Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АУ-ны доктор Г.Батбаатар: Вакцин тариулснаар асуудал шийдэгдэхгүй. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байна

АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн коронавирусийн эсрэг вакцины хүлээлтэд байлаа шүү дээ. Вакцин бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна?

-Дэлхий дээр маш олон өвчин үүсгэдэг, өвчин үүсгэдэггүй бичил биет өргөн тархсан байдаг. Хүн төрсөн цагаас эхлэн эдгээр бичил биеттэй танилцаж, мэдээллийг дархлааны “Ой санамж”-нд хадгалах, шаардлагатай тохиолдолд эргэн санаж идэвхжих онцгой чадварын ачаар өвчлөхгүй, эрүүл саруул амьдрах боломжтой болдог. Энэ чанарыг танин мэдсэнээр өвчин үүсгэгчийн тодорхой бүтцийг биед оруулах замаар дархлааны “Ой санамж”-ийг зориудаар үүсгэн халдварт өвчнөөс сэргийлэх аргыг нээсэн нь гайхамшиг юм. Өвчин үүсгэгчийн тухай дархлааны “Ой санамж” зориудаар үүсгэхэд ашиглаж буй бүтцийг вакцин гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, коронавирусийн дархлааны эсэд танигдах бүтцийн тодорхой, тогтмол бүтцийг гарган авч тарьснаар уг вирусийн “Санамжийн эсүүд” үүсдэг. Вирус хүний биед нэвтрэхэд дархлааны эсүүд түүнийг өвөрмөцөөр таньж, идэвхжин маш богино хугацаанд идэвхжин вирусийг устгана гэсэн санаа юм л даа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн өвөрмөц мэдээллийг зориудаар урьдчилаад дархлааны эсүүдэд таниулахыг дархлаажуулалт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээс вакцин гарснаар вирус бүрмөсөн устах, эсвэл вирусийн халдварт өртөхөө болино гэсэн үг биш. Ер нь вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Коронавирус устахгүй нь ойлгомжтой учир цаашдаа зохицон амьдрах, халдвараас сэргийлэх арга замаа тодорхойлох нь чухал.

-Монгол Улс БНЭУ-аас коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Вакцин нь олон хэлбэртэй буюу гарган авах аргаас шалтгаалан бүтэц нь ч өөр. Вакцин бүтээх ажил нь нарийн хяналтын дор олон түвшний туршилтаар шалгагдаж байж үйлдвэрлэх зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авдаг нарийн төвөгтэй процесс юм. Тийм учир вакцины чанарт эргэлзэх, санаа зовних шаардлагагүй байх. Тэгээд ч шинжлэх ухаан хөгжсөн цаг үед амьдарч байна. Энэ вакциныг дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд ч хэрэглэж байна. Вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт нэгдэл учир тухайн хүний дархлаа чадамжаас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг. Гэхдээ амь насанд аюултай хэмжээнд хариу урвал үзүүлэхгүй байх, баталгаатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас нийтээр хэрэглэх зөвшөөрлийг олгоно.

-Вакцины найрлагад ямар бодисууд багтдаг вэ?

-Дээр хэлсэн вакцин олон хэлбэртэй. Одоогоор “Pfizzer”, “Moderna компанийн вакцин бол РНХ технологид суурилсан шинэ төрлийн вакцин юм. Харин Спутник V, Astra Zeneca вектор вакцин юм. Эдгээр вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй болохыг олон судалгаагаар баталж дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч бүртгээд байна. Тийм учраас эдгээр вакцины үр дүн, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Хамгийн гол нь вакцины “Хүйтэн хэлхээний журам”-ыг чанд мөрдөх нь нэн чухал. Энэ нь үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хэрэглэх хүртэлх тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээнд тавих стандарт шаардлага юм. Манай орны хувьд -70С градусын нөхцөлд тээвэрлэх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүргэх дэд бүтэц нь ямар юм бол доо. Үүнийг тооцож байж ямар төрлийн вакцин, хаанаас, хэзээ авахаа шийдэх нь чухал.

-“Коронавирусийн эсрэг маш сайн вакцин гарлаа гэхэд үүсгэж байгаа дархлал нь тийм удаан тогтохгүй. Яагаад гэхээр вирусийн эсрэг дархлаа дандаа богино хугацаатай байдаг” гэж та нэг ярилцлагадаа дурдсан байсан.

-Коронавирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд гарган авч, яаралтай шугамаар бүртгэн хэрэглэж байгаа учраас вирусийн эсрэг дархлаа хэр тогтвортой, ямар хугацаагаар тогтдогийг одоо үнэлэхэд хэтэрхий эрт байна. Ер нь вакцин гарган авч хэрэглэснээр бүх асуудал шийдэгдэхгүй шүү. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байх нь ойлгомжтой. Магадгүй энэ вакциныг 2-3 жил тутам хэрэглэх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй.

-Анти вирусийн талаар хүмүүст илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахгүй юу?

-Вирусийн эсрэг дархлаа нь эсийн болон шингэний гэсэн хоёр хэлбэртэй. Товчхондоо вирусийн эсрэг эсийн дархлааны гол эффектор механизм “Эс хордуулагч Т лимфоцитээр” дамжин илэрнэ. Өөрөөр хэлбэл, вирусээр халдварласан өөрийн эсийг устгах замаар вирусийн халдвартай тэмцэнэ. Харин шингэний дархлааны урвалд “Иммуноглобулин” буюу эсрэг бие гэх өвөрмөц уураг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, вирус хүний биед нэвтрэн орж эсэд халдварлахаас урьтаж эсрэг биетүүд холбогдож саармагжуулан биеэс зайлуулна. Тэгэхээр вакцин нь вирусийн эсрэг өвөрмөцөөр үйлчлэх “Эс хордуулагч Т эс” болон эсрэг биеийн үүсэлтийг өдөөдөг гэж ойлгож болно.

-Аюулгүй байдлаас шалтгаалж вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна?

-Мэргэжлийн хүний хувьд дахин хэлье. Шинжлэх ухаанд итгэж чадахгүй юм бол лам, бөө, шашинд итгэх үү. Өнөөдөр миний хувьд итгэж болох хамгийн зөв зүйл нь шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон, мэдлэг боловсрол улс орныг хөгжүүлнэ гэдэгт би итгэдэг.

Д.ЖАРГАЛСАЙХАН: КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Цахим сүлжээнд вакцин тариулахыг эсэргүүцэж буй Д.Жаргалсайханы байр суурийг сонслоо.


Тэрээр “Вакцин тарихыг эсэргүүцэж байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Энэ үед Улаанбаатар хот бүү хэл улс даяараа маск зүүж байгаа. Гэтэл худалдааны төвөөр ч юмуу ямар нэг газраар халдвартай хүн явсан байна гэж тухайн газрыг цагдаагийн хүчээр бүсэлж, бүлэг хулгайч баривчилж байгаа юм шиг л сүр болно. Ер нь коронавирус чинь тэгээд хумхын тоос шиг бужигнаж байдаг юм уу, эсвэл гэрэл шиг тал бүр цацарч байдаг хэрэг үү. Тэгдэг юм бол хүнсний бүх бүтээгдэхүүн дээр бууж байгаа юм биш үү. Бүгд масктай байхад тархаад байгаа юм бол маскны хэрэг байна уу. Хорин мянган төгрөгний үнэтэй маск нь тийм найдвартай, өндөр шүүлттэй юм бол бүгд түүнийг чинь аваад зүүе л дээ. Үнэхээр тийм сайн маск байдаг бол хорь бүү хэл хоёр зуу, хоёр сая байсан ч аваад зүүх хүн Монголд хэдэн мянгаараа байгаа. Хэрэв маскны найдваргүйгээс болж алдаж байгаа юм бол хүн бүхэн амандаа даавуу нааж явах ямар хэрэгтэй юм. Анагаахын шинжлэх ухаан хэдэн зуун жил хөгжсөн мөртлөө ганцхан шинжилгээ аваад өвчнийг оношлоод ганцхан тариа хийгээд хамгаалдаг тийм эмчилгээ хаана ч байхгүй. Гэтэл коронавирусийг ганцхан шинжилгээгээр тогтоогоод, ганцхан тариа хийгээд хамгаална гэхэд хэн итгэх вэ. Жил гаруйн хугацаанд оношлох, эдгээх бүх аргыг нь олж байгаа юм бол бусад өвчнийг яагаад тэгж чадахгүй байна. Коронавирусийг оношлох, хамгаалах нь тийм амархан, тусгай өвчин юмуу, бусад өөр олон төрлийн ханиаднаас яаж ялгаж байгаа юм бэ (Өндөр халуурдаг, хоолой боогддог, хамар битүүрдэг) олон янзын ханиад байгаа шүү дээ.

Ер нь Монголд ковид орж ирсэн нь үнэн юм уу. Орж ирсэн нь үнэн юм бол ямар замаар орж ирсэн юм бэ. Түүнийгээ тогтоосон юм уу. Коронавирус туссан хоёр мянга шахуу хүн яаж яваад туссан юм. Яаж өвдсөн, яаж эмчилсэн энэ тухай яриаг сонсмоор байна. Яагаад корона туссан, тэр олон хүн өнөөдрийг хүртэл яагаад таг дуугуй байгаад байгаа юм. Хэлгүй болгодог, эсвэл сэтгэцэд нь өөрчлөлт оруулдаг өвчин юм уу. Энэ бүхэнд хэн хариулт өгөх вэ. Юу юуны духанд хүрэлгүй вакцин тарих гэж яагаад яараад байгаа юм. Тэр вакциныг тарилаа гээд бусад халдвараас хамгаалах хэрэг үү. Өөр төрлийн вирус гарвал яах вэ. Дахиад өөр вакцин тариулах уу. Төгсгөлд нь хэлэхэд, ямар нэг вакцин оруулж ирээд тарилаа гэхэд тэр вакцин хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг хэн батлах юм. Тэр сайн гээд байгаа вакцин пенициллин, дециллин шиг үр дагавартай байвал яана. Огт сөрөг нөлөөгүй, тэгээд халдвараас хамгаалдаг эм тариа байна гэдэгт тэнэг хүн ч итгэхгүй.

Өвчин яагаад тархаж байгаа нь тодорхойгүй, өвдсөн хүмүүс яасан нь бүр ч тодорхойгүй байна. Засаг төр, УОК яг юунд анхаарч байгаа нь ойлгомжгүй, төсвийн их мөнгө үрсэн, олон мянган хүн ажилласны үр дүн харагдахгүй байна. Бүр сүүлдээ өвчин байгаа үгүй нь ч тодорхойгүй боллоо. Ард иргэд чинь мухар сүсэгтэй мөргөлчид шиг боллоо шүү дээ. Америк, Австрали, Япон, Солонгос гэх мэт гадаадад байгаа хүмүүстэй байнга холбогдож байна. Тэдний дунд корона туссан, эдгэсэн хүмүүс ч байна. Тэр бүхнээс дүгнэхэд бие султай, хууч өвчтэй хүмүүст хүндээр нөлөөлж байна гэж ойлгогдож байгаа. Гэтэл манай өвдсөн хүмүүс яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ. Туссан хүн бүхний яриа хэрэгтэй байна. Тэдний ярианаас хүн бүхэн өөр өөрийнхөө дүгнэлтийг хийх ёстой. “Хүн алах вирус бүтээж, тараасан” гэж УИХ-ын чуулган дээр ярьж байсан. Хүмүүс дараа нь аврах вакцин хийх нь зөвхөн эдийн засгийн хорлол гэж ойлгох аргагүй. Магад үндэстэнг мөхөөх хэт холын бодлого биш гэх газаргүй. Хүний эрүүл мэнд, цаашлаад удам генд нөлөөлөхгүй гэдгийг хэн нь хэзээ баталсан юм бэ. Найдвартай гэсэн харийнхны үгэнд итгэх ёстой юу” гэж бичсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *