НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1950 оны арванхоёрдугаар сарын 4-нд тогтоол баталж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрийг (Human Rights Day) албан ёсоор тэмдэглэж байхаар болсон. Мөн 1989 оны тэр өдөр Монголын ардчилсан хувьсгалын эхний цуглаан тохиож, МоАХ байгуулагдсан. Ийм хоёр түүхэн үйл явдлыг монголчууд 28 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Эдгээр үйл явдалтай холбогдуулан судлаач-эрдэмтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Баярхүүтэй ярилцлаа.
-Та бол социализмын үед өсч бойжсон сэхээтэн. Тэгэхээр таны өссөн цаг үеэс асуултаа эхлэх үү?
– Миний бага нас тэртээх 1960-аад онд нийслэлийн бусад хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Гоц гойд гэх юм байхгүй дээ. Ажлын гараагаа 1979 оноос эхэлж байлаа.
-Монголын нийгэм социализмаас ардчилал руу шилжих үед та ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-МОНЦАМЭ агентлагийн “Монголпресс” хэвлэлийн ерөнхий редакцид хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Цаг үе” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байcан.
-Тухайн үед Монгол оронд ардчилал буй болох түүхэн нөхцөл бүрэлдсэн байсан гэж та боддог уу?
-Ардчилал өөрөө гэнэт хүрээд ирсэн юм биш. Даян дэлхийд коммунизм системийн хувьд дампуурч, ЗХУ-д ардчилал шинэчлэлийн цөн түрж эхлэхэд Монголд ардчилал, ил тод байдал халдварлан орж ирсэн дээ.
-Ардчилал буюу democraсу хэмээх ойлголтын талаар тухайн үеийн монголчууд хэр мэдлэгтэй байсан бол?
-Ардчиллын талаар олонх хүмүүс айхавтар мэдлэгтэй байгаагүй. Харин ЗХУ-д өрнөсөн перестройка гэдэг үйл явдлыг ойлгож, талархаж, мэдэрсэн нийгмийн дэвшилтэт хэсгийн хүчин чармайлтаар ардчилал Монголын нийгэмд нэвтэрсэн дээ.
-Социализмаас татгалзаж, ардчилсан нийгмийг байгуулах болсны үндсэн шалтгаан юу байв?
-Социалист нийгэм хэдийгээр хөгжсөөр байсан ч эцсийн зорилгодоо хүрч чадалгүй гацаж зогссон байсан. Социализм энерциэрээ л нэг дороо эргэлдээд байснаас бүтээгч, бүтээлч нийгэм байж чадаагүй. Тиймээс ганц Монгол биш, тэр үеийн ЗХУ, Дорнод Европ бүгдээрээ энэ замналаас татгалзсан шүү дээ. Бүр цаашлаад социалист нийгмийн мөн чанар, хувьсгалт хүчирхийлэл, их хэлмэгдүүлэлт, аллага таллага, хувьсгалт завхруулга, тахин шүтлэг гээд түүх ухаад байвал социализмаас татгалзах шалтгаан олдоно уу гэхээс багадахгүй.
-Таныхаар ардчиллын гол үзэл санаа юу вэ?
-Эрх чөлөө, шударга ёс
-Ардчиллын гол үнэт зүйл юу вэ?
-Хувь хүний эрх чөлөө, хувь хүний хөгжил, өргөн сонголт, баялаг, хангалуун амьдралыг л хэлэх юм даа.
-Монголчуудын оюун сэтгэхүй болон эдийн засгийн хүрээнд ардчилал юуг авчирсан бэ?
-Асар их дэвшил авчирсан. Монголчуудыг нүдэнд үл үзэгдэх гинжнээс нь сулласан. Сэтгэж бодсоныхоо төлөө, итгэл үнэмшлийнхээ төлөө ялтан болохгүй байх баталгааг өгсөн. Хувь хүн хөгжиж дэвжих хязгааргүй их боломжийг нээж өгсөн. Өмчийн эрхийг нь баталгаажуулсан. Ертөнцөд хөл тавих эрхийг нь чөлөөтэй тавьж өгсөн. Монгол шиг цөөхүүлээ мөртлөө ийм их нээлттэй, ертөнцөөр чөлөөтэй зугаалж, аялж, ажил бүтээж явдаг үндэстэн бас цөөхөн шүү. Гурван сая хүн дээрээ би авч ярьж байна.
Ардчиллаар ирсэн өөрчлөлтүүд нийгэмд ямар сайн зүйлсийг авчирсан бэ гэвэл тоочиж баршгүй. Ю.Цэдэнбалын үед барьж байгуулаагүй их хотыг босголоо. Энэ их байшин барилга, бүтээн байгуулалтыг харцгаа. Мал сүргээ хэзээ ч 25 саяд хүргэж байгаагүй бөгөөд үүнийх нь төлөө малчид, нэгдэлчдийг малынх нь барьцаа болгочихоод байсан нүдэнд үл үзэгдэх боолын хөдөлмөрийг таягдан хаялаа. Одоо мал сүргийн тоо 60 саяас хол даваад байна.
-Социалист нийгмийн буй болгосон авууштай сайн зүйлс гэж байна уу. Ардчилсан нийгмийг байгуулснаар өмнөх нийгмийн бүтээсэн хөгжлөөс ухарсан, эсвэл алдсан зүйл байгаа юу?
-Социалист нийгмийн сайн сайхан зүйл гэж юуг хэлэх нь сонин байна. Өмчгүй, иргэд нь эрхгүй, ангигүй нийгмээс гээхийг нь гээж цааш явахаас аргагүй. Нийгэм-эдийн засгийн байгуулал, харилцаа огт өөр болсон учраас зарим талаар ухралт байсан байж болно. Гэхдээ өмнөх нийгмээсээ ухарсан гэдэгтэй би бол санал нийлэхгүй. Өмнөх нийгмийн ололтуудаас ухарсныг нь би олж харсангүй. Хуучнаа санагалзах дон одоо ч хэвээрээ байгаа. Цэдэнбалын тостой үе–хоёр идэхгүй, хоосон хонохгүй, нийтээрээ тэгш байсан тэр үеийг ахмад хижээл насныхан, эмзэг ядуу давхарга нэг хэсэгтээ санагалзана. Гэхдээ л бид боолын, барьцааны, ангич нийгмийг задалж чадсан. Бүх хүнд эрх чөлөөг нь олголоо. Албадлагын хөдөлмөрийг халлаа. Одоо эзэн хичээвэл заяа хичээх цаг нь жинхэнээсээ ирлээ. Өргөн сонголт өмнө чинь байна.
-Ардчилсан нийгмийн монголчуудад авчирсан хамгийн гол дэвшил юу вэ?
-Эрх чөлөө. Хэнээр ч албадуулахгүйгээр өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ аваад явах эрхийг нь өглөө. Харин үүнийгээ үүрэг болгож чадаж байгаа эсэх нь түр зуурын асуудал байх.
-Социализмаас ардчилал руу шилжихэд монголчууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Ихэнх нь зөв зам дээр байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. “Дэлхийн хүн” болцгоож байна. Дэлхийд нээлттэй Монголын эрх чөлөөт иргэдийг л би олж харахыг хичээдэг.
-Нийгэм солигдоход монгол хүнд ямар зөрчил үүссэн бол?
-Шинэ нийгэм, шинэ орчин, шинэ шаардлага, энэ олон шинэ зүйлсийг угтаж өөрийгөө шинэчлэх, өөрийгөө бэлтгэх тал дээр алдаж оносон нь бий.
-Нийгмийн шилжилтэд монголчууд хэрхэн хандсан бэ?
Харилцан адилгүй. Гэхдээ олонх нь шинэ нийгмийг талархан хүлээж авсан. Хуучнаа санагалзах явдал байсаар ирснийг дээр хэллээ. Нийгмийн шилжилт маань удаан явагдсан учраас тийм санагалзал нэг хэсэгтээ байна.
-Монголчуудын амьдралын хэв маяг хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?
-Их өөрчлөгдөж байна. Гадна талаасаа ч, дотор талаасаа ч. Дэвшил рүүгээ явж байна. Материаллаг тал руугаа явж байна. Үүнийг буруу гэхгүй.
-Ардчилсан нийгэмд монголчууд хэр сахилга баттай байж чадаж байна вэ?
-Хуулийн хүрээнд л төлөвших ёстой. Эрх зүйт нийгэм гэдэг маань хуулийн дарангуйлал доорх шударга ёс, өргөн сонголт, зөв хөдөлмөр, хангалуун амьдрал шүү дээ. Тэр нь жигдэртлээ Монголд удах байх.
-Яагаад?
-Яагаад гэвэл монголчууд долоо хэмжиж нэг огтолдог. Нэг жигдрээд авбал жирийлгээд өгнө дөө.
-Тэгвэл нийгэм солигдоход монгол хүний амьжиргааны түвшин хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?
-Их өөрчлөгдсөн. Баялаг хангалуун болж, материаллаг тал руугаа явж байна. Хоёр иддэггүй, хоосон хонодоггүй хүмүүсээр социализм хахаж байсан бол одоо хэн бүтээсэн, шударгаар хөдөлмөрлөсөн, хэн гэгээрсэн, овсгоотой нь амьдралаа өөд татах бүрэн боломжтой шүү дээ.
-Ардчилал руу шилжихэд ажиглагдсан итгэл үнэмшлийн өөрчлөлт…?
-Социализмын материал-техникийн бааз байгуулна хэмээн хоосон итгэж, догматикаар сэтгэж явсныг нь халлаа, тэр л гол дэвшил юм биш үү. Итгэл үнэмшлийн өөрчлөлт нийгмийн өөрчлөлтөөсөө удаан үргэлжилдэг. Түүнийг л баталгаатай болгож авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хуучнаа санагалзан эргэж буцах явдал өөр олон улс оронд гашуун сургамжийн жишээ болоод давтагдлаа шүү дээ. Социализмаас ардчилсан нийгэмд шилжихэд монгол хүний боловсролын чанар хүртэл сайжирсан. Сонголт их байна. Дуртай их сургуульдаа, дуртай мэргэжлээрээ, дуртай гадаад улсад суралцах боломж нээлттэй байна. Гэхдээ боловсрол хэт нээлттэй байна. Их, дээд сургуулийн тоо дэндүү их байна. Үүнийгээ л засч залруулчихвал аяндаа жигдэрнэ.
-Нийгмийн шилжилт таны хувьд яаж нөлөөлөв?
-Ямар ч зөрчил үүсээгүй. Миний хүссэн тэр нийгэм мөн байсан учраас.
-Та Элчин сайд байсан дипломатч хүн. Гадаад харилцаандаа алдсан зүйл бий юү?
-Байхгүй. Хаа очиж Монголын нийгэм-эдийн засгийн салбаруудаас хамгийн эрчтэй, хурдтай, зөв хөгжсөн нь гадаад харилцааны салбар. Би үүнийг хэнд ч, хаана ч, хэзээ ч хэлнэ. Гадаад харилцааныхаа энэ их хурд, эрч, тэлэлтийг эдийн засаг нь гүйцэж чадахгүй хоцорсон явдал бий. Гадаад харилцаа маш өргөн, түнш маш олон, гэтэл дотооддоо шийдвэрлэх асуудал бас маш олон. Гол асуудал эдгээрийг хэрхэн хослуулах вэ, нэг түнштэйгээ эхнээс нь эцсийг нь дуустал тууштай ажиллаж чадах уу гэдгээс шалтгаална. Нэг салбар, нэг төсөл дээр олон түншийг зэрэг татах, мөргөлдүүлэх явдал гарч байдаг нь гадаад харилцааны өргөн боломж ба шийдвэрлэх асуудлаа зөв хослуулж чадахгүй байгаагийн гай шүү дээ.
-Ардчиллыг, ардчилагчдыг их шүүмжлэх болж. Монголд ардчилал буруу яваад байгаа юм биш биз гэж бодогдохгүй байна уу?
-1990-ээд онд ардчилсан шинэчлэлийн замаар дэлхийн 50-70 улс орон шилжиж орсон гэж үздэг. Шилжилт хийсэн орон маш олон. Шилжилтийн орнуудад Орос, Хятад ч нэрлэгддэг. Гэхдээ тэр улс орнууд хаашаа яаж шилжсэн нь ялгаатай. Хятад бол либерал эдийн засгийн системийг үндэснийхээ онцлогт тохируулан зөв авч хэрэглэсэн сонгодог жишээ гэж явдаг. Монгол бол шилжилтийн орнууддаа нэр хүнд сайтай. Ардчилал болоод зах зээлийн эдийн засаг руу хосолсон шилжилтийг тайван замаар хийсэн. Хүчирхийлэл хэрэглээгүй ардчилал зах зээлд шилжсэн сонгодог жишээ гэж явдаг. Ардчиллаасаа ухарсан өдий төдий жишээ дэлхий дээр байна. Маш олон улс орон байна. Дампуурсан улс байна. Тэдгээрийн дэргэд Монгол эерэг үнэлгээтэй. Тиймдээ ч Дэлхийн хамтын нийгэмлэг Монголд итгэл хүлээлгэж 2003, 2013 онд ардчиллын хоёр том форумыг Монгол зохион байгуулсан. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Монголд зохион байгуулсан нь ч монголчуудын ардчиллын үйлсэд өгсөн үнэлгээ гэж үзэж болно. Манайхан ардчилалд зарим талаар итгэл суларч байгаа явдал бол дотоод учир шалтгаанаас нөхцөлдсөн үйл явц. Энэ нь төр засаг тогтвортой ажиллаж чадахгүй, улс төрийн хэт намчирхал, эсвэл ардчиллаас хэт их зүйл хүсэн хүлээсэн, түүндээ хүрэхгүй сэтгэлээр унасантай холбоотой. Түүнээс ардчилалд өөрт нь буруу байхгүй. Ардчилал монголчуудад асар их боломж өгсөн. Тэр их боломжийг ашигласан нь олонх байгаа. Зөв ашиглах, буруу ашиглах гэсэн хоёр үзэгдэл байгаа. Түүнийг хольж болохгүй.
Д.ХҮСЛЭН