Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намаас ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Иргэний зориг-Ногоон нам болон Монголын үндсэний ардчилсан намуудад нэгдэх санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу нэгдэх саналыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янд гардуулан өгсөн байна.

Тус саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Иргэний зориг-Ногоон нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Иргэний зориг-Ногоон нам нь Монгол Улсын Их Хурлын удаа дараагийн сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт гишүүнээр хамтран ажиллаж ирлээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор Иргэний зориг-Ногоон намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна. Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Иргэний Зориг-Ногоон намд санал болгож байна” гэжээ. Иргэний Зориг-Ногоон Намын ЕНБД Б.Хүдэр-Ян “Саналыг хүлээн авлаа. Манай хоёр нам олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Энэхүү албан саналыг бид намын дүрмийнхээ дагуу хэлэлцэж зохих шийдвэрийг гаргах болно” гэсэн байна. Харин АН-ын дарга З.Энхболд МҮАН-ын Д.Батцэрэгт Ардчилсан нам МҮАН хоёр намын нэгдэх саналаа гардуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *