Categories
мэдээ цаг-үе

Х.Номингэрэл: Иргэд сонгуульд оролцохгүй байснаар бодлого муутай улстөрч гарч ирдэг

Эрх зүйч, судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Сонгогчдын боловсрол юунаас эхэлдэг юм бэ?

-Хамгийн наад зах нь аль хэсгийн хороо дээр очоод саналаа хэрхэн өгөх вэ, ямар бичиг баримттай байх вэ гэдгээс эхэлнэ. Энэ мэдээллийг СЕХ, хувийн байгууллагууд өгчихдөг. Харин яаж сонголт хийх вэ, хэнийг сонгох вэ гэдэг илүү гүнзгий асуудлыг орчны боловсрол, иргэний боловсрол гэж нэрлээд байгаа юм. Энэ боловсролыг бүр багаас нь эхлэх хэрэгтэй. Тиймээс иргэдээ сургах, улс төрд оролцуулах, засгийн эрхээ барих, шийдвэр гаргах түвшинд оролцох, эсвэл гаргасан шийдвэрт хяналт тавих зэрэг оролцооны бүх үйл явцыг сургуулийн өмнөх боловсрол буюу бүр багаас нь заах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь сонголт хийх иргэн өөрийн ашиг сонирхлыг бүрэн ойлгож, тодорхойлж байж, тэрэндээ тохирсон улс төрийн нам, нэр дэвшигчийг сонгох ёстой юм билээ. Бүгд л сайхан амлалт өгдөг. Нөгөө талаар бид тэр хүмүүсийн амлалтыг сонгох гэж байгаа учраас өнгөрсөн үеийг нь сонгох гээгүй шүү дээ. Тиймээс тухайн барьж авсан асуудлуудыг нь харж байгаад нэр дэвшигчээ сонгох боломжтой. Бидний амьдралд тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал юу вэ гэдгийг бодож үзэж байж сонголт хийхээс өнөөдөр таалагдаж байгаа гишүүнээ сонгох нь хэрсүү сонголт биш.

-Манай сонгогчдын боловсрол ямар түвшинд байгаа вэ?

-Энэ талаар тодорхой судалгаа манайд байдаггүй гэж хэлж болохоор. Бидний хийж байсан сонголтыг ажиглах юм бол дандаа буруу сонголтыг хийж байсан уу гэдэг эргэлзээтэй. Сонголт хийхэд олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Сонгуулийн өмнө мэдээллийн нэлээн гажилттай үед орчихдог шүү дээ. Тэрийг зохицуулдаг механизмууд хангалттай ажиллахгүй байгаа учраас заримдаа хуурагдаж сонголтоо хийдэг.

Мэдээллээ шүүхдээ эх сурвалжаа сайн харах хэрэгтэй. Мөн эсрэг талын байр суурь. Наад зах нь энэ хоёрыг нягталж байж, шүүх хэрэгтэй.

-2020 оны сонгуулийн онцлог юу вэ. Сонгогчид маань нэн түрүүнд юунд анхаарлаа хандуулбал зохистой вэ?

-Энэ жилийн онцлог бол тогтолцоо. Томсгосон мажоритар гэдэг тогтолцоогоор сонгууль явагдана. Олон мандаттай можаритор системийг 1992 болон 2008 онд хэрэглэсэн. 2008 онд томсгосон тойргийн системээр санал өгөхөд гурван мандаттай тойрог дээр дээд тал нь гурван санал өгнө, эсвэл нэг болон хоёр саналыг өгч болох байв. Өөрөөр хэлбэл, сонгогчийн дэмжихгүй нэр дэвшигч байвал заавал гурвыг дугуйлах албагүй гэсэн үг. Гэтэл яг адилхан системээ одоо хэрэглэхдээ гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ гэж заасан. Энэ нь сонголт нэмэгдсэн мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа санал хуваагдах замаар маш бага хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс сонгогдох боломжтой болж эхэлж байгаа.

-18-25 насны сонгогчдын дөнгөж 50 хүрэхгүй хувь нь саналаа өгч байна гэсэн судалгаа бий. Ер нь залуучууд яагаад сонгуульд оролцохгүй байна вэ?

-Олон хүчин зүйл бий л дээ. Нэгдүгээрт, улс төр тэдний сонирхлыг татахгүй байна. Энэ нь эерэг бөгөөд сөрөг байдлаар тайлбарлагдах бүрэн боломжтой. Улс төр тэдний амьдралд шууд хамааралтай шийдвэрүүдийг гаргадаггүй учраас ач холбогдлыг нь ойлгохгүй байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт нь, яг тэр амьдралын хатуу ширүүн, хоол ундны асуудал руу ороогүй, ихэвчлэн эцэг эхийнхээ асран хамгаалалтад байдаг нь . Яг ажил амьдралаа гар дээрээ аваад явж байгаа бол өөр шүү дээ. Залуусын сонирхох зүйлийг улстөрчид яриад эхэлбэл анхаарна шүү дээ. Нөгөөтэйгүүр улс төр тэдний амьдралд хэрхэн нөлөө үзүүлэхийг залуус анзаараагүй яваа байх.

-Нэр дэвшигчид нь таалагдахгүйгээс зарим иргэд сонгууль өгдөггүй. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Сонгуульд оролцохгүй байх нь сонголт мөн. Та оролцохгүй байсан ч бусад хүмүүс таны өмнөөс сонголт хийвэл та ч мөн үр дагаврыг нь давхар эдлээд явна. Үр дагавар нь таньтай таньгүй гарна. Хэрвээ та сонгуулийн өдөр саналаа өгөхгүй бол өөр нэг хүнд өөрийнхөө хувь заяаг шийдэх боломж олгож байна гэсэн үг. Боломж байхад энэ боломжоо ашиглах л хэрэгтэй. Ажиглагчид юмсыг өөрчилдөггүй байхгүй юу. Итгэл даахгүй улстөрчид сонгогдчихлоо гэж та боддог бол магадгүй “Би саналаа өгсөн үү” гэж өөрөөсөө асуугаарай. Бодлого нь таалагдахгүй улстөрч УИХ-д гарах бүрэн боломж нь нээгдэж байна гэсэн үг.

-Сонгуульд оролцохгүй байх нь сонголт мөн гэлээ. Сонгуулийн ирц хүрэхгүй бол яах вэ?

-Ирц хүрэхгүй байна гэдэг нэр дэвшигчид хангалттай биш байна гэсэн дохио шүү дээ. Одоогийн хуулиар ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явна. Ирц 50 хувьд хүрэхгүй бол сонгууль дахин зохион байгуулахгүй ч нэмэлт санал хураалт явуулна гэсэн үг.

-Өнгөрсөн сонгуулийн ирц ямар байв?

-2016 оны сонгогчдын статистикийг харахад сонгогчдын нас нэмэгдэх тусам саналаа өгч буй сонгогчдын хувь нэмэгдэж байна. 18-25 насны сонгогчдын дөнгөж 50 хүрэхгүй хувь нь саналаа өгч байхад 60-аас дээш насныхны бараг 90 хувь нь саналаа өгч байна. Сонгуульд хэн саналаа өгч буй гэдгээс хамаараад тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөр гарч ирдэг. Хэрвээ 18-35 хүртэлх насны залуучуудын сонгуулийн идэвх 80 хувьд хүрвэл тэдэнд чиглэсэн бодлого яригдаж эхэлнэ. Тэд сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч юм. Өөрөөр хэлбэл, залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж бий.

Categories
мэдээ цаг-үе

Х.Баделхан: Хүний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх хот гэдэг зөвхөн орон сууц барих төдийгөөр хязгаарлагдахгүй

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө “Газрын харилцааны ажилтны өдөр” болж өнгөрлөө. Энэ жил Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Газар зохион байгуулалтын алба үүсч хөгжсөний 66 жилийн ой тохиож байна. Энэхүү салбарын эрх зүйн орчин, үйл ажиллагааг боловсронгуй болгоход хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Газрын харилцааны салбар бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, орон зайн мэдээллийн менежмэнтийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар.

Барилга, хот байгуулалтын яам “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д салбарын чиглэлээр тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Газрын тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, мөн Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

-Олны анхаарлыг таатаад байгаа Аэро сити, Майдар хотын төслийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Дагуул хот байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л хичээн ажиллаж байгаа.

Социализмаас ардчилсан нийгэмд, нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд, төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд гээд л. Үүнтэй зэрэгцээд бидний амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж, хүн амын тоо ихэсч, хотод амьдрах иргэдийн тоо нэмэгдсэн. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жил хот сууринг шинээр бий болгож байгаагүй юм байна. Нэгэнт энэ цагийн иргэдийн эрэлт, шаардлагад нийцсэн орчин цагийн хотыг барьж байгуулах нийгмийн шаардлага, хэрэгцээ үүсээд удаж байгаа болохоор нэн тэргүүнд Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд томоохон алхам болох үүднээс дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд явж байна. Цаашдаа алслагдсан хөдөө орон нутгуудаа хөгжүүлэх бодлогыг ч бид хажуугаар нь боловсруулаад явж байгаа.

-Дагуул хот байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Хотуудын тухайд гэвэл шинээр баригдсан Хөшгийн хөндийн олон улсын онгоцны буудал, төмөр зам, хурдны зам болон Улаанбаатар хоттой ойрхон тул байршлын давуу талтай. Энэ нь ирээдүйд оршин суух иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулахад нь логистикийн асуудлаа шийдэхэд дөхөм мөн эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах гол хүчин зүйл болж байгаа. Хүний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх хот гэдэг зөвхөн хэдэн айлын орон сууц барих төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Хамгийн гол нь иргэдийн амьжиргаа, орлогыг бүрдүүлэх тал дээр эхлээд анхаарах ёстой. Дараагийн нэг хүчин зүйл бол боловсрол, соёлын байгууламж мөн эмнэлэг, түргэн тусламж гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудлууд байдаг. Эдгээрийг бүрэн дүүрэн шийдсэн цагт хэн ч гэсэн эрүүл орчинд амьдрахыг хүсэх болно. Мөн Улаанбаатар хотоос 50 км зайтай тул бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх боловсон хүчин, хүний нөөцийн асуудлууд бага тулгарна. Үүнтэй зэрэгцээд ажлын байрууд тэнд бий болохын хэрээр Улаанбаатар хотын ачаалал хөнгөрөх нийгэм эдийн засгийн давуу талууд байгаа.

-Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн баригдсан. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй. Уг хуультай холбоотой СӨХ болон нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн асуудал гэх мэт олон асуудлууд байна?

-Орон сууцын дундын өмчлөлийн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулдаг. ШӨХТГ-ын мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдлын 1/4 нь дээрх асуудалтай холбоотой байна. Холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, амьдралд нийцүүлэх санал хүсэлтүүд яаманд ч байнга ирж байдаг. Ажлын хэсэг, зөвлөх баг гарган холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага, энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгааг судлуулсан. Гарсан санал дүгнэлтийн дагуу Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн. Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнтийг аймаг, нийслэлийн Засаг даргад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, инженерийн хангамжийн үйлчилгээг мэргэжлийн нэг байгууллагад гэрээгээр хариуцуулах, орон сууцын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулж оршин суугчаас болон тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төвлөрүүлэх хураамжийн хэмжээг тогтоох аргачлал, орон сууцанд хийх засвар, үйлчилгээний жишиг тариф, үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох ажлыг журмаар зохицуулж байх, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын фонд (сан) бүрдүүлэх, түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан заалтууд тусгагдсан байгаа. Шинээр байгуулсан орон сууцын хорооллууд СӨХ байгуулан иргэдээс хураамж төлбөр авч бизнес хийн, ашиг олж байна. СӨХ харуул хамгаалалт, тохижилт цэвэрлэгээг гэрээгээр гүйцэтгэнэ. Одоо ажиллаж байгаа ажилчид нь цалин хөлсөө аваад хэвээрээ ажиллана. Сууц өмчлөгчдийн төлбөрийг зохицуулах зөвлөлийн тарифаар авах учир төлбөрийн хэмжээ багасна. Удирдлагын болон үргүй зардал буурна. Манай орон сууцын тухай хууль дээр тооцоо судалгаа хийж, иргэдээс санал авч, олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын туршлагыг судалж, хоёр жилийн хугацаанд нягтлан боловсруулж, хуулийн төслийг бэлтгэсэн.

-Энэ онд салбар яаманд улсын төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бэ?

-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 691 төсөл арга хэмжээнд 1,459,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Categories
мэдээ цаг-үе

Б.ОЮУН: Бид чинь сонин харж байж л сонголтоо хийдэг ард түмэн

-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ОЛОН ХҮНД ХҮРГЭЕ ГЭВЭЛ ЦАХИМД НАЙДАЖ БОЛОХГҮЙ-

2008 оноос хойш УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй ажиллаж, ухуулагч хийж байсан Хан-Уул дүүргийн I хорооны иргэн Б.Оюунтай хөөрөлдлөө.


-Сайхан хаваржиж байна уу, та. 2020 оны сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Олон сонгуулийн нүүр үзсэн таны хувьд энэ жилийн сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?

-Энэ жилийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох шинжтэй. өмнө нь хоёр улс төрийн хүчнээс сонголт хийдэг байсан бол энэ жил нэлээд олон хүчнээс сонголтоо хийх юм шиг байна. тиймээс ард иргэд ч идэвхтэй оролцох байх.

Янз бүрийн нам эвсэл оролцож байгаа, дээр нь тойргоо томсгочихсон учраас нэлээд олон хүнээс сонголтоо хийнэ.

Тэгэхээр нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлах, мөрийн хөтөлбөртэй нь танилцах гээд ард иргэд маань ажил ихтэй байх нь. нөгөө нэг хэдэн тараах материалыг нь л эргүүлж, тойруулах хэрэг гарах нь дээ.

Сонгуулиар зөв хүнээ сонговол ирээдүй хойч үед маань хэрэгтэй. Би 2008 оноос хойш сонгуулийн сурталчилгаанд явж байна. Энэ жил ч сурталчилгаагаа хийгээд явна. Дэмжиж байгаа хүнээ сурталчлаад явна гэдэг сайн дурын л ажил юм даа.

-Энэ жил цахимаар сонгуулийн сурталчилгаа явагдахаар болсон шүү дээ?

-Харин тийм зүйл сонсогдоод байгаа. Цахим руу орж хов жив л сонсдогоос биш нэр дэвшигчдийн бодлого, үзэл баримтлалыг нь уншина гэдэг бүтэхгүй л санагдаад байгаа. Манай үеийнхэнд бол цахим ашигладаг хүн тун бага. Ер нь 50-иас дээш насныхан дунд цахим хэрэглэдэг гэвэл 20 хувь нь л байх. Манай үеийнхэн цахимд тааруу шүү дээ. Тэгэхээр яаж бид нарыг мэдээлэл ав гээв. Дээрээс нь үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл цахимд явж байдаг. Энэ залуучууд цахим руу бизнесээ явуулах гэж аль эсвэл контент үзэх гэж л орж байна. Хэдэн троллууд нь улс төрийн хов живээ бичдэг юм байгаа биз. Бүр нэг нэгнээ таньдаг болчихсон байдаг юм билээ. Хүн гэдэг гарт баригддаг бодит юманд л илүү итгэл үнэмшилтэй ханддаг. Угаас бид чинь сонин харж байж л сонголтоо хийдэг ард түмэн.

-Хөдөө орон нутагт цахим хэрэглэдэг хүн ховор шүү дээ. Тийм ээ?

-Би өөрөө хөдөөний хүн. Зун болохоор хөдөө рүүгээ яваад өгдөг юм. Сумд бол ер нь хэцүү шүү. Цаашаагаа малчны хот бол 2G интернэт л байдаг шүү дээ. Хөдөөд WIFI-тай газар гэж лав дуулаагүй юм байна. Бүгд л дата хэрэглэдэг. Дата нь хурдан дуусдаг. Нэг хоног л хэрэглэдэг. Тэгээд сонгуулийн сурталчилгаа уншина гээд тээр холоос сумын төв орж дата аваад сонголтоо хийнэ гэж юу байхав. Нэг тойрогт ийм олон хүн нэр дэвшиж байгаа энэ жилийн сонгууль бол онцгой нөхцөл байдалд өнгөрнө. Цахим дээр тавигдсан нийтлэл байтугай мэдээг ч уншихад төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс тэр олон сурталчилгааг гүйлгээд л өнгөрнө дөө. Манай залуучууд бол. Улс төрийн юм гэвэл ганц хоёр өгүүлбэртэй хов живийн чанартай мэдээг л уншина уу гэхээс хэцүү шүү дээ. Сонгуулийн сурталчилгаагаа олон хүнд хүргэе гэвэл цахимд найдаж болохгүй.

-Сонгуулийн материалыг хэвлэж тараах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Манай үеийнхэн бол байрныхаа гадаа хөзөр тоглонгоо сонгуулийн материалуудыг эргүүлж, тойруулаад санал бодлоо яриад л сууж байдаг юм. Сонгуулийн үеэр улстөржилт нэлээд өрнөдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь сайн хүүхэд юм шиг, тэр залуу ийм сургууль төгссөн юм байна гээд л. Залуучууд ч гэсэн буйдан дээрээ суучихаад нөгөө материалыг эргүүлээд сууж байдаг юм. Дээрээс нь цахим гэдэг тог, цахилгаанаар явдаг. Интернэтийн сүлжээг хаачихвал яах вэ. Энэ олон нэр дэвшигчид яаж сурталчилгаагаа хийх үү. Бодох л асуудал. Дээрээс нь цахим дээр байгаа юмыг устгах шиг амархан юм байхгүй. Нэг харлуулсан мэдээ цахимд оруулаад сэвж байгаад л устгачихдаг юм билээ. Дараа нь хариуцлага хүлээх хүн байхгүй, эзэн нь тодорхойгүй ийм асуудал гардаг тал бий. Ер нь бодлогын чанартай юмыг сонин дээрээс л уншдаг юм. Хаа газар. Тиймээс сонин тараасан нь дээр.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах үүднээс тараадаг болгоно

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Орон нутгийн тулгамдаж буй асуудал, холбогдох хууль тогтоомжинд хамгийн тулгатай хариултыг өгөх хүн нь та. Учир нь ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд аймгийн дарга хүртлээ орон нутагт хангалттай ажилласан улстөрч шүү дээ. Тэр ч утгаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та санаачилсан. Их хуралд орж ирж буй энэ хууль орон нутагт ямар реформ, шинэчлэлийг авч ирэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Үүнийг дагаж нийт 40 гаруй хуулинд өөрчлөлт орох ёстой юм. Энэ хуулийн нэг суурь органик хууль нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Үндсэн хуулиа дагаж гарсан журмын тухай хууль дээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, хот тосгоны хууль хоёрыг боловсруулсны үндсэн дээр хот тосгодын асуудлыг яаралтай шийдвэрлэх тогтоолтой. Үүний дагуу би энэ хавар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, хот тосгоны хууль хоёр дээр дөрвөн сарын хугацаанд суулаа. Засаг захиргааны хуулийг бэлэн болгоод өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Хот тосгоны тухай хуульд Засгийн газраас санал авахаар өгчихөөд хүлээгээд байж байна.

-Энэ хуульд олон онцлог зохицуулалтууд байгаа байх. Сүүлийн 30 жил орон нутгийнхны ярьж байгаа асуудал бол орон нутгийн эрх мэдлийг нэмэх шүү дээ. Энд хэр анхаарал тавьсан бэ?

-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал тавьсан. Орон нутгийнхны зүгээс эрх мэдлийг нэмж өгөөч ээ гэж нэлээд ярьдаг. Энэ хүрээнд орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, боловсон хүчний эрх мэдлийг нэмэгдүүлэх, тодорхой чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавьсан. Өмнөх хуулиасаа арай өөр болсон гэж бодож байна.

Нэлээд том шинэчлэлийн асуудал тусгагдсан. Түүнчлэн нэгжүүдийн чиг үүргийг тодорхой болгосон. Нэгжийн удирдлагуудын чиг үүргийн давхацлыг арилгаж тодорхой болгосон. Тухайлбал, өмнө нь аймаг сумын даргын үүрэг ижил, нийслэл дүүргийн Засаг даргын үүрэг ижил байсан. Одоо орж ирж байгаа хуулиар Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны дарга бүгд өөр чиг үүрэгтэй болсон. Чиг үүрэг нь хамгийн ойр байгаа нэгждээ өгөхөөр тусгасан байгаа. Чиг үүргийг дагаад эрх мэдэл, хөрөнгө мөнгө явж байдаг.

-Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргаа сонгож чадалгүй дөрвөн жилийн нүүр үзсэн. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах асуудал бий?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах чиглэлд анхаарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тараадаг болгосон. Баянзүрх дүүргийн иргэдийн хурал гээд бараг Засаг даргаа сонгож чадахгүй дөрвөн жил болсон. Тиймээс 50 хоногийн дотор Засаг даргаа нэр дэвшүүлж чадахгүй, анхдугаар хурлаа хийж чадахгүй бол шууд тараах зохицуулалтыг оруулсан. Иргэдийн хурлын тэргүүлэгчид гээд шийдвэр гаргадаг байгууллага байсныг байхгүй болгосон. Мөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эргүүлэн татдаг болгож байгаа. Дүүргийн хурлаас нийслэлийн хурлыг сонгодог болгож байгаа. Иргэдийнхээ хурлыг хариуцлагажуулах, санаачилгатай ажиллах чиглэлд шинэчлэл хийгдэж чадсан гэж бодож байна.

-Орон нутагт улстөржилт газар аваад байна. Үүнд чиглэсэн ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Улстөржилтийг орон нутагт байхгүй болгох үүднээс сумын иргэдийн төлөөлөгчид нэр дэвшиж байгаа хүн улс төрийн намаас нэр дэвшихгүй болгосон. Аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дотор намын бүлэгтэй байхыг хориглосон. Бүлгээр дамжиж үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг. Мөн бүх шатны Засаг даргыг томилох томилгоо дээр өөрчлөлт гаргахыг хичээсэн. Монгол Улс нэгдмэл улс. Засаг дарга гэдэг хүн төрийн төлөөлөгч. Иргэдийн хурал гэдэг нутгийн төлөөлөл. Энэ хоёр тухайн нэгж би биенээ нөхөж, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг асуудал нь хэрэгждэг. Энэ агуулгаар нь төрийн төлөөлөгчийн хувьд Засаг даргын томилгоонд дээд шатны засаг дарга буюу Ерөнхий сайдын оролцдог оролцоог нэмэгдүүлж өгсөн. Ингэхгүй бол хариуцлагагүй байдал их гараад байгаа учраас энэ чиглэл рүү өөрчлөлт хийгдсэн.

-Таны хувьд орон нутагт хангалттай олон жил ажиллачихсан хүн. Орон нутагт тулгамдсан асуудлыг энэ хууль шийдвэрлэж чадах уу. Зөрчилдөж байгаа асуудал байна уу?

-Одоо байгаа манай орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хууль болж чадсан. Бүгдийг шийднэ гэж байхгүй. Зөрчилдөж байгаа хоёр асуудал бий. Орон нутаг аль болох эрх мэдэлтэй байхыг хичээдэг. Гэтэл Монгол Улс нэгдмэл улс. Тиймээс төрийн бодлого бүх түвшинд хэрэгжих ёстой. Энэ агуулгаар нь төрийн удирдлага, орон нутгийн удирдлага хоёр байнга хоорондоо хосолж байх зарчимтай. Энэ зарчмынхаа дагуу явж байгаа юм. Энэ хууль батлагдаад гарсны дараа дагаж гарах нэлээн олон хуулиуд байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гарна. Энэ хууль бол орон нутагт санаачилгатай ажиллах, идэвхтэй байх, улстөрчид байхгүй байх, бизнес хөгжих нөхцөлийн бүрдүүлэх чиглэлд анхаарсан хууль юм. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар энэ хуулийнхаа хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Дараа дараагийн долоо хоногуудаас энэ асуудал үргэлжлээд хэлэлцээд явах байх.

-Энэ оны орон нутгийн сонгууль хэрхэн явагдахаар байна?

-УИХ Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гэж хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагдсан өөрийнхөө хуулиар явагдана. Энэ хууль хэрэгжиж эхлээд явж байна. Тойрог, мандатаа байгуулахаас эхлээд ажлууд хийгдээд явж байгаа. Иргэдийн хурлын сонгууль мажоритар буюу томсгосон тойрогтой системээр явна. Аймгийн иргэдийн хурлын сонгуульд гэхэд том нэг тойрог, аймгийн төвийн баг нэг тойрог байна. Сумандаа бол сумын баг нь сонгуулийн нэг тойрог болж, томсгосон тойрогтой, олон мандаттай системээр явна. Аравдугаар сарын 15-нд сонгууль явагдахаар Их хурал товлон зарласан. Нийт зарцуулах хөрөнгө, ашиглагдах техник хэрэгслийн асуудлуудыг хуулиар шийдвэрлэчихсэн байгаа.

-МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын сонгуулийг хойшлуулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр Монгол Улс “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байгаа. Дотооддоо алдчихаагүй байна. Гадаадаас ирж байгаа иргэд дунд өвчлөлтэй иргэд бий. Тэдгээр иргэдээ эмчилээд явж байна. Өнөөдрийн дэлхийн нөхцөл байдлыг харахаар Монголд сонгуулийг хойшлуулах нөхцөл одоогоор бүрдээгүй байгаа. Ер нь бид боломж, бололцоо нь байгаа бол сонгуулийг аль болох хойшлуулж хэрэггүй. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн улс төрийн хамгийн том эрх бол сонгууль гэж заасан. Тиймээс Монгол Улс сонгуулийг хойшлуулж, урагшлуулахгүйгээр хугацаанд нь явуулж чадаг орон болох хэрэгтэй. Тэрнээс дуртай цагтаа урагшлуулж, хойшлуулдаг болчихвол сонгуулийг тодорхой хүчинд юм уу, нөхцөл байдалд тохируулж, сонгуулиа явуулдаг улс болчихож магадгүй байгаа. Сая БНСУ парламентын сонгуулиа ирц сайтай явууллаа. Өнөөдрийн хязгаарлалтын нөхцөлд сонгууль явуулахад хүндрэлтэй зүйл бий. Энэ хүндрэлүүдийг бид нар аль болох арилгаад, зохицуулаад сонгуулиа явуулчих боломжтой гэж харж байна. Гэхдээ сонгууль болтол хугацаа байна. Нөхцөл байдлыг хэлэх арга байхгүй.

-Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох заалт орлоо?

-Ноолуур бол монголчуудын хувьд стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүний нэг мөн. Ялангуяа манай малчдын хувьд хавар цагийн санхүүгийн эх үүсвэрээ ноолуураас олдог. Малчид жилийн хоёр орлоготой хүмүүс. Хавар ноолуураасаа, намар махнаасаа орлого олдог ийм л ард түмэн. Гэтэл ноолуур нь үнэд хүрэхгүй учраас хүндрэл учирч байгаа. 250 мянган малчин өрхөөс гадна ноолуураар амьдардаг их олон хүн бий. Аймаг сумын нийтийн тээвэр, дэлгүүр хоршоо, ресторанаас эхлээд ноолуур үнэд орохоор худалдаа наймаа нь эргэлтэд ордог. Ингэхээр 400-500 мянган хүний амьдралтай холбоотой асуудал.

-Ч.Улаан сайд ноолуурыг 100 мянган төгрөг болгоно гэж мэдэгдэсэн нь нэлээд маргаан дагууллаа?

-Ч.Улаан сайд эхлээд ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаж байх үед нөхцөл байдал арай өөр байсан. Өмнөх жилийн ноолуур үнэтэй байсан. “COVID-19” цар тахал ингэж хүчтэй тархаагүй байсан. Манай үндэсний үйлдвэрүүд ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй авах боломж байна гэж ярьж байсан. Энэ мэдэгдлдийг хийсэн гуравдугаар сарын 10-дийн үеийн нөхцөл байдал одоо үеийн нөхцөл байдлаас өөр байсан. Өнөөдөр бол өөр. Англи, Франц, Итали, АНУ гэх ноолуурын зах зээлийн гол зах зээл болох улсууд ноолуурын түүхий эдийг авах аа больчихсон. Амь наана, там цаана байна шүү дээ. Тиймээс ноолуур өөрөө дэлхийн зах зээлд эрс буучихаж байгаа юм. Тэгэхээр 100 мянга гэдэг боломжгүй болчихож байна. Тиймээс УИХ, Засгийн газар дөрвөн шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэгчиддээ зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг хөгжлийн банкнаас дамжуулж шийдэж байгаа. Хоёрдугаарт, гадагшаа хилийн боомтуудаар түүхий ноолуур гаргахыг зөвшөөрч байгаа. Үнээ тогтвортой барих гээд байна шүү дээ. Гуравдугаарт, гаднаас худалдан авагч орж ирэх юм бол оруулах чиглэлд анхаарах боллоо. Дөрөвдүгээрт, ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг өгье гэсэн ийм дөрвөн шийдвэрийг гаргасан. Ирэх долоо хоногоос Засгийн газраас 20 мянган төгрөгтэй холбоотой асуудлаар тусгайлсан журам гаргана. Энэ хэрэгжээд явна. Ноолуурын дундаж үнэ зах зээл дээр 50-60 мянган төгрөг байна. Энэ үнээрээ худалдаад дээрээс нь 20 мянган төгрөгийн дэмжлэгээ авчих юм бол 70-80 мянган төгрөгт ноолуураа өгчих бололцоо бүрдэж байгаа. Энэ бол бололцооны дэмжлэг. Үүнээс илүүгээр төр засаг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм.

-Үндсэн хуульд нийцүүлж гаргах ямар ямар хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх вэ?

-Үндсэн хуульд нийцүүлж гаргах олон хууль бий. Нийтдээ 42 хууль. Энэ парламентаар таван хуулийн асуудлыг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, Их хурлын тухай хууль. Шинэ Их хурал бүрдэхэд хууль нь бэлэн байх ёстой. Хоёрдугаарт, Их хурлын чуулганы тухай хууль. Шинэ Их хурал бүрдээд анхны хуралдаанаасаа эхлээд шинэ дэгээр явна. Тэр дэгийн хууль нь бэлэн болох ёстой. Гуравдугаарт, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл байгаа. Үүнийг хэлэлцэж батлах ёстой. Шинэ Засгийн газар бүрдэхэд Үндсэн хуулийн дагуу шинэ хуулиараа бүрдэх ёстой. Сайд нарыг УИХ биш Ерөнхий сайд томилно гээд л эхэлнэ шүү дээ. Дөрөвдүгээрт, Аудитын тухай хууль, тавдугаарт хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль орж ирнэ. Энэ таван хуулийг л энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлаад дуусах бодолтой байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг амжвал хэлэлцэж дуусгана. Ийм л төлөвлөгөөтэй байна.

-Тавдугаар сарын 25-нд Үндсэн хууль хэрэгжээд эхлэхээр Засгийн газар тарна, тарахгүй гээд л олон янзын тайлбарыг хүмүүс хэлж байна. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа түүнийг дагаж гарах журмын тухай хууль гэж баталсан. Энэ хууль яг үндсэн хуультайгаа адилхан 57 гишүүний дэмжлэгтэйгээр батлагдсан хууль. Энд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орсон асуудлаар одоогийн мөрдөж байгаа хуулиудыг шинэчлэн баталж, хуультай нийцүүлж явна гэсэн үг. Тиймээс Засгийн газрын тухай хууль дээр хугацааг нь тавиад явахад болно.

-Өвөрхангай аймагт нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Энэ жил Өвөрхангай аймагт өвөлжилт гайгүй байсан. Хаваржилт бол хүнд байна. Өнгөрсөн жил ургац муу гарсан. Малчид олон аймаг суманд өвөлжиж, хаваржиж байгаа. Өнөөдрийн байдлаар гадны аймаг сумын нутагт Өвөрхангай аймгийн 1500 орчим өрх өвөлжөөд, хаваржаад байж байна. Ер нь Өвөрхангайн нутагт өвс муутай, шороотой нөхцөл байдал хүндрэлтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Малчид маань ноолуураа 10-20 мянган төгрөгөөр ахиу өгчихөөсэй гэсэн бодолтой байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Та нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг гаргана гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэтэл өнөөдөр Говь-Алтайд нэг кг ноолуур 20 мянга, Баян-Өлгийд 25 мянга бол Сүхбаатарт 100 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Энэ цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье?

-Бид ноолуурын дундаж үнэ 100 мянган төгрөг байх бололцоотой гэдэг тооцоо гаргасан. Ноолуур бэлтгэлийн ажил дөнгөж эхэлж байна. Энэ жилийн хувьд онцлогтой байна. Хамгийн гол нь ноолуурын зах зээл дээр өрсөлдөгч, гадны худалдан авагчид орж ирээгүй байна. Дотоодын үйлдвэрүүд ноолуураа бэлтгэж эхлээгүй, санхүүгийн асуудалтай байгаа. Тиймээс зах зээлийн бодит үнэ тогтчихсон гэж хэлэхэд эрт. Зүүн гурван аймгаас ноолуур бэлдэж байгаа энэ явцаас харах юм бол стандартын шаардлага хангасан сайн чанарын ноолуурыг кг-ыг нь 105 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ ажил дөнгөж эхэлж байна. Дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд банкнаас зээлээ аваад энэ ажлыг цааш нь үргэлжлүүлээд явах бололцоотой.

-Ноолуурын суурь үнэ дээр 20 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гэсэн шийдвэрийг Их хурлаас гаргалаа. Энэ схемийг хэрхэн харж байна?

-Энэ шийдвэрийг дагаад зүүн гурван аймагт эхлүүлсэн бидний схем үндсээрээ өөрчлөгдчихлөө. Бид арилжааны банкны хөнгөлөлттэй зээлээр ноолуур бэлтгэх схем гаргаад зүүн гурван аймагт эхлээд явж байсан. Одоо 200 тэрбум төгрөгийг кг ноолуур тутамд урамшуулал болгож өгөхөөр болж байна. Суурь үнэ дээр нэмэх нь 20 мянган төгрөг гэдэг схем тогтоосон. Одоо суурь үнэ хэд байх вэ гэдгийг тодорхойлох асуудал гарч ирсэн. Суурь үнийг төрөөс тогтоож болохгүй юм шиг байна. Дундаж үнэ зарласны төлөө яам үнэ тогтоож болохгүй гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тиймээс одоо аль болохоор зах зээлдээ ойр, ард иргэддээ ойр аймгууд нь тогтоог гэж хувьдаа бодож байна. Шинэ журмыг хэрэгжүүлэх дүрэм журам тодорхой болоогүй. Тодорхой болчихвол орон нутагт суурь үнээ тогтоогоод дотоодын бэлтгэн нийлүүлэгчид малчдаас ноолуураа авах ёстой. Малчнаас ноолуур авсан тухай гэрээ байгуулж таарах байх. Би малчин Доржоос 15 кг ноолуурыг ийм үнээр авсан гээд 80 хувийг нь үйлдвэр өөрөө төлөх байх. Үлдэж байгаа 20 хувийг дараа нь төсвөөс нөхөж өгөх асуудал гарна. Схем бол тэгж л ойлгогдож байна.

-Хөдөөгүүр явж байхад малчид ноолуураа ядаж 60-70 мянган төгрөгөөр өгчих юмсан гэж ярьж байна л даа?

-Ноолуур үнэт баялаг. Борлуулах гэж яарах хэрэггүй байгаа юм.

Тэртэй тэргүй зах зээлийн ханш тогтоно. Урд хөршийн үнэ ханш бидний яриад байгаагаас хэд дахин дээгүүр байгаа. Бид яаран дааран бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг унагах хэрэггүй гэж бодож байна. Үүнийхээ төлөө шүүмжлүүлсэн. Малчид маань ноолуураа 10-20 мянган төгрөгөөр ахиу өгчихөөсэй гэсэн бодолтой байна. Дотоодын зарим үйлдвэрлэгчид 20 мянган төгрөгөөр авъя гэж байгаа биз дээ. Ноолуур ийм үнэ цэнэгүй бүтээгдэхүүн биш шүү дээ.

-Та Сүхбаатар аймгаас олон жил сонгогдож гарсан улстөрч. Сүхбаатар дахь улс төрийн нөхцөл байдал хэр байна. Ганцхан Сүхбаатар болон зүүн гурван аймгийн ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна гэдэг улс төрийн өнцгөөрөө сонгууль дөхсөн энэ үед хэт бүдүүлэг, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэж харагдаж байгаа. Та өөрөө ХААХҮ-ийн сайд хүн. Зөвхөн зүүн аймагт ийм үнэтэй зарах гээд байгаа нь танд асуудал үүсгээд байгаа юм биш үү. Сүхбаатар аймгийнханд бол сайхан л байгаа байх?

-Яагаад зүүн аймгийн ноолуур үнэтэй байдаг вэ. Нэгдүгээрт, эрт самнадаг, хоёрдугаарт, чанар сайн. Нэг кг бохир ноолуураас гарах цэвэр бүтээгдэхүүний хэмжээ нь 65 хувь шүү дээ. Төвийн болон баруун аймгийн нэг кг бохир ноолуураас гарах цэвэр бүтээгдэхүүний хэмжээ 50 хувь байдаг. Тэгэхээр ижилхэн үнэтэй байж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнөх жилүүдэд ийм л байсан. Энэ жилийн хувьд ч тэр ноолуур зүүн аймгуудаасаа л эхэлж гарч байна. Баруун аймгуудын зарим газар ноолуур самнаж эхлээгүй байгаа. Тэгэхээр чанар болон цаг хугацааны хувьд ингээд таарчихлаа. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдэдээ сайн чанарын ноолуураа авах бололцоог нь хангах үүднээс зүүн талаас нь эхэлж байна. Цаанаа ийм л агуулгатай юм. Түүнээс сонгогдсон тойрогтой энэ огт хамаагүй. Ийм л байсан. Цаашдаа ч ийм л байна.

-Таныг Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн өмнөөс малчдаас уучлалт гуйж, тэр байтугай огцрох ёстой гэдэг зүйлс ч яригдаж байна. Ноолуураар ярьсан таны мэдэгдэл огцрох шалтгаан тань мөн үү?

-Ноолуурын үнийг өндөр байлгая гэж хэлсэн нь буруу юм уу. Малчин хүн бүтэн жилийн турш нэг ямааг маллаад, нэг ямаанаас хэчнээн төгрөгийн орлого олдог гэж бодож байна. 100 мянган төгрөгөөр ноолуураа борлууллаа гэж бодоход манай монгол ямаанаас үсрээд 200-250 грамм ноолуур л гарна. Бүтэн жилийн туршид ямаа маллаад олж байгаа орлого нь тэгэхээр 25 мянган төгрөг л байна. Тэгэхээр ноолуурыг 100 мянган төгрөг байлгая гэж хэлэхээр яагаад болохгүй гэж.

-Ийм л зүйл яригдаад байна л даа?

-Тэр чинь улс төр байхгүй юу. Улаан сайд 100 мянган төгрөг гэж зарладаг нь буруу байлаа гэж яриад байгаа. Хэрвээ би зарлаагүй бол яах уу. Буянгийн Жаргалсайхан 20 мянган төгрөг гэж зарлаад байгаа биз дээ. Малчдад хүнд тусна шүү дээ. Өнөөдөр кг ноолуурыг 20 мянган төгрөгөөр авъя гэвэл мэдээж өгөхгүй. Маргааш нь 30 мянган төгрөгөөр авъя гэвэл өгнө шүү дээ. Үүнээс сэргийлэхийн тулд дундаж ханш гаргасан. Гаргахдаа нөөц, дэлхийн зах зээлийн үнийн уналтын багцаа, өмнөх жилүүдийн хүрсэн түвшинг харна. 100 мянган төгрөг бол 30 хувийн нөөцтэйгөөр зарлаж байгаа үнэ. Дэлхийн ноолуурын бэлтгэлийн ажил хоёр сарын дундаас эхэлсэн. Одоо яг ид явж байна. Дөнгөж ноолуур бэлтгэл эхэлж байх үед буюу гуравдугаар сарын 18-нд зарласан ханш. Тэр үед нэг хэсэг ноолуур унаж байгаад сүүлийн хоёр долоо хоногийн дундаж мэдээгээр үзэхэд Хятадын зах зээл дээр ноолуурын үнэ унахаа больчихлоо. Яагаад гэвэл үйлдвэрлэл жигдрээд эхэллээ. Одоо Хятадын ноолуурын үнэ өсөх хандлагатай болоод ирлээ. Тэгэхээр миний яриад байгаа тэр үнэ өшөө дээшээ явахаар байна. Дэлхийн ноолуурын 50 хувийг Хятад бэлддэг. 40 хувийг бид бэлддэг. Тэгэхээр бид нар тодорхой нөлөөтэй оролцох ёстой. Тийм учраас төр дундаж ханшийг зарлаж бодлогоо гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Ноолуур бол монголчууд бидний бахархал. Япон, Солонгосын стратегийн бүтээгдэхүүн бол цагаан будаа. Тэд цагаан будааныхаа үнийг унагадаггүй. Унах гээд байвал татаас өгдөг. Энэ агуулгаар нь ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгье гэж байгаа нь эдийн засгийн агуулгын хувьд байж болох арга. Гэхдээ ноолуурынхаа үнийг 20 мянга болгож унагачихаад 20 мянган төгрөгийн урамшуулал өгвөл эдийн засгийн хувьд утгагүй. Харин 100 мянга дээрээ бариад 20 мянган төгрөгөө өгч байгаа бол болж байна.

-Та бүхэн ноолуурын дундаж үнийг 100 мянган төгрөг байж болох юм байна гэдэг дундаж үнийг зарласан. Өнөөдөр БНХАУ-ын ноолуурын үнэ хэд байна вэ?

-Хэбэй мужийн үнэ 120-140 мянган төгрөг, зарим мужид нь 160 мянга хүрч байна. Дэлхийн ноолуурын үнийг тодорхойлдог Шнэйдэр группийн үнийг аваад үзэхэд өнөөдөр 200 мянган төгрөг байна. Тэгэхэд бид нар яагаад ноолуурынхаа үнийг зориудаар унагаах ёстой юм. Тийм байж болохгүй биз дээ. Нэг талаас малчдаа бод. Ноолуур Монгол Улсад стратегийн бүтээгдэхүүн гэж зарласан хоёрхон бүтээгдэхүүний нэг. Үнэ ханшынх нь багцааг Үндсэн хуулиараа төр тодорхойлж, нийгмийг зохицуулах ёстой. 100 мянган төгрөг тэнгэрт хадчихсан үнэ биш.

-Их хурлын тогтоолоор та бүхний схем өөрчлөгдсөн. Тиймээс ноолуурын ажил бүр анхан шатнаасаа эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Эхлээд орон нутагт ноолуурын үнийг тогтоох ёстой. Орон нутагтаа тогтоно гэдэг ноолуур авна гэсэн хүн дээр тогтоно гэсэн үг биш. Нэг талаас малчин, нөгөө талаас худалдаж авах гэж байгаа хүн хэлцэлд орох ёстой. Дээрээс нь төр үүнийг баталгаажуулах ёстой. Яагаад гэвэл тэр хоёрын тохироод авчихсан үнэ дээр урамшуулал өгөх гэж байна шүү дээ. Тиймээс одоо тохиролцоонууд анхан шатнаасаа хийгдэхээр болж байна.

-Нэлээд цаг орох юм байна?

-Яг зөв олж харлаа. Хугацаа хэрэгтэй байхгүй юу. Ийм үед яараад хэрэггүй гэж дахиад хэлье. Яаран дааран замын хүнд биш, төрийн оролцоотой наймаанд орвол малчдад ашигтай. Малчид маань бага зэрэг яарсан. Яарах нэг шалтгаан нь зээлээ төл гэж банкууд шахаж эхэлсэн. Зээл өгөхдөө гуравдугаар сард танай ноолуур гардаг юм чинь дөрөвдүгээр сард зээлээ төлөх гэрээ байгуулъя гэдэг. Тэгээд л малчид нэг талаасаа зээлэндээ шахагдаад, нөгөө талаас зах зээлийн үнэ нь тогтоогүй учраас хэцүү байсан. Тэгээд Монголбанк болон бусад банкуудтай бид нар ажилласан. Банкнууд маш сайхан шийдвэр гаргалаа. Малчдын зээлийг нэг жилээр төлөлтийг нь хойшлуулчихлаа. Одоо малчдад зээлээ төл гэдэг дарамт байхгүй болчихсон. Одоо малчид ноолуураа хадгалж байгаад үнэ хүргээд намар оюутан хүүхдүүд явах үед борлуулбал сургалтын төлбөрийн үед хэдэн төгрөгтэй болно. Тэрнээс яг одоо борлуулах гээд давчдаад байх шаардлагагүй юм.

-Та Сүхбаатар аймгаас нэр дэвших үү?

-Нам мэднэ. Манай нам зохион байгуулалттай, сахилга дэг журамтай нам. Нам даалгавар өгөөд яваа гэвэл мэдлээ гүйцэтгэе гээд л явна. Одоо та болно оо сууж бай гэвэл ойлголоо гээд сууна. Намын шийдвэр тавдугаар сарын 10-даас гарах байх.

-Таныг оролцуулаад улс төр дэх ахмад таван гишүүнийг сольё, залуу цусаар сэлбэе гэдэг зүйл яригддаг. Та хэдийн улс төрд байх шалтгаан юу вэ?

-Манай ахмад гишүүд төрийн бодлого үйл ажиллагааны ой санамжийг тээж яваа үнэт капитал гэж бодож, хүндэтгэлтэй ханддаг. Бусад улс орнуудад ч ийм байгаа. Айл өрхөд ч ийм байдаг. Өвөөгөө нас өндөр боллоо гээд ад үзээд байдаггүй биз дээ. Манай ахмад гишүүд төрийн ой санамжийг агуулж, өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ мөр зэрэгцээд явж байна. Тиймээс ингэж хандах нь учир дутагдалтай. Урт хугацаанд үйл явцыг ажиглаж, туулж, ирсэн туршлага дээрээ суурилаад дүгнэлт хийхэд асуудалд арай өөр хандана. Яагаад гэвэл зах зээлийн эдийн засаг эхэлснээс хойш төр засагт зүтгэсэн хүмүүс шүү дээ. Өмнө нь ямар байсан, юу нь болохгүй байсныг мэднэ. Өнөөдөр ямар байгаа, юу нь онож, юу нь онохгүй байгааг мөн мэдэж байна. Цаашдаа яах вэ гэдгийг төсөөлнө. Тийм учраас төрийн үнэтэй капитал.

Ноолуурын талаар өнөөдөр их маргалдаж байна. Ноолуурын асуудал зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш. 1996 онд Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор ноолуурын үнэ цэнийг өсгөх асуудлыг шийдэж байсан юм. Үүнээс хойш олон удаагийн тогтоол шийдвэрүүд гарсан. Яаж 30 мянган төгрөг болгох вэ гэж Засгийн газар дээр яригдаж байсан. Тэр үеийн Засгийн газрын шийдвэрүүдийг сөхөөд харвал миний гарын үсэгтэй гарсан байдаг юм. Түүнээс хойш өнөөдрийн энэ түвшинд хүрсэн. Энэ бүгдийн мэдээлэл нь бидэнд байгаа. Давуу, сул талуудыг нь туулаад үзчихсэн учраас ерөнхий ханыг нь гадарлаж байна шүү дээ. Манай ахмад гишүүд энэ төрийн ой санамж шүү. Ийм капиталыг бий болгохын тулд төр засаг их мөнгө зардаг юм. Их олон шалгуур дундуур орж гарч төлөвшиж, хүлээн зөвшөөрөгддөг юм. Тийм учраас сайн дурын асуудал шиг хандаж болохгүй.

-Та Монголын эдийн засгийг хүндрэлтэй, хүндрэлгүй аль ч цаг үед Сангийн сайын сэнтийд байсан. Дөрвөн ч удаа сангийн сайд хийсэн байх. Коронавирусийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн харж байгаа вэ. Найм, есдүгээр сараас нөхцөл байдал бүр ч хүндрэхээр байна шүү дээ?

-Янз бүрийн сорилтуудтай бид тулж байсан. Энэ удаагийн коронавирусийн цар тахал бол урьд өмнө нь төсөөлж байгаагүй үйл явдал боллоо. Дэлхий дахин ч ингэж харж байгаа. Дэлхийн II дайнаас хойш ийм нөхцөл үүсээгүй гэж ярьж байгаа биз дээ. Энэ маш амаргүй нөхцөл байдал. Олон ч зүйлийг ухааруулж байна. Нөгөө талдаа олон зүйл өөрчлөгдөх юм шиг байна.

-Жишээ нь?

-Бидний өнөөдрийг хүртэл бодож, итгэж, үнэмшиж явсан хандлага, үйл явц их өөрчлөгдөх юм байна. Маш энгийнээр ярихад улс орон бүр өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болох ёстой юм байна. Нөгөө даяаршаад, нэг нэгнийхээ дутууг нөхөж, бусдаасаа авч хэрэглээд явдаг дундын гал тогоо байхгүй болох юм шиг байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангахаас эхлэх нь. Ялангуяа хүнсэн дээр. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай том улс орнууд хүнсний асуудалд орж байна. Үе үе хүнсний хомсдол бий болж байна. Тэрнээс үүсэх сөрөг үр дагаврууд гарч байна. Өнөөдөр бид хүнсний хомсдолд хараахан ороогүй. Байгаа нөөц, бий болгох чадавхаа тооцоод хэлэхэд үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр энэ ондоо хүндрэл бэрхшээл тохиолдохгүй. Өнгөрсөн жил ийм сорилт тулгараагүй байхад махан дээр хүнд асуудалд орсон. Яасан гэхээр систем маань өөрөө болохгүй байсан. Нэгдүгээрт, үйлдвэрлэлээ зохион байгуулж байгаа арга нь, нөөц бэлдээгүй. Дээрээс нь гадны нөлөө орчихсон. Тийм учраас дотоодын зах зээл маш эмзэг байсан. Энэ жилийн хувьд тийм байдал гарахгүй байна. Яваад үзвэл сонголт байна. Үнэ боломжийн түвшинд татагдаж байгаа. Яагаад гэвэл бид хямд махны нийлүүлэлтийг байнга нэмэгдүүлж байгаа учраас зах зээл дээр орж ирж байгаа махны үнэ ханшийн түвшин тогтоход эерэг нөлөө үзүүлж байна. Бидэнд хангалттай нөөц байгаа учраас Улаанбаатар хотод өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. 27 цэгт махыг бөөнөөр нь, тооноор нь томсгож нөөцийн махыг худалдана. Тиймээс энэ үед Ерөнхий сайд “Монгол хүний хувьд мах, гурил хоёр чухал шүү” гээд л байнга хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд энэ дээр санаа зовохгүй байх нөхцөлийг бид нар бүрдүүлж чадсан. Цаашдаа ч ийм байхын төлөө ажиллана.

-Монгол Улс ардчиллын 30 жилийн түүхэндээ эдийн засаг ингэж царцсан хүнд сорилттой тулж байв уу. Та нийгэм солигдсон үе буюу 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан учраас асууж байгаа юм аа?

-Хүндрэл байсан. Ялангуяа социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн хоёр жилийн хугацаанд эдийн засаг маш хүнд байдалд орсон шүү дээ. Ер нь хөгжлийн түвшингээсээ арван жилээр ухарсан. Улс орны аюулгүйн болоод валютын нөөц хомсдоод байхгүй болсон юм. Хүнсний хомсдолд орсон. Тэгээд байгаа жаахан бараагаа картаар хувааж байлаа. Сард нэг өрхөд хоёр шил архи, тал цай гэдэг ч юм уу. Ингэж давж байсан юм. Өнөөдөр ийм нөхцөл байхгүй байна. Ийм байдал руу хэрхэн оруулахгүй байх вэ гэдэг байна.

Тэр үед би үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Нэг жилийн дотор картын системийг хална гэдэг бодлогыг Засгийн газар Их хуралд оруулж байхад олон хүн эргэлзэж байсан. Яг нэг жилийн дараа 1993 оны наймдугаар сарын 1-нээс картын системийг халж байлаа. Тэр үед гал бариад үзчихсэн учраас одоогийн эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой бөгөөд арга зам нь ямар байх вэ гэдгийг эрж хайх боломжтой гэж үзэж байгаа юм. Ер нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш би эдийн засгийн төв байгууллагад ажилласан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг судалж, эрдмийн ажил хийлээ. Тиймээс сүүлийн 50 жилийн эдийн засгийн хөгжлийн үйл явцыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт хийсэн. Ийм л хүн. Би 1976 онд төрд ажиллаж эхэлсэн. Тэр үед эдийн засаг төлөвлөлт, урамшууллын системтэй байсан. Дараа нь шинэ аж ахуй механизмын систем рүү шилжсэн. Дараа нь төрийн сангийн нэгдсэн тогтолцоо руу шилжиж байлаа. Энэ шилжилтийг 2000-2002 онд гардаж хийсэн. Тийм учраас сүүлийн 40 жилийн үйл явцын гэрч, 50 жилийн үйл явцын судалгааг хийсэн ийм мэдээлэл надад байгаа юм.

-Ер нь энэ хямралын гарц нь юу вэ?

-Гарах гарц бол өөрийнхөө дотоод нөөц бололцоог бүрэн дайчлах. Одоо хэн нэгэн рүү хандаж, найдаж, хүлээгээд хэрэггүй. Гаднаас юм авчихна, тусламжаар ирчихнэ гэж хүлээгээд хэрэггүй. Өөрийнхөө боломжийг дайчил. Ингэхийн тулд хүн амын наад захын хэрэглээний 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо хийх хэрэгтэй. Мах, гурил, сүү, цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хүнсний ногоо гэх мэт хүн амын наад захын чухал бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө баталгаатай үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Өөрийгөө бүрэн хангадаг. Ингэх нөөц бололцоо бий. Бидэнд сайхан газар нутаг байна. Нөгөө талдаа дотооддоо хангачих юм бол экспортлох боломж байна. 70 сая мал, нэг сая 560 мянган км.квадрат нутаг байна. Тийм учраас одоо дотоод нөөц бололцоогоо дайчилж, өөрөө өөрийгөө хангах, бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломж бий. Монгол Улсын эдийн засаг хоёр тулгууртай болох хэрэгтэй. Одоо зөвхөн уул уурхайг шүтсэн байдлаар явж ирлээ. Шилжилтийн хүндрэлтэй үед амь тариа мөн үү, мөн. Гэхдээ мөнхийн амь тариатай байж болохгүй шүү дээ. Уул уурхайн баялаг шавхагдана, дуусна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Налайхын уурхай хэчнээн сайхан уурхай байлаа. Нөөц нь дуусаад одоо юу болж байна. Уул уурхай бол ийм.

Хоёр дахь багана нь хөдөө аж ахуй. Энэ мал, энэ газар жил бүр нөхөн төлжинө. Энэ жил ноолуураа аваад борлууллаа, ирэх жил дахиад л ургачихна. Тиймээс эдийн засгийн тулгуур салбар бол хөдөө аж ахуйн салбар гэдгээ хүлээн зөвшөөрч эдийн засгийн найдвартай хоёр баганын нэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд шийдэх асуудал олон байна. Хамгийн наад зах нь малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Ийм өргөн газар нутагтай ч бэлчээр хүрэхгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ асуудлуудаа шийдэх ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттуул: Улс төрийн намуудад хандив цуглуулахаас өөр санхүүжилтээ босгох сонголт нь хумигдмал байна

Хуульч, судлаач Б.Баттуултай улс төрийн намуудын санхүүжилт, шинэчлэлтийн асуудлыг хөндөн ярилцлаа.


-Сонгуулийн зардлын тайлангаас гадна улс төрийн намуудын санхүүжилтийн тайлан үргэлж асуудал дагуулдаг. Намууд хаанаас санхүүжилт босгодог нь нууц байдаг. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байдаг уу?

-Монгол Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 30 орчим улс төрийн намууд бүртгэлтэй байна. Эдгээр намуудын үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг асуудлыг зохицуулсан хууль бол Улс төрийн намын тухай хууль. Уг хууль нь 1990-ээд оны эхээр анхлан батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 1990-ээд оны үзэл баримтлал, зарчим шингэсэн хэвээр байгаа гэж хэлж болно. Улс төрийн нам нь эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх замаар төрийн эрхийг барих онцлог шинжтэй институци билээ. Энэ хүрээнд улс төрийн нам нь дотооддоо ардчилсан, тэгш эрхийг дээдэлсэн, ил тод, хариуцлагатай байж гэмээнэ улс оронд ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалах энгийн логиктой. Ийм төлөвшсөн институц байхын тулд хууль эрх зүйн зохицуулалт нь өнөөгийн шаардлагад нийцсэн, улс төрийн соёл, чиг хандлагатай уялдсан байх ёстой. Гэтэл улс төрийн намын тухай хууль нь гуч орчим жилийн тэртээх үзэл баримтлалаараа байгаа нь бодлого боловсруулж, хөгжилд түүчээлж нийгмийн урд нь алхаж байх улс төрийн намаа нийгмийнхээ хойно чирэгдэхэд хүргэх аюултай. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулинд улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр дотор гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдийн хандивыг багтаасан байдаг. Мөн хуульд иргэн нэг сая хүртэл, хуулийн этгээд арван сая хүртэлх төгрөгийн хандив өгч болохоор хандивын дээд хэмжээг тогтоосон байдаг хэдий ч гишүүний татварыг нээлттэй орхисон байдаг. Түүнчлэн талархан дэмжигч иргэн гэж хэн байх талаар тодорхойгүй байна. Улс төрийн намд талархлаа илэрхийлж буй, өөрөөр хэлбэл хариу барьж буй иргэн үү энгийн иргэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хяналтын байгууллагын талаарх зохицуулалт дутмаг, улс төрийн намыг өөрөө өөрийгөө хянах зохицуулалттай. Иймээс улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэнэ гэж орсон байгааг талархан хүлээж байна.

-АН-ынхан 100 сая төгрөгийн хураамж авахаа ил зарласан. Түүнчлэн МАН-ын гишүүд 150 сая төгрөг намдаа тушааж нууцаар судалгаа хийлгэсэн гэх мэдээлэл ч байна. Ер намын санхүүжилт шилэн байх ёстой юу?

-Дэлхий нийтээрээ улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт ил тод байх тал дээр санал нэгдэж олон санаачилга, шинэчлэлүүд өрнөж байна. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг ажиглахад авлигаас урьдчилан сэргийлэх, улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулах, нийгмийн бүх давхаргыг улс төрийн тавцанд гарах боломж олгох зорилгоор улс төрийн нам, нэр дэвшигчдэд төрөөс санхүүжилт олгох хандлагатай байна. Тухайлбал, Европ дахь улс төрийн намуудын орлогын эх үүсвэрийн 67 хувийг төрийн санхүүжилт эзэлж байна. Төрөөс улс төрийн намд санхүүжилт олгож эргүүлээд ил тод байх шаардлагаа тавьдаг гэсэн үг. Манай улсын хувьд улс төрийн намын сонгуулийн санхүүжилтийн 90-ээс дээш хувийг хандив эзэлдэг болохыг сонгуулийн тайлангуудаас харж болно. Зохицуулалт нь ч ерөнхийдөө энэ чиглэлийг баримталсан болов уу гэмээр. Учир нь сонгуулийн үр дүнгээр улс төрийн намд төрөөс санхүүжилт олгохоос бус сонгуулийн кампанит ажилд зориулж төрөөс санхүүжилт олгох зохицуулалтгүйг та бид мэднэ. Тиймээс сонгууль бүрийн өмнө хандив цуглуулж санхүүжилтээ бүрдүүлэх ажил намын удирдлагууд нуруун дээрээ очдог. Гэхдээ 100-150 сая гэх мэтээр хандив цуглуулж байгаа улс төрийн намуудыг зөвтгөх аргагүй ч өөр ямар байдлаар санхүүжилтээ босгох сонголт нь хумигдмал байна. Гэхдээ мэдээж энэ их өндөр дүнгээр мөнгө цуглуулж сонгуульд оролцуулах боломж олгох нь санхүүгийн боломж муутай нэгний тэгш эрх, сонгох сонгогдох боломжийг шууд хумьж байгаа явдал гэдэг нь тодорхой. Бид ардчилсан сонгууль явуулах нэрийдлээр ардчиллын элементүүдээ уландаа гишгэж болохгүй. Тиймээс улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулахад төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх дэлхий нийтийн хандлагыг бид дагах нь зүйтэй.

-Улс төрийн санхүүжилт олон улсад ямар байдаг вэ. Сонгодог байдлаар хэрэгжүүлдэг орон бий юү?

-Ерөнхийдөө улс төрийн санхүүжилтийн асуудлыг зохицуулахдаа “Хувийн хандив”, “Төрийн санхүүжилт”, “Зарцуулалтын зохицуулалт”, “Тайлагнал, Хяналт, Хариуцлага” гэсэн дөрвөн үндсэн асуудлыг авч үздэг. Эдгээрээс аль нэг нь орхигдвол дутуу буюу хуулийн хийдэл бий болно гэсэн үг юм. Хувийн хандивын зохицуулалтад хандивт тогтоох хязгаар, хориг, хандивын ил тод байдал, мөнгөн бус хандивын зохицуулалт зэрэг асуудал багтдаг. Сүүлийн үед мөнгөн бус хандивтай холбоотой асуудлыг олон улс оронд их хөндөх болсон бөгөөд зохицуулалтууд нь ч илүү нарийвчилсан, тодорхой болж байна. Тухайлбал, мөнгөн бус хандивыг зах зээлийн үнэ өртгөөр тооцож тайлагнах, мөнгөн бус хандивт хязгаар тогтоох зэрэг. Энэ асуудлыг манай улс хуулинд тусгах зайлшгүй шаардлагатай.

Төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахдаа тухайн санхүүжилт олгох шалгуур болон санхүүжилтийг хэрхэн хуваарилах тал дээр анхааран авч үзэх хэрэгтэй байдаг. Эс бөгөөс төрийн эрх барьж буй улс төрийн нам давуу байдлаа ашиглан улам бүр санхүүжилтээ нэмэгдүүлэх, парламентаас гадуурх улс төрийн намуудад санхүүжилт олдохгүй байх эсвэл тун бага санхүүжилт авах, сөрөг хүчнээ санхүүгийн дарамтад оруулах зэрэг ардчиллыг сулруулах сөрөг үзэгдэл бий болох талтай. Түүнчлэн төрийн санхүүжилтийг жендерийн тэгш байдлыг хангах зорилготой уяж олгох нь олон улсад нийтлэг байна.

Улс төрийн нам, нэр дэвшигчид санхүүжилтээ хэрхэн зарцуулах талаарх зохицуулалт нь санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэнтэй нэгэн адил чухал асуудал юм. Үүнийг зохицуулахдаа хязгаарлалт, хориглолт хийж өгснөөр улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулахад дэмтэй гэж үздэг. Тухайлбал, санал худалдаж авахыг хориглох нь мэдээж боловч энэ асуудлыг хэрхэн баримтжуулах, мэдээлэл хэрхэн цуглуулах талаарх зохицуулалт дутмаг байх нь бий. Түүнчлэн гуравдагч этгээд болох манайхны нэрлэж заншсан сонгуулийн менежерийн зарцуулалт нь хуулиас гадуур явагддаг бол энэ тал дээр олон улс орнууд сайн жишээ болохуйц зохицуулалттай байна.

Сүүлийн бөгөөд хамгийн гол асуудал бол тайлагнал, хяналт, хариуцлагын зохицуулалт юм. Энэ асуудал манай улсын улс төрийн санхүүжилтийн зохицуулалтад бүрэн орхигдсон гэлтэй. Учир нь олон улсын сайн жишгээр улс төрийн намын болон нэр дэвшигчдийн сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилтийн тайлангийн нэгдсэн бүтэцтэй, тайлан хүлээн авах мэргэшсэн, хараат бус, бие даасан байгууллагатай, цахимаар тайлан хүлээн авч үүнийгээ олон нийтэд ил тод болгодог тогтолцоотой, хариуцлагын механизмтай байна. Энэ бүхэн манай улсад бүрдээгүй төдийгүй өнөөгийн байдлаар тайлангуудыг цаасаар ч болтугай хүлээн авч буй аудитын эрх үүргийг авч хаях гэж буй нь туйлын харамсалтай, хариуцлагагүй хэрэг гэж харж байна.

Түүнчлэн улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизм байхгүй гэдэг нь өдийг хүртэл тайлангаа олон нийтэд ил тод болгоогүй улс төрийн намд хариуцлага хүлээлгэдэггүй байдлаас харж болно.

-УИХ-ын энэ удаагийн сонгууль мөнгөнөөс хэр хараат болох бол?

Сонгуульд мөнгө хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Мөнгөгүйгээр сонгууль явуулах боломжгүй шүү дээ. Гэхдээ мөнгө хэр их зарцуулах шаардлагатай, мөнгө их зарцуулсан нь сонгогдох магадлалыг бууруулах зэрэг асуудлыг сонгуулийн болон холбогдох хуулиудаар зохицуулна. 2020 оны УИХ-ын сонгууль нь олон мандаттай буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явагдана. Сонгогчид нэг нэр дэвшигчид бус 2-3 нэр дэвшигчид саналаа өгнө. Нэр дэвшигчид өмнөхөөсөө том газар нутаг, сонгогчдод хүрч кампанит ажлаа явуулах нь ойлгомжтой. Зарим судлаачид олон мандаттай том тойргийн тогтолцоо нь зардлыг бууруулах давуу талтай гэж үздэг. Учир нь зардлаа хуваана гэж үздэг. Гэхдаа би хувьдаа сонгуулийн зардал нэмэгдэж, мөнгөний уралдаан болох вий гэж бодож байна. Учир нь уг тогтолцоогоор нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх байдал ажиглагддаг тул эцсийн мөчид намууд хоорондын, нам дотроо өрсөлдөөн ширүүсч мөнгө зарцуулж, нөгөө нэг нь улам илүү зарцуулсаар, гурав дахь нь сонгогчдод бага танигдаад байх шиг болоод бүр ч их зарцуулдаг байдал харагддаг. Үүнийг судалгаагаар ч харуулсан байдаг. Ерөнхийдөө сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигч гол үүрэгтэй оролцдог тул мөнгөний өрсөлдөөн болох хандлагатай байдаг. Харин процорционал тогтолцоонд улс төрийн нам голлох үүрэгтэй оролцдог.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Ноолуураар яагаад улс төр хийгээд байна, Ч.Улаан сайд аа

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-ШИНЭ эвсэлд танай нам орсон. Энэ эвсэл улс оронд ямар хэрэгтэй вэ?

-Бидэнд хоёрхон зам байгаа. Нэг нь коммунизмын хөгжлийн замаар явж, төрийн мэдэлд өмчүүдээ татаж аваад, төр бүх юмыг шийдэх. Нөгөө нь зах зээлийн эдийн засаг, чөлөөт ардчилсан нийгмийн байгуулах. Энэ хоёрын алийг нь сонгох вэ. Би бол зах зээлийг нь сонгож байна. Гэхдээ зах зээлийн нийгэм нь илүү социалист тал руугаа байх хэрэгтэй. Том том ордууд бидэнд бий. Үүнийг хэн нэгэн Дорж авч болохгүй. Энэ ордуудын олсон ашгийг бүгдээрээ хүртэх ёстой. Харин энүүгээр мөнгө босгоё гэж байгаа бол олон улсын бирж дээр хувьцаа гарга. Тэгээд хөгжлийн том сан байгуул. Тэрнээс би Эрдэнэбилэгтэй нийлж хуйвалдаад Эрдэнэтийг аваад явъя гэсэн бол болох л байсан. Эрдэнэбилэг үхчихвэл яах юм. Энэ ордуудаа зараад гадагшаа банкинд хийчихээд нас барчихвал яах вэ. Энэ олон ажилгүй залуучууд яах юм. Би нээх коммунизм хүсээд байгаа даа биш шүү дээ. Энэ том төслүүдийг олон хүний нийгмийн асуудлыг шийдэх замаар эргэлтэд оруулъя гэж яриад байгаа. ШИНЭ эвсэл олигтой суудал аваад засаг барилцах хэмжээнд очих хэрэгтэй байна. Би ганцаараа сонгогдоод яах юм. С.Жавхлан шиг л юм болно шүү дээ.

-“ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг сүүлийн үед олон нийт “попрогч” гэж хардаг, үнэлдэг болчих шиг. Та түүнийг яаж үнэлдэг вэ?

-ШИНЭ” намын дарга Ж.Батзандан улс төрд орж ирээд арав гаруй жил болчихлоо. Хөдөлгөөн байгуулахаас эхлээд маш их тэмцэж ирсэн. Өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Хоёрдугаарт, тэр элдэв эрүүгийн гэмт хэрэг, хууль бус юманд оролцож байсангүй. Үүгээр нь хүндэлж, үнэлж байгаа хэрэг л дээ.

-Та Чингэлтэй дүүргээс нэр дэвших гэж байна уу?

-Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол гурвын нэг дээр нь нэр дэвшинэ. Хуралдаж байгаад л шийднэ дээ. Энэ тойргууд дээр өрсөлдөх сонирхолтой хүмүүс манай эвсэлд их байна шүү дээ.

-Сонгуульдаа хэр бэлдэж байна вэ?

-Сурталчилгааны материалаа л өгнө дөө. Намайг сонгох эсэхээ ард түмэн өөрсдөө мэдэг. Ер нь эцсийн бүлэгт улс төр гэж юу юм бэ.

Би өнөөдөр өөрийгөө бодоод зовлонгүй л амьдармаар байна. Их хуралд ороод юу ч хожихгүй шүү дээ.

-Тэгээд яагаад нэр дэвшихээр болов?

-Төрийн бодлогыг нь өөрчлөөд зөв болгоод өгчих юмсан гэж бодож байна. Яаж зөв болгохыг нь мэдэж байгаа. Хүмүүстээ мөнгө өгч, хүмүүсээ мөнгөтэй болго. Тэгэх юм бол зах зээл бий болж хөгжинө. Мөнгөгүй бол мянган байшин бариад, мянган машин авчирч зарах гээд нэмэргүй. Хүмүүсийг яаж мөнгөтэй болгохов. Ажил хийлгэж.

-Яаж ажил хийлгэх вэ?

-Би намынхаа мөрийн хөтөлбөртөө нөөцийн агуулах барих талаар оруулахад Аудитынхан хасчихаж байна шүү дээ. Хүнсний агуулах барина гэхээр хасчихаж байгааг юу гэж ойлгох уу. Дайн болбол яах уу. Ирэх жилээс дайн болж магадгүй. Яагаад гэвэл Хятадыг Европ болон АНУ дарамталж байна. Хятадаас Америкчууд триллион 500 миллиард доллар нэхэмжилж байна. Европууд мөн коронавирусийн алдагдал гээд нэхэмжлэх гэж байгаа. Энэ асуудал улам хурцдана. Оросын ард түмэн босоход бэлэн болчихсон. Эргэн тойрон Хятадыг хянахаар дотроо хөдөлж эхэлнэ. Тэгэхээр бид нар хаачих вэ. Хүнсний нөөцөө бэлдэхгүй бол алуулах байхгүй юу. Тиймээс хүнсний нөөцөө бэлдэх хэрэгтэй. Жилд хэдэн сая төгрөгөөр хүнсний ногоо худалдаж авдаг юм, тэр мөнгөө иргэддээ өгөөд ногоогоо таримаар байна.

-Сүүлийн үед сошиал сүлжээгээр Бүгд найрамдах намын улстөрч гэхээр ганцхан Б.Жаргалсайхан л байна. Ер нь ганц хүний нам гэх зүйлс их яригдаж байна. Шинэ боловсон хүчнээр хүчээ зузаатгах бодол байна уу?

-Манай намаас 180 хүн сонгуульд орох гээд бэлдээд байж байна. Доктор, профессор, сэхээтэн хүмүүсийн төлөөлөл манай намд бий.

-Ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэх талаар Засгийн газар ярьж байна. Таны хувьд энэ салбартай нэлээд ойрхон хүн. Ямар санаа бодолтой байна?

-Өнгөрсөн жил ноолуур 60-70 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Дэлхийн эдийн засаг хямарчхаад байхад яагаад заавал 100 мянган төгрөгөөр авна, авахгүй гэж яриад байгаа юм бэ. Хөдөө аж ахуйн салбараа ерөөсөө ярихгүй зөвхөн малчны тухай яриад байх юм. Үйлдвэрлэгчид бид нар хүн биш юм уу. Тэгвэл хөрөнгө оруулахаа больчихъё л доо. Үйлдвэрлэгч бид нар өрөнд орон байж яаж 100 мянган төгрөгөөр ноолуур авах юм бэ. Ч.Улаан сайд коронавирусийн энэ хэцүү үед 100 мянгаар үйлдвэрлэл эрхлэгчид биднийг ноолуур ав гэж шахаж байна. Бид нар тэр ноолуурыг аваад яах юм. Одоо хэн ноолууран цамц аваад байгаа юм. Манай компани лав ямар ч орлогогүй зогсчихсон байгаа. Орлого зогсчихсон ч муу ч сайн ч компанийнхаа 500 ажилтанд цалин өгөөд л байж байна. Олон жил хамт ажиллаад ах дүү шиг болчихсон болохоор ажилтнууд маань “Үгүй ээ захирал аа, талхны мөнгө алга, хоолны мөнгө алга” гээд байгаа. Тэгээд энэ хүмүүстээ цалин өгөхгүй гэх юм уу. Энэ дайтай бариад байж байна. Сая ажлын хэсэг дээр энэ талаар ярилаа.

-УИХ-аас ноолуурын үнийн асуудлаар байгуулсан ажлын хэсэгт орж ажиллаж байгаа байх. Тэнд юу гэж ярив?

-Та нар одоо больж үз л гэсэн дээ. Энүүгээр битгий улс төр хий. Коронаг далимдуулж ашиг хонжоо битгий хайгаад бай. Манай улс тийм ч баян орон биш. Жижиг эдийн засагтай, өр зээлтэй хэцүү байгаа. Зөвхөн 2020 оноос гадна 2021 он бидэнд маш хүнд тусна. Одоогийнхоос гурав дахин хүнд тусна. 2023 он хүртэл энэ байдал үргэлжилнэ. Миний харж байгаагаар ноолуур 50 мянган төгрөг байхад болно. 50 мянган төгрөгөөр зарвал бид нар тэр 10 мянган тонныг чинь бүгдийг нь авъя. Гэхдээ та нар 20 мянгыг нь гарга. Бид нар 30 мянгыг нь гаргая. Ингээд бүх ноолуурыг нь авъя. Энэ жил ноолуур авчих юм бол угааж цэвэрлээд складанд л хураана гэсэн үг. Одоо нэг ч гэрээ хэлэлцээр алга. Бүх юм таг зогсчихоод байна. Зургаа, долоо, наймдугаар сард гэрээ хийж чадахгүй бол цаашаа байхгүй. Дараагийн оны гэрээ хэлэлцээр гарна. Энэ жил ноолуураа аваад аятайхан зөв янзлахгүй бол ирэх жилийн ноолууртай нийлээд хоёр оны ноолуур бүгд шалан дээр. Ноолуураар яагаад улс төр хийгээд байна, Ч.Улаан сайд аа. Сонгуулиар гарахын тулд л ийм юм ярьж байна шүү дээ. Ингэж болохгүй биз дээ. Хятадуудыг оруулж ирнэ гээд байх юм. Ч.Улаанаас болоод гурван сая иргэн бүгдээрээ коронавирус тусах ёстой юм уу.

-Ноолуур авахуулах гэж Хятадуудыг оруулж ирэх талаар яриад байгаа юм уу?

-Тийм. Ноолуур зарах гэж хятадуудыг оруулж ирснээс замаа тавиулсан нь дээр биз дээ. Дарханыхаа замыг тавь л даа. Ажлын хэсгийн хуралдаанаар энийг нь хэллээ. Эдийн засаг, коронавирусийг улстөржүүлэхээ болимоор байгаа юм. Үүнийг бодит зүйл гэж авч үзэх хэрэгтэй. Бид нар бүгдээрээ хохирно. Тиймээс энэ асуудалд эвтэй байя. Тэр сонгууль бол тусдаа. Ч.Улаан Сүхбаатараас өөрөө гарахын тулд үнийг нь сагсагнуулаад байна шүү дээ.

-Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөг хүрч байсан юм гээд л эхэлсэн дээ?

-Хэрвээ ноолуурыг 100 мянган төгрөгөөр бодох юм бол 300 миллиард төгрөгөөр зүүн аймгийн ноолуурыг аваад баруун аймгийг нь хаях юм гэнэ. Баруун аймгийн малчид хүн биш юм уу.

-Зүүн аймгийн ноолуур ер нь сайн уу?

-Үгүй. Сайн муудаа биш. Баруун тийшээгээ малчид ямаагаа тавдугаар сар гаргаж самнадаг байхгүй юу. Тэгэхээр ноолуур шороо тоос ихтэй болдог. Одоо шуурганы цаг шүү дээ. Уг нь ноолуураа бодох юм бол гуравдугаар сар гаргаад самнах ёстой юм. Тэгээд ямаандаа нэмнээ углах хэрэгтэй. Хуучин соц үед тэгж байсан. Одоо тэгдэг малчин алга байна. Хуучин хувцасны хогоор л нэмнээгээ хийчихнэ шүү дээ. Зүүн аймгийн ноолуурын гарц нь 60 хувьтай, баруун аймгийн ноолуур 50 хувьтай гарч байгаа. Яагаад гэвэл орой самнаж байгаа учраас. Ялгаа нь ерөөсөө л энэ.

-Гадны ноолуурууд манайхаас илүү хямд гэдэг яриа байдаг?

-Европын бүх дэлгүүр дотор хэний ноолуур байна вэ гэхээр Хятадынх. Ноолууран цамц Европт хийхээ больж, зах зээлийг нь хятадууд авчихсан шүү дээ. Хятад юанийг ам.доллартай тэнцвэржүүлэх зорилгоор валют болгож, экспортоо нэмэх зорилгоор ноолуурыг хийгээд байгаа байхгүй юу. Юанийг өөрсдөө хэвлэж байгаа. Жишээ нь, Монголбанкинд жилд 10 миллиард ам.доллар цуглардаг болж гэж бодъё. Тэгвэл 10 миллиард ам.долларыг 2700-гаар үржүүлэхээр хоёр их наяд 700 сая болно. Нэгэнтээ арван сая ам.доллартай учраас бид нар гүйлгээндээ таван их наяд төгрөг оруулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэр 10 сая ам.долларыг монголчууд төгрөгөөрөө сольж аваад ч тийм их мөнгө авч чадахгүй. Тэгэхээр эдийн засаг өсч, цалин нэмэгдэнэ гэсэн үг. Одоо эд нар гүйлгээнд мөнгө оруулчих юм бол инфляци болчихно гэж айгаад хүмүүст мөнгө өгөхгүй байна. Гүйлгээнд байгаа 12 их наяд төгрөгийг жилийн 18 хувийн өндөр хүүтэйгээр барьж байгаа байхгүй юу. Ингэвэл яаж энэ эдийн засаг цаашаагаа явах юм. Миний буруу байж магадгүй, би тэнэг байж магадгүй. Гэхдээ би энэ хүмүүсийг ойлгохгүй байна. Яг энэ талаас үзэх юм бол Монголбанк, Сангийн яам дээр үүрлэсэн маш том мафийн сүлжээ тогтчихоод байна шүү дээ. Тэнд чинь. Сангийн яам дээр дандаа төсөл, тендерийг хулгайлдаг сүлжээ үүсгэчихсэн. Монголбанк дээр мөнгө хүүлдэг тогтолцоо бий болчихсон. Бүгдээрээ санхүү, зээлийн хоршоо ажиллуулдаг. Өөрсдөө ханш тогтоодоггүй учраас ханшны зөрүүгээр аймар мөнгө хийдэг. Эндээс энэ улс гарч чадахгүй байна шүү дээ. Ингэхээр чинь яаж явах вэ дээ. Бид нар ер нь яах ёстой юм. Үйлдвэр барихаар барьсан гээд унана. Тэгээд би Их хуралд хэлсэн. Өнөөдөр та нар Их хурлаас нэг юм шийдчих ээ. Ерөөсөө Монголд битгий үйлдвэр бариа. Битгий үйлдвэр ажиллуул. Энийгээ тодорхой болгочих гэж хэлсэн. Гадаадынхан 100 сая ам.доллар оруулаад ирэхээр Засгийн газар баталгаа гаргаж өгөөд, хамгаалж хууль гаргаж өгдөг юм билээ. Би монгол иргэн хүн. Монголдоо 100 сая ам.доллар оруулаад гурван үйлдвэр барьчихлаа. Нэг ч төгрөг танай улсаас гараагүй. Одоо та нар хохино гэж байгаа юм уу. Тэгвэл бид нар маргаашнаас эхлээд үйлдвэрээ зарлаа гэж олон улсын бирж дээр албан ёсоор зарлана. Тэгээд л болоо. Заавал эрх баригчидтай хэрэлдээд тэр муу хялгасыг нь авах гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид нар бас хүн шүү дээ.

-Эдийн засаг 2021 онд их хүндэрнэ дээ. Ёроолдоо хүрэх үү?

-Хүрнэ.

-Сангийн сайд бол ёроолдоо хүрнэ гээд байгаа шүү дээ. Ёроол гэж юу вэ?

-Зэсийн үнэ эрчимтэй унаж байна. Удахгүй нүүрс унана. Төмрийн хүдэр унаж байна. Ноолуур бол 20-30 мянган төгрөг л болчихсон шүү дээ. Эд нар 100 мянга болгоно гээд улс төр хийгээд байгаа болохоос. Ингэхээр манай орлого шууд тав дахин уначихаж байгаа байхгүй юу. Дээрээс нь төсвийн орлого 500 сая ам.доллар дээр буучихаж байна. 1990 онд манай төсвийн орлого 500 сая ам.доллар байсан. Одоо бидэнд дөрвөн миллиард ам.долларын нөөц байгаа. Тэр нь барьцаанд байгаа. Бид нар авч чадахгүй. Юу гэхээр өрийн барьцаанд байгаа байхгүй юу. Бид нар Чингис бондын өрийг энэ жил, бас хойтон жил төлж дуусгах ёстой. Тэгээд дээрээс нь Самурай бонд гээд зүгээр сөнөж байгаа байхгүй юу.

-Ирэх жил зээлээ төлнө. Алт хөтөлбөр яах бол?

-Алт жаахан явна. Гэхдээ алтаа олигтой авч чадахгүй л дээ. Уг нь алтаа авбал боломжтой. Одоо нэг арга байна. Нефтийн үнэ уначихлаа. Яг энэ чигээр нь битгий хөдөлгө. Харин нефтийн компаниудын онцгой татварыг 200 хувиар нэм. Яагаад гэвэл нефть гурав дахин уначихаад байгаа учраас. Тэгээд тэр мөнгөөрөө ажил нь уначихсан хүмүүсээ санхүүжүүл. Хий дэмий бензиний үнийг нэмж, хассанаар юу өөрчлөгдөхгүй шүү дээ.

-Коронавирус бол нэг асуудал. Коронавирусийн дараа нэг том вирус ирж яваа. Энэ бол эдийн засгийн хямрал гэдэг вирус. Тэгэхээр үүнээс улбаалж дэлхийн эдийг засаг шинэ хуваарилалтад орж, өөр системд шилжих талаар зарим судлаачид үзэж байгаа?

-Дэлхий нийтээрээ нийгэм улс төр эдийн засгийн шинэчлэлтийг хийх гэж байна. Загварчлалуудыг өөрчлөх гэж байна. Дэлхий глобалчлагдаад байна гэсэн явж явж Хятад, Орос, Арабууд хожжээ. Нөгөө технологи үйлдвэрлэгч, ертөнцийн хөгжлийг бий болгоод байгаа айлууд нь маш их хохирч. Одоо европууд харамсаж байна. Маш олон үйлдвэрүүдээ Хятад руу нүүлгэснээс болж залуучууд нь тэр чигээрээ ажилгүй болчихсон байна. АНУ асар олон үйлдвэрүүд нь хаагдаж иргэд нь ажилгүй болчихсон. Глобалчлал гэдэг энэ загвар биш юм байна. Үүний оронд ямар загвар бий болгох вэ гэдэг коронавирусийн дараа явагдах нь байна.

-Таны харж байгаагаар эдийн засгийн ямар загвар руу дэлхий шилжих вэ?

-Ер нь амь амиа бодоцгооё. Чаддаг нь чаддагаараа амьдаръя гэдэг загвар руу илүү явах болов уу даа. Тэрнээс Монгол ардчилсан улс болсон Монголын ардчиллыг дэмжье гээд мөнгө өгдөг энэ систем дуусгавар болох юм шиг байна. Дээр нь эдийн засгийг тогтворжуулж, тэнцвэржүүлж явах асуудал байна. Импорт, экспорт хоёр тэнцэж явж байх тогтолцоо руу шилжих байх. Жишээ нь, Хятад асар их бараа үйлдвэрлэчихээд зээлээр ч болтугай өгөөд байдаг. Гэтэл нөгөө айл нь тэрнээс болж аж үйлдвэр, эдийн засаг нь унаад байгаа юм. Тэгвэл Хятад арван төгрөгийн экспорт АНУ-руу хийсэн бол зөрүүлээд 10 төгрөгийн импорт хийх ийм тогтолцоо руу шилжих байх. Мөн дэлхий нийтээрээ бэлэн мөнгө гэдэг зүйлийг гүйлгээнээсээ авч хаяна. Дижитал мөнгө рүү шилжихэд бэлэн болсон. Ингэснээр мөнгөнд хяналт бий болгох, буюу хүн болгоны мөнгө дээр хяналт тавих боломжийг бий болгох гэж байна. Энэ нөхцөлд хар мөнгө, хар эдийн засаг арчигдана гэсэн үг. Хятадын дарга нар асар их мөнгө хулгай хийсэн. Тэр мөнгөө Монголд оруулж ирж маш их угаалаа шүү дээ. Ноос, ноолуур, мах шөл худалдаж авч мөнгө угаасан. Энэ байдал үгүй болно.

Categories
мэдээ цаг-үе

С.Батбаатар: Үнэн, зөв үгийг С.Зориг агсан хэлж байсан гэдэг ч яагаад тэр үгсийг хэрэгжүүлэхгүй байна вэ

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг 1962 оны эл өдөр мэндэлж байв. 1998 оны 10 сарын 2-ны хар өдөр С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн билээ. Түүнээс гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байв. Өчигдөр С.Зориг агсны гэр бүлийнхэн, ИЗНН, АН-ын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр ИЗНН-ын генсек С.Батбаатартай ярилцлаа.


-Дөрөвдүгээр сарын 20 буюу өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг хүртэл ИЗНН С.Зориг агсны үзэл санааг тээгч нам гэж анх 2000 онд байгуулагдахдаа зарласан. Өнөөдөр та бүхэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ?

-Таны хэлсэнчлэн ИЗНН төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны үзэл санаан дээр тулгуурлаж байгуулагдсан улс төрийн хүчин. Би С.Зориг гэдэг хүний үзэл санааг их дэмждэг байсан. Тиймдээ ч энэ намыг сонгож, гишүүн нь болсон. Өдгөө С.Зориг агсны монголчуудыг чиглүүлж байсан замаас эсрэг зүг рүү бид яваад байгаа юм. С.Зориг агсан эн тэргүүнд улс үндэстнийхээ, удаад нь нам бүлгийнхээ, хамгийн сүүлд хувийнхаа эрх ашгийг тавьж бай гэж хэлсэн шүү дээ. Энэ эрэмбэ дарааллыг хэзээ ч алдаж болохгүй гэсэн. Энэ үгийг улстөрчид, намууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах ёстой. Гэвч өнөөдөр улс төрийг харахаар хамгийн эхэнд хувь хүн өөрийн эрх ашгийг тавьдаг болчихож. Хамгийн сүүлд улс орны эрх ашгийг тавьж байна. Энэ зах замбараагүй байдалд цэг тавихын тулд өнөөгийн эрх баригч улс төрийн хоёр хүчнийг солихгүй бол болохгүй. Тэд эрх мэдэлд, эд хөрөнгөд л итгэж байна. Харин С.Зориг агсан “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээсэн байдаг. Өнөөдөр ч манай нам энэ хүний хэлснээр явж байна. Бид эрдэмтэн мэргэдээ дээдэлж, монголын баялгаа үнэд хүргэмээр байна. Монгол гэсэн юм бүхний нэр хүндийг өргөмөөр байна. Монгол гэсэн бүх зүйл үнэ цэнэгүй байгаа энэ алдааг засч залруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төрийн өндөр албан тушаалд улстөрчдийг томилохдоо зөвхөн намаар дамжуулдгийг өөрчлөх цаг болсон. Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагаар дамжуулан шударга ёсны төлөө зүрх сэтгэлээрээ тэмцэж байгаа зөв хүмүүсийг төрд гаргаж ирэх цаг ирсэн.

-АН, ИЗНН-ын гээд ардчилсан үзэлтэн намуудын улс төрийн зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ шүү дээ…

-С.Зориг агсны амь насыг хороосон дуулиант хэрэг гарснаас хойш 22 жил өнгөрлөө. Тэгтэл өнөөгийн улс төрд энэ хүний хэлсэн үг одоо ч тэр ач тусаа өгч, хэрэг болсоор байдаг. Тиймээс ч өнөөгийн улс төрийн зүтгэлтнүүд үүнийг мэдэрч, хүндэлж явж байгаа ч амьдрал дээр хэрэгжиж байгаа юм алга. Үнэн, зөв үгийг С.Зориг агсан хэлж байсан гэж улстөрчид хэлж байгаа мөртлөө яагаад тэр үгсийг нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ учир битүүлэг санагддаг.

-С.Зориг агсны хэрэг өнөөдрийг хүртэл үнэн мөн нь олдоогүй явна. Энэ дээр танай намынхан голлон дуугарах ёстой улс төрийн хүчин нь байх?

-Манай намын зүгээс энэ хэргийн үнэн мөн нь тогтоогдчихоосой гэж маш их хүссэн. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардсан. Маш их шаардлага хүргүүлсэн. Энэ хэрэг улс төрийн том нөлөөлөлтэй учраас нэг хэсэгтээ илрэхгүй. Сонгуулийн өмнөх жил АН, МАН хоёр нам С.Зориг агсны хэргээр улс төр хийж, ард иргэдээс оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна.

-ИЗНН эвсэлд элсэж 2020 оны сонгуульд оролцохоор болсон. Энэ талаар ярихгүй юу?

-Бид олонх болж, засаг баривал хамгийн түрүүнд улс төрийн эрх мэдлийн бөөгнөрлийг татан буулгана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн бүх намуудыг татан буулгаж, нэг гараанаас ижил тэгш боломжоор дахин зохион байгуулалтыг хийнэ. Ингэж шинэчлэхгүй бол цаашаа явахгүй гэдэг нь харагдаад байна шүү дээ. Муудсан хундаам дээр хэчнээн сайхан барилга барих гээд яах юм бэ. Ингэж л улс төрийн их цэвэрлэгээг хийх шаардлага байна.

-Нэр дэвшигчдээ ямар шалгуур тавьж байна вэ?

-Нэн тэргүүнд боловсрол шударга байдлыг харж байгаа. Мөнгөний сонирхолтой хүн улс төрд гарч ирснээр Их хурлыг мөнгө угаах бизнес гэж хардаг.

-“Та бидний эвсэл”-д танай нам хэдэн мандат авч байна вэ?

-Манай эвсэлд гурван нам байгаа. Бид 15 мандаттай байна. Тойрог маань одоо тодорхой болоогүй байна. Эвслийн дарга Н.Энхбаяр хорионоос чөлөөлөгдөж, өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдана. Энэ хурлаараа бүх юмаа ярилцана.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Би ардчиллыг дэмжинэ. Надад Ардчилсан намаас өөр сонголт үлдсэнгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та МАХН-аас албан ёсоор гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад хүргүүлснээ мэдэгдсэн. Албан ёсоор гарсан гэж ойлгож болно биз дээ?

-Тийм.

-МАХН-д үлдэх боломж байсан уу?

-Байхгүй шүү дээ. Намайг дэвшүүлэхгүй гэсэн.

-Тэгвэл таны дараагийн зогсоол хаана байх вэ. Ямар улс төрийн хүчинд нэгдэхээр төлөвлөж байна. Ардчилсан намд орох гэж байгаа гэх юм?

-Маргааш (өнөөдөр) шийдээд хариугаа хэлье. Маргааш ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна.

-Таныг 100 сая төгрөгөө тушаачихсан л гэх юм байна шүү дээ?

-Надад 100 сая төгрөг байхгүй. Тийм их мөнгө надад байвал би авлигач болчихно шүү дээ. Гэхдээ 100 саятай болох боломж гарсан. С.Ганхуяг гэдэг хүн намайг гүтгэсэн. Би түүнийг хуулийн байгууллагад өгсөн. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрэв тэр хүн гэм буруутай бол хохирлоо нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө улс төрд хэрэглээд явах боломж бүрдэх байх.

-Ер нь намд орох уу?

-Намд орохгүй байх ямар ч боломж алга л даа. Яагаад гэвэл томсгосон тойрог учраас зардал маш өндөр гарна. Наад зах нь 20 багт тус бүрт нь үүр ажиллуулахад 20 байр хөлслөх хэрэг гарна шүү дээ. Томсгосон тойргийн зовлон нь энэ. Тэр утгаараа намд орохоос өөр арга байхгүй. Тиймээс маргааш хүмүүстэй уулзаж, шийдвэрээ гаргана.

-Маргааш шийднэ гэдэг учир битүүлэг хариу байна. Эцсийн шийдвэрээ гаргачихсан байгаа байх. Илэн далангүй ярилцъя. Таны яриаг харахад МАН-д тийм ч нааштай хандахгүй байгаа шүү дээ?

-МАН өнгөрсөн дөрвөн жил 65 суудалтай байсан. Өмнө нь 72 суудалтай ч байсан. Түүх давтагдана гэдэг шиг л юм боллоо. 2000 онд 72 суудалтай байх үедээ МАН “ард түмнээ ядуурлаас, төрөө хямралаас гаргая” гэдэг уриатай байсан. Төрийн хямрал юунд болсон бэ гэвэл тухайн үед С.Зориг агсан амь насаа алдаж, төр нь хямарчихсан байсан. Түмэн ядуурсан байна гэдэг нь тэр үед банкууд дампуураад, эдийн засаг олигтой байгаагүй. 2016 оны сонгуулиар МАН мөн л Эрдэнэтийг хятадууд авлаа, оффшорын мөнгийг оруулж ирнэ, ядуурлыг бууруулна, хамтдаа зүтгэе гэсэн гоё уриатай орсон шүү дээ.

Гэтэл хамтдаа зүтгэсэнгүй. Хоёр тийшээ хуваагдчихсан. С.Зоригийн аллагын захиалагчийг нь ч олсонгүй. Миний хамгийн их эгдүүцэж байгаа зүйл нь ард түмэн тэдэнд 65 суудал өгч байхад 62-уулаа боллоо. Ард түмэнд буруу байхгүй шүү дээ. Эд нарыг нь тултал нь юм аа хий гээд л сонгоод гаргаад ирсэн шүү дээ. Ямар ч сөрөг хүчингүй, бүх салбар орон нутаг, Их хуралд үнэмлэхүй байсан мөртлөө ард түмнийг эд нар доромжилчихсон байхгүй юу.

1999 онд О.Дашбалбар агсан Их хурлын гишүүн байсан. 72-ын эсрэг ганцаараа яваад, тэдгээр хүмүүсийн эсрэг цогтой тэмцэж, эрх баригчид, сөрөг хүчин гэлтгүй шүүмжилдэг байсан. Гэвч 1999 онд бурхны оронд оччихсон. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд элдэв дарамт, гүтгэлэг, дайралт дунд байлаа. Мөн л 65-ын эсрэг ганцаараа явлаа. Сөрөг хүчний дуу хоолой болох гэж нэлээд үзлээ. Бусдын өмнөөс кноп дардгийг нь болиуллаа. 10 мянган цаг ажил тасалдгийг нь арав дахин багасгаж мянга болголоо. Ордонд архи дарс уудаг, хүчингийн хэрэг хийдэг, концесс цохидог янз бүрийн асуудлуудыг нь хууль хяналтын байгууллагад өгсөн.

Шинэ хулгайчид шинээр төрчихлөө. Их хурлын гишүүдийн бугуйн цагийг хараарай. Нэг муу жаахан бацаан нар 30 мянган долларын цаг зүүчихээд суугаад байна шүү дээ. 60 сая төгрөгийн цаг, сая төгрөгийн зангиа зүүчихээд шударга ёс яриад байгаа нөхдүүдийг харахаар бухимддаг байхгүй юу. Яахав ардчиллын нэг давуу тал нь хүн бизнес хийгээд мөнгөтэй болоод олсон ашигаараа хүссэнээрээ жарга гэж байгаа юм шүү дээ. Цензургүй байж болно. Гэтэл эд нар хулгай хийсэн мөнгөөрөө ингэж яваад байгаа юм. Иймэрхүү үед сөрөг хүчнийг тарамдуулж болохгүй.

-Та яагаад Ардчиллынхныг дэмжээд байгаа юм?

-МАН төрийн эргэлт хийчихээд байна шүү дээ. Манай ард түмэн ер ойлгохгүй байна. Үндсэн хуулийг засах замаар төрийн эргэлт явагдчихаад байна. Монгол Улс хяналтгүй болчихлоо. Хүсвэл ШХАБ-д ороход бэлэн болчихлоо. БНХАУ-д бид 30 тэрбум ам.долларын өртэй. Ийм өртэй байхад Монгол Улсын Үндсэн хуулийг ямар ч хяналтгүй, ард түмнээс асуухгүйгээр засчихлаа. Зассан үйлдлээрээ шүүх тогтолцоог байхгүй болгочихсон. Засгийн газрыг байхгүй болгочихлоо. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван засаглал бий. Шүүхийг нь байхгүй болгочихсон. Засгийн газар нь татан буугдчихаад байна шүү дээ.

-Дагаж мөрдөх органик хуулиуд нь гарч ирж байж явах юм биш үү. 1992 оны Үндсэн хууль ийм замаар явсан?

-Үгүй. 1992 оны Үндсэн хууль бол шинэ хууль. Энэ бол хуульд засвар хийх замаар төрийн эрх мэдлийг гартаа атгах гэсэн Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын идэвх зүтгэл оролцоотойгоор 49 ЖДҮ-чдийг барьцаалж байгаад кнопуулсан хууль. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр нэг нам нь хэт үнэмлэхүйгээр биш, хяналт тавих хоёр дахь ч бүлэг байх ёстой юм. Бүлэг байвал дүгнэлтээ гаргана, завсарлага авна, мэдэгдэл хийнэ. Бүлгийн шийдвэр гэж гаргана. Гэтэл тэр бүлгийг нь эрх баригчид л задалсан. Нөгөө хоёр нөхрийг бүрэн барьцаандаа аваад л. Одоо л шударга үнэн та бүхэнд харагдаж эхэлж байна. Нөгөө ориллоод байдаг Ж.Батзандан гэх нөхөр ЖДҮ-чин гэдгийг АТГ тогтоочихлоо. Интернэтээр зөндөө л юм явж байна. Танай сонин дээр ч гарлаа. Өдрийн сонинд л итгэдэг шүү дээ, би. Та бүхнээс эх сурвалж аваад л ярьж байна. Ийм барьцаалагдсан нөхдүүдээр далимдуулж, Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь аймшигтай үйл явдал. Өнгөрсөн долоо хоногт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар буюу тав таван жилээр төлөвлөгөө гаргъя гэдэг хууль орж ирж байна. Коммунизм руу буцаад орж байна шүү дээ.

-Ер нь таны нөхцөл байдлыг харахад АН-аас өөр сонголт байхгүй юм биш үү?

-Би ардчиллыг дэмжинэ. Надад Ардчилсан намаас өөр сонголт үлдсэнгүй.

-Эрх баригч намын бүлэг 2020 оны сонгуулийг хойшлуулахгүй гэлээ. Зөв үү?

-Эд нараас хурдан салмаар байна. Сонгуулийг цагт нь явуулна гэхээр хоёр зүйлд санаа зовж байгаа. Нэгдүгээрт, тэгш бус гараанаас сонгууль явагдах гэж байна. Нэг ёсондоо МАН-д ашигтайгаар. Хоёрдугаарт, сонгогчдын ирц бүрдэх үү, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Дээрээс нь гадаадын ямар ч ажиглагчид ирэхгүй шүү дээ.

-Гишүүд ажлаа дүгнэх, тайлагнах цаг болчхож. Өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо та юу хийв?

-Ганцаараа гэхэд чамгүй ажил амжууллаа. Өөрөөрөө бахархаж байгаа шүү. Би өнгөрсөн дөрвөн жилийн хоёр тайлан гаргаж байгаа. УИХ-ын гишүүний хувьд юу хийсэн бэ, Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд юу хийсэн бэ гэж тайлагнана. Эрдэнэтэд юу ч хийгээгүй бол Эрдэнэтийн иргэд намайг дахиж битгий сонгоосой. Юу ч хийгээгүй, юу ч хийдэггүй мөртөө маш гоё ярьдаг хүмүүс УИХ-д битгий сонгогдоосой гэж хүсч байна.

-Та Эрдэнэт рүү нийт хэдэн удаа очив?

-135 удаа очсон байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож чөлөөлнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийнхээ ажлын байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр УИХын холбогдох тогтоол гарсан. Нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хууль гарсан. Энэ хуультай холбоотой журмыг Засгийн газар баталлаа. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй “COVID-19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар хоёрдугаар сарын 13-ны өдрөөс энэ сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байгаа. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна. Засгийн газрын саналаар аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Ингээд өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн баталлаа.

-Ямар байгууллага нийгмийн даатгалаас чөлөөлөгдөх хуульд хамаарах вэ?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор хэрэгжүүлэх журамд нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх хөнгөлөлтөд ямар байгууллага орох вэ гэдгийг зохицуулж өгч байгаа. Хууль батлагдахдаа аж ахуйн нэгж байгууллага гэдэг үг хэллэгтэйгээр хууль батлагдсан. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад аж ахуйн нэгж энэ чөлөөлтөд хамаарна. Аж ахуйн нэгж байгууллага гэж хууль орсон учраас төрийн бус байгууллага мөн энэхүү хөнгөлөлтөд хамаарахаар болж байгаа.

Түүнчлэн өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулиуд ч чөлөөлөлөгдөх юм. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхдөө 2020 оны нэгдүгээр улиралд цалингаасаа нийгмийн даатгал төлж байсан хэмжээнээс нь илүүгүй хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нь чөлөөлөхөөр хуульд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл ажилтны нэг, хоёр, гуравдугаар сард авсан цалингийнх нь дунджаар тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, дэвтэрт нь бичилт хийнэ.

-Ажил олгогчийг хэрхэн чөлөөлөх вэ?

-Ажил олгогчийн нэг, хоёр, гуравдугаар сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо шимтгэл төлсөн хэмжээнээс ихгүй хэмжээгээр нь зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ авна.

-Журамд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор боллоо

-Улсын онцгой комисс болон аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор хөнгөлөлт, чөлөөлөлтийг зохицуулах журамд орж байгаа. 200 мянган төгрөгийг энэ сараас олгож эхэлнэ. “COVID-19”-ийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй.

-Сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд мөн хамаарна. Чөлөөлөлтөө хэдэн төгрөгөөр тооцож байгаа вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн Нийгмийн даатгалын хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хувиараа хөдөлмөр эрхлэх, сайн дураараа даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Эдгээр иргэд 420 мянган төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлсний зургаан сарын хугацаатайгаар чөлөөлүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нийгмийн даатгалын шимгэлээ төлөх сайн дурын даатгуулагч байвал 420 мянган төгрөгөөс дээших цалин орлогоос төлөх боломжийг нь нээж өгч байгаа. Энэ хэмжээнээс дээш дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн. Нэг үгээр үүнээс илүүгээр төлөх хүн байвал түүнийг нь нээлттэй үлдээхээр журамд зааж өгч байгаа.

-Журамд дөрөвдүгээр сарын 1-нээс хойш цалингаа тавихдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн аж ахуйн нэгжүүдэд мөнгийг нь нөхөж олгох уу?

-Энэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Журам оройтож гарч байгаа. Хууль эцэслэн ёсчлогдоогүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуульд хориг тавих хугацаа дуусч байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш цалингаа тавихдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлчихсөн байгаа үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан аж ахуйн нэгжид нөхөн олгох зохицуулалт хуулинд байгаа. Нэгэнт хууль дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл гэж батлагдсан учраас журам нь хэзээ батлагдаж гарахаас үл хамааран хууль хэрэгжээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тодруулбал, энэ сараас эхлэн байгуулагууд ажилтныхаа цалингаас шимтгэл авахгүйгээр бүтэн тооцож, цалинг нь олгоно.

-Журам батлагдлаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ долоо хоногт Нийгмийн даатгалын ерөнхий газар Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, арга хэмжээг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна. Татварын ерөнхий газар бүртгэлтэй байгаа хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд энэ хуулийн дагуу гарч байгаа журамд хамрагдаж, үйл ажиллагаагаа явуулна. Татварын ерөнхий газраас мэдээллийг нийгмийн даатгалын ерөнхий газар авч, мэдээлэл дээр үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, ажилтнуудад нь 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сардаа багтаж зохион байгуулна.

-Нийгмийн даатгалын шимтгэлд өртэй байгууллагууд хамрагдах уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна. Татварын өртэй байсан ч хамаарахгүй.

өнгөлөлт чөлөөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгж, ажилтан хамрагдахаар байна?

-Урьдчилсан тооцооллоор энэ хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45.3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна. Монгол Улсад 1.1 сая орчим ажилтан бий. Эдгээр ажилтнуудын 70 орчим хувь нь хамрагдана гэсэн үг.

-Гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж буюу 30 мянган төгрөг болгон олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Санхүүжилт нь хаанаас вэ?

-Энэ мөнгөний санхүүжилтийг Сангийн яамтай холбогдох материалаа бүрдүүлээд төрийн сангаас олгож эхэлж байгаа. Энэ мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сарын 30 мянган төгрөгөөр олгоно. Үүнд зориулсан журам гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Зарим иргэн өмнөхөөрөө буюу 20 мянган төгрөг олгогдож байна гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээдэг. Ингээд сар тутам олгогдож буй хүүхдийн 20 мянган төгрөгийг хадгаламжид хийх гэрээ хийдэг. Тиймээс хүүхдийнхээ мөнгө дээр хадгаламж нээсэн иргэдийн мөнгө нь гэрээнийхээ дагуу 20 мянган төгрөг дансанд нь орж байгаа. Эндээс ойлголтын зөрүүтэй асуудал гарч ирээд байгаа юм. Нэгэнт банктай гэрээ хийж сар бүр 20 мянган төгрөг дансанд нь хийх болохоор 30 мянга болсон ч банк гэрээний дагуу 20 мянгыг данс руу нь хийгээд байгаа юм.

Үлдсэн 10 мянган төгрөг нь яах вэ?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох дансанд нь 10 мянган төгрөг нь орж байгаа. Мөн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхэд бүрт олгож байгаа. Хэрэв сар бүрийн 20-ноос буюу тухайн сард хүүхдийн мөнгийг олгосны дараа хүсэлтээ гаргасан бол дараагийн сард нь нөхөн орж байгаа

-Нийтдээ хэдэн төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардагдах вэ?

-Нийт 34 тэрбумын нэмэлт эх үүсвэр шаардагдана. Үүнийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөний нэмэгдсэн тэтгэмжийг энэ сарын 20-25-ны хооронд олгохоор тооцсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.130.000 хүүхэд хамрагдсан байгаа.