Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн Пүрэвийн Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тодруулгыг ЗГХЭГ-т гарган өгчээ.
П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байна.
Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллах талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлсэн байна.