Categories
мэдээ цаг-үе

Долдугаар сарын 22-ныг хүртэл Улаанбаатар хотын шарилжийг цэвэрлэнэ DNN.mn

Ургамлын тоосноос үүдэх харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат 2024 оны долдугаар сарын 1-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба, иргэдийн бүлгийн оролцоотойгоор шарилжийг цэвэрлэж байгаа юм байна.

Хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс урьдчилан сэргийлж, доод ишнээс нь 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрч, хэд хэдэн удаагийн давтамжтай тайрснаар луулины бутлалт, салаалал явагдаж, навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг бууруулахад зохист нөлөө үзүүлдэг аж.

Нийслэлийн шарилжийг цэвэрлэх хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-26-ны өдрүүдэд болно.

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсчээ DNN.mn

2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 26659 иргэнд визийн зөвшөөрөл, 5052 иргэнд виз, Evisa.mn системээр 63 улсын 38291 иргэнд цахим виз тус тус олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хувийн хэргээр оршин сууж буй гадаадын 10234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 17255 иргэний суух зөвшөөрлийн хугацааг сунгав.

Үүнийг өнгөрсөн 2023 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 21.8 хувь, виз олголт 57.0 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 102.9 хувь, цахим виз олголт 5.7 дахин тус тус өсөж, оршин суух зөвшөөрөл олголт 5.1 хувиар буурчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 206, нийт 221 хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор 2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 62 мянга гаруй гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

.

Categories
мэдээ

Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн сайд нарт арга хэмжээ тооцох асуудлыг улс төрийн намууд хариуцна DNN.mn

Засгийн газрын танхим өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийжээ. Уг хурлаар бүтэц, бүрэлдэхүүний тухай хэлэлцсэн асуудлыг танилцуулав.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын/ЗГХЭГ/ дарга Н.Учрал “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөн ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байгаа. Шинэ хуулиар яам, сайдын тоо нэмэгдээгүй. Хамтарсан Засгийн газар учраас шадар сайдын тоо нэмэгдсэн, яам болон сайд нарын тоо огт нэмэгдээгүй.

Яамд орон тоогоо нэмэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Яамны чиг үүрэг нь өөрчлөгдсөн, нэгдсэнээс бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн хариуцаж байсан нэгжийг удирдах нөхцөлийг бүрдүүлнэ. Зарим яамны олон салбар нийлсэн хэдий ч ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч нэмэлт үүргээ авч, ажлаа үргэлжлүүлнэ.

Ирэх долоо хоногт яамдын бүтэц, орон тоог нэмэхгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төсөлтэй танилцана.

Хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж УИХ-ын тогтоол болсноор гэрээг зөрчсөн сайд нартай хариуцлага тооцох асуудлыг улс төрийн намуудын шийдвэр гаргадаг дээд байгууллага нь хариуцна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар шадар сайдын мэдээллийг сонссон.

Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд долоо хоног бүр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд мэдээлж, үнэлгээ дүгнэлт хийх ажлыг хэвшүүлнэ.

Энэ удаагийн Засгийн газрын онцлог нь өнгөрсөн хугацаанд хүлээгдэж байсан олон төслийг урагшлуулна. Ямар нэг улс төржилтгүйгээр кабинетын зарчмаа баримталж, бодлогоос хэрэгжилтэд анхаарна. Хурдан, шуурхай, гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралд ойртсон, тэдэнд ойртож үйлчилсэн зарчмыг баримталж ажиллана” гэж ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлнэ DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна.

Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан юм байна.

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.

Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна DNN.mn

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, эрх бүхий лабораторид шинжлүүлэн хариуг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлэх ёстой билээ.

Тэгвэл дээрх 48 тамирчнаас авсан сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн. Өнөөдөр хариуг албан ёсоор задлах талаар холбогдох албаныхан мэдээлж буй.

Дашрамд сануулахад, тамирчид бэлдсэн сорьцын сав, уух усыг тамирчин өөрөө сонгоно. Сорьц өгөх үйл ажиллагааг хяналтын ажилтнаас гадна тагнуул, цагдаа, АТГ-ын төлөөлөл байж шалгадаг бол мөн допингийн шинжилгээ өгөх гэж буй тамирчны биед гаднын ямар нэг зүйл байгаа эсэхэд үзлэг хийдэг байна.

Тамирчин сорьцын хоёр сав дээр бичигдсэн нэрийг иргэний үнэмлэхтэйгээ тулгана, бүрэн бүтэн байдлыг шалгаж, лацадна. Үүний дараа хөргөгчид хадгалдаг. Допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын дагуу тамирчин хүн өөрийн биед хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх үүрэгтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас зарим худалдаа, үйлчилгээний газар ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах маргааш ажиллаад долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.

Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрах нь.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өглөөг өөртөө зориулъя DNN.mn

Ихэнх хүмүүс сэрүүлгээ хэд дахин унтрааж, хойшлуулж байж орноосоо өндийж, цаг хугацаатай уралдсаар л ажил руугаа явдаг.  Хэрвээ та босох ёстой цагаасаа жаахан эрт босоод  30 минутыг өөртөө зарцуулснаар ирээдүйн 30 жилдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг. Учир нь хүний бие өглөөд эрч хүчтэй, оюун ухаан сийрэг байдаг тул энэ үед ус уух, өглөөний цайгаа уух зэрэг нь чухал ач холбогдолтой.

Өглөөд нэгээс хоёр аяга ус уух нь ходоод, бөөр, зүрх гээд дотор эрхтэн төдийгүй биеийн булчинд хүртэл бүтэн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусалдаг байна.

“Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа”  гэдэг үг байдаг. Өглөө идэвхтэй хөдөлгөөн хийхийн өмнө уургаар баялаг, эрүүл өөх  тостой хоол идэх нь өдөр болон оройн хоолыг хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Иймд өглөөний цайнд өндөг, авакода, самар, тараг, бүхэл үр зэргийг хэрэглэх нь зохимжтой. Түүнчлэн хүний бие өдрийн эрч хүчний 25 хувийг өглөөний цайнаас авдаг байна.

Мөн өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн биеийн жинг өглөөний цайгаа уудаггүй хүнийхтэй харьцуулахад хамаагүй бага ба өглөөний цайгаа уудаггүй хүмүүсийн 50-иас илүү хувь нь таргалалттай  гэх судалгаа бий.  Тиймээс та ухаалаг утсаараа зурвас бичих, фэйсбүүк шалгаж байхын оронд өглөөний цайгаа уух, дасгал хөдөлгөөн хийж,  өглөөг өөртөө зориулахыг зөвлөе.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах маргааш ажиллаад долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.

Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрах нь.

 

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө усны ослоор гурван хүн амь насаа алджээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Дорнод аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг хүн, энэ сарын 8-нд голын эрэг дээр тоглож байсан хоёр хүүхэд усанд живж, амь насаа алдсан харамсалтай явдал болсныг ОБЕГ-аас мэдээллээ. Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулав.

Долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Өнөөдрийн/2024.07.12/ байдлаар Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Идэр, Хануй, хойд Тамир, урд Тамир, Сэлэнгэ, Орхон, Өврийн Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Хүнгүй, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөсөө 5-30 сантиметрээр нэмэгджээ.

Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшнийг 5-25 см, Ховд гол Мянгад, Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшнийг 5-10 см-ээр давсан байна.

Өнөөдөр Орхон аймгийн нутаг, Булганы хойд болон зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Эг, Тарвагатай, Зүүнгүрүү, Ачуут, Зэлтэр, Хараа, Хангал зэрэг гол, мөрний сав дагуух хот, суурин газрын иргэд, зусаж, суурьшиж буй малчид аялж, амарч яваа иргэдийг дээрх голуудын эрэг дагуу бууж, суурьшихгүй байхыг зөвлөв.

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаална уу.

 

Эх сурвалж:  ЦУОШГ, ОБЕГ 

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Улаанбаатараас баруун, зүүн тийш гарах замын хөдөлгөөний ачаалал их байна DNN.mn

Орон нутгийг зорих автомашины хөдөлгөөний ачаалал өнөөдөр их хэвээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

  • Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их
  • Улаанбаатар-Хэнтий, Дорнод чиглэлийн авто зам буюу Налайх дүүргийн Цонжинболдог, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалалтай
  • Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, цуваа үүссэн байдалтай байна гэв.

Аян замд яваа иргэд, наадамчин олон цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөлөө.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөв гарчээ.