Categories
мэдээ нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулгана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг. Тэдгээрээс 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөн ажил нь эхлээд байна. Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан удирдлагууд уулзаж санал хүсэлтийг нь сонсчээ.

Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцсон байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм. 1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *