Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын 2014 оны тайлан сэдвээр өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тайланг Эдийн засаг, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми, мэргэжилтэн Ч.Ганбат, менежер И.Одончимэг болон Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, төслийн ажилтан Г.Гантуяа нар танилцуулсан юм. Уг судалгааг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжил гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харьцуулж хийдэг бөгөөд нийт 180 орчим үзүүлэлтээр гаргадаг аж. Тайлангаас харахад Орхон, Өмнөговь, Дархан-Уул зэрэг уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, шилжих хөдөлгөөн багатай, хүн ам нь жилд дунджаар 1.8 хувиар нэмэгдсэн хотожсон аймгууд тэргүүлсэн байна. Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй Орхон аймгийг зуун оноотой гэж үзвэл Өмнөговь аймаг 87, Дархан-Уул аймаг 86 оноотой байгаа юм байна. Харин Баянхонгор 46, Дундговь аймаг 30 оноогоор сүүл мушгиж байгаа гэсэн тооцоо гарчээ.
Өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр сайжруулсан аймагт Архангай аймаг оржээ. Тус аймаг нэг хүнд оногдох хадгаламжийн хэмжээ нь 431-521 мянган төгрөг болсон бол нэг өрхөд оногдох малын хэмжээ нь 249-275 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Хамгийн муу үзүүлэлттэй гарсан Дундговь аймаг хөдөлмөрийн зах зээл маш тааруу, замын чанар муу учир сүүлийн гурван жилд хүн амынх нь тоо 46-44 мянга буюу жил бүр мянган хүнээр хорогдсон тайлан гараад байгаа юм байна. Баруун аймагт цахилгааны үнэ хамгийн хямд байдаг бол зүүн аймгуудад өндөр үнэтэй байдгаас шалтгаалж амьжиргааны түвшинд ч нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд хэлж байв. Өрсөлдөх чадвараа хамгийн ихбуюу есөн нэгжээр ахиулж сайжруулж чадсан Архангай аймгийн хувьд хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл бууран, эхийн эндэгдэл цөөрч, чадварлаг удирдах ажилтнуудтай болсон, гадаад хэлний мэдлэг дээшилсэн, төсвийн эрх мэдэл чанаржин, татвараас зайлсхийхээ больсон гэнэ.
Л.ЦЭНГЭЛ