Өчигдөр, өнөөдөр буюу сар шинийн 1,2-ны өдрүүдэд авто машиныг замын нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрч байгаа. Тиймдээ ч сар шинийн золгуут хийж буй иргэд төв замд багагүй түгжрэл үүсгэж байна. Гэхдээ өнөөдрөөс түгжрэл бага зэрэг сийрэг болсон байна. Мөн нэлээдгүй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Шинийн нэгний өдөр Дарханы замд явж байсан автомашин осолдож, нэг гэр бүлийн дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс бусдаар хөдөөний замд гарсан ноцтой осол бүртгэгдээгүй. Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулахаар Замын цагдаагийн албан хаагчид болон ХСИС-ийн сонсогч нарын хамтарсан 700 гаруй бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Өнөөдөр ажиллаж буй замын цагдаа Г.Мөнхбаяраас дараах зүйлсийг тодрууллаа “Бид жил бүрийн цагаан сараар өндөржүүлсэн бэлэн байдалд ээлжээр гарч ажилладаг. Өчигдөр нэлээд түгжрэлтэй байлаа. Өнөөдрөөс харин түгжрэл эрс сийрэг болж байна. Ер нь жил бүрийн шинийн 2-оос хөдөө ороннутагруучиглэхтээврийнхэрэгслийнтооэрснэмэгддэг юм. Хөдөөний замд жолооч урсгал сөрөх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гардаг. Харин хотын замд жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодоогүй бол гайгүй. Тиймээс бид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоохын төлөө ажиллаж байна. Иргэддээ дахин сануулж хэлэхэд архи уусан үедээ битгий жолоо бариарай гэж хэлмээр байна” гэлээ.
Н.Ганаа