Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Б.Зангад: Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ

Түрүүч нь №162(6005) дугаарт

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.


-Ноён нуруутай, нэг л замаар тууштай явахад хэцүү юу?

-Хүн чанар гэдэг аугаа чанар юм даа, базарваань минь. Ямар ч үед ноён нуруугаа алдахгүй байна гэдэг аугаа. Заримдаа хугараагүй ноён нуруу гэж ярих юм байна шүү дээ. Тэгж хэлүүлж байгаа хүн их ноён нуруутай, хаана ч аливааг зохицуулаад гэгээлэг замаар яваад байдаг гэдэг сайхан юм даа. Түүнээс биш хоёр талд шарваад энд тэнд очиж сайн царайлаад байх нь ноён нуруу биш. Хүн чанарын талаар бид хөгшин, залуугүй бүгд цаг ямагт бодож явах хэрэгтэй байгаа юм. Юм болгонд л хүн өтөлсөн хойноо л ухаантай байдаг юм гэж сэтгэж бас болохгүй. Аль залуугаараа сэтгэл, оюуны асар их тэнхээтэй хүмүүс байна шүү дээ. Харин тэдэнтэй оюунаа уралдуулж л харилцан бие биенээсээ суралцаж л байх хэрэгтэй. За энэ ная гарчихсан хөгшин л ноён нуруутай үг хэлнэ дээ гэж ойлгоод байдаг нь өрөөсгөл. Сайхан ноён нуруутай залуу үеийнхэн байна. Юмыг ухааруулж сэтгэж бодож чаддаг. Хийж чаддаг, ярьж чаддаг, хүнд ойлгуулж чаддаг. Улс орноо хөгжүүлье, улс орноо аваад явъя гээд болохгүй байгаа юмнуудыг хөндлөнгөөс нь хараад ухаан суучихсан, хөндлөнгийн ухаалаг залуус ч бас байна. Харин би нэг юмтай санал нэгддэггүй. Ажилгүй хүн их байна, ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байна гээд байдаг. Манайд ажилгүй хүн байх ямар ч үндэслэл байхгүй. Ажил бол манайд бий. Харин манайхан ажилдаа өөрсдөө тэнцэхгүй байна. Мэргэжилдээ тэнцэхгүй. Тэгээд л ажилгүйчүүдийн арми гэж яриад байдаг болохоос биш, ажил голохгүй бол манайд ажил шиг их юм алга. Хаана ч ажил байна.

-Хань ижил, найз нөхөд гээд ойр тойрны хүмүүсийн жинхэнэ чанар зовлон тохиоход л танигддаг. Түүнээс биш жирийн үед хүнийг танихад бэрх бололтой. Тийм үү?

-Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ. Сонголт хийнэ гэдэг царайны сайхныг биш, сэтгэлийн сайхныг олж авч чадсан нь жаргадаг. Царайны сайхнаар цай сүлэхгүй. Дээр үеийнхэн үр хүүхдээ сайн хүнтэй ханилуулах, сайн хүнийг босго алхуулахдаа их судалдаг байж. Одоогийн залуус долоо хоноод л сууж байна ч гэх шиг. Танилцаад долоо хоноод суугаад дахиад долоо хоногийн дараа хуримаа хийж байна ч гэх шиг. Энэ бол шохоорхол л байх даа. Жинхэнэ ханийг олоход хэцүү шүү. Ханилж байж л ханиа танина. Бие биедээ үнэнч, тэр олон жилийн амьдралыг туулж өнгөрөөсөн 70, 80 жилийн амьдралыг харахад их л аугаа харагддаг юм даа. Тэр амьдралд тэр хоёр дандаа жаргаж байгаагүй шүү дээ. Зовж байсан, ядарч байсан, зүдэрч байсан, юмаар дутаж байсан, дандаа хангалуун сэхүүн амьдарч байгаагүй шүү дээ. Хоолгүй хонож байсан удаа ч бий. Хэдэн хүүхдээ хооллохын тулд өөрсдөө хоол дутуу идэж, дутуу нойртой явж ирсэн байж таараа. Олон хүүхэдтэй айлын амьдралыг харахад ээж нь тогоондоо хоол хийлээ, сорыг нь хөгшиндөө хийж өгөөд үлдсэнийг нь хүүхдүүддээ хуваагаад хамгийн сүүлд шавхрууг нь ээж иддэг юм. Тийм ээ.

-Тэгдэг.

-Тэгэхээр өрөвдмөөр байгаа биз. Шавхруу идчихээд “Ээж нь цадлаа” гэдэг. Үнэндээ тэр ээж хоол идэж чадаагүй байдаг. Идээгүй байгаа. Үнэрт нь л цадаж байгаа биз, тэр. Өөр юу идэх юм. Тэгэхээр хань гэдэг хүний нэг насанд олдох заяаны түшиг тулгуур, багана.

-Тэвчээртэй, тэвчсэн хүн ханьтай үлддэг гэж хүмүүс ярих юм. Хүнтэй амьдрахын тулд тэр их зүйлийг заавал тэвчих ёстой юу. Одоо бол тэвчиж өөрийгөө дарлуулснаас салсан нь дээр гэдэг үгийг их хэлдэг болцгоожээ?

-Бас бодох л үг. Бие биенээ өөлөөд байвал өө гарна шүү дээ. Аль нэг дутагдал байгаа, тэрийг нь тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ, тэвчээртэй, дуугарах юман дээрээ дуугардаг. Дуугарахгүй юмаа сэтгэлдээ тээж хадгалж чаддаг байх ёстой. Сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй, хүн. Сэтгэлийн тэнхээтэй хүн аз жаргалтай амьдарч чадна. Хүнд хэлэх үг гэж байна, хэлэхгүй үг ч гэж байна. Хүний хэлсэн болгоныг хүнд дамжуулдаг тоть шиг байж болохгүй. Хүний муу хэлсэн үгийг тэр хүнд нь хэлж болохгүй. Чамайг тэр муулаад байна лээ гэж ирж хэлж байгаа хүн муу хүн. Дайсан чинь чиний хажууд л амьдарна шүү дээ. Дайсан өөрсөд дотроос минь л гардаг. Хамгийн ойрын хүмүүс дунд л дайснууд байдаг.

Одооны залуусыг хараад байхад эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ их барьцана. Энэ хийгээгүй байхад би юу гэж хийх юм, адилхан л хийнэ ээ хө гэх. Хүнд босоод нэг аяга цай аягалаад өгсөнөөрөө тэр хүн боол болж байгаа юм биш шүү дээ. Гэрийн эзнээ ороод ирэхээр нь гадуур хувцсыг тайлж аваад өлгүүрт өлгөж, хүрч ирэхээр нь сандал дээр суулгачихаад нэг цай хийгээд өгөхөд тэр айлын зарц, боол болчихгүй. Гаднаас орж ирээд пиджакаа өлгүүлээд цайг нь аваад ууж байгаа гэрийн эзэн “Энэ надад ингэж үйлчлэх ёстой” гэдэг сэтгэхүйтэй байж бас болохгүй.

-Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд нэрд гарсны дараа насны эцэст тэтгэвэрт сууна. Тэр үед буюу нэрд гарсны дараахь амьдрал яг ямар байдаг вэ. Мандсаны дараа буулт гэж нэг юм бий?

-Хүнийг сайн явахад ах дүү, төрөл садан, найз нөхөд их байна. Хүнийг сайн явахад нөхөр олон ч муу явахад ховорддог. Алга болчихдог. Сайн нэрийг олж авахын тулд бүх юм өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш хөндлөнгийн ямар нэгэн юм юу ч болдоггүй юм. Дандаа л хуушуур, банш, бууз идээд л, 48-ын чихэр идээд л хэвтээд байснаараа дэвжихгүй. Хүн хөдөлмөрлөж, ухаанаа зарснаар дэвжинэ. Ааш зан нь адасга шиг байвал хүн ойртохгүй. Их авьяастай хүмүүс ааштай байдаг гэж ярьдаг. Би тэр үгтэй ёстой санал нийлдэггүй. Хүн хүний төрөлхийн араншин л байх. Түүнээс биш их авьяастан ааштай байдаг гэдгийг би дотроо хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэр хүний угийн, төрөхийн л төрх нь л байхгүй юу даа. Түүнээс биш их авьяас нь багтахаа байж сагасандаа тэгж муухай аашлаад байдаг юм биш. Их авьяастай хэрнээ даруу зантай хүн гэвэл алийг тэр гэхэв дээ. Л.Мөрдорж гуай яг тийм хүн байсан шүү дээ. Асар их авьяастай, байгалиас заяасан авьяастай. Хэнтэй ч хамаагүй сайхан харьцаж найзалж нөхөрлөнө. Төмөр замд оччихсон тэнд байдаг нөхөдтэй наргиад л сууж байдаг. Нөгөөдүүл нь түүнийг алдартай хүн гэж таних ч үгүй. Өөрөө дарга цэрэг гэж дээшээ доошоо гүйгээд байхгүй. Дуугүй л байна. Уран бүтээл хийсэн ч чимээгүй. Хөөе би ийм нэг юм хийчихлээ, алив дуул гэхгүй. Өөрийн эрхгүй тийм их авьяастай хүнийг чинь хүмүүс дагадаг байхгүй юу. Та ямар дуу хийв. Таны тэр дууг дуулмаар байна гэвэл тэр дуугаа хэнд ч хамаагүй шууд өгчихдөг. Өөрийнхөө дууг барьж аваад “Энийг нэг дуулаад өгөөч” гэж хүн хайгаад байхгүй. Байгаа, байхгүй хоёр нь мэдэгдэхгүй хэрнээ асар их авьяастай. Тийм улсууд байдаг. Түүнээс биш их авьяасыг дагаж муухай ааш байдаг гэж бодож болохгүй. Их авьяастнуудыг өөр араншинтай, огцом ааштай байдаг гэж ярьж болохгүй. Тэр бол шал худлаа. Хүн хүнээрээ л явдаг байлаа шүү дээ.

-Хүнд урам өгч чаддаг, туулж буй зовлонг нь өөрийнх юм шиг мэдрээд цагийг нь, цэгийг нь олж сэхээрэл өгч чаддаг сайхан хүмүүс бас байна аа, байна?

-Хүн бүхний түлхүүр өөр өөр байдаг байхгүй юу. Хүний цоожийг онгойлгоод сэтгэлд нь нэвтэрнэ гэдэг чинь эрдэнэсийн сан нээж байгаа гэсэн үг л дээ. Шинжлэх ухаанд нээлт хийлээ л гэсэн үг. Хүний сэтгэлийг онгойлгоно гэдэг том зүйл. Сэтгэлийг нь нээсэн хүнийхээ хаашаа яаж гишгэхийг нь хүртэл мэддэг болчихдог.

Үүний нөгөө талд бодож санаж байгаагүй дотны улсууд л хүнийг цохилтод оруулдаг. Итгэл даадаггүй тийм улсууд л санаандгүй хэцүү байдалд оруулдаг. Хүний амьдралд тийм зүйл тохиолдоно шүү дээ. Итгэж хэлсэн зүйлийг нөгөө хүнд буруугаар ойлгуулдаг ч юм уу. Итгэл өгөөд байхад итгэл даадаггүй улсууд байдаг.

-Урлагийн амьдралаа архинаас болж алдсан олон хүн бий. “Хүмүүс дайлж цайлсаар байгаад архинд оруулчихсан юм” гэж бусад руу бурууг нь чихдэг. Архинд орох уу, үгүй юу гэдэг чинь эцэстээ тухайн хүнээсээ л хамаарна биз дээ. Тэр их дайллага цайллага, архидалтаас сугарч гарч ирнэ гэдэг бас том ухаан байлгүй?

-Би чинь залуу байлаа шүү дээ. Хорин хэдэн насандаа ид дуулж явлаа. 20, 21 настай. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг шиг л би ард түмний нижигнэсэн алга ташилт, их хайрын дор явсан. Гараад ирэхэд машаан нь бэлэн. Машаанд суулгаад л аваад явна. Цэнхэр шилтэй архи бэлэн л байлаа ш дээ. Би тэр архинаас уугаагүй ш дээ. Би угаасаа амьдралдаа архи уугаагүй. Тоглолт тарахтай зэрэг л “Манайхаар нэг ороод гараарай” гэнэ. Ороход идээ будаа, хоол унд, мах шөл, архи дарс дэлгээтэй. Тэр айлын хамгийн хүндтэй суудалд сууна. Архи хундагалаад өгөхтэй зэрэг нь баярлалаа гэж хэлээд л уруулаа хүргээд тавина. Ууна иднэ гэдэг чинь хүнээсээ л шалтгаална ш дээ. Өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш уухгүй гэвэл хүний ам руу цутгадаггүй юм шүү. Гагцхүү ухаан зарж тэдэнд ойлгуулах л хэрэгтэй байдаг юм. “Би архи уухаар хоолой минь алга болчихдог юм аа”, “Нарийн хоолой гэдэг чинь бүр хэцүү байдаг юм шүү дээ” гээд л энгийн үедээ сайхан яриад ойлгуулчих. Архи ууж байгаа үед нь ууж байгаа юм шиг хажууд нь сууж тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө уухгүй мөртлөө тэднийг ууж байхад нь архийг нь аягалж өгдөг ч юм уу, сайхан үг хэлээд баярлуулж ганц нэг дуу аялж өгдөг ч юм уу. “Уухгүй” гэж уур амьсгалыг нь эвдэхгүйгээс гадна нөгөө улсууд чинь эргээд яах юм билээ. Хэрүүл шуугиан, зодоон цохион элдэв юм болно. Ер нь амьдрал дээр ч бай, ажил дээр ч бай “Би нийгмийн дунд явж байгаа. Би уран бүтээлч хүн. Би архи ууж агсам согтуу тавьж нийгмийг бусниулбал Монголын урлагийн нэр хүнд алдагдаж үгүй болно. Монголын урлагийнхан л гэж ярина уу гэхээс биш, Зангад гэж ярихгүй” гэж боддог. Би угаасаа, залуугаасаа архи уугаагүй. Ууж сураагүй. Архи уудаггүй хүн нөхөд цөөтэй болчихдог юм (Инээв). Нөхдөөсөө би хөндийрч байгаа юм байна шүү гээд эргээд ууж болохгүй. Найз нь архи уухгүй болохоор нөхөд нь хэсэг хугацааны дараа тэрийг нь мэдрээд эргээд ойртоод ирдэг юм. Тэр болтол ухааруулах хэрэгтэй. Ямарваа юмыг дандаа гэгээлэг, өнгөлөг талаас нь харах хэрэгтэй. Энэ архичин юм ш дээ, энэ ийм тийм гэж буруу бүхнийг нь хараад байж болохгүй. Тэгэхийнхээ оронд дандаа магт. Тэгж тэр хүнд урам хайрлавал тэр урмын хариу нь чамд дороо хүрч ирдэг. Эргэж урмаар орж ирдэг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *