Categories
мэдээ цаг-үе

Б.Мэдрээ: ХХБ хуулийн дагуу санхүүгийн зуучлалын үйлчилгээ л үзүүлсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн өдрүүдэд ХХБ-ны хөрөнгө оруулагч Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг хүчнийхэн сүр дуулиантайгаар барьсан нь дотоодод төдийгүй, гадныхны анхаарлыг татаж байна. Энэ үйл явдлыг ХХБ-ны зүгээс хэрхэн дүгнэж байгаа болон Эрдэнэбилэг, Орхон гэж хэн болох тухай тус банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Танай банкны гүйцэтгэх захирал Орхоныг цагдаагийнхан гэрээс гавлаж баривчиллаа. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн юм уу?

-Энэ үйл ажиллагааг зөвхөн би биш, сошиал ертөнц, телевизүүд бүгд харлаа. Мэдээллийн хэрэгслийг дуудаад гарт гав зүүж баривчилсан. Үнэхээр харамсаж байна.Өмнө нь манай Гүйцэтгэх захирлаас хуулийн байгууллагууд хэд хэдэн удаа мэдүүлэг авч байсан. Дуудсан цагт нь ямар ч асуудалгүй шаардлагатай мэдээллийг өгсөн. Ямар ч эсэргүүцэл, цааргалсан зүйл үзүүлж байгаагүй. Гэтэл сая урьдаас бэлтгэсэн бололтой гэрийн гадаа нь отож байгаад гав зүүж баривчилсан нь гайхаш төрүүлж байгаа юм. Энэ хүн рецедив гэмт хэрэгтэн биш, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй шүү дээ. Хэтэрхий сүр үзүүлж, сүржигнэсэн ажиллагаа болж харагдаж байна.

-Нийгмийн зарим хэсэг нэлээд дэмжих маягтай харагдаж байна.

-Манай нийгэм нэг юмыг ойлгох хэрэгтэй байна. Банк гэдэг бол итгэлцэл дээр үндэслэж үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

-Танай банк нийгэмд хэр нөлөөтэй бол?

-Манай банк 30-аад жилийн түүхтэй. Нийгэмд танигдсан банк.

-Түүнийг батлах жишээ байна уу?

-Байлгүй яахав. Өнөөдөр Монголд 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Монгол Улсын нийт гадаад худалдааны төлбөр, тооцооны 85 хувийг дангаар ХХБ гүйцэтгэж байна. Эдийн засагт ийм нөлөөтэй банкны гүйцэтгэх захирлыг сүр бадруулан барьж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл.

-Гадны орнуудад томоохон банк санхүүгийн удирдлагын баривчилгаа нэлээд түгшүүр төрүүлдэг. Өнөөдөр танай Гүйцэтгэх захирлын баривчилгаа банкны үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх болов уу?

-Үзүүлээгүй. Манайх олон зуун мянган харилцагчтай, Монголын томоохон компаниудад үйлчилгээ үзүүлдэг банк. Саяхан бид олон улсын хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгээд сайн үнэлгээтэй гарсан. Мөн ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд активын үнэлгээ хийлгэсэн.Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк.Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллага, Засгийн газрын гишүүдээс эхлээд хууль хүчний байгууллагууд нь ингэж хүч түрж, түрэмгий бүдүүлэг байдлаар хандаад байвал мэдээж нөлөөлж таарна.

-Харин дотооддоо мэргэжлийн түвшний үнэлгээ ямар байдаг бол?

-МонголБанкнаас арилжааны банкуудад тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд байдаг.Үүнд нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа есөн хувиас дээш байх ёстой. Энэ үзүүлэлт манайд 16.32 хувь байгаа. Өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 14 хувиас дээш байх ёстой. Манайх 19.16 хувьтай. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 25 хувиас дээш байх ёстой. Манайх 46.97 хувьтай. Нэг зээлдэгч, түүнд холбогдох этгээдэд олгосон зээл, батлан даалт, аккредитивын нийлбэр нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй. Манайх 17.58 хувь байгаа. Холбогдох этгээдэд олгосон зээл, батлан даалт, аккредитивын нийлбэр нь өөрийн хөрөнгийн таван хувиас хэтрэхгүй. Харин манай банк 3.88 хувьтай байна. Энэ бүхэн чинь манай банк дотоодын төдийгүй олон улсын түвшний шаардлагыг хангаж байгааг баталж байгаа юм.

-Баривчилгаа танай үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж ойлгох уу?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Гэхдээ манай банк байгуулагдсан цагаасаа банкны олон улсын стандартыг шат дараалан хэрэгжүүлсээр ирсэн. Арилжааны банкуудаас олон улсын жишгийг байнга анхлан хэрэгжүүлсээр ирсэн. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, мөн программ хангамжийн олон улсын стандарт, цахим төлбөр, тооцооны карт, үйл ажиллагаагаа цахимжуулах зэрэг бүх ажлыг манай банк л эхлүүлсэн. Гүйцэтгэх захирлын таван орлогч, ерөнхийлөгч гээд олон удирдах албан тушаалын хүмүүс байгаа учраас банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Төр маань ингэж их хүч, чармайлт тавьж ажиллаад байвал нөөлөлгүй яахав. Харин нөлөөлөөд эхэлвэл тооцоолоход ч амаргүй санхүү, эдийн засаг, нийгмийн хямрал руу л хөтлөх болно. Түүнийг даван туулах, үр дагаврыг нь арилгахад маш их л үнэ төлөх болно. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн тухай нэг хэсэгтээ ярих шаардлагагүй, хямралдаа л дарлуулж амьдарч байсан цаг үе рүүгээ л ухарна.

-Ийм банкны захирлыг хуулийн ямар зүйл ангиар буруутган баривчлав?

-Яг одоо би баригдсан шалтгааныг мэдээгүй байна. Бид баригдсан орой нь өмгөөлөгч авсан.

-Танай банкинд хуулийн зөвлөх, эсвэл баг байдаг уу?

-Манайх банк 10 гаруй хүнтэй хуулийн газартай. Тэнд өндөр мэргэжлийн хуульчид ажилладаг.

-Банкны үйл ажиллагаанд хуулийн хяналт тавьдаг уу?

-Тавьдаг.

-О.Орхон захирал буруугүй гэдгээ олон түвшинд нэг бус удаа тайлбарлаж байсан. Яагаад өчигдөр баригдав?

-Хуулийн дагуу шалгагдаад, түүний өмнө нь ярьж байсан буруугүй гэдэг нь батлагдана.

-Зарим хүмүүс хуульчдад итгэхгүй байгаа шүү дээ.

-Энэ асуудал өмнө нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд буруугүй гэдэг нь батлагдсан асуудал шүү дээ. Гурван шатны шүүхэд оролцсон тэр олон хуульчид бүгд нэгдээд буруу шүүж, шийдвэр гаргана гэдэг бол бүтэшгүй асуудал. Үнэн хэрэгтээ шүүх засаглал, хуульчдыг доромжилсон хэрэг.

-Гэхдээ нийгэм…

-Би нийгэм тэр аяараа ХХБ-ийг буруутгаад байгаа гэж бодохгүй байна. Нийгэмд банк гэдэг нь санхүүгийн зуучлалын байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,“А” компанид хэрэгтэй мөнгийг “Б” компаниас хадгалуулсан хөрөнгийг зээл олгох замаар бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Бид зөвхөн “Монголын зэс” корпорацид санхүүгийн үйлчилгээ үзүүлээгүй. Бусад олон компанид үзүүлдэг үйлчилгээгээ л үзүүлсэн. Өнөөгийн томорч өсөж хөгжсөн компаниуд цөмөөрөө манай банкнаас ийм л үйлчилгээ авч хөл дээрээ боссон. Нефтийн, уул уурхайн, барилгын өнөөгийн том компаниуд, МИАТ, Говь, АПУ, MCS гэх том компаниуд чинь бүгд л манай санхүүжилтээр томорсон. Энэ компаниуд чинь л өнөөгийн эдийн засгийг авч явж байгаа.

-Танай банк “Монголын зэс” корпорацид санхүүгийн үйлчилгээ үзүүлснээс болж их хэмжээний хохирол гарсан тухай яригдаж байгаа шүү дээ.

-Энэ 49 хувь гээд байгаа нь Оросын мэдлийн өмч байсан. Тэд өөрсдөө зарах шийдвэр гаргасан. Тэд хохирсон гэсэн гомдол гаргаагүй. Монгол Улсын хувьд нэг ч хувь иргэн хүн, албан байгууллага хохирсон гэсэн гомдол гаргаагүй өнөөг хүрсэн. Хохирогч байхгүй байгаа биз дээ. Тэгвэл ямар эрүүгийн хэрэг үүсэх юм бол оо. Хэрэв энэ залуус аваагүй, санхүүжилтээс болоод цаг алдсан бол Хятад, тэр бүү хэл Оросын өөрийнх нь компани ч авах боломж бүрдэх байсан юм билээ.

-Яагаад энэ компаний 49 хувийг авахад гадны тэр их мөнгөтэй компаниудыг ялсан гэж үзэж байна вэ?

-Хууль журмыг сайн судлаад, төслөө маш сайн хийсэн бол санхүүжүүлэх байгууллага олдоно. “Монголын зэс” корпораци зөвхөн манайхаас санхүүжилт аваагүй шүү дээ. Өөр олон газраас мөнгө босгосон. Гадны орноос санхүүжилт авсан байх. Энэ 49-н хувийн ард Эрдэнэт гэсэн том үйлдвэр өөрөө баталгаа болж байгаа төдийгүй, тэгэхээр санхүүжилт босгох боломж бүрдэнэ биз дээ.

-Танай банкны хамгийн том хөрөнгө оруулагч хэн бэ?

-Д.Эрдэнэбилэг. Хувьцааны 90 гаруй хувийг эзэмшдэг.

-Та ХХБ-ийг үүсгэн байгуулсан хүний хувьд энэ хүний талаар мэдээлэл өгч болох уу?

-Миний бие 1987 оноос банкны салбарт ажилласан. 1990-ээд оноос банкны салбартаа тодорхой хэмжээнд танигдсан байсан байх. Харин Д.Эрдэнэбилэгтэй 2006 онд танилцсан. Тэр үед би ажилгүй байсан. Харин Д.Эрдэнэбилэг надад “Интер-Капитрон” банкийг нэгтгэх ажлыг удирдан захирлаар ажиллах санал тавьсан. Би мэргэжилдээ дуртай учраас саналыг хүлээж аваад “Харин би бизнест чинь оролцохгүй шүү” гэж хэлсэн. Энэ хүн архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв зангүй, социализмын үеэс “Дэнжийн 1000” зах дээр наймаа хийж бизнесийн гараагаа эхэлсэн юм билээ.

-Д.Эрдэнэбилэг төрд ажиллаж, тендер авч байсан уу?

-Тийм юм байхгүй. Маш их хөдөлмөрч бөгөөд ажилсаг хүн.

-Таныг О.Орхоны “Загалмайлсан эцэг” гэдэг яриа байдаг.

-Товчхондоо О.Орхоныг мундаг менежер гэж хэлж болно. Бид их, дээд сургуулиудын II курсээс оюутнууд сонгож, төгсөх хүртэл нь банкинд дадлага хийлгэж, ажилтан болгож авдаг. Миний сонгож ажилтан болгосон оюутнуудын нэг нь Орхон. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн.Сургуулиудаа онц төгссөн. Хүнлэг хүн болж төлөвшсөн. Англид мастер хамгаалсан. Манай банкны гадаадад гаргасан бондууд, Чингис бондыг босгоход гол үүрэг гүйцэтгэсэн банкир шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Үнэт цаасны хоёр дахь арилжаа цахимжвал “Рио Тинто”-гийн хувьцааг шууд гар утсаараа авна

Түрүүч нь № 025, 026(6126, 6127) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРҮРЭН

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаярын үзэж буйгаар монголчуудад мөнгө босгох маш их боломж бий. Тэрээр “Баялгийн сан өгөөжөө өгөхөд улстөрчдийн үзэл чухал нөлөөтэй гэнэ. Дэлхийн хамгийн том баялгийн санг үе үеийн Норвегийн улстөрч Сангийн сайд нар нь удирддаг боловч бүгд өсгөсөөр ирсэн. Өгөөжийг ард түмэн хүртдэг” гэв.


-Үнэт цаасны арилжаа цахимжихгүй байгаа нь хөрөнгийн зах хөгжихгүй байгаа нэг шалтгаан гэж та өмнө нь ярьсан. Манай залуус шаардлагатай программыг хийж чадна гэж бодож байна уу?

-Чадна.

-Хэр их мөнгө орох бол, төр хэзээ ч байгаагүй баян байна шүү дээ.

-Тооцоо хийж байна. Бид бас мөнгө гаргах болов уу гэж найдаж байгаа.

-Зарцуулсан мөнгөө эргээд олох болов уу?

-Хэд дахин нугалж олно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ энд ашиг харахаас илүүтэй, эдийн засагт асар том хөшүүрэг үүсэхийг тооцох хэрэгтэй. Наад зах нь гадныхан сонирхож байгаа хувьцаагаа авахаас гадна хөрөнгө оруулах найдвар төрнө шүү дээ. Цахим гарын үсгийн хууль батлагдсан. Гэхдээ хөгжихгүй байгаа. Үнэт цаасны хоёр дахь арилжаа цахимжихгүй байгаа учраас идэвхжихгүй байгаа байхгүй юу.

-Цахимжих юм бол гаднаас маш их гүйлгээ ирнэ гэж байна. Ямар баталгаа байна?

-Би “Рио Тинто”-гийн хувьцааг одоо шууд гар утсаараа авч чадна. Харин дотоодын ямар ч хувьцааг авах боломжгүй.

-Монголд амилдаггүй хоёр юм байна. Нэг нь хөрөнгийн бирж, нөгөө нь Эрдэнэс Таван толгойн хувьцаа.

-Шууд тэгж болохгүй. Амилж байгаа шүү. (инээв).

-Эрдэнэс Таван толгой хишиг хүртээж үү, та энэ компанийн ТУЗ-ийн дарга байсан бол юу хийх байсан бэ?

-Эхний ээлжинд нэг л асуудал яригдаад байна. Цэвэр ашгаа олон нийтэд тараах уу, хөрөнгө оруулалт хийх үү гэдэг маргаан яваад байна. Надад эрх мэдэл байсан бол би өнөөдөр нэг ч төгрөгийн ногдол ашиг тараахгүй.

-Яагаад?

-750 тэрбумын ашигтай ажилласан. Компани 15 тэрбум ширхэг хувьцаатай. Нэг хувьцаанд 50 төгрөг ногдоно. Нэг иргэн 1072 ширхэг хувьцаанд 53 мянган төгрөг ногдож байна. Тэр иргэнд очсон 53 мянган төгрөг амьдралыг нь өөрчлөх үү. Тэрний оронд төмөр барих хэрэгтэй байхгүй юу. Энэ компанийн 30 хувийг гадны бирж дээр гаргахад асар их зардал орно. Яагаад түүнд зарцуулж болохгүй гэж. Тэгээд ч 50 биш, 20-30 мянган төгрөг л ирнэ.

-Бидэнд хишиг хүртээхгүй гэсэн үг үү?

-Хишиг гэдэг чинь юм амсуулахыг хэлж байгаа юм. Би хувь хүртээх тухай ярьж байна. Хэрэв миний стратегиар явбал нэг иргэн 53 биш 500 мянган төгрөг, түүнээс илүү хувь хүртэж болно. Цаашдаа байнга өсөн нэмэгдэнэ. Том мөнгөний машин болж чадна. Харин өнөөдрийнх шиг ухсан нүүрсээ зарчихаад амсах төдийгөөр тараагаад байвал үнэхээр таны хэлдгээр үхдэггүй, сэхдэггүй хувьцаа байсаар л байх болно.

-Тэгээд яагаад төр ашиг тараах санаачилга гаргаад байна?

-Нэгдүгээрт, энэ компанийг бид ашигтай ажиллуулсан гэсэн пиар хийж байна. Хоёрдугаарт, сонгууль дөхөөд байна шүү дээ.

-Гэхдээ ашиг тараах гэсэн нийгмийн хүлээлтийг таван мянган төгрөгөөр данс нээлгэхийг хүссэн брокерийн компаниуд л өдөөсөн. Үүнээс болж улстөрчид ашиг тараах шахаанд орсон биз дээ?

-Тийм шүү. Гэхдээ юм хоёр талтай. Ашиг тараах нь нийгэмд бас эерэг сэтгэгдэл төрүүлж болно. “Энэ хувьцаа чинь бас ирээдүйтэй юм байна шүү” гээд компанийн хувьцаагаа хамаагүй зарахгүй байж магадгүй л юм.

-Таны стратеги ирээдүйтэй сонсогдож байна. Гэхдээ гадныхан 30-хан хувьд хөрөнгө оруулах болов уу?

-Харин тийм. Сая гадны банкныхантай уулзаж байхад тухайн орныг эхлээд яаж харах вэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнгөрсөн хугацаанд бид гадныхны маш их хөрөнгийг шатаагаад, үнэн нүүр царайгаа харуулсан. Тийм учраас хувьцаагаа шатлалтай, эхлээд арав, дараа нь 20, нэмж 30 хүртэл хувиар тандалт хийх маягаар гаргасан нь зөв байх. Яагаад гэвэл гадны банкуудын эргэлзээ арилаагүй байна.

-2011 онд манайд долларын бороо орсон. Бид доллар оруулсан хөрөнгө оруулагчдыг яаж байгаад үргээчихэв ээ?

-Хэлсэн амандаа хүрээгүй. Гэрээ бол гэрээ. Гэхдээ би төрийн хувьд ярьж байгаа юм шүү. Гадны хөрөнгө оруулагчид манай улстөрчдөөс ганцхан зүйл хүсч байгаа юм. “Тоглоно гэчихээд гэнэт больчихдог цэцэрлэгийн хүүхэд шиг битгий улс төр хийгээч ээ” л гээд байгаа юм. Гэнэт нэг өглөө босоод л ухаантай царайлаад хуулиа өөрчилж попордог. Гэхдээ “Ард түмний төлөө” гэсэн уриатай. Харин тэр ард түмний төлөө хийсэн ажил нь хөрөнгө оруулалтыг зогсоож долларын ханшийг галзууруулж, тэр нь ард түмний нуруун дээр л бууж байна. Долларын ханшийн өсөлтөөс хохирсон улстөрч гэж дуулсан уу. Гэтэл ханшийн өөрчлөлтөөс энгийн иргэдийн идэх уух, өмсөх зүйл нь хорогдож байгаа биз дээ.

-Яг Венесуэль шиг хөөгөөд гаргасан уу?

-Арай өөр хэлбэрээр.

-Жишээлбэл?

-Нэг өглөө сэрээд алтанд 68 хувийн татвар ногдуулсан. Маргааш нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хан ресурсын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Урт нэртэй хууль гэж гарсан. Байгаль орчноо хамгаалах нь зөв. Гэхдээ тусгай зөвшөөрлөө өгөхдөө ухаанд нь ухна ишиг үхсэн байсан юм уу. Хаа хол байгаа хөрөнгө оруулагчдыг урьж тусгай зөвшөөрөл өгч хөрөнгө оруулчихаад гэнэт нэг өглөө босоод “Байгаль орчин сүйдэж байна” гээд хуулиа өөрчилж болохгүй биз дээ. Доллараар үер буусан үе чинь Рио тинто орж ирсэн үе. Ийм том компани орж байгаа юм чинь бид ороход аюулгүй гээд бусад компани орж ирсэн байхгүй юу.

-Нөхөн төлбөр өгсөн биз дээ?

-Юу ч өгөөгүй, шууд газраа хурааж авсан. Нөгөөдүүл нь шатаад, гараад явсан. Одоо төр дахиад ингэхгүй гэсэн дохио өгөх ёстой байхгүй юу.

-Яаж?

-Жишээлбэл, Ерөнхий сайдын дэргэд “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” гэж байгуулагдсан. Энэ байгууллага тайлангаа тавих ёстой. Хөрөнгө оруулагчдаас ямар гомдол ирээд, яаж эрх ашгийг нь хамгаалсан тухайгаа зарлах хэрэгтэй.

-Эдийн засагчид Оюу толгойн хөрөнгө оруулалтыг их хамгаалдаг. Энэ хөрөнгө оруулалт манай эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан.

-34 биш, 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой гээд буруутгаад байгаа шүү дээ?

-34 хувь гэдэг бол тухайн үеийн хуульд нийцүүлэн шийдсэн асуудал. Түүнтэй маргаад байх шаардлага байхгүй. Би байсан бол нэг ч хувь авахгүй байсан.

-Та чинь харин “ангийн дайсан” шиг ярьж байна уу, үгүй юу?

-Тийм байна уу (инээв). Ашгийн 34 хувийг авна гэсэн шийдвэрээс болж хөрөнгө оруулалтын 34 хувийг бид хариуцах болчихож байгаа байхгүй юу. Ингэж түүгээр явсан гайг үүгээр дуудав гэдэг өрөнд орсноос зүгээр татвар, хураамж, рояльтаа аваад сууж байх байсан байхгүй юу.

-34 хувийг эзэмшээгүй байсан бол өнөөдөр ямар ашигтай байсан бэ?

-Рояльтаа өндөр аваад л сууж байх байсан. Гэхдээ гэрээг хоёр тал харилцан тохироод засаж болно. Тухайн үедээ гэрээ хийх боловсон хүчний чадал муу, сонголт буруу байсан байж магадгүй гэж би боддог.

-Сонголт буруу гэдэг нь…

-Гэрээг хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд биш, улстөрчид хийсэн.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Ер нь дажгүй хуультай л даа. Гэхдээ хэрэгжүүлэхдээ л асуудал үүсээд байгаа юм. Хуульчид маань эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн бүрэн мэдлэгтэй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Угаас нийгмийн хөрөнгө оруулалтын боловсрол бага байгаа. Боловсролын программд суулгаж өгөх хэрэгтэй.

-Та нарт боловсролын хөтөлбөрт суулгах бэлэн санал байна уу?

-Бэлэн байна.

-Дотоодын их, дээд сургуульд үнэт цаасны тухай сургалт бий юу?

-Байхгүй.

-Үнэт цаасны ойлголтгүй эдийн засагчид төгсөж байна гэж ойлгож болох уу?

-Тийм л дээ. Яана аа. Их, дээд сургуулиуд гомдох вий дээ. Хэлж болох ч юм уу, үгүй ч юм уу. Үнэт цаасны ойлголтгүй санхүү, бизнесийн бакалаврын түвшний мэргэжилтнүүд төрөөд байна л даа.

-Монголын хөрөнгийн бирж ийм нөхцөлд сэхэх үү?

-Сэхнэ. Хувьцаат компаниудыг л олшруулах хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг хувьцаат компани болгож болох уу?

-Болно.

-Зарим улстөрчид, иргэд, ТББ-ууд яагаад уул уурхайн ордуудыг эсэргүүцэж байна вэ?

-Уул уурхайн ордууд төсөвт их юм өгч байгаа ч тэр нь орон нутаг болон нийгэмд мэдрэгдэхгүй байна. Уул уурхай өөрөө ажлын байрыг ихээр гаргадаг салбар биш шүү дээ. Техникийн хүчээр явдаг. Тухайн орд төсөвт хэдэн төгрөг өгөх нь иргэдэд хамаа байхгүй. Өөрт нь юу мэдрэгдэх нь л чухал. Тийм учраас иргэд мэдрэх арга нь хувьцаат компани болох зам.

-Иргэдэд өгөөжөө өгсөн хувьцааны жишээ дурдаж болох уу?

-Монгол шуудангийн 30 гаруй хувийг хувьчлаад ашиг нь эрс өслөө. Гар утас хүнд ямар чухал хэрэгтэй билээ. Гэтэл “Лэнд.мн-ээс зээл авах гээд гар утастай боллоо” гэсэн хошин яриа гарч байна.

-Уул уурхайн сан байгуулж иргэддээ мөнгө өгдөг туршлага дэлхийд цөөнгүй байдаг гэнэ.

-Дэлхийн хамгийн том Баялгийн сан бол Норвегийн сан. Энэ сан байнга өсөн нэмэгдэж, иргэддээ өгөөжөө өгсөөр ирлээ. Сан ашигтай ажиллахад улстөрчдийн үзэл маш чухал нөлөөтэй юм байна. Энэ санг Норвегийн үе үеийн Сангийн сайд нар удирддаг. Гэхдээ тэд байнга өсгөсөөр ирсэн. Өгөөжийг ард түмэн хүртэж байна. Сангийн удирдах зөвлөлд мэргэжилтнүүд байдаг. Сангийн сайд нь санг улстөржүүлэх байх үүргийг хүлээнэ.

-Засгийн газар танай холбоонд Баялгийн сангийн бүтэц, ажиллах зарчмыг хийх захиалга өгвөл та нар гүйцэтгэж чадах уу?

-Асуудалгүй.

-Таны үзэж буйгаар бидний хөлөөр нэг их мөнгө хөглөрч байгаа бололтой юм аа даа.

-Тэгж үзэж болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Улс орны эдийн засгийн нөлөө бүхий компаниудыг хувьчлахдаа хөрөнгийн биржээр хувьчлах хэрэгтэй

Монголчууд үнэт цаасыг улаан, цэнхэр тасалбараар төсөөлдөг. Ихэнх иргэд тэр тасалбаруудыг ашиглаж чадаагүй. Ашигласан хэдийгээ олигарх хэмээн харааж байгаа. Гэтэл сүүлийн үед Монголын хөрөнгийн биржийн топ 20-д хувийн компаниуд хүчтэй орж ирсэн нь гадна, дотны санхүүчдийн анхаарлыг татаж байна. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗийн дарга Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-МХБ-ийн ТОП-д орчин цагийн сонгодог утгаар байгуулагдсан хувийн компаниуд ороод, танай холбоо хундага тулгаж байгаа гэх юм.

-Хундага тулгах нь ч юу вэ. Бид үнэхээр баяртай байгаа. Саяхан байгуулагдсан компаниуд ТОП 20 орно гэдэг нийгэм хувьцаа, түүний үр шимийг ойлгож эхэлсний дохио гэж харж байна.

Хувьцаа гэдэг юм нийгмийн амьдралд тийм чухал зүйл үү. Дэлхийн эдийн засгийг өнөөдөр хувьцааны өсөлт бууралтыг заадаг ногоон, улаан сум л шийдэж байна. Хувьцаа худалдан авна гэдэг бол мөнгө босгож байна гэсэн үг. Тэр хэмжээгээр үйлдвэрлэл тэлнэ. Бараа, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэнэ.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил өнөөдөр ямар түвшинд байна?

-Хөрөнгийн зах зээлийг 1991 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаар тоолж эхэлдэг. Тэгвэл 28 настай гэж хэл болно. Өндөр хөгжилтэй орнуудын 200 настай биржүүдтэй харьцуулахад балчир. Гэхдээ хамт төрсөн арилжааны банкууд, ББСБ-тай харьцуулахад бас л удаан хөгжиж байгаа.

-Та хурал дээр “Дэлхийд бүх иргэд нь хувьцаатай цорын ганц орон бол Монгол” гэж ярьж байсан.

-Ягаан, цэнхэр тасалбарыг бүх иргэдэд олгосон. Энэ тасалбараар хувьцаа авах эрх тухайн үеийн бүх иргэнд нээлттэй байсан. Өнөөдөр Эрдэнэс Таван толгойн хувьцааг бүх иргэнд үнэгүй тарааж байна. Хувьцаа гэдэг чинь үнэгүй бүү хэл үнэтэй олдохгүй үе байдаг юм шүү дээ.

-Харахад бүгд хувьцаатай, гэхдээ ашиг нь ирэхгүй.

-Харин үүн дээр өнөөдөр бид дүгнэлт хийх хэрэгтэй болчихоод байгаа юм. Хөрөнгийн зах зээлд арай өөрөөр хандах ёстой. Бүх иргэдээ хоёр удаа хувьцаа тарааж өгсөн байхад хөрөнгийн бирж нь ч сэхээгүй, иргэд нь ашиг олоогүй байгаа нь хувьцааны агуулга улс төр болчихоод байгааг харуулж байгаа байхгүй юу. Хэрэв эдийн засгийн агуулгаараа явсан бол иргэдийнх амьжиргаа дээшилж эдийн засаг нь сэргэх ёстой байхгүй юу.

-Та саяхан баярлаад байгаагүй бил үү?

-Би хөрөнгийн бирж хөл дээрээ бослоо гэж хэлээгүй сэргэх эхлэл тавигдаж иргэд хувьцааны учрыг ойлгож эхэллээ гэж хэлсэн.

-Хятадад хөрөнгийн зах зээл маш эрчтэй тэлж байна гэсэн үнэн үү?

-Үнэн. Тэр хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт томорч байна. ТОП 20-д хувийн компаниуд орсон яагаад баярлах ёстой вэ гэвэл хувьцаа авсан иргэд ашиг олох нь тодорхой бол байна. Энэ хэрээр иргэн дэрэн дор хийсэн мөнгөө өсгөх боломж гарч байна. Тэр мөнгөө ямар нэгэн хадгаламж зээлийн хоршоонд биш өсөн тэлэх үйлдвэрлэлд оруулж байна. Хувьцаанаасаа ашиг хүртэнэ. Таны худалдаж авсан хувьцаа үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлж, ажлын байр үүсгэж байгаа юм.

-ТОП 20 гэдэг нь хамгийн найдвартай компани гэсэн үг үү?

-Тийм. Том, хөрвөх чадвар сайн, нээлттэй, сайн засаглалтай учраас ТОП гэж байгаа юм. Саяхан ТОП 20-ийн сагсанд өөрчлөлт орлоо. Энэ компаниуд орчин үеийн буюу манайх зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хоёр үеийнхэн гэж хэлж болно. “Мандал даатгал”, “Ард даатгал”, “Лэнд.мн”, “Базальт”, “Айтүүлс” гээд бүгд хувийн компаниуд.

-Шинэ компаниуд яагаад ийм хурдан олон жилийн хур хөрөнгө, тушлагатай компаниудын зиндаанд оров?

-Хөрвөх чадвартай, үнийн дүнгээр илүү их хувьцаа нь арилжаалагдаж байна. Орчин цагийн хувьцаат компанийн жишиг тогтоож чадаж байна. Компанийн сайн засаглал гэдгийг харуулж чадаж байна. Арилжаа дууссаны дараа хувьцааны тайлангаа шууд олон нийтэд хүргэж чадаж байна. Шинэ бизнесийн жишгүүдийг тогтоож чадаж байна. “Мандал даатгал” фэйсбүүкээр лайв хийгээд санхүүгийн тайланг танилцуулж байгаа. Олон нийтээс асуулт аваад шууд хариулж байгаа. Компанийн сайн засаглалыг зүгээр нэг яриад суухгүй, шууд иргэдийн амьдралд мэдрүүлж байна шүү дээ. Сүүлийн үед хувьцаа авахдаа компанийн засаглалыг маш их хардаг болсон.

-МХБ яаж амь орж байна?

-Сүүлийн жилд маш олон рекорд тогтлоо. Анх удаа хөрөнгийн зах зээлд хамгийн олон IPO гаргасан. Зургаан удаа олон нийтээс хөрөнгө татлаа. Үнэт цаасны арилжааны үнийн дүн түүхэн рекордыг эвдсэн. Өнгөрсөн хувьцааны арилжааны үнийн дүн 210 тэрбум төгрөгт хүрлээ. 2012 оны рекордыг 45 хувиар давуулсан. Үүнийг л МХБ амиллаа гэж хэлээд байгаа юм л даа. Дээр нь түүхэндээ хамгийн их бонд арилжсан жил. Гэхдээ олон нийтэд биш хаалттай хүрээнд гаргасан.

-Бондыг хаанаас гаргав?

-Хувийн компаниудаас. Бидний мэдэх “Урбан жийнс”, “Бэрс капитал”, Лэнд.мн” компани бонд гаргасан.

-Засгийн газрын бонд гарч байгаа юу?

-Гарч байгаа. Гэхдээ хаалттай хүрээнд.

-Энэ нь сайн уу, муу юу?

-Сайн. Хаалттай хүрээнд маш олон бонд гарсан. Үүгээр л энэ зах зах зээл сэргэж байгаа нь харагдаад байгаа юм. Иргэдийн хувьцаа, бондод итгэх итгэл өндөр байгаа биз дээ.

-Ашгийн хүлээлт хэр байгаа бол?

-Өндөр. “Лэнд.мн” жилийн дотор 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийлээ. Энэ нь цагийн хэрэгцээг хэрэглээ болгох цэгийг маш сайн олж харсан гэсэн үг. Гоё үг гарсан байсан. “Чи гар утас авч яах гэж байгаа юм” гэсэн чинь “Лэнд.мн-ээс зээл авах гэж“ гэсэн байгаа юм. Гар утас чухал хэрэглээ билээ. Түүнээс илүү хэрэглээг залуучууд олж харлаа шүү. Хараад зогсохгүй хэрэгжүүлж чадсан.

-Банкны зээлийн хүү 18 хувь байгаа нь зээлийн эрэлтийг харуулж байна. Гэтэл нөгөө талдаа Голомт банк хуримтлал үүсгэхийг уриалж иргэдэд тодорхой хэмжээний мөнгө байгаа гэж үзэж байна уу?

-Байгаа байх гэж бодож байна. Тэр бүү хэл бага багаар хувьцаа руу орж байх шиг байна. Гэхдээ энэ жил бид олон нийтэд хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барина. Өнгөрсөн онд хувьцаа гаргасан бол одоо бонд гаргана. Бонд нь банкинд хүүтэй мөнгө хадгалуулахтай төстэй. Хувьцаа бол ашиг хүртэнэ.

-Жишээ байна уу?

-“Сүү” хувьцаат компани жилийн 17 хувийн хүүтэй бонд гаргасан. Зургаан тэрбум төгрөгийн бонд арилжаалсан. Энэ зургаан тэрбум төгрөгөөр компани техник, тоног төхөөрөмж, технологио шинэчилснээр ажлын байрнаас гадна малчдын орлого нэмэгдэнэ. Дотоодын үйлдвэрлэл өргөжнө. Та банкинд 15 хувиар мөнгөө хадгалуулах уу, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шууд хөрөнгө оруулалт болох 17-18 хувийн хүүтэй бонд авах уу гэдэг сонголттой болж байгаа юм.

-“Сүү” компанийн бондоос боссон зургаан тэрбум төгрөг дотоодоос боссон уу?

-Дотоодоос биржээр гарсан болохоор мэдэгдэнэ л дээ. Бонд гаргах компаниуд маш их байна.

-Тэгээд яагаад өнөөг хүртэл гаргаагүй юм бэ?

-Хууль эрх зүйн орчин, туршлага гээд олон хүчин зүйлс нөлөөлж байна л даа. Хугацаа алдах гэдэг том аюул байна.

-Хугацаа алдах аюул гэдэг нь?

-Хувьцаа гаргана гэдэг иргэдээс хугацаагүй, хүүгүй мөнгө татаж байгаа юм. Харин бонд гаргана гэдэг нь хугацаатай, хүүтэй мөнгө зээлэхийг хэлнэ. Гэтэл нэг жилийн хугацаатай бонд гаргах гэж хөөцөлдөхөд 6-8 сар болчихоор хамаг ажил нь сүйрч байгаа байхгүй. Манай ихэнх бизнес улирлын чанартай. Манай холбоо МХБ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллаад яаж бонд гаргах орчинг сайжруулах талаар ажиллах гэж байна.

-Нийгэмд хувьцаа, бонд гаргах таатай нөхцөл бүрдлээ. Харин МХБ энэ бүхэнд бэлэн үү?

-МХБ ахисан түвшинд гарах ёстой. Энэ зайлшгүй хувьчлах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн МХБ биш энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хэд хэдэн байгууллага бий. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцооны төв гэх мэт. Эдгээр байгууллагуудыг зайлшгүй хувьчлах шаардлагатай.

-Төрийн өмчит үйлчилгээний байгууллагыг хувьчлаад амжилт олсон жишээ байна уу?

-Байлгүй яах вэ. “Монгол шуудан” компани 100 хувь төрийн өмчит компани байсан. Энэ компанийн 34 хувийг МХБ-ээр хувьчилсан. Энэ компани өнөөдөр ямар түвшинд очсон гэж бодож байна.

-Ямар?

-Алдагдалтай шахам ажиллаж байсан “Монгол шуудан” компани өнгөрсөн жил ашигтай ажилласан. Нэг хувьцаа нь 180 төгрөгөөр арилжаалагдсан. Өнөөдөр 600-800 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ жилийн эхний зургаан сард өнгөрсөн жилийн ашигтай тэнцэх ашиг хийсэн. Энэ компанийн засаглалд хувийн хэвшил орсны үр дүн. Хятадын эдийн засгийн хөгжлийн нууц өмч хувьчлал. Төрийн өмчийг хувьчлахдаа хувьцаагаар хувьчилж байна. Биржээр хувьчилбал хэн нэг нь давуу эрх эдлэх, авлигад өртөх гэх мэтийн ёс бус зүйлс гарахгүй. Хятад төр нь өөрөө тугаа мандуулж хувьчлал хийж байна. “Монгол шуудан”-гаас хойш хувьчлал явагдсангүй. “Цахилгаан холбоо”-ны хувьцааг авсан солонгосууд “Монголчуудтай ажиллах хэцүү юм байна” гээд хувьцаагаа буцааж төрд өгч байна. Төр компанитай байж яах гээд байгаа юм бэ. МИАТ-ээс эхлээд хувьчлах хэрэгтэй.

-Үнэт цаасны мэргэжилтэнд төрийн өмчийг хувьчлах бэлэн жор байна уу?

-Маш олон арга бий. Улс орны эдийн засгийн нөлөө бүхий компаниудыг хувьчлахдаа хөрөнгийн биржээр хувьчлах хэрэгтэй.

-МИАТ-ийг яаж хувьчлах вэ?

-Эхлээд хөндлөнгийн аудит, хуулийн байгууллага оруулж тэнд ямар идээ бээр байгааг цэвэрлэх хэрэгтэй.

-Тэгвэл хэзээ ч хувьчлагдахгүй байх даа.

-Хувьчлал үүнээс л эхэлнэ. Гарцаагүй шаардлагатай арга хэмжээ.

-Дайны эрсдэлийн сан гэдэг шиг үерийн, шуурганы эрсдэлийн сан гээд гараад ирвэл яах вэ?

-Даван туулахаас л өөр арга байхгүй.

-Та МИАТ-ийн хувьцааг авах уу?

-Дуртайяа авна.

-Яагаад?

-Энэ бол том зах зээлтэй монополь компани. Өндөр ашиг хийх боломжтой. Хувьчлагдсан тохиолдолд хувьцаа нь ирээдүйд үнэд орно.

-МИАТ-ийн сайхан сурталчилгаа байна.

-Би одоогийн МИАТ-ийг яриагүй. Хувьчлагдах МИАТ-ийн хувьцааны тухай ярьж байна шүү дээ. “Аэро Монголиа” гэдэг жижиг компани ашигтай ажиллаад байхад МИАТ бол өндөр ашиг олно. Ингэхийн тулд хувийн хэвшлийг оруулах хэрэгтэй. Компанийн засаглалыг сайжруулж нээлттэй болгох хэрэгтэй. МИАТ чинь бүх нислэгийг монопольдож байгаа болохоор өндөр ашиг олно.

-Та хувьчлах төрийн өмчит компанийн нэрэнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг оруулсан. Энд их хэмжээний үнэт цаас эзнээ олохгүй хэвтэж байна гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан. Хэвээрээ юу?

-Хэвээрээ.

Эздийг зарлаж болохгүй юу?

-Яг бид энэ асуудлаар ярилцаж байгаа. Тун удахгүй шийдэлд хүрнэ. “Лэнд.мн”-ээс зээл авах гэж утастай болж байна гэдэг чинь бидний үйлчилгээ утсан дээр очих шаардлагатайг харуулж байгаа юм. Бидний үйлчилгээ гар утсан хүрэх ёстой. Хүмүүс надаас “Хэзээ брокерууд цахимжих юм бэ. Утсаараа ормоор байна шүү дээ” гэж асуудаг.

-Иргэд боловсорчихоод байдаг. Үйлчилгээ нь хоцрогдож байна гэсэн үг үү?

-Тийм. Хөрөнгийн зах зээлийн нэг зовлонтой юм нь олон дамжлагатай. Банкны гүйлгээ хийхэд иргэн зөвхөн банктай л харьцана. Гэтэл хувьцаа худалдан авахад бирж, брокер, хадгаламжийн төв, гүйлгээний төв, банк гээд баахан дамжлага байна. Нэг давуу тал нь бүх байгууллагууд цахимжих шаардлагатай гэдэг дээр нэгдсэн. Ажилдаа орсон.

-Танай салбарт бодлогын хувьд ахиц гарч байна уу?

-Байна. Эхний ээлжинд Ч.Хүрэлбаатар сайд мэргэжлийн байгууллагын удирдлагад мэргэжилтнүүдийг тавьдаг болсон.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

О.Адьяа: АНУ-ын хөдөө аж ахуйд ажиллах монгол залуусын тоог хязгаарлахгүй

Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяатай ярилцлаа.


-Өнөөдрийн хэлэлцүүлэг ямар зорилго тавьж, ямар үр дүнд хүрэв?

-Монгол дахь АНУ-ын худалдааны танхимаас сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтаар бид Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зорилт, 2018 онд хийсэн ажлын талаар ярилцлаа. Ирэх онд Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалт татах талаар ямар бодлого баримталж байгаа талаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас мэдээлэл авлаа. Д.Цогтбаатар сайд манай танхимын хүндэт гишүүн гэж явдаг.

-Танай танхим зөвхөн Монгол-АНУ-ын бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилготой юу?

-Манай танхим хоёр зорилготой. Эхнийх нь Монгол – АНУ-ын бизнесийн харилцааг хөгжүүлэх. Хоёр Монголын дотоодын бизнесийн орчинг сайжруулах. Нэгэнт Монголын дотоодын бизнесийн орчин сайжирвал нийт гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтад нааштай нөлөөлнө.

-Д.Цогтбаатар сайд ямар мэдээлэл өгөв?

-2018 оны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, санал бодлоо хэллээ.

Нэлээд илэн далангүй нээлттэй байдлаар мэдээлэл өгсөн нь гадныханд таалагдах шиг болсон.

-Сайдын мэдээллээс шинэ юм сонсов уу?

-Ний нуугүй хэлэхэд өмнөх уулзалтууд дээр мэдээлэл хийж байсан төрийн түшээд бүх зүйлийг зөвхөн эерэг талаас нь тайлбарладаг байсан. Харин Д.Цогтбаатар сайд эерэг талуудаас гадна бэрхшээлтэй асуудал байгааг ч нуугаагүй.

-Ямар мэдээллийг илэн далангүй өгөв?

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн жил Засгийн газар чамгүй олон амжилт гаргасан. Эдийн засгийн байдал нааштайгаар эргэснийг тайлбарласан. Мах, нүүрс, зэсийн экспорт нэмэгдсэн гэх эерэг мэдээллүүдийг бодит байдлаар танилцуулсан. Мөн түүний хажуугаар хөрөнгө оруулалт буурч байгааг хүлээн зөвшөөрсөн. Үүнд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Мөн татвартай холбоотой, Засгийн газрын бодлогын тогтвортой асуудал байгааг тайлбарласан.

-Уулзалтад хэн оролцов?

-Манай танхимын гишүүн болон гишүүн бус бизнесийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, дипломат корпусын төлөөлөгчид оролцсон. Тэдний үзэж байгаагаар Засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа бол засах магадлал өндөр юм байна.

-Танай танхим өнгөрсөн оны Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Бидний үзэж байгаагаар Монголын эдийн засаг хоёрдмол байдалтай байсан. Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулж хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа эдийн засгийн макро түвшинд маш сайн үзүүлэлт гарсан. Төсөв, санхүүгийн сахилга бат сайжирсан. Харин нөгөө талаасаа Засгийн газар хөрөнгө оруулагч нартай нүүр тулж, хөрөнгө оруулагч нарт ямар таатай орчин бүрдүүлж байгаагаа ойлгуулж чадаагүй болов уу гэсэн бодол төрж байгаа.

-Тодруулахгүй юу?

-Гол нь татварын багц хууль байгаа юм. Энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болоод байгаа юм.

-Яагаад, манай улсыг татварын таатай орчинтой улс гэдэг шүү дээ?

-Татварын багц асуудлын өөрчлөлтийг манай танхим ерөнхийд нь дэмжиж байгаа юм.

-Ерөнхийд нь гэхээр дэмжихгүй асуудал байгаа гэсэн үг үү?

-2017 онд 2018 оны төсвийн хууль батлахдаа уул уурхайн чиглэлийн газрын лицензийн татварыг 30 хувиар нэмсэн. Түүнээс хойш Засгийн газарт энэ хувийг арав болгох санал оруулах гэсэн чинь гацсаар байгаад өнөөг хүрлээ. Тэгэхээр 2018 онд энэ өндөр татвар хэрэгжсэн. Одоо ч хэрэгжээд явж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг харзнахад хүргээд байгаа юм.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт тогтвортой байдлын гэрээтэй учраас тасралтгүй орж ирээд байна уу?

-Оюу толгой бол тогтвортой байдлын гэрээтэй учраас татварын өөрчлөлтөд хамрагдахгүй.

Энэ өндөр татварт нь Монголд шинээр уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулах компаниудад хамаараад байгаа юм.

-АНУ Монгол Улсын ил тод байдлын гэрээ юу болсон бэ?

-2017 онд байгуулагдсан гэрээ л дээ. Гол агуулга нь хоёр санхүү, бизнесийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа аль аль талдаа урьдчилан мэдэгдэнэ гэсэн агуулгатай юм.

-Тийм болохоор манайхан “Хуулиа гаргахдаа та нараар заалгахгүй” гээд гацаачихсан уу?

-Харин нэг тийм ойлголт яваад байгаа юм. Зүгээр л хуульд оруулах өөрчлөлтийн тухай зургаан сарын өмнө мэдээлэл солилцох тухай асуудал байхгүй юу. Америкууд мэдээлэл аваад өөр санал тавьж болно. Манайх хүлээж авахгүй байх эрхтэй. Ингэлээ гээд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Харин тэдний тал бизнесменүүддээ анхааруулна. Бизнесийн орчинг л хамгаалах нэг хэлбэр шүү дээ. Аль нэг компани бизнесээ таван жилээр төлөвлөөд их хэмжээний зээл аваад Монголд орж ирлээ. Гэтэл таван жилийн дотор хууль гурав өөрчлөгдөхөөр нөгөө бизнес чинь дампуурна биз дээ. Тиймээс урьдчилан анхааруулах хэрэгтэй байгаа юм. Энэ анхааруулгыг л гэрээгээр хэрэгжүүлэх гээд байгаа юм.

-Танхимын ажлын үр дүнг юу гэж үзэж байна?

-Эхний үетэй харьцуулахад төрийн байгууллагууд хамтарч ажиллах нь зөв гэдгийг ойлголоо. Цаашдаа хамтарч ажиллахыг эрмэлзэж байна.

-АНУ-ын конгресс манай ноос ноолууран бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэх хууль батлагдах ажил ямар шатандаа байгаа бол?

-Гурав дахь хөршийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хууль гэж байгаа юм. Тэр хуулийг хэлэлцэхэд бэлэн болсон. Конгресст орчихсон. Манай зүгээс шаардлагатай ажил хийгдсэн. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч конгрессийн хоорондох төсвийн маргаанаас болоод хуулиудын хэлэлцүүлэг зогссон. Удахгүй хэлэлцэх байх.

-АНУ Бүгд найрамдахчууд манайхтай сайн харилцаатай болохоор Ерөнхийлөгч дэмжих байх, Конгресс дэх ардчилагчид яах бол?

-Энэ хууль бол манайд чухал ч, америкуудын хувьд бол маргаад байх нөлөөтэй том хууль биш. Дээр нь хуулийн төслийг боловсруулах өргөн барихад хоёр намаас оролцсон. Бусад хуультайгаа харьцуулахад богино хугацаанд батлагдах боломжтой. Манайханд гарч байгаа бас нэг боломж бол H2 төрлийн виз. Хөдөө аж ахуй талдаа манайхан энэ ажлын байранд өрсөлдөх чадвар өндөр. Гол нь сурталчилгаагаа ажилчид авах хүсэлтэй компаниудад хийх хэрэгтэй байгаа юм.

-Энэ визний ангилалд тооны хязгаарлалт байна уу?

-Байхгүй манайхаас хэд ч гарсан тэнд мэдэгдэхгүй л дээ.


Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагважав: Бизнесмэнүүдийн хөдөлмөрөөр олсон 800 сая ам.долларыг иргэд, компаниудад зориулах ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ жил манай компаниуд маш сайн ажиллаж татварын орлогыг 800 гаруй сая доллараар давуулжээ. Гэвч төр энэ их мөнгийг юунд зарцуулах тухай мэдээлэл алга. Энэ талаар хуулиар бизнесийн салбарыг төрд төлөөлдөг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Эрх баригчид эдийн засгийн маш хүнд үеийг дууслаа гэж зарлаж байна. Үнэхээр эдийн засаг сэргэж эхэлсэн үү?

-Макро эдийн засгийн тоон дүн цатгалдсан сайхан дүн гарлаа. Мал өслөө. Татварын орлого хоёр их наяд төгрөгөөр давлаа. Энэ чинь 834 сая доллар гэсэн үг шүү дээ.

-Хэр их мөнгө бол?

-Төрийн албан хаагчдын бараг найман сарын цалинг тавьчих хэмжээний мөнгө. Нэг жилийн тэтгэвэр, тэтгэмж тавьчих мөнгө л дөө. 2017, 2018 онд манай бизнесменүүд гайхалтай ажиллалаа. Одоо энэ мөнгийг нийтийн төлөө хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал гарна.

-Эдийн засаг мөнгөжлөө гэж ойлгож болох уу?

-Төсөвт тооцоогүй 2.2 их наяд төгрөг орж ирнэ гэдэг бол мөнгө хангалттай гэсэн үг. Төсөвлөснөөс 33 хувиар их мөнгөтэй болчихлоо.

-Юунаас болоод гэнэт баяжив?

-Гэнэт баяжаагүй. Манай бизнесменүүдийн нөр их хөдөлмөр. Эдийн засгийн өсөлтийн хувьд шударгаар ний нуугүй хэлэх хэрэгтэй. Аливаа Ерөнхий сайд ирэх жилүүдийнхээ авах ургацын үрийг суулгадаг. 2013-2014 он хямралын оргил үе байсан. Тэр үед би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болж таарсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй анхны хэрэгжүүлсэн ажил бол “Ил тод байдлын тухай” хууль. Эл хуулийн үр дүнд 17 тэрбум долларын бараа, үйлчилгээ ил гарч ирсэн. Дараа нь НӨАТ-ын хууль дээр ажилласан. Энэ бол өнөөгийн эдийн засгийн өсөлтийг хангах Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тарьсан үр гэж хэлж болно. Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн томоохон ажил бол ОУВС-тай хийсэн гэрээ. Татвар нэмнэ, нэмэхгүй гэсэн маргаан байсан ч үр дүнгээ өгсөн. Дээр нь газрын баялгийн үнийн өсөлтийн үе давхацсан. Одоогийн Ерөнхий сайд төрд бугшсан элдэв юмыг цэгцлэх гээд жил гаруй ноцолдож байгаа харагдаж байна. Сахилга бат, ёс зүй тогтоох, авлигатай тэмцэх гээд чамгүй үр тарьж байна. Нефтийн үйлдвэр, Таван толгойн хувьцаа, том төслүүдийг хөдөлгөх гээд ажиллаж л байна. Би дээрх Ерөнхий сайд нартай дөрвөн жил хамтарч ажиллалаа. Тийм учраас бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Ерөнхий сайд бүрийн оролцоотойгоор эдийн засаг өндийж байгаа юм шүү. Энэ их эдийн засгийн өсөлт хэдхэн сарын хэн нэгний хөдөлмөрийн үр дүн биш л дээ.

-2013-2016 оны хямралаас сургамж авсан уу?

-Болсон. Гэхдээ хэн сургамж авав, хэн сургамж авсангүй гэсэн тухай яривал өөр зураг гарна. Компаниуд бол хангалттай сургамж авсан. Сургамж авсан гэдэг сая татварын орлого давж биелснээс харагдаж байгаа юм.

-Төр аваагүй гэж үзэж байна уу?

-Энэ бол асуултын тэмдэг. Төр, Монголбанк нийтийн мөнгөний менежмэнтийг хийж байгаа. ОУВС тэднийг дасгалжуулж байгаа. Төрийн том сангийн менежмэнтийг хийж байгаа дээрх субьектууд дасгалжуулагчийнхаа үгэнд орж байна уу, үгүй юу гэдэг нь бас л анхаарлын тэмдэг болж байна.

-Яагаад ингэж дүгнэж байна?

-Энэ бол УИХ 2019 оны төсөв хэлэлцэх үеэр илэрсэн үзэгдэл. Өнөөгийн үр дүн бол зудны дараахь бизнесменүүдийн асар их хөдөлмөрийн үр дүн. Гэтэл 2019 оны төсвийг батлахдаа өмнөх жил нь 400 тэрбум байсан хөрөнгө оруулалтыг 1.4 их болгоод тэрбумаар өсгөж байгаа юм. Энэ бол 2020 оныг угтсан 76 жалга руу цацсан мөнгө. Нэг их наяд төгрөгийг ингэж цацна гэдэг нь дасгалжуулагчийнхаа үгийг авахгүй байна гэж харагдаж байгаа юм. Тэр их наяд төгрөгөөс гадна 800 гаруй сая ам.доллар орж ирлээ.

-Орлого давсан 800 гаруй сая ногооныг ЖДҮ-дэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Тийм зүйлд эсвэл дарга нарын мөрөөдлийг биелүүлэх гэсэн чиглэлээр зарж болохгүй. “Сансарт пуужин нисгэнэ, утааг нэг өдөр арилгана” гэх мөрөөдлөөс хол байлгах хэрэгтэй.

-Энэ их нэмэгдэл орлого аль салбараас орж ирсэн бэ?

-600 тэрбум нь нүүрс, зэс гэх уул уурхайн салбараас. 1.6 их наяд нь бусад салбараас орж ирж байгаа. Бид зөвхөн уул уурхайгаас орж ирж байгаа мэтээр яриад байгаа. Энэ бол худлаа шүү.

-Бусад салбараасаа аль салбар нь түлхүү байна?

-Худалдаа, үйлчилгээ. Мах л гэхэд өмнөх жилүүдээс харьцангуй ихээр экспортолсон. Өмнөхтэйгөө харьцуулахад бүх салбарт өсөлт гарсан хамтын бүтээл шүү.

-Баяжсан Ерөнхий сайд Сангийн сайд хоёр энэ их мөнгөнөөс иргэд, аж ахуйн нэгжид хишиг хүртээх болов уу?

-Хишиг юу байхав дээ. Орлогын нэмэгдлийг иргэд, аж ахуйн нэгжид хүртээх дараагийн асуудлаа оновчтой болгох тухай асуудлыг би Ерөнхий сайдад тавьж байна.

-Төсөвт суулгаагүй энэ их мөнгийг Засгийн газар захиран зарцуулах эрхтэй юу?

-Уг нь сонгодог утгаараа бол хөгжлийн сан гэх мэтийн сангуудад хуримтлагдах ёстой л доо. Ерөнхий сайд энэ мөнгийг захиран зарцуулах эрхгүй. Ерөнхий төсвийн хуулиар баталсан мөнгийг зарцуулах үүрэгтэй. Тэр мөнгөндөө л ойртох эрхтэй. Илүүдэл мөнгөө хуримтлуулах ёстой. Гэхдээ үүнийг манайхан хийж байгаагүй юм л даа.

-Төсөвт суугаагүй нэмэгдэл орлогыг хэн зарцуулах эрхтэй вэ?

-УИХ шийдэх ёстой. 2021 оноос төлөх том өрөнд өгөх, эсвэл яригдаж байгаа том төслүүдэд зарцуулах гэсэн хувилбар бий л дээ.

-Та Ерөнхий сайд байсан бол энэ их мөнгийг яаж зарцуулах байсан бэ?

-Хямралтай холбогдуулаад орлогын давтамжийг зургаан жилээр тооцох хэрэгтэй. Өнөөгийн байдлаар зөөлөн бүтэц рүү хандуулах ёстой.

-Зөөлөн бүтэц?

-Хүндээ хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд бид хатуу бүтэц буюу байшин, барилга дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулсаар ирсэн. Одоо иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсон. Тийм учраас иргэдээ чадавхжуулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ надад боломж байсан бол эн тэргүүнд төрийн өмчийн 90 гаруй компанийг хувьчлах байсан. Энэ компаниуд манай эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлдэг шүү дээ.

-Эрдэнэт тэргүүтэй компанийг хувьчилж барах уу?

-Хувьчлахаас өмнө хувьцаат компаниуд болгох ажлыг эхний ээлжинд хийх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд их мөнгөнөөсөө 30 хувийг зарцуулчихвал эргээд түүнээс илүү өгөөж өгнө.

-Яг яаж хувьцаат компани болгох вэ?

-Бид өмнө нь УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байсан. Тэр үед ОУВС татвар нэмэх шаардлага тавьж байсан юм. Бид эхний удаад хувьчилж чаддаггүй юм гэхэд хувьцаат компани болгох гэж байсан. Энэ компаниудыг хувьцаат болгоход 2-3 жил шаардлагатай.

-Хувьцаагаа яаж гаргах вэ?

-Одоо байгаа үнэлгээгээр хол юм ярих хэрэггүй. Төрийн Таван толгойг өнөөдрийн загвараар ашиглавал арван жилийн дараа тэнд хэнд ч хэрэггүй нүх үлдэнэ.

-Яагаад, тэнд чинь хэдэн тэрбум тонн нүүрс байгаа биз дээ?

-Хамгийн их ашгийг хамгийн бага зардлаар олборлож болох давхаргыг сорчилж байна. Зүгээр л таван жилийн төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа юм шиг ажиллаж байна.

-Таныхаар бол яаж ашиглах ёстой вэ?

-Таван толгойн ордод хэрэгжиж байгаа гурван компанийн менежмэнт байна. Тэднийг харьцуулж харах хэрэгтэй. Эрдэнэс Таван толгой буюу төрийн мэдлийн, Орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоотой жижиг Таван толгой, “Энержи ресурс” компанийн мэдлийн орд ашиглагдаж байгаа. Төрийн таван толгойг ашиглахад энэ гурван компанийн хамгийн сайн менежмэнтийг л ав. “Энержи ресурс” нүүрсээ угаагаад нүүрсээ нөгөө компаниасаа хоёр дахин илүү үнэтэй зарж байна. Энэ компани хувьцаагаа олон улсын зах зээлд гаргачихсан. 600 сая доллар босгоод үйлдвэр, цахилгаан станцаа барьчихсан. Таван толгойн ордод ийм бэлэн жишээ байхад шинэ дугуй хийх гэж цаг алдах хэрэггүй. Эрдэнэс Таван толгой өнөө маргаашгүй “Энержи ресурс”-ын захирал Батцэнгэл гэдэг залууг урьж ажиллуулах хэрэгтэй.

-Та Төрийн Таван толгойн одоогийн менежмэнтэд итгэхгүй байгаа юм уу?

-Би яаж итгэх юм бэ. Тэнд зүгээр л нэг нам дагаж гүйсэн залуу очоод суучихсан. Тэрний бизнес, менежмэнт мэднэ гэж юу байх вэ дээ.

-Өнөөдөр та бидний нэр дээр байгаа 1072 гэсэн тоо хувьцаа мөн үү?

-Хувьцаа гэсэн тодотгол. Би энэ ордын түүхэнд оролцож явсан. Анх АНУ Пибоди Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад С.Батболд (Ерөнхий сайд асан) гэдэг залууд өгөөд гарсан юм. Тэр залуу арваад жил хадгалж байгаад Ерөнхий С.Баярт буцааж өгсөн байдаг. Түүнээс хойш Таван толгойг зохицуулах ямар ч эрх зүйгүйгээр өнөөг хүрсэн. Өнөөдөр энэ 1072 гэсэн хувьцааг бэлгэдсэн тоо болчихоод байгаа юм.

-Яагаад энэ 1072 гэсэн хувьцаа болж биежихгүй өнөөг хүрэв?

-1072 гэсэн тоо авсан хоёр сая гаруй иргэн байна. Тэд нэг суугаад хуралдах боломж алга. Тэдний хувьцааг төлөөлсөн нэг ч хүн төрийн Таван толгойн ТУЗ бүү хэл хашаанд нь ч алга. Тэгэхээр иргэдийн хувьцаа амилахгүй л дээ. Харин тэнд суугаа эрх баригч намын томилсон улсууд юу дуртайгаа яриад сууж байна шүү дээ.

-Та яг юуг буруутгаж байна?

-Гүйцэтгэх захирал нь бодлогын чанартай том том яриад сууж байна. Тэр хүн бол зүгээр л ТУЗ-өөс гарсан шийдвэрийг дамжуулаад, хэрэгжүүлээд сууж байх ёстой нөхөр байхгүй юу. Гэтэл нэг их том бодлого ярьсан нөхөр. Энэ чинь өөрөө хувьцаа биежээгүй учраас хаа хамаагүй нэг нөхөр бидний өмнөөс яриад байгааг харуулж байгаа байхгүй юу.

-Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авахдаа би юуг анхаарах ёстой вэ?

-Том хөрөнгө оруулагчид хэн болох, гүйцэтгэх захирал ямар ажлын дадлагатай, менежмэнттэй, компанийн стратеги төлөвлөгөө, ойрын болон холын ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт, олох ашиг гээд энэ бүхнийг харж байж хувьцаа авах хэрэгтэй. Энэ тухай өөрөө мэдэхгүй бол брокерийн компаниудаас зөвлөгөө авах хэрэгтэй.

-Дээрх үзүүлэлтүүд манай төрийн Таван толгойд бэлэн үү?

-Та өөрөө үзсэн дээр байх. (инээв).

-Тэгээд яаж төрийн Таван толгойн 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө оруулагч татах вэ?

-Гадны хөрөнгө оруулагч зах зээл дээр тоглож байгаа улсуудыг л харна. Манайхны менежмэнт гэдэг бол ухаад, ачаад, хүргэж өгөхийг хэлээд байгаа юм. Усны асуудал шийдэгдсэн үү, дэд бүтэцтэй болох уу, боломжтой юу гэх мэтийн хөрөнгө оруулагчид эргэлзээ төрүүлэх олон асуудал бий. Харин сая цахилгаан станц барих шийдвэр бол нааштай үзүүлэлт. Энэ бүхнийг харж байж л хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргана. Ер нь төрийн өмч гэдэг юмаа тодорхой болгохгүй бол хөрөнгө оруулалтын тухай ярих хэцүү.

-Юу гэсэн үг вэ?

-Үндсэн хуульд төрийн өмч гээд заачихсан. Гэтэл энэ бүхэн нь хуулийн ямар ч хамгаалалтгүй.

-Яагаад?

-Яагаад улстөрчид төрийн өмчид дураар халдаад байгаа вэ гэхээр түүнийг нь хэрхэн зарцуулах, хулгайлахаас хамгаалсан хууль байхгүй. Тиймээс сонгуулиар хэр хэмжээний хөрөнгийн эрх эдэлж байна. Тэр хэмжээгээр хулгай хийж байгаа юм.

-Өмчийн хууль гарах гэж байгаа гэсэн биз дээ?

-Харин тэр хууль дээр сууж байсан дэд сайд Энхбаяр дараагийн долоо хоногт нүдээд бэлэн болгох тухай ярьж байсан чинь сая хусуулчихлаа шүү дээ. Уг нь нэлээд нухаад бооход ойртсон юм билээ.

-Энэ хуулиар юуг тодорхой болгох шаардлагатай вэ?

-УИХ Засгийн газар, компани, иргэнд төрийн өмчийг эзэмших ашиглах, өмчлөх эрхийг яаж өгөхийг тодорхой болгоно. Үндсэн хуульд төрийн болон хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн заалт бий. Гэтэл төрийн өмчийг хамгаалах хууль алга. Тэгээд хэн Засгийн эрх авна. Тэр захиран зарцуулаад эхэлж байгаа юм.

-Үнэхээр төрийн өмчийг хамгаалах хууль байхгүй юу?

-Ямар ч хууль байхгүй.

-Та өмнөх ярилцлагадаа “Анх удаа төрийн гурван өндөрлөг нэгдлээ. Таван толгой хөдлөх байх” гэж хэлж байсан.

-Та дутуу хэлчихлээ. “Цаашдаа хэр зохицохоос Таван толгойн хувь заяа шийдэгдэнэ” гэж хэлсэн.

-Нөгөө хоёр нь нэгийгээ тууж байх шиг байна.

-Таван толгой дээр зохицоогүй учраас байх (инээв).

-Би танд “Энержи ресурс”, жижиг Таван толгой, төрийн таван толгойн хувьцаа санал болговол алийг нь авах вэ?

-“Энержи ресурс”-ийг сонгоно.

-Яагаад нөгөө хоёрыг сонгохгүй гэж?

-Жижиг Таван толгой нөөц дуусч байгаа. Төрийн таван толгой ямар ч стратеги, менежмэнтгүй.

-Эрдэнэтийн зэсийн худалдааны гэрээг хэн хийдэг, хэдэн хувь хүртдэг тухай мэдээлэл олсон уу та?

-Олоогүй. Тэр мэдээлэл төрийн гурван өндөрлөгийн түвшний мэдээлэл. Зүгээр мэдээллийн чанартай зүйл хэлэхэд энэ жил Эрдэнэт 220 сая долларын ашигтай ажилласан. Оросууд яагаад хаясан гэвэл зарим жил хоёрхон сая долларын ашиг авч байсан байхгүй юу.

-Юунаас болж гэнэт цоортол ашиг хийв?

-49 хувийг авчирсан залуусын хүчээр. Ажилчид хүртэл “Олсон мөнгөө үйлдвэрийн технологийн шинэчлэлд зарж, бидний нуруу амарч байна” гэж байна шүү дээ.

-49 хувийн маргаан яаж дуусах бол?

-Үүнд тухайн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хариу өгөх ёстой. Үнэхээр оросууд хугацаатай авах санал тавьсан уу. Хэрэв тэгсэн бол энэ улс төрийн шийдвэр. Цааш яриад байх зүйл байхгүй.

Та тэр үед өссөн гээд бухимдаад байсан байх аа. Тийм юм болсон. Гэнэт доллар өсөхөөр гайхаж байтал Монголоос 400 сая доллар гараад явчихсан байсан. Манайх шиг жижиг зах зээлээс хоёрхон өдөр 400 сая доллар гарна гэдэг чинь аюул биз дээ. Үүнийг харж байсан УИХ, Монголбанк юу хийж байсан юм. 2016 онд наймдугаар сарын ханшийн өсөлт энэ байсан байхгүй. Тэгээд өсөлтийн зөрүүг бид төлж байгаа биз дээ. Хэрэв улс төрийн шийдвэр бол дотроо зохицох хэрэгтэй. 2003 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Н.Энхбаярыг долоо хоногийн дотор 250 сая доллар төлбөл их өрийг хаах санал тавьсан. Манайхан шавхаад 200 сая доллар гаргасан. Фрийдландаас 50 сая доллар зээлсэн. 2004 оноос гадны хөрөнгө оруулалт орж ирсэн.

Үргэлжлэл бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: Дарангуйлал импортоор л орж ирдэг

МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл өнөөдөр Ардчилал биднээс өшөө авч байна хэмээн мэдэгдэж байна. Өнөөдөр түүнийг хүүхдийн хамт шүүхэд дуудаж, гэр хороололтой холбогдсон ямар нэгэн асуудал үүсгэж байгаа аж. Гэхдээ ардчиллыг анхлан уриалагчдын хувьд тэрбээр 30 шахам жил гүтгүүллээ. Шударга шүүхээр орж, нийгэмд буруугүй гэдгээ нотлоход бололцоо олгосонд баяртай байна хэмээн мэдэгдэв. Мөн түүнийг 2000 онд баривчлаад, түүний хүү Б.Чулуудайг Төв аймгийн мөрдөн рүү ачиж байсан гэсэн шинэ мэдээ дуулгав. Түүний хүү Б.Чулуудай 20 настай байхдаа 100 айл, Гандангийн газрыг хувьчлах, МАХН-ын хэсэг хүмүүст хэдэн мянган га газар олгохын эсрэг тэмцэлд оролцож яваад Өдрийн сонины сурвалжлагч нартай хамт баривчлагдан, хоригдож байсан юм. Ингээд Э.Бат-Үүлийн ярианы төгсгөлийг хүргэе.


-Та намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд байгаа юу?

– ҮБХ-ны гишүүн биш. Гэхдээ би АН-ын гишүүн. Нийслэлийн намын зөвлөлийн гишүүн шүү. Би сая намын үзэл баримтлалын талаар лекц уншсан. Нийтлэл ч бичсэн.

-АН-ын ирээдүйг юу гэж харж байна?

-Өнөөдөр АН ямар байна гэж харахаас илүүгээр АН байхгүй бол юу болох вэ гэж харах хэрэгтэй болчихоод байна.

-Юу гэсэн үг вэ?

-Үнэн хэрэгтээ нийгэм ардчиллыг дэмжихээ больсон. Гэхдээ бүгд биш л дээ. Угаасаа ардчиллыг дэмждэг 40 хувь байгаа. Тэр бол хэвээрээ. Харин завсрын бүс МАН-ын дэмжигч нийлээд ардчиллын эсрэг болсон. Ардчиллыг дэмжигчид цөөнх болчихлоо.

-Юунаас болов?

-Ардчилал биднээс өшөө авч байна. Бид ардчиллыг өсөж, торниулсангүй. Ардчилал өсөж, торниулахгүй бол өшөөгөө авах нь буруу биш биз дээ.

-Яагаад ардчилал биднээс хариу авч эхлэв?

-Бид хөгийн, тэнэг, хариуцлагагүй байснаас болоод тэр.

-Ардчилал биднээс хариугаа авч байгаагийн илрэл юу вэ?

-Нийгэм ардчилалд итгэл алдрах үзэгдэл. Ардчиллыг эсэргүүцэх үзэл хүч авч байна.

-Гэхдээ л Монгол Улс ардчилсан орон мөн биз дээ?

-Мөн л дөө. Ардчиллын амийг зогоож байгаа хүчин зүйлс бий.

-Тэр нь юу вэ?

-Үндсэн хуулийг гайгүй хийчихсэн. Түүндээ дарангуйлагч төрөхгүй байх, парламент хүчирхэг байх нөхцөлийг бүрдүүлсэн. Үндсэн хуулиа бариад явбал дарангуйлагч төрөхгүй. Төрсөн ч удаан төрнө. Хоёрт, АН гэж хүчирхэг нам байна. Энэ нам хүний эрхийг хязгаарлахыг зөвшөөрөхгүй. Гуравт, МАН гэж хүчирхэг улс төрийн хүчний эсрэг АН нийгэмд хориг тавих эрхтэй болсон. Энэ хоёр намд хүчний тэнцвэр бий болсон. Эрх баригч хоёр нам аль нэгнийгээ дарангуйлах боломжгүй болсон. Ардчилсан нам бол Монголын хөрсийг долоон байж боссон нам. Ийм нам өнөөгийн хэмжээнд хүрэхэд 20 гаруй жил хэрэгтэй. МАН-ыг хорьж байгаа энэ том нам үйл ажиллагаа нь сульдвал МАН-ын дарга тэр чигээрээ дарангуйлагч болно.

-Жижиг намууд бойжихгүй юу?

-Хэцүү дээ, тэд. АН-ын хэмжээнд хүрэхэд 20-иод жил болно. Энэ намууд эрх баригчдын эсрэг байж болно. Гэхдээ эсэргүүцэх хүч байх ёстой. Тийм хүчтэй болоход хугацаа хэрэгтэй. Тэр нь багаар бодоход 20 жил шүү дээ.

-Бат-Үүл анх дарангуйллын тухай ярьсан. Өнөөдөр л нийгэм хүлээн авч байна гэдэг. Үнэхээр дарангуйлал үүсэх гээд байна уу?

-Дарангуйлал ардчилалд гомдсоноос үүсэлтэй. Ардчиллыг тордохгүй, бойжуулахгүй бол эргээд өс болдог. Ардчиллыг эд баялаг, албан тушаалын төлөө ашиглавал тэр нь өөрөө өс болно.

-Бид яаж тордох ёстой байсан бэ?

-Ардчилал гэдэг бол шударга төр тогтоох тухай ойлголт. Нийгэм шударга тоглоомын дүрэмтэй байх тухай ойлголт. Шударгаар тоглож байгаа хүн бүр хаалганд бөмбөг оруулах бололцоотой байх ёстой. Гэтэл өнөөгийн тогтолцоо олсон боломжийг яаж цавчих вэ гэдэг асуудал болж хувирсан.

-Ардчилал буруу гэсэн үг үү?

-Үнэн хэрэгтээ ардчиллыг глобал утгаар нь авч үзвэл өрнөдийнхнөөс ч хариу авч эхэлж байна.

-Яаж?

-Өрнөдийхөн ч ардчиллыг төлөвшүүлэх, бойжуулахад ноцтой алдаа гаргасан. Ухаантай хүмүүс анхааруулсаар ирсэн. Тэнд манайхны хэмжээний авлигад автаагүй. Гэхдээ баян умард, ядуу өмнөд хоёрын ялгааг өөгшүүлсэн тогтолцоо үүссэн. Өнөөдөр ядуу өмнөд нь баян умард руугаа дайрч байна. Үүнээс болоод баян умард нь шоконд орж байна. Жеффри Загс үүнийг 20-30 жилийн өмнө анхааруулсан. Тэр хэлэхдээ өмнөдүүд ядуурах тусам умардын баян орныг чирнэ шүү гэж байсан.

-Өнгөрсөн алдаагаа мартаад, урагшаа харъя…

-Эхний ээлжинд алдаагаа засах хэрэгтэй. Ардчилалд гомдсон гомдол дарангуйлал болж хувирах гээд байна. Ямар ч тохиолдолд дарангуйлал руу явж болохгүй. Дарангуйлал руу явах нөхцөлийг хаах хэрэгтэй.

-Яаж?

-АН-ыг л хүчтэй байлгах нь эхний алхам. АН нурах л юм бол 1990 оноос өмнөх тогтолцоо руу орно. Ингэснээр эрх баригч намын даргын дарангуйлал тогтоно.

-Нийгэмд АН-ын дархлаа байна. Эрх барих түвшинд байна уу?

-Одоохондоо АН нийгмийн бүх түвшинд байна. Үүнийг хэн ч зайлуулж чадахгүй. АН руу дайрна гэдэг бол дарангуйлал тогтоох тод илрэл болно. Ардчилал нийгмээс нүүрээ буруулсан ч иргэд эрх чөлөөгөө өгчих хэмжээнд хүрээгүй байна. Иргэд алдах юмтай болсон. Хэдий гутарсан ч эрх чөлөөгөө алдах хэмжээнд хүрээгүй байгаа. Иргэд өмчөө дарангуйлагчид дээрэмдүүлэхийг хүсэхгүй. Малчид малаа хураалгахыг, Номингийн сүлжээ дэлгүүрээ нийгэмчлэхийг зөвшөөрөхгүй. Энэ нийгмээс иргэд маш их юмтай болсон. Түүнийгээ хэн нэгэн дарангуйлагчид алдахыг хүсэхгүй. Тийм учраас АН манлайллаа дарангуйлагчийн эсрэг босговол ямар нэгэн дарангуйлагч төрөхгүй. Дарангуйллыг эсэргүүцэх хамгийн том хүчин бол жинхэнэ эх орончид. Тэд ардчилал нурж дарангуйлал тогтох юм бол тусгаар тогтнолын 100 жилийн тэмцэл талаар болно гэдгийг мэдэж байгаа.

-Тийм ямар бүлэг байна?

-Сэхээтнүүд.

-Дарангуйлагч хэн байх бол?

-Хоёр хөршийн аль нэгний вассаль байх болно.

-Яагаад?

-Хоёр хөршийн аль нэгнээс дэмжлэг авахгүйгээр Монголд дарангуйлал тогтоох боломж байхгүй. Монголчуудын нүүдэлчин амьдрал эрх чөлөөтэй байх заншил тогтоосон.

-Дотооддоо монголчууд дарангуйлалд өртөхгүй гэсэн үг үү?

-Тийм. Дарангуйлал импортоор л орж ирнэ.

-Жишээ хэлж болох уу?

-Ерөнхийлөгч Х.Батттулга ОХУ-ын вассаль болчихвол яахав. Ер нь монголд үндэсний эрх чөлөөнөөс хойш дарангуйлагч хэзээ ч дотроосоо байгаагүй. Дандаа гаднаас импортолсон байдаг юм.

-Жишээ нь?

-Орос, Манжийг л дагасан байдаг. Гэхдээ Манжийн дарлал социализмтай харьцуулахад зөөлөн дарангуйлал байсан. Тал нь сүмд суусан, тал нь мал хариулж байхад түмнийг дарангуйлаад байх шаардлага байхгүй байсан. Харин Манжийн төр нураад хятадуудын их нүүдэл орж ирэхэд жинхэнэ дарангуйлал орж ирэх гээд байсан юм. Тэгэнгүүт монголчууд боссон. Ганц дэмжиж байсан нь Оросын төр. Тэгэхээр Оросын вассаль болохоос өөр зам байгаагүй.

-Өнөөдрийн байдалдаа оръё. Дорлигжавыг баривчилсан явдлыг юу гэж үзэж байна?

-Өмнөх ярьсан зүйл л дээ. Нэг хэсгийг барьж хориод нөгөө хэсгийг өршөөдөг тогтолцоо үүслээ. Өнөөдөр шударга ёс тогтоох нэрээр хонгилдож байна. Энэ бол шударга ёс биш. Бүгд шалгагдах ёстой. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гадуур байж болохгүй. Би нэг удаа бичиж байсан.

-Юу гэж?

-Авлигатай холбогдсон гэмт хэрэг хуулийнхны зах зээл болсон гэж. Үүн дээр арилжаа явагдаад байгаа юм биш биз. Дуртайгаа хориод, дургүйгээ нүдээ аниад байгаа юм биш биз дээ. Дургүйгээ хонгилдох аюул нүүрлээд байна.

-Шударга ёс байхгүй болсон уу?

-Шударга ёс гэж байгаа бол эхний зарчим нь “Битгий ялгаварла” гэдэг. Яагаад төмөр зам, ЖДҮ хэрэгсэхгүй болоод байгаа юм. Үүний нарийн учрыг би мэдэхгүй байна. Прокурор нь яриад байгаа биз дээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж ЖДҮ-тэй харьцуулахын аргагүй том хэрэг юм гэж байсан. Энэ чинь одоо юу болж байна аа. Тэгэхээр шударга ёс тогтоох нэрээр өс аваад байна. Хоёрдугаарт нь шударга ёс тогтоох нэрээр импортын дарангуйлал яваад байна.

-Яаж?

-Улс төрийн бодлогыг гэмт хэрэг болгоод байна. Улс төр, гэмт хэрэг гэдэг чинь тусдаа зүйл. Гадны хөрөнгө оруулалт гэдэг чинь гэмт хэрэг биш. Өнөөдөр мөнгөний хомсдолтой байна. Уул уурхайг ашиглахад хэдэн тэрбум доллар шаардлагатай байгаа. Тэгэхээр гаднаас мөнгө гуйхаас өөр замгүй биз дээ.

-Оюу толгойг ярьж байна уу?

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн өмнө нийтлэл бичиж байсан. Түүндээ Барон Унгерн, Фрийдланд хоёр Монголын тусгаар тогтнолд маш их хэрэг боллоо гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, оросууд Барон Унгернийг зайлуулах гэж орж ирсэн шүү дээ. Тэгээд бид Зөвлөлтийн ивээлд орж тусгаар тогтнолоо олж авсан.

-Фрийдланд тусгаар тогтнолд ямар хамаатай юм бэ?

-Фрийдланд гурав дахь хөршийг оруулж ирсэн юм. Тэгээд л манай эдийн засаг гурав дахин өссөн. Энэ өгөөжийг 1990 онтой харьцуулаад үз. Бидний хэрэглээ 1990 онтой харьцуулшгүй болсон биз дээ. Тэр үеийн монголчууд өнөөдрийн монголчуудыг харвал “Ямар баян юм бэ” гэж бодно. Баттулга тэгж л бичиж байсан. Тухайн үеийн Н.Энхбаярын түүхэн гавьяа тэр л дээ. Их өр хүчингүй болсон. Тэр их өр хүчингүй болсны хүчинд гадны хөрөнгө оруулалт орж ирсэн. Хэрэв тэр их өр байсан бол хэн ч хөрөнгө оруулахгүй. Мэдээж хэн ч өртэй оронд хөрөнгө оруулахгүй шүү дээ. Оюу толгойг Фрийдланд өөрөө хайж олсон. Түүнээс өмнө бид мэдэхгүй байсан орд шүү дээ. Гэрээ бол Н.Энхбаярын үед хийгдсэн.

-Оюу толгойг улстөржүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Би маш сайн санаж байна. Тухайн үед Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм. Тэр үед Н.Энхбаяр Оюу толгойг битгий улстөржүүлээч ээ гэж хэлж байсан юм. Уул уурхайг битгий улс төр болго гэж. Анх уул уурхайг М.Энхсайхан л улс төр болгосон юм. Өөрөөр хэлбэл, үнэн хэрэгтээ бид АН Энхсайханыг гоё харагдуулж, Энхбаярыг муухай харагдуулах гээд уул уурхайг улстөржүүлсэн юм. Үүнээс эхлээд гаднаас хөрөнгө татаж улсаа хөгжүүлэх бодлого улстөржөөд эхэлсэн юм.

-Түүнээс улбаалаад өнөөдөр гэрээ байгуулсан улсуудыг буруутгаад байна уу?

-Гэрээ хийсэн улсуудыг буруутгаж байгаа нь зүгээр л улс төр. Өнөөдөр Монгол Улс олон улсын өмнө хулхи орон шиг байдалтай болсон.

-Яагаад?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадагшаа явах бүртээ хөрөнгө гуйна. “ Та нар манайд хөрөнгө оруулбал таатай нөхцөл бүрдүүлнэ. Манайд маш их баялаг байна. Бидэнд мөнгө алга. Хамтарч ашиг олцгооё” гээд баахан сайхан амлалт өгнө. 1990-2004 онд Төрийн гурван өндөрлөг, сайд нар нийлээд 300 шахам удаа гадаадад айлчилсан байдаг юм. Тэд гадаадад очоод ганц юм л ярьсан байдаг. “Хөрөнгө оруулаач” гэж л гуйдаг байсан байхгүй юу. Тэгээд оруулаад ирэнгүүт нь үйлийг нь үзлээ шүү дээ. Одоо бидэнд итгэдэг тэнэг хөрөнгө оруулагч байх уу.

-Оюу толгой яах бол?

-Хөөрхий минь өөрийнх нь олсон орд л доо. Үнэн хэрэгтээ хаяад явж чадахгүй л байна л даа. Дэлхийд байхгүй технологи байрлуулчихсан. Энэ бол гайхамшигтай технологи. Эрдэнэт үйлдвэрийг газрын гүнд байгуулсан гэсэн үг л дээ.

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол гэр хорооллын дахин төлөвлөлт…

-Хэрвээ С.Батболд гарч ирээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоогоогүй байсан бол өнөөдөр 3500 өрх шинэ байранд орох байсан. Хэрэв тэр хурдаар явсан бол өдийд 20-иод мянган айл орон сууцанд орчих байсан.

-Яаж?

-Миний үед хашааны газраа орон сууцаар сольж байсан. Тэр үед дахин төлөвлөлтийг хороолол хорооллоор барьж байсан юм. Жилийн дотор 3500 өрх орон сууцанд орох байсан шүү дээ.

-Хэзээ орох байсан бэ?

-2016 оны намар.

-Одоо хаана байна, тэр барилгууд?

-Бүгдийг зогсоосон. Миний үед анх удаа хашааны газар үнэд орсон. Хэдэн жилийн өмнө намайг “Хашааны газар үнэд орно” гэж байхад хэн ч итгээгүй. Дахин төлөвлөлтийн үед хашааг гурван өрөө байраар ч сольж байсан.

-Танай хүү Чулуудай яагаад гэр хорооллын асуудалтай холбогдов…

-Би шударга шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгоход бэлэн байна. Хуулийн дагуу л шүүгээрэй гэж хүсч байна. Дахин төлөвлөлтийг гэмт хэрэг болгож харуулах гээд байгаа юм. Үүний ард их мөнгө байгаа.

-Өмнө нь хоригдохдоо шударга бусын хонгилоор орсон уу?

-Тэр үед би цагдаагийн дарга Амарболдыг огцруулах санал гаргадаг байсан учраас хувийн өсөөр шалгасан. Би Зоригийн хэрэгт хамааралгүй гэдэг нь нотлогдсон. Тэр үед хүүг маань хүртэл хорих гэж Төв аймаг руу ачиж байсан. Өнөөдөр дахиад л хүүтэй минь хамаатуулж байна.

-Өөр хэлэх үг байна уу?

-Саяхан З.Энхболдын Medee.mn сайт дээр “Бат-Үүл нийслэлийн шүүхтэй тохиролцохын тулд С.Мөнхчулууныг дэмжсэн” гэсэн мэдээ гарсан. Би бүлгийн шийдвэрийг л дагасан. З.Энхболд энэ гүтгэлгээ зогсоовол таарна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: Удахгүй дарангуйлагчийн сэтгэлгээтэй хоёр улстөрчийн тулаан эхэлнэ

Сүүлийн хэдэн өдөр ардчиллын анхны удирдлагуудад халгаатай болж өнгөрлөө. МоАХ, МоАН-ын анхны удирдлага болох Д.Дорлигжав баривчлагдаж, Э.Бат-Үүл хүүгийн хамт шүүхэд дуудагдсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг прокурорт шалгуулахаар өргөдөл өглөө. Мөн Монгол Улсад анх удаагаа нэг хүнд зориулсан хууль гаргасан тухай МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл ярьж байна. Түүнтэй өнөөгийн өрнөж байгаа улс төрийн үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


-Хамгийн сүүлийн нийгмийн анхаарлыг татсан улс төрийн мэдээ бол УИХ-ын даргыг огцруулах хууль болж байна. Та үүнийг хэрхэн харж байна?

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах нь зөв. Энэ бүхнийг би анхнаас нь хэлж л байсан. Энхболдыг огцруулах, улмаар Ерөнхийлөгч болгохгүйн тулд би Х.Баттулгыг дэмжсэн.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг эсэргүүцэхдээ криминал төр байгуулсан хүн гэж нэрлэж байсан. Энэ үзэл чинь хэвээрээ юу?

-Би тэгж үздэг хэвээрээ. Энхболдыг огцруулах асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуулиар л хүсч байсан зүйл. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийслэлчүүдэд “Эрүүжсэн төрийг байгуулсан М.Энхболдтой тооцоо бодох боломж гарлаа” гэж хэлж байсан.

-Таны тэр үг сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн тухай судлаач ярьж байсан.

-Тийм. Сонгуулийн дараа Баттулгыг эсэргүүцэгчдээс надад олон гомдол ирж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хамгийн түрүүнд ассашерю Дагвадорж сошиалаар надад баяр хүргэж байсан. Үнэн хэрэгтээ сонгогчид Энхболдтой хариуцлага тооцсон. Өнөөдөр УИХ хариуцлага тооцох тухай ярьж байгаа юм. УИХ-ын гишүүд бол ард түмний элч.

-Өнөөдөр Энхболдыг огцруулахын эсрэг юм шиг харагдаад байна.

-Хэдийгээр би Энхболдыг огцруулах хүсэлтэй ч хуулийн дагуу л огцруулах ёстой гэж үздэг. Энэ бол миний зарчим. Монголчууд ч намайг ийм зарчимтайг мэднэ. Хүнийг буудсан ч хуулийн дагуу, шүүхийн шийдвэрээр л буудах ёстой. Хуульгүйгээр хүн албал бид дур зоргоороо хэдэн биеэ хядаад эхэлнэ биз дээ. Энэ тохиолдолд шүүх, хуулийн байгууллага байх хэрэггүй болно биз дээ. Монголчууд татар, мэргэд, хэрэйд гэх мэт бүлэглэлүүд болоод л өөр өөрийнхөөрөө шүүгээд явчихна шүү дээ. Би Энхболдын тухай яриад байгаа юм биш. Энхболдыг хууль бусаар унагалаа гэхэд цаашдаа Ерөнхий сайдыг ч, Ерөнхийлөгчийг ч, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч гээд бүгдийг огцруулдаг болчихвол яах вэ.

-Боломж гарвал хэн ч хэнийгээ нухаад эхэлнэ гэж үзэж байна уу?

-Тэгнэ. Улстөрчид хэн нэгнийхээ эрх мэдлийг тэвчихээ больсон. Өндөр албан тушаалтнууд, улстөрчдийг унагах санаархалтай нийгмийн олон хэсгүүд байгаа шүү дээ. Энэ их өсөрхсөн үед төр нь өсөрхөг байж болохгүй шүү дээ.

-Шударга бусын хонгил, өсөрхөг төр…

-Н.Алтанхуяг анх шударга бусын хонгил гэж ярьсан. Түүнээс тодруулах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед ажиглаад байхад тэр “шударга бусын хонгил” гэдэг үгэнд утга учир байна. Хэдийгээр шударга ёсыг тогтоох гэсэн нэртэй боловч нэг хэсгийг нь “шударга бусын хонгил”-оор оруулж ялладаг байдал бий болоод байх шиг байна. Өөрөөр хэлбэл нэг хэсгийг хууль зөрчиж тэр хонгилоор оруулахыг хэлээд байгаа юм шиг байна. Үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой.

-Хууль тэгш үйлчлэхгүй байна гэж үзэж байна уу?

-Тийм. Нэг хэсэг хэргийг цагаатгаад, хэрэгсэхгүй болгоод нөгөө хэсэг хэргийг шударга бусын хонгилоор шүүж эхэлж болохгүй биз дээ.

-Жишээлбэл?

-ЖДҮ тэр чигээрээ өршөөгдөж байгаа байхгүй юу. Бас өмнө нь дуулиан болж байсан нэг томоохон хэргийг хэрэгсэхгүй болгож ч байх шиг. Та нар сайн анзаар. Нийгэмд дуулиан дэгдээсэн томоохон хэргүүдэд ялгавартай хандаад байна шүү дээ. Хэрэв шударга ёс тогтоох гэж байгаа бол бүх хэргүүдийг ижил зарчмаар шийдэх ёстой. Тэгэхгүйгээр нэг хэсгийг нь хонгилоор шийдэх гэж оролдож байгаа нь өс авч байгаа хэрэг байхгүй юу.

-Шударга ёс гэж юуг хэлээд байна?

-Хууль барих ёстой. Хэнийг ч алагчлахгүй байх ёстой байхгүй юу.

-Жишээлбэл?

-Оюу толгой болон уул уурхайн төслүүдтэй холбогдсон асуудал байна. Тэр үед Баттулга, Хүрэлсүх, Алтанхуяг бүгд сайд нар байсан. УИХ, Засгийн газрын гишүүд бүгд байсан. Тэгвэл яагаад нэг хэсгийг нь хонгилдоод, нөгөө хэсэг нь өршөөгдөж үлдээд байгаа юм. Тэгэхээр шударга ёсыг тогтоох ажил биш байгаа биз дээ. Зүгээр л хонгилдож, өшөө авч байгаа хэрэг байхгүй юу. Өсөрхөг төр ийм ажил хийдэг байхгүй юу. Илүү тодорхой хэлбэл төр өсөрхөг хүмүүсийн гарт очлоо гэвэл илүү үнэнд нийцнэ.

-МАНАН яаж үүссэн бэ?

-МАНАН-гийн үйл ажиллагаанд оролцоогүй ганц улстөрч бол би. Та бүхэн санаж байгаа бол МАНАН анх 62-ын бүдүүн бүлэг байгуулагдсанаас эхтэй.

-Тэр үед та ганцаараа үлдсэн.

-Дараа нь МАНАН нураад, дахиад МАНАН байгуулагдсан. Дахиад л би ороогүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэгж яриад байгаа биз дээ.

-Тийм. Түүний зөв.

-Яагаад?

-Энхбаярын хэлж байгаа нь үнэн. УИХ-ын 2004 оны сонгуулиар аль ч нам олонх болоогүй. Тэр үед анх МАНАН байгуулагдахдаа Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдсан юм. Үндсэн хуулийн заалтаар УИХ-ын сонгуулиар аль нэг нам олонх болоогүй тохиолдолд эвсэл байгуулж Засгийн газраа байгуулах заалттай. Тухайн үед МАНАН байгуулахаас өөр замгүй болсон. Гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл хууль ёсны МАНАН гэсэн үг. Харин 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН олонх болсон. Гэтэл дахиад МАНАН байгуулсан. Энэ бол хууль бус МАНАН байсан. Үндсэн хууль зөрчсөн.

-Яаж?

-Үндсэн хуульд олонх болсон нам дангаараа Засгийн газар байгуулах заалттай. Тэгэхээр энэ МАНАН хууль зөрчсөн байгаа биз дээ. Би Баярыг нэг л юман дээр зөвтгөх шалтгаан байгаа гэж боддог. Баяр Ерөнхий сайдынхаа хувьд уул уурхайн том төслүүдийг явуулахын тулд МАНАН байгуулсан. Төслийг хөдөлгөхийн тулд сөрөг хүчнээ барьцаалсан. Тэгж байж уул уурхайн төслүүдийг хөдөлгөсөн. Санаандаа ч хүрсэн. Харамсалтай нь энэ явсаар байгаад л өнөөгийн асуудал болж хувирлаа.

-Долдугаар сарын үймээний дараа нийгмийн эвлэрэл тогтоох гэж эвсэл байгуулсан гэж ярьдаг.

-Үгүй ээ. Долдугаар сарын үймээний дараахь нийгмийн эвлэрлийг бид тогтоож чадсан шүү дээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Үндсэн хуулийн дагуу зарлиг гаргаж, онц байдал тогтоогоод тухайн үеийн парламент дэмжсэн. Бүх зүйл Үндсэн хуулийн дагуу бүх зүйлийг зохицуулж чадсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үйлчлэлээр аливаа хүчирхийллийг зогсоож болно гэдгийг харуулж чадсан шүү дээ. Тэгэхээр Баярын тэр хэлж байгаа үг бол уул уурхайн том төслөө явуулах бодлогын халхавч юм.

-Гэхдээ уул уурхайн том төсөл хөдөлсөн нь зөв биз дээ?-Зөв байлгүй яахав. Тэр том төсөл хөдөлснөөр манай эдийн засаг гурав дахин томорсон шүү дээ.

-Тэр том төсөл чинь өглөө бүр ямар нэгэн сүрдүүлэг, заналхийлэлд өртөж байна.

-Харин тийм. Одоо Оюу толгой гараад явчихлаа гэж бодъё. Том төлүүд зогслоо гэж бод. Тэгвэл бид 1990 онд эргээд очно. Манай эдийн засаг гурав дахин агшина. Сүйрнэ шүү дээ. Том төслийн ачаар л том эдийн засагтай болсон гэдгээ санах хэрэгтэй.

-Эргээд өнөөгийн асуудал. УИХ-ын дарга М.Энхболдыг хуулиар огцруулах боломж нээгдлээ.

-Өнөөдөр хуулиар огцруулах боломж гарсан. Гэхдээ энэ хуулиа хэрэгжүүлээд хурдан хүчингүй болгох хэрэгтэй.

-Яагаад, ганц хүнд зориулсан хууль батлах парламентын ёс зүйд харшлахгүй юу?

-Цаашдаа УИХ-ын даргыг огцруулдаг жишиг тогтоно. Харамсалтай нь Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч энэ хуулийг санаачиллаа.

-Юу нь болохгүй гэж?

-Эхний ээлжинд парламент тогтворгүй болно. Өмнө Ерөнхий сайдаа байнга огцруулдаг байсан бол өнөөдрөөс эхлээд УИХ-ын даргаа байнга огцруулдаг болох нь. Зарим УИХ-ын гишүүн байсан хүмүүс “Парламентын дархлаа гэж юу байдаг юм” гэж балайрч байна. Уучлаарай, парламентын засаглалтай оронд төрийн амин сүнс нь парламентын дархлаа байдаг байхгүй юу. Парламентын засаглалтай оронд спикер онцгой дархлаатай байдаг.

-Ямар оронд, яаж дархалсан байна?

-Жишээлбэл, Англи улс. Спикертээ тусгай тойрог гаргаад өгчихсөн. Тэр тойрогт ямар ч нам нэр дэвшүүлэх эрхгүй. Спикер ажлаа өгөөд лордын танхимд очно. Спикер өрөөнөөсөө хурлын танхим руу сүртэйгээр зарлана. Бүх замыг чөлөөлнө. Хэнтэй ч уулзуулахгүй.

-Яагаад?

-Хэн нэгэн, эсвэл аль нэгэн намын ашиг сонирхол нөлөөлнө гэж үзэж байгаа. Спикер аль нэгэн намд үйлчлэхгүй. Тэгэхгүй бол спикер чинь аль нэгэн намын бүлгийн удирдагч болчихно биз дээ. Английн парламентыг гадаад, дотоодод зөвхөн спикер нь л төлөөлнө. Германы Бундестагийн спикер ч маш том дархлаатай байдаг.

-Улс төрийн олон жилийн дунджаас харахад улс төр цаашдаа яаж өрнөх бол?

-Миний бодлоор УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлснөөр Монголын улс төр бүр хүндэрнэ. Удахгүй Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тулаан эхэлнэ.

-Яагаад?

-Энэ хоёр сая УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг түр эвссэн байхгүй юу. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцор гэсэн байгаа шүү дээ.

-Хэзээ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ ч тар, Засгийн газар ч огцор” гэж мэдэгдсэн. Энэ нь улс төр бүр хямарна гэсэн үг.

-УИХ-ын даргыг огцруулах том улс төр дууссан гэсэн үг үү?

-Үгүй ээ. УИХ-ын даргыг огцруулна гэдэг чинь Энхболд гэдэг хүнийг огцруулах жижигхэн тулаан байхгүй юу. Жинхэнэ тулаан одоо л эхэлнэ. Одоо дарангуйлагчийн сэтгэлгээтэй хоёр улстөрчийн тулаан эхэлнэ. Дарангуйлагчийн орон тоо нэг байдаг байхгүй юу. Тэр орон тооны төлөө тулаан эхэлнэ.

-Хуулиар энэ субьектийн аль нь илүү дархлаатай вэ?

-Мэдээж Ерөнхийлөгч илүү дархлаатай байгаа. Гэхдээ сая Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр УИХ-ын даргатай тулалдаж байхад Х.Баттулга У.Хүрэлсүхийн вассаль болсон. Энэ их хачин үзэгдэл.

-Яаж вассаль болов?

-Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ажлыг л хийчихлээ шүү дээ. Ний нуугүй хэлэхэд ардчилсан төртэй болсноос хойш ийм төрийн тэргүүн байгаагүй шүү. Эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн шиг байж чадсангүй шүү дээ. Үндсэн хуулийг сахиулагч байж чадсангүй.

-Цаашдаа парламентын дархлааг авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Энхболдод зориулсан хуулийг огцруулсны дараа үтэр түргэн хүчингүй болгох хэрэгтэй. Энэ хоёрын “дайн” эхлээд УИХ-ын даргынх байх болно.

-Ерөнхийлөгчид УИХ дотор Ерөнхий сайдтай үзэх хүч бий юу?

-Байгаа бүх боломжоо ашиглана. УИХ-ын даргын суудлыг чөлөөлөх гэж Ерөнхийлөгч ямар их ажил хийсэн билээ. Үр дүнгээ хүртэхийг бодно биз дээ. Гаднаас нь харахад МАН-ын дарга У.Хүрэлсүх хүчтэй харагдаж байгаа. Гэхдээ мөн чанартаа тийм биш. Түүний эсрэг хүчин бий.

-Жишээлбэл?

-Багаар бодоход арван гишүүнд УИХ-ын даргын суудал гоё харагдаж байгаа. Батхааныг очиход Оросын вангууд ямар байсан, яг тийм байдалтай байна.

-Та АН-даа байгаа юу?

-Байгаа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Яагаад Оюу толгой өнөөг хүртэл БНХАУ-аас цахилгаан авсан бэ

Шинэ оны босгон дээр “Улаанбаатар хот, 2018 оны арванхоёрдугаар сарын 31: Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Таван толгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Оюу толгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж хэллээ” гэсэн таатай мэдээ гарлаа.

Энэ мэдээ Эрчим хүчний яам болон Оюу толгой ХХК-ийн цахим хуудсанд тавигджээ. Гэхдээ Эрчим хүчний яамны мэдээнд гэрээнд гарын үсэг зурснаар “Рио тинто гэрээнийхээ үүргээ биелүүллээ” гэсэн байна. Харин Оюу толгойн мэдээнд шинэ цахилгаан станцын дийлэнх хувийг Оюу толгой ХХК эзэмшинэ гэсэн. Хэрэв Рио тинто энэ хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж чадвал Монголд гурав дахь удаагаа томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Дээр нь өмнөд бүсийн эрчим хүчний асуудал дотоодоос шийдэгдэж, Хятадад жил бүр тушаадаг 200 шахам сая доллар Монголд үлдэх бололтой юм. Эндээс өнгөрсөн хугацаанд олж болох энэ их ашгийг яагаад монголчууд авахгүй өнөөг хүрэв гэсэн асуулт гарна.

Харин Оюу толгойн цахим хуудсанд байгаа Засгийн газартай Оюу толгойн ордод хөрөнгө оруулсан компаниудтай 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан гэрээгээр бол өөр зураг харагдана. Оюу толгойг цахилгаан эрчим хүчээр хангах заалт Долдугаар бүлэг буюу дэд бүтэц гэсэн бүлэгт хамаарч байна.

Үүнд:

7.1. Оюу толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын графикт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийн шийдлийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар сайн санааны үндсэн дээр нээлттэй хамтран ажиллах

7.3. Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

7.4. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ. Гэрээнд зааснаар бол эрчим хүчний хангамжийн талаар ийм л зарчим баримтална. Гэрээнд зааснаар Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Засгийн газар Рио тинтотой сайн санааны үүднээс хамтран ажилласнаар дотоодоос эрчим хүчний хэрэгцээг хангана. Гэтэл Оюу толгойн үйлдвэрлэл 2013 оны долдугаар сарын 9-нд эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтыг гэрээгээр бол Оюу толгойн орд 2017 оны долдугаар сарын 9-нөөс эхэлж дотоодоос эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Гэтэл 2017 он бүү хэл 2019 оноос ажил эхэлж 2023 онд л Оюу толгой монгол цахилгааны бараа харна. Өнөөг хүртэл Оюу толгой өмнөд хөршид эрчим хүчний төлбөрт тэрбум шахам ногоон өгсөн болж таарч байна. Гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд манайд нэг ч эрчим хүчний томоохон станц баригдаагүй. Рио тинто бас цахилгаан станц барих үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Эрчим хүчний яамнаас доорх мэдээг гаргаж байв. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2012.02.19-ний өдрөөс цацагдсан зөрүүтэй мэдээлэлтэйгээр холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг саяхан түдгэлзүүлсэн ба ингэснээрээ Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм. Төслийн нэгж нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд төслийн техник эдийн засгийн үндэслэл болон бусад бүх судалгаа шинжилгээний ажлуудыг хийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлэхэд бэлэн болсон. Рио Тинто компанийн зүгээс шаардлагатай баталгааг гаргаж өгсөн тохиолдолд 2018 онд цахилгаан станцын ажил эхлэх бүрэн боломжтой юм” гэжээ. Яг үүнтэй “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэгдэл гаргажээ. Үүнд “Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо. Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгож байна. ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно. “Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Эрчим хүчний яамны дээрх мэдээллээс харвал Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд барих эсвэл барихгүй гэсэн шийдвэрээ яагаад танилцуулаагүй вэ гэсэн асуулт гарна. Харин Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсны дараа Оюу толгой хашаандаа станц барих санаа дэвшүүлсэн байна. Гэтэл өнөөдөр манай зүгээс Оюу толгойн дэргэдээ барих санал гаргасан цахилгаан станцын байршил өөрчлөгдсөн учраас байгаль орчны үнэлгээ дахиад хийнэ гэсэн юм яриад сууж байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр манай зүгээс иймэрхүү аар саархан асуудал тавьсаар өнөөг хүрсэн бололтой юм. Харин өнөөдөр Рио тинто гэрээнд зааснаар дотоодоос эрчим хүч авна гэдгээ ацаггүйгээр ойлгууллаа. Мэдээж манай Засгийн газрыг хараад бүтэхгүй. Тиймээс өөрсдөө станц барин. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр бол хөрөнгө оруулалтад манай Засгийн газар оролцохгүй. Хууль эрх зүйн орчинг л бүрдүүлж өгөх бололтой юм. Хэрэв сайд маань хэлсэндээ хүрч чадвал Таван толгойн цахилгаан станц 2023 онд ашиглалтад орно. Жаахан оройтсон ч энэ үйлдвэр төр, өмнөд бүс, Рио тинтод багагүй ашиг өгнө. Хэрэв бид усны асуудлыг шийдэж чадах технологи оруулж ирвэл Азийн эрчим хүчний супер сүлжээнээс ашиг олох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр өмнөд хөрш маань нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаа. Тэд агаарын бохирдлын эсрэг “Парисийн COP 21” гэрээнд нэгдсэн. Энэ нь цаашид нүүрсний хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн гэсэн үг аж. Монголчууд ирээдүйд хятадуудад коксжсон нүүрс зарах боломжтой гэсэн таамаг бий. Харин хятадуудын цахилгааны хэрэглээ жил тутам хоёр хувиар өсөх судалгаа бий. Энэ нь бидэнд нүүрсээ цахилгаанд хувиргаж, маш их хэмжээгээр зарах боломж үүсгэнэ гэж хэдэн жилийн өмнө нэгэн Японы эдийн засагч ярьж байсан. Асар өндөр өртгөөр төмөр зам барих нь ч сайн шийдвэр биш тухай оросууд ярьдаг. Өнөөдөр захын нэг хятад дуртай үедээ манай нүүрсний экспортыг зогсоодог болсон. Ойрын хугацаанд бидэнд дэвжих боломж нүүрсний цахилгаан станцууд. Магадгүй хотын утааг шийдэх гарц ч нүүрсний цахилгаан станц байж болно гэнэ. Харин сэргээгдэх эрчим хүч гэх өндөр үнэтэй хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэсэн асуулт бий. Хэдийгээр хурдан баригдах боловч сэргээгдэх эрчим хүчээр том үйлдвэрүүдийг хангах боломж бага. Дээр цахилгааныг өндөр үнээр борлуулж байж зардлаа нөхнө. Өөрөөр хэлбэл банкны өндөр хүүтэй зээл үг аж. Харин өнөөг хүртэл өндөр ашигтай нүүрсний цахилгаан станц баригдаагүй нь жил бүр урагшаа урсдаг 200 сая долларт л байгаа болов уу.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баасан: Нямдорж сайд АТГ-т “Хууль бус байгууллагыг татан буулга” гэсэн тушаал гаргасан чинь нэрийг нь солиод ажиллуулаад байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Авлигатай тэмцэх газар (АТГ) байгуулагдаад 12 жил болжээ. Эхний арван жилд энэ байгууллага нэг ч асуудал шийдээгүй гэнэ. Энэ байгууллагын анхны дарга гадаад яваад нас барж, хоёр нүдгүй ирсэн. Хоёр дахь дарга нь эрүүгийн хуулиар ял эдэлсэн, гурав дахь дарга нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Харин өнөөгийн дарга нь томилгооны хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаантай сууж байна. Харин жилийн өмнө ”ахмад”-ын нэрээр олонд танигдсан Г.Баасан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл (ОНЗ)-ийн дарга болжээ. Олон нийт тэр үеэс л АТГ-ын дэргэд ийм байгууллага байдаг гэдгийг мэдсэн. Г.Баасан анх ажлаа авсны дараа манай сонинд ярилцлага өгч байсан. Тухайн үед ОНЗ албан тасалгаа, цалин мөнгөгүй байсан бол өнөөдөр ажлын өрөөтэй болж дэвшил гарсан гэнэ. Энэ талаар АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасантай ярилцлаа.


-Ажил аваад жил болсны дараа ярих юм ихтэй байх даа.

-Маш их. Анх 1996 онд Авлигын эсрэг хууль батлагдсан. Хуульд 2006 онд өөрчлөлт орж, энэ байгууллагыг хянах зорилготой ОНЗ байгуулагдсан. Энэ байгууллагын дарга, гишүүд болох 15 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Өөрөөр хэлбэл манай байгууллага ард түмний нүд чих болох үүрэг хүлээсэн байгууллага.

-Анх уулзахад албан тасалгаа, цалин мөнгөгүй гэж ярьж байсан. Хэвээрээ юу?

-Цалин мөнгөгүй хэвээрээ. Байрны хувьд том дэвшил гарсан. АТГ-т нэг өрөө албан тасалгаатай болсон.

-Танай өрөөнд иргэд чөлөөтэй орж болох уу?

-Болно. Гэхдээ энэ тасалгаа нь биднийг болон бидэнтэй уулзаж байгаа иргэдийг хянах зориулалттай байсан учраас бас л маргаан гарсан.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Тэнд камер тавьчихсан байсан.

-Юу нь буруу гэж?

-Бидэнд мэдээлэл өгч байгаа иргэд камерын ард ярих эсвэл өөр газар мэдээлэл өгөх санал тавьдаг. Ер нь камерын өмнө ярихаар иргэдэд айдас төрдөг юм билээ. Дээр нь надтай уулзах иргэдийн гар утсыг хураадаг байсан.

-Яагаад?

-Янз бүрийн бичлэг хийлгэхгүй гэсэн зорилготой байсан байх.

-Ийм нөхцөлд та нарт иргэд мэдээлэл өгөх үү?

-Гэхдээ Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гэрч, хохирогчийг хамгаалах жил гэж зарласнаар дээрх асуудлуудыг шийдэж чадсан. Одоо бол камераар хянах тухай асуудал байхгүй, иргэд өөрсдөө хүсвэл бичлэг хийж болно.

-Үйл ажиллагаа явуулах хууль зүйн бүрдсэн үү?

-Хуульд бол маш их боломж зааж өгсөн. Манай байгууллага чинь сэтгэлээсээ ажиллаж чадвал хуульд олон сайн заалтууд бий.

-ОНЗ ажиллах боломж бүрдсэн гэсэн үг үү?

-Хуульд бол байна. Харин АТГ ОНЗ хамтраад нэг зүг чигт хамтран ажиллах тал дээр асуудал үүсээд байгаа юм.

-Ямар?

-Санхүүгийн дэмжлэг байхгүйгээс гадна АТГ нь ОНЗ-ийнхөө ажлыг үгүйсгэнэ, дургүйцнэ. Иргэд манайд өргөдөл өгөх гэхээр АТГ нь “Баасан асуудал шийдэхгүй. Энд өргөдөл өгөх шаардлага байхгүй. Яв” гэдэг. Харин хуулиараа иргэд бидэнд өгөх эрхтэй.

-Та нарт иргэд ямар чиглэлийн өргөдөл өгдөг вэ?

-Бидэнд өргөдөл өгч байгаа юм биш. АТГ-т өгсөн өргөдлөө “Бид АТГ-т ийм өргөдөл өгсөн шүү. Үүнийг хянаарай” гэж өгдөг байхгүй юу.

-Энэ харилцаа хуулиар зохицуулагдсан уу?

-Зохицуулагдсан.

-АТГ хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Тийм. Бас нэг асуудал нь АТГ-т аль нэг байгууллагын ажилтан өөрийн байгууллага дээр байгаа хууль бус зүйлийн талаар мэдээлэхээр тухайн байгууллагын удирдах тушаалтанд мэдээлдэг. Нөгөө дарга нь ажилтнаа хавчина биз дээ. Нэр хүндийг гутаахаас эхлээд биднийг явсны дараа нөгөө ажилтанд дарга нар нь “Чи яваад хаа ч хүрэхгүй. Надад АТГ-т танил бий” гэдэг. Энэ үйлдэл нь АТГ авлигатай тэмцэх ажлыг үгүйсгээд байгааг харуулж байгаа юм. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт сайд байхдаа АТГ-ын даргатай нийлж хууль зөрчсөн.

-Ойлгосонгүй.

-Авлигатай тэмцэх хуульд байхгүй Олон нийтийн дэд зөвлөл гэж байгуулсан. Хуульд байгаа ОНЗ-ийн ажлыг үгүйсгээд, хуульд байхгүй Олон нийтийн дэд зөвлөл гэсэн байгууллагыг байгуулсан.

-Хэдэн хүнтэй юу хийдэг байгууллага вэ?

-Энэ байгууллага 168 хүнтэй. Энэ байгууллагад ажиллах иргэдтэй гэрээ хийгээд сар бүр хөдөө орон нутагт ажиллаж байгаад нь 300, нийслэлд ажиллаж байгаад нь 500 мянган төгрөг өгдөг.

-Энд хэн ажиллах эрхтэй вэ?

-Бид дэд зөвлөлтэй хамтарч ажиллах зорилгоор нэрийг нь авах гэсэн боловч гурван удаа “нууц” гэсэн хариу авсан.

-Хууль зөрчсөн асуудал юм бол одоогийн сайд Нямдорж таслан зогсооно биз дээ?

-Энэ асуудал дээр би Нямдорж сайдтай сайн ойлголцсон. 2018 оны нэгдүгээр сард Нямдорж сайд АТГ-т “Энэ хууль зөрчсөн асуудлаа зогсоо” гэсэн үүрэг өгсөн. Харамсалтай нь нөгөө дэд зөвлөл чинь Иргэний хяналтын зөвлөл гэж нэрээ солиод өнөөг хүртэл ажилласаар л байна. 160 хүнтэй АТГ-ын дэргэд 168 хүнтэй авлигатай нууцаар тэмцэж байгаа юм шиг байгууллага ажилласаар л байна.

-УИХ-д матаж болдоггүй юм уу?

-Матаад байх юм байхгүй. УИХ-ын бүтцийн бүх байгууллагууд, бүх гишүүдэд энэ тухай мэдэгдсэн ч таг чиг.

-Ямар нэгэн зорилготой байгууллага байлгүй дээ?

-Миний харж байгаагаар ОНЗ хүчтэй үйл ажиллагаа явуулаад ирэхээр ийм байгууллага байгуулж олон нийтийг төөрөгдүүлж байна.

-Яаж?

-Иргэд тэр байгууллагыг ОНЗ-той андуураад мэдээллээ өгнө. Тэр нь ирсэн мэдээллийг АТГ-т шүүх боломж олгоно.

-Хуулийн сайдын шийдвэр хэрэгжихгүй байгаа хэрэг үү?

-Яахав дээ. АТГ-ын дарга УИХ-аас томилогддог болохоор сайдын гаргасан шийдвэр хэрэгжихгүй байгаа юм. Ийм болохоор л авлига газар аваад, иргэд бухимдах нэмэгдээд байна шүү дээ.

-Танд шинэ хувилбар байна уу?

-Прокурорын дэргэд байгуулж болно. Эсвэл нийт сонгогчдын санал хураалтаар.

-Орон даяар уу?

-Яагаад болохгүй гэж.

-Зардал гарна биз дээ?

-Авлигад явж байгаа мөнгөнөөс их гарахгүй шүү дээ.

-Хэд явж байгаа юм.

-2007 оны судалгаагаар 250 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад 1.6 хувь нь эргэж төлөгдсөн.

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав шалгагдаж байна?

-Бараг энэ тухай л асуух гэж ирсэн биз дээ. Бид амьдралынхаа талыг ардчиллын төлөө зориулсан хүмүүс. Би тэр Ганболд гэдэг залуугийн анхны ярианд итгээгүй. Харин Дорлигжав өөрөө “Данс андуурч мөнгө орж ирсэн” гэж ярихаар нь үнэхээр цочирдсон.

-Яагаад?

-Тэр үедээ олон нийтэд мэдэгдсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан юм.

-Авлигын эсрэг хоёр хууль, хоёр мөрийн хөтөлбөр батлагдсан гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Анх 1996 онд нэг хууль батлаад хэрэгжээгүй. Дараа нь 2006 онд дахин нэг хууль батлаад 2007 онд хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиудыг дагаж бас хоёр хөтөлбөр батлагдсан.

-Эхний хууль, хөтөлбөрийн тухай сонсоогүй юм байна.

-Та бүү хэл би хайгаад олохгүй байна.


Categories
мэдээ цаг-үе

Ам.долларын өсөлт сүүлийн гурван жилд монголчуудын орлогын 30 хувийг хамжээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголчууд ойрд ууртай байна. Автобусанд, дэлгүүрт, тэр бүү хэл орцонд олон муухай харцтай хүмүүстэй таарч болно. Дээр нь төртэй, төгрөгтэй эсэх нь ч мэдэгдэхээ больж байгаа. Өмнө нь “Цалингаа авч баяжина” гэдэг байсан бол өнөөдөр “Цалин буусан ч, банк авчихсан байх аа” гэдэг болсон. Зээлийн төлбөрт нийт орлогын 40 орчим хувийг авдаг. Гэтэл орлогын үлдсэн 60 хувь нь мөнгө биш юм уу гэсэн асуулт гарна. Мөнгө нь мөнгө, гэхдээ төгрөг. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн бүсэд бараа, үйлчилгээний үнэ хурдтай өсч байна. Мэдээж энэ нь өндөр орлоготой иргэдэд хамаарахгүй. Үндэсний мөнгөн тэмдэгт бол төгрөг. Түүгээр тэтгэвэр тавих, ТҮЦ-ийн худалдаа хийхээс цаашгүй гэсэн гутранги үзэл газар авлаа. Учир нь төгрөгийн худалдан авах чадвар буурсан. Үүнд он гарснаас хойш ногоон цаас 18 төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэнэ. Ихэнхдээ долоо хоногийн баасан гаригт ногоон цаасны үнэ үл ялиг буурч, бямба гаригт тогтвортой байдаг нь Монголбанкны зарласан ханшаас харагдана. Эндээс харвал он гарснаас хойш ажлын тав хоногт өдөр тутам ногоон цаас гурав гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Хэрэв энэ өсөлт жилийн турш хадгалагдвал ирэх жилийн өдийд ноён ногоон 3100 төгрөгтэй тэнцэнэ. Монголчууд бараа, үйлчилгээнийхээ 80 хувийг гаднаас авна. Эмчилгээнээс эхлээд машин, тэр бүү хэл асаагуурыг 100 хувь гаднаас авдаг. Энэ нь амьжиргааны 80 хувь нь ам.доллараас хамаарна гэсэн үг. Ногоон цаасны үнэ өсөөд л байвал бидний хэрэглээний үнэ нэмэгдэнэ. Сүүлийн долоо хоногийн ногоон цаасны үнийн өсөлт дотоодын бараа, үйлчилгээний үнэ өсөх үндсэн шалтгаан болж байна.

Мөн бухимдлын голомт болж буй. Эндээс өнөөдөр яагаад ногоон цаас үнэд оров гэдэг асуулт гарна. АНУ-ын Засгийн газрын өртэй харьцуулахад манай Чингис хааны зурагтай төгрөг асар их байгалийн баялгаар баталгаажсан. АНУ-ын Засгийн газар 25 их наяд ногооны өртэй. Харин Монголын Засгийн газар долоон тэрбум ногооны өртэй гэнэ. Өнөөдөр Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийг магтаж байна. Гэтэл нөгөө сайн эдийн засагтай орны иргэд сүүлийн гуравхан жилд ам.долларт орлогынхоо 30 хувийг алджээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өссөнөөс төгрөгөөр олдог орлогынхоо 30 хувийг алдсан гэсэн үг. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад манай эдийн засгийн гадаад дотоодын нөхцөл харьцангуй сайн байгаа нь үнэн. Байгалийн баялгийн үнэ муугүй байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд, Засгийн газруудын зээл, тусламж чамгүй орж ирсэн. Валютын нөөц хурдтай нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, анх удаа бага боловч түлшний үнэ буурсан. Засгийн газар, Монголбанк зөв бодлого хэрэгжүүлж чадвал бараа, үйлчилгээний үнэ өсөх нь бүү хэл буурах боломж бий. Гэтэл ам.долларын урсгал манай руу ихсэх тусам үнэ нь өсч байна. Зах зээлийн онолоор бол ногоон цаасны урсгал ихсэх тусам үнэ нь буурах учиртай. ОУВС, Япон, БНСУ, Энэтхэг, БНХАУ Монголд оруулах хөрөнгөөр өрсөлдөж байхад ногоон цаасны үнэ өсч иргэдийг бухимдуулж байгаа нь гадныханд нэн ойлгомжгүй зураг. Харин санхүүчдийн хувьд ойлгож цөхөх юм байхгүй гэнэ. Манайх шиг дорой хөгжилтэй, арвин баялагтай олон орны туршлагаар бол эхний ээлжинд гадны хөрөнгө оруулалт татна. Улмаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Асар их баялагтай Венесуэл улс хэдхэн жилийн өмнөөс гадны хөрөнгө оруулагчдыг хөөж эхэлсэн. Хөрөнгө оруулагчид “Дэлхий даяар баялаг бий” гээд л хаяад гарсан. Өнөөдөр тус орны иргэд цалингаа авчихаад таксидаад харих гэхээр мөнгө нь хүрэхгүй, үүрээд харих гэхээр даахгүй гэдэг онигоонд орчихоод сууж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн улсаа хямраасан түүх ичиж үхмээр. Гаднаас сүү, ариун цэврийн хэрэгсэл оруулдаг компаниудаас авлига нэхсэн байдаг. Нөгөө компаниуд татгалзав. Маргаашаас Ерөнхийлөгч гадны сүү, ариун цэврийн хэрэгсэл ард түмнийг шулж байгаа ухуулга явуулж эхлэв. Удалгүй дээрх бүтээгдэхүүний импортыг зогсоожээ. Гэвч гаднаас сүү орж ирсээр. Улмаар дэлгүүрүүдийн үүдэнд цагдаа зогсоож үзэв. Нууцаар сүү орж ирэх нөхцөл нь тус улс дотоодын сүүнийхээ 20 хүрэхгүй хувийг өөрсдөө хангадагт байв. Удалгүй гадны хөрөнгө оруулагчид гарч ард түмэн эх оронч Ерөнхийлөгчтэй ч бараа, үйлчилгээгүй хоцров. Венесуэлийн Ерөнхийлөгчийн галзуурч эхлэх үед ч, өнөөдөр ч манайд үнэд ороод байгаа ногоон цаас дэлхий дээр хаа сайгүй хөглөрч байгаа тухай тэрбумтнууд ярьж байна. Гэхдээ ноён ногоон бизнесийн таатай орчинд л үржинэ. Ийм орчин байхгүй бол хэдэн тэрбум байсан ч хэнд ч ашгаа өгөхгүй.

МОНГОЛ ДАХЬ НОГООН ЦААСНЫ АМЬДРАЛ

Гадны хөрөнгө оруулагчид өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүй санхүүгийн боломжийг бидэнд олгов. Нэг нь нефтийн үйлдвэр, нөгөө нь цахилгаан станц бас нэг нь нийслэлийг дэлхийд шившиглэж байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Харин бид юу хийх нь тодорхойгүй. Манай малчид малаа 70 саяд хүргэлээ. Тариаланчид дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспорт хийх боломж бүрүүллээ. Харин улстөрчид “60 тэрбум”, “ЖДҮ” гэх мэтээс болж төрөө нурааж байна. Тэд мөрөөрөө төр нураахгүй монголчуудын амьжиргааг хурааж гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Сүүлийн хэдхэн хоногт нийгэмчилсэн ба нийгэмчилж магадгүй хөрөнгүүд Монгол улсыг Венесуэлтэй адилхан харагдуулж магадгүй болов. Хоёр компани Салхитын мөнгөний ордыг булаацалдав. Хуулийнхан оролцсон бололтой юм. Шүүх нь ямар шийдвэр гаргасан бүү мэд. Засгийн газар шууд булаагаад авчихав. Зүй нь маргалдагч хоёр компанийн аль нэг нь авмаар юм. Мөн “Монросцветмет” компанийн мэдэлд байсан “Асгатын мөнгөний ордыг өнөөдөр “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргав. “Эрдэнэс Монгол” гэдэг нь манай уул уурхайн хамаг сорыг эзэмшдэг төрийн компани. Энэ компанийн өмч өнөөдөр дэлхийн ямар ч том уул уурхайн компанитай дүйцнэ. Гэхдээ дэлхийн уул уурхайн акулууд хувийн тэр тусмаа олон нийтийн нээлттэй компани байдаг бол манай баялгийн сорыг эзэмшигч акул цэвэр төрийн өмч байгаа нь ирээдүйн аюул мэт харагдана. Бас нэг сэтгэл түгшээсэн асуудал бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Цагаан суваргын уурхайг Ерөнхий сайд хурааж авч магадгүй гэсэн мэдээлэл. Эрхэм гишүүн бизнесээ алдаж байхад энгийн иргэн толгойгоо алдах эрсдэлтэй нь эндээс харагдана. Манайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан дэлхийн хэмжээний компани болох ПИБОДИ, “BHB billiton”, Бороо гоулд, Хан ресурс зэрэг компаниуд гарч явсан. Зарим компанид нөхөн төлбөр төлсөн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр сард 1.2 сая доллар Стандарт банкинд төлж байна. Рио тинтогийн оруулсан ногоон цаас америкууд өдөр шөнөгүй лалын терроризмээс айдаг шиг нойртой нойргүй Монголд хоног төөрүүлж байна. Өглөө бүр энэ ногоон цаас хэн нэгний заналхийлэлтэй учирна. Монголд орж ирсэн ногоон ингэж тамлагдаж байхад гадны хөрөнгө оруулалтыг диваажинд байгаа мэт бөөцийлнө гэсэн эрх баригчдын үгэнд хэн итгэх бол. 1990 онд монголчууд Тэмүүжин мэнч гэх Англи Хонконгийн хөрөг оруулалтай компанийг хөөж гаргасан. Тэр компани нь Хятадад салбараа байгуулаад арав дахин томорсон гэдэг. 1998 он Макаогийн компанийг казино байгуулах зөвшөөрөл өгч нэг сая долларыг лизензийн төлбөрт авчихаад хөөж гаргасан. Тэр компани дараа нь коммунист Солонгост маш том казино байгуулсан. Өнөөдөр бидний амьжиргааг алаад байгаа ногоон цаасны үнийн өсөлт ердөө л энэ бүхнээс үүдэлтэй аж.

МОНГОЛЧУУДАД НОГООН ЦААС БИЙ ЮУ

Гадныханд илүүдээд бидэнд үнэд ороод байгаа ногоон цаас тийм ховор эд биш аж. Зах зээлийн засгийн нүдээр харвал бидэнд баялаг тэдэнд ногоон хөглөрч байна. Харамсалтай нь манай эрх баригчид Монголдоо байгаа ногооныг биш, гадны зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг л ногоон гэж хардаг. Эхний ээлжинд 1.3 тэрбум ногоон олох арга бол нефть нэрэх үйлдвэр. Хувийн хэвшил 2014 онд хөрөнгө оруулалт, технологийн гэрээ байгуулсан ч, өнөөдөр Энэтхэгийн Засгийн газрын зээл дээр 300 сая ногоон нэмэх тухай л эрх баригчид ухуулж байна. Манай малчид жилд найман мянга гаруй тн ноолуур, 30 шахам мянган тн ноос бэлтгэдэг. Энэ бүхний 80 гаруй хувийг хятадууд авдаг. Хятадууд дээрх бүтээгдэхүүнээс 20 гаруй кластерийн сүлжээ байгуулснаар гурав шахам их наяд ногоон босгодог аж. Ирэх хавар 26 мянган хоньтой австрали хоньчин манайд ирнэ. Тэрээр нэг хонийг хэрхэн үнэд оруулдаг туршлагаа бидэнд ярина.Тэрээр нэг хонио багаар тооцоход 300 ногоон цаасаар өгч чадна. Энэ жил монголчууд 70 сая мал тоолуулсан. Түүнээсээ аравхан сая толгойг жилдээ хэрэглэнэ. 30 мянган тн мах, махан бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил экспортод гаргасан. 70 сая малаас бүрэн ашиглаж байгаа нь ердөө л ноос, ноолуур, айраг. Энэ 60 сая малаа өвөлжүүлэх гэж өөрсдийн амьжиргаанаас дутуугүй зардал гаргана. Гэтэл арван сая толгой малаа 300 ногоон цаас хүргэж чадвал бараг төсвөө бүрдүүлчихнэ. Ганц зэс хайлуулах үйлдвэр барьчихад л төсвөөс хоёр дахин их ногоон босгоно. Манайд нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр хангалттай бий. Өнөөдөр манай эдийн засаг ердөө л энэ түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай болсон. Гэтэл дэргэдээ байгаа эрдэнийг хардаггүй гишүүн шиг мал аж ахуй, газар тариалангаа эрх баригчид олж харахгүй байгаа гэнэ. Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум хүн хүнсний хомсдолтой. НҮБ-ын таамгаар бол ойрын арван жилд энэ тоо чамгүй өснө. Манайд байгаа бүхэн ногоон цаас болох зах зээл дэлхийд хангалттай бий. Гадныханыг хөөхгүй, монголчууддаа бизнес хийх эрх өгчихөд л үнэд ороод байгаа ноён ногоон шалдаа буугаад ирнэ. Харамсалтай нь үүнийг баригчид ойлгохгүй байна. Эсвэл ойлгохыг хүсэхгүй байна. Учир нь тэдэнд ногоон цаас үнэд орох нь ашигтай байдаг гэдэг.