Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Өөрсдийнхөө сүүдрийг олж харъя DNN.mn

Өдрийн сонины архиваас


Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. “Майкрософт”-ын бү­тээг­дэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа “То­ёо­то” дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөн­гөний урсгал хар там­хины бизнест хамаа­рагд­даг. Хэдэн тэрбум ам.дол­ларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээг­дэ­хүүний эргэлт 36 трил­лион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бү­тээг­дэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бү­тээгдэхүүний байн­гын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин бор­луулалт зөө­вөр­­лөлтөд нь хамрагддаг ам бүл  бас сая саяар тоологддог. Дэлхийд биз­нес эр­хэлж байгаа ямар ч то­моохон компани, биз­несийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог.
Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээ­нийх­­ний хамгийн том бай.

1997 он болтол Хята­дад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгд­дэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ер­дөө хоёрхон жилийн до­тор бүх мужийн
нь гурав­ны хоёрт  хар тамхитай холбогдсон хэргүүд бүрт­гэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэ­рэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр арга­гүй дархлааг суулгачих­сан юм.

Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөө­хүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хя­тадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест
орооцолдож амьдра­лаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.

Хятадууд өөртөө за­сах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түү­нээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш мон­голчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байд­гийн  аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг хол­босон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дор­нын ахуйг шингээсэн ба­раа
бүтээгдэхүүнийг ца­гаан хороор сольдог байдал газар авсан бай­сан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаг­луу­лан татаж, асуудалд эрүү­лээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж
эхэлсэн нь өөрс­дийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуу­дад энэ нь хэрхэн таа­лагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдү­гээр гүрэн байсан. Тий­мээс цэргийн хүчээр ша­халт үзүүлж гэрээ бай­гуулж авсан нь Нанжин­гийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хята­дын боомтуудаар
оруу­лах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жи­лээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.

Нэгэн үндэстнийг хү­чээр доромжлон хүн ар­дыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэг­рэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түү­хээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Мон­голд амьдардаг дан­жаадууд хар тамхи
яаж татдаг байсныг дүрслээ­гүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүх­нүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэ­хээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиос­лосон гэдэг нь харагдаж байгаа байх.

Магадгүй ингэж цу­сан­даа ясандаа шингэ­тэл хар тамхины гайг мэ­дэрчихсэн болохоор хя­тадууд хар тамхины хэ­рэгт холбогдогчдод өр­шөөл­гүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч
нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.

Түүх ийм байхад хар тамхинд “аллерги”-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хо­хир­мооргүй байна. Сүү­лийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн
тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр ба­ригдаж, цаазын ял сонс­сон гэнэ. Дөрвөн хүүх­дийн ээж Байгалмаа бүс­гүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэ­дэнд хар тамхийг нь зал­гиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөр­вөн залуу ходоодондоо хар тамхи­тай баригджээ. Бүр залх­маар шархир­маар мэ­дээл­лүүд ар араа­саа хөв­рөх болж бай­на. Тэдний араас ша­налсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь ну­лимсаа барна. Хэрэв тэд­ний буруутай нь тог­тоогд­вол хатуу хууль цааз­тай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаа­заар авчих­лаа. Одоо да­хиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суу­гаа гэсэн.

Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэт­гэлгээг эхлээд өөрчил­мөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуу­ла­хад хар тамхины хөнөө­лийг тэгтэл мэдрээгүй ул­сууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар там­хины хэргийн дараахан манай урлагийнхан хэв­лэлийн хурал хийлгээд “Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав” хэмээн шүүгчдийг бу­руут­гаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөн­­хийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэ­хээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагва­сүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины та­лаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хү­ний сүүдэрт орохоос өр­сөж өөрсдийнхөө сүүд­рийг олж харъя.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлуудын архи дуусаагүй талаар амьтан ах дүүс ярилцаж байна DNN.mn

Өдрийн сонины архиваас……………..

Сар шинийн өдрүүд хуучраагүй, шинэлэгч олон ах дүүсийнхээрээ орж гарсаар, буузаа жигнэн идэж, боов боорцгоосоо нэг нэгэндээ хуваалцсаар буй өдрүүд үргэлжилж байна. Бас Гандан хийдийн үүдээр зайгүй, золголт үнсэлт ч дуусаагүй. Яг энэ өдрүүдэд онцолж чухалчилмаар зүйл байгаа нь сархад хэтрүүлэн хэрэглэж, агсан согтуу тавьж байгаа хүмүүс илэрхий бага болжээ. Монголчууд бид архийг бас ч гэж тааруулан хэрэглэж чаддаг болсон байна. Тэр жилийн шинийн өдрүүдээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэлцсээр байдаг ч шинийн 1-ний өдрөө нам согтож, тас унасан хүмүүс олон л байдаг байсан. Харин өнөө жил илэрхий багассан нь хүмүүст илт анзаарагдаж, өөр хоорондоо энэ тухай ярьсаар байна.

“Манайх өнөө жил задалсан ганц шил архиа дуусгасангүй шүү. Хүмүүс бүр архи уухаа байж. Ерөөсөө ёс болгож амсаад л гардаг болжээ”, “Хөдөө сумандаа очиход энд ч нэг, тэнд ч нэг унасан хүн байдаг байсан. Өнөө жил манай суманд ганц л хүн согтсон байна лээ. Хүмүүс бүр уухаа байжээ” хэмээн ярилцах нь сонстоно. Манай ажлын ахын ээж дээр жил бүрийн Цагаан сараар ирж золгохдоо чадвал нэг бүтэн, амжихгүй бол тал шил архи баараггүй цааш нь харуулдаг ах хүү байдаг гэнэ. Харин өнөө жил ердөө хоёр хундагыг л тогтоогоод “Илүү уухгүй. Шинэдээр архи уухгүй, муухай” гээд гараад явжээ. Ёстой л гайхсандаа хоёр нүд орой дээрээ гармаар л үйл явдал болж. Архинд живсэн монгол гээд л нэгнээ шүүмжлээд ч байгаа юм уу, цаашлаад дарвиулаад ч байгаа юм уу явж ирсэн монгол түмний архины тухай бодол үндсэндээ ихээхэн өөрчлөгджээ.

Зарим ахмад настнууд өнөө жил Цагаан сараар архи задлахгүй гээд сүү өргөж баяраа тэмдэглэсэн сурагтай. Тэгээд олон жил сурч ирснээ өөрчилж байгаа хөгшид ойр дотнынхноосоо “Хүүхээ, архи задлахгүй эвгүй байна уу” гээд сэм тандаад урмын үг хариуд нь сонсоод жигтэйхэн баяртай суусан талаар эргэн тойрны хүмүүс ярилцана. Үнэндээ ч хөөрхий, идээний дээж гээд сархад сөгнөөд ухааныг нь, биеийг нь балартуулаад гаргадагтаа ахмадууд ч зовниж явсан байх нь шүү дээ. Харин өнөө жил нэхэж уух нь ч багасч, шахаж уулгадаг нь ч өөрчлөгдөж уламжлалт баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэж чадсандаа сэтгэл хангалуун хүмүүс олон байна. Зах зээлийн шуурганд хөл алдаж, хаа сайгүй хэрхэхээ мэдэхгүй явах үедээ гашуун ус ууж өөрийгөө хуурах явдал олон хүнд байсан. Нийгмээрээ нийтээрээ уугаад байгаа үед уруу татагдаж, бас өөрийгөө бусдын л жишгээр байгаа гэж андуурах хүмүүс ч олон байсан байх. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Шилжилтийн үеэ ч давж, бас амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн байна. Аль болох эрүүл зөв амьдралын талаарх үгс хүмүүсийн амнаас унаж эхэлсэн. Монголд хорт хавдрын өвчлөл өндөр. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн их хувийг эзэлдэг. Хавь ойрынхоо хайртай хүнээ элэгний хавдраар алдсан монгол хүн хаанаас ч олдоно.Харин элгийг гол гэмтээгч эд бол архи. Тиймээс энэ хар усны хар хорыг сэтгэл зүрхээ шархлуулан байж мэдэрсэн хүмүүс архийг үргэлжлүүлээд уугаад байхгүй нь ойлгомжтой. Ер нь монголчуудын архинаас зугтаж, архинаас аандаа холдож байгаад олон шалтгаан бий. “Бас нэгэн гол шалтгаан бол Архигүй Монгол болцгооё” гэж дээр, доргүй олон жил ярьсных яах аргагүй мөн биз ээ. Ерөнхийлөгч нь “Сүү өргөж амьдарцгаая” гээд баяр наадмаар сүү өргөөд эхлэхэд гайхашран хачирхах хүмүүс их байсан. Ямар ч утгагүй, сүү өргөөд зогсч байдаг гэж шүүмжлэх хүмүүс ч байв. Гэвч аливаа юманд хэн нэгэн эхлэлийг нь тавьж, сэдэл өгөх чухал байдаг юм байна л даа. Одоо хуримыг архигүй, Цагаан сарыг архигүй тэмдэглэнэ гэж байгаа хүмүүст тийм нэг гартаа барих, өмнөө хэлэх зүйлтэй болчихсон учраас тэдэнд ч амар хэвшил болоод явчихаж байх жишээтэй. Өнөө жилийн Цагаан сар ийм нэг сайхан, амар амгалан болж өнгөрлөө гэдгийг олон хүн хэлж байна.

Айл гэрийн хэн нэгэн нь архинд толгойгоо гашилгаж, эрүүл бус ухаанаар хандахгүй болохоор хэрүүл тэмцэл, зодоон цохион гэмт хэрэг ч багасах нь ойлгомжтой. Шинийн өдрүүдэд гэмт хэргийн тоо урьд өмнөхөөсөө илэрхий цөөн, багассан нь Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна лээ. Зам тээврийн осол 50 хувиар, гэмт хэрэг 30 хувиар өмнөх жилээсээ буурчээ. Үүнд архи шууд нөлөөлж таарна. Цагдаагийн байгууллага ч тун сайн ажилласан гээд хүмүүс ам сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд баяраар архи уудаг хүмүүсийн тоо багаслаа гээд л байдаг байсан. Өнөө жил бүр илэрхий, гарт баригдаж, нүдэнд харагдахаар анзаарагдаж байна. Ёстой л тооноос чанарт шилжинэ гэдэг л болж байна. Архи үйлдвэрлэж борлуулдаг компаниуд баярын үеийн борлуулалтаа олон жилийн дундажтайгаа харьцуулж гаргадаг бол сонин л үзүүлэлт гарах байх даа. Гэхдээ бизнесийн нууц энэ тэр гэхгүй бол тун таатай тоо гарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оноос эхлээд архи, спиртийн үйлдвэрүүд манайд борооны дараа шаагитал ургадаг мөөгшиг нэмэгдэж эхэлсэн билээ. Бас манай төсөвт ч гол хөрөнгө татаж төвлөрүүлдэг компаниуд нь эд байсныг нуухын аргагүй. Харин сүүлийн үед тоотой, томоохон хэд нь үлдээд бусад нь эрхгүй цөөрч байгаа. Нэгэнт хүмүүс хэрэглэх нь багасаад эрэлт нь татраад эхлэхээр зах зээлийнхээ хуулиар зохицоод л явчихна. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт ороод эхэлж байгаа үед гаднаас хүчлэх ямар ч шаардлагагүй билээ. Сүүлийн үед яригдаад байгаа Архины зохицуулалтын тухай хууль гараад ирвэл асуудал үүсгэхийг үгүйсгэхийн аргагүй. Хуурай хууль гарах тусмаа далд бизнес цэцэглэж, асуудал босгодог гэлцдэг. Нэгэнт хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, эрүүл амьдрах хэв маягийг ойлгох байдал, цаг хугацааны өөрчлөлтөөр манайхны архины хэрэглээ эрс өөрчлөгдлөө. Харин үүнийг хуулиар нэмж зохицуулбал нэмээд нэрмээс болох аюултай. Тиймээс хууль санаачлаад, өөр хоорондоо лобби хийгээд батлаад явчихдаг төрийн түшээд өнөөдрийн нөхцөл байдал, амьдрал дээрх хөрсөө мэдрээд явчихвал болчихож байгаа нь тэр. Яг хүмүүс дундаа ороод явчихвал цаана чинь хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон шүү. Заавал уух архийг нь хэмжиж, тамхилах газрыг нь заагаад байлтгүй өөрчлөгдөөд байна. Хуулиар, хүчээр бүгдийг зохицуулах гээд байхаас сэдлээр, сэтгэлгээг нь өөрчлөөд байвал мал биш хүн хойно ойлгож л таараа. Цагаан сараар ард түмэн дундаа орж, хотын захын айл, хөдөө айлын хотонд очсон бол архи уугаад байдаг хүмүүс багасчээ гэдгийг анзаарч л таарна даа. Урьд нь хэдэн шилээр нь архиа нөөж аваад баярладаг байсан айлууд ганц гожингийнхоо ард ч гарч чадаагүй гэж байна шүү. Монголчууд бид өөрчлөгджээ. Сайн тал руугаа шүү. Архи уухаа багасч. Лав Цагаан сараар архины араас хөөцөлдөөд байдаг хүмүүс ховордсон байна. Айлуудын базаасан архи барагдаагүй талаар амьтан ах дүүс ярилцсаар л байна шүү.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хонгорхон үрстээ хорьхон доллар өгчихөөч дээ DNN.mn

Өдрийн сонины архиваас………..


Хүүхдийн мөнгийг хэ­зээ өгөх бол гэж нүдээ ширгэтэл царайчилсан хүүхдүүд, тэднээсээ ду­тах­гүй хүлээсэн эцэг, эх­чүүд Монголоор дүүрэн байна. Хүүхдийн мөнгө гэж чухам юу байв аа. Сонгуулийн амлалтаар хүүхдэд зориулж тэдэнд зориулж мөнгө өгөх тухай яриа гарсан нь улс төрийн намуудын сонгуульд ялах гэсэн тактик байсныг үгүйс­гэхгүй. Гэхдээ цаг үеэ олсон нийгэмд хүлээг­дэж байсан шийдвэр бай­сан нь амьдрал дээр тэр даруйдаа нотлогдож байв. Бүр улстөрчдийн тооцож төсөөлж байс­наас илүү үр дүн гарсан. Гэр бүлд нь өөрийн гэсэн нэртэйгээр орлого орж ирдэг болсонд бяцхан жаалууд ямар их омог бардам, итгэл дүүрэн бай­сан гээч. Чөлөөт эдийн засагтай энэ нийгэмд эрх чөлөөний гол үндэс нь хувийн өмч. Хүүхдүүд өөрт нь нэрлэсэн мөн­гөтэй болсон нь мөнгөө зөв зарцуулах, мөнгөтэй харьцах, хувийн эрх чөлөөг мэдэрч эхлэх том алхам байсан юм.  Тэд “Би мөнгөөрөө ингэнэ. Би хүүхдийн мөнгөө авахаар тэгнэ” гээд хүүхэд насных нь хязгааргүй мөрөөдлийн орон зайд нь өвөрмөц нэгэн орд сүндэрлэж байлаа. Гэвч түүнийг нь биежиж бэхжиж амжаа­гүй байхад нь улстөр­жилтийн үрээр зэрэглээт Гандирс болгож орхичихов.  Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойш багачуудын сургууль завсардалт эрс багасч, цаг хугацаандаа вакцинд хамрагддаг болж, хам­гийн сонин нь цөөхөн хүнтэй Монголд төрөлт эрс нэмэгдсэн сэн. Гурван жилийн өмнө төрөлт 56 мянга, дараа жил нь 63 мянга байсан бол өнгөр­сөн жил 69 мянга болж нэмэгдэж байв. Бас энэ цаг дор хүүхэд үнэтэй болж эхэлж байсан юм. Гажуудалт нийгмийнхээ тусгал болсон үүргээ мэдэрдэггүй гажиг эцэг, эхчүүд хүртэл хаа байгаа асрамжийн төвүүдээс хүүхдээ эрж хайж олж эхэлсэн. Жаалууд өнөө­дөр төрөөсөө мөнгө авч байгаа ч маргаашдаа өөрөө мөнгөө босгож ча­дах арга ухаанд суралца­хын өдөөлт нь тэр хүүх­дийн мөнгө болж байв.

Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүх­дийн гэх тодотголтой мөнгө алга болов. Уг нь нэг хүүхдэд сарын 3000, улирал бүрийн 25 мянган төгрөг гээд жилд 136 мян­ган төгрөг л өгдөг байсан юм. Гурван хүүхэдтэй айлын хувьд сар бүрийн 9000, улиралд 75 мянган төгрөг гээд жилд 408 мян­ган төгрөг өгдөг байв. Энэ нь хүүхдээ, гэр бүлээ дэм­жиж өгч байгаа төрийн хэмжээний том бодлого байлаа. Гэвч ирээдүйн том бодлогоо бус харин улс төрийн намууд хүн бүрт өгнө гэж амласан мөнгөө өгөхийг урьтал болгосон. Томчууд ам­лас­ныг нэхнэ, харин хүүх­дүүд тэгж чадахгүй. Тиймээс хэл ам гарга­даггүй, харин өөрсдөд нь хүргэсэн тусыг уулсын оройгоос ч дээгүүрт боддог тэр амьтдын нэр дээрх мөнгийг дээрэмд­чихсэн. Уг нь “Хүүхэд, нохойг баярлуулбал хам­гийн том буян” гэдэг дээ. Бидний үргэлжлэл бол­сон хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд болохгүй юун байх билээ. Хорин доллар бол хоол­ны ширээн дээр гарын мөнгө болгоод шиддэг тэр л халтар цаас шүү дээ. Өнөөдөр мянган төгрөг ямар өнгө­тэй байдгийг мэдэхгүй олон хүн байгаа. Тэгвэл хүүхдэд өгдөг тэр хөх алаг цаас  олон хүүхдийн ирээдүйг цэлмэг тэнгэр шиг болгож байсан. Чадал­тайхан айлын муур нохойны хоолонд ч нэмэр болохгүй тэр мөнгө Монголын ирээдүйг авч явах их хүмүүст үлэмж хөрөнгө оруулалт болох мөнгө юм. Хүүхдийн гэсэн ангилалтай мөнгөний ба­рааг ард түмэн харахаа больсноос хойш олон л хүн байр сууриа илэр­хийл­лээ. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээрээ хүүхдийн мөнгө хэрэгтэй гэж, Улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн санааг батжуулж, УИХ дахь АН-ын бүлгийнхэн энэ мөнгөний асуудлыг шийдэхгүй бол завсар­лага авна гэж хүртэл айл­гаж эхлэв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, Р.Гончигдорж, Н.Бат­баяр нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн бариад байна. 0-18 нас­ны 932 мянган хүүхдэд сар бүр 20  мянган төгрөг өгөх энэ хуулийг манай түшээд ойрын өдрүүдэд хэлэл­цэнэ. Батаа хүү­гийн, Болормаа охины нэрээр айл гэрт орж ирдэг энэ мөнгөөр Монголын ард түмэн чинь амьдарч байна шүү дээ. Хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд юу нь болохгүй байна вэ. Хорин мянган төгрөг чинь хорин долларт ч хүрэхгүй. Бүр хорин мянга гээд хорго­лоо тоолоод байвал алаг хөөрхөн үрстээ аравхан доллар өгчихөөч дээ. Хүн болж төрлөө гээд хүнсээ чирээд ирд­гээрээ хүүхэд үнэтэй болж үлдэнэ.  Хүүх­дийн мөнгө хэрэгтэй, хэрэгтэй гэж хэн хүнгүй хэлээд байгаа ч хэрэг дээрээ өгч байгаа нь алга байна. Улстөржилтөөс ангид байж хонгор бяцхан үрсдээ хорьхон доллар өгцгөөе л дөө.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох нүүр-хуудасны-шинэ-оцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Ц.Бавуудорж: Сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн болохоор тэр DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржтой ярилцлаа.


Төрийн шагнал хүртсэнээсээ хойш та нам жим аж төрж байна аа даа. Ер нь ч чимээгүй хүн л дээ…

-Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ. Юугаа ч хашгичаад байх юм. Тэртэй тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн байна шүү дээ. Энэ бөмбөрцөг дээр чинь буун дуу тасралтгүй хашгираад л, ядуус өлсгөлөн хашгиралдаад, газар хөдөлж хашгиралдаад л, далайн хилэн хөдөлж хашгиралдаад л, нэг нь нэгнээ цөмийн бөмбөгөөр айлгаж хашгиралдаад л ер хашгираанаас бүтсэн юм шиг л байна шүү дээ, дэлхий минь. Хаа газрын зохиолчид өөртөө аглаг бүтээж түүн дотроо бясалган суудаг улс. Ажлын байр нь тийм юм чинь. /инээв/ Өөрөө өөртэйгөө ярилцах сэдэв баян байдаг болохоор тэр. Чимээгүй байна гэдэг дотогшоо яваад л байна гэсэн үг гэж ойлгож болох байх аа.

-“Хулан хатан” дууль найраглалын ном, “Дотоод сансар” шүлгийн номуудыг тань үзлээ. Уншигч бүр өөрийнхөөрөө дүгнэж харж буй биз ээ. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой гэдэг. Харин зохиолчтой нь уулзаж байгаагийнх зарим номын хувь зохиолын талаар амнаас нь сонсмоор байна?

-Их аятайхан асуулт байна. Тийм шүү. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой байдаг байх аа. “Хулан хатан” дууль найраглалын номоо бүтээхэд ерөнхийд нь сэтгэлдээ цэгцэлж төвлөрүүлчихээд ер нь дээдсийн таалал яадаг юм бол гэж бодоод Бурхан Халдун руу уран бүтээлч нөхдийн хамт явсан. Дотроо бол их хатны тухай ийм нэг ном бүтээх эрх олгох нь уу, үгүй юу гээд очиж байгаа хэрэг л дээ. Намар мөртлөө нүд нүүргүй цас шуурч исгэрээд дээш гаргахгүй нэлээд зүдрээж байж хүлээж авсан. Би ч Хулан хатнаа бодоостой. За ер нь ч хүлээн авахгүй байна даа гэх эмээнгүй бодолтой л явлаа. Оройдоо бууж ирэв. Бүрэнхий нөмрөөд ирсэн байсан. Үүд мод руу орж явтал харин нэг том цагаан чоно өмнүүр гүйдэг юм. Зам хөндлөн гаруут зогтусаад биднийг ширтээд хэсэг зогссон. Хамт явсан орчуулагч Г.Аким ах “За, бид ч болоод явчихлаа. Үзэгддэггүй, нөгөө домогшоод байдаг Үүд модны цагаан чоно чинь энэбайна шүү дээ” гэлээ. Үнэндээ тийм чоно байдаг тухай сонсч ч яваагүй бид ихэд бэлгэшээж дээдэстээ баярлан их таалал олов хэмээн баяртай буцацгаасан. Би хувьдаа Хулан хатны тухай бичих зөвшөөрлийг тов тодорхой өглөө гэж машид урамшсан. Тэгээд ирэнгүүт суусан. Бүхэл бүтэн найраглалын номыг хүн итгэмгүй богино хугацаанд биччихсэн шүү. Сайн ч бичлээ гэж өөртөө урамшсан. Ер нь тэгээд их хаад, хатадтай холбоотой, том сахиус, хутагт гэгээдтэй холбоотой ч юм уу бас бус хамаагүй аван саван бариад авч болдоггүй сэдэв олон шүү дээ. Зохиолч бидэн чинь зөн совингоо чагнана. Тэмдэг дохио хайна. Их маяг жаяг болж байж нэг юм барьж авдаг хүмүүс.

“Хүннү туульс” минь харин их удаан хугацаанд намайг дагуулж бэдэрсэн найраглал байгаа юм. Анх 1998 онд ерөөсөө Хүн гүрний “Нууц товчоо”-г бичье гэж гэнэхэн, тэмүүлэмтгий амьтан өөртөө хэлэхгүй юу даа. Өөрийгөө хөөргөөд л. Тэгээд л анхны шан татсан шүлэг нь “Хүрэл чоно” шүлэг байгаа юм. Дараахан нь “Хүннү хатан” гэдэг бэсрэг найраглал бичсэн. Түүнээс хойно “Хүннү” дуурийн цомнол бичсэн. Ийн салаа мөчрүүд нь ургасаар арваад жилийн бэдрээн болж бүтсэн хэрэг. Том хэмжээний туульсын бүтээл, найраглал бичнэ гэдэг хэл сайтай байхыг эрхгүй шахдаг юм байна. Тийм учраас ямартай ч монгол хэлнийхээ эрдэнэсийн санг шүтдэг уншигчдадаа, хойч үеийнхэндээ хэлний дархлаанд нь хувь нэмэр оруулж байна гэж бодох юм. Тэдний минь таалал мэднэ дээ. За тэгээд хэн гэдгээ олж харах, судсаар нь ямархан гал гүйж явааг, зүрхэнд нь бас тархинд нь ямархан гал улалзаж байгааг сануулж, сэрээж чадаж байвал энэ номуудын минь хэрэг зорилго бүтэх нь тэр. “Дотоод сансар” номын минь хувьд шинэ шүлгүүд бас нэг найраглалаас бүрдсэн.

Өнгөрөгч, одоо, ирээдүй цаг үеийг та өөртөө хэрхэн төсөөлж байна. Уран бүтээлчийн хувьд ч, иргэний хувьд ч. Их л ерөнхий асуучихлаа?

-Хүн гэдэг чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагаас бүтэж бүрэлдэж байдаг амьтан юм уу даа. Өнгөрсөн цаг нь байхгүй бол зүрхгүй болчихдог. Одоо цаг нь байхгүй бол биегүй болчихдог. Ирээдүй цаг нь байхгүй бол толгойгүй болчихдог. Гурвуулаа байж гэмээнэ бүтэн болдог ийм нандин шүтэлцээний зангилаа гэмээр юм уу даа. Аль нэг цагийг нь илүүтэй мөрлөөд явахаар оршихуйн тэнцвэр нь алдагдаад ирдэг юм шиг байгаа юм.

Өөрийг тань их мөрөөдөмтгий хүн гэж боддог. Энэ үнэнд дөхөх үү?

-Мөрөөсөх мэдрэмж эхийн хэвлийгээс унахад л хамт төрдөг нандин зүйл байх. Эхэндээ жинхэнэ зөн мэдрэмжийн аясаар нисч байдаг. Сүүлдээ ухаан суугаад ирэнгүүт залууртай, жолоотой болоод явчихдаг хөдөлгүүр юм уу даа. Ёстой л нөгөө “Дотоод шаталтын хөдөлгүүр” гэмээр. Би мөрөөднө шүү. Гэхдээ сайн нөхдийн буянаар үзсэн Өмнөд Энэтхэгийн цул алтан дээвэртэй шилтгээн, эсвэл нөгөө Унгарын алдартай баян, эрхэм Хубагийнд уусан шиг олон жил дарсан дарс зэргийг ямар мөрөөдөөд суух биш. Толстойн нэг үг байдаг даа. “Бүх хүн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй” гэж. Ихэнх зохиолчид дэлхийг биш өөрийгөө өөрчлөх гэж, хүн төрөлхтний өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж мөрөөсөн адгадаг гэж итгэх юм. Дэлхий ертөнцөө гаднаас нь, өөрийгөө дотроос нь нэвт харах мөрөөдөл зохиолч бүхний эрхэм гол мөрөөдөл.

Таныхаар боловсрол гэж юу вэ. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Миний хувьд ганцхан л зүйлээс боловсрол авсан юм уу даа. Гэр бүлээсээ л боловсрол авсан гэж хэлмээр шиг. Аав минь их олон хүнд цусаа өгч амь амьдрал бэлэглэсэн буянтай хүн байдаг. Өөрийнхөө цээжинд буцалж байгаа ариухан халуун цуснаас тасдаад бусдын цээжинд юүлээд өгнө гээд бод доо. Хэн нэгэнд хэдхэн агшны дотор амьдрал бэлэглэж байна гээд төсөөлөхөөр. Юутай зүйрлэх буян бэ. Ертөнц дээр үүнтэй тэнцэх буян гэж байдаггүй байх. Ээж минь их олон шавьтай. Тэднийхээ төлөө өглөө, оройгүй залбирч тарниа тоолж, сүү өргөж суудаг хүн. Бусдын төлөө өөрт байгаа аль нандин бүхнээ зориулж амьдарсан ийм хоёр буурлын дундаас төрөөд, ийм халуун дулаан амьдрал дунд өссөн надад хүн болохын дээдийн дээд боловсрол эрхбиш нимгэхэн ч гэсэн сууж таарна аа даа. Миний боловсрол ердөө энэ л юм. Бусад олдмол мэдлэг, энээ тэрээ яахав ээ. Боловсрол гэж хэлэмгүй санагдаж байна. Яахав биеийг чимж яваа чимэг л юм биз дээ. Тэгэхээр миний ойлголт танилтаар бол монгол хүн гэр бүлээсээ, бас байгалиас ийм хоёр сувгаар л төрөлх боловсролоо авдаг байх.

Та уран бүтээлчийн хувьд жинхэнэ ид жагсах нас дээрээ байгаа нэгэн. Идэрхэн байхад төрсөн сэтгэгдэл, догдлол бүр шүлэг болж буудаг бол нас нэмээд ирэхийн хэрээр эргэцүүлэл бас бясалгал болдог шиг. Дотоод билэг авьяасаа, ертөнцийн тухай үзлээ хэрхэн хөглөж байна вэ?

-Тийм ээ. Шүлэг гэдэг эд хэдий богино хугацаанд бичигдэнэ вэ. Тэр чанараараа амьдлаг, увдислаг бүтээл болдог шиг санагддаг. Энэ бол онгодын хэрэг явдал. Гэхдээ бас онгодоо хүлээгээд л эвшээгээд суугаад байлгүй үсэг хөдөлгөх, утга галиглуулах юм зөндөө шүү дээ. Аль аль гарцаар нь л орж гарахыг хичээх юм. Сэтгэл оюунд ямар өтөл нас гэж байх биш. Хамгийн гол нь сэтгэлээ ариун байлгах нь чухал. Ингэхийн тулд ямар нэг хэмжээгээр бясалгал хэрэг болж байна. Өөрт тохирсон бясалгал гэмээр юм уу даа, өөрийгөө төвхнүүлээд байх арга чарга бас хэрэглэнэ шүү дээ.

Та бас багагүй аяламтгай хүн шүү дээ. Ойрд хол ойр явав уу. Таны уран бүтээлийн нэг хөг айзам, дүр аялгуу болдог энэтхэг бүсгүй Дэвиг хааяа санагалзах юм уу?

-Зохиолч нөхдийнхөө ижил дэлхий ертөнцөө ерөнхийд нь ойлгоод авчих юмсан гэж хүсэлгүй яахав ээ. Жаахан жаахан явсаан. Харин одоо Монголоороо л жаахан явах юмсан гэж хичээж байна. Саяхан МЗЭ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтраад аймгийнхаа хэмжээнд номын өдрүүдийг зохион байгуулсан юм. Бидний хэсэг зохиолчид Ховд нутгаар хөндлөн гулд яваад ирсэн. Бүх сумдаар орлоо. 9000 дөхүү хүүхэд, залуустай уулзсан тоо сонсогдож байна лээ. Эх хэл, бичиг соёлын үнэ цэнэ, ёс уламжлалаа дээдлэхийн учир гээд уулзалт ярилцлага зохиож шүлэг зохиолоо уншицгааж гарын үсгээ тарааж яваад ирсэн. “Сайхан үг сарын хүнс” гэсэн үг бий. Сарын хүнс болохоо байг гэхэд тав, гурван өдрийн хүнс болчих үг бэлэглэсэн бол болоод явчихаж байгаа нь тэр. Монголчуудын дотоод үнэ цэнэ энэ нутаг оронд бүтнээрээ байгааг мэдрэхэд сайхан байлаа.

Хамгийн сүүлд дотнын уран бүтээлч нөхдийн хамт Тайванийн Чилан уулан дахь Чингис хааны модонд очсоноос хойш гадагш явсангүй. Аа, Дэви юу. Их сайхан бүсгүй. Энэтхэг гүрний гоо сайхныг ойлгоход жим болсон бүсгүй л дээ. /инээв/ Тухайн ард түмний дотоод гоо сайхныг таньж мэдрэхэд бүсгүйчүүдийнх нь харц, тэдний жавхлан хоёроор төсөөлөөд авч болох юм шиг санагддаг шүү. Тэгээд л тийм нэг сэдэв гарч ирэхгүй юу. Хааяа дурсана шүү дээ. Цөөрмөөс лянхуа ургадаг л гэдэг. Гэвч сэтгэлийг бол ямагт долгисуулж л байхгүй бол цалгиа давалгаагүй сэтгэлээс юу төрөх вэ дээ.

Хүүхэд ахуй цагтаа тэр баруун хязгаараас МЗЭХ-д захиа бичиж, түүнийг нь Залуу зохиолчдын нэгдлийн дарга Дөнгөтийн Цоодол гуай хүлээн авч, хариу захиа бичээд сонинд өмнөтгөлтэй гаргаж байсан тухай гэгээн түүх танд байдаг. Тэр тухай эргэн дурсахгүй юу?

-Есдүгээр ангид орсон жилээ анх “Пионерийн үнэн” сонины “Сурагчийн үзгээр” буланд шүлгүүдээ илгээсэн чинь тус сонины бүтэн нүүр шахуу зайд шүлэг маань хэвлэгдсэн юм. Тэр хатуу горим дэгтэй цаг үед нүүр шахуу шүлэг нийтэлнэ гэдэг тэр сонины хувьд амаргүй ажил байсан юм байна лээ. Тэгэхэд Ц.Дашдондог зохиолч дэмжиж хэвлүүлж байсныг бүр саяхан амнаас нь сонссон.

Таны асуултын хувьд аравдугаар ангид орсон жил л дээ. Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд гэж болдог байлаа. Тэр өдрүүдийн үеэр захиа бичиж зөвлөгөө өгнө үү гээд шүлгүүдээсээ МЗЭХ-д илгээсэн юм. Залуу зохиолчдын нэгдлийн дарга нь Д.Цоодол найрагч байжээ. Надаас очсон захидлыг задлахад дэргэд нь Ш.Сүрэнжав найрагч бас байсан гэсэн. Миний шүлгүүдийг уншаад тэр хоёр Явуу багшийн нутгаас нэг авьяастай хүү төрөх нь гэж хөөрсөн гэнэ лээ. Тэгээд хэн нь захидал бичиж урам өгөх вэ. Цаашид хэн нь дэмжих вэ гэлцээд албан ширээтэйгээрээ чи ав гэж Д.Цоодол найрагчтай зөвлөлдсөн гэдэг. Төдөлгүй “Утга зохиол урлаг” сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд минь хэвлэгдэж утга зохиолын хүрээнийхний анхааралд орсон байдаг. Энэ сайхан найрагчдаас байн байн захиа ирдэг байлаа. Ямар сургуульд орох вэ. Горькийн сургуульд ч дэмжиж болно гээд л. Сайхан шүү. Утга зохиолын залгамж холбоо гэдэг ямар нарийн нандин, үнэ цэнэтэй зүйл болохыг бүр хожуу л мэдэрсэн дээ, тэнэгхэн би. Явуугаа ч нүүрэндээ барьсангүй, энэ сайхан ах нарыг ч дагасангүй “зөрүүд илжиг” шиг өөрийнхөөрөө бэдрэн бэдэрсээр утга зохиолын ертөнцөд хорь хол гарсан он жилийг нэгэнт бүтээчихжээ. Энэ сайхан ах нарын ерөөл, сурагч байхад минь Завханд очиж байсан С.Пүрэв, Т.Галсан, Ц.Балдорж гээд зохиолч ах нарын хайрласан урмаар яруу найраг руу явах зам минь шуударсан юм байна гэж боддог. Утга зохиол руу ийн даялаагүй бол зураач болох зам руу явахад бэлэн байсан.

Зураач болох байсан гэнэ ээ. Тийм итгэл, сэтгэлийн гал танд байжээ дээ. Одоо хэр зурж байна даа?

-Ихэнх яруу найрагчдад байгаль эх бичихийн зэрэгцээ, зурах авьяас хайрласан байдаг. Манай найрагчид ихэнх нь зурна шүү дээ. Би бас багаасаа зурсаан. Талийгаачдын хөргөөс эхлээд. Тийшээ явах сонирхол их байсан. Уран зохиол руу татагдаж ирээд тэгсхийгээд л хаячихгүй юу.

Нийгмийн гэрэл гэгээ төдийлөн асч бамбарлахгүй байх шиг. Жишээ нь оюун санааг үнэлэх үнэлэмж, булчинг үнэлэх үнэлэмжээс ихээхэн дор байгааг хэлэх хүмүүс бий. Зүй нь төрийн шагналт яруу найрагч үндэсний бөхийн аваргаас илүү үгүй юм гэхэд дутуугүй үнэлэгддэг баймаар. Оюун санааны үнэлэмж хэдийд дээгүүрт орох бол. Ер нь энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-За, товчхондоо нэгдүгээрт оюун санаа, хоёрдугаарт оюун санаа, гуравдугаарт оюун санаа л гэж хэлмээр байна. Сайтар дархлагдсан оюун санаан дээр л мандаж бадарч байсан түүх бэлхнээ байна шүү дээ. Нийгэм цаг үеийн жаахан будангуйрал мөдхөн сарнина биз дээ.

Цахим орчны хэл, үндэсний эх хэлийн зөрүү улам л нэмэгдээд байх шиг. Шинэ хувьсал өөрчлөлтөөр ингээд яваад байх юм уу, эсвэл эх хэлний соёлын дархлааг авч үлдэх ёстой юу?

-Эх хэлний дархлаа эмзэг байна. Зохиолчид минь их үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэр дундаа XX зууны зохиолчид минь баялаг сан бүтээсэн. Гагцхүү энэ үнэ цэнэтэй зүйлийн амтыг хүүхэд залууст мэдрүүлэх аятайхан арга хэлбэрийн ажлууд л дутаад байна уу даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг” бичиг соёлын хөтөлбөр өгөөжөө өгч байна. Саяхан төрөөс хэрэгжүүлсэн дунд сургуулийн номын санг баяжуулах хөтөлбөрт олон сайн зохиол цугларч байна лээ. Ийм сайхан хандлагууд байгаад талархаж байна. Нобелийн шагналт Томас Элиотийн нэг үг байдаг шүү дээ. “Эх хэлээрээ уран зохиол туурвин бүтээхгүй бол ард түмний оюун санаа мөхдөг” гэж. Эх хэлний дархлааг хамгаалан сахихад зохиолчдын минь үүрэг өндөр гэж ойлгож явдаг. Жинхэнэ монгол зохиолчдын шүү. Бүх телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд утга зохиолын хяналт тавьдаг дөмөгхөн орон тоотой баймаар байна. Ядаж л хэвлэл мэдээллийн байгууллагууд минь нэг ч үг, үсгийн алдаагүй, найруулгын асуудалгүй байвал том дэмжлэг болно. Бизнес эрхлэгчид минь ч бас энэ салбарт санаа тавьж байгаад баярладаг. Арваад жилийн тэртээгээс Завхан аймагт Л.Лхагважав багшийнхаа нэрээр шавь нар нь анх үүсгэн санаачилсан эх хэлний олимпиад байна. Одоо бол эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нэртэй болж өргөжөөд үйл ажиллагаа явуулж байгаа. “Шинэ Ази” групп жил болгон хөрөнгө мөнгөөр ивээж бараг л улс орон даяар хамрах төлөвтэй өргөжиж байгаа энэ нэр хүндтэй олимпиадыг дэмжиж олон эрдэмтэд, олон зохиолчид нэгдэж байгаа нь сайхан санагддаг. Ийм санаачилга, нийгмийн хариуцлагын арга хэлбэрээс бизнес эрхлэгчид минь санаа аваасай. Үр хойчдоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт энэ шүү дээ.

Олон жилийн өмнө Хамарын хийдийн шамбалд та бичгийн хүнийхээ хувьд хийлгэсэн мөнгөн үзэг дээрээ суулгасан жижиг очир алмаазыг гээчихэж байсныг санаж байна. Та гээсэн үнэт чулуугаа тэгтэл үгүйлэхгүй бараг тэрхүү шамбалд гээсэндээ бэлгэшээгээд байгаа юм шиг харагдаж байсан л даа. Одоо тэр үзгээрээ бичиж байгаа юу?

-Бичилгүй яахав. Тэр үзгэн дээр минь нэг багшийн минь хайрласан зургаан ширхэг алмаазыг урлуулан суулгуулсан юм л даа. Тэгээд Хамарын хийдийн салхиар аравнайлуулах санаатай авч очоод тэр Шамбалын зүрхэн хэсгийн хүрэн хайргатай хэсэгхэн газарт нэгийг нь унагаж орхисон хэрэг. Тэгээд л

Архиа хуваагаагүй ч ноён гэгээнтэнтэй

Алмаазаа хувааж сэтгэл халамцав… гэж бичээд буцсан. Бид чинь бэлэг дэмбэрэл, ерөөл бодож явдаг улс. Тэнд үлдээсэн ширхэг алмаазаараа дамжуулж ноён гэгээнтний адис жанлавыг байнга авч байдаг энэ ээ тэрээ гэж өөртөө бол их хөөрцөглөнө шүү дээ.

Одоо та хэнийг уншиж байна. Ер нь энэ дашрамд уншигчдад сонголтын тухайд зөвлөөч…

-Яг одоо бол судлаач, бясалгагч Друнвало Мельхиседекийн “Амьдралын цэцгийн эртний нууц” хоёр ботийг эргүүлж сууна. Сонин сайхан ном юм. Ер нь жаахан зав гарвал орчуулагч Б.Батаагийн орчуулсан “Зэн буддизм” хоёр дэвтрийг харж суух дуртай. Уншигчдадаа хандаж зөвлөхөд XX зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд эх хэл минь бүтэн байгаа. XXI зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа гэж хэлье.

Ингэхэд та хэнийг их сонсдог вэ. Уран бүтээл, амьдралын замдаа…

-Дотоод хүнээ чагнадаг. Зөн совингоо юу айлтгахыг л их чагнадаг.

Та бол ойр дөт байдаггүй хүнд бол ихэнхдээ бодлогоширсон, магадгүй дүнсгэр ч гэмээр нэгэн харагддаг. Таны инээмсэглэлийг хэрхвэл олж үзэх бол?

-Өөрийнхөөрөө л намбайгаад алхаж яваа гэж бодох юм. Тэгж харагддаг юм байх даа. Олдмол дүр төрхөнд угаасаа дургүй. Тэнгэр бурхан анх л нэг хэвэнд цутгаж гаргасан. Өөтэй ч бай, өнгөтэй ч бай тэр хэв төрхөөрөө бөмбөрч яваа л гэж итгэх юм. Инээмсэглэлийн тухайд бол хамгийн сайхан инээмсэглэл минь хэдэн номон дотор минь байж магадгүй.

Аав тань олон хүнд амьдрал бэлэглэж ирсэн нэгэн гэж та дурдлаа. Ер нь удам судрынхаа талаар ярихгүй юу?

-Аавын минь тал гэвэл буурай аав минь товхийсэн дархан хүн байсан. Аавын минь удам сударт эрдэмтэй сайн маарамба, зураач бий. Харин ээжийн минь талд увдистай лам, шүлэгчид л бий. Ямар сайндаа өнөөдөр ч гэсэн нутгийнхан манайхныг “Буга унадагийнхан” гэж хочилж битүүхэндээ шоолсоор байх вэ дээ. Ээжийн минь талд их цэцэн худлаа ярьдаг хүн байж л дээ. Хангайн бугыг барьж авч унаад нутгаараа тойрч ан хийж элдэв дээд болсон гээд л олон дэгс хууч, домог үлдсэн байдаг. Унаж тустал худлаа ярьдаг. Тэгэхдээ их хурц тод дүрслэлтэй, бүр заримыг ньгайхмаар уран цэцэлж шүлэглэж хэлсэн байдаг. Энэ ч бас ер бусын л явдал шүү дээ. Би бол харин ч энэ нэрэнд дуртай байдаг. Би ч бас яаж зүгээр байхав. Бас “цэцэн залаад” л яваа хүн шүү дээ. (инээв) А.Гомбоо гэж нагац ах минь билиг авьяастай хүн байсан. Малчин хүн байсан л даа. Жаахан тордоод өгсөн бол сайн найрагч болох байсан. Зохиолч, яруу найрагчийн авьяас гурав дахь үе дээрээ гарч ирж уламжлагддаг гэдэг үг бий шүү дээ. Тэр цэцэн худалч өвгөөсөө л жаахан юм авч дээ гэж сүсэглэдэг дээ.

Таны яруу найргийн сэдэв бол дорно, түүний халуун амьсгаа байдаг…

-Дэлхий ертөнц минь магнай дундаа ганц билгийн мэлмийтэй энэ тэр гэж боддог. Тэр нь дорно гэж өөрөө өөртэйгээ хөөрнө. Дорно бол бидний оршихуйн тиг нь ч гэж бас боддог. Хүн төрөлхтний мөнх оршихуйн нууцыг хадгалагч ч гэж итгэдэг.

Дорно бол том сэтгэгч. Бүр нарийсган яргаж ч сэтгэдэг сэтгэгч. Бүр энгийн жишээ авбал мөхсөн ертөнц сарыг мөнгөн ордон болгож сэтгэнэ. Мөнгөн ордон дотроо туулай амьдруулж сэтгэнэ. Бүр туулайн зүрхэнд жаахан гуниг байгаагаар ч сэтгэнэ. Гоё байгаа биз дээ. Энэ оршихуйгаа яруусгаж, утга уянга оруулж л харахгүй юм бол ер бидний оршихуй юу байх байсан бол. Хүн төрөлхтөн ч гэсэн бие биенээсээ гэрэл гэгээ л олж харах гэж эрмэлзэж тэмүүлж байдаг шүү дээ. Дорнын томъёо үйлчилж байгаа нь л тэр юм. Энэ хорвоод сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн байгаа болохоор тэр гэж итгэдэг шүү.

Ертөнцийн гоо сайхан нь юу юм бэ.Таны ойлголтоор…

-Ертөнцийн гоо сайхан нь хүмүүн л шүү дээ.Та бид л шүү дээ.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Амарсайхан: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..


Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг. Гэхдээ Байка ах маань миний хэллэг дээр хамт ажиллаж тусалсан болохоор асуудал гараагүй.

Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүтэй би таарч байгаагүй. Харин “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаад одоо мэргэжлээрээ хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Бид хоёр охинтой.

Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Хүнд тусалж байгаагаа дөвийлгөх тийм ч таатай бус. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цоодолын Хулан: Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд татахсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………


Д.Нацагдоржийн шагналт яруу найрагчсэтгүүлчУлсын Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын Хулантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдсэн нь сүү­лийн үеийн ярианы гол сэдэв болж байх шигГурван жил гаруй нэгдсэн МАНАН “сарниж” буй энэ үйл явдлаас яриагаа эхэл­бэл ямар вэ?

-Сансарт манайхаас анх хүн нисэхэд “Монгол хүн хамгийн сүүлд хэзээ ингэж баярласан бол оо” гэж Ц.Дамдинсүрэн гуайгаас хүн асууж л дээ. Тэгэхэд нь “Манжаас салахад л нэг ингэж баярласан юм гэнэ лээ гэж хариулсан яриа байдаг. Одоо бол төр засаг солигдоход баяр­лаад, эсвэл гомдоод байх зүйл алга аа. Углуургаар нь бодох юм бол, ар өвөр монголчууд нэгэн нударга болж мөлжигч дайснаа дарсан Тусгаар тогтнолын их ойнхоо да­раа ингэж байгаа нь иргэн хэнбу­гайд ч олигтой байхгүй л байх. Монголынхоо төрийг би будааны үнээс болж огцордог Япон, Солон­гос, хөнгөн явдлынхаа горонд огцордог Берлусконигийн төрөөс том, дээгүүрт боддогтоо ч тэр үү.  Муу хүүгийнхээ толгойг тэврээд нулимстай андгай тавьж явсан Ханд ван,  цэргийн их сүлд Маг­саржав Хатанбаатар, Хотгойдын Чингүнжав, Гоймон баатар нарын, эзэн Чингэсийн маань төр юм шүү гэж санадаг болохоор, тэдний сүнс одоо байгаа бол, алга ташихгүй л байх. Бид цөөхүүлээ улс. Муу ч болов эвтэй байхыг дээдэс захидаг л даа.

Та МАНын гишүүн учраас АНынхны шийдвэрт таагүй бай­гаа бололтойТийм үү?

-Миний аль нам байх хөндлөн­гийн хүнд бүү хэл өөрт нэг их сонирхолтой биш ээ. Төрийн албан хаагч болоод удсан. АН Засгийн газраас гарч буй нь улс төрийн шийдлийн хувьд өөрсдөд нь зөв санагдаж болно, харин жаахан хүнлэг бус, ёс зүйгүй юм болчихлоо доо гэж айж байна. Улс төр бол оволзоод өнгөрдөг сонгууль төдий­хөн биш байх аа. Өргөн их амьд­рал, хүмүүсийн итгэл, бидний бүтээж ядаж  яваа улс гүрний нүүр царай, нэр хүнд гээд яривал улс­төрч­дийг их л өөр, уужим дэлгэр сэтгэдгээр хармаар болдог юм. Энэ жил аанай л их хүйтэрч байна. Сүүлийн 5О жил унаагүй их цас орно гэж хүртэл ярьсан. Малчид гэж урдаа барьдаг ганц үгийг биш гэхэд, баялаг бүтээдэг эгэл хүмүүсийн төлөө зовних зовиур улстөрчдөд ер нь байдаг юм болов уу?

Эхлүүлсэн ажлынхаа ард гарч, чадвараа сорих, дүгнэх, олсон жаахан нэр хүндээ ахиулах болом­жоо энэ хоёр нам алдчих шиг болдог юм. Ард түмэн хохирч байна гээд л одоо өөрсдийгөө гурав дахь хүчин гээд эндүүрчихсэн эрээвэр хураавар улс оодорно доо. Төрд ч гэсэн хүндийн жин гэж байдаг бол тэр нь гарцаагүй МАН, АН хоёр юм. Энэ нэгдмэл, жинтэй болж ирж байсан ололтоо яасан хямдхан арилжчихав аа гэж санагдаж байна. Хорин жил нэгнээдээ хөрөөний ир шиг арсайж байснаа эвлэж засаг­лаад, эрүүл сөрөг хүчнийг дундаа­саа төрүүлэх боломж байсан юм шүү. Намчирхал бол аяандаа хоцрогдох эд. Хамтарсан Засгийн газрын  хамгийн нааштай, ирээдүй­тэй алхмууд чухамхүү хамтар­сандаа л байсан. Ийм эв эеллийн засгийг зөгнөлцөж байсан хүний нэг би.

Сү.Батболдод долигонож байна л гэж хэлэх байх, өөрсдөө тийм улс. Зөвхөн уул уурхайн салбарт гэхэд, бусад ширүүн оронд иргэний дайн ч гардаг энэ хүнд  салбарт олон асуудал гацаанаас гарсан. Хувь, ногдол ашгийн тухай ярих эрт байна, гэхдээ л галт тэрэг хөдөл­чихлөө. Аядуу хүлээцтэй чанарыг нь зөөлчилсөн, бассан Ерөнхий сайд л кабинетаа жигд ажиллуулж, урьд урьдынхтай харь­цуулахад нэр цэвэр багийг удирд­лаа. Гэрэл гэгээтэй, сайн сайхан талуудыг энэ нэгэнт зэлээ эвхэж буй Засгийн газраас олж хараа­сай. Монгол төрийн жишиг болмоор эрч хүчтэй, далайцтай сэтгэдэг сайдууд тор­нис­ны магнайд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга байлаа. Шинэ төмөр зам барих, Сайншандад үндэсний хэмжээний аж үйлдвэрүү­дийн цог­цолбор барих, орон сууц­жуулах ажлуудыг, эхлэлийг зэврээмгүй байна. Мөн Тусгаар тогтнолын ойн хүндэтгэлийн чуулганд Ерөнхий­лөгчийн хэлсэн үг бол  дан Засгийн газар, тэргүүнд нь хэлсэн үг биш. Нэг хөллөгөөний морьд нэгнээ цавчдаггүй. Төртэй хавсайдсан бизнесийнхний да­рамтаас салах нь МАН, АН, ерөөс нам бүрт, хэнд ч өгч  буй хатуу сануулга гэж ойлгож байна. Олонд их хүрсэн дээ. АН-ын ҮЗХ-ны хуралдааныг хөндлөн­гөөс ажигла­хад ч бизнесийн том бүлэг нэгдлүү­дийн эрх ашиг л улс төрийг улс төр биш болгож байгаа нь тод байна.

Монгол Улсын хөгжлийн гарц тэгвэл  юу вэтаны бодлоор… Уг нь ийм асуулт тавихаар бодоогүй юм л дааГэхдээ таны хариул­тын дараа ингээд асуучихмаар санагдлаа

-Муу хүн сонжооч гэгчээр, яри­хын тулд яригсад олширсон нь төрийг сайжруулах биш харин ч догшруулаад байна уу даа. Шахаа дарамтны аргаар хождог нийгмийн давхарга, сул иргэд бий бол­чих­жээ. Энд би хаврын синдромтнууд, элдэв ТББ, тул хамгаалах нэрээр Бороо гоулдаас гэсэн байх аа,12О мянган доллар ч бил үү аваад тэр ажлынхаа гадуур бас улс төр яриад явдаг их завтай  эдийн засагч З.Дашзэвэг гуай энэ тэрийг огт хэлсэнгүй. Нүүрэн дээр гарсан батга шиг яршигтай, мөнхөд да­рамталж байдаг нэг газар бол МҮЭ боллоо. Мөн чанар нь тийм гэдгийг ойлгож хүндэтгэж байна, цалин нэмэхийг нэх ээ, нэх. Харин  монгол хүнийг ажиллуулдаг, чадваржуул­даг, хариуцлага тооцдог газар байна уу?  Ажил олгогч нар айдас­тай байдаг болсон, би  ч ийм айдсыг мэднэ. Ажлаа оронцоглоод цалин­гаа бүтнээр нь хүртээд явдаг, бэлэнчилдэг, социализмын үеийн сэтгэлгээтэй улсын арми гадаа ярайтал жагсаж байгаа нь НХХЯ гэдэг зохиомол нүсэр бүтэц угаасаа  зах зээлийн нийгэмд илүүцийг харуулж байна. МАН ч гэсэн, АН ч гэсэн, халамжийн мөнгө түгээхийг хавтгайруулснаар шударга хөдөл­мөрийн үнэ цэнэ уначихлаа. Олон хүүхэдтэй эх, өнчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдад нь халамж бүү өгөөч ээ.

Халамжаар амьдардаг хү­мүүс манайд цөөнгүй бийТөрөөс өгөх хэдэн цаас амьжиргаа нь болдог хүмүүст таны энэ яриа таалагдахгүй байх даа?

-Ядуу дордос, ажилчин хүнийг хар багаасаа өрөвдөх өмөөрөх үзэл суртлаар хүмүүжсэн ч одоо бодлоо өөрчилсөн. Би нэг хэсэг өөрт огт хамаагүй хүмүүсийн амьдралд оролцож, чадлаараа тусалж, дүрдээ баахан итгэж, сүүл­дээ гутарсан. Гэлээ гээд хүнд тус­лахаа больчихоогүй л дээ. Заяа заяандаа төрдөг улсыг бурхнаас илүү гарч мэднэ гэж байхгүй. Нэг ядарсан айлд ганц шүдлэн хонины мах өгье гэж бодоход ганц л орой бүхлээр нь чанаад идчихээс биш, долоо хоногтоо хүргэе гэхгүй. Энэ яльгүйхэн жишээ ч  Засгийн газрын  халамжийн бодлогын буруу гэдгийг илчлээд байгаа юм. “Адмирал” гэж нэг гоё кино гарсан юм аа. Боль­шевикуудын тухай. Өөрсдөө хэзээ ч бүтээж чадахгүй юмыг хядаж устгаж байсныг нь харахад одоо­гийн балар харанхуй массын дүр төрх санагдсан. Дээд боловсролгүй ч бай, Монголд эрүүл зөв сэтгэ­хүйтэй, ажил хийвэл ам тосдоно гэж хичээдэг улс л хэрэгтэй болохоос  мянган долларын цалин авах, эрдэнийн хувь хишиг хүртдэг байх энэ тэр бол хөгжлийн зөв хандлага биш ээ.

Одоо сонгууль ч эхэлчихлээ дээ гэж хэн хүнгүй ярьж байнаСонгуулийн тухай хуулиар зохи­цуу­лалт хийх гэж оролдсон ч баахан амлалт ил далд  явах байх даа?

-МАН өөр дотроо учраа олж, заримдаа буулт хийж сурч, сонгуу­лийн луйвар гээчээс хол байвал дийлдэхгүй нам л даа. (инээв) Сүүлийн олоон жилд улс төрийн ховоор амьдрахаас өөр авьяасгүй нэг хэсэг улс шигдчихээд баллаад байсан юм. Нутгархагчид, олигар­хиуд, дүрэмдэхээс цаашгүй, тархи зүрх хоосон хэнхэгчүүл гээд юм юмтай байснаа одоо арай дээрд­сээн. Гэхдээ л тэдний заримынх нь үр сад болох мөрөн дээрээ буусан хялгасыг үлээсэн цагаан гартан, алтны уурхайн магнат банди нар том, том портфель бариад дарга нар луу мессеждээд л явж байгаа. Муу улсын балаг яасан ч дуус­даггүй юм бэ.

Энхбаярыгаа “өхөөрдсөөр” байгаад өсгөчихлөө. Анхнаасаа тоохгүй байх ёстой байсан юм. Одоогийн удирдлага, дээд дунд албан тушаалтнууд дунд түрийв­чээрээ холбогдсон, одоо хүртэл нэрнээс нь айж бэмбэгнэж явдаг цөөнгүй улс бий. Тийм л  болохоор авлига, хууль бус үйлд­лүүд ил гарсан ч удалгүй замхраад байна. Эднээсээ зоригтой салчих­вал МАН  гүйцэгдэхгүй ээ.

АН гадаадын хөгжлийн загва­рыг манайдаа шууд наачих гэдэг нийтлэг алдаатай л болохоос өсч өөдөлж яваа хөгжингүй нам. Хоёр­дугаарт, энэ намуудын аль алинд нь байх албан тушаалаас албан тушаалд сууж байсан хүмүүсээс Монгол Улсын хөгжил ингэтлээ удааширсны ялыг асуух цаг бол­жээ. Оронд нь ид хийж бүтээж яваа улсыг нэр дэвшүүлээсэй, жишээл­бэл БЗД-ийн дарга Ч.Батзориг байна. У.Хүрэлсүх түүний үеийнхэн ачаа даадаг, ажиллаж сурч байгаа нь сүндэрлүүлсэн Тусгаар тогтно­лын ордон шиг нь бодитой, юмлаг юм болж харагдаж чадаж байна. МАН-ын гол ололт нь алдаагаа харах, засах замдаа шулуудсанд байгаа, ингэхгүй нэг хэсэг “зөрүүд­лээ” биз дээ. (инээв) МАН-ын тө­дийгүй АН-ын дол цохисон архаг гишүүд, тэр дундаа архи тамхины, хүмүүнлэг бус, бизне­сээр хөлжиг­чид, цаашлаад уул уурхайн лицен­зүүд өвөртлөөд орж ирж байгаа нэр дэвшигчдийг ха­жиглах, сэжиг­лэх эрх сонгогчдод бий шүү. Х.Баттулга сайдын өргөн бариад дэмжигдээгүй хуулийн төсөл нэр томьёолол, найруулгын хувьд олзлогдохоор алдаатай байсан ч, маш зөв зүйтэй санал. Үндсэн хуулин дахь эрхийг нь хөндөлгүй, тухайн бизнес эрхлэгч гишүүдийг тухайн салбарын хууль, нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын төсөв, тендерийг УИХ-аар хэлэл­цэхэд эрхийг нь хязгаарлах, тэр бүү хэл огт оролцуулахгүй байх зэргээр  эхний ээлжинд зохицуулах ёстой юм биш үү. Ард түмэн цаагуураа их дэмжсэн санал даа. Иймэрхүү өөрчлөлт парламентыг эрүүл­жүүлж, цаашдаа ийшээгээ орохсон гэх улсын хорхой дарагдана. Сон­гууль ч арай шударга болно. Энэ сонгуулиар арай амжихгүй, тул­гамдана.

Та МАНын дэргэдэх эмэг­тэй­чүүлийн байгууллагын Удир­дах зөвлөлд багтдаг хүнЭмэг­тэйчүүд энэ сонгуульд хүчтэй­хэн үзэх бодолтой байх шигта яах вэ?

-Ярих гэж бурдаг, явах гэж нурдаг, сэтгэх гэж гүтгэдэг, сэлэх гэж живдэг насандаа тулчихаагүй дээ­рээ тийм юм боддог л юм. Гэхдээ энэ удаа биш ээ. Төрийн их өндөр баганын дэргэд би нуруугаар ямар­хан  амьтан бэ гэж өөрийгөө басч, хувьдаа ч их бэлдэж орох ёстой байдаг байх аа. Улс төр бол хүн өөрөө юм гэх ухааны юм ярьдаг даа. Ухаандаа, тохитой төвшин хүн гайт долдугаар сарын нэгэнд тө­рийн тэргүүний сэнтийд заларч байсан бол саарал ордон цагдаа нарыг зэвсэглэж ээж аав, ахан дүүс рүү нь буудуулах уу. Үгүй ш дээ. Жишээ нь Миеэгомбын Энхболд тэр үед Ерөнхийлөгч  байсан бол эргэлзэж, нүдээ эргэлдүүлээд дот­роо банжаад сууж байтал нь нө­гөө­дүүл тараад явчих хэмжээний хүлээцтэй, суурьтай хүн. Яаран мэс барьдаг, хүч түрэмгийлдэг харчуу­лаас төр маань хөндий байж, эртнээс нааш цэрэг цуух, суутай жанжиддаа  ч хэтэрсэн их мэдэл өгч байгаагүй. Эхнэрээ үсдэж зоддог гишүүн манайд нэг бус байгаа хойно юуны чинь жендер ярих. Тийм балиар юмнууд эхлээд  эр хүн болж, дараа нь төр улсын хэрэгт ор. Шуналаа дарж сураагүй нь ша­хааны бизнес цэцэглүүлдэг, энгийн албан хаагчдыг намаар ялгадаг зэргийг би хувь хувьсгалын олон жишээгээр баримттай нь но­толно. Манай гэр бүл ил ч, далд ч зөв ява­хыг хичээж, түмний даал­гасан аж­лыг аваад явах хэмжээний улс гэд­гээ бардам мэдэхтэйгээ бо­ло­хоор миний бүхэн рүү хулгайч гэт­вэл эм бар шиг үзэлцэнэ. Заавал ги­шүүн байх ч албагүй. Миний үг үйлдэл зөрөхгүйг түмнээрээ мэднэ ээ.

Хоёулаа баахан улс төр ярь­лааОдоо жаахан гэгээн зүйл ярьяТаны удирддаг Хүүхэл­дэйн театрын тухай ч юм уу?

-Манай театрыг асуудаг чинь сайн боллоо. Хамт олон минь ажлын ачаалалтай, ихийг бүтээсэн он гарлаа. Олон уран бүтээл тавьж, багцаагаар наймаас есөн мянган хүүхэд, мөн тийм тооны  эцэг эх манайхаар ороод гарсан байна. Таван аймагт аялан тоглолт хий­лээ. Бид олон сая төгрөгөөр ор­логын төсвөө гурав дахь жилдээ давуулан биелүүллээ. Бид хийх ёстой юмаа л хийж байна. Яамнаас овоо доо гэж баярын бичиг шидээд байхгүй ч  цаагуураа дэмждэг  ээ. Бас нэг баяртай мэдээ гэвэл Хүү­хэлдэйн театрыг шинэ ордонтой болгохоор Засгийн газрын 2О12 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд оруулсан. Одоогоор газ­раа олоогүй л байна.

Ирэх жил Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр” сургаалт найргийг сүүдэрт жүжгийн төрөл зүйлээр найруулан тавихад зо­риулж Соёл урлагийн сан 2О ша­хам сая төгрөг өглөө.

Оны өмнө хэсэг найрагч АНУд очижтэнд суугаа монгол­чуудтайгаа уулзан шүлэг найр­гаа уншаад ирсэн гэж дуулсанТа явсан газрынхаа сониноос дуулгаач?

-АНУ-ын Денверт “Тулга” клу­бийнхэн гэж романтик, бас нутгаа санаж гүйцсэн хэсэг амьтад байна. Зу­раачид, жүжигчид, банкирууд, ба­рилгынхан, багш, эмч гээд мэргэ­жил мэргэжлийн улс, тэр дундаа есөн гэр бүл “Тулга” клубийг анх байгуулсан юм байна.Тэд гэр ба­рьж, цагаан сар, наадмаа ёс төртэй хийж, хотынхоо цэцэрлэгт найман метр өндөр мөнгөн тулга босгосон байхыг үзлээ. Тэд ердөө эх орон гэж байдгийг үр хүүхдэдээ мартуул­чихгүйн тулд ингэж байгааг нь сонсоод нулимс гарч байлаа. Хү­ний эх орон, нутаг яасан ч хүчтэй юм. Манайхан цөм сайн явна лээ. Нэлээд нь хувийн хаус энэ тэртэй болчихож. П.Бадарч гуай, Г.Мөнх­цэцэг бид гурав баахан амьтан инээлгэж уйлуулж, өөрсдөө ч хөөрч хөгжиж яваад ирсэн. Яруу найргийн уулзалт анх зохиогдсон болоод ч тэр үү, муж мужаас үзэгчид, тэнд суугаа  үгийн уран бүтээлчид маань цуглаж, танхимдаа багтаж ядан найман цаг шүлэг сонслоо. Бас тэднийхээ уран уншлагын тэм­цээнийг ч үзлээ. Дараа жил Чика­год хийнэ гэсэн. Сая Коло­радогийн монголчуудын холбоо ч биднийг урьж, бүгд л зүтгэсэн дээ.

Нээрээяруу найраг гэснээс өнөө жилийн “Болор цом“-ын эзнээр нэр нь таамагт ороогүй яруу найрагч түрүүлсэн. “Болор цом“-ын тухай сэтгэгдлээсээ хуваалцаач

-Овоо юм уншдаг байрын хүү түрүүлсэнд баяртай байгаа. Арын хангайн идээ цагаа шигээ танан сэтгэлт ард олны буянд “Болор цом” маань сайхан боллоо. Бид саяхан л өөрсдийгөө годгоносон охид,шоволзсон хөвгүүд гэж бодож явжээ. Найргийн ачаа тэн бидний нуруун дээр ирснийг, энэ хэдэн хөгшдөө амьдрал, аяны алтан замд зутраалгүй авч явах энэ тэрийг бүгдэд бодуулах шиг болсон. Энэ муу хэд маань Монголд дахин төрөх юм биш.

Утга зохиолын ахас ихэс нэг нэгээрээ одоод л байх юмСая­хан л гэхэд яруу найрагч Цэн­дийн Чимэддорж хорвоогоос халилааГэнэт л явсан дуул­дах юм?

-Манай муу Чимээ ах 55-тайдаа зүрхний шигдээсээр өөд боллоо. Гурван жилийн өмнө хань нь унаад, нэг л бүүдгэр гундуу яваад байсан даа. Энэ үеэс эцсийг нь хүртэл ажилтнаа, найрагчаа яаж ийгээд хадгалж авч явсан Мон­голын Радио гэдэг их айлд, тэнд­хийн уран бүтээлчид, дарга нар, үүдний харуул, дэргэд нь хоноглож ч явсан байж мэдэх модон ширээнд нь хүртэл найрагчдынхаа өмнөөс  гүнээ хүндэтгэлтэйгээр толгой мэхийе. Найрагчийг ойлгох буян заяа хүн бүрт байдаггүй билээ. Эцэг хорвоогийн гунигийг өвлөөгүй гурван хүүхэд нь мэлтийтэл хараад хоцорлоо. Нутгийн хүний гар сун­гасан Мон-Ураны Наранхүү овоо эр хүн юм. Хотын баруун зүүнд буяны газрын ханш гаарсан байдаг юм байна. Доод ханш дөрвөн сая болохоор нэрэлхээд л аргалдаг байх даа, хүмүүс.

Ийм газраа төр биш гэхэд, хот мэдэлдээ авмаар юм. Анд найз П.Адарсүрэнгээсээ хойш хиймо­рийн туг нь гудайж, амраг ханиасаа хойш дэлхий тамгалахад бэрх явсан алдарт “Дэрэнгийн хар азар­га”одоо л нэг амарч, Шүлэг ууланд шингэв ээ. /санаа алдав/

Таны “Зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг ишлэлийг олон хүн ярилц­лага энэ тэрдээ хэлсэн харагд­даг юм. “Зүгээр л нэг амьд­рахсан” ном тань гурав дахиа хэвлэгдчихэв үү дээ?

– “Соёмбо” хэвлэлийнхэн ивээж, хатуу хавтастайгаар анх удаа гар­га­лаа. Шилмэл шүлгийн түүвэр маань удалгүй гарна. “Ногоон асрын зүүдэн билгийн дэвтэр”-ийн шилбэ товчийг хадаж арай амжаа­гүй байна. Харин сайхан ном олж уншиж байна. Я.Ганбаатар эрх­мийн эмхэлсэн “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомлыг” хавар уншаад, агаар нь зунжин, намаржин салхи шиг дагалаа. Одоо Д.Цэнджавын “Цагаагчин гахай жил” түүхэн ро­ман дээр буусан, салдаггүй ээ. Үнэхээр том зохиолч юм даа.

Олон л сэдвээр баахан асуулт танд тавилааХарин сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд нь татах юмсан. Хүн бүр дор бүрнээ мэрийж, нэгэндээ зөөлөн хандаж, ёс төртэйгөө байж, үнэн байж гэмээнэ болохгүй бүтэхгүй зүйл алга л баймаар юм.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Анужин: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………..

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай ярилцлаа.


-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дуу­лиан шуугиан дагуу­лан явж эхэлсээр бас хэ­дэн жил өнгөрчээ. Нийт хэдэн нэвтрүүлгийн ард гарч, хэдэн эрхэм хүнтэй уулзуулаад байна вэ. Бас төсөл цааш хэр удаан үр­гэлж­лэх төлөвтэй байна вэ?

-Бид 100 нэвтрүүлгийн талд нь ороод л явж байна, одоогоор дөч орчим дугаар үзэгч түмэндээ хүргэсэн байна. Зуугаа дуусгана л гэж манай баг хичээдэг, хэрхэхийг тэнгэр мэднэ биз ээ. (инээв). Бид анх нэвтрүүлгээ хэнээр эхлэх вэ гэж их бодож, нухацтай хэлэлцэж байж эмэгтэй хүнээр, эхийн дулаан бүлээн сэтгэлийг хүргэх нь зүйтэй гэж үзээд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, гавьяат багш Б.Норовсамбуу гуайгаар эхэлж байсан. Нэвтрүүлэг маань зуны гурван сардаа завсарладаг гэдгийг уншигчид маань мэддэг болсон байх аа. Дөрөв дэх жилийн улир­лын эхний нэвтрүүлгээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраар эхэлсэн. Удахгүй улс төрийн хэлмэгдэгч Ц.Лоохууз, академич Ш.Бираа, Монголд балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагва нарын олон нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Бичлэг нь хийгдсэн бүр ч олон нэвтрүүлэг бий. Далай лам, Кирсан Илюмжинов, Б.Лхагвасүрэн ахынх гээд үргэлжилнэ.

-Нэвтрүүлгийн хувьд ийм байж, харин таны хувьд хэр их өөрчлөлтийг энэ нэвт­рүүлэг танд авчирсан бэ?

-Уран бүтээл маань на­дад зовлон жаргалыг тэн­цүү авчирсаан. Хувь хүнийхээ хувьд би ерөөсөө өөрчлөгдөөгүй, өөрчлөлт нь надад сайнаар юу ч авчраагүй юм шиг санагдах нь бий. Сайны тусгалаасаа сүүдэр нь илүү байсан ч юм шиг. Гэхдээ миний зорьж бүтээх гэсэн зорилгыг минь ойлгож, бидний хэдэн залуусын хийж бүтээж байгааг дэмждэг хэчнээн олон хүн байдаг гээч. Намайг эчнээ таньж мэддэг болж, гудамжинд тааралдахдаа эгчтэйгээ, дүүтэйгээ уулзаж байгаа мэт инээмсэглэж өнгөрдөг үзэгч олон түмний хайрыг алхам тутамдаа мэдрэх болсон. Намайг тэврээд уйлаад өөрийнхөө амьдралаа ярьж байсан хүмүүс ч бий. Тийм хайрыг надад ирсэн сайхан өөрчлөлт гэж хэлэхгүй бол бас алдас болох байх. Гэхдээ энэ нэвтрүүлэг намайг телевизийн урлагт хөл тавьсан эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй зам мөрийг туучуулж байгаа гэдгийг ч бас хэлэх ёстой байх аа.

Манай сэтгүүлч Э.Энэ­рэлийн П.Анужинтай хий­сэн ярилцлагын дэлгэ­рэн­гүйг ирэх даваа гаригийн дугаараас уншаарай.

Эхэн үедээ мэргэжлийн бус гэдгээс эхлээд хэл ам өөрт тань мэдрэгдэж л байсан байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын шагнал танай нэвтрүүлэгт ээлж дараалан ирж, хүмүүсийн эргэлзээг, дэл сул яриаг дарж өгөх шиг болсон. Ер нь сэтгүүлч болох тухай боддог байсан уу?

-Би арван жил төгстлөө сэтгүүлч болно гэж боддог байлаа. Тэгээд өөр мэргэжил сонгосон ч хувь тавилан намайг хийх ёстой бас хүсч байсан ажилд минь хүргээд өгсөн. Арван жилд байхдаа монгол хэлний олимпиадад амжилттай оролцож, шүлэг бичдэг байв. Болгар улсад болсон Олон улсын хүүхдийн шүлгийн IV ассамблейд таван шүлгээрээ оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.

Арван жилд байхдаа л бүжиглэдэг, “Манлай охин” тэмцээнд түрүүлж явсан гэж дуулж байлаа. Бас шүлэг бичиж, уралдаанд орж байжээ…

-Хүүхэд бүр л шүлэг бичих гэж үздэг шүү дээ. Тэгээд монгол хэлэндээ сайн, шүлэг энэ тэр бичдэг хүүхэд бүр л тэр үед монгол хэлний анги, сэтгүүлчийн ангид орно гэж боддог байсан байх. Намайг хүүхэд байхад манайхан нагац ахынхтай хамт амьдардаг байлаа. Нагац анх маань Монгол Улсын шинэ төрийн сүлд, тамгыг бүтээсэн Ц.Ойдов юм шүү дээ. Ахынхаар тэр үеийн урлаг соёлынхон, яруу найрагчид, тэрслүү үзэлтнүүд гэгдэж байсан зохиолчид их цуглардаг байсан. Яруу найраг, ном зохиол, уран зураг, соён гэгээрүүлсэн их яриан дунд л миний хүүхэд нас өнгөрсөн санагддаг. Сургуулиа онц төгсч, их сургуулийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авчихаад хөөр болж зогсохдоо гэнэт л өөр шийдвэр гаргачихсан. Тэр үед хүүхэд бүр л МУИС-ийн харилцааны ангид орно гэдэг байлаа шүү дээ. Бусдыгаа дагаж шуураад л, өндөр оноо авсан хүн гээд л харилцааны ангид орчихож билээ.

Та олон сайхан хүнтэй уулзаж ярилцаж, тэр хүмүүсийг нээхийг оролдож яваа хүн. Харин энэ удаад өөрийг чинь нээхийг хүсч байна. Ер нь хүүхэд үеэс чинь ярилцлагаа эхэлмээр байна. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ээж аавынхаа талаар ярина уу?

-Эцэг эхээс хоёулаа. Аав, ээж маань хуучны хэллэгээр сэхээтэн, баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс. Тэднийгээ бүтэн илэрхийлэх сайхан үг надад дутах вий гэж айж байна. Ямартай ч би сайн аав, ээжийн охин гэдгээ л хэлмээр байна. Аав маань намайг нэгдүгээр ангид ортол газар буулгахгүй үүрч, эрхлүүлж өсгөсөн. Дүү бид хоёрыг ер бусын тайван орчинд, амар амгалан өсгөснийг би сүүлд хүний гэргий болсон хойноо ойлгосон. Намайг багад нэрээр минь дуудаж сэрээлгүй, үнсч сэрээдэг байж билээ. Миний ээж бол хэзээ ч нугарч хугарахгүй, тун зарчимч гайхалтай эмэгтэй. Ээж минь биш байсан ч дагаж биширмээр хүн.

Телевизийн энэ том төсөлд орохоос өмнө зөв хооллолтын талаар хүмүүст зааж сургадаг багш байсныг тань мэднэ. Тэр замналд орсон чинь ч өөрийн учир шалтгаантай байсан гэдэг?

-Тийм ээ. Бүхий л зүйл учир шалтгаантай. Хүнд өвдөж, амьдралд тэсч үлдэх аргаа эрж хайж явахдаа хоол хүнсээр дамжуулан эрүүл болох ухааныг олсон юм. Хоол хүнс гэж ярих ч үүний цаана хүн болж, бие, хэл, сэтгэл гэгээрэхийн маш том ухаан байдаг. Бидний өглөө, өдөр, оройгүй ам руугаа халбагадаж байгаа хоол хүнс нь өөрийн биед ямар нөлөө үзүүлж байдгийг ухаж ойлгодоггүй. Хоол хүнсийг ходоодоо дүүргэх төдийд л боддог. Гэтэл хоол хүнс хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг зүйл. Өнөө цагт хэлбэрт ач холбогдол өгөхөө больж байна шүү дээ, хэлбэрээ анхаараад гаднаас нь угааж цэвэрлээд байхаас хүн болсоор бие махбодь, оюун санааны их цэвэрлэгээг дотроос нь хийх тухай огт мэдэлгүй, ач холбогдол өгөлгүй энэ насыг бардаг нь харамсмаар л санагддаг.

Хүмүүст эрүүл хооллох, амьдралын зөв хэв маягийг мэдүүлж, түгээнэ гэдэг буянтай ажил. Одоо телевизийн энэ завгүй ажлын хажуугаар үүнийгээ хийж амжиж байна уу. Ийм ажлаа орхиод хэл ам дагуулсан энэ салбарт орсондоо харамсдаг уу?

-Баярлалаа танд, энэ ажлыг маань буянтай ажил гэж онцолсонд. Үнэндээ тэр сайхан ажлаа төдийлөн хийж амжихгүй л байна. Эрүүл зөв хооллолт, бие махбодио дотроос нь цэвэрлэж ариусгахын ухааныг хүмүүст түгээж, ярьж эхэлсэн цагаас хойш олон хүн эрүүл мэндийн асуудлаа шийдэж, баяр баясгалантай, өөртөө итгэлтэй амьдарч явааг харахад баярлах сэтгэл эрхгүй төрдөг. Түүнээс гадна Монголд органик хүнсийг хэрэглэх ёстойг ойлгосон хэрэглэгчдийг бий болгож, үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүний урсгал манайд орж ирж, дэлгүүр бүрт органик хүнсний тасаг цаашлаад төрөлжсөн дэлгүүрүүд бий болсныг иргэнийхээ хувьд монгол хүний эрүүл мэнд, хүнсний салбарт оруулсан хувь нэмрээ гэж боддог.

Телевизийн салбарт орсондоо огт харамсдаггүй ээ. Хийх л ёстой ажил маань байсан.

Хүний юу идэж байгаа нь нүүрэн дээр нь илэрч, бодол санаад нь нөлөөлж байдаг гэж үнэн үү?

-Тийм ээ, хүний нүүрэнд илэрдэггүй нуугдаж үлддэг юм гэж нэгээхэн ч байхгүй. Бүр тод бичээстэй байдаг. Будгаар дарахын аргагүй, үгээр өөрийнхөө тухай юу ч гэж яриад нүүр царай, бие махбодь чимээгүйгээр бидний үнэн түүхийг илэрхийлж байдаг.

-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?

-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?

-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол “Монгол Тулгатан” шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил. Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.

Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?

-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа. Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.

Б.Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?

-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.

Б.Баатар найруулагч та хоёрыг нэвтрүүлэг эхэлснээс хойш л хамт амьдрах болсон гэх яриа тарсан. Үүнд яг чин үнэнээр нь хариулт өгч болох уу?

-Бид хэзээ ч хамтарч амьдарч байгаагүй. Бидэнд гэр бүлийн ямар ч харилцаа байхгүй.

Гэр бүл, үр хүүхэдтэй чинь холбоотой асуулт та­вибал хэт хувийн асуудалд тань орчихсон явдал болдог юм болов уу…

-Гэр бүлийн асуудал гэдэг бол хүмүүсийн дотоод асуудал шүү дээ. Ганц Анужинтай холбоотой асуудал бол би хариулж болно оо, гэтэл гэр бүл чинь олон гишүүнтэй…

Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?

-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.

Ер нь хэвлэлийн дайрла­гад өртсөн гадна, дотногүй тэр олон хүний хэд нь ийм давалгааг гэтэлж, хэд нь унаж, хичнээн гэр бүл салж бас хэд нь тэсч үлдсэн бол доо гэж бодогддог. Зорилготой зорилгогүй худал үг гэрт ирж, амилаад эхлэхээр л амьдралаа хамгаалах итгэл, хүч дутаж эхэлдэг юм билээ. Шууд хэлэхэд, цаг зуурын өөрчлөлтөөс шалтгаалж амьдралаа өөрчлөх бүсгүй хүн биш гэдгээ хэлье.

Намд элсч, намын батлах авахад чинь би хувьдаа их гайхаж байсан. Тийм сонголт үнэхээр хэрэгтэй байсан юм уу?

-Хувь хүний итгэл үнэм­шил, үнэт зүйл чухал ч гэ­­сэн хүн яах аргагүй нийг­мийн амьтан. Нийгмийн харилцаа тогтолцоогоор зохицуулагддаг. Ямар тогтолцоо байна хүссэн хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг. Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн.

Үнэндээ улс төрд хөл тавиад тун удалгүй намын зарим гишүүний насаараа ч мөрөөдөөд бардаггүй Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ чинь олон хүний уур, унтууг хүргэсэн гэвэл та санал нийлэх үү?

-Хүний олонд янз бүрийн л бодол байдаг байх даа. Би өмнөөс нь хариулах боломжгүй ээ. Улс төрийн намуудын хийх ёстой ажил бол хүний төлөө л ажил. Тэгэхээр удирдах бүтцэд нь хүний асуудлыг шийдэхэд хүйсийн, салбар салбарын бас бүх насныхны төлөөлөл байж гэмээнэ алдаагүй, ухаалаг шийдвэр гарах нь гарцаагүй. Энэ талаасаа би багтсан болов уу гэж боддог юм.

Хийж байгаа уран бүтээлийг тань намынхаа эсрэг байна гэсэн шүүмж­лэл гарч, улмаар УЗ-ийн гишүүнээс чинь татгал­зуулах тухай ч явган яриа гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би намынхаа үзэл бодол, үнэт зүйлийн эсрэг ганц ч зүйл ярьж хийж яваагүй гэдгээ хариуцлагатай хэлэх байна. Мөн намын гишүүн байна гэдэг улс төрийн үзэл бодлын нэгдэл болохоос улаан хамгаалагчид биш гэж боддог. Нэвтрүүлгийн зочдын өнгө эсвэл сэдвээр намайг будна гэдэг утгагүй зүйл. Явган яриа бол явган л яриа. МАН улс төрийн ууган хийгээд тулхтай, туршлагатай бас чөмөгтэй хүчний хувьд хэзээ ч дэл сул, шальдир бульдир асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцдэггүй. Мөн МАН бол Ардчилсан намаас илүү ардчилал шинэчлэлийг эрхэмлэж, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитой тусгаж, алхам тутамдаа шинэчлэгдэн хөгжиж буй нам. Удирдлагын түвшинд шинэ залуус олноор ажиллаж байгаа нь үүний бас нэгэн баталгаа. Нийгэм, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хийж буй уран бүтээлийг маань удирдлагын зүгээс хэзээ ч шүүмжилж, хааж, боож байгаагүй гэдгийг ч би хариуцлагатай хэлье. МАН-ын тулгуур үзэл бол тусгаар тогтнол, нийтийн эрх ашиг учраас нийгэм, нийтийн төлөө хийж буй ажлыг маань гоочилж үзэх үндэсгүй. Манай нэвтрүүлэг хувь хүний болоод тухайн хүнтэй холбоотой он цагийн түүхийг давхар бичиж үлдээдэг. Хувь хүн өөрийн үзэж туулсан амьдралыг өөрийнхөөрөө ярьж үлдээж буй нь өөрөө түүх гэж бид боддог. Тэр хүний ярьсныг нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй холбож үзэх нь утгагүй юм.

Улс төрд яагаад эмэгтэй хүмүүс оролцох ёстой юм. Оролцохгүй бол юунаас хоцрох юм, эсвэл эмэгтэй хүн байхгүй бол яг юу дутагдах вэ, тэнд.

-Заавал гэдэг зүйл ер нь байхгүй гэж боддог. Квотоор асуудлыг шийднэ гэвэл бүр утгагүй. Гэхдээ айл гэр, байгаль дэлхий бүхий л зүйл арга билиг, эр эмийн тэнцвэр дээр оршиж буй тул төрийн хэрэг ч мөн энэ тэнцвэр дээр орших байх гэж боддог. Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ шүү дээ. Байгалиасаа тэс өөр хоёр бодгалийг хольж хутгаад өрсөлдүүлээд байх нь, эсвэл заавал байна, байхгүй гээд дайрч зүтгээд байх нь утгагүй. Ард түмний мэдрэмж агуу тул тухайн цаг үед аль нь илүүдээд эсвэл дутаад буйг мэдрээд л тэнцүүлээд өгнө.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэвтрүүлэг дуулиан тарилаа. Түүнийг оролцуулах цаг хугацаа нь мөн байсан уу. Гаргахын өмнө хаалт хориг байсан болов уу?

-Монголын ард түмнээс сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ манай нэвтрүүлгийн эрхэм зочин мөн гэж нэвтрүүлгийн зөвлөл үзсэн. Өмнө нь хоёр Ерөнхийлөгч орсон, энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр орсон. Түүний орох цаг хугацаа мөн байсан уу гэж чухам юутай холбогдуулж асууж байна вэ гэдгийг би асуумаар байна.

Үнэнийг хэлэхэд өнөө­дөр Н.Энхбаяраас цэрвэсэн үзэгдэл илтэд байгаа гэвэл хилс болохооргүй бус уу?

-Би дээр хэлсэн. Нэвт­рүүл­гийн зөвлөлөөрөө оролцогчдоо тодруулдаг гэж. Яг тэр зарчмаараа энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Нөгөө талаасаа бидний хэт туйлшрамтгай, хэн нэгнийг хүчтэй чадалтай үед нь дагаж, шүтээд тэнхээрхсэн цагт нь бүгд нүүр буруулдаг зан ядаж хэвлэл мэдээлэлд тусахгүй байгаасай гэж би хүсдэг. Нэвтрүүлэг гарахын өмнө төвөгтэй байдлууд ихээхэн үүсч байсныг нуухгүй. Энд үүнийг ярих нь илүүц биз.

Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн дараа зарим нь яаран нэвтрүүлэгт орж, ярилцлагынхаа багагүй хугацааг энэ сэдэв рүү хэлтийлгэж байна лээ. Намын гишүүний хувьд ирсэн анхааруулга, зэм байсан уу?

-Албан ёсоор ирсэн анхааруулга, зэм байхгүй ээ. Хувь хүн өөртэйгээ холбоотой зүйл дээр яриа өгөх эсэх бол цэвэр хүний эрхийн асуудал. С.Баяр даргын манай нэвтрүүлэг хийгээд уран бүтээлийн маань талаар харамгүй хэлсэн урмын үгийг уран бүтээлчид бид талархан хүлээж авсан. Нэвтрүүлгийн маань зочинтой холбоотой яриа болоод бусад зүйл миний хариулах зүйл биш. Хүн ер нь өөрт хамаатайг ярьж, шүүж бас хариулж байвал зохино гэж хатуу боддог. Төрийн өндөр дээд албыг он удаан жил хашиж, ард түмний итгэлийг хүлээж байсан эрхмүүд нэг нэгээрээ гарч ирж хэзээ ч огтлолцохгүй яриа тал талд өгч буй нь ч өнөөгийн Монгол төрийн эрхэм түшээдийн түүх болохоос түүнийг буй байгаагаар нь бичиж хүргэсэн уран бүтээлчид бидний ер нь хэвлэл мэдээллийнхний буруу огт биш.

Ер нь таны уулзаж байсан эрхмүүдээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн, дурсамж үлдээж чадсан зочин, үг юу вэ?

-Зочин бүгд л гүн сэтгэгдэл үлдээдэг, хооронд нь харьцуулж жишихийн аргагүй ч амьдралд биеэрээ зовж үзсэн, зовлонг тэсч, хат суусан хүний яриа хүчтэй хийгээд хийгүй байдгийг анзаарсаан.

Танай нэвтрүүлэгт Женко Х.Баттулгыг ихээхэн нөлөөлдөг гэх юм. Бүр хөтлөгчөөр оролцож байсан удаа бий. Тэр хүнтэй та, танай баг ямар холбоотой юм бэ?

-Багагүй уран бүтээл хийлээ. Энэ хугацаанд бидний уран бүтээлд Х.Баттулга гэдэг хүн нөлөөлөөд дарамт болоод эсвэл мөнгө өгөөд явсан баримт би мэдэхгүй ээ. Үзэж хараагүй зүйлээ би юу гэж ярих билээ дээ. Элдвээр хардаж ядахдаа сүүлдээ ойр дотнын байдлаар холбоод ярьж байгааг ч дуулсан. Тийм зүйл байхгүй. Чухал 100 сэдэв нэвтрүүлгийн хувьд, нэлээд хэдэн дугаарыг бид хамтарч бэлтгэсэн. Чухал 100 сэдэв нэвтрүүлэг угаасаа хэн бүхэнд нээлттэй нэвтрүүлэг шүү дээ. Хөтлөгчөөр оролцохын тухайд найруулагчийн шийдэл. Найруулагч Б.Баатар болон Х.Баттулга гишүүний нөхөрлөлийн тухайд найруулагч нэгэнтээ хариулж ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хүмүүс чин үнэн нь юу болохыг мэдэхгүй атлаа өөртөө ойр байдаг, өөрийнхөө хэв маяг, ойлголтыг бусдынх гэж ойлгож, тулгаад байдаг юм уу даа.

Танд заримдаа бүх зүйл улс төр дээр очиж холбогдож, огтлолцож бүх хардлага тийш чиглэгдэх нь хэцүү санагддаг уу?

-Бүх зүйл улс төр рүү яваад, айл хунар хүртэл улс төржиж, талцаж хуваагдаад байна гэдэг бол хүмүүсийн амьдрал ядуу, оюун санаа сэрээгүйн шинж. Төр хүчгүй байгаагийн шинж. Угтаа төр гэдэг бол захын хүний аманд хүндэтгэлгүй бувтнуулаад байх үг биш, хэний ч аманд багтаж хэн ч шүүж, хэн ч нулимж болж байна гэдэг бол төр хүндгүй байгаагийн шинж л гэж хэлнэ.

Намын гишүүнээрээ бай, эсвэл уран бүтээлчээр үлд гэсэн сонголтыг тулгавал алийг нь сонгох вэ?

-Энэ хоёр харьцуулах зүйл биш ээ. Цаг цагаараа байдаг. Мөн өөрийгөө таньсан хүн өөрийн сонголтонд л амьдардаг, тэдэнд юуг ч тулгаж чадахгүй.

Ер нь сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Сайхнаа удталхадгалахын нууц юу бол?

-Сайхан эмэгтэй гэж дотноо гаднаа сайхан байхыг хэлнэ гэж жижүүрийн мэт хавтгай хариулдаг болжээ. Дотрын сайхныг дурьдах болсон том дэвшил юм даа. Сайхан гэдэг бол үгээр гэхээсээ мэдрэмжээр хариулагдах зүйл. Хамт байхнээ, харахнээ, ярихнээ сайхан мэдрэгдээд л байгаа бол сайхан гэсэн үг, би аливааг үгээр тодорхойлохоос аль болох зайлсхийдэг, үгээр хэлэмгүй сайхан гэж байдаг. Албан ажил гэх мэтийг тодорхой үгээр товч ярьж болдог. Хайр, гоо сайхны тодорхойлолт бол үгийн хүчнээс давдаг. Үг гэдэг хязгаартай харин мэдрэмж бол хязгааргүй. Сайхнаа хадгалахын нууц бол ухаарал, хөдөлмөр бас тэвчээр юм уу даа.

Нээрээ, нэг хэсэг өөрийг чинь нүцгэллээ гэж баахан шуугисан, удалгүй эвлүүлэг байсан нь батлагдсан. Ингэж оролдох шалтгаан юу юм бол гэж бодож үзэж байв уу?

-Нүцгэлээд зургаа тавиад байна гэдэг миний ой ухаанд багтахгүй зүйл. Нарийн нандин гэдэг талаасаа шүү дээ. Харин хүн гэдэг талаасаа бол бүр сонин сэдэв биш ч байж магадгүй. Оролдоно гэдэг амжилттай яваагийн шалтгаан гэж надад олон хүн хэлдэг. Би хувьдаа онц ач холбогдол өгч тайлж бодож байгаагүй юм байна. Хүн хүний үзэж туулах харилцан адилгүй, тохиож буй бартаа саад, зовлон бүхэн түүний өсөх, хат суухын шалтгаан болж байдаг гэдгийг л мэдэж байна.

Олон хүний нүдний өмнө амьдарч явна гэдэг амаргүй байх. Хүн энэ амьд­ралыг туулахдаа да­ваа нугачаа бүрийг л давж урагшлахаас аргагүй байдаг. Яаж тайвширч, хүч тэнхээг олж авдаг вэ. Бясалгадаг уу?

-Тийм ээ саад бэрхшээл, зовлонгарч ирлээ гээд зугтаалтай бас үхэлтэй биш. Хүн зовлон даадаг шүү дээ. Бүгдийг хайрлаж уучилж өршөөж тайвширдаг. Аливаад гомдох сэтгэлээ гээгээд ирэхээр хүч тамир орох шиг санагддаг. Бясалгалыг хүн бүр өөрөөр ойлгодог байх аа. Би хувьдаа аливааг гүн ухаарахыг бясалгал гэж боддог. Ярихаас илүүтэй бодож бясалгах нь давж байвал олон зүйлийн учир аандаа л олддог.

Сүүлийн үед улстөрч­дийн хүүхдүүд үе залгам­жилж орж ирэх боллоо гэлцэх болсон. Таны төрсөн аав бас улстөрч хүн. Аавын зүгээс улс төрд хөл тавихад оролцоо байсан уу?

-Анх хөл тавихад оролцсон зүйл байхгүй ээ. Мэдээж эцэг үрийн бие биеэ дэмнэх сэтгэл аль алиных нь дотоодод байлгүй л яахав. Гэлээ гээд энд тэнд дэвшүүлж ахиулаад явсан ганц ч түүх байхгүй. Хэн хэн нь хийх ажлаа мөр мөрөөрөө л хийгээд явдаг. Намд элсэн орсон түүх бол Д.Оюунхорол гишүүнтэй анх уулзсанаар эхэлсэн юм шүү дээ. Ард түмнээсээ гурвантаа УИХ-д сонгогдсон энэ туршлагатай улстөрч, хүчирхэг эмэгтэйгээр чиг замаа заалгаж, гараас нь хөтөлж МАН гэдэг их айлын босгоор алхсандаа би баярлаж бас талархаж явдаг.

Монгол тулгатан нэвтрүүлгийн олонд ил гараагүй зүйлс их байдаг нь лав. Хэзээ нэгэн цагт түүнийг ил гаргах нэвтрүүлэг эсвэл ном бичих үү?

-Сайхан асуулт байна. Их баярлалаа танд. Тийм ээ, зочдын маань олны хүртээл болоогүй олон яриа бидэнд үлддэг. Олон цаг, өдрөөр үргэлжилсэн яриан дундаас найруулагч маань илүү давуу эрхтэйгээр тодорхой яриануудыг сонгон оруулдаг. Зочинтойгоо ярилцаж байх зуур энэ хүний энэ л талыг илүү тод харуулах юмсан гэж эрхгүй бодогдох үе байдаг, гэтэл найруулга дууссаны дараа миний бодож байснаас өөр тал нь илүү тусч тодорсон байх нь их. Тийм учраас цаг нь болохоор “Миний мэддэг 100 эрхэм” гэдэг ном заавал бичиж, өөрийнхөө мэдрэмжээр тэр хүмүүсийг үлдээнэ гэж боддог.

Хувцаслалт чинь ихээхэн анхаарал татдаг. Танд маш сайн дизайнер, имиж мэйкер байна уу. Эсвэл өөрийн мэдрэмж үү?

-Надад аль аль нь байхгүй. Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийдэг, хэн нэгэн намайг надаас илүү ойлгож мэдрээд, миний донж төрхийг тодорхойлно гэж байхгүй ээ. Хувцаслалтын маань талаар маш олон хүн ярьж, асуудаг болохоор ямар нэг байдлаар анхаарал татаад байдаг юм байна гэж ойлгох болсон. Мэргэжлийн зарим хүн нэвтрүүлгүүддээ өмссөн өөрийнхөө загваруудаар шоу хийх хэрэгтэй гэх санал ч өгдөг.

Сүүлийн үеийн зар сурталчилгааны хэв маягийн анхаарлын төвд та орж ирсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө байх. Хорьтой биш гуч давсан бүсгүй хүн ингэж сурталчилгааны гол дүр болох болсон нь юутай холбоотой бол?

-Надад санал тавьж байгаа газрууд ихэвчлэн бидний хийж бүтээж байгаа зүйл таны ярьж зааж сургадагтай агуулга таарч байгаа тул дэмжин ажиллаач л гэдэг. Гадна төрх, наснаас минь илүүтэй миний үзэл бодол, санаж хүсч явдаг зүйлийг олж харж мөн чанарт минь нийцсэн санал ирдэгт талархалтай бас хүндэтгэлтэй ханддаг. Дотроосоо нийцтэй зүйл дээр ажиллахад дүр гаргаад байх ч шаардлага гардаггүй. Тэгээд ч би жүжигчин хүн биш, байгаагаараа л байж байдаг.

Хамгийн сүүлд хэзээ их баярлаж, бас хэзээ нулимс унагав. Юунаас үүдэж…

-Нулимс унагаад ч тайвширч чадахгүй тийм мөч бүсгүй хүнд олон тохиолдохгүй байгаасай гэж чин сэтгэлдээ ерөөж явдаг. Бүсгүй хүн өчүүхэн зүйлд л баярлаж догдолж байдаг. Гомдохоосоо баярлаж талархахаа түрүүлж чаддаг байвал амьд байна гэдэг чинь тэр чигтээ баяр юм биш үү. Хамгийн сүүлд охин минь надад шүлэг зохиож өгснөө уншихад тэсэлгүй нулимс унагасан. Би чинь удаан хүсч хүлээж байж олсон хоёр хөөрхөн охинтой хүн шүү дээ. Том охин маань

Манай гэрт лили ургадаг

Миний гэрт лили амьдардаг.

Манайд бас жижигхэн лили ч бий

Миний гэрт дандаа ургадаг

Үзэсгэлэнт лили бол миний ээж” гэж зохиосон шүлгээ уншихад тэсэлгүй тэвэрч аваад зөндөө уйллаа. Үнэндээ шургаж унамаар, ажлын ачаалал их байдаг ч хүүхдүүддээ ямагт цаг гаргадаг. Гаргах ч ёстой. Би хүүхдүүддээ дэлгүүрийн талх, үйлдвэрийн тараг идүүлээгүй өсгөж байгаа. Намайг элдвээр бичсэн сонин хэвлэлийг олж харчихаад, “Миний ээж гарсан байна” гээд л баярлаад гүйж байдаг нялх амьтад. Надаас хэзээ ч урвахгүй, юу ч болж байсан зөвхөн миний талд л байх үнэнч хоёр хүн бол миний охид гэдгийг хором бүхэнд мэдэрдэг. Би ажил гэр хоёрын хооронд явдаг нэг л замтай хүн. Ажлаас илүү гарах мөч байх л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Ер нь үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хором салгадаг ижий гэж хаана ч байх билээ. Миний дуртай цэцгийн нэг бол лили буюу сараана цэцэг л дээ. Охид маань өөрсдийгөө, намайг хамгийн сайхан гэж боддог тэр л цэцгээр төсөөлж, тэр л ертөнцдөө амьдарцгааж байна. Хүн хэн нэгнээс илүүг хүсч, гадаад ертөнцөөс аз жаргалыг хайх тусмаа зовдог гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгосон. Харж, мэдэрч чадвал хүний жаргал гэдэг тийм хол байдаггүй, бас аз жаргалтай амьдрахад тийм их зүйл ч хэрэггүй гэж боддог. Миний дотоод сэтгэлд үнэт зүйл маань, намайг баярлуулдаг, хайрладаг бүхий л юмс бүгд байдаг. Надад байгаа бүхэндээ би сэтгэл дүүрэн, амар амгалан оршдог. Тийм ээ. Манай гэрт лили амьдардаг аа.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баясгалан: Буурал аав минь ханийг маань илгээсэн гэж боддог DNN.mn

Өдрийн сонины архиваас…………….………….

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Түвшинжаргалын Баясгалантай ярилцлаа.


-Гэр бүл зохиож, шинэ хүнтэй болоод уран бүтээлийн хэсэг завсарлага авсан дуучин Т.Баяс­галанг хэзээ шинэ дуугаа хү­мүүст хүргэх бол гэж хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Гэтэл дуучин маань шинэ дуугаар бус кинонд тоглоод гараад ирлээ. Юу болж байгаа нь энэ вэ гэж асуу­маар байна?

-Би хэсэг хугацаанд уран бүтээ­лийн завсарлага авсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед зүгээр суусан­гүй. Шинэ уран бүтээлүүдээ хийж эхлээд байгаа. Удахгүй үзэгч, сонсогч олондоо уран бүтээлээ хүргэх болно. Одоо гэхэд Монголын анхны 3D клипийг үзэгчдэдээ хүргэ­хээр төлөвлөөд ажиллаж байна.

Киноны хувьд одоогоос гурван сарын өмнө “Рашаантын 18” киноны уран бүтээлчид надад хандсан юм. “Хэцүү анги” киноны захирал, багш нарын дүрээр нь хүмүүс андахгүй жүжигчин Навчаа, Сараа эгч нар энэ кинон дээр хамтран ажиллаж, ивээн тэтгэж өгөөч ээ гээд орж ирсэн л дээ. Урьд нь кинонууд дээр хамтран ажиллах санал ирдэг байсан ч дуунаас сэдэвлэж кино хийх гэж байгаа гэдэг нь надад содон санагдсан. Биднийг бага байхад орцонд “Рашаантын 18” гэдэг дуу хаа сайгүй хангинаж, хүмүүс дагаж дуулдаг байсан даа. Ардын дууны хэмжээнд хүртэл түгж чадсан энэ дуунаас сэдэвлэж кино хийнэ гэдэг нь, нөгөө талаас хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид хамтраад нэг баг болж байгаа нь надад таалагдсан. Харин багийн­хан маань энэ кинонд нэг дүр бүтээчихээч гэсэн учраас сүүлд нь нэг нүдний эмчийн дүрийг бүтээх гэж оролдлоо. Ер нь киноны багийнх­ны нэг сэтгэлээр нэг цул болж ажилладаг нь надад тун сайхан санагдсан. Нэг нэгийгээ  сайхан энергиэр цэнэглэж, хур­цалж байдаг нь тун гайхалтай.

-Өөрөө кино шиг л клипүүд хийдэг байсан даа. Тэгтэл шинэ орчин санагдаагүй байлгүй?

-Чөлөөт уран бүтээлч бол ган­цаараа бүгдийг хийдэг бол кинон дээр жинхэнэ багаар ажиллахын чухлыг харуулдаг юм билээ. Нэгнээ өвдчих вий, алдаа гаргачих вий гэж жинхэнэ нэг гэр бүлийнхэн шиг биенээ халамжилж байдаг.  Нэг нь алдчих юм бол киноны багт тэр чигт нь нөлөөлж байдаг учраас  хичээ­хээс аргагүй. Кино маань инээд­мийн кино. Амьдрал дээр өдөр тутамд гарч байдаг тэр үйл явдлыг хөг­жилтэй хэлбэрээр харуулсан. Би өөрөө инээдмийн кинонд их дуртай л даа.

-Сүүлийн үед бүхий л хүмүүс кино руу хуйлрах болжээ. Зарим кино тэрбумаар нь ашигтай байдаг гэх юм. Тийм болохоор л та кино бизнес рүү оржээ дээ?

-Кино хийж байгаа хүн бүр овойж оцойтол мөнгө олж байгаа гэдэг нь юу л бол.  Олж байгаа нь ч байна, олохгүй байгаа нь ч нэлээд байна. Сүүлийн үед л энэ талаар судалж байна л даа. Арваас ганц хоёр нь л ашиг олдог байх. Миний хувьд элдэв ашиг харахаасаа илүүтэй дуу кино болж байгаа гэдгийг нь олзуурхан дэмжсэн хэрэг л юм.

-Дууны уран бүтээлдээ зү­гээр суугаагүй гэлээ. Гэвч Баяс­га­лангийн гэсэн тодотголтой шинэ дуу сонсоогүй санагдаад байх чинь. Яагаад уран бүтээ­лийн тал дээр ийм хойрго байгаад байдаг болов оо?

-Би “Өвөлжих хун” гээд нэг сайхан бүтээл дээр ажиллаж бай­гаа. Нэгмөсөн дуугаа дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодож байна. Хуучин бас ч сайхан дуунууд дуулж байжээ. Би хэсэг уран бүтээлийн засварлага авлаа. Тэгэхээр өмнөх дуунууддаа дүйцэхүйц хийгээд давж гарахуйц уран бүтээл хийе гэж  бодож, хүлээж байна. Үнэнийг хэлэхэд санаанд хүрсэн сайхан дуунууд ирэхгүй л байна шүү. Санаанд хүрсэн дуу ирвэл өнөөдөр ч гэсэн дуулахад бэлэн байна.

-Хүмүүсийн танил болж, ал­дар цол авчихаар хуучин шигээ дэврүүн сэтгэлээр шинэ бүтээ­лээ хүмүүст дор, дор нь хүргэж чадахгүй хянаад байдаг тал байдаг уу?

-Би үнэндээ тэгж хэцүү талаас нь хүлээж авдаггүй. Хүн хүн өөр өөр л байдаг байх. Үнэнийг хэлэ­хэд хэсэг уран бүтээлийн завсар­лага авлаа, нөгөө талаас нэгэнт гавьяат гэдэг цолыг хүртсэн хүний хувьд мэргэжлийн дуучин хүний чансааг шалгасан, дуучнаас техник шаардсан тийм дууг дуулахсан гэсэн хүлээлт байна аа. Шинэ залуу дуучид ч олноор гараад ирж, тэдэндээ ч бас боломж олгох нь зөв байх, тийм үү.

-Шинэ залуу дуучдад боломж олгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна аа. Ер нь хүнийг ид бүтээх үед нь шагнаж, урам өгч байх нь чухал гэдэг ч уран бүтээлийн хувьд царцааж хөргөчих юм бол хэрэггүй юм биш үү?

-Бусдадаа боломж олгоно гэдэг нь тэр газарт миний гэсэн орой зай үгүйлэгдэж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа хэрэг л дээ. Түүнээс Баясгаланг дуу хуураас холтгон төсөөлөхийн аргагүй. Дуугаа дуулаад л гараад ирнэ. Би гавьяат цолыг хөл хүнд байхдаа хүртсэн. Хүүгээ төрүүллээ. Хүү маань одоо ой есөн сартай боллоо. Би жил бүрийн гурав, зургадугаар сард уран бүтээлээ үзэгч олондоо барьдаг байсан. Уг нь хоёр жил л өнжсөн юм шүү дээ. Гэтэл танаас эхлээд хатуухан шаардаад эхэлж байна. Одоо уран бүтээлдээ илүүтэй анхаарч, үзэгч олондоо чамбай сайхан бүтээлүүдээ барьж эхлэх болно.

-Хэзээ?

-Тун удахгүй. Одоо бяр амтагдаж байна шүү.

-Олимпийн аварга төрдөг өдөр Кёкүшюүзан та хоёрын хотын гудмаар машинтай дав­хиж байсан зураг энд өлгөөтэй байна. Ингэхэд та хоёр хэдэн онд танилцсан юм бэ?

-Бид хоёр 2007 онд танилцсан юм. Хуримаа 2009 онд хийсэн.

-Цагаан хоолны ресторан нээсэн байх аа. Баясгалан маань цагаан хоолтон болчихсон уу?

-Би цагаан хоолтон биш л дээ. Монголчуудаа цагаан хоолтон бол гэж уриалахгүй. Гэхдээ махны хэрэглээгээ хянаж байгаасай гэж хүсдэг. Цагаан хоолны “Хайрын зоог” ресторан бол махны хэрэг­лээгээ багасгаж цагаан хоол идэхийг хүссэн тэр хүмүүст зориул­сан ресторан л даа.

-Сүүлийн үед энергийн ойл­голт, бясалгалын тухай их ярих боллоо. Өөрөө бага залуугаасаа бурхан шашны дуу дуулдаг бай­сан. Ямар нэг чиглэлийн  бясал­гал хийдэг үү?

-Өвөө, эмээ маань бурхны шашин шүтдэг байсан. Багадаа буурал ааваараа тарни заалгуулж, хааяадаа уншчихдаг хүүхэд бай­лаа. Тиймдээ өөртөө тэрүүхэндээ итгэлтэй нэгэн байсан, хүүхэд байхаасаа л. Бурхан харж байгаа, нүгэл үйлдэхгүй, бурхан шүтдэг болохоор сайхан амьдарна гэж л бодож өссөн. 2003 оноос бурхны тарни, буддагийн дуунуудыг дуулж эхэлсэн. 2009 онд хөл хүнд байх­даа “Баяр баясгалан” гээд бурхны дуунуудаар цомог гаргаж байлаа.

Бясалгалын хувьд 2003 онд Шри шригийн бясалгалд анх сууж байсан юм. Хүн бага боловч бясал­гаж байх хэрэгтэй. Тэгэхийн тулд заавал ажил цагаа алдаж бясал­гаад байх хэрэггүй хэсэг хугацаанд сэтгэлээ чөлөө­лөөд бясалгах нь чухал гэж боддог юм. Машиндаа ч юм уу, унтахынхаа өмнө ч юм уу.  Түүнээс хэт автаад хажуу хавиргын хүмүүсээ үгүйс­гээд, таарч нийлэхгүй байх нь дэмий юм шиг санагддаг болсон шүү. Бид чинь монгол хүмүүс.  Монгол нүүдэлчин ахуйн амьдрал өөрөө агуу шүү дээ. Сүүлийн үед би бүр илүүтэйгээр үүнийг ойлгоод байгаа. Заавал Энэтхэгийн аль нэг шашны урсгалд хэт автах бус нүүдэлчин соёлоо шүтэж амьдрах ёстойг. Бясалга­лаас авах юм бол бий. Би хэт дэврүүн, омголон байх хорин гурван настайдаа бясалгалд анх яваад нэг зүйлийг ухаарч ойлгосон нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байж сурсан явдал юм.

-Баясгаланг эмээ, өвөөгийн охин гэдгийг нь хүмүүс мэднэ. Хоёр буурайдаа зориулж дуул­сан сайхан дуу ч байдаг. Хөгшид нь энх тунх байгаа юу?

-Би чинь төрсөн цагаасаа л зуны амралт болонгуут хоёр хөгшин рүүгээ гүйдэг охин байв. Уг нь би хотод төрсөн хүн ш дээ. Нийслэлийн 89 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, арван жилийн хоёр­дугаар сургуулийг төгссөн хүүхэд. Амралт эхлэнгүүт хөдөө явж, хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ирдэг байсан. Би хоёр хөгшин дээр өссөнийгөө их азтай хэрэг гэж боддог юм. Хөгшдийн өвгөдөөсөө өвлөж авсан тэр агуу ухааныг боломжийн хэрээрээ шингээж өссөн дөө.

Тоглолт болгондоо хоёр хөгш­нийгөө хамгийн сайхан суудалд урьж, Юндэн Нансалмаа хоёр маань гэдэг байлаа. Сүүлд хоёр буурлыгаа өөртэйгөө ойрхон байл­гах гэж Багануурын Гордок тосгонд мал хуйтай нь авчирч, боломж л олдвол тэдэн рүүгээ гүйдэг байв даа.

Буурал өвөө маань гурван жилийн өмнө таалал төгссөн. Бас аавын минь аав саяхан бурхан боллоо. Одоо хоёр хөгшин ээж маань байна даа. Буурал аавыг өнгөрснөөс хойш эмээ маань зундаа Гордоктоо, өвөлдөө ээжтэй минь хамт өвөлжиж байгаа. Өнөөдөр гэхэд эмээ маань манайд ирчихсэн л байна. Эмээгийнхээ наадмын дээлийг хийж өгөх гээд л хөл болж байна даа, бид.

-Эмээ зээ охиндоо эрхэлж өгч байна уу?

-Тэгэлгүй яахав. Эрхэлнэ ш дээ. Би хоёр буурайдаа “Та хоёр намайг өчүүхэн нялхаас минь алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүр­дэг байсан. Одоо миний ээлж ирсэн. Надад сайн эрхэл. Одоо би алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрнэ” гэж хэлдэг юм. Буурал аав маань охиндоо эрхэл­сээр ная гараад бурхан болсон доо.

-Баясгалан гэдэг дуучин олны танил болсон тэр үеийг сөхвөл С.Жавхлан гэдэг дуучин заавал холбог­доно. Та хоёрыг нэг нэгээс чинь салгах аргагүй. Сүүлийн үед С.Жавхлан дуучин маань уран бүтээл гэхээс илүү­тэй гал тахиж, улс төр хийгээд, Баясгалан нь бясалгал хийж, айлын гэргий болоод нам бол­чих­лоо гэж хүмүүс яриад байгаа?

-Ангийн маань анд Жавхлан­гийн сүүлийн үед хийгээд байгаа алхмуудыг харахад залуу хүний эрч хүч, алдахаас айдаггүй тэр л сэтгэлээрээ үгээ хэлж, хийж яваа юм шиг санагдсан. Миний хувьд гэр бүлийн аз жаргалыг эдэлж, гэр бүлдээ цаг заваа илүүтэй гаргаж яваа. Урьд нь дуучин Баясгалан байхад өөрийнхөө төлөө л амь­дарч явлаа. Өөрийнхөө босно гэсэн цагтаа босч, орно гэсэн тоглол­тдоо оролцоод явдаг байсан. Харин одоо  ээж Баясгалан хүүгээ сэрсэн цагт дагаж сэрээд аяар нь байж байна даа.

-Мэдээж, гэр бүлээ гэлгүй яахав. Эмэгтэй хүн бүр айлын галыг сахиж, ээж болдог.  Гэхдээ бусдаас уран бүтээлийн авьяас­тай Баясгалан уран бүтээлээ ч хийж, ар гэртээ ч анхаарлаа тавиад явж болохгүй байгаа юм. Зэрэгцүүлж чадахгүй байна гэж үү?

-Зэрэгцүүлэхээр үү. Зэрэгцүү­лэхээр…

Гэхдээ зуун хувь урьдынх шигээ байна гэж байхгүй л дээ. Гэлээ гээд таг болчихгүй. Урьдын адил жилд нэг удаа хийдэг шигээ уран бүтээлийн тоглолтоо хийгээд л явна.

Үнэндээ урьдынх шиг сайхан бүтээлүүд ирэхгүй байна аа. Ямартай л би тоглоом шоглоомын дундуур яруу найрагч, хөгжмийн зохиолч нартаа “Та нарын авьяас билэг чинь шавхагдчихаа юу. Та нар бүтээлээ хийхгүй байгаагаас би хийхгүй харагдаад байна” гэж гомдоллодог юм. Баясгалан шинэ уран бүтээл гаргахгүй байна гэх шүүмжлэл байгаа ч энэ нь зөвхөн надаас шалтгаалахгүй байна. Чаддагсан бол би үгээ бичээд, аялгуу зохиох сон. Даанч, чадахгүй. Нэг хэсэг дууны бүтээл маш ихээр төрдөг байлаа. Зарим нь хоорон­доо ялгалгүй шахам. Магадгүй нэг талаас  үзэгчдээ залхаасан байхыг ч үгүйс­гэхгүй. Ер нь яагаад уран бүтээл хийхгүй байна вэ гэдэг асуултаа хөгжмийн зохиолчид, яруу найрагч­дад та нар тавих хэрэгтэй байна.

-Өөрөө дуурийн дуулаачаар төгссөн хүн. Сонгодог дуулах төлөвлөгөө байна уу?

-Байлгүй яахав. Надад сүүлийн үед поп опера чиглэл их таалаг­даад байдаг болсон. Энэ чиглэлээр дуулна аа.

-Таны нөхөр урьд нь гэр бүл зохиож байсан хүн. Хоёр ч хүүхэд­тэй. Тэгэхээр гэргийн хувьд илүү ухаан зарах хэрэг гардаг болов уу?

-Тийм ээ. Хань маань өмнө нь амьдрал зохиож, хоёр ч сайхан хүүхэдтэй болсон хүн. Яахав, өмнөх амьдрал нь болж бүтээгүй хоёр тийшээ болсон юм билээ. Ганц бие болоод гурван жил болсных нь дараа бид нийлсэн гэдгийг зарим­даа онцолмоор санагд­даг юм. Аавгүй өсч байгаа хүүхдүүдийн сэтгэл эмзэг байдгийг би мэднэ ээ. Би өөрөө ч хойд аавтай өссөн хүүхэд. Хүүхдүүд байнга аавтайгаа уулзахыг хүсч мөрөөдөж байдаг юм. Тиймээс би өөрийнхөө хувьд энэ асуудал дээр нээлттэй байхыг хичээдэг. Харин ээж нь хүүхдүүдээ аавтай нь хэр ойр байлгахыг хүсэх эсэх нь тэр хүний л асуудал шүү дээ.

-Нэг хэсэг хэвлэлээр Кёкүшюү­зан өмнөх эхнэртээ мөнгө өгөх­гүйн тулд хамаг эд хөрөнгөө Баяс­галангийн нэр дээр шилжүүлсэн гэнэ, шүүхдэж шүүхдэж 500 сая төг­рөг өгөх болж гэнэ гээд баахан бичсэн учраас ингэж асууж байна л даа?

-Хоёр хүүхэд болон урьдынхаа эхнэрт өгөх ёстой юмыг нь хан­галттай өгчихсөн гэж ойлгож болно.

-Өгөхгүй гэж шүүхдээд, бие биенээ үзэхгүйдээ асуудал хүр­сэн юм уу?

-Тийм айхтар сүртэй юм болоо­гүй. Манайхан чинь юмыг дэвэргэдэг улсууд шүү дээ. Өгөх л ёстой юм чинь өгөлгүй яахав дээ.

-Хүүгээ ах, эгч хоёртой нь уулзуулсан уу?

-Одоохондоо уулзаагүй л байна. Би хувьдаа нэгэнт ах дүүс улс хойно уулзах хэрэгтэй гэж боддог. Ээж нь ирүүлэх дургүй байдаг юм аа. Гэхдээ уулзуулах л байлгүй дээ.

-Бас нэг асуух зүйл байна аа. Иймэрхүү зүйл асуугаад байгаад уучлаарай. Гэхдээ өөртэй чинь уулзсаных гадуур яригддаг зүйлсийг тодруул­маар байна л даа. Баясгалан аавын­хаа гэр бүлийн хүн ар­дын жү­жиг­чин Ш.Чимэд­цэеэ­тэй таа­рамж муутай байдаг гэдэг тухайд юу хэлэх вэ?

-Эмзэглэх юу байх вэ. Би аав­тайгаа үргэлж холбоотой байдаг.

Саяхан аавын ээж болох буурал ээж маань хөдөөнөөс ирсэн. Тэр хэдтэйгээ уулзалдаад сайхан л байлаа. Дуучин болох удмын үүргийг оноосон хүн бол миний аав. Тийм болохоор би дуулж явах үүрэгтэй хүн. Анхны­хаа ярилцлагыг өгч байхдаа аав минь намайг орхиж явсан ч авьяасыг нь өвлөж авсандаа баярлаж явдаг гэж хэлж байлаа. Одоо ч түүнийгээ л хэлнэ.

Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд би багадаа түүний бүх дууг нь цээжээр мэддэг байлаа. Ямар царайлаг, яасан ч гоё эгч вэ гэж бодож, жинхэнэ шүтэн бишрэгч нь байлаа шүү дээ. Харин сүүлд нь аавын маань эхнэр болсон. Би анхнаасаа аавтайгаа өсөөгүй хүн. Ээжийн минь дараа аав өөр амьдралтай байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Дараа нь Ш.Чимэдцэеэ эгчтэй амьдрал холбосон. Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд намайг мэддэг ч үгүй байсан биз. Тэд дөнгөж хоёр талаас нийлж, ааваас маань гадна хоёр хүүхдэд нь анхаарлаа тавьж байхад нь гэнэт том болсон охин гараад ирэхээр цочирдоо байлгүй дээ.

-Ямар ч аав нар бөх хүргэнд дур­тай. Дээрээс нь танай аав уртын дууч бас бөхийн засуулч хүн. Кёкүшюүзантай гэр бүл болох мэдээг хэр хүлээж авсан бол?

-Их сайхан хүлээж авсаан. Манай хүн аавын хүндэлж, шүтэж явдаг бөх нь байсан.

Би ханийгаа Монголыг Чингэс хаан шиг дэлхийд сануулж өгсөн хүн гэж боддог ш дээ. Аав маань ч манай хүнээр их бахархдаг. “Буянтай учрал бэлэглэсэн өвөг дээдэстээ үргэлж залбирч байдаг болохоор удмыг нь сайхан авч явах хэрэгтэй” гээд уулзахаараа л надад захидаг юм.

Аав минь их ухаантай хүн. Миний ээж ч бас ухаантай мундаг эмэгтэй. Хамаг залуу насаа миний л төлөө зориулж, миний төлөө амьдарсан хүн. Одоо охин нь энэ зэрэгт хүрч сайхан амь­дарч байгаад сэтгэл нь амарч байгаа байх даа гэж боддог.

-Танай Элбэгбаяр хүү чинь хоёр ой хүрэх гэж байгаа байх. Дахиад төрөх гэж байна гэсэн яриа сонстож байлаа. Бүл нэмэх төлөвлөгөө юу байна?

-Миний амьдралын нэлээдийг нь хүмүүс зохиочихдог юм ш дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж л боддог юм. Хүүдээ дүү гаргаж өгөлгүй яахав.

-Дуу дуулаад явдаг Баясгалан телевиз удирдаж, янз бүрийн бизнес эрхлээд яваа харагдах юм. Бизнес хийх дуу дуулахаас хэр ялгаатай юм бэ?

-Тун өндөр хариуцлага шаард­даг юм байна. Алдах эрхгүй л ажил юм даа.

Телевиз бол урлаг. Би өөрөө урлагийн хүн. Тиймээс надад теле­виз ойрхон санагддаг. Чадал­тай хамт олонтой учраас түүртэх юм алга аа. Монголд олон телевиз байгаа ч соён гэгээ­рүүлсэн телевиз байдаггүй байв. Байгуулагдаад жил гаруй болж байгаа ч манай “Эх орон” телевизийг мэдэхгүй хүнгүй болсон учраас бид баяртай байдаг юм. Гэхдээ судалгааны ажлаас эхлээд анхаарах зүйл их байдаг юм байна. Телевизийнхээ техник технологийн хувьд ч гэсэн нэлээд шинэчлэлийг хийж байгаа.

Мөн “Баясгалантай дэлхий” гээд жирэмсэн эхчүүдийг амраах төв байгуулж ажиллуулж байгаа. Йогийн дасгал, жирэмсэн эхчүү­дийг ямар нэгэн эм уулгахгүй, стресст оруулах­гүйгээр амар­ тайван байлгаж бай­гаад төрүүлэх зорилготой сайхан газар бий. Ер нь олон хүнийг удир­даад аваад явна гэдэг амаргүй ч бас сайхан ажил юм. Би аль болох залуучуудыг дэмжиж ажилд авахыг боддог. Бас ахмадуудаар хүрээ­лүүлэх дуртай. Тэднийхээ туршлагыг залуу­чууд­даа хүргэх гүүр болно гэж боддог юм.  Дуулдаг байхдаа зөвхөн өөрийн­хөө ажлыг зохицуулаад гүйдэг байсан бол одоо зуугаар тоологдох хүмүүсийг ажлын байр­тай болгож, том баг удирдаж ажиллах үүрэгтэй болсон.

-Танай өрөөгөөр жүжигчин Б.Нэргүй­­баатар, шог зохиолч Л.Одончимэд гээд аваргууд их хөлхөж байна шүү?

-Манай хэд чинь ажлаа хийнэ бас хажуугаар нь надад эрхэлнэ ээ эрхэлнэ.

-Анзаараад байхад Кёкүшюү­зан та хоёрын зан араншин их төстэй бололтой?

-Ер нь төстэй шүү. Манай хүн урлагт хайртай, хөгжилтэй, нийтэч хүн. Бас л багаасаа амьдралын төлөө зүтгэсэн, тэвчээртэй. Энэ мэт адилхан талууд бий.

-Амьдрал юм хойно зөрөл­дөх үе байдаг л биз дээ?

-Бид ямар сэтгэлийн хөөр­лөөр суучихсан жаахан хүүхдүүд биш. Байгаа амьдралаа бүр илүү сай­хан авч явахын төлөө л явж байгаа. Нөгөө талаас Монго­лынхоо нүүр царай болсон гэр бүлүүдийн нэгийн хувьд өндөр хариуцлага үүрч амьдарна шүү дээ.

Ер нь амьдралаа сайхан авч явах эсэх нь эмэгтэй хүнээс шалт­гаалдаг шиг санагддаг. Аливаа асуудал гарахад 99 хувиар би буулт хийдэг.

-Яагаад?

-Манай хүн угаасаа асуудалд зөв ханддаг. Би бүрэн итгэдэг болохоор тэр шүү дээ. Тэгээд ч хэлэх юм байвал сүүлд нь хэлчих арга бий, бий. (инээв)

-Таныг хадам ээжтэйгээ тун адилхан гэж ярих хүмүүстэй олон тааралдсан?

-Хүн болгон тэгдэг юм шүү. Хадам ээж маань их бурханлиг, залуу сэтгэлгээтэй, ойлголцоход их амар хүн. Хүүгийнхээ төлөө 16 жил залбирч суусан хүн шүү дээ. Хүүгээ гэмтэл бэртэлгүй барил­даасай гэж сэтгэлээ чилээж амь­дарч ирсэн эх хүн. Би хадам ээжтэйгээ, харин манай хүн миний ээжтэй адилхан ш дээ. Хоёр ээж маань хоёулаа Жав­зандулам нэртэй. Овог нь адил­­хан Ж гэж байгаа. Бид хоёу­лаа л Жавзандулам нэртэй ногоон дарь эхийн хүүхдүүд болох хувь тавилантай хүмүүс байжээ гэж би боддог юм. Бас бид хоёр адилхан өвөө, эмээ дээрээ өссөн.

-Өвөө, эмээгийн хүүхдүүд цаанаа л өөриймсүү байдаг шүү?

-Тийм ээ. Манай хүн багадаа Авиа, Адиа хоёр дээрээ өссөн юм билээ. Би бол угаасаа буурал эмээ, өвөөгийн хүүхэд хойно. Буурал аав маань сумо их үздэг байлаа. Кёкшюүг хараад “Тэр уул овоо шиг Хавай арлын бөхийг хаячихдаг. Сайхан хүү шүү” гэж ирээд шимтэн үздэг байсан сан. Өвөө маань сумын заан, бас их сайхан дуулдаг хүн байлаа. Ханиа хараад байхад тэр чигээ­рээ буурал аав маань. Унтаж байгаа нь хүртэл адилхан хараг­даж, илүү ихээр хайр хүрдэг гээч. Миний буурал аавыг архи ууж, тамхи татаж байхыг нь энэ ертөнц дээр хэн ч харж байгаагүй. Хүн битгий хэл бурхан ч хараагүй. Тун гэр бүлсэг, гэр амьтай хүн байсан. Тийм хүний дэргэд өссөн боло­хоор би буурал аав шигээ л хүнтэй сууна гэж боддог байлаа. Харин буурал аавыгаа бурхан болсноос хойш нэг их удалгүй ханьтайгаа танилц­сан юм. Тэгээд ч тэр үү, буурал аав маань надад ханийг минь илгээсэн байх гэж боддог доо.

-Батбаяр гишүүн та хоёрыг хааяа гэр барьж зусдаг гэсэн яриа сонссон юм байна…

-Батбаяр бид хоёрын зундаа орж суудаг тэр гэр учиртай гэр л дээ. Ханийн маань өвөө, эмээ болох Авиа, Адиа хоёр маань гучаад онд дөрвөн ханатай энэ гэрийг барьж айл болж байсан байгаа юм. Тэд яг бидэн шиг тахиа, үхэр жилтэй хүмүүс байсан гэдэг. Тэгээд олон жил хамтдаа сайхан амьдарч, өнөр өтгөн айл болсон болохоор нь бэлгэшээдэг юм. Анх гэр бүл болохдоо бид зориуд энэ гэрт орж, гурван сар амьдарсан гээч. Одоо ч өнөө маргаашгүй гэрээ барьж орох гээд л байж байна. Аавынх нь өссөн гэр болохоор би хүүгээ ч тэнд байлгах их дуртай байдаг юм.

-Танай хүн Монголын сумо­гийн холбооны ерөнхийлөгч байх аа. Бас тэнд байгаа монгол сумоч­­дынхоо албан бус хол­бооны дарга шиг харагдах юм?

-Монгол сумочид Японд асуу­далд ороход манай хүн эндээс аав нь юм шиг л явна шүү дээ.

Сумогийн дүрэм нь өөрөө хатуу. Тусгай дэг жаягтай, бараг л улс доторх улс шиг юм билээ. Хэдэн зуун жил явж ирсэн тэр дүрэм журмаараа хэний ч нөлөөгүйгээр асуудлаа шийддэг.

-Танай хүн болон их аварга Д.Дагвадорж хоёр таарамж муутай гэгддэг. Түүнийг зодог тайлах болсныг хэрхэн хүлээж авч байсан бол?

-Эр хүмүүс дэвжээн дээр ба­рил­­дахдаа омогтой шартай байдаг. Монголчууд чинь их шартай хүмүүс ш дээ. Тэр утгаар нь хүмүүс таарамж муутай гэж харж байсан байж болох юм. Түүнээс надад тийм байдлаа илэрхийлж, хэлж байсан нь үгүй ээ. Тэгж яривал Дагваа аварга чинь аавын минь нутгийн бөх. Би гэр бүлийнх нь хүнтэй найзууд. Заримдаа сургаар асууд­лыг хурцатгахад хүмүүс үнэн гэж хараад байдаг тал байх юм аа.

-Саяхан их аварга Дагвадорж улс төрд орох бодолтой гэсэн байна лээ. Танай хүн Японоос ирээд УИХ-д сонгогдсон. Ер нь бөхчүүд ингээд төр түшээд байх нь хэр зөв юм бол?

-Заавал бөх энэ тэрдээ биш улс эх орондоо нөлөөтэй, зөв сайхан сэтгэлтэй хүн л гарах ёстой гэж би боддог. Бас гадаадад ч дотооддоо ч нөлөөтэй байвал сайн байх. Би хувьдаа сонгинохайрханчуудыг их зөв сонголт хийсэн гэж үздэг. Итгэлийг нь ч манай хүн сайн дааж яваа. УИХ-ын гишүүний зарцуулах төсвөөс 16 дахин давуулсан хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийсэн хүн шүү дээ. Тиймдээ ч АН-аас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гишүүнээр саяхан тод­руулсан болов уу. Бага байхаасаа л амласандаа хүрдэг байсан гэгд­дэг тэр чанар нь одоо ч байдаг. Цаашид ч тийм байх хүн.

Сонгогчдынхоо хүсэлт шаард­лагад тун анхааралтай ханддаг. Юу л байна тойрог руугаа гээд байна шүү дээ. Тэгэх ч ёстой байх.

-Олон сайхан бөхчүүд маань Японы иргэн болж, харийн бүс­гүйтэй гэрлэж байгаа нь харагд­даг. Монголд нь авчирч, сонгогч олны үүрэгт даруулж амьдрах замыг сонгуулсан танд баяр хүргэх ёстой юм шиг санагддаг шүү?

-Баярлалаа. Бас ч тийм тал бий шүү. (Инээв)

Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Энэ дашрамд зуны дэлгэр сайхан цагийн мэндийг “Өдрийн сонин”-ы уншигчдадаа хүргэмээр байгааг минь дамжуулж өгөөрэй.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнгөнцэцэг: Зөвийг бодож явахад бүх зүйл аяндаа бүтдэг гэж боддог DNN.mn

Өдрийн сонины архиваас…

Залуу дуучин Х.Мөнгөн­цэцэгтэй ярилцлаа.


Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “Дуэт vs Дуэль” телевизийн шоунд түрүүлсэнд баяр хүргэе. Ямар хугацаанд үргэлжилж, хэр их хүч хөдөлмөр гаргав даа?

-Баярлалаа. Анхны чөлөөт, ардчилсан телевиз хэмээгддэг “25 суваг” телевизээр долоо дахь жилдээ нэвтэрч буй “Дуэт vs Дуэль” нэвтрүүлгийн энэ жилийнхэд “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх ахтайгаа хамт оролцоод тэргүүн байрын эзэд боллоо. Урлагийн нэгэн үеийнхэн болж өсч байгаа, авьяаслаг шижигнэсэн залуучуудтай өрсөлдсөн. Бараг хорь хоногийн хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд нийт зургаан дууны төрөлд дуугаа бичүүлж, дүрсжүүлж бас нэвтрүүлгээ бичиж чухам чөлөө завгүй бас бүтээлч өдөр хоногийг өнгөрүүллээ. Их ч зүйлийг сурч, өөрийгөө сорьж, эвдэж бас хөгжүүлсэн цаг хугацаа байсан гэж бодож байна.

Өнөө жил сошиал медиагаар өрсөлдөөн хүчтэй явах шиг санагдлаа. Бас “Holly Dolly” баг уу танай “Эзэмдэгч” баг уу гэсэн халуухан тэмцэл явсан байх…

-Ер нь бүх багууд жигд, бүгд л түрүүлэхийн төлөө дууныхаа төрөл болгонд хүчээ дайчилж өрсөлдсөн. Энэ тэмцээний маань шалгаруулалтын нэг үзүүлэлт нь фэйсбүүкийн хуудсаар олон лайк цуглуулах явдал байсан. Интернэтээр манайх болон “Holly Dolly” баг олон лайк цуглуулж, өрсөлдөгч баг маань биднээс лайкийн тоогоор илүү байсан. Гэхдээ олон лайк цуглуулахаас гадна сэтгэмж, дууны сонголт, найруулга зохиомж, нэвтрүүлгийн дүрэм журмыг баримталж буй байдал эмоци өнгө төрх гээд өөр олон үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас бид хоёр түрүүлсэн байх аа. Ер нь Г.Эзэнмөнх ах бид хоёр дуу бүрийнхээ цаана давхар санаа агуулж, залуучууд, үе тэнгийнхэндээ уриалахыг оролдож байсан. Тухайлбал, хип поп дууныхаа төрөлд “Гандан буурахгүй” дууг сонгохдоо, гэр хороололд амьдардаг олон хүүхэдтэй хос хэрхэн аз жаргалтай амьдарч байгааг үзүүлэхийг оролдсон. Хэрэв нэг нэгэндээ итгэж, хайрлаж чадаж байвал хаана ямар нөхцөлд амьдрах нь асуудал биш, Монголын үрсийг олон болгохын төлөө гандан буурахгүй ээ гэсэн санааг агуулж хийсэн. Бас “Сэтгэлийн драм” дуугаа ч гэсэн ийм санаатай хийж байлаа.

Хосууд нэгэндээ итгэж, хайрлаж байвал амьдрал аяндаа сайхан болно гэж. Үзэгчид анзаарсан бол клип дээрээ ганц модон сандалтай эхэлж байгаа хоёр дараа нь түшлэгтэй зөөлөн сандал дээр хоёулаа зэрэгцээд сууж байдаг даа. Гэх зэргээр үргэлж нэг санаа, уриалгыг дууны төрөл бүр дээрээ гаргахыг хичээсэн. Энэ маань ч хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Шүүгчид ч үүнийг онцолж байсан. Бид хоёрт Монголд үйлдвэрлэсэн “Хүү төрлөө” нэртэй өлгийний рекламд тоглох санал ирсэн нь ч үүнийг анзаарч харсных байсан биз ээ.

Та хоёр рекламд тогло­сон мөнгөөрөө хүүхдүүдэд бэлэг авч өгсөн гэл үү?

-Тэр реклам маань тун хөөрхөн, бэлгэдэл бүхий бүтээгдэхүүний сурталчилгаа л даа. Цэвэр ноолууран өлгийг сураар хийсэн гурван бүс, дөрвөн шагай бас эсгий үнэг дагалддаг. “Хүү төрлөө” гэсэн нэртэй. Ийм бэлгэшээлтэй бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон мөнгөө бид хоёр хүүхдүүдэд зориулахаар шийдсэн.Тэр дундаа асрамжийн газарт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож түгээсэн. Бэлэг хараад нүд нь очтож байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Зарим нь тийм зүйл олон авч үзээгүй болоод ч тэр үү, бүр гайхсан байдалтай. Тэр өдөр талбай дээр зургаа авахуулах гээд шөнийн 00 цагийн үед очсон юм. Ээж, аавтайгаа явж байсан хүүхдүүд өвлийн өвгөн, цасан охины хувцастай бид хоёрыг хараад, “Эзэмдэгч дуэтүүд явж байна” гээд дагаад гүйхийг хараад баярлаж л байлаа. Тэдэнд бас бэлгээ түгээж, нэг өдөр ч гэсэн өвлийн өвгөн, цасан охин шиг байж чадсандаа бид хоёр их баяртай байсан маань энэ нэвтрүүлгийн сайхан дурсамжийн нэг юм даа.

Энэ нэвтрүүлэгт ихэнх нь жүжигчин, өөрөө ганц дуучин бүсгүй нь байх шиг байсан. Хэдэн онд аль сургуулийг төгссөн билээ?

-Би СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, концертмейстр, СТА Т.Энхтуул нарынхаа удирдлага дор дуу дуулах арга барилаас суралцсан. Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж, үзэгч олондоо танигдах гээд л явж байна даа.

Нэгэн үе нийтийн дууныхан хосолж дуулж гарч ирээд л од болцгоодог байлаа. Тэр үеийн дуучдыг дуурайж, урлагт хөл тавьсан залуус олон байсан байх шүү?

-Анх намайг СУИС-д орж байхад нээрээ л нийтийн дууны эрин жинхэнэ ноёлж байсан. Багш нар маань ярихдаа СУИС-д дуучин болно гээд ирж байгаа 400-500 хүүхдүүдээс шалгалт аваад, “Ямар ангид орох хүсэлтэй байна вэ” гэхэд “Жавхлан, Баясгалангийн ангид ормоор байна” гэдэг байсан хэмээдэг. Энэ сургуульд орохоосоо өмнө М.Найдалмаа гэж мундаг багш байдаг гэж дуулсан болохоор багш дээрээ яваад очсон. Анх сургууль дээрээ очих гэж хөдөөний хүүхэд хүнээр заалгаад ирж байлаа. Сургуульдаа ормогц эндээс нэг дуулсан хүн, тэндээс ганцаараа дүрээ бэлдээд өөртэйгөө ярьж байгаа хүн гээд тун өвөрмөц ертөнцөд ороод явчихсан мэт мэдрэмж төрж байлаа. Найдалаа багш маань намайг дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байсан. Гэтэл би нэг мэдэхэд л нийтийн дуу руу ороод, багшийнхаа урмыг хугалсан даа. Мэргэжилдээ гайгүй байсан ч юм уу багш маань надад итгэл хүлээлгэж байсан байх, гэхдээ миний ардын дуу, нийтийн дуунд сонирхолтой байгааг мэддэг болоод ч тэр үү эвлэрсэн. Багш нартаа үргэлж баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр санагдаж байна.

Анхны уран бүтээл чинь ямар дуу байв, бас тайзан дээр хэзээ анх гарч байв даа?

-Намайг хоёрдугаар курст байхад ая зохиогч Пүрэвсүрэн ах “Гэгээн хайр” дуугаа өгсөн. Тэр жил Бөхийн өргөөнд “Цаг эргэх мөч” нэртэй тоглолт болсон юм. Нийт 21 аймгаас гарч ирж буй нэг, нэг дуучныг оролцуулсан том тоглолт байсан. Бас миний хувьд анхны үзэгчтэй том тайзан дээр гарсан нь тэр байв. СУИС-ийн “Оюутан” тайз дээр л гарч байснаас өөр том тайзан дээр гарч үзээгүй би хэрэндээ л сандарч балмагдаж байсан. Тэгтэл хүмүүс алга ташиж, дахиулаад. Тэгэхэд л уран бүтээлч хүний үзэгч олныхоо алга ташилтад урам авах ямар сайхан байдгийг анх мэдэрсэн л дээ.

Ер нь багадаа дуулдаг байв уу, хүүхдүүд урлагийн үзлэгээс эхлээд л өөрийгөө сориод эхэлсэн байдаг шүү дээ?

-Би багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Гэрийнхэндээ болохоор дуучин болно гэж ярина, гэхдээ сургууль, олон нийтийн өмнө тэрийгээ ил гаргаж огт үзээгүй, урлагийн үзлэгт ч ордоггүй байв. Энд тэндэхийн уралдаанд орж гийгүүлэхгүй ч гиншээд явдаг нэг тийм хүүхэд байсан юм уу даа. Миний доод талын дүү их сайхан дуулж, бүжиглэдэг. Тэрэнтэйгээ нийлээд оройн саалийн өмнө тоглолт хийж гэрийнхэндээ үзүүлдэг байлаа.

Оройн сааль гэхээр өөрөө бүр хөдөөний хүүхэд юм аа даа?

-Тийм шүү дээ. Бүр хөдөөний хүүхэд. Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Би энэ сайхан нутагт төрж өссөн дөө дандаа баярлаж, бахархаж явдаг. Би багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн хүүхэд. Одоо ч морь харахаараа их догдолдог. Ер нь хөдөөний айл бүр л морь уралдуулдаг шүү дээ. Аав, ээж маань гурван охинтой хүмүүс. Би том нь. Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв.

Танайх хэзээ хотын айл болсон юм бэ?

-Ижий, аав хоёр маань ерөөсөө бид гурвын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Намайг сургуульд ороход сум руу нүүж, дараа нь аймаг руу тэгээд оюутан болоход дагаад л хотын айл болсон доо. Д.Пүрэвдорж гуайн гэрээсээ гараад сум орлоо, сумаа би саналаа гээд сумаа, аймгаа, эх орноо бүхэлдээ санасан тухай сайханшүлэг санаанд буудаг юм. Хэдийгээр сургууль соёл бараадаж хотод ирсэн ч нутгаа их санадаг. Оюутан болсны дараахан ГАА гэсэн машин харахаараа манайхны хэн нь яваа юм бол гэж бодогдож бараг тэр машинд суугаад нутгаадаа явмаар санагддаг байсан.

Ээж, аав чинь хүүхдүүдээ л гэсээр иржээ. Одоо дүү нар чинь сургуулиа төгссөн үү?

-Тийм ээ. Тэд маань маш хөдөлмөрч хүмүүс. Өглөө эрт ажлаа эхэлдэг. Аав, ээжийн маань амьдрал бол хүүхдүүдээ гэсээр явдаг олон эцэг, эхийн түүх. Одоо том дүү маань ЭМШУИС-ийн нүүр ам судлалын III курс, бага дүү маань БНХАУ-д сургуульд явах гээд бэлтгэл хангаж байгаа. Үр хүүхэд нь сайн явбал ээж, аавын хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл амарч, баярладаг байх. Тиймээс үр хүүхэд нь болсон бид сайн явах л хэрэгтэй юм даа.

Танай Говь-Алтайгаас төрсөн дуучид их байдаг байх шүү?

-Тийм ээ. Манай нутгаас төрсөн сайхан дуучид олон. Тэд нар маань ч надад их тус дэм болдог. Ялангуяа МУГЖ С.Ганзориг ахдаа их талархаж явдаг. Тэрбээр сайн дуучин төдийгүй хувь хүнийхээ хувьд ховор хүн дээ. Тэрбээр 2010 онд гавьяат болсныхоо дараа нутагтаа тоглолтоо хийх болоод нутгаас төрж байгаа залуу дуучин гэдэг утгаар тоглолтдоо оролцох санал тавихад би хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Үнэндээ аймгийнхаа тайзан дээрч гарч үзээгүй, энд ирж суралцаж байгаа оюутан шүү дээ. Нэг гарахдаа хоёр дуу дуулна гэж очсон чинь хүмүүс дахиулаад сайхан хүлээж авсан. Тэгэхэд нь бэлдсэн хоёрхон дуутай гэж үнэнээ хэлээд “Мандах нар” дуугаа дахин дуулж байлаа. Тэр үеэс урын сангаа нэмэх ёстой юм гэж ойлгосон. Шат шатаар л учраа олж, суралцаж яваа нь тэр шүү дээ.

С.Ганзориг гавьяаттай хамтарч дуулсан байдаг байх аа?

-Дуучин Ц.Өлзий-Орших, А.Нэргүй нарын хамтран дуулсан “Санахын жаргал” дууг зөвшөөрлийг нь аваад дуулж байлаа. Өвөрмонголчуудад их хүрсэн гэж дуулддаг.Мөн интернэтийн хандалт нэлээд өндөртэй дуу. Бас “Тавилан” дууг хамтарч дуулсан. Мөн С.Ганзориг гавьяаттай нийлж кино концерт хийсэн. Үүнийг маань хүмүүс сайхан хүлээж авсанд баяртай байдаг.

Өөрийг тань зохиолын дууны гүнж гэх болж…

-Монголчууд маань дуучин уран бүтээлчдэдээ ханхүү, гүнж гээд сайхан нэр хайрладаг хүмүүс. Ер нь үлгэрийн ертөнц шиг сайхан орчинд, гэгээн сайхнаар амьдрахад юуны буруу байх билээ. Харин миний гүнж гэж юу байхав дээ. Хөдөөд төрж өсч, энгийн, эгэл амьдарч байсан хүн шүү дээ, би.

-“Улаан пальто” киноны дууг дуулсан байх аа?

-Тийм ээ. Энэ миний анхны киноны дуу. Энэ дууг дуулах болсон нь их сонин. Нэг удаа би телевизийн нэвтрүүлэгт орох болоод гоо сайхны газарт нүүрээ будуулахаар очсон юм. Тэгэхэд нэг эгч будалт хийлгэж байсан нь зохиолч Шүүдэрцэцэг эгч байсан. Тэндээсээ гараад телевиз дээр очиход өнөө эгч маань бас очиж таараад, бид цугтаа нэвтрүүлэгт оролцсон. Тэгж л танилцаж байлаа. Эх үрийн сэдэвтэй сайхан дууг нь амьдруулах болж “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсан юм.

Залуу бүсгүй, уран бүтээлчдийг тойрч элдэв яриа хөвөрдөг. Тэрийг дааж явах амаргүй биз?

-Нэгэнт олны өмнө ил байдаг мэргэжил, зам мөрөөр явахаар бол тэр бүгдийг дааж явах л ёстой байх. Миний хувьд зах зухаас нь мэдэрч, шантармаар санагдах үе байх ч уран бүтээлээрээ л бүгдийг баталж бас үгүйсгэж байх ёстой юм байна гэж ойлгоод байгаа. Заримдаа хэвлэлээр үнэн гэхээсээ худлаа, буруу ойлголт өгөх нь их юм. Хэн нэгний чин үнэнийг мэдэхгүй байж явган яриагаар бусдыг дүгнэхгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулаад өгдөг шүү дээ.

Гэр бүлтэй болж, амьдрал зохиох тухайд ямар бодолтой явна даа. Шалгуур өндөр үү?

-Ээж, аав шигээ нэг цул болж чадах ханиа олж, өрх гэрээ бариад хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх тэр өдрүүд хэзээ нэгэн цагт ирж таарна. Би аливаад яарч, их хүсч шунаад байдаггүй. Цагийн тохироо нь бүрдвэл болох юм болдгоороо болно л гэж санадаг. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж бодож явсаар мэргэжлийг нь эзэмшиж хичээж яваа шигээ сайн ханьтай учирна гэдэгтээ эргэлздэггүй. Шалгуур гээд байх зүйл юу байхав. Би тэр хүний төлөө, тэр хүн миний төлөө байж чадах тийм хүн байж л байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй гэхээсээ зөв бодолтой, зөв хүнийг л олж ханилах нь чухал байх даа. Гэр бүлийн аз жаргал бол хэрэгцээгээ хангадаг, эрүүл энх, олон хүүхэдтэй, тайван амгалан амьдрах л явдал гэж ойлгодог доо.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Балдан-Очир: Хөлсөө гаргаж олсон мөнгөө адгуус, бөхөд бай болгож өгөхийн оронд хүүхдүүдэд өгсөн нь дээр DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлаа


-Та Завханаас сонгогдсон гишүүн. Сүүлийн үед Завханд цаг агаарын байдал тун хэцүүхэн байгаа тухай ярих боллоо…

-Энэ жил цас их эрт орсон л доо. Бүр арваннэгдүгээр сарын эхээр их хэмжээний цас унасан. Тэгээд байнга цас нэмж орсоор өдийг хүрлээ. Ялангуяа Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл гээд 24 сумын арав гаруй сум нь их хэмжээний цастай болчихлоо. Орсон цас нь хөлдөж, дагтаршаад мал бэлчээртээ гарч чаддаггүй, малд идэх өвс ч гэж байхгүй болсон. Өнгөрсөн зун говийн зарим сумдаар бараг ногоо ургаагүй. Тэгээд өвөл нь ингээд их цас уначихаар байдал үнэхээр хэцүүдэж байна. Завханаас сонгогдсон гишүүд бид дор бүртээ л үүнд их анхаарч байгаа. Оны өмнөхөн хуралдсан Улсын онцгой байдлын хуралдаанд ч оролцлоо. Нэлээд шаардлага тавьсан, ерөнхийдөө зохион байгуулалтын чанартай л арга хэмжээ аваад явж байна даа. Аль эртээс цас орсон болохоор мал хуй нь их туржээ. Тарга хүчээ алдаад эхэлсэн мал эхнээсээ үхэж байна гэж байна. Ядахад малчдын гар дээр мөнгө алга. Ноолуурын үнэ гурав, махны үнэ нэг дахин уначихсан болохоор малчдын амьдрал ч доошоо орчихсон байна. Гэтэл гаргадаг зардал нь хэвээрээ байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд Засгийн газарт хүсэлт тавьчихаад байна. Малын тарга, хүчийг бүр дор орчихоос нь өмнө арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Тэр жаахан өвс тэжээл байгаа бол үүнийгээ энэ сард л багтааж өгөхгүй бол хэрэггүй болно. Ер нь их дор орсон мал сэргэдэггүй юм аа.

-Та бүхэн Засгийн газарт яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Энэ сардаа багтаж улсын нөөцөд байгаа өвсөө тавьж өгөөч ээ. Өгөхдөө хямдралтай үнээр өгч туслаач ээ. Бас зээлээр өгнө үү, бүр болдог бол үнэгүй өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Одоо Завханд нэг боодол өвс 4700-5000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр худалдаж авдаг малчин гэж байхгүй. Ноднин уржнан кг ноолуур 30- 40 мянган төгрөгтэй байхад л ийм үнээр боодол өвс авдаг малчин байгаагүй. Тиймээс одоо гар дээрээ мөнгөгүй малчид бүр ч авч чадахгүй. Засгийн газар энэ байдалд Д.Балдан-Очир: Хөлсөө гаргаж олсон мөнгөө адгуус, бөхөд бай болгож өгөхийн оронд хүүхдүүдэд өгсөн нь дээр дүгнэлт хийж арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-Малчдын хувьд байдал хэцүүдэх нь гээд малаа нядалж мах ихээр бэлтгэсэн сурагтай байсан. Гиш үүд ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар яриад байгаа ч Засгийн газраас арга хэмжээ авахг үй л байх шиг?

-Малчид нэлээд эртнээс нядалгаа хийж эхэлсэн дээ. Онд орох малаа авч үлдээд л нядалсан. Завхан аймагт одоогийн байдлаар гэхэд 1400 орчим тонн мах байгаа. Ганц аймагт гэхэд шүү дээ. Улсын хэмжээнд 5000-6000 орчим тонн мах байна гэсэн. Хөдөө- гийн иргэдээ төлөөлж төрд суугаа хэдэн гишүүдийн хувьд махыг хямд байгаа дээр нь худалдаад авчихаач ээ, хавар, зуны цагт суурин газрын иргэдээ хямд үнэтэй махаар хангах боломж байна шүү дээ гэсэн санал тавьсаар сууж байна. Бид уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн Улсыг хөгжүү- лэх сангийн нөөц мөнгөнөөс 35-40 тэрбум төгрөг гаргаад 15 мянган тонн орчим мах худалдан авах хуулийн төслийг өргөн барихаар явлаа. Даанч энэ оны хувьд хугацаа дэндүү алдсан. Энэ хуулийн төсөл батлагдвал ирэх жилээс хэрэгжинэ.

-Тэгэхээр одоо яавал дээр байна. Бэлтгээд цасан дор дарчихсан махаа эртхэн нэг тийш нь болгохгүй бол цаашлаад бүр хэцүүднэ биз дээ?

-Тийм ээ. Өнөө жилийн хувьд дээр хэлсэн мөнгөөр тийм хэмжээний мах авна гэдэг асуудал оройтсон. Мал турж эцчихээд байгаа өдий цагт мах бэлтгэнэ гэж юу байхав. Тэгээд ч малчид оны өмнө өөрсдийнхөө хэмжээнд ямар нэг байдлаар мал хуйгаа эргэлтэд оруулчихсан байгаа. Дээрээс нь турж эцсэн малын махыг хавар хотынхонд зарвал байдал юу болох билээ дээ. Харин одоо оны өмнө бэлтгээд цасан дор дарсан байгаа махыг Засгийн газрыг нөөц хөрөнгөөрөө авахыг бид хүсч байна. Мөн үүнийг малчдаасаа худалдан авах өөр арга зам юу байгааг судалж үзэхийг хүсч байгаа юм. Бид хувьдаа ч арга барагдсандаа янз бүрийн арга сүвэгчилж байна. Завханы Баянтэсийн Арцсуурийн боомт гэж бий. Энэ боомтыг долоо хоногийн хугацаанд түр нээж, бараа солилцооны арга хэмжээ зохион байгуулахаар бид хөөцөлдөж байна. Гаалийн зохицуулалтаас эхлээд асуудал багаг үй байх юм аа. Гэхдээ аль алийг нь энэ нэгдүгээр сардаа л багтаахгүй бол цаг хугацааны хувьд хоцрох гээд байна.

-Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд МАХНаас нэр дэвшигчдийг тодруулах гэж сонгуульд өрс өлдөхөөс бэрх зүйл болсон. Гэтэл Завханд Балдан-Очир гэсэн нэр сонсогдож бүр УИХ-д нэг суудал авч чадсан. Та хэзээнээс энэ намд зүтгэж эхэлсэн хүн бэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Гэв гэнэт Балдан-Очир гэсэн нэр гараад ирэхээр гайхсан уу. Бусадтай л адил Завхан нутагтаа арван жилийн сургуулиа төгсөөд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, төлөвлөгөөний эдийн засагчийн мэргэжилтэй болсон. Сургуулиа төгсч ирээд Дарханы Цементийн заводын нормчиноос ажил амьдралын гараагаа эхэлсэн. Дархан хотын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд 1990 он хүртэл мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлстийн дарга хийж байсан даа. Тэр үед залуу ч байсан, их эрэмгий байж дээ гэж боддог юм. 1990 онд ардчилал өрнөж, тогтолцоо өөрчлөгдсөн тэр цагаас л улс төрд хөл тавьсан гэж болно. Монголчууд шинэ замыг сонгож, шинэ хууль тогтоомжоо батлах тэр түүхэн үед би Улсын бага хурлын гишүүнээр гурван жил ажилласан. Тэр үед хүмүүс энэ намаас зугтаж, зарим нь гишүүн гэж хэлэхээс ичдэг байв. Дэлхий дахинд ч ийм хандлага ажиглагдаж байсан. Хойно ЗХУ-ын коммунист намыг тарааж, Румынд Чаушескуг буудаж алаад л, коммунист дэглэмийг алга болгох их хөдөлгөөн өрнөж байсан. Тэр үед МАХН-ыг үндэсний том нам хэвээр байна гэж бодож байв. МАХН бол Европод бий болсон сонгодог коммунист нам биш байсан. Тэгээд ч монголчууд гарам дээр морио солих хэрэггүй гэж ярьдаг шүү дээ. Би эвлэлийн гишүүн байхдаа Улсын Бага хуралд суусан. Тэгээд эгзэгтэй энэ үед намын гишүүнээр элсэх нь зөв юм гэж хувьдаа үзсэн юм.

-Та тэгвэл төрд шинэ түшээ биш байх нь ээ?

-Мартагдсан хуучин гиш үүн гэж болох юм. Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламентын гишүүн.

-Залуухан гишүүдийн нэг нь байсан биз?

-Хамгийн бага нь гэхэд С.Баярцогт бид хоёр орж ирж байсан юм. С.Баярцогт II эмнэлгийн эвлэлийн үүрийн дарга гээд ирж байлаа. Тэр үед би 26 настай байсан болов уу даа.

-Харин шинэ Үндсэн хууль батлалцаж, түүхэнд үлдэх хувь нэмрээ оруулсныхаа дараа та хаачсан хэрэг вэ?

-Бага хурлын бүрэн эрх дууссаны дараа би Орос руу эрдэм номын мөр хөөгөөд хэсэг явсан юм. Олон улсын эдийн засаг, улс төрийн академид 4-5 жил сурсан. Зах зээлийн нийгэмд мэдлэг боловсролоо дээшлүүлж, ажиллах хэрэгтэй гэж үзээд номын дуу сонссон.

Төгсөөд 1996 оноос бизнес хийж эхэлсэн дээ. Арваад жил бизнес хийж аядуу намдуу явж, “Мандал” групп гээд гадаад, дотоод худалдаа эрхэлдэг компаниа хариуцаж ирсэн. Сүүлийн жилүүдэд улс төр, нийгмийн амьдрал бодож төсөөлж ирснээс нэг л гажаад байгаа юм шиг санагдах болсон. Ялангуяа ерээд оны сүүлч, 2000 оны эхнээс төрд гажуудал үүсээд байгаа нь мэдрэгдэх болсон. Үндсэн хуулийн үзэл санаа зарим талаар хөндөгдөх болсон. Тиймээс улс төрд эргэн орж, бодлого тодорхойлох түвшинд дуу хоолойгоо оруулъя гэж бодох болсон юм.

-УИХ-д нэр дэвших гэж байгаа хүмүүс тойргоо нэлээд эртнээс торддог болсон юм билээ. Таны хувьд яав. Мөнгө цаас ч их тараадаг сурагтай?

-Үнэнээ хэлэхэд сонгуулиас өмнө жил хагас, хоёр жил орчмын хугацаанд нутагтаа ажилласаан. Тэгж мөнгө төгрөг тарааж, нэр төрөө алдаж, хэрэг төвөгт орооцолдоод юу хийх вэ гэж би боддог. Үнэхээр сонгуульд мөнгө зарах гээд таван цаас нь байгаа юм бол нутгийнхаа ах дүүст хэрэг болохуйц, сүүлд өөрсдөд нь үлдэх бү- тээн байгуулалтын юм хийгээд өгөх нь зөв гэж би үзсэн. Би нутгийнхаа ах дүүстэй хамтраад гурван чиглэлээр ажилласан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж нийслэлд их мөнгө зарсан сүртэй арга хэмжээнүүд зөндөө зохиож байсан. Харин би Завхандаа “Миний эх орон-Монгол Улс” сэдэвтэй зохион бичлэгийн уралдааныг бүх сургуулийн сурагч, оюутан, багш нарын дунд явуулсан юм. Үнэндээ сэтгэлд маань эмзэглэлтэй санагдаж, байнга бодогддог юм бол дахиад 100 жилийн дараа монголчууд бид Их Монгол Улс байгуулагдсаны ойгоо тэмдэглэж чадах болов уу, тусгаар тогтнол маань байх болов уу гэсэн бодол юм. Өөртөө энэ асуултыг их тавьдаг ч хариу өгч чаддаггүй хүн. Тэгээд энэ уралдаан нь сүүлд хүүхдүүдэд үлдэж хоцрох юм ихтэй гэж үзсэн учраас багагүй мөнгө, хүч гарган зохион байгуулсан.

-Уучлаарай, яг хэдий хэмжээний мөнгө зарцуулсан талаар хэлж болох уу?

-Энэ шагналын болзол, бусад зардал нь гээд 50 сая төгрөг болсон. Манай Завхан чинь 17-18 мянган сурагчтай, дөчөөд ерөнхий боловсролын сургуультай том аймаг шүү дээ. Болзолд нь түрүүлсэн сурагч 250 мянга, оюутан 350 мянга билүү 400 мянган төгр өг, сургуульд нь сая төгр өгийн шагналтай гээд зарласан. Тэр зун хүүхдүүд багш нар, ээж аавыгаа ёстой амраагааг үй гэсэн дээ. Бүгд л энэ уралдаанд ормоор байна Монголын түүх нь юу юм, манай аймгийн түүх юу юм, ямар алдартай хүмүүс төрж гарав гээд тэднийгээ багагүй зовоосон гэсэн. Харин би тэр хэмжээгээр тэдэнд эрж олсон мэдлэг нь үлдсэнд баяртай байдаг юм. Хүмүүст өөрийгөө таниулахын тулд, олонд нэр олохын тулд нүсэр нүсэр даншиг наадам зохион байгуулахыг би ер ойшоодоггүй. Бөх барилдуулж, олон зуун морьд уралдуулж байгаа харагдах юм. Бай шагнал нь бас л 50-100 сая төгрөг болох байх. Түрүүлсэн морины эзэнд жийп машин өгдөг. Хэрэв нэг тийм уралдаан зохион байгуулаад нэг хүнд машин өгчихдөг. Нөгөөх нь халамцуу унаж яваад л аягүй бол эвдлээд хаяна шүү дээ. Харин би зовж хөдөлмөрлөж олсон мөнгөө тэгж үрэхийг хүсээгүй ээ. Жинхэнэ Тамирын мөсийг долоох шахам олсон таван цаасаа адгуус малд өгөөд яах юм бэ. Бөхөд өгөөд яах юм. Харин хүүхдүү- дэд өгөх нь өөр хэрэг шүү.

-Нээрэн ч тийм шүү. Бас өөр ямар арга хэмжээ та зохиов?

-Бас эрүүл мэндийн салбарынхан дунд өндөр бүтээлийн зургаан сарын аяныг зохион байгуулсан. Эрүүл мэндийн салбарын ажил сайжирвал ард иргэдэд л тус нь ирнэ гэдэг үүднээс хийсэн юм. Жинхэнэ гадаа гандаж, морь унаж мод тохож явдаг хүмүүс бол багийн эмч нар байдаг. Тэднээс эхлүүлээд бүх л хүмүүс энэ аянд оролцсон доо. Түрүүлсэн эмнэлэгт нь Японы түргэн тусламжийн машин өгөх уралдаан зарласан. Үүнд хогоо кг-аар нь үнэлж аваад, хур хогноосоо салж чадсан Тосонцэнгэлийнхэн түрүүлсэн. Монголчуудын хувьд амь амьдрал, гол амьжиргаа нь мал шүү дээ. Тиймээс энэ чиглэлд ажиллахаар шийдсэн. Өмч хувьчлалаар малтай болсон монголчууд нэг хэсэг тооны төлөө хөөцөлдөж, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг яаж арвижуулах асуудлаа орхигдуулж ирсэн шүү дээ. Одоо малын чанарын тухай ярих цаг болсон. Тиймээс энд тэндхийн үүлдэр угсаа сайтай малыг нутаг орондоо аваачиж, малын чанарыг нь сайжруулах ажлыг хийсэн. Ер нь сүүлийн жилүүдэд энэ ажлыг тогтмол хийж байна даа. Шилмэл омгийн хуц гэхэд их үнэтэй, тиймээс хурган хуц байхад нь худалдан авсан нь дээр байгаа юм. Тэгээд ч сүүлийн үед хүмүүс тоо чухал бус чанар гэдгийг ойлгох болсон учраас чиглэл чиглэлийн шилмэлүүдийн үнэ өсөөд байна. Жилдээ 2000 орчим хурган хуц, ухна нутагтаа тараадаг юм. Яваандаа энэ ажлын маань үр дүн гарч эхэлнэ дээ. Ер нь миний эхлүүлсэн ажил бол одоо ганц БалданОчирын бодол санаа бус төрийн бодлогын түвшинд үргэлжлэх болно. Би сонгуульд өрсөлдөх үедээ олон зүйл амлаагүй ээ. Би ийм, ийм бодолтой хэрэв та бүхэн надад итгэл хүлээлгэвэл үүнийгээ төрийн хэмжээнд бодлого болгон ажиллах болно. Бага мөнгөөр их зүйл амжуулах боломж бидэнд бий гэж хэлсэн. Өмнө нь би өөрийн халаасны мөнгөөр малын үүлдэр угсааг сайжруулах гэж оролдож байсан бол одоо татвар төлөгчдийнхөө мөнг өөр зөв бодлого хэрэгжүүлэх ёстой засагт саналаа гарган ажиллах болж байгаа.

-Саяхан Үндсэн хууль баталсны ойн өдөр боллоо. Тантай мөр зэрэгцэн явсан нөхөд чинь ордноор их ирсэн биз. Шинэ Үндсэн хууль эх барьж авах гэж байсан тэр өдрүүдийн талаар хөгжөөнтэй дурсамжаасаа хуваалцана уу?

-Тэгэлгүй яахав. Хэдэн өдөртөө манай өрөө хөл ихтэй байлаа. Тэр үеийн бид чинь намчирхана, улс төржинө гэсэн ойлголт байх биш. Тэр үед Төрийн ордонд нэг давхарт мухлаг байдаг байсан юм. Тэнд нэг кг нь гурван төгрөг 90 мөнгөний үнэтэй боорцог их хайрдаг байлаа. Картны барааны үед түүн шиг сайхан хоол үгүй шүү дээ. Дугаарлаж зогсч байгаад оройд тийм кг боовтой гэртээ очих нь чухал байлаа. Бас энд сайхан хуйхалсан толгой зардаг байсан юм. Бид чинь хуулиуд батлах гэж шөнө оройжин сууна. Өдрийн цайгаар дундаа нэг толгой аваад л иддэг байв. Биднийг Бага хурлын гишүүн болоход Арьс ширний нэгдлэлд үйлдвэрлэдэг нэг нэг цүнх өгсөн юм. Нэг тасалгаанд баахан ном дэвтрээ хийж аваад, нөгөө тасалгаанд нь нэг толгой, нэг кг боов хийж явсаар байтал сүүлдээ сунаад нэг богц шиг юм болчихсон байж билээ. Одоо ч би тэр цүнхээ хадгалдаг юм. Чимэд гуай тэр үед яг бидний эцэг шиг л байдаг байсан. Оройд арав, арван нэгэн цагт л тардаг байсан. Бид эрч хүчтэй л ажиллахгүй бол цаана эх орон хүлээж байна гэсэн сэтгэлээр ажиллаж байв. Оройд тарахад автобус зогсчихно. Нэг жижиг автобус гаргаж өгсөн нь хү- мүүсээ тараасаар мөдгүй учраас бидний хэдэн нөхөд шууд л Сансар руу алхчихдаг байлаа. Тэр үед парламентын байшин гээд Сансрын туннелийн дэргэдэх за гэсэн байшинд нэлээд нь амьдардаг байсан.

-Тэр үед та залуу байсан. Тийм том алба хашдаг хүн гэж хүмүүс ер таамаглахгүй биз?

-Уг нь Ардын Их Хурлын депутат хүн автобусанд үнэг үй явах ёстой байдаг юм. Тэгээд би амьхандаа нөгөө тэмдгээ энгэртээ зүүгээд зогсоно, үнэмлэхээ гаргаж үзүүлэхгүй бол итгэдэггүй байлаа шүү дээ. Нэг удаа бүр “Аавынхаа тэмдгийг зүүчихээд” гэж загнуулсан гээч. Кондукторууд ч ааштай шүү дээ. Харин сүүлдээ тэр чиглэлийнхэн андахаа байсан даа.

-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу. Та хоёр хэрхэн яаж танилцсан юм бэ?

-Би Дарханы Төлөвлөгөө- ний комиссын даргаар ажиллаж байлаа. Харин манай хүн Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, миний дарга л гэсэн үг шүү дээ. Энд ажлаар ирэхдээ өрөөнд нь хувцсаа тавьдаг, цай уух зэргээр танилцсан. Хааяадаа ажлаа санаатай дутуу хийж, ирж уулзах арга олдог ч байлаа. Бид үерхээд хоёр жил болсон. Тэгээд Улсын бага хуралд сонгогдож, хотод ирснээр бид нэг гэрт орсон доо. Тэр үед Эдийн засгийн байнгын хорооныхноо, гурван даргатайгаа урьж цай уулгаж байсан юм. Ханийн маань мэргэжил гэвэл кибернетикч, эдийн засагч хүн л дээ. Бид хүү, охин хоёртой. Тэд маань дунд сургуульд суралцдаг юм.

-Монголдоо юу, эсвэл гадаад уу?

-Монголдоо. Тэд орос сургуульд сурдаг юм.

-Та өөрөө хойно сургууль төгссөн болохоор орос ах нарт элэгтэй байдаг байх?

-Би хойно боловсрол олж авсан нь үнэн ч орос хүмүүстээ ойртох болсон нь бүр эртнийх юм даа. Ээж маань намайг төрүүлэхдээ их зовж төрсөн гэдэг. Тэгээд дуншаад төрж чадахгүй байхад нь бригадын сестра хүчилж төрүүлснээс болж хэвтрийн хүн болсон. Аав маань намайг дөнгөж ухаан орж байх үед нас барсан юм. Эгч маань долдугаар ангиа төгс өөд сумын төвийн агентийн ажлыг хийх болж, зургаан настай би туслагч нь болсон доо. Би чинь Завхан аймгийн Завханмандал сумынх шүү дээ. Тэр жил улсын тэжээлийн фондын склад барихаар 200 орос цэрэг манай суманд ирсэн юм. Зургаан настайгаасаа есөн нас хүртлээ би агентийн ажлыг хийсэн. Тэр орос цэргүүдэд хэзээ хэрэгтэй цагт нь бараагаа дэлгээд зогсч байх би хэрэгтэй байсан. Тэд ч надад сайн гэж, би ч оросоор чөлөөтэй ярьдаг болчихсон. Бас болоогүй тэдний машинд сууж аваад сумаа тойроод бараагаа борлуулчихна. Миний ажлын төлөвлөгөө дандаа биелдэг байсан. Нэг бэрхшээл байсан нь орлогоо банкинд тушаах үед насанд хүрсэн хүн байх хэрэгтэй гэдэг нь л төвөг болдог байлаа. Надад дандаа гоё юм өгдөг орос цэргүүд маань буцах болж, би гунигласандаа лав долоон өдөр хичээлээ тасалж байсан санагддаг юм. Тэдэнтэй хамт байсных Архангайн багшийн сургууль төгсөөд ирсэн багшийнхаа орос хэл заахыг дотроо шүүмжлээд л суудаг болчихсон байсан даа. Тэднийг буцах үед сургуулиа төгсөөд Орост л сургуульд явъя гэж хатуу шийдсэн юм. Сургуулиа онц төгсөөд цөмийн физикч болъё гэж боддог байв.

-Та ч багаасаа бизнес хийж эхэлсэн юм биш үү?

-Тийм ээ. Тэр агентийн ажил бизнесийн дөр болж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ удалгүй агентийн ажлыг танил талаараа өөр хүмүүс авчихсан. Харин би ажил хийж гэртээ хэдэн төгрөг олох нь хэрэгтэй байсан учраас дө- рөвдүгээр ангиасаа сум нэгдлийн галчаар ажиллах болсон. Малчин ахынхаа нэр дээр тушаал гаргуулж аваад ажиллаж эхэлсэн. Шөнө дундаас хойш 12, 13 пийшингээ шаттал галлаж аваад нэгдлийн даргын өрөөнд сууж аваад хичээлээ хийж эхэлнэ шүү дээ. Хуучин сумын эмнэлгийн байр байсан захиргааны байрыг гүйдэлтэй, ногоон дээлтэй эмэгтэй яваад байдаг гэсэн яриа байдаг байсан. Гэхдээ л тэр чөтгөр нь намайг тоогоогүй юм даа. Уг нь миний цалин 160 төгрөг ч, сардаа 30- 40 төгрөг л ирдэг байв. Харин сүүлд мэдсэн чинь малын эмч нарын акт бичиж өгөөгүй хорогдсон малын суутгалыг араас нь хэл ам хийхгүйгээр нь миний цалингаас суутгаад байдаг байсан байгаа юм. Би ч хүүхэд гэлээ цалин өгч шалихгүй байгаад байхаар нь сургуулийн галчийн ажил руу шилжиж байсан. -Тэгээд хүүхдээр ажиллуулж ажиллуулчихаад мөнгийг нь суутгаж аваад байсан тэр хэрэг илэрсэн үү? -Нээрээ, юм гэдэг сонин шүү. Сүүлд 2000 онд нэг хөгшин намайг таниад байдаг. Харин би мэддэггүй. “Би чамайг бүр иймээс чинь мэднэ” гээд гоморхонгуй явсан тэр хөгшин манай сум дундын шүүгч хийж байсан хүн байв. Дээр үед чинь юмны тайлан тооцоог нарийн гаргадаг байсан, миний цалинг суутгасан хэргийг шалгаад тэр шүүгч хохиролгүй болгох шийдвэр гаргаж, надад 500, 600 төгрөг өгүүлсэн хүн байсан байхгүй юу. Гэтэл би таньдаггүй. Харин сүүлд зориуд олж уулзаж байж билээ.

-Та бие муутай ээж, эмээдээ их л тусалдаг байж…

-Хоршооны складыг хоёр өвгөнтэй нийлж бариад 6000 төгрөгийг гурвуулаа хоёр, хоёр мянгаар нь авч байлаа. Нийтдээ 20 метр урт, найман метр өргөн склад байсан сан. Манай ээжийн өвөг нь хошууны захирагч байсан мал хуй, өмч хөрөнгө ихтэй хүн байсан гэдэг. Тэдэнд овоо ч юм үлдэж ирсэн ч нэгдэлд оруулах их шахалтаар орохоос аргагүй болсон юм билээ. Тэр үед мах, өөх тосны нормыг нь биелүүлэх гэж олон бод мал гаргаж байж биелүүлдэг байсан гэж ярьдаг юм. Тэгээд тэр болгоноос нь залхаад цөөхөн хэдэн мал үлдээгээд үлдсэнийг нь нэгдэлд өгч, харин цөөхөн хэдэн мал нь эхний зуднаар л байхг үй болсон гэдэг. Тэгээд л манайх гэдэг айл сум бараадаж амьдрах болсон. Ээж маань намайг нэгдүгээр курст ордог жил бурхан болсон доо. Өнгөрсөн жил сонгуулиар нутаг орондоо очоод явж байхад хүмүүс таниад их л сайхан юм билээ. Миний нутгийн ах дүүс надад 84, 85 хувийн санал өгсөн байсан шүү дээ. Хүнгүйн голоос айлуудад усыг нь зөөгөөд гүйж байсан хүүдээ итгэл хүлээлгэсэнд нь баярлаж байгаа. Бас тэднийхээ төлөө ч хичээн ажиллах болно гэж хэлмээр байна.