Өмнөд Монголын нийслэл Хөх хотод очсон эхний өдрөө тэндхийн эмнэлгээр
явлаа. Хөх хотыг зорьж буй монголчууд худалдаа наймаа гэхээсээ илүүтэй эмнэлэгт
үзүүлж, эмчилгээ хийлгэх гэж очдог. Очсон хүн бүр Анагаахын их сургуулийн харьяа
нэгдүгээр эмнэлгийг мэднэ дээ. Хятадаар фу шу и юань гэхэд аль ч таксины жолооч
олоод очно. Хотынхоо баруун зах руу болохоор эмнэлгийн эргэн тойронд өндөр байшин
байхгүй. Сүндэрлэн буй хорин хэдэн давхар ганцхан байшин бий нь нэгдүгээр эмнэлгийн
төв байр. Тойроод дөрөв, таван давхар бүхий байшинтай. Бүгд тус эмнэлгийн тасаг.
Энд анх үзүүлэхээр очсон хүн Монголд үйлчлэх төв дээр яваад очиход ерөнхий чиг баримжаагаа
авчихна шүү. Тэнд саадгүй хэл нэвтрэлцэх өмнөд монголчууд хүлээгээд авна. Эмнэлгийн
орчуулга хийх, анхан шатны тусламж үзүүлэх хэмжээний мэдлэгтэй хөтөч-сувилагч тосож
ирээд сайн найз аа, юу өвдсөн бэ гэдэг. Эмнэлгийн дотоод зарчим манайхтай яг ижил.
Зүрх өвдлөө гэхэд зүрхний эмчдээ эхлээд үзүүлнэ. Тэгээд эмчийн бичиж өгсөн шаардлагатай
шинжилгээнүүдийг өгнө. Тэгээд л оношоо тодорхойлж аваад эмчилгээгээ эхэлнэ дээ.
Юу өвдсөн, ямар эмчилгээ хийлгэхээс хамаараад үнэ нь харилцан адилгүй. Шинжилгээнүүд
нь санасныг бодвол тэнгэрт хадсан үнэтэй биш.
Судсанд тариа хийж байгаад шинжилдэг цөмийн оношилгооны аппаратын
шинжилгээ хамгийн үнэтэй нь. 10 мянган юань буюу манайхаар 2.9 сая төгрөг болно.
Бусад нь ерөнхийдөө боломжийн үнэтэй. Ер нь Хөх хот руу ирж буцах хоёр талын замын
зардал, очоод байрлах зочид буудал, идэх хоол, унаа хөсөгний зардал, эмнэлгийн бүх
төрлийн шинжилгээ өгөөд, тэндээ таваас долоо хононо гэж тооцоолоход таван сая төгрөг
хангалттай.
Ийм хэмжээний мөнгөтэй явахад бүр ганц нэг дэлгүүрээр ч ороод ирж
болох байх шүү. Харин эмчилгээ хийлгэх харилцан адилгүй юм билээ. Жишээлбэл хорт
хавдар авахуулах мэс заслын өртөг адилгүй. Аль эрхтний, хэддүгээр үедээ байгаа хавдар
вэ гэдгээсээ хамаарна. Ходоодны хорт хавдартай, тэр нь нэг, хоёрдугаар шатандаа
байлаа гэхэд 10 сая орчим төгрөгөөр мэс засал хийлгэнэ. Гэхдээ үүнд бүх зардал шингээгүй.
Тариа хийлгэлээ гэхэд тарианыхаа мөнгийг төлнө. Бас нэг удаагийн зүүний мөнгө гээд
хэдэн юань өгөх болдог.
Манайхан шиг нэг дор эмнэлгийн
төлбөр гээд авчихна гэх зүйлгүй. Хэн, юу хэрэглэж байгаа зардлаа дор дор нь төлөөд
явдаг ажээ. Эмнэлгийн эргэн тойронд зочид буудал зэрэглэл зэрэглэлээрээ бий. Гуч,
дөчин юанийн хоног төөрүүлчихээр тааруухан буудал байхад яг хажууд нь төдөн одтой
гэх буудлууд ч байгаа. Хөдөөнөөс ирээд ганцхан өдрийн үзлэг, шинжилгээ өгөх хүмүүс
хямдхан буудлууддаа буучихна. Олон өдөр эмчилгээ хийлгэх, тав тухыг эрхэмлэсэн хүмүүс
200-400 юань төлөөд хоёр, гурван одтой гайгүй шиг буудалд буух боломжтой. Ингээд
хорт хавдрын талаар Хөх хотын Анагаахын их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн
Туяаны тасгийн эрхлэгч Жиа Юү Лингтэй ярилцлага хийснээ хүргэе. Бидний яриаг Анагаахын
их сургуулийн ерөнхий мэс заслын чиглэлийн магистрант Б.Оюунгэрэл орчуулж өгсөн
юм.
-Монголчууд Хөх хотод, тэр дундаа танай эмнэлгийг зорин ирж
эмчлүүлдэг. Эмчилгээ сайн байдаг нь тоног төхөөрөмждөө байна уу, эмч нарын мэдлэг
чадвартай холбоотой юу?
-Манай эмнэлгийн, тэр дундаа туяаны
тасгийн эмчилгээ улсдаа хамгийн сайн нь. Манай эмнэлэгт дотоод гадаадын хүмүүс ирж
эмчлүүлдэг. Тэр ч үүднээсээ янз бүрийн өвчтэй хүмүүс ирдэг. Ийм хүмүүстэй нүүр тулж
ажиллана гэдэг эмч нарт маш их туршлага болдог юм. Манайд ажиллаж буй эмч нар хамгийн
багадаа магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Бас Хятадын хамгийн сайн гэсэн эмнэлэгт
очиж туршлага судалж, суралцсан байдаг. Хэрэглэж буй тоног төхөөрөмжийн тухайд олон
улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөнийг ашигладаг. Манай тасагт монгол
өвчтөн тийм ч олон биш. Харин бусад тасгуудад байгаа шүү.
-Анагаах ухаан сүүлийн үед ямар ололттой байгаа вэ. Эмчлэгдэхгүй
өвчин гэж байна уу?
-Анагаахын шинжлэх ухаан хорт
хавдрыг бүрэн эмчилдэг болсон. Хорт хавдрууд дундаас хөхний, хамрын хөндийн, тархины,
умайн хүзүүнийхийг маш сайн эмчилдэг болсон. Энэ бол ололт. Гэхдээ ямар шатанд байгаагаас
бүх зүйл шалтгаална. Сүүлийн шатандаа буюу бүх биеэр үсэрхийлчихсэн байвал хэцүү.
Мэдээж хэрэг эрт мэдэх тусмаа эдгэх магадлал өндөр болдог.
-Хорт хавдар үнэхээр бүрэн эмчлэгдэх үү?
-Хорт хавдар эхний шатандаа барагтай
бол зовиур өгдөггүй. Эрүүл саруул хүн шиг зүв зүгээр яваад л байдаг. Тиймээс нэгдүгээр
шатанд мэдэх нь ховор. Гэнэт бие нь муудаад ч юмуу эмнэлэгт хандахад хорт хавдрын
сүүлийн шатанд очсон байх нь олон. Биед нь ямар нэгэн зовиур байхгүй бол хүмүүс
эмнэлэгт хандаад, шинжилгээ өгөөд байдаггүй шүү дээ. Тэгэхээр эрт илрүүлж чадахгүй
байгаа юм. Манай тасагт голдуу дундаас дээш, сүүлийн шатандаа орсон хүмүүс ирж эмчлүүлдэг.
Хэрэв хорт хавдрыг эрт мэдэж, эмчилгээ эхлүүлбэл эерэг үр дүнд хүрнэ.
-Хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ер нь яавал
хорт хавдар тусахгүй байх вэ?
-Манай эмнэлэгт иж бүрэн шинжилгээ
хийдэг тасаг бий. Тэнд хүссэн хүмүүс шинжилгээ хийлгэж болно. Жилдээ нэг удаа урьдчилан
сэргийлэх үзлэгт орж байвал сайн. Ийм үзлэгээр хавдартай байлаа гэхэд эрт мэдэх
боломжтой. Ингэснээр цааш үсэрхийлэхээс сэргийлэх юм. Харин хорт хавдраас урьдчилан
сэргийлэх хэцүү. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж байгаа хоол хүнсээс
их зүйл шалтгаалдаг. Тийм болохоор шүдний өвчинтэй адил хоол идсэнийхээ дараа амаа
сайн угаа гэх мэт зөвөлгөө өгвөл өрөөсгөл ойлголт болно.
-Хорт хавдар туссан хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй
болдог. Ийм өвчтэй хүмүүс өөрөө өөртөө яаж тусалж болох вэ?
-Хорт хавдар туссан хүмүүсийг,
тэдний гэр бүлийг анзаараад байхад ганцхан зүйл голлодог. Юу вэ гэхээр тухайн өвчтөн
хорт хавдартай болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлдэггүй. Нуугаач гэж эмч нараас
гуйдаг. Учир нь цаад хүнээ сэтгэл санаагаар унаж өвчнөө дийлэхгүй болчихно гэж боддог.
Тиймээс хорт хавдартай хүмүүсийн ихэнх нь ямар өвчин туссан, эсвэл хэддүгээр шатандаа
явж байгаагаа мэддэггүй. Эсвэл хорт хавдар тусчихаад гэрийнхнээсээ нуух гээд байдаг.
Гэтэл эмчийн зүгээс харахаар ямар өвчин туссан бэ гэдгийг өвчтөнд шууд хэлсэн нь
дээр байдаг. Та ийм өвчин туссан, одоо ийм эмчилгээ хийлгэж үр дүнд хүрч эдгэх ёстой
гэдгийг тодорхой хэлчихмээр байдаг юм. Өвчнийх нь үе шат, мэдэхийг хүссэн бүгдийг
хэлж ойлгуулан сэтгэл санааг нь бэлдээд өвчнийг хамтдаа даван туулах ёстой. Гэтэл
хүмүүс мэс засал хийлгээд бие сайхан болчихоод байхад дахин дахин эмчилгээ хийж
намайг зовоогоод байна гэж боддог. Уг нь тухайн хүн өвчнийхөө талаар бүрэн мэдээлэлтэй
байж ямар эмчилгээ хийлгэвэл өөрт нь хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байвал зүгээр. Тэгээд
ч одоо бол XXI зуун. Анагаахын шинжлэх ухаан баргийн өвчнийг ялдаг болсон байна.
Хорт хавдар л гэхэд маш олон төрөлтэй. Дөрвөн үе шаттай. Аль ч хавдрыг эхний нэг,
хоёрдугаар шатанд нь эмчилж болдог. Дунд болон сүүлийн шатны хавдрыг ч эмчилж байна.
Эцсийн шатандаа ороод бүх биеэр үсэрхийлчихээгүй л бол эмчилгээ бий. Найдвар байгаа
гэсэн үг.
-Хорт хавдрын дараахь эмчилгээг ямар хугацаанд хийлгэх ёстой
байдаг юм бэ?
-Мэс засал хийсний дараа эхний
хоёр шатны хавдар бол химийн эмчилгээ хийх үү, үгүй юу гэдгийг шийддэг. Химийн эмчилгээг
бүх өвчтөнд ч хийгээд байдаггүй. Хавдрыг үсэрхийлэхээс сэргийлж хийдэг. Туяа эмчилгээг
ч бас хорт хавдартай хүн бүрт хийхгүй. Жишээлбэл, залгиур эрхтний хавдартай хүнд
мэс засал хийхэд өвчтөн дараа нь ярьж чадахаа больдог. Харин туяа эмчилгээгээр хавдрыг
шарж аюулгүй болгодог. Ингэснээр тухайн өвчтөн ярьж чаддаг хэвээрээ үлдэнэ. Бас
хорт хавдартай хүнд мэс засал хийхдээ өөрөөс нь болон ар гэрийнхнээс нь зөвшөөрөл
авдаг. Мэс засал хийлгэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд туяа эмчилгээ хийлгэдэг юм.
Бас биеийн байдлаас нь хамаарч мэс засал даахааргүй хүмүүст туяа эмчилгээ хийнэ.
-Манай улсад хорт хавдрыг уламжлалт эмчилгээгээр, бас энергиэр
эмчилнэ гэх хүмүүс байдаг. Ийм аргаар эмчлэх боломж байдаг уу?
-Энерги, эсвэл уламжлалт аргаар
эмчилнэ гэдэг тухайн өвчний дархлааг сайжруулах төдий л байдаг. Өвчтэй хүмүүсийн
биеийн эсэргүүцлийг сайжруулах, бүх биеийн тамирыг сэргээхэд л дэм болдог байх.
Түүнээс биш зөвхөн тан уугаад, энерги аваад хорт хавдрыг эмчилнэ гэдэг бүтэшгүй
зүйл. Иймэрхүү эмчилгээ хорт хавдрыг бүрэн эмчилж болно гэдгийг анагаах ухаан батлаагүй
байгаа шүү дээ. Харин хавсран эмчилж байж үр дүнд хүрнэ. Хэрэв уламжлалт анагаах
ухаан, бас төрөл бүрийн энергийн эмчилгээнд итгэдэг хүмүүс байвал хорт хавдрын үндсэн
эмчилгээтэй хослуулж болох юм.
-Танай эмнэлэгт оношлогдохгүй өвчтэй хүмүүс ирдэг үү. Ийм
үед яадаг вэ?
-Ерөнхийдөө бүх өвчнийг оношилж,
бас эмчилж болно. Манай эмнэлэгт шаардлагатай бүх л тоног төхөөрөмж бий. Тиймээс
хэрэгтэй гэсэн шинжилгээнүүдээ авдаг. Тэгэхээр ямар ч өвчнийг оношилж чадна гэсэн
үг.
-Танай эндхийн эмнэлэгт гадаад эмч нар байдаг уу. Гадныхантай
туршлага солилцдог уу?
-Байхгүй. Гаднаас эмч нар урьж
хичээл заалгах үе бол байна. Эмнэлгүүдэд дандаа хятад, өвөр монгол эмч ажилладаг.
Туршлага солилцохын тухайд гэвэл гадаад руу зорьж явдаггүй. Энд хичээл заахаар
ирсэн эмч нартай л санал солилцдог юм.
-Та нар сүүлийн үеийн ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг юм бэ?
-Хамгийн сүүлийн үеийн голдуу
Германд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж хэрэглэдэг.
-10 жилийн өмнө эмчилж чадахгүй байсныг одоо үед эмчилж байгаа
тохиолдол байна уу. Ямар өвчин байна вэ?
-Арван жилийн өмнөхийг одоотой
харьцуулбал мэдээж хэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөсөө авахуулаад эмч нарын дадлага
туршлага, ур чадвар, мэдлэг гээд бүх л зүйл сайжирсан. Тиймээс өвчтөний амьдрах
хугацааг уртасгаж чаддаг болсон. Ямар ч эмчилгээгүй болсон хүнийг таван жил амьдруулдаг
байсан бол одоо 10 жил амьдруулах боломжтой болсон.
-Гаднаас ажиллах санал ирдэг үү?
-Уривал Монголд очиж ажиллаж болно
шүү.
-Эндхийн эмч нарыг хараад байхад ихэнх цагийг эмнэлэг дээрээ
өнгөрүүлэх юм?
-Би өглөө долоон цагт ирээд ажилдаа
ордог. Өдөр 12-14 цагийн хооронд амарна. Өвчтөн ихтэй үед амрах цаг гардаггүй. Орой
17 цагт тараад гэртээ харьдаг. Гэртээ бол зурагт үзнэ, гадуур гарч найз нөхөдтэйгээ
уулзана. Хүнд гайхуулах зүйлгүй энгийн л амьдрал.
-Та хаана ямар сургууль төгссөн юм бэ?
-Би 1982 онд Бугат хотод анагаах
ухааны их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Бугатынхаа эмнэлэгт ажиллаж байгаад
1995 онд энд ажиллаж байна. Анх залуухан эмч ирээд тасгийнхаа эмчээр ажиллаж байлаа.
Одоо бол тасгийн эрхлэгч.
С.АЛТАНЦЭЦЭГ