Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Б.Ихэрсувд чөлөөт цагийг завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог DNN.mn

Өдрийн сонины архиваас……………..

“Авьяаслаг монголчууд” шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцлаа.


-Та яагаад “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө үг хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм л даа. Тийм учраас дуу, хөгжмөөр хүмүүст өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хүссэн.

-Өөрийгөө харуулж чадсан уу. Шоунд оролцсоноос хойш таныг хүмүүс мэддэг болж байгаа байх. Таны хувьд ямар санагдаж байгаа вэ?

-Харуулсан гэж бодож байна. Ойр дотнын хүмүүс маань шоуны эхний шалгаруулалтыг үзсэнээс хойш намайг үнэлэх үнэлэмж нь нэмэгдсэнд би баяртай байгаа. Олон хүн намайг мэдлээ, танилаа гээд надад ямар нэг өөрчлөлт орохгүй. Амьдрал маань явдгаараа л явна.

-Дөрвөн шүүгч таныг их дэмжиж байсан. Урмын үг сонсох ямар санагдаж байв. Хэр бодит шүүж байна гэж харж байгаа вэ?

-Шүүгчдийн үгийг сонсоод их урам авсан. Шүүгчид тус тусдаа хувь хүн учраас дөрвөн өөр талаас нь маш сайн шүүлтүүрээр шүүдэг гэж хардаг.

-Эхний үзүүлбэртээ яагаад заавал гадаад дуу дуулсан юм бэ?

-Би юкилили буюу жижиг гитар хөгжмөө хоёр жилийн өмнө хамаатны эгчээсээ бэлгэнд авч байсан. Анх юкилилигээрээ тоглож сурсан дуу маань дуучин “Vance Joy”-ийн “Riptide” дуу байсан. Тиймээс л миний хувьд дуугаа дуулах хамгийн анхны том тайз гэдэг утгаараа энэ дуугаа сонгож дуулсан юм.

Зургаан утастай том гитар хөгжим тоглодог уу?

-Тоглодог. Анх таван жилийн өмнө гитар тоглож сурч байсан. Бие дааж сурч байсан болохоор эхэндээ хэцүү л байлаа. Гэхдээ өмнө нь шанз хөгжим тоглож сурсан байсан маань дөхөм болсон. Ер нь бусад хөгжмийг ч тоглох сонирхолтой. Нэмээд шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсч байгаа.

-Хамтлагт дуулдаг уу. Шүүгчид өөрөө дуу бичээрэй гэж захиж байсан?

-Би хамтлагт байсан. Гэхдээ одоо гарчихсан л даа. Ер нь өөрөө дуу бичих сонирхолтой. Өөрийн гэсэн нэлээд хэдэн дуутай шүү.

Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Намайг Баатарын Ихэрсувд гэдэг. Би 18 настай. Айлын том хүүхэд. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүү Тэнүүн долоон настай. Одоо “Олонлог” сургуульд суралцдаг. Бага дүүг маань Нэгүн гэдэг. Хоёр настай. Цэцэрлэгт явдаг. Аавыг Ш.Баатар, ээжийг Г.Хосбаяр гэдэг. Аав, ээж хоёр хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий.

-Та одоо хаана суралцаж байгаа вэ?

-Би арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Харин одоо МУИС-ийн сэтгэл судлалын ангид хоёрдугаар курст суралцдаг.

-Орос гуравдугаар сургууль гэхээр оросоор чөлөөтэй ярих нь ээ?

-Би орос, англи хэлтэй. Франц хэл бас гадарладаг.

-Багадаа хэр эрх хүүхэд байв. Аав, ээж тань их зөв хүмүүжүүлсэн юм шиг санагдсан?

-Би 12 жил айлын ганц хүүхэд байсан. Мэдээж аав, ээждээ эрхлэлгүй яахав. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг зөв эрхлүүлж өсгөсөн юм.

Надад бие дааж сурахыг зааж, хариуцлагатай, тууштай, өөрийнхөөрөө байхыг зөвлөдөг байсан. Одоо ч би аав, ээжээсээ суралцсаар л байна.

-“Аав, ээжээрээ 18 нас хүртлээ тэжээлгэсэн одоо болно шүү дээ” гэж хэлж байхыг чинь сонсоод хүмүүст хэрсүү санагдсан байх. Өөрийгөө болгоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Би арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж маань арван жилд байхад миний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байсан юм. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг. Одоо ч тэгээд л болоод байгаа. Мөнгө үрээд байх шаардлага гардаггүй. Би санхүүгийн тал дээр их тооцоотой л доо. Хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй.

Гэхдээ сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй их хэмжээний мөнгийг авдаг л даа. Тэрийгээ төрсөн өдөр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийн бэлэг болгож авдаг юм.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагийг би завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог.

Тийм учраас аль болохоор мэдэхгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.

-Найзуудтайгаа хийх зүйлгүй дэмий уулзахаар цаг хайран санагддаг гэж байсан?

-Найзуудтайгаа уулзаад юу хийхээ тохирсон байдаг учраас дэмий уулздаггүй. Хамтдаа хийх зүйлээ хийгээд, нэгнийдээ цагийг сайхан өнгөрүүлдэг. Түүнээс гэнэт л гараад ир гэж дуудахад нь хийх зүйлгүйгээр гарах дургүй.

-Та ирээдүйд хийх зүйлээ төлөвлөсөн байх. Нууц биш бол юу хийхээр зориод байгаа вэ?

-Одоо хэлэхээс илүү ирээдүйд бодож байгаа зүйлээ харуулахыг хүсч байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунд хожвол үүргэвчтэй аялал хийнэ гэж байсан. Хаагуур аялах уу. Өөр зүйл бодсон байгаа юу?

-Шоуны үр дүн гарах болоогүй учраас энэ талаар эрт яримааргүй байна.

-Дараа дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Үүнийг нууцлаад үзэгчдэд гэнэтийн бэлэг болгоод үлдээе гэж бодож байна. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийж байгаа.

-Та мөрөөдөлтэй юу?

-Мэдээж мөрөөдөлтэй. Гэхдээ зүгээр мөрөөдөөд суухийг хүсдэггүй. Тэмцэж л явна даа.

-Та хэзээний төлөвшсөн хүн шиг өөрийн гэсэн байр суурьтай юм аа. Өрөөндөө өөрийнхөө ертөнцийг байгуулчихсан байх. Цуглуулга бий юу?

-Тэгэлгүй яахав. Өрөөндөө би өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд маань одоо зургаан ширээний цаг бий.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгө өөрийгөө илэрхийлдэг учраас би бүгдэд нь дуртай. Хоёр өнгө уусаад өөр өнгө гаргадаг болохоор бүгд л надад үзэсгэлэнтэй санагддаг.

-Ном их уншдаг уу?

-Би багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Одоо Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншиж байна.

Ямар ч зузаан ном байсан гурав хоногт уншаад дуусгачихдаг. Зарим номыг англиар утсан дээрээс уншдаг учраас арай илүү цагийг зарцуулдаг.

-Та цаашдаа дуугаа дуулаад явна гэж бодож байгаа юу?

-Тийм. Би дуу, хөгжмөө орхихгүй. Өөрийгөө илэрхийлж, тайвшруулж байгаа зүйл учраас хаяж чадахгүй. Хөгжим тоглож байхдаа би өөрийнхөөрөө байж чаддаг.

С.Ариунжаргал

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Ариунбямба: Сэдэв нь таалагдсан учраас “Луйвар” кинонд тоглосон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………….

Жүжигчин С.Ариун­бямбатай ярилцлаа.


-Та өөрийнхөө тухай танилцуулаач. Хэзээ сургуулиа төгссөн бэ?

-Би СУИС-ийн 2000 оны төгсөгч. Жүжигчин, найруу­лагч гэсэн давхар мэргэжлээр дүүргэсэн юм. Төгсөөд театрт олон жил ажилласан. Тэр хугацаандаа дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол, туслах дүрүүдэд тогложээ. Хорь шахам дэлгэцийн бү­тээлд оролцсон байна. Най­руулагчийн хувьд гэвэл тайзны хэд хэдэн бүтээл бий.

-Жүжигчин болъё гэж багаасаа хүсч байсан уу?

-Урлагийн гэр бүлд өссөн болохоор аль багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байлаа. Аав маань гавьяат жүжигчин  Сүхээ гэж хүн байсан юм. Ээж бас урлагийн хүн. Олон жил театрт ажилласан хүн. Жаахан байхаасаа л  аав, ээжийгээ дагаж бригадаар их явна. Театрт очно. Аав, ээжийгээ  ажиллаж байхад наагуур цаагуур нь явж нүүр будаг хийж байгааг нь хараад суудаг хүү байлаа. Нэг л мэдэхэд театр, жүжигчний мэргэжилд  дурласан даа.

-Анх ямар кинонд дүр бүтээж байсан бэ?

-Анх 2002 онд “Гашуун аялгуу” гэдэг кинонд тоглож байлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санхүүжүүлсэн юм. Бат гэдэг залуугийн дүрийг бүтээсэн.

-Та дандаа л эсрэг дүр бүтээдэг. Найруулагчид таныг эсрэг дүрд тоглуулахаар  сонгодгоо юу гэж тайлбарладаг вэ?

-Хүмүүс харин ингэж асуугаад байдаг юм. Уг нь би тайзан дээр маш олон эерэг дүр бүтээсэн. Эсрэг дүрд цөөхөн тоглосон байдаг. Эерэг дүрд тоглох тоо нь гүйцнэ гэж байдаг юм болов уу, сүүлийн үед дандаа л эсрэг дүрд тоглож байна. Найруулагч нар эсрэг дүрд тоглож чадна гэж итгээд сонго­дог байлгүй л гэж боддог. Миний хувьд мэдээж зохиолоо эхэлж уншаад таалагдсан дүр дээрээ ажилладаг.

-Та “Mongolian academy awards-2013”-аас “Ану хатан”-ы Данжила баатрын дүрээр шилдэг туслах дүрийн шагнал авсан. Данжилагийн дүрд шалгарсан түүхээ яриач?

-Данжилад тоглох гээд олон  жүжигчин  пробонд орсон юм билээ. Миний хувьд тоглоё гэж бодоогүй байсан л даа. “Ану хатан”-г найруулсан манай ангийн Алтантуяа “Пробонд ороодох” гэж дуудахаар нь проб өгчих­сөн юм. Яг аль дүр дээр нь сонголт хийж байгааг нь ч мэдээгүй. Тэгсэн нэг өдөр дуудаад “Данжилад тоглохоор боллоо шүү” гэсэн. Данжила жанжин чинь эерэг дүр. Намайг сөрөг дүрээр хүлээж аваад сурчихсан хүмүүс “За энэ нөхөр хэзээ урвах бол” гээд  хараад байсан гэсэн. Ноднингийн авардсаас “Ану хатан” киноны хувьд зохиолч, продюсер, туслах эрэгтэй дүр гэсэн гурван  шагнал авсан юм. Жүжигчдээс туслах дүрийн шагнал авсан.

-Зорьж, хүсч  тоглосон кино бий юу?

-Энэ л кинонд тоглочих юмсан гээд байдаггүй. Оногдсон дүрээ маш сайн гаргахыг л хичээж ажилладаг. Судалгаа хийж, хөлс хүчээ гаргаж ажилласан учир тоглосон дүр болгондоо хайртай. Ер нь хүмүүс муу дүр болсон, сайн дүр болсон байна гэж их ярьдаг. Миний хувьд бүх бие сэтгэлээ гаргаж ажилласан учраас муу, сайн дүр гэж байхгүй.

-Таны хамгийн сүүлд тоглосон “Луйвар” киног шүүмжлэх хүн цөөнгүй байна лээ?

-Гадуур сайн, муу янз бүрээр ярьж байгаа байх. Нээлтээ хийгээд хэдхэн хоно­сон болохоор гадуур юу гэж ярьж байгааг сайн мэдэхгүй байна. “Луйвар”-ын  хувьд сэдэв нь их таалагдсан. Өнөө­дөр манайд ийм төрлийн сэдэв­тэй кино ер нь байхгүй шүү. “Луйвар” кинонд Амараа гэдэг залуугийн дүр дээр ажиллалаа.

-Кино найруулъя гэсэн төлөвлөгөө бий юу?

-Бодолгүй яахав. Найруу­лагч мэргэжилтэй хүний хувьд  нэг кино төсөл эхэлчихсэн явж байна. Энэ киногоо хүмүүсийн хардаг өнцгөөс арай өөр байдлаас харж хийх бодолтой байгаа. Нийгмийн хөшигний ард байгаа  эмгэнэлтэй зүйлийг ил гаргана. Хүмүүс бүгд мэдэж байгаа хэрнээ амаа жимийж өнгөрдөг тэр зүйлийг дэлгэцнээ хөндөж тавина. Кино зохиол маань  эхэлчихсэн байгаа.

-Кинондоо өөрөө тоглох уу?

-Мэдэхгүй байна. Үнэхээр таалагдсан дүрдээ  тоглож магадгүй л юм.

-Ариунбямба амьдрал дээрээ ямар хүн бэ?

-Уур уцааргүй, тайван хүлээц­тэй, тэвчээртэй хүн болов уу гэж өөрийгөө дүгнэ­дэг. Хүүхэд насандаа бусад хөвгүүдийн адил сахилгагүй жаал байлаа. Бага, дунд сургуулийн багш нартаа  их баярладаг. Их сургуулийн багш нар маань ч намайг мундаг сайхан төлөвшүүлсэн. Ганцхан амьдрах насандаа хүнлэг,  эх орноо хайрласан чин сэтгэл, зөв хандлагатай амьдрахсан гэж хүсдэг.

-“Лардьма” киноны  архи­чин нөхрийн дүр хүмүүст их хүрсэн санагддаг. Дамчаа гуайг Исмэл тайжийн дүрд тоглосны дараа хүүхдүүд чулуугаар нүүлгэж байсан шиг юм болсон уу?

-Лардьма  нийгмийн хөшиг­ний ард байгаа сэд­вийг гаргасан мундаг кино. Жүжигчид нь их сайн жүжиг­лэсэн. Миний бүтээсэн дүр бол хүчирхийлэл үйлдэж бай­гаа архичин нөхөр Өнөболд. Арай ч чулуу нүүлгээгүй ээ, гэхдээ яривал өчнөөн жишээ бий. Энгийн жишээ хэлэхэд манай охинтой ангийнх нь хүүхэд маргалдаж л дээ. Тэгсэн манай охин “Би чамайг аавдаа хэлнэ” гэж. Тэгсэн нөгөө хүүхэд нь “Танай муу аав хувхай архичин юм билээ” гэсэн байсан. Охин маань яаж дуугүй байхав. “Манай аав архи уудагггүй. Чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл ангийнх нь хүүхэд “Лардьма дээр нэг хөгийн л амьтан байсан ш дээ” гэсэн юм билээ. Хүүхдүүд тэгж ярьсан гэхээр Өнөболдын дүр хүмүүст хүрсэн юм болов уу гэж ойлгож байгаа.

-Хүмүүс таныг гудамжаар ява­хаар ямар өнцгөөр хараад байх шиг санагддаг вэ?

-Дийлэнх нь л “Энэ их муухай зантай, муу хүн байх.  Харваас л уудаг нөхөр байна” гэсэн харцаар хараад байдаг.

-Эсрэг дүрээс татгалзъя гэсэн бодол төрөх үе гардаг уу?

-Дүрд ялгаанууд хэрэгтэй. Эсрэг дүр дотор олон дүр бий. Ярьдаг эсрэг дүр байна. Ярьдаггүй ч эсрэг дүр байна. Тэгэхээр нэг хэв маягт бариг­даж өөрийгөө лоозон, лого болгож ард түмний сэтгэл зүйд хадаж болохгүй. Маш олон сонин дүр дээр ажиллаж болно. Яг тэр гэхийн тэмдэггүй, барьж авч болохгүй тийм л дүрүүдэд ажиллая гэж боддог. Эерэг дүр ч маш олон янз. Энэ хорвоо дээр өөр өөр зан араншинтай өчнөөн мянган хүний дүр оршин тогтнож байна. Тиймээс надад ямар нэг дүрээс татгалзах шаардлага байхгүй. Ажиллах дүрдээ ажиллаад л явна.

-Жүжигчид дүр дээр ажил­лах­даа өчнөөн судалгаа хийдэг гэдэг.  Таны хувьд дүр дээр ажиллахынхаа өмнө өөрийгөө яаж бэлддэг вэ?

-Өөрөөсөө өөр хүн бий болгох гэж байгаа учир судалгаанд цаг зарахаас аргагүй л дээ. Зохиол дээр биччихсэн нөхрийн  удамшил, хүмүүжил, амьдралын замнал зэргийг бүгдийг тооцно. Ямар зүс царайтай, яагаад ийм болсон гээд бүгд л задраад явна. Үүнийг л жүжигчин хүн ямар ч хийгүй гаргах ёстой учраас их нарийн ажиллагаа шаарддаг. Миний хувьд дүр дээрээ ажиллахдаа  эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чана­рыг дотоод руугаа  оруулж сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн тухай бусад дүрүүд нь  юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал.  Дүрийн эцсийн зорилго юу байна гэдгийг бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг  сайн бодох учиртай. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг.

-Та зургийн авьяастай юм аа. Их адилхан зуржээ?

-Хобби, мэдрэмжээрээ л зурдаг. Аав маань ч бас дүрийн эскизүүдээ гаргачихдаг байсан юм. Тайзан дээр гарах үйл хөдлөл бүртэй нь маш тодорхой зурдаг хүн байлаа. Хүүхэд байхдаа аавынхаа хажууд суугаад зургийг нь их харна аа. Аав зурсан эскизүү­дээ дүрийнхээ фототой харь­цуу­лаад хадгалдаг байсан. Надад ч бас тэгж харьцуулсан дэвтэр бий.

-Та бараг өөрөө нүүрээ хувиргачихдаг юм биш үү?

-Би Монголын мундаг нүүр хувиргагч Найданжавын шавь. Оюутан байхдаа нүүр будгийн хичээлээ нэлээд түлхүү заалгаж байсан. Хэр баргийн нүүр будгийг өөрөө хийчихнэ шүү. Кино багт нүүр хувиргагч байдаг. Тэр хүнийг хүндэлнэ. Би ингэж будвал зүгээр гэж бодож байна, та юу гэж бодож байна гэх мэтээр зөвлөлдөж санал солилцож ажилладаг.

-Таны хувьд тайз дэлгэцийн ялгаа юу вэ?

-Тайз бол амьд. Хөгжим дуугараад л хөшиг нээгдэхэд үйл явдал тасралтгүй өрнөж  хөшиг хаагдахад л дуусна. Тодорхой нэг хугацаанд л болж өрнөдөг зүйл. Кино бол тийм биш. Хаанаас нь ч, аль үеэс нь ч зураг авч магадгүй. Тэгэхээр тооцоолох юм маш их гардаг. Кино эхлэх өдөр үхдэг зургаа авахуулах үе ч гарна. Дүр маш их зовлон туулж байж үхэх ёстой. Гэтэл юу ч болоогүй байхад үхнэ гэдэг хэцүү. Тэр бүхнийг мэдэрч гаргана. Дүрээ л маш сайн судлах ёстой.

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хоёр киноны санал авчихаад байна. Гэрээгээ хийж амжаагүй байгаа. Судалгааны ажлаа хийгээд явж байна. Жүжигчин хүн ер нь амардаггүй. Нэг юм уншчихаар зовно, шанална, гудамжинд гарч сонин дүр төрх хайна, хүмүүсийн харилцааг анзаарна гээд цагийг зүгээр өнгөрөөхгүй шүү.

-Яг ямар дүрд тоглох юм бол?

-Нэг нь эсрэг дүр, нөгөө нь эерэг дүр.

-Манай  кино урлагийн хөгжил  хэр түвшинд яваа гэж та боддог вэ?

– Монголын театр, кино урлаг нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Хүмүүс ч маш гоё  хүлээж авдаг болж.  Ер нь урлаг хөгжихөд хүмүүсийн уран сайхны боловсрол үнэлж баршгүй үүрэгтэй байдаг. Зарим хүн үүнийг буруугаар ойлгож “муусайн урлагийнхан” гэж ярьдагт уран бүтээлчийнхээ хувьд эмзэглэдэг. Хүний оюуны талхыг бэлдэж өгдөг хүмүүсийг уран бүтээлч гэдэг. Хүн гэдэг амьтан оюунаа цэнэглэж хооллох ёстой. Тэр хоол нь уран бүтээл. Өөр нэг анхаарахаас аргагүй өнцөг бий. Өнөөдөр гадны маш олон кино, уран бүтээлийг хэн хаана ч үзэж болж байна.  Дэлхий дээр маш олон шашин, үндэстэн, соёл иргэншил бий. Даяаршлын нийгэмд энэ олон янзын соёл нэгдэж байгаагийн наад захын жишээ нь кино урлаг.  Энэ давалгаан дунд Монголын гэсэн өв, соёл, оршихуйгаа авч үлдэж, монгол гэдгээрээ ялгарахын тулд, тэр орчныг бий болгохын төлөө кино урлагийнхан зүтгэж яваа. Миний хувьд  Монголын кино урлагийг хөгжиж байгаа, үүргээ биелүүлж яваа гэж үнэлдэг.

 -Монголд яг одоо ийм төрлийн л кино дутагдаж байна даа гэсэн бодол төрдөг үү?

-Уран бүтээлчид сонин сэдэвтэй сайн кинонууд хийж байна. Техник, технологи нь ч нэг үеэ бодвол өндөр шатанд гарсан. Олон ч төрлийн кино хийж байна. Үндэсний өөрийн хэв маяг, жанрыг бий болгомоор юм уу гэсэн бодол төрдөг. Монголчууд гэж яг ямар хүмүүс юм гэдгийг гаргаж ирмээр санагддаг. Тийм орон зай үгүйлэгдээд байх шиг.  Өнөөдрийн хувьд АНУ, Хятад гээд бүх орны киноны сэдвийг хулгайлаад хийчихлээ. Өөрсдийн өнгө төрх гэдэг юмаа алдах гээд байна уу гэж эмзэглэдэг. Уран бүтээлчид санасандаа хүртэл бүтээл хийе гэхээр мөнгөгүй гацдаг зовлон бий. Бусад улс орнууд уран бүтээл, театртаа маш их хэмжээний мөнгө гаргаж өгдөг. Учир нь айхавтар орнууд  кино урлаг ач холбогдолтойг мэдэрдэг. Тэр ч утгаараа кино урлагаа мундаг хөгжүүлж чадсан. Үндэсний хэмжээний том кино хийвэл дэлхийн тавцанд маш хурдан гарах боломж бидэнд бий.

-Манай жүжигчид ур чадварын хувьд хэр вэ?

-Дэлхийн хэмжээнд дутахгүй шүү. Алтан үеийн мундаг жүжигчид байсан, тэд­ний дараагийн үе, одоогийн үе гээд байна. Манай Амараа Холливудад гарч кинонд тоглож байгаа. Анхням гэхэд Азид гарсан. Монголын жүжиг­чид  мундаг байгаагийн л илэрхийлэл.

-Амжилттай явж байгаа урлагийн хүний ар гэрийг авч явж байгаа эзэгтэй нар их мундаг байдаг. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Мэдээж тэгэлгүй яахав. Эхнэрийг маань Г.Амарсанаа гэдэг. Их сайн бүсгүй бий. Номин-Эрдэнэ, Амин-Эрдэнэ гээд хоёр охинтой. Бага нь нэгдүгээр анги, том нь долдугаар анги.

-Гэрийнхэндээ хэр цаг зав гаргаж байна?

-Боломж гарвал л  зав гаргахыг боддог. Би  их гэрсэг хүн. Бага байхад аав, ээж хоёр ажлаасаа ирэхэд  гэр дүүрээд явчихдаг байсан. Бид хичээлээсээ ирээд л цүнхээ шидэж аавынхаа өвөр дээр суугаад  эрхэлж гардаг байлаа. Аав маань хоймортоо дээлээ нөмрөөд зурагтаа үзээд сууж байдагсан. Ийм  сайхан гэр бүлийн нөмөр нөөлгөнд өссөн болохоор тийм орчныг гэртээ бүрдүүлэхсэн гэж хүсдэг. Тиймээс цаг гарвал л гэртээ ирээд  суучихдаг. Хүүхдүүд маань эрхлээд салахгүй шүү дээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон


УИX-ын гишүүн X.Болорчулуунтай ярилцлаа.


-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгээс ч Дубайн гэрээг хүчингүй болгох дүгнэлт гаргасан. Дубайн гэрээг хүчингүй болгох уу. Энэ нь зөв шийдвэр мөн үү?

-Оюу толгойн гэрээг шалгах арваад хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг гарч олон cap ажилласан. Оюу толгойтой холбоотой гэрээнүүд Монголын хууль тогтоомжуудыг илт зөрчиж хийгдсэн гэдгийг тодорхойлсон.

Тэр дундаа Дубайн гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хохироосон гэрээ болсон гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдээд байгаа. “Муу нэртэй, луу данстай” ч С.Баярцогтын үед хийсэн гэрээний дагуу Монгол Улс 2023 оноос эхлэн ашгаа авах тооцоотой байсныг Дубайн гэрээ гэгчээр 2038 он болгож хойшлуулсан юм.

2023 оноос цэвэр ашгаа хүртэх ёстой байсныг бүр 2048 он болгочихож. Магадгүй 2048 оноос ч ашиг хүртэхгүй байж мэднэ. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болох уу. Тун ноцтой асуудал шүү дээ. Үүнийг эрх мэдэлтэнгүүд мэдэхгүй, туршлагагүйдээ хийчихсэн юм биш ээ. Үүнийг авлига нэвт үнэртсэн гэрээ гэж олон нийт дүгнэдэг.

Тэр ч бүү хэл Австралийн парламентын гишүүн Скотт Лудлам гэгч Оюу толгойн гэрээ байгуулагдах үед Монголын улстөрчдөд тэрбум ам.доллар зарцуулсан гэж хэлсэн нь анхаарал татдаг.

Дубайн гэрээг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын эрх мэдлээ хэтрүүлж хийсэн. Засгийн газрын кабинетаараа ч хэлэлцүүлэлгүй “Би хариуцна” гэсээр дур мэдэн хийлгэсэн. Үүний цаана Ц.Элбэгдорж гэж хүн байсан нь мэдээж. Энэ хүмүүс үндсэндээ эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвасан хүмүүс юм.

Өнөөдөр Оюу толгой компанид 7,000 гаруй хүн ажиллаж байна. Татварт 300 гаруй тэрбум төгрөг оруулдаг. Гэтэл нийт орж ирж байгаа татвараасаа илүү өр манай улсад үүсэж байна.

Зөвхөн 34 хувиа худалдаж авсан зээлийн хүү нь л гэхэд жилдээ 100 гаруй сая ам.доллар. Энэ нь өнөөдрийн жилд орж байгаа татвараас илүү. 2019 оны байдлаар Оюу толгой дээр 11 миллиард ам.долларын өр зээл үүсчихсэн. Энэ өр цаашдаа жил ирэх тусам геометрийн прогрессоор нэмэгдэнэ. Үүний цаана өр төлүүлж байгаад Монголын баялгийг үнэгүй авах бодлого явж байгаа юм. Үүгээр зогсохгүй зардал гаргах тусмаа гадныханд ашигтай байх болно.

Зардлаас зургаан хувийн менежментийн төлбөр авна.

-Оюу толгой, Дубайн гэрээг цуцлах гэхээсээ илүү сайжруулах нь зүйтэй юм биш үү. Та бүхэн гарц, гаргалгааг нь юу гэж харж байгаа юм бэ?

-Мэдээж хэлэлцээрийн ширээний ард сууж, Монголын эрх ашгийн төлөө гэрээг засаж, сайжруулах ёстой. “Өөрчлөх хэрэггүй. Үүнийг бүү хөнд, битгий ярь” гэдэг хүмүүс энэ гэрээтэй холбоотойгоор авлига авсан байх магадлалтай. Тэд одоо айн чичирч байгаа. С.Баярцогтын офшорын асуудлыг ил гаргасан явдал бусдад нь сануулга болсон байгаа юм.

Оюу толгойн болон Дубайн гэрээг олон гишүүд, сайд нар хамгаалж байдаг. Тэдний нэг нь Ц.Нямдорж сайд. Тэрбээр Оюу толгойн муу гэрээг байгуулах үед мөн л Хууль зүйн сайд, эрх мэдэлтэй байсан хүн. Оюу толгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Гэтэл 40-хөн хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулсан.

Уг хуульд алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нэрээр Оюу толгой, гадны хөрөнгө оруулагчдад маш таатай нөхцөл байдлыг бүрдүүлж, Монголын хүртэх ашгийг багасгаж, хугацааг хойшлуулсан.

Тэр битгий хэл 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмж оруулаад Монгол Улс 34 хувиа үнэгүй авах боломж байсныг худалдаж авах зүйл заалт болгон оруулсан. Гэх мэтчилэн гэрээ байгуулахын өмнө хуулийг өөрчилж, засаж Монголын эрх ашгийг хохироосон юм.

-Яг ямар зүйл, заалт оруулсан юм бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтаар тодорхойлно” гэх заалтыг оруулсан. Иймээс үнэгүй авах хувиа өр тавьж, худалдан авч, хүү төлж байна.

Энэ заалтыг тэр хүмүүс мэдээгүй байна гэж үү. Харин ч мэдэхийн дээдээр мэдэж, оруулсан гэдэг нь тодорхой. Т иймдээ ч өөрсдийн хийсэн муу муухайгаа дарахын тулд өнөөдөр хаацайлж, айж, эмээж байгааг нь ойлгож байна.

С.Баярцогтын нууц данснуудын асуудал бол мөсөн уулын орой нь юм. Үүний дор МАНАН бүлэглэлийнхэн нуугдаж байгаа. MAH, АН хоёр хөнжил дотроо орж, 2009 онд MAHAH-1-ээр Оюу толгойн гэрээ байгуулагдсан.

Мөн энэ хоёрын хамтарсан Засгийн газрын үед буюу MAHAH-2-ын үед Дубайн гэрээ хийгдсэн юм. Хамгийн харамсалтай нь ард түмнийг хуурч, эрх мэдэлд хүрмэгцээ улс эх орон, том эрх ашгийнхаа төлөө байж чадахгүй гишүүд, сайд нар байгаа нь эмгэнэлтэй. Миний хувьд ийм муу гэрээг илт хамгаалагч хүмүүст өөрийн байр сууриа шууд илэрхийлэх болно.

-Таныг зарим хэвлэлээр Дубайн гэрээний асуудлаас болж Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой ам мурийж, хоолойг нь боосон гэсэн байна лээ. Энэ үнэн үү?

-Бид хоёр бүлгийн хурал дээр яг энэ Оюу толгойн гэрээний асуудлаар хурц маргасан нь үнэн. Зарим нэг нь давсалж ярьж, бичээ байлгүй дээ.

Намын бүлгийн хурал Оюу толгой, Дубайн гэрээний асуудлаар хэлэлцэх үед хажуунаас хашхираад байснаас болж маргалдсан хэрэг. Олон арван жил сайд, гишүүн хийж, Монголын нийгмийг өнөөдрийн хүнд байдалд хүргэсэн ийм л хүмүүс гадаад 30 миллиард ам.долларын өрийг хариуцах ёстой биш үү.

-УИХ-аар Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт зэргийг хэзээ авч хэлэлцэх вэ?

-Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гаргасан тогтоолыг УИХ-д оруулах тогтоолын төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тэрхүү ажлын хэсэгт багтаж байгаа. Үүнийг УИХ-аар оруулж, батлуулахгүй гэж хэсэг бүлэг хүмүүс маш их зүтгэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар дээр ярилцаж байж болъё гэх зүйлүүдийг ч ярьж байгаа юм.

Угтаа УИХ-ын тогтоол шийдвэрийг хэнбугай нь ч хориглох ёсгүй. Бид долоон зүйл заалттай Оюу толгой, Дубайн гэрээг засаж, сайжруулах зүйл, заалт бүхий Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан тогтоолын төслийг УИХ-аар оруулна.

-Засгийн газар Оюу толгой компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж чадах уу?

-Хэлэлцээрийн ширээний ард зайлшгүй суух шаардлагатай. УИХ-ын гаргасан тогтоол шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлж чадах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Учир нь У.Хүрэлсүх өөрөө засъя гэж бодсон ч кабинет дахь Оюу толгойг хамгаалдаг хэдэн сайд нар нь дэмжихгүй байх магадлалтай.

Энэ Засгийн газрын үед Оюу толгойн асуудлууд эерэг, сайнаар шийдэгдчихнэ гэж итгэл төгс хэлж чадахгүй. Гэхдээ нэгэнт УИХ-аас шийдвэр нь гарчихсан байхад энэ Засгийн газар биш ч дараагийнх нь, өнөөдөр биш ч маргааш засаж таарна. Засагдах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар: Туулын эргийг арваад баян эзэмшиг, жирийн иргэд ч адилхан эзэмшье гэдгийг сурвалжлагаараа хөндсөн

Туул голын ай сав газрыг Монголын эрх мэдэлтэй, толгой баячууд бүхэлд нь авч, жирийн иргэд Туул голын орчим хөл тавих эрхгүй болсон тухай “Өдрийн сонин” онцолж, цуврал сурвалжлага хүргэсэн нь нийгэмд шуугиан болоод байна. Туул голын эрэг дагуу нөхцөл байдал ямар болсон талаар газар дээрээс нь сурвалжилсан “Балдорж” шагналт, “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та “Алтан туул, Алтан туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ” хэмээх цуврал сурвалжлага бэлтгэсэн. Сурвалжлага бэлтгэхдээ хэдэн өдрийг зарцуулсан бэ?

-Туул гол Хэнтийн нуруун дахь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгадаг. Ингэхдээ Хэнтий, Төв, Сэлэнгэ тэргүүтэй таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Монголын нэн ховор ан, амьтан, загас, жараахайтай тунгалаг сайхан гол эх авсан газруудаасаа урссаар нийслэл хотод ирж байгаа юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн цэнгэг сайхан устай голыг дагаж Тэрэлжээс эхэлж амралтын газрууд бий болсон байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу Гачууртын голын хоёр талаар зай завсаргүй амралтын газрууд ажиллаж байгаа. Урсгал дагуу Баянзүрх дүүргийн товчооноос эхлээд Сонсголонгийн гүүр хүртэл голын хойд талаар барилгын хотхонууд, урд эргийн дагуух бүх газрыг сөөм ч завсаргүйгээр цөөхөн хэдэн хүмүүс буюу арав гаруй компани, аж ахуйн нэгж, улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс зай завсаргүй авсан байгаа юм.

Энэ талаар сурвалжлахаар “Өдрийн сонин”-оос надад томилолт өгч гэрэл зурагчны хамт Туул голын эрэг дагуу дөрвөн өдөр явж, судалгаа хийсэн. Сонсголонгийн гүүрнээс голоо дээш өгсөн явж сурвалжлагаа бэлтгэсэн. Туул голын эрэг дагуу Сонсголонгийн гүүрнээс эхлээд өч төчнөөн барилга баригдаж байна. Сонсголонгийн гүүрний баруун талд “Элеганс” гээд нэлээн том, тансаг зэрэглэлийн хотхон баригдаж, барилгын явц бараг 90 хувьд хүрсэн байна лээ. Тэр хотхон наран шарлагын газар, амралтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр хэсгээс эхлэн дээш өгсөхөд Туул голын эргийг тулгаад завсаргүй барилгууд бариад эхэлчихсэн байна. Зайсангийн гүүр орчимд баригдсан хэдэн арван хотхон бий. Зайсангийн бурхантай хөшөөний эсрэг талд “MCS”-ийн барилга баригдсан байгаа. Тус барилгыг голын эрэг дээр шороо асгаж хучилт хийгээд талбай засч байгаад барьчихсан юм билээ. Залгуулаад “Оюуны ундраа” группийн худалдааны төв, бар, рестораны зориулалттай том шилэн барилга бий. Түүний хажуугаар их том хашаа хашаалчихсан удахгүй барилгын ажил эхлэхэд бэлэн болсон байдалтай байсан.

-Тэгэхээр Туул голын эрэг тэр чигтээ эзэнтэй болчихсон юмаа даа?

-Туул голын эрэг дагуу хүн орох ямар ч зай завсаргүйгээр залгуулан хашаанууд үргэлжлэн барьсан байна. Үндсэндээ замын урд талаар улстөрчид, тэдгээр нөлөө бүхий хэдэн хүн хойд талаар цөөн хэдэн хөрөнгөтэй хүн авчихсан байна. Газраа барилгын ажилд хэрэглээд байдаг хоёр метр өндөртэй цэнхэр, саарал өнгөтэй хашаануудаар хашаалсан байсан. Эсвэл эвгүй гишгэвэл хүн сүлбүүлж мэдэхээр сараалжин хайсан хашаанууд байгаа юм. Иймэрхүү байдалтай Туул голын эргийг цөөхөн хүн хэдэн га-гаар нь хашаалаад авчихсан байна.

-Эзэн нь хэн гэдгийг мэдэх боломжтой байх юм уу?

-Эдгээрийг гаднаас нь хараад хэнийх вэ гэдгийг мэдэх боломж байхгүй. Харуул хамгаалалтынхантай нь уулзаад ч нэмэргүй. Бараг хамгаалагчид нь жинхэнэ эзнээ хэн гэдгийг мэдэхгүй. Дээрээс нь хууль хяналтын байгууллага болон МХЕГ, НМХГ-аас Туул голын эрэг орчмоор 2011 оноос хойш ямар ч шалгалт хийгээгүй юм билээ. Богдхан уулын захиргаа, Туул голын ай сав хамгаалах газар гээд төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд хүртэл тэнд хэн гэдэг хүн хэчнээн га газар ямар зориулалтаар авсныг мэддэггүй юм билээ. Мөн Нийслэлийн газрын алба болон Байгаль орчны яамнаас иргэн Бат тэнд тийм газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэх бүрэн бус, тодорхойгүй мэдээлэлтэй сууж байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр жирийн иргэнээр халхавчилж томчуудын авсан газрууд байгаад байдаг. Иргэн Бат гэдэг хүн нь юу хийдэг талаар судалж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй байдаг. Тэгсэн мөртлөө ямар ч компани, мөнгөний эх үүсвэргүй хүн хэдэн зуун сая төгрөг гаргаж тэр газрыг хашаалаад авчихсан байдаг. Сонин байгаа биз. Үүний цаана юу байгааг, хэн байгааг төрийн байгууллагынхан мэдэхгүй байна гэдэг өөрөө асуудал дагуулж байгаа хэрэг. Зарим газрыг хашаалаад орхичихсон байдаг юм билээ. Эзэнгүй юм уу гэхээр хүмүүс байнга эргэж тойрч, тордож янзлаад байдаг. Ийм маягаар Туул голын урд эргийг арав хүрэхгүй хүн эзэмшээд авчихсан. Тэр хүмүүсийг судлаад үзэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн захирал эсвэл төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа сайд, дарга, бизнесмэнүүд байдаг юм.

-Туул голын эрэг дагуу газар олгож болдог юм уу?

-Би үүнийг судалсан. Хуульдаа тийм нарийн заалт байдаггүй юм байна. Туул голын эрэг дагуу гэхээр Усны тухай хуулийг бид үзэх ёстой. Дээр нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Туул голын эрэг дээр 50 метрээс ойр зайнд аялал жуулчлалын чиглэлээр болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг хориглочихсон байгаа. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэвч дээрх хуулиудын нэг заалт битгий хэл бүгдийг нь зөрчөөд Туул голын эргийг хэдэн хүн эзэлчихсэн. Бүгд байшин, орон сууц, хотхон, худалдааны төв гээд олон жил ашиглагдах барилгууд барьж байна. БОАЖЯ-наас зарим нь аялал жуулчлалын зориулалтаар газар түр эзэмших буюу таван жилийн хугацаатай эрх авдаг ч хэдэн арав битгий хэл зуун жил ашиглах байшин сав бариад тохижсон байгаа нь тухайн хуулийг төдийгүй Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг анхнаасаа мөрдөхгүй, холбогдох албаныхныг хуурч, эсвэл хуйвалдаж газрын эзэмших эрхтэй болсныг илтгэхээр байгаа юм. Ингээд би Туул голын эрэг дагуу, онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд баригдсан, баригдаж байгаа барилгуудыг эсэргүүцэж, эздэд нь хандаж “Та нар хууль зөрчиж байна” гэж бичсэн. Барилгын тухай хууль, журам, дүрмийг зөрчсөн атлаа “Манайх хууль зөрчөөгүй ээ” гээд манай сонин руу албан бичиг хүргүүлж, хууль хяналтын байгууллагад хэд хэдэн компани, аж ахуйн нэгж гомдол гаргаад байна.

-Эдгээр иргэнд газрын зөвшөөрлийг хаанаас олгосон байдаг вэ?

-Ихэнхийг нь аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэх үндэслэлээр Байгаль орчны яамны төрийн тусгай хамгаалалттай сав газрын хамгаалах газраас тодорхой хугацаатай эзэмшлийн газрын зөвшөөрөл олгосон байдаг. Ер нь Богдхан уулыг тойрсон газрыг аялал жуулчлалын бүс байгуулна гэдэг үндэслэлээр зөвшөөрөл олгоод тэр нь одоо дандаа орон сууцны барилга болсон байгаа. Яг л тэр жишгээр явсан байна лээ. Хуулиараа нийслэлийн газрын албанаас хууль бусаар хашаа баривал буулгадаг ч тэр хүмүүсийн газар дээр цагдаа, МХЕГ, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрынхан гээд аль нь ч шалгадаггүй. Эх сурвалжийн мэдээлснээр шалгуулдаг ч үгүй, шалгасан ч асуудал үүсгэдэггүй юм гэсэн.

-Таны сурвалжлагад иргэд Туул голын эрэг рүү орж салхилж, зугаалах боломжгүй болсон тухай гарсан байсан. Үнэхээр хаагуур нь ч орж болохооргүй болсон байна уу?

-Тэгэлгүй яахав. Тав, зургаахан жилийн өмнө иргэд Туул гол руу явахдаа Зайсан руу автобусанд суугаад л орчихдог байлаа. Туул голын эрэг дагуу хэн ч зугаалж болдог байсан. Тэгээд ч нийслэл хотын урд хэсгээр урссан Туул гол түүнийг дагасан бургастай шугуйтай учраас хүмүүс салхилж амрах дуртай байдаг юм. Зун болохоор нийслэл хотынхон бараг тэр чигээрээ Туул гол руугаа явдаг шүү дээ. Гэвч одоо Зайсангаас эхлээд Туул голын эрэг рүү очих ямар ч боломжгүй хашаалчихсан. Хойд талаар нь Монголын томоохон бизнес эрхлэгч “Номин констракшн”, “Хурд” группийнхэн барилга бариад хамгаалалт гаргачихсан байгаа. Хотхон нь том том хашаатай учраас түүгээр дамжиж Туул гол руу орох ямар ч боломжгүй. Голын урд талаар нь хүмүүс орох боломжтой байсан ч мөн л хашаалаад авчихсан байгаа. Харин Туул голын эрэг дагуу “Ард түмний талбай” гээд нэрлэчихсэн сөөм газар бий. Тэр нь Бөөгийн овоо буюу Бага тэнгэрийн амны эсрэг талд байрладаг. Тэр талбай дээр зун нийслэлийн иргэд очоод хөл гишгэх зайгүй болдог. Иргэд салхилан зугаалаад зориулалтын сүүдрэвчинд настай хүмүүс шатар тоглоод байж байдаг. Хажууд нь бага насны хүүхдүүдээ салхилуулаад хэсэг амардаг юм. Туул гол руу ингэж их хүмүүс очдог байхад нэр бүхий хэдэн компани газрыг нь булаачихаж, тэднийг хууль хяналтынхан цэгцэлж дийлэхээсээ нэгэнт өнгөрсөн юм бол ядаж газраасаа хасаад хүмүүст амрах ахиухан талбай гаргаж өгөх хэрэгтэй гэдэг санааг сурвалжлагадаа гаргасан.

-Сурвалжлагаараа өөр санал санаачилга гаргасан уу?

-Гэхдээ сурвалжлагаараа тэр хүмүүсийг барилгаа нураа, Туул голоос холд, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж хэлэхийг хүсээгүй. Хамгийн гол нь Туул голын эрэг дагуу эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс очиж барилга барьж болж байгаа бол жирийн иргэд яагаад барилга барьж болдоггүй юм бэ. Энгийн иргэд, дундаж давхаргынхан барилга баримаар байна шүү дээ. Товчоор хэлбэл, Туулын эргийг арваад баян эзэмшиг, жирийн иргэд ч бас тэдэнтэй адилхан эзэмшмээр байна шүү дээ гэдгийг цуврал сурвалжлагаараа хөндсөн юм. Ер нь бол Туул гол хэдхэн хүний өмч биш. Цөөхөн хэдэн хүн тэр газрыг аялал жуулчлалын зориулалтаар гэх нэрээр төрийг ч, хуулийг ч, иргэдийг ч хуурч хашаалж авах нь буруу. Нийслэлийн сая гаруй иргэн Туул гол дээр очиж зун амралтаа өнгөрүүлмээр байна. Тэгэхээр эдгээр компаниас 20, 20 метрийн эргээс татаж иргэдэд зай талбай гаргаж өгмөөр байна. Хүмүүс тэндээ салхилж, зугаалдаг баймаар байна. Чадалтай нэг нь аятайхан, тухтай байшин бариад амьдраг. Хууль дүрэм хүмүүст эрх тэгш үйлчилдгийн адил тэндэх үйл ажиллагаа ч бүгдэд хүртээлтэй баймаар байна гэдэг утга санааг гаргахыг зорьсон. Туул голын эрэг, тэр тусмаа нийслэлийн урдуур урсаж байгаа хэсгийн ашигтай талбай нь яагаад эрх мэдэл бүхий хэдхэн хүний өмч болох гэж. Хууль, дүрмээ сахиж мөрдөж чадахгүй байгаа бол нийт иргэдэд эрхийг нь өг, хуваалц гэсэн санаа юм л даа.

-Сонсголонгийн гүүрнээс доош яагаад газар авдаггүй юм бол?

-Туул гол нийслэл хотод ирэхдээ сайхан тунгалаг байдаг. Гэвч Сонсголонгийн гүүрнээс доош ус бохирдолтой байдаг учраас барилгын компаниуд авахгүй байгаа юм. Сонсголонгийн гүүр орчимд Төв цэвэрлэх байгууламжийн бохир үнэр яаж үнэртдэг билээ. Дээр нь тэр хавиас Арьс, ширний үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн бохирдол Туул голд цутгаж Төв аймгийн Алтанбулаг сумын газар нутаг руу урсдаг. Ингэхдээ маш их бохирддогийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Энэ мэт бохирдлоос үүдэн Туул голыг дагасан сумд, орон нутгийн ард иргэд арьсны ямар нэг харшил, өвчтэй болж, мал нь хүртэл хордож эхэлсэн байгаа. Бүр Туул голын эрэг дагуу байрладаг сумд өвчлөл их байдаг гэсэн судалгаа тооцоо гаргасан байдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох газрууд “Арьс, ширний үйлдвэрийг нийслэлээс гаргая, Туул голын эрэг дагуу байрлаж байгаа архи, пивоны үйлдвэрүүдийг холдуулъя, Төв цэвэрлэх байгууламж бохироо цэвэрлэж чадахгүй байна” гэдэг ч үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгээгүй л байна.


Categories
мэдээ цаг-үе

Олон ажлыг түүртэлгүй амжуулдаг жүжигчин бүсгүй

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Түүнтэй уулзах цагаа тохирохоор холбогдоход “Ажил ихтэй байгаа. Хамт явж болно гэвэл хүрээд ир” гэснээр бид “Viva city”-д байрлах “Ariunaа Suri”-гийн урлан дээр очлоо. Тэнд Ундармаа зураг авалттай байсан юм. Г.Ундармааг хүмүүс хошин урлаг, тайз, дэлгэцийн урдаа барьдаг эмэгтэй жүжигчин гэдгээр андахгүй. Түүний менежер “Одоо “Гэгээнтэн” кино театр руу явах цаг боллоо” гэхэд 11:40 цаг болж байв. Ундармаа энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Амьдралоги” киногоо Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үзүүлж байгаа юм байна. Тэрээр кино дуусах үед танхим руу орж ахмадуудтай уулзахаар ийн яарч яваа аж. “Гэгээнтэн” явах замдаа “Би багаасаа кино үзэх дуртай байсан учраас жүжигчин болсон. Анх кино яаж бүтдэгийг бага мэдэх учраас туршлага багатай. Монгол кино үзээд шүүмжлэх юм гарна. Тэгээд л би юмыг шүүмжилж байхаар өөрөө хийчихвэл зүгээр юм даа гэж бодсон. Миний шүүмжилдэг зүйл бол обьект, хувцас, жүжигчдийн тоглолт, дүр сонголт. Ийм киног хүмүүс их үздэг гээд дандаа л уйлсан орилсон логик авцалдаагүй кинонууд их хийгдэж байсан. Би кино хийх гэхээр айдастай байсан юм. Гэтэл нөхөр маань чи хийж чадна, киногоо хийчих гэж зоригжуулсан л даа.

Нээрэн ч хийж чадах урам орж анхныхаа киног хийж байлаа. Ер нь бидний насныхан тодорхой хэмжээний чадалтай болсон бол Монгол руугаа хандсан, хүмүүсийн амьдралд чиглэсэн уран бүтээл хийх ёстой. Манай нийгэмд ганц бие эмэгтэйчүүд маш их байна. Тиймээс ч “Single la¬dies 1,2”, “Тютю” кинонуудаа хийсэн. Залуучуудын хариуцлагагүйгээс болж хүүхэд өнчирдөг. Энэ бол томчуудын хамгийн том алдаа. Тэгэхээр би энэ удаад гэр бүл бүхэн аз жаргалтай байгаасай гэж “Амьдралоги” киног хийсэн. Аав, ээж, нөхөр, хүүхэд хариуцлагатай байх ёстой шүү дээ” хэмээн ярьсан юм. Түүний дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” киног үзэж суусан ахмадууд Г.Ундармааг гэнэт гарч ирэхэд баярлан урмын үгс хэлж байв. Тэрээр үзэгчдээс гурван азтан шалгаруулж цуглуулгын дээж болсон тансаг үнэртэй лаа бэлэглэсэн юм. Ахмадууд танхимаас гарч ирэн Г.Ундармаатай дурсгалын зураг авахуулан хэсэгтээ яриа хөөрөө өрнүүлэв. Ийн хэсэг саатсаны дараа зураг авалт руугаа буцах замдаа яриа дэлгэн та “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хийсэн ажлаар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан байсан гэхэд “Би энэ ажлыг шагнал авахын тулд хийгээгүй. Тухайн өдөр өөрөө ч мэдээгүй байтал гэнэт шагнал өгөхөд мэдээж сэтгэл хөдөлж байсан. Гэхдээ надтай хамтарч ажилладаг компаниудын бүгдийнх нь шагнал гэж бодож байгаа. Тэр хүмүүст урам өгч дэмжвэл бид бүр л олон зүйл хамтарч хийх байх. Би 2013 онд “Ард Аюуш” гээд нийгэмд тустай ажил хийх реалити шоунд орсон юм. Шоунд өөрөө хувиасаа мөнгө гаргахгүй санхүүжилтээ босгож хийнэ гэж заасан байсан. Тэр шоунд би хүүхдийн төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулж түрүүлсэн. Эмнэлэг тохижуулах туршлагатай болж интерьерийг өөрийнхөө хэмжээнд ойлгодог болчихсон учраас үргэлжлүүлээд хийхэд дөхөм санагдсан л даа. Найз нөхөд маань ч надад их тусалсан учраас хийе гэж дайрсан юм. Хамгийн гол нь нэг зорилготой, хүнд тусалъя гэсэн санаачилгатай хүмүүс нэгдэж ажиллаж байгаа учраас энэ төсөл урт хугацаанд тасралгүй явж байна. Одоо таван эмнэлэг, нэг хүүхдийн ордны гал тогоог тохижуулчихсан байна. Хийсэн ажлынхаа ард гарахад сайхан байдаг” хэмээн ярьсан. Зураг авалтаа дууссаны дараа нэлээд хэдэн ажил амжуулаад авлаа. Гадуур алхахад нь хүмүүс жүжигчин Ундармаа байна, хар даа гэж дуу алдах нь байсан бол зарим нь ирж баяр хүргэх юм. Тэрээр урлагийн бид үзэгчдийн алга ташилт, урмын үгээр л хөг орж урамшина шүү дээ гээд инээмсэглэв. Тэрээр гэртээ харих замдаа “Уг нь би Туул гол руу гүйгээд дасгал хийчихдэг байсан. Сүүлийн нэг жил ямар ч завгүй ажиллаж байна. Өглөө ажилдаа гараад орой гэртээ ороод шууд унтана. Амрах цагаа хасч үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэхийн тулд гаргаж байгаа миний хичээл зүтгэл юм даа” хэмээв. Та энгийн, хээгүй зантай юм аа гэхэд “Од болж хямсаганаад байх нь чухал биш. Жинхэнэ од Монголд байхгүй шүү дээ. Одууд чинь тасарцан амьдралтай, хэмжээлшгүй орлоготой хүмүүс. Манайд бол олны танил гэх байх л даа. Бид чинь чардайж ажиллаад мөнгө олдог байж мянга хямсгар байгаад яах вэ дээ” хэмээн инээд алдлаа.

Г.Ундармаа Зайсангийн “Хунгийн хотхон”-д нөхөр Батжаргал, охин Бэрцэцэг болон гэр бүлийн гишүүн болсон нохойтойгоо амьдардаг юм байна. Биднийг очиход нөхөр нь эзгүй байлаа. Зочны өрөөнд нь төгөлдөр хуур, ятга, шанз, мандолин зэрэг хөгжмүүд байлаа. Ундармаа тэднийг нэг нэгээр нь авч тоглох зуураа “Манай ээж Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан. Ээж урлагийн хүн учраас хажууд байгаа зүйл илүү ойрхон харагддаг юм билээ. Би багаасаа л шүлэг уншиж, бүжиглэдэг хүүхэд байсан. Харин аав эмч мэргэжилтэй ч насаараа багшилж, удирдах ажил олон жил хийсэн хүн дээ. Нутаг усаараа яривал аав маань Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Ээж Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Би Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн юм” гэв. Тэрээр арван жилийн сургуулиа нутагтаа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчин мэргэжил эзэмшчээ. Их сургуулиа төгсөөд Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт гурван жил ажилласан гэнэ. Г.Ундармаа ажлын гараагаа хэрхэн эхлүүлсэн тухайгаа “Зуны амралтаар “Халтар царайт” киноны Стерлита, Тони, Санта гурав ирнэ гээд тоглолтыг нь үзэхээр аав, ээжээс мөнгө аваад ирж байлаа. Уг нь хотод гурван сар юм үзээд найзуудтайгаа амарч байгаад ир гэсэн ч мөнгөө дуусгачихсан. Аав руу залгаад би буцлаа гэхэд “Аав нь хүнд хэлээд өгье. Наанаа ажилд орчих, тэгээд хамт олонтой бол” гэсэн. Тэгж байхдаа би “АНУН” компанид тавилгын борлуулагчаар ажилд орж байсан юм. Сайн ажилласан учраас үлдэх санал авч тавилгын борлуулагч болохоор шийдсэн. Тухайн үед хошин урлагийн театрт шалгуулаад тэнцсэн. Хэдэн жил ажилласан хойноо “Шинэ үе”-д орж байлаа. Бараг 18 жил ажилласан байх шүү. 18 жил ажиллахдаа Бооёо, Хүрлээ ах, Амбий ах, Лхагваа ах, Эрдэнэзаан гээд гар нийлж ажилладаг олон хамтрагчтай болсон байна. Сая “Амьдралоги” кинон дээр Ж.Мөнхсайхантай их сайхан хосолсон. Би их сэтгэл хангалуун байгаа. Хошин урлагт ажиллах хугацаанд “АНУН” компанид давхар ажиллана. Өдрийн цагаар тавилгын дэлгүүрт ажиллаж орой нь тоглолтондоо орно. Азаар хоёр ажил маань нэг нь өглөө нэг нь орой таардаг байсан” хэмээн ярив. Тэрээр үргэлжлүүлэн “Шинэ үе”-д би олон жил ажилласан. Би өөрийн гэсэн өнгө төрхтэй, үзэл бодлоо шингээсэн уран бүтээл хийхийг хүссэн. Тэгээд ч өдий 40 гарч байгаа эмэгтэй өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргах хэрэгтэй биз дээ. Тэгж шийдээд тайз, дэлгэцийн уран бүтээл хийхээр “U film” уран бүтээлийн нэгдлээ байгуулсан юм. Түүнээс хойш дөрвөн кино хийсэн байна. “Тютю” гэх уран бүтээл маань гоо сайхан, эмэгтэй хүний тухай кино. Уран бүтээлээрээ эмэгтэй хүнийг өмөөрсөн юм. Хүмүүс ийм кино гэж юу байдаг юм гэдэг. Үнэндээ аятайхан охин ажилд ороход эрх мэдэлтэй нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол олон шүү дээ. Гэр бүлтэй эмэгтэйг эргүүлэх нь ч бий. Би энэ талаар олон сонсож байсан. Ийм сэдэв санал болгоход нь таалагдаж кино болгосон юм. Кинонд 70-80-аад оноос өдийг хүртэл гарч байгаа асуудлыг хөндсөн. Манай уран бүтээл дандаа л хэн нэгнийг хамгаалсан, бусдад урам өгөх сэдэвтэй байдаг. Ерөнхийдөө миний найзуудад үе үеийн ганц бие эмэгтэйчүүд бий. Бид нийлээд их удаан ярилцана. Би үүнийг л кино болговол гоё юм даа гэж боддог байсан. Дотроо өөрөө кино болгож төсөөлөөд үйл явдлуудыг нь бодно. Ерөнхийдөө толгойн дотроо киногоо үзчихсэн байсан хэрэг. Тэгээд л “Single ladies” гэх ганц бие эмэгтэйчүүдийн түүхийг хөгжилтэй, энгийнээр харуулсан уран бүтээл хийсэн. Кинонд гарч байгаа үг хүмүүсийн зүрх рүү орсон байна лээ. Энэ бол бидний зорилго бүтэж байгаагийн илрэл. Би өөрөө эмэгтэй хүн. 40 хүртэлх насны эмэгтэйчүүдийн бүх үеийг би туулчихсан учраас цаашдаа ч эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор байна гэж боддог” хэмээн хууч хөөрлөө.

Хошин урлагийн тайзнаа од болон гялалздаг Г.Ундармаа нөхөртэйгөө АНУН-д ажиллаад удаагүй байхдаа танилцаж байжээ. Бид хоёр танилцаад суух шийдвэрээ их хурдан гаргаж байсан. Хуримаа хийе гэж товлоод л долоо хоноод хийчихсэн. Манай аавд очиж хэлэхэд аав тал мөнгийг нь өгье гэсэн. Дараа нь хадам аавд хэлэхэд маргаашнаас мөнгө аваад хуримдаа бэлд гэж билээ. Тэгээд л долоо хоног бэлдээд хуримаа хийчихсэн. Бид хоёр хүнсний 50-ийн хажууд 40 мянгатын нэг өрөө байранд тусдаа гарч байсан юм. Тэндээ гурван жил амьдарсан. Бид хоёр цалингаа их цуглуулдаг, хуримтлал сайтай хосууд байлаа. Хоёр талаас цалингаа аваад хадгаламжиндаа хийнэ. Мөнгө нэмэгдэх тусам баярлана. Тухайн үед гараар бичдэг хадгаламжийн дэвтэртэй. Одоо болтол хадгалчихсан байдаг шүү. Хуримтлалаараа хороололд гурван өрөө байр авч, Бээжингээс тавилгаа авч байсан. Дахиж мөнгөө цуглуулаад машин авсан гээд бодоход хоёр талаасаа ингэж босгосон амьдрал сайхан, амттай шүү” гэж ярихад нүдэнд нь нулимс цийлгэнэж харагдав. Үргэлжлүүлэн “Амьдрал учраас зовлон жар-гал их. Эмчилгээнд явах гээд мөнгөө цуглуулж зургаан жил гадагшаа эмнэлгээр явсан. Дөрвөн сар бид хоёр өдөр шөнөгүй хоёр талд ажиллана. Мөнгөө аваад л эмчилгээнд явна. Харьцангуй залуу хүмүүс гэхэд бид хоёр хоёулаа л байвал аз жаргалтай байдаг байсан. Манай охин ч бид хоёр шиг илүү юм хүсдэггүй. Миний уран бүтээл сайхан болбол бидний аз жаргал. Орой гэр рүүгээ хоёулаа яарна. Байнгын л шинэ хосууд шиг байдаг юм. Би их азтай эмэгтэй. Миний эргэн тойронд ах дүү, найз нөхөд, хань ижил, аав ээж гээд дандаа сайхан хүмүүс байдаг” хэмээн нүд нь гялалзлаа.

Г.Ундармаа гэр бүлээрээ их бахархдаг нь илт. Зургийн цомгоо эргүүлэн хөгжилтэй инээнгээ яриагаа үргэлжлүүлэн “Нөхөр маань намайг анхнаасаа хоёр ажил хийдгийг мэддэг байсан болохоор ойлгодог байсан. Би зав л гарвал хоол хийж, гэрээ цэвэрлэнэ гээд айлын эхнэр хүний хийдэг бүхнийг л хийнэ шүү дээ. Тайзан дээр нүүрээ будаж сайхан хувцаслаад их зантай хүүхэн болж тоглодог ч гэртээ хариад хувцсаа тайлж, будгаа арилган үсээ задлаад луувангаа арилгаад л эхэлнэ. Охинтойгоо цуг хоол хийх дуртай. Тийм ээ” гээд инээмсэглэн хоолоо бэлтгэж эхлэв.

Б.Бэрцэцэг охин одоо арваннэгдүгээр анги ажээ. Хичээлдээ сайн бөгөөд сагс, волейбол гээд спортоор хичээллэх дуртай. “Уг нь би багштай болгоод бүжиглүүлдэг байсан юм. Тэгсэн “Single la¬dies 1” киног хийгээд өдөр шөнөгүй завгүй явдаг байхад аавтайгаа нийлж гадаа талбай дээр сагс тоглосоор байгаад сагсчин болчихсон байсан. Аав нь урвуулчихсан байна лээ” гээд “Охин бид хоёр хувцас сонголтын тал дээр бие биетэйгээ их зөвлөлдөнө. Охиноо эмэгтэйлэг байгаасай гэж боддог. Над шиг эрэгтэйлэг болчих вий дээ. Би чинь дандаа яарч яваад сурчихсан. Хүн хувцас өмсүүлэх гэхээр өөрөө шүүрч аваад л өмсчихнө. Яаж ч ядарсан өглөө босоод явчихна. Бүр юмнаас айж цочдог зүйл байхгүй гээд мухай эрэгтэйлэг зан чанартай” гэхэд охин нь “За арай ч дээ ээж” гээд инээлдлээ. Тэрээр энэ зуур нөхөртэйгөө байнга утсаар ярих бөгөөд “Хайр аа юу хийж байна. Би ингэж байна” гэж цаг тутам ярьж эрхлэх аястай. Утсаа таслаад “Манай нөхөр намайг дандаа инээж явах юм гэдэг. Минийхээр бол эмэгтэй хүний аз жаргалтай байх өөрөөс нь л шалтгаална. Эр нөхөр нь гэртээ ирэх дуртай байхад, гэр цэвэрхэн хэрүүлгүй байх сайхан. Хэн ч гэсэн хар яр хийсэн эхнэртэй арчаагүй хүүхэдтэй бол гэртээ ирэхээс залхана. Гэр бүлийн жаргалтай байх суурь нь эмэгтэй хүн гэж боддог. Хэн хэн нь тэвчээртэй байх ёстой. Нэгэнт л айлын охиныг аваад суусан байж зовоогоод явдаг бол утгагүй асуудал. Бусад эхнэрүүдээс илүү өөрийнхөө эхнэрийг жаргаах шалтгааныг бий болгодог нөхөр байх хамгийн гоё. Тэрнээс улбаалаад түүнийг хүүхдүүд дуурайна. Миний хувьд ханьтайгаа суугаад илүү их аз жаргалыг мэдэрдэг болсон. Миний хамгийн зөв сонголт байсан. Би энэ сонголтондоо алдаагүй. Манай нөхрийн хувьд ч тийм байх. Хүн л юм чинь зовлон, жаргал тэнцүүхэн. Тэр бүрт хөтлөлцөөд гараасаа чанга атгаад явдаг. Үргэлж хажууд байж мөрөө өгч халамжилдаг нөхөртөө би хайртай” гэж яриад гэрээ танилцуулахаар бослоо.

Тэдний гэрт 100 жилийн түүхтэй улаан авдар байна. Авдар дээр хуучны зэс домбо тэргүүтнийг өржээ. Г.Ундармаа “Хөдөө ахынд очсон чинь эмээгийн авдрыг амбаартаа тавьчихсан байдаг юм. Тэгэхээр нь энэ авдар ингээд амбаарт байж байдаг юм бол би авна гээд хот руу ачуулчихсан. Одоо өвлийнхөө хувцас, хүмүүсийн өгсөн торгыг хийдэг” хэмээн яриад ажлын өрөө рүүгээ явлаа. Өрөөндөө гэр бүлийнхээ шагналуудыг цуглуулжээ. Ажиглахад өрөө болгонд нь өнгө өнгийн лаа өрөөстэй харагдана. Заримыг нь асаасан байв. Лааг сүүлийн үед ихээр цуглуулдаг болсон гэнэ. Харин хамгийн удаан цуглуулж байгаа зүйл бол сандалнууд ажээ. Тэрээр “Цуглуулдаг сандалныхаа тоог алдчихсан. Одоо манай оффисын өрөө төрөл бүрийн сандалтай болчихсон. Бас энэ дууссан тэмдэглэлийн дэвтрүүд байна. Би өдөр тутмын ажлаа бичиж төлөвлөж хийдэг учраас бүх ажлаа амжуулж чаддаг” гэв. Харин жүжигчин Г.Ундармаагийн хийж чаддаггүй ганцхан зүйл бол юм оёх ажээ. “Яаж ч хичээсэн далий оёчихно. Бүр өмдтэйгөө хамт оёчихож байгаа юм даа” гээд инээв.

Саяхан “Х-түц”-тэй хамтарч ажиллах болсон шалтгаанаа тэрээр “Гурван жил тайзан дээр гарахгүй явлаа. Хүний хийж сурсан юм. Олон жил ажилласан, дуртай ажил гэж байдаг. Тэрэн шиг бүхий л залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан хошин урлагийн тайз минь үгүйлэгдэхгүй байна гэж үгүй. Хамгийн гол нь Одноо эгч маань хамтарч ажиллах санал тавьсан юм. Надад хамгийн анх ирсэн санал байсан л даа. Тухайн үед маш их ажилтай байсан. “Амьдралоги” киноны бэлтгэл ажил эд эхэлчихсэн. Эмнэлгийн засварын ажил бас эхэлчихсэн байхад санал тавьсан. Тэгээд би амжуулна чадна гээд зэрэг гурван ажил амжуулж байлаа. Миний давуу тал олон ажлыг зэрэг амжуулах юм даа” хэмээн ярьлаа.

Тэрээр кино театруудаар гарч байгаа “Амьдралоги” киногоо гадаадад амьдардаг монголчуудад үзүүлэхээр ид ажиллаж байгаа юм билээ. Мөн нэгэн эмнэлгийн засвар хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ хавар ажлаа хийж дуусгах гэнэ. Үнэхээр Г.Ундармаа жүжигчин олон ажлыг зэрэг хийх чадвараа харуулж “U film”-ийн тав дахь уран бүтээлдээ орохоор зэхээд байгаагаа дуулгасан. Тэрээр “Би жүжигчин болно гэж багаасаа хүссэн. Энэ мэргэжилдээ хайртай учраас амархан хаячихгүй юмсан гэж боддог” хэмээн гэгээлэг сайхан бодлоо хуваалцан нэг өдрийг бидэнтэй өнгөрүүлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Бадрал: Ардын их хурал нь Улсын бага хуралдаа хяналт тавих ёстой

“Ардын их хурал” хөдөлгөөний гишүүн Б.Бадралтай ярилцлаа.


-Танай хөдөлгөөнөөс хоёр танхимтай парламент байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа зарласан?

-Бид нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудалд шинжилгээ хийж одоогийн байгаа тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одоогоор тогтолцоонд алдаа байгаа гэдгийг хүн болгон ойлгохгүй байна. Ойлгосон нь төдийлөн иргэний зориг гаргаж хэлж чаддаггүй. Манай улсад төлөөллийн ардчилал 1990 оноос хойш буюу сүүлийн 26 жил үргэлжилж байгаа ч үр дүнтэй байж чадахгүй байна. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг сайхан үг бий. Үүнийг орчин үеийн хэллэгт оруулбал жинхэнэ эрх чөлөө гэдэг чинь шүү дээ. Тэгвэл бид яагаад өөрсдийнхөө хувь заяа, амьдралыг өөр бүлэг хүмүүсээр мэдүүлээд байна вэ. Тэр бүлэг хүмүүс үнэхээр биднийг төлөөлж чадаж байна уу гэдэг асуудал гарна. Үүний язгуур нь төрийн тогтолцоо буруу байгаатай холбоотой. Төрийн тогтолцооноос гаргаж байгаа шийдвэр, шийдвэрүүдийг гаргадаг үйл явц нь буруу байна. Тиймээс одоогийн УИХ-д байгаа 76 гишүүнтэй тогтолцоо нь өөрөө гажиг тогтолцооны золиос болчихсон. Хоёр том нам нь мөн л энэ тогтолцооны золиос. Өөрөөр хэлбэл, алт шиг нам байгуулаад, алт шиг удирдагчтай болоод, мундаг хүмүүсээс бүрдсэн УИХ-тай боллоо ч тогтолцоо нь өөрөө язгуур угтаа гажигтай байгаа учраас хэзээ ч зөв шийдвэр гарахгүй. Энийг зоригтойгоор өөрчлөх цаг нь нэгэнт болсон.

-Тэгээд төлөөллийн ардчиллыг яаж зөв голдрилд нь оруулах вэ?

-Манайд шууд болон төлөөллийн ардчилал байгаа ч бас нэг хөгжүүлэх ёстой төрлийн ардчилал бол зөвлөлдөх ардчилал. Энэ нь дэлхий даяар нэлээд газар авч байгаа төрөл. Энэ төрөл олон нийтээрээ ямар нэгэн асуудлыг шийдээд явахыг хэлж байгаа юм. Гэтэл манай улсын иргэдийг Үндсэн хуульдаа эрх дархтай гэж заасан мөртлөө бодит байдал дээр тэр үүд хаалгыг нь нээж өгөөгүй. Ард иргэдийн дуу хоолойг хүргэхийн тулд зөвлөлдөх ардчилал тохиромжтой юм байна гэж үзэж байгаа юм. Цаг хугацаа хамгийн сайн дүгнэлт хийж шийдвэр гаргадаг зүйл. Тиймээс үүнийг цаг хугацаа харуулна.

-Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болох байх даа?

-Бид тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа хүссэн, хүсээгүй нэмэлт өөрчлөлтийг оруулах ёстой болж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд бид ард иргэдэд өөрсдийнхөө ярьж байгаа үзэл баримтлалыг гүйцэд сайн таниулах шаардлагатай байна. Тэгж байж ард иргэд зэр зэвсэг зэхэхгүйгээр тайван замаар Үндсэн хуулийнхаа хүрээнд өөрчлөлтүүдийг хийнэ.

-Тэгвэл Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Манай хөдөлгөөний зүгээс санаачилгыг нь гаргаж, гарах арга замыг нь зааж өгч байгаа юм. Тэгэхээр мэддэг хүмүүс нь цуглаад зөвлөлдөх ардчиллын дагуу Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулахыг ярилцаад шийдэх хэрэгтэй. Бид ингэх ёстой гэсэн хуулийн заалт гаргаад тэрийгээ тулгаад байгаа зүйл байхгүй. Тэгвэл ардчиллын зарчим алдагдана.

-Өнөөдрийн УИХ-ыг бодитоор яг юу гэж дүгнэх вэ?

-Хуучнаар улс төрийн товчоо маягийн хэдэн хүмүүс улсын асуудлыг шийдээд явчихдаг болжээ. Бусад нь юу болсон, яах гэж байгаа. Ямар өөрчлөлт гарах гэж байгааг ойлгоогүй байхад нь янз бүрийн өөрчлөлтүүд гаргаад явчихдаг. Сүүлийн 26 жил тухайн бүлгүүд өөрсдөдөө ашигтай шийдвэрүүдийг хуулийн хэлбэрт оруулаад шийдээд явчихсан. Өнөөдөр бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо байхгүй учраас хуулиа гуйвуулж явсаар байгаад УИХ-ын гишүүд хэнд ч дийлдэхгүй болчихлоо. Тийм учраас тэнд орохын тулд хүмүүс эрээ цээрээ алдаж байна. Үүний үр дүнд Монголын ард түмэн зовж, зүдэрч, ядуурч, бизнесийнхэн нь тогтвортой ажлаа хийж чадахгүй байдалд орчихлоо. Манай улс үндэсний аюулгүй байдлаа алдах түвшинд олон асуудлаар доголдол гаргачихсан байна. Өнөөдөр буруу тогтолцоогоор явснаас болж Монгол Улсад бүх төрлийн баялаг байна гэж ярьж байгаа мөртлөө ядууралтай байна. Үнэндээ дэлхийн эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа боловч манайх шиг жижиг эдийн засагтай улс тэднийг дагаж ханараад ядуурахгүй байсан. Тогтолцоо маань гажиг болчихсон учраас сүүлийн хэдэн жил өөрсдөө сайн дураараа улс орныхоо эдийн засгийг сүйрүүлчихлээ. Энийг хоёр намын олигархижсан бүлгүүд хийсэн.

-Тэгвэл ямар шинэ тогтолцоог гаргах ёстой юм бэ?

-Бид “Ардын их хурал” гэдэг тогтолцоог гаргах ёстой гэж үзэж байгаа. Бидний дэвшүүлж байгаа “Ардийн их хурал” гэх тогтолцоо маань Монгол Улсын улс төрийн практикт байсан л зүйл. Богдын Засгийн газрын үед Манжийн дарлалаас салсны дараа дээд, доод танхимтай байсан. Мөн 1990-1992 оны хооронд Ардын их хурал гэж манай нийгэмд хэрэгжээд хоёр жил болсон тогтолцоо. 1990 онд Ардын их хурал байгуулж, тус хурлаасаа Улсын бага хурал байгуулж байлаа. Үндсэндээ дээд, доод танхимд хуваагдаж байсан юм. Улс төр болоод намууд нь хөгжчихсөн АНУ, Англи, Япон гэх орнууд ч мөн адил хоёр танхимтай шүү дээ. Энэ танхим үүсэхдээ баян чинээлэг язгууртнууд нь нэг танхим болж, энгийн жирийн иргэд нэг танхим болж байсан. Нийгмийн давхаргаас хамаарч гарсан хоёр танхим нь одоо болтол байж л байна. Хоёр танхимтай байх нь нэмэх, хасах талтай, авах гээх зүйлтэй гэж ярьдаг ч тэд олон зуун жил энэ жишгээрээ яваад асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаж байна шүү дээ.

Манайд 1990-1992 онд байсан Ардын их хурал, Улсын бага хурал гэх хоёр танхим бусад улсаас арай өөр үүсэлтэй. Манайд хоёр танхим байгуулахдаа удам дамжсан язгууртан баян чинээлэг, жирийн иргэд гэдэг нийгмийн давхаргаас хамаарч танхим байгуулаагүй. Нийт ард иргэдийг төлөөлсөн институци нь Ардын их хурал байсан юм. Ардын их хуралд сонгогдсон 430 гишүүн ямар намын харьяа байна гэдгийг судалж Улсын бага хуралдаа Ардын их хурлаасаа хүмүүсээ төлөөлж суулгадаг байлаа. Төлөөлж суулгахдаа тэдэнд та нар хууль тогтоож боловсруулах, батлах ажлаа хийнэ гэсэн үүрэг өгсөн. Ардын их хурал нь нийт улсын хэмжээний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, эрүүл мэндийн бодлогыг шийдвэрлэдэг байв. Энэ хэлбэрээр явж байгаад 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн батлахдаа Ардын их хурлыг байхгүй болгочихсон юм. Тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олигархижсан тогтолцоо бий болчихсон байна. Уг нь бол хэн ч олигархиудын тогтолцоонд шилжинэ гэж 20 гаруй жил мөрөөдөөгүй байх. Гэтэл тогтолцооны зохион байгуулалт тоглоомын дүрэм нь буруу болж, зарим нь бүдэг бадаг ойлгомжгүй зүйлийг хуульдаа сайн дэлгэрүүлж оруулаагүй юм. Үндсэн хуулийн зарим заалтууд нь ямар ч байдлаар тайлбарлах боломжтой байсан учраас эрх ашгийн бүлгүүд бий болж, хуулийн цоорхойнуудаар тоглолт хийж эхэлсэн. Ингэж явсаар 20 гаруй жилийн дараа тэдний хүссэн олиграхижсан тогтолцоонд бид хүрчихлээ. Тэгэхээр одоо ард түмэнтэйгээ ярилцаж өөрсдийн ухаанаар улс төрийн тогтолцоог өөрчлөх санал гаргаж байгаа юм. Бид үүнийг цоо шинээр зохиож гаргаад хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийн сансар огторгуйн юм яриагүй. Урьд өмнө байсан зүйлээ улам боловсронгуй болгоод ажиллая гэж байгаа юм. Энэ нь одоохондоо манай улсын төрийн тогтолцоонд хамгийн боломжийн гаргалгаа.

-Таныхаар хоёр танхимыг ямар арга замаар бүрдүүлэх ёстой вэ?

-Бид энэ тогтолцоог өөрчлөхөд замын зураг гэдэг шиг тодорхой зүйлийг бэлдчихсэн. Өөрөөр хэлбэл, Ардын их хуралтай болъё. Ардын их хуралд том улсын чанартай бодлого зэргийг барьдаг эрхийг өгнө. Ардын их хурал хамгийн том институци ч гэсэн хяналттай байх ёстой. Дэлхий даяар ардчиллын онолд би танд итгэж байна гэхдээ би таныг хянаж байгаа шүү гэдэг. Манай улс гурван сая хүн амтай болчихсон учраас 1990 оныхтой харьцуулахад 430 гишүүнийг коэффициентээр бодож 600 гишүүнтэй Ардын их хурал байж болох юм байна гэсэн тооцоог гаргасан. Улсын бага хурал 76 гишүүнтэй байж болно, бүр хуучнаараа 53 ч байж болох юм. Мөн Ардын их хурлын сонгуулийг мажоритар сонгуулийн системээр явуулж байя. Монгол орны өнцөг булан бүрээс тухайн бүлэг хүмүүсийг төлөөлж чадах нэр хүндтэй, хамгийн сайн эрдэмтэн мэргэдийг сонгодог боломж нээгдэх юм. Улмаар аль нам, бүлгийнх гэдгийг тогтоогоод Улсын бага хуралдаа төлөөлүүлж намуудад квот өгнө. Танай намаас Ардын их хуралд тэдэн хүн сонгогдсон учир Улсын бага хуралд тэдэн хүн суулгах эрхтэй боллоо гэх эрхийг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтөөр оруулаад бүгдээрээ тохирчих юм. Түүний дагуу Улсын бага хуралд пропорциональ системээр намуудын эзэлсэн хувь хэмжээгээр хүмүүсээ суулгана. Өөрөөр хэлбэл, одоогийн Улсын Их Хурал бидний ярьж байгаагаар Улсын бага хурал болно гэсэн үг. Ардын их хурал Улсын бага хуралдаа дээрээс нь хяналт тавих ёстой. Нөгөө талаас Ардын их хуралд ашиг сонирхлын асуудал гарч болох учраас мөн л хяналт хэрэгтэй. Тэр хяналтыг буюу Ардын их хурлыг тараадаг эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгоё гэж байгаа юм. Ардын их хурал нь Улсын бага хурлаа тараах эрхтэй байх ёстой. Бид та нарт итгээд төлөөлөл болгож байнгын парламент болгож суулгасан. Та нар бидний итгэл найдварыг алдлаа, өөр хүн тавина гэдэг эрхтэй байх ёстой. Энэ бол ардчиллын энгийн зарчмууд шүү дээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүнийг Ерөнхий сайдаар тавимаар байна гээд Ардын их хуралд саналаа өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ардын их хурлаар нь Ерөнхий сайд томилогддог байх юм. Түүний дараа Ерөнхий сайд нь өөрийнхөө сайдуудыг өөрөө томилдог байх ёстой. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор зэргийг 1990 онд Ардын их хурлаараа сонгодог байсныг сэргээх нь зөв. Дээрээс нь төрийн алба завхарлаа гэж шүүмжлээд байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн даргыг Ардын их хурлаас томилдог болох ёстой. Улсын бага хурал нь Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй байх юм бол Ерөнхий сайд нь Улсын бага хурлаа тараадаг эрхтэй байя. Өнөөдрийнх шиг үлгэнэсэн хүүхэлдэй гэж хэлэгдээд байгаа ийм Ерөнхий сайдтай баймааргүй байна. Ерөнхий сайд ажил хийхийн тулд бүрэн эрхтэй байх ёстой ч хар толгойгоороо хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ерөнхий сайдад эрхийг нь ч өгье, хариуцлагыг нь ч тооцъё гэж байгаа юм. Энэ тогтолцоог хэрэгжүүлбэл бид ямар ч байсан одоогийн байгаа тогтолцооноос хамаагүй дээд түвшинд очно.

-Зарим хүмүүс ийм цөөхөн хүн амтай улсад 76 гишүүн ихдээд байна гэдэг. Парламентдаа таны яриад байгаа шиг олон хүн суулгах нь сөрөг үр дагавартай юм биш биз?

-Үүн дээр судалгаа хийж механик арифметик тоо гаргасан. Хар ухаанаар л бодоход 76 хүнийг мөнгөтэй улс орон худалдаад авахад амархан. 600 хүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй шүү дээ. За яахав, 300-г нь худалдаж авлаа гэж бодоход цаана нь эрх биш улс орноо гэсэн үзэлтэй 300 хүн үлдэнэ биз дээ. Болж өгвөл Ардын их хурал 1000 хүнтэй байсан ч болж байна. Энэ УИХ гээд байгаа 76 гишүүн багадаад байвал 100 хүнтэй ч байж болно шүү дээ. Тэгж байж л тогтолцооны баланс баригдах ёстой. Асуудлын гол нь хуулиар олгогдсон эрх хариуцлага, сахилга батдаа баригдаж шударгаар яваад байгаа юм. Нийгэмд шударга ёс байхгүй бол бухимдал үүсдэг. Түүний жишээ гэвэл өнөөдөр жирийн иргэн газар авах гэхэд тогтолцоо нь буруу учраас олгохгүй. Илүү мөнгөтэй, эрх дархтай өөр хүнд бол өгнө. Хуучин байсан Улсын бага хурал нь Ардын их хурал шиг хэрэггүй зүйл байхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж тараасан юм. Тэр үеэс УИХ хамгийн том босс институци болчихсон. Тийм хүмүүс ард иргэдийн амьдралыг хэзээ ч мэдэхгүй. Тэрнийхээ төлөө зарцуулах юм юу ч хийхгүй. Эсрэгээрээ төсөвт суусан мөнгийг яаж авах вэ л гэж бодно. Одоогийн эрх баригчид хууль эрх зүйгээ өөсдөдөө таарсан байдлаар засаад явчихсан. Энэ нь зөвхөн бүлэг хүмүүсийг баяжуулж байна. Нийт массд наалдах наалдац байхгүй учраас шударга бус байдал гарч байгаа юм.

-Шинэ тогтолцоог хэзээнээс хэрэгжүүлж эхэлбэл зохимжтой вэ?

-Түргэн байх тусмаа л сайн. Хамгийн түргэн хугацаа гэвэл сонгуулийн аргаар явах учраас 2020 он. Үндсэндээ гурван жил үлдлээ. Энэ гурван жилд ард түмэнтэйгээ хэлэлцээд тал бүрээс нь ойлгодог болох хэрэгтэй байна. 2020 онд сонгууль болоход эхлээд Ардын их хурлын сонгуулийг хийх хэрэгтэй. Шинэ тогтолцоог гаргавал бүх хүнд ашигтай учир дургүйцэх цөөн хэдэн бүлэг хүн л бий. Тэр нь одоогийн бидний нэрлээд байгаа олигархиуд. Одоогийн байгаа эрх мэдлээ алдахгүйн тулд тэд нэлээд тэмцэнэ гэдгийг бид ойлгож байгаа. Дарамт шахалт ирэх л байх. Тэгсэн ч бид иргэний зориг гаргаад цааш явъя гэж байгаа юм. Шинэ тогтолцоогоо хэрэгжүүлчихвэл дараагийн улс төрийн намууд улам боловсронгуй дэлхийн улс төрийн намын жишигт хүрэх соёлтой ажилсаг намууд болно. Өнөөдөр улс төрийн намууд өөрсдийгөө мундаг гэж бодож байгаа боловч бодит байдал дээр хор найруулах, бие биенийгээ шоглохыг улс төр гээд ойлгочихсон байна. Улс төр гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах эрхийг авч байгаа хэрэг. Тэгэхээр тэнд худалч, хулгай хийдэг хүн байж болохгүй шүү дээ. Ард иргэдийн татварын мөнгө төсөв болж жинхэнэ шударгаар татвар төлөгчдөд зориулдаг байх ёстой. Өнөөдөр бид үр, ач, зээ нараа ямар нийгэмд үлдээх гээд байгаа юм бэ. Манжийн дарлалын үед “Төрийн төлөө оготно боож үхэх хэрэгтэй байна” гэдэг зүйр цэцэн үг гарсан. Яагаад гэвэл үндэстнээрээ уусаж алга болох гэж байсан үе. Одоо ч гэсэн тийм үндэсний аюул руу бид явж байна. Тийм учраас одоо төрийн төлөө оготно боож үхэх ёстой цаг үе ирлээ шүү гэж хэлмээр байна.

-Өмнө нь хоёр суудалтай танхимын талаар Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай ярьж байсан. Танай хөдөлгөөнийг мөн л ингэж ярьж байгаад нам байгуулчихна гэсэн хардлага гарах байх даа?

-Бие биенийгээ нам байгуулчих байх даа гэж хардаж сэрддэг. Яагаад гэвэл нам төвтэй төр болчихоод байна шүү дээ. Тийм учраас намыг бүгдээрээ дахин шүтээд байгаа юм. Заавал нам байгуулахдаа гол асуудал нь биш. Тогтолцоогоо өөрчилж чадаж байвал нам, холбоо, хөдөлгөөн байх нь хамаагүй. Яг үнэндээ манай намууд үзэл баримтлалаараа ялгагдаад байгаа зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ ээлжилж эрх барьдаг хоёр том намууд нь хоорондоо хутгалдчихсан. Тиймээс л үүнийг олигархижсан тогтолцоо гэж байгаа. Энэ тогтолцоо цаашаа явахгүй. Улам л улс доройтно. Улс доройтох тусам ард иргэдийн идэвх буурч, итгэл үнэмшил байхгүй болж, хэт хоосорч ядуурч эхэлнэ. Ард түмэн ядуурах үед хатуу хуулийг хүсч эхэлдэг. Тэр үед дарангуйлал тогтдог олон улсын жишиг бий. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэ бүх балай зүйл Ардчилал гэдэг зүйлээс боллоо гээд байгаа. Гэтэл бусад орон хэдэн зуун жил ардчиллаараа хөгжөөд ирсэн. Бид 26-хан жил явчихаад ардчилал Монголд ерөөсөө таарахгүй гээд байгаа. Хэрэв ардчиллыг үгүйсгэж байгаа хүн байвал тэрний цаана дарангуйлагч л байна гэсэн үг.

-Ардын их хуралд гишүүн болохын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

-Их хуралд шударга, эрдэм мэдлэгтэй, улс орноо худалдахгүй, халтар зоосны төлөө уравчихдаггүй, сонгосон бүлэг хүмүүсийнхээ сэтгэлийг унагаахгүй хүн байх ёстой. 1990 онд 430 депутатыг ийм л аргаар сонгож байсан. Тухайн үед тухайн орон нутгийн хамгийн нэр хүндтэй сэхээтэн хүмүүсийг нэр дэвшүүлсэн байдаг юм. Харин Улсын бага хурлын 53 гишүүнд хуулиа илүү мэддэг, боловсролтой хүнийг намаас нь суулгаж байсан. Тэд хуулиа батлаад хууль эрх зүйгээ улам боловсронгуй болгох эрх үүрэгтэй байсан юм. Үүнийг сэргээх хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлтэйгээ шатсан Б.Отгонбаатар гэгч бие хамгаалагч байсан нь үнэн үү?

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болж сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ буюу чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон билээ. Гэвч С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан хүмүүс С.Зоригоос гадна дөрвөн хүний аминд хүрсэн гэх мэдээллийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өгсөн. Энэ үг олны анхаарлыг онцгой татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн бололтой. Бүр тодруулбал, дөрөвдөгч этгээд бол захиалагч талын бие хамгаалагч залуу байсан хэмээн таамаглаад буй. Бие хамгаалагч хэмээх залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн хаалттай болсон шүүх хурлаар үзжээ. Тодруулбал, арваад жилийн өмнө 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан хэрэг гарч байжээ. Тус сумын иргэн О-гийн гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр иргэн О-гийн эхнэр М-ийн төрсөн өдөр болжээ. 22:00 цагийн орчимд О хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж, эхнэртээ хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай орхисон нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын дүгнэлтэд дурдсан байжээ. Тухайн үед шатаж нас барсан иргэний ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-гийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМЭГЭЭ НАРЫН ХАМСААТАН ХЭМЭЭХ Б.ОТГОНБААТАР ГЭГЧХЭН БЭ

Нас барсан О буюу Б.Отгонбаатар гэгч нэр бүхий улстөрч агсны хувийн бие хамгаалагч байсан учир ийн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байгаа. Талийгаач Б.Отгонбаатар 1978 онд Эрдэнэт хотод төрсөн. 1994 онд Орхон аймгийн III найман жилийн дунд сургуулийг төгссөн, дунд боловсролтой хүн гэнэ. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэр, хоёр хүүхэд болон төрсөн ээж С-ийн хамт амьдардаг байсан аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Отгонбаатар нь нутгаасаа гарч байгаагүй бөгөөд бие хамгаалагч гэхэд харьцангуй намхан нуруутай нэгэн байжээ. Бие хамгаалагчийн заавал эзэмшсэн байх бие хамгаалах спортоор хичээллэж байсан эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Ер нь бол нэн бүрхэг намтартай нэгэн гэж болно. Зарим эх сурвалж Б.Отгонбаатарыг бие хамгаалагч байсан гэхэд нь эргэлзэж байгаа юм билээ. Хэн нэгэн том улстөрч, бизнесмэний аюулгүй байдлыг хангаж байгаа итгэлт хүн нь хэзээ ч гэр хорооллын хэмжээнд дорой амьдардаггүй. Нийгмийн асуудлаа бүрэн шийдсэн байдаг. Харин Б.Отгонбаатар нь гэрт, тодорхой ажилгүй, зах хавиар хааяа нэг түүхий эд авч харагддаг байсан нь хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдаж амьдралдаа нэмэр болдог байсныг гэрчилж байх шиг. Энэ мэтээр түүний тухай батлагдаж, нотлогдоогүй мэдээллүүд мэр сэр байна. Тэрээр олон хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд ээж нь одоо ч байдаг гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний бие нь тааруу эмнэлэгт байгаа бололтой.

Ц.Өлзийжаргал: АМ ЗУРАГ ЯАЖ ГАРСАН БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ ЧХЭРЭГТ АВАГДСАН ЗУРАГТАЙ АДИЛХАН БАЙСАН

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай ярилцлаа.


-Хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор дөрвөн хүнийг галдан шатаасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод байх гэртээ онц харгис, хэрцгий аргаар бусдад алагдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар дээрх хэргийг үйлдсэн болохоо нуун далдлах зорилгоор, бүлэглэн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан болохыг тогтоож, эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг бүрэн шалгаж дуусгаад хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрлэсэн.

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн захиалагчдын хэргийг яагаад тусгаарласан юм бэ?

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь үйлдсэн болохыг тогтоож эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг шалгаж дуусгаад, прокурор шүүхэд шилжүүлсэн. Захиалагчдад холбогдох хэрэгт шалгах зүйл байгаа учир тусгаарлан шалгаж байна. Энэ хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан юм. Захиалагчдад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийг шинэчилж, нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулсан. Хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Ерөнхий прокурор өгсөн байгаа.

-Энэ хэргийг улс төрийн зорилготой захиалгат аллага хэмээж байсан ч Эрүүгийн хуулийн заалтаар шийтгэсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа?

-Хэргийг илрүүлж, тогтоогоогүй байхад улс төрийн зорилгоор үйлдэгдсэн аллага гэж манай улстөрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр ирсэн. Энэ хэргийг илрүүлэхээр тагнуул, Мөрдөн байцаах газар, цагдаа, прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа. Эцэст нь хэргийг илрүүлээд шийдчихээр энэ чинь тийм байх ёсгүй гээд яриад, бичээд байна.

-Нууцын зэрэглэлтэй хэрэг гэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан. Нээлттэй явуулах боломж байгаагүй юм уу?

-Хэргийн хувьд нууцын зэрэглэлд орж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. С.Зориг нь тухайн үед Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан. Мөн хэргийг улс төрийн сэдэлт зорилгоор үйлдсэн байж болзошгүй гэх мэтээр олон таамаг дэвшүүлж, олон талаас нь шалгаж байсан шүү дээ. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаагаар төрийн нууцад хамаарах олон баримт цугларсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтын 80 хувь нь прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтээс бүрдэж байна. Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан.

-Хүмүүсийн бас нэг анхаарлыг татаад байгаа зүйл бол ам зураг. Анхны ам зураг Б.Содномдаржаагийн зурагтай таарч байгаа нь үнэн үү?

-Хэвлэл болон сайтаар тавигдсан ам зураг хаанаас яаж гарсан болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан.

АМ ЗУРГИЙГ ОДООГИЙН ЗУРАГТАЙ ХАРЬЦУУЛАХАД

Шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж ял оногдуулсан. 18 жилийн дараа илэрч буй энэ хэргийн сэжигтнүүдийн ам зураг гэж тухайн үед гарч байж. Ам зургийг одоогийн гэмт хэрэгтнүүдтэй харьцуулан харъя.

Б.Содномдаржаагийн зураг

Энэхүү ам зургийг Б.Содномдаржаагийн зурагтай харьцуулахад төстэй байна уу? 18 жилийн хугацаанд хүнийн царай хэр өөрчлөгдөх вэ? Улсын хяналтын прокурор хэргийн талаар ярилцлага өгөхдөө “Хэрэг шалгах явцад Б.Содномдаржаагийн төрх, анхны хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан” гэж хэлсэн нь бий.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын зураг

Гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэгтнүүд С.Зоригийг хөнөөх үедээ нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудсан тухай яригддаг. Батаа, Оюунаа гэх хоёр хүний дээрх ам зураг гэмт хэрэгтнүүд болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хэр төстэй харагдаж байна вэ? Мөн энэ хэрэгт нас барсан Отгонбаатар гэх хүний нэр гараад байгаа.

С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарахад газар дээр нь очсон цагдаа нар Б.Булганаас байцаалт авахад “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан” хэмээн мэдүүлсэн байдаг.

Тухайн үед гэмт хэрэгтнүүдийн ам зургийг гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж байжээ. Гэрчийн мэдээлэл дээр үндэслэн гарсан сэжиг бүхий хүмүүсийн тухай ингэж дүрслэн хэлж байсан юм байна.

-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктой, догшин, хогийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хүүхэд байсан. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан.

-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан гэх мэтээр гэрчилсэн тухай урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан аж.

Хэрэв одоогийн гэмт хэрэгтнүүд 18 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх аваас тухайн үедээ 17-23 насных байсан болж таарна.

Г.Батбаяр: НАСБАРСАН ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРАХГҮЙ

Мөн энэ хэргийн талаар өмгөөлөгч, хуульч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гээд байгаа. Шунахайн сэдэл гэдгийг хуулийн заалтад юу гэж заасан байдаг вэ?

-Шунахайн сэдэл гэдэг нь хүний өмч, эд хөрөнгийг их, бага нь хамаарахгүйгээр булаан авах зорилготой аминд нь хүрэхийг хэлдэг. Тус хэргийг харахад өөр гэмт хэргийг халхавчлах зорилгоор үйлдсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хүнийг захиалгаар алсан гэж үзнэ. Шүүх хурлаар С.Зоригийн аллага биш өөр хэрэг шүүсэн гэж харагдаж байгаа.

-Ямар хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг юм бэ?

-Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан хэмээсэн байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд шүүх хурал нээлттэй, хаалттай явуулах талаар тодорхой заасан. Насанд хүрээгүй хүн болоод төр, байгууллагын нууцтай холбогдолтой асуудлыг хаалттай хэлэлцэнэ хэмээн заасан байдаг. Харин бусад бүх хэргийг нээлттэй явуулдаг. Хэсэгчлэн буюу төрийн нууцтай хэсгийг хаалттай хуралдаад бусад хэсгийг нээлттэй хуралдана гэсэн заалт байдаггүй.

-Цорын ганц амьд гэрч болох Б.Булганыг яагаад хэргээс хассан юм бэ?

-Сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан учраас гэрчээр оруулах боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм.

-Нас барсан хүний мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах уу?

-Хамаарахгүй. Амьд хүнд нэр төр, хувь хүний нууц гэж бий.


Categories
мэдээ цаг-үе

Охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч эрэлт ихтэй байна

Хүүхэд багачуудын хувьд шинэ жилийн баяр бол хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр билээ. Сурсан, мэдсэнээ багш нар болоод эцэг, эхдээ үзүүлдэг энэ баяраар хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсөж гангардаг. Тун удахгүй буюу энэ сарын 20-ноос эхлэн ихэнх цэцэрлэг, сургуулийн шинэ жилийн баяр болох тов гараад буй. Энэ сургаар томоохон худалдааны төвүүдэд охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч, төрөл бүрийн амьтны хувцас, баг, хөвгүүдийн ёслолын хослол эрэлт ихтэй байгаа аж. Хүүхдийн шинэ жилийн гоёл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Дүнжингарав худалдааны төв дээр очлоо. Тус төвийн дунд хэсэгт хүүхдийн хувцасны төрөлжсөн лангуунууд байдаг юм байна. Цагаан өнгийн хүүхдийн гоёлын даашинзууд лангуу болгон дээр дэлгээстэй харагдав. Зарим хэсэгт нь ягаан, улаан, цэнхэр өнгийн даашинзыг төрөлжүүлэн хүний нүдэнд харагдахаар өлгөжээ. Мөн хөвгүүдийн хослолыг өнгийн сонголттой дэлгэсэн байв. Лангууны хажуугаар эцэг, эхтэйгээ өнгөрөх охид даашинзуудыг сонжин харж, зарим нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ. Худалдан авалт хийхээр охиноо дагуулж явсан Баянзүрх дүүргийн иргэн Г.Учрал “Ганц охины маань цэцэрлэгийн шинэ жил болох гээд цалин буумагц таалагдсан даашинзыг нь авч өгөх санаатай дагуулаад явж байна.

Сонголт их болохоор бид хоёр алийг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л явна. Охин маань өөрөө энэ 75 мянган төгрөгийн даашинзыг л сонирхоод байна. Эхний ээлжинд цагаан триког нь авчихсан л даа. Одоо ямар даашинз авахаасаа шалтгаалаад гутал, титэм, сахиусан тэнгэрийн далавчаа сонгоно. Эхнэр маань завгүй ажилтай болохоор зургийг нь явуулчихаад саналыг нь хүлээнгээ өөр зүйлс хараад явж байна” гэв. Түүний охин У.Солонго “Би цэцэрлэгтээ цасан охиноос хөөрхөн сахиусан тэнгэр болох гэж байгаа. Аав надад авч өгнө. Тийм ээ” гээд зальтай нүд гарган инээмсэглэв. Аав, охин хоёр ийн ярьж, шинэ жилийн гоёлоо өмсөж үзсээр үлдсэн юм.

Ерөнхийдөө “Дүнжингарав” худалдааны төвд хүүхдийн гоёлын даашинзын үнэ 45-95 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. 95 мянган төгрөгөөс илүү үнэтэй даашинз авах нь тун ховор учир бараг авчирдаггүй юм байна. Энд гүнжийн титэм 5000-7000 төгрөг, сахиусан тэнгэрийн далавч 7000, 8000, 10000 төгрөг, охидын цаа бугын эвэр, туулайн чихтэй үсний даруулга 2000, 5000 төгрөг, гоёлын бээлий 5000 төгрөгөөр худалдаж байгаа аж. Мөн амьтны хувцас 12000, 23000, 28000 төгрөг, баг 5000, 8000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Эрэгтэйхүүхдийн ёслолын хослолыг хар, саарал, хөх, бор өнгийн сонголттойгоор 65 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Цагаан сорочкин цамц 15-25 мянган төгрөг байсан бол өмд 18-25 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байна. Охидын туфль 25000-45000 төгрөгийн үнэтэй байсан бол эрэгтэй ботинк 35000-50000 төгрөгийн сонголттойгоор өрсөн харагдав.

Худалдагч М.Дэлгэр “Арванхоёрдугаар сар гарах үед Бээжин рүү шинэ жилийнхээ бараанд явдаг. Голдуу л охидын цагаан даашинз, элдэв гоёл, хөвгүүдийн ёслолын хослол авчирдаг юм. Энэ жил өмнөх жилээ бодвол юань өссөн учраас барааны үнэ бага зэрэг өссөн байна. Гэхдээ хэрэглэгчээ алдахгүйн тулд зарим барааг хуучин үнээр нь зарж байгаа. Бидний хувьд ч бараа таталтаа эрс багасгасан. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 10-д гаргаад худалдан авалт эрс сайжирдаг. Хүмүүс хямралтай байсан ч гэсэн хүүхдүүддээ гар татдаггүй. Шинэ жилийн гоёлын хувцаснаас үлдсэнийг нь хавар үсэглэлийн баяр болон хүүхдийн баяраар гаргаж зардаг” хэмээн ярилаа.

Худалдагч нараас энэ жил охид ямар даашинзыг илүү сонирхож байгааг асуухад “Жаахан хүүхдүүд учраас голдуу ганган, олны дунд онцгойрохуйц хээнцэр даашинз сонгодог. Материал, загвараасаа шалтгаалаад даашинзуудын үнэ өөр өөр байгаа ч охид голдуу гүнжийнх шиг бөмбөгөр хормойтой цагаан даашинз авдаг. Харин хөвгүүд ёслолын хослолоос гадна сорочкин цамц, өмд худалдаж авдаг” гэлээ.

Эндээс гараад “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд “Дүнжингарав” худалдааны төвийг бодвол үйлчлүүлэгч арай их, сонголт өргөн байсан юм. Үнийн тухайд хүүхдийн гоёлын даашинз 25-100 мянган төгрөг байв. Энд охидын титэм шүдтэй, шүдгүй, нөмрөгтэй гэх зэрэг олон сонголттой бөгөөд 3000, 5000, 10000 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Мөн хөвгүүдийн ёслолын хослол өнгө өнгийн сонголттойгоос гадна 48, 50, 55 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн охидын гоёлын даашинзанд тохируулан зүүх хослол 10-25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дан бөгж өнгө үзэмж, хэмжээнээсээ шалтгаалаад 5-10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Мөн амьтдын хувцас 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол багуудыг 5000-8000 төгрөгөөр борлуулж байв. Тус худалдааны төвийн худалдагч А.Оюун-Эрдэнэ “Энэ жил худалдан авагчдын чадвар эрс муудсан нь мэдэгдэж байгаа шүү. Үнийн хувьд дундажлан 55 мянган төгрөгийн даашинз авч байгаа. Өмнөх жилүүдэд тав, зургаан сая төгрөгөөр бараа татдаг байсан бол одоо гурав, дөрвөн саяар л бараагаа татдаг болсон. Үлдэгдэл үлдээхгүйн тулд аль болох дундаж үнэтэй даашинз сонгодог” гэлээ. Харин худалдан авагч Сүхбаатар дүүргийн иргэн Ү.Жаргалмаа “Ажил хажууд байдаг учраас цайны цагаараа орж ирээд хоёр охиндоо даашинз харж байна. Хөөрхөн загвартайгийнх нь үнийг дийлэхгүй янзтай. Амралтын өдөр зах орж үздэг юм бил үү гэж бодож байна” гэсээр гарч одсон юм. Худалдааны төвүүдийн хүүхдийн хувцасны лангуунуудад охидын цагаан даашинз нэлдээ шүхэр мэт бөмбийн цайрч харагдана. Аав ээждээ хөтлүүлсэн танхил бяцхан охид тэрийг ч авна, энийг ч авна гэж зааж, сонголтоо хийсээр үлдлээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Үргүйдэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар үүсгэдэг ТРАНС ТОСНООС татгалзах болоогүй юу

Транс тос судасны хананд наалдаж, ойр орчмын бактерийг хуримтлуулснаар судас нарийсдаг

ДЭМБ-аас хүн өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Бүр 2009 оноос хойш транс тосыг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалжээ. Зарим орнууд транс тосыг биед сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж хэрэглэхийг тас хориглосон байдаг. Өнгөрсөн зун АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан өөх тос хэрэглэхийг хориглож, ирэх 2018 он гэхэд транс тосны хэрэглээнээс бүрэн татгалзахаар болсон байна.

Дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзаад буй транс тосыг үйлдвэрийн аргаар гаргаж авдаг. Тодруулбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүн болгосныг хэлдэг ажээ. Манай улс транс тосыг үйлдвэрлэдэг орон биш учраас өндөр хөгжилтэй улс орнуудаас импортоор оруулж ирдэг. Ихэвчлэн үйлдвэрлэгчид, хоолны газрууд, ресторан, ард иргэд энэ бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гэсэн судалгаа бий. Учир нь транс тос хямдхан үнээр борлуулагддаг нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг аж. Цайны газрын хувьд ердийн тосоор хуушуур хайрахад муудаж харладаг бол транс тосыг дахин дахин хэрэглэхэд өнгөө алдаж түлэгддэггүй гэнэ. Гэхдээ уг эдийн засгийн хэмнэлт нь зөв шийдэл үү гэдгийг эргэн харах цаг болжээ.

Анх маслоны олдоц муутай 1880-аад оны үед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болохыг судалж туршиж үзсэн байна. Гэвч 1890 онд Францын Нобелийн шагналт эрдэмтэн, химич Пол Сабатьер транс тосыг нээжээ. Улмаар 1901 онд Германы химич Вилгелм Норманн хүнсэнд хэрэглэхүйц болгон сайжруулж, патентжуулсан байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээнээс давжээ. Шингэн ургамлын тос нь зөөвөрлөхөд төвөгтэй, амархан мууддаг, өртөг ихтэй байсан тул үйлдвэрийн аргаар устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулан хэрэглэх болсон байна. Транс тос тасалгааны хэмд хайлахгүй, үнэ хямд, удаан хугацаагаар хадгалж болох давуу талтай байсан тул ийн хэрэглээ нь нэмэгдсэн аж. Гэвч лаборатори, техник төхөөрөмж сайжрахын хэрээр транс тосыг хүний биед хортой болохыг тогтоосон юм. Транс тос хүний биед ороод хоёр жил гадагшилдаггүй байна. Өөрөөр хэлбэл, хүний биед орсноос хойш өлсөх мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд маш удаан шингэдэг аж. Тиймээс транс тосоор дайны үед цэргүүдийн хоол хүнсийг ихээр бэлтгэдэг байв. Үндсэндээ транс тос хүний биеийн хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг юм.

Тодруулбал, сайн өөхний орон зайг эзэлж, судас бөглөрөх өвчинг үүсгэдэг. Транс тос барагтай юманд задардаггүй бөгөөд судасны хананд очиж өнгөр үүсгэн наалддаг байна. Үргэлжлүүлэн хэрэглэх тусам улам бэхжиж судасны хананд ойр орчны нян бактерийг хуримтлуулдаг гэнэ. Үүнээс болж судас нарийсч даралт ихсэх өвчний эхлэл болдог. Цаашлаад судас хагас бөглөрөхөд цусан хангамжийн дутагдалд орж, судас бүрэн тагларахад зүрхний шигдээс, судас хагарахаар харвалт болох эрсдэлтэй. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан транс тосыг сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаар иргэдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэдгийг тогтоосон байна.

Судалгаагаар транс тос үргүйдэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин, үе мөч, зарим төрлийн хавдар, ой тогтоолт муудах зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосон. Мөн элэгний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр доголдол үүсгэдэг байна. Транс тос хүний өөдрөг байх гормонд өөрчлөлт оруулж сэтгэцэд нөлөөлөн, гутрал үүсгэдэг ажээ. Цаашлаад хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотлоод буй.

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төрөл бүрийн түргэн хоол, цайны газруудын хоол, бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний транс тос агуулагддаг. Мөн дэлгүүрийн лангуун дээр байх чанаж боловсруулан, ууталж багласан хоол хүнсний бэлэн бүтээгдэхүүнүүдийн хадгалалтын хугацааг уртасгахын тулд транс тосыг хэрэглэдэг байна. Хамгийн ихээр транс тос хадгалагддаг бүтээгдэхүүнд чипс, майонез, маргарин, боорцог, бялуу, нарийн боов, түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд, вафли, печень, пирожки, хуушуур, чихэр, шоколад, кетчуп зэрэг бүтээгдэхүүн ордог аж.

Манай хүнсний дэлгүүрүүд, захын ТҮЦ, цайны газруудад эдгээр бараа бүтээгдэхүүнүүд дүүрэн байдаг. Тэгэхээр монголчуудад эрүүл амьдрах баталгаа алга байна.

Транс тостой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхын тулд дэлхийн ихэнх оронд хүнсний бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол дээр тосны агууламжийг бичихийг шаарддаг. Одоогийн байдлаар Австри, Канад, Бразил, Швед, Англи зэрэг олон оронд транс тосны хэмжээг зааж, бүтээгдэхүүний шошго дээр заавал тэмдэглэгээ хийх болсон аж. Гэтэл манай улсын дэлгүүрүүдэд зарагдаж буй бараа бүтээгдэхүүнүүдэд хэмжээг нь огт бичээгүй байдаг. Та бүтээгдэхүүн авахдаа транс тостой эсэхийг хагас устөрөгчжүүлсэн “trans fat “эсвэл “hydrogenic” гэсэн байвал эрдэнэшиш, наранцэцгийн, шар буурцгийн гэх мэт ургамлын тосыг үйлдвэрийн аргаар нягтрал ихтэй хатуу болгож тухайн бүтээгдэхүүнд хэрэглэсэн байна хэмээн ойлгох хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний шошго дээр ургамлын гаралтай тос гэж бичээстэй байвал транс тос байх магадлал өндөр байдаг гэнэ. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошго дээр транс тостой гэж бичдэггүй учир устөрөгчжүүлсэн тостой гэж байвал транс тос агуулагдсан байх магадлалтай хэмээн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн хагас устөрөгчжүүлсэн ч гэж бичих нь бий. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгоо шалгаж транс тос агуулагдаагүй гэх шаардлагыг тавих хэрэгтэй аж. Хэрэв та транс тосноос татгалзаж, хэрэглээгээ бууруулбал эрүүл мэндэд тустай гэдгийг эрдэмтэд нотлоод байна. Одоогоор манай улсын 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг жилд импортоор 2749 тн транс тос оруулж хүнсэндээ хэрэглэдэг гэх тооцоо байдаг. Сүүлийн үед “Талх чихэр” ХК бүтээгдэхүүндээ транс тос хэрэглэхээ багасгаж байгаа гэх гэгээлэг мэдээлэл гаргасан. Тэгвэл тус компанийнхан 16 нэр төрлийн бүтээгдэхүүндээ огт транс тос хэрэглэхгүй үйлдвэрлэж байгаа гэнэ. Энэ мэт үндэсний үйлдвэрлэлүүд ДЭМБ-ын уриалгыг дагаж, транс тосноос бүрэн татгалзах шаардлагатай байна. Ингэж байж манай улсын хүнсний бүтээгдэхүүнүүд аюулгүй болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын баатар цолны алтан таван хошуу тэмдгийг 49 мянган ам.доллараар үнэлжээ

Оросын эртний эдлэл зардаг нэгэн сайтад БНМАУ-ын баатар цолны алтан таван хошуу тэмдгийг 49 мянган ам.доллараар худалдах зар гаргажээ. Дээрх зарлалд “Зах зээлд байхгүй онцгой ховор үнэ цэнэтэй эдлэл болох БНМАУ-ын баатар Сангийн Дампилын алтан таван хошуу тэмдгийг худалдана. Тэрээр Монгол ардын армийн хуягт бригадад цэргийн алба хааж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед баатарлаг гавьяа байгуулж шагнуулж байв” хэмээн бичжээ.

ОХУ-ын зарын сайтад БНМАУ-ын баатар цолны алтан таван хошуу тэмдгээс гадна С.Дампилынх гэдгийг нотлох гэрчилгээний зургийг хавсарган тавьжээ. С.Дампил агсны БНМАУ-ын баатар цолны алтан таван хошуу тэмдгийг үнэ хаялцуулан худалдаж авахаар Ази, Европын орны олон хүн хандсан аж. Тэр дундаа онцгой ховор тэмдэг цуглуулах хоббитой хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож үнэ хаялцуулж эхэлжээ.