Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухаан дэлхийг хэрхэн өөрчлөх вэ

Бидний хайрлан дээдэлдэг соёл иргэншлийн бүх зүйл бол оюун ухааны бүтээмж билээ. Иймээс хүний оюун ухааныг хиймэл оюун ухаанаар баяжуулах нь технологийн дэвшлийг авчирч, энэ хэрээр соёл иргэншил урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжих юм.

“Future of Life” хүрээлэнгийн ерөнхийлөгч Макс Тегмарк

Хүний сэтгэхүй, оюун ухааныг компьютерийн программаар дуурайлган бүтээж, хүнтэй ижил түвшинд аваачин хөгжүүлэхийг хиймэл оюун ухаан буюу Artificial Intel­ligence /AI/ гэдэг. Математикч Алан Тюрин “Машинууд бодож чадах уу?” гэсэн энгийн асуултыг хүн төрөлхтний өмнө дэвшүүлэн тавьснаар дэлхийн хөгжлийг хурдасгаж, түүхийг өөрчилсөн гэдэг. 1950 онд Тюриний хийсэн “Тооцоолох машин ба оюун ухаан” бүтээл болон судалгаанууд нь хиймэл оюун ухааны үндсийг тавьжээ. Хиймэл оюун ухаан нь өөрийгөө хөгжүүлдэг программ хангамжийн төгс хувилбар бөгөөд ирээдүйд хүний сэтгэхүйгээс ч давж гарах нь тодорхой болчихоод байгаа билээ.

Хиймэл оюун ухаан гэхээр хамгийн түрүүнд робот санаанд тань орж байгаа байх. Шинжлэх ухааны уран зөгнөл бидэнд хиймэл оюун ухааныг хүн шиг бүтэцтэй төгс роботоор дүрсэлдэг боловч энэ нь Google-ийн хайлтаас авахуулаад цөмийн зэвсэг хүртэлх зүйлсийг багтаасан нэлээд өргөн хэмжээний шинжлэх ухаан юм. Яг өнөөдрийн байдлаар бол хиймэл оюун ухааныг хүний царай таних, хайлт хийх, тэгшитгэлийн хариуг олох, машин жолоодох гэх мэт жижиг даалгавруудыг гүйцэтгэхэд ашиглаж байгаа ч судлаачид яваандаа ерөнхий хиймэл оюун ухаан болгон хөгжүүлэх зорилготой. Ерөнхий хиймэл оюун ухаан гэж нэрлээд байгаа энэхүү салбарыг бүрэн хөгжүүлж чадвал танин мэдэхүйн бүх ажилд хүнээс илүү сэтгэж, илүү хөгжинө гэсэн үг.

Хэрвээ хүнээс илүү ухаантай “зүйл” бий болбол дайн дажин, өвчин зовлон, ядуурал үгүй болж, дэлхийд энх тайван тогтоно хэмээн хөгжүүлэгч, судлаачдын нэг хэсэг үздэг бол нөгөө хэсэг нь хэрвээ энэ хүчирхэг зүйлээ хүн төрөлхтний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн, хязгаартайгаар ашиглаж, сайтар хянаж удирдахгүй бол энэ судалгаа бидний хамгийн сүүлийн ажил байх болно гэж болгоомжилдог юм билээ. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хиймэл оюун ухааныг хүнээс илүү ухаантай болгож хөгжүүлбэл эргээд өөрсдөө удирдаж чадахгүйд хүрнэ гэсэн айдас бөгөөд хүчтэй хиймэл оюуныг бий болгохын оронд хэт мэдрэг хиймэл оюуныг хөгжүүлэх нь арай эрсдэл багатай, удирдаж ажиллуулахад ч хялбар хэмээн мэтгэлцсээр байна.

Ихэнх судлаачид хэт хөгжсөн, өөрөөр хэлбэл хүнээс давсан хиймэл оюун ухааныг хүний байгалиас заяасан мэдрэмжүүд болох хайр, энэрэл, үзэн ядалт, гэх мэт сэтгэл хөдлөлийг үзүүлэх чадваргүй байх болно гэж үздэг. Мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд хэрхэн хор учруулж болохыг авч үзээд хамгийн их магадлалтай хоёр хувилбар дээр санал нэгджээ.

Эдгээр нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаан нь ямар нэг хор хөнөөлтэй зүйл хийхээр программчлагдах, хоёрдугаарт, сайн сайхан зүйл хийхээр программчлагдах. Эхний хувилбарын хамгийн сайн жишээ бол автомат зэвсэг. Хэрвээ алан хядагчдын гарт эдгээр автомат болон цөмийн зэвсгүүд орчихвол кинон дээр гардаг шиг аймшигтай зүйлс дэлхийд болох нь тодорхой. Ухаалаг зэвсгүүд нь мэдээж маш өндөр нууцлалтай, дайснаасаа хамгаалагдсан байх тул унтраах товчийг олоход хэцүү байх болно. Тиймээс маш олон хүний амь нас эрсдэх аюултай, ер нь юу болохыг хэн ч төсөөлж чадахгүй. Харин хоёрдугаар хувилбар уг нь сайхан сонсогдож байгаа боловч бас л сөрөг талтай, маш өндөр эрсдэлтэй гэнэ. Учир нь комманд авсан “зүйл” маань даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэнэ. Жишээ нь, та нисэх онгоцны буудал руу хамгийн хурднаараа хүргэж өг гэдэг даалгаврыг жолоочгүй машиндаа өглөө гэхэд замдаа таарсан юуг ч дайраад л өнгөрч магадгүй. Тэдэнд эзний өгсөн даалгаврыг л биелүүлэх нь чухал болохоос замд ямар машинтай мөргөлдөх, донслох, түгжрэл үүсгэх энэ тэр бол ер хамаагүй шүү дээ. Мөн дээрээс нь хэт ухаалаг машинууд байгаль экологид ямар их хор нөлөө үзүүлэхийг төсөөлөхөөр хүний амь нас ярих нь наад захын асуудал болж байна.

Гэхдээ ийм айдсаас болж энэ гайхалтай нээлтийг үгүйсгэж, соёл иргэншлийн тэсрэлтээс ухарна гэдэг харин ч ухаангүй үйлдэл гэж үзэх хүмүүс байна. Үүнийг энгийнээр зүйрлэвэл усан цахилгаан станцын ногоон төсөл хариуцаж байгаа хүн шоргоолжнуудыг живэхээс айгаад төслөө цуцалж байна гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан нь ямар ч хүнээс илүү болох чадвартай тул хэрхэн зөв ажиллахаа одоохондоо бүрэн гүйцэд мэдчихсэн юмгүй, гэсэн хэдий ч өөрсдийн эрх ашигт нийцсэн л зүйл бүтээх нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн туйлын зорилго нь. Хүмүүс бид дэлхийг захирч байна. Бид хамгийн хүчтэй, хамгийн том нь биш ч хамгийн ухаантай амьтад. Гэтэл өөрсдийн ухаанаас илүүг бүтээчихвэл цаашид хэрхэх талаар бүдэг бадаг л ойлголттой амьдарч байгаа гэхэд болно. Санаатай, санамсаргүй янз бүрийн л аргаар хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд заналхийлэх нь дамжиггүй. Гэвч хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны хөгжилд саад болохгүй, харин үүнийг эрсдэлгүй удирдаж сурахуйд л анхаарах нь гол ажил болоод байгаа юм.

Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр дэлхийд өөр юу юу болох вэ, хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр дахиад жаахан ярилцъя. Ямартаа ч технологи тултал хөгжиж, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хиймэл оюун ухаанаар удирдана гэж байгаа. Шинэ нээлтүүдийг бүгдийг нь “тэр зүйл” хийж, соёл иргэншлийг бүтээж, түүхийг бичих болно. Хэдэн мянган, магадгүй хэдэн зууны дараа хүмүүс хүссэн зүйлээ ганцхан товч дараад л хэвлэж авдаг болно гээд байгаа. Унахыг хүссэн машинаа, идэхийг хүссэн хоолоо магадгүй байгалийг, хүнийг ч хэвлээд хажуудаа бүтээчих нь байна. Аж үйлдвэржилт үгүй болж, хүнд хийх юм бараг л үлдэхгүй. Эртний нийгэмд нээлт хийсэн, гайхалтай бүтээл туурвисан хүмүүсийг сод ухаантнууд, гоц авьяастнууд гэж нэрлэдэг байсан бол шинэ нийгэмд хиймэл оюун ухаан хөгжүүлдэг болон судалдаг хүмүүс, шинжлэх ухааны ажилчид нийгмийн хамгийн дээд давхаргад заларч, ерөнхийдөө тэд дэлхийг захирна гэсэн үг. Хүмүүсийн цөөн хэдэн хувь нь AI (хиймэл оюун ухааны) салбарт ажиллан, харин одоогийн бидний хийдэг ажлууд түрэгдэн алга болно. Үйлдвэржилт байхгүй болчихоор хүнд хийх юм олдохгүй. Гэхдээ барилга, уул уурхайн салбар төдийлөн өөрчлөгдөхгүй. Роботууд барилга барьж, уурхайд өрөмдлөг хийхгүй ч инженерчлэл хийнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүний мэдрэмжинд тулгуурласан мэргэжил, урлагийн салбар улам цэцэглэн хөгжих нигууртай. Сайхан дуу сонсож, сайхан ном уншиж, дуурь үзэж, галерейгээр зочлох нь техник технологийн цахим эринд амьдарч буй хүмүүст хамгийн хэрэгтэй эм болох нь дамжиггүй. Нэг төрлийн амсхийлт болох тул энэ төрлийн мэргэжлүүд тийм ч хурдан алга болчихгүй гэнэлээ. Ер нь ч бодоод үзэхэд хүмүүс бид байгалийн зөнг сэргээдэг, хүнийг хүнээр нь байлгадаг урлагаас ангид орших гэдэг хэцүү.

Цаашлаад хүн төрөлхтний үржил ч багасч, дэлхийн хүн ам цөөрнө гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлж буй.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хүн байх эрхгүй

(ДАЗАЙ ОСАМҮ)

Японы уран зохиолын нэрт төлөөлөгч Дазай Осамүгийн “No longer human” буюу “Хүн байх эрхгүй” зохиолыг та нартаа ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү намтарчилсан роман нь зохиолчийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай зохиол бөгөөд зохиогдсон цагаасаа хойш далаад жил өнгөрөөд байгаа боловч Япондоо дотоодын зохиолчдын дахин хэвлэгдсэн номын жагсаалтад үргэлж нэг, хоёрдугаар байранд эгнэдэг юм билээ. Дазай Осамүгийн хувийн амьдрал маш ээдрээтэй. Мөнхийн зөрчил, тэмцэл дунд, учраа олохгүй төөрч будилан явсаар архинд донтож, морфины хамааралд орж, амиа хорлохоор хэд хэдэн удаа завдаж байсан ч гэдэг. Ингэсээр хамаатан садан, найзууд нь аргаа барахдаа ч юм уу, түүнээс залхсандаа ч юм уу, хуйвалдаж байгаад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж байжээ. Түүнийг 18 настайд, хувь хүний тухайд ч тэр, зохиолчийн тухайд ч тэр, үзэл бодол нь ид жигдэрч, төлөвших үед нь шүтэн биширдэг зохиолч Акүтагава нь амиа хорлосноос энэ бүх сэтгэлийн шаналал үүссэн гэдэг. Зохиолчийн жинхэнэ нэр нь Цүшима Шюүжи, тэр 39 хөн насандаа амиа егүүтгэсэн юм.

Романы гол баатар чинээлэг, сэхээтэн айлын хүү Ёочян өөрийн амьдралыг өсөхөөс авахуулаад төгсөх хүртэл ямар ч өнгөлөн далдлалтгүйгээр яг байгаагаар нь, байснаар нь ярьж өгдөг. Өөрөөр хэлбэл, роман би баатар хэлбэрээр бичигджээ. Тэр яг л нэгэнт өнгөрсөн амьдрал юм чинь одоо би та нарт бүгдийг ярьж өгөөд дуусъя гэж байгаа аятай бүх амьдралаа нэгд нэгэнгүй илчлэн дэлгэх болно. Өөрийгөө хамгийн муу муухай амьтан, нүгэл хилэнцээр дүүрсэн, азгүй, чадалгүй, сул дорой, хүний сүг хэмээн тодорхойлж, үйлдэл бүрээ буруушаана. Ёочян бол царайлаг сайхан залуу, охид хүүхнүүд түүний төлөө юу ч хийхээс буцахгүй, тийм ч учраас түүний амьдрал эмэгтэйчүүдээр дүүрэн, хаа явсан газар нь нэг эмэгтэй заавал түүнийг хайрлан тэтгэж байдаг. Хэтэрхий сайхан хүн болохоор нь ч тэр биш юм. Зүгээр л сул дорой болохоор амьдрах арга зам нь ийм хэрэг л дээ. Түүнийг тодорхойлбол, нэг талаасаа сул дорой, уян, эмзэг, хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн, нөгөө талаас нь харвал бүхнийг мэдэж байгаа ч юу ч хийхийг хүсдэггүй, болж байгаа юм бүгдийг шүүмжлэхээс өөрөөр хорвоотой харьцдаггүй арчаагүй, хувиа хичээсэн энгийн нэгэн бэртэгчин шиг харагдана. Аль ч талаас нь дүгнэсэн байлаа гэсэн, сайн муу ямар ч хүн байлаа гэсэн, (бид түүнийг дүгнэж тэртэй тэргүй чадахгүй шүү дээ) за тэгээд тэр ер нь хэн ч байлаа гэсэн өөр рүүгээ хайр найргүй давшилж, сэтгэлийн мухар дахь бугшсан идээ бээрээ шахаж, өөрөөсөө ч нуусан тэр түүхүүдийг дэлгэж, өөрийгөө биднээр чичлүүлэх бас хайрлуулах боломж олгож байгаагаараа тэр хамгийн зоригтой, бас хамгийн биширмээр хүн юм.

Түүний цор ганц бүр чин сэтгэлийн хүсэл нь ертөнцийг ойлгох. Яагаад хорвоогийн юм бүгд ийм хувьсамтгай, худал, хуурмаг байдаг, тэр дундаа хүмүүс яагаад үргэлж өөрчлөгдөж байдаг, нэг нэгнээсээ урвадаг, ахуйн өчүүхэн асуудлаас өөр юуг ч бодох сөгөөгүй байдаг юм бол хэмээн үргэлж гайхширна. Оршин байгаа юм бүхэн түүнээс өөр юм шиг, тэр ганцаархнаа гаж юм шиг, хүн бүхний эсрэг сөрж алхаад байгаа юм шиг санагдсаар сүүлдээ энэ эргэцүүллүүд нь даамжирч сэтгэхүйд нь нөлөөлдөг. Ингээд архи ууж, хүүхэн эргүүлж, эцэг эхээсээ зөрж, найз нөхөд ч байхгүй, тогтсон амьдрал ч үгүй, бүтэлгүйтэл, уналт дунд залуу насаа тарамдаад дуусч байгаа юм. Энэ романыг зохиолч өөрийн амьдралын түүхээс сэдэвлэн бичсэн гэдэг. Энд өгүүлсэн болгон үнэн биш боловч нэлээд хэсэг нь зохиолчийн амьдралд тохиолдсон зүйл, өөрийнх нь туулсан амьдрал. Осамү энэ зохиолоо бичиж дуусгаад сарын дараа амиа хорлосон юм. Ерөнхийдөө ийм төрлийн зохиолууд нь унших тусам эгог чинь нээж өгөх болохоор яах аргагүй классик санагддаг.

Та өмнө нь ганц удаа ч болов хүн байх эрхтэй эсэх талаараа бодож үзэж байсан уу. Хүн шиг хүн байна гэдэг ямар ойлголт юм бэ. Үргэлж бусдад сайн сайхныг түгээж, чин шударгаар хөдөлмөрлөж, юунд ч шуналгүй энгийн амьралаар замнахыг хэлдэг юм уу. Эсвэл эрдэм ном, эд баялгийн оргилд гарахыг хэлдэг юм уу. Энэ насаа дуустал бэдрэх ганц асуултын минь хариуг Осамү цэл залуудаа олчихоод, үүнийгээ өөрөөрөө дамжуулан хэлчихээд л явчихсан юм биш үү.

Түүнийг би “Дорнодын Достоевский” гэж бодно.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

Сүүлийн үед нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн агууламж их байгаа талаар мэдээлж, ярих болсон. Үүнтэй холбоотойгоор хүхэрлэг хий гэж чухам юу болох бас хүний биед хэр хортой талаар багахан ойлголтыг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.


ХҮХЭРЛЭГ ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ

Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодисуудтай амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Агаар дахь хүхрийн давхар ислийн 99 орчим хувь нь хүнээс үүдэлтэй. Хүхэр агуулсан материалыг боловсруулдаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, жишээ нь хүхэр агуулсан нүүрс, газрын тос, хийнээс цахилгаан үйлдвэрлэхэд гардаг байна. Мөн агаар дахь хүхрийн давхар ислийн хамгийн их агууламж нь шатахуун боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрлэл, ашигт малтмалын хүдэр боловсруулах үйлдвэр, цахилгаан станцуудын ойролцоо байдаг. Зарим ашигт малтмалын хүдэр нь мөн хүхэр агуулдаг бөгөөд боловсруулахад хүхрийн давхар исэл ялгардаг. Байгалиас бол галт уулын дэлбэрэлтээс л агаарт гарах боломжтой аж. Гадаа агаарт биш байшин дотор энэ хий нь керосин дэнлүү, мод эсвэл нүүрсний зуухнаас дэгдэх боломжтой. Мөн гараашид тамхи татвал ийм хий үүснэ.

Сонирхуулахад, энэхүү хортой хийг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа жимс, хүнсний ногоог ялзарч муудахаас сэргийлж, өнгийг нь хувиргахгүй байх зорилгоор маш бага хэмжээгээр ашигладаг гэнэ. Учир нь хүхрийн давхар исэл нь нянгийн эсрэг үйлчилгээтэй аж. Европт ийм төрлийн жимсийг Е220 (20) хэмээн нэрлэдэг байна. Мөн шар айраг, дарс хийхэд ашигладаг гэнэлээ.

Хүхэрлэг хий бол агаар бохирдуулдаг химийн элементүүд дотроос маш хортойд тооцогддог. Агаарын бохирдлоос болж озоны хомсдол үүсч эко систем доголдоод байгаа өнөө цагт хүхэрлэг хий нь яах аргагүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болоод байгаа юм.

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ

Хүхрийн давхар исэл нь хамар, хоолой, амьсгалын замыг цочроодог. Хүхэрлэг хийтэй агаараар амьсгалахад ханиалгах, хамар, хоолой, уушги шатаж байгаа юм шиг мэдрэмж төрөх, амьсгал давчдах, цээжний эргэн тойронд хүчтэй өвдөх шинж тэмдэг мэдрэгдэнэ. Хүхрийн давхар ислийн нөлөө маш хурдан илэрдэг бөгөөд энэ хийгээр амьсгалаад 10-15 минутын дараа л хүний биед нөлөөлж эхэлдэг байна. Амьсгалын замын өвчтэй, эсвэл астматай хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд хүхэрлэг хийн 90 орчим хувь нь амьсгалын дээд замд шингэж гуурсан хоолойг үрэвслүүлнэ. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд хүхэрлэг хийнээс хордох магадлал өндөр байдаг гэнэ. Хүхэрлэг хий урт хугацааны туршид хүний биед аажмаар нөлөөлөхдөө толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг мэдрүүлнэ. Улмаар хүний биеийн уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. РМ 2.5 тоосонцортой хавсарсан тохиолдолд уушгины эдийг түлэх аюултай. Хорт хавдар үүсгэдэг эсэхийг дэлхий нийтээрээ судалж тогтоогоогүй байгаа аж.


ХҮХЭРЛЭГ ХИЙНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

Өндөр агууламжтай хүхэрлэг хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг дээр дурдсан. Дэлхийн улс орнууд хүхэрлэг хийг ялгаруулахгүй байх тал дээр анхааран, төрийн бодлогодоо тусган кампанит ажлууд өрнүүлдэг юм билээ. Харин манай улсын хувьд урьд өмнө нь ингэж онцлон ярьж, бичиж байсангүй. Улаанбаатар хотын утаа өмнөх жилүүдийг бодвол мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа боловч хүхэрлэг хийн агууламж өндөр гарах болсон нь иргэдийг түгшээгээд буй. Эрдэмтэд энэ бүхний шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ч хариу нь гарах болоогүй, дараа жил гэхэд л эхний хариу нь гарч эхэлнэ гэж байгаа. Гэсэн хэдий ч шахмал түлш их хэмжээний хүхрийн давхар исэл агуулж байна гэх хардлага нийгэмд бий болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын тайланд дурдсанаар Улаанбаатарын агаарын хүхэрлэг хий 65 хувиар өссөн байгаа юм. Энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд агаарын чанарын стандартаас даруй 6,6 дахин их гэсэн үг. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа нэг кв.м-т 46 мкг хүхэрлэг хий оногдож байна, энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн. Мөн тэд хүхэрлэг хийн өсөлтийг шахмал түлшнээс болоогүй, чанар муутай бензин түлш, автомашины утаанаас болсон гэж тайлбарлаад байгаа билээ.

Гадны улсуудад бол агаарын чанарыг тогтмол шалгаж, хэрвээ хүхэрлэг хий өссөн үзүүлэлттэй гарвал тэр өдрүүдэд нь агаарын санамж гаргаж, хүмүүсийг гадуур гарахаас аль болох зайлсхийхийг зөвлөдөг байна. Мөн цэцэрлэг, сургуулиуд хаалгаа барьж, астма болон амьсгалын замын өвчтэй хүмүүстээ онцгойлон анхаарал хандуулдаг гэнэ. Үүнээс харахад хүхэрлэг хий маш хортой гэдэг нь тодорхой байгаа юм. 50 жилийн тэртээ Японы Ёккайчи мужид нээгдсэн үйлдвэрийн яндангаас ялгарах хүхэрлэг хийнээс болж маш олон хүн архаг бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин тусч эхэлсэн байдаг. Ард иргэдийн тэмцлээр засгийн газраас нь агаар цэвэршүүлэх ажил явуулснаар хүмүүсийн амь аврагдаж байсан гашуун түүх дэлхийд бий. Австралид л гэхэд шатахууны чанарын индекс тогтоожээ. Чанаргүй муу шатахуун хэрэглэхгүй байснаар агаар мандал дахь хүхэрлэг хийг бууруулахад маш том түлхэц болсон юм билээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Нүдний шил бол хувцас юм

ХАМГИЙН АНХНЫ НҮДНИЙ ШИЛИЙГ ХЭН ЗОХИОСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ

Нүдний шил нь хүний алдагдсан эрүүл мэндийг орлох буюу хараа сайжруулах, тогтоох үүрэгтэйгээр анх зохиогдсон боловч одоо үед хүмүүс гангараа, хамгаалах хэрэгсэл зэргээр ч мөн ашигладаг болжээ. Хамгийн анхны нүдний шилийг хэн, хэзээ зохион бүтээсэн нь өнөөг хүртэл маргаантай байдаг юм байна. МЭ I зуунд амьдарч байсан Ромын эзэн хааны багш Сенекагийн гар бичмэлд “Үсэгнүүд нь жижиг бас бүдэгхэн учраас шилэн бөмбөлөг юм уу усаар дүүргэсэн шилний тусламжтайгаар уншиж байна” гэсэн мөр байдаг. Мөн энэ үед Неро (МЭ 54-68 онд Ромыг хаанчилж байсан) мэсчин боолуудын тэмцээнийг маргадаар хийсэн томруулдаг шилээр үздэг байсан гэх түүхэн баримт бий. Хамгийн эртний нүдний шилийг лам нар болон эрдэмтэд зүүдэг байжээ. 1284 онд Сальвино дө Армате гэгч хүн Италид анхны нүдний шилийг зохион бүтээсэн гэдэг ч түүхчид энэ баримтыг худлаа хэмээн хожим зарласан байна. Гэсэн хэдий ч 1301 онд Италийн Венецэд нүдний шил зарж борлуулах журам гаргаж байсан гэх баримт байдаг юм байна. 1300 оноос өмнө томруулдаг шилийг өргөнөөр хэрэглэдэг байсан ба үүнийгээ болороор хийдэг байсан аж. Уламжлалт нүдний шилний линзийг шилээр хийдэг байсан боловч хамгийн анхны загварыг beryl буюу биндэръяа чулуугаар хийж байжээ. Герман хэлний “bril­len” гэх үг нь одоо ч нүдний шилийг нэрлэх үгсийн бүлэгт хамаарна.

Хадгалагдаж үлдээд буй нүдний шилийг дүрсэлсэн хамгийн эртний уран зургийн нотолгоо нь Томмасо да Моденагийн 1352 онд зурсан бүтээл юм. Зураг дээр Доминиканы кардинал Хью де Провэнс нүдний шил зүүчихээд гар бичмэл уншиж буйг дүрсэлжээ (зураг 1). Өөр нэг эртний нотолгоо бол 1403 онд Германы Бад Вилденген сүмийн тахилын цэгээс олдсон зураг юм (зураг 2). Эдгээр нүдний шилнүүд нь гүдгэр линзтэй байв. Анхны нүдний шил нь хоёр линзээ тогтоох төмөр хүрээтэй байсан ба хамар дээрээ тогтоох зориулалттай байж. Германы Селле хотын ойролцоо орших Клостер Виенхаусэн хийдээс 1400 оны үед хамаарах нүдний шил олдсон нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн хамгийн эртний олдвор аж.

НҮДНИЙ ШИЛНИЙ ЗАГВАРТ ХЯТАДУУД МАШ ИХ НӨЛӨӨЛЖЭЭ

Эрт үед арьс шир, төмөр эсвэл амьтны эврээр хийсэн хоёр цагираган дээр линз тогтоон үүнийгээ юмыг томруулж харах шаардлагатай үедээ нүднийхээ өмнө гараараа барьдаг байжээ. Хожим хоёр цагирагаа холбосон махир гүүрийг зохион бүтээснээр хамар дээрээ тогтоох боломжтой болсон байна. Ийм хэлбэрийн нүдний шил нь мэдээж хамар дээрээс унаж хагарах аюултай. 1600-гаад оны үед Испанийн гар урчууд нүдний шилний хүрээг боловсронгуй болгожээ. Тэд туузыг хүрээнд бэхлээд үзүүрт нь гогцоо гаргаж үүнийгээ хүний чихэнд тогтоодог байв. Ингэж байтал Испани, Италийн номлогчид Хятадаас төмөр дэгээтэй нүдний шилийг анх олж ирэв. Хятадууд тууз, даавуугаар гогцоо хийхийн оронд төмөр утсыг нүдний шилнийхээ хүрээнд бэхлээд махир дэгээ гарган чихэн дээр өлгөдөг аргыг зохиосон байжээ. Сонирхуулахад, алдарт аялагч Марко Полог Хятадад аялж байхад тэд аль хэдийнэ нүдний шилийг ашиглаад эхэлчихсэн байсан гэдэг. 1730 онд Английн нүдний шилчин Эдвард Скарлет Хятадаас үүсэлтэй энэхүү төмөр дэгээг шанаан дээр наалдаж байхаар тогтоох юм бол илүү бат бөх бас ашиглахад хялбар болох юм байна хэмээн сэтгэсэн байна. Гэсэн ч энэ нь тийм ч түгээмэл ашиглагдаагүй бөгөөд XVIII зууны хоёрдугаар хагасаас XIX зууны эхэн хүртэл хүмүүс “scissors-glasses” (зураг 3) буюу “хайчин шил”-ийг түлхүү ашиглаж байж.

XVII зуун гэхэд хүмүүс нүдний шилний ашиг тусыг маш сайн ойлгож өргөнөөр ашигладаг болчихсон байсан гэнэ. Тэд ямартаа ч хотгор, гүдгэр линзээ ялгаж салгаж аль нь ойрын хараанд сайн, аль нь холын хараанд сайн гэдгийг мэддэг болчихсон байсан аж. Германы математикч, одон орон судлаач Иоханес Кеплер 1604 онд гүдгэр, хотгор линз яагаад холын болон ойрын харааны эмгэгийг засдаг талаар хамгийн анхны зөв тайлбарыг нийтэлж байжээ. Хотгор линзээр ойрын зайны харааг эмчилдэг бол холын юмсыг муу хардаг хүмүүс гүдгэр линзийг зүүдэг шүү дээ.

Гүдгэр линз нь гэрлийн туяаг нэг цэгт төвлөрүүлэх замаар алсын харааг засдаг юм байна. Мөн давхар фокустай линзийг ойрын хараа муудахад ашиглаж болдог. Ийм төрлийн линзийг анх Америкийн эрдэмтэн Бенжамин Франклин 1784 онд зохион бүтээсэн юм. Түүний нүдний хол, ойрын хараа нь зэрэг муудсан байсан гэдэг. Харин цилиндр хэлбэртэй линзийг Сэрт Жорж Айри 1825 онд зохион бүтээжээ. Энэ төрлийн линзийг мөн л ойрын хараа муудахад зүүж хэрэглэдэг байна.


НҮДНИЙ ШИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ГАДУУРХАХ ХАНДЛАГА НИЙГЭМД БАЙСАН ГЭНЭ

1930-аад он хүртэл хүмүүс нүдний шилийг эрүүл мэндийн нэгэн хэрэглэгдэхүүн хэмээн үздэг байсан бол 1970-аад оноос загварын чиг хандлагад орж ирсэн байна. Нүдний шилийг эрүүл мэндийн асуудалтай, сул дорой, өвчтэй, юм уу хөгшин хүн зүүдэг. Эсвэл шашны үзэл сурталтан (лам нарын ихэнх нь бичиг үсэг мэддэг тул нүдний шил хэрэглэх нь элбэг байсантай холбоотой) гэж харагдах нь энгийн үзэгдэл байж. 1900-гаад оны эхээр Америкийн ерөнхийлөгч асан Теодор Рузвельт нүдний шил зүүх болсноор энэ үзэл эрс багассан гэдэг. 1910-аад оноос Америкийн инээдмийн киноны алдартай жүжигчин Харолд Лойд дугуй хэлбэрийн нүдний шил зүүж кинонд тоглосон явдал мөн энэ ойлголтыг үгүй болоход нөлөөлж чаджээ. Нүдний шил хувь хүний имиж бүрдүүлэлтэд маш том нөлөө үзүүлж байсны нэг баталгаа нь хөгжимчин Бадди Холли болон Жон Леннон нарын алдарт шилнүүд юм. Зузаан, хар хүрээтэй шилийг “Бадди Холли шил” гэдэг бол дув дугуй төмөр хүрээтэй шилийг “Жон Леннон шил” гэж нэрлэдэг юм байна. Жон Леннон гэхээр хамгийн түрүүнд дугуй хүрээтэй нүдний шил, буржгар үс нь санаанд бууж байгаа биз. Ийм төрлийн шилийг Харри Поттер бас зүүдэг шүү дээ.

Ийнхүү нүдний шил акссесурын нэг төрөлд тооцогдож, маш олон загвараар үйлдвэрлэгдэж эхэлснээр хүний нүүр царайг хувиргадаг энгийн нэгэн загварлаг хэрэгсэл болж хувирчээ. Бариулыг алт, мөнгө, сувд, шүр гэх зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэж, янз бүрийн үнэт металл, зааны яс, зандан мод зэргээр урладаг байв. Бүр алмаазан шигтгээтэй нүдний шилний гуя, бариул хүртэл байсан гэнэлээ. Мэдээж энгийн загвартай шилэнд зориулж мод, сайжруулсан ган, хөнгөн цагааныг ч ашиглаж байж. 1967 онд Австри улсад уян хуванцар буюу оптил гэх материалаар хүрээ болон гарыг хийснээр илүү энгийн, хэрэглэхэд хялбар болж иржээ. Бусад төрлийн хуванцар материалыг ч мөн хэрэглэж эхэлсэн байна.

ОРЧИН ҮЕД НҮДНИЙ ШИЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Харин орчин үед нүдний шилийг хэрэглэхэд зовуурьгүй байхыг бодолцон хамгийн хөнгөн, хүний биед харшил өгөхгүй төмөр юм уу хуванцар материалыг сонгон ашигладаг болжээ. Бидний хэлж заншсанаар “нуух”-ыг ихэвчлэн зөөлөн силиконоор хийдэг. Түүнчлэн бүтэн хүрээтэй, тал хүрээтэй, нуухтай нуухгүй гээд хэлбэр, хэмжээ, өнгө загвар бол тоймгүй их. Харин сүүлийн үед уян хүрээтэй шилийг ихээр сонгох болсон гэнэ. Линзний хувьд шил, хуванцар, поликарбонатаар хийж байна. Энэхүү поликарбонат гэх материал нь олон улсад CR-39 гэх нэршилтэй ба линз хийдэг хамгийн хөнгөн, нимгэн материал юм байна. Сүүлийн үед контакт линз зүүх, хараа тэглүүлэх мэс ажилбар хийлгэх гэх зэрэг шинжлэх ухааны дэвшилттэй аргууд гарч ирсэн ч уламжлалт нүдний шилний хэрэглээ буурахгүй, эрэлттэй хэвээр л байгаа юм байна.

Америкт насанд хүрэгчдийн 60-70 хувь нь нүдний шил зүүдэг гэх судалгаа байна. Тэгвэл эдгээр хүмүүс дотроо 60-аас дээш насныхан нь нүдэнд цагаа буух өвчнөөр өвчилдөг аж. Япон улсад зарим байгууллага нь эмэгтэй үйлчилгээний ажилтнуудаа нүдний шил зүүхийг хориглосон журамтай юм байна. Энэ утгагүй журмыг эсэргүүцсэн маш олон эмэгтэй хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэнэ. Харааны шил зүүхээр эмэгтэй хүний зөөлөн, наалинхай байдал алга болж, хүйтэн хөндий харагддаг гэх шалтгаанаар ийм журам гаргасан аж. Хачирхалтай л дүрэм журам гаргадаг улс байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

ХАРВАРД


Манай гаригийн хамгийн шилдэг их сургууль. “Харвард” гэх энэ үг эрдэм номын мөрийг хөөсөн хэн бүхний мөрөөдлийн, гайхалтай бүр биширмээр үг гэдэг нь гарцаагүй. Энэ сургуулиас хамгийн чадалтай улстөрчид, бизнесмэнүүд, нийгмийг хөдөлгөгч шилдэг сэхээтнүүд, шинжлэх ухаанчид, эрдэмтэд төрөн гардаг. Босго оноо, шалгуур өндөртэй, бас төлбөр ч их болохоор хүссэн болгон нь энд сураад байдаггүй. Гэхдээ төлбөрийн маш уян хатан нөхцөлтэй. Нэгэнт потенциаль нь байгаад шалгуур давчих юм бол тэтгэлгээр сурах ч боломжтой. Тэгэхээр хичээмтгий, зорилготой хүн бүхний өмнө энэ сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг аж. Ингээд тус сургуулийн талаар багахан мэдээллийг тоймлон хүргэе.


ЭНЭХҮҮ ЭРТНИЙ ИХ СУРГУУЛИЙГ ҮНДЭСЛЭГЧ НЬ ХАРВАРД БИШ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Харвардын их сургууль нь АНУ-ын Массачусетс мужийн Кембридж дэх “Ivy League” бүлгэмд багтдаг судалгааны хувийн сургууль юм. “Ivy League” гэдэг нь Зүүн хойд Америкийн найман шилдэг их сургуулийг нэгтгэсэн бүлгэм юм. Энд Харвардаас гадна Брауны их сургууль, Колумбын их сургууль, Корнеллийн их сургууль, Дартмонтын их сургууль, Пенсилванийн их сургууль, Принстоны их сургууль, Йелийн их сургууль багтана. Нэршлийн хувьд 1800-гаад онд тус сургуулиудыг дүүргэсэн оюутнууд төгсөлтийн баяраар сургуулийнхаа ханыг дагуулан ivy буюу ороонго өвс тарьдаг байсан уламжлалтай холбоотой юм байна.

АНУ-ын эртний их сургуулиудын нэг болох Харвард нь 1636 онд есөн оюутантай анхны хичээлээ эхэлж байсан бол одоогоор жилд дунджаар хорин мянга гаруй оюутан суралцдаг ба 16000 орчим багш ажилтантай. 1607-1638 онд Англи улсаас АНУ-д Элчин сайдаар сууж байсан Жон Харвард Чарльз Таун дөнгөж байгуулагдаад удаагүй байсан коллежид өөрийн хувийн хөрөнгө болон номын сангаа өвлүүлэн үлдээжээ. Тэр коллеж нь өнөөгийн Харвардын их сургууль бөгөөд Жон Харвардад талархсан үүсгэн байгуулагчид нь түүний нэрээр сургуулийг нэрлэх болсон байна. Сонирхуулахад, Харвардын цэцэрлэгт хүрээлэн дэх Жон Харвардын хөшөө Америктаа хамгийн их зургаа даруулдаг хөшөөнүүдийн гуравдугаарт жагсдаг юм байна. Энэ хөшөөг оюутнууд “Гурван худлын хөшөө” гэж хочилдгийн учир нь хөшөөний суурин дээрх бичээстэй холбоотой. Тэнд “Үүсгэн байгуулагч Жон Харвард 1638” хэмээн бичсэн байдаг. Нэгдүгээр худал нь сургуулийг Жон Харвард байгуулаагүй, хоёрдугаарх нь 1638 онд биш 1636 онд байгуулагдсан гэдгийг дээр дурдсан шүү дээ. Харин гурав дахь худал нь гэвэл энэ хөшөө Жон Харвардын өөрийнх нь хөшөө ч биш гэнэ. Хөшөөг урлах үед Даниел Честер Френч гэх оюутан модель болж байжээ. Гэсэн ч оюутнууд хөшөөний мутраас адис авч, шалгалтад орохынхоо өмнө хөлийн өлмийг нь зүлгэх уламжлал тогтсон байдаг аж.

1650 онд Харвардын удирдах байгууллага болох “Харвард корпораци”-ийг байгуулав. 19 дүгээр зууны үед Бостоны элитүүдийн дунд соёл, боловсролын төв байгууламж болж, 20 дугаар зуун болоход нэр хүндтэй профессоруудынхаа ачаар нэр алдар нь улам бүр түгсээр дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургууль болсон байна. 1900 онд Харвард Америкийн их сургуулиудын холбооны үүсгэн байгуулагч гишүүн болсон юм. Хачирхалтай нь охид бүсгүйчүүд Харвардын үндсэн сургуульд суралцах эрхгүй байжээ. Мөн бусад коллеж, их сургуулиудын л адил арьс өнгөөр ялгах үзэл ч энд ноёлдог байж. 1879 онд Харвардын охидын сургууль болох Рэдклифф коллеж байгуулагдан, АНУ-даа эмэгтэйчүүдийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болжээ. Харвардын анхны эмэгтэй ангийг 1945 онд Анагаахын сургуульдаа авч байсан гэдэг. Улмаар 1999 онд Рэдклифф охидын коллеж Харвардтай албан ёсоор нэгдсэн байна.


ХАРВАРДЫГ ТӨГССӨН АЛДАРТНУУД

Харвард 13 мэргэшсэн салбар сургуультай ба Бизнесийн сургууль нь дэлхийн хамгийн шилдэг сургууль гэх тодотголтой. Энд оюутнууд эрдмийн зэрэг хамгаалахаас гадна төрийн удирдлагын ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирдэг, эрдэм мэдлэгийн хамгийн том уурхай болоод байна. Харвардыг төгссөн алдар, цуутнуудаас хэдийг энд онцолъё.

-АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс (1755, 1758)

-АНУ-ын зургаа дахь ерөнхийлөгч Жон Күинси Адамс (1787, 1798)

-АНУ-ын 19 дэх ерөнхийлөгч Ратерфорд Бөкард Хэйс (1845)

-АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч, Нобелийн шагналт Теодор Рузвельт (1880)

-АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт (1880)

-Америкийн зохиолч, улс төрийн зүтгэлтэн, лектор Хелен Келлер (1904)

-АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Жон Кеннеди (1940)

-Либерийн ерөнхийлөгч, Нобелийн шагналтан эллен Жонсон (1971)

-Пакистаны 11 дэх ерөнхий сайд Беназир Бхутто (1973-Рэдклифф коллеж)

-АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (1975)

-“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс (19778 2007)

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн (1984)

-АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Элена Кааган (1986-Харвардын хуулийн сургууль)

-АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч, Нобелийн шагналт Барак Обама (1991)

-АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама (1981)

-“Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг (2006)

Түүнчлэн Жон Хакок, Самуэль Адамс, Жон Адамс, Уилльям Эллери, Уилльям Уилльямс, Уилльям Хүүпер, Элбриж Герри, Роберт Треат Пайн нарын найман төгсөгч АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж байжээ. Мөн Нобелийн 44 шагналтан, Пулитцерийн (сэтгүүл зүйн дээд шагнал) 38 шагналтныг төрүүлсэн.

ЗӨВХӨН ХАРВАРДАД Л БАЙХ ГАЙХАМШГУУД

209 акр талбай (85 га) бүхийн сургуулийн үндсэн кампус нь Бостон хотын төвөөс баруун хойд зүгт таван км зайд оршино. Харвардын эдлэн нь захиргааны төв оффис, их сургуулийн төв номын сан, Север танхим, их сургуулийн танхим, дурсгалын сүм, шинэ оюутнуудын дотуур байр, спорт заалнууд, зочид буудлууд зэргийг багтаасан байдаг. Оюутны байр нь арванхоёр ширхэг орон сууцны байшингаас бүрдэнэ. Байшин бүр амьдрах өрөөнүүдээс гадна, багш нарын өрөө, хоолны өрөө, номын сантай. Харвардад байрлах “Wid­ener Library” нь АНУ-ын хоёр дахь хамгийн том номын сан юм. Тус номын сан нь арван давхар бөгөөд доод талын дөрвөн давхар нь газар доор байрладгаараа онцлог. Энэ номын санг анх Харри Элкинс Вэйденерийн (1907 онд Харвард төгссөн) ээж хүүгийнхээ дурсгалд зориулан байгуулж байжээ. Тэрээр энэ номын сангийн барилгыг хэзээ ч өөрчлөхгүй гэсэн амлалтыг удирдлагуудын зүгээс авч байж хандив өргөсөн байна. Хожим номын сангийн барилгыг өргөтгөх шаардлага тулгарахад архитекторууд газар доорх дөрвөн давхрыг нэмж барьсан гэдэг. Тус сургуулийн төгсөгч ажлын байран дээр гарахад жилийн цалин нь 60000 доллараас эхэлдэг. Ингээд бодохоор ямархуу чансааны мэргэжилтнүүд бэлтгэн зах зээлд нийлүүлдэг болох нь тодорхой харагдаж байгаа биз.

ЯАГААД ЗААВАЛ ХАРВАРД ГЭЖ

Тус сургууль нь мэргэжил олгох 46, боловсролын зэрэг ахиулах 134 төрлийн, мэргэшсэн тусгай зэрэг олгох 97 төрлийн сургалтын багцыг санал болгодог байна. Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг хэдэн талаас нь харж, оновчтой шийдэх арга барилд сургадаг гэдгээрээ бусад сургуулиудаас ялгарна. Хичээлийн жил есдүгээр сарын эхнээс тавдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Нэг жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 30-40 мянган доллар. Оюутны ирүүлсэн өргөдлийг сайтар судалж үзээд босго оноо болон бусад шалгуураа хангаж чадаж байвал тэтгэлэг олгодог. Ингэхдээ жилийн орлого нь 60000 доллараас бага айлын хүүхдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулдаг. 60000-80000 долларын орлоготой бол багахан төлбөр төлнө. Харин 120-180 мянгын долларын орлоготой айлын хүүхэд жилийн орлогын 10 хувиас хэтрэхгүй мөнгөн дүнг төлбөрт өгдөг байна. Харвардын их сургуульд элсэхийн тулд танаас маш их хичээн зүтгэл шаардагдах нь мэдээж. Тэтгэлэгт хамрагдахын тулд нэг жилийн өмнөөс судалж, хэлний шалгалтуудаа өгч, өргөдөл, эссэ бичиж, маш их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулна. Хичээл зүтгэлгүй амжилт гэж угаасаа хаа ч байхгүй шүү дээ. Манай Монголоос нэлээд хэдэн хүн Харвардыг төгсчихсөн гэдгийг уншигчид маань мэдэх байх.

2009 онд Харвардын их сургуулийн зүгээс оюутнууддаа зориулсан дүрэм гаргасан байна. Энэ 15 дүрэм нь оюутнуудад маш их сэтгэлийн дэм, цааш урагшлах түлхэц болж өгдөг гэсэн шүү. Дараахь алдартай 15 дүрмийг хичээл болон ажилдаа хэрэгжүүлээрэй.

1.Чи одоо унтах юм бол сайхан мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахынхаа оронд хичээлээ хийвэл тэр сайхан мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.

2. Ямар нэг зүйл хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал тэр үе чинь яг тохирсон цаг нь байх болно.

3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхийн.

4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.

5. Амьдрал гэдэг зөвхөн сурах үйл явц биш. Хэрэв чи амьдралын энэ үеийг л даван туулж чадахгүй бол ер нь өөр юу хийж чадах юм бэ?

6. Хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог.

7. Бүх зүйлийг бусдаас түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.

8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтад хүрдэг.

9. Цаг яг л харвасан сум шиг өнгөрдөг.

10. Өнөөдөр нусаа татаж байгаа бол маргааш энэ чинь нулимс болох вий.

11. Риалистууд гэж ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг хэлнэ.

12. Цалингийн хэмжээ боловсролын түвшнээс шууд хамаардаг.

13. Өнөөдөр гэдэг өдөр дахиж ирэхгүй.

14. Чиний өрсөлдөгчид яг одоо маш шуналтайгаар номын хуудас эргүүлж байгаа гээд бод доо.

15. Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг тээгч цаасны хөгжил

Цаасыг англиар pa­per гэдэг. Энэ үг нь эртний Грекийн “Cyperus papyrus” гэх ургамлын нэршлээс гаралтай. Папирус бол Египет болон Газар дундын тэнгисийн бусад нийгэмд ашиглаж байсан “Cyperus pa­pyrus” ургамлаас гаргаж авсан зузаан, цаасан хэлбэртэй материал юм. Энэ материал амархан үйрч унадаг, муудаж хөгцөрдөг байсан болохоор хэрэглээний шаардлага хангахгүй, хадгалалт даадаггүй байж. Амархан үйрч унадаг, хөгцөрдөг байсан нь Европын эрс тэрс уур амьсгалтай холбоотой ч байсан байж болзошгүй. Ямартаа ч папирусыг цаас гэж тооцдоггүй юм байна.

Тэгвэл жинхэнэ цаас боловсруулах аргыг хятадууд анх бодож олжээ. Үүнээс өмнө эртний хятадууд яст мэлхийний хуяг, амьтны яс, хулсны хальсан дээр зурж бичих юм уу торгон дээр хатгаж, оёдог байсан гэдэг. Гэвч ингэх нь нүсэр бас үнэтэй болохоор түгээмэл биш байсан ба зөвхөн хаад ноёд, бичгийн хүмүүс л энэ аргаар бичиж, туурвидаг байж. Баруун Хан улсын (МЭӨ 206—МЭ 25 он) эхэн үед олс зэргийг ашиглан цаас хийж хэрэглэж байсан ч энэ нь хатуу, барзгар тул юм бичихэд түвэгтэй байжээ. Энэ арга нь холтсыг нь хуулсан модыг борооны усанд дэвтээгээд ширхгийн дагуу цуулж, нарийн хэрчинэ. Үүнийгээ мөн л устай торхонд дэвтээсний дараа хавтгай банз модон дээр тарааж, шахаж индүүдээд бэлэн болсон хуудас цаасыг наранд хатаана. Харин Зүүн Хан улсын үед (МЭ 25-220 он) Цай Лунь хэмээх түшмэл цаас боловсруулах технологийг шинэчлэн зохион бүтээжээ. Тэрээр модны холтос, хуучин хивс, даавуу, загасны тор, маалингын хаягдал зэргийг хольж буцалгаад нарийн хулсны чийрсэн дээр тарааж хатаах замаар нимгэн цаасыг үйлдвэрлэж эхэлжээ. Цаас үйлдвэрлэлийн арга цааш улам боловсронгуй болсоор хулс, чихрийн нишингэ, будааны зэгс зэрэг нь цаас хийх гол түүхий эд болсон байна. 2006 онд Хятадын Гансу мужийн зүүн хойд хэсэгт орших Фангматан хотоос хятад бичгээр бичигдсэн сорьцыг олж илрүүлсэн нь МЭӨ найман онд хамаарна. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ нь Цай Луниас даруй 100 жилийн өмнө эртний Хятадын цэргийн армид хэрэглэгдэж байсан болж таарчээ. Фангматан булшны газраас олдсон хэлтэрхий нь МЭӨ II зууны эхэн үед хамааралтай гэж эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс Цай Луний ажиллагаа нь цаас боловсруулах арга технологийг шинжлэх ухааны шинжтэй, илүү боловсронгуй болгосон хэрэг гэж дүгнэж болохоор байна.

Хятадаас үүсэлтэй энэхүү арга нь Сүй улсын сүүл үеэс (МЭ 581-618 он), Тан улсын эхэн үед (МЭ 618-907 он) Солонгос, Япон улмаар Исламын ертөнцөд тархаж, целлюлозын үйлдвэр, цаасан тээрэм зэргийг цаас үйлдвэрлэх, мөнгө хийх зорилгоор ашигладаг болжээ. Дараа нь XI зуунаас Европ руу тархаж, XIII зуун болоход Испанид усан халаагуур ашиглан цаасан тээрэм зохион бүтээжээ. Цаас бий болсны ачаар аливаа мэдээлэл, түүхийг хадгалах арга амархан болж, дэлхийн соёл иргэншлийн хөгжилд том эргэлт болсон байдаг.

МЭ II зуунд хамаарах нэгэн олдвор цаасны хамгийн анхны түүхийг хүн төрөлхтөнд ярьж өгсөн юм. Хүрэл толийг цаасанд ороон хадгалсан байсан нь тухайн үед судлаачдыг гайхшируулж байж. Толийг цаас маш найдвартай хамгаалсан байж. Ингээд МЭ III зуунаас цаасыг юм бичихэд ашиглаж эхэлжээ. Харин VI зууны сүүл үеэс хятадууд цаасыг ариун цэврийн хэрэгцээнд ашигладаг байсан гэх баримт эртний судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 581 онд Хятадын эрдэмтэн Янь Житуй (531-591) “Таван сонгодог зохиол дээрх мэргэдийн бичсэн зүйлс бие засах газар байхыг харж тэвчихгүй юм” гэх утгатай зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Тан улсын үед (МЭ 618–907 он) цайны амтыг хадгалахын тулд цаасыг дөрвөлжин уутанд хийж оёдог байсан баримт бий. Мөн Сүн гүрний үед (МЭ 960–1279 он) засгийн газар дэлхийн хамгийн алдартай цаасан хэвлэмэл мөнгө буюу мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байв. Цаасан мөнгийг төрийн албан хаагчдад тусгай цаасан дугтуйнд бэлэг болгон өгдөг байсан гэдэг.

Цаас хэрэглээнд нэвтэрснээр бичих, зохиох ажил эрчимтэй явагдаж, урьд нь номыг үхэр тэргээр зөөдөг байсан бол одоо гартаа бариад явах боломжтой болсон тул үүний үр дүнд уран зохиолын арвин их хөмрөгтэй болж чаджээ. Тан улсын үед хятадууд ном үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байв. Энэ ахиц нь Газар дундын тэнгисийн орнуудын ном үйлдвэрлэх ажлыг түргэвчлүүлж эхэлж. Хятадын хамгийн том номын сан Европын хамгийн том номын сангаас 3-4 дахин том байсан гээд бодохоор Хятадын бичгийн соёл дээд түвшинд хүрч хөгжсөн байсны баталгаа яах аргагүй мөн. Исламын ертөнцөд цаас үйлдвэрлэл хөгжихийн хэрээр цаас улам гоёмсог болж, ном товхимлууд чимэглэлтэй болж ирэв. Цаасны худалдаачид бусдаасаа содон, шинэлэг цаас олж авахаар өрсөлдөж энэ хэрээр цаас үйлдвэрлэх техник ч боловсронгуй болсоор байв. 1500 оноос хойш Өмнөд Европт бичиг цаас боловсруулах ажил хурдаа авч, хятадуудыг гүйцэж иржээ. Анхны хэвлэх машин зохион бүтээсэн явдал үүнд мэдээж шууд нөлөөлсөн. XIX зуунд уураар ажилладаг цаасны машин үүсч, модны нухшаас утас гаргаж авах боломжтой болох хүртэл хэдэн зууны турш цаас нь үнэ цэнэтэй байсаар иржээ. Уураар ажилладаг ийм машин нь орчин үеийн цаас үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 1844 оны дунд үеэс цаасыг модны ширхгээр хийх машин зохиогдсоноос хойш өнөөг хүртэл дэлхийн цаас үйлдвэрлэгчид модыг гол түүхий эдээ болгож байна.

Орчин үед цаас илүү тансаг, илүү нарийн ширхэгтэй, нимгэн хөнгөн, сайхан үнэртэй, гоё өнгөтэй, товгор, гүдгэр, алтан, мөнгөн гээд маш олон төрөл зүйл болсон. Өөрийн хүссэнээрээ л үйлдвэрлэж болж байна. Цаасыг зориулалтаар нь зургийн, бичгийн, гоёл чимэглэлийн, ариун цэврийн, сав баглаа боодлын, ханын, цэцгийн гэж ангилдаг. Дэлхий нийтээр цаасны хэрэглээ улам бүр ихсэх болсон нь байгаль дэлхийг сүйтгэх бас нэгэн томоохон хүчин зүйл юм. Ганцхан ширхэг А4-ийн цаасыг найман хос савхны модоор үйлдвэрлэдэг. Таны банкаар гүйлгээ хийсний баримт болгон авдаг ягаан, цэнхэр нимгэн цааснаас нэг ширхгийг үйлдвэрлэх гэж хоёр аяга цэвэр ус зарцуулагддаг гээд бодохоор байгаль хэдий хэмжээгээр сүйдэж байгаа нь тодорхой байна. Манай улсын хувьд хэрэглээнийхээ бүх цаасыг импортоор оруулж ирдэг. Сүүлийн жилүүдэд харин ариун цэврийн цаасыг хаягдал цаас дахин боловсруулах аргаар эх орондоо үйлдвэрлэж байгаа нь олзуурхууштай. Нэг тонн дахин боловсруулсан цаас 17 ширхэг модыг авардаг. Нийслэлийн хогийн цэгүүдэд хүргэгдэн ирдэг нийт хогийн 60 хувийг цаас дангаар эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр цаасыг ар өвөргүй ашиглаж хэвшээд, ашиглаад дууссаныхаа хойно хогийн цэг рүү шидэлгүй, хурааж байгаад ариун цэврийн цаас, картон хайрцагны үйлдвэрт аваачиж тушаах нь байгаль дэлхийдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох нь байна. Дууссан дэвтрийнхээ цаасыг угаагаад, чанаад дахин боловсруулдаг эко-минимал залуу үе ч гарч ирсэн байна лээ шүү, цаана чинь.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хэлгүй өвчтөн

(Алекс Михаэлидэс)

Зохиолын гол дүр Алиша Беренсон өсөн дэвжиж яваа загварын зурагчин эртэй гэрлэж, Лондонгийн үнэтэй бүс болох цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо том цонхтой, сайхан байшинд аж төрдөг. Хувийн урлантай, галерейтэй найзтайгаа хамтарч ажилладаг, бүтээлүүд нь тодорхой хэмжээнд танигдсан чамгүй зураач юм. Нөхөртөө маш их хайртайн дээр амьдралаас олж хүртсэн хамгийн сайхан зүйл бол нөхөр минь юм хэмээн боддог. Ээж нь Алишаг багад амиа хорлож, архинд донтсон уцаартай аав, хэрцгий догшин авга эгч болон үеэл дүүтэйгээ хамт хүүхэд насаа өнгөрөөсөн. Аавыгаа нас барсны дараа Алиша амиа хорлох оролдлого хийж, сэтгэл заслын эмчилгээнд хүртэл явж байжээ. Гэсэн ч өмнөх амьдралынхаа хар бараан дурсамжаас нөхөр Габриелийнхээ ачаар ангижирч, аз жаргалтайгаар үргэлжлүүлэн амьдрах болно. Лондонд олон жилийн дундажтай харьцуулахад хамгийн их халсан нэгэн зун түүний амьдрал орвонгоороо эргэдэг. Зуны нэгэн бүгчим орой нөхрийгөө ажлаа тараад ирэхэд өөрийнх нь буугаар тархинд нь тавантаа буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтах нь битгий хэл алхам ч холдолгүй алмайрч зогсож байгаад цагдаа нарт баригдана. Баривчлагдсан мөчөөсөө хойш ганц ч үг ганхийлгүй явсаар түүнийг сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй, хариуцлага хүлээх чадамжгүй хэмээн үзэж Гровын сэтгэцийн эмнэлэгт хүргэдэг. Аймшигтай аллага үйлдсэн, үүнийхээ төлөө нэг ч үг хэлээгүй учир битүүлэг байдал нь түүний нэр хүндийг өсгөж, нийгэм даяар томоохон шуугиан дэгдэнэ. Үүнийг дагаад бүтээлүүд нь маш өндөр үнэд хүрж, үзэсгэлэнгээ гаргадаг байсан зураач найзынх нь галерей сониуч олны хөлд дарагдана.

Зургаан жил амаа нээлгүй Гровт “хоригдсон” түүнийг Тео Фабер хэмээх сэтгэл судлаач, эмч залуу сонирхон судалж явсаар нэгэн тохиолоор түүний хэвтэж буй эмнэлэгт эмчлэгч эмчээр томилогдон ирнэ. Ингээд Алишаг эмчлэх, ерөнхийдөө бол дуу гаргах, үг хэлүүлэхээр шаргуу оролдох явцдаа Алишагийн эр нөхрөө хөнөөсөн тэр бүгчим зун руу эргэж очин, ойр харьцаатай байсан бүх хүнтэй уулзаж, мэдээлэл цуглуулдаг. Ингэж явахдаа тэрээр зураач эмэгтэйн амьдралын сонирхолтой түүхийг илрүүлэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, яагаад тэр цагаас хойш “хэлгүй” болсон гээд бүх л нарийн ширийн зүйлсийг олж мэднэ. Зохиолын төгсгөлд сэтгэл заслын эмч залуу өөрөө энэ бүх тайлагдашгүй хэргийн эхлэлийг тавьсан, гурван хүний амьдралаар тоглосон, Алишагийн одоо ийм байдалтай байгаа нь түүнээс болсон гэдэг нь тодорхой болж ирдэг. Тео нууцлагдсан фактуудыг давхарга давхаргаар нь хуулсаар Алишагийн сэтгэлийн гүн дэх харанхуй хэсгийг илчлэн гаргаж ирснээр зохиолын ээдрээ тайлагддаг. Нэг талд хэргээр Гровын сэтгэцийн эмнэлэгт ирж, Алишатай ойртож бүх хүнийг хууран мэхэлж байгаа Тео, нөгөө талд Теогийн башир аргыг мэдсэн боловч мэдээгүй царайлж маш нарийн төлөвлөгөөтэйгөөр хариу арга хэмжээг авах Алиша хоёрын сэтгэл зүйн тэмцэл хурцдаж эцэст нь маш таагүй үр дүн дүнг авчирдаг. Алиша Беренсоны энэ нууцлагдмал түүхийг зохиолч эртний Грекийн домгийн эмгэнэлт дүр Алкесттай уран нарийн аргаар холбон үзүүлжээ.

Сэтгэл зүйн маш их сөргөлдөөн, айдас, ганцаардлаар дүүрэн энэ ном нь зохиолч Алекс Михаэлидэсийн анхны роман. Грек, Киприйн эрлийз уг зохиолч Холливүүдийн хоёр ч кино зохиол бичиж байсан. “Хэлгүй өвчтөн” буюу “The silent patient” нь сэтгэл зүйн триллер зохиолын төрөлд ангилагддаг юм билээ. Гэхдээ уншигч минийхээр бол сэтгэл судлалын бүтээл шиг санагдсан. Хэдийгээр гэмт хэргийн шинжтэй, триллер зохиол гэдэг нь техникийн хувьд үнэн боловч ховсдомтгой шинж чанараас нь болж ингэж дүгнэсэн ч байж магадгүй. Гэхдээ энэ нь миний л бодол тул уншигч та өөрөө уншиж үзээд мэдрэх нь чухал билээ.

Илэрхийлээгүй сэтгэл хөдлөл хэзээ ч замхарч оддоггүй. Амьдаараа булшлагдаж, хожим илүү муу муухайгаар гарч ирдэг. (Зигмунд Фройд)

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ухаалаг хотын дэд бүтцийг хөгжүүлэх 5G сүлжээ

Гар утаснаасаа интернэтэд нэвтрэх хоёр арга зам байдгийн нэг нь wi fi буюу компьютерийн сүлжээгээр дамжуулан ашиглах утасгүй интернэт, нөгөө нь үүрэн холбооны технологи буюу 3G, 4G, 5G сүлжээ юм. Үүрэн холбооны энэхүү технологи нь wi fi-ийг бодвол нууцлал өндөртэй учраас ухаалаг утас хэрэглэгчид дэлхий даяар түгээмэл хэрэглэх болсон. Хамгийн сүүлийн үеийн технологи болох 5G сүлжээний талаар багахан ойлголтыг уншигчдадаа өгөхөөр зорилоо.


5G ГЭЖ ЯМАР ТЕХНОЛОГИ ВЭ?

5G нь үүрэн холбооны тав дахь үеийн технологи бөгөөд 2018 оны сүүл үеэс ашиглагдаж эхэлжээ. Энэхүү дижитал үүрэн сүлжээ нь газар зүйн бүх бүсэд маш нарийвчлалтайгаар хүрдэг, хүнээр яривал эсийн түвшинд ажилладаг гэдгээрээ бусад сүлжээнээсээ илүүрхэнэ. Дуу, дүрсийг дамжуулж буй аналог сигналууд нь гар утас руу очихдоо дижитал хэлбэрт шилжиж, битийн урсгал дамжуулдаг байна. 5G суурин утасгүй программууд нь ихэвчлэн шилэн кабелийн өргөн сүлжээнд холбогдсон холболтуудад тулгуурлан ачаалдаг. 5G цамхаг нь одоогоор интернэтийн холболтыг ашигладаг өндөр хурдны шилэн сүлжээнд холбогдож байж ажилладаг ч цаашид 5G Sub-6 ба mmWave (мм.долгион) холболтоор дамжуулан үйлчлүүлэгчдийн төхөөрөмжид хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Миллиметрийн долгион нь богино зайн долгионтой харьцуулахад түгэх чадамж нь богино хүрээтэй байдаг, антенн нь өмнөх үүрэн сүлжээнд ашигладаг антеннаас харьцангуй жижиг хэмжээтэй буюу хэдхэн см-ийн урттай. Мөн богино зайн долгион барилгын хана дамжин өнгөрөхөд бэрхшээлтэй тулгардаг байсан бол миллиметрийнх тэгэхгүй. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй тул одоогийн байдлаар ашигласан компани хараахан байхгүй гэнэ. 5G нь квадрат.км тутамд сая хүртэлх төхөөрөмжийг дэмжих боломжтой байхад 4G нь квадрат.км тутамд 100,000 төхөөрөмжийг л дэмждэг аж. 4G-г бодвол хамаагүй хурдан боловч таны үйлчилгээ авдаг оператор компани 5G технологийг ямар спектртэй холбож байгаагаас болон суурин дамжуулагчаа хэр хөгжүүлснээс хамаарч хурд харилцан адилгүй байх юм байна. Хамгийн хурдан 4G гар утасны сүлжээ нь дунджаар 45Mbps (секундэд татах мегабайтын хэмжээ)-ийг санал болгодог бол 5G сүлжээгээр 1Gbps буюу нэг гегабайт татдаг болно хэмээн 5G инженерүүд амлаж байна. 5G нь гар утасны операторын сүлжээнээс гадна аж үйлдвэржилт, аж ахуйн нэгжийн болон харилцаа холбооны салбарын хувийн сүлжээнд өргөн хэрэглэгдэх төлөвтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сард Дэлхийн гар утас нийлүүлэгчдийн холбооноос 5G хөгжүүлэлтэд идэвхтэй хөрөнгө оруулдаг (туршилтын, эсвэл 5G технологийн хээрийн туршилтыг хийх зөвшөөрөлтэй, 5G сүлжээг ашиглаж байгаа юм уу үйл ажиллагаа эхлүүлэхээ зарласан) 81 орны 192 оператор компани байна гэсэн судалгаа гаргажээ. Тэгвэл 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 88 орны 224 оператор компани байна хэмээн бүртгэгдсэн байна. 5G-г хамгийн их газар дэвсгэрт нэвтрүүлсэн анхны улс бол Өмнөд Солонгос юм. Ингэхдээ тэд Huawei төхөөрөмжөөр ажилладаг LG U Plus-аас бусад бүх Samsung, Ericsson, Nokia-гийн үндсэн станц, тоног төхөөрөмжийг ашигласан байна. Самсунг нь Өмнөд Солонгосын 5G суурин станцын хамгийн том ханган нийлүүлэгч гэнэ. 5G-г нэвтрүүлсэн эхний сардаа 260000 хэрэглэгчтэй болсон бол 2019 оны сүүл буюу яг одоогийн байдлаар өмнөд Солонгосын ухаалаг утас хэрэглэгчдийн 10 хувь нь тус сүлжээг ашиглаж байна.

Манай улсын урд хөрш энэ сарын 11-ний өдөр 5G сүлжээ нэвтрүүлснээ албан ёсоор зарлах бөгөөд дэлхийн хамгийн өргөн 5G сүлжээ байх болно хэмээн мэдэгджээ. Хятад хэдийгээр үүрэн холбооны сүлжээнд ийм том амбиц гаргаж байгаа ч тэдний төхөөрөмжүүдийг тагнуулын хэрэгсэл байж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас хэд хэдэн улс өөрсдийн 5G сүлжээнд ашиглахыг хязгаарлаж, зарим нь бүрмөсөн устгах арга хэмжээ авсан юм. Харин хойд хөршийн тухайд гэвэл, хамгийн анх өнгөрсөн зургадугаар сард Huawei компани Оросын хамгийн том харилцаа холбооны оператор MTS компанитай 5G технологийг хөгжүүлэх, дараа жилийн дотор Орос улсад тав дахь үеийн сүлжээг байгуулах зорилт бүхий гэрээ байгуулжээ. 5G-г ажиллуулах нь Москвагийн тэргүүлэх төслийн нэг болоод байна. Анхны туршилтын бүсүүд нь Москва орчмын гол газруудад байрлах жижиг хэсгүүд байх аж. Хүн ам ихтэй суурьшлын бүсүүд, технологийн болон аж үйлдвэрийн инновацийн төв, технопарк ихтэй газруудад туршилт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэхүү төслийг Huawei, Nokia, Ericsson, Qual­comm болон IBM компаниуд хамтран хэрэгжүүлж байна.

Бусад орнуудын хувьд, тухайлбал, АНУ, ОХУ, Австрали, Аргентин, Энэтхэг, Ром, Пакистан, Монакко, Итали, Ирланд, Уругвай, Вьетнам зэрэг улсуудад 5G түхнологийн ажил эхэлчихсэн, туршилтын шатандаа яваа юм байна. Энэ шинэ технологи нь өмнөх 4G технологиос хамрах хүрээний хувьд харьцангуй үлэмж гэж дээр дурдсан шүү дээ. Учир нь дамжуулах чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний шинэ спектрийг 5G-д хуваарилсан гэнэ.

Ойрын үед 5G сүлжээнд зориулсан спектр зурвасыг хаа сайгүй нэвтрүүлэхээр мэргэжилтнүүд албан ёсоор хэлэлцэж байна. Дэлхий даяар 15 төрөл, 129 зүйлийн төхөөрөмж 5G сүлжээг дэмжин ажиллаж байна. Үүнд бидний өргөн хэрэглээний ухаалаг утаснууд, USB холболтууд, төрөл бүрийн хотспотууд орно.

5G СҮЛЖЭЭНИЙ СӨРӨГ ТАЛУУД

5G сүлжээ дэлхийг бүрхсэнээр хүний амьдралд ямар ямар сөрөг муу нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр маргаантай хэвээр байна. 5G цацрагийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж зарим улсууд нэвтрүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа. Наанадаж хорт хавдар, үргүйдэл, аутизм, альцгеймер өвчний үндсийг тавина хэмээн эрдэмтэд үзэж байна. Бельгид яг энэ үндэслэлээр 5G сүлжээг хориглосон бол Швейцарь улсад мөн л ийм шалтгаанаар хөгжүүлэлтээ зогсоожээ. 2019 оны нэгдүгээр сард 180 гаруй эрдэмтэн Европын холбоонд захидал хүргүүлжээ. Захидалд 5G сүлжээг хүний эрүүл мэндэд ямар хор нөлөө үзүүлэхийг бүрэн судалж дуустал Европын газар нутагт уг сүлжээг нэвтрүүлэхгүй байхыг хүсчээ. Гэхдээ шинээр хөгжиж буй технологи учир яг эцсийн байдлаар дүгнэлт хийгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Ямартаа ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж, анхааруулсаар байна.

5G технологи дэмжих төхөөрөмжийн тоог 2025 он гэхэд 21.5 тэрбумд хүргэхээр тооцоолсон байна. Энэ хэрээр маш их хэмжээний дата зөөгдөнө, ингэснээр нэвтрэх боломж өргөснө. Ийм учраас гадны халдлагад өртөх магадлал улам өндөрсөнө хэмээн судлаачид онцолжээ. Хятадтай холбоотой сүлжээний нууцлалын асуудлууд босч ирэхэд АНУ зүгээр хараад суусангүй. Тэд 5G сүлжээгээ найдвартай, нууцлалтай ажиллуулах, хөгжүүлэх үүднээс өөрийн улсын Холбооны мөрдөх товчоо болон Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төвтэй хамтран хяналтын стандарт тогтоохоор ажиллаж эхэлсэн аж.

5G СҮЛЖЭЭ ХҮНИЙ АМЬДРАЛД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Хүнд хэрэгтэй, өгөөжтэй талаас нь авч үзвэл мэдээж интернэт орчинд ямар ч саадгүй, илүү хурдтай ажиллах боломж нээгдэж байна. Үүнийг дагаад интернэтэд суурилсан бүх төрлийн бизнес улам эрчээ авж, хөгжих юм. Энэ бол 5G сүлжээний ашиг тусын талаарх хамгийн наад захын ойлголт. Цаашлаад эрэн хайх, аврах ажиллагаа болон замын хөдөлгөөний хяналт агаараас нягтрал сайтай дүрс, бичлэгийг өндөр хурдаар дамжуулах дронуудын тусламжтайгаар сайжирна, осол аваар буурна, бүх төрлийн хяналтын камернуудын дамжуулалт, дата чанаржсанаар гэмт хэрэг багасна. Хамгийн их сонирхол татаж байгаа нь, ухаалаг хотын дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм. Яаж гэж үү. Автомат тээврийн хэрэгслүүд бүгд хоорондоо холбогдож, газрын зураг ашиглан замын хөдөлгөөнөө зохицуулна гээд төсөөлөөд үз дээ. Нийтийн тээвэр, метроны чиглэл нэгдсэн системтэй болж ухаалагжих гэнэ. Тээвэр ложистик ч интернэтээр явагдаж, бараа түгээлт илүү сайн түвшинд очсоноор аж үйлдвэржилт хурдацтай хөгжинө.

Эрүүл мэндийн салбарт давуу тал ихээхэн гарч ирэх гэнэ. Бүх эмнэлгийг нэг үүрэн сүлжээнд холбосноор хүлээлтийг багасгаж, өвчтөнүүдэд алсын зайнаас хяналт тавих боломжтой болох аж. Өвчтөн эмнэлгийн хүлээлгийн өрөөнд цаг алдаж суухгүй, өөрийнхөө ээлжийг иртэл өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Мөн өмсдөг эрүүл мэндийн төхөөрөмжүүд 5G сүлжээнд холбогдсоноор мэдээллийг эмнэлэг рүүгээ илүү хурдан дамжуулна. Ингэснээр өвчтөн цаг алдалгүй яаралтай тусламж авч чадах юм байна.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэзээд үнэ цэнээ алдахгүй гоёл чимэглэлүүд

Гоёл чимэглэл, хувцас зүүсгэл нь нийгэм, соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй хүмүүсийг илэрхийлэх хамгийн анхны, хамгийн энгийн илэрхийлэмж болж байдаг учраас хүн төрөлхтөн эдгээр зүйлсэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зориулсаар ирсэн. Дэлхийн улс орнууд хаад, хатдынхаа эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэлүүдийг музейдээ дэлгэн тавьж, гайхуулан бардамнаж байдаг. Гэр бүлийн гишүүдийн удам дамжин хэрэглэж ирсэн ховор хийцийн эд зүйлс ч ийм төрлийн үнэт эдлэлд орно. Элэнц хуланцаас уламжилж ирсэн алмаазан шигтгээтэй бөгж, алтан цаг, шүр сувдан зүүлт зэрэг гоёл чимэглэл нь хуучирсан ч гэсэн үнэ цэнээ хэзээд алддаггүй. Мөнгө өвлүүлэхэд ханш нь хэлбэлзэнэ, газар үл хөдлөх хөрөнгө байлаа гэхэд хүний нүдэнд өртөхөөс авахуулаад өчнөөн асуудал бий. Хамгийн найдвартай, хялбар арга нь үнэт металлаар хийсэн жижиг хэмжээтэй эдлэл буюу гоёл чимэглэлийн зүйл юм. Ерөнхийдөө ийм төрлийн зүйлсийг үр хойчдоо хадгалуулан өвлүүлэх нь тэдний амьдралыг баталгаатай болгож байгаа гэсэн үг юм. Арга ядахад нэг алмаазан бөгж зараад л тулгарсан асуудлаа шийдчих жишээтэй.

Манай монголчуудын хэлж заншсанаар “хатуу эд” их ховор өвлөгдсөн гэж хэлж болно. Монголчууд эртнээс эрэгтэй хүүхдэдээ гол төлөв хөөрөг, гаанс, хэт хутга, мөнгөн аяга, эмээлийн чимгүүдийг, харин охиддоо сүүжин ээмэг, сувдан даруулга, оюу номин шигтгээтэй мөнгөн бөгж, бугуйвч өвлөж үлдээсэн байдаг. Юу ч өвлөж аваагүй хүмүүс ч бас бий. Алтан, мөнгөн, ховор хийцийн бурхад маш цөөхөн айлд хадгалдагдаж үлдсэн байдаг. Цэвэр үндэсний хэв шинжийг агуулсан эдгээр гоёл чимэглэл, эдлэлүүд нь зөвхөн монголчууд бидэндээ л үнэ цэнэтэй. Тухайлбал, Америкт явж байгаад гэнэтийн зүйл тохиолдоод мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэж бодоход эмээгээсээ өвлөж үлдсэн сүүжин алтан ээмгийг тайлаад зарах гэтэл авах хүн олдох нь юу л бол. Лондонгийн эртний эдлэлийн дэлгүүрт ороод эмээлийн мөнгөн баавар заръя аа гээд явж байхгүй болов уу. Харин дэлхийд алдартай “Tiffany & Co” брэндийн арван мянган долларын үнэтэй ээмэг, зүүлтний хослолыг та хэрэглэдэг байлаа гэж бодоход дэлхийн аль ч улсад явж байсан салбар дэлгүүрт нь ороод үүнийгээ заръя аа гэхэд үг дуугүй худалдаад авчихна. Роллсройсын бугуйн цагаа хаана ч явж байсан зараад өөрийгөө “аварчихаж” болно. Яагаад гэвэл эдгээр нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдчихсөн, эд мэддэг хүмүүс хараад л шууд мэднэ. Алтны тухайд бол хаана ч үнэт хөрөнгөд тооцогдох нь мэдээж.

Тэгвэл дэлхий даяар үнэлэгдэх, хаана ч үнэ цэнэтэй байх тийм эдлэлийг хэрэглэж, үр хүүхдэдээ өвлүүлж үлдээдэг байвал ирээдүйд нь маш том баталгаа болох нь ээ. Гэхдээ үндэсний хэв шинж агуулсан зүйлсээс татгалз гэж ятгах гэсэн юм биш, ийм зүйлс үнэ цэнэгүй, бидний үр хүүхдэд хэрэггүй гэж туйлширч байгаа ч хэрэг биш гэдгийг тэмдэглэе.

Дэлхийд алдартай үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид хүний хэрэгцээ шаардлага, тухайн цаг үеийн хандлагаа дагаж хэв загвар нь өөрчлөгдөх боловч орц, хийц, чансаагаа бууруулж муутгана аа л гэж байхгүй, илүү сайжруулж байдаг. Сонгодог загварын, алмааз, чулуун орц голлодог ээмэг, бөгжийг сонирхдог хэсэг байхад бүр энгийн загвартай, сайжруулсан ган титан бүтэцтэй, он цагийн шалгуурыг хамгийн сайн давдаг, хэзээ ч өнгө хийцээ алдахгүй гэдгийг нь бодолцож сонгодог хүмүүс ч бий. Гоёл чимэглэлийн брэндүүд нь ихэвчлэн удам дамжин өвлөгддөг, нарийн тансаг, мэдрэмж шаардсан, бизнесийн нэг төрөл юм. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй гоёл чимэглэлийн брэндүүдээс эхний тавыг нь танилцуулъя.

1. HARRY WINSTON

“Харри Винстон” брэндийн үүсгэн байгуулагч Винстон аавынхаа үнэт эдлэлийн дэлгүүрт ажиллаж байхдаа буюу 12 настайдаа хоёр каратын маргад эрдэнийн чулууг барьцаат зээлийн газраас 25 центээр худалдаж аваад хоёр өдрийн дараа 800 доллараар зарж байжээ. Ингэж үнэт эдлэл таних нүдтэйгээ мэдсэн хүү ааваасаа маш их зүйлийг суралцаж, 1932 онд өөрийн анхны дэлгүүрээ Нью-Йорк хотноо нээсэн гэдэг. Винстоныг үнэт эдлэлийн донор гэдэг байсан, учир нь хамгийн үнэтэй эдлэлүүдийг музейд нийлүүлдэг байж. Эдгээрээс хамгийн алдартай нь дөрвөн зууны түүхтэй, 45.52 каратын “Найдварын алмааз” юм.

Түүний цуглуулгад хамгийн сайн эрдэнийн чулуу, нарийн ширхэгтэй металл хэрэгслүүдийг ашигладаг. Эдгээр үнэт эдлэлүүд нь зөвхөн тансаг, чамин хэрэглээ биш, удаан эдэлгээтэй гэдгээрээ үнэ цэнэтэй. Хуримын болон гоёлын бөгж, цаг, хүзүүний зүүлт зэргийг алмааз, цагаан алт, үнэт металлууд ашиглан хийдэг. Одоогийн байдлаар АНУ-д долоо, бусад улс оронд 12 салбар салон ажиллаж байна. Гвинет Пэлтроу, Мадонна, Женифер Лопез, Анжелина Жоли нарын алдартнууд болон дэлхийн баячууд зүүж хэрэглэдэг байна. Үнэлгээ нь мэдээж маш өндөр, хамгийн жижиг хэмжээтэй алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж л гэхэд 40 мянган доллараас эхэлнэ.

2. CARTIER

Үнэт эдлэл, цаг зохион бүтээдэг Францын тансаг зэрэглэлийн энэхүү үйлдвэр нь дэлхийд чансаа дээгүүрт бичигддэг. Луис-Франсуа Картье 1847 онд Францын Парис хотод Cartier-ийг байгуулжээ. Их Британийн хаан Эдвард VII эднийхийг “Үнэт эдлэлийн хаан бөгөөд хааны үнэт эдлэл” хэмээн өргөмжилж байсан гэдэг. Cartier нь дэлхийн 125 оронд 200 гаруй дэлгүүртэй бөгөөд Лондон, Нью-Йорк, Парис хотод түүхэн гурван сүмийг эзэмшдэг байна. Бугуйвч, бөгж, цаг үйлдвэрлэдэг. Дөрвөлжин дэлгэц бүхий өвөрмөц шийдэлтэй бугуйн цагаараа алдартай. Мөн “Пантер” буюу ирвэсийн дүрс нь хамгийн алдартай загвар нь. Эдгээр үнэт эдлэлүүд 1500-50000 долларын үнэ ханштай байдаг.

3. VAN CLEEF & ARPELS

Энэ нь сүрчиг болон гоёл чимэглэлийн франц брэнд юм. 1896 онд Альфред Ван Клиф ба түүний хадам эцэг Саломон Арпелс нар Парис хотноо байгуулжээ. Хятад болон Японд Францаас анх удаа эднийх үнэт эдлэлээ нэвтрүүлж, салбар дэлгүүрээ нээсэн гэдэг. Van Cleef & Arpels нь Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азид салбар дэлгүүрүүдтэй бөгөөд бараа бүтээгдэхүүнээ бие даасан томоохон брэндийн дэлгүүрүүдэд санал болгон заруулдаг байна. Нэрийн дэлгүүрүүд нь Женев, Цюрих, Мюнхен, Лондон, Милан, Шанхай, Парис, Австрали, Канад хотуудад байрладаг. АНУ-д бол Нью-Йорк, Беверли Хиллс, Чикаго, Хьюстон, Лас Вегаст дэлгүүртэй. Ихэвчлэн цэцэг, амьтан, шидэт дагинын дүрсийг гол дизайнаа болгодог.

Түүхий эд материал нь шижир болон цагаан алт, сувд, байгалийн бусад үнэт чулуунууд. Үнийн хувьд жижиг кулонтой энгэрийн зүүлт л гэхэд 1500 паунд буюу монгол мөнгөөр бол таван сая орчим төгрөгөөс эхэлнэ. Орц, хэмжээнээсээ шалтгаалаад 50000 паундынх ч байна, тэрнээс үнэтэй нь ч бий.

4. BUCCELLATI

1919 онд Марио Букцелати гэгч анх үүсгэн байгуулсан. Мариог нас барсны дараа түүний таван хүүгийн дөрөв нь фирмээ удирдан ажиллуулж байгаад 2016 онд БНХАУ-ын Gansu Gangtai Holding Group нь Buccellati-ийн 85 хувийг худалдаж авчээ.

Парис, Лондон, Москва, Токио, Осака, Нагоя, Хонконг, Милан хотуудаар дамжуулан Монте Наполеоне, Коста Смеральда, Капри, Элба, Беверли Хиллз, Сидней зэрэг газруудад дэлгүүрийн салбар бий. Эртний Ромын үнэт эдлэлийн загварын элемент агуулсан, маш чамин, тансаг хийцтэй бөгж, бугуйвч, хүзүүний зүүлтийг өндөр зэрэглэлийн багаж технологийг алмааз эрдэнийн чулуу шижир алт, цагаан алтаар урладаг байна. Үнэлгээг доллараар яривал хамгийн хямд нь дөрвөн оронтой тооноос буухгүй, үнэтэй нь гэвэл 50, 60 мянгаар тогтохгүй.

5. TIFFANY & CO

Коннектикут мужийн Бруклин хотод 1837 онд Чарльз Льюис Тиффани ба Жон Б. Янг нарын байгуулсан бичиг хэрэг, гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр нь анхандаа “Tiffany, Young and Ellis” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1853 онд Чарльз Тиффани нэрийг нь “Tiffany & Compa­ny” болгон товчилсон байна. Харин одоо “Tiffany & co” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үнэт чулууг өнгө оруулж гоёл чимэглэлээ хийдэг. 1980-аад оны сүүлээс эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь зориулсан анхилуун цэцэгсийн үнэртэй сүрчгийг үйлдвэрлэдэг болжээ. Мөн үнэт эдлэлээр чимсэн цайны хэрэгсэл, мөнгөн аяга, халбага, сэрээ, данх, цар гэх мэтийн тансаг зэрэглэлийн гэр ахуйн эд зүйлс худалдаалдаг. Гоёл чимэглэл, цагны хувьд энгийн, орчин үеийн хийц зонхилдог, зарим загвар нь зүгээр л төмөр зүүчихсэн юм шиг харагдах нь ч бий. Гэсэн хэдий ч сайжруулсан ган, титан, цагаан алт зэрэг металлаар урладаг болохоор маш бат бөх. Залуу охид бүсгүйчүүд сонгох нь элбэг байдаг юм билээ. Үнийн хувьд энгийн загвартай бөгж гэхэд 600, хүзүүний зүүлт 1500 орчим доллараас эхэлнэ. Сувдан бугуйвч 32000 доллар байхад цэвэр мөнгөн ус буцалгагч 5500 доллар байх жишээтэй. Шувууны дүрстэй түлхүүрний болор оосрыг 7500 доллараар авч болно. Манайхны хувьд хориод сая төгрөгөөр түлхүүрний оосор авах нь хэтийдсэн хэрэг болох ч ээмэг, бөгж, хүзүүний зүүлтийг нь авдаг хүмүүс зөндөө. Тиффанид эрчүүдэд болон бяцхан хүүхдүүдэд ч зориулсан загварууд байдаг.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн ертөнцөд амьд үлдэх шалгарсан аргууд

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө аль ч үед тав тухтай амьдрал, эд хөрөнгө, нэр алдрын төлөө бүгдийг зориулж ирсэн байдаг. Та, би, бид бүгдээрээ ялгаагүй болж л өгвөл хамгийн сайныг нь эдэлчих гэсэн, хамгийн амттайг нь идчих гэсэн, хамгийн таатай нөхцөлд ажиллаж амьдрах гэсэн дуусашгүй, мөнхийн хүсэл тэмүүлэл дунд амьдрах хоногийнхоо ихэнхийг элээдэг нь нууц биш. Ганц өдөр ч гэсэн ажиллахгүй бол, тайван налайгаад суучихвал амьдрал орвонгоороо эргэж, хураасан хэдээ алдчих юм шиг, арай гэж мацаж гарсан өндөрлөг дээрээсээ уначих юм шиг тийм л түгшүүртэй нийгэмд амьдарч байна. Энэ бүхнийг бид “алаан дунд амьдрах”, “амьд үлдэх тэмцэл”, “амьдрал бол амь өрссөн тэмцээн” гэх мэтээр томьёолон өөрсдийгөө болоод өрөөлийг хурцалж байдаг. Хөгжил даган техник, технологи олширч улам л төгөлдөржиж байна. Технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний хөгжил мөн дагаж хурдасдаг нь хүний нийгмийн ажиллах зарчим, механизм. Бид технологийн хурдаа гүйцэхийн тулд, бусдаасаа хоцрохгүй, урд нь орж гүйдэггүй юм аа гэхэд хоцорчихгүйхэн шиг хөл нийлүүлэн алхах гэж нийгэм даяараа бужигнаж, үзэлцэн тэмцсээр хүний төрөлх мөн чанараасаа улам бүр холдсоор буй.

Хүн бол амьтан. Байгалийн өгөгдөл. Нохойтой, мууртай, арслантай, анааштай л адил махан биетэй, хувьсан өөрчлөгддөг, урган төлждөг, үрждэг амьтан. Анх байгаль дээр үүсч, байгаль дээр үржиж олширсоор, байгалиа түшиглэн хөгжиж явсаар оюун ухааны өндөр цараанд хүрсэн. Цаашид ч хөгжинө, улам төгс боловсронгуй болно хэмээн эрдэмтэд, судлаачид ярьж бичиж байна. Гэтэл хүн гэдэг амьтан дэлхийд ноёлж, экологийг бүхлээр нь эзэгнэн аж төрж байна. Энэ хэрээрээ өөрийн байгалиас заяасан мөн чанараа гээн үрэгдүүлж, бүрэлдсэн саваа хэмхчин устгаж байгаа нь харамсалтай.

Хүн гэдэг өөрт тулгамдсан асуудлаа дор нь олж тогтоогоод, хариу арга хэмжээ авч сурсан ухаантай бодгаль юм болохоор мөн чанараа гээж буй өөрсдийн энэ амьдралын хэв маягаа өөрчлөх цаг нэгэнт болсныг дуу нэгтэй зөвшөөрч, яавал бид хүнээрээ үлдэх вэ, энэ эх адаггүй бужигнаан дунд хэрхэн оршин тогтнох вэ гэдэг дээр эрэл хайгуул хийсний эцэст нэгэн шийдэлд хүрсэн байна. Энэ нь маш энгийн. Заяагдмал зүйл рүүгээ буцаж нэгдэх буюу байгаль эхтэйгээ хүйн холбоогоо сэргээх нь энэ нийгэмд тэсч үлдэх хамгийн шалгарсан арга болоод байна. Тэгвэл бид яаж мөн чанараа олох вэ, хэрхэн эрч хүчтэй байдлаа хадгалж, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн амьдрах вэ гэдэг дээр тогтож ярилцацгаая. Хүн бүрийн бодол санаа харилцан адилгүй нь үнэн боловч энэ чиглэлээр дэлхий нийтэд судалгаа явуулдаг байгууллагууд, нийгэм болон хувь хүний сэтгэл зүйг судалдаг судлаачдын илтгэл, нийтлэлүүдийг харьцуулан дүгнэж, орчуулсныгаа нэгтгэн уншигчдадаа хүргэхээр зорьсон юм. Хүний мөн чанарын тухай маргаан нь олон зууны турш философийн гол байр суурь байсаар ирсэн бөгөөд гүн гүнзгий маргаан үүсгэдэг. Энэ нь нийгэм, соёл, цаг үеэсээ хамааран өөр өөр байх боловч байгалиасаа тасарч холдох ямар ч боломжгүй. Сонирхуулахад, бидний ярилцах гэж буй сэдвийг дэлхий нийтэд энгийнээр “The modern life survival guide” буюу “Орчин үеийн амьдралд амьд үлдэх гарын авлага” гэх маягтай томьёолдог болохыг олж мэдлээ. Энэ нь хүн хүнээрээ байх энгийн зарчим шиг л санагдсан.

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХ

Би хэн бэ, энэ ертөнц чухам ямар газар вэ, би яах гэж энд ирсэн хэрэг вэ, одоо юу хийх билээ, хэрхэн оршин тогтнох билээ гэдэг наад захын амьдралын үнэнг таньж мэдэх нь хүн төрлийг олсны хамгийн эхний зорилго аж. Юу хүсч байгаагаа, юу таныг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгодог, эсрэгээрээ юунд гутарч, тохь тухгүй байдлыг мэдэрдэг вэ гэдгээ олж тогтоосноор амьдралаа хялбархаан залаад явчихна шүү дээ. Амьсгал бүрээ, алхам болгоноо утга учиртай болгож чадсан хүн л аз жаргалын түлхүүрийг гартаа атгадаг гэнэм.

ЭНГИЙН АМЬДРАЛЫГ СОНГО

Энэ дэлхийд үзүүлэх нөлөөллийн радиусаа багасга. Өөрийн эгог намжааж, энэ дэлхийд ганцаараа л амьдарч байгаа юм шиг аминчхан үзлээ арилгаж, байгаль эхтэйгээ эргэх холбоог үүсгэ. Сүүлийн үед ийм энгийн амьдралыг сонгох хүмүүс олширсон. Хамгийн энгийн жишээ бол органик хоол хүнс сонгож, хэрэглээгээ танаснаар дэлхий нийтийн замбараагүй хэрэглээ, түүнийг дагасан үйлдвэржилтийн сөрөг үр дагавар бяцхан ч гэсэн багасах юм. Хүн бүр ийм амьдралыг сонгож, эргээд натур буюу байгалийн мөн чанартаа ойртвол ямар сайхан хэрэг вэ. Дэлхий ертөнцөө аврах сүүлийн ганц арга нь энэ шүү дээ. Гэвч хүн сүргийн эх захгүй хөгжил амсхийх янз алга аа.

ӨӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛ, ТҮҮНДЭЭ Л ТУЛГУУРЛАЖ АМЬДАР

Үнэт зүйл гэдэг нь таны оюун санааны гол тулгуур үзэл юм. Энэ нь маш өргөн хүрээтэй ойлголт юм шиг сонсогдож байгаа боловч дээр хэлсэнчлэн өөрийгөө таньж мэдсэн хүн үнэт зүйлээ олж мэдчихсэн байдаг. Үнэт зүйлээ дагаж таны амьдралын хэв маяг тодорхойлогдоно. Бид үнэт зүйлсийнхээ төлөө хариуцлага хүлээж, хэрхэн амьдрахаа шийдэж, үүнийгээ хэр зэрэг хийж байгаагаа хянаж байдаг. Энэ чинь л нөгөө бидний тэмүүлдэг утга учиртай амьдрал юм биш үү.

АМЬДРАЛЫН ХУРДАА ТОДОРХОЙЛ

Зарим хүмүүс завгүй, өрнүүн амьдрах дуртай байхад нөгөө хэсэг нь өөрийгөө хүчлэлгүй, аялж юм үзсэн шигээ амьдрахыг илүүд үздэг. Амьдралын ямар ч хэв маягийг сонгосон байлаа гэсэн та өөрөө л сэтгэл хангалуун байж чадвал болох нь тэр. Ажил мэргэжлээ өөрийнхөө хэв маягт тохируулан сонгоод, авьяас чадвар, нөөц бололцоондоо тулгуурлан эвтэйхээн ажиллаж мөнгө олоод өөрийгөө бас гэр бүлийнхнийгээ сайхан амьдруулаад байдаг хүмүүс байхад өдөр шөнөгүй үхэн хатан зүтгэдэг хэрнээ үргэлж бухимдаж, дүнсийж байдаг хэсэг нөхөд ч бий. Амьдралын хурдаа тодорхойл гэдэг нь өөрийн чадварыг бодитоор үнэлээд, хүсэл сонирхолдоо тулгуурлан амьдралын хэв маягийг сонгох. Түүндээ харин бухимдаж түүртэлгүйгээр амьдрахыг хэлж байна гэж ойлголоо.

ЭРГЭЦҮҮЛЭХ ЦАГ ГАРГАЖ АМСХИЙЖ СУР

Завгүй амьдралынхаа дунд түр зогсолт хийгээд алдаа оноогоо дүгнэн, өөрөө өөртөө дүн тавих нь орчин үеийн нийгэмд амьд гарах чухал хэрэгсэл гэнэ шүү. Амьдрал гэдэг барианд орох гэсэн уралдаан биш, аялал юм гэдгийг ойлгохгүй бол та энэ аяллынхаа хугацаанд эргэн тойрныхоо байгалийг мэдрэхгүй, хамт аялж яваа сайхан хүмүүсээ ч анзааралгүй, түр буудаллан цай хоол ч идэлгүй хүрэх газраа л бушуухан хүрэх гэж адгаж явдаг ядаргаатай аялагч болох нь байна.

ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦ

Танин мэдэхүйн хэрэгцээ бол хүний хамгийн энгийн тулгуур хэрэгцээ юм. Хүн хэзээ ч суралцахаа зогсдоггүй гэдэг. Тасралтгүй суралцах нь биднийг залуу, эрч хүчтэй болгож, сорилт бэрхшээлийг даван туулж, амьдралын зорилгоо биелүүлэх боломжийг олгодог. Оюун ухаант хүний мэдэрч болох хамгийн сайхан таашаалуудын нэг нь суралцахуй юм гэдэгтэй маргах хүн гарахгүй гэж найдна. Сурч мэдсэнээ зөвхөн сайн сайхан, гэгээлэг зүйлд ашигла. Энд зөвхөн сургуулийн орчинд олж авдаг боловсрол төдий биш, амьдралын үнэнг эрэлхийлэх танин мэдэхүйн талаар ч бас ярьж байгаа гэдгийг ухаалаг уншигчид андахгүй мэдэж байгаа.

БАЙГАЛЬДАА НЭГД

Байгаль дээр байх нь бидэнд хамгийн сайхан таашаалыг өгөөд зогсохгүй, эрчим хүчээр тэтгэж байдаг билээ. Орчин үеийн суурьшмал хотынхон олон давхар шилэн барилгууд дунд өдрийн нарыг, шөнийн оддыг ч харалгүй, бохир агаар сорон амьдардаг. Утаа угаар тоос тортог дунд хоногийн ихэнх цагийг ажиллаж өнгөрөөнө гэдэг нь хоригдсоноос ялгаагүй, хүнийг чимээгүй алж буй хэрэг биз ээ. Нар, агаар, ус гээд байгалийн амьтны зайлшгүй хэрэгцээ нь холдож, бохирлогдож, алга болчихоор тэр амьтан яаж гундах нь хэтэрхий тодорхой асуудал билээ. Цэлмэг тэнгэр, мандах нар, шөнийн оддыг ажиглах, горхины хоржигноон сонсох зэрэг нь орчин үеийн хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээ болсон хэмээн хүн судлаачид, сэтгэл судлаачид зөвлөж байна.

А.МӨНХЗУЛ