Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгууль болсон эсэх нь ч мэдэгдэхгүй өнгөрдөг байсан үе өнгөрч. Энэ удаагийн орон нутгийн сонгууль бужигнаантай боллоо. Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиар арай гэж бүлэг байгуулав. Мэдээж намын удирдлага, дотоод хэрүүл тэмцэл зэрэг нь нөлөөлсөн. Дээр нь намын угшилтай өндөр алба хашиж байгаа нөхдүүд, АН-ын дарга С.Эрдэнэд өширхсөн түүнийг унагах гэсэн намын хуучцуул ч намын даргыг унагах гэж байгаад намаа унагаж авсан. Дээр нь МАН, ХҮН бүгд нийлээд л боорлосон. Эцсийн дүнд АН ялагдсан. Намын нэр хүнд унасан нь үнэн. Тиймээс ч сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-ын нэр дэвшигчид намын рейтинг муу байна гэж болгоомжлон хувь хувьдаа л зүтгэлээ. Гэхдээ Ардчилсан нам алга болоогүй юм байна. Ард түмэн Ардчилсан намд хайртай юм байна гэдгийг Орон нутгийн сонгуулийн дүн харууллаа. Хүннам санал хуваагаагүй бол илүү ч олон ялалт байгуулах байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч АН-ыг орон нутгийн сонгуульд ил, далд дэмжлээ. Хөдөө орон нутгаар явлаа. Одон медаль ч харамгүй түгээлээ. Үе үеийн Ерөнхийлөгч л ингэдэг дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил шагналын хур буулгадаг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулиар сууриа бэлдэхгүй бол ирэх сонгуульд хөлгүй бол хэцүүднэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа Ерөнхийлөгч хүссэн ч эс хүссэн ч АН-ын төлөө явахаас өөр гарцгүй болсон. АН-д өнөөдөр Ерөнхийлөгчийн хүмүүс л голлож байна. Удирдлагын бүрэлдэхүүн тэр чигээрээ, дээр нь УИХ-д суугаа гишүүдийн дийлэнх Ерөнхийлөгчийн хүмүүс. Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн санасныг бодвол бас чиг танагтай байна. Хотод Сонгинохайрхан дүүрэгт МАН дангаараа гарч ирж байхад Сүхбаатар дүүрэгт АН ялах жишээтэй. Хөдөө бол час улаан байдаг аймгууд цэнхэрлэсэн байна. Нийслэлийн 45 суудлын 34-ийг нь МАН, наймыг нь АН, Хүннам гурвыг авлаа. Орон нутагт 21 аймгийн наймд нь Ардчилсан нам олонхи боллоо. Хэдийгээр АН ялаагүй ч цусгүй арчигдана гэсэн зориуд тараасан мессэж худлаа байж. Ард түмэн саналаа өгч, АН-ынхныг хяналт тавих эрхтэй цөөнх болголоо. АН-аас ард түмэн нүүр буруулаагүй юм байна.
Жижиг намууд сонгуулиар санал тарамдуулдаг. Тиймээс МАХН, ШИНЭ намтай АН эвсэж сонгуульдлаа. Нэг талаас нь харвал санал дэмий тараахгүй ч сайн талтай ч нөгөө талаар АН-ыг дэмждэг залуус МАХН, ШИНЭ намыг эсэргүүцэж саналаа өгсөнгүй.
Орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч дээрх намуудын удирдлагуудыг дуудан уулзсан байна. ХҮН намын удирдлагыг ч бас дуудаж сонгуульд хамт орох санал тавьсан. Харин Хүннам татгалзжээ. ХҮН-ийнхэн амбицалж, Ерөнхийлөгчийн сонгуулиа бодон татгалзсан нь тэр.
ХҮН-ын хувьд орон нутгийн сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байлаа. Байгуулагдсан цагаасаа хэд хэдэн тамга тэмдэг, хэдэн дарга зэрэг удирдаж будилж ирсэн ХҮН сая ч мөн будилав. Энэ будилааныхаа бурууг Ардчилсан нам руу чихэж, жагсаал, цуглаан хийсэн. Хамтраагүй учраас Угтаа АН биш МАН эрх барьж байгаа шүү дээ. Тэгэхээр ХҮН МАН-ын даалгавартай АН руу дайрсан ч байж болох юм. Учир нь МАН, ХҮН хоёр бол хоёулаа зүүний үзэл баримтлалтай, адилхан шахуу, халамжийн бодлоготой шүү дээ. Ах дүү хоёр нам гэж хэлж болно. Ялгаа нь ХҮН арай шинэ соргог л байх. Угтаа гуравдагч хүчин Монголд хэрэггүй ээ. Дотооддоо учраа олоогүй, байнгын хэрүүлтэй, энэ намын урдаа барьж байгаа залуус нь жинхэнэ цагаан захтнууд. Амьдрал үзээгүй, Монголын амьдралаас хол, нэг л их гадаадад амьдарч, сурч боловсорч, олон салаа хэлтэй болсноо гайхуулсан залуусын цуглуулга. Дээр нь энэ хоёр том намын араанд зуугдсан бол тэгэж амархан торойж гарч ирэх хэцүү. Ц.Хүрэлсүх өнөөдөр инээж байгаа ч ХҮН-ынхны зүхээд байгаа АН-аас илүү гарч зууна уу, гэхээс дутахгүй.
Төрийн эрхийг дангаараа шахуу барьж байгаа МАН-ыг Д.Сумьяабазар удирдаж орсон. МАН орон нутгийн сонгуульд ирц харгалзахгүйгээр зохион байгуулсан нь учиртай. Ирц хангалтгүй байх тусмаа л МАН ялах магадлал их байдаг. МАН угшилтай хөгшчүүл орон нутгийн сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бөгөөд АН-ыг дэмждэг залуус нь очдоггүй. Тиймээс ирц өндөр байх нь АН-д ашигтай, ирц бага байх нь МАН-д ашигтай. Улсын хэмжээгээр хамгийн бага ирцтэй Чингэлтэй дүүрэгт МАН ялсан байхад хамгийн их ирцтэй Сүхбаатар аймагт тэр чигээрээ АН ялсан байх жишээтэй. Өнөөдөр АН-ын лидерүүд нь лойдор болж, зарим нь хэлмэгдэж, хөл толгойгүй болсон энэ үед Орон нутгийн сонгууль болж, нийт дүнгээрээ ялчихаагүй ч санаснаас дээр байлаа. АН-д шинэчлэлийн цаг иржээ. МАН харин өнөөдрийг хүртэл сэлэм эргүүлсэн, одоохондоо нэр хүнд нь тэнгэрт тулсан намын даргынхаа нэр нүүр, өөрсдөдөө таатай дүн гарах Сонгуулийн хууль, доод дунд шатны бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн хар технологиороо хэдэн сонгуульд дараалан ялалт байгууллаа.
Монголд өнөөдөр олон нам хэрэггүй. Олон толгойтой могойн үлгэр шиг тал тал тийш чангаагаад байвал энэ том газар нутагтай, цөөхөн хүн амтай улсад сайнгүй.
Хоёр нам байхад хангалттай. Монголд бүртгэлтэй олон нам байдаг ч үнэн хэрэгтээ намын дарга, түүнийг дагасан цөөн хүний бүрэлдэхүүнтэй, гишүүнчлэл гээд байх юмгүй, цаасан дээр хэдэн нэртэй, хувийн компани шиг намууд бий. Өөрийн гэсэн гишүүнчлэлгүй нам хол явахгүйг энэ олон жил бид хангалттай харсан. Хүннам ч гэсэн эднээс нэг их ялгарахгүй. Т.Доржханд тэргүүтэй цөөхөн залуусыг эс тооцвол нам гэхээс илүүтэй, хэдэн найзын клуб шиг л бүтэцтэй. Тэгээд ч МАН, АН шиг улс орны хэмжээнд гишүүнчлэлтэй, бодлого уралдуулдаг нам болтлоо хол байна. Могой олон тасравч гүрвэлийн дайтай гэдэг. Ардчилсан нам өнөөдөр ялагдсан ч маргааш ялж чадахыг саяын сонгуулийн дүн харууллаа. АН дэмжигчидтэй, гишүүдтэй, орон нутагт бүтэцтэй, улс орон удирдаж явсан түүхтэй. Ийм дайны болтлоо ХҮН-д багадаа гучин жил шаардана. Тэднийг томрохыг хүлээж суух цаг алга. Гуч байтугай гурван жил ч хайран байна. Тэгээд ч “Босоо” Ганбаад л намаа арчуулаад сууж байдаг залууст улсаа даатгана гэдэг даанч хайран.
Монголчууд бид халамжийн бодлоготой намаар удаан удирдуулснаас болж хөгжиж дэвшихгүй удаан зогслоо. Яндангаа хөөлж ч чадахаа байтлаа арчаагаа алдсан. Ард түмэн ядуу байх тусам халамжийн бодлоготой нам ялдаг юм байна. Баахан хүнсний талон тараагаад л санал худалдаж авсаар өдийг хүрлээ. Хүн амынх нь тал нь халамж, тэтгэмжээр амьдардаг тэжээврүүд болсон. Ийм үед АН хүчтэй байх нь улс оронд хэрэгтэй. Одоо Ардчилсан нам шинэчлэгдэх хэрэгтэй байна. Дотоод асуудлаа цэгцэлж, шинэчлэгдэж, эв түнжинтэй байхад найдвар байна шүү. Дараалан сонгуульд ялагдаж байгаа ч цөөнх байж, хяналт тавих эрхийг ард түмэн та нарт өгсөөр байна. Ардчиллыг Монголд авчирсан, ардчиллыг хамгаалагч АН байсан цагт ардчилал Монголд улам илүү бэхжих юм.