Categories
мэдээ нийгэм

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын эзнээр Д.Дэнсмаа тодорлоо

Монгол судлаач, доктор профессор Т.Мацудагийн санаачилсан Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав болон Соёлын гавьяат зүтгэлтэн Дожоогийн Цэдэв нарын нэрэмжит шагнах гардуулах ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл нар хүрэлцэн ирж оролцов.

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын эзнээр Улаанбаатар их сургуулийн багш, Хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа тодорсон юм. Харин Дожоогийн Цэдэвийн нэрэмжит шагналын эзнээр судлаач, Улаанбаатар их сургуулийн захирал С.Байгалсайхан тодорлоо. Тэд ийнхүү уг шагналын анхны эзэд болсон юм.

“Шаравын Сүрэнжав гуайн бүтээлийг мэдэхгүй хүн байхгүй. Би энэ хүний бүтээл, яруу найрагт нь судалгаа хийж эрдмийн ажил хийсэн. Энэ ажлыг минь үнэлж энэхүү шагналын анхны эзнээр тодруулсанд үнэхээр баяртай байна’’ гэж Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын эзэн болсон Д.Дэнсмаа сэтгэгдлээ хуваалцав.

Ц.АНАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *