Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..…….


Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна.

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү.

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу.

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажилгүй хүн завгүй DNN.mn

Өдрийн сонины архиваас………….


Бүр цайчихсан залхуу нь юу ч хийхгүй дээшээ харж хэвтэж байгаад аль хэдийнэ өлсөөд үхчихдэг юм болов уу. Бодит амьдрал дээр зүйр үгэнд дурдсан шиг тийм найгүй хөдөлгөөнгүй биеттэй ер тааралдаж байгаагүй юм байна.

Жинхэнэ ажилгүй шаар чинь ёстой борви бохисхийхгүй тонгочдог гэвэл та итгэх үү. Ажилгүй, чадваргүй хүнийг танихад их амархан. Тэрээр товчхондоо хүний нүдэнд ажилсаг мэт байхыг тун их хичээдэг ч их болхи л доо. Уулзаад зогсох тэрүүхэн хоромд зогсоо зайгүй юм ярингаа гутлаа зүлгээд л, дээл хүрэмнийхээ тоос хялгасыг гүвж үлээн нясалж ч байх шиг. Тэгснээ хумсаа аван, чимхүүр гарган сахлаа нямбай гэгч нь зулгаана. Ухасхийн хаалгаар гарснаа төдхөн буцаад ороод ирнэ. За нэг иймэрхүү маягтай дэмий юм хийгээд л гүйгээд байна. Тэр гуай ер зүгээр суухгүй юмаа. Хөөрхий  зайлуул гэж бодогдтол чинь хөдөлдөг. Бас нэг сонирхолтой шинж тэмдэг нь гэвэл маш эртэч ба шөнө орой унтах ч бий. Энэ нь сайндаа ч биш ажилгүйчүүдийн ихэнх нь хулгайч байдаг байхгүй юу. Бусдыг ажлаа хийгээд ядраад унтаж амарч байх хойгуур юухан хээхэн ч хамаагүй дэл сул зүйлийг нь хусч орхидог.

Бүтээлч, гараас нь юм гардаг хүмүүс бол харин эсрэгээр дотроо элдвийг тунгаан бодсоор хэдэн цагаар ч хамаагүй сууж, хэвтэх тэвчээрийг үзүүлдэг.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гар утсаар шинжихүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………

Харц ноёд ялгаагүй адилхан хувцаслачихаад байхад л нийгэмд ямар байр суурь эзэлдгийг мэдчихээд байх юм. Даргаасаа бүдүүн гүзээтэй аахилж байхад хүртэл андуурахгүй шүү.

Урьд цагт алганы хээ, нүүр хараад нэр асуултгүй шинждэг байсан. Одоо гар утасны ноймер танихгүй хүнд их олон юм ховлодог боллоо. Хотынх уу, хөдөөнийх үү, оюутан, босс, гэр хороолол, эр эм, хөгшин залууг утасны дугаараас нь мэдээд авчихна.

Цаашлаад зан “хараактэр”-ийг нь сонжихоор бол залгахад өөдөөс “Таны дуудлагыг миний туслах хүлээж авлаа” гэсэн нарийн бичиг эмэгтэйн дуудлага утсандаа хийсэн байгаа бол утасны эзэн мэдээж удирдах ажилтан биш. Харин их юм мөрөөддөг, амбицтай, жижиг гар байж таараа. Ямар ая эгшиг суулгаснаар нь үндсэрхэг, шалиг, тэнэг маанагийг нь хүртэл ханатай таамаглаж орхино. Бүх юмаа, дугаараа хүртэл нууцалсан байвал үл бүтэх этгээд, эсвэл хүчний байгууллагынхан.

Гар утасны  үүрэн телефоноос алийг сонгосноор нь төрийн албан хаагч, манаач “сэкрийт”, малын хулгайч эсэхийг ч төвөггүй тогтооно.

Хамгийн сүүлд харилцагч­тайгаа ярилцах ярианы өнгө нь ажилгүйчүүд, тэтгэврийнхэн, махны ченж, ачааны машины жолооч, сантехникийн слесарийн аль нь гэдгээ тэр өөрөө ойр хавийнханд хангинатал зарлана.

Ж.ГАНГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Никола ТЕСЛА DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


“Монголын пси­хот­роникийн хүрээлэн” хэмээх даруухан ТББ байгуулагдаад өнөө жил бараг 14,15 жил ч болж байна уу. Гоц гойд, эгэл бус алдартай хүмүүсийг бүртгэж судалж олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа голчлон хийдэг газар л даа. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн содууд суутнуудын талаарх судалгаа, бестселлер болсон бүтээлээс эх хэл дээрээ хэвлүүлж соён гэгээрүүлэх үйл мэтгэсээр гаршиж байна даа. Манайд хандаж шинээр гаргасан номынхоо дээжийг байнга хүргүүлэх агаад тэр нь маньд хаяглагдан ирдэгт гүнээ талархаж явдгаа дашрамд хавчуулсуу. Зарим номыг нь уншсаныхаа дараа тэсгэлгүй сонин дээрээ нэлээд дэлгэрэнгүй биччихдэг. Тэр нь эрхэм нөхдөд тус болдог уу эсвэл хамаг орлогыг нь хаачихдаг уу бүү мэд. Энэ удаа аанай л тэссэнгүй “Тесла”-гийн тухай бичмээр санагдаад…

Тесла брэндийн төрөл бүрийн цахилгаан бараа байдаг билүү. Орчин цагийн шинжлэх ухааны нээлтүүдийн оргил үе болох ХIХ-ХХ зууныг дамнан ажиллаж амьдарсан Югославын Серби гаралтай Никола Тесла гэдэг агуу эрдэмтний нэрийг дэвшилтэт хүмүүн мэдвэл зохих ёстой аж. “Америкийн империалист” олон эрдэмтэн зохиолчдыг өмнөх хаалттай нийгэм биднээс нуун дарагдуулж байсны нэг нь бол энэхүү харь гаригаас ч илгээгдсэн байж болзошгүй “Цахилгааны инженер” нөхөр болой.

Одоо хаа сайгүй нийтийн хэрэглээ болчихсон өчнөөн эд хэрэгслүүдийн анхны санаануудыг 100 гаран жилийн тэртээд бодож ологсдын амьдрал уран бүтээлийн замнал гэж бөөн адал явдал байжээ. “Өөр ертөнцөөс илгээгдсэн икс хүн” хэмээх баримтат номонд энэ тухай гарна.

Никола Тесла 1856 онд одоогийн Хорватын Смиляна гэдэг уулын буйдхан гацаанд санваартан гэр бүлд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Эднийхний өмнөх удам судар лам эсвэл офицер гэх хоёрхон мэргэжлээр хэдэн зуунаар үргэлжилсэн агаад тэрнийгээ цөмөөрөө мэддэг аж. Гэр бүлийн энэ хатуу жаягийг зөрчин физик, технологийн чиглэл рүү тэрээр анх удаа зориглон гажигтсанаар багагүй саад бэрхшээлтэй тулгарсан байдаг. Теслаг долоотой байхад аав нь багашаархан тушаал дэвшин хөдөөнөөс Госпич гэдэг хот руу нүүж ирцгээлээ. Хот газрын соёлд балмагдан бүгд гоё цэвэрхэн хувцаслах гэж үйлээ үзнэ. Харин бяцхан хүү хотын номын санд нь сууж тэнд байсан бүх номыг уншсан ба одоогоор бол ПС тоглоомонд донтогсод шиг шөнө ч унтахаа больсон аж. Харин гэрт нь хогоороо байдаг шашны урт урт судар маани мэгзимээс шал өөр физик бусад шинжлэх ухааны сэдэвтэй зохиолууд хөдөөний жаалд гойд сэтгэгдэл төрүүлж улмаар насан туршийнх нь амьдралд нөлөөлжээ. Ном уншихаас бусад үед ер зүгээр сууж чаддаггүй “дайсантай” хүү ямагт хэрэг тарина. Үеийнхэнтэйгээ байлдаж тоглох зуураа гурван санжийн зузаан банзыг цоо харвадаг арбалет нум сум хийчихсэн томцуулын үнхэлцэг зүрхийг хагалахаа шахсан нь наад захын асуудал.

Хотын гал командын алба хувин савнаасаа салж голоос шахуурга ашиглан түймэр унтраах шинэ төхөөрөмжтэй боллоо. Энэ чухал үйл явдлын нээлтийг үзэхээр иргэд удирдлагууд бүгдээрээ цугларцгаав. Сургуулийн модон байшингийн хажууд гал асаан түүнийг дор нь нам шүршиж унтраагаад л…Гэтэл үзүүлэх сургууль ид дундаа явж байтал гэнэт ус тасарч улмаар сургууль ч шатах аюул нүүрлэж бүр баларсан юм болов. Тэнд байгсад бүгдээрээ балмагдан яахаа ч мэдэхээ байх тэр агшинд үзэгчдийн дундаас долоо найман насны бяцхан хүү гол руу үсрэн орж шахуургыг шалгаж үзээд тэр хавьд нь шланк нугаларсан бололтойг тэнийлгээд дор нь засаад өгчээ. Хүмүүс хүүг мөрөн дээрээ суулган хотыг бүтэн тойрон явснаар түүний алдрын замнал эхэлсэн түүхтэй. Сонирхолтой нь хүү энэ талын ямар ч мэдэгдэхүүнгүй анх удаа л усны шахуурга насос, шалаанк гээчийг энэ өдөр харжээ.

Том хүүгээ цаг бусаар алдсан эцэг Милутинд Теслагийн үйл хөдлөл бүхэн түгшүүр төрүүлнэ. Учир нь үл мэдэх өвчин байнга ороохоос гадна тэр үеийн Европыг нөмөрсөн аюулт урвах тахал тусч явчихаа алдсан. Биеэ огт боддоггүй зөрүүд Тесла хэтэрхий их уншиж судлан яс арьс болтлоо турж эцэх тул түүнийг Прагийн техникийн их сургуулиас гаргаж төлбөрийг нь төлөхөөс татгалзаж, онц сурсан баярын бичигнүүдийг нь шатааж хүртэл үзсэн байна. Залуу хүү сэтгэлээр унаж улмаар улаан мөрийтэй тоглоомчин болон орон гэрийнхээ хамаг хөрөнгийг самрангаа алдсан. Залуу насандаа ийнхүү баахан “гайрийдаж” бүр гуларч гүйцсэн нөхрийг хамаатнууд нь тусалж нэгэн радио станцын газар ажилд оруулав. Ажилтан болсноор баахан адал явдалтай учирснаас гадна өчнөөн олон санаачилгууд зохион бүтээж бүр том нээлтүүдийг ч бодож олов. Бодсоноо ажил болгохоор Францыг зорьсон боловч тэнд хүнд сурталтнуудад айхтар мэхлэгдэн дахиад л дампуурав. 1884 онд шинэ тив буюу Америкт хөл тавьжээ. Зам зуур тээшээ хулгайд алдаж юу ч үгүй хоцорсон, сууж явсан хөлөг онгоцон дээр бослого гарч золтой л мажийчихаа алдсан зэрэг яаж зүгээр байхав гэсэн шиг. Тэгж нэг юм сохор зоос ч үгүй Нью-Йоркт буугаад эхний гудамжинд тааралдсан дэлгүүрийн эзний засах гээд ноцолдож буй цахилгааны генераторыг дор нь янзалж 20 ногоон хармаалаад авав. Нөгөөдөх нь бүр баярлаад манайд ажилд орооч бариач гэхэд бушуухан салахын түүс болов. Тэр бүр агуу их рүү зорьж яваа шүү дээ. Тэр үед цахилгааны талаар Америкт төдийгүй дэлхийд хамгийн цууд гарсан эрдэмтэн бол одоогийн бидний хэрэглээ болсон чийдэнг дөнгөж нээгээд байсан агуу Томас Эдисон байлаа. Тесла найзаараа зуучлуулан түүнд бараалхаж компанид нь багашаархан зиндааны инженерийн ажил олж авав. Эдисон чийдэнг нээх гэж мянга гаруй удаа туршилт хийн цөхрөлтгүй зүтгэснээ гайхуулахад нь

-Нэг муу чийдэн асаахын төлөө юун ч сүртэй юм бэ дээ гэх ухааны юм хэлчихсэн нь хожим Эдисоны мөнхийн өстөн болох юм гэж яаж санахав. Чийдэн нээгч эрдэмтэн цахилгааны салбарт тогтмол гүйдэлийг шүтэн түүгээр олон ч төсөл санал болгон ивээн тэтгэгчээ олоод байсан үед Тесла гэгч гай гарч ирээд наадах чинь бишээ гээд оронд нь хүн үнэмшиж ойлгохын аргагүй бөөн нээлт нотолгоо гаргаад ирэв. Шинэ тив ардчилсан орон болохоор Теслаг арай ч “мээк” нөхөр гэж шоолсонгүй. Гэхдээ л хувьсах гүйдлийн цахилгааны онолыг нь санхүүжүүлэх зоригтон олдсонгүй. Хэрэг бишдэж байгааг Эдисон тэнэг хүн биш болохоороо зөнгөөрөө гадарлаж далдуур Теслаг хорлох ажиллагаа явуулж түүндээ мөнгө харамгүй зарцуулсан байдаг. Яг л өнөөдрийн манай нийгэм шиг шар хэвлэлүүдээр захиалгат нийтлэл хөврөн, эх орончид цээжээ балбан “Тесла гэгч нөхөр мөнгөний төлөө тог цахилгааны зарчмыг өөрчилж ард түмнийг өчүүхэн ч өрөвдсөнгүй. Түүний бүтээл дотор хүнд аюултай 65 ширхэг зүйл байна Үүнд…” гэж ирээд л авч өгчээ. Харин энэ нөхрийн бүтээлээр гэмт хэрэгтэнг цаазлах сандал хийвэл зохилтой гэснийг нь парламент шүүрэн авч хууль санаачлан анхны цаазын цахилгаан сандал үүсвэй. Тэгээд эхний үйлчлүүлэгчээр цуутай алуурчин Кеммлер гэгчийг суулгаад тогоо залгасан чинь үхдэггүй ээ. Нөгөөдөх нь бүр ял завшихаа алдаж цаазаа та нар гүйцэтгэсэн гээд гүрийчихэв…Хожим Тесла өөрийн нээлтээ биен дээрээ нотлон 6000 вольтын тог гүйлгэж олныг алмайруулсан байдаг.

1890 он гэдэг чинь одоогоос 120-иодхон жилийн өмнө эрчим хүчийг 500 метр зайд ч хүргэж чадахгүй замд нь алдаад барчихдаг байсан юм уу даа. Харин “тэнэг” Тесла Ниагрын хүрхрээнээс эрчим хүч гаргаж аваад гучин километрийн зайд орших Буффало хотыг цахилгаанжуулах боломжийг хэлж өглөө. Энэ солиотой санаанд мөнгөө шидэх зоригтоноор Ж.Вестангауз хэмээх орос гаралтай саятан бас таггүй зохион бүтээгч нөхөр тодров. Мөнгөний ханш чулуу байсан тэр үед Теслагийн зохион бүтээгчийн 40 гаран патентийг нь нэг бүрийг нь 25 мянгаар үнэлж нийтдээ сая гаран доллар бэлнээр төлөн өөрийг нь ч уг төсөл дээрээ ажиллахыг санал болгов. Ингээд л ганц өдрийн дотор саятан болсондоо бус хувьсах гүйдлийн талаарх багын мөрөөдөл нь ийнхүү хэрэгжсэнд туйлын их баярлажээ.

Фаз, трансформатор гээд тог цахилгааны салбар дахь бидний мэдэх мэдэхгүй баахан нээлтүүдийг энэ Тесла гэгч нөхөр нээсэн ба улам боловсронгуй болгосон юм билээ. Юм л шинээр нээж байвал ганц жаргалаа эдэлдэг шунал дэвгүй энэ эрдэмтэн цахилгаан станц дээрх ажлуудаа заримыг нь дундаас нь хаяж бусад эрдэмтэд, бизнесмэнүүдийн хоол болгоод өөр салбар шинжлэх ухаанууд руу тэнээд явчихжээ.

Хүүхэд байхдаа гайхаад л байдаг аянга цахилгааны учир начрыг жаал мөнгөтэй болмогцоо олохоор хорхойсч энэ тал дээр баахан цагаа барсан байдаг. Тэгээд Коларода муж дахь байнга аянга буудаг газар нүсэр лаборатор барин хиймэл аянга үүсгэн туршиж үзсэн. Аянга төдийгүй дэлхийн бусад цаг агаар хур тундасыг захиран хүссэн газраа ган тайлах боломжийн талаар яриад эхлэв. Мөн өөрийнхөө Нью-Йорк дахь урландаа хиймлээр оюун ухаан бүтээх, хөргөгч, агаараас азотын бордоо гаргах төхөөрөмж санаачлан макет схемийн заримыг нь бичил хэлбэрээр хийчихээд байтал гал гарч урлан нь юу ч үгүй шатаж дэлхий даяар сенсаац тарив. Нөгөө аянгын төхөөрөмж нь бас аянганд ниргүүлж будаа болов???

Үүнтэй зэрэгцээд бие нь дахиад л муудаж олон хоног сараар өвдөж үхэнгээ алдсан. Тэр үедээ рентген зураг ба цахилгаанаар анагаах эмчилгээн дээр баахан нээлт хийж орхилоо. (Тэрээр биеэрээ тог гүйлгэн хачин аргаар өөрийгөө эмчилдэг байсан ба энэ сул биетэн гайхалтай өндөр насалж бараг 90 хүрээд 1943 онд өөд болсон. Хоёр метр шахам өндөртэй атлаа тавь гаранхан килограмм жинтэй хэрзийсэн нөхөр) Түүний гоёлын шаахайн дотор байгаа хөлний рентген зураг алдарт эрдэмтэн Рентгений нээлтээс өмнөх цаг үеийг гэрчилдэг. Бидний дунд сургуульд заадаг байсан физикийн сурах бичиг дээрх Морзоор ярих, Герцийн долгион, Оросын Поповын радио нээсэн түүхүүд эргэлзээтэй болоод явчихлаа. Германы Герц гэх лаг эрдэмтэн Эдисон лугаа үй олон туршилтанд толгойгоо гашилгаж агаар дахь цахилгаан соронзон оронг хариугүй нээчихээ алдаад байхад нь Тесла уулзаад “Энэ л байхгүй юу даа” гээд хэлээд өгчихсөн. Яахав хүүхдийн урам байна чиний нэрээр Герцийн долгион гэж байя тэрнээс наадахыг чинь би бүр оюутан байхдаа нээчихсэн юм. Худлаа гэвэл энэ гээд баахан патент бүр зайнаас ярьдаг гар утасархуу юм хүртэл хийснээ үзүүлсэн гэдэг. Утасгүйгээр хол зайд хүмүүс хоорондоо ярих ба радио нэвтрүүлэг цацахад тулгарсан антени гэгч юм хийхээс өгсүүлээд баахан “хар ажлуудын” ихэнхийг шажигнатал угсруулаад зохион бүтээчихсэн, тэнд бараг хийх ажилгүй болсон шахуу хойно Попов, Маркони нар орж ирэн олны хүртээл болгожээ. Мөн энэ үед онол дээр ажиллаж байсан Английн О.Лож гэх эрдэмтэнд хандан “Та наадахыгаа ашиглан хүмүүст мэдээ дамжуулдаг хэрэгсэл зохиогооч” гэхэд тэрээр ихэд уурлан “За за одоо бүр байтлаа шуудан хүргэгч болчих юм байна л даа” гэсэн гэдэг. Хожим энэ үгэндээ маш их харамссан байдаг. Радиог хэн зохиосон тухай маргаан дэгдэж олон улсын шүүхийн шийдвэр Теслагийн талд гарахад тэрээр төдийлөн тоогоогүй. Тэр байтугай Нобелийн шагналаа авах гэж ч очоогүй. Нобелийг мань эрээс түрүүлээд Эдисон, Рентген, Герц энэ тэр авчихсан учир уг шагнал түүнд доромж мэт санагджээ.

Теслагийн аяыг дааж түүний хэлснээр нь юм хийх гэдэг их хэцүү. 1901 онд Лон-Айлонд хотод “Даян дэлхийн цахилгаан холбоо” гэгч 80 га талбай бүхий бүрэн хотхон барихаар болж саятан Морган санхүүжүүлээд дампуурчээ.Америкийн хямрал, дэлхийн дайн ч давхцсан байх. Тэрнээс хойш санхүүгийн олигтой дэмжлэггүй болсон Теслагийн санаанууд зөнөглөж байгаа өвгөний үг мэт улам л үнэмшилгүй сонсогддог болсоор. Тухайлбал “Хүн бол машин техникээс нэг их ялгаагүй ш дээ. Уураг тархийг нь гаднаас өөр юм удирддаг. Мэдлэг акумлятор шиг тархинд хадгалагддаггүй. Байнгын өдөөлтөнд өсгөсөн байдлаар сэргээгддэг төдий.Цуурайтай яг адилхан процесс. Мэдлэгт хамгийн их нэмэр болдог эрхтэн бол нүд. Нүдний салст бүрхэвч өөртөө харагдсан болгоныг буулган авч дамжуулдаг юм. Тэгэхлээр оюун ухааны мэдрэмжийн тал нь нүдэнд оногдох агаад түүнд үл харагдах өөр олон хэмжээс зүй тогтол байгааг бид мэдэхгүй өнгөрч байна. Би мэдлэгийг хуримтлуулж хадгалдаг төдийгүй биеэ дагаад сэтгэх чадвар бүхий технологи нээчихлээ. Түүнийг төмөр металл дээр ч юм уу эсвэл яс махбодиор ч хийсэн болно” гэж ярьсан байдаг.

1920-иод онд шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт улс цахилгаанжуулалт хийх гээд тэвдэж байхад Тесла Ленинтэй ярилцаад Америкийг хаяхаар шийджээ. Мөнгө хөрөнгө ёо ёо гэдэггүй нийгэм журамтай газар очиж дураараа нээлт хийж суухад надад яг тохирно гэж дотроо тооцсон юм билээ.Тэгтэл түүний зуучилж байсан орос найзыг нь коммунистууд Америкийн империалисттэй холбоотон боллоо гээд буудчихаж.

Насаараа авгай аваагүй, үр хүүхэдгүй гэр оронтой байж үзээгүй тувтан буудлаар амьдарсан хажиг, сэжигч Тес¬лад дотны найз гээд байхаар хүн цөөхөн. Маш цэвэрхэн цагаан даавуутай ширээн дээр өглөөнийхөө цайг ганцаараа уух агаад өдөр хүмүүстэй уулзахаас зугтан бүгж байгаад шөнөжингөө ажиллана. Идэх уухдаа өндөр шаардлага тавих агаад сүүлдээ хоолоо сэжиглэж голсоор байгаад талх сүү хоёроос өөр юм идэхээ больсон аж. Том тансаг зэрэглэлийн буудлаар голдуу гэрээ хийж байсан ба сүүлийн хэдэн жилээ “Нью-Йоркер”-т өнгөрөөжээ. Буудлын төлбөрөөр үе үе сууна. Тэгмэгц гялс нэг юм сэтгээд л мөнгө. Автомашины спидометр “мийл”-ийг ганцхан шөнийн дотор бодож олоод үйлдвэрт аваачиж өгсөн нь одоо хүртэл дэлхий даяар анхны хувилбараас төдий л өөрчлөөгүй хэрэглэсээр л. Иймэрхүү гарын дорх “нээлт” өч төчнөөнийг тоочоод баршгүй.

Марк Твентэй үе үе буу хална. Твений “Артур вангийн өргөө” зэрэг зохиолд цахилгааны тухай их л мэдэмхий адал явдал гардаг нь тийм учиртай юм билээ. Нэг удаа Альберт Эйнштэйн “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагч К.Суиза гэгч хархүүг зааж “Их ирээдүйтэй сэтгүүлч болох хүн. Тесла чи түүнтэй ярилцлага хий “ гэж хэлүүлжээ. Тэрнээс хойш Теслаг насан эцэслэтлээ сэтгүүлч Суизагаас өөр хүнтэй дотно нөхөрлөөгүй. Суиза энэ агуу эрдэмтний хувийн амьдралыг олны хүртээл болгож, зарим нэг эд өлөг, баримтуудыг цуглуулснаар судлах боломжтой болжээ. Нэг иймэрхүү ном сая орчуулагдан гарлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтан үе DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Үе үеийнхэн өөрсдийгөө л гэцгээх нь
хүний л араншин юм
даа. Буруу ч юу
байхав.

Урлаг, соёл, шинжлэх ухаан,
спортынхон, зохиолч сэтгүүлчид дор
бүрнээ л “би баатар”
болох гэж ханьсахын эрхэнд
“Одооны энэ хүүхдүүдийн байгаа
царайг …Тэгэхэд бид залуудаа…
“гэцгээн өмнөх ба хойдох
үеүдийг доош хийн өөрсдийн
таньдаг хэдээ алт мөнгөөр
харамгүй хучиж ярьцгаадаг. Одоо
хийж бүтээхээсээ илүү амны фигур
нь хөгжчихсөн үе үеийн алтан
шонхорууд хүзүүгээ маажуулж буй тугал аятай
тун таатай харилцан биесээ
магтацгаагаад л. Дал наяад
оныхны урлаг спортын манай
төлөөлөгчид ид сайн байсан
байлгүй яахав. Хэрэв
улс төр, нийгмийн хөгжил
дэвшил өнөөдөр өдий зэрэгтэй
сайн сайхан болох өнгөндөө
ороод ирж байгаа бол,
одоогийн өндөрлөгөөс эргээд харах дээрээ
тулсан бол тэр гавьяаны
хамаг гол нурууг хэдий
хавьцаа нугаллаа байз хэмээн хорхойг
нь хөдөлгөж өдөх төдийд бүгд өөрсдийгөө “Бид
Алтан үеийнхэн” гээд орилолдоод босч
ирэх гээд байна.

Гадуур үйл явдал ид
буцалж, хямрал, хямдрал юм
юм л өрнөөстэй. Хэдийбээр
уйлаан дуулиантайхан аж төрцгөөж, болж
бүтэж байгаа юм байхгүй
мэт шуугилдаж байгаа ч манай
амьдрал алсуураа түүхийн маш сонирхолтой
үе дээрээ, халуухан, үнэхээр
сайхан байна өө. Түүчээлэгсдээс
хөгжихийг хүссэн хэнд боловч
уйдах зав алга. Ерөнхийдөө
нийгмийн их олон салбар
дээр зэрэг зэрэг тоглолт
өрнөж, залуу үеийнхнээс цөөнгүй
хэсэг нь ямар мундаг
хийморь цог золбоотой болчихоо
вэ? Энд хоёрхон сэдэв
дээр тогтож эргэж анзаарах
гэсэн юм. Цаана нь
ярайх бусад олон жишээ,
ололт амжилтуудыг нэг амьсгаагаар багтаах
боломж байх биш түр
орхихоос өөр аргагүй.

Дөрвөн жил тутамд болдог
уламжлалт Азийн спортын олимп
өнөө жил Инчонд нээлтээ
хийгээд дундаа орж байна.
Ирж буй эрин Азийн
зуун ч болж байгаа
юм байгаа. Инчон-ХҮII
Азийн наадамд шар тивийнхэн
бүгд цугларч медалийн төлөөх
тэмцэл урьд өмнөхөөсөө ч
ширүүхэн болоод байх шиг.
Бүгд сайн биш гэж
гоочилдоггүй юмаа гэхэд муу
тамирчин, жуулчин турист хэмжээний
сонирхогч лав алга. Өмнө
нь явагдаж байсан Азийн
наадам бүрийг манай төр засаг өндөр
ач холбогдол өгөн хамаг
шилдэг тамирчдаа илгээн сайн ч
бэлдсээр ирсэн уламжлалтай. Манай
бөхчүүд, боксчид ганзага хоосонгүй
ирцгээж гавьяа шагналаа хүртэцгээж
байсаан. Дээд тал нь
нэг удаагийн тоглолтоос хоёр ч дараалан
аварга төрж байсан тохиолдол
өмнө нь Бангкок, Делигийн
зуны наадмаас хүртэж байсан байх
шүү. За тэгээд бусад
медальд хүрсэн, шагналт байранд
орсон тамирчдын хувьд гэхэд манай
сэтгүүлчид, дасгалжуулагч нар магтах үгээ
олж ядан “Алтны энтэй
мөнгө, Медалийг шүүрэн алдаад луйвардуулчихлаа…Ердөө ганцхан минут
тэссэн бол ч…Нас
залуу аргагүй туршлага дутчихлаа
дахиад олон тэмцээнд явуулмаар
юм байна…” гэцгээн гаслаж гангинацгаан
ирцгээдэгсэн. Тэгсэн одоо юу
вэ. Наадам аль хэдийнэ
дундаа орж байхад Монголчууд
багаараа Азийн 45 орноос багийн дүнгээр
эхний гуравт, дөрөвт явна
гэсэн зүүдэнд оромгүй бахдам
мэдээ ирсээр л. Байсгээд
л Инчоны бүүдгэр
тэнгэр дор Монгол төрийн
сүлд дуулал цангинан, алтан
соёмбот далбаагаа намируулан ёстой нэг цээжлүүлж
өгч байна аа. Давын
өмнө дөрвийн дөрвөн аварга
төрж айдаггүйгээ авдарлаад авчихсан, өшөө цаана нь
горьдох найдах төрөл зай
дуусах яагаа ч үгүй
явна. Хэзээ ч бүтэхээргүй
мэт санагддаг байсан багийн спорт
гэх сагсан бөмбөгчид маань
өрсөлдөгчөө ялимгүй алдах л
юм бол нам цохьчих
гээд үнэн тэвдүүлж байна.
Тэд бүр шувтаргын шигшээ
тоглолтод тунаад үлдчихсэн тивдээ
эхний тавд эрэмблэгддэг муу
биш багийг уйлуулчихаад яваа
гээч.

Шинэ үеийнхний энэ их тэсрэлт
дэлбэрэлт 2008 оны Бээжингийн олимпоос
хойш шал өөр эрэмбэ
түвшинд гараад ирчихсэн юм.
Өнгөрөгч хэдхэн жилийн дотор
улс орны хөгжлийн хурд
хоёр оронтой тооноос дээш
бичигдэн зам харгуй тавигдан,
өндөр өндөр орд харш
сүндэрлэн, үндэсний хөрөнгөтнүүд төрөн гарч, олимп
дэлхийн аваргууд шил шилээ даран
төрцгөөх боллоо. Юуны чинь
өнөө дадлага туршлага дутлаа
барилаа вэ? 17-той хүү
боксоор дэлхийд үзүүрлэж, өчигдөрхөн
Хэнтий аймгаас ирсэн 19-тэй
охин дэлхийн аварга бөх
болж нутгийн ах цагийг
эзэлсэн их аварга Бат-Эрдэнээсээ илүү алдар гавьяа
байгуулаад амжчихлаа. Сонирхогчдын сумо, самбо бөхөөр
тив дэлхийн аварга хичнээн
боллоо ч энэ төрөл
зай нь олимп, Азийн
тоглолтын хөтөлбөрт байдаггүй юм байна л
даа. Хууччуул дошин дээрээ л
данагар байсан болохоос олимпийн
дэвжээнд өнөөдрийнх шиг монгол тамирчдаас
тэгтлээ айж болгоомжилж байсан
нь юу л бол.
Чөлөөт бөхөөр дэлхийд хоёр
дараалаад түрүүлчихсэн З.Ойдов гуай
бол одоо ч үнэ
цэн нь буураагүй үнэхээр
гайхамшигтай тамирчин байж. Даанч олимпийн
аварга болж чадаагүй аз
л дутсан. Ж.Мөнхбат аварга бас
их ховор төрсөн хүн.
Тэрээр ид үедээ гадаад
дотоодын том уралдаан тэмцээнд
оролцохдоо бэртэл гэмтэл
багатай л бол бараг
ялагддаггүй хийморь золбоотой эр
байж билээ. Хэзээний л
ажил албанаас бултаж, дасгал бэлтгэлээ
хийж явна гэчихээд хөдөө
нутагтаа оччихсон тарвага айраг цагаа
эргүүлээд, дээлээ гандтал тэнэж
явдагсан.

1990-ээд он хүртэлх хугацаанд
манай улсын бүх албан
байгууллага, сургууль соёлын газар болгон
өөрийн гэсэн хамтлаг баг
бүхий алдар цуут тамирчдаар
хахаж байв. Цагийг эзэлсэн
теннисчин, сагсчин, бөхчин, гар бөмбөг
цана гээд л байхгүй
төрөл гэж байхгүй. Бүгд
одод. Харин нутаг ус,
аймаг сум болж талцахыг
тас хорьж байсан.

Тэр үеийн манай сүрхий
тамирчид гадагшаа явж тив дэлхий,
олон улсын тэмцээнд чадлынхаа
хэрээр л оролцдог байв.
Шулуухан хэлэхэд дээр нэр
дурдсан хоёр бөхөөс бусад
нь том багагүй цөмөөрөө
гадаад өрсөлдөгч нараасаа айдаг, хөнгөн сугалаа
таараасай хэмээн дотроо залбирцгаадаг.
Муусайн коммунистууд гээд ад үздэг
байсан юм уу хаашаа
юм.

Америк Европынхонтой таараа л бол
шалчийгаад орхидогсон. Бүхий л түүхэндээ
хоёрхон бөх л дэлхийн
аварга болоод гуч дөчин
жилийн турш яаж ч
үзээд ганц ч тамирчин
олимп, дэлхийн аварга болж
чадаагүй юмдаг. Бүр цөмөөрөө
бүх л спортын төрөлд
хэдэн үеэрээ шүү. Сүүлд
нь тэгээд алтны дайтай
мөнгө аваад гэж мянга
яриад яахав дээ. Тэгвэл
өнөөдөр медальтнуудыг нь орхиод зөвхөн
олимп дэлхийн аваргуудыг жүдо,
чөлөөт, бокс, байт харваа
энэ хэдээс тоочиход арав
гараад явчихаж байна. Спортын
“Алтан үеийнхэн” гэж байдаг бол
одоохондоо энэ 2010-аад оныхныг дуртай
ч дургүй ч
хэлэхээс өөр хэнийг хэлэх
юм. Манай одоо ид
яваа залуучуудын аль
нь ч ялгаагүй гадаадынхнаас
ялгарахгүй биеийн хөгжил сайтай,
хувцас техник хэрэгсэл нь
орчин үеийнх, үзэл сурталд
баригдахгүй, азтай сул сугалаанаас
бид биш тэд айж
түгшдэг, мэргэжлийн дээд түвшинд алдаа
мадаггүй өрсөлдөн баараггүй ялж ёндоотой байж
чадаж байна. Тэмцээн дуусав
уу үгүй юу дээр
үеийн тамирчид шиг савхин куртк,
тарваган малгайны наймаа хийгээд чичрээд
гүйгээд явчихдаггүй, ар гэртээ бөөн
захиас өмд гутал, бохь
чирцгээн нам засгаасаа хоол
байр нэхэцгээн медаль шүүрэн алдлаа
гэсэн арчаагүй юм ярьж явдгаа
больчихоод байна.

Өөр миний мэдэх бас
нэг “Алтан үе”-ийн
төлөөлөгчид байна. Энэ бол
1990-ээд онд монголчуудыг анх
ардчилалд хөтлөн аваачихад түүхэн
үүрэг гүйцэтгэсэн тэр үеийн хэдхэн
тооны сэтгүүлч нийтлэлч нар юм. Тэгэхлээр
Сэтгүүл зүй дэх
алтан үе бол социалист
нийгмийн үеийнх ч биш,
өнөөдрийн эрх чөлөөндөө бялуурсан
2000 оныхон ч биш.

Монголын төр нийгэм улс
төрийг үндсээр нь өөрчилж
болох тухай үг хэлэх,
хэвлэн нийтлэх эрх чөлөөний
сэдэвтэй санаа оноонуудыг хэдэн нөхөр цаасан
дээр бичээд ард түмэнд
дуулгаснаар янз бүрийн боловсрол,
хүсэл бодолтнууд нэгийг ухаарч хоёрыг
санаж өөрсдийгөө өөрчилж эхэлсэн юм.
Мөн л шулуухан хэлэхэд
Баабар, Цэнддоо, Мягмарсүрэн, Цогтсайхан Батбаяр агсан гээд
дөрөв тавхан гойд авьяастай
бичигч нар хэнээс ч
үл айн, хожим ашиг
тооцоо бодолгүйгээр энэ үйлсэд бие
сэтгэлээ зориулсан билээ. Тэд өөрсдөө
эхлээд нам байгуулан, эрх
чөлөөний хөдөлгөөн үүсгэн, гудамжинд тэмцэл
хийн хувьсгалыг эргэлт буцалтгүй болгож
үр дүнд хүргэсэн нь басчиг
зүгээр хошуу нэмэрлээд сууж
байгаагүй юм. Тэр үеийн
сэтгүүлч бичигч нараас цөөнгүй
нь хожим сэтгүүл зүйгээ
орхин улс төр рүү
орцгоон төр нийгмийн зүтгэлтэн
болоод төрөл арилжаад явчихсан.
Харин өнөөдрийн орчин цагийн сэтгүүлч
залуусын хувьд мэдээллийн хэрэгслээр
дагнаж дамжвал албан тушаал,
алдар нэрэнд хүрэх зам
илүү дөт гэж тооцоолж
байна. Тийм ч байж
магадгүй. Сэтгүүл зүйд шинэ
үеийнхэн ихээр түрэн орж
ирэх болцгоолоо, тэдний цаг үе
ирж байна гэж ил
тод зарлах ч болж.
Өөр амбиц, цаанаа том
төлөвлөгөө зорилго, зорилтоор янз бүрийн юм
бичиж олны анхаарлын төвд
орж, улмаар төд удалгүй
янз бүрийн сонгуульд нэрээ
дэвшүүлэх санаа агуулсан бол
тэд цэвэр сэтгүүлзүйнхэн биш
юм. Өнөөдөр цэвэр сэтгүүл
зүй, нийтлэлээр маш цөөхөн хэсэг
нь дагнаж, өөр гоё
ажил төрөл албан тушаалд
очих момент тохиолдсон ч
бичиг номын ажилдаа үнэн
дуртай түүгээрээ хоолоо олж идэн
болоод л яваа билээ.
Харин ихэнх нь жаахан олонд танигдмагцаа
“Би дарга болъё” гээд
гараа өргөөд гүйчихэж байна.
Нийтэд шууд харагдахаар ажил
төрөл хийж танигдаж өгөхгүй
цаг алдаж байхаар зурагтын
эфирийн өмнө танилцаад өгвөл
амжилтанд хүрэх зам түргэсэх
нь ойлгомжтой байх л даа.
Ямартай ч цаашид бөх,
дуучин, урлагийнхан болсноос илүү оноо олдоно
гэсэн тооцоог улс төрчид
зөвлөж өгдөг аж.

1990-2000 онуудад
зах зээлийн ороо бусгаа
ид нүүрлэн аж ахуйнууд
дампуурч дэлхийд таг мартагдаж
байх үед зөвхөн сэтгүүлзүй
л шударгаар ажиллаж
ирээдүйн гарцыг заан урам
өгч байсан юм. Тэр
үе бол сэтгүүлзүй дэхь
ганцхан алтан үе л
юм байж. Дээр үеийн
нам засгийн ухуулагч, одоогийн
сурвалжлагч нар яах вэ
хэзээ ч байж л
байсан байсаар ч байх
биз. Дараа нь улс
орон хөгжиж хүчирхэг болох
хэрээр 2008 оноос эхлэн өнөөдрийн
энэ өндөрлөг хүртэлх манай эх
оронд яруу алдарт тамирчдын
алтан үе ноёрхолоо тогтоогоод
байна. Энэ үе бол
бас л сайхан үе
юм даа. Хоорондоо шал
өөр төрөл чиглэлтэй ч
эх орондоо гийгүүлэх гавьяа
байгуулсан 90 оны ардчилсан сэтгүүлч,
2010 оны алдар суут тамирчин
энэ хоёр үеийнхнийг өнөөдөртөө
хэн ч үгүйсгэж дөнгөхгүй,
илүүрхэж чадахгүй байна. Ирээдүйд сэтгүүлзүйн
Нобелийн шагналтан, спорт дахь хөлбөмбөгийн
дэлхийн аварга төрж олимп
эх оронд зохиогдох хүртэл
нэлээн ч зай байна
даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ар дээр ургасан ногоо DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.


Хааяахан салхилахаас бусад бүх хугацааны турш нийслэлийнхэн хортой хийгээр амьсгалах боллоо. Нийслэлд монголчуудын талаас илүү нь суурин аж төрдөг. Улаанбаатар нь манай гаригийн саятан хотууд дотроос хамгийн их агаарын бохирдолтой нь гэжээ.Тэгвэл энэ хотын нутаг дэвсгэр нь манай өргөн уудам эх орны тун өчүүхэн хэсэг нь. Бидний эргэн тойрон 1,5 сая орчим километр хав дөрвөлжин нутаг түүнийг нөмөрсөн цэв цэнхэр тэнгэр тув тунгалаг агаар хүрээлэн буй нь юутай завшаан. Хорт хийн гамшиг зөвхөн энэ дөрвөн том хайрханы дунд л тунараад байгаа болохоос “22-ын товчоо” өнгөрлөө л бол сэн хийгээд явчихна. Гэр хорооллын айлуудын утааны нийлбэр өвөл холын (хотын) бараа бүдгэртэл манарахаар нь шуугилддаг болохоос жинхэнэ дайжууштай улирал нь зун! Халуунд бактер үржин газарт шингэсэн, жорлонд хуримтлагдсан бүх бохир агаарт дэгдэн босч ирнэ. Хүйтнээр гараашид өвөлжсөн хуучин машинууд хөдөлгөөнд оролцон утаа савсуулан гудмаар давхина. Заваан хөрсөн дээр ургасан лууль шарилж гойд хурдан ургаж хүмүүсийн ургамлын харшил хөдөлж гэрээсээ ч гарч чадахаа болино. Агаар цэвэршүүлэх уушиг болсон улиас хүртэл дайсагнан унгирал нь хийсч хамар ам руу ордог. Зөвхөн нүүрсний утаа л жаахан татардагт хууртагдах хэрэггүй. Байгаль дахь таатай дулаарал нь шинжлэх ухаан технологийн сүүдэртэй талтай хавсран хүн төрөлхтнийг залилан хөнөөж байна. Үүний эсрэг халуун орныхны хувьд нөхөн үржихүйг чөлөөтэй болгож, экваторын бүс хэдэн тэрбум хүн нөөцөлснөөс өөр дорвитой арга олоогүй. Ухаант хүн болгоны тус тусдаа амьд мэнд эрүүл саруул байх зорилго мөрөөдөлд энэ нь ямар ч хамаагүй биз дээ.

Ингээд бодохлоор манай нутаг чинь явж явж хамгийн тогтвортой байгаль орчин болж таарлаа. Хүйтэн гэгддэг ч тэр чигтээ тундр үргэлжлэх биш. Сэр сэр салхитай, бур бур хуртай сэрүүн бумбын диваажин.

Хүмүүс амьдарч буй хотоосоо өөр газар орон ямар талаар бусдаас сонсдог байснаа, зурагтаар хардаг болчихлоо. Ингээд зогсолгүй амталж үнэрлэж барилж шүргэлцдэг ч техник хэрэгсэлтэй болоод авчихав уу. Саяхны гэмээр энэхүү дэвшил ахиц аялал жуулчлалын салбарын чиг хандлагыг өөрчлөхөд хүргээд байна. Бараг шинэ мэдээ юм. Юу гэвэл хүмүүс сонин хачин, үзэсгэлэнт, түүхт дурсгалт газруудыг кино театр хэлбэрийн газар ашиглан эчнээгээр үзчихээд оронд нь өөрт өөр ашиг өгөхүйц бизнес, дэлгүүр хэсэх зорилгоор жуулчлах болов.Цаашлаад боломжийн амьдралтай хэсгийнхний дунд эрүүл мэндийн чиглэлийн жуулчлал моодонд ороод байна. Хотын стресс, агаарын бохирдлоо ойр ойрхон угааж цэвэр агаарт гарч бай гэж эмч зөвлөдөг ч байх. Аялал жуулчлалын бизнесмэнүүд цаг үеэ зөв мэдэрч чиг хандлагаа дор дор нь өөрчилж эхэллээ. Жуулчны баазууд дэргэдээ эмнэлэг диспансер, рашаан сувилал, эмч домч ажиллуулан хамтран ашиг орлогоо хуваалцахаар болов. Үүн дотор “цэвэр агаар” гэсэн шинэ судлагдахуун гарч ирлээ. Энэ нь манай хувьд аялал жуулчлалын салбарт их завшаантай явдал болох нь. Жуулчдыг татахын тулд мангар том хөшөө, диснейлэнд, зоопарк хийж угаасаа хүч хүрэхгүй байсан. Одоо тэгвэл халуун бүлээн орны хөдөө гадаа нь ч үнэртдэггүй сэнгэнэсэн агаар гурав хүрэхгүй сая хүн амтай манай оронд л байхгүй өөр хаана байх юм. Байх байхдаа бүр арц, ганга, агины хачиртай гээч. Азны юм. Агаар алт болж байгаа мэдээ аль эрт л сонсогддог байсан л даа. Гадаадынхан аялах дашрамдаа биш цэвэр агаараар биеэ цэнэглэх дашрамдаа аялахаар расписан нь солигдлоо. Гадаад гэлтгүй манай хотын хүүхэд хөгшид усны шувуудтай уралдан хөдөөлөхийн мөн болцгоов.

“Ар дээр ургасан амуу тариа нь амттай байдаг нь Агаарынх аа хө” гэж ардын дуунд өгүүлдэг. Зүгээр л мөр холбох үг олж ядсан юм болов уу гэхээр үгүй бололтой юм шиг байгаа юм. Монгол орны уул нуруу болгоны ар нь модтой, өвс ус сайтай атал өвөр нь гандмал хад асгатай. Толгодын ар хойд тал сэрүүвтэр сэр сэр салхитай ч өврөөсөө илүү баялаг өвс ургамалтай.

Газар тариалан, хүнсний ногоо эрхлэхэд нар хур хоёр чухал. Тэр талаасаа бол ээвэр газар илүү. Гэтэл ар газар, дэнжийн талбай намар хяруунд бага өртөн арвин ургац өгдөг. Сонирхолтой нь илүү шим тэжээлтэй байдаг гэнэ. Нэг уулын ар өвөрт адилхан хур унаж, нар тусдаг агаад гагцхүү агаарын найрлагаас болж ийм ялгаатайг судалж мэджээ.

Зах зээлд орохоос өмнө одоогийн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 15 орчим километр зайд орших “Ар толгой” хэмээх газар улсаас өнчин хүүхдүүдэд зориулсан зуслан, амралтын газар байгуулсан байдаг. Зүй бусаар наснаасаа эрт бурхан болоочдын үр хүүхдийг урт нас, удаан жаргалтай байхыг бэлгэдэн Артолгойд амралт байгуулсан гэлцдэг. Тэр газар нь яваад очихлоор гоц гойд юу ч байхгүй, модтой уулын ар хаяа төдий. Дараа нь энэ хавьцаа “Нууц товчоо” гэдэг жуулчны бааз байгуулагдсан бөгөөд төд удалгүй тэнд өвөл зунгүй гадна дотны амрагчид, аялагчид дахин дахин очдог газар болчихсон. Дотроо нооль энэ тэртэй их тохилог, мод дүнз, эко болсон олон улсын стандарт бүхий аятайхан тур бааз. Гэхдээ л Тэрэлж, Цонжинболдогийн дэргэд үзэж хараад байх харууц, сонин хачин юмгүй. Тэгээд ч Жаргалантын төмс,тарианы талбай хойноос нь шахаж, урдаас нь давчуу модтой ам тулчихсан жирийн л ажил хийж амьдардаг орчин болохоос дуу алдахаар гол мөрөн мөнх цаст оргил үгүй. “Нууц товчоо”-ны нууц нь юундаа байгаа нь үл мэдэгдэнэ. Лав л “Монголын нууц товчоо”-н дээр гардаг үйл явдал, газар усны нэр томъёо энэ Ар толгой хавьд байдаггүй юмдаг. Энд Чингэс хаан биш харин Хадбаатар төрсөн гэдэг юм билээ. Амгаа зааны аавынх Булганаас Заамар руу отор хийж явах үед хүй цөглөсөн гэж заан дурссан байдаг. Угтаалцайдамын харьяат улсын аварга бөхөд мөн тийм явдал тохиосон нь энэ Ар толгой бөлгөө.

Одоо эргээд санаж анзаарахад энэ жуулчны бааз байгаа ар хөндий нь зун төдий л халдаггүй атлаа өвөлдөө хүйтэн биш, салхи сэвэлзэхээс шуурга болдоггүй, маш олон төрлийн өвс ургамал ургадаг ба мал их таргалдаг, ургац ер алддаггүй. Энд ирж мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид, ажиллагсдаас мөн ч олон хүн баатар, гавьяат болсон түүхтэй. Тус баазын туслах аж ахуй нь хажуудаа тул тэндээсээ мах ногоо, гурил будаа усаа хэрэглэх нь наанадаж өөрсдөд нь өртөг багатай, зочдод экологийн цэвэр хүнсний шаардлагыг хангана. Өөрөөр хэлбэл Ар толгойн хөрс, агаарыг талхан дээрээ тавиад хүртдэг гэсэн үг. Хүмүүс салхинд эрүүл агаарт гарна гэчихээд зорьсон газраа очоод гэр байшинд бүгэн өдөржин хөзөр тоглож байгаад буцдаг. “Нууц товчоо”-нд очигсод мөн л тэгж байгаа харагддаг. Гэвч дараа нь өдөржин гадаа агаарт амьсгалсантай ялгаагүй бие хөнгөрсөн тухай энд ирж хурал зөвлөгөөн хийгчид ярьцгаасан юм.

Ар Монгол, Архангай, Артолгой…өөр ар нэртэй ямар газрууд байна. Ар өвөр нь алагласан хангай дэлхийд их ховор тааралддаг шүү. Энүүхэн хойшоо Сибирь болоод явчихлаар ой мод нь Монголын хээр тал шиг ойчин цойчин биш ар өвөргүй битүү ургаад л гоё үзэсгэлэнтэй л дээ. Гэвч тэнд хүйтэн нь хэтэрч, агаар нь ар газартаа ахиу асгардаггүй аж. Дөрвөн улиралтай Монголын цаг агаарын энэ давуу талаа олон улсад сурталдан сонордуулж өгвөл бид уул уурхайгаас дутахгүй ашиг орлого олчихмоор санагдана. Дөрвөн ууланд хашигдсан Улаанбаатарт л проблем хураад байгаа болохоос хотоос гармагц залгаад агаар булингартуулах хэмжээний шигүү хүн ам, үйлдвэр уурхайнууд жагсаастай байх биш.

Эрдэнэсант, Баян-Өндөр сумын зааг дээрх Батхаан уулын ар бүр сонин агаартай. Тэнд амьсгалын замын астма зэрэг өвчнөөсөө салдаг орон нутгийн чанартай сувиллын газар байсансан. Ойрд очоогүй. Одоо хэвээрээ болов уу.

Дэлхий дахин дулаарал, нозооролд автчихсан, янз бүрийн гайхамшгуудыг техник ашиглан гэрээсээ үзсээр байгаад уйдчихсан цаг үе юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль шатаасай DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Амралт дуусч хичээлдээ явна гэхээс дургүй хүрдэг байснаа санаж байна уу. Зарим нь ч тэр чигтэй сургуулиа хаяад “жаргасан” явдал бий. Одоо мөн ялгаагүй хүүхдүүд ангийнхантайгаа уулзах тал дээр хаашаа юм гэхээс “Хичээлийн шинэ жилийн нээлт” гэгч албанд дуртай онц сурлагатан ховор хэвээрээ юм билээ. Ер нь энэ есөн сарын нэгнийг хүсэн хүлээж, тэсэн яддаг тийм хэнээтэй амьтан хаа ч байхгүй.Эрдэм ном сурах сонирхолгүй балай болох гэсэндээ биш. Энд зөвхөн хамгийн амттай цаг хугацаанаас салах цаг болсны харамсал нөлөөлдөг. Яахав тэгсгээд хэд хоноод анги багш нараа хараад шинэ орчиндоо дороо дасчихдаг л даа.

Зун цаг дорхноо дуусч залгаад энэ есөн сарын хэдхэн хоногт байгаль дэлхий сайхан аашилж, алга нь тэнийж, гурил ногоо, цагаан идээ, өвс хадлангаа өгдөг. Тэгээд арван сарын дундаас хойш өдөр эрс богиносон хүйтний ам наашлан, орчин тойрны өнгө зүс сааралтан хүүхэд томчуул, усны шувууд хар аяндаа дулаан орон байр руугаа тэмүүлдэг жам ёстой.

Гэтэл бид өөрсдийгөө сайн дураараа тамлах мэт хаваржин зунжин чанасан хоолоо тогооноос уудлаад аягалчихаад амсаж амжилгүй зэрэг зэрэг бөөн бөөнөөрөө сумын төв, хот руу хуу хөөгдөн буцацгаана. Өчигдөрхөн шуугилдаж байсан зуслан лагерь ганцхан өдрийн дотор түгшүүр зарласан цэрэг арми мэт эзгүйрэн эль хуль оргих нь нэн гунигтай. Хүүхэд заавал есөн сарын нэгэнд хичээлдээ очих ёстой юм чинь араас нь эцэг эхчүүд хамаг ажлаа хаяад дагаад явж таараа. Энэ гаж мөрдлөгөө сэтгэл санаанд дарамт өгөхийг тэвчдэг юм гэхэд дам тойруугаараа эдийн засгийн бөөн алдагдалд ордгийг ойлгож ядах юмгүй. Ядахад яг есөн сараас эхлэн айраг, өрөм, тараг амт шимт орж, мойл жимс ургаж гүйцэхийг нь яана. Хурааж нөөцөлдөггүй юм аа гэхэд дахиад энэ үеэр хөдөө хэд хоночихвол бүтэн жилээ даах эрч хүчээ базаагаад авахсан. Сургуультай сургуульгүй тасралтгүй явагдаж байдаг боловсрол эзэмшилтэд эхлэл төгсгөл, нээлт хаалт хийх, хонх дамар тачигнуулах нь зүгээр л үзэл суртал төдий. Энэ чухал юм биш. Малчин бэлчээр дээрээс хонио орхилгүй насан турш дагаад явж байхад багш нар жилдээ бүтэн гурван сараар хүүхэдтэйгээ хамт сургуулиа хаяад явчихдаг. Ёстой нарт ертөнцөд байхгүй ялархуу тунирхуу мэргэжил шүү. Тэгээд дараа нь хорлож байгаа юм шиг хамгийн чухал цагаар бүх нийтийг үндсэн ажлыг нь хийлгэхгүй, хүүхдээр дамжуулан хичээл номоо уншицгаа хэмээн арай хэтэрхий амьдралаас тасархай балмад ааш гаргана. Манай монголын хүүхдүүд ч гэж хүүхдүүд. Багш гээд нэг юм заавал хажууд нь байж байж жаал юм тогтоохчоо аядана. Ихэнх нь оюун ухааны чадамжгүй эрхэн тэнэгүүд тул нэмэлт өчнөөн давтлага, дамжаануудад цаг, зардал гаргуулан баймааж бусад үндэстний хүүхдийн энд дөхөж очдог юм уу, хаашаа юм. Боловсролыг цаг тухайд нь төвөггүй ойлгоод авчихдаг хэвийн тархи толгойтой хүүхэд хот хөдөө ялгаагүй ховор. Энэ тэнэгрэл хавтгайдаа учраас л улс орон хөгжиж өгөхгүй үйл тамын амьдрал үргэлжлээд байгаа юм даа.Саяхны жишээ гэхэд улс даяар телевизийн тоон системд шилжсэн тухай өчүүхэн танин мэдэхүйг маанайцгаан яагаад байгааг ерөөсөө ойлгохгүй дахин дахин асуугаад л. Тайлбарлаж байгаа мэдээллийн хэрэгсэл ба мэргэжилтнүүд нь болохоор аятайхан хэлээд өгчихгүй, өөрсдийгөө лут хүн болгож харагдуулах гээд байгаа юм уу хаашаа юм. Зориуд гадаад дотоод үг хольж хутган ойлгоход улам төвөгтэй ярьж бичээд дамшиглацгаана.

Гэтэл гадаадад өндөр хөг­жил­тэй оронд очихоороо сурахын хажуугаар орой за­ван­даа ажил хийгээд болоод байдаг нь хачин. Тэгэхлээр манай боловсролын сис­тем тийм домбоо, догма тог­тол­цоотой л байгаа байхгүй юу.

Ганцхан жилийн дотор дөрвөн өөр орчлонг үзүүлэнгээ барилгүй аашилдаг байгаль дэлхийнхээ аяыг дагаж амьдардаг монгол нутгийн хамгийн сайхан зантай өдрүүд удахгүй эхлэх гэж байна. Өвс хадах, төмс хураах ажил нажиднаасаа ангижирсан хот суурингийнхан ч гэсэн намрыг налаад суусан шигээ, модод шаргалтан улаарч ягаарахыг таашаан үзэж баясалгүй өнгөрүүлэх мөн л хайран санагдана.

Өдөр алдаж шөнө гэгчээр өвлийн бэлтгэлээ базаадаг гол цаг үетэй Монгол нутгийн онцлог нөхцөлд боловсрол, бодит амьдрал хоёрыг бодлогогүйгээр давхцуулаад одоо бүр ёс заншил шиг болгочихсон. Энийг одоо илүү сайн хувилбараар яаж л бол яаж өөрчлөх боломж арга зам бий. Манайхаас цөөн улиралтай бараг өвөл болдоггүй япон солонгосчууд хавар сакура цэцэглэх дөрвөн сарынхаа нэгэнд хичээл сургуулиа нээгээд бөөн баяр хөөр болцгоодог юм билээ. Нэгэн оны ажиллах, эрдэм номд боловсрох асуудал шинэ жил эхэлмэгц төлөвлөгдөж хавар нь халуун дээрээ залгуулан нээгдэн улмаар зунжин хэрэгжиж намар үр дүнгээ тооцоцгоодог байх нь. Харин манай амьдралын цагийн хуваарь байгаль цаг уурын хувьд бүх юм болоод өнгөрсөн хойно есөн сард төмс тарих гээд зогсож байгаа мэт эсвэл хойтонгийн явдлыг одоо хийгдэх ажлаараа солиод нээх нь бүр ч утгаа алдчихаж байгаа хэрэг юм.

Аливаа боловсрол, мэргэшил эзэмших процесс нь захиргаадалтын үед уралдаан конкурсанд зориулагддаг байсан. Түүнээ дагаад бөөн гараатай холын зайн кросс уралдааны дүрэм үйлчилнэ. Үндсэн утгаасаа төөрчихсөн энэхүү эрдэм номын үйл явдал нь намар улс даяар нэгэн зэрэг ярс хийн эхэлж хавар барианд орж буй нь зөвхөн тэмцээнд будилаан орчих вий гэсэн өчүүхэн ач холбогдолтой. Түүнээс амьдрал дээр тулгуурласан жолооны курс, англи хэл, математик, монгол хэлний хоцрогдол нөхөх сургалтууд, зуны цэцэрлэг яслиуд, спортын бэлтгэл сургуулилалт хэзээ ч хэнд ч бэлэн хаалга нь нээлттэй байгаа. Энэнээс болж хохирсон , эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлсөн юм алга.

Улсын болон хувийн цэцэрлэг, их дээд сургуулиуд, ЕБС-иудийн элсэлт төгсөлт улс даяар зэрэг эхэлж төгсгөдөг, шалгаж шүүдгийг болиулмаар байгаа юм. Багш нар зуны гурван сар мэргэжлээсээ хөндийрч амрахгүй бол яг юу нь болдоггүй юм. Сургууль заавал өвөл хичээллэн гал түлж бөөн зардал гаргаж байснаа дулаан орохлоор анги танхимуудаа цэлийтэл нээгээд хаяад явчихдаг үрэлгэн байдал гайхалтай. Тариа тарьж, уурхай ухах зэрэг гадаа ажилладаг ажил мэргэжил бол улирлаа дагахаас өөр арга бараг байхгүй л дээ. Цаашилбал бүх нийтээрээ яг арав, арван хоёр, дөрвөн жилээр багцлан боловсрол эзэмших гэдэг ойлголт өөрөө өөрчлөхийн аргагүй ертөнцийн жам биш. Зарим нь улираад л, зарим нь түрүүлээд л, мөн заримдаа чөлөө тайм аваад л явж байна биз.

Гэрт гадаа ялгаагүй халуун хүйтэн хоёрыг хүмүүс хүссэнээрээ үнэ өртөггүй зохицуулж төгс шийдчихээгүй л бол Монгол орны хувьд бүх газарт өвлийн бэлтгэл базаах цаг хугацааны чөлөө өгөх асуудал байх л ёстой. Тэр нь зөвхөн есдүгээр сар юм. Есөн сарын орчмын энэ хэдэн өдрийг халуун ам бүлээрээ, хамт олноороо байцгааж олз ашиг сайн олж чадвал дараа нь сурах, амьжиргаагаа хангах боломж хамаагүй сайжирдаг биз дээ. Өвөл даараад, зун бүгчимдээд, хавар ядраад намар оройтвол яараад хөдөлмөрийн бүтээмж санасан хэмжээнд хүрдэггүй. Тэгвэл есөн сард бороо цас аль аль нь түр азнаад, халуун хүйтэн, өдөр шөнө тэнцвэртэй болчихсон, тариаланчдын хэлдгээр алттай дүйх өдрүүд гялтганаад өнгөрдөг. Улс орныхоо эдийн засгийг өргөн хүрээнд бүхлээр нь харж нийтийн эрх ашгийг эрүүл саруул зохицуулъя гэвэл чухам энэ үеэр сургууль ном, найр наадам, цэрэг татлага, аялал зугаалга, жагсаал цуглаан, хурал чуулганаа түр зогсоож, зарим нэг худалдаа наймаа, шүүх засаглал, гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ, спортын тэмцээн, урлагийн тоглолтуудыг түр хойшлуулах шийдвэр гаргавал хүмүүс дуртай дургүй жаахан ажил хийж магадгүй юм. Ядаж хотын гэр хорооллынхон байшингаа зузаалж шавардан, эсгий нэмж барих цаг зав боломж олдон арай бага нүүрс хэрэглэн ирэх өвлийн утаа шингэрэх ч юм билүү. Оюутнууд арван сард хичээлдээ ирэхээр болчихвол нийгмийн баялаг илүү үйлдвэрлэгдэн хөдөөд цагаан идээ, түлээ, жимс ногоо, мах зэрэг өргөн хэрэглээний сагсны нөөц арвижиж улмаар ченжүүдийн зохиодог үнийн хөөрөгдлийн ханд хэсэгхэн ч атугай дарагдаж дундаас доош амьжиргаатай иргэдийн амьдралд юун түрүүн нөлөөлнө.

Бүр байг гэхэд хэсэгхэн хугацаанд өлсөхгүй, даарахгүй, халууцахгүй хэд хоног жаргаад авсан ч яадаг юм.

Гэрээсээ бараг хөөгдөн сургуулийн дотуур байраа зорин, олдсон унаанд амжиж дайгдан төв орох замд үхэр мал оодогнохоо байж, гэдэс нь цадан нэн жаргалтай хивэн хэвтэцгээх нь атаархмаар. Унага татах бүл үгүй тул уруул чимчигнэсэн айраг хахран гүүгээ тавьчихлаа. Зун олдохгүй түүхий байсан мойл жимс, хоолны төмс, лууван, байцааны салатнаас амсаж ч амжилгүй газар дээр нь хаяж оготно шувууны хоол болоод өнгөрч байх шиг. Үгүй тэр арын гууны хэдэн мөндөлнөөс ичихээс нь өмнө ядаж ганцыг нь тоншчихвол яг л иддэг дээрээ байсансан. Хамаг юм энэ муу өгөр сургуулиас л боллоо. Шатчихаасай билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Чихэр амттай сонин DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Ном сонин, сэтгүүл гэсэн биет зүйлс ой ухаанд боловсролыг илүү сайн ургуулаад байдгийн учир юу вэ. Нялхаст зурагтай сэтгүүл үзүүл, сурагчдыг ном унш, залуусыг сонин гарчиглаж хэвш, интернэт рүү онц шаардлагагүй бол хэт бүү авт, телевизийн хувьд голдуу унтраастай байсан нь дээр дээ гэсэн зөвлөгөө бол хүнээ бодсон чин сэтгэлийн үг юм. Энэнд ямарваа хуучинсаг сэтгэлгээ, ашиг сонирхол, бизнесийн далд ятгалгын аль нь ч байхгүй. Энэ ном сонин чинь эргээд ноцдог эд мөрийн баримт учир түүн дээрх уншварууд муусайн ч хариуцлага, ур авьяас, хөдөлмөр илүү шингэсэн байдаг. Нэгэнт зардал орсон бол таарч тохирсон үнэ нэхэгддэг.

Сонин нь уншигддаг, сонсогддог, гарт баригддаг, цагаар хавчихгүй, солигдож арилахгүй. Хэрэв сайн сэтгүүлч даацтай зүйл нийтлүүлсэн байвал түүнээс амт үнэр мэдрэгдэж, алдаа оноогоо танихад нэмэр тустай. Шил дэлгэцний цаанаас чихэр долоолгох гээгүй учраас уншигчийн бусад мэдрэхүйнүүд харах мэдрэхүйний хамт ажиллаад эхэлдэг. Аль болох олон мэдрэхүй дээр хүлээж авсан мэдээлэл ой санамжинд удаан хадгалагдаж үл мартагдах зүй тогтоцтой. Хүүхдийг номыг биет хэлбэрээр нь гартаа бариад унш гээд байдгийн ач холбогдол энд оршдог.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Консервны лааз DNN.mn

ххха

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… 2014 ОНЫ НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.


Монголыг мал аж ахуй хөдөө аж ахуй дагнасан орон гэж онцолдог байлаа. Гэвч өөр зуураа “Консервныхоо лаазыг хийж чадахгүй хэвтэж коммунизм байгуулж байна гэж худлаа ярьдгаа болимоор…” гэж гадаад дотоодгүй шоолцгоодог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ.

Захиргаадалтын үед мал аж ахуйг механикжуулах гэж нэлээд үзсэн боловч мал өсөөгүй, малын түүхий эд бүтээгдэхүүн үнэд хүрч чадахгүй байсаар зах зээлтэй золгосон. Зах зээлд орлоо гэсэн чинь дундад зуундаа л буцаад оччихсон байна шүү. Иргэд аминдаа хэдэн малтай болж жаргасан болохоос хөгжиж дэвшээгүй. Одоо болохоор нүүдлийн мал аж ахуй нь мянга мянган жилийн явцад шалгарсан арга технологи гэх ухааны юм ярьцгааж өөрсдийгөө зөвтгөн, хадлан тэжээл базаахаа багасгаж сүүлдээ үнээгээ саадаггүй, арьс нэхийгээ боловсруулдаггүй морио унахаа болин отор нүүдэл нэртэй тэнэж явдаг баахан зуугуул бүхэл бүтэн аймаг сумууд бий болжээ. Засаг захиргааны нэгжүүд нь цөмөөрөө хүн амд биш малын тоо толгойд зориулагдсан зохион байгуулалттай. Аливаа аймаг сумыг танилцуулахдаа зөвхөн малаар нь баримжаалж төдөн га бэлчээртэй гэдэг болохоос нутаг дэвсгэр нь нийт төд гэж ярьдаггүй дэлхийн цорын ганц улс орон байх шүү. Хөдөө орон нутагт нэгнээсээ ялгарах солонгорсон аж төрөх хэв загвар байхгүй агаад бүгд нэг хэвэнд цутгасан мэт хурдан морь, хонь ямаагаа услах худаг, түүнд дулдуйдсан сумын захиргаа, сургууль, дотуур байрны байшин сав баригддаг.

Хачирхалтай нь яг мал дээр ажиллагсад нь хүн амын арван хувьд ч хүрэхгүй агаад байгаа цөөн хэд нь зунаас бусад улиралд манаач хийх төдийхөн үүрэгтэй хөдөө үлдэж хоцорсон байдалтай. Монгол нь одоо мөн л мал аж ахуйн орон мэт гадна талаасаа харагдсан хэвээрээ атлаа консервны лаазны асуудлаа нэг тийш шийдэж амжаагүй л явна. Уг нь бусдын жишгээр бол малын ашиг шимээрээ эцсийн бүтээгдэхүүн боловсруулж гадаад дотоодын зах зээл дээр үүгээрээ гайхуулж амьдрах боломж бий. Нүүдлийн мал аж ахуйн экологийн амт чанар бүхий хүнс, арьс нэхийг экспортолж боломжийн амьдрал, мэдээлэлтэй давхаргынханд тус нэмэр болдог болчихвол бид бас нэг чухал орны тоонд багтчих ч юм шиг санагддаг. Саяхныг хүртэл гадаадыг хэт шүтэж, төр иргэнээ өмөөрч мэдэхгүй,өөрсдөө нэгнийгээ бусадтай нийлж байнга доош нь хийсээр байгаад улс үндэстнээрээ сэтгэлийн тэнхээгээ алдаж ядууралтай эвлэрсэн бөглүү хязгаар болон сураг алдарч эхэлсэн юм. Байнга харж үзэж туслаад байгаа юм шиг байсан хойд хөрш маань гэнэт зан нь хувирч өөдөөс өр зээл нэхэн Чойр Чойбалсан зэрэг бүхэл бүтэн хот тосгодоо эвдэж хөлдөөн хаяад явчихсан, бусад ямар ч хамаагүй гадаад зүгийн амьтан хүн тохиолдвол “Буцалтгүй тусламж” гуйцгаан тэр тоолондоо ам руугаа алгадуулсаар нэг хэсэг ч ёстой модоо барьсан даа. Одоо эргээд харахад ичмээр ч юм шиг. Эрх чөлөө тусгаар тогтнол байгаа цагт сайхан амьдрах түмэн боломж олддогийг биеэр туулж нүдээр үзсэн манай ард түмэн ойлговол ойлгохоор л болоод байгаа санж. Өнөөгийн хөгжингүй нийгэмд дөнгөж тавь гарч яваа малчин залуучууд дэндүү арчаагүй аж төрж байна. Хөмөрсөн тогоон дотор туйлын хоцрогдсон цаг үед амьдардаг байсан гэх манай өвөө эмээ болоод бусад хөгшчүүл хууч хөөрөлдөхийг их сонссонсон. “Луугар” Дэндэв өвөө өвөлжөө болгоноос унаа хүн хүн дайчлан баг босгон хамгийн ойрхондоо л Бээжин хүртэл жин тээгээд л одоогоор бол экспорт импортын арилжаа наймааг хөнгөхөөн амжуулчихдаг байжээ. Бүр эртний монголчууд бүр алс торгоны замаар Араб, Европ, Арслан (Сингапур) хот хүртэл аян жинд явах бол байдаг л аж төрөх амьдралын хэвшил нь байж. Эртний балар үед яваад болоод байсан тэр замаар өнөөгийн манай малчид хөдөөнийхөн өөртөө итгэхгүй айж ичээд хот ч орохгүй лаахайн авгайгаа зарцгаан гэртээ хэвтэцгээж байна. Өвөөгийн өвөөгөөс хоцрогдсон бүдүүлэг юм ярьцгаан “Тэр гадгаад гэдэг чинь аймаар гэсээн. Маниас хонь адууны мах үнэртээд ойртдоггүй юм гэхчив, Хэл ус бичиг номгүй бид хил даваад цай холдож зутарна, больж үзье хүү минь”…Хойд үеийнхэн нь яагаад ийм амархан зөнөж дорой донгио болцгоочихдог байна аа. Тэгж тэгж наймаанд явах болсон чинь хамгийн аймшигтай замыг сонгохыг нь яана. Увс аймгаас эмэгтэй хүн ганцаараа машин унаад Тувагийн хулгайч холхисон эзгүй хээрээр олон сая төгрөг өвөртлөн давхиж амь насаа алдан машинаа шатаалгасан байна.

Манай төрийн өндөрлөгүүд гадаадад айлчлал хийхдээ хувийнхныг, бизнес группийг бөөнөөр нь аваад дагуулаад явж байгаа харагддаг. Харин тэд гадаадад очоод дэмий дэлгүүр хэсч байгаад ирдэггүй бол энэнээс илүү баталгаатай ажил төрлийн харилцаа гэж юу байхав. Сая хоёр хөршийн төрийн тэргүүнүүд дараалан айлчилсны үр дүнд дэд сайдуудын хэмжээнд малын махыг экспортлох, түүн дээр хил гааль нь татварын дарамт үзүүлэхгүй байх гэрээ хэлэлцээрүүд тохиролцохоор болж байх шиг болж байна. Эхэндээ ч Монголоос юун яасан баахан түүхий нойтон мах оруулж ирэхээр болчихов хэмээн хөрш орнуудын жижиг гарын түшмэдүүд ойлгож өгөхгүй бөөн хүнд сурталтай тулж таарна. Энэ үеэр Хөдөө аж ахуйн Туваан сайдыг, бусад мэргэжилтнүүдийг нь дагуулаад Австрали, Аргентин, Европын улсууд руу очиж үзээд гуанз ресторан, худалдан авагч нартай нь уулзаж уйгагүй гэрээ хэлэлцээр тохиролцож, амталгаа сурталчилгаа хийх зэргээр сортоотойхон хөдөлж анхаарлыг нь татах тийм ч хэ¬цүү биш. Одоо энэ кино, зурагт энэ тэр дээр гараад байдаг орчин цагийн үйлдвэр худалдааны бизнесмэнүүд гэх чухал царайлсан нөхдүүдээс ер дутаад байх юу байгаа юм. Харин ч тэдний дэргэд ажлаа арван хуруу шигээ анддаггүй, илүү итгэл үнэмшил бодитой харагдана. Нэг гэм нь харил­цагч нөхдүүдээ Монголд ирэхэд нь утсаа салгаад мурь¬чихдаг байж болохгүй шүү дээ.

Ингээд бид дэлхийн зах зээл дээр хаа ч байхгүй экологийн цэвэр орги хүнс нийлүүлэх бэлэн сэцэн амнуудтай болоод эхэлж байна. Түрүүчээсээ алаагүй үнэгний арьсаа ярьцгаан махаа амьдаар нь гаргахгүй шүү, цаадуул чинь түмэн адуу болгож өсгөөд авахаа больчихно ч гэх шиг, хил гааль дээр ямар ч татваргүй мах гаргаж өгвөл яахав зарж болох юм гэж ярвайцгаан их юм болноо. Үнэндээ бол манай өнөөдрийн экспортод гаргах гээд байгаа мах гээч маань гадаадын тансаг хэрэглэгчид байтугай дотоодын бид ч идэж зажлахад хэцүүхэн юм бий л дээ. Манай ихэнх нутаг бэлчээрийн даац хэтэрсэн шарилж луулин дотор мал нь бэлчдэг, өвс тэжээл эрж давхисаар байгаад мах нь чангарч хатуураад хулдаас зулгааж байгаа мэт тул яз чанахгүй бол хөгшин нохой ч даахааргүй. Малдаа ядаж царгас, эрдэнэ шиш тарьж өгдөггүй тул амт чанар нь улам муудаж таана царман шивтэр амтагдаад байдаг болсон байна билээ. Малын сайн эмч байхгүй ихэнх мал ямар нэгэн өвчин оёгтой, түүнээсээ малчид онд орохгүй таргалахгүй хэсгийг нь заа­залж нядалдаг. Зоогийн газ­раар үйлчлүүлэгч нар махыг түүхийгээр нь ядахнаа шүүр­хий чанаад иддэг бол­сон өнөө цагт монгол маханд хамаагүй гар хүрвэл бруцеллёзтой болж мэдэх юм. Хэдийгээр Монголд мал сүрэг тавь жа¬ран саяд хүрч байгаа ч малчид, ченжүүд махаа Европын жижиглэнгийн үнээр дотооддоо наймаа хийдэг ба их л өндөр үнээр авахгүй бол зарахгүй хөгширч үхтэл нь хадгалаад хэвтчихнэ. Тэглээ гээд хувь малчнаас гарзддаг өртөг зардал татвар талийж өгнө гэх биш манай нийт мал бэлчээр талхлаад байж л байдаг. Цаашид байгаль орчин бэлчээр сүйтгэдэг үрэлгэн байдалдаа төр арга хэмжээ авч л таарна. Тэгэхгүй бол Монгол орон хэт олон малаас болж цөлжих нь. Мал маханд квот хязгаар тавиад өгөхлөөр борлуулалт нэмэгдэнэ. Хээлтэгч малаа үлдээгээд бусдыг нь хуу ня¬далж идэш тэжээлээ хэмнэн зах зээлийг эрчимжүүлж байж сая ашиг тусаа өгнө. Малын тоо толгойг бэлчээрийн даа­цанд нь барьснаар экологийн тэнцвэрийг аварч чадна. Ин­гээд өгөхлөөр дотоодын зарах мах элбэгшиж үнэ бууран гадаад экспортоос малчид ашгаа нөхөөд авчихна. Мал аж ахуйн салбар дээр төрөл бүрийн мэргэжлийн салбарынхан ашигтай ажил¬лах боломж бүрдсэнээр орон нутаг зөв хөгжих үндэс суурь тавигдана. Харин одоо¬гийн иймэрхүү маягийн болхи бүтээгдэхүүн соёлтой хэрэглэгчдэд очоод гологдож болзошгүй. 15-20 долларын үнэтэй мах гадаадад хаа сайгүй байгаа. Гэтэл манай мах тэнд нугарч зарагдах нь юу л бол. Энд бараг үхрийн мах ийм үнэтэй болчихоод байдаг.

Мал аж ахуйн бүтээгдэ¬хүүнийг экспортод гаргахын тулд үхэр адууг бактер нян тэс хөлдсөн хүйтэн улиралд гаднаа зориудаар сойж онгон байгальд нь ойртуулна. Тэ¬гээд хөдөлгөөнийг нь хорьж, чанартай хадлан тэжээлээр гурван сараас доошгүй буюу ер хоногийн турш сайтар бордон өөх ма¬хыг нь тэнцүүлж, өсвөр насны эрүүл мал мах боллоо гэсэн шинжилгээ баталгаа гаргуулсны дараа гадаад ху¬далдааны менежмэнт хийгдэнэ. Зах зээлд шилжих үеэр залуус хүүхэд бүр л олон улсын худалдааны менежер, эдийн засгийн мэргэжил ашигтай гээд хошуурцгааж би¬лээ. Тэр чиглэлийн олон ч их дээд сургууль байгуулагдсан. Эдгээр супер мэргэжилтнүүд төгсөж ирээд үр дүнг манай хөдөө аж ахуйн салбар хүртээд дэлхийн зах зээл дээр гарч ирлээ гэж сонсоогүй юм байна. Харин сая л манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн тамгын газрын хөдөөгийн бодлого хариуцсан хэдхэн нөхөд л мал мах гадаадад экспортлох хэзээ ч бүтэшгүй мэт мөрөөдлийн гарцыг нээгээд өгчихлөө.

Газар нутгийн хувьд говь хангай, цаг уур амьсгал нь ган зуднаас үл хамааралтай мах, арьс ширний чиглэлийн цогц үйлдвэрүүд байгуулагдаж хагас нүүдлийн мал аж ахуйн хэлбэрт эхлээд шилжих учиртай юм билээ. Экологийн чиглэлийн ийм бизнес эрхлэх боломжтой бүс нутаг улс орон өөр үлдээгүй давуу тал маань ихээхэн найдлага төрүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулагч нар ч уул уурхай гэхээсээ илүү тариалангийн одоохондоо эвдрээгүй талбай, бэлчээрийн мал аж ахуйг сонирхох хандлагатай болсон сураг дуулдаад эхэллээ. Бид өөрсдөө хичээвэл хонины ноос, ямааны ноолуур, үхрийн тойг, адууны ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь машин шинээр үйлдвэрлэхээс хэцүү биш. Гадаадынхан гэхээр л дандаа консерв иддэг, баян тансаг амьдралтай бай­¬даг ч юм биш. Ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд гэж махаа саначихсан хэдэн арван мян­ган хэрэглэгчид байна. Тэд хугацаа нь хэтэрчихсэн хулхи хиамыг хүртэл Солонгосын хилээр оруулах гэж яаж үйлээ үзэж байгааг сонсоо байлгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг малчдад DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ: НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА


Өдрийн сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, сэтгүүлч Б.Цэнддоотой манай сурвалжлагч Ж.Гангаа ярилцав. Тухайн үедээ нийгмийн сэтгэл зүйд гайхалтай нөлөө үзүүлж, шинэ цаг үеийг хүсэн мөрөөдсөн мянга, мянган хүний сэтгэлд гэгээ нэмсэн нэгэн бүтээлийн талаар түүнтэй хөөрөлдлөө.


-Яриагаа социализмын төгсгөлийн жилүүдэд гарсан хамгийн эсэргүү, намын төрийн бодлогын эсрэг өнгө илэрхий санаатай өгүүллээс эхэлье. Мэдээж тэр өгүүллийн зохиогч нь та байсан. Нэгэн үеийн шийтгүүлмээр зүйлс дараа үеийн сайшаалтай юм болдог гэдэг.

-Тэр үед хожмын сайшаал, шагналын тухай бодохтой манатай. Тэгсэн атлаа бичихгүй байж чадахгүй байсан юм аа.

-Яг хорин жилийн тэртээ таны “Малыг малчдад” өгүүллээрээ нэгдлийг тарааж, малыг нь эргүүлэн өгөхийг шаардаж. Өөрчлөн байгуулалт өрнөж байсан ч гэсэн ардчилал руу ороход бас цөөн хоног үлдсэн, пролетарийн диктатур алга болчихоогүй байсан цаг. Миний ойлгосноор бол тэр үеийн МАХН-ын улс төрийн товчоо хэмээх төр засгийн эрхийг үнэмлэхүй барьдаг байгууллагаас нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргаад байсан…Тэгэхээр бичлэгийн чанар чансаанаас илүүтэйгээр асуудлыг сөхөж бичих зориг, зүрхийн тухай асуудал яригдаж таарна.. Уучлаарай, таныг зоригтой л байснаас биш тааруу бичсэн гэх гээгүй юм шүү.

-Яг нарийндаа бол би тийм зориг зүрхтэй нэгэн биш. Харин ч зөөлөн халирхай хүн шиг байгаа юм. Гэхдээ зориг гээч юм олон янз бололтой. Яг л Зориг нэртэй боловч ардчиллыг эсэргүүцдэг хүн байж л байдаг шиг. Чөтгөртэй газраар шөнө ганцаараа явахаас айдаггүйгээс эхлээд Тайсонтой зодолдохоос сийхгүй цөс ихтэй, зүрх зоригтой нөхөд байна. Гэтэл орой зургаан цагаас хойш гадаа гарахаас айдаг мөртлөө өөрөөс нь дэндүү хүчирхэг төр засгийн машинтай үзэж тардаг, учирч болох дарамт, ял шийтгэлээс хулчийдаггүй, шударга үнэн гэж үзсэн зүй­лийнхээ төлөө амь амьдралаа зо­риулахад бэлэн хүн ч таа­ралддаг. Тэгтэл гарт нь зэв­сэг юмуу, эрх мэдэл ороод ирэхийн цагт арслан барс ч “сур харвамаар” сүр ба­рааг олдог нэгэн ч байх. Бас таарсан болгонтойгоо муудалцаж хэрэлдэж явдгаа ихээхэн зориг зүрхтэйд тооц­дог улс тааралддаг. Ингээд бодоход хэн нэгний тухай зо­риг зүрхтэй гэж ярих их амар­гүй болцроод байна л даа.

Харин хүний мэргэжил эзнээ өөрийнхээ ёс зүй, үнэнч шударга зүтгэл рүү хөтөлж явдаг. Сайн муу ямар ч эмч өвчтөнөө үхээд байг гэж бодохгүй, өөрийн гар дээр ирсэн болгоноо эдгээгээд байхсан гэж бодно. Цагдаад сайн муу ажилтан бишгүй байгаа ч ерөнхийдөө л хууль бус үйлдэлтэй тэмцэх хүсэл зориг нь нийтлэг л байгаа. Тэрэн шиг сэтгүүлч хүнд нийтэд хүргэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл, бусад зүйл байгаа цагт тэрийгээ гаргахгүй бол санаа амардаггүй нэг зан байдаг. Чи мэднэ дээ, сонины удирдлага ерөнхий бодлогоо л барина уу гэхээс сэтгүүлчдийнхээ яг юу бичихийг бүгдийг нь заах боломж байдаггүй болохыг. “Дорж бол муу хүн, чи нэг сайхан муулаад өг” гэхэд за гээд баахан хараал урсгаад ирдэг, дараахан нь дуудаад “Өнөө Дорж чинь хүний хайлан байсан ажээ. Магтаад ир” гэхээр дорхон нь хэдэн хуудас ерөөл туурвидаг сэтгүүлч байх нь байдаг байх, хүн л юм хойно. Гэхдээ ийм хүмүүс өнөөгийн монголын сэтгүүл зүйн өнгө төрхийг тодорхойлохоо нэгэнт больчихсон.

-Миний асуултын эхлэл рүү яасан удаан дөхөж байна аа.

-Та социализмын хамгийн том ололт, “нэгдэлжих хөдөлгөөн ялснаар социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж үздэг тэр “аугаа” үйл явдлынхаа ойг социалист төр нь тэмдэглэх гэж байхад шүүмжилж чаддаг яасан баатар зүрхтэй хүн бэ, гэж ойлгогдох асуулт тавьсан аа даа. Уг нь “Тиймээ би ч үнэхээр зоригтой хүн шүү. Муусайн коммунистууд намайг яавал ч яаг, ариун үйлсийн төлөө үхсэн ч яахав гэж бодоод л үзгээ шүүрч байлаа” гэхчилэнгээр бүлтрээд эхэлбэл амархан л байна л даа. Үнэн хэрэгтээ би бичсэн юмнаасаа айж эргэлзэж, тэр ч байтугай гаргахаасаа өмнө их бодсон доо. Мэдээж ХХ зууны хорь, гучаад он шиг алж шулаад хаячихгүй ч гэсэн нам төрийн дайсны пайз зүүгээд Лоохууз гуай энэ тэр шиг хээр хөдөө цөлөх бол бодитой л байсан цаг. Хамгийн гол нь хүүхдүүд нялх нярай байсан, тэднийгээ зовлонд унагах вий гэсэн айдас байлаа. Гэхдээ гаргахгүй, бичихгүй байж чадаагүй. Яагаад гэдгийг тайлбарлахын тулд л эр зориг олон янз байж болох тухай ярив даа. Ингээд харахад над бас нэг шалихгүй жаахан иргэнлэг зориг зүрх байжээ, тэр нь миний төрөлх чанараар, эсвэл миний эзэмшсэн сэтгүүлчийн мэргэжлээр уламжлан төлөвшсөн юм болов уу, гэж.

-Орон даяар магтан сайшааж, 30 жилийнх нь ойг тэмдэглэх гэж байсан үйл явцын буруу нь юундаа байгаа вэ?

-Өнгөрсөн зууны 59 онд малчдын малыг “сайн дурын үндсэн дээр” хүчээр хураан нийгэмчилснээр найман зууны түүхтэй Монгол Улсад хувийн өмчийг устгасан. “Хувийн өмч байхаар хүн баяжаад, баяжихаараа бусдыгаа сорон мөлжөөд эхэлдэг тул нийт ардыг жаргаахын төлөө өмчгүй болгосон нь МАХН-ын их гавьяа” хэмээн сургаж байлаа. Хувийн өмч нэгэнт байж болохгүйгээс хойш хүний ойр зуурын хэрэгцээний шальгүй эд өлгийг “амины өмч” хэмээн өхөөрддөг байж. Гэтэл малчид нь малгүй бол тураад үхнэ биз дээ. Ингээд амь зогоох амины малыг нь богийн толгойд шилжүүлснээр хангайн бүсэд 50, говьд 75 толгой хэмээн тогтоосон. Энэ тооноос илүү гарвал улсдаа “дүүрэн баяртайгаар” хураалгах үүрэгтэй төдийгүй жил бүр малд нь сүү, мах, ноосоор дамжуулан чамгүй татвар ногдуулна. Түүндээ “Сайн дурын үндсэн дээр тушаах ногдол” хэмээх наргианы нэр өгөх ба муу дур гарган тасалдуулбал хатуу шийтгэнэ. Ингээд шальгүй хөлсөөр “нийгмийн” гэсэн тодотголтой эзэнгүй мал малладаг, дээр нь өөрийнхөө малыг өсгөвөл хураагаад авчихдаг учраас мал өсөхөө байчихсан юм. Би энийг л буруушааж мал өсөхгүй байгаагийн буруу нь тэр “ялсан социалист үйлдвэрлэлийн харилцаа” гэдэгт чинь байна аа. Иймд бүх малаа буцаагаад малчдад нь тараагаад өгчих, тэгвэл мал өснө гэж л бичсэн хэрэг. Нэг талаасаа гэмгүй юм шиг боловч нам засгаас социализмын том ялалтын нэг гэж үзээд 30 жилийн ойг нь тэмдэглэх гэж байгаа зүйлийг буруушаасан зүйл л юм даа. Ухаад байвал хувийн өмч нь нийгмийн өмчөөс давуутай юм биш үү гэсэн санаа.

-Тэгээд ийм санаатай зүйлийг амархан хэвлэсэн гэж үү?

-Миний “Малыг малчдад” өгүүлэл “Хөдөлмөр” сонины 1989 оны 9 сарын 15-ны дугаарт гарсан юм. Одоогоос хорин жил хоёр хоногийн өмнө. Ардчилсан холбоо мэндлэхэд бас хэдэн сар дутуу, харин Бат-үүл эд нар бол нууц бүлгэмээ байгуулдгаа байгуулаад, ухуулах хуудсаа наагаад, НАХ Яаманд гардуулдгаа гардуулчихсан байсан цаг. Бичсэн миний бие бөөн эргэлзээтэй, хэрдээ айдастай байсан юм чинь нийтэлсэн сонины хариуцлагатай хүмүүст тун амаргүй байсан байх. Тэр үед С.Жамбалдорж гуай эрхлэгч, Цогсүрэнгийн Ганболд хариуцлагатай нарийн бичгийн дарга нь байжээ. Яг сониноо гардаж хийдэг байсан хүний хувьд Ц.Ганболд чамгүй иргэний зориг гаргасан даа. Үүнийх төлөө тэдэнд талархах учиртай.

-Хасаж барьсан юм байна уу?

-Бараг үгүй дээ. Нэг өгүүл­бэр дарагдсан байсан нь бич­лэгтээ тийм ч нөлөөгүйн дээр тэр үедээ арай ч сэрүүдэхээр юм байсан юм. Нэг ийм утгатай “Дэлхий даяар маш олон суут төрсөн байхад зөвхөн Маркс, Энгельс, Ленин гээд гуравхан хүний сургаалыг дагаж байгаа нь арай цөөдөж байгаа юм биш үү” гэсэн гэнэндүү өгүүлбэр байсан юм.

-Та тэр үед “Үнэн” сонинд сурвалжлагч байсан гэсэн. Яагаад өөр сонинд юм аа гаргасан юм бэ?

-Би тэр өгүүллээ “Үнэн” сониндоо гаргах гэтэл татгалзаад, тэгэхээр нь “ та нар болих л гүй юү” гэж ирээд л , “Хөдөлмөр” сонинд бариад очтол уухайн тас гаргасан юм бол биш ээ. Би их сургууль төгсөөд “Үнэн” сонинд очсон. Намайг Л.Түдэв гуай тэнд авсан юм. Тухайн үедээ “Үнэн” сонин өөрчлөн байгуулалтын талд зогсож, тэр цагтаа зоримогт тооцогдох нийтлэлээрээ гайхуулж, анх удаа улс төрийн товчооны гишүүдээ шүүмжилж байсан нь бас үнэн юм. Би социалист систем нуран унаж, ардчилал зах зээлд шилжинэ гэж тэр үед боддоггүй байсан. Ер нь Баабар нарын хэдэн хүнээс өөр хэн хэн тэгж боддог байсан юм бол доо?

“Социализм байгуулах яв­­цад алдаа гарсан бай­на, тэрийгээ өөрчлөн бай­гуу­лалтаар засаад, улам сайж­раад, зөв социализм байгуулах” юм байна л гэж төсөөлдөг байсан мянга мянган хүний л нэг. Манай орон тусгаар тогтнолоо сэр­гээсэн, тусгаар тогтносон улс байхад зайлшгүй хэ­рэг­тэй суурин иргэншил-хотшил бий болгосон зэрэг нь социализмтай холбоотой гэдгийг монголчууд сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байсан болохоор ээл болсон систе­мээ сөнөөх тухай төсөөлөхөд амаргүй ч байсан байж ма­­гад. Хожим мэдэхнээ монголчуудын заяа түшиж, дэлхийн дайн, ялалтын дараах дахин хуваагдал, коммунист хүчирхийлэл зэргийн яавч хүсээд баймгүй үйл явдлын хаялагаар тусгаар тогтнолоо сэргээгээд зөндөөн юм хожоод гарсан байдаг. Өнөө “хортныг номхотгогч бурхад ямар ч дүрээр заларч болно” гэлээ гэдэг шиг.

“Үнэн” сонин ч Михайл Горбачевийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтад л хамаг найдвараа тавьж байсан. Тийм болохоор “ намын ба намынхаа байгуулж буй социализмын үнэт зүйл” рүү халдаж зүрхэлдэггүй, боломж ч байхгүй байж. Энэ нь сонины буруу байгаагүй, угаасаа намын хэвлэл тийм л хувь заяатай, үүнийг би ардчилал зах зээлээс хойш МСДН-ын “ҮГ” сонинд ажиллаж байхдаа харж байсан. Тэгээд “МАХН ба социализмын үнэт зүйл”-ийг хөндсөн бичлэгээ МҮЭ-ийн хэвлэл, илүү либерал бодлоготой “Хөдөлмөр” сонинд өгсөн хэрэг. Ийм л учиртай.

-Баабараас өөр хэн хэн л тэгж бодож байсан бол… гэсэн юм сая та хэлчихвээ?

-1989 онд Тянь Аньминий талбайд гарсан бослогыг цус урсган дарсны дараахан Баабар надад хэлж байсан. “Ардчилал, социалист ардчилал хоёр адилхан юм шиг санагдавч зарчмын хувьд өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ондоо гэдэг юм. Горбачевийн болоод Дэн сяопины өгч байгаа зүйл ардчилал биш. Дэглэм дотроо, тодорхой хязгаартай жаахан боломж л өгч байгаа зүйл. Өгсөн хязгаараас нь даваад ирэхээр толгойг нь тайрдаг юм. Ардчилал гэдэг манайхны ойлгож байгаагаас өөр юм. Тэр хүртэл ардчилахыг зөвшөөрнө гэдэг ойлголт байж болдоггүй” гэж байсан. Наяад оны эхнээс үерхсэн найзын хувьд Баабарын яриаг, нийгмээ тогтоцоор нь дамжуулан өөрчлөх тухай санааг арай л дэврүүн мөрөөдөл байхаа л гэж боддог байсан юм аа. Үнэндээ Завхан аймагт төрж, сумандаа 10 төгсгөөд МУИС –аас диплом авсан залуу хархүү социалист нийгмээ тэр чигээр нь унагаад эх орондоо капитализм байгуулах нь зүйтэй гэдгийг ухаарах амаргүй л дээ. Учир нь тэр системийн бий болгосон боловсролын тогтолцоо шилбүүр барьж төрсөн гарт минь үзэг атгуулсан байлаав шүү дээ. Социализм нурж эхэлсэн тэр өдрүүдэд л бидний оршин амьдарч буй систем үеэ өнгөрөөж байгааг харсан мянга мянган хүний нэг нь би юм. Хамгийн гол нь монголын ардчиллыг угтаж ч дэмжсэн, зэрэгцэж ч тулалцсан хувь заяандаа бахархдаг.

-Малыг малчдад гэдэг санааг хүмүүс яаж хүлээж авсан бол?

-Ерөнхийдөө дорвитой өөрчлөлт нэхэж байсан олон түмэн халуунаар хүлээн авсан. Маш олон хүн тэр үед гуч хүрээгүй байсан намайг их өөрөөр, ахмад буурь сууртай хүнээр төсөөлж байсан гэдэг. Нэгдэлд хөрөнгөө хэд хэд хураалгачихсан , хоршоолох хөдөлгөөнд хонзонтой, нэлээд настай хүн гэж бодох нь элбэг байж. Баабар Хөвсгөлд явж байгаад нэг өвгөнтэй уулзсан чинь “Тэр Цэнддоо гуай айхавтар зөв юм бичжээ. Малыг нийгэмчилсэн нь ямар буруу зүйл болсныг хүүхдүүд та нар сайн мэдэхгүй ээ. Цэнддоо гуай бид нар бол сайн мэднэ” гэж ирээд л ярьсан гэсэн. Зарим нь үүний цаана “намын эсрэг бүлэг байна” гэж оношлосон ч байдаг л юм. Ямарч байсан миний болоод манай монголчуудын аз гийж үүнээс 10 -хан сарын дараа анхны чөлөөт сонгуулиар Ардын их хурлын депутатуудаа сонгож билээ.

Сонирхуулахад 1990 оны эхээр хөдөө аж ахуйн тэргүүний сайчууд ба “Малчдын төлөө хөдөлгөөн”-ийнхнийг зурагтаар яриулж билээ. Нөгөө талын магнайд хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуайгаар толгойлуулсан “одон тэмдэг бүхий” малчид ярайгаад л. Тэдний үүрэг бол малыг нийгэмчилсэн нь хичнээн зөв болохыг өөрийн жишээн дээр батлах явдал. Аварзэд гуайг ч ярих юм биш. Малчид нь болохоор, нэгдэл тарвал бид турж үхнэ, мал өгсөн ч авахгүй гэлцээд л байж билээ, зайлуул. Цаанаас нь л тэгж заавардсан хэрэг л дээ. Үнэнээ ярьж болдог цаг ирж байгааг мэдсэн бол их ондоо байх байсан биз ээ. Харин би тэднийг мал сүргээ аваад сайн сайхан амьдарч байгаа гэдэгт итгэж байна.

Нөгөө нэвтрүүлэгчийг орсон “сайн малчид ба удирдагч” нар чинь боорлож дайраад ерөөсөө яриулдаггүй, тэгээд хөтлөгч Цагаан гуай (сая гавьяат болдог) зүтгэж байж төгсгөлд нь үг хэлэх боломж олгосон. Бидний үг их товчхон байсан нь “Тэртэй тэргүй нэгдэл тарна даа” Тэр намар нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан оргил” өөрийгөө тарж байгааг зориглон зарлаж билээ.

-Таныг “малыг малчдад өгсөн гавьяатай хүн” гэж үзэж болох нь ээ?

-Яалаа гэж дээ. Ардчилал л малчдад малыг нь өгсөн шүү дээ. Социализмын үед жил бүр л 9 сая төл бойжуулах, малаа 24 сая толгойд хүргэх зорилт тавьдаг. Бүтдэггүй боловч нэрэлхээд тэрийгээ хэлдэггүй, хойтон нь дахиад л өнөө зорилтоо тавьдаг байсан. Гэтэл мал эзэндээ очингуут л өсөөд юун 24 сая вэ, гучин сая гараад, өнгөрсөн жил дөчин сая хүрлээ. Одоо бараг 50 сая болоо байх аа, малчид хэзээ хэзээнээс малаа “дардаг” гээд бодоход.

Харин энэ эрүүл зүй тогтлыг ялихгүй хугацаагаар боловч угтан харж сэтгүүлчийн ажиглалт, зөн совингоор мэдэрч байсандаа, бас хэрдээ зориглож чадсандаа сэтгэл хангалуун байдаг уу, гэвэл тийм. 1990 онд яруу найрагч Б.Батхүү бид нар тэр үеийн ХААДС-ийн багш нар болох Андрей, Эрдэнэцогт, Алтангэрэл, Нямгэрэл…гээд олон хүний хамт “ Малчдын төлөө хөдөлгөөн” байгуулаад нэгдлийг яаралтай тарааж, малыг хувьчлах, малчдыг фермерийн зохион байгуулалтад оруулахад туслахыг шаардан, дуу хоолойгоо өргөж явсан удаа бас бий.

-Танд коммунизм эргээд сэргэж, өмчийг нийгэмчлэх вий гэж бодогддог уу?

-Коммунизм эргээд сэргэхгүйн хамгийн том баталгаа бол коммунистууд өөрснөө хамгийн түрүүнд хөрөнгөтөн болсон явдал. Зарим тохиолдолд хүнд нь биш өмчид нь найдах хэрэгтэй байдаг юм.

2009 оны 11 сарын 17