Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа: Хүүхдийн эмч хоёр хүнийг эмчилдгээрээ ялгаатай DNN.mn

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Хүүхдийн анагаахын тэнхим”-ийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тэнхимийн ойн хүрээнд өчигдөр дэлхийн 10 орны хүүхдийн чиглэлийн 22 эмч, мэргэжилтнүүдийн хүүхдийн эмч нарт зориулсан сургалт, эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Тус тэнхимийн түүх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эмч мэргэжлийн онцлогийн талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Хүүхдийн анагаахын тэнхим хэдэн онд, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байв?

-Манай тэнхим БНМАУ-ын Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор 1954 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр “Хүүхдийн ба халдварт өвчин судлалын тэнхим” нэртэйгээр байгуулагдсан. Тэр цагаас хойш эдүгээ 70 жил болж байна. Монголын хамгийн анхны анагаах ухааны эмэгтэй эрдэмтэн А.Намсрайжав тэнхимийн эрхлэгчтэй хоёр багш гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэнхимийн хүний нөөц хэдэн дахин нэмэгдсэн байна.

Бидний бахархан дуурайдаг Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор Н.Гэндэнжамц, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, П.Батхүү зэрэг олон сайхан багш, үе үеийн эрдэмтдийнхээ ачаар манай тэнхим Монголдоо төдийгүй дэлхийн жишгээр хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахыг ямагт хичээн ажиллаж байна.

-70 жилийн хугацаанд өнөөг хүртэл хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ямар чухал шийдвэр, асуудлыг хөндөж байсан бэ?

-Хүүхдийн анагаахын тэнхим 70 жилийн түүхэндээ олон чухал зүйлийг гүйцэтгэж ирсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад 1000 амьд төрөлтөд тав хүртэлх насны эндэгдэл 15 байгаа. Дэлхийн дундаж эндэгдэл 22 байдаг. Хүүхдийн анагаахын тэнхимийн үе үеийн ахмад профессор багш нар хүүхдийн эмч нарыг бэлтгэж, сургаж, хүний их эмч нарыгаа хүүхдийн их эмчээр мэргэшүүлж байсан учраас Монголын хүн ам өсөж, хүүхдийн нас баралт буурсан. НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын дэлхийд хэрэгжүүлж байгаа хүүхдийн бодлогыг манай тэнхим манлайлж, түүчээлж, эмч нараа сургаж ирсэн. Тухайлбал, 1991 онд “Хүүхдийн амьсгалын замын өвчин, суулгалтаас сэргийлэх үндэсний хөдөлгөөн”, “Нярайн скрининг” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь эмч нараа сургах зөв бодлого мөн. Өнгөрсөн хугацаанд манай тэнхим нийт 15961 хүний их эмчид хүүхдийн эмчийн хичээлийг заасан.

-1996 онд хүүхдийн их эмчийн ангиа хаагаад 2019 оноос эхлэн хүүхдийн эмчийн мэргэжлийн ангийн элсэлтээ авч эхэлсэн. Энэ хугацаанд хүний их эмчийн хөтөлбөрт хүүхдийн эмчийн хичээл орж байсан уу?

-Хамгийн анх 1965 онд төгсөлтийн өмнөх сургалтаар хүүхдийн эмчийг бэлтгэж байсан. Нийтдээ 2300 гаруй хүүхдийн их эмчийг төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтаар төгсгөж байгаад 1996 онд дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад хүүхдийн их эмчийн ангиа хаасан. Гэвч энэ хугацаанд хүүхдийн их эмчийн зарим хичээлээ хаагаагүй. 2019 онд БСШУЯ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхдийн их эмчийн ангийг төрийн өмчийн сургуулийн дэргэд нээх” гэсэн шийдвэр гарсан. Тухайн үед би АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан юм. Үүнийг бид маш зөв бодлого гэж үзэн өмнөх 60 жилийн туршлага дээрээ үндэслэн хөтөлбөрөө магадлуулаад, хүүхдийн их эмчийн ангиа нээж 2024 онд эхний 21 төгсөгчөө өлгийдөж авсан.

-Бага насны, нярай хүүхэд юу нь өвдөж байгааг мэдэрч, эцэг эх, эмчдээ ойлгуулж чадахгүй учраас маш нарийн ур чадвар шаардах нь гарцаагүй. Магадгүй энэ мэргэжлийн тань онцлог мөн үү?

-Хүүхдийн эмч гэдэг бол том хүний эмчээс нэг л зүйлээрээ ялгаатай. Хүүхдийн эмч дандаа хоёр хүнийг эмчилж байдаг. Эцэг эхээс нь итгэл олж харьцааны ур чадвар байхгүй бол хүүхдийг дан ганц эмчилж чаддаггүй. Ер нь эмч хүнд мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван зүйл заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл багш, эмч, судлаач болдог гэсэн үг. Бид үзлэг хийхдээ бүтэн биеэр нь үздэг. Арьснаас нь эхлээд яс, булчин гэх мэтээр бүх эрхтэн тогтолцоог шинжилж байж сая оношоо тавьдаг. Түүний ачаар алдахгүй оношлох боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн доктор, профессор Р.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.


-Монголын нийгэмд сүүлийн жилүүдэд ямар өвчлөл нэмэгдэж байна. Түүнд юу хамгийн их нөлөөлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой харшлын өвчлөл, өсвөр насны хүүхдийн өвчлөл бол хамгийн их анхаарал татаж байгаа асуудал. Яагаад гэвэл бид олон жилийн турш тав хүртэлх насны хүүхэд дээр илүү анхаараад ирсэн. Гэтэл өсвөр насны хүүхэд өсөх явцад үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхал, эсвэл нийгмийн асуудал болох тамхи, согтууруулах ундаа гэх мэт зүйлд өртөх эрсдэл их байдаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүддээ анхаарах ёстой. Хүүхдийн цогц тусламж үйлчилгээг дэлхий нийт ярьж эхэлсэн. 0-6 насны хүүхдийн цогц тусламж үйлчилгээг дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаачлаад 2020-2023 онд зургаан улсад судалгаа хийсэн. Энэ судалгаанд Монгол Улсыг хариуцсан судлаачаар нь би ажилласан юм. Тэр зургаан тусламж үйлчилгээний чиглэл нь хүүхдийн хөгжил, боловсрол, хөгжлийн бэрхшээл, агаарын бохирдол, цэвэр усаар хангагдах, агаарын дотоод орчны бохирдолд өртөхгүй байх зэрэг маш өргөн хүрээтэй болсон учраас салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хөндмөөр байна.

-Танай салбарт тохиолдож буй бэрхшээл ямар байна. Ямар арга замыг эрэлхийлж байна вэ?

-Бидэнд тохиолдож буй бэрхшээл юу гэвэл зонхилон тохиолдож байгаа эмгэгүүдээс гадна ховор тохиолдох эмгэгүүдийг оношлох асуудал дээр манай тэнхим илүү ачаа үүрч байгаа. Түүний нэг жишиг нь “Нярайн скрининг”. Нярайг дөнгөж төрөнгүүт нь анх харахад хэвийн харагдаж байгаа боловч цаашдаа бие махбод болоод оюун ухааны эргэж буцашгүй өөрчлөлтөд орохоос өмнө эрт илрүүлээд эмчилдэг ийм аргыг хэрэгжүүлж байна.

-Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг судлаач, эмч хүний үүднээс хэрхэн харж байна вэ?

-Амьдралын хэв маяг буруу болсон учраас хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт хүн амын 67 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай. Ээж, аав нь амьдралын буруу хэв маягтай бол хүүхэд давхар амьдралын буруу хэвшилтэй болж төлөвшинө. Хийжүүлсэн ундаа, түргэн хоол, маш их чихэрлэг юм идэж байгаа нь өвчлөлийн суурь үндэс болж байгаа юм. Энэ бол хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлж байгаа дээр дурдсан зүйлс буюу зөвхөн эрүүл мэндийн биш бусад хүчин зүйлийн нөлөөг цогцоор нь харах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд маань хүүхдээ хайрлаж байна гээд амттан их авч өгдөг ч энэ нь эсрэгээрээ хүүхдээ хордуулж байгааг эцэг эхчүүд төдийлөн анзаардаггүй. Тиймээс энэ талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаараасай гэж хэлмээр байна. Бэлэн бүтээгдэхүүнээс татгалздаг болоосой. Өдөр болгон нарийн жимс ногоо зөвлөж чадахгүй ч Монголынхоо хөрсөнд ургасан ногоо, зэрлэг жимсээрээ шүүс нухаш, цагаан идээгээр хүүхдээ хооллоосой гэж хэлмээр байна. Өдөр бүрийн үйлдэл чинь насан туршийн дархлааг бий болгодог гэдгийг санах хэрэгтэй.

-Мэргэжлийнхээ хамгийн сайхан зүйлээс дурдаач?

-Хамгийн сайхан нь хүүхэд бүр хөөрхөн. Хүүхдийн эмч хүмүүс гэнэн цайлган, хүүхдээрээ, хамт байхад эерэг, дулаахан, тухтай мэдрэмж өгдөг хүмүүс байдаг. Хүүхэд бол архаг хууч өвчин байхгүй учраас эмчилгээ нь таарвал нэг хоёр хоноод л сэргээд ирдэг. Түүнчлэн эрүүл болж байгаа хүүхдээ харах л хамгийн сайхан мэдрэмж дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *