Categories
мэдээ улс-төр

Архангай аймагт Турк улсын элчин сайд айлчиллаа

Архангай аймаг БНТУ-ын Адана хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 10 жил болж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх, нийгмийн зарим салбарт хамтарч ажиллах зорилгоор Монгол улсад БНТУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагоз Цэцэрлэг хотод хоёр өдрийн албан айлчлал хийлээ.

Элчин сайд Мурат Карагозын айлчилж буй 15 дахь аймаг нь Архангай юм. Тэрээр элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй, дипомат харилцаа, үйл ажиллагааг таниулах үүднээс зөвхөн нийслэлд бус хөдөө орон нутагт ихээхэн ач холбогдол өгдөг байна. Архангай аймгийн хувьд БНТУ-ын Адана хоттой 2005 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож байсан. Үүнээс хойш Хашаат суманд байрлах Түрэгийн үеийн Культегиний гэрэлт хөшөө бүхий түүхийн дурсгалыг түшиглэн “Хөшөө цайдам” музей байгуулсан байна. Түүнчлэн Хархориноос Хөшөө цайдмын музей хүртэлх 45 км авто замыг Тика байгууллагын санхүүжилтээр барьсан зэрэг хийсэн олон ажлыг нэрлэж болох юм. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ элчин сайд Мурат Карагозод аймгийнхаа түүх дурсгал, байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн онцлог зүйлсийг танилцууллаа. Албан уулзалтын хүрээнд Архангай аймаг, Турк улстай боловсрол, бизнес, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах илүү боломжтой талаар санал солилцов. Архангай аймгаас Түрэгийн үеийн эд зүйлс, үнэт дурсгалууд ихээр олддог, Архангайчуудтай ижил төстэй олон зүйлс бидэнд бий хэмээн элчин сайд уулзалтанд хэлж байлаа. Тэрээр Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн аль нэгийг Цэцэрлэг хотод бий болгох саналаа ч илэрхийлж байсан юм.

Архангай аймагт хоёр өдрийн айлчлалын хүрээнд элчин сайд МУБИС-ийн харъяа Архангай аймгийн Багшийн сургуулийн оюутнуудтай уулзаж, тэтгэлэг, хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Дараа нь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах саналуудыг баталгаажуулахаар Архангай аймгийн удирдлагуудыг БНТУ-д айлчилахыг элчин сайд албан ёсоор урьлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *