Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гардууллаа

Ардчилсан нам 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад бичиг баримтыг өнөөдөр морин цагт Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд гардууллаа.

Энэ үер тус намын дарга З.Энхболд намынхаа мөрийн хөтөлбөрийн талаар “Ардчилсан нам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, бүртгүүлэх бичиг баримтаа мөн Үндэсний Аудитын газраар хянуулсан мөрийн хөтөлбөрөө хянуулаад Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө. Бид уламжлалаа баримтлаад, бэлэгдлээ эрхэмлээд их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох, барилдлага төгөлдөр, биелэл учрал бүрдсэн өдрийг саатан хүлээж байгаад өнөөдөр өгч байна. Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллалаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно. Бид амжилттай оролцож ард түмнээсээ олонхийн санал авна гэдэгт итгэж байгаа” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *