Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийг богино зайд, үнэ төлбөргүй явуулбал түгжрэл буурна гэв

НИТХ-ын сонгуулийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваагаас тодруулга авлаа.


-Нийтийн тээврийг үнэгүй болгох талаар танай намын мөрийн хөтөлбөрт байгаа юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Дэлхийн олон оронд түгжрэл тулгамдсан асуудал болсон. Метро, нийтийн тээврийг уялдаатай хөгжүүлдэг юм байна. Манайд 500 мянган машин байна. Иргэд бүгдээрээ машин унаад ирэхээр зам түгжирч байна. Сонголт өгөх ёстой. Нийтийн тээврийг богино зайд явуулаад үнэ төлбөргүй болгочихвол асуудал шийдэгдэх шийдэл байна шүү. Энэ нь санхүүтэй л холбоотой. Цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагчид нарын татаас болон зам цагийн татаас гэж 100 тэрбум орчим төгрөгийг Хотын захиргаанаас авдаг. Нийт 200 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэж тооцож байгаа юм. Төрийн цөөн, хувийн олон автобус компани үйл ажиллагаа явуулдаг. Нийт 1200 гаруй автобус явдаг гэж ойлгосон. Тэдгээрийг үнэгүй болгочихвол мөнгөний л асуудал тулгарах нь. Тэр нь 100 тэрбум төгрөгийн л асуудал. Хотын төвийн зогсоолуудынхаа үнийг нэмэх хэрэгтэй. Эстони улсын жишээ энэ. Хотын төв рүү орж байна гэж давхцал үүсгээд буй зүйлүүдээ л эхний ээлжинд шийдэх ёстой юм. Авто зогсоолоо үнэтэй болгож, автобусаа үнэгүй болгох ёстой гэж харж байна. Маш их мөнгө зарлагадаж машин унахын оронд автобусаар үнэгүй явах сонголтыг л олгоно гэсэн үг. Яв гэж шахахгүй.

-Автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай болох нь ээ?

-Тийм. Автобусны тоог нэмэгдүүлэх, автобусны буудлуудыг битүү, дулаахан болгох шаардлагатай. Ингээд богино зайд ойр, ойрхон явбал автобусаар зорчоод байх боломжтой юм байна гэж харж байгаа. Зам, зогсоолынхоо хураамжийг нэмэгдүүлж олсон мөнгөө автобусны үйлчилгээ рүү шингээж болно шүү дээ. Мөн том мотортой машинаас авах татварынхаа хэмжээг нэмэгдүүлж болно. Энэ мэт арга, аргачлалууд байна. Улаанбаатар цаашид нэг төвтэй бус олон төвт хот болох ёстой. Хүүхдүүд Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л дугуй унах боломжтой байгаа биз. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр нь багтахаа больчихсон. Уг нь нэг талыг нь нээгээд зогсоол болгоход болоо юм шүү дээ. Энэ мэт засах шаардлагатай энгийн зүйлүүд их бий. Гэхдээ тэд иргэндээ биш, намдаа зориулж ажилладаг. Ардчилсан нам намдаа зориулж биш иргэн рүүгээ чиглэсэн ажил хийдэг.

-Шинэ захиргааны байрыг хүүхдийн эмнэлэг болгох талаар мөн та ярьж байсан…

-Хотын захиргааг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулж, захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөсөн. Барилгын ажил ч дуусах шатандаа явж байна. Яармаг руу хотын захиргаа нүүхэд бичиг цаас барьсан хэдэн мянган иргэн өдөрт замын ачааллыг нэмэгдүүлэх нь тодорхой. Миний хувьд дарга нар байранд орж байхаар шинэ захиргааны байрыг хүүхдийн эмнэлэг болгох саналтай байна. Хүүхдүүд өвдөж эмнэлгийн коридорт хэвтэж байхад дарга нар шинэ байранд тухлах нь хэр зөв бэ. Нийслэлд улсын чанартай хүүхдийн томоохон эмнэлэг хэрэгтэй байгааг эмч нар төдийгүй эцэг, эхчүүд байнга учирлаж байна. Үнэхээр хүүхдийн эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, зарим үед эмч, эцэг, эхчүүд аргаа бардаг. Харин төрийн өндөрлөгүүд, салбарын удирдлагууд ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай.

-Агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд танайд ямар төлөвлөгөө байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй ажлыг та дэмждэг үү?

-Сайжруулсан түлш түр хугацааны бодлого. Түүнээс 20-50 жилдээ энэ хэвээр байж болохгүй биз дээ. Бид маш яаралтай дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлж, шинэ технологийг хэрэгжүүлэх ёстой. Дулааны болон усны шинэ супер технологиуд их гарсан. Харин нөхдүүд шинийг нь авдаггүй. Учир мөнгө унахгүй шүү дээ. Дандаа л хумсалж байдаг учир хамгийн мууг нь авчирч өндөр үнээр төрд шахдаг. Авлига, газрын маргаан битүү. Орон сууцанд амьдардаг хүмүүс зуслантай болох хүсэлтэй. Ингээд хотыг тойрсон хэдэн ам дүүрчихсэн. Гэтэл Монголд газраас их зүйлгүй байна шүү дээ. Урагшаа Багахангай, Багануур, Майдар хот гэх мэт Төв аймгийн зарим сумдад замыг нь тавьж, тогийг нь залгаж өгвөл зусланг байгуулж болно шүү дээ. Тэнд газар байна.

Тэгэхгүй бол зуслан гэхээр л хойшоо хэдэн уулын амыг нэрлээд байгаа юм. Эрэлт, нийлүүлтийн зарчмаар аливаа зүйл хязгаарлагдмал байвал авлига л авна шүү дээ. Тэгэхээр тэнд газар авахын тулд авлига өгч байна.

Авлигаа нэмэгдүүлэхийн тулд төрийн хүнд суртлыг онцгойлон бий болгодог улс төрийн хүчин төрд гарчихаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхбаатар: Яагаад хэн ч мэдэхгүй хүмүүс нийслэлд нэр дэвшээд байна вэ, ажлаа мэддэгүүд нь дэвшиж болдоггүй юм уу

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Хотын хэвлэлийн даргаар таныг томилогдоход нийслэл утааг бууруулах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхэлж байлаа. Тухайн үед хэрхэн ажиллаж байв?

-Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан бол шаардлага өндөртэй, ажлын ачаалал дааж чаддаг хүн л дээ. Хагас, бүтэн сайнгүй ажиллаж, ажлыг гол зарчмаа болгодог. яг ийм зарчмаар ажиллахыг нийслэлийн ажилтнуудаас шаардаж, “Ажлаа хариуцлагатай хий. Нийслэлд ажиллаж байхдаа нийгэмдээ хэрэгтэй нэг ч гэсэн юм хийх нь таны үнэлэгдэх боломж” гэдгийг зөвлөж ирсэн. Энэ зарчимтай нь итгэл үнэмшил нэгдэж ажилласан. Хотын дарга болоод түүний багийг цаг наргүй ажиллаж байгааг олон нийтэд хүргэх нь хэвлэлийн албаны үүрэг шүү дээ. С.Амарсайхан даргын хэвлэл хэр үр бүтээлтэй ажилласан бэ гэдгийг ард иргэд хэлнэ байх. Өнгөрсөн жил утааг бууруулах Засгийн газрын 62 дугаар тогтоолыг нийслэл хэрэгжүүлсэн. Өвлийг давахад олон асуудал, хүндрэл тулгарч байв. Шинэ сайжруулсан түлшийг иргэд хэрэглэж дасаагүйгээс эрдэнэт хүний амь эрсэдсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархаж байгаа. Мэдээллийг тухай бүрт нь үнэн, шуурхай хүргэж, сэрэмжлүүлэх үүргийг бид хүлээж, харин хэвлэлийнхэн сайт, телевиз, сонин гээд олон сувгаар мэдээллээ хүргэсэн. Энэний хүчинд эрсдэл тодорхой хэмжээгээр буурсан.

-НИТХ-ын сонгуульд нийслэлийн ман-ын хорооноос нэр дэвшигчдээ танилцуулсан. таны хувьд нэр дэвшигчдийн жагсаалтад сэтгэл дундуур байгаагаа сошиал сүлжээндээ илэрхийлсэн шүү дээ?

-Орон нутгийн сонгуулийг ярихаас өмнө УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ярих хэрэгтэй байх.

Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлыг хотын хэмжээнд зарлаж, газар хэлтсийн даргаас эхлээд 3000 гаруй албан хаагч, мэргэжилтэн ажилтнууд гэр хорооллын гудамж талбайг хуваарилж аваад утааг бууруулахын тулд өдөр шөнөгүй зүтгэж, айлын хаалга тогшиж сэрэмжлүүлэх хуудас тарааж, зарим өрхөд зөв галлах аргыг хүртэл зааж өгч ажилласан. Энэ зүтгэлийн үр дүн эерэг гарч, утаа буурсан даа. Он гараад коронавирус гарсан. Найман шалган нэвтрүүлэх товчоо дээр онцгой байдлынхан, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийнхэн, цагдаагийн байгууллага ажиллаж, Нийслэлийн газар хэлтсийн дарга нар сэрэмжлүүлэг тарааж, түгээхийн тулд социализмын үе шиг эргүүлийн пайз зүүгээд гудамж талбайд явж, өдөр шөнө ялгалгүй ажилласан. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарсан байх. Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комиссын олон удаагийн хуралдаан болоод тэндээс гарсан оновчтой шийдвэрүүд иргэдэд итгэл үнэмшил төрүүлж, НЗДТГ энэ эрчээрээ ажиллах юм бол утаа буурах юм байна, коронагийн эсрэг ажиллаж чадах юм байна гэдэг итгэлийг төрүүлж чадсан. Ерөнхий сайдын зөв бодлого барьж, 20 гаруй суудал авсан нийслэлийн хэрэгжүүлсэн зөв шийдвэрүүд МАН-ыг УИХ-ын 76 суудлаас 62 суудлыг авахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж боддог. Улс орон даяар гарсан эерэг мэдээллүүд, МАН ажиллаж чадна гэдэг итгэл үнэмшлийн үр дүн бол өнгөрсөн УИХ-ын сонгууль.

-Орон нутгийн сонгуулийн тухайд?

-Ажлаа мэддэг НИТХ-ын төлөөлөгчид болон удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс нэр дэвшиж, ажлаа үргэлжлүүлэх байх гэж хүлээж байлаа. Яг хажуунаас нь харж байсан хүний хувьд хэлэхэд энэ хүмүүс бол дарга биш, зүгээр л онцгой комиссын гишүүд, албан хаагчид юм. Тэд ардаа гэр бүл, үр хүүхэдтэй ч өдөр шөнийг ялгалгүй ажиллаж, тэдэндээ цаг зав гаргаж чадалгүй нийслэлчүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ёс төртэйгөөр биелүүлж байсан. Өвлийн хүйтэнд бөмбөлзтөл чичрээд, ажлаа хийгээд л явж байсан хүмүүс. Тэд ажлаа үргэлжлүүлээд, нэр дэвшээд, иргэдийнхээ итгэлийг хүлээгээд цаашаагаа төлөөлөгч болоод явах байх гэж бодож байсан. Харамсалтай нь НИТХ-д нэр дэвшсэн хүмүүсийн жагсаалтыг харахад миний бодож, дэмжиж байсан, цаашид ажлаа үргэлжлүүлээд хийх байх аа гэж найдаж байсан хүмүүсийн нэр байхгүй байсанд харамссан. Хувь хүнийхээ үүднээс дотроо эмзэглэсэн л дээ. Ажил хийсэн хүмүүс нь яагаад нэр дэвшиж болдоггүй юм бэ, энд тэндээс хэн ч мэддэггүй хүн яагаад ороод ирдэг юм бэ гэж бухимдсан. Энэ үгээрээ би өөрөө нэр дэвших ёстой байсан гэж хэлэх гээгүй шүү. Надад тийм сэдэл огт байхгүй. Нэр дэвших сонирхол ч байхгүй гэдгээ хэлэх нь зөв байх. Өөрөө нэр дэвших гээд чадаагүй болоод ингээд байгаа юм болов уу гэж зарим хүмүүс ойлгож магадгүй. Надад тэгэх шаардлага үгүй. Ажлаа хийдэг хүмүүс нь яасан юм бол оо гэдэг бодол бол байсан. Мэдээж Нийслэлийн намын хороо болон намын бодлого шийдвэрүүд гээд олон зүйлүүд бий л дээ. Нарийн зүйлүүдийг нь би сайн мэдэхгүй юм. Бодлогынхоо хүрээнд явж байгаа байх л гэж бодож байна. Гэхдээ ажлаа сайн мэддэг хүмүүс нь дэвшсэн бол агаарын бохирдол буурахад энэ хүмүүсийн оролцоо чухал байх байсан болов уу гэж бодсон.

-МАН-ын бодлого уг нь нийслэл дээрээ ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнээ дэвшүүлэх байсан юм биш үү?

-Тэрийг сайн мэдэхгүй юм. Шударга зарчимд үндэслэж явна аа л гэж ойлгосон. Шударгаар явж байгаа л гэж бодсон. Гэхдээ нийслэлийн иргэдийнхээ амьдралыг ойлгож, ажлаа мэддэг, хэн нэгний халаасанд ороогүй хүмүүсээ жин дарж нэр дэвшүүлсэн бол нийслэлчүүдэд хэрэгтэй байсан юм болов уу. Намын бодлогыг бид мэдэхгүй, мэдэх шаардлагагүй.

-Коронавирусийн хандивын мөнгөөр шагнал урамшуулал олгосон гэх мэдээлэл сошиал сүлжээнд газар авлаа.. Мөн 2090 албан хаагчдад урамшуулал олгосон юм байна?

-С.Амарсайхан дарга хотын дарга байхдаа даваа гариг болгон мэдээлэл хийдэг байсан. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мэдээлэл хийхдээ олон нийтэд Коронавирусийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед, онцгой нөхцөлд ажиллаж байгаа нийслэлийн төр захиргааны болоод бусад байгууллагын 2090 албан хаагч, ажилтанд 855.9 сая төгрөгийн дэмжлэг, илүү цагийн хөлс, урамшуулал, цалингаар шагнана гэж мэдээлсэн. Энд нийслэлийн онцгой комиссын нэр дурдагдсан 21 хүн ороогүй юм билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн онцгой комиссын гишүүд бол нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан үүрэг даалгаврыг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр нөгөөх өдөр шөнөгүй ажилладаг гэгддэг хүмүүс бол нийслэлийн онцгой комиссын гишүүд юм. Эдгээр хүмүүст тусгайлсан нэмэгдэл, илүү цагийн хөлс, цалин олгоогүй. Ингээд хотын дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хоёр, гурван зүйлийг үндэслэж, Шадар сайдын тушаал, Шадар сайдын тушаалаар баталсан хандивын, хүмүүнлэгийн тусламжийг захиран зарцуулах журмын дагуу зарцуулсан юм билээ. Тэр журамд хөрөнгийг хоёр янзаар зарцуулна. Тэгэхдээ нэгт, тоног төхөөрөмж худалдаж авахад, нөгөөх нь ажилласан хүмүүсийн илүү цагийг бодож өгөхөд зарцуулна гэж заасан. Хоёрдугаарт, зохих журмын дагуу 260 гаруй сая төгрөг цугласны 10 орчим сая төгрөг нь үлдэгдлээр үлдээд, энд яригдаад байгаа 10 орчим хувь нь онцгой нөхцөлд ажилласан хүмүүст урамшуулагдаад үлдсэн нь тоног төхөөрөмж, техник хэрэгслээ аваад зориулалтын дагуу зарцуулагдсан юм билээ. Аль тавдугаар сарын 20-доор гаргасан шийдвэрийг одоо гаргаж ирээд сонгуулийн өмнө улстөржүүлчихлээ. Өөрсдийгөө шагначихлаа гэж ярьж байгаа нь харамсалтай юм даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүждэг болсноор эмнэлгүүдийн ачаалал буурч, эмч нарын цалин нэмэгдэж, авлигал хүнд суртал үгүй болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарыг сууриар нь өөрчлөх боломжийг бүрдүүлж буй Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад УИХ-аас өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтүүд нь ямар ач холбогдолтой вэ?

-Эрүүл мэндийн салбарыг сууриар нь өөрчлөх, зөв тогтолцоонд шилжих том өөрчлөлтийг авчрах Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламжийн тухай хуулидад орох нэмэлт, өөрчлөлтийг сая ээлжит бус УИХ-ын чуулганаар баталлаа. Ингэснээр салбарт бодлогын маш том өөрчлөлтүүд гарна гэж харж байгаа. Эдгээр хуулиудад гурван том агуулга орсон. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөнө. Одоогийн тогтолцоо нь гүйцэтгэлээсээ хамаардаггүй, улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтээ авдаг. Үүнд ажилчдын цалин тавихдаа гүйцэтгэлийг огт үнэлдэггүй. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу оруулж байна гэсэн үг. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ энийг төр даана, үүнийг эрүүл мэндийн даатгал даана гэсэн тийм ойлголт байхгүй болж, Эрүүл мэндийн яам ямар тусламж, үйлчилгээг хэр өртгөөр санхүүжүүлэх вэ гэдгээ өөрсдөө тодорхой болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл төр, хувийн гэж ялгалгүй улсын хэмжээнд ямар тусламж, үйлчилгээг илүү өргөтгөх шаардлагатай байна, түүнд чиглэсэн санхүүжилтийг сайн хийнэ гэж ойлгож болно.

-Тэгэхээр эмнэлэг зөв тусламж үйлчилгээ үзүүлснээрээ илүү их санхүүжилт авна гэж ойлгож болох уу?

-Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсч буй шаардлагагүй хэвтэлтийг бууруулна. Монгол Улс хүн амд ногдох эмнэлгийн орныхоо тоогоор дээгүүрт ордог хэрнээ, эмнэлгүүдийнх нь ачаалал ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа нь үүнтэй холбоотой. Хэвтэх шаардлагагүй хүнийг эмнэлэгтээ хэвтүүлсэн бол санхүүжилт бага авч, улмаар тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудын нэмэлт цалин, урамшуулал багасна. Иймд тухайн эмнэлэгт ямар ч ашиггүй болно. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрэгтэй өвчтөндөө чанартай үйлчилснээр түүндээ тохирсон өндөр санхүүжилт авах боломжийг дээрх хуулийн өөрчлөлтөөр бүрдүүлж өгч байгаа юм. Үүнийг нэг худалдан авагчийн буюу стратегийн худалдан авалт гэдэг. Стратегийн гэж тодотгох болсон нь ЭМЯ хэрэгтэй, зөв тусламж үйлчилгээгээ санхүүжүүлэх тогтолцоо бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжинэ.

Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс зарим эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжиж, системээ сайжруулах, бэлтгэл ажлуудаа хийж турших юм. Бэлтгэл ажлууд нь хийгдэж эхлээд явж байна. Хагас бие даасан байдалд шилжсэнээр төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, дан улсын төсвөөс санхүүждэг биш өөрсдийн нөөц, боломжоо ашиглан санхүүжилттэй болох, тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, зохицуулалт хийх боломжууд бүрдэх юм. Энэ бол хувьчлал биш юм. Менежмэнтээ сайжруулж, эмнэлэг хөгжих боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм.

-Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгодог болох өөрчлөлт хуульд байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Дээрх хуулийн өөрчлөлтөд орсон хоёр дахь том өөрчлөлт нь хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгох, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн.

Өнөөдрийн байдлаар 900 гаруй эмийн сангаар 800-гаад төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Гэхдээ шаардлагатай хүмүүстээ хүрэхгүй, асуудлууд үүсээд байгаа учраас ард иргэдийн бухимдлыг үүсгэдэг. Энийг засах гол хуулийн өөрчлөлтүүд сая орсон.

-Эмч нарын бичсэн жороор бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эм худалдаалаад эхэлбэл энэ үйл явц улам даамжрах юм биш үү?

-Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг журмаар нь олгож байгаа эсэхэд тавигдах хяналтын систем нь бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Хяналтын системийг бүрэн цахимжуулж, бүртгэлжүүлж байна. Үүний үр дүнд ард, иргэд эмчийн бичсэн жороор хөнгөлөлттэй эмийг ямар ч чирэгдэлгүйгээр ойролцоох эмийн сангаасаа оочер, дугаар үүсгэхгүйгээр авах боломжтой болж байгаа юм.

-Хуулийн өөрчлөлтөд орсон эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болсноор ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Дээрх хуулийн өөрчлөлтөд орсон гурав дахь том өөрчлөлт (агуулга) нь эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болох зохицуулалт юм. Тус агентлаг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байгуулагдана. Манай улсад 5000 гаруй төрлийн эм орж ирдэг. Үүнд чанартай эм орж ирж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой. Импортоор орж ирж байгаа эмийг хянах тогтолцоо байхгүйн улмаас үнийн хөөрөгдөл их үүсдэг. Хэт өндөр үнэтэй, чанар муутай эм их борлуулагдах тохиолдол цөөнгүй байна. Тиймээс тус агентлаг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хяналт, хүртээмжийг сайжруулахад гол түлхэц болно гэж харж байгаа. Ер нь эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаггүй улс дэлхийд цөөхөн.

-Импортоор хуурамч эм ихээр орж ирж байна гэж яриад байгаа. Үнэхээр хуурамч эм орж ирээд байна уу?

-Хуурамч эм гэдэг бол өөр ойлголт. Хуурамч эм гэдэгт үйлдвэрийн бус аргаар хийсэн, орц найрлага, савлагаа нь стандартын бус эмийг хэлнэ. Харин манайхан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, дамаар орж ирсэн эмийг хуурамч гэж яриад байдаг. Эмүүдэд маш олон төрлийн стандарт тавигддаг. Манай Улсын хувьд олон улсын стандартыг хангасан эмүүдийг оруулж ирдэг болох, эм,эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ дээр нь хяналт тавьж, зохисгүй хэрэглээг нь багасгах зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг ажиллах юм. Дээр дурдсан гурван том өөрчлөлтүүд манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог сууринаас нь сайжруулах маш том өөрчлөлтийн эхлэл юм.

-Та төвлөрлийг сааруулна, чирэгдлийг бууруулна гэж их ярьсан байсан. Одоо салбарынхаа ямар асуудлууд дээр төвлөрч ажиллах вэ?

-Одоо бид эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад ард иргэдэд бодитоор тулгарч буй хүндрэл, чирэгдэл, ойлгомжгүй байгаа зүйлсийг засч, залруулах шаардлагатай. Үүний тулд эмнэлгийн тусламж үйлчилгээн дэх төвлөрлийг задлах ёстой. Нийтээрээ ганцхан ГССҮТ, УГТЭ, УНТЭ, ХСҮТ зэрэг эмнэлгүүдэд оочерлох биш тухайн хэрэгтэй тусламж, үйлчилгээгээ тохирох шатны эмнэлгээсээ авдаг болох ёстой. Энэ хүрээнд энэ ондоо багтаан 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгох, УХТЭ-т хавдрын оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж эхлээд явж байна.

Тодорхой зохицуулалт байхгүй учраас ард, иргэдэд чирэгдэл, бухимдал үүсээд байна. Түүнчлэн иргэд эмнэлэгт үзүүлэх цагаа хэзээ хаанаас авах, хэрхэн хэвтэж, мэс засалдаа орох вэ гэдэг нь ойлгомжгүй байсаар байна. Эмнэлгийн тусламж авах цаг хугацаа нь тодорхойгүй, төлөвлөх боломжийг иргэддээ олгож чадахгүй байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээний хүрээнд “Цаг захиалах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулж байна. Эмнэлгүүд хэвтэлт, гаралтын системийг бүрэн нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Эмнэлгүүдийн хоорондын уялдаа, холбоог сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй байх үүднээс дундын мэдээллийн том дата үүсгэж, мэдээллийг цахимаар төвөггүй солилцох боломжуудыг бүрдүүлж, бэлтгэл ажлуудыг хийж байна.

-Үүнийг нэгдсэн цахим системээр шийдэж байгаа гэсэн үү?

-Одоо бид олон улын жишигт хүрч хөгжихийн тулд ухаалаг засаглалыг (цахимжуулах) бүх шатандаа нэвтрүүлж, хэрэглээ болгох шаардлагатай. Тиймээс дээр дурдсан цаг захиалах нэгдсэн төв ашиглалтад орсноор ард, иргэд хэзээ үзүүлэх, аль эмч дээр үзүүлэх боломжтой эсэхээ чирэгдэлгүй мэдэж, үйлчлүүлэх боломжтой болно. Эхний ээлжинд есөн дүүргийн эмнэлэг, есөн лавлагаа шатлалын эмнэлэг энэхүү системд нэгдсэн. Цаашид улсын хэмжээнд бүх эмнэлгүүд нэгдэж, өргөтгөх юм. Одоо туршилтаар ажиллаад, системийн сайжруулалтаа хийгээд явж байна. Бодит үр дүн гарна гэж харж байна.

-Таны хувьд сайдаар томилогдоод хоёр сар болж байна. Мэргэжлийн сайдын хувьд салбартаа ямар бодлого барьж ажиллах вэ?

-Манай Улсын эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн асуудал нэлээд орхигдчихсон. Эрүүл мэндийн тухай хуульд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг нийгмийн эрүүл мэндийн тусламж байхаар хуульчлаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Гэтэл НЭМ тусламж үйлчилгээ буюу хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл, шалтгааныг тогтоох, бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих зэрэг үйлчилгээ үндсэндээ орхигдсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоотой болгох, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодитой ажлуудыг хийхээр анхаарч ажиллаж байна.

Бид иргэдийг жил бүр тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, эрт илрүүлгийг хийх нөөц, боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Үүний тулд сум, өрхийн ЭМТ-ийг чадавхжуулах, мөн “эрүүл мэндийг дэмжих төв”-ийг эмнэлэг болгон дээр бий болгох бодлого барина. Ажил болоод эхэлсэн явж байна. Энэ ондоо багтаан аймаг, дүүргийн лавлагаа шатлалын долоон эмнэлэгт “эрүүл мэндийг дэмжих төв” байгуулж байна. Гол нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог зөв механизмд оруулах нь чухал. Урьдчилан сэргийлэлтэд хамрагдах хүмүүс маань өвчтэй хүмүүстэй холилдоод дугаарлах биш, харин зориулалтын орчинд нь зөвлөгөө мэдээлэл авч, бүх талын оношилгоонд орж хэвших нь чухал. Бид өвдсөнийх нь дараа биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө биш эрт илрүүлж эмчилдэг байх тогтолцоог бий болгож, ард иргэддээ ч хэвшүүлэх нь чухал байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өрх, сумын эмнэлэгт үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үзлэг хийх багцыг тодорхой болгож байна. Өрх сумын эмнэлэг харьяаллын хүмүүст шаардлагатай шинжилгээ, оношилгоо, үзлэгийг хийж, өвчлөлтэй байх магадлалтай иргэдээ аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр үзүүлэх боломжтой болно.

Үүнийг зөв зохион байгуулалттай хийхийн тулд эмчилгээ, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, зөв хуваарилалттайгаар ачаалал багатай үйлчлүүлэх боломжийг нь бүрдүүлж өгөх ажлууд хийгдэж байна. Иймд бид нийтийн Эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлж, жинхэнэ утгаар нь тэргүүлэх чиглэл байх бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байгаа гэж ойлгож болно.

-Ард иргэдийн дунд хавдрын өвчлөл их байна. Гэвч ХӨСҮТ-ийн ачаалал их учраас хүртээмж нь муу байна гэж иргэд их шүүмжилдэг?

-Манай Улсын бүх иргэд хавдарын оношилгоо, эмчилгээ авах гэж ХӨСҮТ-д л үзүүлж байна. Тэгэхээр ачааллаа дийлэхгүй, хүртээмж нь хязгаартай байх нь ойлгомжтой. Хавдраар өвдсөн хүмүүсийн 73 хувь нь хожуу шатандаа оношлогдож, 86 хувь нь 45-аас дээш насныхан эзэлж байна. Тиймээс урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг гэдгийг бүх шатанд ярьж, ажил болгохоор явж байна.

Түүнчлэн бид эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, ачааллыг бууруулах, бусад лавлагаа шатлалын эмнэлгүүд болон дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдийн чадавхыг сайжруулъя гэж зориод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хавдрын эрсдэлийг бууруулах, сэргийлэх интервенцийг тэргүүлэх чиглэлээ болгож ажиллаж байна гэсэн үг.

Өмнө нь улсаас зөвхөн ХӨСҮТ-д л энэ төрлийн тусламж, үйлчилгээний мөнгө өгдөг байсан. Харин ирэх жилээс бусад эмнэлгүүд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлээд ирэхээр санхүүжилт авах боломж бүрдэж байна. Үүнээс гадна урологийн, гэмтлийн, мэдрэлийн мэс заслын үйлчилгээг Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн багадаа 4-5 эмнэлэгт үзүүлдэг байх тогтолцоог бий болгож байгаа юм. Ингэснээр хэт төвлөрлийг сааруулж, нэг газарт давамгайлсан ямар нэг өрсөлдөөнгүй явдаг системийг өөрчилнө гэсэн үг.

-Ханиад томууны улирал эхэлж байна. Урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна вэ. Цар тахлын үетэй давхцах тул нэлээд хүндрэл гарах байх?

-Шинэ төрлийн Коронавирусийн халдварын үед улирлын томууны дэгдэлтийг илүү анхаарч, бэлэн байдалд ажиллах шаардлага үүсч байгаа. Цар тахал, улирлын томуу хоёрыг ялгах, оношилгоо хийхээс эхлээд төвөгтэй зүйлүүд байна. Бид бэлэн байдлыг маш сайн хангах үүднээс өөрсдөөс хамаарах бүх талын ажлуудыг хийж байна. Коронавирусийг оношлох чадамжийг сайжруулж, олон газар вирусын оношилгоо хийдэг болгож байна. Энэ хүрээнд хэд хэдэн газар коронавирусийг оношилдог аппаратуудыг (PCR) суурилуулж байна. Улирлын томуугийн дэгдэлтийн үед хүний нөөц болон орны хуваарилалтуудыг зөв хийх, улирлын томууг аль болох эрсдэл багатай давахын тулд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгдүгээрт, томуугийн вакциныг өнгөрсөн жилүүдээс зургаа дахин нэмэгдүүлж хийнэ. Ерөнхийдөө нэг сая 200 мянган хүнийг вакцинжуулна. Хоёрдугаарт, коронавирусийн цар тахлын үед маск зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барьснаар томуугийн дэгдэлтийг 4-5 дахин багасгадаг нь тогтоогдсон. Тиймээс энэ чиглэлээр анхаарал сэрэмжлүүлэг, угтуулсан сэргийлэлтийн ажлыг үе шаттайгаар эхэлж байна. Гуравдугаарт, томуугийн үеийн эмчилгээнд анхаарал хандуулж ажиллана. Дөрөвдүгээрт, томуугийн үед бүх мэдээллийг улсын хэмжээнд төвлөрүүлж, том дата үүсгэн өдөр бүр явцын судалгаа, хяналтыг хийж байна.

-Коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хоёр том бодлого барьж, төвлөрч байна. Үүнд дотооддоо алдахгүй байх, Коронавирусийг дотроо алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатайгаар даван туулах вэ гэсэн зарчмыг барьж, ажиллаж байгаа. Дотооддоо алдахгүй байх тал дээр бүх талын зөв, зүйтэй арга хэмжээ авч байсан. Цаашид анхаарал, сэрэмжээ сайжруулж, дотооддоо алдах эрсдэлийг багасгана. Үүний тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт оношлох төхөөрөмжөө байршуулан, хүнээ сургаад бэлтгэсэн. Ирэх сард багтаан Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгуудын лабораториудыг өргөтгөнө. Мөн халдвар дотооддоо гарсан тохиолдолд бэлэн байдалд байх асуудал нэлээн хийгдэж байна. Мэдээллийг сайн түгээх, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах тал дээр бүх төрийн байгууллагууд хамтарч ажиллана.

-Аль ч Засгийн газрын үед хамгийн их хэл ам дагуулдаг нь Эрүүл мэндийн салбар байдаг. Жишээ нь, эмч нарын хүнд суртлын асуудал их яригддаг. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Би салбартаа 14 жил ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд хоёр ч томоохон эмнэлгийг удирдаж ажилласан. Энэ салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай вэ гэдгийг нэлээн харж, мэдэрсэн хүн. Салбарын суурь хуулийн өөрчлөлтүүдийг нь УИХ-ын ээлжит бус чуулганаар орууллаа. Таны асуусан авлига, хүнд суртлын асуудал бол мөн л санхүүжилтийн тогтолцоотой холбоотой зүйл. Сүүлийн нэг жилд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагаар ажиллахдаа эмнэлгийг хагас бие даасан байдал руу шилжихэд хичнээн нөөц, бололцоо байгааг харж, эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн өөрчлөлт хийхгүйгээр томоохон өөрчлөлт гарахгүй гэдгийг харсан учраас саяны хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд дээр саналаа оруулж батлууллаа. Хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нь бүрдсэн гэдгийг дээр дурдсан. Одоо байгаа тогтолцоо нь нэг сувилагч 20 хүнд тариа хийсэн ч хоёр хүнд тариа хийсэн ч адилхан цалин авдаг. Энэ нь цаашлаад хүнд суртал, хээл хахуулийг арилгах хамгийн том хүчин зүйл болно. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалынхан хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр хаа хаанаа л хариуцлагатай байж эхэлнэ. Авлигатай тэмцэх хамгийн том өөрчлөлт бол энэ.

-Гүйцэтгэлийг тоогоор хэмжсэнээр чанарын асуудал гарч ирэх юм биш үү. Үүнд ямар хяналт тавих юм бол?

-Өөрсдийн боловсруулсан стандартын дагуу эрүүл мэндийн үйл ажиллагаагаа явуулж байгаа газрууд олон бий. Бид олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд санхүүжилт олгоно гэсэн өөрчлөлтийг хуульд оруулсан. Энэ нь дэлхийн 100 гаруй улсын ашигладаг нэгдмэл, олон улсын удирдамжийн дагуу хяналтаа тавиад явна гэсэн үг.

-Эрүүл мэндийн асуудал зөвхөн танайх бус бусад салбартай ч холбоотой. Тиймээс бусад салбарынхантай хамтарч, бодлогоо уялдуулж ажиллаж байна уу?

-Эрүүл мэндийн асуудал нь олон талт, өргөн хүрээг хамардаг онцлогтой тул салбар дундын хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурлан бодлогыг зангидах, хэрэгжилтийг хангах нь чухал. Бүхий л чиглэлийн яамдтай уялдаатай ажиллах шаардлагатай. Жишээ нь, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажил байна. Үүнд хүүхдүүдийг багаас нь эрүүл зан үйлд сургаж, эрүүл мэндийн боловсрол олгохын тулд Боловсролын яамтай уялдаатай ажиллах шаардлагатай байгаа. Нэг жишээ хэлэхэд, хүүхдүүдэд 1-12 дугаар ангид суралцсан дүнтэй хувийн хэрэг байдаг бол эрүүл мэндийн, өсөлт, хөгжлийг харуулсан тийм мэдээллийг бид бас орхигдуулсан л харагдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцлогтой. Таны хувьд Эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж, цар тахлын үед зөв бодлого барьж ажилласан. Тиймээс энэхүү онцлог бүхий яам дээр зоримог шийдэл гаргаж ажиллана байх гэсэн хүлээлт нийгэмд байна. Та энэ салбарт ямар бодлого чиглэл баримталж ажиллах вэ?

-Байгаль дэлхийгээ хайрладаг, аливааг зоосны нүхээр хардаггүй, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг хүмүүс ажиллах ёстой ийм газар бол БОАЖЯ. Надад төрийн яаманд ажилласан туршлага бий. Энэ удаад эхлээд салбарын онцлог, үндсэн мэдээлэл, дэлхий нийтийн хандлага, хууль эрх зүйн орчноо нэлээн судалж танилцлаа. Цаашид ч сууж ажиллах шаардлага бий. Ер нь томилогдсон сайд санаанаасаа ажил зохиохоос илүүтэй энэ чиглэлийн төрийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Гэхдээ ажлынхаа гүнд орж ард иргэдээ сонсоод ирэхээр амьдрал дээр тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх шаардлага бас гардаг. УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын дөрвөн жилд хийх ажил, таван жилийн хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлаад өглөө. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан яамны стратеги, зохион байгуулалтын бүтцийг мөн хэлэлцэж баталлаа.

Одоо ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг бодит ажил болгож хэрэгжүүлэх хүний нөөц чухал. Хоёр cap гаруй боловсон хүчний мэдлэг чадвар, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэл, ашиг сонирхлын зөрчил зэргийг бас судаллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн зүгээс шүүмжлэлд өртөөд байдаг алдаа оноонууд байна аа байна. Нэлээн өөрчлөлт, сэлбэлт сэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ талаар дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай санал солилцож байна. Хүний хүчин зүйлийг харж цаг алдаж болохгүй.

Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйл, байдлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд бодлогын чанартай томоохон асуудлууд шил дараалан хүлээж байна.

Газар хэлтсүүд гадны төсөл хөтөлбөртөө илүү анхаараад гол асуудлаа орхигдуулж буй байдал ч ажиглагдаж байна. Хариуцсан ажилтайгаа холбоотой мэдээ мэдээлэл, статистик тоо баримтаа хүн бүр арван хуруу шигээ мэдэж байх үүрэгтэй. Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны уялдаа холбоог эн түрүүнд сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна. Ингэж байж бодлого, үйл ажиллагаа хэрэгжинэ. Бид ХАН бодлого хэрэгжүүлнэ. Хамгаална, зохистой ашиглана, нөхөн сэргээнэ. Энэ шинэ зүйл биш. Гол нь хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай.

-Монгол Улс дотооддоо “Ковид-19” цар тахлыг алдаагүй учраас манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна гэсэн. Зохих дүрэм журам гаргаж, жуулчдыг хүлээж авах ёстой гэж үзэх хүмүүс ч байна. Энэ асуудалд та ямар бодлого барьж ажиллах вэ?

-Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэхээр тусгасан. Шууд тоо заах нь дэмий. Амаа асуулгах юм болно гэж зарим хүн хэлдэг. Тодорхой том зорилт тавьж түүндээ хүрэхийн төлөө ажиллах учиртай. Тэгж байж үр дүнд хүрнэ. Ковид ч гэдэг юм уу давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд түмэн олон ойлгоно. Харин жуулчин авч чадахгүй байгаа энэ цаг хугацааг боломж болгон ашиглаж бэлтгэлээ хангах ёстой.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлж буйгаар энэ салбар хагас жилийн байдлаар 120 сая долларын алдагдал хүлээгээд байна. Байдал өөрчлөгдөхгүй бол алдагдал оны эцэст 500 саяд хүрнэ.

Саяхан Байгаль орчны сайд нарын олон улсын хуралд онлайнаар оролцлоо. Японы энэ салбарын сайд Шинжиро Койзуми их чухал мэдэгдэл хийсэн. Ковидоос болж унасан эдийн засгийг сэргээх тухай биш асуудал шийдэх цоо шинэ арга замыг бий болгох цаг иржээ. Бүх хүмүүст таалагдахаар аливаа асуудлыг шийдвэрлэх аргагүй цаг үетэй бид тулсныг тэрбээр илэрхийллээ. Мөн Ковидод хэт автаад гол асуудлаа орхигдуулахгүй байхын чухлыг Японы сайд онцоллоо. Япон улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй эрчим хүчний салбараас шинэчлэлийг эхлэх гэж байна. Нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг тэглэх, улмаар атомын цахилгаан станцаас аажмаар татгалзаж эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Hydrogen (устөрөгч) технологи нэвтрүүлэх тухай зарлалаа. Манай улс ч өөрийн хэмжээнд эхний ээлжид 10 аймагт усан цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна. Усны бодлого хариуцсан агентлаг байгууллаа. Усны асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж байна.

Манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 50 гаруй хувийг эрчим хүчний салбар гаргаж байна. Хэдийгээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлдэг ч хүн ам цөөнтэй учраас нэг хүнд оногдох хий дэлхийн дунджаас өндөр байдаг. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Парисын хэлэлцээрт манай улс нэгдэж 2030 он гэхэд ялгарлыг 22.7 хувь бууруулах үүрэг хүлээгээд байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд аль болох нүүрстөрөгчийн ялгарал багатай технологи ашиглах, инноваци нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс яамны бас нэг гол бодлого бол томоохон төсөл хөтөлбөрөөс эхлээд бүхий л үйл ажиллагаанд нөлөөллийн үнэлгээ хийх асуудалд онцгойлон анхаарна. Би таны асуултаас хальчихлаа. Гэхдээ бүгд холбоотой асуудал. Ковидтой үед аялал жуулчлалыг яах вэ, жуулчин авч болох уу гэж та асуулаа. Улс орон, ард иргэдийн аюулгүй байдал хамгийн чухал учраас коронавирусийн халдвар тархсан улс орны дунд байгаагийн хувьд бид маш болгоомжтой байх ёстой гэж бодож байна. Аюул ард биш урд хэвээрээ байна.

Энэ дашрамд хэлэхэд хүн амынхаа дунд корона алдаагүй, үзэсгэлэнт унаган байгаль, түүх, соёлын дурсгалт өвтэй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор гадны жуулчдын манай улсыг сонирхох хандлага нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Интернетээр аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болжээ. Тиймээс бид бэлтгэлээ сайн хангаж байх хэрэгтэй. Ковидын дараа дэлхий хилээ нээж, аялал жуулчлалын урсгал дахин эхлэхэд жуулчдын дунд “цар тахлын халдвараас ангид. эрсдэлгүй аялах” сэтгэлзүй давамгайлах учраас цар тахлыг дотооддоо алдаагүй улс орнуудад энэ нь жуулчдыг татах давуу тал болох боломжтой гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа юм билээ.

Зураг-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар бодлоготой ажиллах вэ?

-Тогтвортой аялал жуулчлал бол эдийн засгийн тогтвортой өсөлт, байгаль, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаа гэсэн цогц ойлголт юм. Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”-ээр бодлогоо тодорхойлсон. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Тогтвортой аялал жуулчлал” төслийг Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх, нутгийн иргэдийг бичил бизнес эрхлэх боломжийг санхүүжилтээр дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг цогц ажил хийх юм.

Мөн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хоёр дахь шатыг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлыг эхлүүллээ. Түүнчлэн Өвөрхангай, Архангай, говийн бүсийн аймагт аялал жуулчлал төслийн санал боловсруулж, ЖАЙКА олон улсын байгууллагад хүргүүлсний үр дүнд газар нь очиж байр байдалтай нь танилцах, судлах ажил явж байна. “Тогтвортой аялал жуулчлал” гэдэг нь зөвхөн нэршил бус аялал жуулчлалыг Монгол Улсын бүс нутагт жигд хөгжүүлэх, хөдөө орон нутагт эдийн засгийн урсгал бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль, соёлын өвийг хамгаалах зэргээр бодит үр дүнтэй ажил болгоход анхаарч ажиллаж байна.

-“Техник технологийн хөгжил дэвшлээс гадна унаган байгалиа үлдээх нэн тэргүүний зорилго”-ыг та барьж ажиллаж буй. Тэр ч утгаараа Монгол Улсын байгаль орчинг хамгаалах чиглэлд онцгой анхаарал хандуулах байх. Урт хугацааны бодлого, зорилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Тийм. Хамгийн түрүүнд хойч ирээдүйдээ хөгжил дэвшлээс гадна унаган байгаль үлдээх үүрэг өнөөгийн бидэнд оногдсон. Дэлхий нийтээрээ үүнийг ухамсарлаж байна. “Хүн байхгүй байсан ч байгаль байна. Харин байгаль байхгүй бол хүн байхгүй. Үүнийг хүн төрөлхтөн мартаж болохгүй” гэж даян дэлхийн байгаль орчны сангийн тэргүүн К.Родригес дэлхий нийтэд хандаж саяхан мэдэгдсэн.

Ер нь байгалиа хамгаалах асуудалд онцгой анхаарахгүй бол халаглаад ч оройтсон байх тийм нөхцөл байдал, тоон үзүүлэлтүүд “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-тай танилцахад тодорхой байна. Дийлэнх улс орнууд хөгжлийн бодлого төлөвлөлтдөө ногоон хөгжлийг чухалчилж байна. Байгалиас заяасан ус, агаар, хөрс, хүнс, түүхий эд, газар дээрх болон доорх баялаг, амьдралыг тэтгэж, оюун санааг сэргээж буй үр өгөөжийг үрээ гэсэн эхийн хайртай зүйрлэж болно. Эхийн хайр ямар үнэтэй вэ. Бид үнэлж чадах уу. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачидтай уулзаж үгийг нь сонсож байхад байгаль орчны салбарыг төсөв төлөвлөгөө, нийгэм, эдийн засагт ямар орлого оруулж байна, шууд мөнгөөр үнэлэгдэх баялаг бүтээдэггүй гэх төр засаг, шийдвэрлэх түвшний буруу хандлагыг та засаарай гэж захиж байна лээ. Ийм ойлголттой яваад байвал байгальдаа хөрөнгө оруулж тордох, нөхөн сэргээж хамгаалах ажил орхигдож нэг мэдэхэд орших уу, эс орших уу дээрээ тулсан байх вий гэж анхааруулсан. Үүнийг маш чухал сануулга гэж ойлгож байна.

Байгаль хамгааллын улсын төсвийн жилийн зардал 44 тэрбум төгрөг, үүний 79 хувь нь хувь нь системийн байгууллагын урсгал зардалд, 21 хувь буюу есөн тэрбум төгрөг л ойжуулах, нөхөн сэргээх зэрэг байгаль хамгааллын ажилд оногдож буй нь нэн чамлалттай юм.

Тиймээс ирэх оны төсөвт энэ асуудалд анхаарахаас аргагүй. Байгалиа хамгаалж, доройтсоныг нь сэргээж байж үр өгөөжийг нь тогтвортой хүртсээр байх болно. Баялаг бүтээж, төсөв бүрдүүлдэг гэгддэг хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын үйл ажиллагаа баталгаатай, өсөлттэй байх үндэс болно. Хүн ам, эдийн засгийн хурдацтай өсөлт, хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагааны улмаас сүүлийн 25 жилд дэлхийн эко системийн тэнцвэрт байдал 60 хувиар буурсан байна. Тиймээс дэлхий нийтээрээ байгаль орчны тогтвортой байдалд онцгойлон анхаарч байна. Ковидын үед ч уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлын асуудлыг орхигдуулалгүй дэлхийн байгаль орчны сайд нарын онлайн хурал чухамдаа энэ сэдвээр болсныг дээр хэлсэн. Олон улсын ELD байгууллагын “Газрын үнэ цэнэ” тайланд хүн төрөлхтөнд үзүүлж буй эко системийн жилийн үйлчилгээний үнэ 145 их наяд ам.доллар гэжээ. Манай эрдэмтэн судлаачид энэ жишгээр тооцож Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутаг”-ийн өгөөж 88 тэрбум ам.доллар буюу 250 их наяд төгрөг гэж үзсэн байна. Тэгэхээр бид ийм үнэ цэнэ бүхий өгөөж баялаг, унаган байгалийг тусгай хамгаалалтад авч, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах, эхний ээлжид гэр хороолол болон аялал жуулчлалын маршрутын дагуу “эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг тусгай хамгаалалтад авах, Хөвсгөл нуураа судлах, Туул голоо хамгаалах, усны нөөцийг бохирдол, хомсдолоос сэргийлэх цогц бодлого хэрэгжүүлэх, ойн талбайгаа нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэр байгуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уул уурхайн улмаас эвдэрсэн газруудыг Экологийн цагдаагийн байгууллагатай хамтран нөхөн сэргээлт хийлгэх зэрэг салбарт тулгамдаж буй гол асуудлыг барьж авч ажиллахаар бид төлөвлөсөн байгаа.

No description available.

-Манай улсад цөлжилт дээд цэгтээ хүрсэн. Цөлжилтийг бууруулж, ойжуулах ажилд хэрхэн ажиллах вэ?

-Цөлжилт санаа зовних түвшинд хүрснийг тоон үзүүлэлтүүд харуулна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт газар нутгийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ. Үүний 49 хувийг хүний үйл ажиллагаа, 51 хувийг байгалийн хүчин зүйл гэж үздэг. Хэдэн тоо баримт хэлье. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур манайд 2.24 хэмээр нэмэгдсэн. Гэтэл дэлхийн дулаарал дунджаар 100 жилд 0.8 хэмээр нэмэгдсэн байна. Дулаарлыг 1.5 хэмээс 1 хэтрүүлбэл аюултай гэж үздэг учраас нэг талаас 2.24 хэмээр дулаарчихсан, нөгөө талаас газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбарын бүтэц, амьдралын хэв маяг зэргээс улбаалан манай улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны тоонд орж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн, улмаас гол ус ширгэж хатах, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр хуурайшин доройтож цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн тоо нэмэгдэж байна. Жилийн дундаж температур нэмэгдсэний улмаас ууршилт ихсэж, хуурайшилт 3-15 хувиар нэмэгдсэн байна. За үүний зэрэгцээ бидний байнга ярьж хэлдэг, бүр сайн мэддэг ч дорвитой арга хэмжээ авалгүй олон жил болсон асуудлууд цөлжилт, газрын доройтолд нөлөөлжээ. Бэлчээрийн, даацыг олон жил хэтрүүлэн ашиглаж талхалж байгалийн өвс ургамалд нөхөн төлжих боломж, өгдөггүйн улмаас ургамлын зүйл төрөл цөөрч, шарилж ихсэж буйг эрдэмтэд хэлж байна.

Газар тариалан, уул уурхайн зохисгүй ашиглалт ч байгаль орчны доройтолд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна. Тиймээс Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Ногоон хөгжлийн бодлого” бүлгийг тусгайлан оруулж байгаль орчноо хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа.

Цөлжилтөд тэсвэртэй тоорой, сухай, жигд, бургас, хайлаас, гүйлс, бүйлс, чацаргана зэрэг модыг үр болон мөчрөөр тарьж бойжуулж байна. Энэ онд элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг, шандын эхийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтийн мониторинг судалгаа шинээр хийж эхлээд байна. Мөн Монгол орны байгалийн ургамлын үрийн нөөц бий болгох ажлыг эхлүүлснээр уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалтаас үүдэлтэй доройтсон газар, устаж алга болсон ургамлыг нөхөн сэргээхэд ашиглах үндсэн бааз суурьтай болох юм.

-Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн гол цөмийг усны нөөц хэмээн тодорхойлж байна. Усны нөөцийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Бас л таагүй тоо хэлэх нь. Жил бүр УИХ-аар “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан” сонсдог дэг тогтсон нь маш чухал. Энэ нь монголчууд бүгдээрээ байгаль дэлхий маань юу болоод байгаа талаар бодит мэдээлэл авч дор бүрдээ нэгийг бодоход ач холбогдолтой. Хамгийн сүүлийн тайлангаар жилд дунджаар 608,300,0 сая шоо метр усны нөөц бүрэлдэн тогтдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 564,800,0 сая шоо метр болж буурсан байна.

-Та орон нутгийн томилолтоор Хэнтий аймаг, тэр дундаа сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцсан. Энэхүү ажил аль шатандаа явж байгаа вэ?

-Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах ажлын баг, гүйцэтгэгч байгууллага, эрдэмтэн судлаачид, түүх, археологийн мэргэжилтнүүд, уран барилгачид, сийлбэрчид гээд хамаарал бүхий хүмүүсийн төлөөлөлтэй эхлээд уулзаж дараа нь газар дээр нь очиж ажилласан. Хэнтий аймгийн Биндэр суманд “Эзэнт гүрэн- Их хуралдай”, Чингис хадны төрсөн нутаг Дадал суманд “Их эзэн Чингис хаан”, Норовлинд“Шихихутаг-Их засаг хууль” Батноров сумын нутагт “Анд барилдлага өргөө”, Өмнөдэлгэр суманд “Монголын нууц товчоо” нэртэй өөр өөрийн онцлог бүхий таван байгууламжийг 2024 он хүртэл ээлж дараатай ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажил эхлээд явж байна. Энэ төсөл дээр БОАЖЯ, Соёлын яам, Түүхийн хүрээлэн, Чингис хаан судлалын хүрээлэн, Монгол Улсын урдаа барьдаг уран бүтээлчдийн бүхэл бүтэн баг батлагдсан зураг, төсвийн дагуу ажиллаж байгаа юм билээ. Дээрх бүтээн байгуулалтууд Монголын түүхэн дархлаа, өв соёлыг таниулахад нэн чухал төдийгүй орон нутагт ажлын байр бий болох, бараа, бүтээгдэхүүн борлуулах зэргээр сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд шууд үзүүлэх эерэг нөлөө ихтэй.

Төслүүдийн үр дүнд шууд байдлаар 400 хүн ажилтай болж, 3,000 гаруй иргэн үр ашгийг хүртэх тооцооллыг ТЭЗҮ-ийн хүрээнд хийсэн байна. Түүнчлэн Монгол Улсад аялдаг нийт жуулчдын 10 гаруй хувь нь Чингис хаантай холбоотой түүхэн аялал жуулчлалын зорилгоор ирдэг тул энэ тоо 100 мянгад хүрнэ гэж тооцоолж байна.

Мөн монгол туургатнууд ирэх урсгал нэмэгдэнэ гэж үзэж буй. Ер нь аялал жуулчлалын салбар 88 мянган ажлын байр бий болгосноос Ковидын улмаас энэ тоо 30 хувиар буурсан. 2024 онд ажлын байрыг 100 мянгад хүргэх төлөвлөгөө бий.

-Ан агнуурын квоттой холбоотой эрх ашиг нэлээд яригдаж, үе үеийн сайд нар шүүмжлэлд өртдөг. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Энэ бол хуулиар зохицуулагддаг ажил. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Агнуурын бүс нутаг тус бүрд мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж нөөцийг тогтоосны дараа яам аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн агнаж болох тоо хэмжээний тухай дүгнэлтийг үндэслэн Засгийн газарт санал хүргүүлдэг тогтолцоотой.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ганболд: Сонгуулийг үнэн зөв явуулж сурах нь ардчиллын үндсэн суурь учраас бид тэмцэж байна

Бие даагч Т.Ганболд нар СЕХ-ны шинэ удирдлагуудад дахин шаардлагаа хүргүүлэв. Энэ үеэр Т.Ганболдоос тодруулга авлаа.


-СЕХ-ны удирдлагууд солигдсонтой холбогдуулан өнгөрсөн сонгуулийн талаарх шаардлагаа дахин хүргүүлж байгаа юм байна. Энэ талаараа ярихгүй юу?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн нөгөөдөр нь гарсан зөрчлүүд, нотлох баримтууд дээр ярилцаад Сонгуулийн ерөнхий хорооны өөрсдийнх нь цахим мэдээлэл технологийн ажилчид, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй нь хамт суугаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө ярилцсан. Сонгуулийн хорооныхон өөрсдөө хар машин дээр огт байхгүй форматаар мянганы нэгжийн таслалтай үйлдлүүд гарч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараагаар дахин санал тооллогыг хийе гэдэг чиглэл Ерөнхийлөгчөөс өгөгдсөн. Харамсалтай нь дахин санал тооллого хийхэд хүн гараараа будахын аргагүй цэвэрхэн будсан саналын хуудаснууд гарч ирсэн. Мөн дахин санал тооллогын үеэр нууцлалтай байх ёстой саналын хуудаснууд ил задгай уутнаас гарч ирж байгааг харуулсан бичлэг флаш дээр бий. Мөн их хэмжээний багц, боодол цааснуудыг энэ бол хүчингүй хуудаснууд юм аа гэж ялгаж тавьж байсан. Эдгээр нь хүчингүй хуудас гэхээсээ илүү МАН-ын дугуйлаагүй, эрх мэдэлтнүүдэд ашиггүй саналууд байна гэж хардахаар нөхцөл байдлууд үүсч байгаа. Энэ бүх илт факт, баримттай, бохир ул мөртэй хийгдсэн энэ үйлдлүүдийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан ч ямар нэг шийдэл гараагүй. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, зарим бүрэлдэхүүнүүд нь солигдлоо. Тиймээс юмыг яаж мэдэхэв гээд эрх мэдэл үгүй ч Монгол Улсын иргэний хувьд сонгуулийг цаашид шударга үнэн, бодитой явагдаасай гэдэг үүднээс шалгуулж, тогтоолгох гэж л яваад байгаа юм. Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд ч солигдчихоод байгаа. Бид нар тийшээгээ өргөдөл гомдлоо өгсөн.

-Та бүхний шаардлага юу юм бэ?

-Нотлох баримттай, ул мөртэй гарчихсан өнгөрсөн сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцоод дахин санал хураалт хийх ёстой. Ийм л шаардлага тавьж байгаа. Дахин санал хураалт гэж хуулинд байхгүй гэж тайлбарлах гээд байдаг. Энэ хуулинд байхгүй таслал, хуулинд байхгүй гараараа будахын аргагүй өөгүй машинаар будсан саналын хуудаснууд гээд ийм аймшигтай зүйлс гарч ирж байхад хууль тайлбарлах гээд байх хэрэггүй. Энэ дээр сонгуулийн үр дүнг тухайн тойргууд дээр хүчингүй болгож, дахин санал хураалт хийх ёстой. Энэ бол дандаа бие даагч нар дээр гарсан үйл ажиллагаанууд. Бидэнд бүх нотлох баримтууд нь байж байгаа.

-Гар тооллогыг та бүхэн хүлээн зөвшөөрсөн гэж СЕХ-ныхон тайлбарлаж байсан шүү дээ…

-Өөрсдөө л алдаа мадаггүй сайхан байна аа гээд шийдчихэж байгаа юм шүү дээ. Баримтуудаа харуулаад ярихаар байгууллага болгон нэг нэгэн рүүгээ хариуцлагаа чихчихэж байгаа юм. Нэг хүний хаяг дээр огт танихгүй 6-7 хүн бүртгэгдчихсэн байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэрэг. Монгол Улсад байхгүй, гадаадад амьдарч байж болзошгүй хүмүүс асар их хэмжээгээр сонгууль өгчихсөн байна. Зургадугаар сарын 25-ны өдөр буюу сонгуулийн маргааш нь IKON.mn сайтад ямар их хэмжээний хиймэл, царцаа, нүүлгэсэн талаар мэдээлсэн. Энэ бүх юм хил хамгаалах газрын дата базаас гараад л ирнэ. Энэ манай асуудал биш ээ, тэдний асуудал гэнэ. Сонгуулийн зөрчлийг шалгах эрх бүхий субьект нь ТЕГ гээд дандаа нэг нэгэн рүүгээ шидэж, түлхсэн ийм үйлдлүүд гарч ирж байгаа. Эцэстээ энэ байгууллагууд эрх барьж байгаа намын харьяалалд байдаг. Тийм болохоор хардахгүй байхын ч арга байхгүй. Энийг тогтоогоод өгөөч гэхээр улайм цайм илт юман дээр чадахгүй байна шүү дээ. Үнэнд гүйцэгдэж л таараа шүү дээ. Энэ бол би заавал ялах гээд байгаа асуудал биш юм аа. Ялагдаж сурах, сурахгүйн асуудал ч биш юм. Сонгуулийг бодитой, үнэн зөв явуулж сурах нь ардчиллын үндсэн суурь нь юм. Энийг л бид хийлгэх гээд байна. Тэрнээс биш хэн ялах гэдэгдээ биш. Яг бодитой сонгууль хийе. Гадаадын иргэний харьяалалтай хүмүүс хүртэл сонгууль өгчихсөн байгааг та бүхэн мэдэж л байгаа шүү дээ. Ийм зүйлсийг хараад чимээгүй өнгөрөөд байх ёстой юм уу. Тэгвэл бид сонгуулиа тохиролцоод л хийчих юм байна шүү дээ. Энэ улсаа ардчилал хүний эрхийг мандуулсан улс орны жишигт хүргэхийн төлөө л ингээд явж байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батбаатар: 6.2-ын “нийтийн” гэх үгэнд биш, “төрийн” гэдэгт нь асуудал бий

Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн 6.2-ийн талаар нийгэмд нэлээд шүүмжлэлүүд гарч байна. Танай намын хувьд энэ талаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлэн жагсаж байсан. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Өдгөө Үндсэн хуулийн 6.2 заалтын талаарх яриа газар авчээ. Залуус эх орноо гэсэн сэтгэлгээтэй байна. Энэ заалтаар шоу хийж байгаа хэсэг залуус ч мөн байна. Гэхдээ мэдлэг боловсролоо дээшлүүлж, юмаа зөв ойлгож яримаар байгаа юм. Хараад байхад хүмүүс “нийтийн” гэх заалтад нь ач холбогдол өгөөд байна л даа. Гэтэл хамгийн аюултай заалт нь төрийн өмч дээр бий. Бид төрийн өмч гэдгийг Монгол Улсын Үндсэн хууль дээр заагаад өгчихсөн. Тэгэхдээ Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэн 0.7 га-гаас бусад бүх баялаг төрийн өмч. Ус, ан амьтан, ургамал гээд бүгдийг төрийн өмч гээд заачихсан. Өмчийн эзэн болох төр гэж өөрөө хэн юм бэ гэхээр ерөөсөө л ялсан нам шүү дээ. Их хуралд гарахын тулд яагаад тэрбум, тэрбумаар нь мөнгө хаяж өрсөлдөөд зүтгээд байна вэ. Сая 200-хан мянган төгрөгийн цалин авах гээд тэрбум тэрбумаар нь мөнгө хаяад байгаа юм биш шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэр бүх баялгийн эзэн болохыг л хүсээд байгаа юм. Энэ баялгийн эзэн болоод дураараа захиран зарцуулахын төлөө л улс төрийн намууд алалцаад байдаг. Гадуур нийтийн өмч гэж Үндсэн хуульд оруулсан нь буруу гэж яриад байгаа. Дэлхий нийтээрээ гадаадын хөрөнгө оруулагч, аль нэг улс орны газрыг ашигладаг. Манай улс гэхэд уул уурхай ашиглах хөрөнгөгүй учраас гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд ашиглаж байна. Зөв зохистой ашиглахыг л бид хуульчилж өгнө үү гэхээс нийтийн өмч гэдэг дээр акцент өгөөд, буруу тийш нь чирээд байгаа юм. Нийтийн өмч гэдэг дээр буруу өгөөд байгаа залуус жаахан юм уншаад юмыг ойлгоосой. Бид 2019 онд Үндсэн хуулийн төсөл явж байхад хамгийн анх энэ талаар дуугарч, талбай дээр улс төрийн тэмцэл хийгээд явж байсан. Тэгэхдээ “төрийн” гэдэг нь буруу байна гэдгийг ярьж байсан.

Төрийн өмч гэж Үндсэн хуульд заасныг нэн яаралтай ард түмний өмч болгож, ард түмэнд хяналтыг нь өгөхгүй бол цаашдаа Монгол Улсын газар нутаг, баялгийн төлөө тэмцэл улс төрийн намуудад илүү их даамжирч, бүр илүү муу муухай зүйлс бий болно. Төрийн өмчийг ард түмний өмч болгоё гэхээр зарим УИХ-ын гишүүд “Ард түмний өмч болгохоор маргааш нь бидний өмч гэж дайраад ухаад эхэлнэ” гэж яриад байгаа. Монгол Улс зөвхөн Үндсэн хуулиар бүх юмаа зохицуулдаг юм биш шүү дээ. Үндсэн хуулиас салбарласан бусад ашигт малтмалын тухай хууль, газрын тухай хуулиараа бид эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг нь хэн эдлэх юм бэ гэдгийг тодорхой заачихсан шүү дээ. Төр ашиглуулах эрхийг бүгдийг нь эзэмшдэг. Ганцхан иргэдэд хяналт тавих тогтолцоог нь гаргаж өг. Өнөөдөр төрийн өмч байснаараа иргэд хяналт тавих ямар ч бололцоогүй байгаа. Төрийн өмчийн эзэн нь тухайн аймгийн Засаг дарга, сайд дарга нар байгаа учраас дураараа олгодог. Засаг дарга төрийн төлөөлөл учраас газар олгох бүрэн эрхтэй. Үүн дээр иргэн гомдол гаргах ямар ч эрхгүй. Төрийн өмчид төрийн өмчийн хороо, аудитын байгууллагууд, Сангийн яам, Засгийн газар, Их хурал хяналт тавьдаг. Их хуралд олонх болсон нам багаа өөрсдөө бүрдүүлдэг. Тэгэхээр төр гэхээр ялсан намын өмч болчихоод байгаа юм. Ийм учраас 30 жилийн хугацаанд Монгол Улсын газар нутгийн 20 гаруй хувь нь дотоод гадныханд лиценз хэлбэрээр олгогдчихсон. Өдгөө мал 70 сая гараад явчихсан ч бэлчих бэлчээрийн даац нь хэтэрчихлээ. Уул уурхай бол жилдээ тэрбум гаруйхан долларын ашиг авдаг, тэгсэн хэрнээ гол мөрөн уул уурхай асар их хэмжээгээр ширгэж байна. 6.2-ын “нийтийн” гэх үгэнд биш, “төрийн” гэдэгт нь асуудал бий.

-Та бүхэн ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, бид төрийн өмчийг ард түмний өмч болгохыг шаардаж байгаа. Хоёрдугаарт, Бидний хуулийн төсөл болох иргэний хяналтын тухай хууль. Үндсэн хуулиндаа ард түмний өмч болгоод захиран зарцуулах эрх нь Ашигт малтмалын тухай хууль гэх мэт органик хуулиараа төр нь зохицуулна. Тэрэнд нь хяналт тавих эрхийг ард түмэнд өгөхийн тулд Иргэний хяналтын тухай хуулийг боловсруулж байгаа юм.

-Иргэний хяналтын тухай хууль ямар зарчмаар явах вэ?

-Жишээ нь, Хуулийн фирм аль нэг төрийн өмчит АНН-ийн зарласан тендер болоод тендерт ялсан компанийн гүйцэтгэсэн ажлыг шалгаад хууль зөрчсөн зүйл байвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Ингээд үнэхээр тухайн компани чанарын шаардлага хангаагүй, гэрээний нөхцөлөө биелүүлээгүй бол 500 сая төгрөгөөр торгож хариуцлага тооцох юм. Үүнээс 250 сая төгрөгийг нь тус асуудлыг гаргаж ирсэн хуулийн фирмд урамшуулал маягаар олгоно. Яг энэ жишээтэй адил иргэд салбар бүр дээр хяналтаа тавиад явах юм.

-Хуулийн фирм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж гүйцэтгэгч компанид ажил удсан бол яах вэ?

-Тухайн компани бүх нөхцөлийнхөө дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн байхад хуулийн фирм үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан фирм өөрөө хариуцлага хүлээнэ. Ийм байдлаар улсын ажлыг иргэд өөрсдөө шалгаж, иргэний хяналтын тогтолцоог сайжруулах юм.

-Яг ийм байдлаар хэрэгжүүлж байсан туршлага байгаа юу?

-Би Иргэдийн шударга шүүх гэдэг хуулийн фирмд байхдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 онд Баянгол дүүргийн Засаг даргын хийсэн ажил дээр иргэний хяналт явуулж үзсэн юм л даа. Тухайн үед Баянгол дүүргийн Засаг дарга 661 сая төгрөгөөр хэсэг газрыг камержуулсан. Нэг камер нь гурван сая 700 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл тус камер орцоор орж гарч байгаа хүнийг эрэгтэй, эмэгтэй гэж танина уу гэхээс царайг нь таньдаггүй, өнгөний ялгарал, нягтрал маш муу. Харин энгийн нэг хүнсний дэлгүүрийн эзэд хувиараа тавьсан 250 мянган төгрөгийн камер 50м зайд байгаа автомашины дугаарыг хардаг. Ингээд асуудал үүсгээд тэр гүйцэтгэсэн компанид хариуцлага тооцож,камеруудыг солиулсан. Өөр олон жишээ бий л дээ.

-Танай нам Генетикийн нөөцийн тухай хуулийг ойрын жилүүдэд нэлээд хөндөж ярьсан. Өнгөрсөн хавар энэ хуулийн төсөл батлагдлаа. Энэ тухайд?

-Генетикийн тухай хууль дутуу болсон гэж үэж байгаа. Монголын эрс тэс уур амьсгалд ургаж байгаа эмийн ургамал үнэ хүрэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар гаднынхан манай эмийн ургамлыг ямар ч хараа хяналтгүй шахуу авч гарч байна. Жишээ нь, хятадууд Халх гол орчмоос хадлан хэлбэрээр их хэмжээний эмийн ургамал хилээр гаргаж байна.Генетикийн нөөцийн тухай хууль Монгол Улсын ургамал амьтны генетикийн нөөцийг хамгаалах зорилготой. Энэ хуулийг баталснаар бүх амьтны болон эмийн гаралтай генетикийн нөөцөө хамгаалалтад авч нутгийн иргэдэд захиран зарцуулах эрхийг тодорхой хэмжээнд өгнө. Цаашлаад дотооддоо эмийн үйлдвэр бариад эдгээр эмийн ургамлаа боловсруулж ашиг олох хэрэгтэй. Энэ мэтээр зөвхөн уул уурхайгаас бус өөр нөөцөөс улсын төсвөө бүрдүүлж сурах хэрэгтэй байна.

-Дуртай хүн болгон эмийн ургамал түүдэг асуудал бий болохгүй юу?

-Тухайн газар нутгийн эмийн ургамлын нөөцийг судлаад бүртгэж, хамгаалалтад авах юм.

Харин тухайн эмийн ургамал ургаж гүйцээд түүх боломжтой хэсэг хугацаанд иргэдээс улс худалдаж авна гэсэн үг. Замбараагүй түүвэрлэгчид бий болгохгүйн тулд тохирсон зохицуулалт бий болгоно. ИЗНН газар доор байгаа баялаг бол баялаг биш нөөц, харин баялаг бол нөөцийг үнэ хүрэх бүтээгдэхүүн болгодог хүн юм гэж үздэг.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг зэхэж буй Г.Бүжидмаагийн нэг өдөр

Налгар намар иржээ. “Нарантуул” захын павильонууд хичээлийн шинэ жилийн өмнөхөн хүний хөлд дарагдаж, худалдаачид нь цаанаа л нэг омголон авирлацгаана. Өглөөний 10 цагийн алдад хөл хөдөлгөөн энэ газарт оргилдоо хүрч, энд тэндгүй л бөөн хэрүүл шуугиан. Ядаж байтал усан бороо хувингаар цутгах мэт шаагьж, павильонуудын дээр тогтсон тунамал ус энд тэндгүй задран асгарна. Борооноос хоргодон зогсохдоо Төв аймгийн Батсүмбэр сумаас хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр ирсэн 50 орчим насны Ганболдын Бүжидмаа гэх эмэгтэйтэй уулзлаа. Батсүмбэрийн зарим иргэд үхрийн аж ахуй эрхэлж, гарсан сүүгээ сүүний компаниудад тушааж амьдардаг улс. Энэ жишгээр Г.Бүжидмаагийнх ч мөн үхрийн аж ахуй эрхэлдэг гэнэ. Түүний нөхөр О.Батнасан аж ахуйн ажлаа хариуцан үлджээ. Харин Г.Бүжидмаа Төв аймгаас өглөө хотод хоёр охины хамт ирж, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж яваа нь энэ аж.

Тэрээр өглөө эртлэн “Хархорин” зах орж хэдэн сар хадгалсан сүү, тараг, ааруул, өрмөө 5-6 мянган төгрөгийн хооронд бөөндөж зараад шууд “Нарантуул” зах руу иржээ. Эднийх зургаан хүүхэдтэй гэнэ. Том охин нь сумынхаа хүнтэй гэр бүл болж, тусдаа гарчээ. Харин удаахь хүү нь өнгөрсөн жил Монгол-Солонгосын политехникийн коллеж төгсөж, үргэлжлүүлэн мэргэжил дээшлүүлэн сурахаар төлөвлөж байгаа юм байна. Бусад нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг.

Өнөөдөр ээжийгээ дагаж тавдугаар ангид сурдаг Б.Тэргэлсаран болон хоёрдугаар ангид сурдаг Б.Мөнгөнсаран нар олон улсын худалдааны төвийн сонин сайхныг сонжиж явна. Б.Тэргэлсаран их өсгөлүүн хүүхэд зургаа, долдугаар ангийн сурагчдын хувцас л таарна шүү дээ гэж ээж нь хуучиллаа. Нээрэн л ээжээсээ хавьгүй өндөр туранхай охин харагдана.

“ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЦСЫГ АЛЬ БОЛОХ ТОМДУУЛЖ АВАХГҮЙ БОЛ ДАРАА ЖИЛ НЬ БАГАДЧИХААД БАЙХ ЮМ”

“Нарантуул” захын үүд хэсэгт “За ах нь үнэнийг хэлэхэд хулгайлчихсан юм аа” гэж шивнээд мөнгө, монетон эдлэл 10-20 мянгад “шахчих” гээд байдаг хижээл насны эрс уламжлалаараа үнэртүүлчихсэн бүлэг бүлгээрээ зогсоцгооно. Хөлөөрөө бүтэн гишгэх зай энд алга. Ихэнх нь өлмий дээрээ л явах шахуу аядна. Эхнэрээ дагаж яваа ах нарын “Болж байна уу, ханиа” гэж аргадаад бүр сүүл рүүгээ “Нэг харснаа л ав л даа чи. Юун маягтай юм” гэж гомдоллох нь үе үе сонсогдоно. Арга ч үгүй биз ачлагын морь шиг “хэрэглээд” байхаар тамир нь тасрах шахна л даа. Г.Бүжидмаа хоёр охиндоо гутал, сурагчийн цэнхэр цамц, цүнх, ном дэвтэр, трико бусад зүйлсийг авна гэлээ. Уг нь тэрээр хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг Хорооллын “Бозоло” дэлгүүрээс бэлддэг байжээ. Энэ жил юмны үнэ онцгой өндөр байгаа учраас тэрээр “Нарантуул” зах руу иржээ. Г.Бүжидмаа “Бозологоос таван мянгаар авдаг байсан цүнх 15 мянга болчихоор наашлахгүй гээд яах вэ дээ. Юмных нь үнэ гурав дахин нэмэгдсэн байна лээ” гэв. Өөр ямар хүндрэл байна гэхэд “Хорооллын дэлгүүрүүд маскгүй бол үйлчлэхгүй гээд зарим нь оруулахгүй байгаа. Хаалганыхаа хажууд амны хаалтыг маш өндөр үнэтэй зарж байна” хэмээв. Ингээд бид захын гутал, пүүзний хэсэг рүү очлоо. Г.Бүжидмаа хэд хэдэн пүүз сониучирхаж асуухад 40-60 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Үйсэн ултай гутал 50 мянгаас дээш, харин энгийн пүүзнүүд 40 гаруй мянган төгрөгийн үнэтэй байв. Тэрээр толгойгоо илэнгээ “Зах дээр ч хувцас хэрэглэлийн үнэ нэмэгджээ. Энэ нэг аятайхан юм байна гээд харахаар бүгд аймаар үнэтэй” гэхэд араас нь нэгэн худалдагч “Таалагдахгүй бол өөр хямдхан газар олохгүй юу. Зарах албагүй шүү” хэмээн уцаарлах сонсогдов. Г.Бүжидмаа яриагаа үргэлжлүүлэн “Энэ жил формны цамц авахгүй, өмнөх жилийн цэнхэр цамцаа өмсүүлчихье гэж гүрийсэн боловч болсонгүй. Багадсан байна. Ер нь хувцаснуудаа аль болох томдуулаад авна. Сурагчийн цамц 13-15 мянган төгрөгний хооронд байна. Аль болох хямдханыг нь түүгээд л авна шүү дээ. Цүнх ч мөн үнэтэй байна. Ноднингийн цүнх байсаар байхад жижигхэн гээд голоод байх юм, охин маань. Хүүхдүүддээ юм авахдаа овоохон томыг авсан дээр гэж бодоод л авдаг. Манайхан хоорондоо солилцоо хийнэ. Манай хүүхдийн цамц жижигдсэн ч шинээрээ байгаа арван мянгаар ав. Харин оронд нь шинэ цамцны мөнгө явуулчих гээд л” гэж хэлээд хөхөрлөө. Энд тав алхаад л дүрэмт хувцасны цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байна. Тод цэнхэр нь 15 мянга, бүдэг цэнхэр нь 10 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд хүүхдэдээ таарах дүрэмт хувцасны үнийг асуухдаа, “Материал нь ямар вэ, ямар компани үйлдвэрлэсэн бэ, хүүхдэдээ өмсүүлж үзэж болох уу” гэх мэт асуултыг худалдагчид тавина. “Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа бүх сурагчийн дүрэмт хувцас урд хөршөөс иржээ. Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцасны дөрвөн хос 40 мянган төгрөг, охидын гурван хос 30 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 45 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 60 мянган төгрөгөөр зарагдаж байна. Яагаад Монгол Улсад үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас байхгүйг сонирхоход худалдагчид “Энд зөвхөн Хятад улсаас оруулж ирсэн дүрэмт хувцаснууд л зарагддаг. Монгол Улсад үйлдвэрлэсэн хувцаснууд яг адилхан материалтай байдаг хэр нь хэт их үнэтэй байдаг. Тийм үнэтэй хувцсыг хэн ч авахгүй шүү дээ. 3-4 хүүхдээ дагуулж яваа эцэг, эх нэг хүүхдэдээ 150 мянгаар зөвхөн дүрэмт хувцсыг нь авбал бусад хэрэгцээг нь юугаараа авах юм. Бид ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд зарж борлуулъя гэхээр зарагддаггүй” гэж байлаа. Захаар яваа иргэдээс Хятадын үйлдвэрийн цамцнуудын талаар асуухад “Хямдхан учраас л авдаг. Материалын хувьд нимгэн ч хэдэн сар өмсүүлчих байх” гэцгээж байв. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр иргэдийн халаас хэтэрхий нимгэн байгааг тэд онцолцгоож байв. Тиймээс Г.Бүжидмаа бид хэд зориуд үндэсний үйлдвэрлэл болох “Шилмэл загвар” компанийн үнийг сонирхов. Бага ангийн охидын гурван хосыг 70 мянган төгрөгөөр, хөвгүүдийн дөрвөн хосыг 91 мянган төгрөгөөр худалдаалж байв. Дунд ангийн охидын хослол 111 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 115 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 138 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 153 мянган төгрөг болох аж.


“НЭГ СУРАГЧИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛД ХАГАС САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА”

Бид дараа нь цүнхний хэсэг рүү явав. Бага охин Б.Мөнгөнсаран цагаан өнгийн цүнх сонирхлоо. Мөн барбитай оосор уясан ягаан цүнх рүү заав. Ээж нь “Хөдөөний хүүхдүүд цагаан өнгийн цүнх авчихвал хоёр, гурав хоноод л будаа болно (инээв). Сургуулийн багш нар цүнхэн дээр цацруулагч заавал наа гээд байдаг юм. Энэ харин цацруулагч авч наана гэхгүй амар юм байна” гээд цацруулагчтай, цацруулагчны оруулгатай хоёр цүнхийг сонголоо. Г.Бүжидмаа нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд хагас сая гаруй төгрөг зарцуулж байгаа аж. Тэрээр “Аль болох хямдыг нь хараад байхад л 500 мянга гарчихаад байх юм. Одоо баахан юм бэлддэг сургууль орохгүй бол хэцүүднэ дээ” гэлээ. Түүнээс сурагчид хоёр, хоёр цагаар танхимаар хичээллэх талаар асуухад “Манай хүүхдүүд айлд байдаг юм. Тэгвэл мөн хэцүүдэх юм байна даа, энэ хотынхон” гэхэд худалдагч залуу малгайгаа хойш нь эргүүлээд “Харин тийм ээ. Наад асуудал чинь харин хэцүү байна. Эхнэр бид хоёр зах дээр цуг ажилладаг юм. Тэгэхээр нэг нь заавал ажлаасаа гарч таарах юм байна л даа” гэхэд цаанаас нь нэгэн хижээл насны бүсгүй “Би ч бүр балрах юм байна л даа. За тэр яахав. Хоёр хоёр цагийн зайтай түгжрэл нэмэгдээд баларсан юм болно л доо” гээд жуумалзав. Тэнд байсан иргэд ар араасаа шаагилдан зарим нь “Энэ шийдвэрийг эсэргүүцэж талбай руу явж жагсъя” гэх нь хүртэл сонсогдов.

“СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ӨГДӨГ БОЛМООР БАЙНА”

Г.Бүжидмаагийнх сумын төвд өөрсдийн гэртэй боловч Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хоёр охиноо айлд байлгаж байгаа гэнэ. Хадлан, тариа нь дуусахаар малаа аваад хүүхүүдээ харахаар хот орно гэлээ. Тэдний хөдөө гэр Төв аймгийн Батсүмбэр сумын Сахарын рашааны ойролцоо байрладаг. Одоо хадлангийн ажил нь эхлэх гээд л бужигнаж байгаа сурагтай. Энэ талаар тэрээр “Хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг буцаахдаа эхлээд хадлангаа жин тан болгочихоод хийдэг. Хадлангийн бэлтгэл хийхэд хамгийн багадаа таван сая төгрөг болдог. Хадлангийн бэлтгэл, хичээлийн бэлтгэл хийхэд тэгээд л өр зээл тавина шүү дээ. Манайх бол ерөнхийдөө сүү цагаан идээний орлогоор амьдардаг. Мөн мөнгөний хэрэгцээтэй болсон үедээ үхэрнүүдээсээ л зардаг даа. Мал маллахад зарлага их. Бараг малаасаа авах үржил шимээсээ илүү их зарлага гарах гээд байдаг. 12 саалийн үхэртэй. Нийт 28 үхэртэй. Сүү саалийн ажлаа нөхөртэйгөө хамт хийдэг. Сүүний урамшуулал өгдөг болмоор байна. Яриад л байгаа мөртлөө өгөхгүй хэдэн жил болж байна. Ноос ноолуурын урамшуулал өгөөд байдаг мөртлөө бидэнд саалийн урамшуулал өгөхгүй байна. Хэдэн цаас нь хаа юм бэ дээ. Наагуур цаагуур гээд хэрэгтэй л байна” гэв.


“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭТ ҮНЭТЭЙ БАЙНА”

“Нарантуул” зах дээр хөдөө орон нутгаас хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцас авахаар зорин ирсэн иргэд олон байлаа. Хүүхдүүддээ хотоос арай чанартай, сонголттой, хямд үнээр дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл авахаар ирдэг гэцгээж байв. Г.Бүжидмаа энэ талаар “Үндэсний үйлдвэрийнхээ дүрэмт хувцсыг авна гэж бодож байна. Үнийн хувьд өндөр байгаа ч чанартай байгаа байх гэж бодож байна. Материалын хувьд зах дээр худалдаалагдаж байгаа хувцаснаас шал өөр байна” гэв. Хажуунаас нь нэгэн худалдагч “Ялгаа юу байх вэ дээ эгч ээ. Арай хямдыг нь авчихвал танд л ашигтай шүү дээ. Чанарын хувьд бараг Хятадад үйлдвэрлэсэн нь илүү шүү гэхэд Г.Бүжидмаа “Амьдралын боломжоороо ихэнх иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байсан ч зарим нь үнэ, ханшийг нь сонсоод өөр дүрэмт хувцас үзэхээр буцдаг. Ер нь хэн ч байсан тэгнэ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлийн бараа арай л үнэтэй байна” гэлээ. Үнэ нь яагаад ингэж зөрүүтэй байгаа вэ гэж худалдагчаас асуухад “Үндэсний үйлдвэрүүдэд Боловсролын яамнаас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоогоод байгаа гэнэ лээ. Нарийн ширийнийг нь бид нар яаж мэдэхэв. Амархан борлогдохоор нь Хятадад үйлдвэрлэсэн цамцыг нь л зарж байна даг” гэлээ.

Г.Бүжидмаа хүүхдүүдийнхээ дүрэмт хувцаснуудыг сонгочихоод хичээлийг нь сонголоо. Тэрээр энэ жил хичээлийн дэвтэр, бал, цүнхний үнэ нэмэгдсэн байна гэж ярьж байв. Дэвтэр, үзгэн бал 50-300 төгрөгөөр нэмэгдсэн бол цүнх 20 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ жил иргэд хамгийн багадаа 250-300 мянган төгрөгийг нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд зарцуулж байна.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: 500 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэнг зургаан тэрбумаар барьж байгаа нь Монголын гутамшиг

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-уих-аар 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна. Цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйлээс болж, орлого тасраад байгаа энэ үед бид яах ёстой вэ?

-Их алдагдалтай л төсөв тодотгож байна даа. Төсөв бол орлого зарлага хоёр л гэсэн үг. Энэ хоёр тэнцчихвэл алдагдалгүй гэсэн үг. Гэнэт мөнгө орж ирж орлого ихэсвэл тодотгодог. Төсөвт орж ирсэн энэ мөнгөөр үйлдвэр барих уу, сургууль барих уу гэдгээ ярих гэж тодотгодог юм. Орлого орж ирнэ ээ гэж бодож байтал гэнэт унавал мөн тодотгодог. Энэ алдагдал дээр аль сургууль, аль эмнэлгээ хасах вэ гэдгээ л ярьдаг. Бид маш том алдагдал үүрч байна. Уул уурхайн экспортын баялаг 25 хувиар орж ирнэ гэж тооцоолж байснаасаа уналаа. Гэтэл Оюу толгой, рио тинто 100 хувь явдгаараа явж байгаа. Цар тахлын үед онцгой байдал үүсч, давагдашгүй хүчин зүйл бий болоод байна. Энэ үед Оюу толгойтой хэлэлцээрт орооч ээ. Ц.Даваасүрэн, Тэрбишдагва, Бат-Эрдэнэ аварга гээд олон гишүүд Засгийн газарт Оюу толгойтой хэлэлцээрт орох эрх зүйн боломж өгсөн. Төсөв ярьж л байгаа бол орлогоо ярь. Орлогын хамгийн том боломж Оюу толгой.

-Цар тахлаас болж нүүрс тээврээ зогсоосон үед Оюу толгой 100 хувь тээврээ хийж байсан юм уу?

-Рио тинто монголын улстөрчдөд нөлөөтэй байна. Монголын Засгийн газрыг барьцаалсан байна гэж би үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 71 тонн алт, 250 тонн алттай тэнцэх баялаг Оюу толгойгоос гарсан. Далд уурхай ашиглалтад орохоор бүр ч их нэмэгдэнэ. Оюу толгойг шалгах ажлын хэсэг өнгөрсөн парламентын үед байгуулагдаж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

-2020-2021 оны улсын төсвийн төсөөлөл нэлээд өөдрөг байгаа…

-Сангийн яам өөрөө мөнгө тарьдаг байгууллага биш шүү дээ. Жирийн иргэд татвар төлөгч, бизнес эрхлэгчдээс мөнгийг нь хурааж авдаг л байгууллага. Тэр мөнгөө буцаагаад бизнес эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэгч, жирийн иргэдэд хуваарилдаг. Өөрөөс нь аваад, өөрсдөд нь буцааж хуваарилахдаа заавал зөвшилцөж байх явдал бол нийгэм, эдийн засгийн үндсэн зарчим. Үүнийг Нийгэм, эдийн засгийн гурван талт хэлэлцээрээр хийдэг. Сангийн яам, Засгийн газар бизнес эрхлэгчдээс хэдэн төгрөг хурааж авсан, хаанаас яаж авав, энийгээ яаж зарцуулах вэ гэдгээ Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын нэгдсэн холбоотой зөвлөлдөж, зөвшилцсөн үү. Хуулиараа зөвшилцөх ёстой юм. Энийг хангалттай хийгээгүй, өрөөн дотроо өөрсдөө бодоод суугаад байсан байж болно шүү дээ. Энэ жил хасах нэг хувийн өсөлттэй эдийн засагтай байгаа шүү дээ. Хасах нэг гэдэг онцгой аюултай тоо. Ирэх жил 2021 онд нэмэх 7.2 хувийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт бий болно гэж Сангийн яам оруулж ирлээ. Үндсэндээ 8.2 хувийн өсөлт орж ирж байна. Энэ бол зүгээр л тэнгэрээс таатаг тоо биш.

Энэ дээр тулгуурлаж бид төсвөө хийнэ. Мөнгө хэвлэж, юмны үнийг хөөрөгдөж, эдийн засгаа өсгөнө гэж байгаа бол андуурал. Арай тэгж бодоогүй байх. Яг аль уурхай, аль ашигт малтмал дээр юм өсөх гээд байгаа юм бэ. Эсвэл юу үйлдвэрлэх гээд байгаа юм. Төсвийн төсөөлөл ийм өөдрөг байгаа нь ямар бодит дүн шинжилгээ, шинжээч экспертийн дүгнэлт гаргасан юм. Олон улсын аль байгууллагын барометрийг ашигласан юм бэ гэдгээ тодорхой болгох нь хамгийн чухал. Бид бодитойгоор төсөвлөдөг болмоор байна. Бодитойгоор төлөвлөдөг болмоор байна. Ийм гурван зүйлийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр би илэрхийлсэн. Эдийн засгийн өөдрөг байдлыг мэргэн хүн шиг тааж бичдэггүй юм аа. Ямар шинжилгээ, дүгнэлтүүд гарсан юм бэ гэдэг чухал. Хоёр жил уначихсан, одоо босох гээд байна гэдэг тайлбар яриад байгаа юм л даа.

-Төсвийн мөнгөнд зардал нэмэгдсэн байна лээ. Орлого буурсан үед яагаад ийм өөрчлөлт төсөвт оров?

-Гадаад төслийн зээлийн ашиглалт 276 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Гадаадаас зээл авах юм бол энэ зээлийг буцаагаад төлөх ашигтай төслүүд рүү оруулах ёстой гэх зарчмын агуулга бий. Шууд халамжинд явуулж болохгүй гэсэн зарчим байгаа. Энийгээ зөрчөөд энэ 276 тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгө болон хүнсний талон дээр 74.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа, ажилчид болон хувиараа бичил аж ахуй, хөдөлмөр эрхлэгчдэд 42.4 тэрбум төгрөг өгнө. Энэ мөнгийг хэдэн улстөржсөн дарга нар шийдэх юм бол нам дагаж сонгуульд явдаг эрх баригч нарын багийн дарга нар л авах хэрэг гарна шүү дээ. Энэ дээр тухайлсан эмэгтэйчүүдийн байгууллага, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төлөөлдөг байгууллага, үйлдвэрчин, ажил олгогч бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай зөвшилцөөрэй гэдгийг л дахин дахин хэлээд байгаа. Халамж хэтэрч байгаа нь товчхондоо гадаадаас мөнгө зээлээд л хэтрүүлж байгаа юм. Зээл, тусламжаар хөгжсөн орон энэ дэлхийд үгүй. Энэ хүнд байдлаас бид гармаар байна, ингэхийн тулд Оюу толгойтойгоо илэн далангүй яриач ээ. Намайг Оюу толгой ярихаар томоор сэтгээч ээ гэдэг. Оюу толгойгоос өөр том нь манай Монголд юу байгааг би мэдэхгүй байна.

-Та Засгийн газарт ямар шаардлагыг тавив?

-Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьцааг төрийн өмчийн бүртгэлд авах. Мөн холбогдох төлбөр тооцоо суутгалыг даруй хий, 400 сая ам.доллар улсаас шамшигдуулаад авсан гэх мэдээлэл байдаг. Энийгээ улсдаа яаж авах юм, улсад энэ хувьцааг нь ав аа гэдэг Засгийн газрын 2018 оны долдугаар тогтоол гарсан. Энэ хэрэгжээгүй. Жирийн ард иргэдийн аж ахуйг хяргачих гээд байдаг хэрнээ том юм хийж байгаа Оюу толгой, рио тинто, Гокийн 49, 51 хувийнханд Засгийн газар барьцаалагдсан байна. Үүнийг шийдээч ээ гэдгийг Засгийн газарт тавьсан.

-Дотооддоо бонд босгох талаар Сангийн сайд ярьж байгаа. Бэлтгэл ажлыг нь хийж байна гэсэн. Маш өндөр хүүтэйгээр бонд босгох болов уу гэж харагдаад байгаа?

-Жилийн 10 хувийн хүүтэй гэж яригдаж байгаа. Энэ бол хойч ирээдүйгээсээ бид дээрэм хийж байна гэсэн үг. Ирээдүйд төлөх үр хүүхдээсээ зөвшөөрөл авахгүйгээр тэдний төлөх мөнгийг өнөөдөр бид зээлж, идэж ууна гэдэг нь энэ үеийн монголчууд маш хариуцлагагүй амьдарч байна гэсэн үг. Өнөөдрийн Засгийн газар, улстөрчид бид харамсалтай байна. Би зөвхөн шүүмжлээгүй. Эндээс гарах арга зам нь уул, уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хэдэн бүлэглэлүүд ууж идэх биш, ард иргэдэд яаж ашигтай байлгахав гэдгийг 16 жил ярьж байгаа шүү дээ. Энэ асуудлыг засахын төлөө иргэний нийгмийн байгууллага, ард иргэд, сэтгүүл зүйн салбарын ажилчид бид бүгд эрвийх, дэрвийхээрээ ажиллах ёстой. Эрх баригчдыг буруутгаж байна гэхээсээ илүү энийг яаралтай засах ёстой. Нябо Монголыг удирдаж болохгүй ээ. Татвар төлөгчдийн байр суурийг магтан дуулдаг шүү дээ. Тэгэхээр төсөвтөө л оруул л даа, тэдний байр суурийг. Их хурал дээр төсвийг ярилцахаас өмнө нийгэм эдийн засгийн гурван талт түншлэл, төсвийг ярьчихаад хувилбарыг нь оруулж ирдэг. Энэ бол баруунд байдаг зүйл.

-2020 оны төсөв хэт их бүтээн байгуулалттай болсон. Мөрөөдлийн лист гэж хэлж болохоор энэ төсвөө одоо засах гэж байна. Үүнийг засах ямар арга зам байна?

-Төсөв төлөвлөхдөө хэзээ ч мэргэжлийн шинжээч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсдоггүй. Зураг төсөл байхгүй зүгээр л мөрөөдлийн листийг жагсаагаад л давхчихаж байгаа юм. Эндээс гарах арга зам юу вэ гэвэл хянадаг аудитын байгууллага нь аудит шиг л бай л даа. Аудит үгүй ээ мөн сайн ажиллаад байдаг, төсвийн хулгай, төсвийн сахилга бат улам задгайраад байдаг. Хагалгаа амжилттай боллоо, өвчтөн нас барчихлаа гэдэг үг бий шүү дээ. Үүн шиг аудит амжилттай аудиталлаа, төсөв хулгайгаар дүүрэн байлаа. Хулгай дүүрэн байгаа учраас л энэ дотор олон цоорхой гарч байгаа шүү дээ. 500 сая төгрөгөөр барьчих цэцэрлэгт хүрээлэнг зургаан тэрбумаар барьж байгаа явдал бол Монголын гутамшиг юм шүү дээ. Энэ дээр аудит хам хулгайч юм уу даа. Зургаан тэрбумын хүмүүсийг зөв өө гээд дүгнэдэг нь. Ганц нэг арай хэтэрсэн юм дээр зөвлөмж гаргалаа гэдэг. Зөвлөмж нь яасан гэхээр зөвлөмжийг хэрэгжүүлэх албагүй ээ гэдэг. Тэгвэл аудит байх хэрэг юу байгаа юм. Ийм л төрийн хулгайчдад ээлтэй тогтолцоог засахын төлөө явж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Монгол Улс дефольт болбол нийтийн эзэмшлийн гэж хэлж болох газар нутгуудыг минь авах эрсдэл бий

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч мөн” гэж орсон талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.


-Үндсэн хуулийг батлалцсан хуульч хүний хувьд хуулийн 6.2 дахь заалтаар үнэхээр монгол улсын газрыг зарах нөхцөл бүрдчихээд байгаа юм уу?

-Үндсэн хуулийн 6.2 бол маш ноцтой заалт. “Нийтийн” гэх энэ заалт 1996 оны Төрийн болон орон нутгийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Нийтийн эзэмшлийн өмчийг худалдан борлуулах, ашиглах эрхтэй” гээд байж байгаа. Үндсэн хуульд “Төрийн нийтийн” гээд ороод ирэхээр гарц нь гарч ирж байна гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийг батлахаасаа эхлээд луйвар болсон. Зөвхөн 6.2 гэлтгүй маш олон заалт байгаа. Би аргаа бараад Ардчилсан намын бүлэгт орж, гудамжинд зогсоод хоёр талдаа анонс өлгөөд явж байсан. Сөрөг хүчнийг эдгээр хүмүүс санаатайгаар байхгүй болгож, бүлгийг нь тараасан. Бүлэггүй болохоор бүлгийн дүгнэлт, санал гэж байхгүй болчихож байгаа юм.

Манайхан аливаа зүйлд дэврүүн бодлоороо ханддагаа болимоор байгаа юм. Жишээ нь, арьсыг Хятад руу гаргаад байна гэж орилсоор байгаад гаргахаа больсон. Гэтэл өнөөдөр малын арьс чинь хог дээр хэвтэж байгаа биз дээ. Яг энэ шиг 30 гэр бүл байгалийн баялгийг шулаад байна. Бид нар хувь хүртэж, нийтээрээ авах ёстой, хэрэглэх ёстой, төрд өмч байх ёсгүй, төр муу менежер гэсээр байгаад “нийтийн” гэх үгийг оруулж ирсэн. Энэ үгийг ашиглаад явлаа гэхэд Монгол Улс дефолт буюу дампууралд орох юм бол Парисын клуб дээрээс нийтийн эзэмшлийн гэж хэлж болох газар нутгуудыг минь авах эрсдэл үүсч байгаа байхгүй юу. Бид 2016 онд газраа алдах гэж байснаа мартаж болохгүй шүү дээ. Одоо газраа алдах аюул мөн хамар дээр ирчихсэн байна. 20 тэрбум гаруй ам.долларын өрөнд бид нар орчихсон. Дээрээс нь коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлээс болоод төсөв хасах руугаа орчихсон байна. Мөн Парисын клуб дээр биднээс 30 гаруй тэрбум ам.доллар нэхээд сууж байна. Дампуурахгүйн тулд өрнөөсөө салах ёстой. Өр ширнээсээ гарч чадахгүй бол нэгдүгээрт, Элчин сайдын яамдыг нь авна. Дараа нь онгоц, вагон, нөөцөлсөн хөрөнгийг нь авна.

Эцэст нь газар нутгийг нь авдаг. Ийм өрөнд байгаа үед “нийтийн” гэдэг үг нь ийм боломжийг олгож байна аа гэсэн үг.

-Та гишүүн байхдаа 6.2 дээр юм дуугарч байсан юм уу?

-Дандаа эсэргүүцсэн. Ганцаараа орилоод эсэргүүцэхэд бөөнөөр шоолоод “О.Баасанхүү Ардчилсан намын бүлэгт орлоо, АН-ыг дэмжиж байна” гэж байсан. Сүүлдээ намайг Ардчилсан намд орлоо гээд гадуурхаад байсан биз дээ. Ямар нэгэн хүчтэй сөрөг хүчин байхгүй, бодит байдлыг нөгөө өнцгөөс нь хэлэхгүй нэг цонхоор явахаар эцэст нь ийм байдалд хүрдэг байхгүй юу. Тийм учраас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой нөхцөл үүсгээд байна. Ганц хүний дуу үнэхээр гардаггүй юм байна. 62 гишүүн Үндсэн хуулийг санаачлахдаа төсөл дээрээ байхгүй заалтуудыг оруулж ирээд хүчээр кнопдоод явчихсан шүү дээ.

-Үндсэн хуульдаа нэгэнт “нийтийн” гээд заагаад өгчихлөө. Үүнийг залруулах ямар боломж байгаа вэ?

-Ямар ч боломж байхгүй. Хоёр жил Үндсэн хуульдаа гар хүрэхгүй. Харин төр минь битгий дампуураасай гэж л бодох хэрэгтэй. Дампуурвал юугаа өгөх вэ гэдгээ л мартаж болохгүй. Тиймээс үүд хаалга нь хатуу байж байх ёстой.

-Таны ярьж байгаа зүйлийг эрх баригчид “ямар ч ийм нөхцөл байхгүй” гэж байна лээ…

-Угаасаа л энд оролцсон юм чинь…

-“Нийтийн” гэдэг нь ард түмний гэдэг утгаар орсон гээд байгаа..

-Тийм зүйл байхгүй. Хувийн, төрийн өмч гэж байна. Тэгээд олон нийтийн өмч гэж бий. Олон нийтийн өмч юм чинь нийтээрээ л авна шүү дээ. Энд буруугаар ойлгоод, буруугаар яриад байх юм байхгүй.

-Та одоо юу хийе гэж бодож байна?

-Амьдрал надад асуудал биш. Би хуульчаа юм уу, “Хүүхдийн инээмсэглэл” төслөө хийгээд явна. Энэ төслийн хүрээнд ном гаргасан. Тэрийг цэцэглүүлээд хэвлүүлээд зарна. Ард түмний амьдралыг хараад зайлуул даа гэж бодож байна. Хувь тавилан нь түших биз дээ. УИХ-д суугаад амьдардаг, ажилладаг юм биш. Хүн найман жил болоод ажлаа сольж байх ёстой. Тиймээс хувийн юмаа хийгээд л, өмгөөллөө хийнэ дээ. Би олон улсын байгууллагын чиглэлээр ажиллаж байсан хүн. Тэрийгээ хийнэ. Цаг хугацаа бодит үнэнийг харуулах байх аа.

-Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Хүчтэй сөрөг хүчин байж чадах уу гэдэг дээр л санаа зовж байна. Их хуралд 27 гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүс байна гэж яриад байгаа. Үнэн л дээ. ЖДҮ, 60 тэрбум, концесс гээд олон зүйл дээр яригдаад зарим нь АТГ-т данс тоцоотойгоо сууж байгаа л хүмүүс байгаа шүү дээ. Хуулийн байгууллага хараат бус байж чадах юм бол шударга ёс тогтох ёстой. Харамсалтай нь хуулийн байгууллага ҮАБЗ-ийн хараанд орчихсон. Тэр гурван хүн хөдлөхгүй бол хуулийн байгууллага хөдлөхгүй, хуулиараа. 65-ын эсрэг сөрөг хүчин байна гэдэг хэцүү.

Categories
мэдээ цаг-үе

Н.Ганибал: Малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Сүхбаатар аймгаас сөрөг хүчний төлөөлөл болж УИХ-д сонгогдлоо. Ер нь яагаад улс төрд орох болов. Таны улс төрийн замнал хэдий үеэс эхлэлтэй вэ?

-1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үеэр би ахлах ангийн хүүхэд байлаа. Тэр үед социалист нийгмийн дараагийн өөрчлөлт, шинэчлэлт нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл, хувийн өмч, хүний эрх эрх чөлөө гэсэн ойлголтууд байсан. Эдгээр нь өсвөр насны хүүхдэд сонин содон санагдаж, энэ өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой сонин, сэтгүүлүүд тараагддаг байсныг сонирхож, уншиж байлаа. Үүнтэй залгуулаад тухайн үеийн нийгмийн асуудлуудыг тайлбарлаж, бичсэн социалист нийгэм ба ардчилсан нийгэм, хүний эрх эрх чөлөөний талаарх Баабар, Баярхүү нарын олон сайхан нийтлэлүүдийг олж уншдаг байв. Их сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж байх хугацаандаа Ардчилсан нийгмийг дэмжсэн үзэл санаа бүрэн суусан. Тиймээс 2000 онд Сүхбаатар аймгийнхаа Ардчилсан намын намын хорооны гишүүнээр албан ёсоор элсэж, улс төрийнхөө замналыг эхэлсэн юм.

-Та Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. ҮБХ-ны хурлаар Их хурлаа зарлах тов гарлаа. Намын даргын сунгааны эргэн тойронд юу болоод байна вэ?

-Би 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Мөн төв Ардчилсан намдаа намын байгуулалтын газрын дарга, намын хэрэг эрхлэх газрын дэд дарга гэсэн албан тушаалуудад ажиллаж, гал тогоонд нь байлаа. 2007 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Намын даргыг сунгаагаар тодруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал манай намын хамгийн чухал сэдэв болсон.

-Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлыг та даргалсан байх аа. Гишүүд юу ярьж байна?

-Хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг, Их хурлын сонгуулийн ялагдлын дүгнэлтүүд гээд олон зүйлсийг гишүүд маань нээлттэй ярьсан. Гарч байгаа дүгнэлтүүд тодорхой байсан. Орон даяар намын даргын сунгааг зохион байгуулах, аймаг, дүүрэг, нийслэлийн намын даргыг сунгаагаар сонгодог тогтолцоо зөв үү, буруу юу гэх асуултын хариулт нь АН-ын УИХ-ын сонгуульд гаргасан үр дүн юм. Гурван сая хүн амтай улсад энэ тогтолцоо зөв биш гэдэг нь харагдсан.

-Шалтгаан нь юу вэ?

-Тухайн сунгаа болгон Ардчилсан намыг хэдэн хэсэгт хувааж байсан. Өмнө нь намын даргын сунгаанд таван хүн нэр дэвшиж байлаа. Намын гишүүдийг 330 сум болгон дээр хувааж, нэр дэвшигчдийн тоогоор таван хэсэгт хуваасан. Дараа нь аймаг, дүүрэг, сумын намын даргыг сонгох сунгаа явуулахад хуваагдал нь улам баталгаажсан. Энэ хуваагдал өнгөрсөн дөрвөн жилд эдгэж амжихгүй явсаар сонгууль болоход АН нягт нямбай улс төрийн хүчин болж чадалгүй ялагдсан. Энэ систем өрсөлдөөнийг бий болгох ёстой байсан бол АН дээр хуваагдлыг бий болгосон. Тиймээс энэ системийг дахин ашиглахад хүндрэлтэй юм байна гэдгийг ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Ийм учраас ҮБХ-ны хурлаас намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Түүнчлэн АН-д эв нэгдэл хамгийн чухал байна. Дээрээс нь нийгэм рүү хандсан захиалгат улс төрийн нам байхад юун дээр алдсан бэ гэдгийг зайлшгүй тодруулах, судлах шаардлага бий гэдэг дүгнэлтийг хурлаас гаргасан. Ингээд албан ёсны ажлын хэсэг байгуулж, судалгаа дүгнэлтүүдийг гаргуулахаар шийдсэн. Намын дүрэмд өөрчлөлт оруулах бол заавал Их хурал хуралддаг. Их хурлаа орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулна. Орон нутгийн сонгуульд бид амжилт гаргахын төлөө нэлээд ажлуудыг ярилаа. Хурлаас орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг дэмжих ажлын хэсгийг байгуулахаар болсон.

-Сунгаа явуулахгүй болсон гэхээр намын даргаа яаж сонгоно гэсэн үг үү?

-Өөр олон янзын аргууд бий. Намын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн гарц гаргалгаануудыг судалгаан дээр үндэслэж гаргана. Хуучин ардчилсан нам намынхаа Их хурлаар даргаа сонгодог байсан. Энэ зарчим нээлттэй учраас сэргээж болно. Түүнчлэн нэр дэвшигчдийг аймаг болгон намын хорооны хурлаар хэлэлцээд дэмжих гэх мэт олон гарц, гаргалгаанууд байгаа л даа. Энэ гарц гаргалгаануудаас алийг нь сонгох вэ гэдгийг ажлын хэсэг гаргана. Тэрийгээ Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцүүлээд, намын Их хурал дээр энэ асуудал эцэслэгдэнэ.

-Та МАА-н салбарт санаагаа чилээдэг хүн. Ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах вэ?

-Мэдээж мал аж ахуйн салбар дээр голчлон ажиллана. Яагаад гэвэл Сүхбаатар аймгийн нийт сонгогчдын 60 орчим хувь нь малчин өрх. Нийт хүн амын 80 хувь мал аж ахуйн орлогоос шууд хамааралтай. Сүхбаатар аймаг мал аж ахуйн үйлдвэрлэлээрээ хамгийн гол бүтээн байгуулалтуудаа хийдэг. Тэнд мал аж ахуй хамгийн хүртээмжтэй салбар. Тэгэхээр мал аж ахуйн салбарын хөгжилд гэрэлт ирээдүй харагдаж байгаа. Мэдээж нийгмийн асуудлууд болох эрүүл мэнд, боловсрол, соёлыг асуудлыг төсвөөс шийднэ. Цаана нь сум орон нутгийн эдийн засгийн хамгийн том тэлэлтийн асуудал мал аж ахуй байгаа. Мал аж ахуйгаас олж байгаа орлого маань өнөөдөр хэд байна, маргааш хэд байхав, нөгөөдөр хэдэн төгрөг олох вэ гэдэг нь тус аймгийн иргэдийн олох орлого, бүтээн байгуулалтын асуудалтай шууд хамааралтай.

-ХААЯ-ны Мал аж ахуйн газрын даргын албыг хашиж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар, ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?

-Мах экспортлохын төлөө үе үеийн засгийн газар ажиллаж ирсэн. Гэвч бодит үр дүнд хүрэхгүй байлаа. Ингээд бид гарц хайсаар хонь ямаа, үхрийн махыг дулааны аргаар боловсруулж, адууны махыг түүхийгээр нь дэлхийн зах зээлд борлуулах боломжийг бий болгосон. Улмаар дэлхийн худалдааны байгууллага, мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьдаг шаардлагуудыг биелүүлж чадахгүй олон жил болсныг шийдвэрлэж эхэлсэн. Мөн нийт малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгон бүх малчдаа мэргэжлийн үнэмлэх тэмдэгтэй болгосон. Малчин хүн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн гэж хэлж болно.

-Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон нь таныг ажиллаж байх үед шийдэгдсэн ажил уу?

-Тийм ээ, “Сайн малчин” хөтөлбөрийг боловсруулж, засгийн газраар батлуулан малчдаа ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангаж эхэлсэн. Малчны зээлийн хүүг 21.6 хувиас 10 хувийн хүүтэй болгож бууруулсан юм. Малчин олсон орлогоо банкны хүүнд зарах биш малаа эрүүлжүүлж, чанаржуулах, худаг усаа сайжруулахад зарцуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Мөн хөдөө аж ахуйн биржийг байгуулж, малчдын түүхий эд бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах эхлэлийг тавьсан. Ийнхүү олон шат дамжлагыг багасгаж малчдын түүхий эдийн үнийг дэлхийн зах зээлийн үнэ рүү ойртуулах боломжтой болсон л доо.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажилд шинэчлэл хийсэн гэж ойлгож болох уу?

-Энэ асуултад бодит тоон дүнгээр хариулах нь зөв болов уу. Эрчимжсэн мал аж ахуйд шинэчлэл хийснээр сүүний аж ахуйд 27.7 сая доларын хөрөнгө оруулалт хийж, 13 мянган сүүний чиглэлийн үхэр нэмэгдсэн. Махны эрчимжсэн аж ахуйг махны хэрэгцээнд нийлүүлэх нойтон махны хэмжээг 7000 тонноор нэмэгдүүлсэн. Тодруулбал, үхрийн мах 5792 тонн, хонины мах 171 тонн, гахайн мах 1076 тн, тахианы мах 125 тонноор тус тус нэмэгдсэн. Түүнчлэн, ноос ноолуурын дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 127.3 сая долларын хөрөнгө оруулалт олгож, үйлдвэрлэлийн хүчин чадал, чанарыг эрс сайжруулсан шүү. Мөн арьс ширэн эдлэлийг дэлхийн зах зээл дээр гаргах Дарханы арьс ширний паркийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. Тус парк ажиллаж эхэлснээр нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын болон дэлхийн зах зээлд нийлүүлэх болно.

-Мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд хэд хэдэн тоо баримтыг ярих хэрэгтэй болно. 2019 оны эцсийн тооллогоор 70,9 сая мал тоолуулсан. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малтай. Монгол Улс 113,0 сая га бэлчээр нутагтай, хонин толгойд шилжүүлсэн 74.6 сая малын даацтай. Тэгэхээр өнөөдрийн малын даац нь 34 сая хонин толгойгоор хэтэрсэн байна. Нийт малчдын 40,2 хувь нь амьжиргааны түвшнээс доош орлоготой байна. Энэ бүгдээс харвал малчдын орлого жигд бус, дундаж малчны амьдрал хангалттай түвшинд хүрээгүй, өсөн дэвжих боломж сул харагдаж байгаа юм.

-Манай улсын жилийн дотоодын махны хэрэглээ хэдэн тонн байдаг вэ?

-Дотоодын махны хэрэглээ жилийн 250 мянган тонн. Жилийн нийлүүлэлт хамгийн багадаа 350 мянган тонн байна. Нийлүүлэлт эрэлтээс илүү байснаар махны үнэ бага байх хамгийн гол шалтгаан болж байгаа юм л даа. Мал аж ахуйн салбар 170 мянган малчин өрхтэй. Монгол Улсын нийт ажиллах хүчний гуравны нэг нь гэсэн үг. Үүнээс 11.5 хувь нь 50 хүртэлх малтай, 28,9 хувь нь 50-200 малтай, 34 хувь нь 200-500 малтай, 18,5 хувь нь 500-1000 малтай, 7 хувь нь 1000-аас дээш малтай байна.

-Малчдын орлогыг нэмэгдүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулах улмаар тус салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар боломж, арга зам байна вэ?

-Ганц арга зам байгаа нь малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх юм. Өөрөөр хэлбэл, мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, цаашлаад хурдан морины үнийг өсгөх хүртэл энд хамаарна. Үүний тод илрэл нь 2020 оны хувьд ноолуурыг экспортлох боломжгүй болсноор ноолуурын үнэ өнгөрсөн жилээс 50 хувиар буурлаа. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг илэрхийлж байна. Хөдөө аж ахуйн сайд асан Ч.Улаан дотоодын худалдан авалтыг дэмжиж хөнгөлөлттэй зээл гаргах, малчдыг ноолуурын үнийн уналтаас хамгаалах бодлого боловсруулж ажилласан боловч, хэрэгжилтдээ алдаа гаргаснаар өнөөдрийн хүндрэл үүсээд байна. Бусад түүхий эдийн хувьд ч гэсэн ноолууран дээр хийсэн шиг бодлогыг хийх ёстой. Махны экспортыг чөлөөлж, элдэв квот хязгаарлалтыг болих хэрэгтэй байгаа юм.

БНХАУ-ын Эрээн хотод өнөөдрийн байдлаар хонины мах 80 юань буюу 32 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид нар экспортыг чөлөөлж, энэ зарагдаж буй үнийн 50 хувьд хүргэхэд малчид махаа 15 мянган төгрөгөөр зарах боломж бүрдэнэ. Ингэснээр малчдын амьжиргааг шууд хоёр дахин өсгөх боломжтой. Мөн дотоодын махны үнэ өссөнөөр малчдын амьжиргаа дунджаар хоёроос гурав дахин өснө. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хувиар өсгөнө.

-Үе үеийн эрх баригчид, өмнөх засгийн газар, төр барьж байсан хүмүүс ийм боломжийг яагаад олж харж, хэрэгжүүлээгүй юм бол?

-Малчин өрхийн тоо нийт өрхийн гуравны нэгийг эзэлж байна. Тийм болохоор улс төрчид үлдсэн гуравны хоёрынх нь амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргахаас айсаар ирсэн. Гэтэл үнэндээ малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар өсөх бөгөөд энэ нь тэр алдаж байгаа гуравны хоёрын амьжиргааны зардлын өсөлтийг хангалттай нөхөөд илүү гарахаар байгаа юм. Тийм учраас төрийн зохицуулалтыг зоригтой хийснээр нийт ард түмнийхээ 30 хувийн амьжиргааны түвшинг шууд гурав дахин өсгөх боломж байна. Махны экспортоос орж ирж буй илүү 1.5 тэрбум долларын орлогоос дотоодын махны үнийн өсөлт амьжиргаанд нь шууд хүндрэл учруулж буй нийгмийн эмзэг хэсэгт зарцуулах төрийн зохицуулалт хийж болно.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн хүндрэл болон бондуудын өр төлбөрийг төлөхөөс эхлээд амаргүй дөрвөн жил хүлээж байна…

-Бодит байдлыг бид бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Ардын намаас тавьсан маш олон нийгмийн болон эдийн засгийн том амлалтууд байгаа. Наймдугаар сарын 17-ноос ээлжит бус чуулган зарлагдсан. Хэлэлцэгдэх хамгийн нэгдүгээр асуудал бол 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулна. Энд сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан байх. Тухайн сонгуульд иргэдэд ямар амлалт өгсөн тэрийгээ л хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс “Covid-19” цар тахал гарч, эдийн засаг хүндэрч байгаа учраас энэ алхмуудыг бид арагшаа тавилаа гэсэн байдал байж болохгүй. Эдийн засаг хүнд байна гэдгийг бүгд мэдэж байсан. Сонгууль зургадугаар сард болж дууссан. Тэрнээс өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, эдийн засгийн үзүүлэлтүүд бүгдээрээ сөрөг гарч байсан. Үүнийг даван туулна гэдгээ ч эрх баригчид амласан. Даван туулах байх гэдэгт нь итгэж, найдаж байна. Мөн бондуудын өрийг төлнө, ер нь үеийн үед төлж л ирсэн.

Дөрвөн жилийн өмнө, 2016 онд Монгол Улсын нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг байлаа. Сүүлийн мэдээллээр 28 сая болсон байна. Ийм зөрүү гарч байна. Томоохон реформ хийсэн эдийн засгийг арга хэмжээнүүдийг авахгүй бол энэ асуудал цаашид үргэлжилсээр л байна.

-Төсвийн тодотголын асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Орлого тал нь тасраад байгаа учраас бүтээн байгуулалт болон урсгал зардлуудаа мэдээж хасах ёстой. Тэгж байж зарлагаа нөхнө шүү дээ. Хоёр дахь гарц нь төсвийн зээл авах. Ийм л хоёр гарц байна. Тэгэхээр алийг нь сонгох оо Засгийн газар өөрсдөө шийднэ. Үр өгөөжгүй баахан хөрөнгө оруулалтууд тавьчихсан. Тэрийгээ зайлшгүй хийх ёстой гээд зээл авах ёстой юм уу, аль эсвэл тодорхой хэмжээнд зарлагуудаа багасгах уу. Сая Засгийн газар байгуулахад дэд сайдын орон тоог байхгүй болговол урсгал зардал дээр хэдэн арван тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой гэдгийг зарим нэг гишүүд ярилаа. Цаашлаад Хэнтий аймаг гэхэд 2020 оны төсвийн хөрөнгө оруулалт 240 орчим тэрбум төгрөг тавигдсан байна лээ. Үүнийг хэмнэх ёстой. Дэлхийн болон олон улсын аялал жуулчлалын салбар эргэж хөл дээрээ босохын тулд эргээд бидэнд хоёроос гурван жил шаардлагатай. Тиймээс өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа экспортын үйлдвэрлэлүүдээ бий болгох асуудал дээрээ анхаарах ёстой.