Categories
редакцийн-нийтлэл

Залуус сонгуульд саналаа өгөхөөр нутаг руугаа яарч явна

Монгол Улсыг дөрвөн жилд нэг удаа хөдөлгөөнд оруулдаг зүйл бол яах аргагүй
Ерөнхийлөгчийн сонгууль байдаг. Сонгуульд идэвхи оролцоогүй хүмүүсийн тоонд
залуусыг нэрлэдэг. Харин өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд залуус идэвхитэй
оролцох бололтой. Хэд хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу
томилолт өвөртлөсөн би вээр “Нарантуул” худалдааны төвөөс Баянхонгор орох
фургонд суун хөдөлсөн юм. Зорчигчдын дийлэнх нь залуус байлаа. Хичээл амарсан
оюутнууд гэрээдээ яарч байсан бол ажил хийдэг залуус ч мөн нутаг руугаа яарч
явна гэлээ. 500 гаруй км замыг туулах бидэн замдаа юу эсийг ярилцахав. Хот
хүрээ, нутаг орны тухай сонин сайхан ярьж байсан бидний яриа сүүлдээ Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болж хувирав.

Баянхонгор аймгийн Галуут сум орохоор яваа нэгэн залуу барилга дээр ажиллаж
байгаад нутаг руугаа яваа гэлээ. Тэрээр хоёр сар барилга дээр ажилласан бөгөөд
удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа болохоор хэд хоног амрангаа
сонгуулиа өгчихөөд буцна гэв. Учир нь Улаанбаатар хотод тогтмол ажил байхгүй
тул зуны сардаа ирж барилгын туслах ажилтан хийгээд буцдаг болохоор шилжүүлэг
хийж иргэний үнэмлэхээ улаанбаатарынх болгох бодолгүй аж. Үүний тул нутагтаа
очиж сонгуулиа өгөх шаардлагатай юм.

Бидний сууж явсан фургон машин 20 зорчигчтой явж байлаа. Нэг суудал дээр
чихэлдэн зургаа зургаагаараа суусан бидний яриа газар авлаа. Улаанбаатар хотод
ажилладаг гэх залуус зуны амралтаа аван нутагтаа очиж сонгуулиа өгчихөөд буцна
гэж байсан нь өнөөгийн залуус өөрсдийнхөө төлөө ямар их сэтгэл, зүтгэл гаргадаг
болсныг илтгэж байлаа. Бидний ярианд оролцолгүй миний хажуугийн буюу машины
хамгийн арын суудлын цонхон талд суусан 50 орчим насны хүн л ганцаараа дүмбийн
явна. Түүнээс яагаад дуугүй явааг нь асуутал “Нэгд ах нь шартсан байна. Хоёрт
та нарын дэмжээд байгаа нам, хүн нь таалагдахгүй байна” гэдэг юм.

Гэхдээ залуус тэр хүнтэй үзэл бодлынхоо төлөө ч юм уу, өөрсдийгөө хамгаалж
ам мурийсангүй. Бүгд гэр рүүгээ яарч, тэмүүлж байсан болохоор ярианыхаа сэдвийг
өөрчилж зуншлага, айраг, адуу мал, наадам ярьж өнөө жилийн наадмаар ямар бөх
түрүүлж, хэний хүлэг манлайлахыг ам уралдан ярьсаар явсан юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Хакухо М.Даваажаргал: Тайхо аваргын ачийг хариулж 32 түрүүлсэн амжилтад нь хүрнэ ээ

Мэргэжлийн сумо­гийн тав­дугаар сарын Нацү башёд Мон­гол Ул­сын
гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлсэн. Ингэснээр Хакухо 25
түрүүнийхээ аравт нь нэг ч унал­гүй түрүүл­сэн цорын ганц сумоч болсон юм. Мөн
Аса­шёорюү Д.Дагвадорж аваргатай адил 25 тү­рүү­тэй болсон. Хакухо­гийн хувьд
2007 оны тавдугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Мон­голын хоёр дахь, гадаадын
дө­рөв дэх ёкозуна болсон
түүхтэй. Тэрээр өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирсэн.

Түүнийг Япон руу буцахаас нь өмнө уулзаж ярилц­санаа хүргэж байна.  

Тавдугаар сарын Нацү ба­шёд нэг ч уналгүй түрүүлээд эх орондоо ирлээ. Сэтгэл тун хан­галуун байгаа нь мэ­дээж дээ?

-Нацү
башё өндөр­лүү­лээд сумо бөхийн холбоо­ноос тав хоногийн чөлөө авч эх орондоо ирэх учиртай байлаа. Гэтэл цаг агаарын улмаас нэг хоногоор нислэг саатсан. Нис­лэг саатсан тэр ганцхан хоног надад үнэхээр их хэрэгтэй байсан. Миний хувьд нэг хоног, магадгүй нэг цаг ч гэсэн эх орныхоо бүлээн шороон дээр гишгэж, цэнгэг агаа­рыг амьсгалах нь юу юунаас илүү эрхэм. Мэдээж эх орондоо ирээд аав ээж, Монголын ард түмэнтэйгээ уулзсандаа сэтгэл өндөр байлгүй яахав. Манай орны зун цаг гэдэг үнэхээр сайхан. Би нутагтаа яар­сан хүлэг шиг нутаг орон руугаа цаг ямагт тэмүүлж байдаг. Сэтгэлдээ эх нутаг, элгэн түмнээ тээж ява­хад их энерги шингэдэг болов уу гэж санадаг. Болдогсон бол өшөө ч хэд хоно­чихмоор л байна шүү.

Таныг бейсболын та­мирч­дыг Япон руу авч явахаар эх орондоо ирсэн гэж дууллаа?

-Миний
бие Монголын бейс­болын холбооны хүндэт ерөнхий­лөгчөөр ажилладаг. Эх орондоо уг спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд сумо­гийн бэлтгэлийн хажуу­гаар цаг зав гарган ажиллаж байна. Долдугаар сард Токио хотноо өсвөрийн бейсболын аварга шал­гаруулах олон улсын тэмцээн бол­но. Уг тэм­цээнд өөрийнхөө нэрэм­жит “Хакухо” багийн 24 тамирчин хүүхдийг авч явна. Монголд ирээд өсвөрийн тамирчид­тай­гаа хамт бэлтгэл хийж Монголын бейсболын ирээ­дүй болсон бяцхан тамир­чидтай өөрийн санал бодлоо ху­ваалцлаа. Нөгөө талаас гэвэл би хэдэн жилийн өмнө Хакухо будаа тариална гэж ярьж байсан даа. Тэгвэл Хакухо будаа тариалах ажил биелэлээ олох гэж байна. Японы Хоккайдо арал гэдэг чинь Монгол оронтой цаг агаарын хувьд ер нь төстэй. Сэрүүв­тэр газар байдаг юм. Дээр үед Хоккайдо аралд юун будаа ургахтай манатай бай­сан юм билээ. Ургасан ч гэсэн хүн идэхийн аргагүй тийм л будаа ургадаг байж. Харин сүүлийн жилүүдэд цаг агаар дулаарч байгаа тул Хоккай­догийн будаа маш чанартай ургах болсон. Тийм болохоор Өвөрхангай айм­гийн тариа­ланч бүсгүйчүүд хэдэн жилийн өмнө Хоккайдо аралд очиж будаа болон бусад жимс жимсгэнэ хэрхэн тариалах тухай судалсан. Тэгвэл бүс­гүйчүүд маань юу сурч мэд­сэнээ эх орондоо амжилттай хэрэгжүүлж ноднин Өвөр­хангай аймагт хүлэмжинд цагаан будаа тариалсан нь сайхан ургасан. Энэ жилийн хувьд Төв аймгийн Зуунмод хотод өөрийн гараар цагаан бу­даагаа суулгасан.

Цагаан будаа тариа­лахад ус ихтэй талбай шаарддаг гэсэн. Таны хувьд будаа тарьж байхад ямар санагдсан бэ?

-Тэгэхэд
бүх ажлыг нь би өөрөө гардан хийсэн. Цагаан будаа суулгана гэдэг үнэхээр хэцүү юм аа. Барилддаг хү­ний булчин шөрмөс барил­дахад л зориулагдсан бай­даг тул ус ихтэй шаварлаг газар ажиллахад амар байсангүй. Одоо болтол биеийн хөндүүр гараагүй байна шүү.

Төв аймгийнДүнжин­гаравдэвжээнд хандив өргөсөн. Тэ­гээд ч зог­сохгүй та нутгийн бөх­чүүдтэйгээ барилдсан?

-Миний
хувьд Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөх­чүүд­тэйгээ уулзлаа. Нутгийн маань бөхчүүд энэ сарын 15-наас наад­мын бэлтгэлдээ гарах юм байна. Тийм боло­хоор өмнө нь дэвжээ­нийхээ бөхчүүдийн дунд сорилго барилдаан зохион байгуул­лаа. Бөхчүүдээ харахад сай­хан байлаа. Өөрөө ч мөн үндэсний бөхөөрөө барил­даж хөлсөө гаргалаа.

Таны хувьд улсын хар­цага Ө.Даваабаатар, на­чин А.Бат­мөнх, аймгийн хурц арслан Ч.Бат­чу­луун гуравтай барилд­лаа. Бөхчүүд хэр хүчтэй байна?

-Манай
бөхчүүд чинь мун­даг шүү дээ. Таны хэлсэнчлэн дээрх гурван бөхтэй барил­даж сайхан энерги авлаа гэж бодож байна. Харцага, начин хоёрт өвдөг шо­роодсон ч аймгийн хурц арслан Ч.Бат­чулууныг давсан. Үндэсний бөх гэдэг үнэхээр өөр юм аа.

Энэ жил нутгийнхаа бөх­чүү­дийг хэрхэн ба­рилдах бол гэж бодож байна вэ?

-Бэлтгэлээ
сайн хийхэд болох­гүй зүйл гэж хаа байхав. Өнөө жил нутгийн бөхчүүд сайхан барилдана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд наадмын хоёр өдөр унахгүйг хичээн шүд зуун барилддаг.

Таныг аавынхаа төрсөн ну­таг болох Төв аймгийн Эрдэнэ­сант сумандаа их элэгтэй гэж дуулсан. Багадаа Эрдэнэсан­таар их очдог байв уу?

-Эхээс
мэндлээд дөнгөж гурван сартай улаан нялзрай амьтан байхдаа аав ээж хоёртойгоо Эр­дэнэсант су­манд анх очиж байсан гэдэг. Түүнээс хойш их очсон. Гэх­дээ зургаан настайгаасаа хойш аавын нутагт очиж байс­наа сайн санадаг. Өмнө нь нас бага байсан тул сайн санадаггүй юм аа. Би чинь хотод төрж, өссөн болохоор зуны амралтынхаа хоёр са­рыг Эрдэнэ­сантад өнгөрөө­дөг байлаа. Бага­даа морь унаж, тугал, ишиг ха­риулсан шиг амралтаа өнгөрөөдөг байсан. Хөдөөний хүүхдүүд ямар ажилтай байдаг билээ. Ус зөөж, аргал зөөхөөс эх­лээд бүхий л ажлыг хийнэ шүү дээ. Батхаан гэж сайхан хайрхандаа гарч мөргөнө. Аавын нутгийн уул ус намайг түшиж явдаг байх аа. Тийм ч болохоор өнөөдрийн энэ амжилтын эзэн болсон болов уу.

Эрдэнэсантад хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

-Уржнан
жил хамгийн сүүлд ус нутагтаа очсон. Нод­нин Дундговь орчихоод буцах­даа нутгаараа дайраад гарсан. Өнгөрөгч жил хур бороо элбэг байсан боло­хоор зуншлага сайтай бай­сан. Энэ жил ч мөн сайхан байна гэдэгт эр­гэлзэхгүй байна. Би нэг сонир­холтой юм ярьж өгөх үү.

Бололгүй яахав

-Нэлээд
хэдэн жилийн өмнө Эрдэнэсант сумын сургуулийн 70 жилийн ой тохиосон юм. Тэр үед янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан. Тэгэхэд хүүх­дийн барил­даан болдог юм аа. Гэтэл намайг хүүхдийн тоо гүйцээхийн тулд барил­дуулсан. Тэгэхэд 32 хүүхдээс шөвгийн дөрөвт үлдэж бай­сан. Шагналд нь 70 жилийн ойн дурсгалын үг бичсэн аяга, үзэг балаар шагнуулсан. Хүүхэд гэхэд давгүй сайн барилдсан байгаа биз.

Тийм байна. Тухайн үед таньтай барилдаж бай­сан хүүхдүү­дээс аймаг, улсын цолонд хүрсэн бөх байна уу?

-Тэгэхэд
найман настай жаахан хүүхэд байсан боло­хоор ямар хүүхдүүдтэй ба­рилдаж байснаа сайн санах­гүй байна. Тэгээд ч багаасаа арлын орныг зорьсон боло­хоор тэр хүүхдүүдтэй ахин уулзаж чадаагүй. Энэ жил сумын маань 90 жилийн ой долдугаар сарын башётой давхцаж болох юм билээ. Уг нь башё дуусгаад цаг зав гарган ойдоо хүрэлцэн ирж нутгийн зон олонтойгоо бая­рыг нь ху­ваалцъя гэсэн  ам­жихааргүй болж таарлаа. Тийм болохоор нутгийн­хандаа 90 жилийн ой болон бүх монголчууддаа төрийн их баяр наадмын баярын мэн­дийг урьд­чилан хүргэе.

Та хамгийн сүүлд хэзээ тө­рийн их баяр наадмаа эх орондоо үзсэн бэ?

-Үнэнийг
хэлэхэд 10 гаруй жил төрийнхөө их баяр наад­мыг үзэж чадсангүй. Багадаа бол аавыгаа дагаад л наа­дамладаг байлаа. Аав Тэ­рэлж, Сонгинын амралтад наад­мын бэлтгэлд гардаг байсан. Тэгэ­хэд аавыг дагаад бэлтгэлд нь гарна шүү дээ. Одоо бол наадмын үеэр башё давхцдаг тул багынхаа тэр сайхан дурсамжийг эргэн санахад сайхан байдаг. Нод­нин эх орондоо ирээд Сүх­баатар аймгийн наадмыг үзсэн. Монгол наадам гэдэг хаана ч байхгүй сайхан зүйл. Үнэхээр л баяр цэнгэлийн манлай гэж боддог. Жилдээ ганц болдог наадмаараа уяа­чид, бөхчүүд, харваачид маань өмнөх жилийн­хээ ал­дааг засах учиртай. Тэдний хувьд ганцхан алдаа гаргахад л дараа жил болтол төрийн­хөө наадмыг хүлээх болдог. Бөхчүүд маань уран хурц барилдааныг үзүүлж, хийе гэж бодсон мэхээ хийж урам­тай сайхан барилдаарай гэж ерөөмөөр байна.

Ж.Мөнхбат авар­гын хур­дан буянуудыг хө­дөл­мөрийн баатар, тод манлай уяач Д.Даваа­хүү гуай уядаг байсан. Таны хувьд хурдан морь унаж байв уу?

-Би
морь унах дуртай хүүхэд байсан. Ялангуяа хурдан морьдыг харж, дагах дуртай байв шүү. Хурдан морьны уяа сойлгыг ал­дуул­чихна гээд тэр бүр хурдан морь унуулдаггүй байсан юм. Хаа­яа бол мэдээж хурдан морины нуруун дээр салхи татуулан дарцаглана шүү дээ. Намайг багад ах нар хүүхдүүдийг хооронд нь их барилдуулна. Тэр дунд нь би ч гэсэн тууж явалгүй яахав. Хүмүүс аваргын хүү гээд хүүхэд бүртэй барилдуу­ла­хад нь унаж, давж явсан бо­лохоор багаасаа л өөрийгөө сэтгэлийн хат суусан байх гэж боддог. 

Аваргын хүү гээд танд хүн­дэтгэлтэй ханддаг байсан биз?

-Яалаа
гэж тийм юм бай­хав. Хөдөө ямар ч аваргын хүү байх нь хамаагүй. Гэрийн ажил сайн хийхгүй бол бага хоол иднэ гээд бүх хүүх­дүүдтэй яг л ижил байсан.

Эх орондоо жилдээ хэдэн удаа ирдэг вэ. Өвөл хоёрдугаар сарын эхээр ирчихээд явсан байх аа?

-Сүүлд
цагаан сарын өмнө хоёрдугаар сард ирсэн. Аавын бие тааруухан байсан тул уулзаж, хажууд нь байж байгаад буцсан. Харин энэ удаа Хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадорж ахын­хаа 25 түрүүлсэн амжилттай эн зэрэгцсэн түрүүг хүртээд ирлээ. Дагваа ахын энэ том амжилтыг давтана гэдэг гайхалтай юм.

Нацү башёгийнхоо ту­хай ярих­гүй юу. Эхнээ­сээ л өрсөл­дөөнтэй, ширүүхэн болсон доо?

-Намайг
дэмждэг Монго­лын ард  түмэндээ маш их баярлалаа. Миний хувьд тав­дугаар сарын башёгийн 14 дэх өдөр озэки Кисеноса­тотой барилдсан. Бид хоёр нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан. Кисеносато мундаг бөх л дөө. Аваргын энтэй барилддаг юм. Башёг нэг ч уналгүй 14 даваатай хоёр бөх үргэлжлүүлсэн түүх 32 жи­лийн өмнө байсан юм билээ. Миний хувьд ч гэсэн анхны удаа ийм барилдаан хийсэн. Үнэхээр шийдвэрлэх барил­даан тэр байсан болохоор бүхий л хүчээ шавхан барилдаж давсан.

Таны хувьд хоёр башё да­раа­лан нэг ч уналгүй түрүүллээ. Сүүлийн хоёр башёд ямар так­тикаар барилдсан бэ?

-Миний
хувьд энэ бөхтэй сэр­вүүгээс барилдана. Харин тэр бөхтэй золгож барилдана гэсэн тактиктай бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ тактик үр дүнгээ өгч сүүлийн хоёр башёд түрүүлсэн юм болов уу даа. Би өнгөрөгч оны аравдугаар сараас шинж­лэх ухааны про­фес­сортой найзууд болсон. Тэр найз маань надад бие фи­зиологи талаас зөвлөгөө өгч эрүүл байх тал дээр анхаарч эхэл­сэн.

Таныг их уян хатан бөх гэж дуулсан. Энэ нь та­ны давуу тал гэх юм?

-Хүмүүс
уян хатан бөхчүү­дийг бяр муутай гэж ярьдаг. Миний хувьд өөрийгөө бяр­тай гэж хэлэхгүй ч барил­дааны үед тэсэрсэн бяр гаргадаг. Ер нь төмөр өргөөд хүч­ний бэлтгэл хийж байгаа үед бие хатуурах талтай. Тийм болохоор уян хатан байх нь амжилт гаргах нэг түлхүүр юм болов уу гэж боддог.

Сүүлийн үед монгол бөхчүү­дийг сумогоос шахах болсон гэх яриа цахим ертөнцөөр газар авах болсон. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол
бөхчүүдийг сумо­гоос шахах болсон гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм билээ. Ма­най бөхчүүдийг сумогоос шахсан ямар нэгэн зүйл байхгүй. Үүнийг худал мэдээлэл гэж хэлмээр байна.

Сумод барилдаж буй монгол залуус сүүлийн жилүүдэд өндөр ам­жилт гаргах болсон. Өөрийн орны бөхчүүдээ хэрхэн үнэлдэг вэ?

-Манай
залуучууд сүү­лийн үед өндөр амжилт гаргаж байна. Д.Ам­гаа зааны хүү Сэйро Өнөболдын ам­жилт эрс дээшилж байгаа. Мон­гол хүүхдүүдийн идэж өссөн хоол, өвөг дээдсийн эрэмгий хүчирхэг чанар өдгөө ч амжилт гаргахад нь түлхүүр болж байгаа юм болов уу гэж хувьдаа боддог.

Сумогийн түүхэнд нэг ч унал­гүй 69 давсан Фүтү­баяма аварга байдаг. Таны хувьд 63 давж түү­хэн амжилтын хоёрду­гаарт эрэмбэлэгддэг. Энэ амжилтаа ахиулах боломж бий юу. Одоо­гоор та 30 дараалан даваад байгаа шүү дээ?

-Миний
хувьд шүтэж хайр­ладаг хоёр аварга байдаг. 1930-аад онд барилдаж байсан Фүтүбаяма авар­га 69 дараалан давсан. Нөгөөх нь 1960-аад онд сумо бөхийн дэв­жээнээ барилдаж домог болон мөнхөрсөн Тайхо аварга байсан. Тайхо аварга 32 түрүүлсэн амжил­таараа сумогийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлсөн. Фүтү­баямаа аваргын 69 дараалан давсан түүхэн амжилтад би 63 дараалсан даваагаар тун дөхөж очсон.

Хичээгээд барилдахад болохгүй зүйл байхгүй биз дээ. Энэ томоохон түүхэн амжилтыг мон­гол бөх эвдээсэй гэсэн хүлээлт тан дээр л тогтоод байна шүү дээ?

-Бэлтгэлээ
сайн хийгээд хи­чээгээд барилдахад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ ганцхан удаа дэвжээн дээр гар хүрэхэд л миний дараалсан ялалтууд байхгүй болно. Хуучин сумо бөх жилд хоёр башё зохион байгуул­даг байсан. Тийм болохоор Фүтүбаяма аварга гурван жил гаруй сумо бөхөд босоо байсан байгаа биз. Нэг зүйлд ихээхэн бэлгэшээж явдаг. Миний хүндэлдэг Фүтүбаяма аварга 69 дараалан давж байсан бол би 69 дэх их аварга болсоныгоо ярих дуртай. 69 гэдэг тоо чинь өөрөө хааш нь ч харуулсан 69-өөрөө байдаг их учиртай, бэлгэдлийн тоо байдаг болов уу хэмээн боддог.

Сумо бөх барилдаж авар­га цолонд хүрсэн бүх бөх­чүүдийн ганц мөрөөдөл Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдэх байдаг. Энэ 32 түрүү бол 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэнд бий болсон рекорд юм. Энэ ам­жилт руу нэг ч юм уу хоёр түрүүгээр ойртох юмсан гэсэн хүсэл аварга болгонд бий. Уг рекордыг хагас зуун жилийн турш ямар ч аварга эвдээгүй. Тайхо аварга энэ оны нэг­дүгээр сард бурханы оронд одсон. Их аваргыг сэрүүн тунгалаг байхад бид байнга уулзаж байсан. Миний хувьд их зөвлөгөө авдаг байсан тул их ойр байлаа.

Танд 32 түрүүлэх нөөц хангалттай байх шиг санагддаг?

-Сумогийнхны дунд бэлт­гэл хийлгэж өгсөн болон ба­рилдааны тухай зааж зөвлөж байсан хүнийхээ амжилтад хүрч цаашлаад тэрхүү ам­жилтыг эвдсэн үед ачийг нь хариулж байгаа юм гэсэн яриа байдаг. Тэр утгаараа миний хувьд Тайхо аваргын амжилттай эн зэ­рэгцэхэд долоон түрүү дутуу байна. Тийм болохоор Тайхо авар­гынхаа ачийг хариулах болно. 

Монгол Улсын заан Р.Даваа­ням агсны хүү сумогийн отгон аварга Харумафүжи аваргын тухай ямар бодолтой байдаг вэ. Сүүлийн үед түүнд шахалт үзүүлэх боллоо гээд байгаа?

-Хүнд
од гэж байдаг юм. Харумафүжи аварга хоёр башё дараалан одтой сайхан барилдаж дараалан түрүүлс­нээр аварга цол хүртсэн. Аварга цол хүртсэн бөх хариуцлага өндөр байдаг. Тэр утгаараа ёкозуна гэдэг тэс өөр даваа юм. Озэки буюу арслан цолтой байхад найм даван 50 хувийн амжилтаа үзүүлээд байхад гайгүй бай­даг юм. Харин аварга хүн гэдэг эсрэгээрээ унах эрхгүй юм аа. Тэр утгаараа Хару­мафүжи аваргад шахалт ирсэн байж магадгүй.

Цагаан сар, наадмаар сумо­чид эх орондоо ирж амждаггүй. Япондоо уулзан золгоцгоодог уу?

-Цагаан
сарын үеэр элчин сай­дынхаа яаманд очиж сайдтайгаа золгож, бусад бөхчүүдтэйгээ амар мэндээ мэдэн золгодог. Харин наад­маар уулзаж амждаггүй юм. Японд манайхан хаврын баяр гэж хийдэг. 2006 онд Монгол Улсын гавьяат жүжиг­чин С.Жавхлан ирж ая дуугаа өргөж байсан. Түүнээс хойш “Хурд” хамтлаг тэргүүтэй олон уран бүтээлчид ая дуугаа өргөж байлаа. Японд “Монгол сумочдын сан” гэж бий. Хав­рын баярын үеэр үндэсний бөхийн барилдаан болдог. Түүнийг нь манай сангаас зохион байгуулдаг юм. Тэр баяр Японд Монголыг сур­талчилсан том баяр болдог.

Таны нэрэмжитХакухо сангэж бий. Сангийнхаа үйл ажилла­гааны та­лаар ярихгүй юу?

-Манай
сан 2008 онд анх бай­гуулагдсан. Их бага гэлт­гүй нийг­мийн сайн сайхны төлөө Монгол руугаа хандсан арга хэмжээ хийж байна. “Хакухо сан”-г ах, эгч нар маань удирддаг юм. Сангийн зүгээс сумогийн ирээдүйн их аваргыг төрүүлэх үүднээс “Хакухо кап” гэж тэмцээнийг жил бүр олон улсын хэм­жээнд зохион байгуулдаг. Сан­гийн зүгээс Монголд бейс­­болыг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа бол хүмүүнлэгийн чиглэлээр эмнэ­л­гүүдэд түрэгний тэрэг бэлэглэх зэрэг ажлууд хийг­дэж байгаа.

Э.ЭНХБОЛД
Б.ЭНХБАТ

Categories
редакцийн-нийтлэл

Патрик Макау: Кенийн аваргаас дэлхийн аварга болох нь амар байдаг

Дэлхийн байгаль хам­гаалах өдрийг орон даяар тэмдэглэж бай­гаа билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулч­лалын яам, Бай­галь орчин, ногоон хөгж­лийн яам, Спор­тын бэлтгэлийн төвУлаан­баатар мара­фонолон улсын гүйл­тийн тэмцээнийг зо­хион байгуулав. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуул­сан уг тэмцээнд 400 гаруй тамирчин оролц­соноос 100 гаруй нь гадаадын тамир­чин бай­сан юм.

“Улаанбаатар мара­фон 2013”-ын үеэр Мон­голд ирсэн
хамгийн хүнд­тэй зочин бол яах аргагүй марафон гүйл­тийн дэлхийн дээд ам­жилтыг
эзэмшигч Кенийн иргэн Патрик Макау байлаа. Түүний хувьд НҮБ-ын Байгаль орчны
элч тө­лөөлөг­чийн хувиар ирсэн аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Монгол оронд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний
хувьд Монгол
оронд анх удаа ирлээ. Үнэхээр сайхан байна. Монгол орон Азийн төвд оршдог гэдэг утгаараа тэр үү өндөрлөг газрын сэрүүн салхи нэн таатай санагдлаа. Өмнө нь танай орны талаар ямар нэгэн мэдээлэл бай­гаагүй. Гэсэн ч НҮБ-ын элч төлөө­лөгч тул тухайн орныхоо талаар мэдлэгтэй байхгүй бол болохгүй. Тэр утгаараа Монголын талаар судалгаа хийсэн. Мон­голоос хам­гийн алдартай нь Чингэс хаан юм. Энэ агуу хүний тухай мэдэхгүй хүн дэлхий дээр байдаггүй байх. Цахим ертөнц хаа сайгүй хөгжиж байгаа болохоор интернэтийн талбараас Монголын тухай мэдээлэл авсан.

-“Улаанбаатар марафон“-ы талаар ямар бодолтой байна вэ?

-Зохион
байгуулалтын хувьд давгүй санагдлаа. Ер нь марафоны тэмцээн өндөр зохион байгуулалт шаарддаг. Энэ хүрээнд тэмцээн амжилттай боллоо. Монголд мара­фоны спорт өндөр хөгжөөгүй ч цаашид хөгжих боломжтой юм билээ. Монголын залуучууд эрүүл орчинд гүйх нь ихээхэн өндөр ач холбогдолтой.

Удахгүй Берлинд дэлхийн аварга болно. Бэлтгэл хэр хан­гаг­даж байгаа вэ?

-Тийм
ээ. Германы Берлинд дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн болно. Миний хувьд бэлтгэлээ базааж байгаа.

Монголчууд дэлхийн алдар­тай марафончийг тэмцээнд урал­дах болов уу гэж их хүлээ­сэн. Таныг ядаж бэлгэдлийн шугамаар гүйх байх гэж байлаа?

-Нислэг
саатаад марафоноос хоцорчихлоо. Би НҮБ-ын Байгаль орчны элч тамирчин. Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиол­дуулан Монголд зохион байгуулж байгаа тэмцээний хүндэт зочноор ирсэн. Тийм болохоор тэмцээнд оролцох бодол байгаагүй.

Та хагас марафоны төрөл­дөө дэлхийн рекордыг эзэмшиж байгаа байх аа?

-Тийм
ээ. Би 2010 онд Германы Берлиний марафонд 2:05:08 ам­жил­таар түрүүлж байсан. Харин дараа жил нь буюу 2011 онд уг марафоны тэмцээнээс 2:03:38 гэсэн амжилтаар дэлхийн рекор­дыг шинэчилсэн. Түүнээс хойш энэ амжилт эвдэгдээгүй байна. Энэ яах аргагүй миний бахархал юм даа.

Кенийн тамирчид марафоны төрөлдөө дэлхийн шилдэг бай­даг. Газар нутгийн онцлогоос шалтгаалдаг уу?

-Энэ
тухай хүмүүс их асуудаг. Кенийн тамирчдын марафоны төрөлд өндөр амжилт гаргаж бай­гаа нууц нь ганцхан хөдөлмөр байдаг. Марафоны төрөлд амжилт гаргая гэвэл өдөр бүр гүйж байх хэрэгтэй. Монгол, кени хүмүүс бүгд л ижилхэн бие хаа, булчин шөр­мөс­­тэй. Тийм болохоор заавал кени хүн гүйлтээр өндөр амжилт гаргадаг гэж ойлгож болохгүй. Хэн хичээсэн нь хөдөлмөрийн шимийг хүртдэг.

Таны хувьд хэдэн жил мара­фо­ны спортоор хичээллэж бай­на вэ?

-Манай
орны хүүхдүүд багаа­саа гүйдэг. Гэхдээ 18 нас хүрээд тэмцээн уралдаанд орж эхэлдэг. Би гэхэд 18 настай марафоны спор­тоор хичээллэж эхэлсэн. Одоо 28 настай гэхээр яг 10 жил гүйж байна. Анх 2003 онд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш олон ч амжилт гаргаж дээ.

Таныг Лондонгийн олимпийн марафоны төрөлд хамгийн хүч­тэй өрсөлдөгч байна гэж байсан ч та оролцоогүй

-Тамирчин
хүнд бэртэл гэж хамгийн том аюул байдаг. Миний хувьд бэртэлтэй байсан тул яах аргагүй олимпийг өнжсөн. Олимпод оролцоно гэдэг тамирчин хүн бү­рийн хамгийн том мөрөөдөл бай­даг. Тэр дундаа олимпийн аварга болох шиг сайхан зүйл байхгүй. Харамсалтай нь олимпийн наа­дамд өөрийн хурд хүчээ сорьж чадсангүй.

-2016 оны Рио де Жаней­рогийн олимпод оролцох уу?

-Би
бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлээ хийж байхад учир нь олдох байлгүй дээ.

Кени улс дотроо олон омог аймгаас бүрддэг гэсэн. Та аль омгийн хүн бэ?

-Манайд
43 омог байдаг. Би Кампа омгийнх. Манай омог эдгээр омог дотроо томоохонд багтдаг.

Марафоны тамирчдын хувьд хоолны дэглэм барьдаг уу?

-Марафоны
тамирчин тийм хоол хүнс идэх ёстой гэсэн зүйл байдаггүй. Өөрийн идэхийг хүссэн зүйлээ идэж болно. Харин архи, пиво, тамхи зэргийг шууд хориг­лодог.

Кенийн марафончид хүчтэй өрсөлдөгчид байдаг болохоор улс доторх өрсөлдөөн их байдаг биз?

-Энэ
үнэн л дээ. Кенийн аварга болсноос дэлхийн аварга болох нь нууцгүй хэлэхэд амар байдаг. Ма­най оронд марафоны шилдэг тамирчид олон байдаг тул өр­сөлдөөн дээд цэгтээ хүрдэг гэхэд хилсдэхгүй. Тэдэн дундаас торойж гарна гэдэг гагцхүү тухайн тамирч­ны хөдөлмөрийн асуудал байдаг даа.

Монголчууд хүү төрвөл бөх болно гэдэг. Харин Кенид хүү төрвөл гүйлтийн тамирчин болно гэдэг гэв үү?

-Тийм
шүү. Кенид ганцхан хүү ч гэлтгүй шинэ хүн мэндэлсэн бол гүйлтийн тамирчин болно гэж бод­дог. Манай оронд хөнгөн атле­тикийн спорт өндөр хөгжсөн. Мон­голчууд бөхөө шимтэн үздэг бол Кенид хамгийн олон үзэгчтэй спор­тын төрөл бол марафон байгаа юм. Олон шилдэг тамирчидтай тул жил дараалан улсын аваргадаа түрүүлнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Энэ маш хэцүү. Мөн ма­най оронд бөхийн спортууд хөг­жиж байгаа.

Дэлхийн хамгийн олон үзэгч­тэй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спорт хэр хөгжсөн бэ?

-Ерөнхийдөө тааруухан. Бокс сүүлийн үед хөгжиж байна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би
эхнэр гурван хүүхдийн хамт Кенийн нийслэл Найробид амь­дар­даг. Ой таван сартай хоёр ихэр хүүтэй. Том хүүхэд маань энэ сарын зургаанд таван нас хүрнэ. Манай эхнэр надтай адил хагас марафо­ны төрлийн тамирчин байдаг. Бид адилхан тамирчид тул бие биеэ ойлгоход амар байдаг.

Хүүхдүүдээ марафоны та­мирчин болгох уу?

-Үнэхээр
энэ спортод сэтгэл зүрхээ өгч чадвал тамирчин боло­ход нь цааргалах зүйл байхгүй. Хүүхдүүд маань өөрсдөө тамирчин болохгүй гэвэл эмч болгоно. Учир нь манай оронд эмч мэргэжилтэй хүн нэр хүндтэй байдаг. Тэгээд ч мэргэшсэн эмч нар манай оронд дутагдалтай байдаг юм.

Та өөрийн амжилтаасаа цу­хас дурдахгүй юу?

-2005 оноос хойш олон улс, дэлхийн чанартай 20 орчим урал­даанд түрүүлсэн. Хоёрдугаар байр ч мөн олон бий. 2007 оны мара­фоны дэлхийн аваргаас ганцаар­чилсан төрөлд хүрэл, багаараа алтан медаль хүртэж байсан. 2008 онд мөн энэ амжилтаа бататгасан.

Таны хувьд хэдэн кмт уралд­даг вэ?

-3000 метрээс 30 км зайд уралд­даг.

Манай орны хувьд олимп, дэлхийн аваргаас медаль хүрт­сэн тамирчдадаа мөнгөн урам­шуулал олгодог болсон. Танай орны хувьд тийм урамшуулал олгодог уу?

-Мөнгөн
урамшуулал олгодог. Гэхдээ тэр нь танай орных шиг өндөр биш. Монголын тамирчин олимпийн наадмаас алтан медаль хүртвэл дөрвөн сая төгрөг өгдөг гэсэн. Энэ урамшуулал спорт өндөр хөгжсөн орнуудын урам­шуул­лаас хавьгүй их шүү дээ. Монголын олимпийн хороо тамирч­дадаа их анхаарал хандуулдгийн нэгэн илэрхийлэл нь энэ гэж бодож байна.

Дэлхийн рекорд амжилт тог­тоосон тамирчдад 100 мянган ам.долларын шагнал өгдөг. Таны хувьд өмнөх амжилтаа ахиулах боломж бий юу?

-Надад
нөөц хангалттай байна. Өмнөх дэлхийн рекордыг тогтоо­гоод 100 мянган ам.долларын шагнал авч байсан. Цаашид эдгээр амжилтаа ахиулна. Шууд өөрийн дээд амжилтдаа хүртэл гүйчихвэл ахин рекорд тогтоох боломжгүй болох тул хүмүүст тийм ч сонир­холтой биш болчихно. Тийм боло­хоор өөрийн рекордыг бага багаар олон удаа эвдэх болно. Өөрийн рекорд амжилтуудаа өөр хүнээр эвдүүлэх сонирхол алга.

Рекорд амжилт олон тогтоо­вол таны урамшуулал ч их ирнэ гэсэн үг үү?

-Тэгж
ойлгож болно. Нэг удаа ханасан хэмжээндээ дэлхийн ре­корд амжилт тогтоох бага багаар амжилтаа ахиулан рекорд тогтоох хоёрын хооронд асар их ялгаатай.

Ямайка улс ойрын зайн гүйлт­дээ дэлхийд ноёлдог. Тэг­вэл холын марафоны төрөлд аль орны тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогддог вэ?

-Марафоны
төрөлд Этиопын тамирчид хамгийн хүчтэй өрсөл­дөгч байж чаддаг.

Кени улсын хувьд марафоны өндөр зэрэглэлтэй тамирчид олон байдаг тул зам харгуй нь сайхан биз. Монголын замын талаар ямар бодолтой байна вэ?

-Манай
оронд энэ спорт өндөр хөгжсөн ч бэлтгэл хийх таатай орчин бүрдэж амжаагүй л байна. Монгол орны хувьд ч гэсэн гүйлтийн зам алга. Цаашид энэ тал дээрээ анхаарвал марафоноор хичээл­лэж буй олон хүүхэд амжилт гаргах байх. Тэд дэлхийн рекорд амжилт тогтоосон байлаа гэхэд гайхах зүйлгүй.

Монголд Б.СэрОд гэж мун­даг марафоны тамирчин бий. Түүнийг хэр мэдэх вэ?

-Яг
үнэнийг хэлэхэд би Мон­голын тамирчдын талаар сайн мэдэхгүй. Б.Сэр-Одын хувьд ганц хоёр тэмцээнд хамт уралдаж бай­сан гэсэн.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Төрсөн нутгаа голдог бөхчүүдийн тухай

Монголд бөхчүүд хэмээх сайхан хээгүй, хэнэггүй нөхдүүд байнаа. Улсын цолонд
хүрсэн бөхчүүд шиг сайхан амьдарч байгаа хүмүүс алга. Тэд “Бөхчүүд гэдэг бол
үнэхээр тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг. Олон жилийнхээ хүч хөдөлмөрийг ганцхан
бөхөд зориуллаа” гэж ирээд ярьж байгаа харагддаг. Тэд хэний төлөө ингэж
хөдөлмөрлөж зовлогоо зовоодог юм бэ. Мэдээж өөрийнхөө төлөө. Яаж ийж байгаад найраа
хийгээд ч хамаагүй улсын цолонд хүрчихсэн байхад бараг л амьдралаа шийдчихдэг
тухай бөхчүүд ч ярьцгаадаг. Тийм болохоор өнөөдөр өндөр, бүдүүн, хөдөө ноцолдож
байсан эрчүүд бүгд л улсын цолонд хүрэх гэж үйлээ үзнэ. Аз нь шовойсон нөхөр
нутгийнхаа гайгүй бизнесмэний хараанд өртчихвөл ерөнхийдөө болчихож байгаа юм. Хоёр,
гурван жилийн дараа “чичирсээр” байгаад улсын цолонд хүрчихдэг. Тэр үед нутгийн
удирдлагууд нь гээд л бөөн хөл хөөрцөг болсон нөхдүүд бие биенээсээ давах гээд
байгаа бүхнээрээ өргөл барьц барьчихна. Тэдний өргөл барьц зүгээр ч нэг
өгчихдөг эд биш. Сүүлд нь хариу авч таарна шүү дээ. Ядаж л нэг газар явахдаа
өнөө улсын цолтой бөхөөрөө бие хамгаалагчаа хийлгэж байгаа мэт дэргэдээ дагуулна.
Тэр хэрээр өнөө нөхрийн нэр хүнд ч гэж суга өснө дөө.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Би монголоороо гоёдог” гээд хамрын
самсаагаа шархируулж байгаад л уншдаг. Тэгвэл сүүлийн үед бизнесмэнүүдийн дунд
бөхөөрөө гоёх моод дэлгэрээд байгаа. Өөрийгөө олигтойхон гоёхын тулд тэд
олигтойхон мөнгө цацаж эхэлсэн.

Бөхчүүд нэг компани, спорт хорооны нэр дээр барилддаг. Нэг бөх хэд хэдэн
компанийн нэр дээр ч барилдах нь бий. Тэр бүгдээсээ цалинжина. Мөн хэн нэгнийг
өөрийнхөө биеэр гоёсныхоо төлөө хэдэн төгрөг авчихна. Улсын цолонд хүрээд л
хэдэн өрөө байраар шагнуулна. Цагдаа, цэрэг хүчний байгууллагын нэр дээр
барилддаг бол шууд цол ахина. Хэд хэдэн томоохон барилдаанд түрүүлчихсэн байхад
хурандаа цол халаасанд гэсэн үг. Тэгвэл насаараа хүчний байгууллагад ажиллаад эх
орондоо өөрийнхөө хүч хөдөлмөрийг харамгүй зориулсан хүмүүс ахлах ахлагч цолтой
гавьяаныхаа амралтад сууж
байх жишээтэй.

Хуучин бол Тэс, Галшарын адуу хурдан удмын угшилтай гэдэг байсан бол
өнөөдөр Увсын гэх угшилтай бөхчүүд ихээр төрөх болж. Учир нь сүүлийн үед
үндэсний бөхөөр барилдаж буй залуус төрсөн нутгаараа овоглохоос илүүтэйгээр
аав, ээжийнхээ нутгийн нэр дээр барилдах нь нэмэгдэв. Аав, ээжийнхээ нутгийн
нэрийн өмнөөс цоллуулах нь өнөө л өөрийнхөө эрх ашгийг төлөө ажээ. Бөх цөөтэй
аймгуудын бөхчүүдийн хувьд дэмжлэг багатай тул өөрт ашигтэй тэр л нутгийн нэр
дээр барилдах нь хаялага ихтэй гэсэн үг. Тийм маягийн жишээ хэд хэд байна аа. Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатар
Увс аймгийн нэр дээр цоллуулах болсон нь сэлэнгийнхний дургүйцлийг ихэд хүргэжээ. Учир нь хэн ч мэдэхгүй бөхөд дуртай горзгор залууг тус аймгийн бөхчүүд
өөд нь татаж, хоёр жилийн өмнө аймгийнхаа 80 жилийн ойгоор аймгийн начин
түүнийг цолоо ахиулахад бүгд л гүйсэн байгаа юм. Олны хүч оломгүй далай гэгчээр
долоогийн даваанд даян аварга Г.Өсөхбаяртай барилдсан тэрээр багагүй тамирдан салхинд
хийсчих шахам болчихсон байхад Г.Өсөхбаяр аварга барилдаанаа дуусгалгүй тахим
буулган аймгийнх нь ойгоор нутгийнх нь хүүд заан цол бэлэглэсэн. Түүний хувьд
авсан цол нь багадсан уу яасан хэдэн сарын дараа Увс аймгийн нэр дээр барилдаж бантан
хутгаж эхэлсэн
байна. Түүнийг аймгийн заан цолонд хүрэхэд нь унаган нутгийн
барилддаг хүүхдүүд цолгүй буцсандаа нулимстай зогсож харагдсан. Болдбаатарын
хувьд мөн л нутгийн удирдлагууд харж үзэхгүй байна гээд аавынхаа төрсөн нутгийн
нэр дээр барилдах болсон гэнэ билээ. Нутгийн удирдлагууд юун түүнийг дэмжих
манатай. Болдбаатарын цаана хэдэн зуун мянган иргэний амьдрал ахуйг шийдэх гэж
тэд толгой өндийх завгүй ажилладаг. Бусдынхаа эрх ашгийг бодохгүй өөрийгөө
тэргүүн эгнээнд тавигч энэ мэт бөхчүүд олон байх юм даа, хөөрхий. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л мөн л тус аймгийн харьяат аймгийн начин
Н.Жаргалбаяр Увс аймгийн Тэс сумын нэр дээр барилдахаар болсон тухай нутгийнхан
нь ам
дамжин ярьж байсан. Энэ тухай Сэлэнгийн улсын цолтой нэгэн бөх “Манай аймгийнхан дэмжээгүй болохоор аавынхаа нутгаар овоглож барилдахаар болсон” гэж мэдэгдсэн байна лээ. Жаргалбаярын аав нь Увс аймгийн Тэс сумын харьяат
улсын начин
Довчингийн Нэгдэл юм. Жаргалбаяр
тийнхүү аавынхаа хэлснээр төрсөн нутгаа солин барилдахаар болжээ. Аавын
сургаал алт гэдэг ч бөхийн анхны зам мөрөө гаргаж,  бөх хүний зовлон жаргалыг
мэдрүүлсэн, өөрийг нь өөрөөс нь дутуугүй хайрласан хүмүүсийн сэтгэл рүү ус цацахдаа үнэндээ
сийхгүй болсны баталгаа энэ бус уу.

Завхан аймгийнхан Г.Эрхэмбаяр арсланг манай нутгийн бөх гэж өмчирхөх гэж
үздэг. Тэгвэл арслангийн хувьд аавынхаа захиасаар төрсөн нутгаараа овоглож Сэлэнгийнхээ
нэр дээр барилддаг тухайгаа манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан
билээ.

Дээхнэ үед Д.Хадбаатар аварга л би Төв аймгийн Угтаалынх, Жаргалантынх,
Сэлэнгийн Баруунхараагийнх хэмээн ярьдаг байсан гэдэг. Яахав мань хүн амьдарч
байсан сумандаа “Би танай сумын хүн” гэдэг байж. Амьдарч буй газраа хүн тэгж хэлэхээс
ч яахав. Харин өнөөдөр аав, ээж чинь тэр энэ нутаг усных гэхээр нь очиж үзээгүй
шахам байж нэр дээр нь барилддаг болжээ. Өнөөдөр өнгө, мөнгө харсан бөх нэртэй
хүмүүс хэд хэдэн аймаг, сумдын нэр дээр барилдаж байгааг юу гэх вэ. Монголд
Долгорсүрэн зааны гэр бүл хэмээх мундаг бөхчүүд бий. Сумъяабазар, Сэржбүдээ,
Дагвадорж гээд бүгд л Улаанбаатар хотод төрсөн. Гэтэл Улаанбаатар хотын тэр
дүүргийн бөх гэж хэлүүлэхээс санаа нь зовсон уу, яасан Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат гэж цол гуншингаа дуудуулдаг.
Ноднин гэхэд улсын харцага Ц.Содномдоржийг “Хөвсгөлийн хүчтэн”
дэвжээнийхэнтэйгээ бэлтгэл хийдэггүй хэмээн улсын арслан Х.Мөнхбаатар, улсын
харцага Г.Ганхуяг нар ухамсарын шанаа өгсөн хэмээн хэвлэлээр шуугиад авсан.

Үндэсний бөхөөр далай, даян, дархан аварга болох хэнд хэрэгтэй юм. Бөхчүүд
улсын цолонд хүрчихвэл янз бүрийн ажил төрөл хийхэд амар байдаг гэсэн. Ядаж л
нэг газрын нэр дээр барилдахад тухайн компанийхаа арыг нь даадаг гэж ярьцгаадаг.
Ар даана гэдэг нь шалгалт ирлээ гэхэд өнөө улсын цолтой бөхөө урдаа барин
бамбай болгодог гэх мэтээр тоочоод барамгүй олон зүйл бий. Бөхчүүдийг төрсөн
нутгийнх нь уул ус түшдэг гэдэг. Тэгвэл түших уул усгүй болж байгаагаас өөрцгүй
хэрэг. Энэ мэтчилэн нутаг усаа гологсод олимп, тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо
алтан соёмбот далбааг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлдэг их спортынхноос
тэс өөр. Тэд дэлхийн тамирчид. Харин үндэсний бөхийнхөн бол жалга дов, аймаг хэсэн
барилдаж явдаг хүмүүс. Энүүхэндээ
хэлэхэд, өөрсдийгөө тив дэлхийн тамирчидтай зүйрлээд
байдаг нь инээдтэй л байхгүй юу.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Е.Төгстөмөр: Би хожигдох үнэхээр дургүй

Грекийн Порто Каррос хотноо болсон шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд өнгөрсөн онд Шриланка улсад болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс түрүүлж, алтан медаль хүртэж байсан. Шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Е.Төгстөмөр өнгөрөгч бямба гаригт эх орондоо ирсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд түрүүлсэнд баяр хүр­гэе. Тэмцээнийхээ тухай ярих­гүй юу?

-Тэмцээн
гоё болсон. Шатрын Сурагчдын дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд анх удаа орол­цоод алтан медаль хүртсэндээ баяртай байна.

Миний дүү одоо хэдэн нас­тай, аль сургуульд сурдаг вэ?

-Би
долоон настай. Нийслэ­лийн 33 дугаар сургуулийн нэг­дүгээр ангид сурдаг. Би матема­тикийнхаа хичээлд хамгийн дуртай.

Хэдэн настайгаасаа анх шатар тоглосон бэ?

-Би
анх хоёр настайгаасаа анх шатар тоглож сурсан. Анх шатар тоглож сурч эхлэхэд жаахан хэцүү л байсан. Дөрвөн настайгаасаа анх тэмцээнд орж эхэлсэн дээ. Шатар тоглохыг өвөө маань надад зааж өгч байлаа. Одоо харин Леонид Роговой багшийн удирд­лага дор тоглож байгаа. Багш маань Германд байдаг. Бид интер­нэтээр харьцдаг.

Грекийн сурагчдын дэлхийн аваргаас гадна хичнээн оронд очиж тэмцээнд орж байсан бол?

-Хоёр
тэмцээнд орсон. Нэг нь Шри-Ланкад болсон Азийн аварга. Нөгөөх нь шатрын дэлхийн аварга байсан.

Саяын оролцдог дэлхийн аварга өмнө оролцсон Азийн аваргаас юугаараа өөр бай­сан бэ?

-Азийн
аваргад цөөхөн шатар­чид оролцсон. Харин Сурагчдын дэлхийн аваргад 41 орны 600 гаруй тамирчин орсон. Цар хү­рээний хувьд хамаагүй том санагд­сан. Мөн надтай хамт Азийн авар­гад орж байсан Киргизийн Ч.Артур орсон.

Долоон насны ангилалд хичнээн хүүхэд тоглосон бэ. Чи хэд хожиж дэлхийн аварга болов?

-Миний
насанд 47 хүүхэд тог­лосон. Миний хувьд нийт есөн өрөг тоглохдоо долоон хожил, хоёр тэнцээтэйгээр алтан медаль хүрт­сэн. Хоёр тэнцсэн өргийн тоглол­тын нэгийг нь хожих боломж бай­гаагүй. Нөгөөг нь харин хожчихоор байсан. Багш харин тэнцчих гэхээр нь тэнцсэн юм. Би уртын төрөлд тоглосон. Уртын төрөл гэдэг нэг цаг 30 минут үргэлжилдэг тоглолт байдаг. Уртын тоглолтод би нэг цаг 30 минут нөгөө хүний цаг нийлээд гурван цаг тоглодог гэсэн үг.

Гурван цаг шатар тоглохоор их ядардаг биз?

-Ядардаггүй юм аа. Хүмүүс удаан суухаар залхуу хүрдэг гэж боддог байх. Миний хувьд ядарч, залхуурч байгаагүй. Хааяа яд­рахаараа босч чилээгээ гаргадаг юм.

Дэлхийн аваргын алтан медаль цомоо гардан авч байхад хамгийн түрүүн юу бодогдсон бэ?

-Аав,
ээж, хоёр дүүгээ л хамгийн их санаж байлаа. Алтан медаль авч байхад үнэхээр сайхан байсан шүү.

Грек орон Монголоос юу­гаараа өөр санагдав?

-Том
далайтай юм билээ. Мөн олон гоё бассейнтай байсан.

Чи сэлж чаддаг хэрэг үү?

-Чадна.

Чөлөөт цагаараа шатраас өөр юу хийх дуртай вэ?

-Би
Сорхугтани гээд гурван настай, Хотулан гээд ой таван сартай хоёр дүүтэй. Энэ хоёр­тойгоо л тоглож өнгөрөөдөг. Том дүүдээ би шатар зааж өгч байгаа.

Дүү нь ямар сурч байна?

-Дүү
бодоод суучихдаг юм. Гэхдээ хоёр шалаа байхад энэ нь зөв үү нөгөөх нь зөв үү гэхэд зөвийг нь заадаг.

Дэлхийн аваргад оролцож байхад хамгийн хүчтэй ша­тарчин аль улсын тоглогч байв?

-Перугийн
хүүхэд байсан.

Дэлхийн аваргаас алтан ме­даль хүртсэн гээд ангийнхан, хамаатнууд нь баяр хүргэ­сэн үү?

-Зөндөө
хүн баяр хүргэсэн. Ангийн маань багш улам сайн шатар тоглоорой гэж хэлсэн.

Шатрын их мастер Т.Бат­чимэг танай нагац эгч гэв үү. Хамт шатар тоглож байв уу?

-Тийм.
Манай ээжийн дүү бай­гаа юм. Ажаа  Монгол руу нэг онго­цонд хамт ирсэн. Ажаа дэлхийн аварга Хятадын шатарчин Хоу Ифаныг хожсон. Намайг дэлхийн аварга болчихсон гэдгийг мэдээд ажаа намайг “Сайн байна” гэсэн. Эгчтэй би шатар тоглодоггүй. Хоёр удаа л тоглож байсан. Харам­салтай нь хожиж чадаагүй ээ.

Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?

-Би
Гарри Каспаров шиг шатар­чин болох юмсан гэж мөрөөддөг. Сайн бэлтгэлээ хийгээд байхад болох байх аа.

Чамд олон шатар байдаг уу?

-Зөндөө
л шатар байдаг.

Чи өмнө нь ямар ямар ам­жилт гаргаж байсан бэ?

-Анх
дөрвөн настай “Цодгор хүү” тэмцээнд ороод хожигдож байсан. Анх цэцэрлэгт байхдаа мөнгөн медаль хүртсэн. Надад 10 гаруй медаль бий. Ноднин Азийн аваргын блиц, рапид, уртын тоглолтоос гурван алтан медаль хүртэж байсан. Одоо надад есөн алтан медаль байгаа. Би алтан медаль авах дуртай. Хожигдох дургүй.

Түрүүн (өчигдөр) Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдтай уулзсан гэсэн. Сайд юу гэж захиж байна?

-Надад
гурван зүйлийг захисан. Эхлээд аав, ээжийнхээ үгэнд сайн ор. Дараа нь сайн шатар тогло. Гуравт нь эх орныхоо нэрийг дэл­хийд гаргаарай гэсэн.

Аав, ээжийнхээ үгэнд ордог биз дээ?

-Гайгүй
ээ. Хааяа би ээждээ тусалдаг.

Хэр зэрэг сахилгагүйтдэг вэ?

-Хааяа
сахилгагүй. Хааяа гай­гүй. Зарим үед галзуу үймүүлмээр санагддаг. Хоёр дүүтэйгээ зарим­даа галзуу чанга орилох дуртай.

Багш тань чамайг тоглох гэж байхад юу гэж захиж байв?

-Ийм
гараагаар нүүгээрэй гэсэн. Миний гараа шиг гараагаар нүүсэн хүүхэд байгаагүй.

Дэлхийн аваргад явахдаа сургуулиасаа чөлөө аваад явсан уу?

-Аав
тэрийг мэдэж байгаа.

-14 хоногийн хичээл хоцор­чихсон, хичээлээ нөхөх хэ­цүү байх даа. Эсхүл дэлхийн аварга болчихсон юм чинь гайгүй юм болов уу?

-Аанхаан.
Гайгүй байх аа гэж бодож байна.

Хүмүүс медаль авахаараа гурав хоног хүзүүнээсээ сал­гадаггүй юм байна лээ. Чи алтан медалиа хэд хоног хүзүүндээ зүүсэн бэ?

-Тийм
үү. Би мэддэггүй ш дээ. Хоёр гурван цаг л зүүж байсан. Унтахдаа би медалиа зүүж унтаж үзээгүй.

Чамайг дэлхийн аваргаас ирэхэд ямар ямар хүмүүс тоссон бэ?

-Зөндөө
л хүмүүс байсан. Манай хамаатан садангууд гээд бүгд тоссон.

Дэлхийн аварга болсон гээд хүмүүс зөндөө бэлэг өгсөн үү?

-Олон
бэлэг өгсөөн. Зөндөө цэцэг байсан. Аав цэцэгнүүдийг нь усанд хийчихсэн.

Дэлхийн аварга болчихсон юм чинь сургуулийнхан чинь чамайг таньдаг болоод гоё байна уу?

-Угаасаа
намайг бүгд таньдаг ш дээ.

Хамгийн удаандаа хэдэн цаг шатар тоглож байна вэ?

-3-4 цаг тоглодог. Хамгийн хурдандаа 3-4 минут. Аавтай хааяа блиц тоглолт буюу таван минутын тоглолт хийдэг.

Аавыгаа хожиж үзсэн үү?

-Аавыг
хождог. Би гэхдээ аавыг зальдаж хождог. Аав дүүг авах гээд явахдаа цагаа зогсоочих гэдэг юм. Харин би цагаа зогсоолгүй хэдэн секунд явуулчихдаг. Харин би ээжтэйгээ гурван удаа шатар тог­лохдоо нэг хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсон.

Ямар үгийг хэлэх дуртай вэ?

-“Нүүдэл
болгон хариуцлага тоглолт болгон хожил” гэж манай аав надад зааж өгсөн.

Өвөө нь мундаг ша­тар­чин уу?

-Мундаг
байлгүй яахав. Манай өвөөг шатрын спортын мастер Н.Түвшинтөгс гэдэг. Өвөө л намайг анх шатарчин болгоно гэдэг бай­сан. Сая шатрын Сурагчдын дэл­хийн аварга болоход аав хэлсэн амандаа хүрсэн.

Яаж хэлсэн амандаа хүрсэн юм бэ?

-Намайг
Грек рүү явахад “Миний хүү Сурагчдын дэлхийн аварга болох юм бол аав нь том гар утас авч өгнө” гэсэн юм. Би дэлхийн аварга болсон болохоор аав хэлсэн амандаа хүрч “Sony” гээд том гар утас авч өгсөн. Энэ утсан дээрээ би олон тоглоом татсан байгаа.

Компьютер хэр тоглож байна?

-Аав,
ээжийг ажилдаа явсан хойгуур нь би хааяа компьютер дээр тоглодог. Тэгэхгүй бол аав, ээж хоёр тэр болгон компьютер тоглуул­даггүй. Компьютерийн шатрыг харин тоглодог шүү.

Компьютерийг хождог уу?

-Хождог.
Манай аав аягүй зальтай.

Яаж байна?

-Миний
нүүсэн нүүдлийг аав компьютер дээр дагаж нүүдэг. Хариуд нь компьютер яаж нүүхийг харж байгаад надтай тоглохдоо тэгж нүүдэг юм.

Аав чинь компьютер дагаж нүүгээд байна уу?

-Харин
тийм. Гэхдээ би хож­чихдог. Нэг удаа л харин тэнцсэн.

Бидний дунд ийм нэгэн энгийн яриа өрнөсөн юм. Түүний хувьд алтан медаль хүртсэн гээд хөөр­цөглөөд байхгүй хоёр дүүтэйгээ хамт тоглох дуртайгаа хэдэнтээ дурсаад авсан. Төгстөмөрийн аав, ээж нь хүүгээ сайн шатарчин болгох гэж сарын 3000 еврогоор Герман дасгалжуулагч Леонид Роговей багшийг хөлсөлдөг аж. Төгстөмөр багштайгаа уулзаад байдаггүй ч цахим ертөнцөөр нүүр нүүрээ харан нүүдлийнхээ тухай ярилцдаг гэсэн. Түүний аав Есөн­төмөр одоо ивээн тэтгэгч хайх хэрэгтэй байна гэж байсан. Мон­голчууд улсын цол авсан хөлстэй хэдэн бөхөө аймаг сум дамнуулан шагнаж урамшуулдаг. Гэтэл Мон­голын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж явна. Тэдэнд туслах компани тэр бүр олдоод байдаггүй бололтой юм билээ. Сүүлийн жилүүдэд ой тогтоолтын дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн хүүхдүүд, 500 гаруй хүүхэд оролцсон математикийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн Э.Төрбатаас эхлээд Монголын сор болсон олон сайхан хүүхдүүд оюуны төрөлд өндөр амжилт гар­гасан. Тэднийг хэн ч тоож байгаа­гүй. Монголчууд адгуус, хөлстэй бөхчүүдийг дэмждэг шигээ оюуны хүмүүстээ ч гэсэн анхаарал хандуулмаар санагдаж байлаа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Төрөөс хүнсний ногоог анхаараач ээ гэж захив

ЭРТ УРГАЦЫН БАЙЦАА ЗУРГАДУГААР САРЫН СҮҮЛЭЭР ХУДАЛДААНД ГАРНА

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд Хята­даас хүнсний ногоо им­пор­тоор
оруулж ирэн дий­лэнх хувийг хангах болсон. Харин “Атрын III аян”, “Ногоон хувьсгал”
хөтөлбөрийн хүрээнд до­тоодынхоо тэр дундаа Нийслэлийн иргэдийн хүнс­ний ногооны
тодор­хой хувийг газар тариа­лан­гийн бүс нутгууд бо­лох Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхан
хангах бол­сон билээ. Хаврын тариа­лалтын ажлыг сурвалж­лахаар Сэлэнгэ, Дархан-Уул,
Төв аймгуудаар яв­лаа. Бидний эхэлж очсон газар бол Сэлэнгэ айм­гийн Мандал сум
буюу Зүүнхараа хот байлаа. Уг нутгийнхан хэдийнэ та­риа­лалтаа эхэлжээ. Тариа­ланчдын
хувьд үр тариагаа тариалахаар бригад гарах гэж байлаа. Айлуудын хашаанд трак­торын
дуу хадаж, хүчит анжис хүрэн хөрсийг яран аажуухан довтолгох ажээ. Тракторын дуу
бараг л хавар ирснийг илтгэдэг гэхэд болно. Төмс, хүнс­ний ногооны тариалалт ид
дундаа байлаа. Ман­дал сумынхан сүүлийн жилүүдэд байцаа ихээр тариалж байгаа юм.
Тийм­дээ ч эрт ургацын байцаагаа брэнд бол­гохоор хичээж байгаа тухай иргэд ярьцгаалаа.

Тэдний хувьд эрт, дунд, оройн ургацын байцааг их хэмжээгээр тариалдаг. Өнөө жилийн хувьд цаг агаар сэ­рүүхэн байсан тул өмнөх жилүүдээс хэд хоногийн да­раа тариа­лал­таа эхэл­жээ. Хүнсний ногоо тариалаг­чид лууван, эрт ургацын бай­цаа зарим хүнсний ногоо­нуудаа тариад дуус­чихсан байв. Эрт ургацын байцаагаа ха­шаан­даа тарьцгаажээ. Учир нь цаг тавирч өгөх­гүй байгаа боло­хоор зад­гай тал­байд таривал бай­цаа­ны үр­сэлгээ бээрэх магадлалтай гэж байлаа. Харин дунд урга­цын бай­цаагаа томоохон тал­бай­даа ид тарьцгааж бай­сан юм. Мандал сумынхан 7140 га-д тариалалт хийх аж. 6000 га-д үр тариа тарих бол 735 га-д төмс, 390 га-д хүнс­ний ногоо тариалах юм бай­на. Хүнс­ний ногооны тал ор­чим хувийг байцааны тариа­лалт эзэлж байгаа юм билээ. Зүүнхараа­гийнхан “Төмөр толгой” хэ­мээх Солонгосоос гарал­тай хятад сортын үрээс үрсэл­гээгээ гарган авчээ. Учир нь уг сортын бай­цааны боолт нь чанга байдаг тул ийнхүү үрээ сонгосон аж. Уг нь өөр үрээр тарьж болох ч боолт султай байдаг тул нийслэлийнхэн худалдаж авдаггүй гэцгээж байлаа.

Нутгийн иргэд нийслэ­лийнх­ний хэрэгцээнд тааруу­лан байцаагаа тариалдаг гэсэн. Хуучных шиг 5-6 кг-ын жинтэй байцааг Улаанбаа­тарынхан авахаа байж. Ха­рин 1-2 кг жинтэй байцааг авах дуртай гэлээ. Ноднин жил өрхийн тариаланч О.Бат­баяр зургадугаар сарын 22-ны өдөр эхний ургацаа ху­раан нийслэлийнхнийг шинэ­хэн байцаагаар хангаж эхэл­жээ. Энэ жил ч мөн адил төдий үед ургацаа хураах бодолтой байгаа аж. Нийс­лэлийнхэн ногоон байцаа авна хэмээн өнгөнд шуурдаг гэсэн. Тэрээр “Хотынхон өнгө иддэг болчихсон. Уг нь бай­цаа чинь цагаан байдаг юм. Жинхэнэ монгол байцаагаа хятад гээд Хятадын бордоо­гоор бордсон ногоон байцааг монгол гэж эндүүрэх гээд байдаг” хэмээн толгой сэг­сэрнэ. Мандал сумын агроно­мич Т.Болормаатай уулзан тариалалт хийж буй талбай­гаар явах хүсэлтээ илэрхий­лэхэд цааргалаагүй юм. Зүүн­хараа хотод тариа, ногооны эрдэм шинжилгээний хүрээ­лэн гэж бий. Тус хүрээлэн­гийн хашаанд дундын бай­цааны тариалалт дуусаж байв. Хамар болгож овоол­сон шороон дээр туяхан иш нь далбагар хэдэн навчаа даалгүй шороонд шүргэсэн 18 мянган байцааны үрсэл­гээг дөнгөж хөрсөнд нь суул­ган усалгаа хийж байлаа. Байцааны үрсэлгээ гурав хоногийн дотор сэргээд ирдэг бөгөөд хураалт хүртэл газ­рын чийг, халалтаас хамаа­ран 8-9 удаа усалдаг аж. Нэг үеэ бодоход бүх зүйлийг гараар хийдэг байсан бол одоо өөр болжээ. Үрсэлгээгээ суулгасны дараа усалгаа хийгдэнгүүт зэрлэг ургамал байцаатай уралдан ургадаг гэнэ. Түүнийг устгахын тулд бидний хэлж заншсанаар пад пад хэмээх бага оврын трак­торт хамарлагч бүхий техникийг зүүн мөр хооронд нь явуулсан байхад зэрлэг ургамал устдаг гэнэ. Харин ургамал хоорондын зэрлэ­гийг гараар зулгаадаг аж. Бид өрхийн тариаланч С.Лхагва­цэрэнтэй уулзлаа. Тэрээр сургуулийн хүүхдүүдийг өдрийн 15 мянгаар хөлсөлж ажиллуулдаг тухайгаа ярьсан юм. Мөн өдрийн хоолыг нь хийж өгөхгүй бол ажиллах хүүхэд ч тун бага гэлээ. На­санд хүрсэн хүмүүс өдрийн 15 мянгаар ажиллахгүй гээд гэдийчихдэг гэв. Хүүхдүүдийн хувьд мотороо асаан худгаас ус татуулан ногоогоо усал­чих­даг. Ер нь бол газар тариа­лангийн ямар ч ажлыг хүнээр заалгахгүй хийдэг аж. Хятадууд хүнсний ногоо та­риа­лагчдад тааруулан мотор болон дагалдах хэрэгслийг үйлдвэрлэдэг аж. Тэдний хувьд усалгаагаа “намираа” хэмээн нэрлэдэг юм билээ. Худгаас бензин мотороор ус татуулан нарийн хар гялгар хоолойгоор ус дамждаг аж. Тэрхүү хар гялгар нь энд тэндгүй цоорхойтой бөгөөд түүгээр нь даралттай ус цац­ран гарснаар үр, үрсэлгээ, суулгацыг усалдаг гэсэн. Гял­гар хоолойгоор цацрах ус нарны гэрэлд намиран ха­рагд­­дагаас болж намираа гэх нэрийг өгчээ. Уг усалгаа нь 10 орчим метр газрыг нэг удаа­даа усалдаг юм байна. Нэг цаг орчим усалгаа хийсний дараа гялгар хоолойг өөр газар зөөн байршуулж усал­гаагаа үргэлжлүүлдэг гэв. Энэ мэтчилэн нэг үеэ бодоход техник технологи хөгжин гараар хийх ажил багасаад байгаа гэлээ.

Монгол орны хувьд зоо­рины асуудал өнөө хэр ший­дэгдээгүй байгаа. Тус нутгийн иргэд өөрсдийн нөөц болом­жид тааруулан зоорь барьж ногоогоо хадгалдаг гэнэ. Хэ­рэв зоорь сайтай бол дараа­гийн шинэ байцаа гартал байцаагаа хадгалах боломж­той гэсэн. Монгол байцаа гартал хятад байцааны үнэ кг нь 2000 төгрөгөөр өндөр үнэ тогтоочихсон худалдаалж байдаг ч ногоочид Улаанбаа­тар руу байцаагаа нийлүүлж эхлэх үед үнэ нь навс унадаг юм байна. Янз бүрийн сор­тын хадгалалт сайн даадаг байцааны үр худалдан авч үрсэлгээ хийж болох ч зоо­рьгүйгээгээсээ болоод хятад байцаанд даруулдаг аж. Ор­чин үеийн перонон зоорьтой болчихвол температурыг нь тохируулсан байхад хавар болтол хадгалах боломжтой юм билээ. Зоорь гэдэг хам­гийн өндөр өртөгөөр бүтдэг тул багахан хэмжээний ашиг олдог ногоочдын хувьд орчин үеийн сайн зоорь гэдэг мөрөөдөл төдий байгаа аж.

Дундын байцаа найм­ду­гаар сарын эхээр худалдаанд гарна. Ямартай ч Зүүнхараа­гийн тариаланчид байцаагаа нийслэлд нийлүүлж эхэлсэн цагаас хятад байцааны ху­далдаа бага зэрэг багасдаг аж. Харин аравдугаар сарын сүүлээс дараа оны эрт урга­цын байцаа худалдаанд гар­тал нийслэлийн иргэд хятад байцаа хүнсэндээ хэрэглэдэг. Учир нь байцаа хадгалах зоорь гэж бараг байдаггүй­гээс болж хадгалалт даадаг­гүй гэнэ. Хамгийн дээд тал нь зургаан сар л байцааг хадга­лах боломжтой. Түүнээс биш төмс шиг дараа жилийн шинэ ургацын төмс худалдаанд гартал хадгалдаг шиг хадга­лалт даадаггүй гэнэ. Зургаан сарын сүүлээс есдүгээр са­рын сүүл хүртэл худал­даал­сан байцааны үлдэгдлийг хэдэн сар зооринд хадгалан цагаан сарын өмнө худал­даанд гаргадаг ч хятадаас оруулж ирсэн хямд байцаа­наас өндөр үнээр зарах бо­ломжгүй байдаг. Эх орны хөрсөнд ургасан гэж мянга хэлээд ч иргэд хямд үнэтэй байцаа руу хошуурдаг боло­хоор хятад байцаатай ижил үнээр зарахаас өөр аргагүй байдалд хүрдэг тухайгаа С.Лхагвацэрэн хэллээ.

Нутгийнхан жилийн дөр­вөн улиралд ургац хураахын тулд хөрсний дулаан ихтэй газрууд болох Биостанц, Спирт бал бурам компанийн уурын зуухыг түшиглэн хү­лэмж барин ногоо тарьсан ч амжилт олоогүй байна. Бусад нутгаас түрүүлж шинэ урга­цын байцаагаа хураан авдаг нууц нь Хараа голын сав дагуух газар нам дор байр­ладагтай холбоотой. Мин­жийн хангайн гудамжнаас хоёрдугаар багийн нутаг дэвс­гэр хүртэлх хэсэгхэн газар л байцаа сайн ургадаг гэсэн юм. Зүүнхараа хот 7206 өрхтэй. Үүнээс 4500 гаруй нь газар тариалантай ямар нэ­гэн байдлаар холбоотой аж. Эл нутгийнхан төмс багагүй тариалдаг хэдий ч ноднин­гийн төмсөө борлуулж дуу­саа­гүй байлаа. Хот руу оруулж зарах гэхээр нэг кг-ыг 150 төгрөгөөр авъя гэнэ. Ха­вар, зун, намаржин хөдөл­мөрлөчихөөд ийм бага үнээр өгөх гэхээр хайран юм. Гэсэн ч зарж байгаа. Хот руу ирж очих замын зардалдаа таарч байна гэх хүмүүс их байлаа. Мандал сумын иргэд брэнд байцаагаа ирэх сарын 20-д гаргаад ахин худалдаанд гаргахаар шаргуу хөдөлмөр­лөж байлаа. Сумдын иргэд малчдад ноос, ноолуур, үр тариа эрхлэгчдэд тонн тутамд нэг зуун мянган төгрөг өгч байгаа. Хүнсний ногоо тариа­лагчдад мөн урамшуулал олгох талаар яригдаж эхэл­сэн. Түүнийгээ бидэнд өгчихдөг ч болоосой хэмээж байсан юм. Тэдний ярианаас анзаарч байхад нийслэлийн иргэд том байцаа, лууван, манжин, төмс авах дургүй болчихсон аж. Болц нь бүрэн гүйцээгүй амин дэм багатай хүнс рүү нийслэлийнхэн хошуурдаг болжээ. Яалт ч үгүй тэдний хэрэгцээ жижиг ногоо тул болц нь гүйцээгүй байсан ч хураан зарахаас өөр арга байдаггүй бололтой. Намар ногооны үзэсгэлэн Яармагийн үеэр Монгол но­гоо хэмээн хятад ногоог Бар­саас бөөндөж ирээд зарах тохиолдол гардаг. Байцааны хувьд ногоон бус ногоовтор өнгийн байцаа Монгол орны хөрсөнд ургасан байдаг шүү гэдгийг тэдний хувьд байнга захиж байлаа.

ОРХОНЫ ИРГЭД ХҮНСНИЙ НОГООГОО ҮЕРТ АВТУУЛАХААС БОЛГООМЖИЛЖ БАЙНА

Бидний дөрөө мулталсан дараагийн газар Дархан-Уул аймгийн Орхон сум байлаа. Манайхны хэлж заншсанаар жимс, ногооны Орхон л доо. Үдийн нар нэлээд хэвийж байхад Засаг даргын тамгын газар руу нь шууд яваад ор­тол Тамгын газрын дарга Дэлгэржаргал 18 цаг өнгөр­сөн хэдий ч ажлаа хийгээд сууж байв. Хаврын тариа­лалтын ажлыг сонирхож яваа­гаа хэлтэл Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Идэрцогттой уулзуулсан юм. Орхон сумын хувьд хуу­чин “Орхон жимс, ногоо” хэмээх компанитай байсан. Болгарын тусламжаар ба­ригд­сан уг барилга одоо то­ногдож дууссан байлаа. Хэд хэдэн эзний гар дамжин яв­саар одоо банкны барьцаанд байдаг бололтой. Уг үйлдвэр 700 гаруй ажилтантай кон­серв, жимс, жимсний чанамал хийдэг Монголдоо л толгой цохих хэмжээний компани байсан тухай нутгийн иргэд халаглан ярьцгаана. Сумын хэмжээнд төмс, лууван ман­жин голчлон тариалдаг. Орхон голын ай сав дагуух бүсэд хамаардаг тул хүнсний ногоо тариалахад нэн тохи­ромжтой газар. Энэ жил тус сумынхан 400га-д хүнсний ногоо тариалахаар болжээ. Ноднин жил Орхон гол үер­лэж нутгийн иргэдийн талбай үерт автаж багагүй хэмжээний хохирол амсчээ. Өнөө жил байгаль дэлхий ивээх байл­гүй хэмээн залбирч байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус сумаар аж­лын айлчлал хийхдээ ур­гац алдсан иргэдийн хохир­лыг барагдуулна хэмээн хэлсэн гэнэ. Хохирлын мөнгө хэзээ ирэх бол гэсэн хүмүүс байсан юм. Ганцхан Орхон сум ч гэлтгүй Орхон, Ерөө голын ай сав дагуух газар тариалан эрхлэгчид энэ тухай дурсац­гааж байлаа. Газар тариалан эрхлэгчид өөрс­дийн харилц­даг банкнаасаа хавартаа зээл авч ногоо та­риалдаг. Гэтэл үерт ургац алдсан ир­гэд банкныхаа өр­нөөс арай хийж л гарч өөрс­дөө хэцүүхэн байдалд байгаа ажээ. Тус сумынхан мөн л төмсөө бор­луулж чадаагүй болохоор энэ жил төмс бага тарина гэж байлаа. Сүүлийн жилүүдэд луувангийн үнэ ханш өндөр байгаа тул нут­гийн иргэд лууван тариалах сонирхол­той болсон байлаа. Намар­таа нийслэлд худал­даа­­лагд­даг луувангийн ихэн­хийг нь Сэлэнгэ аймгийн Жавх­лант, Дархан-Уул айм­гийн Орхон сумд хангадаг гэнэ. Намартаа Орхон сумаас ченжүүд 10 гаруй вагон луу­ван ачиж яв­даг бол ноднин харин ченж нар бараг ирээгүй гэнэ. Уг сумын тариаланчид малчдын хооронд үл ойлгол­цох явдал гардаг юм билээ. Увс аймгаас тус сумыг бараа­дан малтай иргэд нүүж ирдэг байсан бол сүүлийн хэдэн жил Баян-Өлгий аймгаас малтай, мал­гүй иргэд нүүж ирэх болжээ. Их сайхан нутагт ирснээ шагшин гайхацгаадаг юм байна. Малтай иргэдийн мал нь үр, тариа хүнсний ногооны талбайд орж багагүй түйвээ­дэг аж. Нутгийн иргэд 1-5 га газар голдуу хүнсний ногоо тариалдаг гэсэн.

Сумын хэмжээнд 1000 тонны ногооны зоорьтой ч 200, 300 тонны зоорь бариад эхэлжээ. Бид газар тариа­лангийн явцтай танилцахаар хүнсний ногоогоор 2008 онд улсын аварга болсон Бат­мөнхийн талбай руу явцгаа­лаа. Элсэрхэг замаар хэсэг яваад голын тохойд газар хагалан үхрийн бууцыг тал­байдаа цацаж буй 50 гаруй насны эрэгтэй рүү яваад оч­лоо. Бидний зорьж яваа Батмөнх мөн ажээ. Түүний хувьд 23 жил хүнсний ногоо тариалж байгаа нэгэн. Тал­байдаа төмс, өргөст хэмх, лууван, манжин тарихаар ийнхүү газраа бэлдэж бай­лаа. Талбайн баруун тийшээ тракторын дуу юм уу гэж андуурахаар дуу гарч байсан нь усалгааны мотор ажиллаж байгаа нь тэр аж. Айлууд луувангаа тарин усалгаагаа хийж эхэлжээ. Шаамар, Жавх­лан­тынхнаас өмнө луувангаа хурааж зах зээлд нийлүү­лэхээр үзэж тарж байна гэ­лээ. Батмөнх гуайн хувьд нэг бага оврын пад пад трак­тортой юм байна. Техникгүй байж яаж улсын аварга бол­сон юм бэ гэхэд “Га-гаас ху­рааж авах ургацынхаа хэм­жээгээр аварга болсон доо” хэмээн инээмсэглэнэ. Орхон голын сав дагуух газар боло­хоор төдийлөн ургац алдана гэж айдаггүй бололтой. Тэд­нийх дөрвөн га-д ногоо тарих бөгөөд хэсэгхэн газар бордоо болох бууцнуудыг асгасан байсан юм. “Багахан хэмжээ­ний бууц байна даа” гэтэл “одоо 20 тонн бууц асгаад байна. Портер машинаар 10 удаа бууц буулгасан” гэж байлаа. Ахин бууц буулгана гэлээ. Цаашид хэдэн 10 ар­ван тонн бууц буулгана гэдэг нь тодорхой харагдав.

Орхон сумын иргэд хуучин алим, үхрийн нүд, чацаргана тэргүүт жимсүүдийг ихээр тариалдаг байсан ч бут сөөг нь хөгширсөн тул ахин жимс, жимсгэнийн бут тариалалгүй газрыг нь ногооны талбай болгожээ. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэд үхрийн нүд, чацарганы бут багахан хэм­жээгээр тариалах болсон юм. Хуучны жимс ногооны үйлд­вэрийг ахин сэргээж болдог бол сайхан байна гэцгээлээ.

Э.ЭНХБОЛД
Гэрэл зургуудыг
Ж.ГАНГАА

Categories
редакцийн-нийтлэл

О.Насанбурмаа: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлээд дэвжээнд гарсан

Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо бол­сон чөлөөт бөхийн Азийн авар­гаас 67 кгын жинд гавьяат тамир­чин Очирбатын Насан­бурмаа алтан ме­даль авч зургаан жил манай тамирчдын хүр­тээ­гүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо ав­чирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид ур­жиг­дар эх орон­доо ир­сэн байна. Тэд­ний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүү­дэд болох “Mongolian open” тэм­цээний бэлт­гэлд гара­хаар Эр­дэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавь­яат тамирчин Очир­батын Насан­бурмаа­тай ярилцлаа.

 Чөлөөт бөхийн ти­вийн аварга шалга­руу­лах тэм­цээнээс алтан медаль хүрт­­сэн танд баяр хүргэе. Өнөө жи­лийн Ази тивийн авар­гын тэмцээний тухай ярихгүй юу?

-Би өмнө нь Ази ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаа­гаа орол­цохдоо алтан медаль хүрт­сэндээ туй­лын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хү­лээ­сэн чөлөөт бөхийн ти­вийн аваргын алтан ме­далийг хүртэж чадсан болохоор сэт­гэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насан­бурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хан­гагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.

Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ

-Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд өмнө нь хоёр удаа орол­цохдоо би мөнгө, хүрэл медаль хүр­тэж байсан. Өсвөр за­луучуудын ангилалд би мөн медаль хүртэж бай­сан. Энэ удаагийн алтан ме­даль миний хувьд Азиас ав­сан 10 дахь ме­даль болж байгаа юм.

Азийн аваргаас ал­тан ме­даль хүртсэн бо­ло­хоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж бай­гаа хэрэг үү?

-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэм­цээнд орол­цож байгаа болохоор бэлтгэл ерөн­хийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлт­гэл­дээ гарах гэж байгаа минь энэ. 10 га­руй­хан хоногийн дараа эх оронд маань “Мon­golian open” тэмцээн бо­лох гэж байна. Тийм бо­ло­­хоор бэлтгэл сургуу­лилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч би­дэнд байнгын бэлтгэл зайлш­гүй хэрэгтэй байдаг.

Та Азийн аваргаас ал­тан медаль хүртсэн ч бусад та­мирчдынхаа тухайд ямар бо­долтой байна вэ?

-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэг­тэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамир­чид хүч­тэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамир­чид хүчтэй өрсөл­дөг­чийн хэмжээнд хүр­сэн. Чө­лөө­тийн эмэгтэй та­мирчид маань цөө­хүү­лээ ч гэсэн сай­хан ба­рилдаж багаараа гу­рав­дугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээндээ хүч үзнэ гэсэн бодолтой бай­гаа.

Таны хувьд Казахс­тан, Хятад, Энэтхэгийн тамирч­дыг хожиж авар­гын алтан медаль хүрт­сэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүү­хэн болсон доо?

-Миний хувьд эхний той­рог­тоо Казахстаны бөх За­рина Кунанга­рае­ваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт та­мирчин, Лондонгийн олим­пийн мөнгөн ме­дальт Риксие Жингийг ял­сан. Өмнө Риксие Жинг­тэй алтан цомын тэм­цээнд таарч барилдан ялаг­даж байсан боло­хоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хята­дын тамир­чин­тай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бу­ка чи амлалтандаа хүрээ­рэй” гэж билээ. Энэт­хэгийн тамирчин нутгийн­хаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр бай­­­сан. Нутгийн иргэ­дийн уухайн түрлэг үнэн­дээ л нү­сэр сонсогдож байлаа. Энэт­хэгт байгаа Монголчууд маань цуг­ла­чихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чи­хэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед ба­рил­даан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүү­лийн оноо авсан гэдгээ­рээ би хожсон. Дараа­гийн үед нь 5:2-ын харь­цаатайгаар би хож­со­ноор Ази тивийн аварга болж чадсан.

Зургаан жилийн да­раа эх орондоо алтан медалийг авчирсан бо­лохоор ме­далийн тав­цанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?

-Хамгийн анх Отгон­жар­гал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн авар­гаас алтан медаль хүр­тэж байсан юм. Мөн Монгол Ул­сын гавьяат тамирчин Ц.Энх­­жаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан меда­лийг хүртсэн байдаг. Миний энэ удаа­гийн тивийн аваргын ал­тан медаль чө­лөөтийн эмэг­­тэйчүүдийн Азийн авар­гын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад ма­найхан алтан медаль хүртэж, авар­гатай болно гэсэн зо­рилготой байсан. Медалийн тавцанд зог­сож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол тө­рийн алтан соём­бот дал­баа намирч, төрийн дуу­ллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуу­чуудын Азийн аваргад тү­рүүлэн төрийн дууллаа эг­шиг­лүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгч­дийн 67 кг-д тивийнхээ аварга бол­чихоод зогсож байхад сайхан л юм би­лээ.

Та 63 кгын жинд ба­рилддаг байсан. Харин олим­поос хойш 67 кгын жинд барилдаж байгаа ха­рагд­лаа. Цаашид ч уг жин­дээ барилдах уу?

-Намайг бөхийн спор­тод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин ха­суул­даггүй бай­лаа. Өс­вөр, залуучуудад байх­­даа 60, 65 кг-д барилд­даг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Ба­куд болох “Алтан гран при” тэм­цээнүүдэд уг жин­дээ барилд­ах байх. Цааш­даа бэлтгэл сургуу­лилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барил­даж байгаа юм.

Азийн аваргаас дөн­гөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлт­гэл­дээ гарах юмсан гэж бодож байв уу?

-Бид өөрсдөө дур мэ­дэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөв­лөгөөний да­гуу амрах үедээ амарч, бэлт­гэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоно­гийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлт­гэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бо­дол­­цох хэрэгтэй.

Азийн аваргад орол­цож байхад Энэт­хэгийн халуун ду­лаан уур амьсгал, хоол хүн­сэнд дасахад бэрх­шээл­­тэй байсан биз?

-Манай тамирчдын хувьд бэлт­гэл сургуулилт нь үнэхээр сайхан таар­сан байсан. Шиг­шээ ба­гийн тамирчдаас хэд­ хэ­дэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бо­дож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байд­лаас шалт­гаалан хүссэн амжилтаа гар­гаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж би­дэнд байсан гэж бод­дог. Яа­хав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид бид­нийг олон тэм­цээн шил шилээ даран хү­лээж байгаа. Манай эрэг­тэй­чүү­дийн хувьд аварга бо­ломж байсан. Барил­даа­ны явцад сүү­лийн оноо­гоор хо­жих боломжтой байсан ч сүү­лийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гар­сан.

Ямарваа нэгэн тэм­цээн уралдааны үед шүүгчдийн зү­гээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гар­даг вэ?

-Хэн одтой, хийморь­той байгаа нь түрүүлдэг. Тэмцээ­ний үед багш на­рын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөн­хий­дөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.

Өнгөрсөн ч гэсэн Мон­голд болсон эмэг­тэй­чүү­дийн багийнДэл­хийн цом“-ын тэм­цээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүрт­сэн дээ?

-Манай эмэгтэй та­мирч­­дын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барил­даж байгаа. Эмэгтэй чө­лөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөг­жиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гар­га­сан. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнээс эхний найман байрт шал­гарсан баг дэлхийн цо­мын тэмцээнд зодог­ло­дог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шал­­гардаг байлаа. Жил бүр ба­гийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэл­хийн цомын тэмцээнд санасандаа хүртэл ба­рил­даж чадаагүй боло­хоор харам­салтай л бай­даг. Гэхдээ цаа­шид бэлт­гэлээ л сайн хийгээд бай­хад аварга болох боломж бий.

Сүүлийн жилүүдэд эрэг­­тэй тамирчдын ам­жилт буурсан. Энэ удаа­гийн Азийн аваргаас алтан ме­даль хүртээ­гүй ч дориун сайхан оролц­чих шиг бол­лоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?

-Чөтөөл бөхийн спорт хэ­цүү л дээ. Барьцгүй барилд­даг болохоор та­мирч­наас асар их тэв­чээр, хөдөлмөр шаард­даг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн ца­гаас хойш ахмад үеийн та­мирчид маань олон сай­хан амжилт гаргасан бо­ло­хоор байнга биднээс амжилт нэ­хэж, сайн сай­хан явахыг шаард­даг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л ме­даль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын та­мирч­даас ду­тах­гүй. Эрэгтэй тамирч­даа цаашид өндөр ам­жилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Ман­дах­наран маань Азийн аварга болох боломж дүүрэн бай­сан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө ав­сан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүрт­сэн.

Нэгэнт л чөлөөтийн та­мирчинтай уулз­саных чө­лөөт, сонго­мол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуул­гүй өнгөрч болох­гүй нь. Таны бодлоор чө­лөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?

-Би бол өөдрөгөөр л харж бай­гаа. Анхны олим­­пийн наадам зо­хиог­доход л чөлөөт бө­хийн спорт байсан. Тийм болохоор хасаг­дахгүй байх аа.

Биднийг ийн ярилцаж бай­­­хад чөлөөт бөхийн эмэг­тэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгал­жуу­лагч Т.Сүх­баатар гавь­яат тамирчин О.Насан­бурмааг бэлт­гэлдээ явъя хэмээн хэ­дэнтээ дууд­сан тул бид­ний яриа энэ хүрээд өн­дөр­­лөсөн юм.

 Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Г.Өсөхбаяр: Ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгөрөөд явчих шиг санагдах юм

Энэ сарын зургааны өглөө уулын спортын мастер, Монгол Улсын гавьяат тамир­чин Готовдоржийн Өсөх­баяр Хойд туйлыг зори­хоор эх орноосоо морд­сон билээ. Тэрээр Нор­вегиор дамжин Хойд туйл руу явсан бөгөөд бусад орны зургаан аялаг­­чийн хамтаар аял­лаа эхлүүлэн ам­жилттай явж очсон. Гавьяатын хувьдМо­би­комкорпорацийн ири­­диум сансрын хол­боог ашиглаж бай­гаа аж. Тийм болохоор  тус корпорацийн Мар­­ке­тин­гийн алба­наас ду­гаа­рыг нь авч түүнтэй холбогдлоо.

Таныг Хойд туйлд хүрсэн гэсэн мэ­дээл­лийг монголчууд хү­лээн авлаа. Таны бие хаа давгүй байна уу?

-Гайгүй ээ. Аялалд га­рахдаа эмчлүүлсэн. Өв­дөг л жаахан хэцүү бай­лаа. Бэртэл буцаж сэд­рээд байсан. Одоо Ослод бага зэргийн эм­чил­гээ хийлгээд эх орон руугаа явна даа. Эх ор­ноо­соо мордохдоо Мон­гол Ул­сын­хаа төрийн дал­­бааг Хойд туйлд ман­дуулна гэсэн хүсэл тээн явсан болохоор хүс­лээ бие­лүүл­сэндээ туйлын баяртай явна.

 Одоо хаана явна вэ?

-Норвегийн нийслэл Осло хотод ирж байна аа. (Өчигдөр 16 цагт)

Дэлхийн зулайд анх удаа монгол хүний мөрийг гаргасан болохоор бахар­хах сэтгэл төрж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Миний хувьд өмнө нь дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч бай­сан бол энэ удаа Хойд туй­лаас Монголын ард түмэн­тэйгээ ингэж учран золгохын ерөөлтэй байж дээ гэж бодож байлаа. Ямартай ч аяллыг минь дэмжсэн Монголын ард түмэндээ баярласан сэтгэлээ хэлэхгүй бол болохгүй нь.

Таныг төрсөн өдрөөрөө Хойд туйлын 90 градуст хүрсэн гэж дуулсан. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Улаанбаатарын цагаар бол энэ сарын 20-ны 20 цаг 30 минут болж байхад зорь­сон газраа хүрч алтан соём­бот далбаагаа Хойд туйлын тэнгэрт мандуулж чадлаа. Энэ л миний төрсөн өдрийн хамгийн том бэлэг байв шүү. Далбаагаа дэлгээд салхи сөрөн зогсож байхдаа мон­гол­чуудын минь итгэл шингэ­сэн гэж бодохын зуур омог­ших сэтгэл төрсөн. Энэ их цас, мөсөн дунд үүнээс илүү төр­сөн өдрөө тэмдэглэнэ гэж юу байхав. Надаас хойш олон сайхан аавын хөвгүүд энэ мэтчилэн зогсох биз дээ.

Төрсөн өдрийнхөө тухай ярихаа мартчихлаа?

-Нээрээ тийм байна шүү дээ. Миний амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь Хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Төрсөн өдрөөрөө Хойд туйлд оччих­но гэж үнэхээр бодоогүй ээ. Гэтэл манай багийн­хан ми­ний төрсөн өдрөөр зорьсон газраа хүрнэ гээд нэлээд шахуу маршрутаар явлаа. Төрсөн өдрөө­рөө Хойд туйлд ирсэн болохоор үнэ­хээр сай­хан байлгүй яахав. Энэ тэгээд ч хүн бүрт тохиол­доод байдаг завшаан биш гэж бодож бай­гаа шүү. Тэнд очсон бүх ба­гийнхан цуглаад дуу дуулж өгөөд ёстой гоё байсан. Тэд намайг Монголын азтай за­луу гээд байна лээ. Багийн­хан маань чадалтай залуус байсан тул төрсөн өдрөөрөө Хойд туйлд амжиж хүрлээ. Нэлээд шахуу явсны эцэст нэг хоногийн өмнө зорьсон газ­раа хүрсэн.

Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо оччих байх гэж бодож байна. Эх орноо ямар их санаж байна гээч. Аялал, авиралт бүрд сэт­гэлээ чилээж суудаг аав, ээж хоёр минь хүүгээ хүлээж суугаа гэж бодоход сайхан санагдах юм.

Ууланд авирах, хойд мөсөн далайд аялах хоёрын аль нь хэцүү санаг­дав?

-Аль аль нь хэцүү. Амар зүйл гэж байдаггүй гэдгийг илүүтэйгээр мэдэрлээ.

Аяллынхаа тухай ярих­гүй юу. Мэдээж 110 км мө­сөөр аялна гэдэг амаргүй байсан байх?

-Харин тийм ээ. Ямартай ч зорилгодоо хүрчихлээ. Тийм боло­хоор сэтгэл санаа өөдрөг байна. Эхэн­дээ ч Хойд туйлд яаж хүрнэ дээ гэж боддог байсан бол одоо Хойд туйлд хүрчихлээ дээ гэж бодог­дож байна шүү. Хүн хүссэн зүйлдээ хүрчихээр ямар болдог билээ. Би яг л тийм эрч хүч дүүрэн явна.

Энэ удаагийн аялал нэ­лээд­гүй хүнд болсон байх. Цаг агаарын хувьд ямархуу байсан бэ?

-Цаг агаарын хувьд тийм сайхан байгаагүй ч аялал маань ам­жилттай өндөрлөж байна. Туйлын хувьд өдөртөө -30 гаруй хэмийн хүйтэнд аяллаа үргэлжлүүлсэн. Сал­хи ихтэй байсан тул манан дундуур л таваргаад байсан. Шуурч байсан боло­хоор зам тэр бүр харагдахгүй хэцүү байв. Ер нь мөс нь ан цав хагарал ихтэй байсан боло­хоор биднээс маш их анхаа­рал хүчийг шаардсан.

Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж байгаа биз дээ?

-Холбоо барьж амжаагүй л явна. Аав, ээж хоёр өчигдөр (уржигдар) Японоос Монголд ирсэн гэсэн. Нэгмөсөн эх орондоо очиж байгаад уулзъя гэсэн бодолтой байна. Мэдээж аав, ээж минь баяр­лахаас гадна их санаа нь зовсон байх. Удахгүй харьж ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгө­рөөд явчих шиг санагдах юм.

Та Монголд -30 гаруй хэмийн хүйтэнд бэлтгэлээ базаасан. Туйлын -30 хэм манай өвлийн хүйтнээс ялгаатай байна уу?

-Бид чинь нэг л бөм­бөрц­гийн наана цаана амьдарч яваа болохоор ялгаа гэж юу байхав. Харин туйлын -30 хэм их хуурай, хүйтэн уур амьс­галтай байдаг юм байна. Монголын минь тэсгим хүйтэн өвөл цаанаа л нэг уяруу са­нагд­лаа. За тэгээд эх орон шиг сайхан зүйл гэж хаа бай­хав дээ. Манай Монгол хүй­тэн л дээ. Гэхдээ энэ чинь хойд туйл цас мөс нь мэдэг­дэхгүй, хэ­дэн сая жил хайлаа­гүй гэж бодохоор ямар нь мэдэгдэж байгаа биз дээ.

Таны өмссөн хувцас тэр чигтээ мөс шахуу явна гэсэн. Ханиад томуу хүрээ­гүй биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ ганцхан би тийм хүнд хэцүүг туулаагүй. Манай багийнхны өмссөн хувцас, хөнжил бүгд мөсөөр бүрхэгдсэн байлаа. Үнэхээр хүнд аялал боллоо. Энэ бүг­дийг ямартай ч бид багаараа даван туулж чадсан.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг. Таны хувьд дараа­гийн аялал хаашаа байх бол?

-Зардал мөнгө нь олддог бол Ангараг гариг руу л нисч үзмээр байна даа.

Аяллын сонин сайх­наас хуваалцахгүй юу?

-Миний хувьд оргилд хүрэх болгондоо бас хойт туйлын эцсийн цэгт хүрэхдээ нэг бодол толгойд орж ирсэн. Монголын ард түмэн миний араас цай сүүнийхээ дээжийг өргөж харамгүй сэтгэлээр аян замыг минь ерөөж байсны хүчинд би энд эсэн мэнд ирж монгол төрийнхөө далбааг мандуулж чадлаа гэж бодсон. Би ямар нэгэн оргилд гарах­даа, ямар нэгэн амжилт гар­гах болгондоо эх орон, элгэн түмнээ сэтгэлдээ тээж явдаг. Аяллын сонин гэвэл үнэхээр их байна. Би замдаа бичлэг хийж явсан. Түүнийгээ ард түмэндээ үзүүлж тай­лан­гаа тавина гэж бодож байна.

Ан амьтан харагдаж үзэгдэв үү?

-Туйлын эцсийн цэгт амьд амьтан амьдрах ямар ч нөхцөл байхгүй л дээ.

Таныг монголчууд ард түмний баатар хэмээн ярьж байна. Удахгүй таныг Мон­голд ирэхээр уулзъя.

-Хэ хэ. Юуных нь баатар байх вэ дээ. Удахгүй Мон­голдоо очоод уулзана аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Начин цолтнуудын халз барилдаанд “Зүүнийхэн” илүүрхэв

Өнгөрөгч ням гаригийн үдийн хэрд Монгол
бөхийн өргөө гишгэх зайгүй үзэгчдээр дүүрчээ. Энэ нь хэн нэгэн гавьяат дуучны
тоглолт бус монгол бөхөө үзэхээр тэр дундаа өнөө цагийн үндэсний бөхийн спортод
өөрсдийн авьяас, уран хурц, дайчин барилдаанаараа гайхагдаж яваа залуу начин
цолтнуудын халз барилдаан байв. Үзэгчдийн суудал хэдийн дүүрч зогсоогоороо
хүмүүс нь бөхөө үзэж харагдлаа. Мэдээж халз барилдааны өмнө найз нөхдөөрөө яваа
хүмүүс өөр хоорондоо бооцоо тавьж байсан юм. Зүүний баг, барууны багуудын халз
тулаан үзэгчдийн уухайн түрлэг дор эхэллээ. Энэ өдрийн барилдаан зургаан тойрог
явагдах учиртай бөгөөд хамгийн олон даваа авсан бөхчүүд зургаан сая төгрөгийн
бай гардах байлаа.

Нэгдүгээр тойрогт “Барууныхан” илүүрхэв

Шижигнэсэн 12 начны тачигнасан
барилдааны эхний давааг улсын начин Б.Гончигдамба Өмнөговийн Ц.Одбаяр начныг
харцагадан дайрч давснаар багтаа эхний оноог авчирлаа. Үзэгчдийн хөөрөл дунд
барилдаан үргэлжилж сүүлийн барилдаануудад өнгөтэй сайхан барилдаж яваа Ховдын
Чандманий Б.Пүрэвсайхан бэлтгэл сайтай байгаа өсөх идэр начин Э.Энхбатаас
дутуугүй байгаа гэдгээ харуулан зүүн талд нь хонгодож давснаар багийнхаа хоёр дахь
оноог авчихсан юм. Улсын начин Б.Амарзаяа “Таван хан”-ы Ч.Баянмөнхийг барьц
сонгооноос хаясан бол Архангайн уран барилдаант начин Р.Пүрэвдагва Ширбазарын
Жаргалсайханыг дугуйлдаж татаад давав. Ингэснээр “баруун”, “зүүн”-ийхний
барилдааны харьцаа адил хоёр хоёр болов. Барилдааны уур амьсгал хаашаа эргэх нь
сүүлийн хоёр барилдаанаас хамаарахаар болж Амарын Батмөнх сүүлийн хэдэн жил
амжилт өндөртэй яваа Ду.Батбаяр начныг тахимдан багийнхаа оноог ахиулсан бол
нэгдүгээр тойргийн барилдаанд “баруун”-ыхан илүүрхэх үү, оноо тэнцэх үү гэдэг
шийдвэрлэх барилдаан Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын начин
Б.Батмөнх, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Сангисүрэн нарын хооронд боллоо.
Тэдний барилдаан үнэн хүчийг үзсэн цусгүй тулаан болсон бөгөөд барьц сонгооноос
Б.Сангисүрэн начин Батмөнхийг хаяснаар “баруун”-ыхан хүчтэй байгаагаа нотоллоо.

Хоёрдугаар тойрогЗүүнийхэн”-ий ялалтаар өндөрлөлөө

Нэгдүгээр тойрогт илүүрхсэн
“Баруун”-ханыг түрүүлнэ гэсэн үзэгчдийн таамаг энэ тойргоос эргэв.
Гарцаагүй
давна гэсэн Б.Гончигдамба начныг дэмжигчид Б.Амарзаяад төдийлөн анхаарал
хандуулсангүй. Гэсэн ч Б.Амарзаяа “их санасан газар есөн шөнө хоосон
хононо” гэгчээр
Б.Гончигдамба начныг татаж мордон давснаар багийнхаа оноог ахиуллаа.
Түрүүчийн
тойрогт унасан Ц.Одбаяр начин хариугаа авч Ш.Жаргалсайханыг эгэм тахим
мэхээр
давсан бол сүүлийн үед бэртэлээсээ болж төдийлөн барилдаагүй “өндөр”
Ч.Баянмөнх Б.Батмөнх начныг давхар
шуудагнаас татаж зүүн талдаа мордон давсан юм. Ду начин Сангийг үндсэн
мэх болох дархан
хавираагаараа давж, Булган аймгийн Могод сумын харьяат өсөх идэр начин
Э.Энхбат А.Батмөнхийг баруун талдаа мордон анхныхаа давааг авлаа. Энэ
тойргийн
хамгийн сүүлийн барилдаан үзэгчдийн хүсэн хүлээсэн начин Б.Пүрэвсайхан
Р.Пүрэвдагва нарын хоорондох “тулаан” байлаа. Сүүлийн дөрвөн
барилдаанд Р.Пүрэвдагвыг хаяад байсан Б.Пүрэвсайхан түүний хутгах мэхэнд
нь тогтсонгүй.
Болж л өгвөл “нударга” зөрүүлчих гээд байдаг хоёрын хувьд сануулга
авснаас хойш
дэвжээн дээр барилдаанаараа гал авалцуулах болсон. Ингэснээр эл тойргоос
зүүнийхэн таван даваа авснаар барилдааныг 7:5-аар хошуучилж эхэллээ.

Гуравдугаар тойрогт “Зүүнийхэн” таван даваа авлаа

“Дүнжингарав” дэвжээний бөх Б.Батмөнх, өсөх
идэр начин Б.Гончигдамба нарын барилдаан сонирхолтой болсон ч өсөх идэр
начин хөлдөө
бэртэл авснаар барилдаанаас чөлөөлөгдсөн. Уг нь тэрээр Б.Батмөнх начны
зүүн
хөлийг нүд ирмэхийн зуурт авсан ч унагаж чадалгүй явсаар даруулсан юм.
Ийн
унахдаа бэртэл авчээ. Уран барилдаант Б.Пүрэвсайхан Өмнөговь аймгийн
“Говийн
хүчтэн” дэвжээний бөх Ц.Одбаярыг барсангүй. Одбаяр начин Пүрэвсайханыг
баруун
талдаа ачихад нь үлдэн цаашлаад хонгодох мэхээр давав. Жүдо бөхийн
шигшээ
багийн тамирчин Э.Энхбат Адъяахүү начны шавь Б.Сангисүрэнг дайрахад нь
хавирч давсан бол Ш.Жаргалсайхан Б.Амарзаяагаас барьц сонгосон ч
даваагаа ахиулж чадсангүй. Тэгвэл Б.Амарзаяа барьц сонгооноос шахаж
татаад давлаа. Архангай
аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва Амарын Батмөнхийг
хаяснаар Зүүний баг 12:6-аар даваагаар илүүрхсэн юм.

Дөрөвдүгээр тойрогт “Зүүнийхэн” түрүүлэх нь бараг
тодорхой боллоо

“Баруухан”-ы гол найдваруудын нэг болох
Б.Гончигдамба начин бэртлийн улмаас цаашид барилдахгүй болсон нь
“Зүүнийхэн”-д
томоохон боломж олгосон гэхэд болно. Өвөрхангайн Б.Сангисүрэн
барилдааны эхнээс Р.Пүрэвдагвыг талбайн зах руу түрэн илүү барилдаан
үзүүлж байсан ч
барилдааны төгсгөлд Архангайн начин сэнжигнээс дунгуйлдаж
уран гоё давлаа. хаялаа. Сэлгээний бөхгүй гэдгээрээ онцлог болсон уг
барилдаанд Гончигдамбын оронд Сангисүрэн начин дахин
талбайд гарч Ду.Батбаярыг дуун дээр нь хавирсан ч өөрөө түрүүлэн
газардсан. Өсөх идэр начин Э.Энхбат Ч.Баянмөнхийг зай өгөлгүй хавирснаар
даваагаа ахиуллаа. Б.Пүрэвсайхан шууны бяртай гэдгээ харуулан
Б.Амарзаяаг давхар шуудагнаас татаж, сэжин өргөн хаясан бол “Хөвсгөлийн
хүчтэн”
дэвжээний бөх А.Батмөнх “говийн хүү” Ц.Одбаярыг цэцийн ширээний өмнө
зүүн хөмөрч давсан нь үзэгчдийг өндөлзүүлж чадлаа. Ш.Жаргалсайхан
Б.Батмөнхийг шуудагнаас татсан ч төдий л амжилт
ололгүй байсаар өөрөө тахим буулгалаа. Ингэснээр зүүнийхэн гурван
тойрогт илүүрхэн 16:8-аар тэргүүллээ хадгалан үлдлээ. Одоо “Зүүнийхэн”
ердөө гуравхан даваа
авахад л бооцоогоо авах боломж нээгдлээ.

Хэн хэн нь тэнцүүхэн өрсөлдсөн тавдугаар тойргийн барилдаан

Энэ тойргийн барилдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат
Б.Сангисүрэн
начин Б.Гончигдамбын оронд
ахин дэвжээнээ гарсан юм. Тэрээр Ц.Одбаярын
хөлд орсон ч гуядуулан унасан. Дараа нь өсөх идэр начин Э.Энхбатыг зай
өгөлгүй хөөн хавирах мэхээр даваагаа ахиулж өмнөх тойргийн алдааг зассан
юм. А.Батмөнх Архангай аймгийн Чулуут сумын харъяат улсын начин
Б.Амарзаяагийн
суганд сэжиж мордон хаясан. Говь-Алтайн Ду начин Ш.Жаргалсайханыг
хавирч хаяснаар “Зүүнийхэн” ялалт авах нь
тодорхой боллоо. Түүнчлэн Р.Пүрэвдагва “өндөр” начныг зүүндээ
хутгаж, Б.Пүрэвсайхан Б.Батмөнхийг давхар шуудагнаас шахаж татаж
хөлөөрөө хашиж
хаялаа. Б.Пүрэвсайхан
өрсөлдөгч бөхчүүдээ шахаж татах мэхээр давсан юм. Энэ тойрогт багуудын
барилдааны харьцаа 3:3-аар өндөрлөсөн ч “Зүүнийхэн”
19:11 ялалт авлаа.

Зургадугаар тойрогт Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарын
тулаан ширүүхэн болов

Өвөрхангайн Тарагтын Б.Сангисүрэн
начин энэ тойрогт Б.Амарзаяагийн хөлд орсон ч өвдөг шороодлоо. “Говийн
хүчтэн”-ий Ц.Одбаяр “Таван хан”-ы Ч.Баянмөнхийг баруун талдаа хутган
давсан бол “Хөвсгөлийн хүчтэн”-ий А.Батмөнх амьдаагаа болох
“Дүнжингарав”-ын Б.Батмөнхийг хонгодож давлаа.

“Аварга”
сургуулиас бөхийн гараагаа
эхэлсэн тэр бүү хэл олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан
Х.Мөнхбаатар
нартай дотуур байранд бужигнуулж явсан улсын өсөх идэр начин
Ш.Жаргалсайхан
“Аварга”-ынхаа Э.Энхбатад өвдөг шороодлоо. Б.Пүрэвсайхан Ду.Батбаярыг
зүүн хонгодон давснаар зургаан барилдаанаас дөрвөн
даваатай өндөрлүүлэв. Шилдэг начингуудын халз барилдааны
төгсгөлийг начин Б.Гончигдамбын оронд гарсан Ховдын Б.Пүрэвсайхан
Архангайн Р.Пүрэвдагва нарын хооронд болов. Тэдний барилдаан хэд хэдэн
удаа
талбайн захад тулсны эцэст Б.Пүрэвсайхан
зүүн талд хонгодон хөөхөд нь Р.Пүрэвдагва начин мэдрэмжтэй гэдгээ
харуулан зүүн гараар далбааны араас барьж мушгиад давсан билээ. Өмнө нь
дөрөв таарч Р.Пүрэвдагва нэг ч даваагүй байсан бол энэ өдөр мөнхийн
өрсөлдөгч Б.Пүрэвсайханыгаа хоёр удаа давсан юм.

Барилдаан дуусахад үзэгчид үүнийг л
хүлээж байсан шүү гэсэн мэт таатай нь аргагүй нь гарч одоцгоолоо. Монголын
үндэсний бөхийн холбоо цаашид ямар барилдаан зохиох бол гэсэн асуултуудыг өөр
хоорондоо тавьж харагдав.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Э.Төрмандах: Би хоолойныхоо чадлаар аархана гэж боддог

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэсүрэнгийн Төрмандахтай ярилцлаа.

Дуучин Э.Төрмандах гэж их аархсан хүн явна гэж дууллаа?

-Та
миний дуулсан “Аар­хал” дууны тухай яриад байна уу.

Харин тийм. “Аархалдуу болон таны тоглолтын тухай л ярьж байгаа минь энэ?

-Тийм
байж. Би чинь 2011 онд “Зүүдний шувуу шиг бүс­гүй минь” гэдэг нэртэй анхны бие даасан тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзан зол­гож байлаа. Тэр цагаас хойш хоёр жил гаруйн хугацаанд уран бүтээлээ хийж яваад өнөөдөр, маргааш хоёр өдөр “Аархал” хэмээх бие даасан тоглолтоо хийхээр боллоо.

Тоглолтоо яагаадАар­халгэж нэрлэсэн юм бэ?

-“Аархал”
хэмээх уран бүтээл маань миний дуунууд дотор ихээхэн орон зай эзэлж, жин дарах бүтээл болсон. Монголын ард түмэн Азийн цээжин дээр төрсөн буянтай улсууд гэж боддог. Миний хувьд Монгол хүн болж төрсөндөө аархаж, омог­шиж, бадарч явах учир­тай гэж санадаг юм. Аархал гэдэг зүйл Эзэн Чингэсийнхээ үеэс байсан гэж боддог шүү. Тийм болохоор нэг үдэш ч гэсэн ард түмэнтэйгээ аар­хаж, омогшиж өнгөрүүлье гэж санаад тог­лолтоо ийн нэ­рийдсэн учир­тай.

Таны бодлоор аархал гэж юу вэ. Зарим нэг да­вилуухан нөхдүүд аархал гэдгийг дээрэлхэх гэдэг утгаар хэрэглээд байх шиг санагдах юм?

-Яг
энэ тухай би уулзсан хүмүүстээ аархал гэж чухам юу болох тухай санал солил­цон өөрийнхөө бодлыг хэлж л явна. Аархал гэхээр манай зарим залуус архидан сог­туурч янз бүрийн авир гаргаж явахыгаа хэлээд байх шиг байгаа юм. Аархал гэдэг тэс өөр ойлголт шүү дээ.

Таныхаар юу нь өөр гэж?

-Монгол
эрсийн судсанд омогшил бардамналын цус буцалж байдаг. Бид цөөхүү­лээ хэрнээ олуулаа юм шиг омогшиж чаддаг. Манайхан эвлэрч чаддаг, буруу омогш­лоосоо болж бүр бутарч байс­­ныг түүх гэрчилнэ. “Аар­хал” дуугаа би яагаад цээжээ дэлдэж дуулдгийн учрыг хэлэх үү.

Бололгүй яахав?

-Монголчууд зөв аархаж чадвал дэлхийд гарна. Бид өөрсдийн хийж бү­тээсэн зүй­лээрээ, хийж чад­даг бүхнээ­рээ аархаж явах хэрэгтэй. Монголын ард тү­мэн аар­хахгүй юм бол өөр хэн аархах юм бэ. Өөр нэг гадны нөхөр ирчихээд аар­хаад явна гэж бодохгүй бай­на. Тэдний зүрх сэтгэлд мон­голчууд шиг омог­ших гень байдаггүй биз гэж боддог шүү. Монгол Улсын гавьяат жү­жигчин Г.Ариун­баатар найз маань Глинкийн уралдаанд түрүүлчихээд ирэ­хээр нь би “Мон­голчууд бид бусад орныхноос юугаараа өөр юм. Дэлхийн дуучид ямар байна. Бид тэд­нээс юугаараа илүү, юугаа­раа дутуу байна вэ” гэж асуу­хад “Тэдний дэр­гэд бидний зүрх сэтгэл шал өөр юм бай­на. Бидний сэтгэл уярах цаг­таа уярч, бадрах цагтаа ба­дарч бай­даг. Тэд бол хэвэнд цутгасан мэт са­нагдлаа” гэж билээ. Энэ бол үнэн. Монгол­чууд уяхан сэт­гэлтэй, бардам байдаг нь энэ сайхан хээр тал, байгалийн үзэсгэлэн гоо, дуулаад барш­гүй газар нутаг биднийг хүн чанартай болго­дог юм болов уу гэж санадаг шүү. Гэхдээ манайхан аархал гэдгийг зөв талаас нь хардаг болжээ. Надтай уулзсан хү­мүүс аар­халын тухай өөр өөрийн­хөөрөө ярьж буйг сон­соод тэгж итгэх болсон. Нэг уяачтай уулзахад л “Тэсийн гол, Гал шарын унага надад байгаа, Аргамагийн тоос дээлэнд минь байгаа” мэт санагдаж байна гэж хэлдэг.

Таны хувьд уран бү­тээлээрээ аархаж байна гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр
ингээд бодож суухад “Аархал” дууг дуулах их хувь заяа надад байжээ гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би хоолойныхоо чад­лаар аархана гэж боддог.

Сүүлд хийсэн таны уран бүтээлүүдАархал“, “Талын хөх чоногэхчлэн эрэмгийн өнгө аястай уран бүтээл байх болж. Дуулах дуугаа та өөрөө ингэж сонгоод байгаа юм уу?

-Миний
хоолойд таа­руу­лан зарим уран бүтээлчид дуугаа хийдэг бол заримыг нь би өөрөө сонгож авдаг. Яа­гаад иймэрхүү хурц шийдэл­тэй уран бүтээлүүд гараад байна вэ гэхээр нэгд миний өөрийн хүсэл зорилго зүрх сэтгэл минь надаас ийм уран бүтээлийг шаардах болсон. Гэхдээ заавал эрэмгий дуу гэлтгүй сайхан уянгын дуу­нууд ч мөн тасархай шүү дээ. Зарим үед эр хүн өөрийн омогшлыг бадрааж явах нь зөв гэдэг утгаараа ийнхүү сонгоод байгаа. Эдгээр дуу­нуудаас гадна “Эх орон эр­чүүдээр дутна”, “Монгол минь ганцхан”, “Нарны орон” гэх мэт эх орон, хань ижил, аав, ээж, үр хүүхдээ хайрлан дуул­сан дуунууд бүгд миний уран бүтээлд багтсан байдаг. Дуу­чид сэдэвт баригдалгүй бүх төрлөөр дуулах учиртай гэж боддог. Би “Чонын хийморь­той эр хүн” дуундаа клип хийх гээд баатрын дүрд найзыгаа тоглуулсан юм. Мань эр мэргэжлийн жүжиг­чин хэрнээ асгартал уйлчих­даг байгаа. Дараа нь яав ийв гэтэл “Баа­тар хүн яагаад уйлж болдог­гүй юм. Баатар хүн яагаад инээж болдоггүй юм. Баатар гэхээрээ эрэмгий зо­ригтой хүдэр хүн байх ёстой юм уу. Баатар хүн ч гэсэн ээжээс төрсөн байж таараа. Ханил­сан ханьтай байж таа­раа. Тийм болохоор нинжин сэтгэл гарахгүй яах юм бэ” гэж билээ.

Гэхдээ нийтийн дуучид нэг хайрцагт багтаасан мэт эх орон, хань, хайр, аав, ээж гэсэн сэдвийн хүрээнд эр­гэлдээд байх шиг санагд­даг шүү?

-Монголын
үндэсний урлаг бол уртын дуу, ардын дуу морин хуур юм. Нийтийн дуу бол ардын дууны араас залган гарч ирсэн урлаг гэж ойлгодог. Нийтийн дуу гэдэг эх орон, нийгмийн сайн сайх­ныг, аав, ээжээ хайрлан дуу­лах учир­тай гэж боддог. Би нийтийн дууг урлаг хэвээрээ байгаасай хэмээн хүсдэгээ ч нуугаад яахав. Нийтийн дуу­наас бусад урсгал, чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй дуучид дуу гэдгийг үгээ хэлэх индэр гэж ойлгодог болсон. Харааж зүхсэн, гутаан доромжилсон янз бүрийн дуунууд их байна. Урлаг нь урлагаараа байх ёстой гэж боддог. Эртнээсээ л манай уртын болон ардын дуучид тайзан дээр гараад ийм бай­на, тийм байна гэж хараал хэлж дуулж байгаагүй. Өнөө цагт монгол ахуй амьд­рал алдагдаад эхэллээ гээд бай­гаа. Тэгвэл энэ монгол ахуйг нийтийн дуучид бид л ард түмэндээ мартагдуу­лах­гүй дуулж байх болно. Ний­тийн дуунд машин, байшин дуу­лаад нэг их өөрчлөлт га­рахгүй биз дээ. Дуу гэдэг өөртөө маш их зүйлийг агуулж, тээж явдаг өв юм.

Нийслэлийн иргэд ний­тийн дууг хөдөөний урлаг гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Харин
нийтийн дууг хө­дөөний урлаг гээд байгаагийн учрыг ойлгодоггүй юм. Үүнд ч санаа зовдоггүй. Монголын ард түмэн хэзээнээсээ нүү­дэллэж ирсэн хөдөөний ахуй­тай хүмүүс шүү дээ. Хөдөө­нийхөн л мах иддэг гэдэг. Улаанбаатарынхан бүгд тэгээд мах иддэггүй хэрэг үү. Их хотын гээд байгаа тэр хүмүүс цагаан хоолоо идээд явах нь яасан юм. Нийтийн дуучдыг хөдөөнийх гэхээр нь харин ч би баярладаг.

Яагаад?

-Хөдөөний
бид чинь мо­рин дэл дарцаглаж уудам талыг алдалж өссөн боло­хоор, айраг цагаанд умбаж өссөн болохоор хотынхноос харин ч эрүүл саруул хүмүүс гэж ойлгодог. Адуу дэлдэж өссөн бидэн хэнээс дутуугүй эр чадал бүрдсэн байдаг юм. Нийтийн дууны урлагт хүч үзэж яваа бидэн цаашдаа гэгээн зам мөрөө үлдээх хэ­рэгтэй. Бидний үеийнхэн дөн­гөж урлагт хөл тавьж байна.

Өнөөдөр залуу дууч­дын дууг нүдээ аниад сон­соход үнэндээ хэн дуулаад байгаа нь ялгарахаа бай­лаа. СУИСийн хэдэн багш нэг арга барилаар заадаг болоод жил бүр ийм дуучид төрөөд байна уу?

-Багш
нарт ямар ч буруу байхгүй ээ. Багш гэдэг өөрийн­хөө мэдэх зүйлийг шавь нартаа заадаг. Шавь нар нь уран бүтээл хийгээд эхлэхээр янз бүрийн уран сайханч нөхдүүд дуурайж уран бүтээл хийх болж. Нэг сайхан уран бүтээлийг сон­сож байгаад караокед орон дуулж үзэнгүүтээ цаашид би дуулж болох юм байна гэж бодоод маргааш нь нэг сту­дид ирээд аранжровшик хийл­гээд дуулж байгаа дуу­чин биш уран сайханчид маш их болсон байна. Тэр дууг нь ФМ, телевизүүд нь ч явуулаад байх юм. Энэ мэтчилэн зүйл­сээс нийтийн дууны нэр хүнд унаад байгаа хэрэг л дээ. Миний зүгээс СУИС-ийн оюутан дүү нартаа сайн уран бүтээл хийгээрэй гэж хэлдэг. Дуучид өөрсдийн гэсэн дуу­лалтын арга барилтай болох хэрэгтэй. Хэрэв эхнээсээ тэ­гээд явчихсан бол нийтийн дууны нэр хүнд өнөөдрийнх шиг унахгүй байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарыг олны танил болсон цагаас хойш нийтийн дуучид олширсон. Монголчууд бүгд л нийтийн дуу дуулдаг. Тийм болохоор тэднээс ялгарах ганц хувь дуучин гэдгээ мэд­рүүлэх нь чухал.

Нийтийн дуучид ам бариад байгаа болохоор бусад урсгал чиглэлийнхэн нь дургүй байдаг гэсэн?

-Хамгийн
ам барьдаггүй дуучид чинь нийтийн дуучид юм шүү дээ. Учир нь тэрхүү дуучид ихэнх нь ногоотой шөлийг идэж, мэргэжлийн сургуулийг нь төгссөн боло­хоор ам барих шаардлага байдаггүй. Харин үглэж бариад байдаг нөхдүүд гүйж харайж дуулдаг хирнээ яасан амьсгааддаггүй юм бэ гэж боддог. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын­хан удахгүй дуучдад шалгалт хийнэ гэж дуулсан. Тэднийг яагаад алга болчихов. Бушуу­хан ирээд шалгаад өгөөсэй гэж хүлээж байгаа. Хэрэв энэ мэтчилэн шалгуур тавиад эхлэхэд хэн нь хэн бэ гэдэг нь ил тод болно.

Дуучид энд тэнд дуулахад хөгжим техник нь болохгүй байна гэж үглэцгээдэг л дээ. Тийм л юм бол гадагшаа яваад техник тоног төхөө­рөмж нь хөгжсөн газруудад очоод дуулж болно шүү дээ. Хэн ч хориг тавиагүй. Хэрэв тэгж чадахгүй юм бол байгаа орчиндоо зохицоод дуулах хэрэгтэй. Тэр нь өөрөө дууч­ны үүрэг болчихож байгаа юм. Удахгүй ам барина гэдэг асуу­дал цэгцрэх байх гэсэн бо­долтой байгаа. Нийтийн дууч­дын тоглолтыг үзсэн хүмүүс хэн нь ам бариад байгааг ял­гаж салгадаг болсон байна лээ.

Таны хувьд ам барьж байв уу?

-Ам
барьж үзээгүй гэж худлаа хэлээд яахав. Оюутан ахуй цагтаа сайн мэдэхгүй дуугаа ам бариад дуулчихдаг л байсан. СУИС-ийг төгссөн цагаасаа хойш ам бариагүй. Би тухайн уран бүтээлээ тай­зан дээр дуулахаараа илүү дуулдаг болохоор ам барих шаардлага ч бай­даг­гүй.

Сүүлийн үед уран бү­тээлийн хулгай хэрээсээ хэтэрлээ. Нэг аятайхан шүл­гийг мөрийг нь аваад өөр шүлгээс нэг мөрийг нь туугаад, ая зохиож буй хүмүүс нь ч мөн ялгаагүй тийм болчихож

-Адилхан
дуунууд байхын алийг тэр гэх вэ. Гэхдээ хөгж­мийн зохиолчид хүний хөгжмөөс нэг тактыг хулгайлж болно гэдэг юм билээ. Хүмүүс ичих нүүрээ элгэндээ наачи­хаагүй бол одоо хулгай хийх нь гайгүй болчих байлгүй дээ. Миний уран бүтээл дээр ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.

Үнэхээр үг, ая нь зо­хиролдсон дууг үнэ хаяж худалдан авч байв уу. Хэрэв байгаа бол үнийг хэлэхгүй юу?

-Миний
хувьд үнэ мөнгөөр дуу авч байсан түүх байдаг­гүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолчид маань өөрсдөө аваад ирчихдэг юм.

Гэргий тань дуучин шүү дээ. Эхнэртэйгээ хам­тарч уран бүтээл хийж байв уу?

-Гэрийн
минь баганыг тү­шин, тулганд гал бадраасан гэргийг минь О.Гансувд гэдэг. СУИС-д манай дээд курст суралцдаг байсан юм. Эхнэр маань уртын дууч мэргэжил­тэй. Гэргийтэйгээ хамтарч уран бүтээл хийж байгаагүй ч эхнэртээ зориулан “Ганцхан чамайгаа” гэсэн дууны үг, аяыг нь хийж бэлэг барьж байлаа. Энэхүү дууг эхнэр маань тоглолтын үеэр дуула­хаар болсон. Цаашид гэргий­тэйгээ дуэт дуулах бодолтой байгаа.

Багадаа таныг шаггүй барилддаг байсан ч дуучин болчихсон гэж дуулсан

-Барилддаггүй монгол хүүхэд гэж юу байхав. Би багадаа үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Тийм ч муу барилддаг байсангүй. Сумынхаа наадамд барил­дан түрүүлсэн ч удаатай. Тухайн үед суманд түрүүлсэн бөхөд цол олгодоггүй бай­лаа. Хэрэв цол олгодог бай­сан бол өдийд сумын заан цолтой нөхөр дуулж явахгүй юу.

Сүүлийн үед ерөөсөө барилдаагүй. Уран бүтээлдээ л цаг заваа зориулж явна. Барилдахгүй болохоор бө­хийн өргөөнд очиж бөхчүү­дийнхээ гайхал­тай уран барилдаануудыг л үзэх юм даа.

Таныг нийтийн дууч­даас их хуралд төлөөлөл байх хэрэгтэй гэж ярьдаг гэж дуулсан. Улс төр со­нирхоод байна уу?

-Улс,
төр, нийгэм болоод Монголын эд баялгийн ту­хай бодохоор сэтгэл эмзэг­лэдэг зүйл олон байдаг. Монгол­чуудын эрх ашигт  нийцэхгүй асуудлууд, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хийж буй зарим үйлдлүүдийн талаар бодохоор онцгүй зүйлс их байдаг шүү дээ. Иймээс энэ бүхнийг зөвөөр залруулах нинжин сайхан сэтгэлтэй урлагийнхнаас нэг хоёр хүн улс төрд гарах хэ­рэгтэй гэж бодогддог юм.

Э.ЭНХБОЛД