгэл үнэмшил гэж бий. Найруулагч М.Батболд, зохиолч Э.Бүжинлхам бид гурав анхнаасаа “Гэм зэм” жүжгийг сайн юм хийе, хийсэн шиг хийе гэж ажилласан.

-Том зохиолыг жүжиг болгоход хэцүү юү, хэдий хугацаа зарцуулсан бэ?

-Анх найруулагч М.Батболдыг Ф.Достоевскийн бүтээлийг Монголын тайзнаа тоглуулъя гээд хамтарч ажиллах санал тавихад өөртөө итгэлгүй байна гэж хэлээд, дотроо “Галзуураа юу” гэж бодож байлаа. Харин М.Батболд “Чи чадна, чиний онолын мэдлэг сайн гэдэгт итгэж байна” хэмээсэн. Өмнө нь бид хоёр зохиол боловсруулах төсөлд хамтарч ажиллаж байсан юм. Тухайн үед миний ажиллах арга барилыг анзаарсан байх. Тэгээд хамтрахаар шийдэж гэрээгээ байгуулж “Орфей” театр ч байгуулагдсан. Эхлээд зохиолоо хоёр сар уншиж, судалсан. Дараа нь зохиолоо яаж бичих талаар долоо хоног ярилцаад, найруулагч надад зохиол задлах найруулгын саналаа тавьсан. М.Батболдын зохиол задлах арга зүй зохиолын үг бүрийн цаад утгыг ухаж ойлгох. Жижиг чулуу бүрийг сөхөж доод талыг нь хардаг шиг. Зохиолоо нэг бүрчлэн уншиж, задаргаа хийж анхны сцений шийдлүүдийг гаргаж, би шүүх ажиллагаа гэдэг шийдлийг гаргасан юм.

-Яагаад?

-Шүүх гэдэг театр руу шилжүүлж болох хүн төрөлхтний нийгмийн харилцааны нэг хэрэгсэл. Эхний бүлэгт миний шийдэл, хоёрдугаар бүлэгт найруулагчийн шийдлээр ажилласан. Үндсэндээ гурван сар орчим ажиллаж 70 гаруй хуудас жүжгийн зохиолтой болсон. Зохиолчдын уншилтаар жүжиг гурван цаг 20 минут орчим болсон, сунжруу. Зохиолоо танах хэрэгтэй болсон ч танах зүйл олдоогүй. 600 гаруй хуудас романаас 70 хуудас зохиолтой болсон хүмүүст хаях зүйл олдохгүй байсан.Тэгээд П.Батхуяг багшдаа зохиолоо хянуулсан. Багшийг би удаан хянах байх гэж бодсон. Гэтэл тэр шөнөдөө суугаад, маргааш өглөө нь намайг дуудаж “Миний хүү юмны дөртэй болжээ. Зохиол бэлэн болж, зохиол дээр хасмаар юм байдаггүй. Харин хасчихмаар дөрөв таван хэсгийг дугуйлж, тайлбар бичсэн” гэж хэлсэн. Багшийн маань засвартай гар бичмэл надад байгаа. Бид багшийн засварт төвлөрч ажиллаад, арав гаруй хуудас хасаж 62 хуудастайгаар зохиол бэлэн болсон. Жүжгийн зохиол бүтсэн түүх ийм л байна даа.

-Та “Гэгээн муза” шагнал гардах үеэр “Энэ бол миний багшийн амьддаа хийсэн агуу их үйлийн үрийн өчүүхэн хэсэг” гэж хэлсэн. Багшийнхаа тухай дурсаач…

-Миний багшийн сэтгэлд гал, ус хоёр хоёулаа багтдаг. Заримдаа ус шиг уярч хайлна, заримдаа гал шиг дүрэлзэнэ. Миний багш эр зоригтой, хязгаараа давж, хязгаараасаа уруудаж, тамтгаа алдаж буй гоо зүйгүй зүйлийг бут ниргэдэг шүүмжлэгч байлаа. Түүний зэрэгцээ энэ маань ийм сайхан явна, ийм зүйл хийчихлээ гэж чин сэтгэлээсээ энэрч хайрладаг зөөлөн сэтгэлтэн. Багш маань тасралтгүй бичдэг ойгүй хөдөлмөрч хүн байлаа.

Надтай танилцсанаас хойших өдрүүдэд цоо шинийг сэтгээгүй, бичээгүй нэг ч өдөр байхгүй. Сүүлийн 20 гаруй жилийн турш түүнд амралтын өдөр, амар тайван суух цаг гэж байгаагүй. Тархиа тасралтгүй шавхаж ажилладаг, тэр бүхнээ бидэнд өвлүүлэхийг хичээдэг, хүсдэг байлаа. Бид тийм байж чадаагүй, багш үүнд ундууцах өдрүүд байсаан. Хамгийн сүүлд “Гэм зэм” жүжгийн зохиолоо хянуулахад “Овоо доо миний хүү, одоо л нэг юмны дөртэй болж байна” гэхэд нь их баярласан. Тэр хайрласан шиг хайрлаж, нөхөрлөсөн шиг нөхөрлөж, дайсагнасан шиг дайсагнадаг байлаа. Хүнийг үгүй болоход тэр цэлгэр орон зайг юугаар ч нөхөж болдоггүй юм байна. Монголын уран зохиолд хэтэрхий том орон зайг үлдээлээ, шавь нар нь тэр орон зайг хугаслаад ч болов дүүргэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ бол ганцхан миний бодол биш, Пүрэвхүүгийн Батхуягийн уран зохиол, оюуны ертөнцөд бэлтгэсэн олон зуун шавийн бодол юм шүү (хоолой нь зангирав). “Гэгээн муза”-ийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна. Уран зохиолын хүрээн дэх миний эцэг бол Пүрэвхүүгийн Батхуяг багш минь.

-Та хоёр дахь удаагаа “Гэгээн муза” хүртэв үү?

-Тийм ээ, дөрвөн жилийн өмнө Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Алтангэрэлийн хичээл зүтгэлээр дуурийн сэдэвтэй “Цагаан толбо” монодрам бичсэн. “Цагаан толбо” жүжгийн гол санаа хүний амьдралд сэтгэлд нэвт орсон, шархны тав шиг хар толбууд байдаг ч мартагдашгүй цагаан толбо гэж бас байдаг тухай өгүүлдэг.

-Тэгвэл “Гэм зэм” постдрамын жүжгийн хүмүүст хүргэх хамгийн гол санаа нь юу юм бэ?

-Жүжиг хоёр бүлэгтэй. Эхнийх нь шүүхийн хэсэг реалист драм, хоёрдугаарт оршихуйн драм. Миний бодлоор манай нийгэм бол сохор нийгэм. Манай нийгмийг сохор заан уулын уруу таарсан болгоноо дайрч давхиж яваа юм шиг, том машин тээрэмдэж эргэлдэж байгаагаар зүйрлэе. Тэр том машин хүний хүсэл сонирхол, итгэл найдвар, хүн чанар бүгдийг тээрэмдэж байна. Тээрмээс гарах гарц нь юу вэ гэхэд хэн ч хариулж чаддаггүй. Хэн нэгнийг, ямар нэг эд зүйлийг хайрлах хайр, халуун сэтгэлгүй болгож тээрэмддэг нийгмийн тухай хэлэхийг хүссэн. Хоёрдугаарт, тэс ондоо үзэл бодолтой гурван үеийнхэн манай нийгмийг бүрдүүлж байна. Социализм, капитализм, мэдээлжсэн нийгэмд амьдардаг эрх чөлөөний мэдрэмж өндөртэй залуу үе. Энэ гурван үеийн толхилцоон “Гэм зэм”-ийн нэгдүгээр бүлгийн амин санаа. Хүн алуурчин болж төрдөггүй, алуурчин болж хүмүүждэг. Том машин, согтуу зааны хөлд өртсөн оюун санаа, нийгмийн бохир эргэлтээс болж хүмүүс алуурчин болж, галзуурч байна. Ядралын ангалын ирмэг дээр байна. Хүн хэдийгээр галзуурч, там шиг амьдралыг туулсан ч оюун санаа, сэтгэл гэдэг юуны ч ард гэгээрч, аврагдаж, дахин шинээр төрсөн мэт амьдрах чадвартай гэдэг өөдрөг сэтгэлийг жүжгийн төгсгөлд гаргахыг хичээсэн. Манай найруулагч зохиолын энэ санааг маш ёгтоор гаргасан. Раскольников бүгдийг даван туулж, сандлаа үүрч гарч ирээд өөрийн гэм бурууг хүлээж байгаа. Энэ бол бид зохиомол зүйлд дарлуулсныхаа горыг хэзээ нэгэн цагт эдэлнэ. Гэхдээ бидэнд аврагдах боломж бий гэсэн санаа.

-Үзэгчдээс Родягаа хайрлаж, олны хэсгийг тодотгож зохиолоо бичсэн зохиолчид баярлалаа гэсэн сэтгэгдэл харагдсан. Та зохиолоо бичихдээ юуг чухалчилсан бэ?

-Би уран бүтээлчдэд зориулсан зохиолын өмнөтгөлд “Ф.М.Достоевскийн бий болгосон хүн чанар, ёс суртахууны үл үзэгдэх шугамыг зөрчиж гишгэх эрх надад байсангүй” гэж бичсэн. Энэ бол сөрөг дүргүй зохиол, хэдий бүгд эерэг биш ч гэлээ сцений бөглөөс болсон дүр байхгүй, идэвхтэй, ямар нэг зүйл илэрхийлэхийг хичээсэн. Монолог, харилцан яриа, хошин үзэгдэл, үйл хөдлөлөөр үзүүлэх драм гэх мэт дүр бүрийн сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж өөр шийдлүүдийг ашигласан.

-“Гэм зэм” таны хэд дэх жүжгийн зохиол вэ, дараагийн жүжгийн зохиолын ажилдаа орсон уу?

-Тав дахь жүжгийн зохиол, одоо “Мастер Маргарита” жүжгийн зохиолын төлөвлөгөө гараад үндсэн бичилт явагдаж байна. Мөн Өвөрхангай аймгийн театртай хамтарч түүхэн жүжигт ажиллаж байгаа.

-Тан руу залгахад “Байна уу, яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа байна” гэж хошигнодог байсан гэж найзууд тань ярьдаг юм билээ. Та хүүхэд байхаасаа л яруу найрагч болох мөрөөдөлтэй байв уу?

-Би долдугаар ангидаа яруу найрагч болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Наймдугаар ангидаа “Аав аа, би яруу найрагч болно” гэж хэлээд химийн сонгонд явахаа больсон. Тэр өдрөөс хойш яруу найрагчаар амьдарч байна.

-Насан туршдаа яруу найраг бичих үү?

-Тийм, яагаад болохгүй гэж. Бал, цаас байна. Гудмаар алхаж байгаа үзэсгэлэнт бүсгүйчүүд, зүрх сэтгэл амьд, зүүд зөн тунгалаг байна. Өөр юу хэрэгтэй юм. Бичих л ёстой.

-Та энэ мянга мянган санаа, сэдвээс алийг нь бичих илүү дуртай вэ?

-Мэдээж бүсгүй хүн, дараа нь моддын тухай бичих дуртай.

-Мод оо, яагаад?

-Мэдэхгүй ээ, модны тухай огт дүрслэлгүй мөртлөө моддын тухай бодож бичсэн шүлэг олон байдаг. Модны тухай бичнэ гэдэг мод л бичихийн нэр биш шүү дээ.

-Миний санаж байгаагаар та “Underground” гэдэг номын цувралаар “Хүүхнүүд”, “Хэлээ гарга” номыг гаргасан. Яагаад ийм цуврал гаргах болсон бэ?

-Яруу найрагч Б.Батзаяа болон хэсэг найзуудын хамт “Boobooks” гэдэг бүтээлч баг байгуулсан. Энэ нь эх орондоо хэвлэхийг хориглосон, зохиолчид нь хавчигдаж шахагдсан, эх орноосоо дүрвэсэн, эсвэл шагнал авч шилдэг борлуулалттай номоор шалгараагүй ч тулхтай уншигчдын дунд ярианы сэдэв байсаар өдгөөг хүрсэн бүтээлүүдийг монгол уншигчдадаа хүргэх зорилготой. Анх “Boobooks underground” цувралыг эхлүүлсэн. Чарльз Буковскийн “Хүүхнүүд”, Ма Жианы “Хэлээ гарга”, Даниил Хармсын “Оршихуй №2” номуудыг уншигчдын хүртээл болгосон. Уг цуврал энэ жил Эдуард Лимоновын “Энэ бол би Эдичка” романаар үргэлжилнэ.

-Хүмүүс их сонирхож байна уу?

-“Boobooks”-ийг ашиг орлогын төлөө байгуулаагүй. Тэрсүүд, эрх чөлөө хүссэн дуу хоолойнуудыг монгол уншигчдад хүргэж, түүнээсээ таашаал авахыг л хүссэн юм. Эхний ном нь дараагийн хэвлэгдэх номынхоо зардлыг үүсгэчихдэг. Энэ нь бид хоёрт болоод л байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Рэгдэл: Монголд шинжлэх ухаан хөгжиж байж дэлхийн даяаршилтай хөл нийлнэ DNN.mn

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-Манай улсын шинжлэх ухааны хөгжил дэлхийд ямраар үнэлэгддэг юм бэ?

-Дэлхий дээр шинжлэх ухааныг үнэлдэг тогтсон үзүүлэлтүүд бий. Тэр үзүүлэлтэд хамрагдах хэмжээний шинжлэх ухаан технологийн чадавхтай байх ёстой. Тухайн улсаас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэдэн өгүүлэл хэвлүүлдэг, дэлхий даяар хэдэн хүн эш татаж авч ашигладаг вэ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Олон улсын сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж буй байдлаараа манай улс Азийн 46 орноос 19, 20 дугаарт эрэмбэлэгддэг. Энэ нь онолын суурь судалгааны хувьд Монголын эрдэмтэд Ази тивдээ дундаж түвшинд явж байна.

Өөрөөр шинжлэх ухааны үр дүнг хэрхэн хэрэглээнд оруулдаг юм бэ гэдэг үзүүлэлт бий. Энэ үзүүлэлтээр манай улсын шинжлэх ухаан харьцангуй доогуур ордог. Үүнд судалгааны үр дүн ард түмний гар дээр очдог бүтээгдэхүүн, үйлчилгээ болох тухай асуудал яригдана. Хоёрдугаарт, оюуны өмчийн эрх хамгаалах түвшин. Монгол Улс жилд хэдэн оюуны өмч хамгаалж байна гэдэг үзүүлэлт. Эдгээр үзүүлэлт их тааруу байдаг. -Шалтгаан нь юу вэ?

-Хоёр гол шалтгааныг ярья л даа. Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил, улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт хуваарилдаг хөрөнгийн хэмжээ дэндүү бага. Бага үр тарьсан бол бага л тариа хураана. Хоёрдугаарт, манай улс үйлдвэрлэлийн технологийн суурь муутай. Мэдлэг, технологи хоёр бүтээгдэхүүн болох явцад нэг хавцал бий. Түүнийг “Үхлийн хөндий” гэж нэрлэдэг. Монгол эрдэмтдийн бий болгосон мэдлэг, технологийн 90 гаруй хувь нь бүтээгдэхүүн болж чадалгүй үхлийн хөндий рүү унадаг. Тиймээс энэ үхлийн хөндийг туулах чадавхыг бий болгох ёстой. Төр засаг, хувийн хэвшил, шинжлэх ухаан гурвуулаа нийлж байж хавцлыг давна.

-Мэдлэгээ хэрэглээ, бүтээгдэхүүн болгоход юу хамгийн их шаардлагатай байна?

-Мэдлэг, технологийг бүтээгдэхүүн болгох замд байдаг “Үхлийн хөндий”-г давах л чухал. Энэ хөндий дээгүүр гарахын тулд инновацийг дэмжих үйл ажиллагаа, хувийн хэвшлийн мэдэлд байдаг үйлдвэрлэлийн технологийн суурь сайжирч хөгжиж байх ёстой. Энэ хоёр нийцэж байвал үхлийн хөндий дээгүүр нарийн гүүр тавигдаж мэдлэг маань бүтээгдэхүүн болно.

-Яг одоогоор манай улс ямар шинжлэх ухаан хөгжүүлэх шаардлагатай байна?

-Хариулахад амаргүй асуулт байна. Шинжлэх ухаан гэдэг нийгэм, эдийн засгийн том сектор бол дэлхий дээр маш их даяаршсан. Бид шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд дэлхийн шинжлэх ухаан хөгжиж буй жишгийг дагаж явах хэрэгтэй. Монголын онцлогтой, монгол шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Дэлхийн шинжлэх ухаан Монголд хөгжиж байж шинжлэх ухааны даяаршилтай хөл нийлнэ. Дэлхий даяар энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхдээ ямар дэд бүтцийг хөгжүүлж, ямар зохион байгуулалтаар санхүүжүүлж байна вэ гэдэг жишгийг харж бодлогоо нийцүүлэх ёстой.

-Өнөөдөр дэлхий дээр ямар шинжлэх ухааныг хамгийн их дэмжиж байна, манайх яг алийг нь сонгож илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед мэдээллийн технологиуд, орчин үеийн биологийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Өндөр хөгжилтэй орнууд биологийн процессыг дуурайсан үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байна. Биологи дотроо молекул биологийн шинжлэх ухааныг их хөгжүүлж байна. Үүнийг хөгжүүлэх зорилго нь химийн технологийг ашиглаж үйлдвэр бий болгох тухай асуудал. Оюун ухаан, мэдрэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их анхаарч байна.

-Тэгвэл нийгмийн шинжлэх ухааны тухайд тодруулбал?

-Нийгмийн шинжлэх ухаан бол хүний нийгмийн хэрэгцээг хангах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой. Хүний харж, барьж, хэмжиж болдог зүйлтэй ажиллаж судлаад боловсруулдаг. Түүнийг жижиглэсээр байгаад нано хэмжээтэй болговол тухайн бүтцийн шинж чанар өөрчлөгдөнө. Жишээлбэл, төмрийн нунтгийг бидний ярьдгаар хумхын тоос шиг нано хэмжээтэй болговол тэс өөр шинж чанартай материал болно. Түүнийг үйлдвэрлэлд ашиглавал орчин үеийн зарчмын шинэ технологийг хөгжүүлэх боломж бий болно. Үүнээс гадна ертөнцийн үүслийг тайлбарлахын төлөө их хөрөнгө зарж байна.

-Манай улс ямар хэрэглээний шинжлэх ухаандаа анхаарах шаардлагатай вэ?

-Хэрэглээний шинжлэх ухааныг улс бүр өөрийн онцлогт тааруулаад хөгжүүлдэг. Монгол Улс гэхэд хэрэглээ талдаа хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлийн шинжлэх ухаанаа хөгжүүлэх шаардлагатай. Манай улсын хэрэглээний шинжлэх ухааны хувьд тэргүүлэх салбар энэ хоёр юм. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлснээр хамгийн наад зах нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ гүн боловсруулдаг болно. Арьс, ширээ огт боловсруулахгүй экспортолж байна. Үүнийг бүрэн боловсруулаад гаргавал нэмүү өртөг хэд дахин нэмэгдэнэ. Ургамал, амьтад, малд биологийн идэвхт бодисууд агуулагддаг. Түүхий эд дотроос биологийн дан бодисоо гаргаж авдаг. Эм болгож ашиглахаар бодис олон бий. Хонины ноосоор хүнсний бүтээгдэхүүн хийж болно. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр боловсруулна гэдэг нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлж байна гэсэн үг.

-Уул уурхайгаа яаж хөгжүүлж болох вэ?

-Монголд геологийн нөөц их, 200 тэрбум орчим тонн нүүрс байдаг, түүнээс ч илүү бий. Уул уурхайн хамгийн анхан шат нь ухаж аваад ачдаг. Нүүрсний ихэнх хэсэг нь хүрэн нүүрс байдаг, нүүрсээр нь ачаад зарахад хамгийн хямд өртөгтэй.

-Нүүрснээс нэмүү өртөг олох ямар боломж байна?

-Нүүрс химийн үйлдвэрийн цогцолбор байгуулаад, химийн үйлдвэрийн бодис боловсруулан ашиглах юм бол асар их үнэ цэнэтэй химийн бодисуудыг гаргаж авах боломжтой. Нүүрсний гол ашиглах нь шатаах түлэхдээ биш, нүүрсийг задалж гүн боловсруулаад химийн бодис боловсруулах юм. Манай химийн салбарынхан бол яаж боловсруулах зарчим шийдлүүдийг гаргасан. Хүрэн нүүрсийг гүнзгий боловсруулаад эхлэх юм бол бүхэл бүтэн химийн биеэ даасан түвшинтэй болно. Аль ч өндөр хөгжилд хүрсэн орон химийн үйлдвэрлэлгүй бол хөгжихгүй, химийн аж үйлдвэрлэл заавал байх ёстой зүйл, түүнээсээ бид хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гаргах юм. Ингэж чадвал одоогоос хэдэн зуу дахин их нэмүү өртөг бий болгох боломжтой.

-Нэмүү өртөг бий болгох үйлдвэр байгуулахад яг юу дутагдаж байна вэ?

-Монгол Улсад дутагддаг нэг зүйл нь төрөөс өгдөг санхүүгийн хэмжээ бага байдаг. Дэлхийн шинжлэх ухааны жишгээр явбал бид амжилтад хүрнэ. Дэлхийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн оронд, төрөөс өгч байгаа санхүүжилт өндөр, салбартаа зарцуулж байгаа мөнгөний 30 хувь нь төрөөс санхүүждэг. 70- 80 хувь нь үйлдвэрлэл хувийн хэвшлээсээ санхүүждэг. Тэгээд энэ хоёрын хамтын ажиллагаанд шинжлэх ухаан хөгжөөд байгаа юм. Шинжлэх ухаан хоёр хөлтэй байдаг бол манай монгол нэг хөл нь байхгүй. Гүн боловсруулахад эх орныхоо түүхий эдийг сайн судлаад түүндээ таарсан технологийн шийдлийг эрдэмтэд, инженерүүд гаргах хэрэгтэй.

-Гүн боловсруулалт хийхэд судлаач, эрдэмтдийн чадвар ямар байгаа вэ?

-Манай судлаачид бол чадвартай, лаборатори байвал ажиллах хүчний чадвар сайн. Лабораторид технологи боловсруулаад тайлбарлаад бүтээгдэхүүнээ харуулах хэмжээнд ажиллаж байгаа. Түүний дараагийн хоёр шатыг чадахгүй байх. Чадалтай эрдэмтэд голцуу гадаадад ажиллаж байна.

-Монголд ихэвчлэн ямар салбарын эрдэмтэд байна?

-Бүх чиглэлийн эрдэмтэд байна. Молекул биологи чиглэлийн эрдэмтэд ойрын үед технологийн жижиг цех байгуулах зорилготой байна. Нүүрсийг гүн боловсруулах, коксжуулах үйлдвэрт эрдэмтэд байгаа. Гол уурхайн нүүрсийг шинжлээд үзүүлэлтийг тогтоочихсон, нүүрснээс химийн бодис гаргадаг туршилт хийсэн эрдэмтэд, орчин үеийн аж үйлдвэрийн хувьслын технологи дээр ажиллах хувийн хэвшлүүд их, тэр технологийг хөгжүүлэх түвшинд биш ч бүрэн ашиглах чадвартай IT инженер залуучууд бол байна. Монголчуудад суурь нь бол байгаа. Энэ суурыг тэжээж тэтгэж явахгүй бол болохгүй. Шинжлэх ухаан бол маш хурдан хөгждөг салбар учир, гол салбаруудаа чимдэг судлаачаа дэмжээд төр болон хувийн хэвшлээсээ санхүүгээ гаргах цаг нь болсон.

А.ГАНТУЯА

Н.МӨНХБОЛОР

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Хүсэлбаатар: Гэр бүлээрээ урлагт ажиллах нь хоорондоо сайн ойлголцож, чанартай уран бүтээл гаргаж чаддаг DNN.mn

“Хас урлан” студийн ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.


-Уран бүтээлийн сонин сайхан сонсъё. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хамгийн сүүлд “Хиртээгүй сарнай” УСК-д ажилласан. Одоогоор “Orange Entertain­ment”, “Skymedia”-тай хамтарч уран бүтээл хийх гэж байна. Зохиол маань бэлэн болсон, ирэх сараас зураг авалт эхэлнэ.

-“Хиртээгүй сарнай” УСК таны хүлээлтэд хүрэв үү?

-Хүрсэн, “Хиртээгүй сарнай” бол залуус руу чиглэсэн уран бүтээл. Гишгээд мөрөө хар гэдэг шиг, гишгэхээсээ өмнө хаана гишгэх гэж байгаагаа тооцоол, санаандгүй нэг үйлдэл ирээдүйн үнэ цэнэтэй зүйлийг үгүй хийж болдгийг харуулсан.

-“Хиртээгүй сарнай” УСК-д гэр бүлээрээ ажилласан. Гэр бүлээрээ уран бүтээлд ажиллахын давуу болон сул тал нь юу вэ?

-Яахав, нөөц бололцоогоо ашиглаж байгаа хэрэг шдээ. Хань минь Монголын топ жүжигчдийн нэг, охин минь ч авьяаслаг уран бүтээлч, би өөрөө зохиолоо биччихнэ. Гэр бүлээрээ урлагт ажиллах нь хоорондоо сайн ойлголцож, чанартай уран бүтээл гаргаж чаддаг.

-Та ямар сэдвийг хөндөж уран бүтээл хийхийг зорьдог вэ?

-Ер нь манай баг хайр гэдгийг ойлгоосой, үнэнч шударга, шуналгүй байгаасай, буруу битгий гишгээсэй гэдгийг л хүмүүст хүргэхийг хүсдэг.

-Тэгвэл хайр гэж юу юм бэ, таны хувьд?

-Хайр гэдэг бол хүн хүндээ гаргах чин сэтгэл. Бусдыг өөрийнхөө оронд тавьж бодох, хүнийг өвтгөнө гэдэг өөрийгөө өвтгөж байгаагаас ялгаагүй гэдгийг ойлгох хэрэг. Тэгэхээр эхлээд өөрийгөө сайн мэддэг байх шаардлагатай. Чамайг чимхвэл чи өвдөнө, намайг чимхвэл чи өвдөхгүй. Тэгвэл намайг чимхэж байгаагаа өөрийгөө чимхэж байгаа юм шиг мэдрэхийг хэлж байгаа юм. Ийм үед л хүн бусдыг хайрлаж эхэлнэ.

Таны охин Х.Баярмаа “Яг түүн шиг” шоунд оролцоод өнгөлж явна. Урлагийн хүний хувьд охиныхоо авьяасыг хэрхэн үнэлж байна вэ?

-Миний охин шоунд оролцсоноор өөрийгөө сорьж, таньж байгаа байх. Яг түүн шиг байхын тулд их л хичээх хэрэгтэй. Хичээж байгаа охиноо хараад бахархаж байна. Миний аав Монгол Улсад амьдардаг угсаатан, үндэстэн болон гадаад хэлийг маш сайн ялгаж ярьдаг, юм тогтоох, бусдыг дуурайхдаа төрөлхийн авьяастай хүн. Охин минь өвөөгийнхөө түргэн тогтоодог, олон үндэстний хэлийг маш сайн ялгаж ярьдаг авьяасыг өвлөсөн байх.

-Охиндоо шоунд оролцоход нь ямар зөвлөгөө өгч байна?

-Жүжигчний хувьд нарийн ширийн юман дээр ээж нь илүү их зөвлөгөө өгч байгаа байх. Би бол дуучин биш, жүжигчин ч биш. “Аав аа, энэ яаж байна” гээд л асуудаг юм. Өөрийн бодлоо л хэлдэг. Өөр зөвлөгөө өгч чадахгүй ээ, ах нь.

-Та ер нь урлагийн хүний хувьд хүүхдүүддээ юуг зөвлөдөг вэ?

-Урлагийн гэхээс илүү аавын хувиар хүүхдүүддээ өөрийгөө тань, өөрийгөө ял, өөртэйгөө тэмц гэж хэлдэг. Хүмүүний амьдрал бусадтай тэмцэхийн нэр биш. Өөртэйгөө л тэмц, өөрийгөө чадах чинээгээрээ сайн таньж мэдэх хэрэгтэй. Эрүүл мэнд, нэр төр, бие бялдар, сэтгэл санаа гээд өөрийн гэсэн бүхнээ хайрладаг, мэдэрдэг хүн бусдыг хайрлаж чаддаг. Өөрийгөө хайрлах, хувиа хичээх хоёрын хооронд ялгаа их. Жишээлбэл, архи ууж ирээд гэр бүлээ хүчирхийлдэг хүн бол хувиа хичээж байна. Өөрийн зугаа цэнгэл, сэтгэлийн үймээн самуунаа хар усаар дарах гэсэн оролдлого. Амьдралынхаа туршлагаас харахад өөрөөсөө бурууг олж хардаг хүний сэтгэл их хөнгөн байдаг юм болов уу.

-Яагаад?

-Та ямар нэг алдаа гаргалаа, хэн нэгнийг буруутгаж гомдоод л байя. Тэглээ гээд тэр хүн яах ч үгүй шүү дээ. Чи өөрөө л зовно. Тэгэхээр өөрөөсөө алдааг хайж сурах хэрэгтэй.

-Та сая өөрийгөө таньж мэд, өөртэйгөө тэмц гэж хэлж байна. Энэ нь хүмүүсийн амьдралын туршлага буюу наснаас шалтгаалж байна уу?

-Нэг талаар тийм. Хүн удаан амьдрах тусам улам л зөөлөн, эелдэг болдог юм байна. Өөртэйгөө л тэмцэж, эхлээд өөрийгөө л хайрлах ёстойг ойлговол зорилгоосоо ухрахгүй, бусдын сэтгэл, махбодыг өвтгөхгүй. Үүнийг л эрт мэдэж байвал сайн байхгүй юу.

-Тэгвэл ер нь бүх зүйл өөрийгөө хайрлахаас л эхэлдэг юм биш үү?

-Тийм, нэг айхтар үг байдаг биз дээ. “Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр шуудай будаа асгахад нэг нь тогтохтой ижил тохиол гэж. Ийм их хувь тавиланг олж төрчихөөд өөрийгөө хайрлаж, гишгэх мөрөө харж амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг л амьдралаас ойлгож яваа, ах нь. Ялаа болоод төрчихсөн бол яах юм бэ /инээв/.

-Танд олон ангит кино хийх төлөвлөгөө байна уу?

-Өөрийгөө таних, өрөөлийг хайрлах, зэрэгцээ ертөнцийн тухай “Сүнс тонилгогч” хэмээх олон ангит киноны зохиол дээр ажиллаад л байна. Ус хөлдөхөөрөө мөс, гэсэхээрээ ус, ууршихаараа уур болдог. Хүний амьдрал ч бас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт үйлийн үрийн хуулиар усны урсгал шиг л эргэж байдаг.

-Та шүтлэг ихтэй хүн үү?

-Би буурал аав, ээжийн хүү. Буурал аав маань ном их уншдаг хүн байсан, аав минь ч бас их уншдаг. Буурал ээж минь чин сүсэгтэн, бурханы үнэнч шавь байлаа. Чулуу хөдөлгөхөд хүртэл учиртай гэж хэлдэг. Тэгэхээр өвгөдийн ухаан их нарийн байгаа биз, агуу их хайр түгээдэг хүмүүс байлаа. Миний тэднээс өвлөсөн зүйл энэ. Дуучин Х.Лхагвасүрэн “Юм бүхэн учиртай. Учир нь бас учиртай” гэж хэлсэн байдаг. Учиргүй, тавилангүй, зохилдлогогүй юм гэж үгүй. Тиймээс үйл бүрийнхээ үр дагаврыг бодож байх ёстой л гэж боддог. Би гүн ухаантан, судлаач биш буурал аав, ээжийн сургаалаар л өссөн.

-Сүүлийн үеийн жүжигчдийн чанар чансаа ямар түвшинд харагдаж байх юм?

-Сүүлийн үе гэлтгүй монгол жүжигчид маш чадварлаг. Соёл урлагийн их сургууль болон бусад урлагийн сургуулиудын систем дотроосоо гадагш зөв чиглэлтэй байдаг.

-Нэг уран бүтээл дээр хэдий хугацаанд ажилладаг вэ?

-Би уран бүтээлийнхээ үйл явдал, учир утга, дэс дарааллыг хэр сайн бодсоноос шалтгаалдаг. Тархин дахиа цэгцэлчихвэл нэг их уддаггүй. Уран бүтээл бүр харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, “Хэнд ч хэлээгүй нууц” УСК-ны зохиол 2019 онд эхэлсэн. Кино удахгүй үзэгчдэд хүрнэ. Хүн бүрийн ажиллах хурд өөр байх, би бол уран бүтээлийн шуналтай хүн, тасралтгүй уран бүтээл хийгээд л байх хүсэлтэй.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өө би чинь их залхуу хүн шүү дээ. Энэ зантайгаа насаараа байлдаж байгаа (инээв). Уран бүтээлтэйгээ л ноцолдсоор өдөр хоногууд өнгөрдөг. Эхлүүлээд дунд нь хаячихсан, тэгж байгаад хийнэ гэсэн олон юм бий. Миний хийдэг ажил энэ. Надад өөр хийх ажил, сонирхол, зав ч байхгүй.

-Энэ жилд багтааж хийхээр төлөвлөсөн уран бүтээл бий юу?

-Энэ жил тэр жил гэхээс илүү яг одоо эх оронч үзэл дутаад байх шиг. Эх оронч үзэл гэж юу юм, эх орноо яагаад хайрлах ёстой, яагаад хүмүүс үүний төлөө амиа өгдөг юм бэ гэсэн агуулгаар уран бүтээл хийх шаардлагатай байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Номин-Эрдэнэ: Тэргүүн мисс гэж нэрээ дуудуулах мөчид сэтгэл догдолж, өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн DNN.mn

“Мисс Монголиа-2022” тэмцээний тэргүүн мисс Баярхүүгийн Номин-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Мисс Монголиа 2022” тэмцээний тэргүүн мисс болсонд баяр хүргэе. Тэргүүн мисс хэмээн нэрээ дуудуулах мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Сайн байцгаана уу, “Өдрийн сонин”-ы бүх уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баярхүүгийн Номин-Эрдэнэ гэдэг, 25 настай. Монголын тэргүүн мисс хэмээх хүндтэй алдрыг хүртсэндээ маш их баяртай байна. Тэргүүн мисс гэж нэрээ дуудуулах мөчид сэтгэл догдолж, өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн. Би 17 наснаасаа дутагдлаа засч, давуу талаа өнгөлж найман жилийн турш энэ тэмцээнд өөрийгөө бэлтгэсэн. Хичээл зүтгэлийн минь үр дүн гарлаа гэж харж байна.

-Та тэмцээнд Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон шүү дээ. Хотын унаган хүүхэд үү?

-Тийм ээ, Улаанбаатар хотын унаган хүүхэд, “Мисс Монголиа” буюу Монголын гоо бүсгүйг шалгаруулах энэхүү тэмцээнд Монголын бүх аймгаас охид ирж оролцдог. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотоос дөрвөн охин оролцсоны нэг нь би.

-Гэр бүлийнхэн нь их дэмждэг үү?

-Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмжсэний үндсэн дээр Монголын тэргүүн миссийн титмийг зүүж чадлаа. “Мисс Монголиа-2022” бол загварын салбарын миний анхны тэмцээн. Өөр салбарын олон тэмцээнд оролцож байсан.

-Хэзээнээс загварын салбарыг сонирхож эхэлсэн бэ?

-Загвар бол бүх охид, эмэгтэйчүүдийн, бяцхан дүү нарын мөрөөдөл нь байдаг. Би ч бас тэдний адил телевизээр миссүүдийг хараад найман настайгаасаа мөрөөдөж, сонирхож эхэлсэн. Би өвөө, эмээ дээрээ өссөн. Олимпиадад оролцож, олон дугуйланд хичээллэдэг, ангийн дарга хийдэг, нийгмийн идэвхтэй охин байсан.

-Ямар нэг загварын агентлагт суралцдаг уу?

-Одоогоор ямар ч загварын агентлагт харьяалагддаггүй. Олон жилийн өмнө “Торго” агентлагт суралцдаг байсан.

-“Мисс Монголиа”-ийн тэргүүн миссүүдэд олон улсын тэмцээнд оролцох эрх нээгддэг, бэлтгэл эхэлсэн үү?

-Энэ оны арванхоёрдугаар сард Япон улсын Токио хотод болох “Miss International” тэмцээнд бэлтгэж байна. Жил бүрийн Монголын тэргүүн миссийн титмийн эзэд уг тэмцээнд оролцдог. Уг тэмцээнээс монгол миссүүд өндөр оноо авч, титмийн эзэн ч болсон байдаг. Миний хувьд өөрийгөө амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Өөрийнхөө ямар чадварыг илүү хөгжүүлэхээр анхаарч байна?

-Миний хамгийн том давуу тал боловсрол гэж бодож байна. Би англи болон франц хэлээр ярьж чадна. Франц улсад боловсрол эзэмшсэн. Мөн Монголынхоо өв соёл, язгуур урлагийг шингээсэн үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байгаа.

– Урлаг, спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Багаасаа гольфийн спортоор хичээллэсэн. Дуурь, жүжиг, баллет сонирхдог.

-Таны биеийн харьцааг сонирхож болох уу?

-Би 170 см өндөр, биеийн харьцаа 94-66-97 см.

-Миссийн тэмцээний бэлтгэлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

– Алхаа, илтгэх ур чадвар, англи хэлний хичээл гэх мэт хувь хүний хөгжлийн хичээлүүдийг шат дараалалтайгаар ордог. Миссийн тэмцээний бэлтгэлийн нэг өдөр өглөө 07:00 цагаас орой 22, 23 цаг заримдаа шөнийн зураг авалт гээд ачаалал ихтэй байдаг.

-Тэмцээнд оролцож байх үеийн хүнд хэцүү зүйл нь юу байсан бэ?

-Хэцүү гэхээс илүү дурсамжтай цаг хугацаа өнгөрсөн. Манай тэмцээний оролцогчид хоорондоо танилцаж, ойрхон байдгаараа давуу талтай. Хамтдаа оролцсон 14 охинтой тулгамдсан асуудлаа ярилцаж, ойлголцож, маш сайн найзууд болсон.

-Энэхүү тэмцээнээс суралцсан, ойлгосон зүйлээсээ хуваалцвал?

-Мисс буюу Гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн бол эмэгтэй хүний гоо сайхан, оюун ухаан, эрдэм боловсролыг чухалчлан үзэж дүгнэдэг тэмцээн юм. Мисс хүн нийгэмд үргэлж зөв зүйтэй, сайн сайхан зүйлсийг үлгэрлэн үзүүлж байх ёстой хүмүүнлэгийн элч гэж ойлгож болно. Миний хувьд монгол үндэстэн, хүүхэд бүрийг боловсролтой болоход хувь нэмэр үзүүлж, анхаарлаа хандуулан, нийгэмд нөлөөлөхүйц далайцтай үйл ажиллагаануудыг шат дараатайгаар хийж эхлэх төлөвлөгөөтэй байна.

А.ГАНТУЯА

Н.МӨНХБОЛОР

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Анхмаа: Тверк бол хөдөлгөөний эвсэл хамгийн бага шаарддаг бүжгийн төрөл DNN.mn

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд тренд болоод буй тверк бүжгийн талаар тверк бүжигчин Б.Анхмаагаас тодрууллаа.


-Тверк гэж яг ямар бүжгийг хэлж байна вэ?

-Тверк бол өгзөгний бүжиг. 1890-ээд оны үеэс африк эрэгтэй хүнээс гаралтай гэж яригддаг. Бусад бүжгийн төрлөөс ялгаа нь ганцхан өгзөг оролцдог, биеийн бүх булчинг маш сайн хөгжүүлдэг.

-Таны хувьд тверк бүжгээр хичээллэснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Биеийн хувьд зөв галбиртай болсон. Бэлхүүс нарийсч, гуя чангарч, өгзөг томордог. Нэг талаараа дасгал учраас сэтгэл санаа тогтвортой, эрч хүч нэмэгддэг. Биеийн галбир зөв болсноор өөртөө итгэх итгэл ч нэмэгдэнэ. Би долоо хоногт 3-4 удаа тогтмол бэлтгэл хийж, үргэлжлүүлэн дасгал хийдэг.

-Тверкийн сургалт хичээллүүлдэг гэсэн үү?

-Тийм ээ, онлайн болон танхимаар сургалт хичээллүүлдэг. Одоогоор 100 гаруй шавьтай. Сургалт маань анхан, дунд, ахисан гэсэн гурван түвшинтэй. Сарын төлбөр 180 мянган төгрөг, онлайн ангийн сургалт 30 мянган төгрөгийн үнэтэй. Сүүлийн үед хүмүүс тверкийг урлаг талаас нь ойлгож илүү сонирхох болсон.

-Гадны оронд тверкийн хөгжил өндөр түвшинд байдаг уу?

-Тэгэлгүй яахав, гадны орнуудын тверкийн хөгжил үнэхээр ахисан түвшинд очсон. Олон улсын уралдаан тэмцээний нэг төрөл болсон. 1-10 хүртэлх оноогоор үнэлбэл манай улс 2-3 дээр л явж байна.

-Та хэзээнээс тверк сонирхож, хичээллэж эхэлсэн бэ?

-2017 онд бүжгийн студид хичээллэдэг байхад тверкийн үндсэн хөдөлгөөнүүдийг үзсэн.

Тэгээд л сонирхолтой санагдаж 2018 оноос бие даан судалж, дагнан хичээллэсэн. Тверк бүжиглэх нь надад эрч хүчтэй маш гоё мэдрэмж төрүүлдэг. Энэхүү бүжиг их амархан харагддаг боловч бүх булчин ачаалладаг.

-Тверк анхлан суралцагчид юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд тверк бол хүн бүр сурах боломжтой, хөдөлгөөний эвсэл хамгийн бага шаарддаг бүжгийн төрөл гэдгийг хэлмээр байна. Сунгалттай байвал давуу тал болно. Нурууны доод булчинд ачаалал их өгдөг. Зөв хувцсаа сонгоод, зөв техникээр хичээллэхэд хэн бүхэн сурна.

-Ямар хувцас өмсвөл тохиромжтой вэ?

-Өөрийн биед эвтэйхэн даавуун, силкэн шорт, ретуз өмсөхөд болно. Бариу, фитнесс, жийнсэн шорт хөдөлгөөн хязгаарлаад байдаг. Мөн халтирдаггүй, зөөлөн ултай пүүз сонговол тохиромжтой.

Categories
мэдээ нийгэм

И.Анар: Хэл сурахад авьяасаас илүү сонирхол л чухал гэж боддог DNN.mn

“Americano English” англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч И.Анартай /ANNIUR/ ярилцлаа.


-Хэзээнээс англи хэл зааж эхэлсэн бэ?

-Жил гаруйн өмнөөс онлайнаар англи хэл заасан. Энэ оны нэгдүгээр сараас сургалтын төвийнхөө үйл ажиллагааг эхлүүлсэн. Би Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуульд есдүгээр анги төгстлөө сураад, Нийслэлийн 18 дугаар сургуулийг төгссөн.

-Өөрөө хэзээнээс, хэрхэн англи хэл сурсан бэ?

-Англи хэлийг одоо хүртэл сурсаар л байгаа. Яг үнэндээ монгол хэлийг ч гэсэн бид сурсаар л байдаг шүү дээ. Тавдугаар ангидаа англи хэл үзэж эхлээд, дунд ангидаа 1-2 жил эрчимтэй сайжруулсан. Намайг англи хэл сурахад манай гэр бүл их нөлөөлсөн. Манай ээж орос хэлтэй, ах солонгос, герман хэлтэй гэх мэт олон төрлийн гадаад хэл мэддэг хүмүүс бий. Тиймээс би ямар нэг гадаад хэл сурахгүй байж болохгүй юм шиг санагддаг байсан. Мөн Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн англи хэлний Н.Болорчимэг багш их нөлөөлж, англи хэлний суурийг маань сайн тавьж өгсөн. Англи хэл сурах нь зорилго гэхээс илүү миний сонирхол байсан.

-Англи хэлийг сайн сурснаар ямар давуу талууд бий болсон бэ?

-Маш олон давуу тал бий болсон. Нэгдүгээрт, хүрээлэл өөрчлөгдсөн. Хоёрдугаарт, олон төрлийн мэдээлэл авах боломж бүрдсэн. Зөвхөн Монгол биш, дэлхий дахинд хүмүүсийн амьдрал ямар байгааг харж сэтгэлгээ тэлдэг. Гуравдугаарт, дэлхийн олон төрлийн хүмүүстэй найз болох боломжтой. Хэрвээ би англи хэлгүй байсан бол сургалтын төвгүй байх байлаа гэх мэт.

-Танай сургалтын төвийн сурагчдын дийлэнх нь хэдэн насныхан байдаг вэ?

-Залуучууд түлхүү англи хэл сурах сонирхолтой шүү.

-Танай сургалтын төвд хэдэн төрлийн сургалт явуулдаг вэ?

-Одоогийн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан сургалт, 15-наас дээш насныханд зориулсан таван түвшний ярианы анги хичээллэж байна. Зургадугаар сараас хүүхдийн анги, суурьгүй анхан шат буюу үсэг, авианаас эхэлж заах анги нээж байгаа.

-Нэг ангийн сургалт хэд хоног үргэлжилдэг вэ?

-Энгийн ярианы болон хүүхдийн анги нэг сар хичээллэнэ. Үсэгнээс эхлэх анги гурван сар үргэлжилнэ. Суурьгүй анхан шатнаас анхан дунд шат хүртэл заана.

-Төлбөр, анги дүүргэлт хэд вэ?

-Нэг ангид хамгийн олон нь 10-15 хүүхэд хичээллэдэг. Ярианы ангиуд сарын 175 мянган төгрөг.

Долоо хоногт гурван удаа хичээллэнэ. Нэг удаагийн хичээл 90 минут. Суурьгүй анхан шатны ангийн төлбөрийг 450 мянган төгрөг байхаар тооцоолсон.

-Бүх ангидаа өөрөө хичээлээ заадаг уу?

-Тийм ээ, ирэх сараас шинэ ангиуд эхлэхээр өөрөө бүх ангидаа зааж амжихгүй. Дашрамд англи хэлний багш ажилд авна шүү /инээв/.

-Сурагчдын хэлний түвшин ямар хэмжээнд байна?

-Манайд ирж суралцаж байгаа хүмүүсийн ихэнх нь суурьтай анхан, дунд шатныхан байдаг.

-Хичээлээ ямар аргаар заадаг вэ, танай сургалтын төвийн онцлог юу вэ?

-Манайх сонирхолтой байдлаар ярианы англи хэл заадаг сургалтын төв. Хүмүүс англиар ярих гэхээр үгийн сан муутай, дүрмээ сайн мэддэггүй. Ярьж сурах аргуудыг заагаад, ярихаас өөр аргагүй байдалд оруулахад тухайн хүн ямар нэг байдлаар өөрийгөө ойлгуулдаг. Үгээ яаж цээжлэхээс нь эхэлж заадаг. Бага түвшинд байхаасаа зөв яриад сурчихвал түвшин ахихад өөрийгөө илүү сайн илэрхийлж сурна. Дүрмээ сурсан ч илэрхийлж чаддаггүй хүн олон байдаг.

-Багшдаа ямар шаардлага тавьж байна?

-Энгийн багш сонирхохгүй байгаа. Англи хэлний түвшин өндөр, туршлагагүй байж болно. Сэтгэлтэй, эрч хүчтэй л байвал боллоо. Би сурагчдадаа зааж байгаа хичээлээ ямар нэг байдлаар ойлгуулж байж л салдаг төрлийн багш (инээв).

-Сурагчдын хичээл ойлгох хурд наснаасаа шалтгаалж өөр байна уу?

-Нас гэхээс илүү үзсэн, харсан зүйлээсээ шалтгаалдаг. Жишээлбэл, сүүлийн үеийн хүүхдүүд интернэтээр англи хэл дээр бичлэг, кино үзэж, дуу сонсдог учраас сонсгол дуудлага нь цэгцтэй, цэвэрхэн байдаг. Харин 40-өөс дээш насныхан дунд арван жилийн сургуульдаа орос хэл сурчихсан, англи хэл дээр юм үздэггүй, сонирхдоггүй хүн олон байдаг. Эдгээр хүмүүс хичээлээ ойлгоход бага зэрэг хугацаа шаарддаг. Гэхдээ сурах хүсэл эрмэлзэл, зарцуулсан цаг хугацаанаас л бүх зүйл шалтгаална шүү дээ, бүх хүн адилхан биш. АНУ-д олон жил амьдарсан ч англиар ярьж чаддаггүй хүмүүс байдаг шүү. Хичээл зүтгэлээс л шалтгаална.

-Англиас өөр гадаад хэлээр ярьдаг уу?

-Одоогоор байхгүй, орос хэлийг бага зэрэг мэднэ. Солонгос хэл сурна гэж төлөвлөж байгаа. Хэл сурахад авьяасаас илүү сонирхол л чухал гэж боддог.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Бодсон, төлөвлөсөн зүйл маш олон байна. Гэхдээ ярих биш, хийж л харуулмаар байна.