Эдийн засагчдын зүгээс “Манай улс долларын хомсдолд орлоо” гэх байр суурийг илэрхийллээ. Улмаар гадагшаа хийх төлбөрт хязгаарлалт тогтоож, банкууд доллар олгохоо больсон гэх хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байна. Доллар хомсдоход нөлөөлж буй гол хүчин зүйл нь хойд хөрш рүү их хэмжээгээр зөөж байгаа гэх. Энэ талаарх мэдээллүүд ч буриадын сайтуудаар цацагдаж байна. Тодруулбал, Буриадын “Номер Один” сайтад “Буриадын “Байкал” нисэх буудлын ажилтнуудын ярьж байгаагаар бол Улаанбаатараас ирж буй жуулчид том цүнхээр дүүрэн валют зөөж байна. Улаанбаатарын зочид буудлууд ч орос ченжүүдээр дүүрсэн. “Монголчууд 30 сая төгрөгийн лимит тавьсан тул оросууд нэг хүн 10 мянган ам.доллар л солиулж байгаа. Сүүлийн өдрүүдэд монголчууд өөрсдөө энэ бизнест ороод ирчихэж. Өнгөрсөн долоо хоногт Буриадад ирсэн монгол жуулчид их хэмжээний ам.доллар бэлнээр авчирсан” гэжээ. Нөөцлөөд буй цөөхөн хэдэн долларыг бүгдийг нь хойд хөрш рүү зөөгөөд дуусгах эрсдэл отож байгааг эдийн засагчид онцолж байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ асуудлын хүрээнд “Найман шарга” валют арилжааны төвөөс сурвалжилга бэлтгэлээ. Тэвхийсэн зузаан 20 мянгатын дэвсгэртүүдийг гэдсэндээ тэвэрсэн улс хэдэн том машинуудын дунд холхиж гүйлдэнэ. Бие биенээсээ өрсөж валют олж авахаар хоорондоо “алалцаж” буй нь энэ гэнэ. Харин тэд хэвлэл мэдээллээс явааг дуулмагцаа “зүрх нь амаараа гарчих” шахах аж. Тарж бутраад л тал тал тийшээ зугтаад алга болох. Хууль бусаар худалдаа эрхэлдэг улс ч юм уу гэж хардахаар. Цааш “Найман шарга” худалдааны төвөөр явахад том цүнх үүрсэн Оросын буриадууд олноор тааралдана. Хэдэн доллар авчих санаатай хайж яваа нь энэ гэнэ. Оросын буриадууд сүүлийн сар орчмын хугацаанд “Найман шарга” хавиас салахаа больсон талаар валют арилжааны ченжүүд онцолж байна. Энэ хавиараа байршиж өдөр тутам ирж доллар, рубль авдаг аж.
Валютын ченж: Энд дотоодын нөөцийн 4-5 хувь нь л эргэлддэг. Найман шаргаас Орос руу валют зөөгөөд нөөцөд өөрчлөлт үзүүлэхгүй
Валютын худалдаа эрхэлдэг ченж эмэгтэйгээс цөөн асуултад тодруулга авлаа.
-“Найман шарга” худалдааны төвийн орчимд долларын олдоц хэр байна вэ?
-Яг өнөөдрийн байдлаар хэвийн байна. Ер нь доллар сурагласан хүмүүсийн хөл тасрахгүй, ар араасаа л орж байна.
-Энд долларын нөөц ямар байна?
-Одоогоор бол ховордсон асуудал алга. 2950 төгрөгийн ханштай байна. Цаашид ийм эрэлттэй хэвээр, ирсэн хэдийг нь хүмүүс авч дуусгачихаад байвал хомсдох эрсдэл үүснэ.
-Хүмүүс эндээс доллар авч хойш нь гаргаад байна уу. Энэ хавиар том цүнх үүрсэн оросууд нийтлэг тааралдах юм. Мөнгө цүнхэлж хойд хөрш рүү зөөгөөд байх шиг…
-Эндээс доллар авсан хүмүүс хойш нь гаргаж байгаа. Дайны нөхцөл байдалтай холбоотойгоор л хойш нь зөөгөөд байх шиг. Яг одоогоор ОХУ-д доллар хомсодчихсон байгаа. Эхлээд оросууд эндээс валют авч байсан бол сүүлийн өдрүүдэд манайхан өөрсдөө их хэмжээгээр авах боллоо. Өндөр ашигтай ажиллаж байгаа учраас л ингэж хошуурч байна л даа.
-Нэг хүн ойролцоогоор хэр хэмжээний доллар авч байх юм?
-Эндээс тийм их хэмжээгээр авах боломжгүй. Таны тухайд цүнх, цүнхээр нь л зөөгөөд байна гэх ойлголттой байх шиг. Тийм боломж байхгүй. “Найман шарга” худалдааны төвд долларын нөөцийн 4-6 хувь нь эргэлддэг. Ийм зах зээлээс цүнх, цүнхээр нь доллар зөөнө гэсэн ойлголт байхгүй. Байгаа боломжоор нь л хүмүүс авч хойш нь зөөж байна.
-Дотоодын валютыг их хэмжээгээр хойш нь зөөснөөр хомсдолд орж байна гэх ойлголт нийгэмд байгаа. Валютыг ямар аргаар хойш гаргаж болох вэ?
-Дахин онцлоход, эндээс дотоодын нөөцөд хомсдол үзүүлэх хэмжээний валютыг хойш нь зөөх боломжгүй. Магадгүй энэ валютын үнийн хөөсрөлийг далимдуулж хувийн хэвшлийн арилжааны банкнууд их хэмжээний валютыг хойш нь нийлүүлж байх боломжтой гэж харж байна. Дотоодын нөөцөд нөлөө үзүүлэх хэмжээний валютыг хойш нь гаргах боломжтой субьект нь арилжааны банкнууд өөрсдөө шүү дээ. Албан тушаалтнууд нь хуйвалдаад гаргаад байх боломжтой. Эндээс хэдэн оросууд валют солиулаад дотоодын нөөц шавхарна гэж түүхэнд байхгүй. Арилжааны банкнууд ашиг хонжоо хайж Орос руу валют нийлүүлээд байвал нөхцөл байдал буруугаар эргэх нь хэнд ч ойлгомжтой. Үүнд нарийн хяналт тавьж, зохицуулалт хийх шаардлагатай. Монголбанкны зүгээс анхаарч байгаа байх аа. Валют авч зөөгөөд нэлээн хугацаа өнгөрлөө шүү дээ.
-Арилжааны банкууд их хэмжээний доллар авч гаргаж байна гэх ямар үндэслэл байна вэ?
-ОХУ, Украины дайн манайд нөлөөлж амжаагүй байхад л банкныхан долларын ханшийг 30 төгрөгөөр нэмчихсэн. Үүнийг гайхаад байгаа юм. Мөн арилжааны банкуудад гуйвуулга хийх өдрийн лимит нь ердөө тавхан сая төгрөг болсон. Зарим тохиолдолд банкаар гуйвуулга хийхээр хандахад “Вальют байхгүй” гээд сууж байна. Доллар хомсдоогүй байхад гаргаж байгаа энэ үйлдэл нь тэднийг хардах үндэслэл мөн.
-Рублийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?
-Хэвийн гэж ойлгож болно. Бусад газар рубль цаас болж байхад манайд харин тогтвортой бариад байна. Өнөөдрийн байдлаар 32 төгрөгийн ханштай байна. Яг одоогоор рубль манайхаас өөр улс оронд хэнд ч хэрэггүй болсон. Манайд үүнийг нь тогтвортой бариад байгаа нь хачирхалтай санагдаад байгаа юм. Яг үүн шиг төгрөгийн ханшаа бариад байж болмоор л санагддаг. Төгрөг маань нүдэн дээр цаас болж байна шүү дээ” гэв.
Ченж нарын төлөөллийн зүгээс “Найман шарга”-аас валют зөөгөөд дотоодын нөөцөд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолж байна. Учир нь нийт дотоодын нөөцийн дөнгөж 4-5 хувь нь л “Найман шарга”-ын зах зээлд эргэлддэг гэнэ. Харин хувийн хэвшлийн арилжааны банкуудын зүгээс зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг хойш нь зөөж байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлж байна. Хэрэв нөхцөл байдал ийм дээрээ тулбал дотоодын нөөцөд бодит эрсдэл тулгарахыг тэд онцолж байлаа. Гэхдээ “Найман шарга” орчмоор хэд тойроход цүнх үүрсэн Оросын буриадууд бүлэг бүлгээрээ явж байсныг энд онцолъё. Иргэдийн хэрэгцээний долларыг л дундаас нь аваад хойш нь зөөж байгаа нь эндээс ил цагаан харагдана.
Өнөөдөр гадаад руу хийх төлбөр тооцоонд хязгаарлалт тогтоож байна гэх гомдол нийгэмд дүүрэн байна.
Энэ талаар Монгол банкны зүгээс “Монголбанк Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар банкны дотоодын үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар валют өгсөн ч хязгаарлалт тогтоох чиглэл байдаггүй гэсэн үг. Арилжааны банкууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол их гарч байна. Энэ нь валют зарахгүй лимит тогтоосныг нь Монголбанк хязгаарлалт тогтоолоо гэдэг. Монголбанк валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагчиддаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулга өгнө” гэх байр суурийг илэрхийлж байна.
Монголбанкны зүгээс илэрхийлж буй байр сууриас анзаарахад банкууд валютын гүйлгээнд дур мэдэн хязгаарлалт тогтоож байж болзошгүй байгаа юм. Түүнчлэн Банкны зүгээс дур мэдэн лимит тогтоож хойд хөрш рүү долларыг цүнх цүнхээр зөөж байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Монголбанкны зүгээс арилжааны банкууд лимит тогтоосон асуудалд анхааруулга өгч ажиллахаа мэдэгдэж байна.