Categories
мэдээ нийгэм

Ц.Сайнбаяр: “Монгол хьюндай” эмнэлгийн эмч нар миний охиныг хөлгүй болгосон

-БИДНИЙГ ЭМНЭЛЭГТ ОЧИХООР ХАГАЛГАА ХИЙСЭН СОЛОНГОС ЭМЧТЭЙГЭЭ УУЛЗ ГЭДЭГ. СОЛОНГОС ЭМЧ НЬ “МОНГОЛД ОЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭЖ ХАРИУ ӨГДӨГ БОЛСОН-

“Монгол хьюндай” эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлээс болж 18 настай охин өдрөөс өдөрт хөлгүй болж байгаа талаар иргэн Ц.Сайнбаяр бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Охиноо эрүүл саруул болгох гэж л “Монгол хьюндай” эмнэлгийн эмч нарт хандсан, итгэсэн. Түүнээс охиноо олон удаа хагалгаанд оруулж, амьдын там эдлүүлж, эцэст нь таяг тулж арайхийн алхдаг, хөлгүй нэгэн болгох гэж тэр эмнэлгийг, тэр эмч нарыг сонгоогүй. Энэ эмнэлгийг сонгосондоо үнэхээр их харамсаж байна. Тэд “Охиныг чинь эрүүл саруул болгоно. Хагалгаа ямар ч асуудалгүй амжилттай болно. Та бүхэн мөнгөө л аваад хүрээд ир” гэж бидэнд итгэл найдвар төрүүлчихээд дараа нь юу ч болоогүй юм шиг хоёр жил гаруй худлаа ярилаа” гэсэн юм. Энэ талаар Ц.Сайнбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.

-Та“Монгол хьюндай” эмнэлэгт гомдолтой байгаа юм байна лээ. Танай охин ямар шалтгаанаар энэ эмнэлэгт хандаж, мэс засалд орсон юм бэ. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?

-Миний охин С.Намуунгэрэл төрөлхийн түнхний мултралтай юм. Эхнэр бид хоёр охиныхоо түнхний мултралыг засаж, эрүүл саруул болгох юмсан гэж олон жил хүсч мөрөөдөж ирсэн. Бас охиныхоо хөлийг эмчилж, түнхний мултралыг засах мэс заслын талаар олон жил судалсан. Мэс засалд нь зориулж цалингийнхаа тодорхой хувийг олон жилийн турш цуглуулсан. Охин минь том болохын хэрээр хөлнөөсөө санаа зовдог, сэтгэлээр унадаг болж байгаа нь бидэнд мэдрэгдэх болсон. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол хьюндай” эмнэлэг “Монгол, Солонгосын чадварлаг, туршлагатай эмч нарын баг түнхний мултрал засах мэс засал хийж байна. Мэс засалд орсон хүмүүс эдгэрсэн, эмчилгээ хамгийн найдвартай” гэсэн зар сурталчилгаа тасралтгүй явуулж эхэлсэн. Ингээд хүүхдийнхээ бүх материалыг бүрдүүлээд эмнэлэг дээр яваад очлоо. Биднийг маш найрсагаар хүлээж аваад, эмч нар өвчний түүхийг нь судалсан. Ингээд эмнэлэг дээрээ нэлээд өндөр үнэтэй шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариуг үзээд солонгос эмч нар “Та нар азтай байна. Энэ түнхний мултралыг засч болно. Мэс засал хийгээд ямар ч асуудалгүй болно” гээд л толгой дохиж, хэд хэдэн удаа нарийн тайлбар өгсөн. Ингээд мэс засал хийхээр болсон.

-Мэс засал амжилтгүй болсон юм уу?

-Бидэнтэй удаа дараа уулзаж хагалгааны зардал найман сая төгрөг болох юм байна гэсэн. Бид ч тэр мөнгийг нь өгсөн. Охиноо эрүүл саруул болгож байвал бусад нь хамаа алга гээд мөнгө болох зүйлсээ хүртэл зарсан. Ингээд хагалгаандаа ороход бүх юм нь бэлэн болсон. Мэс засалд ордог өдөр би эмч нараас “Хагалгаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна уу. Охиныг минь бүрэн эдгээж чадах уу?” гэж дахиж лавлаж асуусан. Тэд чадна л гэсэн. Бас “Олон жил болчихсон түнхний мултрал, гэхдээ бид чадна” гэсэн. Хагалгаа бүтэн өдөр үргэлжилсэн.Хагалгаа дуусахад эмч нар нь амжилттай боллоо гээд алга ташаад байсан. Тав зургаан солонгос эмч байсан. Мэдрэлийн судас дайрвал хөлийн хуруу нь хөдлөхөө больчихдог гээд хөл гарыг нь бидний нүдэн дээр хөдөлгөж үзээд амжилттай боллоо гэсэн. Охин маань “Би эдгэчихлээ гоё боллоо гээд” бөөн хөөр болсон. Өвдсөнөө ч мэдэхгүй байсан. Тэгээд маргааш нь зураг авсан. Хажуу тийш нь харуулж авдаг юм байна. Тэгсэн эмч зургийг нь хараад хадаас нь мултарчихсан байна гэсэн. Солонгос эмч “Та нар зураг авахдаа хөдөлгөчихлөө” гэсэн. Гэвч үнэндээ мөчидхөн хадсан юм байна лээ. Тэгээд л жаахан хөдлөхөд нь мултарчихсан хэрэг. Хадаасаа маш муу, бараг буруу тогтоогоод хүнийг тэгж алж байгаа юм. Хоёрхон хадаасаар тогтоочихсон байсан. Нөгөөх нь хажуу тийшээ болгоход салаад уначихаж байгаа юм. Ингээд маргааш нь хадаас мултарсан учраас хагалгаанд орохоор болсон. Гэвч хагалгаа амжилтгүй болсон талаар бидэнд хэлж, Солонгос Улс руу авч явж хагалгаа хийх шаардлагатай гэсэн.

-Тэр даруй авч явсан уу?

-Үгүй дээ. Бүр таг чиг, сураггүй болцгоосон. Энд байгаа эмч нараас нь асуухаар “Урилга ирээгүй байна” гээд л хүлээлгээд байсан. Аргаа бараад бид БНСУ-ын Элчин сайдын яамаар хөөцөлдсөн. Ингээд код гаргуулсны дараа Солонгос руу явсан. Нөгөө бүх зардлыг даана гээд байсан эмч нар “Онгоцны билетээ өөрсдөө гарга” гэсэн. Бид ч өндөр хөгжилтэй газарт охин минь эрүүл болох байх гээд 2.8 сая төгрөгөөр билет авсан.

-Солонгот очоод хэдэн удаа мэс засалд орсон бэ?

-Охин, эхнэр хоёр минь Солонгосоос маш их зовж ирсэн. Манайх сэрүүн орны хүмүүс, тэд чинь халуун орных. Орчин тааруу газарт мөнгө муутай гурван сарыг арай гэж өнгөрүүлээд ирсэн. Бидэнд эхлээд Солонгосоос хагалгаа амжилттай боллоо гэсэн мэдээ ирсэн. Тэгснээ хэд хоногийн дараа амжилтгүй боллоо гэсэн. Ингээд Солонгосын эмнэлгийн хаалгаар хоёр хөл дээрээ алхаад орсон охин маань их том төмөртэй эргээд ирсэн. Тэд онгоцны хаалгаар багтахгүй шахам том боолт хийгээд явуулсан байсан. Замдаа хөл нь их хөндөгдсөн байна лээ. Солонгос эмнэлэг хөлөнд нь туухай зүүдэг юм байна. Жинг нь бага багаар хасаж авах байтал ирэхийнх нь өмнөх өдөр гэнэтхэн авчихсан байгаа юм. Тэгэхээр сунасан мах нь эргээд агшчихдаг юм байна. Эмч нар охины минь чөмөгний ясыг тайраад нээх урт төмөртэй нийлүүлж хадчихаад буцаасан юм билээ. Одоо ч тэр ирийсэн олон хадаастай хэвээрээ байгаа.

-Одоо тэгээд эмчилгээ огт байхгүй гэсэн үг үү. “Монгол хьюндай” эмнэлгийн эмч, удирдлагууд та бүхэнтэй уулзаж байгаа юу?

-Уулзаж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна. Манай эхнэр эмч нартай нь удаа дараа уулзсан. Тэр бүрт “Солонгост хагалгаа хийсэн эмч нар нь мэднэ” гэсэн хариу өгдөг. Мөн “Та бүхэн дуудвал энд ирэх бүрэн боломжтой. Бид тэднийг мэдэхгүй” гэсэн. Хоорондоо хэрэлдэж, маргалдаад хоёр хуваагдчихаад байгаа юм гэсэн. Бид аргаа бараад орчуулагч хөлслөөд Солонгос руу хагалгаа хийсэн Ким эмчтэй ярьсан. Тэр эмч Монголд ирж амжихгүй гэсээр жил болчихсон. Тэр хүн “Монгол явах эрхийг маань монголчууд хаачихсан” гээд худлаа яриад байсан. Өөрөөр хэлбэл, одоо миний охины хөлийг хариуцах хүнгүй болчихоод байна. Үнэндээ эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж манай хүүхэд хохирчихоод байна.

-“Монгол хьюндай” эмнэлгийн эмч нар үзлэг хийхгүй байгаа хэрэг үү?

-Монгол эмч нь ахиад үзье гэсэн. Охин маань сэтгэл санаагаар маш их унаж байна. Анхнаасаа чадахгүй, сэтгэлгүй ажиллах байсан юм бол яах гэж нялх охиныг минь эдгээнэ, “Бидэнд итгэ” гэж хуурч хагалгаа хийсэн юм бэ. Хэрвээ ажилдаа эзэн болж, сэтгэлтэй хандсан бол хөлөнд нь хадсан хадаас ганцхан хөдлөхөд мултраад унахгүй шүү дээ. Үүний дараа бид Солонгост очоод эдгэчихээд ирнэ гээд найдаж явуулсан. Гэвч бүр дордуулаад буцаачихсан. Одоо энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй байхыг оролдож байна. Бид “Монгол хьюндай” эмнэлэгт үнэхээр их гомдолтой байгаа. Тэдний эмч нар “Хагалгаанд оруулж, эдгээх боломжтой. Мөнгөө аваад ир. Бид чадна” гэж бидний итгэлийг хүлээж, охиныг минь удаа дараа хагалгаанд оруулсан учраас хариуцлагаа хүлээж, биднийг хохиролгүй болгох хэрэгтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндийн хохирлыг бүрэн шийдэж өгөх хэрэгтэй байна. Охиныг минь өмнөх шиг нь явдаг, гүйдэг болгож өг. Үүний дараа сэтгэл санаа болон эд материалын хохирлыг “Монгол хьюндай” эмнэлэг барагдуулах ёстой. Бид энэ асуудлаар шүүхэд хандаад байгаа.“Монгол хьюндай” эмнэлгийн эмч нараас болж алхаж гүйдэг байсан охин минь одоо гэрээсээ ч гарч чадахгүй, байнгын шахам хэвтрийн болчихоод байна. Ийш тийш явахдаа таяг тулаад арай гэж хэд алхаж байна. Тэд энэ асуудлыг ингээд хаячих байх гэж бодоод байх шиг байна. Үгүй, охиныхоо эрүүл мэндээр тоглуулчихаад зүгээр орхино гэж байхгүй. Хариуцлага хүлээх ёстой хүмүүст нь хуулийн зохих шийтгэлийг нь хүлээлгэж, арга хэмжээ авна. Энэ бол ганцхан миний охины ч биш цаашид эрүүл мэндээрээ, амьдралаараа, эд хөрөнгөөрөө тоглуулж мэдэх хүмүүст хамаатай асуудал.


Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэрэгт сайд Ц.Нямдорж ч, прокурор ч тэвчээртэй байх ёстой

– ХЭН ХЭН НЬ АЛДАА ГАРГАЖ БАЙНА ГЭВ –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Улмаар уг хэргийг үйлдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар хорих ялаар шийтгүүлсэн билээ. Гэсэн ч С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байсаар байгаа юм. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын төрийн томоохон албан тушаалтнууд хорих ялаар шийтгүүлээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хууль хяналтынхан хэлмэгдүүлж буй талаар олон нийтэд удаа дараа мэдэгдсэн. Харин дээрх хэргийг илрүүлсэн ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсэг Ц.Нямдорж нарын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж, хавтаст хэргээс зарим баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Ингээд зогсохгүй УЕПГ-аас хэргийн талаарх ноцтой мэдэгдэл ч хийж байсан. Өнгөрсөн даваа гаригт гэхэд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцсон. Тэрбээр “Засгийн газраас тогтоол гарч, зарим хавтаст хэргийг нь нууцаас гаргасан бөгөөд одоогоор 71 хуудас хэрэг нууцын зэрэглэлд үлдсэн. Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огт мэдүүлэг өгдөггүй. Б.Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн. Хэргийн газраас С.Зориг агсан болоод Б.Булган нарын гарын хээ олдоогүй. Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй, шаардлага хангаагүй ч байж мэднэ.

С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа. Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хэрэг илэрсэн нь таалагдахгүй байх шиг байна. Үүний цаана ямар нэгэн далд сонирхол байж болзошгүй” гэх утга бүхий тайлбарыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр онцолж байсан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд тэрбээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгуулахгүй байх сонирхолтой өндөр зохион байгуулалттай, улс төрийн их хүчтэй бүлэглэл байна” хэмээн ярьсан удаатай. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч “Цензургүй яриа” нэвтрүүлэг гарсны маргаашнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийгээд эхэлсэн. Прокурор хэрэг мөрдөн шалгах ажлын хэсгийг ахалсан нь буруу гэдгээс эхлээд хууль зөрчсөн байж болзошгүй олон ноцтой асуудлын талаар тэрбээр хөндөөд буй. Өмнө нь ч хэд хэдэн удаа хэргийн талаар мэдэгдэл хийчихсэн байгаа.

ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ АЙДАС БУЮУХАВТАСТ ХЭРГИЙН МАТЕРИАЛААС ИЛ БОЛГОСНЫ ЦААД ШАЛТГААН

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрсэн. Захиалагчийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор гарч байгаа асуудлын талаар хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Хуульчдын хэлж байгаагаар ТЕг, ЦЕг, УЕПг-аас ажлын хамтарсан баг хэргийг шалгаж байгаа. Гэтэл ажлын хэсгийг прокурорын байгууллага ахалсан нь буруу гэнэ. Прокурорын байгууллага хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Түүнээс хэргийг мөрдөн шалгах ажлыг нь удирдан зохион байгуулаад, мөрдөгчийн ажлыг зааж чиглүүлээд явах нь буруу гэдгийг онцолж байв.

Мөн 68 хуудас хавтаст хэргээс 71 хуудас материалаас бусад нь улсын нууцаас гарсан. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг яг ямар мэдээлэл, баримтаар илэрсэн бэ гэдгийг ил тод гаргах ёстой гэнэ. Олон нийтийн мэдэхийг хүсч байгаа гол зүйл нь энэ гэдгийг хэрэг шалгасан, хянасан, шүүн тасалсан бүх хуульч сайн мэдэж байгаа гэдгийг онцлон хэлж байв.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдэл хийсэн. Мөн баримтат нэвтрүүлэг ч цацсан. Үүний дараа “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Б.Булганы хууль хяналтын байгууллагын ажилтны өөдөөс салаавч гаргаж байгаа бичлэг, Б.Содномдаржаагийн бусдад агсам тавьж, зодож танхайрч байгаа бичлэгийг ил гаргасан. Энэ талаар хуульчид “Хэргийг үнэхээр үнэн шударгаар илрүүлсэн үгүйг хэлж мэдэхгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэмт хэрэгтнүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс тодорхой болно. Энэ хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу илрүүлсэн байна гэж хэлэхэд эрт байна. Харин хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын ярьж байгаа байдал, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгсөн баримт зэргээс харахад нэг зүйл маш тодорхой анзаарагдсан. Хэргийг илрүүлсэн ажлын хэсгийнхэн гол баримтаа гаргахгүй мөртлөө олон нийтэд Б.Содномдаржааг хүн алахаас буцахааргүй танхай балмад гэсэн ойлголт өгөх гэж хичээж байгаа. Эхнэрийнх нь хийсэн бичлэгийг олон нийтэд ил гаргасан зэрэг нь арга ядсан зүйл. Мөн булганы салаавч гаргаж байгаа бичлэгийг гаргаж байгаа нь ч цаанаасаа захиалгат ярилцлага гэдэг нь тодорхой харагдаж байна. Хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийг аТг, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгах гэж байгаа гэх мэдээлэл ирсэн. ажлын хэсэг шалгагдахаас айгаад байх шиг байна. Тэгээд гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэн болон салбарын сайд, УИХ-ын зарим гишүүн С.Зоригийн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл хийх бүрт эсрэг арга хэмжээ авч байна. Үүнээс болоод тагнуул, цагдаа, прокурор шүүхийн байгууллага бусдыг хэлмэгдүүлдэг гэсэн ойлголтыг олон нийт авч байна” гэх тайлбарыг бидэнд өгч байна лээ.

Мөн хуульчид олон улсад захиалгат аллагын хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн тохиолдолд шалгаад шүүхээр шийтгүүлдэг арга тогтолцоог ажлын хэсгийнхэн хэрэглэсэн нь зөв гэдгийг онцлон ярьж байна лээ. дэлхий нийтэд захиалгат гэмт хэргийг илрүүлэхдээ эхлээд хэргийг гүйцэтгэсэн хүмүүсийг олдог аж. гүйцэтгэгчдийн хэргийг шалгаад шүүхэд шилжүүлдэг. Дараа нь захиалга өгсөн гэмт хэрэгтнүүдийн хэргийг мөрддөг гэнэ. Бүлэг гэмт хэрэг хэмээн үзэж захиалагч илэрсний дараа гүйцэтгэгчдийн хамт хэргийг шүүхэд шилжүүлэх нь буруу аж. Захиалагчдыг илрүүлэх хугацаа хэдэн ч жилээр үргэлжилж болдог байна. Тэднийг хамт шийтгэнэ гэвэл хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд хоригдохгүйгээр сул чөлөөтэй явах болдог гэнэ.

Ц.НЯМДОРЖ ЮУНААС АЙЖ, САНДРААД БАЙНА ВЭ

С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Гэмт хэрэгтнүүдийг барьж, цагдан хориод байгаа талаарх мэдээлэл гарч эхэлснээс хойш Хууль зүйн сайд Ц.Нямдорж эсрэг мэдэгдэл хийж эхэлсэн. Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж байгаа талаар хамгийн анх мэдэгдэл хийсэн. “Хэргийг илрүүлсэн ажлын хэсэг хууль зөрчиж байна. гурван шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан. Монголын хууль хяналтын байгууллагын завхрал гурван хүнийг хэлмэгдүүлж байна” гээд л олон удаа ярьсан. Хууль зүйн сайд хууль хяналтын байгууллагын талаар сөрөг зүйлс яриад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа мэт байдалд түүнийг оруулсан. Энэ талаар хуульчид “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд салбарын сайд саад учруулах зорилгоор “Энэ хэргийг буруу шүүсэн. Хууль хяналтынхан бусдыг хэлмэгдүүлж байна” гээд яриад байгаа нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байна гэсэн үг. Үүнийг Ц.Нямдорж, Ж.Батзандан нар сайн мэдэж байгаа. Түүнчлэн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч илрэх гэж байгаа эгзэгтэй үед энэ хэргийн талаар байнга ярьж байгаа нь цаанаа ямар нэгэн том зорилго агуулж байж болзошгүй гэх хардлага төрүүлэхээр байна. Хэрэгт ямар нэгэн холбоогүй юм бол Ц.Нямдорж бүх зүйлийг шалгаж дуустал чимээгүй л байх байсан. Энэ хэрэгт хамгийн ихээр санаа зовж байгаа нь ямар нэгэн учир байна” гэх таамаглалыг бидэнд ярьсан юм. Мөн Ц.Нямдоржид хэргийн талаар мэдээлэл өгдөг төрийн алба хаагч байх магадлал өндөр байгаа гэнэ. Ц.Нямдорж хүн амины хэрэгт гурван шатны шүүхээр ял авсан хүмүүсийг өмөөрч байгаа нь энэ хэргийн захиалагчдыг илрүүлэх сонирхолгүй байгаа мэт харагдуулж байгааг олон хүн хэлж байна лээ.

Бие биенийгээ хянах ёстой хууль хяналтын байгууллага бусдыг хэлмэгдүүлдэг гэмт хэргийн бүлэглэл болсон уу, эсвэл улс төрийн томоохон албан тушаалтнууд хэрэгт холбогдох гээд айж сандраад байна уу гэдгийг ганцхан зүйлээр тайлж болно. Тэр нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг хэрхэн илэрсэн, ямар нотлох баримтаар гэмт хэрэгтнүүдийг буруутгаж байгаа вэ гэдгийг ил гаргах л юм. Мөн хэрэг бүрэн шийдэгдтэл Ц.Нямдорж сайд ч, прокурор ч тэвчээртэй хандах ёстой гэдгийг онцолж байсан юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Лхагвасүрэн: Хүүхэд, залуус хар тамхинд нэрвэгдэж, монгол үндэстэн мөхлийн ирмэг дээр ирчихээд байна

– ДӨРВӨН ХҮҮХДИЙН НЭГ НЬ ХАРТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН-


Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүүхэд, залуусын дунд цагаан тахал хэмээн нэрлэгдэх болсон мансууруулах бодисын хэрэглээ хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас хэдийнэ гарсан. Хэдэн зуун мянган хүүхэд залуус хар тамхинд донтох болсон нь монгол үндэстэн мөхөх аюулын харанга дэлдэж байгаа явдал. Энэ талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Хууль хяналтын байгууллага хар тамхины хэрэглээг хяналтаасаа хэдийнэ алдчихсан гэж та хэлж байна. Тэр дундаа хүүхэд, залуусын дунд хар тамхины хэрэглээ хавтгайрсангэж байгаа. Эндээс ярилцлагаа эхэлмээр байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр шахам хар тамхи, мансуурсан гэх хүмүүсийг баривчилсан, худалдан борлуулдаг, хэрэглэсэн гэмт хэргийн бүлэглэл баригдаж байгаа талаар мэдээлэл гарч байна. Жилд хэдэн мянган хүн хар тамхины хэргээр баригдаж байна. Гэвч жилээс жилд хар тамхи хэрэглэгчдийн тоо өссөөр байна шүү дээ. Бид өнөөдөр цогц арга хэмжээ авах нэн шаардлага бий болоод аюулын харанга дэлдээд эхэлчихлээ. Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрчихээд байгаа нь хүн бүхэнд ил болчихлоо шүү дээ. Хатуухан бөгөөд үнэнийг шуудхан хэлсэн нь дээр байх. Хар тамхины хэрэглээнээс болж Монгол Улс мөхөх аюулын яг ирмэг дээр байна.

Энэ асуудалд төр засаг, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, эцэг, эхчүүд нийлж, анхаарлаа хандуулж дорвитой, гарт баригдаж нүдэнд харагдахаар зүйл хийхгүй бол цаашид монгол үндэстэн байх уу, үгүй юү гэдэг дээр тулчихлаа шүү дээ. Олон улсын байгууллагуудманай улсын хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна. Олон арван төсөвт хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн зуун сая төгрөг зарцуулж байна. Харамсалтай нь, энэ мөнгө очих ёстой хүндээ очихгүй, хэн нэгэн танил тал, ах, дүү хамаатан садангийн амар хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл, сэдэв, сэдэл болоод удаж байна.

-Монгол үндэстэн хар тамхи буюу цагаан тахлаас болж мөхлийн ирмэг дээр ирчихсэн гэж та сая онцолж хэллээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм ээ, Үнэхээр ийм байдалд орчихоод байна. Өнөөдөр ямар хүмүүс хар тамхи хэрэглэж байна вэ гэх асуултад хариулт өгөх нь зүйтэй болов уу. Бид өнгөрсөн жил цагдаагийн байгууллага, Сурагчдын холбоотой хамтарч ерөнхий боловсролын сурагчдын дунд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар маш тааруу үзүүлэлт гарсан. Бидний хийсэн судалгааны дүгнэлтээр мансууруулах бодисын хэрэглээ хүүхдүүд дунд хавтгайрчихсан нь тодорхой гарсан. Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэх тоо гарсан. Өмнөх жилүүдэд хар тамхийг амьдралын боломж сайтай айлын хүүхэд хэрэглэдэг гэсэн ойлголт байсан. Тэгвэл одоо хар тамхины хэрэглээ баян, ядуу гээд бүх давхаргад бий болчихсон байна шүү дээ. 130 гаруй мянга гэдэг бол зөвхөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд гарсан тоо баримт юм. Залуус дунд тэгэхээр ямар байдалтай байгаа нь ойлгомжтой юм. Бидний хойч үе, залуус хар тамхины донд нэрвэгдчихлээ. Хар тамхи ингэж л улс орныг үгүй хийдэг зүйл. Яагаад үндэстэн мөхдөг юм бэ гэдгийг тодруулж хэлэх ёстой. Хар тамхи хэрэглэсэн хүнд эрүүл мэндийн хувьд маш хүнд байдалд ордог. Нөлөөлөхгүй эрхтэн гэж байдаггүй юм. Хамгийн эхлээд мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхлэхээр нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгнө. Дараа нь сэтгэцийн өөрчлөлттэй болдог. Сэтгэц нь хар тамхи хэрэглэхийг үгүйлж эхэлдэг. Дараа нь бие нь хамааралд ордог. Манай нэг үйлчлүүлэгч гэхэд хичээлдээ удаан цагаар сууж чадахгүй болчихсон. Тэр бодисоо хэрэглэхгүй л бол уналт, таталт өгөөд байдаг болчихсон байсан. Мансуурдаг зүйлээ хэрэглэхгүй л бол амьсгалын зам нь боогддог болчихсон. Дон гэдэг өвчин ингэж эхэлж байгаа юм. Тархинд нөлөөлнө. Сэтгэцийн олон төрлийн өвчин тусдаг. Үүнийхээ дараа хар тамхи хэрэглэсэн хэрэглээгүй аль ч цаг үед тухайн хүн тэнцвэрээ алддаг болчихсон. Яг л согтуу хүн шиг гуйвж дайвж явдаг болчихдог. Эндээсээ таван цул эрхтэнд нь нөлөөлж эхэлдэг. Маш хортой бодис хэрэглэж байгаа болохоор элэг цэвэршүүлж чадахгүй болчихдог. Ингээд элэгний хорт хавдар, циррозтой болж байна. Зүрхэнд ачаалал өгч, зүрхний шигдээс болох, шууд хаагдах хорт үр дагавартай болдог. Мөн арьсан дээр янз бүрийн толбо гардаг. Тэр нь огт арилахгүй. Ямар ч тос түрхэж, эм уугаад арилдаггүй. Хар тамхи хэрэглээд мансуурсан үедээ хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд ордог. Үүнээс болоод бэлгийн замын халдварт өвчин тусч байна. ДОХ халдварлах магадлал маш өндөр байна.

Өөрөөр хэлбэл, судсаар тарьж хэрэглэхдээ нэг зүү тариурыг олуулаа хэрэглэдэг. Энэ бүгдээс болоод бэлгийн замын халдварт өвчин тусч байна. Мөн төвөнх цагаан хоолой, амьсгалын замын салстууд гэмтдэг. Үүнээс болоод улаан хоолойн хорт хавдартай болж байна. Энэ бүгдийг нэгтгээд хэлэхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүн эцэстээ нэг ч эрүүл эрхтэнгүй болдог нь хамгийн аюултай, харамсалтай байна. Бидний үр хүүхэд ийм аюултай зүйл рүү орчихлоо. Тэгэхээр нөгөө эрүүл саруул өв тэгш биетэй залуус байхгүй болчихно гэсэн үг. Унжгар, ямар ч сүлд хийморь, цог золбоо байхгүй, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлгүй, боловсрол мэдлэг байхгүй хүн бий болно. Хар тамхинд донтоно гэдэг тэр хүн амьд үхдэлтэй адилхан болж байгаа юм. Тэр хүний тархинд хар тамхи яаж олох вэ гэсэн зүйл бодогдохоос эрүүл оюун ухаанаар юуг ч сэтгэж бодож чадахгүй болно. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад орнуудад оюун ухаан, бяр чадал гээд бүх зүйлээрээ өрсөлдөх ирээдүй хойч үеэ минь амьдаараа мөхнө. Хар тамхи хэрэглэж байгаа хүнээс хэзээ ч эрүүл саруул хүүхэд төрөхгүй. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд хар тамхины хэрэглэгчдын тоо нэмэгдэх болсон. Хар тамхи үндэстэнг ингэж л мөхөөдөг юм. Бид хүссэн хүсээгүй байгалийн хуулиар энэ улс орноо дараагийн хойч үедээ өгнө биз дээ. Гэтэл бидний хойч үе мансуурагч болчихсон зогсож байна гээд бодоод үз. Хууль хяналтын хараа хяналтаас гарч, хэрэглэгчдийн тоо ихсэх тусам тухайн улс орон аймшигтай болдог. Бүр хотын гудамжаар жирийн иргэн явж чадахгүй болно. Голландын нийслэл Амстердамд гэхэд гадаадын хүмүүс очиж чадахгүйд хүрээд байна ш дээ. Энд тэндгүй хөл гараа тайруулсан хар тамхичид гуйлга гуйгаад зогсож байна. Онц ноцтой хэргүүд гардаг. Тэгвэл манай улс ч гэсэн энэ байдлаараа удаан байвал яг л Голланд шиг болно.

-Ямар арга замаар хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа талаарх судалгаа, тандалт байдаг уу?

-Манай улсад дэлхийн зах зээлд зарагдаж байгаа бүх төрлийн хар тамхи худалдаалагдаж байна. Бүр бие биенийгээ зохион байгуулалттайгаар хар тамхинд уруу татуулж оруулдаг. Монгол хар тамхи худалдаалж их хэмжээний ашиг олох сонирхолтой гэмт бүлэглэл хэдэн арваараа бий болчихлоо. Нэг найз нь хүмүүстэй нийлж хар тамхи татаж үздэг. Маргааш нь ангийнхаа хүүхдүүдэд гоё сайхан мэтээр суртал ухуулга хийдэг. Ингэж л өдрөөс өдөрт улам бүр цар хүрээгээ тэлж байна.

Хар тамхинд донтогчдын дүр төрх

-Цаашид яах ёстой вэ. Хар тамхины хэрэглээг бууруулах боломж байгаа биз дээ?

-Монголын төр засаг, хууль хяналтын байгууллага, холбогдох байгууллага, эцэг, эх, сургуулийнхэн гээд нэгэн цогц бодлоготой болох шаардлагатай байна. Өнөөдөр хууль сул байгаа нь хар тамхи татах байдлыг улам бүр өөгшүүлж байгаа.

Нэг хүн хар тамхины хэргээр гурван ч удаа цагдаа нарт баригдчихаад байхад хууль хяналтын байгууллага толгойг нь илээд явуулдаг. Үүнийгээ болих ёстой.

Хуулиа чангатгаж байж л үүнийг таслан зогсоох эхлэл болно.Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулмаар байна. Энэ талаар сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай байна. Бид сүүлд судалгаа хийж үзсэн. Бүр ангиараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа анги хүртэл байсан. Энэ бүгдийг нэртэй, сургуультай нь гаргах гэхээр бөөн асуудал гарч байна. Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залууст судалгаа хийж үзсэн. Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон . Дараагийн асуудал эцэг, эхчүүд хүүхдээ хаана хэнтэй нийлээд яваад байгааг мэдэж байх. Хүүхэд нь хар тамхи хэрэглэхээс урьдчилсан сэргийлэх тал дээр тогтож анхаарах хэрэгтэй байна. Хүүхэд нь мансуурагч болохоос өмнө урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа хандуулах нь юу юунаас илүү чухал байна. Хар тамхи хэрэглэгчдийг эрүүл мэнд, сэтгэцийн хувьд эмчилдэг болох ёстой. Монгол Улс цаг алдалгүй хар тамхины асуудалд арга цогц арга хэмжээ авахгүй бол тун хэцүү байдалд орчихлоо.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баттөр: Монголчууд нэгнийгээ муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байна

Сэтгэл судлаач Ц.Баттөрийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихсан, бүр үнэн голоосоо үзэн яддаг болсон шалтгааны талаар ярилцлаа.


-Монголчууд монгол хүндээ яагаад дургүй болчихсон талаар танаас асуумаар байна. Нэгнийгээ үзэн ядах, харааж зүхэх, зодох, амь насыг нь хөнөөх гээд л олон зүйлийн талаар танаас асууж тодруулах гэсэн юм. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаачийн хувьд тайлбарлаж өгөхгүй юү?

-Таны хэлж байгаа монгол хүн нэгнийгээ үзэн яддаг болчихсон гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Шуудхан хэлэхэд монгол хүний гол дайсан нь монголчууд өөрсдөө болчихоод байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Та өнөөдөр анзаарч байгаа байх. Таны ойр тойрны хүмүүс нэг газар цугларч ярилцдаг. Харамсалтай нь ярианы гол сэдэв хэн нэгнийг муу хэлэх, үзэн ядах байдаг. Амьдралын боломж нь сайжирч, мэргэжилдээ амжилт гаргаж яваа хэн нэгнийг бид ярихдаа “Энэ хэзээ ийм байсан юм бэ. Хөгийн амьтан гутлаа чирээд явж байдаг байсан. Одоо бүүр өнгө зүс орчихжээ” гэхэд нөгөөх нь “Наадах чинь тэгж яваад мөнгөтэй болсон гэсэн. Ажилдаа амжилт гаргаад байгаа цаад шалтгаан нь ийм учиртай” гээд л ярьдаг. Амжилт гаргаж яваа эмэгтэй хүнийг аль нэг даргатай явалддаг гэх мэтээр ярьдаг. Харин эрэгтэйг нь даргын цүнх барьж гүйсээр байгаад энэ албан тушаалд ирсэн гээд л яриад байдаг. Амьдрал нь тааруу яваа таньдаг хүнийхээ талаар гэхэд “Үе удмаараа арчаагүй хүмүүс байсан юм. Энэ угаасаа ингэж явах заяанд төрчихсөн амьтан” гэх мэтээр ярьдаг. Яагаад энэ бүгдийг яриад байна вэ гэхээр монголчуудын тодорхой, магадгүй дийлэнх хэсэг хүн муугаар хэлэх дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байгаа юм. Хүмүүс өөрийн мэдэлгүй ийм төрлийн өвчтэй болчихоод байна. Хүн муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн өвчин нь хүндрээд ирэхээр олон муу үр дагавар дагуулдаг. Хүн муугаар яриад байхаар өөрт нь ямар ч хамааралгүй хүнийг хүртэл үзэн яддаг болчихдог.

Үүний тод жишээг хэлэхэд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа нэгнийгээ барьж өгдөг хүмүүс байдаг. Монгол хүн монгол хүнээ матаж барьж өгөөд байгаа цаад шалтгаан нь нэгдүгээрт, өөрөөс нь илүү мөнгөтэй болоод байна. Ажлаа сайн хийгээд байна гэж атаархаж боддог. Атаархал нь шууд үзэн ядалт, атаа жөтөө, өс хонзон авах үйлдлийг хийлгэдэг.Өөрөөр хэлбэл, өөрийгөө дөвийлгөх буюу эгоизм хэмээх хувиа хичээх үзэл гэх өвчний хавсарсан шинж тэмдэгтэй хүмүүс бусдад атаархаж, өс санаж явдаг. Ингээд элэг нэгтнээ матаж бариулдаг. Дараагийн жишээ нь замын түгжрэлд явж байгаа жолооч нар хоорондоо муудалцдаг. Түгжрэл дундуур машинтайгаа сүлжиж давхин бие биенийхээ урд, хойно орж шахалцдаг. Урд нь явж байгаад гэнэт тормос гишгэж осол аваар гаргах дөхдөг. Тэгснээ машиныхаа цонхыг онгойлгож янз бүрийн хараал хэлдэг. Үүний дараа замын голд зодолддог. Нэгнийгээ хайрлах энэрэх ямар ч сэтгэлгүйгээр зоддог. Цусыг нь гоожуулж байж санаа нь амардаг. Сүүлийн үед нэгнийгээ хажуугаар нь зөрөхдөө мөрлөж гарлаа гээд муудалцаж зодолдоод амийг нь хөнөөсөн хэрэг олон гарч байна. Хүмүүсийн энэ цочмог хурдан уурлаж, байгаа нь бусдыг үзэн ядах өвчнөөс үүдэлтэй юм.

-Юунаас болж бусдыг үзэн ядах өвчтэй болж байна вэ?

-Дэлхийн бусад оронд хүүхдийг дөрвөн настайгаас нь эхлээд хувь хүн болж төлөвшихөд гол нөлөө үзүүлэх хичээл заадаг. Солонгосчууд гэхэд хүүхдүүдээ багаас нь солонгос хүн оюун ухаан бяр чадал гээд бүх зүйлээс дэлхийн бусад улс орны хүмүүсээс илүү. Хамгийн шилдэг нь гэсэн ойлголтыг бат бөх суулгаж өгдөг. Германчууд ч ялгаагүй яг л ийм байдлаар хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Гэтэл манайхан эсрэгээрээ байдаг шүү дээ. Аав, ээж нь гэртээ хүүхдүүдийнхээ хажууд хэн нэгнийг үзэн ядаж, муулаад байдаг. Хүндэлж хайрладаг, хамгийн ихээр үлгэрлэдэг аав, ээж, хамаатан садан нь хэн нэгнийг муу хэлээд байхаар хүүхдийн оюун ухаанд бусдыг үзэн ядаж болдог гэсэн үзэл бат бөх суучихдаг.

Сэтгэцийн өвчний эх үүсвэр нь ёс суртахуунгүй болж байгаагаас үүдэлтэй. Ёс суртахуун байхгүй болохоор хэн нэгнийг хүндэлж, хайрлахгүй болдог. Бас бусдаас ичиж эмээхээ больдог. Энэ байдал бий болоод ирэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн, амьтанлаг, араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихдаг. Миний түрүүнд ярьсан бусдыг үзэн ядах, монгол хүн монголчуудаа хайрлахгүй байгаа гол шалтгаан үүнээс үүдэлтэй. Ёс суртахуунгүй хүн ичиж, санаа зовохоо больдог. Үүний дараа хэнийг ч хайрлаж энэрэхгүй араатан шинжтэй болдог. Ёс суртахууны асуудлыг хүмүүс маш жижиг асуудал мэт ойлгодог. Үнэндээ энэ бол чухал зүйл юм. Хүүхдүүдээ ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, хүн чанартай байх, хэн нэгэнд ялагдаж, ялж сурах, монгол хүний үнэ цэнэ ямар байх ёстойг ойлгуулж чадахгүй байгаагаас болж өнөөдрийн араатан шиг зан авиртай монгол хүнийг бид өөрсдийн гараар бүтээж байгаа юм шүү дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, ёс, суртахууныг өөрчлөхгүй бол энэ төрлийн өвчин улам даамжирч, цар хүрээгээ жилээс жилд тэлнэ гэсэн үг юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа хийсэн гэсэн. Тэр судалгааны үр дүнгээр зургаан хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн төрлийн өвчтэй байгаа гэсэн үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн төв одоогоос хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нт мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Товчоор хэлбэл, Монголд 5-6 хүний нэг нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байдаг гэх судалгааг гаргасан байна. Манай улсын иргэд өвчилж байгаа өөр нэг өвчин байна. Эгоизм буюу хувиа хичээх үзэл. Өөрийгөө хэт их дөвийлгөх, ерөөсөө л энэ хорвоод өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй гэх үзэлтэй хүн олон болоод байна.

-Эрүүл буюу сэтгэцийн ямар ч эмгэггүй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл, өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэм дунд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг маш чухал юм. Ийм чадваргүй хүн байдаг. Бусадтай харилцаж чаддаггүй, шинэ хамт олны дунд ороод нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Эсвэл хүмүүстэй муудалцаж, дандаа муу талыг нь олж хардаг. Бас хамт ажиллаж байгаа хүмүүсээ удирдлагууддаа матдаг хүмүүс байдаг. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэдгийг хэлмээр байна. Бас заргын донтой хүмүүс байдаг. Заргын дон гэдэг биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй. Шударга үнэний төлөө явдаг хүн бий. Хүний гаргаж байгаа зан авир, зан аашаас болоод тухайн хүнийг шизотой гэж болохгүй. Зан ааш, төрөх үйлийн олон шинж хүнд байдаг учраас тэр болгоныг өвчин, эмгэг гэж хамаагүй хэлж болохгүй.

-Сэтгэл гутралын өвчин сэтгэцийн гаралтай өвчний ихэнх хувийг эзэлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе ìөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ба эрүүл мэндийн тусламжтайгаар эмчлэгдэнэ.Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг өвчин түр зуурын уйтгарлаж гунихаас ялгаатай юм. Сэтгэл гутрал нь өвчин бөгөөд уйтгар гуниг нь маш хүчтэй, цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг. Иймд энэ нь таны ажил, нийгмийн байдал гэр бүлийг тааламжгүй байдалд оруулдаг. Сэтгэл гутрал нь сэтгэл цочролд оруулахаас гадна өөр олон шинжүүдээр илэрнэ. Сэтгэл гутралд автснаас болж амиа хорлох харамсалтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Ер нь сэтгэл гутралтай эсэхээ тестээр үзэж болдог. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал сэтгэл гутралд орсон байх магадлалтай.

“-Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг.

-Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.

-Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан.

-Танд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.

-Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.

-Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.

-Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.

-Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.

-Таны оюуны чадавх мэдэгдэхүйц буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.

-Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.

-Амиа хорлох оролддогууд хийсэн” гэсэн арваннэгэн шинж тэмдгээс танд нэгэн зэрэг тав нь илэрч байвал сэтгэл гутралд орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.


Categories
мэдээ цаг-үе

“Далд өлсгөлөн”-гөөс сэргийлэх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед далд өлсгөлөн гэж их ярих боллоо. Далд өлсгөлөн гэж яг юуг хэлдэг вэ? Та энэ талаар тодруулна уу?

-Дэлхий дахинаа аминдэм, эрдэс бодисын дутлыг “далд өлсгөлөн” гэж нэрлэдэг билээ. Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд зарим хэлбэрийн “далд өлсгөлөн” буюу амин дэм, эрдсийн дутал түгээмэл байна. Хүний бие мах бодид амин дэм, эрдэс бодис үүсдэггүй тул тэдгээрийг өдөр тутам хоол хүнсээр зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодисыг “бичил тэжээл” гэж нэрлэдэг бөгөөд хүний бие махбодид маш бага хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжил, эрүүл амьдрал, аливаа өвчнөөс сэргийлэхэд чухал үүрэгтэй.

-Та зарим төрлийн далд өлсгөлөн гэж ярилаа. Яг ямар төрлийн амин дэм, эрдсийн дутал монголчуудын дунд түгээмэл байна вэ. Амин дэм, эрдсийн дутлыг хэрхэн судалж, ирүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь 1992 оноос өнөөг хүртэл үндэсний түвшинд таван удаа нийт хүн ам, хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааг зохион байгуулсан. Дээрх судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд төмөр, иод, А, Д аминдэмийн дутал, түүнээс шалтгаалсан эмгэг түгээмэл байгааг тогтоосон.

Цус багадалтын тархалтыг анх 1999 онд хоол тэжээлийн үндэсний II судалгаагаар тогтоосон. Үүнд: Тав хүртэлх насны хүүхдийн 48.5 хувь, төрөх насны эмэгтэйчүүдийн 16.9 хувь цус багадалттай байгааг илрүүлсэн. Судалгаанаас харахад тав хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалтын тархалт тогтвортой буурахгүй байгаа бөгөөд тав хүүхэд тутмын нэг нь цус багадалттай байна. Аж байдлын түвшинээр чинээлэг өрхийн хүүхдийн дунд ч цус багадалтын тархалт харьцангүй түгээмэл 18.5 хувь нь, ядуу өрхийн гурван хүүхэд тутмын нэг нь цус багадалттай байгааг илрүүлсэн. Мөн төрөх насны 10 эмэгтэй тутмын нэг, таван жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь цус багадалттай бөгөөд төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 орчим хувь төмөр дуталтай байгаа нь энэ төрлийн “далд өлсгөлөн” манай улсын нэн тэргүүнд шийдвэл зохих, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг илтгэж байна.

-Манай улсын хүн амын дунд А, Д аминдэм дутал түгээмэл байгаа гэж та хэллээ. Ялангуяа Д амин дэм дутлын тархалт маш их байгаа талаар хэвлэл мэдээллээр нэлээд ярьсан. Д амин дэмийн дутлын тархалтын түвшин ямар байгаа вэ?

-Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу нялх, балчир, өсвөр нас, жирэмслэлтийн үед А, Д амин дэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Д аминдэм нь кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлтийг хангахад чухалүүрэгтэй. Д амин дэм дутагдахад ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжих, хугарамтгай болох эрсдэл нэмэгддэг. А аминдэм нь биеийн эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ дархлааны тогтолцооны бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Судалгаануудын дүнгээр А, Д амин дэмийн дутал хүн амын дунд түгээмэл байгааг илрүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдийн дунд А амин дэмийн дутал 9.5 хувь буурсан байгаа хэдий ч (ХТҮС-V, 2017он) нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй, “далд өлсгөлөн”-гийн байдалд байгаа хүүхдийн эзлэх хувь маш өндөр (60.1%) байгааг илрүүлсэн.

Рахит бол Д аминдэм дутлын хүнд, ужиг хэлбэр юм. Хоол тэжээлийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдэд рахитыг оношлох үзлэг хийж, нийт хүүхдийн 75 хувь эмнэл зүйн аль нэг шинжийг илрүүлсэн байдаг. Мөн 6-59 сартай 10 хүүхэд тутмын 6 нь (61 хувь) Д аминдэм дуталтай байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь Д аминдэм дуталтай, 20.2 хувь нь нөөц багатай, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц багатай буюу дутлын байдалд шилжихэд ойрхон байгааг судлаачид тогтоосон. Манай улсад зүрх судасны өвчлөл нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаантай өнөө үед насанд хүрэгчид, хүүхдийг Д аминдэм дутлаас сэргийлэх, Д аминдэмийн бэлдмэлийн хангамж, хүртээмжийг сайжруулах нь нийт хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулахад зарим нааштай үр дүн авчрах магадлалтай юм.

Дүрслэл 2. МУ-ын өрхийн иоджуулсан давсны хэрэглээ ба хүүхэд эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын дундаж голч хэмжээ, 1996-2017 онд

-Хоол тэжээлийн V судалгааны дүгнэлт, зөвлөмжид иод дутлын асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна гэж дүгнэсэн байсан. Манай улс иод дутлын эмгэгтэй тэмцэх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэдэг юм билээ. Гэтэл уг асуудлыг бүрэн шийдэгдээгүй байна гэж дүгнэсэн шалтгааны талаар тодруулж ярина уу?

-Таны асуултад хариулахын өмнө иод дутал, түүний хор хөнөөлийн талаар товч мэдээлэл өгмөөр байна. Манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй дараагийн асуудал бол “иод дутал” юм. Хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх нь иод дутлын үндсэн шалтгаан болдог. Иод дутлаас хүний бие махбодын өсөлт, хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бүхэлд нь иод дутлын эмгэг гэж нэрлэдэг. Жирэмсэн эмэгтэй иодын дуталд өртвөл үр зулбах, дутуу төрөх эрсдэл нь нэмэгддэг бөгөөд амьдарч чадсан ургийн өсөлт хоцрогдож,төрсний дараа төрөлхийн өсөлтийн хоцрогдолтой, оюун ухааны хомсдолтой хүүхэд болон өсдөг. Жирэмсэн эх иодын хөнгөн хэлбэрийн дуталд өртөхөд ч, хожим төрөх хүүхдийн суралцах, боловсрол эзэмших, сэтгэн бодох чадвар (IQ) буюу оюун ухааны чадамж 10-15 хувиар буурдаг байна.

Монгол хүний иодын (иод нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг)хэрэгцээгээ хангах үндсэн эх сурвалж нь иоджуулсан давс юм. Давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх нь манай улсын хувьд хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй арга зам хэвээр байгаа. Анх 1992 онд иод дутлын эмгэг манай улсын нэлээд олон аймгийн хүн амын дунд “хүнд” зэргийн тархалттай байгааг судалгаагаар илрүүлсэн үеэс эхлэн иод дутлаас сэргийлэх асуудал эрүүл мэндийн салбарын тэргүүлэх бодлого болсон. Хүнсний давсыг иоджуулах арга хэмжээг 1995 онд эхлүүлж, 2003 онд “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийг баталж, хүнсний зориулалтын бүх давсыг иоджуулах асуудлыг хуульчилсан билээ. Гэсэн хэдий ч хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дутлын тархалт тогтвортой буурахгүй байгааг судалгааны дүн харуулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хангамж хангалтгүй, тэдний шээсээр ялгарах иодын хэмжээ 150 мкг/л-ээс бага, иод дуталтай байгаа нь төрөлхийн иод дуталтай хүүхэд төрүүлэх эрсдэл оршсоор байгааг хоол тэжээлийн үндэсний V судалгаа(2017он)-аар илрүүлсэн. Үүнээс үүдэн иод дутлын асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж судлаачид дүгнэсэн юм.

Тав хүртэлх насны хүүхдийн дундах рахит, А, Д аминдэм дутлын байдал, 2004-2017 онд

-Аминдэм, эрдсийн дутлаас яаж сэргийлэх вэ. Далд өлсгөлөнгөөс сэргийлэх ямар ямар арга байдаг вэ. Танай төвөөс ямар арга замыг зөвлөж байна.

-Дэлхий нийтээрээ “далд өлсгөлөн буюу аминдэм, эрдсийн дутал”-аас сэргийлэх арга хэмжээг хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, бичил тэжээлийн дуталд өртөмтгий, зорилтот бүлгийн хүн амыг аминдэм, эрдсийн бэлдмэлээр хангах, хоёрдугаарт, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг ашиглаж байна.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэхийн тулд гурван чиглэлийн арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Үүнд, олон нэр төрлийн хүнсний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг шаардлагатай аминдэм, эрдсийн бэлдмэлээр тогтмол хангах, хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах гэхчлэн.

Манай улс бага насны хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэм, төмөр фолийн хүчил, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах зорилтот арга хэмжээг 1993 оноос НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг хязгаарлагдаж, Засгийн Газрын санхүүжилтийн дутмаг байдалтай холбоотойгоор тав хүртэлх бага насны хүүхэд, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээл, Д аминдэмийн хангамж тасарч, улмаар рахит, Д амин дэмийн дутлын тархалт 2010 оны түвшнээс нэмэгдсэн төдийгүй, цус багадалт, төмөр дутлын байдал буураагүй байна. Мөн нийт хүн ам болон жирэмсэн эмэгтэйчүүдэд давсны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөдөггүй тул тэдний өсөн нэмэгдсэн иодын хэрэгцээг хангахын тулд иод агуулсан аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд нийт бүс нутгийн түвшинд ≥95 хувьд хүргэхээс гадна, жирэмсэн эмэгтэйчүүдийн иод агуулсан бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг дэмжих шаардлага тулгамдаж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд нийт хүн амыг “далд өлсгөлөн”-өөс сэргийлэх үндсэн арга зам, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах асуудал шийдэгдээгүй байна. Хүнсийг баяжуулах нь өртөг багатай, үр ашиг өндөртэй нийгмийн эрүүл мэндийн суурь арга хэмжээ болохыг дэлхийн олон орон туршлагаар баталсан байдаг. Харамсалтай нь манай улсад гурилыг төмөр, цайр, В-гийн төрлийн зарим аминдэмийн холимогоор, сүүг Д аминдэмээр баяжуулах асуудал сүүлийн 10-аад жил яригдаж, ганц нэг оролдлого хийгдсэн ч өнөөг хүртэл бодлого, эрх зүйн зохицуулалт шийдэгдээгүй, албан журмын хүнс баяжуулалт ажил хэрэг болоогүй байна. 2017 онд УИХ-ын гишүүд “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг эцэслэн боловсруулж, батлуулах ажлын хэсэг “Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо”-ны дэргэд байгуулагдсан бөгөөд дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай төвийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ярилцсан танд баярлалаа.