Categories
редакцийн-нийтлэл

Тавдугаар цахилгаан станцыг барих газар ч, гүйцэтгэх компани нь ч тодорхойгүй байна

V цахилгаан станц баригдана хэмээн яригдаж буй “Ургах наран” хорооллын өмнөх
Хөлийн голын хөндий

Өнгөрсөн өвлийг тог цахилгааны хяз­гаар­­лалт хийж байж давсан
нийс­лэ­лийн­хэн энэ хавар “тав­дугаар цахилгаан стан­цын га­зар шо­рооны ажил эхэллээ”
гэсэн мэдээ сонсох байв. Гэтэл  өнөө­дөр тав­ду­гаар
цахилгаан станцын ажил эхлэх нь бүү хэл хэн барих нь ч тодорхойгүй байна. Өн­гөрсөн
оны долдугаар сард ДЦС-5-ыг барих тендерт Английн “Интер­нэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”,
Японы “Со­житц”, БНСУ-ын “Поско Энер­жи” болон Монголын “Нью­­ком” компанийн хам­тар­сан
консор­циум шал­гарч концессын гэрээ бай­гуу­лах шатандаа байгаа талаар хэв­лэ­лүүд
мэ­дээлж байв.

Гэтэл оны эхээр тендерт оролц­­сон БНСУ-ын “Самсунг” корпораци, Монголын “Очир төв” компанийн нэгдлийнхэн өнөөд­рийн зах зээлээс илүү бага үнэ санал болгосон гэнэ. Ийм шалтгаа­наар тендерт шалгар­сан Английн “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”, Японы “Сожитц”, БНСУ-ын “Поско Энержи”, Монго­лын “Нью­ком” компанийн консор­циум, “Сам­сунг” корпорац, “Очир төв” ком­па­нийн нэгдлээс бор­луу­лал­тын үнийн саналыг дахин ава­хаар болоод байгаа билээ. Тэд­ний алийг нь сонгож станцаа бариу­лахыг зургаан яамны тө­лөө­­лөл багтсан ажлын хэсэг шалга­руул­на гэсэн мэдээлэл аль хоёр­дугаар сард цацагдаж байсан. Энэ талаар тод­руула­хаар ЭХЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Товуудоржид хан­да­хад “Эдийн засгийн хөгжлийн яамны С.Бэх­батаас асуу” гэсэн хариу өглөө. ЭЗХЯ-ны зүгээс V цахил­гаан станцын талаар тодор­хой мэдээлэл өгөхгүй байгаа юм бай­на. Тус яамны Инноваци, төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбатаас цөөн асуултад хариу авлаа.

Засгийн газраас тавдугаар цахилгаан станцыг Хөлийн голын хөндийд барина гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл газрын асуудал нь бүрэн ший­дэг­дээгүй байна. Газрын  зөв­шөөр­лийг нь хэзээ авах вэ?

-Газар
нь угаасаа тодорхой болчихсон шүү дээ. Хотоос газрын гэрчилгээ авах ажил л дутуу бай­гаа. Тун удахгүй гэрчилгээгээ авчих байх. Гэрчилгээ гарсны дараа байгаль орчны үнэлгээ хийгдэнэ.

Байгаль орчны үнэлгээгээ хэнээр хийлгэх вэ?

-Тэр
талаар одоохондоо яриа­гүй байгаа.

Тавдугаар цахилгаан стан­цыг хэн барих нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед Англи, Монгол, Солонгос, Японы хам­тар­сан компанийн нэр дахиад дуулдаад эхэллээ. Станц барих компани  тодорхой болсон уу?

-Эцсийн
шийд гараагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Сүүлийн үед зарим нэг сайд амаараа станц барих компанийг сонгосон шахуу юм яриад байгаа.  Тийм зүйл байхгүй. Өөрөө  ер нь тагнаж чагнаад байгаа юм уу, яагаад ийм зүйл асуугаад байгаа юм бэ.

Концессийн  гэрээ юу  болж байгаа вэ?

-Гэрээ
байгуулах ажил болоо­гүй байна. Сүүлийн үед хэвлэлээр худлаа мэдээлэл цацаад байна. Одоохондоо ямар нэг мэдээлэл өгөх боломж  алга.

Уг нь энэ хавар тавдугаар станцын барилгын ажил эхэлнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Шийдвэр гарахгүй удах тусмаа цаг алдах юм биш үү?

-Цаг
алдсаныг ойлгож байгаа. Аль болох хурдан хийхийг хичээж байна. Сайн нягталж байж зөв шийдвэр гарна.

Эдийн засгийн хөгжлийн яам­наас үүнээс илүү тодорхой мэдээ­лэл сонсч чадсангүй. Хийгдэж эхлээгүй, хийх газраа ч сонгоогүй байгаа Байгаль орчны үнэлгээг хийлгэхэд дор хаяж зургаан сар шаардагддаг гэнэ. Тэгэхээр энэ хавар тавдугаар цахилгаан стан­цын газар шорооны ажил эхлэхгүй нь тодорхой болжээ. Уг нь энэ хавар ажлаа эхэлчихвэл тун шахуу хугацаагаар хичээж барихад л 2016 онд цахилгаанаа түгээж эхэл­нэ гэж байсан юм. Ямартай ч энэ хугацаа нэг жилээр хойшлох нь тодорхой гэж салбарынхан хэлж байна.

Уг нь салбарын сайд нь хоёр сарын өмнө “Тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар “V” дулааны цахилгаан станцыг “Амга­лан” гэж нэрлэхээр шийдлээ” гэж байсан юм.

Концессын гэрээ байгуулна гэдэг эрсдлээ л зөв хуваарилж байгаа хэрэг гэнэ. Концессын гэрээг энгийнээр тайлбарлавал Засгийн газар хөрөнгө оруулагч­дад “Та нар станц барьчих, бид 20 жилийн турш та бүхнээс цахилгаан худалдаж авъя. Дараа нь наад станц чинь төрийн мэдэлд шилжинэ” гэсэн тохиролцоо аж. 

Өнгөрсөн онд тендерт шалгарч Концессын гэрээ, технологийн судалгаа гээд станц барих ажил­даа шуурхайлан ороод байсан  Английн “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”, Японы “Сожитц”, БНСУ-ын “Поско Энержи” болон Монголын “Ньюком” компанийн хамтарсан консорциумын хувьд  өнөөдөр станц барих эсэх нь то­дор­хой­гүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ оны нэгдүгээр сард Засгийн газар тендерээ хү­чин­гүй болгожээ. Санал өгсөн компаниудаас хэнийг нь ч сонгож чадал­гүй бүтэн улирлыг өнгө­рөө­жээ.

Тавдугаар цахилгаан станцын тендерийг 2008 онд анх зарлахад ТЭЗҮ хийгээгүй гэсэн шалтгаанаар хойшилж байж. Үүний дараа Зас­гийн газар Азийн хөгжлийн банктай ярилцаж буцалтгүй тусламж авчээ. Тавдугаар цахилгаан станцын  ТЭЗҮ-ийг  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын инже­нерийн  компани хийж хоёр жилийн өмнө Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Одоо Засгийн газрын ажил л дутуу байгаа аж.

ЖАР ГАРУЙ БАРИЛГА ЦАХИЛ­ГААН­ГҮЙ БАЙНА

Тавдугаар цахилгаан станц баригдах хугацаа хойшлох хэрээр бид ямар эрсдэл амсах бол гэсэн асуултад хариу авахаар “Мандал даатгал” дээр очлоо. Эднийх “Мон­гол Улсын эрсдлийн тойм”-ыг гар­гаад байгаа юм. Тэд эрчим хүчний салбарын эрсдлийг ч тооцоод үзчихэж. Нийслэлийн цахилгааны 70 гаруй, дулааны 60 гаруй хувийг хангадаг дөрөвдүгээр цахилгаан станц  2010 оноос ачааллын асуу­далд оржээ. Ид хүйтний үеэр  100 МВт дулааны эрчим хүч дутагдах гэнэ. 2020 он гэхэд дулааны хэрэг­лээ 1000 гаруй гегакалори, цахил­гааны хэрэглээ 700 гаруй мегават­таар өсөхөөр байгаа аж.  “ДЦС-2-ын ашиглалтын хугацаа  2015-2016 онд
дуусна, ДЦС-3 ба ДЦС-4 нь нас муутай. 2013-2015 онд дөрөвдүгээр Цахил­гаан станцад ноцтой гэмтэл гарахад Улаанбаа­тар хот хөлдөх эрсдэл ойрхон  байна. Хамгийн эрсдэлтэй нь улсын түвшинд ямар ч нөөц төлөв­лө­гөө алга” гэж эрсдлийн судал­гаан дээр ажилласан залуус ярив.

Харин Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж “Эрчим хүчний хэрэглээ ойрын таван жилд хоёр дахин өснө. 2012 онд 800-900 МВт байсан бол 2020 он гэхэд өвлийн их ачааллын үед 3000 МВт болно гэсэн үг. 2030 оны өвөл бүр 7000 мвт болж өснө. Тэгэхээр тавдугаар цахилгаан станцыг ба­ри­лаа ч асуудал бүрэн шийдэг­дэ­хээргүй байгаа. Монгол Улсын эрчим хүчний систем  хэдхэн станц­тай болохоор дэндүү жижигхэн. Нэг том хэрэглээ ороод ирэхээр л хэцүүдчихэж байгаа юм. Оюу тол­гой гэхэд л өнөөдөр урдаас цахил­гаа­наа авч байна шүү дээ” гэж ярилаа. Одоогоор жар гаруй барилга цахилгаан дулаан өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар эзэнгүй байгаа аж. Одоо баригдаж байгаа, удахгүй ашиглалтад орох барилгууд ч цахилгаан, дулаангүй зогсолт хийх эрсдэлд оржээ.

ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГАЗАР АЦАН ШАЛААНД ОРЖЭЭ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Нийс­­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тавдугаар цахилгаан станц барих газрыг яаралтай шийдэх үүрэг өгсөн. Үнэн хэрэгтээ бол шийдчихсэн газраа батал­гаа­жуу­лах үүрэг өгсөн байна. Засгийн газрын хуралдааны 191-р тогтоо­лоор тавдугаар  цахилгаан станцыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг Хөлийн голын хөндийн 43 метр квадрат талбайд барихыг үүрэг болгожээ. Энэ газар нь Ургах наран хорооллын өмнөх талбай юм.  Мөн станц барихтай хол­боо­той судалгаа, байгаль ор­чинд нөлөөлөх байдлын нарийв­­чилсан үнэлгээ хийж батал­гаа­жуу­лахыг сайд М.Сономпил, С.Оюун нарт даалгажээ.  Гэвч одоог хүртэл дээрх сайд нараас тавдугаар ца­хил­гаан станцтай холбоотой ямар нэгэн хариу мэдэгдэл  Нийс­лэлийн Засаг Тамгын газарт ирүү­лээ­гүй, хүлээгдэж байна. Нийслэ­лийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр хороол­лыг барилгажуулж, утааг арилгана” хэмээн мэдэгдээд байгаа. Түүний эдгээр ажлуудыг эхлүүлэх суурийг тавихад тавдугаар цахилгаан станц маш чухал үүрэгтэй гэдгийг онцлох хүн олон байна.

Засгийн газрын хуралдаанаар Хөлийн голын хөндийд тавдугаар цахилгаан станц барих төсөл бат­лагд­сан даруйд Нийслэлийн Засаг дарга газрын зөвшөөрлийг нь өгөх гэсэн боловч гурван сарын хуга­цаанд асуудлыг шийдэж чадсан­гүй. Өөрөөр хэлбэл, гацаанд орчих­сон гэсэн үг юм. Юунаас болж гацаанд орсон бэ гэхээр  Засгийн газраас тогтоосон Хөлийн голын хөндий орчим нийслэлчүүдийн цэвэр усны эх байдаг гэнэ. 2009 онд тухайн үеийн Засаг дарга захи­рамж гаргаж тусгай хамгаалалтад авчээ.  Дээрх  захирамжийг  Э.Бат-Үүл дарга хүчингүй болгох эрх мэдэл нь байгаа боловч нийс­лэл­чүүдийн ундны усны гол газар байх магадлалтай хэмээн үзэж Ус сув­гийн удирдах газарт санал хүр­гүүлжээ.  Уг санал нь Хөлийн голын хөндий орчимд цахилгаан станц барихад нийслэлийн ундны усанд нөлөөлөх үү гэдэг тодорхой судал­гааг харж байж шийдээ гаргах гээд хүлээж байгаа гэнэ. Хэрэв нийс­лэлчүүдийн ундны усанд сөргөөр нөлөөлөх  нь судалгаагаар тог­тоогд­­вол хэцүүхэн байдалд орох төлөвтэй байна.  Учир нь Засгийн газрын тогтоолд “Тавду­гаар цахил­гаан станцыг  Хөлийн голын хөн­дийн 43 га газарт барь” гээд ацаггүй заачихсан байдаг. Засаг дарга Э.Бат-Үүл цахилгаан станцтай болбол усгүй хатах, устайгаа үлд­вэл дулаангүй болох ацан шалаанд шаналж байгаа ажээ.

Categories
редакцийн-нийтлэл

Биржээр арилжаалаагүй ноолуурыг хилээр гаргахгүй гэсэн шийдвэр гарлаа

“Жин Коронно”-гийн агуулахад хураасан биржээр арилжаалагдаагүй ноолуур. 2013.04.08

-НООЛУУРЫН ӨЧИГДРИЙН ХАНШ 67000-67500 ТӨГРӨГ БАЙЛАА-

Өнгөрсөн долоо хоно­гоос ноолуур арилжиж эхэлсэн Хөдөө аж ахуйн бирж өчигдөр хоёр дахь арилжаагаа хийлээ. Бир­жийн зүгээс эхний ээл­жинд ноолуур нь эхэлж гардаг зүүн гурван айм­гийг онцолж байсан  юм. Өчигдрийн хувьд Төв аймаг, Булганы итгэмж­лэгд­сэн агуулахад буй ноолууран дээр ханш тогтлоо. Булганы агуула­хын ноолуур 67500, ха­рин Төв аймгийнх 67 мян­ган төгрөгөөр арилжаа­лаг­дав. Энэ өдөр 2,4 тонн ноолуур зарагджээ. Мэдэгд­лүүд өчигдөртөө багтаж хүрээд, өнөөд­рийн дотор төлбөр тоо­цоо­гоо хийлцэх гэнэ. Арил­жаа өдөр бүрийн 11.00-12.00 цагийн хоо­ронд болох юм байна. Тэгэхээр ноолуурын үнэ эрэлт, нийлүүлэлтээсээ хамаараад өдөр бүр ялгаа­тай  тогтоно гэсэн үг. Зүүн гурван аймаг, Төв, Дорноговь, Дундговийн ноолуур нийлээд нийт ноолуурын 30 хувь л бол­дог гэнэ. Ноолуурын гол гарц нь баруун талдаа байдаг аж.

Онцолж байсан  Дор­нод,
Хэнтий, Сүхбаа­тарын ноолуур дээр өчигд­рийн арилжаагаар ханш тогтсонгүй. Бир­жийн­хэнд
эдгээр аймгийн ноолуур буруу гараар ороод байна уу гэсэн хардлага төрж эхэлжээ.
Өнгөрсөн тав дахь өдөр гэхэд 1,5 тэрбум төг­рөгийн ноолуур худал­даж авах санал
ирсэн ч  500 сая төгрөгийн ноо­луур зарах
санал л иржээ.

ХЯТАДУУД БИРЖИЙН АРИЛЖААНААС ГАДУУР ИХ ХЭМЖЭЭНИЙ НООЛУУР ХУДАЛДАН АВЧЭЭ

Хятадууд их хэмжээний ноо­луурыг биржээр дамжуулалгүй авч, угаагаад хилээр гаргах гэж байна гэсэн мэдээлэл ҮХААЯ, бир­жийн­хэнд иржээ. ҮХААЯ, Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба, Хөдөө аж ахуйн бирж, ГЕГ-ын төлөөлөл энэ өдөр хэд хэдэн үйлдвэрээр орсон юм. Биржийн арилжаанд Итали, Японы хөрөнгө оруулалттай ноолуур самнах үйлд­вэ­рүүд оролцъё гэсэн санал ирүүлж байгаа бол монгол  ноо­луу­рыг их хэмжээгээр гаргадаг Хята­дын иргэд, компанийн зүгээс ямар нэг хүсэлт ирээгүй гэнэ. Тэдний орсон эхний газар “Автобус-2”-ын ойролцоо орших “Жин Короно” ноос угаах үйлдвэр байлаа. Хашаа­гаар ороход ноолуураар дүүргэсэн контейнерт тав, зургаан хүн ажил­лаж байв.  Хэд хэдэн хятад иргэн харагдсан ч шалгалтаар ирсэн ажлын хэсгийнхнийг хараад хэд хэдээрээ жипэнд суун явж одлоо. Удсан ч үгүй компанийн захирал залуу ирж “Би энэ ноолуурыг аваа­гүй, ноолуураа угаалгах гэж байгаа хүмүүс л манай агуулахад авчраад байгаа юм” гэсэн тайлбар хийв. Хөдөө аж ахуйн биржийн дарга Ж.Эрдэнэбат “Хуулиар бол итгэмж­лэгд­сэн агуулахад л ноолуур авах ёстой. Гэтэл танайх итгэмж­лэг­дээ­гүй агуулахад ноолуур буулгасан байна. Хууль зөрчвөл олсон орло­гыг хураах хүртэл заалт бий.  Улаан­баатарт итгэмжлэгдсэн 13 агуулах л байгаа” гэж сануулахад  “Жин Короно”-гийн захирал толгой дохиж байлаа. Эдний компани зургаан тонн ноолуур угаажээ.  Биржээр арилжаалагдаагүй ноо­луурыг экспортод гаргахгүй гэдгийг яам, биржийнхнээс гадна, гаалийн­хан ч хэлж байв. Тэд энэ өдөр “Ган нэхээс”, “Хос гол”  үйлдвэрээр орсон. “Жон Короно” шиг бүгдийнх нь агуулахад  багагүй хэмжээний ноолуур хураасан байв. “Ган нэ­хээс”-ийн хувьд биржийн арил­жааны бичиггүй ноолуур экс­порт­лох гэж байгаад баригдсан гэнэ.

Ноолуурын арилжааг зүүн бү­сийн гурван аймаг гэхгүйгээр улсын хэмжээнд зохион байгуулах шийд­вэр гарчээ.  Биржийн зохи­цуулах зөвлөлийн ажлын хэсгийнхэн өчиг­дөр төвийн болон баруун аймгууд руу биржийн арилжааг сур­талч­лахаар нийслэлээс гарсан юм. 

Энэ өдөр ГЕГ-ынхан биржээр арилжаалаагүй угаасан, самнасан ноолуурыг хилээр гаргахгүй гэсэн шийдвэрийг хэрэгжүүлэхээр болов.

БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДАХ НООЛУУРААС ТАТВАР АВАХГҮЙ

Албаны баримтаар бол өнгөр­сөн жил 600 тонн ноолуур л хилээр гарчээ. Үндэсний үйлдвэрүүд 1200 тонныг нь авсан гэхээр 3200 тонн ноолуур хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэсэн үг. Бирж ажиллаж эхэлснээр хичнээн тонн ноолуур хаашаа гарсан зэрэг бүх мэдээлэл тодорхой болох гэнэ.

Биржээр дамжуулж ноолуур арилжсан тохиолдолд үнийн дүн­гийн 0.3-0.6 хувийг л биржид үйл­чил­гээний шимтгэл гэж төлөх юм байна.  Зуучилж байгаа брокер нь ч  энэ хэмжээний шимтгэл авна гэхээр зарах ноолуурынхаа нэг хувьтай тэнцэх хэмжээний үйл­чилгээний хөлсийг л биржид өгөх нь. Ноолуураа зарах гэж буй хувь хүн, байгууллага аль нь ч Сан­хүү­гийн зохицуулах хорооноос зөв­шөөр­лөө авсан 23 брокерийн компанид хандаж дансаа нээлгээд заруулах аж. “Алтан шагай импекс”, “Хаан тэлмэн”, “Бурхант таван эрдэнэ”, “Вүүдсоунд”, “Интерлогик”, “ҮСҮ”, “Бат билгэх”, “Саяан хаан”, “Увс таван эрдэнийн ундарга”, “Гурван цаст гал тамга”, “Хөвчийн тал”, “Өлгий түүхий эд”, “Сантланс”, “Гүүд комэкс”, “Бурнавасан од”, “Хонгорын таван эрдэнийн хишиг”, “Лотус комэкс”, “МЭТУ”, “Өвөр таван эрдэнийн шим”, “Цэц инвест”, “Бадар хундага оргил”, “Мөрөн таван эрдэнэ”, “Ханбүргэдэй хэн­тий” зэрэг компани СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авчээ. Бирж брокерын 32 суудалтай. 23 нь эрхээ аваад байгаа нь энэ аж.

Малчдын хувьд итгэмжлэгдсэн агуулахад нь бараагаа хүлээлгэн өгөхөд л болох гэнэ. Одоогоор зүүн гурван аймаг, Төв, Булган аймагт итгэмжлэгдсэн агуулахууд ажиллаж эхэлжээ. Өмнө нь ажиллаж байсан агуулахуудыг итгэмжлэх ажлыг яамнаас хийж байгаа юм байна. Яамны зүгээс эхний ээл­жинд 21 аймгийг  итгэмжлэгдсэн агуулахтай болгож, агуулах бүрийн дэргэд брокерын мэргэжлийн байгуул­лага ажиллуулах бодлого барьж байгаа аж. “Малчид явуулын чен­жийн аманд багтаж ноолуураа хямдхан өгснөөс  биржээрээ дам­жуулж багахан хэмжээний  шимтгэл төлж брокерынхоо агуулахад аваачиж өгөөд байвал өөрсдөд нь ашигтай” гэж биржийнхэн ярилаа. Хувь малчин пүүсээр дамжуулж ноолуураа заруулбал ноолуурынх нь мөнгө тухайн пүүсийн дансанд орох юм байна. Нэр дээрээ данс нээлгэж ч болох аж. Малчдын хувьд үндэсний үйлдвэрлэгчдэд ноо­луу­раа шууд зарах боломж бас бий. Учир нь ноолуурын үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа биржээр дамжин арилжаа хийх шаардлагагүй юм. Хуульд зааснаар анхан шатны боловс­руулалт хийн ноолуур экс­порт­лох хүмүүст л  биржээр дам­жуу­лан арилжах нөхцөлийг тавьж байгаа аж.

Биржээр арилжаалаагүй ноо­луу­рыг хил гаргах гэж байгаад илэрвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх торгууль хүлээхээс гадна ноолуураа хураалгах ха­риуц­лага хүлээх эрсдэл ч байгаа аж.

НООЛУУРЫН ҮНЭ ЯАЖ ТОГТОХ ВЭ?

Хөдөө аж ахуйн биржийн дарга Ж.Эрдэнэбат ноолуурын үнэ яаж тогтдогийг “Хү­мүүс ноолуур авах, зарах саналаа компьютерт оруул­на. Зарах гэж  байгаа саналд дуртай үнээ хэлж болно. Зах зээ­лийн, нөхцөлт гэсэн хоёр янзын захиалга өгөх боломж­той. Тэрийг нь бирж дээр гаргахдаа авах, зарах захиалгын дундаас бодож үзээд хамгийн  их хэмжээ­ний бүтээгдэ­хүүн арил­жаа­лагд­са­наар нь тог­тоо­но. Өнөөдөр 67500 төгрөгөөр  хамгийн их  буюу хоёр тонн гаруй ноолуур зарагдаж байгаа учраас энэ өдрийн  зах зээлийн үнэ болчи­хож байгаа юм. 67000 төгрөгөөр заръя гэсэн санал өгсөн хүний ноолуур  500-гаар ахиу зарагдаж байна гэсэн үг. 68000 төгрөгөөр зарах санал өгснийх нь 500 төгрө­гөөр татуу зараг­даж байгаа хэрэг. Олон улсад хэрэг­лэдэг дуудлага худалдааны зарчмаар явагдаж байгаа юм” гэж тайлбарлалаа.

Биржийн компьютеруудад арил­­­жааны захиалгын бүртгэлийн программ суулгажээ. Орон нутгаас энэ программ дээр захиалгаа ши­вээд явуулангуут нийслэлд байгаа брокерууд захиалгыг нь 11.00-12.00 цагийн хооронд шивж оруу­лах аж.   Захиалгын цаг  дуусангуут  дуудлага худалдаагаар үнийг нь бодоод тогтоочихдог гэнэ. Өгч авалцах хүмүүс гэрээгээ байгуулж, мөнгө, төгрөгөө солилцсоны дараа тодорхой хугацааны дотор итгэмж­лэгд­сэн агуулахад байгаа ноо­луурыг худалдан авагчийн агуу­лахад тээвэрлэж хүргэж өгөх юм байна. Итгэмжлэгдсэн агуу­лахаас гадна  тээвэр хийх итгэмжлэгдсэн байгууллага ч байх нь.

БИРЖИЙН АРИЛЖААНД ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Өмнө хэлсэнчлэн мэргэжлийн брокерууд оролцоно. Тэд Сан­хүү­гийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авсаны дараа бир­жээс суудлын эрхээ жилийн ху­раам­жаа төлж  худалдаж авна.  Байнгын бус оролцогч гэж бий. Тэр  нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс бүрдсэн хоршоо.  Малчдын хор­шоо бэлдсэн түүхий эдээ арил­жаалах хэлбэрээр нэг удаагийн арилжаанд оролцох зөвшөөрлөө биржээс авна.  Малчдын хувьд арилжаанд оролцох ийм боломж бий. Өчигдрийн арилжаанд бир­жээс арилжаа хийхийг зөвшөөрсөн хоршоо байсангүй. Дан брокерууд арилжаанд  оролцжээ. Малчид  цаашдаа итгэмжлэгдсэн агуу­лах­тай болж  түүхий эдээ стандартын да­гуу бэлтгээд эхэлбэл  биржээс зөв­шөөрөл авч шууд арилжаанд оруу­лах боломж нээлттэй байгаа аж. 

Хөдөө аж ахуйн биржийн дарга Ж.Эрдэнэбат “Түүхий эд бол  их том зах зээл. Ноос, ноолуур гэхэд жилдээ  330 тэрбум болдог. Үүнийг зохион байгуулалттайгаар  зах зээлд  оруулаад Монголын банкны системээр дамжуулж төлбөр тоо­цоог нь хийвэл манай  эдийн засагт л өгөөжтэй. Далд байсан мөнгө­нүүд ил гарч ирнэ. Биржээр арил­жаа­лагдах түүхий эдэд улаан­буудай орвол  мөн л ашигтай. Өнгөрсөн жилийнх шиг  хэмжээний буудай хураавал багаар бодоход л 120 тэрбум төгрөгийн улаан буудай арилжаалагдана. Амьд малын арилжаа гэж  800 гаруй тэрбум төгрөгийн маш том зах зээл байна. Амьд малын зах зээлийн үнээс хамаарч махны  жижиглэн­гийн үнэ зөв тогтож эхэлнэ. Мах бэлтгэлийг үйлдвэрийн аргаар стандартын дагуу хийвэл  махны арилжаа ч хийж болохоор. Бирж дээр махны үнэ 4000 төгрөг байхад 8000 төгрөгөөр зараад байвал ШӨХТГ жинхэнэ утгаараа ажиллах боломжтой. Хянах, шаардлага тавих боломж гарч ирнэ. Бирж гэдэг бол бариад авчих эдийн засгийн уяатай болохыг л хэлээд байгаа юм” гэж ярилаа.

Хөдөө аж ахуйн биржийн өнөөд­рийн арилжаа 11.00 цагт эхэлнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монголбанкны алтны нөөц 5.8 тонн болж өслөө

Монголбанк алтны нөөцөө 1.5 тонноор
нэмэгдүүллээ гэж  Zolotonews.ru
сайт мэдээлжээ. Гурван сар дараалан
өссөнөөр  төв банкны алтны нөөц 5.8 тонн
болж байгаа аж. Энэ нь 2008 оноос хойшхи хамгийн их хэмжээ гэж Блүүмберг
мэдээлж байна.  Гэнэтийн ашгийг татварын
хууль гарахаас өмнө манай  алт олборлогч
120 гаруй компани Монголдбанкинд жилдээ 15 мянган тонн алт тушааж байсан юм. Сонирхуулж
хэлэхэд Казахстаны алтны нөөц 4,9 тонн, Азербайжаны нөөц нэг тонн,
Украины алт 0,6 тонн-оор
нэмэгджээ. Өнгөрсөн онд унци алтны үнэ дунджаар
1669 ам.доллар байж,  дэлхийн улс орнуудын алтны нөөц 534.6 тонноор
өссөн байна. Энэ нь  1964 оноос хойших
хамгийн өндөр үзүүлэлт аж.