1.Чулуутын гол
Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.
Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.
2. Хоргын тогоо
Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн төвшинөөс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий.
3.Тэрхийн цагаан нуур
Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүссэн цэнгэг уст нуур юм. Урт нь 16 км, өргөн нь 4-10 км, 61 ам дөр.км талбайтай, Гүн нь 20 гаруй метр, д.т.д 2060 м өндөрт оршино. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Дундуур нь гол урсдаг бөгөөд Суман гол гэсэн нэртэй
4.Суварга хайрхан уул
Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр адуу мал бэлчиж, өвс ногоо сайхан ургадгийн дээр суга бүхэн нь алт мөнгө зэрэг эрдэс баялгаар арвин байдаг. Тийм учраас бусдын гарт эвдүүлэхгүйн тулд Төрийн тахилгат хайрхан болгосон. Нөгөө талаас энэ хайрхан усны ундарга, усны эцэг болсон хайрхан ажээ. Тамирын гол, Цэнхэрийн гол, Орхон голын эх болсон уул хэмээн нутгийн иргэд ярьдаг. Хэрвээ байгалийн зүй тогтоцыг алдагдуулбал баруун зүгийн амйгууд нь усгүй болох аюул нүүрлэнэ гэж үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий.
5.Тамирын гол
Хангайн нурууны салбар Гурван ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсдаг. Хойд, урд Тамир голууд нийлж Тамир гол нэртэй болно. Энэ нь заримдаа Гурван тамир гол гэж нэрлэгддэг. Урд Тамир гол 165 километр урт, дээд хэсэгтээ Хошгот, Архошгот голуудыг нийлүүлэн авч урсдаг. Хойд Тамир голын урт 180 километр,нь дээд хэсгээрээ эгц хажуу бүхий нарийн хөндийгөөр, унал ихтэй, хурдтайгаар урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Тамир голын хөндий доошлох тусам өргөснө. Голын өргөн нь 40-70 метр, гүн нь 2-3 метр, урсгалын хурд нь 2 метр секунд байдаг. Хоёр Тамир гол нийлж 52 километр урсаад Орхон голын зүүн гарт цутгадаг. Тамир голын ус цуглуулах талбай нь 13100 хавтгай дөрвөлжин километр. Тамир гол түргэн урсгалтай уулын гол бөгөөд хур борооны үед усны төвшин богино хугацаанд огцом дээшилж, түргэн татардаг. Хоёр Тамир гол нийлсэн бэлчирээс доошхи голын хөндийгөөр улиас, бургасан шугуй шигүү ургасан байдаг. Өвөлдөө ёроолгүй бүрэн хөлддөг.
6.Булган уул
Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог.
Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.
Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.
7. Тайхар чулуу
Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.
Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.
8. Хар балгас
МЭ YIII-IX зуунд оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду-балык буюу Хар балгас хэмээх Монголын төдийгүй дэлхийн түүх соёлын үнэт өв-их хотын үлдэгдэл нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд бий.
Энд Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яамд, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм бүхий 25 орчим км үргэлжилсэн их хот байсныг судлан тогтоосон байна. Хар балгас хот нь төдийлөн удаан оршин тогтнож чадалгүй 840 онд Киргизүүдийн дайрантанд өртөн түймэрт шатаж,сүйдсэн ажээ.
9. Билгэ хааны цогцолбор
Билгэ хааны цогцолбор Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.
Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.