Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумын шууданч С.Түмэнжаргал: Өмч хувьчлалын дараа сэхээтнүүд сонинтойгоо мал дээр гарч байлаа DNN.mn

Социализмын үед л 100 гаруй мянган төгрөгөөр гадна, дотны хэвлэл захиа лаад уншчихдаг байсан, номонд дуртай  усны инженер бүсгүй 1999 онд сумын шууданч хэмээх даруухан албыг хаших болжээ. Ном, хэвлэл унших дуртай гэсэн ганцхан шалтгаан С.Түмэнжаргалыг цалин багатай, нөхцөл тааруу сумын шууданчийн албанд уяж орхиж. Өдөржин хэвлэл, захиа, албан бичиг түгээж, сонин сэтгүүлийн захиалга авах гэж сумаа хөндлөн гулд туулдгийнхаа төлөө тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Дахиад онцлоход, тэтгэвэртээ гарсан ч өнөөг хүртэл шууданчийн албаа хийсээр яваагийнх нь цаана номонд дуртай гэсэн ганцхан шалтгаан бий. Ойр тойрныхон нь “Одоо сайхан амар аа, ажлаа өг” гэх тоолонд “Шуудангаа эзгүй орхиж яаж болох юм” хэмээн хэлээд ажилдаа яарах С.Түмэнжаргал Төв аймгийн Жаргалант сумын шууданч. Түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа уншигчдадаа хүргэе.


-Таныг Төв аймгийн хэдэн сумдыг хамарсан мянган га талбайн усжуулалтын системийг хариуцсан инженер байсан гэж сонссон. Зах зээлд шилжсэний дараахнаас л шууданчаар ажиллаж эхэлсэн үү?

-Шууд шууданчаар ажиллаж эхлээгүй юм аа. Сургуулиа төгсөөд Төв аймгийн усны аж ахуйн инженерээр ажиллаж яваад 1982 онд Жаргалант суманд ирсэн хүн л дээ би. Тухайн үед Намын төв хорооны тогтоолоор 10 мянган га г азрыг услахын тулд услалтын системийг сэргээн засварлахаар болсон юм. Тэр дагуу манай аймагт Сэргээн засварлах отряд гэж байгуулагдаж байлаа. Санаачлагч нь аймгийн Усны аж ахуйн дарга н.Мэндбилэг. Жаргалант, Батсүмбэр, Борнуур гуравт анх байгуулаад нэг инженерт мянган га газар хуваарилсныг чи сонссон бололтой. Надад Заамарын 125 га, Баянцогтын 70 га, Жаргалантын 500 гаруй га гэх мэтээр нийтдээ мянган га газар хуваарилсан. Эдгээр сумдын усалгааны системээс гадна Жаргалант сумынхаа худгийг давхар хариуцна. Зах зээл эхэлснээс хойш Үйлдвэрчний холбооны дарга нэртэй ч  ямар ч гишүүнгүй, цалин цуухгүй хэсэг явсан шүү. Сүүлдээ өнөө ажлаа болиод жолооны курст сууж амьжиргаагаа залгуулах  юм боллоо. Яг тэр үед шууданчаар ажиллах  санал ирж, долоо хоног сургалтад суугаад сумын шууданч болчихсон.

-Хэвлэл захиалгын ямар ч туршлагагүй шуудхан л шууданч болчихоор тэвдэх юм их гарна биз?

-Өө, тэрнээс өмнө хэвлэл захиалга авдаг ажил хийчихсэн, бөөн туршлага байсан.  “Ардын эрх” сонинг үйлдвэрчний байгууллагаар дамжуулж захиалуулах шийдвэр гарч байсан түүх бий. Тэр үед би цалингүй ч гэлээ Үйлдвэрчний холбооны дарга сэтэртэй (инээв). Их хэцүү цаг байж дээ, эргээд бодоход. Хүмүүсийн гар дээр мөнгө байхгүй. Үйлдвэрчний холбооны дарга нар улс даяар “Ардын эрх” сонины захиалгыг хонь, сүү, цагаан идээ гэх мэтээр бартердаж захиалуулна. Ерээд онд сонин уншдаг малчин олон байсан. Өмч хувьчлалын дараа ажилгүй болсон сэхээтнүүд сонинтойгоо мал дээр гарсан учраас тэр л дээ. Өнөөдүүл маань “Ардын эрх”-ээ хониор бартердаж захиална. Гэхдээ тухайн цагт хэвлэл захиалгын үнэд хонь авсан олон шууданч өрөнд орсон. Миний хувьд хонь авахгүй гэж шийдээд сүүгээр бартердаж хэвлэл захиалгаа авдаг байлаа. Малчдаас сүүг нь аваад хүүхдийн сүүний үйлдвэрт өгчихөөр амар байсан хэрэг. Тухайн үед “Ардын эрх”-ийн хэвлэл захиалгын үнэ 6000  төгрөг. Нэг литр сүү 100 төгрөг байсан юм.

-Нээрээ л цаг хэцүү байж дээ. Та Үйлдвэрчний холбооны дарга байхдаа  хэчнээн төгрөгийн хэвлэл захиалуулж байсан бэ?

-216 мянган төгрөгийн хэвлэл захиалуулж байснаа их тод санадаг юм. Тэр үедээ би өөрөө орос, монгол хэлээр нийтдээ 100 гаруй мянган төгрөгийн хэвлэл захиалдаг байсан юм билээ.

-Бараг тал нь таны захиалга байжээ…?

-Тэгсэн (инээв).

-Шууданч болох саналыг шууд л хүлээж авсан уу?

-Анх тийм санал ирэхэд “Мөнгө төгрөгтэй холбоотой ажил хийхгүй”л гэлээ. Гэтэл нөхөр хажуугаас “Угаасаа сонин уншаад байж байдаг хүнд зүгээр биш үү” гэж байна. Тэгээд л ажлаа хүлээгээд авчихсан.

-Таныг 1999 онд анхны сая төгрөгийн хэвлэлээ захиалуулсан гэж сонссон. Аймгийн хэмжээнд айхавтар том тоо байсан гэдэг…?

-Өө, аймгийнхан бүлтийтэл гайхсан. Сая төгрөгийн хэвлэл захиалуулчихлаа гэж шуугиад. Булган аймгийн зургаан шуудангийн хэвлэл захиалгатай тэнцэхээр захиалга хийчихээр аргагүй л дээ. Сугандаа хавчуулаад аймагт аваачиж тушаана шүү дээ, өнөө сая төгрөгөө. Тэр цагаас хойш би 2004 он хүртэл Монгол Улсын хэмжээнд нэг номерын хэвлэл захиалуулдаг шууданч байсан. 2002 онд аймгийн хөдөлмөрийн аварга болж байлаа. Хэвлэл захиалгаар 360 сумыг  жагсаахад манай Жаргалант нэгд жагсдаг байсан шүү. Төв аймгийн хэмжээнд гэхээр л сүүл мушгичихдаг байсан юм. Нэг айл дөрвөн сонин захиална. Тэр үед сонин захиалгын хамгийн үнэтэй нь 3000 төгрөг. Долоо хоногийнх гэхээр “Хүмүүс”, “Зиндаа”, “Мянганы зууч” гээд маш олон сонин гарна. Өдөр тутмын сонин гэхээр “Үнэн”, “Ардын эрх”, “Зууны мэдээ”. Намын “Үнэн” сонинг гишүүд нь л захиална.

-“Өдрийн сонин”-ы захиалга хэр байсан бэ?

-Уншууртай учраас цагийн уртад шалгараад үлдэх нь жам шүү дээ. Манай сум чинь ардчилалд их элэгтэй. Би ч өөрөө ардчилалд хайртай хүн. Ардчилал сонгуульд ялангуут сумынхаа дөрвөн багийн ардчиллынхныг барьж аваад захиалуулна шүү дээ (инээв). “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулсан Ж.Мягмарсүрэн Борхужирынх болохоор нутгархаж захиалах хүн ч олон байсан.

-Өдөр тутмын сонинуудын захиалга хэр байна вэ, одоо?

-Ер нь сонинуудын захиалга багасаад л байна. Гэхдээ захиалга багаслаа гээд зүгээр сууна гэж юу байхав. Тамгын газрын ажилчид руугаа залгаад “Өдөр тутмын ямар сонин унших гэж байна” гээд эхэлнэ шүү дээ. Өөр суманд бол шууданчийнхаа үгэнд ордоггүй л гэдэг юм. Би бол “айлгаад” байдаг байхгүй юу (инээв). Жаргалантынхнаас хэн нь ямар хэвлэл захиалж байсныг тэмдэглэсэн 24 жилийн түүх багтсан дэвтэр надад бий. Яг одоо гэвэл “Өдрийн сонин” захиалсан хүн 14, “Үнэн” сонины захиалагч 4 байна. Талбулагийн Болаа ах “Зууны мэдээ” захиалдаг юм. Миний хувьд хүмүүсээрээ ингэж алаглуулж захиалуулчихаад эзэнд нь өгөхөөс өмнө уншчихдаг дадалтай. “Өдрийн сонин”оос хамгийн түрүүнд арын нүүрний жижиг бичлэгийг нь уншина. Үхрийн махыг үнхэлцгэнд нь гэдэг шиг үгүй мөн амттай бичвэрүүд шүү. “Өглөөний сонин”-ы “Үг” буланг бас байнга харна. Бичвэрийг нь уншаад сонины газрын сурвалжлагчдыг солигдохыг  хүртэл андахгүй. “Таван цагариг” гэж гоё сонин байлаа. Тэр сонин алга болсны дараа тэнд бичдэг сэтгүүлч “Зууны мэдээ”-д орчихсоныг бичвэрээр нь мэдчих жишээний.

-Сэтгүүлчид нэрээ нууцалж их бичдэг дээ, тийм байхад л бичвэрийн өнгөөр нь гаргаахгүй юу?

-Андашгүй шүү дээ, ёстой гаргаахгүй.

-Өдөр тутмын сонины захиалга буурсаар байгаа гэлээ. Захиалагч буурчихаар сэтгэл дундуур мэдрэмж төрнө биз?

-Миний хувьд захиалагчаа буулгахгүй явсаар ирсэн шүү. Наад захын жишээ гэхэд л  “Өдрийн сонин”-ы 20 захиалагчаа огт алдаж байгаагүй. “Өдрийн сонин” захиалж байсан нэг хүн бурхан болоход дараагийн хүнээ олох эрэлд гарна. Хүнийг унших үйлд уруу татна гэдэг сайхан үйл. Уншууртай нийтлэл, ярилцлага нийтлэгддэг сониныг захиалуулахад ч урамтай.

-Унших дуртай сэтгүүлчдээсээ нэгийг онцлооч гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Б.Ганчимэгтэй юу ярихав. Жинхэнэ бичдэг хүн шүү дээ, базарваань. “Өдрийн сонин”-д бичдэг байхад нь амдаж суугаад л уншдаг байлаа. Дээхнэ номын баяр дээр нэг таарсан шүү. “Сайхан ярилцлага хийсэн байна лээ” гээд баяр хүргээд өнгөрсөн. Нэг сайхан уулзаж ярилцахсан гэж боддог л юм. “Өдрийн сонин” ном уншихад уруу татдаг нь их гоё (инээв). Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дах хөхний гавар”-ын “Унагаа зуусан хулан”-гийн хэсгийг нийтэлчихээр хорхой хүрээд өнөө номыг авахаас аргагүй болж байгаа юм.

-Сэтгүүлийн захиалга хэр вэ?

-Сэтгүүл нэг үеэ бодвол их цөөрсөн. “Үндэсний тойм” сэтгүүлээс Цэнддоогийн фельетоныг уншихгүй бол ёстой баларна. Цогтбаярын зураг бас их гоё. Цэнддоо, Цогтбаярын бүтээлийг харах гэж хэн нэгнээр “Үндэстний тойм” захиалуулах ёстой шүү дээ (хөгжилтэй инээв).Төв аймгийн сэтгүүлч Дашрэнцэнгийн хүү Гампыг унших гэж сумынхаа хурлын даргаар  “Цаг төр”-ийг захиалуулдаг байлаа (жуумалзав).

-“Өдрийн сонин”-ы үнэнч уншигчид гэвэл ямар хүмүүс байх вэ?

-“Өдрийн сонин”-ыг баараг гүй уншдаг нь буриад Батбаяр. Тракторч Өлзийбүрэн байна. Ардчиллын анхны хараацайнуудын нэг л дээ. Сургуулийн захирал даа “Ардчиллын шугамаар орж ирсэн сургуулийн захирал учраас заавал захиал” гэж хэлээд захиалуулчихсан.

-Ерээд оны сүүл, 2000аад оны эхээр “Халуун хөнжил”, “Үдшийн шивнээ” гэх мэт эротик хэвлэл цөөнгүй байсан санагддаг. Тиймэрхүү хэвлэл захиалдаг байсан болов уу, хүмүүс?

-Өө тэр их хөгтэй. Захиалахаар орж ирсэн хүнд “Яаж чамд хүмүүсийн нүдэн дээр тийм сонин өгөх вэ дээ. Гадуур нь далдлахын тулд өөр нэг сонин захиалчих” гэж хэлээд өдөр тутмын сонин захиалуулчихдаг байлаа. Тэгээд л өнөөх чинь “Өдрийн сонин” уншиж байгаа дүр эсгээд өнөө сониноо хараад суучихна. Гэртээ аваад очвол бөөн юм болох учраас шууданд уншчихаад гардаг байсан юм.

-Таныг захидлыг  яг эзэнд нь өгдөг гэж сумынхан ярих юм. Ойрынх нь хүнээр дамжуулчихвал ажилд тань  амар биш үү?

-Найз охиндоо бичсэн хүүгийн захидлыг аав, ээжид нь юу гэж өгөхөв. Яг эзэнд л өгнө. Нууцыг бол янзын хамгаална шүү дээ, манай шуудангийн хууль учраас.

-Санаанаас гардаггүй хэвлэл захиалагчийн түүх гэвэл танд өчнөөн байгаа даа?

-Өө тэгэлгүй яахав. Пүрэвбат гэж хүү бий. “Бөх” сонинд дуртай гэж жигтэйхэн. Өнөөх маань Япон руу ажиллах зорилготой явав аа. “Бөх” сонин сард гурван удаа гарна. Өөрөө захиалаад Пүрэвбат руугаа дугтуйлаад явуулчихдаг боллоо. Гурван жил ажиллаад ирэхдээ Японы газрын зургийн хэлбэртэй жигнэмэг, савх гээд өчнөөн гоё бэлэг барьчихсан орж ирж билээ. “Хүний нутагт бэтгэрч явахад дуртай сонин маань ирэх ямар гоё байсан гээч. Баярлалаа эгч ээ” гэсэн үг нь санаанаас гардаггүй юм. Бөхийн тухай ном бичнэ гэж ярьдаг хүүхэд дээ. Одоо бид хоёр фэйсбүүкийн найзууд. Бас нэг захиалагч санаанд тод байдаг. Гадаад хэвлэлийн захиалга биелэхээргүй болсон үед охин маань “Японд докторт сурдаг Лхагвасүрэн гэж ах монгол бичигт дуртай” л гэж байна. Охин захиалгын мөнгийг нь өгч, би дугтуйлаад явуулдаг ажилтай боллоо. Тэгж гадаадын захиалгынхаа төлөвлөгөөг биелүүлж байлаа. Өнөө залуу доктороо хамгаа  лаад ирэхдээ манай охинд  япон хэлнээ хэвлэгдсэн “Гурван улсын үлгэр”-ийн таван ботийг бэлэглэсэн гэсэн. Юм гэж их сонин. Сүүлд телевиз үзээд сууж байсан чинь Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг эрдэмтэн шагналыг Лхагвасүрэн гэдэг залуу авч байна аа. Охиноосоо “Энэ залуу өнөө Лхагвасүрэн маань мөн үү” гэж лавлатал “Мөн” гэдэг байгаа. Хэчнээн гоё санагдсан гээч.

-“Хүмүүн бичиг” сониныг гаднаас зорьж захиалдаг тохиолдол байдаг уу, жишээ нь Өмнөд Монголоос?

-Хятад руу “Хүмүүн бичиг” сонин ордоггүй юм. Охины маань найз Өмнөд Монголд биологийн ухаанаар докторт сурч байхдаа захиалах гээд бараагүй. Гэсэн хэр нь Өмнөд Монголын “Солонго” сэтгүүл манайд орж ирээд байдаг нь гайхмаар шүү.

-Таныг ээлжийн амралтаа авч үзээгүй гэж сонслоо, үнэн үү?

-Үнэнээр барах уу. Шуудан үүдээ цоожлоод амарчихвал хүмүүс хэвлэл, номоо хаанаас авах билээ. Зуны дэлгэр цагаар аялж зугаалах болвол охиныгоо суулгаад явчихна. Манай Бадамыг сумынхан “Бяцхан шууданч” гэж өхөөрддөг байлаа шүү дээ. Алслагдсан багийн сайн дурын шууданч даа яаж ийгээд олчихно (инээв). Сумаас алс хөдөө бай гаа хүмүү сийн хээ захиалгыг нөхөртөө дайчихна. Шуудангаа ажиллуулаагүй өдөр байхгүй шүү, өнгөрсөн хориод жилд.

-Ингэхэд хэвлэл захиалгын оргил үе хэдэн он байв?

-2010-аад он. Улиралд гурван сая төгрөгийн хэвлэл захиалдаг байлаа, манай сумынхан. Жилд би 12 сая төгрөгийн хэвлэл захиалуулж байсан. Тухайн үед сонин захиалгын 18 хувийг шууданд өгдөг байсан юм. Сая төгрөг захиалуулахад 180 төгрөгийн урамшуулалтай. Миний цалин тухайн үед 50400 байсан гэхээр овоо хөөрхөн урамшуулал.

-Таны цалин одоо хэд вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Анх 1999 онд 8000 төгрөгөөс эхэлж байлаа.

-Татвар энэ тэрийг нь хасвал маш бага цалин авдаг юм байна. Ийм цалингаар шууданч хийх хүн олдохгүй шүү дээ?

-Миний ажлыг сонирхсон хүмүүс цалингийн хэмжээ сонсоод л “Бүтэхгүй юм байна” гэдэг. Би нэгд дуртайдаа, хоёрт тэтгэвэртэй учраас л хийж байна даа.

-Өөр сумдын шууданчид яаж болгоод байдаг юм бол доо?

-Халамжийн ажилтан гэх мэт төрийн албаны өөр бусад ажилтай хавсарч хийдэг юм билээ.

-Таныг ном их уншдагийг мэднэ. Анхны ном нь хэний ямар зохиол байсан бэ?

-Намайг сурагч байхад зуны даалгаварт ном унших даалгавар өгдөг байсан юм. Үеэл маань их уншина. Би болохоор тоглохоос өөрийг мэдэхгүй. Ширээн дээр минь “Модон шаахай” гэдэг ном өчнөөн удсаныг их тод санадаг. Тэгж байгаад л уншиж эхэлсэн. Хамгийн анхны уншсан ном гэвэл “Зам” роман. Уйлаад л уншина. Дараа нь “Аянга” романыг уншсан. Жилд нэг уншдаг ном маань. Одоо бүр ноорчихсон. Монгол зохиолчдынхоо номыг унших дуртай. Балжирын Догмидыг уншихгүй байж болохгүй. Ганбатыг уншина. Инженерүүд дотроос Ванчаарай их гоё бичдэг байлаа. Д.Гармааг уншаагүй хүнтэй юу ярих билээ. Санжийн Пүрэв гуайн Налайхын уурхайн жаран жилд зориулж бичсэн номыг нандигнадаг. Тэр номд ээжийн тухай хэсэг бий. Миний ээж Налайхын уурхайд өргөх цехийн машинистаар 28 жил ажилласан хүн л дээ. Аав минь бас уурхайчин. Гавьяат уурхайчин. 20 настай уурхайд ажилд ороод 50 настайдаа тэтгэвэрт гарч байлаа. Хуучин цагт нэг гэрт хоёр гавьяат байж болохгүй гэсэн бичигдээгүй хууль байсан учраас ээжид гавьяат өгөөгүй гэдэг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна DNN.mn

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 


-УИХ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Таныг стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүний хувьд биш, уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ салбарын мэр гэжлийн хүний тухайд со нирхох нэг асуулт байна. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Монгол улсын үндсэн хуулийн 6.2 дахь заалтад газар, газрын хэвлийн болон түүний баялаг нь төрийн нийтийн өмч байхаар тунхагласан байдаг. үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн уг хуулийг өргөн барьсныг би дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд тусгагдсан стратегийн ордуудыг 34:66 гэсэн харьцаагаар, оюу толгойн нөхцөлөөс дордуулахгүйгээр ард түмэндээ эзэмшүүлэх нь зүйтэй. монголын ард түмэн байгалийн баялгаа шударга, тэгш хуваан хүртэх ёстой.

-Хуулийн төслийг та хэр анхааралтай судлав. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ямар онцлог тусгагдсан гэж үзэж байна вэ? 

-Хуулийн тухай ярихад, баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн сангуудтай байхаар тусгажээ. 2017 оноос хойш одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ирээдүйн өв сангийн тухай хуультай хэрхэн нийцэж байгааг нэлээд харьцуулж  харлаа. тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанд ногдох ногдол ашиг өмнө нь ирээдүйн өв санд ордог байсан бол одоо өргөн барьсан хуульд  Хөгжлийн сан руугаа оруулахаар зохицуулсан байна.

Мөн өмнөх жилийн эрдэс баялгийн орлогын гүйцэтгэлээс давсан хэсгийн 20 хувь, хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх замаар татварт орж ирж байгаа нэмэлт орлогын 50 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлдэг байсныг больж бас Хөгжлийн сан руу шилжүүлэхээр тусгажээ. Харин үүсмэл ордоос авах АМНАТ-ыг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр болж. Гэх мэтээр  сангийн эх үүсвэрүүдэд нилээд өөрчлөлт орсон байна. Эдгээр нь ч зөв байх. Ер нь Баялгийн сан гэдэг чухам юу вэ гэдгээс эхэлмээр байгаа юм. Миний хувьд Баялгийн сангийн эх үүсвэрийн талаар зарчмын өөр бодол, санаатай байдаг.

-Зарчмын өөр бодол санаа гэдгээ тодруулж тайлбарлаад өгөөч?

-Миний бие уул уурхайн салбарт 30 гаруй жил бизнес эрхэлж байна. Байгалийн баялгийг нийт ард иргэддээ хэрхэн тэгш, шударгаар хуваарилах вэ гэдгийг байнга бодож ирсэн. Бүүр 2005 онд энэ асуудлаар өөрийн үзэл, бодлыг тусгасан нийтлэл бичүүлж байлаа. Хэдэн жилийн өмнө Баялгийн сангийн тухай, Стратегийн ордын тухай жижигхэн товхимол боловсруулж хэвлээд УИХ, Засгийн Газрын гишүүдийн заримд нь өгч байсан. Тэр товхимолдоо олон улсын чиг хандлага, жишгийг нэлээд судалж  тусгасан юм. Баялгийн сангийн түүхийг сөхвөл 1800-аад оноос эхлэлтэй. Тэр үеэс л дэлхийн улс орнуудад ийм төрлийн сан байгуулагдаж байсан түүхтэй. Чилийн нийслэл Сантьяго хотод Баялгийн сантай дэлхийн 34 орон нэгдсэн конвенцийг 2008 онд баталж гаргасныг та мэдэх байх.

Гол үзэл санаа нь маш энгийн. Байгалийн баялгийг ашиглуулснаас олсон орлого буюу роялти ба түүний хуримтлалыг ард түмэндээ зориулах. Учир нь байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Түүнээс бүгд хүртэх ёстой. Энэхүү хүртээмж нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ буюу роялтигаар дамждаг.

Роялти нь тухайн үйлдвэрлэл ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамааран борлуулалтын орлогоос шууд авдаг. Тэгэхээр тухайн ордыг ашигласан хүртээмж нийт ард түмэнд АМНАТ-аар дамжин очих ёстой. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулинд, мөн энэ шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд болохоор Төсвийн тогтворжилтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн хэсгийн  65 хувийг л төвлөрүүлнэ гэж байгаа. Энэ бол өчүүхэн хуваарилалт. Ихэнх нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдахад зориулагдана л гэсэн үг.

Энэ  буруу. Миний хувьд АМНАТ нь Ирээдүйн өв санд 100 хувь төвлөрөх ёстой гэж үздэг. Ингэж байж Сангийн хөрөнгө нийт ард түмний өмч болж, хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн баялгийн өгөөж ард иргэд болон ирээдүй хойчид сонгодог утгаараа очино. Нөгөө талаар Үндсэн хуульд тунхагласан өөрийнхөө өмчийн хувь хэмжээг Монгол Улсын иргэн хүртэнэ. Ийм байвал нийгмийн дунд уул уурхайн салбар одоогийнх шиг “муухай” харагдахгүй, харин ч дэмждэг болно. Ийм болохоор зөв, амьдралд нийцсэн хууль гараасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл,  хуулийн төсөлд анхаарах ёстой зүйл нэлээд байна.

-Жишээ нь юун дээр анхаарах ёстой вэ?

-Уг нь бол Ирээдүйн өв сан нь олон эх үүсвэрээс бүрдэж, урт хугацаанд найдвартай бүтээгдэхүүнд  хөрөнгө оруулалт хийж, арвижиж байх ёстой. Гэтэл хуулийн төслийг харахаар ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна. Ирээдүйн өв сангийн тодорхой эх үүсвэрүүд танагдаж, Засгийн газрын хяналт бүхий нөгөө хоёр санд хуваарилагдан, улс төрийн амлалт, үр ашиггүй төслүүд зэрэг хяналтгүй зарцуулагдах магадлал үүсэх эрсдэлтэй гэж харж байна. Үүнээс үүдээд ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр Ирээдүйн өв сангаа удирдах, захиран зарцуулах бүтцэд онцгой анхаарал хандуулаасай. Миний санаа бол Ирээдүйн өв сангийн хяналт, удирдлага нь Монголбанкны хатуу хяналтан дор, улс төрөөс хараат бус, шилэн байх ёстой гэж үзэж байгаа. Мөн Ирээдүйн өв сангийн Удирдах зөвлөл, менежментийн багийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар тодруулдаг байх, Удирдах зөвлөл, менежментийн багийг томилох, эргүүлэн татах, Сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг байх зэрэг саналууд байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “стратегийн ач холбогдолтой ордын  20-иос дээш хувийг дангаар, эсвэл хамаарал бүхий этгээдүүд эзэмшихийг хориглох”-оор байгаа. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Ер нь бол хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдолтой ордыг эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордыг олон нийтэд нээлттэй болгох, хувь эзэмшүүлэх асуудлыг энэ заалтаар зохицуулсан байгаа.

Аливаа ашигт малтмалын ордын  нөөцийг тогтоох хайгуулаас эхлэн ТЭЗҮ боловсруулах, дэд бүтцийг бий болгох, зах зээлд өөрийн байр суурийг эзлэх зэрэг маш их ажил нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, дэлхий нийтэд зэсийн ордыг ашиглалтад оруулахад 15-20 жил шаарддаг жишиг бий. Нөгөөтэйгүүр зах зээлийн байдал, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамааран ашиггүй ажиллах, дампуурах, орд үнэгүйдэх, хөрөнгө оруулалт үр ашиггүй болох зэрэг нь уул уурхайн салбарын онцлог. Араасаа маш их эрсдлийг дагуулдаг.

Олон улсад энэ бүх эрсдлийг үүрэх, хариуцлага хүлээх, зөв оновчтой, шуурхай шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх нь хувьцааны хяналтын багцыг эзэмшигч буюу стратегийн хөрөнгө оруулагчийн үндсэн үүрэг байдгаас гадна эргээд тухайн төслөөс эдийн засгийн үр өгөөж хүртэхэд оршдог.  Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой.

-Таны хувьд ямар сөрөг дагавар гарна гэж  үзэж байна?

-Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй.  Мөн Уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна.

-Тэгвэл хуулийн төслийг ямар байдлаар өөрчилбөл улс нийгэм, ард иргэдэд ач холбогдолтой байх бол? 

-Уул уурхайн салбар нь сонгуулийн үеийн улс төрийн намуудын амлалт, олон нийтийн анхаарлыг хандуулдаг сэдэв, нийгмийг талцуулах үндсэн талбар болж ирлээ. Энэ нь салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлдөг. Гадна дотны хөрөнгө оруулалт, Монгол Улсын нэр төр, имижэд ямар их сөрөг нөлөө үзүүлдэг гэж бодно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан “стратегийн ач холбогдолтой ордын хувьцааны 10 хувиас доошгүй гэснийг..,” өөрчлөн найруулж “34 хувь болгон нэмэгдүүлэх, ингэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлэхээр шинэчлэн найруулах замаар одоогийн өргөн барьсан хуулиар асуудлаа нэг мөр шийдвэрлэчихмээр байна.

Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой орд гэдэг томьёоллоо бид эргэн харах хэрэгтэй гэж бодож байна. Стратегийн ордуудын жагсаалтыг батлаад үндсэндээ 17 жил өнгөрлөө. Зарим стратегийн гэх ордуудаа ашиглаад дуусчихсан байна. Угаасаа энэ стратегийн ордын жагсаалт гэгчийг тухайн үедээ улстөржсөн байдлаар, шинжлэх ухаанч бус, олон улсын жишиг хандлагад нийцүүлэлгүй  баталсан л даа. Энэхүү жагсаалтад бүх нүүрсний ордуудаа оруулчихсан байгаа. Гэтэл өнөөдөр дэлхий нийт нүүрснээс татгалзах, улмаар нүүрс шахагдан, үнэ цэнэгүй болох чиглэл рүү явж байна. 2060 он гэхэд өмнөд хөрш нүүрснээс бүрэн татгалзахаа зарлачихаад байгаа. Ийм байхад бид “стратегийн” гээд томьёолоод байж болох уу?

Дэлхий нийтэд бол стратегийн орд гэсэн нэр томьёо байдаггүй. Харин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц онц чухал ашигт малтмал буюу critical minerals гэдэг ойлголт байдаг. Ихэнх улс орнууд стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулдаг. Энэ асуудлаа олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэн зохицуулах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, ямар хууль батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бидний хувьд гарсан хуулийг дагаж мөрдөж ажиллах болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Хориход дөрвөн сар болчихов уу?

-Тэглээ.

-Олон хэрэг тохож байгаад Хөгжлийн банкны байртай холбоотой асуудлаар шийтгэчих шиг болсон. Тухайн үед яг ямар үйл явдал өрнөсөн юм бэ?

-Хэд, хэдэн хэрэг үүсгэснээс ганц хэрэг үлдчихээд байгаа нь энэ л дээ. Хөгжлийн банкинд ажиллаж байсныг та мэднэ. Миний хувьд Хөгжлийн банкийг байгуулагдахаас өмнө Герман, Япон, Солонгосын Хөгжлийн банкуудыг судалж байсан юм. Хөгжлийн банкны хууль батлагдахаас өмнө Монгол, Германы парламентын бүлгийн гишүүдийг Герман руу авч явж Хөгжлийн банкийг нь сонирхуулж байлаа. Германы Хөгжлийн банк маш том. Унаж босоод үзчихсэн, хотын төвдөө өөрийн гэсэн байртай банк л даа. Намайг 2012 онд ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхлэхэд Хөгжлийн банк яамны хонгилд үйл ажиллагаа явуулж байсан. Дараа нь түрээсийн байранд орсон. Сүүлд нь судалж байгаад байр авсан юм билээ. Хяналт, процесс энэ тэрийг нь шалгаад ТУЗ-ийн гишүүний хувиар зөвшөөрсөн гарын үсэг зурсан юм. Хамтын шийдвэр гарсан гэсэн үг. Гэтэл бүр сүүлд 2017 онд хэрэг үүсгээд татсан. Эцэст нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард хоёр жилийн хорих ял хүчээр өгсөн. Давж заалдсаны эцэст хорих ялыг маань торгох ял болгосон.

Гэхдээ би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байгаа. Угаасаа шүүхийн тогтоолоор ч тэр авлига аваагүй нь тогтоогдсон. Энэ тогтоолын хураангуй шүүхийн сан дээр ил тавигдсан учраас хэлж байна л даа. Одоогоор хяналтын шатны шүүхэд хандчихсан яваа. Хэргийн тухайд үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга.

-“Эмнести интернэшнл”-ээс таны хэрэгт анхаарна, судална гэсэн утгатай бичиг ирчихэж. Өөр газруудад хандсан уу?

-Америк, Европын хүний эрхийг хамгаалдаг газрууд, НҮБ гээд олон улсын хэд хэдэн байгууллагад хандсан. Тэдний нэг нь “Эмнести интернэшнл”.

Ерөнхий сайд сая өгсөн телевизийн ярилцлагынхаа үеэр зургийг чинь тавьж байгаад шүүх рүү дайрсан агуулгатай байр суурь хэлнэ лээ. Хонгилын шүүгч нарт нөлөөлөөд цагаадчихлаа гээд…?

-Харин тэгж л байна лээ. Тэр нь өөр хэрэг. 80 шүүгдэгчийн гэх хэрэг. Анхан шатанд жараад хүнийг цагаатгасан байхгүй юу. Гэтэл буруу байна гээд талыг нь буцаачихсан юм. “Заавал яллаад ир” гэсэн утга шүү дээ. Миний хувьд анхан шатанд цагаадсан юм. Давах дээр ч гэсэн хэвээр үлдээсэн. Харин нөгөө байрны гэх хэрэг дээр би анхан дээр бас ялсан. Гэвч давах дээрээс заавал яллаад ир гэж буцаасан учраас ял авчихсан. Өөрөөр хэлбэл, давахаас буцаадаг юм хэвээрээ байгаа. Нотлогдохгүй бол цагаатгах учиртай. Харин одоо бол “Заавал ялла” гээд буцаагаад л байгаа.

-Байрны гэх буюу ял авсан хэргийн хувьд тэгвэл одоо ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм бэ?

-Эхэндээ эрх зүйн чадамжгүй байна гэсэн. Тэр нь няцаагдсан. Дараа нь “банкны байрыг өндөр үнэтэй авахад нөлөөлсөн” гэж буруутгасан. Мөн л няцаагдсан. Сүүлийн буруутгал нь их хөгийн. Дотоод журам зөрчсөн гэж үзсэн. Тэр нь надад огт хамаагүй зүйл. Дотоод журам нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагддаг эд. ТУЗ-ийн гишүүд бол хуульд захирагддаг хүмүүс. ЗГХЭГ-ын дотоод журам байлаа гэж бодъё. Хэн нэг УИХ-ын гишүүнийг тэр дотоод журмыг зөрчлөө гээд шийтгэж болох уу. Эрүүгийн хэргийн зарим шүүгч нар Засгийн газрын шийдвэрийг тайлбарлаж эхлээд байгаа нь аюул шүү. Үндсэн хуулийн засаглал хуваах зарчимд халдахаас гадна иргэний эрх зөрчигдөх том эрсдэл үүснэ гэсэн үг.

-Авлигын шүүх байгуулбал бүр баллаж тавих юм биш үү?

-Өө, ёстой “ална”. Махны машиныг хуульчилна гэсэн үг. Хэрэв үнэхээр Авлигын шүүх байгуулъя гэвэл шүүгч нараа арван жилийн хугацаанд бэлдэж, эрүү, захиргаа, иргэний шүүгч нараас сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Хоёр жил болоод сольж байх шаардлагатай. Ингэж байж авлигын шүүх жинхэнэ утгаараа ажиллана. Манай эрүүгийн шүүгч нарын ачаалал маш их. Хэргээ уншиж амжихгүй байна. Сошиалаас, улстөрчдөөс маш их айж байна. Ингэчихээр иргэн хүний шударга шүүхээр асуудлаа шийдүүлэх эрх гээгдчихээд байгаа юм.

-Ачаалал ихтэй гэхээр хэргүүдийг халтуурдах магадлал өндөр юм байна даа?

-Угаасаа тэгж байгаа. Шүүхийн ажиллагаа их хурдан явагддаг болоод байна. Хэргүүдийг “машиндаж” байна. Энэ маш буруу. Монголын шорон дүүрчихээд байна даа, бараг. Сүүлдээ бүр Өмнөговьд шинэ шорон барина ч гэж байх шиг. Буруу тийш яваад байгаагийн л шинж. Харгис хууль, хатуу шүүхээр гэмт хэргийг дарсан улс дэлхийд байхгүй. МАН өөрсдийгөө социал демократууд гэж нэрлээд Швед, Норвеги маягаар явна гэцгээдэг. Гэтэл тэдгээр улс нь шоронгоо хааж байна.

-Шүүхийн реформыг яаж хиймээр юм бэ дээ?

-Бусад орны жишгийг харахад улсын төсвийн хоёр хувийг үл маргах журмаар шүүхэд өгчихдөг юм байна. Өнгөрсөн жилүүдийн статистикийг харахад манай улс жилд дунджаар 60-80 тэрбум төгрөгийг шүүхэд өгдөг. 700 шүүгчтэй шүү дээ, манай улс. Гэтэл 24-хөн хүнтэй Соёлын яамны жилийн төсөв 380 тэрбум төгрөг. Харьцуулаад үз дээ. Тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз. Шүүхийн Ерөнхий зөвлөл Сангийн яамтай төсөв тал дээр олигтой хэлэлцээ өрнүүлж чаддаггүй шиг байгаа юм. Бас хараат байдалд ороод байгаа юм. Татвар төлөгчид бид төрд татвар өгдөг, Сангийн яаманд биш. Сангийн яам дундаас нь хожоо гаргаж байхыг үгүйсгэхгүй.

-Монголын шоронд улс төрийн хоригдлууд гэсэн бүлэг бий болчихлоо гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гэхэд л цэвэр улс төрийн хоригдол болчихож байгаа юм. Боловсруулах үйлдвэрт ТЭЗҮ-гүй байхад нь зээл өгсөн гээд л буруутгачих жишээний. Гэтэл боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хүлээж авдаг субьект Монгол Улсад, Монголын төрд байхгүй. Төр өөрөө маш бүдүүлэг, боловсронгуй биш байгаагийн шинж. Тийм учраас энэ орчинд ажиллаж яваа залуустаа асар харгис хандаж байна. Шоронд байх дөрвөн сарын хугацаанд олон зүйл анзаарлаа. Маш олон залуу амьдралаа босгох гэж бизнес хийж яваад ялих шалихгүй алдаа гаргаад шоронд ороод ирж байна. Монголын төр залуустаа бизнесийн эрх чөлөөг нь өгөхгүй байна. Хууль нь их хатуу байна. Эхлээд боломж, эрх чөлөөг нь өгч байж хатуу хариуцлага ярих хэрэгтэй.

-Прокурорууд дээр хэлэх үг байна уу?

-Прокурорын босоо тогтолцоо маш бурууг мэдэрлээ. Улстөрчид нь прокурорууд, прокурорууд нь улстөрчид болчихсон. Улсын төсвийн нэг хувийг прокуроруудад оноож өгөх ёстой юм байна. Английн прокурорууд хиймэл оюун ухааны сургалтад суугаад дараа нь мөрдөн байцаагчдадаа сургалт хийж байна. Тухайн хүний зураг байхад л хиймэл оюун ухаанаар дуу, дүрс оруулчихаж байна. Үүнийг ашигласан гэмт хэрэг цахим орчинд гарах болсон. Цаашдаа бүр эрчимжих байх. Үүнийг Английн прокурорууд түрүүлж олж хараад, мөрдөн байцаагчдадаа хичээл зааж байна. Өөрөөр хэлбэл, нийгмээсээ түрүүлээд явчихаж байна. Европын улсууд хиймэл оюун ухааныг зохицуулах хуультай болоод эхэллээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор л хийж байгаа ажлууд. Гэтэл манай прокурорууд маш их ажилтай. Ачаалал нь асар өндөр. Бас социализмынхаа үедээ гацчихсан. Хүнээ л яллахыг урьтал болгодог. Прокурорын нэрийг хүртэл солимоор байгаа юм. Германд прокурорыг “төрийн өмгөөлөгч” гэдэг. Харин манайд “улсын яллагч” гэсэн хэвээр байгаа. Сэтгэлгээний маш том ялгаа. Иргэд юуны төлөө татвар төлж байгаа билээ. Шударга мөрдөн байцаагчаар хэргээ мөрдүүлж, мэдлэг, боловсролтой, хүнлэг прокуророор хэргээ хянуулж, шударга шүүгчээр хэргээ шийдүүлэхийн тулд татвар төлж байгаа.

-Нэг гажуудал бүр тогтчихлоо шүү. Эхлээд сошиалаар сэвж харлуулна. Дараа нь АТГ шалгана. Тэгснээ хориод ялтан болгочихдог…?

-Яг үнэн, сошиал троллуудаар баахан балбуулсны эцэст АТГ-ын комиссарууд орж ирж байгаа юм. Тэгээд прокурорууд орж ирдэг. Эцэст нь шүүх дээр очдог. Шүүх дээр очихдоо шударга зөв шүүгээд өгөөч гэж хүсэхгүй байгаа. “Хэнийх нь ч талд битгий орооч” гэж гуйдаг. Ийм л болчихсон. Мэдээж нуруутай, сайн шүүгч нар бий. Шүүгч нарын ёс зүй, хүнлэг сэтгэлд их сайн анхаармаар санагддаг. Хэлмэгдэл ихэсвэл төрд итгэх итгэл алдарч, ардчилал алдуурна. Энэ байдлаараа цааш явбал ерөнхий прокурорыг нь Оросоос, ерөнхий шүүгчийг нь Хятадаас томилдог болох цаг ойрхон л гэж хараад байгаа. Шударга, үндэсний үзэлтэй прокурор, шүүгч нар тэр цагт хамгийн түрүүнд хэлмэгдэнэ. Энэ хүсмээр ирээдүй биш.

-Одоо яг энэ зураглалаар баривчилгаа, мөрдлөг эхэлчихлээ. Баян Базараа, Ачит Ихт гээд цааш хөврөх нь тодорхой боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-“Ачит Ихт”-ийг хууль ба сошиалаар балбаж байна л даа. Гэтэл “Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй бол ямар ч хүнийг гэм буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Сүүлд өрнөж байгаа үйл явдлыг анзаарах нь ээ улс төрийн зорилгоор нэр дэвших нам, эвслийнхэн рүү шалгаж эцэслээгүй байгаа хэргийг хэвлэлийнхэнтэй хамтран зохион байгуулалттайгаар зарлах, мэдээлэл гаргах асуудал тасрахгүй нь л дээ. Энэ байдал ужгирвал улс орны нэр хүнд, цаашлаад банк, санхүү, бизнеснийхний нэр хүнд гадаад, дотоодод унах эрсдэлтэй. Урт хугацаанд гарах эрсдэл гэвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг гүн мухардалд орно. Эрсдэл гаргадаг энтрепренерүүд нь хохирч, хар пиараар хагартлаа баяжсан пиарчид хождог нийгэмтэй болжээ л гэж бодож байна. Коммунист намтай Хятад, дарангуйлагчтай Орос, капиталист Америк гээд бүх улс бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалж, дэмжиж байж хөгждөг. Гэтэл Монголд байдал эсрэгээрээ өрнөж байна. Одоогийн засаг өөдтэй болгоныг дарамталж, хорьж, байцааж байна. Шуудхан хэлэхэд, Монголоо хорлож байна. Иргэд нь эх орноосоо дайжих хүсэлтэй болж байгаа нь ч цаанаа ийм шалтгаантай. Би Германд сурч ажиллаж байхдаа “Зөгийн үүр” хөтөлбөр санаачлан эхлүүлж, олон хүмүүсийг эх оронд нь ирүүлсэн. Тэр үед Монголоо гээд ирсэн залуус буцаад гадагшилж байгаа нь харамсалтай.

-Та АН-ын гишүүн. Энэ засгийн газарт ямар дүн тавих вэ, МАН засагласан найман жилдээ нүдэнд харагдаж, гарт баригдахаар юу хийв?

-Өнгөрсөн найман жилд МАН юу ч хийсэнгүй. Дарханы 200 км замыг дуусгасангүй. Нэг ч үйлдвэр боссонгүй. Нэг ч төсөл хэрэгжсэнгүй. Ийм болохоор эдийн засаг томрохгүй байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо маш их болчихлоо. Наад захын жишээ гэхэд л цахим асуудал хариуцсан гурван байгууллагатай болсон. Чөлөөт зах зээлийг авч явдаг менежерүүдийн арми гэж байдаг. Манайд 30 мянган менежер байсан. Одоо 19 мянга болоод буурчихсан. Оронд нь татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилж амьдардаг дунд албан тушаалтнуудын тоо 40 мянгаар өсчихсөн байх жишээний. Буруу тийшээ яваад байна. Монголын ард түмэн хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгах мэдрэмжтэй, дархлаатай болсон. Удахгүй болох сонгуулийн дараа эрх баригчид олон жилийн хулгай нь илрэх вий гэхээс ухаан алдталаа айж байна. Бүр МАН-ын зарим гишүүн одоогийн засагт итгэх итгэлээ алдсан байна. Аливаа Засгийн газар хойш харж биш, урагшаа харж манлайлах ёстой байтал түүх ухраах, гуйвуулах, рекламдахаас өөр ажил хийхгүй байгаад олон түмэн дургүй байна. Засгийн газар түүхчид биш, бүтээгчид байх ёстой.

-Гэтэл түүхийг ухрааж, шүүх шийтгэх ажлыг л эрчимтэй хийж байна…?

-Яг үнэн. Та зөв олж харсан байна. Түүхийг ухраах, шүүх гэж эхэлбэл хойшоо хэдэн жилээр ч ухрааж болно. Энэ засаг ажлаа мэдэхгүй байна. Пи Ар-ын компани шиг л байна. Ерөнхий сайд Харвард төгссөн юм бол юу сурсныхаа хэргийг гаргах хэрэгтэй. Юу ч хийгээгүй, ярихаас цаашгүй, бүхэл бүтэн найман жилийг өнгөрөөлөө. Агаарын бохирдлыг нүүрс, зуухаар шийднэ гэдэг бүхэл бүтэн зуунаар, магадгүй мянганаар хоцрогдсон сэтгэлгээ. Сэргээгдэх эрчим хүч, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан болон дулааны хураагуур ашиглах гээд зөндөө шийдэл бий. Замын түгжрэлийг хурдан шийдье гэвэл замын уулзваруудыг л зогсдоггүй, давхар гүүрэн болгочих хэрэгтэй. Манайд төмөр нь, цемент нь, ус нь байна. Инженерийн тооцоо хийгээд л болоо шүү дээ. Энэ бүхнийг засаг хийж чадахгүй, хувийн компаниудаар хийлгэх хэрэгтэй. Сайд даргын барьсан гүүр, зам, метро гэж байдаггүй. Тэд зөвхөн тууз л хайчилдаг. Хувийн хэвшлээ дэмж, том болго, бядтай болго, гадаадад гарга, энэ л зөв гарц. Зээл аваад дампуурах нь гэмт хэрэг биш. Гэтэл Монгол Улс нэмж шийтгээд шоронд хийж байна. Бизнес эрсдэлтэй. Тийм биш бол бүх хүн энтрепренер болчих байсан. Тийм хүн олон байдаггүй. Тэднийгээ дэмжих хэрэгтэй. Гэр орноо барьцаанд тавьж авсан зээлээ 100 хувь бусдад өгч тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн захиалдаг хүмүүсийг энтрепренер гэдэг. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хүмүүсийг цалинжуулна. Бүтээгдэхүүнээ зарж олсон орлогоосоо зээл, хүү, татвараа төлнө. Тэр бүхний эцэст мөнгө үлдвэл сая нэг өөртөө зарах боломжтой болно. Энэ бүх эрсдлийг хүлээдэг зоригтой, ухаантай, авхаалжтай, ажилсаг хүнийг энтрепренер гэдэг. Бусад нь менежер, ажилтнууд.

-Хууль сахиулах байгууллагуудыг улс төрийн зорилгодоо гар хөл болгож ашиглах явдал сонгуулийн өмнө бүр ч эрчимжих байх, тийм үү?

-Хууль сахиулах байгууллагуудыг өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож байгаа нь ардчилсан Үндсэн хуулийг уландаа гишгэж байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнээс салахыг олон түмэн ч, ойрын хүрээллийнхэн нь ч хүсч байна. Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өмчийн эрх эдийн засгийн амин сүнс. Гэтэл эрх баригчид аль алиныг нь бусниулж байна. Ингэхдээ хуулийн байгууллагыг ашиглаж байна. Намайг балбадаг ч гэлээ үнэн үг хэлдэг нэг сэтгүүлчийг сонгууль өнгөртөл сэтгүүлчийн ажил хийж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байх жишээний. Ийм зүйлийг Харвардад заасан хэрэг үү? Нар, салхинд олон жил гандаж, хур борооны усанд үнэт чанараа алдаж байсан уурхайн овоолгыг ашигласан сайн үйлстнийг хэдэн жил ч зовоож байна, бүү мэд. Бусад улсад уул уурхайн хаягдал овоолго, нуур цөөрөмд үлдсэн эрдсийг ялгаж авахыг бүх талаар дэмждэг. Би судлаач хүний хувьд сайн мэдэж байна. Би тэр хүнийг танина. Бие нь өвдөөд эмчлүүлж байгаа болохоор сэтгэл санааг нь дэмжиж утсаар ярьсан. Их л гомдолтой байна лээ.

-Төр хатуу байж гэмт хэргийг дарж чадахгүй тухай та түрүүн цухас дурдлаа. Тэгвэл яг яавал дажгүй нийгэм бүтээх бол?

-Түрүүн хэлсэнчлэн залуустаа бизнес хийх эрх чөлөөг өгөх хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг тэлж, нийгэм хөгжинө. Макро эдийн засагт алтан дүрэм гэж байдаг юм. Эдийн засгийн өсөлт нь хүн амынхаа өсөлтөөс түрүүлж явж байх ёстой. Манай эдийн засаг жилд нэг тэрбум доллараар тэлж байх учиртай. Ингэж байж чанартай ажлын байр бий болно. Монголчууд далан жил социалист нийгмээр явсан учраас үндэсний капитал гэж байхгүй. Баян хүн байхгүй. Бүгд л гаднаас хөрөнгө оруулалт татаж байна. Гэтэл сая хөрөнгө оруулалт татах боломжийг хаагаад хаячихлаа. Гадны хөрөнгө оруулагчдад 60 орчим жил газраа эзэмшүүлж ашиглуулдаг байлаа. Тэр зохицуулалтыг байхгүй болгочихлоо. Одоо таван жил тутамд сунгахаар болсон. Жинхэнэ хээл хахуулийн систем рүү оруулчихаж байгаа юм. Гаднаас хөрөнгө оруулалт татахгүйгээр эдийн засаг тэлэхгүй. Чанартай ажлын байр бий болохгүй. Чанартай ажлын байр бий болохгүй бол ажилгүйдэл, ядуурал өссөөр байна. Саяхан даа, Өмнөд Солонгосын нэг судлаачийн хийсэн судалгааг харлаа. Тэр судлаач “Ямар ч улсын иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрх чөлөө, эрх мэдэл байдаг. Монгол Улсын хувьд иргэнд нь эрх мэдэл алга. Хувьчилбал төрд нь 80, иргэнд 20 хувийн л эрх байна” гэсэн байна лээ. Бусад улсын хувьд энэ харьцаа 50:50 хувь байдаг. Ингэж байж эрх мэдлийн тэнцвэр бий болно. Гэтэл манайд Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суух гэж байна. Одоо мөдхөн шүүхийн дээр гарах гэж улайрч байна. Энэ маш буруу. Монголын түүхийг харвал ийм замаар явж ирсэн. МАХН гээд төрийн дээр гарсан нам энэ улсыг хэдэн арван жилийн турш удирдсан. Хувь хүнд ямар ч эрх чөлөө байгаагүй. Байр нь хүртэл өөрийнх нь өмч биш байлаа. Цэдэнбал гэдэг хүний талаар юу бодохыг дарга мэддэг тийм л цаг байсан. Роналд Рейган гээд ганц дайсантай. Манай улс буцаад тэр байдал руугаа орох гээд байна. Нүдэнд үл үзэгдэх МАНАН бүлэглэл гээд ганц том дайсантай. Засгийн газрын талаар шүүмжилж болохгүй. Шоронд хийнэ. Жиргэж болохгүй. Торгоно. Жаахан хэтрүүлээд хэлэхэд Засгийн газрын талаар муугаар бодоход торгодог тогтолцоо руу явж байна. Жорж Оурэлийн 1984 цаашаа байдал руу орчихлоо.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Миний хувьд цагаадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэвч шүүгч нар руу сошиалаар арай дэндүү дайрч байгаа учир эрсдэл бий. Ямартаа ч дарангуйлагчид даварч, түрүүний бөөснүүд төрийн толгойд гарсан энэ цөвүүн цаг дуусна гэдэгт итгэлтэй байгаа. Ямар ч юманд хэмжээ бий. Би Засагт Хан аймгийн Цогтой вангийн хошууны удамтай хүн. Манай түүхэнд Засагт ханы долоон хөх чоно гэж эх оронч эрс байлаа. Зарим нь эрсэдсэн ч сайн цагийг авчирч чадсан. Мөн манай нутгаас долоон хутагт төрөн гарсан сайхан түүх бий. Зарим нь цаг бусаар эрсэдсэн, гадагшаа зугтаж гарсан нь ч бий. Гэхдээ улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж чадсан. Энэ түүх намайг зоригжуулдаг.

Эх оронч, хөх чоно гэсэн өнгө, утга бүхий үгсийг Фэнгшү Ганбаатар, Ба аварга, Женко тэргүүтэй популист улстөрчид давтамжтай унагадаг. Хэт үндсэрхэг ийм үзлээс аль болох болгоомжилж явмаар санагддаг юм. Таны саяны хэлсэн үгс Х.Баттулгын хөх Монголын хөх тугаас тэс өөр ойлголт биз дээ?

-Тэр хүн бол философигүй, хэлбэр хөөсөн хүн. Монголчууд бид эх орон, үүх түүхээ хэрхэн хайрлахаа оросуудаар заалгах хүмүүс биш. Европын олон оронд хэт барууны, хэт үндсэрхэг үзэлт нам хүчнүүдийг Оросууд санхүүжүүлж байна. Манайд ч ийм байж болзошгүй. Эцэст нь эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүст “энэ эгзэгтэй цаг үеийг хамтдаа тэсээд даваад гаръя” гэж уриалмаар байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бурхан урлаачийн эгэл ахуй DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2019 оны зургадугаар сарын 10-ны дугаарын  “Танайд өнжье” буланд  нийтлэгдсэн “Бурхан урлаачийн эгэл ахуй” нийтлэлийг дахин хүргэж байна.

Уг нийтлэлийг сэтгүүлч Ц.Баасансүрэн бичиж байв.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатынд өнжихөөр Аглаг бүтээлийн хийдийг зорилоо. Бямба гариг, хорин хэм давсан дулаахан өдөр болоод ч тэр үү, хийдийн зогсоолд элдэв маркийн машин, том, жижиг автобусууд зайгүй шахам эгнэжээ. Тусгайлан зассан чулуун шатаар дээш өгсөж явсаар гол сүмийн наахна байрлах оройдоо мөнгөлөг бөмбөлөгтэй модон байрны дэргэд ирлээ. Энэ байшингийн хоёр давхрын жижиг өрөөнд бурханч лам амьдардаг юм байна. Халуунд өгсүүр газраар мацсаар ирсэн бидэнд сэрүү татсан өрөө таатай, аятай гэж. Өрөөний баруун хойд хэсэгт шаргал бүтээлэг бүхий матрас харагдана. Орны наахна дүүрэн номтой бичгийн ширээ, ширээ тойруулаад хэдэн олбог тавьжээ. Хоёр ханандаа ном, судар, бурхад, баримал эгнүүлсэн томоо шүүгээтэй, хоймор хэсэгтээ 36 инчийн телевизортой энэ даруухан өрөөнд хүний хэрэглэж болох бүх л зүйл байна. Баруун хананы урд хэсэгт плитка, цөөхөн сав суулга өрсөн эргэнэг харагдана. Гал тогооны хэсгийн буланг ашиглаж байрлуулсан угаалтуурыг харсан хэн ч ухаалаг, минималист шийдэл гэхээр.

Мэнд ус мэдэлцсэн хойно Пүрэвбат лам “Идээ амс” гээд бичгийн ширээнийхээ хойно очир завлигаагаар суув. Хуучин цагийн бололтой хээ угалз бүхий томоос том мөнгөн цар тавагтай чихэрнээс амтлангаа яриагаа эхлүүллээ. Удам судар, намтар, хийд барьсан газрын үүх түүхийг сонирхоход “Би Борнуурын хүн. Өвөг дээдсийн нутаг гэвэл Батсүмбэр, Баян-Өнжүүл гэж ярина. Аав, ээж минь малчид. Сумандаа наймдугаар ангиа төгсөж, Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн мэргэжлээр дүүргээд бие даасан уран бүтээлчээр хоёр, гурван жил ажилласан хойноо хүндэт харуулын цэргийн алба хаасан.

Алба хаасныхаа дараа Шашны их сургуульд суралцсан юм. Монгол зургийн мэргэжил хөөхөөр шашны урлаг судлахаас аргагүй болсон. Хоёр сайхан багштай байлаа. Нэг нь Булганы Дайчин вангийн хүрээнд шавилж байсан Данзан гэж хүн. Нөгөө нь Архангай аймгийн Тарваченбуулин хийдэд шавилж явсан. 1990 онд Энэтхэг явж хоёр жил хагас ном үзээд Монголдоо ирж шашны урлагийн сургууль байгуулсан. Сүүлдээ Гандангийн шашны сургуулийн нэг тэнхим болсон. Сургууль, соёлоо шавь нартаа, Гандан хийддээ өгчихөөд наашаа ирсэн дээ. Энэ миний хонь хариулж явсан нутаг. Сайхан хийд байгуулъя гэж зүтгэсэн. Өргөжөөд аятайхан болж байна. Бараг гурван километр алхаж байж юмаа үзэж дуусах хэмжээтэй болж дээ. Уулын мөргөлийн зам 67 чулуун бурхантай. Километр хагас газар явна шүү. Бурхдын хамгийн том нь 10 метр, бага нь гэхэд л таван метрээс дээш. Дөрөв, таван сүмтэй боллоо. Зарим нь ашиглалтад орсон” гээд инээвхийлэв. Чулуун бурхадаа өвөл бүтээдэг гэнэ. “Өвөл хүйтэн биш үү” гэж лавлахад “Манай энд чинь өвөл өнтэй сайхан. Цас хамгийн түрүүнд хайлна. Цагаан сараар, шинийн найманд эрвээхэй амилаад нисч байсан удаатай” гэж байна.


Бурханч ламын бичгийн ширээн дээрх давхарлаж өрсөн өнгөлөг гоёмсог хавтастай томоо номнууд хэний ч хараанд өртөхөөр содон юм. Сонирхож байгааг анзаарсан бололтой хамгийн дээд талын номыг нь өмнөө тавьж дэлгээд “Урлагийн сургууль үүсгэсэн учраас шашны урлах ухааны онолын номнууд бүтээх гарцаагүй шаардлага үүссэн юм. Хүүхдүүдийг сургахад суурь онолыг нь бэлдэж өгөхөөс аргагүй. Одоогоор 10 ботийн ард гарлаа. Цаашдаа 40 гаруй боть ном бүтээж хойчдоо үлдээнэ. Их Монголын суварга гэж номоор эхэлсэн. Сүүлийн үед суварга олноор байгуулах болж. Буруу зөв хийгээд байхаар нь онолыг нь хийж өгье гээд ном бүтээлээ. Түүнээс хойш суварга арай цэгцэрсэн шүү. Дараа нь урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн гээд хоёр боть ном бичлээ. Ерөөсөө л шашны урлаг. Энэ сайхан соёлыг тайлж унших гарын авлага гэсэн үг. Цагаан толгойн 35 үсгийг цээжилчихсэн байхад үсэг холбоод ном уншдаг даа. Яг тэрэнтэй адил энэ хоёр ботийг сөхөөд харчихсан хүн ямар ч сүм хийдийн урлаг соёл, бурхан шүтээнийг хараад уншина. Дараагийн гурван боть нь Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний онол. Монголын бурхад маш зөв бүтээгдэх суурь болсон. Мөн мал, амьтдыг хувь хэмжээний онолд орууллаа. Өмнө нь огт хийгдэж байгаагүй ажил. Бүх амьтдыг аймаглаж, ангилж хийсэн дээ. Хамгийн сүүлд нь байгалийг дүрслэн бүтээх уламжлалын талаар хоёр боть ном гаргалаа. Цааших ботиуд хот мандал, хээ угалз, цам гэх мэтээр үргэлжилнэ. Дандаа бүтээл талаас нь хийнэ” хэмээлээ.

Бурханч ламын нам дуугаар хүүрнэх яриаг хаалга нээгдэх чимээ таслав. Настай ээжийгээ дагуулсан эмэгтэй зөвшөөрөл хүссээр орж ирлээ. Өндөр гэгээний төрсөн буйрны хажууханд мэндэлсэн буурай зорьж зүтгэсээр Аглагийн хийдэд иржээ. 91 настай энэ буурлыг Ч.Дулам гэдэг аж. Охин нь “Ээж маань ийм сайхан бурхан, хийд бүтээсэн хүнтэй уулзаж адис аваад гаръя гэж хүссэн юм аа. Тэгээд л дагуулаад ороод ирлээ” гэхэд Пүрэвбат лам суудлаасаа шалавхийн өндийв. Бурханч лам Ч.Дулам буурайтай золгож, хийдийнхээ англи, монгол хэл дээрх танилцуулга номыг дурсгав. Зорьсноо биелүүлсэн настан “Ямар сайхан хийд орон бэ гэж шагшсаар явлаа, эмээ нь. Амралтанд явмааргүй юм байна. Хүүхдүүдийн цаг зав олдвол ийшээгээ л ирж байя. Хүн хөгшрөхөөр хүүхдийнхээ эрхэнд орох юм байна шүү” гэж инээмсэглэн хэлээд охиндоо хөтлүүлэн гарч одлоо. Аглагийн хийдэд зорьж ирсэн иргэдээс Бурханч ламтай уулзаж адис авахаар хаалгыг нь тогшдог хүн цөөнгүй гэнэ.

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-той харьцуулбал хэмжээгээрээ нэлээд том, зузаанаараа ч дагуулахааргүй нүсэр ботиудыг бичихэд эртний Энэтхэгийн Ведийн шастируудаас эхлээд Ганжуур, Данжуур, төвд хэл дээрх ном, судруудыг эх сурвалж болгон ашиглажээ. “Хот мандалын тухай тусгай боть гаргана гэлээ. Яг ямар учиртай ном бэ” гэж тодруулахад “Хот мандал нь бүр гайхамшигтай. Уран барилга шүү дээ. Уран барилгын суурь, ертөнцийн суурь. 300 гаруй хот мандалтай ном гарна. Сүүлийн үед номон дээрээ анхаарч сууна” гэж хэлээд давхарлаж өрсөн ботиудаас дахин нэгийг сугалан авч дэлгэлээ. Бурхадын хувь хэмжээний онолын номны зургийг сонирхонгоо сонин сайхныг нь сонсч баахан суув. Номын хууч дэлгэхдээ харц нь гэрэлтэх бурханч лам “Бурхадын хувь хэмжээний тигийн онол их сонирхолтой. Бурханы бие хүний биетэй л адил. Энэ онол дээр суурилаад хүний биеэс нэг алганы буюу нэг төөгийн хэмжээ авахад л хориод минутын дотор тухайн хүний өндөр өргөн, хөл гарын тойрог, нүдний хар цагаан, дотор эрхтний хэмжээг хүртэл гаргаж ирж болно. Хамгийн гайхамшигтай нь юу ч зөрөхгүй. Энэ онолыг үзээд амьтад дээр ямар байдаг бол гэж туршсан. Мал, амьтдыг ингэж хувь хэмжээнд оруулсан түүх бараг үгүй. Жишээ нь, сайн морьдын хэмжээг Данжуурт номлосон байна. Хамгийн гайхалтай нь онолын дагуу ингэж тооцоод үзэхээр хэвэнд орж байгаа юм шиг таардаг” гэж байна. Бурхадын хувь хэмжээний онолын тухай энэ мэт чих сортойлгож, гайхал төрүүлэх өчнөөн сонин сайхан сонслоо. Сонссон бүхнээ буулгана гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүйгээс гадна ухаж, энгийнчилж бичихэд үг дутахаар юм.

Байгалийг дүрслэн бүтээх уламжлалыг хүүрнэсэн ботийг нь сонирхож харлаа. Нар, сар, үүлийг өчнөөн янзаар зуржээ. Пүрэвбат лам “Монголчуудын уламжлалд нарыг 140 гаруй шинжээр шинжсэн байдаг. Сар гэхэд л 84 янз байх жишээний. Үүл бас гайхамшигтай олон янз” хэмээн сонирхуулав. Нар, сар, үүл, цэцэгс гээд энэ номонд багтсан зургуудыг бүгдийг нь өөрөө зуржээ. Бурханч лам номын хуудас эргүүлж, зургуудаа сонирхуулангаа “Хамгийн сайн ажиллагаануудаа цуглуулаад оруулчихаар маш гайхамшигтай өвөрмөц уусал гарч ирэх жишээний. Төвд, Хятад, Бутанаас тэс өөр. Ийм ондоо зүйлийг олж онолын үндэслэлийг нь гаргаад тавьчихлаа. Уул хад, мод, од гараг эрхсийг хүртэл шинжсэн өчнөөн номыг хуучин монгол хэлээр сударлаж эмхэтгэж, орчуулсан байдаг юм. Урлагийн хүн болохоор сонирхож, шинжиж цуглуулсан” гэж ярилаа.

Сэтгэлийн мөн чанар гадна биеийг бүтээдэг, хүнийг дуу авиа, явдал, хоол идэж буй байдлаар нь хүртэл шинжиж болдог, Монголын бурханы шашны урлаг өнгөний уламжлалаараа бусад улсаас тод ялгардаг гэх мэт буддизм тойрсон сонин хачин, ном судруудынх нь гүн рүү өнгийсөн амттай яриа удаан өрнөв. Бурханч лам “Өндөр гэгээнийг би гайхдаг. Буддын шашны өчнөөн зураг, баримал үзэж судаллаа. Өндөр гэгээний бүтээсэн ямар ч бурханы бие бурханы айлдсан хувь хэмжээгээр байна. Тэр хэмжээгээр шалгахад уруулын товгор нь хүртэл зөрдөггүй. Баримлаар хувь хэмжээ алдахгүй яаж ингэж мундаг хийдэг юм, гайхаж шагшмаар. Энэ бол хувилгаан урлаг. Төвд, Бутанд яг ийм бурхан байна уу гэж шалгахаар байдаггүй. Тэгэхээр дэлхийд байхгүй л зүйл байгаа юм. Сэтгэл ариусахаар гоо сайхны оргилд хүрдэг. Гоо сайхны энэ оргилыг өндөр гэгээн урлачихсан. Гайхуулж магтсандаа хэлээд байгаа хэрэг биш л дээ. Онолоор батлагдсан зүйл” гэж өндөр гэгээн Занабазарын тухай яриа дэлгэв. Пүрэвбат ламын ярианаас өөрсдийгөө ойлгож, ухаж, судалж, гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг содон сонсогдож байсан юм.

Бурханч лам Японы эрдэмтэн Шунзо Онодогийн уучлал хүссэн нэг захидлыг сонирхуулав. Олон жилийн өмнө Бурханы шашны нэг хурал болж л дээ. Бурханы шашин нь Түвдээс үүсэл, угшилтай улсууд гэсэн агуулга бүхий нэртэй хурал байж. Пүрэвбат лам Ричард Гирийн дараа хамгийн сүүлийн илтгэлийг тавихдаа Монголын бурханы шашин Түвдийн салбар шашин төдий биш гэдгийг баталсан гэнэ. Бурханч лам завилгаагаа засч суунгаа “Илтгэлээ Монголын уран барилгаас эхэллээ. Өвөр Монгол, Буриад, Халимаг, Монголд байсан том хийдүүд, гайхамшигтай уран барилгын төрлүүдийг сонирхуулсан. Өндөр гэгээний зохиосон сац хэлбэрийн бат цагаан уран барилгын хэлбэр, гэр дуганын хэлбэрүүд гээд ярилаа даа. Хаана ч байхгүй, Монголд л үүссэн хэлбэрүүд. Балданбэрээвэн хийдийн фото энэ тэр сүртэй шүү дээ. Янзын сайхан. Ингээд ярихаар халимаг, буриад, өвөр монголчууд юу дуугарах юм. Ар халхад гэхэд 1200 гаруй сүм хийд байсан. Өвөр Монголд Диваажингийн сүмээс эхлээд бараг 1800 гаруй сүм хийд. Дараа нь бичиг үсэг ярилаа. Монголчууд уйгаржин, соёмбо, тод, дөрвөлжин гээд өчнөөн олон үсэг зохиосон, хуульчилсан, төрийн хэмжээнд хүртэл ашиглаж явсан. Ганжуур, данжуурыг эх хэлнээ хөрвүүлсэн цөөхөн улсын нэг. Тэгээд хувцасны соёл ярилаа. Хүннү, Юань улсын үед хувцсыг хуульчилж байсан түүхтэй. Наймдугаар богдын үед хувилгаад, лам нар нь төрийн ажил хийгээд эхлэнгүүт төрийн алба хааж байгаа лам нарыг хувцсаар нь дэслэх, хувцсыг хуульчлах шаардлага үүсч байсан. Тэр хурал дээр би монгол лам нарын хувцсыг фотогоор баталж харуулсан юм. Монгол лам нарын жанч бол монголчуудын ихэс дээдсийн хувцас. Юань улс Пагва ламыг төрийн багш болгохдоо ямбаны хувцас өмсөх эрх өгсөн. Энэ нь яваандаа магнаг жанч болж, сүүлд Ширээтийн нөмрөг болсон. Гарал нь монгол гэсэн үг. Тэгэхээр бид юмаа мэдмээр байгаа биз. Өндөр гэгээний бурханыг тигэнд оруулж үзүүлээд, тигэнд ингэж таарсан төгс бурхан байвал гаргаад ирж болно шүү гэлээ. Гарч ирэхгүйг мэдэж байгаа учраас тэгж хэлсэн юм. Тэр хуралд 40 орчим хувилгаан оролцож байсан. Миний илтгэлийн дараа бүгд гайхаж, хамгийн түрүүнд сонсох лекц байж гэцгээсэн л дээ. Өвөр Монгол, дээд Монголыг тэр аяар нь гартаа хийж байгаад, Буриад, Халимаг, Тувад нь хөл тавьж байгаад ярьчихаар хэцүү биз дээ. Энэ том соёлыг, нүдний өмнө бэлээхэн байсаар атал яаж үгүйсгэх билээ” гэж ярив.

Бурханч лам лекцээ тавьсны дараа ийм нэр дор хуралд оролцох боломжгүй гэдгээ дуулгаж. Бутан зэрэг бусад улсын эрдэмтэд ч манай илтгэгчийн дараа өөрсдийнхөө шашны урлагийг Түвдээс онцлогтой гэсэн асуудал тавьцгаасан гэнэ. Улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан зохион байгуулагчид нь яаралтай завсарлага авч хуралдсаны эцэст хурлынхаа нэрийг “Ази дахь бурханы шашны урлагийн төрөл зүйлүүд-Түвд, Монгол, Бутан” болгон өөрчилсөн юм байна. Хурлын үеэр япончууд “Монголынх бие даасан өөрийн онцлогтой гэдгийг тайзан дээр батал” гэцгээж. Хариуд нь Пүрэвбат лам “Та нар бичиг үсгээ Хятадын ханз биш гэдгийг баталж чадах уу” гэж асуужээ. Бурханч лам “Өөрийн гэсэн хэлтэй, соёлтой, төрт ёстой ард түмэн байхад үндэсний уламжлал урлагт нь тэгж хандаж харж болохгүй л дээ. Дээрэлхэж байгаа л хэрэг” гэж хэлээд өмнөө дэлгэсэн ботиудаа цэгцэлж өрлөө. Бидний яриа энэ хүрээд түр завсарласан юм.

Бурханч лам суудлаасаа өндийн босч цонхоор харж хэсэг зогсов. Тэгснээ утсаараа хэн нэгэн рүү залган “Зогсоол хавиар хүмүүс мод руу их ороод байх шиг байна. Анхаардаг юм уу” гэж хэлээд бидэн рүү эргэн харж “Ногоон дээр гишгэлээд байвал байгаль амархан сүйднэ. Байгалиар нь байлгавал сайхан шүү дээ. Энэ жил сүмийнхээ үүдэн хэсэгт жимсний 1500 мод тарилаа. Олон төрлийн жимсний мод бий. Хоёр хүн услахад өглөөнөөс орой хүртэл явж байж усалж барах юм билээ. Хайран модод үхчихэж магадгүй гэж болгоомжлоод услалтын систем тавьсан” гээд инээвхийлэв.

Пүрэвбат ламын шинэ өдөр үүрийн таван цагаас эхэлдэг гэнэ. Орой ажил ихтэй бол 12 өнгөрөөж амардаг аж. 108 мөргөдөг, тарнийн бясалгал хийдэг юм байна. Шашны сургуульд багшилж байхдаа шавь нартайгаа 1000, бүр ихдээ 3000 удаа мөргөдөг байснаа ярив. “Мөргөхөд цус бүтэн гүйдэг учраас цусанд буусан хор гадагшилдаг. Хөдөлгөөний хязгаарлалтаас болж биед үүсэх гэм арилна. Судас шөрмөс хатуурах, нарийсах гэх мэтийг задалж уярааж өгнө. Дээрээс нь арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг хорьж мөргөж байгаа учраас эерэг нөлөө нь их” гэж байна.

Бурханч лам бичгийн ширээ рүүгээ буцаж, өнөө л очир завлигаагаараа суунгаа “Ганцхан өдрөө л эмхэлчих юм бол ажил их сайн явна. Манайхан их ном үзээд, нэгмөсөн агуйд суугаад гоё болно гэж ойлгодог. Тийм биш л дээ. Өглөө босоод хийж буй бүх үйлээ номтой барилдуулах хэрэгтэй. Ертөнцийн илүү дутуу хов жив гэх мэт хэрэггүй үйлд биш, хэрэгтэй үйлд цагаа зориулахад л сайн сайхан аж төрөх боломжтой” гэж зөвлөлөө. “Та хамгийн удаандаа хэдэн өдрийн мацаг барьдаг вэ” гэж асуухад “Арван хоног мацагладаг. Нэг, гурав хоног мацаглах нь ч бий. Мацгийг шинийн найман, 15, битүүнд гээд сард гурав барьчих хэрэгтэй. Бараг долоо хоногт нэг мацаг таарч байгаа биз. Долоон өдрийн турш хоолноос хуримтлагдсан муу хорыг цэвэрлэнэ гэсэн үг. Сая онцолсон өдрүүдийн хувьд хүчтэй нөлөөтэй. Жишээ нь, шинийн 15-нд сар их ойртдог. Далайн түрэлт татлага явагдаж байдаг. Хүний бие байгалиасаа хамгийн сайн цэвэрлэгддэг гэж ойлгож болно. Урсгал сөрөх биш, урсгалыг нь дагуулаад бохир муугаа гаргаад хаячихаж байгаа хэрэг” гэсэн хариу өгөв.

Бясалгах үед хэрхэн завилж суух тухай сонирхмоор санагдаад лавлатал “Нуруу цэх, гэхдээ хэт хүчилж цэхлэх хэрэггүй. Тонгойвол нойр хүрнэ, гэдийвэл атгаг төрнө. Завилахдаа чадах хэрээрээ л суу. Болж өгвөл очир завилгаа хийх хэрэгтэй. Баруун гарын алгаа зүүн гарын алган дээр тавьж, эрхий хуруугаа өндгөөр нь нийлүүлж, хүйснийхээ доор шахасхийж байрлуулах учиртай. Харцаа хамрынхаа үзүүрт буулгаж хэлнийхээ үзүүрийг тагнайд хүргэсхийн суллахад л болно” гэлээ.

Түүхэн, зөгнөлт кино үзмээр санагдвал хойморт байрлуулсан зурагтаа хааяа нэг асаадаг, өглөө багахан, өдөр, орой мөн л нэг их биш хэмжээтэйгээр хооллодог гэнэ. Лам дээлнээс өөр хувцас өмсч үзээгүй аж. “Дээлээ цоортол нь өмсөнө дөө харин ч нэг” гээд хөгжилтэй инээв. Бурханч лам дөрвөн номын сантай юм байна. Ном бичихдээ ашигладаг эх сурвалжууд нь жилийн ихэнхийг өнгөрөөдөг энэ жижигхэн даруухан өрөөнийх нь хоёр ханыг дүүргэжээ. Сүмийнх нь дээд талд ойр зуур ашигладаг номуудаас бүрдсэн номын сан байгаа юм байна.

Пүрэвбат лам биднийг дагуулан хийдийн ойр хавийг сонирхуулах зуураа “Гол номын сан маань нийслэлд бий. Борнуур сумын хийдэд хүүхдүүдэд зориулж номын сан нээж өгсөн. Жил бүр ном нэмж өгч байгаа” хэмээн сонирхуулав. Бид нахиа цэцгээ хэдийнэ дэлгэсэн жимсний модод, үржүүлсээр хорь гаруйд хүрсэн зэрлэг гахай, хаа сайгүй дэгдэх туулайнуудыг сонирхон харж, зай завсаргүй хөлхөх хүмүүсийн дундуур явсаар бурханч ламын амьдардаг байрны урдхан байрлах Өндөр гэгээний сүмийг сонирхлоо. Манзушир хутагт Цэрэндорж, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Өндөр гэгээний хөрөг тэргүүтнийг хана тойруулан залсан гэр дугана сэрүүхэн тохитой гэж жигтэйхэн юм. Гэр дуганы ханыг чимсэн хувилгаадын зураг бурханч ламын бүтээл ажээ. Хурал хурах ширээ, сандал, хурал даган баясан хүмүүсийн суух сандал гэх мэт цөөн эд хогшилтой, цомхон цэмцгэр энэ сүмийн халаалтыг цахилгаанаар шийджээ. Ер нь Аглагийн хийдийн бүх байгууламж цахилгаан халаалттай юм байна. Хийдэд бүтээж босгосон бүхэнд зарсан мөнгийг гадны ямар ч хүнээс босгоогүй, Пүрэвбат лам шавь нартайгаа нийлж босгожээ.

Өндөр гэгээний сүмээс гарч ой мод, хад чулуун дунд ихэмсэг сүглийх бурхадын хөшөөг зорьж алхлаа. Бурханч лам ууланд арц тарьснаа сонирхуулав. Овоо ургаж байгаа гэнэ. Тээр дээр хадны орой дээр харагдах сүмийг хэрхэн барьсныг сонирхоход “Барьчихаад аваад шидчихсэн юм” гэж хошигнов. 24 метр өндөрт барьсан энэ сүмийг “Алтан сүм” гэдэг аж. Найман талт алтан өнгөлгөөт сүм юм байна. Аглаг бүтээлийн хийдийн танилцуулгад “Энд бурхан багшийн ринсрэл болон нийт 77 боди сэтгэлтэн, архад, ихэс, хутагт нарын шарилын ринсэл залагдана” гэж тодотгожээ.

Пүрэвбат лам хөгжилтэй инээснээ “Хүмүүс энэ том бурхдыг чулуун дээр яаж сийлж бүтээсэн байна аа гэж гайхдаг юм. Хариуд нь би шавраар сийлчихээд үлээчихдэг, тэгэхээр чулуу болчихдог гэхээр зарим нь бүр үнэмшинэ шүү дээ” гэж байна. Биднийг бурхан багшийн нирваан дүр үзүүлж буй агшныг урлаж бүтээсэн 10 метр урттай аварга чулуун бурханы дэргэд очиход цаанаас хэсэг хүн дуу шуутай ирж таарав. Завханы Баянтэсээс зорьж ирсэн нэг ангийнхан гэнэ. Эхэлж таарсан бор царай, дундаж нуруутай хүн “Ямар азтай тохиолдол вэ. Бид арваа төгссөний 40 жилийн ойгоо тэмдэглэж яваа юм. Хийморьтой байна шүү. Пүрэвбат ламаасаа адис авна аа” гэж дуу алдахад ангийнхан нь дуу нийлүүлэн бурханч ламыг тойрч бүчив. Тэнд хэсэг саатаад цаашиллаа. Дээш хартал аварга том Янжинлхам бурхан цайран үзэгдэх нь цаанаа л гоёмсог, ихэмсэг харагдана. 1960-аад оны үед амьдарч байсан Цагаан даяанчийн самадид орсон лагшин шүтээнийг залсан сүм Аглаг бүтээлийн хийдэд байна.

Ер нь энд олны хөл татарна гэж үгүй юм. Биднийг хийдэд өнжих хэдэн цагт лав олны хөл тасраагүй. Аглагийн хийдийг зорьж ирсэн хүмүүс “Түгжрээнээс зугтаад иртэл явганаар түгжирчихлээ” гэж хошигнодог гэнэ. Том том мана чулуу эгнүүлж тавьсан хэсгийн чулуун замыг барихад их хүч, хөлс зарсан нь илт харагдана. Газраас өчнөөн метр өндөрт чулуу шигтгэж барьсан энэ замд орсон чулуунуудыг тээр дороос гараар зөөжээ. Тусгайлж зассан чулуун замаар алхангаа бурханч ламын урласан бурхдыг бахдан сонирхох зуур байсхийгээд таарах шар цэцгийг мянган уулын шүүдэргэнэ хэмээн нэрийддэг юм байна. Эмчилгээний чанар нь өндөр гэж яригдах болсон энэ цэцэг сүүлийн үед Аглагийн хийд орчим ихээр ургах болжээ.

Мэгжид Жанрайсиг бурханыг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х. Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол төрийн шүтээн есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэгт гар бие оролцсон бурханч ламтай хууч хөөрсөн хугас өдрийн төгсгөлд Содон судлалын музей үзлээ. Олон эвэртэй хонь, өвөрмөц ургамлууд, зөгийн лаван сархиаг, чулуун солир, хүний биеэс гарсан чулуунаас эхлээд өнгө өнгөөр алагласан, өндөг шиг өөгүй том цагаан гээд элдэв янзын чулуу, таван биетэй нэг сүүлтэй загас, цагаан гөрөөс, ганц эвэртэй ямаа, цагаан тарвага гээд үзэх сонин ихтэй энэ үзмэрүүдийг шинээр ашиглалтад орох сүмд дэлгэх юм байна. Пүрэвбат ламын бүтээсэн Аглагийн хийд аль хэдийнэ олны зорих дуртай газар болсныг тэнд өнжих хугас өдөрт завсар зайгүй хөлхөх олны хөлөөс мэдэрлээ. Монголчуудаас гадна гадаадын жуулчид ч зорьж ирээд сонирхдог болж. Хожмын цагт монголчуудын бурханы шашны урлагт өөрийн гэсэн тод мөртэйг батлах дэлхийн хэмжээний соёлын том төв болж үлдэх Аглаг бүтээлийн хийдийн гол сүмийн урдхан булаг оргилон гарч иржээ. Булгийн дээр сүм бариад эхэлчихэж. Бурханч лам “Хийдийг маань зориод ирсэн олон түмэн ундаалж байг гээд сүм барьж эхэлсэн” хэмээн инээмсэглэн хэлсээр биднийг үдэв.

 

Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
мэдээ цаг-үе

Далайн БАТБАЯР: ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй, компаниудтай л “БАЙЛДДАГ” газар DNN.mn

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч Далайн Батбаяртай ярилцлаа.


-Хэрэглэгчийн эрх ашиг Монголд алга гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Эрх нь зөрчигдсөн иргэн сошиалд гомдоллосон пост оруулаад л хэрэглэгчийн эрх дуусчихаж байна. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагчаас хамгийн түрүүнд энэ өнцгийг сонирхмоор санагдлаа. Миний хэлсэнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Уг нь манай улс хэрэглэгчийн эрхийг аль ерэн оноос хуульчилсан сайн түүхтэй.

Нэг хэсэг нь үндэсний ассациоци, нөгөө хэсэг нь нэгдсэн ассиоци гэсэн нэрийн дор ажиллаж эхэлснээр хэрэглэгчийн эрхийн төлөөх ажил, шийдлүүд үр дүнгүй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн ажлууд “уначихсан”.

-Хэн нь илүү мөнгө идэх вэ гэдэг уралдаан болоод хувирчихаж дээ…?

-Тэгсэн. Төсвөөс мөнгө авах эрх олгоод тодорхой хэмжээний эрх ашиг, чиг үүргийг хэрэгжүүл гэнгүүт “Өө манайх хэрэгжүүлнэ, бид төсвөөс санхүүжинэ” гээд л хуваагдаад эхэлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал их зөвөөр, маш эрт эхэлсэн ч үр дүнд хүрээгүй шалтгаан нь энэ.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХҮЧТЭЙГЭЭР ХӨНДӨЖ ЭХЭЛСЭН УЛСТӨРЧ БОЛ КЕННЕДИ

-Өндөр хөгжилтэй орнуудыг анзаарахад хэрэглэгчийн эрхэд онцгойлон анхаарсан харагддаг. Ер нь дэлхийн улс орнууд хэзээнээс хэрэглэгчийн эрхэд анхаарал хандуулж эхэлсэн байдаг юм бол?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн хөдөлгөөн буюу консьюмеризм АНУ-д 1920-иод оны сүүлээр өрнөж, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо 1936 онд байгуулагдсан байдаг. Хуучин консьюмеризмийн сонгодог жишээ, тухайн нийгмийн хамгийн нэр нөлөө бүхий энэ“нийгэмлэг” шинжээчийн үүрэг хүлээж байсан.Энэ холбооны гол үндсэн чиг үүрэг нь, “эрх ашгийн холбоогүй, хөндлөнгийн” лабораториудын тусламжтайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарын үнэлгээний шуурхай мэдээлэл боловсруулж, олон нийтэд түгээх явдал байсан. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийг“ сонголтын чиглэлд” соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлд сургахад анхаарч эхэлсэн гэсэн үг. Тэр үед Америкт “худалдан авагчийн лиги”-үүд олноор байгуулагдаж эхэлсэн нь одоогийн“ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-үүдийн үүсэл байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

Хожмоо хэрэглэгчийн эрхийг олон улсын төвшинд анхаарч эхэлсэн 1960-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди хэрэглэгчийн эрх гэх өнцгийг хөндөж, Америк НҮБ-д нэлээн нөлөөтэй байсан учраас НҮБ-ын бодлогод хэрэглэгчийн эрх ашиг гэдгийг шууд тусгасан байдаг юм.

-Дээр дурдсан НҮБ-ын баталсан зургаан зарчмыг манай уншигчдад сонирхуулаач?

-НҮБ-ын баталсан зургаан зарчмын тухайд ерөнхийдөө тоглоомынхоо дүрмийг баталсан. Хэрэглэгч аюулгүй байдлаа хангуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үндсэн хэрэгцээгээ ямар ч тохиолдолд хангуулах, үнэн зөв мэдээлэл авах, боловсрол эзэмших-танин мэдэх мэдээлэл авах, ямар нэгэн хохирол амсвал эргэн нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн зургаан зарчмыг баталсан юм. Улс орнууд эдгээр зарчим дээр үндэслэж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг.

ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ӨГӨХ БОЛСНООС ХОЙШ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АЖИЛ “НУРСАН”

-Манай улс хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиа шинэ нийгэмд шилжингүүтээ байгуулсан гэхээр 1990 онд баталжээ дээ?

-Яг батлагдсан он нь 1991. Тэр жил Улсын Бага хурал хамгийн анхны “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль”-ийг баталсан. Хэрэглэгч бол хаан хэмээн ойлголт ноёрхож, суурь нь их зөв тавигдсан. Хожим 2001 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлж төсвөөс санхүүжилт олгох тухай 49 дүгээр тогтоолыг Засгийн газар баталсан. Уг тогтоол батлагдсанаар мөнгөний сонирхлын үүднээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан холбоод хоёр хуваагдсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үеэс хойш хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил “нурж”, замаасаа хазайсан. Тэр жилээс эхлэн Засгийн газар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлж эхэлсэн юм. Нэмж сонирхуулахад, үндсэн бодлого, чиглэл нь тодорхой болонгуут Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль үндсэн зарчмаа дагаж 2003 батлагдсан нь одоо ч үйлчилж байгаа. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл хэрэглэгчтэй холбоотой нэлээн хэдэн хууль өргөн баригдахаар бэлтгэгдэн төслийн хэмжээнд явж байна даа.

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хамгийн зөв, идэвхтэй ажилласан жилүүд гэвэл та аль үеийг онцлох вэ?

-1991-2001 оны хоорондох 10 жилийн хугацааг онцолно. Учир нь тухайн үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр маш их ажил хийгдсэн. Товчхондоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хоёр байгууллага 2003 оныхоо хууль зарчмаар нилээн идэвхтэй ажиллаж байгаад 2008 оноос эрч нь суларсан. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаас үүдсэн асуудал л даа.

-Хуульд яг ямар нэмэлт өөрчлөлт оруулсан юм бэ?

-2008 оны нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар гэж байгуулагдсан. Шуудхан хэлчихэд ШӨХТГ байгуулснаар үндсэн зарчмаасаа ухарчихсан.

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын ажил үүрэг энэ хүрээд зогсонги байдалд орсон гэж ойлгож болох уу?

-Ний нуугүй хэлэхэд тийм.

-Сэтгүүлчийн хувьд анзаарахад ШӨХТГ хэдэн компанид дайн зарласан газар шиг л санагддаг. Яг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийв гээд харахаар гарт баригдаж, нүдэнд харагдах юм байдаггүй?

-ШӨХТГ шударга бус өрсөлдөөнийг зохицуулах зах зээлийн судалгааны газар, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газар, хэрэглэгчийн мэдээллийн төв, өрсөлдөөнийг зохицуулах судалгааны газар, улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг газар. Худалдаа үйлчилгээний.

газрууд нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хууль гэхчлэн хуулиар олгогдсон эрх ашгийнхаа хүрээнд ажилладаг. Төрийн байгууллага учраас яалт ч үгүй бичиг цаасны л ажил хийдэг. Хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болчихонгуут анхны үндсэн буюу НҮБ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зарчим алдагдчихсан. Хэрэглэгчийн хүсэлт саналын дагуу ажиллах боломжгүй болсон гэсэн үг. Үндсэндээ дэлгүүрүүдэд шалгалт хийдэг л ажилтай болсон. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэй үнэ барих, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүргийг биелүүлдэг.

-“Мобиком”-ыг үнээ буулгаж болохгүй гэж шахаж, “Алтан тариа”-г гурилын үнээ нэмж болохгүй гэж дарамталдаг гээд яривал жишээ олон шүү?

-Монголбанк шиг ажиллаад байгаа биз. Зүй нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн

ажил өрнүүлэх учиртай байгууллага шүү дээ. Ийм чиг үүрэгтэй ажиллах ёстой байтал таны хэлсэнчлэн хэдэн компаниуддаа торгууль тавиад л, үнэтэй “байлддаг” газар болоод хувирчихсан. Угтаа шударга өрсөлдөөн үнэ дээр тогтох ёстой атал ШӨХТГ нь үнэ зохицуулдаг газар болчихсон.

-2016 оныг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарласан санагдаж байна. Тэр жил хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр тоймтой ажлууд хийгдээгүй санагдах юм?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил гэж сонгуультай холбоотой л зарлагдсан байх. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагагүй болчихсон учраас бэлгэ тэмдгийн төдий ажлууд өрнөсөн. Тэр гээд хэлчих тоймтой ажил хийгдээгүй.

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХИЙГ ӨӨРСДӨӨ ХАМГААЛАХ ОНЛАЙН ПЛАТФОРМ ХЭРЭГТЭЙ

-Одоо нэг л арга байх шиг. Олон улсын туршлагыг судлаад Монголдоо хэрэгжүүлж болох загварыг сонгож чадвал хэрэглэгчдэд эрхээ хамгаалуулах боломж бүрдэж магадгүй юм. Тийм кейсүүд байвал сонирхуулаач?

-Дэлхийн цөөнгүй оронд төрийн байгууллага нь тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг жишиг бий. Олон улсын байгууллагууд нь компаниудын монопольчлолд анхаарч, зах зээл дээр тэгш өрсөлдөөнийг бий болгох чиглэлд ажилладаг. Манайх шиг Засгийн газар нь ШӨХТГ гэж байгуулангуутаа, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын ажиллах орчныг хязгаарлачихдаггүй.

-Бүгдийг төрөөс зохицуулах,төрд төвлөрүүлэх ажил улам тэлээд байгаагийн бас нэг жишээ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал болчихлоо. Ингэхэд ШӨХТГ-тай ижил бүтэц хөгжилтэй орнуудад байдаг уу?

-Бүх юмыг төрөөс төвлөрүүлдэг гажуудал 2008 оноос эхэлсэн. Олон улсад төр нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гүйцэтгэх үүргүүд нь ч тодорхой байдаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах дээр гэхэд л төрийн бус байгууллагууд нь хэрэглэгчийн эрх ашиг хангагдах талаас иргэдийг төлөөлж, өөрийн гэсэн тод оролцоотой ажилладаг. АНУ-д ч Шударга өрсөлдөөний газар бий. Төрийн оролцоотой ч хажуудаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь тусдаа ажиллаад явдаг. Германд гэхэд л үйлчилгээнд онлайн орчныг ашиглан стандартаа тогтоодог. Тухайн үйлчилгээний байгууллагын стандарт, үйлчилгээ ямархуу вэ гэдэг дээр үйлчлүүлсэн иргэд нь ревью бичээд явдаг. Тэр нь бүр соёл, дадал, жишиг болчихсон. Жишээ нь, би үсээ засуулах гэж байгаа бол интернэтэд ороод хүмүүсийн ревьюг харчихна. Өдрийн хоол идэх газраа ч бусдынхаа ревьюг хараад сонгочихно. Иргэдийн сэтгэгдэл, ревьюгаар үйлчилгээний байгууллагын стандартыг тогтоодог. Тэр орчныг төрөөс нь бүрдүүлээд өгчихнө. Төрийн үүрэг ердөө л энэ байх жишээний. Манайхан шиг энд тэндээс заавал нэг байцаагч ирээд шалгаж, үнэлэх шаардлагагүй. Хамгийн шударга орчныг бүрдүүлсэн байгаа биз. Зах зээлээ хэрэглэгч өөрсдөө үнэлчихнэ, эрх ашгаа өөрсдөө хамгаалчихна. Дараагийн орж ирэх хүнд “Энэ чинь ийм газар шүү” гэсэн мэдээллийг өгнө гэдэг маш зөв шийдэл.

-Онлайн орчинд ревью үлдээх хэлбэрээр хэрэглэгч эрхээ хамгаалуулна гэдэг тун аятайхан шийдэл санагдлаа. Төрөөс яг ийм орчныг бий болгоход анхаармаар юм байна. Одоо бол компани бүр өөрсдөө пэйж хуудастай, тэр хуудсанд нь бүтээгдэхүүн үйлчилгээг нь шүүмжилсэн коммент үлдээвэл устгачихаад байгаа нь анзаарагддаг…?

-Иргэдийн бичсэн ревью устгагддаггүй платформ хийчихэд л хэрэглэгчид өөрсдийнхөө эрхийг өөрсдөө хамгаалаад явчихна. Маш ухаалаг шийдэл л дээ. Хэрэглэгчийн идэвх санаачилгатай шууд холбоотой ажил. Үйлчлүүлсэн газрынхаа талаар үлдээсэн сэтгэгдэл чинь өөр бусдыг сонголтоо зөв хийхэд нөлөөлнө. Өөр бусад хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэл чамайг зөв сонголт хийхэд нэмэр болно. Энэ мэтээр харилцаагаа хөгжүүлээд явчихаар дагаад зах зээл нь хөгждөг эерэг талтай.

-Судалгаанаас харахад манайхны сошиал хэрэглээ өндөр үзүүлэлттэй гардаг юм билээ?

-Харамсалтай нь манайхны сошиал хэрэглээ шар сонины хэмжээнд л байгаа. Хэрэглэгчийн эрхтэй холбоотой санаа зовоосон асуудлын уг суурь нь иргэдийн боловсрол. Бүх юм явж явж нэг цэг дээр очдог гэдэг шиг иргэдийн боловсрол хэрэглээтэй холбогдчихоод байгаа юм. Юм болгон шар сонины сенсацитай мэдээ, нүүр номын сэтгэл хөдлөл давамгайлсан постын хэмжээнд өрнөөд байвал асуудлууд улам ужгирна. Бидэнд юмсыг арай өөрөөр үнэлэх боломж, бодитой мэдээлэл авах хэрэгцээ байна. Бүр тодруулж хэлбэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гээд нийгэмлэг хамгийн түрүүнд үнэлгээний систем хийх хэрэгтэй. Наад зах нь хүн болгоны мэддэг сошиал платформ болох шаардлага бий. Хамгийн гол нь тэр платформ ямар нэг төлбөр тооцоогүй, бие даасан байх ёстой. Тэгж гэмээнэ үйлчилгээ бүтээгдэхүүнд бодит үнэлгээ өгөх боломж бүрдэнэ. Түрүүн та хэллээ шүү дээ, манайд онлайнаар бараа бүтээгдэхүүн зардаг платформууд зөвхөн өөрсдийг нь магтсан комментыг үлдээгээд, шүүмжилсэн комментуудыг устгадаг гэж… Ревьюгээ өөрсдөө хяначихаар үнэлгээ нь бодит бус болчихож байгаа юм. Энэ мэтээр худалдааны жижиг асуудал дээр хүртэл нугалаа гараад байхаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил утгаа алдах нь ойлгомжтой.

Товчхондоо нэн түрүүнд бие даасан, яг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах платформтой болъё. Бүр тодруулж хэлбэл, ямар нэг нөлөөлөл орохооргүй системийг хуулийн хүрээнд шинэчлэн хийе. Мөн баталгаат хугацаа, баталгааны хэлбэрүүдтэй холбоотой асуудал ч бий.Тухайлбал, манайд цэвэр зах зээлийн өрсөлдөөний онолоороо баталгаат хугацаагаа борлуулагчид санал болгоод явах боломжгүй байна.

-Юу гэсэн үг вэ, жаахан тодруулаач?

-Барааны үнийн дүнгээс шалтгаалж баталгаат хугацааны хамгийн бага хугацааг тодорхой зааж өгөх тохиолдол байдаг. Жишээ нь 5 сая төгрөгийн үнэтэй телевизорын баталгаат хугацаа хамгийн багадаа нэг жил байна гэдэг ч юм уу. Энэ бол үнэ зохицуулж байгаа хэлбэр биш, чанарын түвшинг тогтоож байгаа явдал. Үнийн дүнг баталгаат хугацаатай холбоод тогтоогоод өгчихөөр нэг жилийн дотор эвдэрчихгүй чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага борлуулагчдад тулгарна. Үр дүнд нь хэрэглэгч, зах зээл аль аль нь хожно. Цаашлаад Эрээний хог зөөх явдал тодорхой хэмжээгээр багасна. Яах вэ, үнэ өснө гэж эсэргүүцэх хэсэг бий л байх. Гэхдээ монгол хүн чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Нөгөө талаараа үнийн түвшин жинхэнэ эрэлт нийлүүлэлтийн хуулиараа шийдэгдэнэ. Товчхондоо хэрэглэгчдийн худалдан авах чадварт таарсан үнэтэй, чанартай бараа олох асуудлыг яриад байна лдаа. Хоёрдугаарт дамжуулан борлуулагч, манайхаар бол дистрибьютертай холбоотой асуудал бий. Гадаадын үйлдвэрлэгчээс санал болгож байгаа баталгаат үйлчилгээг заавал санал болгоно гэсэн хууль, журам зарим улс оронд мөрдөгддөг. Ингэчихвэл борлуулагчдад заавал сервис центр байгуулах шаардлагатай болно. Үйлдвэрлэгчтэй албан ёсны харилцаа үүсгэнэ.Баталгаат үйлчилгээтэй зэрэгцээд бүрэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ орж ирнэ. Хамгийн олзуурхмаар нь бидний ярих дуртай дэлхийн түвшний стандарт Монголд маань орж ирнэ.

Хэрэглэгчийн мэдээлэл авах эрхтэй холбоотой бас нэг жишээ хэлье.Бүтээгдэхүүнийг дагалдаж ирж байгаа баталгаат хугацааны хугацаа, хамрах хүрээ, баталгаат үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэр хаягийг заавал монгол хэлээр нүдэнд харагдахуйц байрлуулахыг шаардах хэрэгтэй. Шаардлага тавиад хэрэгжүүлүүлээд эхэлбэл хэрэглэгчдэд тустай. Хэрэглэгчид ямар эрхтэй, юуг шаардаж болохоо мэдэж авахад хялбар болно гэсэн үг.

ХОХИРСОН ХЭРЭГЛЭГЧИД ФЭЙСБҮҮК-Т ГОМДЛОО БИЧИЖ Л БУХИМДЛАА ТАЙЛЖ БАЙНА

-Та Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч гэх албыг аваад удаагүй байна. Зохицуулагчийн хувьд яг ямар хүрээнд ажиллах боломж байна вэ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах боломжууд хэр байгаа бол?

-Хэрэглэгчийн эрх ашгийн асуудал орхигдож гээгдсэн сэдэв гэдгийг хэлсэн. Хаяж гээгдэх болсон үндсэн болон дагавар шалтгааныг ч нэрлэлээ. Юуны өмнө энэ холбоог амь оруулах хэрэгтэй байна. 2008 оноос хойш үндсэндээ хэн ч ярихаа байчихсан, орхигдсон, тасалдсан сэдвийг олон түмний анхааралд оруулж байж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал хөндөгдөнө. Мэдээж эхлээд өөрөө өөрийгөө аваад явчихдаг, нийгмийг эрүүлжүүлдэг байгууллага хэрэгтэй гэдгийг иргэдэд ухамсарлуулах шаардлага бий. Нөгөөтэйгүүр юм болгоныг төр хийх ёсгүй. Төрийн бус байгууллагын хэмжээнд хийчих боломжтой гэдэг итгэл үнэмшлийг суулгах шаардлага байна. Иргэд бүх юмыг хувийн хэвшил бус төр л хийх ёстой гэсэн ойлголттой болчихсон байна шүү дээ. Мэдээж нэг үеэ бодвол бага сага ажил хийгдэж л байна. Стандарттай нүүр номын жижиг группүүд бий болж, дажгүй яваа харагддаг.

-Нүүр ном гэснээс хэрэглэгчид бараа, үйлчилгээ худалдан авчихаад хохирсноо ШӨХТГ-т хэлээд үр дүн гардаггүй. Өнөө газар нь асуудал гаргасан компанийг торгосон болоод өнгөрдөг. Гомдол гаргасан иргэний эрх ашгийг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт асуудал ор тас орхигддог нь нууц биш. Яг өнөөдрийн тухайд хохирсон иргэд нүүр номон дээрээ гомдлоо бичиж л тайвширч байх шиг байна?

-Үнэн л дээ. Нэг газар ороод хангалттай үйлчилгээ авч чадаагүй иргэд үсрээд фэйсбүүк хаягаараа лайв хийж, пост бичээд, би хохирчихлоо гэж гомдоллоод л дуусдаг. Ганц нэг пост хийсэн ч компаниас нь залгаад устгуулчихдаг. Энэ тохиолдолд иргэд чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээтэй газруудын талаар мэдээлэл авах боломжгүй болчихож байгаа юм. Нөгөө талаас нь харвал тухайн компанийг дарамтлах, шантаажлах үүднээс цацаж буй пост, лайвууд ч цөөнгүй бийг мартаж болохгүй.

-Компаниудын зүгээс хэрэглэгч бол хаан биш гэсэн мессэжийг их өгдөг болчихож. Тэр мессэжийг нь дэмжиж, дөгөөсөн хандлага ажиглагдаад байх юм?

-Анх хэрэглэгч бол хаан гэж ярьж, шаарддаг байсан бол сүүлийн үед хэрэглэгч хаан биш битгий давар гэж сөргүүлдэг болсон нь үнэн.Тэр ч бүү хэл сошиал булли гэж юм байна. Сошиал медиа, дагагчдаа ашиглаад дарамт хийдэг болсон. Мэдээж хэрэглэгч гээд зөөгчөө загнаад байж болохгүй ч тодорхой хэмжээгээр үйлчилгээний стандарт байх ёстой. Түүнээс гадна эрх зүйн учир шалтгаантай сонирхолтой жишээ олон бий. Жишээ нь, манай улсад хэрэв хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд аливаа эрх зүйн маргаан өрнүүлэх боломжгүй. Нөгөө талаар хохирлын хэмжээ иргэний болон захиргааны хэрэг үүсгэх хэмжээтэй байсан ч иргэд тэр бүр өргөдөл гомдол гаргаад хохирлоо барагдуулах гээд яваад байдаггүй. Ямар сайндаа “адгийн зарга арав хоног” гэдэг үг гарах вэ дээ.Нэг хэрэглэгчийн хувьд ялихгүй асуудал боловч нийт хохирогчдын зардлыг нийлүүлбэл маш том хохирол байх тохиолдол цөөнгүй.Европын холбоонд жишээ нь иймэрхүү маргаануудыг заавал шүүхийн замаар бус хялбарчилсан байдлаар шийддэг чиг үүрэг бүхий төрийн болон хувийн байгууллага байдаг. Одоо манай шүүхийн системд байгаа эвлэрүүлэн зуучлахтай төстэй. Арбитрын шүүхтэй ч адилхан гэж болно. Сингапурт бага хэмжээний хохиролтой асуудлыг хялбаршуулсан байдлаар шийддэг шүүх гэж байдаг. Гол шийдэх асуудал нь хэрэглэгч, бизнес

хоёрын хоорондох жижиг үнийн дүнтэй маргаануудыг шийдээд эцсийн шийдвэр гаргадаг. Аль аль тал нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.Ийм шийдэл байхад “Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг үг утгагүй болно. Аль юм болгон хананд хашгирахаас өөр гарцгүй, сошиалд лайв хийхээс өөр мэхгүй байх билээ. Өөрийн чинь зохицуулагч юу хийж чадах юм бэ гэх асуултын хариуд хэрэглэгчийн эрх ашгийг төрийн бус байгууллагын хэмжээнд хамгаалах ёстой гэдгийг бодлого хэрэгжүүлэгч, төрийн байгууллага, иргэдийн дунд, олон нийтийн анхааралд өртүүлэх л гол үүрэг болчихоод байна.

Тэр ч утгаараа энэ сардаа хэлэлцүүлэг хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

-Яг ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм бол?

-Олон улсын жишиг байдаг. Иргэд болон үйлчилгээний хооронд болж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг гол арга зам нь эрсдэлийг багасгах явдал. Эрсдэлийг даадаг гол систем нь даатгалын систем. Даатгалын систем байж гэмээнэ эрсдэл багасаж, хоорондын харилцаа нь үр дүнтэй болдог.

-Тэгвэл даатгалын системийн оролцоог ямархуу байдлаар Монголын зах зээл, нийгэмд ихэсгэж, үүргийг нь нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Өнгөрсөн сард газ дэлбэрч, орон сууц өртөхөд нийт 160 орчим өрх гэр хохирсноос 70 орчим нь ипотекийн зээлийн даатгалтай байсан учраас даатгалаар хохирлоо барагдуулсан. Энэ тохиолдолд иргэд хохиролгүйгээр асуудал шийдэгдчихэж байгаа юм. Даатгалыг амьдралынхаа нэг хэсэг болгож, өдөр тутмын амьдралдаа оруулчихвал хохирсон иргэдийн асуудлыг төрийн оролцоогүйгээр шийдчихэж болж байгаа биз.

Эцэст нь хэлэхэд, та бидний сайн мэдэх “Морьтой ч болоосой” кинон дээр арьсан дахных нь оронд салхины шил “шахсан” хэсэг гардаг даа. Инээдэм биш өнөөгийн бодит байдал л энэ. Өндөр нас, сэтгэл зүй, мэдлэггүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэрэг хувийн онцлог байдлаасаа болоод бизнесийн харилцаанаас хэрэглэгчид хохирох тохиолдол их.Элдэв янзын сүлжээний бизнес, өндөр ашиг амласан луйвраас болоод иргэд хохироод үлдэх тохиолдол ч бий. Манай эрх зүйн систем одоогоор энэ харилцааг тэр бүр оновчтой зохицуулж чаддаггүй учраас л цаашид иймэрхүү бизнесийн харилцааг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага тулгараад байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Амаржаргал: Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Саявтар та 1990 оноос өмнөх Монгол ямар байсан талаар тун сонирхолтой материал нийтэлсэн харагдсан. Ардчилалд шилжихийн өмнөх социалист Монгол ямар хэцүү нөхцөлд орчихсон байсныг нотолсон өчнөөн баримт уншлаа. “Социализмын үед ямар сайхан байв аа” гэх санаашралыг үгүйсгэхээр тэр баримтуудыг аль болох олон хүн уншаасай гэсэн бодол төрсөн шүү?

-“МАХН-ын төв хорооны бүгд хурлын материалаас 1984-1990 он” гэж гарчиглаж байгаад бичсэн л дээ. Тухайн үед Монгол Улс бодит байдал дээрээ яг ямар байсныг харуулах гэж оролдсон юм. Амаржаргал гэдэг нөхөр тэр үеийг “муухай, алдаа дутагдалтай” гэж өөчлөн ярих нэг хэрэг. “АН-ын нэг гишүүн л муулахын тулд мууллаа” гэж харна. Харин МАХН-ын гишүүд нь, бүр тодруулж хэлбэл ерөнхий нарийн бичгийн дарга нь, Улстөрийн товчооны гишүүд нь, сайд дарга нар нь өөрсдөө тухайн үеийн Монголыг хэрхэн харж дүгнэж байсныг баримт нотолгоотой нь уншвал огт өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, би Бүгд хурлын материалуудаас тэр бүх байр суурийг түүгээд тавьчихсан юм. Тэр үед ерөнхий амьдрал, эдийн засгийн үр ашиг, бүтээмж, бүтээгдэхүүний чанар, гадаад харилцаа ямар байсныг харуулах зорилгоор, нэлээд цэгцтэй ойлголт өгөх үүднээс асар их материал цуглуулаад тавьсан. Тэр материалыг уншсан эрүүл саруул ухаантай хэн ч “Ийм нийгмийг өөрчлөхөөс аргагүй байж шүү дээ. Яаж оршин тогтнож байсан юм бэ” л гэнэ.

-Ардчилал эхлэхээс өмнө, социализмын сүүлийн жилүүдэд Улстөрийн товчооны гишүүд нь хүртэл Монгол гэдэг улс хэцүүдсэнийг мэдрээд яриад эхэлчихсэн байж гэж ойлголоо…?

-Баримттайгаа ил байгаа асуудал. Тэдний гол алдаа нь байгаа юмаа сайжруулах гэж оролдоод байж. Улсын өмч дээр суурилсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт тулгуурласан тогтолцоо явахгүй байгааг олж харж чадахгүй байсан. Шийдэл нь захиргааны арга гэж эндүүрч явсаар бүхнийг дампууруулчихсан.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон улс төр ид өрнөж байна. Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт тасраад багагүй хугацаа өнгөрчихлөө.Хууль өөрчилсөн төдийд гадаадын хөрөнгө оруулалт эргэж сэргэх найдлага байна уу, ингэхэд?

-Хэчнээн сайн хууль батлаад маргааш, нөгөөдрөөс нь гадаадын хөрөнгө оруулалт шууд цутгаад эхэлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. 1997 онд шиг санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн хууль баталсан. Тэр үеэс хойш арваад жилийн дараа гадаадын хөрөнгө оруулалт зах зухаасаа орж ирж эхэлсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон асуудлыг анзаарах нь ээ хоёр гурван өнцөг байх шиг. Нэг нь хуулийн асуудал, нөгөөх нь улс төр. Уг нь яриад буй хууль нь гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн агуулгатай. Гэтэл газар, гадаадын ажиллах хүчний тухай асуудал болоод хувирчихлаа л даа. Хөрөнгө оруулалтын тухай асуудал яригдаж байгааг мэдэж, мэдэрч яваа нь хэд юм бол доо. Аливаа асуудлыг урвуулах арга их амархан. Нийгмийн хөрс нь ядуу, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлийн нарийн мэдлэг боловсрол дутмаг суурин дээр сая хэлсэн өнцгүүдийг сэвээд эмоци дээр нь тоглолт хийчихэж байна. Монгол хүний “газар шороо аминаас үнэтэй” гэсэн эмоци дээр нь л тоглочих жишээний. Гаднаас ажиллах хүч орж ирээд газар шороог чинь эзэмшинэ гэчихэд л эмоцилоод эхэлж байгаа юм.

-Үнэхээр гаднаас ажиллах хүч орж ирээд газар шороог минь эзлэх гээд байна уу, эсвэл элдэв улс төрийн нөлөө юу гэдэг дээр хэрсүү, ухаалаг хариу хайж байгаа нь алга л даа.

-Ямар ч хуульд нэг ийм агуулгатай заалт бий. “Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцэн нэг багц болох юм” гэсэн агуулгатай заалт. Та бид хоёрын ярьж суугаа энэ хуульд ч туссан гэдэгт эргэлзэх юм алга. Ер нь бүхэлд нь дүгнээд хэлэхэд энэ хууль гарцаагүй хэрэгтэй. Батлагдах учиртай. Гэхдээ олныг төөрөгдүүлээд байгаа асуудлуудыг нь хэрхэн зохицуулах вэ гэдэг тал дээр Засгийн газар муу ажилласан. Ч.Хүрэлбаатарын баг маш муу ажилласан гэж би хувьдаа харж байна. Хоёр, гурван жил ярьсан гэж байна лээ. Ийм удаан хугацаанд олонд нээлттэй ярьсан бол олон нийт хуулийн талаар тодорхой мэдээлэлтэй болчихно. Ойлголт, мэдээлэлтэй хүмүүс элдэв маргаан, шүүмжлэл дэгдээхгүй. Гэтэл хэдхэн хүн гарч ирээд ганц юм хэлэхэд л нийгмээрээ ханарч шуурч байна. Товчхондоо эрх баригчид ажлаа сайн хийгээгүй гэсэн үг. Үнэхээр энэ хуулийг батлах хүсэлтэй байсан бол сонирхогч талуудыг бүгдийг нь оролцуулах учиртай байсан. Цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдын яамны хэдэн нөхдөөс бага сага үг сонссоныгоо санал сонссон гэж хэлэхэд учир дутагдалтай. Сонирхогч талуудыг бүгдийг нь татан оролцуулсан бол ийм асуудал үүсэхгүй.

-Сонирхогч талуудыг бүрэн сонсоогүй учраас улстөржилт гаарах орон зай гаргаад өгчихжээ дээ?

-Улстөржилтөөс гадна нийгмийг талцуулчихлаа. Нэг хэсэг нь газар шороогоо хамгаалаад, нөгөө хэсэг нь эх нутгаа гадагш нь зарж үрчих гээд байгаа юм шиг дүр байдал үүсчихлээ л дээ. Ер нь МАН-ынхны ажлын арга барил л даа, энэ. Нийгмийн талцуулж бутаргасан асуудал гаргасаар өнөөдрийг хүрсэн нь бодитой үнэн шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тойрсон маргааныг анзаарахад З.Энхболдын үед баталсан эзэмших гэдэг үгийг хуулиас хасахаар болсон нь зарим улстөрчийн эрх ашигтай харшлаад улстөржилт нь дэвэрчихлээ гэсэн өнцгийг цөөнгүй хүн хэлэх юм…

-Хүмүүс ингэж үзжээ, тэгж боджээ гэсэн хандлагад би тийм дуртай биш. Ер нь Монголын улс төрд бодитой болсон үйл явдлуудыг анзаарахад анхаарал татах юмс цөөнгүй байна. Үндсэн хуульд төрийн нийтийн өмч гэсэн сонин ойлголт оруулчихсан. Бүсчилсэн хөгжил чухал гэж яриад байна. Бүсчилсэн хөгжлийн тухайд сүүлийн гучин жил яваагүй асуудал шүү дээ. Сүүлдээ Сонгуулийн хуулиа бүсчилсэн маягаар баталчихлаа. Үүний үр дагавар нь юу вэ гэсэн асуултыг тавьж яваа хүн байна уу, ингэхэд. Манайх нэгдмэл улс. Ийм улсыг бүсчилээд, элдэв бодлого хэрэгжүүлээд эхлэхээр холбооны улсын хэлбэр рүү явчих вий гэсэн болгоомжлол надад байдаг. Бүсчилсэн хөгжил гэсэн ойлголт гарч ирэх үед янз бүрийн хүмүүстэй уулзаж санаа оноог нь сонсож явлаа. Учир мэдэх айхавтар хэсэг нь “Монгол бол нэгдмэл нэг улс шүү. Холбооны буюу ямар нэгэн хэлбэр рүү оруулах элдэв үйлдлийг соргогоор анзаарах учиртай шүү” гэсэн утгатай байр суурь хэлдэг л байсан.

-Гадаадын хөрөнгө оруулалт сэргэхэд хугацаа шаардлагатай тухай хоёулаа ярилаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээх гарц, шийдэл байж л байгаа. Эрх баригчид энэ чигт хандсан ажлууд хийж байна уу?

-Ачаа үүрч яваа хүн нь юу хийхээ мэдэхгүй байна шүү дээ. МАН хариуцлага хүлээхээс зугтаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг үнэхээр чухал гэж үзэж байгаа бол жар гаруй суудалтай намд хууль батлах асуудал биш. Ингэж сэвж, шуугиулах ямар ч шаардлага байхгүй.

-Нам дотроо хагаралдаан бужигнаантай байгаа болохоор бодлогын энэ мэт хуулиудаа ч баталж чадахгүй яваа гэж үү?

-Гишүүдээ нэгтгэж чадахгүй, дотроо бужигнаантай байгаа энэ тэр нь МАН-ын хариуцлагаас мултрах гэсэн арга. Ийм хариуцлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа улс төрийн хүчин Монгол Улсыг цааш нь яаж авч явах бол. Энэ янзаараа байвал хуурч, зальдаж, популизм хийж авч явахаас өөр арга байхгүй шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гарц уг нь байгаа юм байна, тийм үү?

-Өчнөөн гарц бий.

-Таны зүгээс санал болгох шийдэл гэвэл юу байна?

-Ажлын хэсгийн ахлагчаар нь Амаржаргалыг тавьчихвал хэлээд яриад хийгээд явахад асуудал алга (жуумалзав). Харамсалтай нь эрх баригчдад улс төрийн ийм эр зориг байхгүй. Намынхаа явцуу эрх ашигт үдэгдчихсэн. Харъя гэснээ л харж, сонсъё гэснээ л сонсдог болсон улс шүү дээ.

-Хоёулаа өмнөх ярилцлагадаа дэлхийн хөрөнгө оруулалтын орчны тухай хөндсөн дөө. Та тэр үед мөнгөний урсгал манайх шиг хөгжиж яваа улсаас гадагшилж өндөр хөгжилтэй орнууд руу буцаж эхэлсэн гэсэн дүгнэлт хийж байсан. Тэр дүгнэлт чинь хэвээрээ юу?

-Дэлхийн эдийн засгийн хувьд мөнгөний урсгал өндөр хөгжилтэй орнууд руугаа буцаж байгаа. Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт технологийн хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Хямд ажиллах хүч, хямд зах зээл гэсэн ойлголт чухал биш болчихсон. Ноу хау, технологийн хөгжил байгаа газар руу мөнгө урсаж байна. Үйлдвэрлэлийн өргөжилтийн хэмнэлт өндөр хөгжилтэй орнуудад бүрэн утгаараа хэрэгжиж байна л даа. Хоёрдугаар фактор гэвэл хөгжиж байгаа улсуудын дотоод нөхцөл байдал. Улс төрийн орчин нь гэхэд л популизмтай гээд яривал олон асуудал бий. Өөрөөр хэлбэл, хөгжиж байгаа орнуудаас мөнгө зугтахад эдийн засаг гэхээс илүү улстөрийн хүчин зүйл илүү нөлөө үзүүлж байна. “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр” гэсэн ойлголт үйлчлээд эхэллээ л дээ, одоо цагт. “Хаа байгаа Африк, Монголд очиж улстөрчидтэй нь учраа олох гэж элдвийг сэдэж хөрөнгөө эрсдэлд оруулснаас Америк, Канаддаа л байж байя” гэсэн хандлага хүчтэй болсон гэсэн үг. Даяарчлал гэдэг ойлголт шүүмжлэлд хүчтэй өртөж байгаа ч процесс тасраагүй яваа. Хэсэг хэсгээр бутарсан хэлбэр рүү ороод эхэлчихсэн. Тухайн бутарсан нэгжүүдийн хоорондын хүчний харьцаа хөрөнгийн урсгалыг тодорхойлдог хүчин зүйл болчихоод байна.

-Та түрүү нь бүсчилсэн хөгжлийн загвар манайх шиг нэгдмэл улсад эрсдэлтэй гэсэн санаа хэлчихлээ. Яг ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж?

-Яг өнөөдөр яг тийм болчихно гэж хэлэх аргагүй. Гэхдээ энэ процесс энэ янзаараа үргэлжилбэл тавь, зуун жилийн дараа юунд хүргэх эрсдэлтэйг бид мэдэхгүй. Тэр бүү хэл бид, цаашлуулаад яривал хүн төрөлхтөн маргааш юу болохыг мэдэхгүй байна шүү дээ. Жижигхэн жишээ хэлье. 2023 оны эхэнд дэлхийн судлаач, шинжээч, эдийн засагчид маш хүнд жил болно, инфляци дээд цэгтээ хүрнэ гэсэн урьдчилсан таамаг хэлж байсан. Гэтэл жилийн дараа буюу өнөөдрийн байдлыг харахад тэр таамгууд байгаа оносонгүй. Өндөр хөгжилтэй улсуудын эдийн засаг өслөө. Инфляцийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадлаа. Ажлын байрыг эрс нэмэгдүүлж байна.

-Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг өсөлттэй гарч ажлын байр нэмэгдсэн гэхээр хөрөнгө оруулалтын урсгал хөгжиж буй орнуудаас Америк, Австрали руу гадагшилсаны нэг том нотолгоо болж байна даа, тийм ээ?

-Та зөв анзаарсан байна.

-Ингэхэд энэ жил дэлхийн эдийн засаг ямархуу байх нь вэ. Элдэв эрсдэл анзаарагдана уу?

-Энэ оны хувьд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг одоо байгаагаасаа муудахгүй гэсэн таамаг дуулдаж байна. Гэхдээ нөгөө зарим нь өөр таамаг хэлж байна. Дэлхийн эдийн засаг 2023 оных шигээ таатай байхгүй, өнгөрсөн жил олж авсан ололтоо буцаагаад алдах эрсдэлтэй гэсэн таамаг сонсогдоод эхэллээ.

-Та өмнөх ярилцлагадаа Ковид-19-өөр тахлын аюул дуусахгүй, шинэ шинэ тахлууд дэгдэнэ гэсэн таамгийг онцолж байсан. Энэ мэт том эрсдэлийн тухай шинжээчид ярьж байна уу?

-Давосын уулзалтаар хэлэлцэх нэг сэдэв нь X-Covid байна лээ. Ковид19-өөс хорь дахин аюултай цар тахал удахгүй дэгдэх нь гэж хараад, тэр тохиолдолд яах вэ гэдгийг мундаг шинжээчид тусгайлан хэлэлцэх юм билээ. Тэгэхээр бид дэлхийгээрээ болгоомжилж буй дараагийн тахалд бэлэн байх ёстой. Ковид-19 олон салбарт дүн тавьсан. Өнөөдрийн тухайд тэр бүхний үр нөлөө, учир шалтгаан, алдаа оноогоо маш сайн судалж дүгнэлт хийж, ирэх жилүүдэд барих бодлогоо тодорхойлох учиртай. Үнэнийг хэлэхэд манай засаг төр дэндүү богино зайд харж, өнөө, маргаашаараа л амьдарч байна. Сошиалаар улс төрөө явуулж, сошиалд л төр засгийн бодлого хэрэгжиж байна шүү дээ. Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна. Гэтэл сошиалд хэчнээн хүн бий билээ.

-Улстөрч, эрх нөлөөтэй хүмүүс нь сошиалд нэг шуугианыг нөгөө шуугианаар дарах, талцуулах өнгө аястай мэдээлэл түгээх арга хэрэглэдэг нь илт болоод удаж байна л даа. Гадны нөлөө бүхий бодлого сошиал дээр хүчтэй хэрэгжээд байна уу гэсэн хардлага төрөөд байдаг юм. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Гадна дотнын нөлөө хүчтэй байх шиг анзаарагддаг.

-Эдийн засаг маань ямар хэврэг вэ гэдгийг энэ өвөл мэдэрлээ. Шатахуун, цахилгааны тасалдал ахиад үүсэхгүй гэх баталгаа алга. Энэ байдлаасаа гарахын тулд бид яах ёстой юм бол оо?

-Дэлхий даяар яригдаж байгаа асуудал л даа. ОХУ-аас явуулж байгаа бодлогыг л харчих. Харилцахад таатай, таагүй улсуудаа жагсаачихсан байх жишээний. Бид ийм нөхцөлд их л алсын хараатай, их л том юм бодож аж төрөх ёстой. Уг нь ийм зүйл бодоод сууж байдаг нэг “дурак” УИХ-д сууж байх ёстой юм л даа.

-Тэгээд тэр “дурак” нь байна уу, УИХ-д?

-Даанч алга.

-Энэ сонгуулийн сурталчилгаа сошиалд өрнөх янзтай байна. Сошиал ямар хөөсөрсөн орчин болохыг та бид хоёр сая хангалттай ярилаа. Зүй нь сонин, сэтгүүл гэх мэт хэвлэлүүдээ дэмжсэн бодлого явуулж чадвал олон нийтэд хүрэх мэдээлэл нь илүү бодитой байж, сошиалын хөөсрөл сонгуулийн үр дүнд нөлөөлөх эрсдэл багасах юм даа…?

-Боловсролтой хүмүүсийн тухайд ямар хэвлэлийг унших вэ, ямар эх сурвалжаас мэдээллээ авах вэ гэдгээ ялгачихдаг. Олон нийтийн хувьд сенсаци сонин байна л даа. Ийм нөхцөлд улстөрчдөд үлдэж байгаа ганц арга нь эмоци дээр тоглох. Хүний сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглож чаддаг хүмүүс нь популистууд. Асуудалд нухацтай ханддаг улстөрчдийн тухайд сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглох нь зөв гэдгийг олоод харчихдаг. Олж харчихаад амжилт олохын тулд популизм хийгээд явахаараа нөгөөдүүлээс ялгарах юмгүй болж, намаг руу гулсаад орчихож байна. Ингээд харахаар жаахан нухацтай, хэрсүү улстөрч байя гэвэл популизмаас хол явахаас өөр арга байхгүй.

-Популизм хийхгүй болохоор санал авахгүй. Хүссэн ч эс хүссэн ч популизмдахаас аргагүй юм байна. Ингээд бодохоор гунигтай юм аа?

-Сүүлийн гучин жил тасралтгүй ярьж яваа зүйлээ ахиад л хэлье. Сэтгүүлчид бол нийгмийг чирч, урагшлуулж явах зүтгүүр нь байх ёстой. Гэхдээ сэтгүүлчид ч бас хүмүүс. Амьдрах ёстой. Амьдрахын тулд дажгүй орлоготой аж төрөх учиртай. Блокчейн, хиймэл оюун ухаан, технологийн платформ, цахим машин гээд өнөөгийн хөгжилд амин хэрэгтэй зүйлийн тухай бичихэд хэн ч уншихгүй. Бүр тодруулж хэлбэл сэтгүүлчид ийм юм бичээд ганц ч төгрөг олж чадахгүй. Гэтэл шуугиан сенсац дэгдээдэг сэтгүүлчид эсрэгээрээ. Их мөнгө олж чаддаг. Сүүлдээ бүр сүлжээ үүсгээд цагдаагаас элдэв зорилтот мэдээлэл авч цацаад улам их мөнгө олж байх жишээний. Зүй нь сэтгүүлч хүнд ёс зүй, нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага гэж байх ёстой. Туйлбартай, ёс зүйтэй сэтгүүлчид гэвэл би цөөхөн хүнийг нэрлэнэ. Ер нь ямар ч хэвлэл МАН-ын хаалтын гэрээгээр амьдарч байна даа, өнөөдөр.

-Таны анзаарсан энэ эмзэглэл хэр удаан хугацаанд үргэлжлэх бол?

-Аливаа асуудал алга эргүүлэхийн дайтай хурдан шийдэгдэхгүй. Чимх, чимхээр урагшилсаар яваад үр дүнд хүрэх байх. Тэгэхээр бодитой, хэрэгтэй мэдээллийг аль чадахаараа түгээгээд л явах хэрэгтэй. Ер нь бидний үе сэтгэл амар байх заяагүй улс юм шиг. Бидэнд ногдож буй хувь заяа, үе маань л тийм юм даа.

-Ганц нам олон жилээр төр барих хэрээр хэвлэлийн эрх чөлөө хумигдах, цаашлаад засаглалын хэлбэр диктатур руу орох эрсдэлтэй гэх мэт болгоомжлол дуулддаг. Танд ийм болгоомжлол төрдөг үү?

-Сонгодог дарангуйллын тогтолцоо ховор болчихсон. 99.99 хувийн санал аваад ялдаг явдал үеэ өнгөрөөсөн. Эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд 99 хувийн санал хэрэггүй, 51 хувийн дэмжлэг байхад л болчихно гэдгээ олоод харчихлаа л даа. Тэгэхээр ардчилсан сонгууль болдгоороо болж, эрх баригчид ялдгаараа ялаад явах боломж бий гэсэн үг. Сонгууль болоогүй байхад сонгуульд ялах зүйлсээ аль хэдийнэ хийчихсэнд л хамаг учир байгаа юм. Жишээ нь МАН хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийдэг хаалтын гэрээгээ хэдэн жилийн өмнөөс эхлүүлсэн. Ардчиллын төлөө гэсэн бизнес эрхлэгчдийг хэдэн жилийн өмнөөс намнаж эхэлсэн. АН доторх нэр нөлөөтэй хүмүүсийн нэр хүндийг аль хэдийнэ шавартай хутгачихсан. Дүрсээ ингэж хувиргасан шинэ төрлийн диктатур нэгэнт бий болчихлоо л доо.

-Томсгосон тойргоор олонд танигдсан улстөрчид гарч ирэх магадлал өндөр. Шуудхан хэлэхэд популистууд УИХ-д олноороо орж ирэх байх, тийм үү?

-Тэгж таарна.Бид мэтийн уран цэцэн үггүй, хэрэлдэж чадахгүй хүмүүст ялах магадлал бага. Коазын теором гэж байдаг юм. Зарчимдаа үнэнч хүмүүс өөрсдийнхөө дүрмээр л тоглодог. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хүн гүтгэхгүй, доромжлохгүй. Тэр дүрмээрээ л тоглоно гэсэн үг. Хулгайч нөхдийн хувьд аль аль дүрмээр нь тоглож чаддаг. Сайныг ч, саарыг нь ч хийнэ. Хэнийх нь тоглох талбай илүү байна вэ гэсэн асуулт тавиад харахаар хулгайчийнх нь илүү байгаа биз.Үүнийг өнгөрсөн зууны эхэнд Коас гэдэг хүн олж хараад теоромыг нь гаргачихсан. Эдийн засгийн томьёолол л доо. Гэхдээ улс төр рүү буулгаад харвал үр дүн нь ижил.

-Хувь хүн нь танигдаагүй ч намынхаа нэр нөлөөгөөр гараад ирэх хэсэг ч бий. Тэгэхээр нам нь чадалтай, хөрөнгөтэй бол гэсэн хэмжүүр гарч ирж таарах нь ээ, энэ сонгуулиар?

-Тэгнэ. Намуудын тухайд юу хийсэн бүтээсэн гэхээс илүү хэн нь илүү хөрөнгөтэй вэ гэсэн хэмжүүр үйлчилнэ. Сонгуулийг будлиантуулах арга эрх баригчдад илүү бий. Олон жил төрийн эрх барьсан улс төрийн хүчин сонгуулийн зардлаа хэд дахин илүү хэмжээгээр босгочихсон яваа нь ойлгомжтой. Тэр их мөнгөний эсрэг зогсож гарч ирэх нь бусад намуудад амар биш. Маш хэцүү.

-Та нэр дэвших үү, эсвэл жагсаалт хавьцаа яригдаж байна уу?

-Надад тийм бодол алга. Миний нэр энд тэнд дуулдаад л байна лээ. Гэхдээ надаас асуусан, надтай ярьж зөвлөсөн хүн байхгүй.

-Дахиад эдийн засгийн асуудал руу оръё. Цахилгаан станц барина гээд гучин жил болчихлоо. Дахиад хэдэн жил болохыг таашгүй. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд тусдаа хууль гаргах ёстой юу, ер нь яах ёстой юм бол оо?

-Би танаас нэг юм асууя. Хөрөнгө оруулалтын хууль гээд шуугиад байна. Яг энэ асуудал дээр ҮАБЗ-аас ямар нэг зөвлөмж, шийдвэр гаргасан уу.

-Ямар ч зөвлөмж, шийдвэр гаргаагүй.

-Ерөнхий сайд нь хүртэл энэ асуудал дээр дуугарахгүй байна. Тэгэхээр юу ярих билээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Дуулах үедээ би чамтай яг одоо яриад суугаа Чимэдцэеэ биш болдог DNN.mn

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй ярилцлаа.

-Танай аймгийнхныг нутгаасаа төрсөн шинэ хамбад хүндэтгэл үзүүлсэн гэж сонссон. Та шашны тэргүүндээ ямар дуу өргөв?

-Нутгаас маань хамба төрсөнд бэлгэшээж сууна даа. Шинэ хамба маань их эрдэмтэй хүү. Хамбынх манай хажуу талын байшинд амьдардаг байсан юм. Хүүтэй минь найзлаад гүйж явдаг байлаа. Чой хамба маань ч ёсоо их сайхан сахилаа. Шинэ хамбадаа “Ялгуусан эрхэт Далай лам” дуугаа өргөлөө. IV далай лам Ёндонжамц гэж халх хүн байсан юм. Монголчуудын тэр хүмүүнд зориулж зохиосон дуу л даа. Ж.Дорждагва багш их ухаантай хүн учраас аялгууг нь хэвээр үлдээж, үгнээс нь Далай лам гэх мэт шашны шинжтэй үгсийг нь хасаж, үгэнд нь өөрчлөлт оруулан радиогийн алтан фондод бичүүлсэн. Би түүнийг нь олж авч, сэргээж дуулсан юм. Юм гэдэг их учиртай. Нэлээн олон жилийн өмнөх явдал. Дуугаа сураад нэг их удаагүй байхад XIV Далай ламаас Н.Жанцанноров бид хоёрт урилга ирэв ээ. Тэр үед “Ялгуусан эрхэт далай лам” гэдэг энэ дуугаа би Далай ламд дуулж өгсөн түүхтэй. Би энэ дуундаа их хайртай, нандигнан бэлгэшээдэг. Зүгээр хаа дуртай газраа дуулчихдаг дуу биш. Олны газар хоёр дахиа л дуулсан нь саяны үйл явдал боллоо. Эхний удаа Далай ламд, хоёр дахь удаад Сүхбаатар нутгаас минь гарсан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залсан түүхэн өдрүүдэд дууллаа. Хамба ламыг маань Монгол багш гэдэг юм шүү дээ. Төвдөд сурч байхдаа машид эрдэмтэйгээ нотлож бүх шалгуурт нь тэнцчихсэн хүн. Төвдүүдэд ном заадаг байсан гэдэг. Тийм учраас Монгол багш гэсэн алдрыг хүртсэн юм билээ.

-Далай лам “Ялгуусан эрхэт”-ийг тань сонсоод ямар сэтгэгдэл хэлсэн бэ?

– Юм их сонин. Хүмүүс Далай ламд бараалхахдаа хадагтай очдог доо. Далай багш хүмүүсээс авч очсон хадгийг нь авчихаад буцаагаад мөрөнд нь тохож өгдөг. Би ч тэр ёсыг дагаад “Ялгуусан эрхэт Далай лам” дуугаа дуулсныхаа дараа хадгаа барьсан чинь хажуудаа эвхэж тавьчихаад, өөр хадаг өгсөн.

-Тэгвэл Далай ламд ихэд таалагдсан байх нь…?

-Тийм байх. Сая хамба ламд шар хадаг барьсан чинь бас л авчихаад зөрүүлээд өөр хадаг барилаа. Бусад хүмүүсийнхийг тохоод л өгч байна лээ.

-Сонирхолтой давхцал байна шүү. Таны хоолойны ид чадлын л нөлөө байх…?

-Надаас хамааралтай юм биш л дээ, дуунаасаа болоод л тэр. “Ялгуусан эрхэт Далай лам” бол ихээ сонин, сүжиг төрмөөр дуу. Сайхан дуу сонсохоор сонсоод баймаар байдаг даа. “Ялгуусан эрхэт”-ээ сонсохоор сүжиглээд баймаар болчихдог. Ер нь дуулах үеийн мэдрэмж гэдэг их сонин эд. Дуулах үедээ би чамтай яг одоо яриад суугаа Чимэдцэеэ биш болдог. Тайзан дээр гарахаараа дуундаа ордог гэх юм уу. Дуу бүр өөр ертөнц. Дуулах бүрд өөр ертөнцөд ордог, уусдаг нь уран бүтээлч хүний жаргал байх. “Ялгуусан эрхэт”-ээ дуулахаар үүлэн дээгүүр онгоц явахаар ямар харагдаж мэдрэгддэг билээ, яг тийм мэдрэмжид эзлүүлдэг. Бас “Хүмүүний нэгэн урсгал”, “Ээдрээт амьдралын эргүүлэг” дуугаа дуулахдаа ингээд “хөөрчихдөг”.

-Таны аавыг таван настайгаасаа хийдэд шавилж суусан, бүр тусдаа домчтой, багштай ном үзсэн гэж сонссон. Ямар хийдэд шавилж байсан юм бол?

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас баруун урагшхан орших Хурдан даяанчийн хийдэд шавилан суудаг байсан гэдэг. Одоо тэр хийдээс туурь л үлдсэн. Аавын минь аав нь Орлойн баян Совд гэж хүн байсан юм. Тийм баян хүний хүү учраас тусдаа эмч, багштайгаар ном үзсэн хэрэг л дээ.

-Танай удамд дуучин хүн байсан уу?

-Аавын талын дээдэс Богдоос сүйхтэй, цалинтай дуучин хүн байсан гэдэг. Ааваасаа л сонссон түүх. Ер нь аавын минь талд эрдэмтэй чадалтай хүн олон байсан юм билээ. Манай Дарьгангынхан чинь мөнгөөр их юм хийнэ. Мөнгөөр юм хийдэг уран хүн цөөнгүй байж. Одоо ч бий. Төмрийг утас шиг болгоод юм хийнэ шүү дээ. Маарамба, дооромбо улс ч байж. Самбуу гэлэн, Чоймбол гэлэн гэж хүн, амьтныг амь голтой хандахад л босгоод ирдэг идтэй эрдэмтэй улс байсан хэмээдэг. Хамгийн эрдэмгүй нь би байхгүй юу. Дуулахаас өөрийг мэдэхгүй. Манай дээдчүүл хүнийг их дарж өсгөнө. Манайхан дунд сагаж явсан хүн ер үгүй шүү. Цөс нь хавиргаа дэлсэж болохгүй шүү гэсэн сургаал дунд л өссөн хүн байгаа юм, би.

-Цөс нь хавиргаа дэлсэх ээ, огт сонсоогүй үг байна…?

-Хүний хөөрдөг энэ тэр чинь цөснөөс үүдэлтэй гэдэг дээ. Цөс дэлсээд ирэхээр царай хүртэл сонин болоод, ааш араншин хувирдаг. Тэрийг л хэлээд байгаа хэрэг. Аавын минь том эгч Дулам гэж хөгшин хотод амьдардаг байсан юм. Зуу гаруй наслаад өнгөрсөн буянтай буурай байлаа. Дуулаад олонд үнэлэгдээд ирэхийн нэг шалгуур нь телевизээр гарах байлаа шүү дээ, тэр цагт. Телевизээр гардаг болоод эхэлчихсэн үе. Нэгэн удаа зориод очтол “За Чимэдцэеэ, цөс нь хавиргаа дэлсэх юм чамд байхгүй шүү. Урьд насны чинь төрөл дуутай жинсрэг гэгчийг олныг уншуулчихсан л хэрэг. Тэгээд л чи дуучин яваа хэрэг. Чамд огт хамаагүй эд шүү” гэж билээ. Настнууд минь намайг ингээд хүмүүжүүлчихсэн. Тэгэхээр дуучин болсон минь надтай огт хамаагүй байгаа биз (инээв). Одооны хүүхдүүдэд тийм сургамж хэрэгтэй шиг санагдах юм. Яагаа ч үгүй л цөс нь хавиргаа дэлсээд унах юм. Бас нэг зүйл сонирхуулахад би чинь хөхөө сард Хоолой гэдэг газар төрсөн хүн. Ээж минь дуулна гэж шагладаг хүн байлаа. Ингээд бодохоор дуучин болохоос аргагүй л байж. Миний сайных биш, ийм олон нөлөө, шалтгаан байжээ.

-“Ээжтэйгээ аргалд явахдаа дуулахыг нь сонсох дуртай байлаа” гэж ирээд ярьсан дурсамж тань бүдэг бадаг санаанд орж байна шүү…

-Дуучин болох А үсгийг зааж өгсөн хүн бол миний ээж. Манайх 13 хүүхэдтэй айл. Би тав дахь нь. Тэгэхээр гэдсэндээ байхаас эхлээд л бүүвэй сонсч өссөн гэсэн үг. Төрсөн хойноо ч дүү нарыг минь бүүвэйлэх ээжийнхээ дууг сонсч өссөн хувьтай хүн. Дөрөв, тав хүрээд дүү нараа бүүвэйлсэн гэхээр бүүвэйн аялгуунд өссөн байгаа биз. Ээж минь аргалд явахдаа л дуулна. Тэр олон хүүхэдтэй, малтай хүн чинь айл найр хийхэд ч очих завгүй аж төрж байж л дээ. Манай нутагт аргалд зүгээр нэг араг үүрээд явахгүй. Тэмээн тэргээр аргал түүнэ. Томоо дөрвөлжин сав тэмээндээ хөллөөд явна шүү дээ. Тэр том тэргийг дүүргэтэл их хугацаа орж таарна. Миний үзэх дуртай гайхамшигтай сайхан концерт аргал түүх тэр хугацаанд болно доо. Ээж минь үгүй мөн сайхан хүн. “Алгирмаа”-г, “Жаахан шарга”-ыг ёстой нэг шаглана. Би сүүлд “Алгирмаа”-г дуулсан юм. Тэр үед Норовбанзад багш “Одоо энэ дууг өөр хүн барьж аваад хэрэггүй. Чимэдцэеэ тулгаад дуулчихсан” гэж билээ. Би гэхдээ “Алгирмаа”-г ээж шигээ дуулж чадаагүй юм.

-Тэгвэл ч ээж тань дууг жинхэнэ утгаар нь шагладаг хүн байж…?

-Ай, хэлээд юухэв. Ээж минь бас их сайхан хүүхэн байсан.

-Та ээжийгээ дуурайсан учраас сайхан төржээ.

-Өө би тийм биш. Дуулахыг нь бараадахгүйгээс гадна бие, царай зүс, гэзэг үсний хувьд ч ээжийгээ бараадахгүй. Одоо бодоход тэр үеийн сайхан бүсгүйн шалгуур их сонин байж. Толгой, бүсэлхийн тойрог яг тэнцүү байхыг сайхан бүсгүй хэмээдэг байсан үе. Ээж минь өчнөөн хүүхэд төрүүлсэн хэрнээ тэр шалгуурт тэнцдэг байлаа шүү дээ.

-Биеэ их сайхан авч явдаг хүн байж дээ?

-Бас ч тийм биш юм аа. Хөдөөний хүн биеэ сайхан авч явах арга байхгүй. Тэр олон хүүхдийн хажуугаар биеэ тойглох хэцүү. Төрөлхийн сайхан гэж тэр л дээ.

-Дуучин болоод Улаанбаатарт ирсэн түүхээр тань ярилцлагаа үргэлжлүүлэх үү, хоёулаа?

-За тэгье. Бас л надад хамаагүй явдал. Өссөн ахуй маань, ээжийн минь дуулдаг “Жаахан шарга” намайг хотод авчирсан. Хонь тойглосны буянаар сумынхаа улаанбулангийн эрхлэгчийн анхааралд орж байлаа. Би жаахандаа дуулж чаддаггүй, их бүрэг хүүхэд байсан юм. Ах маань дуулаад онц авчихна. Би дуулаад муу авна. Чангахан дуугарахаараа уйлчих гээд байдаг нөхөр тэгэхээс ч яалтай. За тэгээд ахтайгаа хамт илгээлтийн эзэн боллоо. Ах хэсэг хугацааны дараа эргээд сургуульдаа явж, би дажгүй сурлагатай хэрнээ эргэж сургуульд суралцахыг хүссэнгүй. Одоо эргээд дурсах нь ээ зөв шийд юм шиг санагддаг. Манайх хоньтой айл байсан юм. Тэр үед манай суурь мянган хоньтой, хавартаа төллөхөөр хоёр мянга хүрч таарна. Олон хөлийн мал хургаа их голно. Суурийн ахлагч нь би. Суурийнхаа хэдэн айлын дарга нь гэсэн үг. Хурга үхүүлж болохгүй, эх үрийг салгаж болохгүй гээд суурийн даргын үүрэг, хариуцлага их. Хэний хонь хургаа голно, очиж тойглоно. Ингэж байгаад л дуучин болсон хүн дээ би. Манай нутгийнхан сумын улаан булангийн эрхлэгч Дандар гэж хүнд “Шарын бүсгүй дуучин болж магадгүй. Эх үрийг хоёр, гуравхан тойглоод авахуулчихаж байна” гэсэн юм билээ. Юмны тохироо гэж сонин. Тэр хавар бүх ард түмний урлагийн үзлэг болж таардаг юм. Анх намайг шалгасан дуу ээжийн минь дуулдаг “Жаахан шарга” байсан. За тэгээд сумаас сум дунд, сум дундаас аймаг, аймгаас улс гэж шалгарч явсаар Улаанбаатарт ирсэн дээ.

-“Тэнгэр ээж минь өршөө” дууг сонсоод нулимсаа барьж чаддаггүй гэж хэлсэн хүнтэй олон таарч байсан. Тултал дуулсан дуу шиг санагддаг. “Би энэ дуугаа л тултал дуулсан даа” гэж бодох бүтээл танд олон биз?

-Ёстой надад хамааралгүй гэгчээр үнэндээ тэгж бодож яваагүй юм байна. Цөс нь хавиргаа дэлсээгүй болохоор тэр байх даа.

-Таны урын сан дахь дуу тоогоо алдсан уу?

-Урын сан гэж сурсан дууг хэлдэг юм биш. Түмэнд түгээж чадсан дууг л тэгж хэлнэ. Миний дуулсан дуунуудаас түмэнд түгсэн нь нэлээд бий. Богино дуунуудаас хамгийн анх түмэнд түгсэн нь “Зүүдний говь”. За тэгээд “Бэрийн өглөө”, “Алгирмаа”, “Тэнгэр ээж минь өршөө” гээд хөвөрнө дөө. Одооны улс “Таны дуунууд бүгд хит” гэдэг л юм. Чухам тийм эсэхийг хэлж мэдэх юм алга аа.

-Онцгой түүхтэй бүтээл гэвэл та аль дуугаа онцлох вэ?

-“Зүүдний говь” их онцгой түүхтэй. 1984 он шиг санагдана. Хэсэг уран бүтээлчтэй Болгар явав аа. Ирсэн чинь “Алтан намар”-т дуул гэдэг юм. Бараг анхны “Алтан намар” байх шүү. Гадагшаа яваад ирсэн хөдөөний хүүхэд гэрээ санаад болдоггүй дээ. Гэртээ харих санаагаа хэлтэл Ж.Бадраа багш “Чи гадаад явах гэхээр уухайн тас яваад, Алтан намар-т ор гэхээр нутаг явах гэлээ” гээд зэмлэж байна. За ингээд дуулах боллоо. Концерт дуусах хэрд хоёр залуу уулзахаар хүлээж байна аа. Нэг нь хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Нөгөө залууг нь зураач Ш.Тэнгисболд байсныг сүүлд олж мэдсэн. Ц.Чинзориг гэж өөрийгөө танилцуулсан бор залуу надаар “Нэг дуугаа дуулуулах гэсэн юм” л гэж байна. Тухайн үед би “Хотынхон хөдөөний охидыг хуурч эргүүлдэг” гэсэн яриа сонсчихсон (инээв). Өнөөхдөө итгэчихсэн явсан хүн юу гэж тийм амар зөвшөөрөхөв, “Би дуулахгүй ээ” л гэчихлээ. Тэгээд буудалласан “Нэгдэлчин” зочид буудал руугаа алхтал дагаад салдаггүй. Учирлаад гуйж байна. “Өөрт чинь л зориулж бичсэн юм, ядаж харчих” гээд нэг хуудас цаас өгдөг юм. Өнөөхийг нь аваад үлдлээ. Гайгүй болмоор шиг л санагдлаа. Тэр үед суурин утаснаас өөр холбоо барих зүйл байх биш. Эргэж холбогдох аргаа олсонгүй. За тэгээд хэдэн жилийн дараа 1987,88 оны үед Урлагийн бригадад багтан аймгуудаар концерт тоглож явахдаа Ц.Чинзоригтой таарлаа. Баянхонгор аймгийн зочид буудлын үүдэнд. Өнөө хар залуу чинь “Ээж минь ирчихсэн. Өнөө дуугаа ээждээ нэг сонсгочихмоор байна. Манайх буудлын ардхан бий. Ээж борцтой шөл хийж байгаа. Чи нэг ороод гараач” л гэж байна. Урлагийн бригадаар явахаар их өлсөнө. Өлссөн залуу хүн борцтой шөлөнд явчихаж байгаа юм. “За тэгье” л гэлээ. Яваад ортол Чинзоригтой адилхан өндөр бор хөгшин сууж байна. Сайхан шөл хийчихэж. Тэр өдрийн орой тоглолт тартал өнөөх чинь “Дуугаа үзэх үү” л гэлээ. Хөлд суусан шиг байна аа (инээв). Ингээд тэр жилийнхээ зургадугаар сарын 1-нд Улаанбаатарт цаг болзоод “Зүүдний говь”, “Бэрийн өглөө” хоёрыг цугт нь бичүүлж байлаа. Тэр үед Монголын радиод Хаянхирваа гэж гайхалтай бичдэг хүн байсан. Сонсгол гэж абсолютный. Сүүлд яруу найрагч Жүмпэрэлийн Саруулбуян нэгэн сонинд “Чимэдцэеэг дуучдаас тохой өндөр болгож өгсөн дуу бол Зүүдний говь” гэж бичсэн байдаг юм. Ингээд харахаар “Зүүдний говь” бол намайг олонд танигдах үүсгүүр болсон дуу. Уртын дуугаар олонд танигдсан нь “Магнай түргэн” гэж дуу. Бүх ард түмний ардын язгуур урлагийн наадмаар 1986 онд дуулж байлаа.

-“Бэрийн өглөө” гэснээс энэ дууны үгийг Б.Лхагвасүрэн найрагч танд зориулж бичсэн гэдэг байх аа. Ингэхэд танд зохиолчдоос хайраа илэрхийлж байв уу?

-Яруу найрагчдаас шүлэг зориулж бичсэн нь олон. Хайр дурлалаа халдаж илэрхийлсэн тохиолдол үгүй.

-Таны үеийн олны танил жүжигчин, дуучдад цэргүүдээс эхлээд залуус олноороо захидал бичиж хайраа илэрхийлдэг байсан гэдэг. Дурлалын захиа их ирдэг байсан уу?

-Захиа их ирнэ ээ. Алсаас бичдэг нь олон байснаас тулаад хандсан нь үгүй. Бүр нэлээд сүүлд Д.Түвшинжаргалтай суусныг сонссон Хэнтийн нэг хүн өөрийгөө буудна гээд уул руу давхисан тухай дуучин Ц.Түвшинтөгс ярьж байсан нь санаанд үлдчихэж. Д.Түвшинжаргал гэдэг хүний байр байдлыг мэддэг хүн л байсан болов уу. Олоон жилийн өмнөх явдал. Баянхонгорт концертод дуулсны дараа нэг хүүхэн зорьж уулзаад “Манай нөхөр насаараа чамд хайртай яваа” л гэж байна. Тийм юм зөндөө сонсдог учраас нэг их гайхсангүй. “Чамаас салаагүй бол сайн байна шүү дээ” гэлээ. Тэгсэн өнөө бүсгүй “Үнэндээ ч заримдаа хэцүү байдаг шүү. Чамаас болоод би Чимэдцэеэтэй суусангүй гэж агсан тавьдаг” гэж билээ (инээв). Залуу цагийн энэ мэт явдлыг тоочвол барагдахгүй.

-Онцгой мэдрэмж төрүүлдэг хөгжмийн зохиолч гэвэл хэн хэнийг онцлох вэ, та ?

-“Тэнгэр ээж өршөө” дууны минь аяыг зохиосон Ш.Батсайхан, Ц.Чинзориг, Б.Бямбабаяр гурав онцгой санагддаг. Жааяа (Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров) зөндөө дуу зохиож өгч байсан. Тэрний шахалтаар ч дуулж байлаа. Би өөрөө хүсээд ч дуулж явлаа. Хүмүүсийн шахалтаар ч дуулсан тохиолдлууд бий. Гэхдээ Жааяа миний идеал биш.

Ц.БААСАНСҮРЭН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

О.Балжинням: Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа DNN.mn

Үндэсний бөхийн 16 дахь аварга, Хөдөлмөрийн баатар, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжиннямтай хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе. Аваргатай Энэтхэгийн Бодгаяад уулзаж, Бодгаяа дахь монгол хийдэд ярилцсан юм.

-Бурханы оронд буян номын ажлаар явна уу, аварга аа?

-Бодгаяад гэр бүлийн хүнтэйгээ явна. Бараг гурван сар шахам байх төлөвлөгөөтэй. Бодгаяа чинь бурханы ариун дагшин газар. Бурхан багшийн гэгээрсэн энэ сайхан газарт эргэл мөргөл хийж явна даа.

– Таны тухай анхны тод дурсамж гэхээр Б.Бат-Эрдэнэ аваргатай нар хэвийтэл барилдсан наадам…

-Тэр чинь 1994 оны Улсын наадам. Арвын даваанд барилдаж байсан нь тэр л дээ. Би давбал аварга болчих санаатай. Бат-Эрдэнэ болохоор Х.Баянмөнх аваргын амжилтыг эвдэх зорилготой. Хоёр цаг гаруй барилдаад арай жаахан “рам”-дуулаад унасан. Б.Бат- Эрдэнэ их бяртай байсан цаг.

-Бат-Эрдэнэ аваргын юу нь онцгой байв, танд?

-Бат-Эрдэнэ бид хоёул жүдо, самбо бөхөөр цуг хичээллэдэг байлаа. Самбогоор би хасах 100 кг-ын жинд, Бат-Эрдэнэ нэмэх 100 кг-ын жинд хүч үзнэ. Жүдогоор би хасах 95, Бат-Эрдэнэ нэмэх 95-д үзнэ. Үргэлж хамт бэлтгэл хийнэ. Гадаад дотоод явахдаа нэг өрөөнд орно, гэр бүлээрээ сайхан найзална. Цагийг эзэлсэн агуу аварга л даа, яалт ч үгүй. Тэр үед мань хүнийг тогтооно гэдэг асар бэрх шүү дээ. Тийм ч учраас төрийнхөө их наадамд 11 удаа түрүүлсэн их аварга гэж түмнээрээ хүндлүүлж яваа. Бат-Эрдэнэ залуудаа их олон мэх хийдэг байсан. Хонгодож хаяхдаа янзын. Анх түрүүлдэг жилээ Цэрэнтогтох аваргыг хонгодож хаясныг нь тод санадаг. Халз хутгана. Гол хоёр мэх нь хонгодох, халз хутгах байсан. Шуудагнаас бас сайн барилдана.

-Бат-Эрдэнэ аварга та хоёрыг ид үед бахдаж шагшдаг байсан залуус өдгөө монгол бөхийн дэвжээг эзэгнэж байна. Таны үеийн залуусын шүтээн, шагшаа нь Баянмөнх, Мөнхбат гэж хоёр том аварга байсан байж таарна…?

-Намайг хүүхэд ахуйд Баянаа аварга, Мөнхбат аварга хоёр ид барилддаг, алдар цуу нь цуурайтсан эрхэм хүмүүс байлаа.

Аавтайгаа хамт Цагаан сар, наадмын барилдааныг радиогоор чих тавин дурлаж сонсоно. Радиогоор сонсож бахархаж өссөн их аваргууд л даа. Баянаа аварга хоёр талдаа сэгсрээд хонгодчихдог, үнэхээр бяртай бөх байсан. Шуудагнаас их сайхан барилдана. Халз хутгаа хийнэ. Олон гоё мэхтэй. Монгол бөхийн судалгаа хийж 700 гаруй мэх бийг судлаад гаргаад ирсэн хүн. Агуу хөдөлмөрч хүн дээ.

-Би тэр жил л их сайн барилдаж билээ гэж сэтгэл дүүрэн бодож суух наадам гэвэл хэдэн оныхыг нэрлэх вэ?

-Үндэсний бөхийн хувьд 70 жилийн ой байна даа. Тэр үеийн барилдаануудаа эргээд бодохоор дурсамжтай сайхан санагддаг.

-Бөхчүүд мэх гаргаж барилдахаа болилоо гэсэн шүүмжлэл дуулдах юм. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Монгол бөх олон сайхан мэхтэйг судлаад гаргачихсан гэж би түрүү нь танд хэлсэн дээ. Гэтэл сүүлийн үед дүрмээсээ болоод, тойруулж барьдаг барьцтай болсноос хойш бөхчүүд жингээ нэмж эхэлсэн юм.

-Албаар жингээ нэмж эхэлсэн байх нь?

-Тэгэхгүй бол тэр барьцан дээрээ тогтох хэцүү. Тэгээд монгол бөхчүүдийн мэх багассан. Мэх хийдэггүй гэж шүүмжлээд байсан нь тийм учиртай. 2021 оноос энэ дүрмийг болиулсан. Түүнээс хойш бөхчүүд маань олон сайхан мэх хийдэг болж байна.

-Мэхний их дэлгүүр гэж хэлэхээр бөхчүүд гэвэл та хэн хэнийг онцлох вэ?

-Дүвчин заанаас эхлээд олон сайхан мэх хийдэг бөх маш олон байсан шүү. Энэ цаг үед гэвэл Булганы Амарсайхан начин байна. Жижиг биетэй мөртлөө олон сайхан мэх хийн барилдаж яваа.

-Бөх гэдэг монголчуудын хувьд өв соёл тээгч гэдгээрээ эрхэм. Тэр утгаараа жудаггүй, ёс зүйгүй байх эрхгүй хүмүүс шиг санагддаг. Гэтэл сүүлийн үед байдал эсрэгээрээ эргээд байх шиг…?

-Монголчуудын ахуй амьдрал тэр чигтээ бөхөд шингэсэн. Том цолтой, ах захтай хүмүүсээ хүндлэхээс эхлээд соёлын олон улбаа бөхөөрөө дамжаад өнөө цагт ирчихсэн. Монголын ахуй, соёл үндэсний бөхдөө шингээд үлдчихсэн. Тэр утгаараа монгол бөхчүүдийн ард түмнийхээ, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь асар өндөр. Тэр үүргээ биелүүлж чадахгүй яваа харагдах л юм.

-Монгол бөхийн жудаг хаачив гэмээр үйлдэл зөндөө байна. Засуулаа үл тоосон хандлага, уначихаад элдэв аяг гаргаж байгаа энэ тэрийг нь харахаар монгол өв, соёл яана даа гэсэн гутранги бодол төрдөг шүү?

-Үгүйсгэхгүй. Засуул, гарын даа энэ тэртэйгээ харилцаж байгаа нь, өөр зуураа харилцаж яваа нь нэг хэсэг муудаж ирсэн. Одоо харин дажгүй болоод ирлээ. Үүнийг засахын тулд Монголын Үндэсний бөхийн холбоо Ёс зүйн зөвлөл хүртэл ажиллуулж байна. Жудаггүй бөхчүүд гэсэн шүүмжлэлийг засахын төлөө л яваад байгаа хэрэг.

-Бөхчүүд улс төрд ордог үзэгдэл манай улсад гойд тод ажиглагдах юм. Танд улстөрд орох санал ирж байв уу?

-Ирж байгаагүй ээ (инээв). Би бөхийн тэр дундаа жүдогийн спортдоо дуртай учраас 1992 он хүртэл барилдаад дэлхийн аваргын анхны мөнгөн медалийг авчирч байлаа, улсдаа. Дараа нь дасгалжуулагч болсон. 1997 онд хүртэл дасгалжуулагчаар ажиллахдаа олимпын ганц медалийг эх орондоо авчрахад хувь нэмрээ оруулсандаа баяртай явдаг. Миний шавь Нармандах тэр медалийг эх орондоо авчирсан юм. Тэгээд Алдар спорт хорооны даргаар ажиллаад, ахиад шигшээ багтаа дасгалжуулагчаар ирж 2020 он хүртэл ажиллалаа даа.

-Одоо Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүний ажилдаа л төвлөрч байна уу?

-Яг төвлөрч байгаа ганц ажил маань.

-Та түрүү нь багадаа радиогоор бөх сонсдог байсан гэсэн дээ. Багаасаа л бөх болъё гэж хүсдэг байв уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Багын л мөрөөдөл, хүсэл. Ер нь манай монголчууд чинь хүүгээ бөх болгоно л гэж ярьдаг улс. Би айлын ганц хүү. Аав маань аймгийн начин цолтой. Надаас ч өндөр, сайхан бие хаатай хүн байлаа. Бөх сонирхоно гэж жигтэйхэн. Бөхөд дуртай аав минь радиогоор бөхийн барилдаан их сонсоно. Оноолтуудыг нь хуучин монгол бичгээр хөтөлнө гэж янзтай. Тэрийг нь их харна. Аавынхаа шүтдэг, шагшдаг сайхан аваргуудын барилдааныг аавтайгаа хамт сууж байгаад радиогоор сонсох ай мөн сайхан дурсамж. Тэр гоё агшин намайг бөх болгосон доо. Сумандаа наймдугаар анги төгсөөд аймгийнхаа арван жилийн сургуульд сурахаар очсон юм. Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа. Жүдогоор залуучуудын барилдаанд түрүүлээд 1979 онд улсын шигшээ багийн гишүүн болсноор тамирчны амьдрал маань эхэлсэн дээ.

-Багш гэж хүндэлж явдаг эрхмүүд гэвэл…?

-Үндэсний бөхөөр бол Баянаа аварга, Мөнгөн арслан байна. Бөхийн спортод анх авчирсан хүн гэвэл Чанрав багш. Самбо бөхийн дэлхийн анхны аваргыг авчирсан эрхэм гэдгээр нь түмэн андахгүй. Бөхийн тайлбарыг радиогоор хачин сайхан хийнэ. Улсын начин Эрхэмбаяр бид хоёрыг хөдөөнөөс “олж ирсэн” хүн шүү дээ.

-Анх яаж яваад Чанрав багштайгаа таарсанаа сонирхуулаач?

-1978 онд би арван жилийн сургуульд байсан юм. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхэд минь “Бөх болох хүүхэд байна” гээд сонгосон юм билээ. Би тэр жил Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхдээ жүдогоор 86 кг-ын жинд түрүүлсэн юм. Уг тэмцээнээс сарын дараа “Нөхөрлөл тэмцээн” гэж Улаанбаатарт болох байсан. Тэрний бэлтгэлд намайг гаргасан л даа. Өнөө тэмцээнд нь бас түрүүлчихсэн. Тэр жил самбо бөхийн Улсын аваргаас мөнгөн медаль аваад улсын шигшээ багт орж байлаа.

-Та түрүү нь үндэсний бөхөд Баянаа аваргыг багш гэж боддог гэлээ. Өнгөц харсан хүнд жаахан ааш аягтай болов уу гэмээр анзаарагддаг. Хатуу багш байв уу?

-Өө, тийм хатуу хахир хүн биш. Ямар ч хүнтэй сайхан яриа хөөрөөтэй. Агуу лектор хүн шүү дээ, базарваань. Социализмын үед л залууст лекц уншдаг хүн байсан. Багшийн дээдийн түүхийн анги төгссөн хүн шүү дээ. Тэр утгаараа маш өргөн мэдлэгтэй. Олон удаа бэлтгэлд хамт гарч байлаа. Барилдааны арга техникээ их сайхан заана. Өөрөө ч ид барилдаж байсан үе.

-Анх нүдэнд нь өртөөд шавь нь болчихсон уу, өөр учрал тохиол байв уу?

-Нутгийн хүн гээд анх өөриймсөж явсан л даа. Гэхдээ тухайн үед харцанд нь тороогүй (инээв). Баянаа аварга тэр үед чөлөөтөөр барилддаг байсан юм. Тухайн үед Чанрав багшийнхаа хараанд өртөөд жүдо, самбо руу орчихсон. Тэгээд яах вэ, үндэсний бөхөөрөө бэлтгэлд гарахдаа Баянаа аваргын гал дээр гарна. Тэгж л ойртсон түүхтэй.

-Сүүлийн үед улс үндэстнээрээ шүүмжлэмтгэй болж. Бөхчүүд маань ч талцаж, эвдрэлцээд, нэг л их шүүмжилж, маргаж, мэтгэсэн улс болчихсон ч юм шиг. Үнэхээр ийм байна уу, эсвэл хэт өнгөц дүгнэлт хийчихэв үү би?

-Тэгтлээ талцаад байгаа юм бөхчүүд дунд үгүй л дээ. Сошиалын шуугиан дагаж л олноороо ханараад байгаа анзаарагдах юм. Булхайтай барилдаан гэж шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед техник хөгжөөд бөхийн барилдааныг олон талаас нь харуулдаг болчихсон. Булхайтай барилдаан гэсэн ойлголт байхгүй болсон шүү дээ.

-Үндэсний бөхийн холбоо ёс зүйн хувьд хараат биш хүмүүсийг гаднаас ажиллуулж байгаа гэж та түрүү нь ярьсан. Нямсамбуу гавж, япон судлаач Төмөрбаатар гээд нийгэмд үлгэр дуурайл болсон эрхмүүдийн нэр сонсогдож байгаад олзуурхаж л сууна?

-Өргөн мэдлэгтэй, хараат бус хүмүүсийг сонгосонд, өнөө ч сонгож ажиллуулж яваад би ч хувьдаа олзуурхаж суугаа. Бөхчүүдийг тавьчихвал нутгийнхнаа наана уу, цаана уу гэх магадлалтай. Ийм эрсдэл гаргахгүйн тулд Ёс зүйн зөвлөлдөө хараат бус хүмүүсийг тавьсан.

-Бөхийн ёс зүй гээд ярихаар найраа гэсэн том асуудал босоод ирдэг. Таны үед начны найраа хэр байв?

-Миний үед найраа гэж байгаагүй. Нэг, хоёр удаа Улсын наадамд дөрөв давсан нэгэндээ тавын даваанд унаж өгөөд начин болгодог тохиолдол байсан. Тэр чинь жудгийн асуудал. Хоёр удаа дөрөв давна гэдэг чинь өөр хэрэг шүү дээ. Сүүлийн үед хавтгайрсан сураг дуулддаг. Өөр нарийн ширийнийг мэдэхгүй юм.

-Үндэсний бөхийн холбооноос энэ зүгт анхаарах боломж бий юу?

-Хоёр хүний яриа хөөрөөг зохицуулах арга байхгүй л дээ (инээв).

-Үндэсний бөх дээр допинг байх ёсгүй гэх хүмүүс байх л юм. Жил бүр допингоос болж үндэсний бөхийн нэр хүндэд халтай мэдээлэл хөвөрдөг боллоо.

-Допинг аюултай шүү дээ. Хүний генд нөлөөлнө. Шударга өрсөлдөөн гэж үгүй болно. Тийм учраас Монголын Үндэсний бөхийн холбоо допинг дээр хатуу байр суурьтай байна. Допинг илэрсэн л бол ялтай. Хүн оролцох ямар ч боломжгүй зүйл. Тусгай кодтой. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж мянга мэтгээд дэмий л дээ.

-Өвчин намдаах эм уучихсан чинь л ингэлээ гэх мэт элдэв тайлбар хөвөрдөг. Үнэхээр тийм шалтгаанууд байж болох уу?

-Ямар зүйл хэрэглэж болох, болохгүй талаар нарийн заасан байгаа. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж тайлбарлах л юм. Өвчин намдаах эм хэрэглэсэн чинь илэрчихлээ гэсэн зүйл байхгүй. Хааяа нэг гэнэ сэр илэрч болно. Гэхдээ маш ховор. Тийм байлаа ч өнөөхийг нь ууж болохгүй гэсэн заалт байж л байгаа. Хожим элдэв зүйл илэрлээ гэхэд бүх юм баримттай, төддүгээр сарын төдөнд тийм эмч ийм эм бичиж өгсөн гээд бүх баримт нь дурайж байх учиртай. Эмчийн буруу тохиолдолд тухайн эмч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Яг тэрийгээ гаргаад ир гэхээр гаргаж ирэх баримт байдаггүй.

-Хоолонд маань юм хийгээд хорлочихлоо, шээсийг минь сольчихлоо гэсэн агуулгатай мэдээлэл сонсож л байсан. Тийм зүйл байх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Хэзээ яаж хэрэглэснийг нь тодорхой хугацаатай гаргаад ирдэг зүйл л дээ. Ард түмэн тэр нарийн ширийнийг нь мэдэхгүй учраас шуугиулсан өнгөн мэдээллийг дагаж ханарах гээд байдаг тал бий.

Ярилцсан

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: “Аж үйлдвэрийн гинжин хэлхээ”-ний суурийг тавих төслүүдээ тодорхойлж энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ DNN.mn

Уул уурхайн төрийн өмчийн 30 компанийг удирдлага, менежментээр хангах амаргүй ажлыг нугалж байгаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой  хэрэгжүүлж буй бодлого, онцлох ажлынх нь  талаар ярилцлаа. Нэгдлийн зүгээс эрдэс баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох, баялагтаа  “эзэн монгол” байхын төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

-Ажлаа авснаас хойш хэрэгжүүлж буй стратеги төлөв­лөгөөнөөс тань ярилц­лагаа эхэлье. Санаж бод­сон хэмжээнд тань хүрч байна уу. Мөн өнгөрсөн хугацаанд амжуулсан аж­луудаасаа хамгийн чухлаас нь сонирхуулаач гэвэл та ямар ажлыг онцлох вэ?

-”Эрдэнэс Монгол” нэгд­лийн хувьд стратеги төлөвлөгөөг боловсруулж, түүнтэй уялдсан зорилго зорилт дэв­шүүлж, харьяа компаниуд­тайгаа нэгэн зүгт харж ажиллах нь бидний гол зорилго. Уул уурхайн эрдэс баялгийн өгөөжийг хүртэх зорилтын хүрээнд нэгдлийн зургаан том компанийг түшиглээд ойрын болон дунд хугацаанд боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах их ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Тухайн цогцолборуудаа үйлдвэр технологийн паркын загвараар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэгдлийн зургаан том компани түшиглэн  байгуулагдах паркынхаа үндсэн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн цогцолбороо барьж байгуулах, дэд  бүтэц  байгуулахад  манлайлж орол­цоно. Харин паркуудад аж үйлдвэрийн гинжин хэлхээг тасралтгүй үүсгэх төлөвлөлтийг хийж хяналт тавих, хөрөнгө оруулагчдыг дэмжих, боломж олгох менежмэнтийг хийх “Эрдэнэс ҮТП” компанийг байгууллаа. Ингэснээр ганц нэг салангид төслүүд биш төр хувийн хэвшил хамтарч эрдэс баялгаа  бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг кластер  үүсэх  боломж  бүр­дэнэ. Товчхондоо Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын  Аж үйлдвэрийн сэргэлт хэрэгжихэд чухал алхам болох юм.

Түүнчлэн харьяа ком­па­ниудад тулгарч байгаа гол асуудлын нэг нь тээвэр логистикийн асуудал байдаг. Тиймээс компаниудад бор­луулалтын доголдол үүсгэхгүй, ханган нийлүүлэлтийг тогт­вортой байдлыг хангаж ажил­лах Дэд бүтэц, тээвэр логистикийн группийг шинээр  байгууллаа.  Энэ ч мөн стратеги төлөвлөгөөний хүрээнд хийгдэх чухал ажлын нэг байсан. Ер нь нэгдлийн зүгээс баялагтаа эзэн Монгол байхын төлөө, түүнд хүрэхийн төлөө төлөвлөгөө, зорилгоо тодорхойлоод түүнд уялд­сан  ажлуудаа шат дараа­тай хийгээд явж байна гэж ойлгож болно.

-“Эрдэнэс  Монгол” нэгдэл Сингапурын Темасекийн загвараар хөгжинө гэсэн мэдээлэл олны анхааралд хэвээр байгаа. Энэ чиглэлээр өрнөж буй ажил, шийдэл байвал сонирхуулаач, манай уншигчдад?

-“Темасек” нь дан уул уурхайн бус Сингапурын төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн томоохон групп компани юм. Нэгдэлд нь багтдаг компаниудын үйл ажиллагааны цар хүрээ, ашиг нь их болохоор ногдол ашиг нь ч түүнийгээ дагаад өндөр байдаг. Түүгээрээ стратегийн ач холбогдолтой шинэ төслүүддээ хөрөнгө оруулаад эдийн засгийн өгөөжөө хүртээд явдаг. Бид ч мөн энэ зарчмаар явна. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас нэгдлийн компаниудын бизнесийн шийд­вэрт оролцохгүй, ялангуяа нийгмийн чанартай төслүүдийг санхүүжүүлэх үүрэг даалгавар өгсөн шийдвэр гаргахгүй гэдэг бодлогоо зарласан. Харин нэгдлийн компаниуд үйл ажиллагаа, үр ашгаа нэмэгдүүлж бизнесийн үр ашигтай төслүүдээс санхүүжүүлэх замаар ногдол ашиг, Баялгийн санд төвлөрүүлэх хөрөнгө нэмэг­дүүлэхийг бодлого баримталж байна. Өмнө нь нийгмийн төслүүдийг санхүүжүүлэх байд­лаар бизнесийн  хувьд  үр  ашигтай бус зарцуулалт хийдэг байсан бодлого өөрчлөгдсөн гэсэн үг. Засгийн газрын энэ бодлого Баялгийн сангийн хуулиар эрх зүйн хувьд баталгаажих ёстой.

Одоогоор “Эрдэнэс  Монгол” нэгдлийн хувьд чухал төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх, төслийн бэлтгэлийг хангах, өөрөө санхүүжүүлж чадах төслүүдээ эхлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татаж хамтарч ажиллах чиглэлд анхааран ажиллаж байна.

-“Эрдэнэс Монгол” нэгд­лийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нэлээд  ардчилалтай болсон гэх олзуурхал төрж байгаа. Гэхдээ улс төрийн хараа, хамаарал байсаар л байна. Засаглал сайн байж л таны ярьсан, бодсон, харсан шийдлүүд зөв хэрэгжинэ. Энэ чиглэлээр хийхээр төлөв­лөсөн, хийж  яваа  аж­луудаа­саа хуваалцаач?

-Компанийн дүрэмд өөрч­лөлт оруулж, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог 49 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Аль болох мэргэжлийн, биз­несийн туршлагатай, нийгэмд энэ чиглэлээр хүлээн зөвшөөрөгд­сөн хүмүүсийг сонгох зорилт тавьж ажилласан. Зорилт маань ч тодорхой хэмжээгээр биелээд явж байна. Нэгдлийн хэмжээнд охин компаниудын ТУЗ-ийн нийт 270 гишүүн байсныг нэлээд цөөлж, 30 гишүүнтэй болгосон. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн толгой компанийн ТУЗ-д ачаалал нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргалт сайжирч, улс төрийн хамаарал багассан. Одоо нэгдлийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд Монголдоо бизнес, санхүү эдийн засаг, компанийн засаглал, хууль, геологи, уул уурхайзэрэг салбаруудын олон жилийн туршлагатай, мэр­гэжлээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн Д.Нацагдорж, Т.Оргодол, Д.Гэрэлмаа, Н.Энхцэцэг зэрэг хүмүүс ажиллаж байна.

-Гуч гаруй төрийн өмчит компаниудыг харьяандаа нэгтгэлээ. Ингэж нэгтгэснээр гарч эхэлж байгаа эерэг өөрчлөлтүүдээс нэрлээч. Эрхлэх, харьяалах асуудал томрохын хэрээр асуудал бэрхшээл ч багагүй байгаа байх?

-Нэгдлийн компаниуд хамтарч үр дүн гаргахын тулд зайлшгүй нэг зүгт харж ажиллах шаардлагатай. Бидний зорилго гэвэл харьяа байгууллагуудаа зөв чиглүүлж, туслан дэмжиж зөв нэгдэж, зөв манлайлж ажиллахын төлөө байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч ихэнх компаниуд үндсэн ажилдаа болон хамтарч ажиллах чиглэлд ахиц дэвшил гаргаад эхэллээ. Мэдээж, 30 компанийн асуудлыг шийдвэрлэж, удирдлага, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахад толгой компанийн ажлын ачаалал нэмэгдэж байгаа ч энэ системээр явах нь илүү үр дүнтэй нь амьдрал дээр харагдаж байна. Үүнийг зарим компаниудын зүгээс цохон тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярьж байгааг та сэтгүүлч хүний хувьд анзаарсан байх.

Нэмж хэлэхэд, эрдэс баялгийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд өмнөд хөрш тэр дундаа Өвөр Монголчууд биднээс нилээд хол алхжээ. Гэтэл бид олигтой урагшилж чадаагүй л байна. Бидний гол дутагдал нь аж үйлдвэрийн төслүүдийнхээ уялдаа холбоог нь хангаж “аж үйлдвэрийн гинжин хэлхээ” гэдэг зүйл бий болгож чадахгүй байгаа юм. Гэтэл эцсийн бүтээг­дэхүүн гаргана гэдэг нь хэд хэдэн үйлдвэрүүд үйл ажил­лагааныхаа хувьд тасралтгүй  уялдаа  холбоо үүсгэж байж бий болгодог.  Манайд бол өөр өөрсдийн төслүүдээ тус тусдаа хэрэгжүүлнэ гэж олон жил явсан. Тэр нь санхүү, менежментийн хувьд ч олигтой үр дүнгүй,хөрөнгө оруулагчдын хувьд ч итгэл үнэмшил муутай байгаад зогсохгүй зарим тохиол­долд хэсэг бүлэг улсуудын ашиг сонирхол орд­гоос болж үр дүнд хүрэлгүй цаасан дээр үлдэж хоцордог. Уг гажуудлыг л өөрчлөхийн тулд 30 компанийг нэгтгээд, нэгдсэн стратеги бодлого төлөвлөлтөөр ажлаа урагшлуулахыг зорьж байна.

-Хамгийн сүүлд Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг нэгтгэлээ. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК байсныг ХХК болгосон. Сүүлд нэгтгэсэн эдгээр компани дээр ямар өөрчлөлт гарах хүлээлттэй байна вэ?

-“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ТӨХК нь манай улсын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрүүд юм. Тийм болохоор төр засгаас эдгээр үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч хувийн аж ахуй нэгжид ч өгч үзлээ. Үр дүн нь хангалтгүй байсан учир төрд буцаан авч нэгдлийн харьяанд оруулсан. Бидний  зүгээс  стратеги төлөвлөгөөндөө уг хоёр үйлдвэр дээр нэгдлийн давуу талыг ашиглаж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийг түшиглэсэн Ган үйлдвэрлэх цогцолбор, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг түшиглэсэн Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл технологийн паркын загвараар байгуулахаар тусгасан. Эхний ээлжинд Дарханд 100 мянган тонн хүртэлх хүчин чадалтай “Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, Хөтөлд Шохойн үйлдвэр байгуулах төслийг энэ жил эхлүүлнэ. Санхүүжилтийг нь шийдвэрлэж байгаа.

– Зарим охин компанийг татан буулгалаа. Жишээ нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт” ХХК-тай нийлүүлж, “Эрдэнэс алт ресурс” ХХК болгосон. Өмнө нь ийм компани байсан ч нэр төдий явсан түүхтэй. Одоогийн өөрчлөлтийг нь харин огт өөр агуулгатай  байгаа болов уу гэж харж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжээд явах бололцоо бүрдлээ гэж харж болох уу?

-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн хувьд нөөц нь багасаад цаашид удаан ажиллах боломжгүй болсон. Мөн үйл ажиллагааны зардал өссөн, хуримтлагдсан өр төлбөрөө бууруулж чадахгүй, бүтээгдэхүүнээ хямдаар бор­луулдаг зэргээс шалтгаалан үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Татварын нэлээд их хэмжээ (96 тэрбум төгрөг)-ний өртэй байгаа, хяналт шалгалтын явцад цаашдаа нилээд нэмэгдэх хандлагатай. Нэгдэлд алтны хэд хэдэн төсөл байна. Манай үйл ажиллагааны нэг чиглэл холимог металл, алт, мөнгөний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шүү дээ. Нөгөө талд “Эрдэнэс алт ресурс” ХХК нь анх алт хайлуулах үйлдвэр барих зорилгоор байгуулагдсан. Гэвч судалгааны явцад үйлд­вэрлэлийн технологи, ТЭЗҮ нь үр ашиггүй гэж дүгнэгдээд цааш яваагүй. Гэхдээ алтны төсөл ирээдүйтэй учир нэгэнт нөөц нь дуусаж байгаа уурхайн үйл ажиллагааг нэгтгэж шинэ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр ажлуулахаар шийдвэрлэсэн юм. Бодлогын яамнаас нэгтгэж ажиллуулах чиглэл өгсөн.

Харин алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд одоогийн байдлаар яг ингэнэ, тэгнэ гэж шууд амлахад хэцүү. Цаашдаа эдийн засгийн хувьд үр өгөөж­тэй шийдэл гарч  ирвэл хэрэг­жүүлэхээр ажиллаж болно.

-Төрийн өмчит ком­паниудын өр төлбөр ямархуу бай­гаа бол. Удахгүй өвөл боллоо гэдэг утгаар нь “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн өр төлбөрийн асууд­лыг сонирхмоор байна?

-Энэ хоёр компани нь Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийг болон бусад аймаг орон нутгийн дулааны станцуудыг нүүрсээр хангах үндсэн үйл ажиллагааг алдаг­далтай ажиллан явуулж байна. Жишээлбэл нэг тонн нүүрс олборлох зардал нь 45 мянга орчим төгрөг байдаг. Гэтэл Эрчим хүчний зохи­цуулах хорооноос тогтоосон борлуулах үнэ нь 39 мянган төгрөг байгаагаас алдагдалтай ажиллаж байна. Үүнээс болоод хуримтлагдсан  өр  төлбөр нэлээд үүссэн. Ийм байдлаар цааш удаан явах боломж байхгүй.

Нөгөөтэйгүүр, экспортод гаргая гэхээр худалдан авагч талын импортод тавигддаг чанарын шаардлага хангахгүй тул дангаар нь гаргах бололцоогүй. Тиймээс группийн зарчмаар ажиллаж байгаа давуу талыг ашиглан “Эрдэнэс Таван Толгой” ХК болон “Багануур” ХК-ийн нүүрсийг хольж экспортлох боломжийг судалж байна. Хөрөнгө оруулагчид ч энэ санааг сонирхож  байгаа.  Мөн  “Багануур” ХК-ийг түшиглэн хүрэн нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн цогцолбор бай­гуулах төслийн загвар дээр ажиллаж байна.

-“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ыг нэгтгэснээр “Эрдэнэс Монгол” нэгдэл улс­даа хамгийн том, хамгийн хүчирхэг компани боллоо гэж зарлаж байсан нь саяхан. Гэвч толгой компани хэр нь түрээсийн оффистой, тэр нь он дамжиж ирсэн өр төлбөртэй, ажилтнуудынхаа цалинг аль нэг компаниас авдаг гэх мэт асуудалтай яваа. Засаглалаа сайжруулж, улстөрийн хамаарлаа багас­гавал “Эрдэнэс Монгол” нэгдэл бие даасан том статус­тай, нэрэн доор нь нэгдсэн компаниудын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө асар их. Энэ тал дээр ямар шийдэлтэй, хэрхэн ажиллаж байна вэ?

-Толгой компани “томрох” нь гол агуулга биш, харин нэгдлийн үйл ажиллагааны цар хүрээ, үр ашгийн хэмжээ томрох нь чухал байгаа юм. Өмнө нь нэгдлийн түвшинд нэгдсэн стратегиа тодор­хойлох, манлайлал үзүү­лэх тал дээр дутагдалтай явж ирсэн. Иймд толгой компанийн зүгээс шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж байна. “Гашуун су­хайт автозам” ХХК-иас өдөр тутмын үйл ажиллагааг санхүү­жүүлдэг, толгой компани гэж хэлэхэд хэцүүхэн явж ирсэн нь үнэн. Эдгээр хүндрэл бэрх­шээлийн шалтгаан нь тогтол­цоогоо сайжруулж чадаагүйнх гэж бид дүгнэж байгаа. Одоо бол нэгдлийн хувьд үйл ажиллагаа харь­цангуй жигдэрч, өр төл­бөрийн асуудал ч багасаж байна.

Цаашдаа менежментийн төлбөрийн хувьд олон улсын групп компаниудын жишигт санхүүгийн ямар харилцаа байдаг, толгой компани үүн дээр хэрхэн манлайлал, менеж­ментийн үйлчилгээ үзүүлэх гэхчлэн зөв тогтолцоог бүр­дүүлэхээр ажиллаж байна. Түү­нээс биш толгой компани нь том­роод  данхар  болох нь бидний зорилго огт биш. Харин цомхон бүтэц, үйл  ажиллагаагаар харьяа компаниудаа дэмжиж, үйл ажиллагаа, ирээдүйн хөгжилд нь тус болж, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь бидний зорилго.

-Үндэсний баялгийн сан­гийн тухай хууль боловс­руулах ажлын хэсгийг та ахалж байгаа. Өмнө нь хоёр ч хувилбар яригдаж байсан ч явсангүй. Танай ажлын хэсгийн боловсруулж байгаа гол концепц юу вэ? Ер нь яагаад танаар ахлуулах болов?

-Үндэсний баялгийн сан­гийн хуулийн төслийг өмнө нь хэд хэдэн хувилбараар боловс­руулж байсан ч Зас­гийн газрын гишүүдийнхээ түв­шинд концепцийн хувьд нэгдэж чадаагүй учраас уг хуу­лийн төслийг дахин шинээр боловсруулах шаардлага үүссэн гэж ойлгож байгаа. Өмнөх төслүүдийг боловсруулах ажилд “Эрдэнэс Монгол” нэгдлээс судалгаа болон боловсруулалт тал дээр оролцож байсан. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сан болгох хувилбар ч гарсан юм байна лээ. Миний хувьд бол одоогийн хийж байгаа ажлын чиг үүрэг болон өмнө нь хийж байсан ажлын туршлагыг харгалзан үзэж энэ ажлын хэсгийг ахлуулсан болов уу гэж бодож байна.

Манай ажлын хэсгийн боловс­руулж байгаа хуулийн төс­лийн гол агуулга нь 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т заасан нэмэлт өөрчлөлтийн үндсэн агуулгатай нийцүүлж өмнөх төслүүдээс зарчмын өөр концепцоор боловсруулсан. Үндсэндээ, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулсан гэж ойлгож болно. Хуульд газрын хэвлийн баялгаас төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг санхүүжүүлэх зориулалтаар төрөлжсөн сангуудыг байгуулах, сангийн эх үүсвэр, түүний төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлаг­нах болон хяналт тавихтай хол­богдсон харилцааг зохи­цуулна гэж заасан байгаа.

-“Эрдэнэс” ҮТП байгуул­сан,   гурван  ч  уурхайг   түшиг­­лэн урд хөрштэй “Хоёр улс-хоёр парк” түнш­лэл хэрэгжүүлнэ гэх мэтээр “Эрдэнэс Монгол”-ын ман­лайлал, төлөвлөгөө тод сонсог­дох боллоо. Гэвч Монголд олон жил яригддаг ч огт ажил болдоггүй хоёр амлалт байдаг нь чөлөөт бүс, ҮТП хоёр юм. Та бүхэн яг үйлдвэрийн парк хийж чадах уу?

-Нэгдлийн хувьд газрын хэвлийн эрдэс баялгаа эцсийн шат хүртэл боловсруулах “аж үйлдвэрийн гинжин хэлхээг” ҮТП-ийн схемээр хөгжүүлье гэдэг стратегийн зорилт тодорхойлсон. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргатай хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ы удирдлагуудтай хийсэн уул­залтаар хоёр улсын хил орчмын ҮТП-ийг хөгжүүлэх нь харилцан ашигтай, үр дүнтэй бодлого  гэдгийг ярилцсан. Үүний хү­рээнд, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн  коксжих нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийг энэ чиглэлд хөгжүүлэх гарц байгааг хоёр тал онцолсон.

ӨМӨЗО-ы хувьд энэ талын үйлдвэрлэл хөгжүүлэлтийн цогц концепц гаргаад төслүүдээ тодорхой болгоод үр дүнтэй ажиллаж байгаа юм билээ. Нуул­­гүй  хэлэхэд, манайд чөлөөт бүсэд татварын хөнгөлөлтийг ашиглаж архи, тамхи л их зарагд­даг муу жишиг тогтсон, мөн газрыг төлөвлөлт муутай замбараагүй хуваарилсан зэрэг алдаанууд гарсанаас бо­лоод тавьсан зорилго талаар болсон л доо. Тиймээс ҮТП-ийн хөгжилд цаашид  бид  ийм  алдаа  гаргахгүй байх талд нарийн анхаарах учиртай. “Хоёр улс-хоёр парк” түншлэлийг нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай гүйцэтгэж чадвал хөрөнгө оруулалт татаж чадна. Нэгдлийн хувьд ҮТП-ийн үйл ажиллагааны  дүрмийг УУХҮЯ-тай хамтраад боловсруулж байна. Анхнаасаа хууль, дүрмийнхээ дагуу явж чадвал бусад улсад аль хэдийнээ үр дүнгээ өгсөн дээрх загвар бидэнд үр дүнгээ өгч чадна.

-Төрийн өмчит 30 үйлдвэр, компанийг “Эрдэнэс Монгол” нэгдэл удирдаж байна. Тех­нологийн хувьд ахиц дэв­шил гарч байгаа уурхай, үйлд­вэрийн газар байна уу?

-Үйлдвэрийн технологийн шинэчлэл хийнэ гэдэг нь хагас жилийн хугацаанд хийгдчих ажил биш. Нэгдлийн зүгээс уурхайн  олборлолт, баяжуулалт, боловс­руулах үйлдвэрийн цог­цолборууд  дээрээ нүүрс хүч­лийн хий бага ялгаруулах тех­ник, технологийг нэвтрүүлэх урт хугацааны бодлого баримт­лана.

Онцолж хэлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэл Техник, техно­логийн бодлогын зөвлөлтэй болсон. Уул уурхайн үйл ажил­­­­лагааны чиглэл бүрээр Монголдоо хамгийн шилдэг экспер­түүдийн  санг үүсгэж байна. Эдгээр экспертүүдээс гэрээ хийж компаниудынхаа зарим тодорхой үйл ажил­лагаанд хөндлөнгийн дүг­нэлт гаргуулж байна. Энэ дүг­нэлтүүдэд үндэслэж цааш­дын шийдлүүдээ гаргана.

-Сүүлд нь хувийн чанартай асуулт асууя. Таны дараагийн улс төрийн нүүдэл юу вэ? Энэ цагийн галтай, хэл амтай алба хашиж, олны анхаарлын төвд байгаа хүний хувьд дараагийн алхмаа бодож л байгаа байх…?

-Миний хувьд дэд сайдын алба л улс төрийн албан тушаал байсан. Бусдад нь дандаа төрийн захиргааны ажил хийж ирсэн. Таны хэлсэнчлэн төр намайг галтай ч гэдэг юм уу, хэл амтай ч гэдэг юм уу, асуудалтай, эмхлэх цэгцлэх шаард­лагатай  газруудад тодор­хой үүрэг даалгавар өгч томилж байна гэж ойлгож хүлээн авч хичээн ажилладаг. Мэдээж алдаа дутагдлыг арилгахад шаардлагатай аливаа өөрчлөлт хийхэд амаргүй байдаг. Түүнийг дагаад хэл ам, гүтгэлэг, гүжирд­лэг, доромжлол ч ирдэг юм байна. Энэ бүхэн одоо миний хашиж байгаа албан дээр түлхүү мэдрэгдэж байна. Засгийн газрын хувьд “Эрдэнэс Монгол” нэг­дэлд намайг тодорхой өөрч­лөлт шинэчлэл хий гэсэн үүрэг даалгавар өгч томилсон учир зарчмаасаа сөөм ч ухралгүй ямар ч “өвдөлт” ирсэн  үүрэг даал­­гаврын хэрэгжилтээ бие­лүүлээд явна гэж бодож байна.

Өөрийгөө ямар ч гэсэн тө­рийн мерит зарчмаар ажиллаж байгаа гэж боддог. Ажилласан жилийн туршлагаасаа харахад ихэвчлэн төрийн бодлого, төсөв санхүүгийн чиглэлээр алба хашжээ. Харин уул уурхайн бизнесийн чиглэлээр  анх удаа ажиллаж байна. Манай ком­панийн үндсэн үүрэг нь олборлолт, баяжуулалт биш төрийн бодлого шийдвэрийг ажил болгох, стратеги, менеж­мент, үйл ажиллагааны уял­дааг сайжруулах юм. Шинэ сэр­гэлтийн бодлого, ялангуяа аж үйлд­вэрийн сэргэлтийг төрийн өмчийн компаниудад хэрэг­жүүлэхэд миний сурсан мэдсэн мэдлэг, ажлын туршлага хэрэг болж байна гэдгийг онцолъё.

Би өнгөрсөн 20 гаруй жилийн турш тасралтгүй төр засаг, олон нийтийн төлөө ажиллаж, зүтгэж ирсэн. Нэгэнт энэ за­маар явж ирсэн, бэлтгэгдсэн болхоорцаашдаа ч төр засаг, олон нийтэд хэрэгтэй ажилд хувь нэмэрээ оруулж хичээж зүтгэнэ гэж бодож явна.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Да.Ганболд: Оросын энэ дэглэм байгаа цагт АН-ын талцал, бужигнаан намжихгүй DNN.mn


Монгол улсын Тэргүүн Шадар сайд асан Д.Ганболдтой ярилцлаа.


-Хойд хөрш Украйн руу дайн өдөөхөөс олон жилийн өмнө тантай ярилцаж суухад л та ийм явдал болох эрсдэлтэй гэж ярьдаг байсан. Хойд хөршийн бодлогыг доторлодог хүнтэй уулзсаных ярилцлагаа дайн тойрсон асуудлаар эхлүүлмээр байна. Энэ дайн хэр удаан үргэлжлэх бол?

-Их удна.

-Яг хэр хугацаанд?

-Би хэлж мэдэхгүй. Сирийн дайн хэдэн жил үргэлжилж байгаа билээ. Жишээлбэл Араб, Израйлийн зөрчилдөөн гэхэд л намайг ухаан орсон цагаас үргэлжилж байна.

-Оросын өдөөсөн дайнаас бидэнд нөлөөлж буй нэг өнцөг байх шиг. Ийм хөршүүдтэй улс оронтойэдийн засаг, бизнесийн харилцаа үүсгээд яах вэ, дайны явцыг харж байж болъё гэсэн болгоомжлол гуравдагч хөршийн бизнес эрхлэгчдэд төрөөд эхэлчихэв үү?

-Энгийнээр бодоход л худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай орон нь дэлхийн хориг, хорионд орчихлоо. Байдал өнөөдрийнхөөс муугаар эргэвэл хараат, жижиг зах зээлтэй хөршийнх нь бизнес эрхлэгчидтэй хамтрах эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Ийм ойлголт хэнд ч төрөх нь тодорхой. Манай улсын эдийн засгийг томоор харвал төр засгаас сүүлийн жилүүдэд явуулсан алдаатай бодлогоос үүдсэн нэг асуудал бий.Ихэнх бизнес төрийн хамааралтай болчихсон тал байгаа. Монголд хувийн юм харьцангуй ховор гэдгийг та ч гадарлах байх. Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтхаанаас орж ирж байна вэ гээд харахаар ихэнх нь урд хөршөөс л байна. Өмнө нь Монголоор дамжаад Орос руу гаръя гэж боддог байсан бол өнөөдөр тиймболомж хумигдаж яваа гэдгийг бүх дэлхий мэдээд байна. Мэдээж бүх юм ор тас хумигдахгүй. Хар бор схем, янз бүрийн юмс үлдэж таарна. Наад захын жижиг жишээ гэхэд Хойд Солонгостой яаж ийгээд элдэв харилцаа өрнүүлж яваа кейс өчнөөн бий. Гэхдээ албан ёсоор, заалгасан хичээл номын дагуу, яг таг хууль журмын хүрээнд бизнесийн харилцаа үүсгэх боломжгүй болчихоор хэцүү л дээ.

-ОХУ-ыг яг тийм зам руугаа шуударчихлаа гэж хэлэх гээд байна уу та?

-Тийм болох гээд байна. Өнөөхөндөө ОХУ руу визгүй зорчиж болж байгаа ч жаахан холыг бодож яваа хүн хойд хөршийг зорих нь эрсдэлтэй болчихлоо. Хэдэн жилийн дараа өндөр хөгжилтэй барууны улс руу явж ажил, бизнесээ өргөжүүлнэ гэж бодож төлөвлөсөн бол хойд хөршийг зүглэхэд эрсдэлтэй болсныг учир мэдэх хүмүүс ойлгоод эхэлчихсэн. Ингээд харахаар миний орос хэлний мэдлэг хэзээ хаана яаж ашиглагдах вэ гэсэн асуулт гараад ирж байгаа юм. Товчхондоо миний хувьдамьдралынхаа хэв маягийг засах, өөрчлөх шаардлага тулгараад байна.Үүнийг их олон хүн мэдрэхгүй яваад байна л даа.

-Дараагийн хүйтэн дайн эхэлчихлээ гэх юм. Хэр ортой үг вэ?

-Оросын өнөөдрийн түрэмгийлэл аль хэр гүн, хол явах вэ гэдэг асуудал л байна. Украйн ч өөрийгөө хамгаалах явцдаа аль хүртэл хол явахыг яг одоо хэлэхэд эрт. Тухайлбал нэг пуужингууд нь Оросын нутаг руу орж зэвсгийн агуулахыгнь сүйтгэж байна. Ялагдаад, хөөгдөөд, рейтинг нь унаад эхлэхээр Путины зүгээс ямар хариу барихыг хэн ч мэдэхгүй. Санаанд оромгүй балмад үйлдэл хийхийг үгүйсгэхгүй.

-Санаанд оромгүй балмад үйлдэл гэж таатомын бөмбөг хаях шийдвэрийг хэлээд байна уу?

-Үй олноор хөнөөдөг зэвсэг гэдгийгзөвхөн цөмийнх гэж ойлгох аргагүй. Нэгийг хаяхад л манай хотын талыг нь байхгүй болох хэмжээний хүчтэй зэвсгүүд бий.

-Путин саяхан хийн хоолойг Монголоор дамжуулж тавихаар боллоо гэсэн утгатай мэдэгдэл хийчихлээ. Үнэхээр тэгэх болов уу?

-Олон улстай өрнүүлсэн өнгөрсөн арав хорин жилийн хугацаан дахь харилцааг нь харахаархийнэ гээд хийгээгүй, хийхгүй гээд хийсэн тохиолдол өчнөөн бий л гэж хэлье.

-Засгийн бодлогыг шүүмжилдэгхүмүүсийг барьж хориод байна, Монголхүүгээс эхлээд.Өнөөдүүл нь гарч ирэхээрээ дуу нь илт зөөлөрчих юм. Энэ бүхэн улсаараа дарангуйлал руу явах эхний алхам мөн үү?

-Мөн. Хувь хүнийх нь хувьд Монголхүү гэх мэт залуусыг сайн мэдэхгүй юм. Хэрвээ дуугүй болж байгаа бол хачирхалтай л юм. Ер нь дундаж хүнээс арай өөр хүмүүс зоригтой байдаг. Тийм дүрсгүйдүү, томоогүйдүү хүмүүс тэмцэгч байдгийг та анзаардаг л байх. Тэр утгаараа хувь амьдрал талаасаа бага сага алдаа гаргачихсан байдаг. Түүнээсээ болоод бусдын хоол болчих гээд байдаг талтай. Иймэрхүү жижиг сажиг алдаа байсан учраас дуугүй болсныг үгүйсгэхгүй. Эхнээс нь ингэж барьж хориод дуугүй болгочихоор үгээ хэлье гэж бодсон хүмүүс нь чимээгүй болчихдог. Энэ бол ардчилсан нийгэмд том эрсдэл л дээ.

-Ардчилсан орнуудын тухайд засгийг шүүмжилсэн хүмүүст төрөөс ийм хандлага гаргадаг тохиолдол ер нь байна уу?

-Ардчилсан орнуудын тухайд ийм зүйл яалаа гэж байхав. Буруу юм хийгээгүй хүнийг барьж хорьдог жишиг байхгүй.

-Төрийн ийм илт дарангуйлалтай тэмцэх ухаалаг шийдэл санал болгооч гэвэл та юуг онцлох вэ?

-Шударга ёс алдагдсан, үг хэлэх эрх чөлөө хумигдаж зөрчигдсөн, жагсах эрхээ хасуулсан гэх мэт тохиолдлуудад Ардчилсан нам л дуугардаг байсан ёстой. Ингэж чадвал засаг даврахгүй.

-Эрх баригчид ба иргэд гээд харахаар нэг нь луйвардаж, нөгөө нь луйвардуулсаар өнөөг хүрлээ л дээ, нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банк гэх мэтээс харахад. Өндөр эрхтэй, мөнгө ихтэй хүмүүст луйвардуулахгүйн тулд бидний хийх эхний, бодитой алхам юу юм бол доо?

-Луйвардах гэдгийн нөгөө талдлуйвардуулахгүй гэсэн үг бий. Даварсан төр дандаа луйварддаг нь жам. Луйвардуулдаггүй байх хэрэгтэй. Тэгэхийн тулдболовсролтой, туршлагатай хүн байх ёстой. Тийм хүний хувьд луйвардуулах эрсдэл бага гэж бодож байна.

-АН хуваагдаж талцаж байгаад сая нэг тамгаа өгч авалцлаа. Гэхдээ танай намын талцал цааш үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ хуваагдал талцлын цаадах том шалтгаан нь юу юм бол?

-Миний хувьд холоос хаясан чулуу л гэж боддог. Ардчилсан намыг талцалтай хэвээр байлгах сонирхол гадаад, дотоод аль аль талд бий.

-Тэгэхээр АН энэ янзаараа бужигнаантай аж төрөх нь ээ?

-Оросын энэ дэглэм байгаа цагт бужигнасан, талцсан хэвээрээ байх магадлал өндөр. Ер нь манай улсад хоёр хөршийн ямар ч нөлөөгүй оршсон цаг хугацаа байхгүй.Өнгөрсөн зууны гучин онд гэхэд л шууд барьж аваад буудчихдаг байсан. Харин ч өнөөдрийн тухайд буудсан юм алга. Гэхдээ сэм хорлох өөр арга байгааг сүүлийн жилүүдэд эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд баталдаг. Монголын ач холбогдол Украйны хажууд харьцангуй бага учраас элдэв айхавтар зүйл хийх шалтгаан болохгүй байх гэж бодож байна.

-МАН дарангуйлагч тал руугаа хурдтай хэлбийгээдбайна уу?

-Тэгж анзаарагдаж байгаа.Ер нь аль ч нам ялгаагүй, тасралтгүй удирдаж байгаа бол дарангуйлагч институциэс дутах юмгүй болдог. Үүнийг хүн төрөлхтөн олж харчихаад дөрвөн жилээс илүү хугацаагаар эрх мэдэл өгч болохгүй гээд сонгууль хийсээр өнөөг хүрсэн юм. Найман жилийн турш илт олонхоороо эрх барьчихсан хүмүүс чинь даврах нь тодорхой.

-Манайх хойд хөршөөсөө эрчим хүчээр хараат. Хараат байлгах сонирхол нь хэт өндөр учраас энэ чигийн бүтээн байгуулалт гацсаар өнөөг хүрлээ л дээ. Өөдийн нар харах заяа байна уу, эрчим хүчин дээр?

-Эерэг мэдээ бий. Бөөрөлжүүтэд станц барьж байгаа. Хэмжээний хувьд жижигхэн, 300 мегаваттын станц. Дөрөвдүгээр цахилгаан станцаас арай жижиг гэсэн үг.Гэхдээ оргил ачааллын үед хойд хөршөөс илүү өндөр үнээр авдаг цахилгаан эрс багасна. Лагерийн байшин энэ тэрд орой үдшээр хүчдэл унадаг нь багасна. Шинээр бий болох үйлдвэрүүдэд эрчим хүчний хангамж сайжирна.

-Та түрүүн хөрөнгө оруулах сонирхолтой гадны бизнес эрхлэгч ховор байх шалтгааныг ярьсан. Хөрөнгө оруулах боломжтой нь ганц Хятад л байна даа, тээ?

-Өөр хэн орж ирэх вэ дээ. Гэхдээ миний түрүүн хэлсэнчлэн хятадууд ч хөрөнгө оруулахдаа тун болгоомжтой хандаж байна. Барууныхныг хөрөнгөө оруул гэж урьчихаад ирэнгүүт нь хөөдөг, булаадаг хэцүү улс шүү дээ, бид. Оюу толгойг дагаад ирсэн соёлт ертөнцийн хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь хөөчихсөн гашуун түүх өнгөрсөнд бий.

-Си Жиньпин гурав дахиа төр барихаар боллоо. Урд хөрш эдийн засаг нь чөлөөт, төр нь зохицуулалттай гэсэнолон жилийн зарчим хандлагаасаа ухарчихлаа гэсэн мэссэжүүд яваад эхэллээ. Тэгчихэв үү, яав?

-Дэн Сяо Пиний бодит амьдралаас ургасан эерэг, амжилттай зарчмуудаас ухарч эхэллээ гэж харагдаж байна л даа.

-Ингээд харахаар манай улс маш ухаалаг бодлого барихгүй бол…?

-Ухаалаг байя гээд адилхан коммунизм руугаа алхъя гэвэл солиорол болно.

-Ингэхэд та намынхаа улстөрд хэр оролцож байна?

-Арга хэмжээнүүдэд очиж үгээ хэлж, байр сууриа илэрхийлж, санаа бодлоо солилцох хэмжээнд оролцож яваа.

-Цаашдаа хэр оролцох вэ, нэр дэвших үү?

-Миний хувьд нөлөөтэй, сайн энэ тэр гээд намынхаа хувьд улстөрдоролцох ёстой хүмүүсийнх нь нэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ надаас өөр хүн байхгүй гээд бодоод эхэлбэл МАН-аас, Си, Путин нараас ямар ч ялгаагүй юм болно. Саяын уулзалтан дээр Баян-Өлгийн нэг бүсгүй “Манай намын ах нар цүнх баригчдыг л дэмжиж байна, биднийг анхаарахгүй юм” гэж хэлснийг та сонссон байх. Үнэхээр тийм байгаа бол ардчиллыг дэмждэгзалуус байгаа газар бүртээ “Би чиний цүнхийг барихгүй. Гэхдээ ардчиллын төлөө ингэж тэгж зүтгэнэ” гэж яриад, ажиллаад явах хэрэгтэй. Ном унш, гэгээр, өөрөө лидер болоод яв гэж зөвлөмөөр байна. Ерэн онд би хэн нэгний цүнхийг барьсныхаа шанд улстөрд орж ирээгүй. Тухайн үед дээд сургуульд сайдаас өндөр цалинтай ажиллаж байгаад л орж ирсэн. “Одоо л дуугарахгүй бол хэзэээ хэндуугарах билээ” гэж бодоод орж ирсэн, мэддэг чаддагаа яриад явсан. Нэр дэвших эсэхийн тухайд одоогоор хэлэхэд эрт байна.

-Ардчиллыг буруу эхлүүлснээс болж, огцом шилжилт хийснээс үүдэж өнөөдрийн тодорхойгүй байдал үүсчихсэн гэж МАН зүгийн гишүүд шүүмжилсээр ирсэн, одоо ч шүүмжилсээр байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.

-Түүхэн процесс гэдэг чинь нэг хүний амьдралын наснаас ч урт эд. Тэр утгаараа ардчиллыг гучин жилийн дотор төгс байгуулчихдаг улс хорвоод байхгүй. Сургуульд сурахад хүртэл хугацаа шаарддаг. Түүнээс биш манай УИХ-ын гишүүд шиг энгэртээ гишүүний тэмдэг зүүнгүүтээ бүгдийг мэддэг болчихлоо гэж сэтгээд хамраа сөхдөг мэтзүйл энэ ертөнцөд үгүй. Соёлгүй, ном уншдаггүй, харанхуй, боловсролгүй хүний гаргадаг л авир шүү дээ. Мэдээж гишүүн тус бүрд өөр өөрийн гавъяа бий. Монголын дунджаас хамаагүй дээр, бусдаас арай өөр учраас сонгогдсоныг нь үгүйсгэх аргагүй.Гэхдээ том утгаараа төвшин нь болоогүй яваа гэж хэлээд байна л даа. Учир нь манай нийгэм өөрөө болоогүй байна. Ийм нийгмийн муу хүнээс дээгүүр байна гэдэг нь сайн гэсэн үг биш. Япон, Солонгост очоод юм ярихад л гологдох нь бидний гашуун үнэн. Өнөөдрийн тухайдунаа тээвэр, автобусны зогсоол, жорлон гээд бага багаар соёлжоод л байна. Гэхдээ соёлын энэ хөгжилд бүх Монгол хамрагдаагүй яваа.

-Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь ганц намын гавъяа мэт сурталчилгаа их цацагдаж байна л даа. Оюу толгой төсөл энэ дайны хөгжихөд АН-ын оролцоо өндөр байсан ч гэлээголлож оролцсон хүмүүс нь ялтнууд болоод дууссан. Жишээ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ажил болсон, таны оролцсон Дубайн төлөвлөгөө байгаагүй бол өнөөдрийн ийм амжилтад хүрэх байсан уу?

-Хүрэхгүй байсан. Шаварт суусан машиныг хэдэн хүн хүчээ нийлүүлж байж түлхэж гаргаж таарна аа даа. Гэтэл нэг нь “Би түлхээд гаргачихлаа” гэж зүтгээд байвал ямар вэ. Хүн бүр байх ёстой газраа, байх цагтаа, хийх ёстой ажлаа хийчихсэн байвал л аливаа ажил болчихдог. Оюу толгой төсөл үүний л тод жишээ. Таны хөндөөд байгаа асуудлыг би хувьдаа улс төр талаас нь бол ойлгож байна. Том утгаар нь харвал МАН-ыг үгүйсгэх аргагүй. Муу сайн ч гэсэн С.Баярын үед том гэрээгээ байгуулчихсан гавьяатай.

-Гэхдээ эвслийн Засгийн газар байсан учраас Оюу толгойн гэрээ зурагдсан…?

-Тэгсэн. Ямар нэг утгаар бид хамт байж, шавраас машинаа гаргахад хүчээ өгч түлхэлцсэн. Ингээд харахаар Оюу толгой төсөл бол АН, МАН-ын дундын бүтээл. Хөндлөнгөөс хэн нэг хүн тухайн төслийг саатуулах гэж оролдсон явдал бий. Зүйрлэбэл машинаа шаварнаас гаргах гэж байхад нэг нөхөр хажуугаар эргэлдэж нэг хэсэг хүнийг нь ойролцоох жалга руу дуудаж архи өгөх гээд, эсвэл машины дугуйг нь хагалах гэж зүтгээд байвал хэцүү шүү дээ. Тийм зүйл байсан уу гэвэл байсан. Яг түүхэн цаг хугацааны хувьд мань мэт нь оролцоод, өнөө хүнийг нь хөөж зайлуулаад, үгэнд нь орохгүй сууж байгаад машинаа түлхээд гаргачихсан. Тийм л явдал болсон. Товчхондоо Ч.Сайханбилэг тэргүүтэй манай баг үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Одоо тэгээд тухайн үед машинаа шавраас гаргасныхаа үр шимийг улсаараа хүртээд сууж байна. Коронагийн үед улсын төсвийг Оюу толгой л авч гарсан. Өнөөдөр ч гэсэн улсын төсвийн ачааны дийлэнх хүндийг үүрээд явж байна. Энэ бүгдийг Ч.Сайханбилэгийн баг тухайн үед хийгээгүй болбид өнөөдөр төсөөлөх аргагүй хүнд нөхцөлтэй аж төрөх байсан.

-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол Оюу толгой. Оюу толгойн маш том өгөөж нь энэ. Бүр тодруулж хэлбэл Оюу толгойг эдийн засгийн аюулгүй байдлын том дархлаа гэж гүн бат ойлгож явбал тусгаар тогтнолд маань л хэрэгтэй. Өдийд бүр ч тодоор санаж явах зүйл маань байх, тийм үү?

-Өрнө, Дорнын алинд ч яригддаг нэг яриа бий. “Бүх өндөгнүүдийг нэг торхонд хийдэггүй” гэж. Хятад ийм бодлоготой, Орос ч ялгаагүй. Манай улс ч мөн ийм л бодлого барих ёстой. Хятад, Оростой ч харилцана, гуравдагч хөршүүдтэйгээ ч харилцах учиртай. Орос, Хятадаас гадна, гуравдагч хөршийн өөр улс орнууд манайд төлөөлөлтэй байж гэмээ нь амьдралыг солонгоруулна. Энэ бол чөлөөт нийгмийн онцлог. Урд, хойд хөршийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөөд харилцаад явах нь чөлөөт нийгмийн маш том онцлог. Харин харилцаж буй улсуудын аливаа онцлог Монголд таарах эсэхийг үнэлж цэгнэх нь бидний мэдэх асуудал. Манай улсхүн ам цөөтэй, огцом зүг чигээ өөрчилж нисч буух боломжтой улс. Харьцангуй жижигхэн учраас маневр сайтай гэсэн утгаар хэлж байгаа юм. Харин Хятад, Орос шиг том гүрний хувьд тэгэх бололцоогүй. Тэр олон хүнийг огцом эргүүлээд савлаад байх боломж хэтээсээ үгүй. Энэ бол тэдний асуудал. Бид тэдний хэрэгт оролцдоггүй шиг тэд бидний хэрэгт оролцох учиргүй юм, уг нь.

-Гэхдээ л оролцохын дээдээр оролцдог шүү дээ?

-Албан ёсоор оролцдоггүй ч албан бусаар оролцдог нь үнэн. Учир нь энэ ч бас хорвоогийн жам юм. Ямар ч улс орон бодлогоо хэрэгжүүлэх олон арга, байгууллагатай байдаг. Тэдгээрийн нэг нь жишээлбэл тагнуулын байгууллага. Манай Засгийн газрын бүтцэд ч Тагнуулын газар байгаа шүү дээ. Тэнд ажиллагсад зүгээр цай уугаад суудаггүй нь ойлгомжтой. Орос, Хятад, Солонгос яаж байгаа бол гэсэн асуулт тавиад ажиллаж суудаг. Япон ч зүгээр суухгүй, биднийг мэдэрнэ, харна, сонсоно, ажиглана, бүртгэнэ, дүгнэлт хийнэ. Энэ мэтээр яривалулс орон бүр өөр өөрийн сонирхолтой. Аль сонирхол нь өнөөдрийн хувьд бидэнтэй илүү тохирч байна, алиных нь цаг арай болоогүй, аль нь таалагдахгүйвэ гэдгийг бид өөрсдөө сонгох учиртай. Түүнээс биш идэвхтэй бодлого явуулж буй улс орнуудын тухайд нөлөөлөх гэж оролдох нь жамын асуудал. Нөлөөгөө хэрэгжүүлдэг аргын тухайд бүх дэлхийд ижилхэн. Үзэл санааны нэгдэл байвал итгэл үнэмшлээрээ явчихдаг. Болохгүй үед нь айлган сүрдүүлдэг. Заримыг нь мөнгөөр худалдаж авдаг. Аргаа барсан үедбүр дайн чөдөөдөг. Энэ тийм гайхахаар зүйл биш. Гэхдээ соёл, хөгжил, дэвшил өндөр төвшинд хүрэхийн хэрээр асуудлыг дайнд хүргэхгүйгээр шийдэх нь орчин цагийн жам.

-Эдийн засаг хэцүүхэн байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд эдийн засгийн төсөөлөл таамгаа бууруулаад байх юм. Энэ хямрал манай улсын хувьдхэр удаан үргэлжлэх бол?

-Удна. Оюу толгойтой холбоод ярихад энэ төслийн ачаар бид тодорхой өндөрлөгт хүрчихсэн. Тэр өндөрлөгөөсөө буухгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр өндөрлөгөөсөө өгсөхгүй байна гэдэг манайх шиг хүн ам нь өссөөр яваа улсад муу мэдээ.Зарим тохиолдолд эдийн засаг унахгүй жигд явах нь муу байдаг юм. Манай улсын хүн ам алгуур ч гэлээөссөөр яваа. Өсөх хэрээр хэрэглээ өсөх нь тодорхой. Товчхондоо эдийн засгийн тухайд ядаж хүн амынхаа өсөлтийн хэмжээгээр өсч байх учиртай. Япон шиг улсад бол эдийн засгийн өсөлт тогтвортой байх нь асуудалгүй. Япон улсын хүн ам миниймэдэхээр сүүлийн тавин жилогт өсөөгүй. Тэгэхээр шинээр орон сууц, сургууль барих тэр болгон шаардлагагүй гэсэн үг. Гэтэл манайх байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангахаар хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж амжаагүй улс. Наад зах нь аймаг бүрд усан сан байна уу гээд харахаар хэцүү зураг харагддаг.Өмнө нь нийлж байгаад шавраас гаргасан машин маань тодорхой хэмжээнд урагшилсан учраас дайнтай, тахалтай үед эрсдэл багатай амьдраад яваа. Дараагийн машинуудыг ньцааш хурдлуулах ажлыг Засгийн газар хийхгүй байна л даа. Гэхдээ Засгийн газрын маргааш, нөгөөдөр хийх ажлыг би мэдэхгүй. Илүү сайжирахыг ч үгүйсгэх аргагүй.

Ц.БААСАНСҮРЭН