Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол тэмээг аяллын брэнд болгох ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРААС DNN.mn

Бэлчээрийн даац хэтрэхийн зэрэгцээ усны хомстолын аюул нүүрлэсэн ийм цаг үед малчид тэмээн сүргийг түлхүү өсгөх сонирхолтой болжээ. Говийн малчид гол төлөв тэмээн сүргийг өсгөж амьжаргаагаа залгуулж байна. Цаг уурын эрс тэс уур амьсгалыг дасан зохицож даван туулах дархлаатай тэмээн сүрэг жилийн дөрвөн улиралд ашиг шимээ өгдөг. Тэмээний тоо толгойг өсгөх уриатай Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент болох “Түмэн Тэмээний Баяр” 24 дэх жилдээ энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болов.

Говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой эл үйл ажиллагаа “Нээлттэй Өмнөговь” Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм.

1997 оноос эхлэн зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр” өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан “Монгол тэмээ-999” тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.Тус арга хэмжээнд энэ жил Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь зэрэг таван аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчид, 3000 гаруй зочид төлөөлөгч, аялагч, жуулчид оролцлоо. Тэдний 100 гаруй нь гадаадын жуулчин, 500 гаруй нь Улаанбаатар хот, бусад аймаг, 2500 гаруй нь орон нутгийн иргэд байсан юм. Өмнөговь аймагт өнгөрсөн жил хур бороо багатай, гантай байснаас шалтгаалан 6000 гаруй малчин өрхийн 1500 орчим нь алсын оторт явсан тул энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ын оролцогчид шингэн байгааг наадмын зохион байгуулагчид хэлж байлаа.Монгол Улс нийт 460 мянган хоёр бөхт тэмээтэй, тэдний 164 мянга гаруй нь Өмнөговь аймагт байдаг. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймаг бол тэмээний эх орон. Өмнөговь аймгийн 15 сум тус бүр тэмээгээ өсгөж, уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг байна.

“Түмэн тэмээний баяр-2023” арга хэмжээг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болох “Түмэн тэмээний баяр”-ыг олон жил тогтвортой зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа дөрвөн яамны эрхлэх асуудалд хамрагддаг, өргөн цар хүрээтэй. Соёлын өв талаасаа Соёлын яам, спорт талаасаа Спортын сайдын эрхлэх асуудал гээд дөрвөн яамны төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэнд баяртай байна. Мөн энэ өдрийн үйл ажиллагааг Польш улсын Элчин сайдын яамнаас дэмжин оролцож, хүрэлцэн ирсэн эрхэм сайдад талархал илэрхийллээ.

Тэмээ уяж, уралдуулж байгаа хүмүүсийг улсын цолтой болгох асуудлыг гурван ч Ерөнхийлөгчид илэрхийлсэн. Энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэмээн уралдаан, соёлыг төр дэмжиж байж тоо толгой нэмэгдэнэ. Тэр хэрээр дэлхий дахинд тэмээний соёлоо сурталчлах юм. Цаашид “Түмэн тэмээний баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулах талаар ярилцаж байна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчид илүү их ирэх боломж бүрдэхийг онцолсон юм.

Монголыг дэлхийд сурталчлах, Монголд зочлох жил буюу “Welсome to Mon­golia” хөтөлбөрт энэхүү аялал жуулчлалын эвент албан ёсоор багтсан гэдгийг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Б.Сэргэлэн хэллээ.

Алтай нурууны үргэлжлэл Говьгурвансайхан уулын зүүн хормойд алаг майхан дэрвэж, танан гэр эгнүүлэн барьсан нь түмэн тэмээний баярын үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлснийг илтгэнэ. Хар шил зүүж том камер барьсан жуулчид энд олуулаа цуглажээ. Тэмээний бөхнөөс тас зуурчихаад хоёр хөлөөрөө давирч, ташуураар ороолгож ухасхийх жаахан хүүгийн зүг зургийн аппаратны хурц гэрэл тал талаас нь гялсхийх аж. Жуулчид ийм агшныг л дэргэдээс нь харж, зургийн хальснаа буулгахаар хэдэн мянган бээрийг туулж энд чуулжээ. Хүссэн зургаа буулгасан тэд говийн шороотой ширүүн салхийг тоож байгаа шинж алга. Дараагийн зургаа буулгахаар тэмээн полоны тэмцээний зүг гүйлдлээ.

Тэмээн пологын нэг баг 4-5 хүнтэй. Тэмээн дээрээс бөмбөг цохиж эсрэг багийнхаа хаалганд оруулахын төлөө хоорондоо тэмцэлддэг энэ тэмцээн гадна, дотны жуулчдын анхаарлыг гойд татах юм билээ. Тэмцээн зохион байгуулагчдад нэмэлт мөнгө төлж мандат авсан гэрэл зурагчид тэмээ унаж ширүүн тэмцэлдэх залуусын хажуухан талд нь л тайван суугаад зургаа дарж байна лээ. Монгол гэрийн багана шиг урт хөлтэй атнаас айж байгаа шинж тэдэнд алга. Өмнөхөн талаар нь амнаасаа хөөс сахруулсан тэмээ эрчээрээ давхиж өнгөрөхөд ч тэд суун тусаад зургаа л дарж байх. Гишгүүлчих вий гэж өмнөөс нь санаа зовохоор.

Анзаарахад жуулчдын олонх нь АНУ, Голланд, Франц зэрэг улсаас иржээ. Тэдний ойлголтоор бол улсын хөгжлийн түүхэн явцад тэмээний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их гэнэ. Жуулчид Хонгорын элс, Ёлын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа тэмээ хөлөглөх сонирхолтой байгаагаа хэлж байна лээ. Малчид тэмээгээ жуулчдад унуулж таван төгрөгийг нь аваад байж болох нь.

Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ын поло тэмцээнд арван баг оролцсоноос хамгийн өрсөлдөөнтэй “гал гарсан” тоглолт Өмнөговь аймгийн Манлай сумын баг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн I баг хооронд өрнөлөө. Туршлага, чадварын хувьд эн тэнцүү хоёр багийн тоглолтын үеэр үзэгчдийн дуу ч чангарч, хашхирч, цовхорч, үглэж өөр өөрийнхөөрөө тамирчдадаа хүч өгөн дэмжиж байлаа. Тухайн өдрийн цаг агаар дулаан ч шороо хийссэн, салхитай байсан юм. Хүчтэй салхитай үед тэмээн дээрээс бөмбөг онож цохино гэдэг амаргүй ажил шиг харагдана. Гэсэн хэдий ч баг тамирчид хурд, хүч, ур чадвараа уралдуулан үд гэхэд поло тэмцээн өндөрлөв.

Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тэмээн полог олон хүн сонирхдогийг хэлж байв. Энэ тэмцээн удахгүй олимпийн их наадмын нэг төрөл болж нэмэгдэх талаар хэлсэн нь анхаарал татлаа. Лавлаж асуувал тэмээн полоны спорт Арабад өндөр хөгжсөн гэнэ. Тэд тэмээн полоны спортыг олимпийн төрөл болгох талаараа олон улсын чуулгануудын үеэр тогтмол ярих болсон гэнэ. Олон улсын олимпийн хорооны гол санхүүжүүлэгч нь мөнгө үрэх аргаа олж ядсан баян арабууд билээ. Энэ ч утгаараа ойрын хэдэн жилд олимпийн дэвжээнд хоёр бөхт монгол тэмээний мөр гарна гэдгийг полоны спортын шүүгчид ярьж байв.Баян арабууд хүслээ гүйцэлдүүлэх нь цаг хугацааны асуудал биз.

Тэмээн полоны тэмцээний тэргүүн байрын эзэн Манлай сумын багийн ахлагч Н.Доржчулуун хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн гэнэ. Поло тэмцээнд унах тэмээгээ харин гурван сарын өмнөөс сойж хөнгөрүүлсэн талаараа хэлж байна лээ. Тэмээн пологоор олон улсын тэмцээнд оролцоод үзчих хүсэл түүний дотор байдаг аж. Хар багаасаа л тэмээний бөхөнд зүүгдэж өссөн Доржчулуун пологоор бол хаанахын хэний ч өмнө амар боорцог биш гэдгээ ам бардам хэлж байна лээ. Өмнөд Монголд болсон тэмээн полоны тэмцээнд түрүүлж хэдэн юань халааслаад ирсэн нь бүр ч хорхойг нь хүргэсэн бололтой. Полоны тэмцээний сураг л дуулбал очиж байж л сая нэг санаа нь амардаг болсон гэнэ. Говийн малчид энэ жишгээр тэмээний соёлоо тээж сэтгэлийн цэнгэл эдэлж хатуу хаврыг давах сэтгэлийн дархлаагаа тогтоож явна.

Түмэн тэмээний баярын бас нэг чимэг нь тэмээний уралдаан. Ат, тором, тайлагны ангиллын уралдаанууд энэ үеэр болдог. Атан тэмээг насанд хүрсэн хүн унадаг бол тормыг 16 нас хүрсэн хүүхэд даатгал хийлгээд унаж болно. Энд харин хүүхдийн эрх зөрчиж байгаа тухай хэрүүл гардаггүй юм байна. Өвөл, хаврын цагт морьны уралдаан гэхээс илүү малчид тэмээгээ уралдуулж цэнгэдэг болоод удаж байгаа гэнэ. Энэ нь өвөл, хаврын цагт хурдан морины уралдааныг хориглосон Засгийн газрын шийдвэртэй холбоотой юм байна. Түмэн тэмээний баярын тэмээний уралдаан ч онц сонирхолтой юм. Хоёр метр хэрийн өндөр тэмээг нас биед хүрсэн хүн унахад уртдаад байх нь гайгүй. Их насны дээр дэрвэх жаахан хүү шиг л харагдана. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн зүгээс тэмээний уяачдад төрийн цол олгох хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжлаад байгаа гэнэ. Нааштай хариу хүлээж байгаа талаараа ч хэлж байна.

Ингээд тайлаг тэмээний уралдааны тэргүүн магнайд Гурвантэс сумын уяач Батзаяагийн хөх, аман хүзүүнд мөн сумын тэргүүн уяач Т.Амарбаярын хар, гуравдугаар байрт Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн бор, дөрөвдүгээр байрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэргүүн уяач У.Мөнхжаргалын хонгор, тавдугаар байрт Баян-Овоо сумын уяач Д.Буянхишигийн хүрэн оров.

Баяндалай сумын тэмээчин М.Мөнхбаян: Уул уурхайн бүснутагтөсгөхөд хамгийн тохиромжтой мал нь тэмээ


Энэ үеэр Баяндалай сумын тэмээчин М.Мөнхбаянтай ярилцлаа.

-Түмэн тэмээний баярт хаанаас зорьж ирэв, хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумаас ирлээ. 2003 оноос хойш энэ баярт оролцож байна. Энэ том баярт тэмээгээ тогтмол уралдуулдаг юм. Ижил сонирхолтой тэмээчидтэйгээ уулзалдаж буу халаад буцах сайхан шүү. Тэмээ өсгөж байгаа туршлагаа хоорондоо солилцоно. За тэгээд тэмээ айрагдвал бүр гоё.

-Баяндалай сумаар хаваржилт ямар болж байна?

-Говь талаараа гандуу байсан болохоор амар биш байна. Бусдаар бол дажгүй. Тэгж их цаг муудсан нь гайгүй, ядруухан мал цөөн байна.

-Тэмээний баярын ач холбогдлын тухайд тодруулахгүй юу?

-Баярын үйл ажиллагаа тэмээн сүргийг өсгөж үржүүлэхэд чиглэдэг нь чухал. Жилээс жилд цар хүрээ нь өргөжиж баярыг улсын хэмжээнд зохион байгуулдаг болсон байна. Монгол орны өнцөг булан бүрээс л хүмүүс ирдэг болж. Жил ирэх бүр цаг хэцүү болж байгаа, ийм үед тэмээн сүрэг өсгөхөд хамгийн тохиромжтой гэж боддог. Баргийн цас зудтай өвөлд тэмээ дасан зохицоод л даваад гардаг тэвчээртэй амьтан.

-Тэмээний ашиг шим их биз?

-Хэлээд юу гэх вэ. Тэмээг жилийн дөрвөн улиралд саадаг. Ингэний хоормог одоогоор хамгийн эрэлттэй ундаа болоод байна. Өнөөдөр тэмээгээ саагаад литр хоормогийг л арван мянган төгрөгөөр борлуулж байх жишээний.Тэмээний мах ч арвин, шимтэй байдаг. Гол нь тэмээ тийм их арчилгаа шаардахгүй, ашиг шимээ өгдөг амьтан.

-Говийн бүс нутаг, тэр дундаа уул уурхайн бүсэд үржүүлэхэд хэр тохиромжтой юм бэ?

-Уул уурхайн бүс нутагт өсгөхөд хамгийн тохиромжтой амьтан бол тэмээ. Бэлчээр нь хол. Эдийн засаг талаасаа уул уурхай ашигтай ч ус татрахаас авахуулаад сөрөг үр дагавар бий. Ийм орчинд тэмээ л өсгөхөд тохиромжтой мал. Малчид уурхайчдадаа хоормогоо гар дээрээсээ борлуулчихна. Ийм жишгээр бие биеэ түшээд хөгжих боломж говь нутагт бий. Гол нь тэмээний тоо толгойг өсгөх хэрэгтэй. Амьдын үнэлэмж нь цаг ирэх тусам өсч байна.

Тэмээний баярын үеэр малчидтай уузахад мал өсгөхөд тулгамдаж байгаа гол хүндрэл нь уул уурхайтай холбоотойгоор усны гарц татарч буй явдал гэнэ. Уул уурхай эдийн засагт ач холбогдолтой ч нөгөө талдаа хариуцлагатай байх шаардлагатайг малчид онцолж байна. Хариуцлагагүй уул уурхайтай холбоотойгоор Гурвантэс сумын орчимд бог мал цөөрснийг ч малчид хэлж байлаа. Цаашид хангайгаас говийн бүс рүү ус татах ажлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгтэйг ярьж байв.

Тэмээний баярын үеэр явагддаг бас нэг арга хэмжээ нь сайхан хос шалгаруулах үйл ажиллагаа. Торго тонжоор гоёсон хосууд ат унаад өдөржин зогсох нь жуулчдын сонирхлыг хачин ихээр татна. Тэмээтэй хосуудын зарим нь нялх хүүхдээ өмнөө суулгасныг хараад жуулчдын зарим нь алмайрч зогсоно лээ.

Сайхан хос Б.Баянсүх: Тэмээ бол говийн бидний амьжиргааны гол эх үүсвэр


-Та бүхэн хаанаас ирэв?

-Би Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багаас ирлээ. Сайхан хосын тэмцээнд анх удаа оролцож байна. Эхнэр маань энэ тэмцээнд зориулж дээл урласан юм. Урласан дээлээр нь гоёод том наадамд орж байгаадаа сэтгэл өндөр байна. Өв уламжлалаа хойч үедээ таниулж үлдээхэд чухал ач холбогдолтой тэмцээн болж байна. Энэ ч утгаараа сайхан хосын тэмцээнийг зорьж ирлээ. Энэ соёлоороо бид ондоошдог улс. Алга болгочихгүйн тулд л өөрийн хувь нэмрээ оруулж байгаа минь энэ.

-Тэмээ өсгөж байна уу. Таны хувьд тэмээний ашиг шим нь юу байна?

-Ашиг шим их шүү. Хамгийн наад зах нь нь мах, ноос байна. Жилийн дөрвөн улиралд саагаад хоормог зараад байж болно. Ер нь говийн айлуудын амьжиргааны гол эх үүсвэр нь тэмээ гэж хэлж болно доо. Энэ бүс нутагт өсгөхөд хамгийн тохиромжтой мал.

-Тэмээний баярын ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Тэмээчдийн амьжиргаанд хэрэгтэй л дээ. Жуулчдад тэмээгээ унуулаад мөнгө авчихна. Гар урлалын эд зүйлсээ ч энэ үеэр борлуулдаг. Манай говьд гарын уртай хүмүүс олон бий. Тэдний бүтээлийг жуулчид ч өргөнөөр сонирхдог. Тэмээний баяр жуулчдыг татаж байгаа нь бидэнд том боломж нээж байна. Энэ баяраа аялал жуулчлалын замаар хөгжүүлэх нь бидэнд л хэрэгтэй. Говийн бүс нутагт тэмээтэй яваад үзэх газар олон бий. Өдөржин тэмээ унаж явах чинь жуулчдад сонин шүү дээ. Тэдэнд сонирхолтой адал явдал байх нь ойлгомжтой. Уул уурхайгаас бусдаар хөрөнгө оруулалт татах боломж тэмээн сүрэгт байна гэж хувьдаа харж байгаа.

Энд цугласан жуулчид бүгд номхон тэмээ унаж зориулалтын замаар явж зургаа даруулна. Ингэхдээ 5000 төгрөг төлнө. Жуулчид унахад зориулсан номхон тэмээг малчид ч бэлдээд ирдэг юм билээ. Говийн тэмээчид энэ мэтээр л жуулчдаас хөөрхөн хэдэн төгрөг зулгаачихдаг юм байна. Дотоодын жуулчдад зориулж Өмнөговьд үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүний худалдааг явуулж байна лээ. Түмэн тэмээний баярын үеэр орон нутагт 500 орчим сая төгрөгийн орлого ордог талаар аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцолж байна лээ. Ирсэн жуулчид хонох буудал, шатахууны мөнгөнөөс авахуулаад тэр бүгд Өмнөговь аймагт л орлого болж үлдэнэ. Цаашид энэ арга хэмжээ цар хүрээгээ тэлэх тусам орон нутагт л илүү ашигтай.

Ц.Оюунбаатар: Монгол тэмээгаяллын брэнд болгон хөгжүүлнэ

Тэмээний баярыг илүү дэлгэрүүлэх, аялал жуулчлалын байдлаар хөгжүүлэхэд Соёлын яам, Байгаль орчин аялалжуулчлалын яам хамтарч оролцож байгаа юм байна. Энэ үеэр “Монголын тэмээн поло уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Түмэн тэмээний баяр говийн зон олонд эдийн засаг талаасаа ихээхэн ач холбогдолтой байх шиг?

-Хоёр бөхт тэмээ бол өндөр ашиг шимтэй заан шиг амьтан. Хоёр жилд нэг удаа төллөдөг. Спорт, уналга эдэлгээний зориулалтаар ашиглах боломжтой. Хоёр бөхтэй тэмээг өсгөх, аялал жуулчлалын брэнд болгох үйл ажиллагаа говьчуудын анхаарлын төвд байх ёстой. Эдийн засгийн ач холбогдол талаас хэлэхэд тэмээний фестивалийн үр дүнд аялал жуулчлал Монголд татагдана.

-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу. Яаж татах юм бэ?

-Говьд айл болгоны гадаа тэмээ бий. Айл бүр л жуулчдыг хүлээн авч тэмээний ундаа хийж борлуулж болно. Жуулчид тэмээ унаад л говийн үзэсгэлэнт газруудаар аялах боломж байна. Цаашлаад тэмээний сүүг дэлхийн зах зээлд гаргаж болно. Тэмээний сүүгээр хийсэн кофений сүү олон улсын зах зээлд маш эрэлттэй байдаг. Бид энэ зах зээлд гол өрсөлдөгч байх боломжтой.Үүнээс гадна тэмээний ноосыг олон улсын зах зээлд гаргах боломжтой. Энэ мэтээр тэмээний ашиг шимийг үнэлж баршгүй.

-Тэмээн полог олимпийн спортын төрөлд оруулах талаар та онцолж байсан. Энэ хэр боломжтой юм бэ?

-Би 2016 онд Рио Де жанейрогийн олимпийн үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэрээ тэмээн полог олимпийн хөтөлбөрт оруулах талаар ярьсан юм. Тэмээн поло бол элитүүдийн спорт. Энэ талаараа боломжтой гэж харж байгаа. Морин спорт ч олимпийн төрөлд багтсан байдаг. Тэмээ багтах нь цаг хугацааны асуудал байх. Энэ утгаараа тэмээг аялал жуулчлалын гол брэнд болгохын тулд цаашид хийх ажил их байна. Ирэх жил Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын заагт тэмээний их наадмыг хийхээр төлөвлөсөн. Бүр хэтдээ тэмээний цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөө бий.

Олон улсын жуулчдыг нүүр бардам хүлээж авах газар бол Өмнөговь аймаг юм билээ. Байгалийн түүхийн музей, Хөгжимт жүжгийн театр гээд үзүүлж харуулах бүтээн байгуулалтаас авахуулаад тансаг зочид буудал, амтат хоол, худалдаа үйлчилгээний төвүүдтэй. Жил бүр улсад төсөв бүрдүүлэхээс гадна орон нутгийн төсвөөрөө өргөжин тэлсээр байна.

Эл аймаг өнгөрсөн оны байдлаар гэхэд боловсролын салбартаа сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлд нийт 7,3 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн салбар Технологийн дээд сургуулийг ч аймгийн төвдөө байгуулсан байна. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 405 оюутан хамрагджээ. Эрүүл мэндийн салбартаа 10.2 тэрбум төгрөг, 10 суманд өрхийн үйлдвэр байгуулсан, 232 хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгосон, 40-өөс дээш насны 76 иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр авто замын нөхөөс, хүчитгэл, хурд сааруулагч, авто зогсоол,замыг сайжруулах ажлыг хийжээ. Мөн энэ оны эхээс иргэдийнхээ цалин хөлсийг 100 хувь нэмсэн билээ. Өмнөговь аймгийг хөдөөгийн хөгжлийн загвар хэмээх нь ч бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Д.Дуламсүрэн: Ажилдаа явж чадахгүй, өдөр шөнөгүй хүүхдэдээ эм тан өгч, ханиадыг нь эмчлэх гэж хичээж байна DNN.mn

Ханиад, томууны өвчлөл нэмэгдэж, өрх, дүүргийн эмнэлгүүд хүүхдийн хөлд битүү дарагдсан энэ үед ханиадыг үр дүнтэй эмчлэх эм олдохгүй эцэг эхчүүд арга мухардаж байна. Өрх, дүүргийн эмнэлгийн хүүхдийн эмч нарын зөвлөж буй Амоксиклав сироп эмийн сангуудаар тасарчээ.

Тус сиропон эмийн талаар хүний их эмч Б.Дэлгэрмаа “Амоксиклав бэлдмэлд мэдрэг бичил биетээр үүсгэгдсэн халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг. Мөн амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл), амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, уушгины архаг явцтай бөглөрөлт өвчин, эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвсэл), арьс ба зөөлөн эдийн халдвар, яс ба үений халдвар (остеомиелит), шээс ялгаруулах замын халдвар (давсагны үрэвсэл, пиелонефрит), эх барих эмэгтэйчүүдийн халдварын үед хэрэглэнэ. Сиропон хэлбэрийг таблетан эм ууж чадахгүй ялангуяа нярай хүүхдүүдэд зөвлөдөг. Энэ эм нь антибиотик учраас эмчийн жороор олгодог” хэмээн тайлбарлалаа. Мөн тэрээр ханиад, томууны өвчлөл маш ихэсч байна. Эмийн сангуудаар шаадлагатай эмүүд тасарч байна. Тиймээс хүүхдүүд болон насанд хүрэгчид амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Ханиад, томууг заавал туссаны дараа эмчлэхээс илүү урьдчилан сэргийлж амны хаалтаа зүүх, вакцинд хамрагдах шаардлагатай байгааг анхаарууллаа.\

Амоксиклав эмийг хоол боловсруулах замын хямрал илрэхээс сэргийлэхийн тулд хоолны өмнө хэрэглэдэг. Насанд хүрэгчид ба 12-оос дээш насны хүүхэд бэлдмэлийг 875/125мг тунгаар хоногт хоёр удаа хэрэглэнэ. Нэг удаагийн тунгаар 12 цагийн зайтай хэрэглэдэг. 40кг хүртэл жинтэй 12-оос доош насны хүүхдэд амоксиклавыг 125/31,25мг, 250/62,5мг, 500/125мг зэрэг бага тунгаар хэрэглэдэг байна. Эмийг аоксициллин, клавуланы хүчил ба бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, Бета-лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт (пенициллин, цефалоспорин) хэт мэдрэг хүн, Амоксициллин/клавуланы хүчил хэрэглэх үед шарлах буюу элэгний үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байсан хүмүүс, түүдгэнцрийн фильтраци 30мл/мин бөөрний дутагдал 12 хүртэлх насны буюу 40кг хүртэл жинтэй хүүхэд, халдварт мононуклеоз, лимфолейкоз, хүнд явцтай элэгний дутагдал, хоол боловсруулах замын эмгэг (ялангуяа пенициллин хэрэглэснээс үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл), бөөрний архаг дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх ёстой.

Уг амоксиклав сироп 125 мг хэмжээтэй нь “Монос эмийн сан”-д 21600 төгрөгөөр худалдаалагддаг юм байна. Гэтэл одоо бүх эмийн сангуудаар тасарчээ. Эмийн лавлахуудаас тодруулахад ч энэ эм тасарсныг хэлж байлаа. Зөвхөн Долоон буудалд байрлах “Их шүүдэр” эмийн санд л 33 мянган төгрөгөөр зарагдаж байгааг эмийн санч хэллээ. Гэхдээ энэ нь зөвхөн гурваас дээш насныхан хэрэглэхэд зориулсан тунтай. Нярай, 0-2 насныханд зориулсан нь мөн тасарчээ.

Харин цахим орчинд эм, тариа худалдааны бүлгэмүүдэд Амоксиклав сиропны дамын бизнес цэцэглэжээ. Эм худалдаалах бүлгэм бүрээр шагайхад тус эмийг зарах тухай зарлал түгээмэл харагдлаа. Эм дамлагчид зах зээлийн ханшаас 10 мянган төгрөгөөр илүү худалдаалж, ханиадтай хүүхдүүдийн эцэг эхийг шулж байна.


Бид иргэн Д.Дуламсүрэнг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ үзүүлээд гарч явахад нь уулзаж ярилцлаа.


-Та эмнэлэгт ямар шалтгаанаар ирсэн бэ?

-Манайх таван хүүхэдтэй, хоёр бага маань 0-3 насных. Хоёр хүүхдээ яаралтай тусламжаар үзүүлчихээд гарч явна.

-Танай хүүхдүүд хэзээнээс ханиад хүрсэн бэ, ямар эм хэрэглэж байна?

-Хүйтний улирал эхэлсэн цагаас л ханиад хүрээд цэцэрлэгтээ явж чадаагүй. Бид ч ажилдаа сэтгэл амар явж чадахгүй өглөө, өдөргүй л хүүхдэдээ эм тан өгч ханиадыг нь эмчлэх гэж хичээж байна. Нэг эдгэмээр болоод л больчих юм. Эмчийн зөвлөсөн эм бүрийг л хэрэглэж байна. Сүүлийн үед зөвлөсөн эм ч олдохоо байлаа. Эхэн үедээ гайгүй эдгэх янзтай болж байсан. Сүүлийн үед халуурч, бөөлжиж байна. Эмнэлэг гишгэх зайгүй, хүүхдээ тэвэрсэн хүний хөлд дарагдаж байна шүү дээ. Хүүхдүүдийн ханиадны өвчлөл агаарын бохирдолтой шууд холбоотой. Агаар, хөрсний бохирдлоо шийдчихэж чаддаггүй юм гэхэд ядаж хүүхдийн ханиадны эмээ дотооддоо хийчихдэг баймаар юм. Импортоор орж ирж байгаа эмнүүд нь тэнгэрт хадсан үнэтэй, тэгээд олдохгүй. Ер нь бол дотооддоо, өөрсдөө юугаа ч хийж чаддаггүйн л балаг шүү дээ. Эмийн стандартыг хамгийн муу баримталсан, хамгийн чанаргүй эмнүүд орж ирнэ. Тэгээд бас олдохгүй, дамын наймаачнаас олж авна, арай л дэндүү байна даа.

Хүний их эмч, “Ази фарма” эмийн сангийн эм зүйч Э.Хулан “Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Миксагрип ханиадны эм есдүгээр сарын 28-ны өдрөөс тасарсан. Индонез улсаас орж ирдэг. Осельтамивир гээд вирусийн эсрэг, ковидын дараа ч хэрэглэгддэг, ханиадны үед түгээмэл хэрэглэж байгаа эм тасарсан эрэлттэй байна. Хүүхдийн тунтай нь тасарчихсан. Антибиотикийн хэрэглээ өндөр байгаа учраас түгээмэл хэрэглэгддэг бүх төрлийн антибиотик тасарч байна. Мөн сиропон антибиотикууд, жимсний амттай болгож сирополсон эмүүд ч тасарсан. Шахмал хэлбэрээрээ гашуун амттай учир хүүхдүүд ууж чаддаггүй. Жишээлбэл, хоолойны ангин, үрэвслийн үед хэрэглэдэг кларитромицин антибиотик тасарсан, хэзээ ирэх нь тодорхойгүй байна гэв.

Ингээд эмч нарын зүгээс ханиад ба томуугийн эхэн үед илрэх шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилгоор богино хугацааны эмчилгээнд хэрэглэхэд зөвлөж буй эмүүдийг танилцуулж байна.

НОЛКОЛД, NOLCOLD

Парацетамол, Фенилэфрин гидрохлорид, Хлорфенамины малеат, Кофеин агуулсан шахмал

Нолколд нь халуун бууруулах, толгой, булчин, үе мөчний өвдөлт намдаах болон ханиад шуухинааны үед хэрэглэх зориулалттай нийлмэл найрлагатай. Өвдөлт намдааж халуун бууруулах маш бага үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба ТМС-д үүсдэг простогландины нийлэгжилтийг саатуулснаар ноцицепторын мэдрэмжийг багасган өвдөлт намдаах, нугасны шингэний простогландиныг багасгаж гипоталамусын дулаан зохицуулгын төвийг хэвийн ажиллагаанд оруулна, хамрын дайвар хөндий ба хамрын шүүрэл ба битүүрлийг багасгана.

Мэдрэлийн системийг идэвхжүүлж оюуны ба биеийн хүчний ажиллах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний идэвхийг ихэсгэнэ. Харин кофеинийг их тунгаар хэрэглэвэл мэдрэлийн систем ядаргаанд орно. Кофеин нойрсуулах эм, наркозын бодисуудын үйлдлийг сулруулах, нугасны рефлексийн сэрэх чанарыг нэмэгдүүлэх, амьсгал ба зүрх судасны төвийг сэргээх араг ясны булчингийн ажиллагааг идэвхжүүлж, ходоодны хүчил нэмэгдүүлж цусан дахь глюукозыг нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярын ширээ засахад ойролцоогоор 120-130 мянган төгрөг шаардлагатай DNN.mn

Баярын ширээ засахад ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулах талаар “Миний сүлжээ” дэлгүүрийн Бөхийн өргөө дэх салбараас сурвалжилга бэлтгэлээ.

“Миний сүлжээ” дэлгүүрт баярын ширээний бялуу 22-80 мянган төгрөгийн ханштай байна. “Tous les jours”-ын бялуу хамгийн өндөр буюу 60-80 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Энэ бялуу зарагдаад бараг дуусчээ. Лангуунд цөөхөн хэд үлдсэн байх бөгөөд урьдчилсан захиалга дүүрснийг худалдагч нь хэлж байв. Олон тоогоор захиалах сонирхолтой иргэд ч тааралдсан.

Харин “Seeds bakery”-ын бялуу 33.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 10 инчтэй 28 см энэ бялуу 1200 грамм бөгөөд жимстэй, аарцтай гээд нэр төрлүүдээс сонголт хийх боломжтой. Онлайнаар захиалаад ч хүргүүлж болох гэнэ. Ингэхдээ фэйсбүүк хаягаар нь холбогдох юм байна. Мөн “Мон кек”-ийн жижиг бялуу 21900, 1.4 кг-ын том бялуу нь 29900 төгрөг. Баярын ширээний тансаг зэрэглэлийн бялуу 80 мянгаар худалдаж авах бол энгийн ширээний бялууг 30-40 мянган төгрөгөөр захиалж болох нь. Очоод худалдаад авахад ч сонголт өргөн байна лээ. Харин Советское оргилуун дарс 9990 төгрөгөөр зарагдаж байгаа бол өргөнөөр хэрэглэдэг абрау дюрсо 29990 төгрөг. Баярын тансаг зэрэглэлийн ширээнд зориулсан оргилуун дарсыг 100.000 орчим мянгаар худалдаж авч болно.

Баярын ширээний өөр нэг чимэглэл жимс “Миний сүлжээ”-д төрөл төрлөөрөө зарагдаж байна. Энд ундааны савны бөглөөний хэмжээтэй гүзээлзгэнийг зургаа зургаагаар нь савлажээ. Энэ нь 5990 төгрөг гэнэ. Бэлцгэр гүзээлзгэнэ ойролцоогоор ширхэг нь 1000 төгрөг гэсэн үг. Хүмүүс үүнээс хоёроос гурван хайрцгийг торлоод гарч байна. Харин молдав усан үзмийг кг-аар нь савлажээ. Энэ нь 6990 төгрөг. Худалдан авагчид нэг кг-ыг авахад л баярын ширээнд хангалттай гэж хэлж байв. Харин испани мандарин кг нь 11990 төгрөг. Ханборгоцой 4490 төгрөгөөр зарагдаж байлаа. Иргэд хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг шүүслэг улаан алим (royal gala) кг нь 10990, ногоон алим мөн 10990 төгрөг. Миний сүлжээ дэлгүүрийн жимсний тасгийн үнэ товчхондоо ийм байна. Ойролцоогоор 40 мянган төгрөгөөр л баярын ширээний жимсээ авах нь.

Харин нийслэл салатны гол орц төмс 3 кг-ын савлагаатай нь 7 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин даршилсан өргөст хэмх өргөн сонголттой байх бөгөөд 10-12 мянган төгрөгөөр худалдаж авахаар байв. Зочин хиамны чанамал нь 7600 төгрөг (500гр), давхар утлагат хиам 6660 төгрөгөөр (430 гр) зарагдаж байна. MR RICO майонезын том савлагаатай нь 12.670, дундын савлагаатай нь 6660, жижиг нь 4020 төгрөгөөр зарагдаж байв. Нийслэл салатны материалыг мөн нь 30-аад мянган төгрөгөнд багтааж худалдаж авах боломжтой юм билээ. Харин баярын ширээний бууз хийхэд тохиромжтой хонины тарган мах кг нь 6900 төгрөгөөр худалдаалагдаж байв. Мөн баярын ширээг чимэх амталсан гахайн мах кг нь 15480 төгрөгөөр зарагдаж байлаа. Гахайн махны жижиг нь 9610 төгрөг. Харин нарийн ногооны салат хийхэд шаардлагатай салатны навч, цэцэгт байцаа нийслэлийн сүлжээ дэлгүүрүүдэд ховорджээ. Өвлийн хүлэмжүүд ажиллаж байгаа ч ч бярын өдрүүдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгааг сүлжээ дэлгүүрүүдийн зүгээс хэлж байна.

Энэ шинэ жилийн баяраар энгийн баярын ширээ засахад ойролцоогоор 120-130 мянган төгрөг болох нь.

Мөн зарим дэлгүүрүүд таны баярын ширээнд зориулж багц гаргажээ. Дундаж нь 150 мянган төгрөгийн ханштай байна. “FOODY Mongolia”-аас санал болгож буй энэ багцад веган манготай бялуу, 0 градустай оргилуун дарс, гурван өөр амттай момос, веган загас, веган тахиа, турк веган хиам, классик веган хиам, веган шарсан өндөг, еэвэнгийн цуглуулга зэрэг багтжээ. Үүнийг онлайнаар захиалж гэртээ хүргүүлэх боломжтой.

Сүүлд нь онцлоход “Миний дэлгүүр”-ийн сүлжээгээр охидын санта хувцас 11.900-27.900 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна лээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Ариунзаяа: Боловсрол гэдэг ямар чухал, гоё зүйл болохыг ойлгосон учраас түүнийгээ эргүүлж түгээмээр байна DNN.mn

АНУ-ын Бостоны их сургуулийг Санхүүгийн шинжлэх ухааны бакалавр, улс төрийн шинжлэх ухааны дэд зэрэгтэй төгссөн, “Ариун Оюун” академийн үүсгэн байгуулагч О.Ариунзаяатай ярилцлаа.


-Одоогоор “Ариун Оюун” академи дээр ямар сургалтууд явагдаж байна, ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Яг одоогоор манай академийн “College Prep” буюу коллежийн бэлтгэл хөтөлбөрт их сургуульд өргөдлөө бэлтгэх үйл явцыг заадаг. Энэ хөтөлбөр эрчимтэй хичэээллэж байна. Эрчимтэй гэдэг нь манай сурагчдын ихэнх нь АНУ-ын сургуулиуд руу өргөдлөө илгээдэг. АНУ-ын их сургуулиудын тухайн жилийн өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа нэгдүгээр сарын 1-15-ны өдрийн хооронд байдаг. Шинэ он дөхөөд баярын уур амьсгалтай байгаа бол бид сургалтынхаа өргөдлийг бэлтгээд завгүй ажиллаж байна.

-Та АНУ-д их сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байсан. Таны хувьд АНУ-д ажиллах, Монголд ажиллах хоёрын ялгаа нь юу вэ?

-Би Монголд нэг л компанид ажиллаж үзсэн. Таалагдаагүй ажлаасаа гараад хувийн зүйлээ эхлүүлэхээр болсон. Уг нь АНУ-д ажиллаад өөрийн “Ариун Оюун” брэндийг хөгжүүлээд явах шийдвэр гаргачихсан байсан. Тэгээд Монголдоо иртэл монгол компаниудаас ажлын санал ирсэн. Монгол компанид ажиллаад үзье гээд ортол жаахан хэцүү санагдсан. Эмх замбараагүй, баг хамт олныхоо хувийн амьдралыг хүндэлдэггүй, тэр хүний амьдрал нь ажил юм шиг ханддаг. Иймэрхүү ажлын байран дахь эрүүл бус уур амьсгал нь хэцүү байсан. АНУ-д мэргэжлээрээ ажиллахад бүх зүйл маш эмх цэгцтэй, тэр дунд ажилласан туршлага, нас, хүйсээр нь эрэмбэ огт тогтоодоггүй. Би АНУ-д “Cue Ball Capital” хөрөнгө оруулалтын санд ажилласан туршлагаасаа хуваалцвал, анх 100 хувь дадлагажигчаар орсон. Дадлагажигчаар ороход л миний бодлыг маш их асуудаг байсан. “Ариунзаяа чи юу гэж бодож байна, үүнийг яаж шийдэх үү” гэж асуудаг, би гоё санал хэлвэл тэрийг шууд хэрэгжүүлэхээр. Захирлууд ярина, дадлагажигчийн үгийг сонсохгүй гэдэг юм огт байхгүй. Энэ нь АНУ-д их сургуулийн лекцийн танхимд хичээлийн цаг яаж өнгөрдөг байсантай шууд холбоотой. Лекцийн танхимд оюутнууд гараа өргөөд бодол, санаагаа илэрхийлээд бараг багш нь хүүхдүүдийнхээ бодлыг чиглүүлээд байж байдаг. Нэг талыг баримталсан биш хоёр, гурван талын урсгалтай хувь хүний үзэл бодол гэдэг өндөр байр суурь эзэлдэг.

-Тэгвэл таны хувьд боловсролын ялгаа нь юу вэ?

-Хоёр том ялгаа анзаарагдсан. Нэгдүгээрт, сурагч бүр онцгой, өөрийн гэсэн ертөнцтэй. Монголд гадаад үзэмжээсээ эхлээд нийтээрээ ойролцоо хүмүүс байдаг. Харин АНУ-д хүн болгон тэс өөр. Хоорондоо төстэй хүмүүс ч цөөн. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй, түүнийгээ гүнзгий хөөсөн байдаг. Бидэн дунд хоббитой хүн ч цөөн, хобби хөөх завгүй амьдардаг. АНУ-д хоббигоо маш гүнзгий хөөж, олон төрлийн мэдлэгтэй, сонирхсон салбарынхаа мэдлэгийг гүнзгий эзэмшсэн байдаг. Хоёрдугаарт, хэнээс ч эмээлгүй бодлоо илэрхийлдэг. Түүнийг нь эрх мэдэл бүхий хүмүүс эн тэнцүү хүлээж авдаг.

-“Урлах клуб”-ийн тухайд суралцсан гишүүдээс ямар үр дүн гарч байна вэ. Яагаад “Урлах клуб”-ийг байгуулах болсон бэ?

-“Урлах клуб” эхний элсэгчээсээ л миний хүлээлтийг давуулан биелүүлсэн. “Урлах клуб”-ийг байгуулах болсон шалтгаан гэвэл би өөрөө маш хэцүү үеийг даван туулж байсан. Сэтгэлийн шархаа олж илрүүлээд түүнийгээ эдгээх эдгэрлийн үе шатыг даван туулж байхад тусалж, чиглүүлэх монгол хүн байгаагүй. Үүнд би өөрөө судалгаа хийж, ээжтэйгээ ярилцаад ээжийнхээ зөв чиглүүлгээр хэцүү биш арай зөв талд нь гарч ирсэн. Хүний сэтгэлд эдгэрлийн үе шат маш чухал юм байна, дотоод шархаа илрүүлж эдгээж байж цааш утга учиртай амьдрах, зорилго, тэмүүлэлтэй байх, дотроосоо гэрэлтэж эхэлдэг юм байна гэдгийг их сургуулийн 4-5 жилийн хугацаанд ойлгосон. Энэ маш хэрэгтэй юм байна, үүнийг өөрийн чадахаараа хийе гэж эхлүүлсэн.

Дотоод эдгэрэл эхлэхээр хүн дотроосоо гэрэлтэж, амьдралыг харах өнцөг нь өөр болох гэх мэт гарт баригдахгүй мөртлөө амьдрал чухал нөлөөлөхүйц өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

-Шинэ он гарах дөхөж байна. Хүн бүр ирэх жилээ төлөвлөж, бодож байгаа байх. Эхлээд өнгөрсөн жилээ дүгнээд дараа нь ирэх жилээ төлөвлөдөг гэж та хэлж байсан. Таны хувьд энэ оноо дүгнэхэд хэр зэрэг бүтээмжтэй, зорилгодоо хүрсэн бэ?

-Миний хувьд 2021 оны жилийн эцсийн төлөвлөлтөөр бол энэ онд академи үүсгэн байгуулна гэж бодоогүй байсан. Тийм болохоор энэ оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн жил болж таарч байна. Тэгэхээр миний хувьд их баяртай байна. Түүнээс гадна 2022 онд өөртөө тавьж байсан хамгийн том зорилгуудын нэг нь баг хамт олноо удирдаж сурах. Би залуу эмэгтэй хүн, мэргэжлээрээ ажиллахгүй өөрийн зүйлийг эхлүүлж, багаа удирдаад авч явахад маш их зориг шаарддаг, хэцүү үе олон байдаг. Ийм үеүдийг даван туулаад энэ жилийн эцэс гэхэд жаахан ч болов баг хамт олноо ойлгож, яаж удирдах, ямар ур чадварууд хэрэгтэй байдаг гэх мэт тэр болгоныгоо жаахан ч гэсэн сайжруулж чадсан нь хамгийн том амжилт гэж харж байна. Ихэнх хүмүүс арванхоёрдугаар сард дараа жилийнхээ том төлөвлөгөөг гаргадаг. Хамгийн наад зах нь жин хасна гээд л эхэлдэг. Уралдах маягтай төлөвлөлтүүд гаргадаг. Уншигчид маань энэ дээр анхаараарай, дараа оны төлөвлөгөөндөө орохоос өмнө энэ оноо нэг хараад үзээрэй. Яагаад энэ оноо дүгнэ гээд байгаа юм бэ гэхээр та нэг жилд юу хийж чадахаар байна, ямар гүйцэтгэлтэй байснаа харахаар өөрийн бүтээмжээ барагцаалаад ирдэг. Тэгэхээр та энэ жил өөрийгөө үр бүтээмжгүй байсан гэж дүгнэж бараг болохгүй, учир нь та хамгийн сайнаараа л хичээсээн. Өөрийн үр бүтээмжээ хараад түүнтэйгээ ойролцоо зорилго тодорхойлоход болно. Түүнээсээ илт давуу зорилго тодорхойлчихоор түүндээ хүрэхгүй шантарна. Харин ойролцоо зорилго тавьбал түүнийгээ давуулан биелүүлэх магадлалтай. Үгүй юм гэхэд түүн дээрээ байна. Өөрийнхөө үр бүтээмжийг ойлгож байж дараагийн оноо төлөвлөвөл хүлээлт ойролцоо төлөвлөлт гарна.

-Зорилгоо тодорхойлоод тууштай байхад таны хувьд юу хамгийн чухал вэ?

-Эцсийн тавьсан зорилго л утга учиртай байх ёстой. Тийм тохиолдолд хүн тууштай байхаас өөр аргагүй байдаг. Тэгэхээр эргээд тухайн хүн ухаалаг төлөвлөлт хийж чадаж уу гэдэг чухал. Хамгийн эхэнд өнөөдөр, дараа сараа төлөвлөхгүй ирэх арван жилээ харж төлөвлөх ёстой. Чадахгүй байвал таван жилээр төлөвлөх хэрэгтэй. Тэр хугацаанаас нааш нь эмх цэгцтэй төлөвлөх хэрэгтэй. Дараагийн тав, арван жилийн зорилго тань таны үнэт зүйлтэй, дотоод эдгэрэлтэй, утга учиртай амьдралтай нягт холбоотой байх ёстой. Тийм биш болохоор хүн амархан хаячихдаг. Миний хувьд тэр зорилго маань гэр бүлийн, бага насны гээд маш олон зүйлтэй холбоотой мөрөөдөл, зорилго, тэмүүлэл байдаг учраас тэр бол миний хүн болж төрсний утга учир. Мөн таван жилээсээ нааш нь жил, сар, долоо хоногоор нь ч гэх юмуу ухаалаг төлөвлөлт хийчихээр хүнд тийм бууж өгөхөөр хэцүү биш байдаг. Өөртөө тохируулаад бэлдээд өгч болдог.

-Та “Ариун Оюун” төлөвлөгч дэвтэр гаргадаг. Хүмүүс жагсаалт гаргаж бичиж төлөвлөдөг ч ухаалаг төлөвлөж чадахгүйн улмаас зорилгодоо хүрэлгүй няцаад байдаг юм болов уу. Тэгэхээр ухаалаг төлөвлөхөд юу чухал вэ?

-Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь төлөвлөхийн тулд л төлөвлөөд байдаг. Гоё төлөвлөгч дэвтэр авчихаад түүнийгээ дүүргэхийн тулд л бичдэг. Гоё харагдуулахын тулд их цаг үрээд яг үнэндээ тэр дотор бичсэн зүйлс нь амьдралд хэрэгтэй эсэх нь асуудалтай. Жишээлбэл, өглөө зургаан цагт босоод 30 минут дасгал хийж, 30 минут ном уншаад, 30 минут бясалгал хийнэ гэх мэт өдрөө ингэж төлөвлөөд түүндээ хүрч чадахгүй болохоор шантраад дараагийн өдрөө төлөвлөхөөс ч уур нь хүрдэг. Энэ тал дээр миний зүгээс төгс өдрийн хуваариа гаргачих, түүнээсээ хамгийн чухал гэж үзсэн нэг юм уу гурван зүйлээ сонгоод хий. Тэр нэг юмуу гурван зүйлээ өдөр бүр хийгээд явбал тэр нь амжилттай төлөвлөлт. Өдрийн 30 минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлнэ гэж төлөвлөөд түүндээ хүрэхгүй шантарвал тууштай байж чадахгүй. Тэгэхээр өөртөө зөв хүлээлтийг тавих хэрэгтэй. Миний баримталдаг зарчим бол “Би өнөөдөр таван жилийн дараах зорилгынхоо төлөө юу хийсэн бэ” гэдэг асуултыг асуудаг. Нэг юм хийсэн байхад л хангалттай.

-Таны хувьд утга учиртай амьдрал гэж юу вэ?

-Миний хувьд сэтгэлээрээ дүүрэн, зүрхээрээ эрүүл, маш гоё тайван, юуны ч төлөө уралдаад яараад зовохгүй цөөн зүйлийн төлөө амьдардаг. Утга учиртай зорилгоо биелүүлэх гээд явж байхдаа зовдоггүй, ажил ч гэж хардаггүй эргээд тэр нь надад болон маш олон хүнд эерэг нөлөө үзүүлдэг зүйл. Нэгтгээд хэлвэл боловсролын салбарт өөрийнхөө нөлөөг гаргах гээд явж байна. Би багаасаа онц сурах дуртай хүүхэд байсан, онц сурдаг ч байсан. Эргээд бодоход манай аав, ээж маш их шахдаг байсан. Маш өндөр хүлээлттэй аав, ээжтэй байсан. Гэр бүлийн тэр нөхцөлдөө зовж шантралгүй, надад угаасаа л ийм эцэг, эх заяачихсан юм чинь энэ хүлээлтэд нь хүрэх гэж хичээе гэж бодсон. Хичээх явцдаа онц сурахдаа дуртай болчихсон. Онц сурах гэдэг зүйлийг ойлгочихсон, мэдэрчихсэн болохоор их сургуульд сурахдаа академийн ертөнцөөс маш их үр шимийг хүртсэн. Академийн ертөнц, боловсрол гэдэг ямар чухал, гоё зүйл болохыг олж мэдсэн учраас түүнийгээ эргүүлж түгээмээр байна. Энэ бол одоогийн Ариунзаяагийн хувьд утга учиртай амьдрал. Тав, арван жилийн дараа өөрчлөгдөнө. Утга учиртай зорилго чинь тантай адилхан хувьсаж, өөрчлөгдөж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Туяа: Хөлдөлт бол маш эрсдэл ихтэй, эдгэшгүй гэмтэл DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Х.Туяатай ярилцлаа.


-Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хөлдөж, осгож тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу, танай эмнэлэгт өдөрт хэд орчим хүн үйлчилгээ авч байна вэ?

-Манай эмнэлэг дээр өдөрт амбулаториор дунджаар 20 гаруй, ихдээ 30-40 хүн, яаралтай тусламжаар 15-20 хүн гэж тооцоход хоногт яаралтай тусламжийн тасгаар түлэгдэж, хөлдөж, осгосон оноштой 45-50 орчим хүн эмчилгээ, үйлчилгээ авч байна. Өнгөрсөн жилүүдэд эдгээр хүмүүсийн тал хувь нь осголт, хөлдөлт оноштой байсан бол энэ жил үүний талаас илүү хувийг эзлэх болсон нь огцом хүйтэрсэнтэй холбоотой.

-Хөлдөж, осгосон оноштойгоор үйлчилгээ авч буй хүмүүс хэд орчим насныхан байна вэ?

-Хөлдөж ирж байгаа хүмүүсийн ихэнхийг хүүхдүүд эзэлж байна. Чих, хурууны үзүүр, хацраа хөлдөөх тохиолдол түгээмэл байна. Хүүхдүүд мэдэхгүй нойтон гартай явж байгаад хөлдөж байна, нойтон байх тусмаа хурдан хөлддөг. Мөн орон гэргүй хүмүүс маш их осгож, хөлдөж ирж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд тасагт 55 хүн байгаагаас ес нь орон гэргүй хүн байна. Орон гэргүй есөн хүний долоо нь хөлдөлттэй. Тэдний эрчүүд нь ихэвчлэн согтуу байдаг. Яаралтай тусламжаас гадна ажиглах, амилахуйн өрөө гэж бий. Энэ нь амь нас эрсдэлд орсон хүнд анхны тусламж үзүүлдэг өрөө. Тэр өрөөнд өдрийн цагаар согтуу хүн ороод шулуухандаа эрүүлжээд гарч байна. Шөнөдөө бол байнга 1-2 хүн хонож эрүүлжигдээд, цаашилбал эмчилгээнд орж байгаа.

-Осголт, хөлдөлт хоёрын ялгааг тайлбарлаж өгөөч?

-Осголт гэдэг нь бүтэн бие даарч хөрөөд дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Хөлдөлт нь удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг хатуу болж хөлдөнө. Орон гэргүй согтуу хүмүүс осгоод хөл, гар нь хөлдчихсөн ирж байна. Орон гэргүй хүмүүсийн асуудал маш хэцүү байна.

-Хэдэн градусын хүйтэнд хүний бие хөлддөг юм бэ?

-Хүний биеийн температур 36, 37 градус. Харин даарч бээрээд шулуун гэдэсний халуун 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдаж, 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан 28 хэмээс доош ороход ухаан алдаж, таталт өгөн үндсэндээ эргэшгүй процесс явж хүний амь насанд аюул учирдаг.

-Тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хөлдөлтийн зэрэг ямар байна?

-Хүүхдүүдийн чих, хуруу, гар бол нэг, хоёрдугаар зэргийн хөлдөлт. Цайж, улайж, цэврүүтсэн байдаг. Анхны тусламжийн хувьд гүн, өнгөц хөлдөлт ялгаатай. Нэг, хоёр хоногийн дараа клиникээр ямар өөрчлөлт гарах вэ гэдгээсээ бас шалтгаална. Хөлдөлт маш их өвдөлттэй байдаг. Харахад арьс нь цайчихсан, цэврүүтэхээрээ гүн хөлдөж байна гэсэн үг. Гүн хөлдөж цэврүүтсэн бол цэврүүг яаран хагалж, арьсыг нь хуулах хэрэггүй. Бохир орох эрсдэлтэй. Цэврүүг бага зэрэг хагалж усыг нь гаргаад арьсыг хуулалгүй үлдээх хэрэгтэй, цэврүүтээгүй хатуу байвал тэр дор нь архи, цэнхэр спиртээр ороож болно. Тэр хэсэг газрын судас тэлэгдэж цусан хангамж сайжирна. Хөлдүү мах шиг хатуу болж хөлдсөн үед иллэг хийж болохгүй, нэмж гэмтэл учруулах аюултай байдаг. Дулаацуулаад эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүмүүс маш болгоомжтой, дулаан хувцаслаж явахгүй бол мэдэхгүй явж байгаад хөлдчихсөн ирж байна.

-Хөлдөлтийн хэдэн зэрэг байдаг юм бол?

-Хөлдөлтийг дөрвөн зэрэг болгож ангилдаг. Гүн хөлдөлт бол ямар ч авралгүй зүйл. Гүн түлэгдлээ гэхэд түлэгдэж үхэжсэн хэсгийг нь аваад булчин махаар нөхдөг ч юм уу түлэгдсэн мөчийг яаж ийж байгаад тодорхой хэмжээнд аваад үлдчихдэг. Харин эд тас хөлдчихвөл үхжээд л дуусдаг. Хөлдөлтийн нэгдүгээр зэрэг нь цайж хүйт оргиод хорсож чинэрдэг. Хоёрдугаар зэрэг хавдаж улайгаад, мэдээ алдаж цэврүү үүснэ. Гуравдугаар зэрэг мөн л цайж цэврүүтээд, цэврүүний дор хөхөлбийтөж улаан хүрэн болоод ихээр хавдаж чинэрч өвдөнө. Дөрөвдүгээр зэрэг бол хөлдөөсөн мах шиг тогшиход дуугарч хатуу болж хөлдсөн байдаг. Эмчилгээний зарчим нь тухайн хэсэг газарт бүлээцүүлэх, цэврүүтэж шарх үүсвэл шархыг нь боож эргэж сэргэхийг нь хүлээгээд үхэжсэн эдийг тайрж авах мэс засал хийдэг. Хөлдөлт бол маш хөнөөлтэй, эрсдэл ихтэй, эдгэшгүй гэмтэл юм. Хоёрдугаарт дэлхийд хөлддөг газар цөөн. ОХУ, монголчууд, канадууд л байна. Тиймээс энэ талаар дэлхий нийтийг хамарсан нэгдсэн судалгаа, эмчилгээ ховор, тэгээд ч эд үхэжчихвэл эмчилгээ тайрах мэс заслаар л дуусдаг.

-Хүмүүс интернэтээс зөвлөгөө хараад түлэгдсэн хэсгээ хүйтэн усанд дүрсэн, мөсөөр жин тавьсан гэдэг. Энэ зөв арга хэмжээ мөн үү?

-Хөлдөөд хуруу гарын судас агшчихсан байхад дахиад хүйтэн мөсөөр жигнэхээр өнөө судас маань бүр удаан хугацааны агшилтын байдалд орж цус гүйхгүй болсноор өөрийнхөө эдийг үхүүлэх аюулд хүргэж байна. Бээрч хөлдсөн мөчийг шууд халуун усанд дүрж болохгүй. Бага зэрэг хүйтэн усанд дүрээд бага багаар халуун усаа нэмж биеэ дасган халуун усанд бүлээцүүлж дулаацуулна.

-Гүн хөлдсөн үед ямар анхны тусламж үзүүлэх вэ?

-Биеийнх нь нэг хэсэг хөлдчихсөн байхад тэр хүний бие дулаан байна гэж байхгүй. Хүнийг дулаан байранд оруулж бүтэн биеийг нь дулаацуулах хэрэгтэй. Хөлдсөн хэсгийг барьж үзээд оношлох гэж хичээнэ. Хүйтэн бүлээн усанд дүрээд усны градусаа бага багаар нэмж халуун бүлээн усанд дүрж гаргаж ирээд өнгөц хөлдөлт байвал судас тэлэх зорилгоор спирттэй боолтоор бооно. Хэрвээ цэврүүтэж арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж шарх үүсвэл шархны тос түрхээд боолт хийнэ. Хөл, гарыг боохдоо хуруунуудыг нь салгаж, сарвайлгаж бооно. Нийлүүлээд боочихвол дарагдаж цусан хангамжийн асуудал үүснэ.

-Хүйтний улиралд хүмүүс хөлдөлт, осголтоос сэргийлэхийн тулд хэрхэн хувцаславал зохистой вэ?

-Хөдөө явахдаа машиндаа дулаан хувцас авч явах, хүйтний улиралд давчуу гутал өмсөх хэрэггүй. Дулаан байхаас гадна биед эвтэйхэн чөлөөтэй байх ёстой. Хүмүүс өөрсдөө анзаарахгүй гутал нь хавчиж барьсаар байгаад хөлөө хөлдөөчихдөг.

-Ямар хүмүүс хамгийн амархан хөлддөг вэ?

-Захын судасны цусан хангамж муутай хүмүүс амархан хөлддөг. Тамхи татдаг, захын судас нарийсах өвчтэй, хоол унд муу иддэг, дархлаа султай хүмүүс. Гар, хөлийн хурууны үзүүр, өсгий, хацар, хамрын үзүүр, чихний дэлбээ хамгийн амархан хөлддөг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Сурагчид амралтаараа хамрагдаж болох сургалтууд DNN.mn

Ирэх даваа гаригаас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. Сурагчид амралтаараа хамрагдаж болох сургалтуудыг танилцуулж байна.


1. “Soroban kids” сургалтын төвийн рубик шооны сургалт

Таны хүүхэд уг сургалтад хамрагдсанаар 3-5 төрлийн шоог эвлүүлж сурна. Ой тогтоолт хөгжүүлэх, хурдтай, цэгцтэй сэтгэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэх зэрэг олон чадваруудыг эзэмшинэ. Сургалт даваагаас баасан гаригт нэг удаа 60 минутаар хоёр долоо хоног хичээллэнэ. Үндсэн төлбөр 120 мянган төгрөг, сурагчдын амралтаар 10 хувь хөнгөлж 100 мянган төгрөгөөр суралцах боломжтой. Хаяг 13 дугаар хороолол, Натурын зам, холбоо барих утас 88041666.

2. Jet – School of

English

Сурагчдын амралтаар хичээллэх 7-12 насны хүүхдийн “EQ+ART” багц сургалт энэ сарын 19-нд эхэлж гурван долоо хоног үргэлжилнэ. Боловсрол эзэмшихэд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар (Emotional Quotient) нь IQ (Intelligence Quotient)-с илүү ач холбогдолтой байдаг аж. Өөрөөр хэлбэл, хүн эхлээд өөрийн сэтгэл мэдрэмжээ ойлгож, түүнийгээ зөвөөр илэрхийлж, бусдад мөн тийнхүү хандаж сурснаар зөв суурьтай бие хүн болж төлөвших бөгөөд энэхүү суурь чадварыг эзэмшсэний дараа аливаад суралцах чадвар нь түүнийгээ дагаж хөгждөг. Тиймээс боловсролтой салшгүй холбоотой сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг сурагчиддаа олгох үүднээс EQ хөтөлбөрийн үндсэн чадваруудыг бид сурагчдын амралтад зориулсан сургалтаар санал болгож байна.

Үүнд:

-Өөрийгөө таньж мэдэх – Self-Awareness

-Өөрийгөө хянах – Self-Control

-Сэтгэл хөдлөлөө удирдан чиглүүлж, идэвхжүүлэх – Self-Motivated

-Бусдыг хүндлэн ойлгох – Empathy

-Бусадтай харилцах – Peo­ple skills зэрэг чадварууд орно.

No description available.

Хаяг: МУБИС-ийн урд, Макс төвийн байр, холбогдох утас 7711 8899.

3. Морин хуур, хийл, төгөлдөр хуурын сургалт

Сурагчдын амралтаар морин хуур, хийл, төгөлдөр хуурыг ганцаарчилсан хэлбэрээр анхан шатны нотны онол болон хөгжим тоглох ур чадварын сургалт хичээллэнэ. Долоо хоногт хоёр удаа хичээллэнэ, нэг сарын төлбөр 250 мянган төгрөг.

Хаяг: Монгол гуравдугаар сургуулийн урд, холбоо барих утас 99198932, 99157114.

4. Хөлөгт тоглоомшатар, даамны клуб

Хөлөгт тоглоом клуб сурагчдын амралтыг тохиолдуулан даамны сургалтдаа 40 хувийн хөнгөлөлттэй элсэлт авч байна, долоо хоногт гурван удаа хичээллэнэ. Сургалтын төлбөр 80 мянган төгрөг.

Хаяг: Арслантай гүүрний урд. Холбоо барих утас: 99898171.

5. “OctopusDigital” Компьютер сургалтын төв

12-16 насныхныг 1-5 түвшинд элсэлт авч байна. Ирэх бямба гаригаас эхлэн бямба, ням, даваа гаригт 2-3 цаг хичээллэнэ.

I түвшин. Суурь хэрэглээ. 10 хуруугаар шивэх (эхний ээлжинд минутанд 120 тэмдэгт бичиж сургана), тоног төхөөрөмжийн талаар хэрэглээний түвшинд мэдлэгтэй болно.

II түвшин. Интернэт хэрэглээ, интернэтэд аюулгүй аялах, оновчтой хайлт хийхийг суралцана. (Gmail. GFORMS, Google DOCS хэрэглэж сурна)

III түвшин. Өдөр тутмын хэрэглээ. Өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг MS-Office программын түгээмэл хэрэглэгдэг гурван программ болох MS-Word, MS Excel, MS-PowerPoint программ дээр ажиллаж сурна.

IV түвшин. Adobe-ын бүтээлч программууд. Pho­toshop, Illustrator, Premiere зураг засварлах, вектор зураг зурах, таблет ашиглан зураг зурах, бичлэг засварлах зэрэгт суралцана. V түвшин, гурван хэмжээст дүрс бүтээж сурна. (Google SketchUp, Blender), Adobe After Effects. Сарын төлбөр 150 мянган төгрөг, холбоглох утас 95709222.

6. “TEEeducation”

Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлнүүд дээр суурилсан код бичих буюу программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, програмчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг 8-17 насны хүүхдүүдэд олгох ерөнхий инженерчлэлийн сургалт эхлэх гэж байна. Сурагчдын амралтын тав хоног үргэлжлэх сургалт 550 мянган төгрөгийн төлбөртэй.

Сургалтаар орчин үеийн компьютер технологийн үндэс болсон дижитал электроникийн суурь ойлголт, бичил компьютер дээр хэрхэн ажиллах, бичил компьютерийг хэрхэн программчлах, бичил компьютерээр микро электроникийн төхөөрөмжүүдийг удирдаж сурах, орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжийн мэдрэгч, тооцоолол зэргийг судлахаас гадна утасгүй холбоо, антенн технологийг ашиглаж сурна.

No description available.

Хаяг: СБД, Бага тойрог, VI хороо, МУИС-ийн II байрны чанх хойно, холбогдох утас 9080 6161.

7. Power up Fighting & Fitness

Сурагчдын амралтад зориулсан эрчимжүүлсэн хүүхдийн кикбокс, каратэ ангидаа элсэлт авч эхэлжээ. Хүүхдийн амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор хүүхдийн ангидаа 30 хувийн хямдрал зарласан байна. Сургалт энэ сарын 19-нийг хүртэл бүртгэж нэг сар үргэлжилнэ. Төлбөр 200 мянган төгрөг, холбогдох утас 99937962, 88809658.

8. 6-11 дүгээр ангийн математик, геометрийн сургалт

Математик, геометр, физикийн хичээлийн хоцрогдлыг арилгах, түвшин ахиулах, математик, физикт дур сонирхолтой, өөртөө итгэлтэй болох, ЭЕШ-д бэлтгэхэд суурь болох, цэгцтэй бодолттой болох зорилготой хүүхдүүдэд зориулсан математик, геометрийн сургалт эхлэж гэж байна. Долоо хоногт гурван өдөр хичээллэнэ. Сарын төлбөр 150 мянган төгрөг, хаяг БГД, Максмоллын замын урд Одод төв дөрөвдүгээр давхарт, холбогдох утас 89069594.

9. Сагсан бөмбөгийн сургалт

Зааланд тогтмол хоёр багш хичээл ордог, гадаад сагсны багштай хамтарч функциональ хөтөлбөрийг нэвтрүүлдэг, хичээл болгон дасгалаар дамжуулж англи үг цээжилдэг, спортын сэтгэл зүйч, мэргэжилийн хоол зүйчтэй сагсан бөмбөгийн сургалт даваа, пүрэв, бямба гаригт хичээллэнэ.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд, төлбөр 150 мянган төгрөг, холбогдох утас 86030300.

10. Seattle ESL

and Life Coaching School

Хүүхдийн англи хэлний ангийн элсэлт эхэлжээ, сургалт ирэх даваа гаригаас эхэлнэ. Онлайн орчинд хүүхдийг хамгийн тухтай бүсээс ядраалгүйгээр англи хэлийг сурах гүүр нь болж өгдөг. Хүүхдийн дөрвөн түвшинт ангид дуудлага, ганцаарчилсан ярианы хичээл болон групп ярианы, дүрмийн, гадаад багшийн видео, арт терапи хичээл орно. Төлбөр 175 мянган төгрөг, хоёр сар суралцах гарын авлага багтсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Ахерке: “Калцийн глюконат” эмийг зүрхний гликозидтой хамт хэрэглэвэл зүрх зогсох аюултай DNN.mn


Монос”-ын эмнүүд ханиаданд сайн байна гэж яригддаг. Эдгээр эмийн үйлчилгээний талаар тус эмийн сангийн жор баригч Х.Ахеркетай ярилцлаа.


-Хүмүүсийн дунд түгээмэл тархаж буй нэг тусахаар бүрэн эдгэхгүй байгаа вирусийн гаралтай ханиаданд “Монос” эмийн үйлдвэрээс гаргадаг “Хлорфенамин”, “Калцийн глюконат”, “Тримексазол” гэх эмнүүдийг үр дүнтэй байна гэлцэх юм. Эдгээр эмнүүдийг бүх насныхан хэрэглэх боломжтой юу?

-Хүмүүсийн дунд ханиаданд үр дүн сайтай байна гэх яриа бий. Эдгээр эмийг “Монос” эмийн үйлдвэрээс гаргадаг, үнийн хувьд ч харьцангуй хямд. “Хлорфенамин” эмийн хувьд харшлын эсрэг эм. Гистаминий эсрэг үйлдэлтэй бэлдмэл, гистаминий Н1 рецепторт хориг үүсгэж гистаминий бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгаж эдэд гистамин шалтгаант хаван үүсэх, артерийн даралт буурах зэрэг үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэггүйгээрээ гистаминий эсрэг бусад бэлдмэлээс ялгаатай. Нэг шахмалд хлорфенирамин Малеат 4мг агуулагддаг. Энэ эмийг зургаагаас дээш насныхан хэрэглэнэ. Зургаан настай хүүхэд 1 мг-аар 4-6 цагийн зайтай, 6-12 насны хүүхэд 2 мг-аар 4-6 цагийн зайтай ууна. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд 4мг-аар 4-6 цагийн зайтай 12 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Одоогоор манай эмийн санд 10 ширхэг буюу нэг таблет нь 1900 төгрөгөөр худалдаалагдаж байна.

-“Хлорфенамин” эмэнд ямар нэгэн гаж нөлөө байгаа юу?

-Эмийг ууж хэрэглэсэн тохиолдолд 15-60 минутын дараа үйлчилгээ нь эхэлж, 24 цаг хүртэл үр нөлөө үзүүлнэ.Хааяа бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй. Жирэмсний эхний гурван сар, хоёр хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Глаукома, гипертиреодизм, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үед болгоомжтой, эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

-“Калцийн глюконат” эм ямар үйлчилгээтэй вэ?

-Мэдрэлийн ширхэгийн сэрэл дамжуулалт, араг ясны булчин, зүрхний булчингийн агшилт, ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт болон бусад эрхтэн системүүдийн хэвийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цусны сийвэн дэх кальцийн ионы концентраци багасахад таталдаа үүсдэг. Кальци нь эсийн мембраны нэвчимтгий чанарыг зохицуулахад оролцдог тул цусны судасны нэвчимтгий чанарыг багасгаж харшил, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Нэг таблет нь 1500 төгрөгийн үнэтэй.

-Ямар үед ямар тунгаар хэрэглэх вэ?

-Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны дутагдал, чонон хөрвөс, шар усны өвчин, судас мэдрэлийн хаван, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил гэх мэт харшлын өвчнүүд, зүрхний дутагдал, төрөл бүрийн шалтгаант цус алдалт (умайн цус алдалт, цустай цэр гарах, хагалгааны өмнө болон дараа ходоод гэдэснээс цус алдах), цусархаг эмзэгшил, ясны сүрьеэ, ясны идээт үрэвсэл, хугарал, сульдаа, магнийн давсны антидот болгон хэрэглэх ба хурган чихний хүчил, фторт хүчлийн давсууд, хар тугалга, мөнгөн ус, фосгений хордлогуудын үед тус тус хэрэглэнэ. Насанд хүрэгчид 2-6 шахмал, 3-4 настанд 1 г-аар, 5-6 настанд 1-1.5 г-аар, 7-9 настанд 1.5-2 г-аар, 10-14 настанд 2-3 г-аар тус тус өдөрт 2-3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд 1-3 г-аар өдөрт 2-3 удаа ууна. Тунг хэтрүүлж хэрэглэвэл гиперкальциеми үүсч дотор муухайрах, бөөлжих, ам хатах шинж тэмдэг илрэх ба хүнд хэлбэрийн үед ухаан санаа самууран улмаар ухаан алдаж кома-д ордог.

-Хориглох заалт бий юү?

-Байгаа, эмийн бодис ба бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг, шээсээр кальци ихээр алдах, нефроуролитиаз (кальцийн), зүрхний гликозидтой хамт, гурав хүртэлх насны хүүхдэд, тромбоз, тромбофлебит, атеросклерозын үед хэрэглэхийг хориглоно. Кальцийн глюконатыг хэрэглэж байх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод цанхайх, зүрхний цохилт цөөрөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Мөн бусад эмтэй харилцан нөлөөлөл гэж бий.

-Ямар эмтэй хамт хэрэглэж болохгүй вэ?

-Зүрхний гликозидтой хамт хэрэглэж болохгүй, учир нь зүрх зогсох аюултай. Тетрациклиний бүлгийн эмтэй хамт хэрэглэвэл түүнтэй нэгдэж хелат нэгдэл үүсгэн үйлдлийг нь саатуулдаг. Тиазидийн бүлгийн шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэвэл гиперкальциеми үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Төмрийн давстай хамт хэрэглэвэл төмрийн шимэгдэлтийг саатуулна. Норфлоксацинтай хамт хэрэглэвэл түүний шимэгдлийг багасгадаг.

-Тримексазол эмийг ямар үед хэрэглэх вэ?

-Шээсний замын цочмог халдвар, түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл, дунд чихний үрэвсэл, синусит, гуурсан хоолойн цочмог архаг үрэвсэл, бронхиэктази, заг хүйтэн, сальпингит, зөөлөн яр, холер, шигеллез, балнад, иж балнад, буглаа хатиг, пиодерми, идээлсэн шарх, цочмог бруцеллез, архаг цочмог остеоталит, буйл орчмын үрэвсэл, ходоод нарийн гэдэсний үрэвсэл, менингит, хөхүүл ханиад зэрэг өвчний үед хэрэглэнэ. Бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл стрептококк, стафилакокк, пневмококк, цусан суулга, балнадын үүсгэгч гэдэсний савханцарт сайн нөлөөлнө.

-Хэрхэн хэрэглэх вэ?

-12-оос дээш насныхан хоёр шахмалаар 12 цагийн зайтай хоол идэх үед хэрэглэнэ. 6-12 настай хүүхдэд нэг шахмалаар хоногт нэг даа, зургаан сараас 5 настай хүүхдэд ½ шахмалыг 12 цагийн зайтай хоол идэх үед тав хоног хэрэглэвэл зохино. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд фолийн хүчил давхар хэрэглэнэ. “Монос” эмийн сангуудаар нэг таблет нь 2400 төгрөгөөр худалдаалагдаж байна.

-Өөр ямар эм ханиадыг эдгээхэд үр дүнтэй байна вэ?

-“Denk-Air” гэдэг эм байгаа. 4, 5, 10 мг-аар худалдаалагддаг. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Энэ нь багтрааг эмчлэх хянах зорилгоор, багтрааны шинж тэмдгийн өмнө хэрэглэсэн эмэнд хянагдахгүй байгаа үед нэмэлтээр, биеийн хүчний ачааллын улмаас үүсэх амьсгалын замын нарийсал, улирлын хамааралтай харшлын ринитд хэрэглэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Жаргалсайхан: Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд төрөөс яаралтай арга хэмжээ авахгүй бол хүнд байдалд орох нь DNN.mn


Өнгөрсөн баасан гаригт “Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ноос “Малын эмч нарын бага хурал-2022” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр Монолын мал эмнэлгүүдийн дундын хоршооны тэргүүн, Өлзийтийн өсөх хоршооны дарга, малын их эмч Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Та бага хуралд “Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн одоо ба ирээдүй” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ. Мал эмнэлгийн анхан шатны нэгж орон нутгийн мал эмнэлгүүдийг хэлж байна уу, энэ талаар тодруулахгүй юу?

-Хөдөө орон нутагт мал дээр, малтай харьцаж байгаа эмч нарыг мал эмнэлгийн анхан шатны нэгжүүд гэж нэрлэдэг.

Мал эмнэлгийн анхан шатны нэгжийн одоогийн нөхцөл байдлын тухайд Монгол Улсад 70 сая мал тоологдсон. Дэлхийн дунджаар нэг малын эмчид 10 мянган толгой мал оногддог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг малын эмчид 50-75 мянган мал оногдож байна. Ачаалал ийм өндөртэй, төрөөс болоод малчдаас санхүүжилт бага байгууллага. Малын эмч нарын нийгмийн асуудлыг шийдээгүй учраас мэргэжлээрээ ажиллах малын эмчийн тоо жил ирэх тусам буурч байна. Тэгэхээр нэг эмчид ирэх ачаалал улам нэмэгдэж байгаа. Төр засаг яаралтай мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд арга хэмжээ авахгүй бол үнэхээр хүнд байдалд орох нь. Малын хил дамнасан болоод гоц халдварт өвчнүүд их гарч байхад идэвхтэй ажиллаж байгаа эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж өгөхгүй бол манай улсын хүнсний эрүүл байдал бүрхэг болно.

-Малын эмчийн тоо цөөн, нэг малын эмчид ногдох ачаалал их учраас малаа бүрэн эмчилж чадахгүй байна гэсэн үг үү?

-Монгол Улсын мал эмнэлгийн салбарын ажилчдын 62-63 хувь нь 50-70 насныхан байна. Хамгийн хүнд ажилд гардан оролцдог, нугалдаг хүмүүс ахмад эмч нар. Жил бүр 100 гаруй малын их эмч төгсөж байгаа ч тэдний 10-20 нь анхан шатны нэгж рүү орж ажилладаг. Удалгүй шантраад өөр салбар руу ордог. Хүн эмнэлэг ямар хурдацтай хөгжиж байна, 3.4 сая иргэнд хэдэн арван мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байхад 70 сая гаруй малд 2000 хүрэхгүй малын эмч ажиллаж байна. Төр засаг мал эмнэлэг рүү анхаарч, дорвитой арга хэмжээ авах цаг болсон. Зэрлэг малтай харьцана гэдэг хүнд ажил шүү дээ.

Бид эмнэлэгт нэг шинжилгээ өгөхөд багадаа 10 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхэд нэг малтай харьцахад 1000 төгрөг ч хүрэхгүй, 250 төгрөг шүү дээ. Ийм байхад хэн энд ажиллах вэ. Анхнаасаа төлөвлөгөө, төсөвтэй, зөв зохион байгуулалттай байх ёстой. Мал бол бидний мөнхийн амьжиргааны эх үүсвэр. Тиймээс малын эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Дэлхийд нэг малын эмч дунджаар 16-47 сая төгрөгийн цалинтай. Тэгэхэд манай улс 300-500 мянган төгрөгийн цалинтай. Монгол малын эмч нарын цалин дэлхийн жишгээс 35 дахин доогуур байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан тооцоолоход манай улс түүний 40 хувьтай тэнцэх цалин олгоход л энэ салбар босоод ирэх юм.

-Энэ салбарын ирээдүйн чиг хандлага ямар байна вэ?

-Дундговь, Дорнод аймгийн МСҮТ-д мал эмнэлгийн дунд мэргэжлийн бага эмч бэлтгэдэг анги нээсэн. Тэд гурван жил суралцаад малын бага эмч болно. Зөвхөн хотод их сургуульд сурах биш орон нутагтаа сурах боломжтой. “Эх орны эрүүл хүнс” аянд мал эмнэлгийн тал дээр том заалтыг оруулсан. Үүнийг бас нэг гэгээтэй тал гэж харж байна. Монгол Улс 2018, 2019 оноос халдварт болоод гоц халдварт өвчинд идэгдчихлээ. Малчид хариуцлагагүй, ер нь хаа хаанаа хариуцлагагүй. Бүгд дор бүрдээ хариуцлагатай, үүргээ биелүүлдэг баймаар байна. Малын эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Малын өвчлөлийг яаж бууруулах боломж байна?

-Малын өвчлөл зээрээр хүртэл дамжаад л ороод ирдэг. Үүнийг тэр дор нь хорио цээр тогтоож, малчид ч хамтарч ажиллаад таслан зогсоох ёстой. Хорио цээр тогтоож чадвал болчих л зүйл. Гэтэл хорио цээр тогтоож байтал малчид хариуцлага алдаж малаа аваад нүүгээд явчихдаг. Ийм тохиолдолд төр малчдад арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Тэнд гарсан бүх хохирлыг малчнаар төлүүлдэг болох шаардлагатай. Ийм хатуу шаардлага тавибал малчид илүү хариуцлагажина. Малчидтайгаа хамтарч чадахгүй бол бид дэмий л үр дүнгүй хоосон ажиллаж байгаа хэрэг. Одоо төр засаг малын эмч нартай хамтарч малын өвчлөлийг таслан зогсоох шаардлагатай. Бид морь, нохой мэт зүтгээд байхад төр нь тоохгүй бол ямар хэрэг байх вэ.

-Малын халдварт өвчний тархалтын тал дээр малчдын буруутай үйлдэл ихээхэн нөлөөлдөг гэж ойлголоо. Тэгвэл манай улсын мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоо хэр зөв явж байгаа вэ?

-Мал эмнэлгийн тогтолцоо олон жил буруу явсан. Дөнгөж өнгөрсөн жилээс л босоо тогтолцоотой арай зөв болж байна. Социализмын үед мал эмнэлгийн тогтолцоо босоо байсан. Тэр үед манай мал эмнэлэг дэлхийн жишигт ойролцоо байлаа. 1990 оноос хойш мал эмнэлэг яамны хавсарга байгууллага болсон. Одоо сайжруулж хуучин байсан зөв системд нь оруулж энэ шинжлэх ухааны байгууллагыг зөв голдиролд нь оруулах юм бол таван жилийн дотор өвчингүй эрүүл малтай болох боломж байна. Ганцхан энэ тогтолцоо үнэн зөвөөрөө явах нь уу, чансаатай мэргэжлийн удирдлага байх нь уу гэдэг чухал.

Малын эмч нарынхаа нийгмийн асуудлаар хөшүүрэгдээд эрүүл мал, махтай болох экспортоо тэлэх боломж бий. тавхан жилийн дотор цоо эрүүл малтай, махтай болох боломж байна.

-Малаа хашаалж эрүүл бүс тогтоох тал дээр та ямар байр суурьтай байна?

-Мал аж ахуй руу чиглэсэн хоёрхон хуулиар бэлчээрийн асуудлыг шийдээд малыг тусгаарлаж хашаалж эрүүл болгох ямар ч боломж байхгүй. Үе шаттай зөв үйл ажиллагаа явуулж байж мал эрүүл болно. Монголын 21 аймгийн малын 17, 18 нь гоц халдварт өвчтэй байхад хаанаас эрүүл мал олж хашаалах гээд байгаа юм бэ.

-Танай хоршоо ямар чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм бэ, анхан шатны нэгжүүдтэй хамтарч ажилладаг уу?

-Манай улсад мал эмнэлгийн анхан шатны 900 орчим нэгж байдаг. Манай хоршоо бизнесийн байгууллага, хамгийн лидер 500 мал эмнэлгийг нэгтгэсэн. Бид хувь хөрөнгөө нийлүүлж байгуулсан. Мал эмнэлгээ унтраахгүйн тулд малын эрүүл мэндийн төлөө улсын хэмжээнд салбарынхаа эмч нарын дунд үйл ажиллагаа явуулдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn

Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.


-Манай улс жилд 200 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөөцтэй. Энэ нөөцөө бүрэн ашиглахад малын өвчлөл саад болж байна. Тиймээс малын эрүүл бүс бий болгох шаардлага үүслээ гэж байна л даа. Манай улсад эрүүл малын бүсийг бий болгох боломжтой юу?

-Хашаалаад гаднаас ялаа, шумуул, шувуугаар ямар ч халдвар дамжихгүй эрүүл мах гаргана. Түүнийгээ экспортлох ямар ч боломжгүй. Нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйд ийм боломж байхгүй. Гадныхан хашаалаад эрүүл малын бүс бий болгодог, тусгаарладаг гэж заасан байж магадгүй. Гэхдээ тэр чинь Европын орнуудад хэрэгждэг. Манайх шиг аймаг, сум дамнаж нүүж явдаггүй малд хэрэгжүүлдэг арга. Хаяа багтахаараа бууж хошуу багтахаараа идэлцэнэ гэдэг шүү дээ. Нүүдлийн мал аж ахуйн онцлогийг огт олж хараагүй зүйл ярьж байна. Монголын төр засагт мал амьтны өвчний талаар, үүнтэй холбоотой бизнесийн талаар ямар ч бодлого байхгүйн илрэл.

-Яагаад?

-Монгол Улсад 1923 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мал эмнэлэг гэдэг алба байгуулагдсан. Түүнээс хойш 1993 оныг хүртэл 70 жил энэ албыг дүрмээр зохицуулж ирсэн. Сүүлийн 30 жил хуулиар зохицуулж ирлээ. Монголын төрд мал эмнэлгийн талын ямар ч шинжлэх ухааны үндэстэй буюу амьдралд нийцэх бодлого байгаагүй. Мал эмнэлгийн салбар төрийн зохицуулалттай, төрийн бодлого гаргаж яамаараа дамжуулан хэрэгжүүлээд тэр нь агентлагаараа дамжин хэрэгжиж байгаа нь үндсэн үүргийнхээ 10 хувийг биелүүлж ирсэн. Мал эмнэлэг гэдэг салбар нийгмийн өмнө гүйцэтгэх үүргийнхээ 90 хувийг биелүүлээгүй гэсэн үг л дээ. Хашаалах асуудал малын өвчингүй бүс нутаг бий болгоно гэж байгаа. Энэ бол мал эмнэлгийн асуудал. Манай улсад мал амьтны өвчлөлтэй холбоотой ганцхан хууль бий. 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр батлагдсан, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль. Нөгөө талд төр засгийн бодлого “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” гэж бий. Аль алинд нь мал, амьтны тухай ямар ч бодлого байхгүй.

Олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх эрхийг өгдөг байгууллага нь мал эмнэлгийн байгууллага. Энэ үүргээ ойлгоогүй явахаар яам, Засгийн газар нь буруу юм ярих нь зөв шүү дээ. Өнөөдөр нэг кг мах Япон, Европ руу зарж чадахгүй шүү дээ. Яагаад гэдгийнхээ үндсэн шалтгааныг ойлгоогүйн улмаас аймгаар нь хашаална гээд сууж байна. Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч мах экспортлох тогтолцоог бүрдүүлж чадахгүй.

-Тэгвэл яавал экспортод махаа гаргах боломж үүсэх вэ?

-Ганцхан боломж бий. Монгол Улсын мал эмнэлгийн чадавх сайжраад иргэний 100 хонь, арван үхэр нядлаад дотоод, гадаадын зах зээл дээр зарахад ямар ч аюулгүйг баталдаг болох. Үүнийг төр засаг нь ойлгож бодлого, шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. 100 жил буруу бодлоготой явсан. Тэр аймгийн малд туулга хийе, энэ сумын малыг вакцинжуулъя л гэж явсан болохоос энэ малын махыг хүн иддэг юм байна, малын бүтээгдэхүүнийг гадагш нь экспортолдог юм байна гэх нийтийн хэрэгцээнд нийлүүлэх махны шаардлагыг дөрвөн улирлын турш хангаж ирсэнгүй.

-Мал, махаа эрүүл байлгахын тулд яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрээ зөв гарга. Хоёрдугаарт, мал эмнэлгийн байгууллагуудыг ажлаа гүйцэтгэх чадвартай, мэдлэгтэй болгох. Энэ хоёр нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болгох.

-Манай улс жилд 5-6 сая мал экспортлох боломжтой гэлцэж байна. Монгол малын махны эрүүл ахуй ямар түвшинд байдаг юм бэ?

-Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл найдвартай байх ёстой. Монгол мал шиг экологийн цэвэр мал дэлхий дээр байхгүй. Үүнийг махны лангуун дээр авч ирэхдээ аюултай, хортой болгодог тогтолцоо бий болчихоод байна. Өнгөрсөн жил 67,3 сая мал тоолуулсан. 23-24 сая төл авсан, 90-ээд сая малтай. Дотоодын хэрэгцээнд 15-18 сая мал, тэгэхээр энэ жил 70 орчим сая мал өвөлжих юм байна гэсэн тооцоог л ярьж байгаа. Жишээлбэл, Увс аймгийн 18 суманд тэдэн толгой мал зарах боломжтой. Сумаас цааш нь хот айлаар тооцож Батын хотноос тэдэн хонь, ямаа зарах боломжтой гэсэн судалгаа,тооцоо нэг ч байхгүй. Засгийн газар, Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн сайд бол энэ бүхний араас явах хүмүүс биш. Мал эмнэлгийн байгууллагуудын л хийх ёстой ажил.

-Малын баталгааг яаж гаргах ёстой вэ?

-Танайх 50 хонь зарах гээд Улаанбаатар руу авч явахын тулд сумынхаа малын эмчээс эрүүл гэсэн бичиг авдаг. Түүнийг зүгээр л шууд эрүүл гээд бичээд өгөх ёсгүй. Дампуурсан огт хэрэггүй зүйл хийж байгаа юм. Малчны өрхийн дэвтэрт хэзээ вакцин тариулсан, угаалгасан гээд бүгд тэмдэглэгээтэй байх ёстой. Гэтэл одоо малын эмчээс асууж туулга өгдөг, антибиотик хэрэглэдэг малчин байхгүй. Дээрээсээ буруу үйл ажиллагаа явуулж байна. Цаашлаад хашаална гэж улсын мөнгийг дэмий зүйлд битгий үрэн таран хийгээсэй.

-Яг өнөөдрийн байдлаар махаа экспортод гаргах бодит боломж байна уу?

-Ямар ч боломж байхгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй буюу мэргэжлийн мал эмнэлгийн үүднээс авч үзвэл нэг ч килограмм мах экспортлох боломжгүй. Товчхондоо, Мал эмнэлгийн талаарх Монголын төр, засгийн бодлого нь үндсээрээ буруу явж ирсэн. Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч мах экспортлох тогтолцоог бүрдүүлж чадахгүй. Монгол Улсын мал эмнэлгийн байгууллагууд, малын эмч нарынх нь чадавх байж болох хамгийн доод түвшиндээ хүртэл уначихсан байгаа.