Categories
мэдээ нийгэм

Армийн эмэгтэйчүүдийг хүлээн авлаа

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Эмэгтэй гишүүдийн зүгээс армид алба хааж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Арвин, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар болон Хойд Судан, Өмнөд Судан, Сьерра-Леон, Афганистан дахь энхийг дэмжих ажиллагаанд удирдах албан тушаал хашиж байсан таван эмэгтэй /БХЯ-ны Гадаад хамтын ажиллаганы Европын орнуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа О.Ариунаа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Нямжаргал, БХХСАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн эрхлэгч, дэд хурандаа П.Самбуужанцан нарын/ оролцлоо. УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Цэргийн албаны эмэгтэйчүүд хүнд нөхцөлд эрчүүдийн нэгэн адил үүргээ чадварлаг гүйцэтгэж байгаа нь бахархах сэтгэл төрүүлэх төдийгүй залуу хойч үеийнхэнд үлгэр жишээ болох учиртай” гэлээ. Харин эмэгтэй гишүүдийг төлөөлж уулзалтад оролцсон Д.Арвин “Төрөөс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж байгаа. Эх орноо батлан хамгаалах, нийт иргэдэд цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх талаар өндөр амжилт гарган ажиллана гэж итгэж байгаа” гэсэн байна.

Монгол Улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа аж. Манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллаганд нийт 11 мянган хүн оролцсоны 2,9 хувь буюу 341 нь эмэгтэйчүүд юм байна. Энэ жилийн хувьд энхийг дэмжих үйлсэд манай улсаас 1100 цэргийн албан хаагч оролцож байгаагийн 72 нь эмэгтэйчүүд юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *