Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнгөт чулуу сонирхогчид болон эрдэмтэн судлаачид зөвлөлдөв

Өчигдөр “Чулууны гайхамшиг” үзэсгэлэнгийн талаар уулзалт ярилцлага Богд хааны ордон музэйд боллоо. Тус үзэсгэлэн нь зөвхөн чулуугаар дагнасан анхны үзэсгэлэн бөгөөд ихэнхи бүтээл нь хорьдугаар зууны эхэн үед Богд хааны эдэлж хэрэглэж байсан зүйлс юм. Энэхүү бүтээлүүдийг 1984 онд тоолж, судалж хурааснаас хойш анх удаа дэлгэн тавьж байгаа гэдгийг тухайн үед тэрхүү ажилд хүчин зүтгэж явсан эрднийн чулуу шинжээч Б.Бямбасүрэн хэлэв. Энэхүү уулзалт ярилцлагад чулуу сонирхогч холбоод болон хувь хүмүүс ирж санал бодлоо солилцов. Мөн Монгол улсын ардын багш, доктор профессор Ж.Лхамсүрэн, Химийн ухааны доктор Б.Цэндээ нар хүрэлцэн ирж зөвлөгөөн явууллаа.

Геологийн төвийн өнгөт чулууны газрын дарга Б.Болд өнгөт чулууны талаар ингэж ярив. Тэрбээр “Монголд хашчулуу элбэг. Гэвч ихэнхи нь шавар болсон тааруухан хашууд байдаг. Харин орос тал руу ногоон туяатай сайн хашууд бий. Харин Эрдэнэтээс оюу чулуу сайн гардаг байсан. Сүүлийн үед шаварлаг оюу гарч байна. Чулуун эдлэлийг урлахын тулд алмазан багаж ашигладаг. Гэвч урлах явцдаа алдаа гаргасан тохиолдолд тухайн чулууг дахин ашиглах боломжгүй болдог. Өнгөт чулуун бүтээлийг маш нарийн зураг төслийн дагуу хийх хэрэгтэй.

Чулуунд ямар нэг тодорхойлсон дундаж үнэ байдагүй. Тухайн чулууны өөрийн онцлог шинж чанар болон хэлбэр дүрс тухайн чулууны үнэ цэнэ болдог. Жишээлбэл хүүхдээ тэвэрсэн ээжийн дүрстэй ижил дүрстэй чулуу байвал илүү үнд хүрэх бөгөөд урлал хийхэд ч хялбар байдаг. Чулууны хувьд гэвэл Европт тунгалаг өнгөтэй чулууг үнэтэй гэж үздэг. Азид хашчулууг хаадын чулуу гэж үзэн хүндэлдэг. Манайхан энэхүү чулууг гаанс, хөөрөг хийхдээ өргөн ашигладаг.” гэв.

Өнгөт чулуу шинжээч Б.Бямбасүрэн хурлын үеэр ингэж ярив. Тэрбээр “Анх 1984 онд Богд хааны ордон музейд хадгалагдаж байсан өнгөт чулуун бүтээлүүдийг судалж тоолох ажил явагдсан. Би тухайн үед тэрхүү ажилд хүчин зүтгэж явлаа. Тухайн үед тоолж бүртгэж байсан бүтээлүүд бүгд хэвэндээ байна. Сүүлийн үеийн бүтээлүүд нэг ч байхгүй гэж музейн захирал хэлсэн. Нээрээ ч тийм байна. Би маш тодорхой санаж байна. Тэр үеэс хойш Богд хааны музейд цөөхөн ирсэн. Энэ чулуунуудаар ямар нэг үзэсгэлэн гаргаагүй. Сүүлийн 30 гаруй жил анх удаа гарч буй үзэсгэлэн юм.

Эрднийн чулуу гэдэг нь ерөнхий нэр томьёо. Дотор нь эдийн засаг болон үнэлгээ талаас нь ангилж болно. Жишээлбэл гарал үүслийн талаас гурав ангилдаг. Нэгдүгээрт байгаль дээр байсан бүх чулууг байгалын чулуу гэнэ. Хоёрдугаарт нь байгалийн чулууг дууриалгаж хийсэн чулуу. Гуравдугаарт энгийн материал ашиглан хийсэн чулуу буюу хиймэл чулуу гэж ангилдаг. Энэхүү үзэсгэлэнгийн зарим бүтээлүүдийн шигтгээнүүд дунд шахмал материал байгаа. 1980-аад онд тооллого, судалгаа явуулж байхад байжил байсан. Хамгийн наад зах нь Хятад улс энгийн хиймэл чулуу хийдэг 300 орчим жилийн түүхтэй.

Байгаль дээр үүсэн чулуу хүний биед энерги өгдөг. Хиймэл болон дууриамал шахмал чулуунууд энерги өгнө гэж байхгүй. Өнөөдөр бид байгалийн чулуугаар хийсэн бүтээгдхүүнүүдээ доош нь хийж үнэгүй хаяж хиймэл, дууриамал чулуунуудаа хоосон үнэлж тэнгэрт гаргаад байна. Бидний хамгийн сайн мэдэх жишээ нь Австрийн Сваровски гэдэг шил юм. Чулуун шигтгээний ард талын үзүүр нь шовх байдаг. Тэрийг нь лазэрийн туяагаар цагиргалж буддаг. Ингээд олон төрлийн талст гараад нөгөө шил чинь солонгорч харагддаг” гэв.

Ихэнхи өнгөт чулуун бүтээлүүд гадагшаа худалдаалагддаг

Хятадууд өнгөт чулууг өндөр үнээр худалдаж авснаар газрын гадаргуу дээрхи чулуунуудыг ард иргэд түүж ихээр урагш гаргах болжээ. Улмаар манай улсад өнгөт чулуун бүтээл хийх түүхий эд хомсдсон аж. Өнөө үед манай бүтээлчид нарийн аргаар ховор нандин урлагийн бүтээл туурвидаг ч ихэнхийг нь гадны улсад худалдаалдаг гэдгийг тус салбарын эрдэмтэн судлаачид онцлов. Харин энэ талаар Монголын өнгөт эрднийн чулууны мэргэжлийн холбооны захирал Ё.Мажидсүрэн ярив. Тэрбээр “Өнгөт чулуу болох мана, гартаамалуудын сор болсон ховор чулуунууд гадны оронлуу их хэмжээгээр гарч байна. Монголдоо хийсэн сор бүтээлүүдээ дотроо хэрэглэвэл илүү өгөөжтэй байх. Дорноговь, ер нь говийнхон маш сайн хөөрөг урладаг болсон байна. Чулуун болон гоёлын хөөрөг бүтээдэг компани хүртэл байгуулагдсан. Мөн эмэгтэй хүний зүүлт, сондор зэргийг хийж байна. Дэлхий нийт сийлбэрийн урлаг болон өнгөт чулууг судлах хандлага бий болсон. Манай улс ч үнэт эдлэл түүх соёлоо дэлхий дахинд сурталчлах хэрэгтэй” гэв.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийн комиссоос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр Монгол улсын хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Энэ жилийн хүний эрхийн өдрөөс эхлэн ирэх оны хүний эрхийн өдрийг хүртэлх бүтэн жилийн хугацаанд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аяныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газраас зарласан байна. “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриатай тэмдэглэсэн өнгөрсөн жилийн Хүний эрхийн олон улсын өдрөөс хойш 2017 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутагт нийт 20 удаа “Хүний эрхийн нээлттэй өдөр” болон хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгууллаа” гэдгийг онцлов.

Хүний эрхийн комиссын гишүүн Н.Ганбаяр ингэж ярив. ТэрбээрХүний эрхийн өдрийг тохиолдуулан хүний эрхийн үндэсний комиссоос төлөвлөгөө гаргаж ажилласан. Энэхүү төлөвлөгөөнд соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа. Мөн шалгалтын ажлыг явуулж иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээ зургаан дүүрэгт очиж ажилласан.

Хүний эрхийн комиссоос хүний эрх зөрчигдсөн асуудлуудаар 30 орчим шаардлага бичсэн. 20 гаруй зөвлөмж холбогдох газар бичиж хариуг нь авч ажиллав. Нийт 470 орчим өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн.

20 аймагт очиж хүний эрхийн цогц арга хэмжээг хийсэн. Гадны хяналт шалгалт иргэдийн өргөдөл гомдол хүлээж авах бүх нэгдсэн арга хэмжээнүүдийг зохиож ирсэн” гэв.

Энэхүү сарын аян нь арваннэгдүгээр сарын 16-наас эхлэсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 20-нд дуусах юм. Энэ ажлын хүрээнд нийт 12 ажлыг зохиож байгаа аж.

Монгол улсын хүний эрхийн комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулсан сарын аяны хүрээнд “Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зохиож өнөөдөр шилдгүүдээ тодруулав. Уралдаанд сонин, сайтын нийтлэлийн төрөлд нийт 49 бүтээл, телевизийн нэвтрүүлгийн төрөлд 4 бүтээл, радиогийн төрөлд 5 бүтээл ирснээс нийтлэлийн төрлийг 2 үе шаттайгаар шүүж, хоёрдугаар шатанд 12 бүтээлийг авч үлдэн, эхний 3 байрыг шалгаруулсан байна.

Энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны нэвтрүүлгийн төрөлд ТВ9 телевизийн сэтгүүлч Д.Ганзоригийн “Алт дагасан харуусал буюу гэрийн буурийн эрх мэдэл” Сэлэнгэ, Баянхонгор аймгаас бэлтгэсэн цуврал нэвтрүүлгүүд I байр, Гэр бүлийн радио 104.5-ын сэтгүүлч Б.Баясгалангийн “Би сурмаар байна”, “Хүний эрхийн тухай ярилцъя” асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлгүүд II байр, ЕTV телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэгийн “Заамарчууд “Алт-2 хөтөлбөр”-ийн золиос болох уу” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг III байр, МҮОНР-ийн Хурд агентлагийн “Баримт” эрэн сурвалжлах албаны багийн бүтээл, сэтгүүлч Ж.Золзаяа нарын “Хайрганд үнэгүйдсэн эрх” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг III байрыг тус тус эзэллээ.

Нийтлэлийн төрөлд “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Баярмаагийн “Удам таслах хар хор” асуудал дэвшүүлсэн нийтлэл I байр, Инфо.мн сайтын сэтгүүлч Ц.Алдармаагийн “Хөшиглөж татсан манан буюу бид утааг ирээдүйд үлдээх үү?!!” асуудал дэвшүүлсэн нийтлэл II байр, сэтгүүлч Х.Өнөрсайханы “Би агаарын бохирдолд буруутай, би өөрийнхөө эрхийг зөрчсөн” нийтлэл III байрыг тус тус эзлэв.

Тус тэмцээний нийтлэлийн төрөлд гуравдугаар байрыг эзэлсэн чөлөөт сэтгүүлч Х.Өнөрмаа өөрийн нийтлэийн талаар ингэж ярив. Тэрбээр “Агаарын бохирдолд өөрийгөө буруутгаад би өөрийнхөө эрхийг зөрчсөн гэдэг утгаар нийтлэлээ бичсэн.

Би 17 жил яндан ашигласан ч агаарын бохирдолд өөрийгөө буруутгахгүй байгаа. Нэг ч удаа би яндангаа больё гэж бодож байгаагүй. Хэдий эдийн засаг, улс төр, нийгмийг буруутгаж болж байгаа ч гэсэн би энд өөрийнхөө эрхийг зөрчөөд байгаа бусад хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа. Би хэрвээ өөрийнхөө эрхийг зөрчвөл эрх зүй талаас намайг хэрхэн шийтгэх вэ гэдэг талаас бичсэн” гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал”-ыг хэлэлцэв

“Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” семинар Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэхүү семинар нь “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг боловсруулахад хамтран оролцогчдод Хөдөлмөрийн статистикийн шинэ стандартыг танилцуулах түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл болон анхаарах асуудлуудыг хэлэлцэх зорилготой байв.

Тус семинарт ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Ноён Тим Дэ Мэйэр, ОУХБ-ын ахлах зөвлөх Игорь Чернишев, ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн Товчооны Хөдөлмөрийн статистикийн мэргэжилтэн Тите Хабияакарэ, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа, шинжээч Д.Анхзаяа оролцлоо. Тэд Хөдөлмөрийн статистикийн шинэ стандарт, түүнийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар илтгэл тавив.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран 2017 оны тавдугаар сараас эхлэн дэлхийн бусад улс орнуудад загвар болох үнэлгээний тайланг боловсруулан ажиллаж байна. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад нэн таатай байна.

Ирэх оны нэгдүгээр улиралд, загвар тайлангийн төслийг эцэслэн гаргана. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр анхаарал хандуулж ажиллана” гэв.

Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Бид дэлхийн улс орнуудад жишиг болохуйц загвар тайлан гаргахаар зорьж байна. Шалгуур үзүүлэлтүүдийг тооцон гаргаж ирэхдээ тавьсан зорилго нь хөгжлийн чиг хандлагаар харилцан адилгүй байгаа улс орнуудад үлгэр жишээ болохуйц тийм тайлан, үзүүлэлтийн загварыг тогтоож гаргана” гэж ярив.

-Зохистой хөдөлмөр гэж юу вэ?

-Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг бүрэн хамруулсан хүйсийн ялгаваргүйгээр цалин хөлс, ажиллах цаг хугацаа нь зөв байхыг л зохистой хөдөлмөр гэж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн зорилтыг 2015 онд НҮБ-ээс баталсан. Харин манай улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд баталсан. Тогтвортой хөгжил гэдэг нь хүний хөгжлийн асуудал юм. Тухайн улс орны хүмүүс сайхан амьдарч байна уу гэдгийг тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдээр шалгаад дэлхийн улс орнуудын иргэд хэр сайхан амьдарч байна вэ гэдгийг нэгдсэн байдлаар тодорхойлно. Зорилт тавиад ядууралгүй байх тэгш бус хуваарилалтыг арилгахад түлхүү анхааран ажиллах юм. Ядуурал тэгш бус байдлыг арилгадаг хамгийн том түлхүүр хүчин зүйл нь зохистой хөдөлмөр, зах зээлийн үнэн зөв бодит мэдээлэлд суурилсан бодлого хөтөлбөрийн хэрэгжилт юм. Энэ агуулгаар бид өнөөдрийн зохистой хөдөлмөрийг дэмжих тогтвортой хөгжлийн зорилт гэсэн энэхүү уулзалтаа хийж байна.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

Тайвань буфер приуст яг үйлдвэрийн юм шиг таардаг гэв

Автомашины эд ангийг хамгийн өргөн сонголттой худалдан авах боломжтой “Автоплаза” болон “Автомолл” төвүүдээр явж сурвалжлага бэлтгэлээ. Автомашины сүүлийн үеийн хөгжим болон машины эд анги, гоёл чимэглэлийн үнэ ханш, давуу талын талаархи багахан мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Автоплаза автомашины сэлбэгийн дэлгүүрт сүүлийн үеийн том дэлгэцтэй андройд хөгжим 400,000-1,500,000 төгрөгийн үнэтэй байна. Тус хөгжмүүд нь GPS тохиргоотой Youtube, интернэтэд холбогдох боломжтой юм. Андройд утаснаас ялгарах зүйлгүй гэж худалдагчид нь хэлж байв. Харин “Автомолл”-оор андройд хөгжим 500,000 төгрөгийн үнэтэй байна. Хүрээтэйгээ нийлээд 530,000 төгрөг болох юм. Харин андройд бус хөгжмүүд 210,000-аас тус бүр дээш үнэтэй. Уг хөгжмүүд нь Флаш, мемори, СD, АUX оролттой аж. Харин “приус-20”-ын хятад хөгжим 100,000-200,000 төгрөгийн үнэтэй бол өөрийн хөгжим нь 80.000-120.000 төгрөгийн үнэтэй байна. Уг хөгжмүүд нь ихэвчлэн хардтай ажээ.

Бүх автомашины аль ч талын гэрлүүд автомол, автоплазад 40,000-800,000 төгрөгийн үнэтэй байна. Он залуутай приус 20-н урд гэрэл 75.000 төгрөгийн үнэтэй байгаа бол хойд гэрэл нь 50.000 төгрөг орчим байна. Харин Тайван буфер 130.000 мянган төгрөгийн үнэтэй аж. Худалдагчид Тайвань буфер приуст яг үйлдвэрийн юм шиг таардаг. Харин буфер нь урагшаа унжсан приус 20-ууд хятад буфер тавсан учраас тийм болдог. Учир нь Хятад буфер машинд таарахдаа муу гэлээ. Автоплазад Прадо 150-ын урд хаалга 900,000 төгрөгний үнэтэй, ланд 200-ын урд хаалга 1.200.000 төгрийг үнэтэй тус тус зарагдаж байна. Харин Ланд 100-ын RB буфер 1.150.500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Салон дээрээ тавихад тохиромжтой үнэртүүлэгчид ихэвчлэн америк болон солонгост үйлдвэрлэгддэг гэж худалдагчид хэллээ. Солонгосын зургаан сар үнэртдэг хамгийн сайн үнэртүүлэгч 18.000, Америк үнэртүүлэгч 15.000 төгргийн үнэтэй нэг жил үнэртдэг аж. Харин бусад үнэртүүлэгчид 10-25 мянган төгрөгийн үнэтэй байна.

Б.АМАРТҮВШИН


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гарааны бизнес эрхлэгч залуучууд зөвлөлдлөө

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааны үр дүн” зөвлөлдөх уулзалт боллоо. Энэхүү уулзалт нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Консалтинг” группийн хэрэгжүүлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” төслийн хүрээнд болсон юм.

Энэхүү төслийг найман аймаг хоёр дүүрэгт хэрэгжүүлж гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусыг шалгаруулж, сурган, чадавхижуулав. Ийнхүү шалгарсан есөн гарааны бизнес эрхлэгчдэд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Тэд өөрсдийн гарааны бизнесийг танилцуулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөлдсөн юм. Уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Олон улсын донор байгууллагынхан оролцлоо.

“Залуучууд хөдөлмөр эрхлэлт” төслийн эксперт М.Галсансараас тус уулзалт, зөвлөгөөний талаар тодрууллаа.

-Энэхүү уулзалтын гол онцлог юу вэ?

-“Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2016 оноос Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь гурван бүрэлдхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах чиглэлээр ажиллана. Хоёрдугаарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг орон нутагт сайжруулах чиглэлээр найман аймаг, хоёр дүүрэгт ажиллаж байгаа. Сүүлийн хэсэгт энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

-Өнөөдрийн арга хэмжээний талаар яриач?

-Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслийн үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Манай төсөл гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой залуучуудыг орон нутагт сургаж, дэмжих санхүүгийн дэмжлэг олгох, зөвлөн чиглүүлэх үйлчилгээнд хамруулдаг. Энэ хүрээнд нийт 890 залуусыг сургаж чадавхжуулсан. Start up weekend буюу гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм. Мөн төслийн уралдаанаас шалгарсан гарааны бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар есөн гарааны бизнес эрхлэгч 10 сая төгрөгийн дэмжлэг аваад байна. Энэхүү бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн сүүлийнх нь одоо хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт найман гарааны бизнес эрхлэгч хамрагдаж байгаа. Эндээс зургааг нь сонгож санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа зөвхөн санхүүжилт өгөөд орхихгүй. Яагаад гэвэл зарим гарааны бизнес эрхлэгчид амжилтад хүрч чадахгүй байгаа. Үүнд анхаарч орон нутагт нь туршлагатай бизнес эрхлэгч, зөвлөхүүдтэй ажиллуулж байгаа.

-Гарааны бизнес эрхлэгчдийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-15-34 насны шинэлэг бизнесийн санаатай, цааш хөгжих хүсэл эрмэлзэлтэй залууст нээлттэй. Шалгаруулахдаа зөвхөн бичгээр бус видео танилцуулга авдаг. Үүн дээр үндэслэж шалгаруулна. Нэг аймагт 100-аад залуу шалгарч байхад тэндээс тавин залууг нь шалгаруулаад тэднийгээ сургаж бизнесийг нь дэмжиж ажилладаг” гэв.

Зөвлөлдөх уулзалтанд гарааны бизнесийн тансаг зэрэглэлийн ган төмөр, арьс гуулиар хийсэн хутга үйлдвэрлэлийн “Таван салаа” компани. Мөн “Сакар” эмийн ургамалтай казак үндэсний саван үйлдвэрлэл, хүүхдийн тараг үйлдвэрлэдэг “Мазаахай” компани, “Алтай органик цай” болон “Сүүн цацал” сүүн чихэр, “Шижир” тойгны тосоор хийсэн ванны бөмбөлөг мөн Livon брэндийн арьсан эдлэлийн үйлдвэрлэл танилцуулагдсан юм. Тэд өөрсдийн гарааны бизнесийн талаар ийнхүү өгүүлэв.

Aquila natures компанийг үүсгэн байгуулагч Л.Ганхараа: Зүрхний чинь мухарт жижигхэн гэрэл байгаа бол түүнийхээ төлөө тэмцээрэй

Тэд 2016 онд Монголдоо анх удаа тойгны шөлний тостой ванны бөмбөлөг хийж борлуулалтанд гаргаж байсан нь “Aquila” брэндийн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдхүүн хийх эхлэл нь болсон ажээ.

-Би анх үхрийн тойгны шөлний тосыг хөл гарандаа түрхэж хэрэглэж байгаад тэрнийгээ хялбарчлах юмсан гэж боддог байлаа. Эмэгтэй хүн шөл үнэртүүлээд явах хэцүү. Гэтэл тойгны шөл ядаргаанд маш сайн. Үе мөчий өвчин хүнийг маш ихээр сульдаадаг. Гэвч тойгны шөл ардын уламжлалт арга юм. Үүнийг монголчууд хөл гарандаа түрхдэг уламжлалтай. Энийг хэрэглэх гэхээр үнэр танараас авахуулаад хэрэглэхэд таагүй байсан. Үүнийг шийдэхийн тулд ардын уламжлалт аргыг орчин үеийн шинэ бүтээгдхүүн болгохоор ванны бөмбөлөгтэй хослуулж өгсөн. Ийнхүү ваннандаа суугаад гоо сайхан болон эрүүл мэнддээ давхар анхаарах боломжтой болсон доо.

Энэ санаагаар 2016 оны арванхоёрдугаар сард Хан-Уулд болсон залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрт шалгарч, хурдасгуур хөтөлбөрт хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан. Энэ нь санаагаа бизнес болгох туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, анхан шатны тоног төхөөрөмж авах, бизнесийн суурь болсон. Манай хүүхэд хоёр настай. Энэ намар хүүхдээ цэцэрлэгт оруулсан. Тэгээд есдүгээр сараас үзэсгэлэн худалдаанд орсон. Анх тойгны тостой ванны бөмбөлөг хийх санаа байсан бол одоо хэрэгжсэн. Улмаар үхрийн тойгны шөлний тосоор хийсэн хөлийн дүрлэг ванн болон шүршүүртэйгээ бүтээгдэхүүн. Үүнийг гэр хороололд байдаг хүмүүс хэрэглэх боломжтой.

-Энэхүү төсөл таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

-Гэртээ хүүхдээ хараад суудаг ээж байсан бол одоо суралцан хөгжиж, ажил хэрэгч ээж боллоо. Анх гал тогооны ширээн дээр бизнесийн санаагаа хийх гээд туршиж байсан бол одоо өөртөө ажлын байр бий болгосон байна. Мөн ажлын өрөөтэй болсон. Энэ зун бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төсөл хөтөлбөрт оролцож тэнцсэн. Дөрвөн сарын урьдчилсан хөтөлбөрт хамрагдаад өчигдөрхөн төгсөөд явж байна.

Гарааны бизнес эрхлэх гэж байгаа залуучууд бүгд өөрийн гэсэн санаатай явдаг. Зүрхний чинь мухарт жижигхэн гэрэл байгаа бол түүнийхээ төлөө тэмцээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл мэрэгжилгүй, мөнгөгүй гэх мэт маш их үгүйсгэлтэй таардаг. Гэхдээ тэр үгүйсгэлтэй таардаг газраас илүү дэмждэг хүмүүсээ олоорой. Одоо залуучуудыг дэмжих сургах олон үйл ажиллагаа бий болсон. Хүн өөрөө хүсэж түүнийхээ араас тууштай явж чадах юм бол үлдсэн газарт нь бурхан ажлаа хийнэ гэдэг шиг боломжууд зөндөө гарч ирсэн байна гэв.

Livon компанийг үүсгэн байгуулагч Б.Үнэнбаяр: Байнга бодогддог байсан зүйлийнхээ шийдлийг эндээс олж харсан

Мод болон ширээр тансаг зэрэглэлийн цүнх үйлдвэрлэдэг гарааны бизнесийн Livon компани 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө нэрийн Epoch цүнхээ гаргаад байна.

-Савхин эдлэл хийх санаагаа хаанаас олсон бэ?

-Би арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Сургуулиа 2012 онд төгссөн. Тэгээд брэнд үүсгэе гэсэн зорилго мөрөөдөлдөө хөтлөгдөөд савхин эдлэл хийж эхэлсэн.

-Танай компанийн цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Одоогоор бид компанийхаа дотоод үйл ажиллагааг жигдэрүүлж борлуулах цэгүүдээ хайж олон, экспортлох төлөвлөгөөтэй байна. Америк, Япон, Солонгосоос манай компанид хандаж байгаа. Ойрын хугацаанд энэ газрууд руу экспорт хийдэг болох юм. Харин хэтдээ Монголдоо төдийгүй олон улсад танигдсан арьсан ширэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

-Энэхүү төсөл таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Энэ төсөлд орохоос өмнө захиалгаар гурван жил савхин эдлэл хийсэн. Энэ хугацаанд бэрхшээлтэй тулгарч, түүнийгээ хэрхэн шийдэх вэ гэдэг бодол байнга төрдөг байлаа. Ийнхүү байнга бодогддог байсан зүйлүүдийнхээ шийдлийг эндээс олж харсан. Энэ хөтөлбөрт орсоноор өөрийн багаа бүрдүүлсэн. Манай багт дөрвөн хүн бий, үйлдвэрлэлд 8-10 хүн тогтмол ажилладаг гэв.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

“Bloomberg Finance Forum 2017” боллоо

Блю Скай зочид буудалд “Bloomberg Finance Forum 2017” хэлэлцүүлэг боллоо. Энэхүү форумын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар төр засаг, хувийн хэвшлийн байгууллагууд болон судлаачид цуглаж хэлэлцсэн юм. Мөн олон улсын банк санхүүгийн зах зээлийн туршлага, асуудлын шийдэл болон сорилтын талаар санал хүсэлтээ солилцов. Тус форумыг Нэйшнл Ньюс Корпорэйшн болон Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотек эзэмшигчдийн холбоо, Санхүүгийн салбарын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж, Монголын ипотекийн корпораци ивээн тэтгэсэн юм. Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, Монгол Банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон нар панелистаар оролцож үгээ хэллээ.

Энэ удаагийн форумд банк санхүүгийн салбарт нөлөөтэй хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг УИХ-д эхэлж байгаатай холбогдуулан зээлийн хүүг бууруулах талаар олон санал санаачлага хэлэлцэв. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох эрхийг Монголбанкинд олгох асуудал тусаад байгаа. Харин үүний өмнөхөн Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулан, урт хугацаанд зах зээлийн зарчмаар хүүг бууруулах замын зураг боловсруулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад уг асуудлаар бодлогоо зөв тодорхойлох нь хамгийн чухал болохыг оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, олон нөхцөлт, хамаарал бүхий хүчин зүйлсийн дүнд тогтож буй зээлийн хүүнд заиргааны аргаар хязгаарлалт тогтоох нь зах зээлийн ерөнхий суурь нөхцөл, зарчмаас ухарсан явдал болохыг Монгол банкны холбооны төлөөлөгчид хэлж байлаа. Харин Монгол банкны зүгээс хууль эрх зүйн тодорхой зохицуулалтууд дутмаг байгааг онцолсон. Ямартай ч уг асуудалд төлөвлөгөөтэйгээр урт хугацаанд, үе шаттайгаар хандах хэрэгтэйг судлаачид болон арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

​Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох CD-г өнөөдөр танилцууллаа

Монголын багш эцэг эхийн холбооноос хэрэгжүүлсэн дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох шинэ сургалтын платформ Ярьдаг гар-1 CD-г өнөөдөр танилцууллаа. Тус төслийг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засварлалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн аж. Нийтдээ 20 цуврал дохионы хэлний анхан шатны мэдлэг болох хичээлтэй энэхүү CD-ийг REC студийн залуучууд бүтээжээ. Мөн Канадын сангийн орон нутгийн төслийн хүрээнд шалгарч санхүүжсэн юм. Та бүхэн Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн боловсролын газар, 29-р сургууль, 186-р цэцэрлэгүүдээс “Ярьдаг гар” дохионы хэлний хичээлийг үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн youtube-т Ярьдаг гар-1 суваг дээр үнэ төлбөргүй тавигдсан байгаа аж.

Уг төслийг санаачлагч Э.Ариунзул “Хоёр жилийн өмнө судалгаан дээр ажиллаж байхад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд чиглэсэн зүйл хийх хэрэгтэй юм байна гэдэг бодол төрж байсан. Жилийн өмнө яг энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд уулзалдаад юуг, яаж хийх вэ гэж ярилцсан. Тэр үед энэхүү төслийн санаачилга гарч бэлтгэл ажил эхэлсэн. Канадын сангийн орон нутгийн төслийн уралдаанд оролцсон нийт 700 гаруй төслөөс 13-ийг нь шалгаруулсны нэг нь энэ төсөл юм. Энэ төсөл 9-11 сарын хооронд гурван сарын хугацаанд хэрэгжиж танилцуулагдлаа. Дохионы анхан шатны мэдлэг олгох зорилготой энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжилд хэрэгтэй чадваруудыг оруулсан. Тухайлбал мэндлэх хүндлэх ёс, өнгө дүрс, тоо бодох, хувцаслах, ариун цэвэр мөн хооллох, цаг агаартай холбоотой бага насны хүүхдүүдэд хэрэгтэй чадваруудыг оруулсан байгаа” гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Мэс заслын эмч нар UGG буюу бойтгон гутлыг өмсөхгүй байхыг зөвлөж байна

Сүүлийн үед моодонд ороод буй UGG өвлийн бойтгон гутал нь дулаахан хөлд эвтэйхэн учраас эмэгтэйчүүд маш ихээр дурладаг. Австралиас гаралтай энэхүү гутал нь хүүхдийнх, эрчүүдийнх ч гэж гараад байгаа. Будран орох цаснаар хөнгөн, зөөлөн бас дулаахан алхахыг хүн болгон л хүсэлгүй яах вэ дээ. Гэвч энхүү гутлыг Мэс заслын эмч нар өмсөхгүй байхыг зөвлөж байна. Энэ гутлыг өмссөн бүсгүйчүүд гэмтэл согогийн эмч нарт зовиур хэлж ихээр үзүүлэх болжээ.

Ортопед мэс заслын эмч Иэн Макдермот энэхүү гутлын талаар ингэж ярив. Тэрбээр “UGG бойтгон гутал нь хэт зөөлөн, дотроо сул зай ихтэй учраас хөлөнд зохих дэмжлэгийг өгч чадахгүй байгаа нь өвдөгний өвчлөлийн шалтгаан болж байна. Маш зөөлөн гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгдөнө. Учир нь өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг дотор талаасаа нурж байгаа мэт. Хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө. Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэх аж. Өөрийгөө энэ гуталгүйгээр төсөөлж чадахгүй байгаа бол сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Хөл гутлан дотроо сул холхиж болохгүй, гутал хөлийг бүрэн барьж байх тийм хэмжээг сонго. Өнөөдрийн зах зээл дээр маш олон загварын гутал зарагдаж байна. Энэ дотроос өөрийн хөлийн хэлбэрт тохирох загварыг л сонгоорой. Эрүүл хөлтэй хүмүүст зөөлөн гутлыг богино хугацаанд л өмсөхийг зөвлөнө, 30 минутаас илүүгүй. Гэрийн углаашны хувьд ч мөн адил.
“UGG өвлийн гутлын хувьд шилдэг нь байж болно, гэхдээ хөлийг бүрэн дэмжих гутал өмсөх нь чухал” гэв.

Хөлийн ул хавтгай хүмүүсийн хувьд энэ гутлыг мартсан нь дээр. Хэрвээ үе мөчний холбоос нь төрөлхийн сул эсвэл нуруу нугас, тулгуур эрхтний ямар нэгэн асуудалтай л бол энэ гутлаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

“Шинжлэх ухаан технологи, инноваци 2017” экспо шилдгүүдээ тодрууллаа

Залуу эрдэмтдийг дэмжих зорилготой төслийн дор “Шинжлэх ухаан технологи, инноваци 2017” үзэсгэлэн энэ сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай болж шагналаа гардууллаа. Тус үзэсгэлэнд 97 байгууллагын 300 гаруй инновацийн бүтээгдхүүн дэлгэгдсэн юм. Шагнал гардуулах арга хэмжээг нээж БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа үг хэлэв.

Үзэсгэлэнд оролцож байгаа шилдэг бүтээлүүдээс тусгай байр нэг, гуравдугаар байр хоёр, хоёрдугаар байр хоёр, тэргүүн байр нэгийг тус тус шалгарууллаа. Тусгай байрын шагналыг Доктор Бат-эрдэнэ удирдагчтай Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” шинжлэх ухаан технологийн төсөл шалгарсан юм. Тус төслийг хорих ялыг дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэж 2017 оны долдугаар сарын 1-ээс 5-ны хооронд 3075 ялтны хорих ялыг дүйцүүлэн хассан технологи ажээ. Харин гуравдугаар байрыг Хими химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны Уужим булган компаний Дугаржав, Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч лаг бэлдмэл” бүтээгдхүүн эзлэв. Тус бүтээгдхүүн нь цэвэрлэх байгууламжийн лаг жорлонгийн үнэрийг хоргүйжүүлэн халдваргүйжүүлэх бүтээгдхүүн юм. Мөн Физик технологийн хүрээлэнгийн Золбаяр, Баясгалан, Бат-эрдэнэ, Бат-орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт удирдлагын систем” бүтээл гуравдугаар байранд орлоо. Тус бүтээл нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилготой, усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник прогаммыг хослуулснаараа онцлогтой аж.

“Арьс тренд” компаний хэрэгжүүлсэн “Aрьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтоох, тогтворжуулах дэвшилтэт технологи” бүтээл “Шинжлэх ухаан инноваци 2017” экспогийн хоёдугаар байрыг эзэллээ. Тус технологи нь хром, хүнд металь, давс, хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулдаг гэнэ. Мөн хоёрдугаар байрыг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн уураг амин дэмээр баяжуулсан эрдсийн шахмал тэжээл шалгарлаа. Тус үзэсгэлэнгийн тэргүүн байранд Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх Б.Одонхишиг Д.Жаргалсайхан зохиогчтой “Элч 2” дулааны аккумлятор шалгарлаа. Энэхүү шөнийн цагийн цахилгаанаар халах паз шилжилтийн дулааны аккумлятор нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэглэхгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барих зориулалттой бүтээл юм.

Дулааны техник хүрээлэнгийн дулааны секторын эрхлэгч Б.Одонхишиг тэргүүн байранд шалгарсан бүтээлийнхээ талаар ингэж ярив.

Манай бүрэлдхүүн 2016-18 онд дулааны аккумляторын инновацийн төслийг авсан. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй төслийн үр дүн энэ жилээс танилцуулагдаж байна. Энэхүү бүтээгдхүүнээ суурь судалгаанаас нь эхлүүлээд инновацийн бүтээгдхүүн болтол нь хөгжүүлж Монголд тохирсон агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмжийг бүтээж чадлаа. Бусад илжил төрлийн бүтээгдхүүнүүдийг бодвол эзэлхүүн багатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, Монгол инженерүүдийн зохион бүтээсэн зэрэг үзүүлэлт нь давуу тал юм. Энэхүү бүтээлийг онолын суурь судалгаанаас нь эхлүүлээд судалж гаргаж ирсэн. Манай экологийн хүрээлэнгийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ ажилласан. Маш олон хүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээл юм.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухаан технологи, инновацийн үзэсгэлэн боллоо

Өнөөдөр уран зургийн галерейд “Шинжлэх ухаан технологи, инноваци-2017” үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэн нь жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт болдог уламжлалтай.

Энэ үеэр эрдэмтдийн бүтээсэн ном, товхимол, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, малын эм бэлдмэл, тэжээлийн ургамал, шинэ сорт зэрэг шинжлэх ухааны 200 гаруй нэр төрлийн бүтээл дэлгэгдсэн юм.

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс таримал ургамал, төмсний шинэ сортыг 1959 оноос хойш гарган авч, нутагшуулж иржээ.

Тус хүрээлэнгийн жимс жимсгэнэ эмнэлгийн ургамлын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баттөмөрөөс энэ талаар тодрууллаа.

-Манай хүрээлэн Монголын хөрс цаг уурт тохирсон таримал ургамлын сортуудыг шинээр гарган, нутагшуулж, тарималжуулдаг. 1959 оноос хойш селекцийн аргаар 108 сорт гаргасан байна. Сүүлийн үед тариаланчдын эрэлт хэрэгцээнд нийцэж манай сортуудыг сайн гэж ам дамжин ярьдаг болсон. Дархан хотод 144, 131, 34 гэсэн сортуудыг тариаланчид өргөнөөр ашиглаж байна. Эдгээр сортууд улсын дундаж ургацыг 3.1 центнрээр ахиулсан амжилттай байна. Эрэлт хэрэгцээ ихтэй байгаа учир манай хүрээлэнд “Элит үр” хэмээх гарааны компани байгуулсан. Энэ гарааны компани нь манайхаас гарсан сайн сортуудын үрийг үйлдвэрлэдэг.

-Төмсний сортуудыг гаднаас аль болох хөрс цаг уурын хувьд Монголтой төстэй газруудаас манайд ургах боломжтой сортуудыг авчирч цуглуулдаг юм. Цуглуулсан сортын төмснүүдээ шалгаад ган, халууныг тэсч, хорхой шавжийг тэсвэрлэж өндөр ургац өгөх сортуудыг шалгаруулдаг. Сүүлийн үед шинээр гаргасан сортууд бол гала, солист, эсприт гэх германы сортуудыг шинээр нутагшуулаад байгаа.Эдгээр сортууд нь өндөр ургац өгдөг гэв.

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монгол орны ургамлуудыг судалж малд хэрэгтэй ургамлуудыг гарган авч таримал ургамлын үр болон тэжээл бэлтгэдэг аж.

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Сүхбаатар ингэж ярилаа.

-Энэ үзэсгэлэнд манай хүрээлэнгийн зүгээс малын бэлчээр сайжруулдаг ургамлуудыг дэлгэж байна. Энэ чиглэлээр Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн 1974 оноос 2016 он хүртэл Монгол орны ургамал газар зүйн 15 тойргийг хамарсан 18 удаагийн экспидиц яваад нийтдээ 2240 ургамлын дээж цуглуулсан. Энэ ургамлууд нь малын бэлчээрийн ач холбогдол өндөртэй ургамлууд юм. Тус ургамлуудаас судалгаа хийгээд тарималжуулаад нийтдээ 1986 оноос хойш арваад сорт гаргасан. Энэхүү сортын үрүүдээр уул уурхайн нөхөн сэргээлт мал аж ахуйн бэлчээрийн нөхөн сэргээлт хийж хадлан малын тэжээл бэлтгэх бүрэн боломжтой. Монгол орны уур амьсгалд дасан зохицсон арван төрлийн сорт байна. Эдгээрийг малчид авч бэлчээрээ сайжруулаад, хашаандаа хадлан бэлтгэж малаа тэжээх юм. Үүнээс гадна гаргаж авсан сортуудаараа малын тэжээл үйлдвэрлэсэн. Нунтаглаад хорголжин тэжээл хийж, өвсний гурил бэлдээд төл мал, саалийн үнээ махны чиглэлийн үхэр зэргийг тэжээхэд тохиромжтой, амин дэмээр баяжуулсан тэжээлүүдийг үйлдвэрлэдэг. Дээрхи ургамлуудыг таривал байгалийн ургамлаас 40-50 хувь илүү ургадаг. Тарималжсан ургамлын онцлог нь юм. Байгалийн ургамлуудаас илүү ургадаг ургамлууд байгаа юм гэв.

“Гарааны монгол экологийн бордоо компани” нь олон төрлийн бордоог судалж шинжилж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг аж.

Тус компаний захирал Ц. Эрхэмбаяраас энэ талаар тодрууллаа.

-Гарааны Монгол экологийн бордо компани нь ХААИС-н дээд сургуулийн эрдэмтэн профессор Г.Чойжамц гэдэг хүний эрдмийн бүтээлээр компани болж үүссэн. Түүний бүтээл нь Монголд олон жил туршигдаж судлагдсан юм. Манай компани нь үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж Монголын ХАА газар тариаланд хувь нэмрээ оруулж байна. Мөн орканик болон эрдэс бордоонууд үйлдвэрлэдэг. Органик бордогоо малын бууц, сангаснаас үйлдвэрийн аргаар гаргаж авдаг. Эрдэс бордогоо Беларусын компаниас түүхий эдийг нь оруулж ирдэг. Манай бүтээгдхүүнүүд үйлвдэрлэлд нэвтрээд хоёр жил болж байна. Мөн Азот, кали, фосфор, эрдэс, органик гэсэн төрлийн бордоонууд гаргаж байна. Мөн хэрэглэгчид өөрсдийн захиалгаар бордо гаргуулж авах боломжтой гэв.

Б.АМАРТҮВШИН