Categories
мэдээ цаг-үе

Монгол наадам бидний бахархал болоод зогсохгүй үндэстнийг нэгтгэдэг байх ёстой

Өдрийн сонины 2015.07.05-ны архиваас

Дэлгэр хангайн наадам

Дэнж хотойлгон эхлэв

Дээд тэнгэрийн нарыг

Газарт дэвсэн эхлэв гэж ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн монгол наадмаа шүлэглэжээ. Үнэхээр ч Монголын наадам хурц тод өнгө алаглуулж, хурд хүчийг бахдуулсан эрч хүчний цогц нийлбэр байдаг. Байгаль дэлхий цэцэглэн найгах нь наадамчин олны өнгө өнгийн гоёлтой хосолж монгол наадмыг цогцлоодог. Төв Азийн өндөрлөгт хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын наадам дэлхий дэлгэрэх цагаар болдог ганцхан баяр. Намар, өвөл, хаврын тарчиг цагийн хүйтэн салхийг мартан сэтгэл тэнэгэр баясахаар нүүдэлчин олон хуран цуглаж монгол наадмаа хийдэг билээ. Монголын наадам дэлхийн баяруудтай эн тэнцүү алдар цуутай болдог болсон. Дэлхийн наадам гэж юуг хэлээд байна вэ гэхээр Бразилийн самба бүжиг, Испанийн бухтай тулаан,Венецийн багт наадам гэх мэт дэлхийг донсолгосон баяруудыг хэлж байна. Эдгээр баярыг үзэхээр орон орны хүмүүс цуглаж тухайн үндэстний баярыг улам бүр чимдэг. Монгол наадам эдгээр баярын нэгд гарцаагүй тооцогдоно. Баярын жавхааг илтгэсэн хурц тод өнгө, эрэмгий зоригт зон олны эрч хүчийг монгол наадмаас мэдэрдэг. Ингэж дэлхийн анхааралд эрхгүй өртдөг эрийн гурван наадмаа одоо улам өргөжүүлмээр байна. Нэг талаас төрт ёсны их баяр наадам байхын зэрэгцээ нийтийг хамарсан цэнгүүн болгох хэрэгтэй. Хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын цэц булаалдах гэдэг бол ямар ч хүний сонирхлыг эрхгүй татаж сэтгэлийг хөдөлгөнө. Тавхан настай хүүхдийг 40 км цагийн хурдтай давхих морин дээр мордуулна гэдэг нэг талаасаа хүний санаанд багтамгүй үйлдэл. Гэхдээ морин дэл дээр өссөн монгол түмэн бидний хэн ч үүнийг аймшигтай гэж хардаггүй. Үүнийг харсан гадаадын ямар ч хүний сэтгэл түгшиж , амьд ирэх болов уу гэж эрхгүй боддог юм. Бас бахдан биширч хүндэлнэ. Гарааны зурхайгаас тэнхээ мэдэн урагш зүтгэх адгуусны ширүүн өрсөлдөөн дунд хүүхэд ойчих нь бий. Түмэн агтны туурайн дунд чулуу шиг шидэгдэн газар өнхрөөд босохдоо хүүхэд ганц ч шалбархайгүй үлддэг. Ихэнх тохиолдолд адуу яаж ч давхиж байсан хүүхэд дээр гишгэдэггүй, гэмтээдэггүй. Ийм уралдааныг хүмүүс сонирхохоос ч аргагүй. Монгол үндэсний бөх ч мөн ялгаагүй. 70 кг жинтэй залуу өөрөөсөө хоёр дахин том биетэй эрийн өөдөөс тэмцэлдэнэ. Бүр тэрийгээ уран мэхээр унагаж чадаж байгаа авхаалж самбаа, хурд хүч, бяр тэнхээг үзэхгүй өнгөрч боломгүй.

Сур харвааг монголчуудаас илүүтэй гадныхан шимтэн үздэг. 40 метрийн зайнаас нумаа эвшээлгэн сумаа тавих монгол харваач баатар эр шиг л санагддаг. Энэ бүгд үнэхээр үзүүштэй. Наадамчин олны уухайн дунд тэмцэлдэх монгол наадмаа одоо улам сонирхолтой болгомоор байгаа юм. Нэмж хөгжүүлээд дэлхийд алдаршуулах хэрэгтэй. Монгол төрийн наадмыг үзээгүй бол гадаадад аялахын хэрэггүй болох мэт хэмжээнд аваачмаар байна. Ийм болгохын тулд ямар тэмцээн нэмэх, юугаар хөгжөөх вэ гэдгийг олон нийтийн дунд хэлэлцэх нь зүйтэй. Ингэж улам бүр хөгжүүлэн наадамчин олны сонирхлыг татаж дэлхий нийт монгол наадмыг тэсэн ядан хүлээдэг болгоход хэцүү зүйл үгүй мэт. Түүхтэйгээ холбоод бодохоор хамгийн түрүүнд Чингэсийн цэргийн байлдаан шиг зүйл хиймээр санагддаг. Наадмаас хэдэн сарын өмнө баг гаргаад түүнийгээ аравт, зуутаар нь хувааж байгаад байлдвал сонирхолтой байж мэднэ. Гэхдээ мэдээж хэрэг бие биенийгээ хядалгүйгээр орчин үетэй нийцүүлэн зохиоход буруудахгүй. Хэдэн сарын өмнөөс олон багийн дунд тэмцээн зохион байгуулаад тунасан хүмүүсийг үлдээх хэрэгтэй. Тэд хамгийн сүүлийн тулаанаа наадамчин олны өмнө хийгээд тухайн жилийнхээ баатрыг тодруулдаг байж яагаад болохгүй гэж. Морины давхил дунд цэц мэргэнээ шалган харвах, хоорондоо модон сэлмээр тулалдах зэргээр үзэгчдийн цөсийг хөөргөж болно. Ялагчийн шагналыг театрчилсан хэлбэрээр гардуулах уран сэтгэмж цагаа тулбал зөндөө олдоно. Үгүйдээ л гэхэд хамгийн гоо, үзэсгэлэнтэй охиныг тавцан дээр суулгаад ялагчид үнсэлт бэлэглэж болж байна. Ийм тулаанд эрчүүд ямар дуртай орох бол. Ингэж эрэлхэг Монголын баатарлаг эрсийн сүр хүчийг харуулсан уралдаан, тэмцээн зохион байгуулж наадмаа дэлгэрүүлмээр байгаа юм. Тэмцээнүүд олны сонирхлыг татахын зэрэгцээ монгол туургатны онцлогийг шингээсэн, үндэстний нэгдэлд эерэг нөлөө үзүүлэх ёстой. Үүний хажуугаар урлагийн маш гоё цэнгүүн зохион байгуулж болно. Дэлхийг шуугиулаад байгаа “Хөсөгтөн” хамтлагаас эхлээд Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар наадмаар тоглолт хийвэл ямар олон хүн үзэх бол. Дараа, дараагийн жил тэднийг давсан дуучид гараад л ирнэ. Монгол наадмын үеэр урлагийн алдартнуудаараа гоёсон дэлхийн хэмжээний гайхалтай шоу зохион байгуулдаг болъё. Ингэж наадмаа түшиглэсэн урлагийн цэнгүүн, асар том шоу бизнесийг хөгжүүлэх боломж бидэнд байгаа. Телевизүүд тухайн жилийн наадмыг шууд дамжуулах эрх авахын тулд өндөр технологиор өрсөлдөх хэрэгтэй. Наадмын арга хэмжээг мэргэшсэн хөтлөгчөөр хөтлүүлж, тэдэнд өндөр хөлс төлдөг хэмжээнд очмоор байна. Монгол наадмыг сурвалжлах эрх олимпийн наадмыг сурвалжлахын дайтай үнэ цэнэтэй болтол нь наадмаа хөгжүүлмээр байгаа юм.

Үүний зэрэгцээ монгол наадмыг хилийн чанадад зохион байгуулдгийг болиулъя. Хаа газрын монгол үндэстэн эх орондоо л наадамладаг байх ёстой. Америкт, Японд амьдарч буй монголчуудын наадмыг тэндхийн иргэд дэргэдээсээ үзэх биш Улаанбаатар руу зорин ирдэг байх хэрэгтэй. Туурга тусгаар Монгол Улсын иргэд ингэж нааддаг юм байна гэдгийг харахаар, бидэнтэй хамт баярлахаар дэлхийн аль ч өнцгөөс манайхыг зорин ирдэг болгоё. Наадам гэлтгүй “Алтаргана”, Эв модны наадам зэрэг монгол үндэстэнтэй холбоотой бүх л баярыг эх орондоо зохиохыг дэмжих ёстой. Яагаад гэвэл монгол үндэстний гал голомт нь Монгол Улс юм. Ингэж наадмаа алдаршуулахын зэрэгцээ Монголын өргөн уудам тал нутагт үндэстэн нэгтнээ ирж амьдрахад тус нэмэр болох олон давхар бодлоготой болмоор байна. Төрт ёсны их баяр наадам бидний бахархал болоод зогсохгүй монгол үндэстнийг нэгтгэдэг байх ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгаан бороохойн үе дуусч, цахим бороохойн эрин эхэлж байна

Нийгмийн дэг журам, ёс суртахууныг цагдаагийн хүчээр буюу цахилгаан бороохойгоор зохицуулдаг байлаа. Цагдаа байхгүй бол юу ч хийж болдог, байвал эмх журамтай, ёс суртахуунтай байдаг үе байсан. Энэ үеийг цахилгаан бороохойн үе гэж хэлээд байгаа юм. Одоо тийм биш болж цахим бороохойн эрин эхэлж байна. Юу гэсэн үг вэ гэхээр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийг хэлж буй хэрэг. Орчин үед хаа нэгтээ явахдаа ёс суртахууны доголдол гаргавал хөндлөнгийн хэн нэгэн гар утсаараа зургийг нь авчихдаг болсон. Байшингийн булан тохойд бие засах, машиныхаа цонхоор хог хаях, зүлгэн дээр машинаа байрлуулах тохиолдолд үйлдэл дээрээ баригдана гэсэн үг. Цагдаа байсан, байгаагүй нь ер хамаагүй. Зөрөн өнгөрч байгаа хэн дуртай нь ёс суртахуунгүй аашилж байгааг чинь баримтжуулаад олон нийтэд мэдээлдэг болчихож. Утасныхаа 3G сүлжээг асааж байгаад л твиттер, фэйсбүүк, дуртай вэб хуудсандаа байршуулчихна. Үгүй ядаж л байгууллага бүр утасгүй интернэттэй болсон болохоор дурын цайны газар ороод л ёс суртахуунгүй авирлагчийн зургийг тавина. Нэг ёсондоо буруу үйлдэл хийсэн хүнийг эргэж харахын завдалгүй түмэнд зарлачихаж байгаа юм. Иймэрхүү зураг олны анхааралд хүрэхдээ тун хурдан. Захын хүн найз нөхдөдөө түгээж “Энийг хар даа, ичээсэй” гэлцдэг. Бас зургийнх нь дор гаргасан үйлдэлд нь тохирсон муухай үгээр доромжилж, газар дор ортол нь муулж байгаа юм. Хэрэв таньдаг хүн нь байвал утас руу нь залгаад “Ичиж үхээч ээ” гэсээр байж суухын эцэсгүй болгоно. Эргэн тойрных нь байтугай таньж мэдэхгүй хүмүүс энэ мэтээр чичлээд байхаар цагдаа, цахилгаан бороохойгоос долоон дор болж байгаа юм. Ингэж нийгэмд ёс суртахуун, сахилга батыг ил тод зарлачихаар цагдаатай цагдаагүй биеэ зөв авч явахгүй бол болохгүй болжээ. Цагдаа харагдвал хүн зодохоо болиод, байхгүйд нь дээрэлхдэг үе ард хоцорч байна гэсэн үг. Цагдаагийн нүднээс далд хийсэн зүй бус үйлдлийг баримтжуулаад олонд дэлгэдэг цахим бороохойн эрин эхэлж байна. Цахим бороохойн үе нийгмийг сайнаар ч босгож чадна, муугаар ч эргүүлж чадна. Тэгэхээр хувь хүмүүс ёс журамтайгаар биеэ зөв авч явах хэрэгтэй болжээ. Хүн хараагүй байгаа юм чинь гээд ил задгайгаар хогоо хаяж болохгүй болсон байна. Яагаад гэвэл дэргэдүүр чинь хурдтай өнгөрч байгаа автомашин дотроос зургийг чинь авч байгаа. Тэгэхээр үй олон дуран таныг харж байгаа гэж ойлгон биеэ цэнэж яваарай. Тэгэхгүй бол нэг л эвгүй үйлдэл чинь танд муу нэр зүүлгэнэ. Ийм цаг үед амьдарч байгаагаа хүн бүр мэдрэх хэрэгтэй. Одоохондоо олон нийт хараахан бүрэн гүйцэд мэдэрч эхлээгүй байна. Мэддэг, мэдэрдэг болох хэрэгтэй.

Америкт хүмүүс хоорондоо харилцахдаа их эвтэй байдаг. Зам тавьж өгөөгүй нэгийг тийм ч амархан ална, хядна гэж орилдоггүй. Нэгийнхээ өмнүүр орох гэж ухаан жолоогүй зүтгэхийн оронд зам тавьж өгөөд эелдгээр инээмсэглэдэг. Санамсаргүй хөл дээр чинь гишгэсэн хүнийг “Замаа харж яваач, мал аа” гэж доромжилдоггүй. Яагаад гэвэл хэн нэгнийг доромжилж, эрх чөлөөнд нь халдвал өнөөх нь гар буу гаргаж ирээд буудчихдаг юм. Ийм болохоор нэгийгээ дээрэлхэхийн аргагүй. Энэ буутай болов уу, тэрэнд байхгүй болов уу гэж таамаглахын эцэсгүй.

Харин манайд нэгийгээ энэ муу ядуу гуйлгачин, чадалгүй амьтан гэж бодоод айхтар дээрэлхэж байгаа харагддаг. Цагдаа, шүүхэд танил тал байхад энэ мууг яасан ч болно гэж сэтгээд аль муухайгаар доромжлоод байна. Бүр насаар нь дээрэлхэж байгаа тохиолдол ч бий. Доромжлуулж байгаад нь нээрээ л санаж, сарвайх хүн байхгүй. Залуу нь хөгшнөө, хөгшин нь хүүхдээ амандаа орсон аль муухай үгээр гутаан доромжилж болоод байна. Одоо харин ийм цаг өнгөрчээ. Бусдад уурласан уураа дорой нэгэнд гарган элдвээр хашгирч байвал хажууд байгаа хүн чинь гар утсаараа бичиж аваад “Youtube” хуудсанд байрлуулчихна. Албан тушаалаараа сүрдүүлэн ажилтнаа цохиод авбал хэдхэн хормын дараа л таныг олон нийт харааж зүхнэ. Энэ бол гар буунаас ч аюултай “зэвсэг”. Нэг ёсондоо иргэн бүр цахим гар буутай болчихлоо гэсэн үг. Үүнийг ойлгож биеэ зөв авч явахаас өөр аргагүй цаг үе иржээ.

Дээрэлхүү зангаасаа болж эвгүй байдалд орон, хичээж олсон сайн нэрээ салхинд хийсгэдэг жишээ ч байна. Гурван жилийн өмнө улсын харцага Г.Намсрайжав “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд зам дээр замын цагдааг дээрэлхсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа Г.Намсрайжав харцагад шаардлага тавьсны улмаас зодуулж байлаа. Юу болсныг нэгд нэгэнгүй харуулсан бичлэг цахим ертөнцөд дэлгэгдсэнээр шуугиан тарьсан даа. Хуулийн байгууллагынхан шалгаж үзээд ёс зүйгүй авирласан түүнд гурван сарын хорих ял оноосон юм. Магадгүй өөрөө бол хэдхэн сар баривчлагдах ялаар шийтгүүлээд өнгөрлөө гэж боддог байх. Гэтэл үнэндээ тэр бичлэг Г.Намсрайжав харцагад насан туршид нь тамгалагдаж үлдсэн шүү дээ. Улсын харцага Г.Намсрайжавыг таних уу гэж захын хүнээс асуувал “Нөгөө цагдаа зоддог уу” гэх байх. Түүгээр ч үл барам ач, зээ нь өвөөгийнхөө тухай цахим ертөнцөөс мэдээлэл хайвал цагдаа зодож буй бичлэг хамгийн түрүүнд гараад л ирнэ. Ийм шийтгэл хамгийн аймаар. Баривчлагдаад өнгөрөх тухайн цаг үеийнх байдаг бол цахим ертөнцөд тамгалагдаж үлдэнэ гэдэг нэгэн насных болж байгаа юм. Ёстой нэг хусавч үл арилна гэдэг нь болох байх. Бид ийм л цаг үед амьдарч байна. Цахилгаан бороохойны үе дуусаж цахим бороохойны эрин эхэллээ гэдэг энэ. Гэхдээ цахим сүлжээнд зөвхөн мэдээлээд орхичихдог. Тэнд ийм хүнийг ингэж дээрэлхсэн байна гэдгийг олон нийтэд харуулаад өнгөрчихнө. Үнэн зөвийг магадлах гэж явдаггүй. Түүний араас сонины сэтгүүлчид явдаг юм. Араас нь очоод ямар хүн байв, юунаас болсон бэ гэдгийг гаргаж ирдэг.

Цагдаагийн дүрэмт хувцастай хүн иргэнийг зодлоо гэхэд маргааш нь сониныхон очдог. Хан-Уул дүүргийн тэр тасгийн тийм цагдаа байжээ гэдгийг олонд мэдэгддэг юм. Цахим ертөнц сонин хоёрт ийм ялгаа бий. Тэгэхээр сонин, цахим ертөнц хоёр хослоод ирэхийн цагт орчин үеийн нийгэм зэвсэглэл-засаглал болон хөгжиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх МАН-ын хагаралд цэг тавив уу, эсвэл бүр шинээр эхлүүлэв үү

МАН-ын Их, бага хурал өнгөрсөн долоо хоногт болж намын дарга, удирдах зөвлөл болон бага хурлын гишүүдээ огцруулж шинээр томиллоо. Нэг ёсондоо намын бүх шатны аппаратад ажилласан хүмүүст Ерөнхийлөгчийн сонгуульд “өвдөг шороодсоны” хариуцлага хүлээлгэв. Долоо хоногийн эхэнд болсон Их хурлаар намын даргыг сонгосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж У.Хүрэлсүх ялалт байгуулав. Энэ хоёртой МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байсан ч нэрээ татсан. Мөн “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг гэж бүсгүй даргын суудалд нэр дэвших хүсэлтэй байсан ч МАН-ын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй учраас түүнийг өрсөлдүүлэх битгий хэл Их хурал руу ч оруулсангүй.Даргын сонгуулийн үеэр У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар бие биеэсээ уучлал гуйсан маягтай үг хэлж буруугаа хүлээж байсан. Өнгөрөгч намраас хойш хоёр тийшээ харчихаад байсан тэднийг ийн уучлал гуйхад нь Их хурлын төлөөлөгчид алга нижигнүүлэн ташиж байлаа. Тэдний хэлсэн үгнээс МАН-ынхан үнэхээр эвлэрэх нь үү гэж анзаарагдаж байсан ч төд удалгүй худлаа болох нь батлагдсан юм.Учир нь Бага хурлын төлөөлөгчдийг огцруулж шинээр томилох үед тэр чигтээ У.Хүрэлсүхийн фракцийнхны нэр орж ирэв. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн оруулж ирсэн энэхүү нэр Их хурлын төлөөлөгчдийн хэрүүлийн алим болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь МАН-ын хамаг л тулхтай гэгддэг гишүүдийг хасаж оронд нь нийгэмд бүү хэл нам дотроо ч танигдаагүй шинэ хүмүүс оруулж иржээ. Үүнээс болоод нэлээн ширүүн маргаан өрнөсөн гэнэ. Нэг үгээр хэлбэл У.Хүрэлсүх нэгэнт хөдөлснийх гээд хотын фракцийг тэр чигт нь нам дарж авахыг оролдож буй нь илт байлаа. Бага хурлын гишүүнээс Г.Мөнхбаяр, Т.Билэгт нарыг хассан нь шуугиан дэгдээсэн юм.У.Хүрэлсүхийг ийн хэтэрхий шунаж буйг нөгөө талынхан нь таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой учраас эхлээд хэрэлдэж байгаад сүүлдээ бүр хэсэг залуус хоёр талцан зодолдсон сурагтай байна лээ. Зодооны үеэр нэгийгээ багагүй хүнд гэмтээж арай хийн хоёр тийш болсон гэж эх сурвалжууд ярьж байв. Гэсэн ч У.Хүрэлсүх санасандаа хүрч Бага хурлын 369 гишүүний бараг дал, наяад хувийг өөрийн фракциас томилж чадлаа. Дараа нь үргэлжлүүлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үед хоёр дахь хэрүүл эхэлжээ. МАН-ынхан нэгэнт хариуцлага тооцно гэж байгаа бол бүх шатанд буюу намын даргаас эхлээд Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийг хүртэл чөлөөлсөн мөртлөө хамгийн түрүүнд ажлаа өгөх ёстой Ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн нь олны эгдүүцлийг төрүүлсэн. Уг нь үнэхээр намдаа шинэчлэл хийж, шат шатанд хариуцлага хүлээлгэх гэж байгаа юм бол намын дарга, генсек хоёроосоо эхлэх ёстой байсан. МАН-ынхан төдийгүй нийгэм ч ингэж харж байлаа.

Гэтэл У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланд хариуцлага хүлээлгэх нь битгий хэл түүнийг урамшуулж, шагнал хүртээв. Түүнтэй хамт сонгуулийн үеэр нэг баг болж ажиллаж байсан бусад бүх хүн нь албан тушаалаасаа огцорч байхад яагаад тэр ганцаараа тунаж үлдэж байгаа юм бэ гэж намын гишүүд нь ярьж байна лээ. Албан тушаалдаа ганцаараа тунаж үлдсэн түүнийг М.Энхболдыг унагах ажлыг гардан хийсэн учраас шагналаа хүртсэн гэж МАН-ынхан ярьж байна. Генсекийг ийнхүү албан тушаалдаа үлдэж байгаатай холбогдуулан 32-ын зүгээс У.Хүрэлсүхийн хөөрөгдлийг дарах хэрэгтэй юм байна гэх зүйл яригдаж эхэлжээ. Энэ яриаг Удирдах зөвлөлийн гишүүдийн томилгоо бүр дэвэргэсэн болов уу. Удирдах зөвлөлийн 29 гишүүнд хотын фракциас бараг л ганц М.Энхболд үлдсэн болов уу. Хасагдсан хүмүүс гэвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд тэргүүтнүүд. Уг нь тэдний ихэнхийг МАН-ын тулхтай, туршлагатай гишүүд гэдэг ч У.Хүрэлсүх тэднийг намынхаа Удирдах зөвлөлд багтаасангүй. Иймэрхүү шийдвэр гаргаснаар МАН-ын Их, Бага хурал дууслаа.

У.Хүрэлсүх ч зорьсон албан тушаал бүртээ хүрлээ. Өөрөөр хэлбэл хүссэн бүхнээ авлаа. Одоо ажлаа хийх хэрэгтэй. Энэ хүртэл тэрээр ямар зам туулсныг бид мэднэ. Хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаалын төлөөх өрсөлдөөн ард түмний амьдралыг хангалттай удаан гацаалаа. Тус намын хагарал, албан тушаалын төлөөх өрсөлдөөн өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс л эхэлсэн. Тэд хагас жилийн турш улс төржлөө. Үр дүнд нь хэсэг бүлэг хүн хүссэн албан тушаалдаа очиж байна.

У.Хүрэлсүх тэргүүтнүүд энэ өндөрлөгт хүрэхийн тулд юу, юуг золив. Ямартай ч юуны түрүүнд эв нэгдлийг эрхэмлэдэг гэх намаа юутай ч хоёр хэсэг хуваасан нь үнэн. Бас өнгөрсөн хавраас хойш улс оронд хэрэгтэй ямар ч ажил хийгээгүй нь үнэн. Бүр төсвөө хүртэл арай хийн баталсан. Батлахдаа хамгийн чанаргүй төсөв баталсан гэгдээд байна.Наад захын жишээ авахад иймэрхүү. Цаашилбал төрийн албан хаагчдыг ажлаас нь хоморголон халсан,гадны төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдын нүүрээ буруулах замыг зааж байна гэхчлэн бичих зүйл олон. Одоо дээрх бүх алдаагаа залруулж яаж ажиллахыг нь харах л үлдээд байна. Гэхдээ бас бүх шатныхаа удирдлагыг гартаа авлаа гээд эрдэж болохгүй. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан 32-ынхон чинь саяын өнгөрсөн хурлын үеэр нэлээн эгдүүцэлтэй байсан болов уу. Засгийн газрын бүрэлдэхүүнд ч багтаагүй, Удирдах зөвлөлд ч багтаагүй зарим нэг хоосон үлдсэн гишүүд нөгөө тал руугаа хэзээ мөдгүй урваж магадгүй. Угаасаа саяын Их, Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах уу гэсэн яриа хүртэл гарсан гээ биз дээ. Магадгүй МАН-ын хурлууд өнгөн талдаа шинэчлэл хийсэн, хариуцлага тооцсон мэт харагдаж байж болох ч нөгөө талаасаа их хагарлыг эхлүүлэв үү гэх таамаг ч явж байна. Гадна талдаа дүрмийн шинэчлэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын дарга нь улс төрийн хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцорч буй мэт харагдаж байгаа ч У.Хүрэлсүхэд гомдол тээн шүд зууж үлдсэн хүмүүс л нэмэгдэх шиг боллоо доо.


Categories
мэдээ нийгэм

Ардчиллын ган хоолойг тас багалзуурдах нь

Цахим сүлжээ буюу твиттер, фэйсбүүкийг хаах тухай хэвлэлийн бага хурал сүүлийн 14 хоногт долоо хоногийн зайтай хоёр ч удаа боллоо. Энэ хурлыг твиттер, фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч ч биш, улс төрийн зүтгэлтэн ч биш хаа хамаагүй хүн хийж байна. Мэдээлэл хийсэн хүн хэн бэ, цахим сүлжээнд ямархуу байр суурьтай бэ гэдгийг бид мэднэ. Тэр хүн цахим сүлжээнд байр суурьтай эсэх нь битгий хэл хаягаа ашиглалгүй гурван жил болж.

Тийм мөртлөө хэд хоноод л фэйсбүүк, твиттерийг хориглоё, хаая гэж мэдээлэл хийгээд байна. Ингэж хэвлэлийн бага хурал хийхэд заалны түрээсийн мөнгөнөөс эхлээд төсөв санхүү хаанаас гарч байгаа нь сонирхолтой байгаа юм. Ингэж сүр дуулиан болж цахим сүлжээг хаая гэж ярьж байгаа нь ардчиллын дуу хоолойг багалзуурдах гэсний дохио болж байна. Ер нь иргэдийн үг хэлэх эрхийг хаах, боох гэсэн дохио иймэрхүү маягаар эхэлдэг л дээ. Санаж байна уу, өмнөх УИХ-ын үед М.Батчимэг тэргүүтэй хэдэн гишүүн хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэсэн гоё нэртэй хууль санаачилж байсныг. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг устгах зорилготой уг хуулийг мэдээж хэрэг батлаагүй. Тэр хуулийн өрнөл нь яг иймэрхүү байдлаар эхэлж байсан юм. Яасан бэ гэвэл хууль гарахаас хоёр, гурван жилийн өмнөөс сэтгүүлзүйд ажилладаг сэтгүүлч нэртэй хэдэн хүн хэвлэл мэдээлэл хувийнх байж болохгүй, нийгэмчлэх ёстой, эзэн редакцийн бодлогод нөлөөлөх ёсгүй гэхчлэн зүйл ярьж байсан.

Түүнийгээ ярих гэж байс гээд л хэвлэлийн бага хурал хийдэг байлаа. Тэгж хоёр, гурван жил ярьсан болохоор хэсэг гишүүн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг устгах хууль өргөн барьсан хэрэг. Түүн шиг фэйсбүүк, твиттер хуудсыг хаая, одооноос эхэлж үүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэж яриадах гэсэн захиалга эхэлж буй бололтой. Хэвлэлийн бага хурал хийж хэсэг ингээд ярьчихвал эрх баригчид үүнийг ард түмний дундаас үүссэн дуу хоолой, иргэдийн шаардлагаар гээд ярьж эхлэх юм. Улмаар ард түмнийг мэдэрсэн болж хэн нэгэн УИХ-ын гишүүн цахим ертөнцийг хаах хууль санаачлан гаргаж ирнэ. Харж л байгаарай, яг ийм сценараар явна даа. Хэрэв энэ хууль батлагдах юм бол Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг шиг хөмөрсөн тогоон доторх амьдрал гээч юм бий болно. Монголчуудын хувьд гадаад улс гэдэг Орос, Хятадаар л хязгаарлагдана.

Мөн Монголын ард түмний өмөг түшиг болсон ардчилал гээч зүйл устана гэсэн үг. Дээрээс нь дэлхийн ардчиллын загалмайлсан эцэг, хамгийн том ардчилагч АНУ-аас салгах гэсэн оролдлого болно. Ингээд авторитар дэглэм бүхий хоёр хөршийн дундах хойд Монгол гэгчийг бий болгох гэж байна. Яг л хойд Солонгос шиг. Өнөөдөр залуухан реппер охин ардчилал бидэнд зохихгүй, хаана байна тэр амласан ардчилал чинь гэж дуулаад байх юм. Тэр дуучин охины ингэж хэлээд дуулж байгаа нь өөрөө ардчилал юм биш үү. Хэн нэгэн хүний засаг төрөө муулж, шүүмжилж бичиж байгаа нь бас л ардчилал. Аль нэг эрх баригчийн хулгайг гаргаж тавьж байгаа нь ч өөрөө ардчилал байхгүй юу. Энэ бүгд хумигдана. Хэвлэлийн бага хурал хийсэн хүн сошиал ертөнцөөс болж төр засаг тогтворгүй ажиллаж байна гэж ярина лээ. Түүний хэлж буйгаар фэйсбүүк, твиттер хуудас ашигладаг хүмүүсээс болж Засгийн газар олон солигдож байна гэж сошиал ертөнцийн сүүдэртэй талыг яриад байгаа. Тэгвэл үе үеийн Засгийн газар ямар хугацаанд ажиллаж байв. УИХ-ын сонгуульт хугацаанд Засгийн газар хэдэн удаа солигдсон билээ дээ. Лавтай 1996-2000 онд гурав, 2004-2008 онд хоёр, 2008-2012 онд хоёр, 2012-2016 онд хоёр солигдсоныг тэр хүн мэдэж байгаа болов уу. Энэ бүгдийн буруу сошиал ертөнц байж яавч таарахгүй. Улс төрийн тогтолцооны гажигаас л солигдоод байгаа биз дээ. Болохгүй байгаа зүйлийг солихгүй гээд ч яахав.

Харин тэгж яривал Засгийн газар солигдож байгаа нь ч ардчилал шүү. Одоо энэ хүний яриад байгааг үндэслэн хэн нэгэн гишүүн хоёр жилийн дараа хууль санаачилж өргөн барих юм бол ардчилал боомилогдоно гэсэн үг. Бид өнөөдөр хүн төрөлхтөнтэй хамт байгаа дэлхийн монголчууд. Цахим ертөнцөөр дамжуулж бид дэлхийтэй өдөр бүр холбогдож байдаг. Эрх баригчдын хаусын зураг яагаад гардаг гээч. Дэлхий ертөнцөөс мэдээлэл авч байгаа болохоор л тэр. Ийм соргог нийгэмд үнэнч, шударга ажиллаж амьдрахаас өөр аргагүй болж байна. Манай сонин энэ талаар “Цахилгаан бороохойны үе өнгөрч цахим бороохойн үе эхэллээ” гэж бичиж байсан. Үг хэлэх эрхгүй болчих вий, далдуур хууль бус зүйл явагдах вий гэдгээс болгоомжилж байсан хэрэг. Үүний ачаар нууц, хууль бус зүйл гэж байхаа больж байна. Хуулийн дагуу л ажиллаж, амьдрахаас өөр аргагүй болсон. Энэ бол цахим ертөнцийн ач.

Цөөхөн хүн амтай багийн төвд бузар булай, хүмүүн бусын үйлдэл барагтай бол гардаггүй. Гарвал хэдэн арван жилийн турш ярьж үйлдсэн хүн нь муугийн жишээ болдог. Яагаад гэвэл тэд бие биенээ мэддэг учраас хэдэн үеэрээ муухайгаар яриулж, дурсагдахыг хүсдэггүй. Тиймэрхүү газар муу зүйл гардаггүйн учир нь цөөхөндөө ч юм биш л дээ. Нэг нэгийгээ мэдэж байгаа болохоор л муу зүйл хийдэггүй хэрэг. Бид ч гэсэн тэгдэг биз дээ. Таних юм чинь муухай юм даа гэх бодол дотор нь байдаг болохоор муу зүйл хийхээс татгалздаг. Хэн ч гэсэн тэгж л бодно. Муу үйл хийсэн хүнийг баг байтугай сумын төвөөр нэг элдвээр ярих учраас нүдний булай гэж бодох юм. Аягүй бол дараа үр хүүхэдтэй нь ханилах хүн ч олдохгүй. Бие биенээ мэддэг байх ийм учиртай. Тэгвэл цахим ертөнц дэлхийн найман тэрбум хүнийг бие биед нь мэддэг болгож өгч байна. Ийм болохоор муу муухайг ил болгож, хол байх ёстойг ухааруулж хүмүүжүүлж байгаа юм. Ер нь тэгээд цахим ертөнцийг хаана гэдэг муу муухайгаа далдалж байна гэсэн үг. Гэтэл манай твиттерчид, фэйсбүүкчид энэ асуудалд яагаад дөлгөөн хандаж байна вэ. Ярьж байгаа хүнийг хоосон элэглэхээс хэтрэхгүй юм. Гэвч наана нь харагдаж байгаа хүн л ганцаараа яриад байгаа хэрэг биш. Цаана нь асар том бүлэглэл, хууль санаачлах эрх бүхий хүн байдаг юм ш дээ. Хэвлэлийн бага хурал хийж буй хүн өөрөө энэ талаар ярихгүй гэдэг хэнд ч ойлгомжтой. Өөрийн эдийн засгаас зарлагадан зарлагадан хэвлэлийн хурал хийх хүн тэр мөн үү. Цаана нь ийм хууль санаачилж өргөн барих гэсэн хүчин, бүлэг, нөлөө бүхий эрх баригч байгаа учраас дуугараад байгаа юм. Сошиал хэрэглэгчид хэдхэн жилийн дараа амаа бариулахаас сэргийлж дуу хоолойгоо нэгтгээч ээ. Ингэж таны, миний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боомилох аргыг эхнээс нь эсэргүүцэх хэрэгтэй байна. Дээр нь твиттер, фэйсбүүкчид хэдэн лайк авах гэсэн худал мэдээлэл, балай гүтгэлэгт анхаарал болгоомжтой хандах цаг болж. Компьютерын ард суугаа худал мэдээлэл тараагчид болгоомжтой хандахгүй бол болохоо байсныг ойлгуулж байна.

Гэрэл байвал сүүдэр ч байдаг. Бидний сүүдэр арай хэтэрхий их болоод байх юм. Юу ч хамаагүй бодсоныгоо дээшээ харж байгаад зохиож бичдэгээ болих хэрэгтэй. Ингэж бичдэг наад донгоо дар. Хүн төрөлхтөнг бие биетэй нь холбосон ийм сайхан боломжийг та нарын наад хэнд ч мэдэгдэхгүй гэж бодож хийж буй зүйл чинь байхгүй болгох гээд байна. Хэрэв тэгвэл юу болохыг мэдэж байгаа биз дээ. Магадгүй санаанд чинь буухгүй байна уу. Ямар ч төсөөлөл алга уу. Дарангуйлагч нийгэм гэж хүсмээр зүйл биш гэж манай аав ээжийн үеийнхэн ярьдаг юм. Тэд октябрийн хувьсгал гэж дурсах ч юм биш гэж ирээд ярьдаг. Дарангуйлал, хүнд, харгис нийгэм ямар хэцүүг манай ахмадууд ярьдаг. Яг түүн шиг нийгэм биднээс тийм ч холгүй байна. Хэрэв цахим ертөнцийг хаасан тохиолдолд бид ийм л нийгэмд шилжиж орно.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Ирэх оны төсөвт сургууль, цэцэрлэг шинээр барихад зориулж 130 гаруй тэрбум төгрөг суулгасан

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-МАНдотоод зөрчлөө арай гэж намжаагаад төсөв хэлэлцэж эхэлтэл Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хоригийн асуудлыг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэсэн эцсийн шийдвэр гаргасан. Төсвийн байнгын хорооны хурлаар болон чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байсан.

-Энэ оны төсөвт бүхэлд нь хориг тавьчихлаар цалин, тэтгэвэр юу болно гэсэн үг вэ. Мөн Төрийн сангийн гүйлгээ хийх эрх хаагдсан байгаа юу?

-Хориг нь тухайн асуудлыг бүхэлд нь хориглосон заалт. Тухайн цаг хугацаанд тодотголтой холбоотой аливаа асуудал, төрийн сангийн гүйлгээ зэрэг бусад механик үйл ажиллагаа бүгд хамаарна гэсэн үг. Иймд хоригийн асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэгдтэл мөн хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран өнгөрсөн онд баталсан төсвийн хуулийн дагуу цалин, тэтгэвэр хуучин хэвээрээ олгогдож байгаа.

-Ерөнхийлөгч ойрын хугацаанд хоёр ч хориг тавьснаар Засгийн газрыг ажил хийлгэхгүй байгаа мэт харагдаад байна. Төрийн тэргүүн ингэж аяглаж болох уу?

-Төрийн тэргүүн өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хоригоо тавьсан. УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан аливаа шийдвэрийг хориг тавих ганц албан тушаалтан нь Ерөнхийлөгч. Харин энэ хоригийн асуудлыг хуулийн дагуу мөн эсэх асуудлыг л чуулганаар сайтар хэлэлцэж шийдвэр гарч байна. Ер нь тодотголоор хүүхдийн мөнгийг 100 хувь олох, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах гэх мэт цаг үеийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн учраас Засгийн газрын ажил удааширч байгаатай санал нэг байна.

-Ер нь эдийн засаг олигтой өсөлтөд хүрээгүй байхад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох хэрэг байсан юм уу?

-Бид өнгөрснөө мартаж болохгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хасах руугаа орсон байсан шүү дээ. Харин ч нэг жилийн хугацаанд 5.3 хувьд хүрч бас ч 300 мянган төгрөг олгох асуудал ярьж эхэлж байна. Цаашид бид тэтгэвэр, тэтгэмж, цалингаа нэмэх, татвар төлөгчөө дэмжиж ажиллах гээд нийгмийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэхээс гадна системийн болон тогтолцооны гажуудлыг засах, бодлогын томоохон өөрчлөлтийг хийх зэрэг олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа.

-УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ямархуу төсөв орж ирсэн бэ?

-2018 оны төсвийг чуулганаар ид хэлэлцэж байна. Засгийн газар төсвийн орлогыг 5.2 их наяд, төсвийн зарлагыг 7.7 их наяд, төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг байхаар төсөвлөж оруулж ирсэн. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой, деполт зарлах хэмжээний төсөв хүлээж авсан. 2017 онд хөрөнгө оруулалтын хөрөнгө төсөв ярихтай манатай л байлаа. Гэтэл 2018 оны төсөвт жаахан гэрэл гийж хөрөнгө оруулалтын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар бага ч гэсэн төсөв суугдаж орж ирсэн. Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг бүрэн хангаж төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал тухайн жилийн ДНБ-ий 9.5 хувиас илүүгүй байхаар тусгагдсан нь оруулж ирсэн төсвийг бүхэлд нь дэмжих боломж бүрдэж байна.

-Орлого, зарлагыг хэрхэн тооцов. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэх үед дээр дооргүй зардал танана гэж ярьж байлаа. Энэ жил зардлаа багасгах талаар дуугарч байгаа хүн алга шиг ээ?

-Байгаадаа сэтгэл хангалуун амьдар гэсэн үг байдаг ш дээ. Орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээгээ тодорхой болгоод, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал нь дан тоо руу орж байгаа учраас зардлаа багасгах асуудлыг энэ удаад бага ярьсан нь үнэн. Харин цаашид алдагдлыг бууруулж, зардлыг танах, үр ашиггүй төсөвт зардлыг багасгах, эдийн засгийг солонгоруулах бодлогыг дэмжиж ажиллах, тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэгт бодлого чиглэгдэх хэрэгтэй.

-Төсвийн гол орлогыг хаанаас бүрдүүлж байгаа вэ. Оюутолгой, Эрдэнэт гэх мэт томоохон татвар төлөгчид улсын төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байна вэ?

-Монгол Улсын 2018 оны төсвийн нийт орлого 7.862 тэрбум байгаа. Үүний 1.720 тэрбум төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Энэ нь төсвийн орлогын 22 хувийг бүрдүүлж байна. Гэхдээ уул уурхайгаас гадна дагасан салбарын өсөлт өндөр байна. Мөн “Оюу толгой” нийт орлогын таван хувийг, “Эрдэнэт” үйлдвэр 6.5 хувийг эзэлж байгаа.

-Ирэх жилийн төсвийн гол зарлагууд юу вэ. Халамжид хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Ирэх жилийн төсөв нийт 497.3 тэрбум төгрөгөөр тооцогдсон. Үүнээс урсгал зардал 450.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Урсгал зардлын өсөлтөд тэтгэвэр нэмэгдүүлэх, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдад хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг арга хэмжээнүүд хамаарч байна.

-Ирэх оны төсөвт байгалийн баялгийн гадаад зах зээл дээрх үнэ өснө гэж тооцоолсон байна лээ. Ингэж тооцох нь зөв үү. Хэтэрхий хөөсөрчих юм биш үү?

-2018 онд нэг тонн цэвэр зэсийн үнийг 6.430 ам.доллар, нүүрсний үнийг 60-100 ам.доллар, алтыг нэг унц тутамд 1.291 ам.доллар зэрэг өнөөдөр зах зээл дээр байгаа үнээс 10 орчим хувиар багаар буюу эрсдэл тооцсон дүнгээр төсөвлөсөн.

-Сургууль, цэцэрлэг нэлээдгүй барина гэсэн. Үүнд хэдий хэрийн санхүүжилт тусгасан бэ?

-Гурван ээлжийн сургуулийг стандартын дагуу сурах боломжийг бүрдүүлж хоёр ээлжтэй болгох зорилтоо хэрэгжүүлж 2018 оны төсөвт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Улсын хэмжээнд 60 гаруй сургууль, 90 гаруй цэцэрлэг шинээр барьж эхлүүлэхэд 130 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөж УИХ баталлаа.

-Ипотекийн зээлийн санхүүжилтийг Хятадаас авахаа болиод төсөвт суулгахаар болсон юм уу. Хэдэн төгрөг суулгаж байгаа вэ. Уг нь гаднаас санхүүжүүлсэн бол хөдөө орон нутагт илүү хүртээмжтэй байх байсан юм биш үү?

-Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монгол банк, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр, төсвөөс санхүүжүүлэх гэсэн гурван төрлийн эх үүсвэртэй хэрэгжиж байна. 2018 оны төсөвт ипотекийн зээлийн эх үүсвэрт 120 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Хятад гэдгийг би мэдэхгүй юм байна.

-Гишүүд өөрсдөдөө нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг буцааж оруулж ирж байгаа гээд байна. Үнэхээр нэг тэрбум төгрөг төсөвлөдөг юм уу?

-Тийм зүйл байхгүй. Харин Засгийн газраас боловсруулж төсвийн төсөлд тойрогт тулгамдсан, иргэд олон нийтийн хэрэгцээтэй байгаа төсөл, хөтөлбөрүүдийг тусгах саналаа гарган шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд асуудалд хандсан. Монгол Улсын 331 суманд тэгш хүрэх төсөв хүрэлцээгүй байна л даа. Ядаж аймаг, нийслэлдээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх алхам тавигдсан гэж дүгнэж болно.

-Ирэх оны төсөвт уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх тал дээр нэлээн анхаарна гэсэн. Яаж анхаарах гэж байгаа юм бэ. Хэдэн төгрөг төсөвлөж байна вэ?

-Түүхий эдийн үнийн савлагаа, гадаад зах зээлээс хараат байдлыг бууруулж, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, уул уурхайн бус салбарын экспорт, ялангуяа бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн бүтэцгүй эдийн засагт шилжих явдал чухал байна. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилт туссан. Үүний дагуу 2018 онд мах, сүүний анхдугаар аяныг үргэлжлүүлэхэд зориулж зарцуулахаар улсын төсөвт тусган үр дүнд нь 20 тонн махны экспорт 50 хувиар өсөхөөр байна.

-Уг нь эдийн засаг харьцангуй өсөлттэй байгаа гэж мэдээлж байна. Гэвч гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна шүү дээ. Эдийн засаг бодитоор өсөж чадаж байгаа юу?

-Инфляцийн нөлөөг арилгаж, бодитоор тооцож үзэхэд 2018 онд эдийн засаг 4.2 хувиар өсөхөөр байгаа. Гэвч манай орны эдийн засгийн бүтцээс шалтгаалж, өсөлт маань савалгаа ихтэй, тогтворгүй байгаагаас нийгмийн бүх давхаргад үр шим нь очиж чадахгүй байгаа нь ажиглагдаж байна. Иймд ажлын байр олноор нэмэгдүүлэх, орлогын хуваарилалтыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг өсгөх бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна.

-Ерөнхий сайд эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийж байсан. Уг хөтөлбөр төлөвлөж байсан шигээ хэрэгжиж чадсан уу?

-Хөтөлбөрийн хүртээмжийг дүгнэн үзэхэд өнгөрсөн есдүгээр сарын байдлаар хэрэгжилт 60 орчим хувьтай байна. Хөтөлбөрт туссан том төслүүд тухайлбал нүүрсний экспортын тээврийн төмөр зам, авто зам, уул уурхайн том төслүүдийн үйл ажиллагааг дэмжих эрчим хүч зэрэг төслүүдийн хэрэгжилт удааширч байгаа тул Засгийн газраас холбогдох яамдуудад ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өгөгдсөн байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч өө, нөгөө 30 айлын хүүхдүүд сургуульд сурч байгаа юм биш биз

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд өрсөлдөх үедээ уул уурхайгаас олсон ашгийг хуу хамдаг, Монголын баялагт эзэн суусан 30 айл өрх байна, тэдэнтэй эвлэрэхгүй гэсээр сонгуульд орсон. Ингэж ярисаар сонгуульд ялалт байгуулж чадсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ард түмнийхээ эв нэгдлийг хангана, гэхдээ 30 айлтай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ ч дахин хэлсэн. Энэ харин сонин сонсогдож байлаа. Төрийн тэргүүн тэр 30 айлын тухай дахин, дахин яриад байгаа болохоор нийгэм ч гэсэн сонирхоод эхэллээ. Харин өнгөрсөн долоо хоногт тэдний нэг нь сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдгийг зарлав. Эхний нэг нь зарлагдав, цаана нь одоо 29 айл үлдэж байна. Тэд хэн бэ гэх асуулт, хүлээлт ард түмэнд бий. Энэ бүхэн нэг л танил харагдахгүй байна уу. Хуучин коминтерны үеийнх шиг хэлмэгдлийг өнөөдрийн ардчилсан нийгэмд цухалзуулаад эхэллээ гэж та бүхэнд бодогдохгүй байна уу. Дээхнэ үед яадаг байсныг ихэнх хүн гадарлана даа. Тухайн үед нийгмийн зүтгэлтэн, сэхээтэн гурав, дөрвөн зуун айл байсан байх. Тэд цувраад л буруудаж эхэлдэг. Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэх зэргээр. Хувьсгалын эсэргүү гэж зарлагдахлаар сурах бичигт хэвлэгдсэн тэдний зургийн нүдийг нь сохлоод, зургийг нь балладаг байсан гэсэн. Жишээ нь Г.Дэмид жанжин буруутлаа гэхэд л түүний зургийг баллан сурах бичгээс урж тасдаж хаян элдвээр муушаасан цуглаан зохион байгуулах гэх мэтчлэн. Тэгээд ар гэрийг нь хүний тооноос хасч хүүхдүүдийг нь сургуулиас хөөдөг. Хөөхдөө хүүхдүүдийг хоёр эгнээ болгон жагсааж байгаад дундуур нь гүйлгэн элдэж эгнэн зогссон хүүхдүүдээр нулимуулж гаргадаг байлаа. Багш нар нь бүх сурагчдынхаа өмнө овог нэрээр нь дуудаж байгаад “Эсэргүүний зулбасаг, ардын сургуульд явах эрхгүй, хөөн явуулж байна гэж зарлан тунхагладаг байсан. Сургуульд явах гэвэл төрсөн эцгээрээ овоглож болохгүй хаа хамаагүй санаанд орсон овог нэртэй сурч болдог тохиолдол хаа нэг байсан. Үүнийг дурдаад байгаа шалтгаан нь нөгөө 30 айлын хүүхэд сургуульд сурч байгаа юм биш биз гэж бодоод л. Хэрэв сурч байгаа бол одоо тэдний эцгийнх нь нэр тодрохтой хамт л сургуулиас нь хөөгөөд байх хэрэгтэй болж. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатарын хүүхдүүдийг сургуулиас одоо даруй хөөх байлгүй. Яагаад гэвэл яг гучаад оных шиг тэр 30 айл сонгуулийн эрхгүй, сонгох сонгогдох эрхгүй юм чинь хүүхдүүд нь ч сурах эрхгүй гэж үзэхэд буруудах юун. Одоогийн 30 айлын хүүхэд бодвол өндөр төлбөртэй, гайгүй гэсэн сургуульд сурдаг байлгүй. Баячуудын хүүхдүүд сайн сургуульд явж таарна л даа. Хөөх хөөхдөө зүгээр нэг явуулчихгүй бүх хүүхдээр нулимуул.Ингэж байж л манай Ерөнхийлөгчийн тэр 30 айлтай хийж байгаа тэмцэл төгс болно биз дээ. Угаасаа Ерөнхийлөгчийн гаргаж буй ааш авир ийм л зүйл хүсэж буй мэт харагдаж байна. Өөрөө энийгээ мэдэж байгаа болов уу. Ард түмний итгэлийг хүлээсэн монгол төрийн тэргүүн хүн ийм ааш авир гаргаж болдог юм уу. Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”гэж заасан байдаг. Түүнчлэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй.Энэ үүднээс улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээгээр алагчлахаас хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж дурджээ. Ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуульд ч тэр, олон улсын хүний эрхийн пактуудад ч хориглочихоод байгаа биз дээ. Гэтэл Ерөнхийлөгчийн ард түмэн дундаасаа 30-н айл тасдаж аваад гадуурхаад байгаа үйлдэл энэ бүхэнтэй зөрчилдөөд байгаа юм биш үү.

Хүн төрөлхтний түүхийг сөхөөд үзвэл олон зуун жилийн турш бие биенээ ялгаварлан гадуурхаж ирсэн байдаг. Нэг давхаргыг нөгөөгөөр нь үзэн ядуулж сөргүүлэн тавьдаг түүхтэй байлаа. Бусдаар үзэн ядуулах гол шалтгааны нэн тэргүүнд арьсны өнгө, хөрөнгө чинээ бичигддэг. Ердөө хэдхэн жилийн өмнө ардчилал, хүний эрхийг дээдлэхийн тэргүүн эгнээнд явдаг Америкт л гэхэд өнгөт арьстныг бараг л хүн биш гэж үздэг байв. Тиймээс ариун цэврийн өрөө, автобусны суудал нь хүртэл тусдаа байсан. Тэр бүү хэл харуудын хүүхдийн сургууль хүртэл ондоо. Өнгөт арьстай хүүхэд хүссэн сургуульдаа сурдаггүй, дуртай газраараа явж болдоггүй байлаа. Ингэж ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хэрэг учраас америкчууд үүнийгээ больсон. Өөрөөр хэлбэл бид бие биеэсээ ялгарах зүйлгүй, адилхан гэдгээ ойлгосон хэрэг.Бас мьянмарчууд байна. Тэд өнөөдөр дэлхийг шуугиулж байна. Өөр шашин шүтдэг хэсэг хүмүүстэйгээ эвлэрэхгүй гээд эх орноос нь хөөчихлөө. Ингэж шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг дэлхийн хүн төрөлхтөн тэр чигтээ эсэргүүцдэг. Ийм зүйлээс болж иргэн хүнийг эх орноос нь хөөж болдог ямар ч хуулийн заалт байхгүй. Нэг ёсондоо тэд Үндсэн хуулиа уландаа гишгэж байгаа юм. Бас олон улсын өмнө нэр хүндээ алдаад зогсохгүй, амласан амлалтуудаасаа буцаж буйгаа харууллаа. Эд бол дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдсон саяхны жишээ. Үнэхээр л хулгай зэлгий хийгээд гэмт хэрэгтэн болчихоогүй бол хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Үүнтэй адил сонгох, сонгогдох эрх гэж бий. Өөрөөр хэлбэл албан тушаал хаших эрх. Сонгогдох буюу албан тушаал хаших эрхэд харшлах зүйл байдаг. 25 нас хүрээгүй, эрхзүйн чадамжгүй гэхчлэн заалт байх нь байгаа. Гэхдээ хий хардаж албан тушаал хаших боломжийг үгүй хийхийг манай улсын байтугай олон улсын ямар ч хуульд заагаагүй. Үнэхээр гэм буруутан гэдгийг зөвхөн шүүх, хуулийн байгууллага л тогтоож зарладаг. Тогтоогдоогүй байхад, нотлогдоогүй байхад тухайн хүнийг хэн ч буруутгах ёсгүй. Тэр тусмаа төр тэргүүлж буй Ерөнхийлөгч хүн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж улсынхаа иргэнийг адалж, ялгаварлан гадуурхаж хавчиж болдоггүй юм. Дээр өгүүлсэн иргэдээ хавчиж гадуурхдаг, ялгаварладаг түүхийг орчин үеийн Монгол оронд давтах, хэрэгжүүлэх гээд байгаа юм биш биз дээ. Ийм маягаар сэтгэж байгаа нь бид хөгжиж буйн илрэл үү, ухарч буйн дохио юу. XXI зуунд хэсэг бүлэг хүнийг гадуурхах нь хүний эрхийг зөрчихөөс гадна ард түмнийг хувааж буй хэрэг биш үү. Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх, үүрэг гэж байдаг. Ерөнхийлөгч тэр эрх, үүргийнхээ эсрэг дуугарч эхэллээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчиж байна. Монгол Улсад төрийн албан хаагч хуулиар заагаагүй үйлдэл хийхийг хориглодог. Тэр тусмаа Ерөнхийлөгч хуулиа ягштал дагах ёстой. Монголын ямар ч хуульд уул уурхайн баялгаас илүү хувь хүртэж байгаа бол гэмт хэрэгтэн, эсхүл хууль зөрчигч болно гэсэн заалт байхгүй. Дээрээс нь тэр хүмүүс уул уурхайн лиценз олонтой байдаг юм бол тэр лицензыг манай улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу л эзэмшиж байж таарна. Монгол Улсын иргэн уул уурхайн лиценз эзэмших нь хууль бус хэрэг биш. Монгол Улсын иргэдийг анги давхарга хөрөнгө чинээгээр нь ингэж ялгаварлаж болохгүй гэдгийг зөвлөхүүд нь хэлж өгмөөр байна. Сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихөөд байхад сонгуулийн үеийн сэтгэлийн хөөрөл одоо хүртэл үргэлжилж байгаад гайхаш барагдах юм.Ерөнхийлөгч 30 айлыг ялгаж байгаа нь эв нэгдлийг илэрхийлж буй илрэл мөн үү гэвэл биш. Яахав сонгуульд өрсөлдөж байгаа бол 30 айл гэх зэргээр гэж улс төр хийж болох л байх. Улс төрийн хар пиар хийж байна гэдгийг ард түмэн ялгаад ойлгочихно. Харин сонгогдож гарч ирсэн хойноо нөгөө хэдийгээ намнах гэж буй аятай хөөцөлдөөд байх нь хэр зохимжтой юм бэ. Хэрэв цаашдаа энэ үзэл баримтлалаараа явах юм бол дээр дурдсанаар 30 айлын хүүхдүүдийг сургуулиас хөөх, хүний эрхийг нь хасах зэргээр 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болох нь. Өнөөдөр 30 айлыг тасдаж аваад нийгмээс гадуурхаж байна. Жилийн дараа энэ тоо 300 хүрвэл яах вэ. Ерөнхийлөгчийн иргэдээ ялгаварлаж байгаа энэ үйлдэлтэй санал нийлэхгүй байгаа надаас авахуулаад хэлмэгдүүлэх, гадуурхах хүнийхээ тоог улам лавшруулаад байх юм биш биз. Бичсэнтэй чинь санал нийлэхгүй байна, энэ рүү нулим гэж нийгмийг хөөргөөд байвал яах вэ. Энэ мэтээр явсаар Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хэрэгт холбогдож Цэцэд дуудагдвал яах вэ. Тэгдэггүй юм гэхэд ард түмнээ анги давхарга хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж харьцдаг явдал энгийн зүйл болбол яах болж байна. Үүнийг манай ардчиллыг үүсгэн байгуулсан түүний баталгаа бат цайз болсон Ардчилсан нам өөгшүүлээд байгаа юм биш үү гэж харагдаад байхлаар чинь цаашдаа яах болж байна аа.


Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Нэгэнт шийдсэн юм бол Засгийн газрыг дэмжсэн шиг дэмжээд ажиллуулмаар байна

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

АН-ын бүлэг өчигдөр өглөө хуралдахдаа ямар асуудал хэлэлцэв. Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хоригт танай намынхан байр сууриа нэгтгэж чадахгүй байна уу. Мөн хоёр талцаж хуралддагаа хэзээ болих вэ?

-Нэгдүгээрт, хоёр талцаад 32, 33-аараа хуралдаад байгаа асуудал байхгүй. Миний баттай мэдэж буйгаар 33-ын бүлэг хуралдаагүй байна. Миний хувьд бүлгийн хурал дээр зарчмын байр сууриа илэрхийлсэн. Одоо бол Засгийн газар, УИХ гэж хуваагдаж болно. Шинэ засаг бүрдээд ажлаа хийж эхлэх хугацаа болсон. Тиймээс УИХ шахаж шаардах эрхтэй. Сайд болсон гишүүд өнөөдөр улс төр хийх хэрэггүй, ажлаа л хийг. Кабинетын зарчмаар асуудалд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ингэж чадахгүй бол сайд болсны хэрэг юу байгаа юм бэ. Хэн ч тэднийг сайдаар ажиллаач гэж гуйгаагүй. Өөрсдөө л сайд хийж чадна, ажиллая гээд ажиллаж байгаа. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газар нийтлэг эрх ашгаа хараад ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газар нэгдмэл байр суурьтай байж чадвал Ерөнхийлөгчийн хоригт асуудал үүсэхгүй гэж харж байгаа. Яахав хориг дээр нэг зүйлийг хөндөж тавьмаар байна. Юу вэ гэвэл нөгөө л бидний ярьдаг тогтолцооны асуудал. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд анх удаа нэг сайдад хориг тавьсан асуудал үүслээ. Үүнийг хэрэв хүлээгээд авчих юм бол бүр эвгүй нөхцөл байдал үүсэх гээд байгаа юм. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг хувийн саналаар дэмжинэ.

Тэгэхээр 60 гишүүнтэй хуралдлаа гэхэд 20 нь дэмжээд кноп дарчихвал УИХ-ын олонхоороо шийддэг нөхцөл байдал байхгүй болно. Дараа нь дахиад төсөв дээр хэсэгчлэн хориг тавьчихбал 20 гишүүн хүлээгээд авчих магадлалтай. Цаашлаад Ерөнхий сайдад хориг тавиад эхэлж магадгүй. Ингээд явсаар нийт кабинетын 70 хувьд хориг тавьчихбал яах вэ. Энэ бүхэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлээд УИХ-д танилцуулна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Тэгэхээр уг асуудалд бодолтой хандахгүй бол цаашлаад эвгүй нөхцөл үүсгэх боломж бүрдэнэ. Ер нь манайхны гол алдаа бол бид үеийн үед хоёр Ерөнхий сайдтай явж ирсэн. Нэгийг нь парламентаас сонгож байгаа. Нөгөөдөх нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэртэй Ерөнхий сайд.

Уг асуудлыг одоо шийдэх цаг болсон. Нэг бол бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж шуударъя. Ер нь аль нэг сонгодог хувилбар руу оръё. Тэгэхгүй бол засаглалын хямрал яваад байна. Ерөнхийлөгчид төсөв байдаггүй. Тиймээс аргаа барахдаа Засгийн газарт чиглэл өгч байна. Тэр чиглэлийг Засгийн газар дагахгүй бол Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд ямар нэг байдлаар бойкот хийж эхэлдэг. Бодоод үз л дээ. Яагаад Ерөнхийлөгч бүр Ерөнхий сайдтайгаа муудалцдаг юм. Яагаад Ерөнхийлөгч гарч ирсэн намтайгаа эргээд муудалцдаг юм бэ. Энэ бүх зүйл хувь хүнтэй ямар ч холбоогүй. Ерөөсөө л тогтолцоо буруу байгаагаас ийм зүйл болоод байгаа юм.

-Уг нь танай нам 65-уулаа УИХ-д сууж байна. Тогтолцоог өөрчлөх боломж танайд бий. Гэтэл юун тогтолцоо өөрчлөхтэй манатай байгаа юм биш үү. Жишээлбэл өнөө өглөө (өчигдөр) танай бүлгээс хоригийн тал дээр ямар шийдвэр гарсан бэ?

-Хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гарсан. Харин бүлгийн шийдвэр хэрхэн хэрэгжих вэ гэдгийг УИХ-ын чуулганаас л харна. Чуулган яаж шийдэхийг хэн ч урьдчилж мэдэхгүй.

-Хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан юм бол яагаад Төсвийн байнгын хороогоо хуралдуулахгүй байгаа юм бэ. 32-ынхон байнгын хорооны хуралдаа орж ирэхгүй таван цаг хүлээлгэлээ. Ингэж дотоод асуудлаасаа болж улс орны ажлыг хойш татаж болж байгаа юм уу?

-Төсвийн байнгын хорооны мэдээллийг би тодорхой мэдэхгүй байна.

-Ер нь төсвийг энэ сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Зарим гишүүн хориг хүлээж авна гээд бойкотлоод байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүд чуулган, эсхүл байнгын хорооны хуралд орохгүй байдлаар бойкот хийж болохгүй. Яагаад гэхээр 76-хан УИХ-ын гишүүн ажиллаж байна. Байнгын хороон дээр л гэхэд наймхан хүн хуралдаа орж ирэхгүй бол ирц хүрдэггүй. Тэр хуралд ороод эсрэг санал өгөх үү, дэмжих үү гэдэг хувь гишүүний бүрэн эрхийн асуудал. Харин хуралд орохгүй байна гэдэг хууль зөрчиж буй асуудал болчихож байгаа юм. Хэрэв тийм гишүүн байгаа бол нэрийг нь зарла.

-Хаврын чуулган хаалтаа хийснээс хойш МАН-ынхан ер нь ажил хийв үү. Танай намын гишүүд ажлаа хийж байгаа юм уу?

-УИХ болон Засгийн газрын гишүүд ажлаа хийгээд явж байгаа. Ажил хийж байгаа эсэхэд ард түмэн тэртээ тэргүй дүнгээ тавина. 2020 онд багцаар нь дүгнэх байх. Тэрний төлөө бүгд ажиллаж байна.

Энэ Засгийн газар ч гэсэн өмнөхөөсөө илүү сайн ажиллах байх гэдэгт итгэлтэй байгаа. Хууль хяналтын байгууллагад тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч эхэлж байгаад би хувьдаа баяртай байна. Өөрөөр хэлбэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийж буй өөрчлөлтийг зөв гэж харсан. Одоо үүнийгээ цааш лавшруулаад ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудлыг яримаар байна. Удахгүй ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Нэлээн гэрэл гэгээтэй төсөв болох болов уу. Яагаад гэхээр ОУВС-д ороод тодорхой хэмжээнд эдийн засгийг сэргээхээр чиглүүллээ. Одоо бол улс орны хөгжил рүү хандсан зүйлийг хийх ёстой. Тэгэхээр төсөв дээр бойкот байдлаар хандаж болохгүй.

-Та бүхэн намаа бодсондоо бүлгээ хуваагдаагүй гэж хэлж байгаа байх. Гэхдээ бодит байдал дээр хоёр нам болж хуваагдах хэмжээнд очсон байгаа нь үнэн үү. Хэт олуулаа болсны зовлонг танай нам амсаад байна уу?

-Миний хувьд нэг л зарчмын байр суурь баримталж байгаа. УИХ, Засгийн газар гэдэг тусдаа бүтэц. Нэгэнт шийдээд Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжсэн юм бол дэмжсэн шиг дэмж. Адаглаад 100 хоносны дараа хариуцлагын асуудал ярь л даа. УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдахгүй байвал хуралдаа орж ирэхгүй гишүүдийг нийгэмд зарлах ёстой. Хэн, хэн гэж гишүүн яагаад, ямар шалтгааны улмаас хуралдаа орж ирэхгүй байгаа юм бэ. Энийг та очиж асуу. Тэдэнд байнгын хорооны хурлыг бойкотлох эрх байхгүй. Үндсэн хуульд монгол төрийн ажил тасралтгүй явагдана гээд заачихсан байдаг. Хэрвээ УИХ болон байнгын хороон дээр үүсээд буй асуудлыг зохицуулж чадахгүй бол УИХ-ын дарга огцрох ёстой. Хэн нэгэн субьект хариуцлага хүлээх нь зөв биз дээ. УИХ-ын дарга тэрийг зохицуулж гишүүдэд арга хэмжээ авч болно. Нэрийг нь зарлаж болно. Ийм байдлаар хандаад цааш явах хэрэгтэй. Хэрэв хоригийн асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол би улс төрийн дараагийн үйлдэл рүү орно.

-Ямар үйлдэл байх вэ?

-Тэр хуралдаа орж ирдэггүй гишүүдийн нэрийг зарлана. Бүр болохгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал хөндөнө.

-Нэг үгээр хэлбэл УИХ-ын дарга муу ажиллаж байна гэсэн үг үү?

-Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна. Энийг чинь ажлаа сайн хийж байна гэж үзэж болохгүй биз дээ. Засгийн газар төсвөө өргөн барьчихсан байгаа. УИХ үүнийг баталж өгөх үүрэгтэй. Хуралдах ёстой хурал нь хугацаандаа явахгүй бол яах ёстой вэ. Тарахаас өөр аргагүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: УИХ 30 гэр бүлийн талд уу, ард түмний талд уу гэдгийг туршиж үзэж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хориг тавилаа. Хориг тавих нь зөв, буруу гэж хоёр янзаар яриад байх юм. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хууль болон бусад хуульд Ерөнхийлөгчийн хоригийн тухай заасан байдаг. УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавьж болно гэсэн үг. Ардчилсан улс учраас Үндсэн хууль судлаачид Ерөнхийлөгчийн шийдвэрийг янз бүрээр ярьж болно. Ерөнхийлөгчийн тухайд ажлаа хийж байгаа. Нэгэнт Үндсэн хуулиар хориг тавих эрхтэй учраас болох болохгүйг хэн нэгнээс асуухгүй. Хамгийн сүүлд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуульд хориг тавьсан байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавихдаа УИХ-ыг авлигын гэмт хэргийг өршөөлд хамруулсан нь буруу гэж үзсэн. УИХ энэ хоригийг хүлээж авсан байдаг. Тэгэхээр хориг гэдэг бол тухайн Ерөнхийлөгчийн бодлогын илрэл. УИХ авлигыг хамруулаагүйдээ ямар нэгэн хууль зөрчөөгүй. Тэр нь тухайн үеийн Ерөнхийлөгчид таалагдаагүй гэсэн үг. Үүнтэй яг ижил тохиолдол Засгийн газрын томилгоонд гарч ирж байна. Ч.Хүрэлбаатар гэж УИХ-ын гишүүнийг Сангийн сайдаар томилохоор зөвшилцөх үед Ерөнхийлөгч эсэргүүцсэн саналаа хэлсэн. Үгүй гэсээр байтал УИХ баталсан. 30 гэр бүл гэдэг нэр томьёо сонгуулийн үеэр их яригдсан, хэн хэн байгаа вэ гэдгийг олон нийт өөрсдөө олцгооно биз. Сонгогчид “Байгалийн баялгийг лиценз нэрээр үнэгүй авсан хүмүүс улс төрд нөлөөлөөд байна. Та ерөнхийлөгч болоод энэ асуудлыг шийдээрэй” гэж захисан. Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүнээр ажилладаг л юм байгаа биз, гүйцэтгэх засаглал руу битгий орооч” гэдэг бодлогоо маш тодорхой илэрхийлж байгаа. Тиймээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа. Яагаад гэвэл өөрийнх нь бодлогын эсрэг яваад байна. Ерөнхийлөгч Үндсэн хуулиа биелүүлж байгаа. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх заалтад “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг нийтийн өмч” гэж бичсэн байдаг. Ард түмний баялаг, нийтийн өмч гээд биччихээд байхад яахаараа Чимэдийн Хүрэлбаатарын төрсөн ах Гантулга, Гансүх, зөвлөх К.Дэмбэрэл нар зараад мөнгийг нь авав?. Тэд Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг хоёр сая ам.доллараар зарсан байна. Нийтийн өмч юм бол би, бас чи мэдэх ёстой. Хоёр сая ам.доллараар зарчихаад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, алга болчихсон. Төрийн өмчид байгаа нэг муу амбаарыг ч заавал дуудлага худалдаагаар зарах хуультай. 1996 онд ТӨХ-ны дарга болоод тэр олон дэлгүүрийг дандаа дуудлага худалдаагаар зарж байсан. Гэтэл хоёр сая ам.долларын үнэтэй Хотгор шанагын уурхайг Ч.Хүрэлбаатарын ах нар бүтээгээгүй. Тэрийг байгаль бүтээсэн. Байгаль бүтээсэн зүйлийг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заачихаад байхад яагаад зараад байгаа юм бэ. Ийм Үндсэн хууль зөрчсөн асуудал ярьж байгаа. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн бодлоготой санал нэг байх уу, үгүй юу гэдгийг шалгах юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ хоригийг хүлээж авсангүй л дээ. Гэхдээ энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны хурлаар ороод дараа нь чуулганаар хэлэлцүүлнэ.

Нэг ёсондоо уИХ 30 гэр бүлийн талд байна уу ард түмэн, Ерөнхийлөгчийнхөө талд байна уу гэдгийг шалгана. Кноп дарах гишүүдийн нэрийг харъя. Байнгын хорооны хурал дээр надаас 30 гэр бүлийн нэр асуугаад байна лээ. Гурван сая иргэн гэдэгтэй холбогдуулж 30 гэр бүл гэсэн холбоо нэр үүссэн юм. түүнээс биш байгалийн баялгаар баяжигсад 30-аас хамаагүй их. н.Багабандийг хүртэл ярьж болно. оюу толгойн туз-д суугаад жилдээ 100 мянган ам.доллар авдаг. Багабанди гэж хүн тэнд сайн бизнес хийгээд 100 мянган ам.доллар авч байгаа юм биш. өрийн өмч нь 34 хувь байдаг учраас тэр хүн төрөө төлөөлж сууж байгаа. Томилгоогоор сууж байгаа учраас авсан мөнгөө улсад өгөх ёстой шүү дээ. Хэн нэг сэтгүүлч авьяас чадвараараа тухайн байгууллагынхаа д суугаад мөнгө авч болно. Гэтэл н.Багабанди гэж хүнийг төр төлөөлөөд сууж бай гээд өгдөг цалинг нь хувьдаа аваад явж байна. Хууль зөрчөөгүй ч гэлээ байгалийн баялгийг Багабанди хүртээд байна уу, Монголын ард түмэн хүртээд байна уу. Байгалийн баялгийг зараад хувьдаа авч байгаа нь ашигт малтмалын лиценз эзэмшиж буйгаар хязгаарлагдахгүй. 1997 онд байгалийн баялгаа лицензээр өгдөг хууль гарсан. тэр үед “Монгол улс байгалийн баялгаа эргэлтэд оруулж хөгжье” гэсэн шийдвэр гаргасан байх. үедээ нэг их буруудаагүй. Байгалийн баялгаа ашигласны дүнд олон үйлдвэр барьж тэнд нь ард түмэн ажиллах ёстой байсан. Гэтэл хорин жил өнгөрөхөд ганц оюу толгой гэдэг гадаадын уурхайгаас өөр зүйлгүй сууж байна. Тэр нь эцсийн бүтээгдэхүүн биш баяжмал гаргадаг. Жил бүр 20 тонн алт зэсийн баяжмал дотроо ялгагдахгүй гадагшаа гарч байна. 50 жил гарна.

Тэгэхээр 1000 тонн алт гадагшаа гарна гэсэн үг. 20 тонн алтыг өнөөдрийн үнээр үржүүлбэл 818 сая ам.доллар байгаа юм. Хэрэв Монголд алт хайлуулдаг үйлдвэр байсан бол жил бүр 818 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг гаргах эрх Монголбанкинд үлдэх гээд байгаа юм. Оюу толгойн гэрээний 3.21, 3.22 гэж заалт бий. Үүнд Монголд хайлуулах үйлдвэр байвал давуу эрхээр өгнө, Хятад руу баяжмалаа гаргахгүй гэдэг үүрэг рио Тинтод бий. Энэ заалт уг гэрээнд миний саналаар орж байсан юм. Гэтэл одоо болтол Оюу толгой зэс хайлуулах үйлдвэрээ барихгүй л байна. Тэгэхээр байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг Ч.Хүрэлбаатар шиг хүмүүсээр тоглуулж замхруулахгүй. Ядаж Засгийн газраас хол бай гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн бодлогыг УИХ хүлээж авах байх гэж найдаж байна. Цаашид ч гэсэн уул уурхайтай холбоотой хүмүүсийг Засгийн газарт битгий ажиллуул гээд байгаа юм. Лиценз нэрээр хэдэн цаас авчихаад, тэрийгээ хувийн өмч шиг үзэж байна. Таван толгой бол үүний сонгодог жишээ. Таван толгойд улсын хөрөнгөөр хайгуул хийчихээд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оффшорт бүртгэлтэй “Энержи ресурс”, Хятадын төрийн өмчит “Шинхуа” хоёрт үнэгүй өгөнгөө алдсан. УИХ дээр дөчин хэдэн гишүүн миний талд орж байж энэ балай юмыг зогсоосон. Яах аргагүй ард түмний хувьцаа орсон өмчийг үнэгүй бэлэглэхээ шахсан. Ийм улсуудыг 30 гэр бүл гээд байгаа юм. Түүнээс биш нэгдүгээрт, хоёрдугаарт гэсэн жагсаалт мэдээж байхгүй. Хайгаад байгаа бол Ашигт малтмалын газраас лиценз авсан мөртлөө дамлаж зардаг нөхдүүдээс хай.

-Шүүхээс гэм буруутай нь тогтоогоогүй байхад ингэж хэн нэгэн хүнд хориг тавьж болдог юм уу?

-Сайдаар томилоход заавал шүүхээс гэм буруутайгаа тогтоолгодоггүй. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэр хүн ялаа авах ёстой. Ах дүүсээрээ Монголын баялгийг зарчихаад Сангийн сайд хийж болно гэж бодохгүй байна. Заавал шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй юм чинь сайд болно гэж зүтгэж болохгүй. МАН дотор Сангийн сайдаар ажиллачих өчнөөн хүн бий. Хамгийн сүүлд батлуулсан төсвийн тодотголыг хар л даа. 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байна. Энэ чинь зөв бодлого мөн үү. Би бол буруу гэж бодож байгаа. Ерөнхийлөгч мөн адил буруутгаж байгаа. 55 тэрбумаар арьс шир боловсруулах үйлдвэр байгуул л даа. Малчдын үнэгүйдээд байгаа түүхий эдийг авч боловсруул. Тэгэхгүйгээр зүгээр тараана гэдэг салхинд хийсгэж буйтай ижил. Улс орны санхүү хэцүү байна гээд хүүхдийн мөнгийг хасъя, “приус”-ын татварыг нэмье гэсэн. Тэгж ярьж байсан нь худлаа байж л дээ. Мөнгө байсан юм байна. ОУВС цалин нэмж болохгүй гэхээр нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байна гээд байгаа. Ялгаа байхгүй шүү дээ. Эмч, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Мөнгө байхгүй гэж худлаа ярьж байж л дээ. Аль нь улс төр вэ, аль нь бодитой эдийн засаг вэ гэдгийг ард түмэнд харж байгаа байх. Хэн нь Үндсэн хуулиа дагаж байгаа, хэн нь 30 гэр бүлийн толгойг илж буйг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Та сая парламентыг тандахын тулд хориг тавьсан гэж хэллээ?

-Бодлогын асуудал байгаа юм. Ерөнхийлөгч уул уурхайн бизнестэй хүмүүсийг Засгийн газраас хол бай гэсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн байр суурь. Парламент үүнтэй санал нэгдэх үү, үгүй юу гэдгийг шалгаж байгаа юм.

-Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан. Сайд нарын томилгоон дээр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг ч гэлээ саналыг нь тэр бүр тусгадаггүй. Харин томилгоон дээр хориг тавьж буй нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм биш үү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хар даа. 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн байна. УИХ-ын “Засгийн газар гэдэг байнгын хороо” гэхээр болчихсон. Нэгийг нь хууль тогтоо, нөгөөг нь хэрэгжүүл гэж Үндсэн хуулиар ялгаж зааж өгчихсөн байгаа. Судлаачид гэх хүмүүс энэ алдааг яагаад олж харахгүй байгаа юм бэ. УИХ, Засгийн газрыг тусдаа үйл ажиллагаатай бай гэж Үндсэн хуульдаа зааж өгсөн мөртлөө нэг хүн хоёр алба хашаад байгаа нь хамгийн том зөрчил болж байгаа биз дээ. УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллахыг зөвшөөрсөн нь үнэн. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Одоо бол хэтэрчихсэн байгаа. Ийшээ гүйж хууль тогтоодог, тийшээ гүйж гүйцэтгэх засаглалд байгаа хүнийг юу гэх вэ. Үүнийг өөрчлөхгүй бол засаглал хоорондын ялгаа алга болоод байна. Яахав Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед үндсэн чиглэлийн яамны сайд УИХ-ын гишүүн байж болно гэж байсан. Сөрөг хүчин ч, ард түмэн ч зөвшөөрч байсан. Гэтэл 100 хувь УИХ-аасаа танхимаа бүрдүүлчихээр нэг “байнгын хороо” шиг болчихоод байна. Хоригийн хэлбэр дээр янз бүрийн зүйл яриад байна. Агуулгыг нь хар л даа. Ерөнхийлөгч сонгуулийн үеэр байгалийн баялгийг идэж уудаг улсуудаас салгана гэж ярьж байсан. Одоо амлалтаа л биелүүлж байгаа хэрэг. Энэ бол улс төрийн хориг. Ийм л бодлогын асуудал ярьж байгаа болохоос биш Ч.Хүрэлбаатарын ярьж буй шиг сонгуулийн үеийн өс хонзон яагаад ч байхгүй. Тэгээд ч хоригийг би биш Ерөнхийлөгч тавьдаг. Түүнээс биш З.Энхболд, Ч.Хүрэлбаатар хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй. Би ажлаа хийж байна, Ерөнхийлөгч, УИХ ажлаа хийж байна. УИХ хоригийг хүлээж авахгүй бол ард түмэнд ойлгомжтой болно. “МАН бол бүтэхгүй юм байна, Монголын байгалийн баялгийг авсан улсуудыг зөв гэх юм байна” гэдэг. Хотгор шанагын уурхайн лицензийг авахдаа нэг ч төгрөг төлөөгүй. Тэгсэн мөртлөө хэсэг хугацааны дараа хоёр сая ам.доллараар зарчихлаа. Энэ зүйлийг болохгүй гэж үзэж байгаа юм.

-Ерөнхийлөгч Засгийн газрын томилгоонд хориг тавиад байвал яваандаа институц хооронд үл ойлголцол үүсэх юм биш үү?

-Чи хэлбэртэй ноцолдоод байна. Агуулга талаас нь хар. Ерөнхийлөгч агуулга талаас нь харж байгаа. Засгийн газрын гишүүнээр хэн ч ажиллаж болно. Байгалийн баялгийг лиценз нэрээр үнэгүй авсан улсуудаас бусад нь ажлаа хийг. Энэ бол Ерөнхийлөгчийн бодлого. Үүнийг УИХ хүлээж авахгүй байж болно. Хүлээж авахгүй бол Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллана. Байгалийн баялаг зарсан мөнгөөрөө сонгуулийн авлига өгч байж УИХ гишүүн болжээ. Гэхдээ тийм хүн Засгийн газрын гишүүнээр ажиллахаа больчих л доо.

-Ингэснээрээ Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгч өөрийнхөө Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа. Хүлээж авах эсэхийг парламент шийднэ. Энэ сайд надад таалагдахгүй байна, 30 гэр бүлийн төлөөлөл учраас хүлээн зөвшөөрөхгүй л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Та нарыг ядууруулж буй зүйлтэй тэмцэх гээд байгаа юм. Тиймээс УИХ өөрөө шийдэг. Хориг тавих эрх нь байгаа, УИХ хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг хүлээж байна. Үндсэн хуулийн суурь зарчим УИХ, Засгийн газрыг тусдаа бай гэсэн. Цаашид ийм кабинет битгий гараасай гэж үзэж байна. Ийм зүйлээ ярих ёстой болохоос биш нэг муу Сангийн сайдыг зөв буруу гэж маргаж байгаа нь цагийн гарз.

-Цаашид ийм жишигтэй болчих юм биш байгаа?

-Цаашид Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй хэвээр байна. Дараагийн хоригийг төсвийн тодотгол ирэхээр буюу 55 тэрбум төгрөг дээр тавина. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн бодлогоор энэ 55 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах боломж байсан. Багш, эмч нарын цалинг сар бүр нэмэхийн оронд ийм аргацаасан зүйл хийж болохгүй. Ингэж ОУВС-гаа хуурч болохгүй. Алдагдаж буй байгалийн баялгийн мөнгөө оруулж ирээд цалингаа нэм. Эсвэл үйлдвэр байгуул. Өчнөөн хийх ажил байна. Энэ бол бодлогын ялгаа. Төсвийн тодотголыг ёсчилсноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг. Тэр үед бид тав хоногийн дотор багтааж хоригоо тавина. Тавихаар ярилцаж байгаа.

Хотгор шанагын уурхайг зарсан баримт.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравдорж: О.Баасанхүү улс төрийн алуурчин болчихож, сэтгэц нь эрүүл юм уу

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-МАХН-аар сонин сайхан юу байна вэ?

-Сонин их байна аа. МАХН юуны түрүүнд өрнөж буй улс төртэй зэрэгцээд дотоод ажлаа зүгшрүүлэх, тогтворжуулах ажил хийж байна. Бүх ард түмнийг хамарсан хоёр ч төсөл хэрэгжүүлж эхэллээ. Нэгдүгээрт, өнөөгийн Монголын төрийн тогтолцоог тогтворжуулах, боловсронгуй болгох үүднээс шинэ Үндсэн дээд хуулийн төслийг боловсруулсан. Энэ төслийг бүх аймагт очиж хэлэлцүүллээ. Зарим аймагт хоёр ч удаа очиж ард иргэдтэй уулзалт хийсэн. Ерөнхийдөө их үр дүнтэй явж байгаа. Үндсэн хуулийн хувьд УИХ-аас санаачлаад явж буй нэмэлт, өөрчлөлт гэсэн завсрын шинжтэй хуулиас шал өөр байдлаар Монголын нийгмийн амьдралыг зохицуулах хуулийн төсөл болсон. МАН-аас Д.Лүндээжанцангаар ахлуулсан баг гарч нэмэлт, өөрчлөлт хийж байгаа юм билээ.

Үүнд бид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь 1992 оны Үндсэн хууль нийгмийн зохицуулалтын үүргээ хэдийнэ биелүүлсэн. Цаашид нийгмийн амьдралыг зохицуулах чадваргүй болсон гэж дүгнэж байна. Анзаараад байхад өмнөх хуулиуд 20-23 жилийн хугацаанд үйлчлэлтэй байсан юм билээ. Аливаа хууль насжилттай байдаг, тэр нь дунджаар 20 жил байдаг юм байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

-Гэхдээ танай нам шинэ төсөл боловсрууллаа гэхэд батлагдах магадлал тун бага. Ийм нөхцөлд дангаараа хуулийн төсөл боловсруулах ач холбогдолтой байж чадах уу?

-Үндсэн хуулийг нэг нам боловсруулаад, түүнийг нь УИХ-ын чуулган дээр баталчихдаг юм биш. Монголын бүх ард түмний санал бодлыг тусгасан, өргөн хүрээнд хэлэлцүүлсэн хууль байх ёстой. Бид яг 1992 оных шиг байдлаар хэлэлцүүлж байгаа. Үндсэн хууль гэдэг бол дан ганц МАХН-ын, эсхүл МАН, АН-ын шийдэх асуудал биш. Тал талаасаа ярилцаж байж шийдвэр гаргана.

МАХН-аас боловсруулсан хуулийн төсөлд зарчмын олон чухал асуудлыг оруулж чадсан гэж итгэлтэй хэлж чадна. Жишээлбэл, 1992 оны Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт байдаг. Гэтэл хүнээ мартчихсан. Харин одоо бид монгол хүн монгол төрийн хамгаалалтад байна гэсэн заалт оруулж байгаа. Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд монгол хүний амь нас эрсдэх, өвчин зовлон тусах, нийгмийн дарамт шахалтад орох эрсдэл өндөр болчихлоо. Тиймээс бид, Монголын төр монгол хүнээ хамгаалалтад авах хэрэгтэй байна. Ядаж л бүх шатны шүүгчийг ард түмэн сонгодог болмоор байгаа юм. Томилдог тогтолцоог өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол томилогдсон хүн томилсон хүнийхээ төлөө л ажиллана.

-Хуулийн төслөө өргөн барих уу?

-Ард түмнээрээ хэлэлцүүлээд дуусчихъя. Түүний дараа мэдээж хэрэг төрийн хууль тогтоох дээд байгууллага шийдвэрээ гаргана биз. МАХН шиг ийм өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж чадахгүй. Тийм болохоор улс төрийн намууд, эрх баригчдыг манай хуулийн төсөлтэй танилцаж үзээч гээд байгаа юм. Тэгэхгүй бол нэмэлт, өөрчлөлт гэсэн хоёрын хооронд зүйлээр бид хол явахгүй. Ядаж л Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг яагаад хязгаарлаж байгаа юм бэ. Бүх ард түмнээсээ сонгогдсон хүн хууль санаачлах бүрэн эрхтэй байлгүй яахав дээ. Гэх мэтчилэн юмнууд байна аа байна. Өөр бас сонин сайхан их бий.

-Сонирхуулаач?

-МАХН луйвардуулчихсан л болохоос биш өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон. Луйвардуулсан гэдгийг бүгд харсан. Түмний нүдэн дээр ил болсон шүү дээ. МАХН-ын төлөө 409 мянган хүн санал өгсөн байдаг. Нийт сонгогчдын 30.2 хувийн санал гэсэн үг. Монголчууд МАХН-ыг дэмжиж байна гэсэн том үзүүлэлт л дээ. Энэ сонгогчидтойгоо бид эргэн уулзаж байна. МАХН-д саналаа өгсөн сонгогч танд баярлалаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл “Баярлалаа” арга хэмжээг орон даяар зохион байгуулж Дорнод, Дорноговь, Говьсүмбэр гурваас бусад аймагт очиж талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Нэр дэвшигч маань аймаг орон нутагт очиж иргэдэд баярлалаа гэдгээ өөрийн биеэр илэрхийлсэн. Манай нам шиг ингэж ард түмэндээ баярлалаа гэж хэлдэг нам байхгүй. МАН 65 суудал авсан мөртлөө ард түмэндээ баярлалаа гэж хэлсэн үү. Хэлээгүй биз дээ. АН ч гэсэн өмнө нь олуулаа болчихоод сонгогчдодоо талархал илэрхийлж үзээгүй. Харин МАХН сонгогчдодоо хүндэтгэл үзүүлж байна. Хэдийгээр бид саналаа дээрэмдүүлсэн ч гэлээ маш үнэтэй итгэл хүлээлгэсэнд нь талархаж байгаа юм. Энэ ажлаар болон Үндсэн хуулийн шинэчлэлтийн хүрээнд МАХН эх орноо гурван удаа тойрчихлоо.

-Бага хурал болох гэж байна гээд байгаа. Хэзээ юм бэ. О.Баасанхүү гишүүн бас Онц их хурал зарлана гээд байна. Ер нь МАХН О.Баасанхүү ба бусад гээд хоёр хуваагдчихсан, дотоод хагаралтай байна уу даа?

-Хагарал энэ тэр гэж том хэмжээнд ярих зүйл огт байхгүй. Ер нь үл ойлгогдох авир, араншинг О.Баасанхүү гишүүн гаргаж байгаа нь үнэн. Тийм ч учраас МАХН-д өргөх бичиг ч гэнэ үү, шаардлага ч гэнэ үү юм өгсөн. Бид тэрийг нь авсан. Гурав хоногийн өмнө тэр бичгээ өгч байна лээ.

-Юу гэсэн утгатай бичиг вэ?

-70 гаруй хүн гарын үсэг зурсан байгаа юм. Намын дүрэм мөрдөгдөхгүй байна ч гэх шиг, бага хурлын бэлтгэл хурлыг зохион байгуулалтгүй, ирцгүй хуралдуулж байна ч гэх шиг, намаас төрийн албан тушаалд сонгогдож томилогдох хүнийг цөөн хүний хүслээр сонгож байна ч гэх шиг юм бичсэн байна лээ. Яахав О.Баасанхүү, Бямбасүрэн гэж хүмүүсийн явуулж байгаа ажил л даа. О.Баасанхүү бол МАХН-ын ач гавьяа, буянаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн. Сонгогчид МАХН-ын нэр дэвшигч гэдэг утгаар түүнд саналаа өгсөн. Гэтэл одоо “Би МАХН-ын хүчээр гишүүн болоогүй. Өөрийн хүчээр өдий зэрэгтэй явж байна” гэж ярьж байна. Өөрөө болохоор нам дээрээ ирэхээ больсон. Дотоод ажил, амьдралд огт оролцохгүй байна. Тэр байтугай өөрийгөө МАХН-ын дарга гэж зарлуулаад, яриад явж байна шүү дээ. МАХН-ыг ХҮН шиг болгоно гэчихсэн явж байна. Сүүлийн үед ярьж байгаа зүйл нь “Миний ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бий. Асар их мөнгө байна. Шүүх бидний талд байгаа” гэхчлэн эрүүл бус яриа гаргаж байгааг бид сонсоод л байгаа.

-Гэхдээ та нар дотоод асуудалдаа О.Баасанхүү гишүүнийг оролцуулах сонирхолгүй байдаг юм биш үү. Ер нь тэгэх гэж байна, ингэх гэж байна гэдгээ дуулгадаг уу?

-Намын зүгээс тийм зүйл огт гаргаагүй. Намынхаа гүйцэтгэх товчооны хуралд ирээч ээ, Эрдэнэтийн асуудал дээр ард түмнийхээ талд зогсож саналаа өгөөч гэж дамжуулсан, хэлсэн. Гэтэл хуралд ирдэггүй. Тэгсэн мөртлөө Эрдэнэтийн 49 хувийн асуудалд эсрэг байр суурь барих жишээний. Энэ мэтээр намын бодлогоор явахаа больсон. Ийм авир, араншинг гаргаад байгаа юм. Тэгсэн мөртлөө эцэс сүүлд нь МАХН-ыг өөрчилнө, шинэчилнэ ч гэх шиг утгагүй зүйл ярьж байгааг бид ойлгохгүй байна.

-Гэхдээ ямар ч гишүүн намаа өөрчлөх, шинэчлэх асуудал ярьж болно биз дээ. Тэгж ярьж байгаа нь харин ч эрүүл юм биш үү?

-Намын дотоод асуудалд анхаарах зүйл байлгүй яахав. Гэхдээ О.Баасанхүүгийн ярьж байгаа шиг тарах, бутрах асуудал ярьдаггүй байх. Намын гишүүн хүн тэгж ярьж болдог ч үгүй байх гэж бодож байна. Зориуд санаатайгаар ийм зүйл яриад яваад байгаа юм.

-Уг нь О.Баасанхүү бол УИХ-д сууж буй МАХН-ын ганц гишүүн. Энэ хүнтэйгээ учраа олоод явж болдоггүй юм уу?

-Учраа олъё гэхээр өөрөө нам дээрээ ирэхгүй байгаа хүнийг бид яах юм бэ. Төрийн ордонд суучихаад намаа муулаад, ар хударгаар хүмүүс цуглуулаад байна. УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд хүн урилгүй яахав. Гэхдээ хүн уриад юу хийж байна вэ гэхээр нам болохгүй байна, өөрчилье гэж ярьдаг. Намын удирдлагыг солино гэж хүртэл ярьж буйд нь хүмүүс дургүйцээд эргэж бидэнд яриад байгаа юм.

-Намын удирдлага, даргаа сольё гэдгийг ил тод ярьж байгаа. Тэгж ярих нь угаасаа зөв юм биш үү. Н.Энхбаяр намаа удирдаж УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд оролцоод ялалт байгуулсангүй. Ийм хүнд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг биз дээ. Эсхүл ганц хүний хувийн нам болчихсон юм уу?

-Мэдэхгүй, та нар тэгж боддог юм байгаа биз. Би бол үгүй гэж бодож байна. Энэ намын дотор байгаа хүн нь би. Тэгж нэг сэтгэлийн хөөрлөөр, популист зүйл ярьдаг нь би биш. Хуульч хүний хувьд буурьтай суурьтай, хууль зүйн үүднээс хандахыг боддог. Ийм учраас таны ярьж буйтай санал нийлэхгүй байна. Угаасаа тийм зүйл ч байхгүй. Тэгээд ч намын даргыг солих шаардлага гарч ирээгүй байна гэж бодож байгаа. Намын удирдлага, гүйцэтгэх товчоо байнга хуралдаж олонхоороо шийдвэрээ гаргаад явж байна. Хоёр дэд дарга, П.Оюунбаатар, С.Ганбаатар нар хамтдаа хурлын шийдвэр гаргаж байгаа. Гүйцэтгэх товчооны хурал ардчиллын зарчмаар явагдаж байна гэж хардаг. Би түүний гэрч нь мөнөөс мөн.

-Гэхдээ сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулж чадаагүй бол огцордог жишигтэй дээ?

-Тийм жишиг мэдэхгүй. Намаа дотооддоо эв нэгдэлгүй болгодог тийм жишгээр бид явахгүй. Яахав, намын дотоод хэмжээнд яригдвал ярина биз. Яримаар байвал намын Их хурал дээр ярих асуудал. Түүнээс биш МАН, АН даргаа огцрууллаа, манайх энэ жишгээр явах ёстой гэж болохгүй. Тэгээд ч дарга солих асуудлыг намын хамт олон мэддэг. Хоёрдугаарт гэвэл, даргаа солих шаардлагыг олж харахгүй байна. Яг үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр шиг энэ намын төлөө өөрийгөө золиослосон, хэлмэгдсэн, хилс хэрэгт гүтгэгдсэн хүн байхгүй. Тэгсэн мөртлөө нам шиг нам байлгахын төлөө, хөл дээр нь босгохын төлөө, олон түмний дунд нэрийг нь өсгөхийн төлөө зүтгэж байгаа хүн Н.Энхбаяр л байна. Энийг би шууд хэлнэ. Ингэж хэлэх, түүнийг хэрхэн зүтгэж буй мэдэх хүн цөөхөн үлдсэн байх. Яахав хөндлөнгөөс Н.Энхбаярыг шүүмжилж болно. Шүүмжилсний хэрээр бид муудахгүй. Тэр тусмаа О.Баасанхүү шиг МАХН-ын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод эргээд удирдлагатайгаа уулздаггүй хүний үгээр бид явахгүй.

-Нэг хэсэг О.Баасанхүүг МАХН-аас хөөлөө гэх шуугиан гарсан?

-Хөөгөөгүй. Гэхдээ гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан. Гүйцэтгэх товчоо гэдэг бол намын өдөр тутмын ажлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Бас намын бодлогоо ярьж УИХ-ын чуулганы үеэр байр сууриа хэрхэн илэрхийлэх асуудлаа хэлэлцдэг. Гэтэл ийм хуралдаа ирэхгүй байгаа хүнийг яалтай билээ. Өөрт нь ч намын гишүүний батлах нь байгаа байх. Зүгээр удирдлагын бүтцэд байх боломжгүй болсон. Ажилд оролцдог, идэвхтэй хүнээ гүйцэтгэх товчооны хуралд оруулсан нь дээр.

-Тэгэхээр одоо О.Баасанхүү гишүүн МАХН-ын сул гишүүн болсон гэсэн үг үү?

-Сул гишүүн. Гүйцэтгэх товчооны гишүүн биш.

-Гэхдээ О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хурлын үеэр “МАХН ийм байр суурьтай байгаа шүү” гэж үзэл бодлоо илэрхийлдэг. Тэр намын шийдвэр байж чадахгүй гэсэн үг үү?

-Нэг хүн намыг төлөөлөхгүй.

-Та нар хоорондоо уулзахгүй хэр удаж байна вэ?

-Их удаж байгаа. Бараг л Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигчийн асуудал ярих үеэс хойш уулзаагүй. Тэрнээс өмнө ч ирэхгүй байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үед Нарангэрэл, Эрдэнэчулуун нарын нэрийг ярьчихсан тэс хөндлөн зогсож байх жишээтэй. Бид олонхоороо ярилцаад С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болоход миний саналыг хүлээж авсангүй гэж яриад эхэлсэн. Сүүлдээ бүр намаа бутлах үйл ажиллагаа руу орж байх шиг байна. Ер нь эдийн засгийн алуурчин гэсэн нэр томьёо байдаг биз дээ. Түүн шиг О.Баасанхүү улс төрийн алуурчин болж хувирч байна уу гэж харж байгаа. Ер нь тэгээд сэтгэц нь эрүүл юм уу. МАХН-ын дарга О.Баасанхүү гэж яриад явна гэдэг эрүүл хүний сэтгэх зүйл мөн үү. Би бол эрүүл биш сэтгэлгээ гэж харж байгаа.

-Энэ бүхэн чинь л МАХН-ыг хагаралтай харагдуулаад байна шүү дээ?

-Хагарахгүй ээ.

-Ер нь МАХН гайгүй гэсэн лидерүүдээ хөөж явуулаад байх юм. Д.Тэрбишдагва, Ч.Улаан гэсэн гишүүд МАХН-аа орхисон. Г.Шийлэгдамбыг бас яалаа даа, шоронд явуулаа биз дээ. Одоо бараг танаас өөр хүн үлдэж байгаа юм уу. Ер нь олон хүн МАХН-аас гардаг нь Н.Энхбаяр даргатай холбоотой юм биш үү?

-Жаргал даахгүй зовлон гэж нэг үг байдаг шүү. Намын итгэл, хайр даахгүй хүмүүсийн өмнөөс бид хариуцлага хүлээхгүй. Тэдний өмнөөс бид нүүрээ улалзуулах шаардлага ч байхгүй. Явах хүмүүс нь яваг л дээ. Тухайн хүмүүсийн үзэл бодлын л асуудал шүү дээ. Нэг зүйл тодотгоод хэлэхэд МАХН-д байхдаа алдрын өндөрт хүрч албан тушаалын дээд байранд заларч сандалтай, суудалтай байсан хүмүүс ашиг хонжоо хайгаад хаашаа явсныг та ч, би ч харсан. Тэгээд явж байгаа хүмүүс намд хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Хэн болохоо харуулсан, өөрөөсөө урвасан тийм л ёс зүйтэй хүмүүс байж. Харин одоо бид улам нягтаршиж, эе эвтэй байна. Ер нь тэгээд намтайгаа зөрчилдөөд гарсан хүн хэр хол явахыг харъя л даа. Дахиж сонгогдох шаансгүй болно. О.Баасанхүүг би залуу хүнийх нь хувьд хайрлаж байна.

-Саяхан МАН-ынхан Засгийн газраа огцруулна, огцруулахгүй асуудлаас болоод хоёр хуваагдсан. Үүнээс болоод Ө.Энхтүвшин тэргүүтэй гучин гишүүн МАХН-д элсэх гэж байна гэх яриа гарсан. Үнэхээр ийм юм болсон уу. МАН-ын ямар нэгэн гишүүн Н.Энхбаяр болон танай намынхантай уулзсан уу?

-Эхлээд ганц зүйл хэлье. Өөрийнхөө Засгийн газрыг өөрсдөө огцруулдаг Засгийн газар түүхэнд байдаггүй. Бид анх удаа ийм зүйл харлаа. Тэр тусмаа ард түмнээс хамгийн том итгэл авсан нам ийм шийдвэр гаргасанд үнэхээр их гайхсан. Тэр нь яахав, тэдний дотоод асуудал л юм байгаа биз. Бие бие рүүгээ хэлж буй үг, гаргаж буй хандлагыг хараад том улс төрийн хүчнийх нь хувьд харамсаж байлаа. Ингэтлээ ядарна гэдэг Монголын улс төрийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй том эмгэнэл. Энэ асуудлаас болоод Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд манай намд элсэнэ гэж худлаа. Тэгээд ч тийм асуудал яригдахгүй байлгүй дээ. Очъё ч гэж яриагүй, хүрээд ир ч гээгүй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

Related imageУИХын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


Өчигдөр Төсвийн байнгын хороогоор ямар асуудал хэлэлцэв?

-Төсвийн байнгын хороо хуралдаж гурван асуудал хэлэлцсэн. Эхлээд 2017, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Хоёрдугаарт нь, 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн тодотгол хэлэлцсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд байгуулж буй зээлийн хэлэлцээрийг батлахтай холбоотой асуудлыг ярилцлаа.

Төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар тодруулахгүй юу. оуВс уг шийдвэрийг зөвшөөрөх үү. Ер нь ингэж тэтгэмж олгосноор нийт хэдэн тэрбум төгрөг төсвөөс гарах вэ?

-Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал гаргасан юм. Тэр нь төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлд онцгой анхаарал хандуулмаар байна гэж. Нөгөө талаасаа багш, эмч нар цалин нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж ажил хаяад байгаа. Тиймээс Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч төрийн албан хаагчдын цалинг боломжтой хэмжээнд нэмэгдүүлэх талаар судалсан. Ингээд шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт саналаа тавьсан юм. Ч.Хүрэлбаатар сайд өнгөрсөн амралтын өдөр ОУвС-гийнхантай уулзсан байна лээ. Энэ үеэр уг саналаа хэлсэн. Ингээд нэг удаагийн нөхөн олговор хэлбэрээр төрийн албан хаагчдад тэтгэмж олгож болох юм гэсэн шийдвэрт хүрч тохиролцож чадсан. Гол нь өнгөрсөн хавар ОУвС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахдаа төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй гээд тохирчихсон. Тиймээс төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхгүйгээр нэмэгдэл цалин, урамшуулал хэлбэрээр орлогыг нь нэмэгдүүлье гэсэн тохиролцоонд хүрлээ. Тиймээс өнөөдөр (өчигдөр) Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцсэн. Ингэснээр төрийн бүх албан хаагчид буюу 192 мянган хүнд он дуустал нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоё гэсэн шийд гарч байна. Одоо энэ асуудлыг маргааш, нөгөөдөр хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Уг мөнгийг олгосноор төсвөөс 54.9 тэрбум төгрөг шаардаж байгаа.

-192 мянган хүнд төрийн өндөр албан тушаалтнууд орж байгаа юу. Шүүгч, прокурор гэхчлэн өндөр цалинтай хүмүүст нөхөн олговор олгох уу?

-Шүүгч, прокурор, төрийн албан тушаалтнууд үүнд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл улс төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ, Засгийн газрын гишүүдэд нөхөн олговор олгохгүй. Өнгөрсөн жилээс эхлэн инфляцийн түвшин нэмэгдсэн, валютын ханш өсөж байна. Тиймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.

-МАН-ынхан цалин, тэтгэвэр нэмэхийн оронд нэг удаагийн нөхөн олговор нэрийдлээр ацаглаж өнгөрөх гээд байна уу. Нэг мөсөн хувилаад цалин нэмэгдүүлж болоогүй юм уу?

-Хувилъя гэхээр бага цалин авдаг хүмүүсийнх бага, их цалинтайнх нь их нэмэгддэг. Цалинг хорин хувиар нэмэгдүүллээ гэхэд 300 мянган төгрөгийн цалинтай хүнийх жаран мянгаар нэмэгдэнэ. Сая төгрөгийн цалинтай бол хоёр зуун мянгаар ахиу авч эхэлнэ. Тиймээс бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа юм. Нэг ёсондоо орлогыг жигд нэмэгдүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байна.

-Багш, эмч нар цалингаа нэмүүлнэ гээд жагсаал зохион байгуулж байгаа. Тэд нэг удаагийн нөхөн олговроор асуудлаа шийдсэнд тооцох болов уу?

-Тэрийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан 2017 ондоо багтаад нэг удаагийн нөхөн олговор олгоё гэсэн шийдвэр гаргалаа. Ирэх 2018 оны төсвийн асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирэх байх. 2018 онд энэ нөхөн олговрыг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг Засгийн газрын гишүүд мэднэ гэсэн үг. Энэ бол төсвийн бололцооны хүрээнд авч хэрэгжүүлж буй том арга хэмжээ болно шүү.

-Уг арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх үү?

-Сангийн сайдын хэлж буйгаар ирэх онд үргэлжлүүлээд явах юм билээ. Ямар давтамжтай, нөхцөлтэй байхыг ярилцаж байж шийднэ. Дээр нь Засгийн газрын гурван талт хэлэлцээр хийж байгаа. Үүгээр нэлээн асуудал шийдэх байх. Нөгөө талаас ирэх онд тэтгэвэр нэмэгдүүлнэ гэчихсэн байгаа. Тиймээс шийдэх асуудал олон гарч ирж байна.

-Насны хишиг ирэх онд хэвээр үргэлжлэх үү. Эсхүл сонгуулийн шоу болгоод дуусгаж байна уу?

-Насны хишгийг олгоод явна шүү дээ.

-Төсвийн давсан орлогоос уг мөнгийг олгоно гэсэн. Төсвийн орлого төлөвлөгөөнөөс хэдий хэмжээгээр даваад байгаа юм бэ?

-Засгийн газарт өргөн барьсан төсвийн тодотголоос харахад 900 орчим тэрбум төгрөгөөр давах болов уу гэсэн тооцоо бий. Гэхдээ санаа зовоож буй асуудал бас байгаа. Сүүлийн гурван сард экспортод гаргадаг бүтээгдэхүүний борлуулалт багасаж байна. Тухайлбал, нүүрс урд хилээр гарах нь багассан. Тиймээс жилийн эцэст асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Засгийн газрын зүгээс давсан орлогын 498 тэрбум төгрөгийг зарцуулъя гэсэн санал оруулж ирсэн. Харин Төсвийн байнгын хорооны хурал дээр ярилцаж байгаад 104 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулъя гэж үзлээ. Өөрөөр хэлбэл аудитын байгууллагаар баталгаажаагүй концессын ажлуудын хөрөнгийг хойшлуулъя, 2017 онд шинээр хийгдэж дуусна гэж буй засварын ажлуудад мөнгө зарцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Эндээс 104 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэх эх үүсвэр гарч ирнэ. Ингэж чадвал төсвийн тэнцэл 0.4 хувиар сайжирна. Тухайлбал, Засгийн газрын өргөн барьж буйгаар төсвийн алдагдал хасах 9.9 хувь байгаа. Үүнийг хасах 9.4 хувь болгоно. Бидний хамгийн гол зорилго орлогоо нэмэгдүүлж зарлагаа танаж байж төсвийн алдагдлыг багасгах шүү дээ. Тиймээс ийм шийдвэр гаргаж байна.

-2018 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж эхлэх гэж байна. Гэтэл манай гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт багасчихлаа. Энэ ирэх оны төсөвт сөргөөр нөлөөлөх юм биш үү. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Уг асуудал яригдаж байгаа. 2018 оны төсвийг Засгийн газар өргөн барьсан ч шинэ Засгийн газар хэлэлцэх нь зүйтэй гээд буцаагаад татсан шүү дээ. Одоо бол шинэ төсвийн төсөөлөл дээр Засгийн газар нэлээн сайн анхаарч ажиллаж байгаа байх. Анхаарал хандуулахдаа нүүрсний экспортыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг тооцож үзэж байгаа байлгүй. Одоогоор өргөн бариагүй байгаа учраас урьдчилж хэлэхэд хэцүү байна. Өргөн барьсны дараа бүлэг, Байнгын хорооны хурал, УИХ-ын чуулган дээр нэлээн сайн яригдах байх.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр гишүүд өөрсдөдөө тэрбум төгрөг төсөвт суулгасан гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гишүүд өөрсдөдөө зориулж мөнгө төгрөг төсөвт суулгасан зүйл байхгүй. Төсвийн байнгын хорооны хурлын үеэр томьёоллыг нь ч харсан байх. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 72.6 тэрбум төгрөг суулгах саналыг өмнөх Засгийн газар оруулж ирсэн. Шинэ Сангийн сайд үүнийг арай өөрөөр үзсэн. Ч.Хүрэлбаатар сайд банкнаас өндөр хүүтэй зээл авч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд дундаас нь алдагдал хүлээдгээ больё гэсэн юм. Тийм учраас уг мөнгийг энэ ондоо татаж авъя, ирэх онд Засгийн газрын хуралдаан дээр ярьж шийдье гэсэн зүйл яригдсан. Түүнээс биш УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж сайдын багцад хөрөнгө суулгасан асуудал байхгүй.

-Азийн хөгжлийн банкнаас зээл авах гэж байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байгаа юм бэ?

-ОУВС-тай хийсэн гэрээний дагуу Азийн хөгжлийн банкнаас манайд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй зээлийн асуудлыг Төсвийн байнгын хорооны хурал дээр ярьсан. Уг зээл одоо зөвшилцөх шатандаа явж байгаа. Анхны зөвшилцөх санал гэсэн үг.