Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хахууль авсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр эл хахуулийн хэрэгт ганцаараа оролцоогүй бөгөөд хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж буй аж.
Түүнийг Бусдаас их хэмжээний хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-т заасан үндэслэлээр цагдан хорих санал НПГ-аас ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүэд хэлэлцсэн бөгөөд шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяаг нэг сарын хугацаанд 461-р хорих ангид цагдан хориод байгаа юм байна. Үүнтэй зэрэгцэн ЦЕГ-ын дарга тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ЭЦА-ны Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өмнө нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаал хашсан, хурандаа Г.Эрдэнэбаатар гэж хүнийг томилсон талаар эх сурвалж мэдээллээ.
АТГ-аас энэ талаар тодруулж түүнтэй хамт өөр ямар хүмүүс холбогдон шалгуулж байгааг тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. Учир нь уг хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, хэн нэгнийг яллагдагчаар татаагүй, дөнгөж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болохоор бас хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариулт өгсөн юм.
Дэд хурандаа С.Батзаяагийн хувьд 2001 онд Цагдаагийн академи төгсөж, Булган аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч зэрэг албан тушаал хашиж байгаад дээрх хэлтэс байгуулагдахад даргаар нь томилогдон ажиллаж байжээ.