Categories
редакцийн-нийтлэл

Ч.Сайханбилэг: АН 22 настай ч 90-тэй намаасаа хамаагүй илүү туршлагатай болчихсон байхгүй юу

УИХын гишүүн, АНын бүлгийн дарга Ч.Сай­ханбилэгтэй ярилцлаа.

Бүтэн гурван жил ярьсны эцэст Сонгуу­лийн хуулиа баталлаа. Үнэхээр санаанд нийц­сэн хууль гаргаж чад­сан гэж бодож байгаа юу?

-Сонгуулийн хууль бат­лагдсаны дараа хэв­лэл мэдээллийнхэн асуу­сан л даа. Тэгэхэд би хоёрдмол сэтгэгдэлтэй байгаагаа хэлсэн. 2008 оны сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсч, эрдэнэт хүний амь эрсэдсэн тэр хэцүү үед хоёр нам хамтарсан Зас­гийн газар байгуулсан. Ингээд Сонгуулийнхаа хуулийг өөрчлөх хэрэгтэй. Энэ хэвээрээ байж бо­лох­гүй гэж үзээд гэрээн­дээ тусгасан байдаг. Ямар ч байсан санал хураах, тоолохтой хол­боо­той процессыг луй­вар, будилаангүй болгох ёстой юм байна гэсэн дохиог долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдал өгсөн. Парламент эмхлэгдсэний дараа Сон­гуулийн хуулиа өөрчлөх асуудал орж ирсэн. Энэ цагаас хойш бүтэн гурван жилийн турш зарчмын зөрүүтэй 300 гаруй санал хураалгасан. Үүний талаас илүү буюу бараг 160 гаруй саналыг АН-ын бүлгээс гаргасан байгаа. Тэгээд ямар ч байсан энэ хууль сонгуулийн луйвар булхайг багасгаж байгаа­гаараа өмнөх хуулиасаа хамаагүй дээрдсэн. Үүнд сэтгэл өндөр байна.

Гэвч АН-ын бүлэг анх­наасаа пропорциональ тогтолцоог сонгоё гэсэн байр суурьтай байсан. Бид өнөөдрийг хүртэл мажоритар тогтолцооны сайн, мууг үзэж ирлээ. Одоо пропорциональ тогтолцоог туршаад үзэх хэрэгтэй гэсэн хүсэлтэй байлаа. 100 хувь биш юм аа гэхэд пропорциональ давамгайлсан тогтолцоо­той сонгууль явуулъя гэдэг саналтай байсан даа. Харамсалтай нь санас­наар болсонгүй гэ­дэгт сэтгэл дундуур бай­гаа. Мэдээж АН парла­мен­тад 27 суудалтай уч­раас өөрсдийн саналаа 100 хувь дэмжүүлнэ гэдэг хэцүү. Гэсэн хэдий ч зөв­шилцөх замаар явсаар өнөөдрийн энэ хувилбар дээр тогтсоноо чамлахгүй байна. Ямар ч байсан нэг дэвшил боллоо гэж ол­зуур­хаж байгаа. Чамла­хаар чанга атга гэдэг дээ. Пропорциональ тогтол­цооны эхний хэлбэрүү­дээ гаргачихлаа. Дараа­гийн удаа агуулгаар нь өөрчлөх тэр алхмыг хийчихэв үү гэж бодож байна.

Ямартаа ч Сонгуу­лийн хуулиа өөрчилнө гэж амласан хамтарсан Засгийн газрын гэрээ­гээ зөрчсөнгүй гэж үзэж байна уу?

-Үндсэндээ
хоёр нам хамтарч хийе гэсэн нэг зүйлээ
шийдэж чадлаа. Сонгогчийн үнэмлэх
гэж байхгүй учраас сонгог­чийн
үнэмлэх давхар тараагдах асуудал
нэг мөр үгүй болж байна. Ингэснээр нэг сонгогч нэг санал гэсэн
зарчим биеллээ олно гэсэн үг.

Хэсгийн хороо зөвхөн санал авах байр болон ху­вирснаар сонгогчдын нэрийг хасах гэх мэтийн элдэв булхай луйвар га­рах үүд хаалга хаагд­лаа. Гадаадад байгаа мон­голчууд анх удаа сон­гуульд оролцоно. Сон­гууль луйвардахаар завд­­сан этгээдэд эрүү­гийн ха­риуцлага ногдуу­лахаар бол­лоо. Хэвлэл мэдээллийн байгууллага, сонгуульд орол­цож бай­гаа субьектүүд ч хариуц­лагатай байхыг хуулиар нарийн заагаад өгчих­лөө. Ингээд яриад байвал чансаатай өөрчлөл­түүд орсон. Шинэчлэн най­руулж баталсан Сон­гуу­лийн хуулийг чанартай гэж хэлнэ.

Өнгөрсөн хуга­цаанд хоёр намын бү­лэг зөв­шилцөж байна гээд хуу­лийг олон удаа гацаагаад авсан даа. Энэ янзаараа шинэ хууль гарахгүй нь гэсэн ойлголтыг төрүүлж бай­лаа

-Энэ жилүүдэд сөрөг хүчингүй парламентын ту­хай шүүмжлэл их өрнө­лөө. Нэг хууль гаргах гэж бид гурван жил хагасын хугацаа зарцууллаа. Тэгэ­хэд үнэ­хээр хамтарсны давуу тал ч гардаг юм байна. Сөрөг хүчин байх ёстойн учрыг ч ойлгосон. Гэхдээ үүний аль аль нь зэрэг оршсон учраас бид хуулийг удаан гацаасан даа.

Мэдээж зөвшилцөж бай­на гээд нэг юм уу хоёр хүн ойлголцоод шийдчих асуу­дал биш учраас тө­вөгтэй байсан. Тиймээс дан ганц нэг тал нь өөр­төө сэтгэл ханамжтай шийд­вэр гар­гуул­на гэж бай­даггүй юм билээ. Үнэн­дээ хууль га­цаалаа гэж ги­шүү­дийг буруутгах бас аргагүй юм. Пар­ла­ментад дөрвөн жил суу­чихаад эцэст нь Сон­гуу­лийн хууль батлагдах бо­ло­хоор хүнийхээ хувьд “Энэ хууль батлагдвал би гарах нь уу, үгүй юу” гэдгээ харж, асуудалд хандана. Ийм ийм шалтгаанаар хэд хэдэн удаа гацаанд орж байлаа. Ер нь 2012 оны сонгуулиар гарах дараагийн парламент Сон­­гуулийн хуулиа өөр­чилье гэвэл ажлаа эхэл­сэн эхний жилдээ баг­таах хэрэгтэй юм байна гэдэг сургамжийг эн­дээс аваасай.

Тойргоос сон­гогч­дын 28 хувийн санал авч унасан тохиолдолд намын жаг­саалт руу шил­жинэ гэж байгаа. Ер нь энэ шилжилт тойрогт нэр дэв­шигчдэд давуу эрх олгоод байна уу даа?

-26 тойрогт 48 хүн нэр дэвшиж өрсөлдөнө. Ин­гээд сонгогчдоос авсан сана­лаараа эрэм­бэ­лэг­дэнэ. Олон­хийн санал авсан нь УИХ-ын гишүүн болох бо­ломжтой. Үлд­сэн нь буюу 28 хувийн санал авсан нэр дэв­шигч­дийг унасан эсвэл хаал­­гаар өшиглүүлж га­раад тоо­ноор буцаад ороод ирэх хү­мүүс гэх мэтээр нэрлээд байна л даа. Уг нь тэднийг ингэж хар­маар­гүй байгаа юм. Тэд бол олонхийн са­на­лаар парламентад сонгогд­сон нэр дэвшигчдийн араас саналын хувиараа эрэм­бэ­лэгдсэн хүмүүс. Манай нам бол нэ­гэнт ард түм­нээс санал авсан энэ хүмүүсийг эрэмбээр нь намын жаг­саалт руу оруулъя гэсэн. Аль ч газ­рын про­пор­цио­наль тог­толцооны сон­гууль ийм маягаар явдаг. Гэтэл хэ­ний­гээ намын жаг­саал­тад оруулахаа нам нь мэддэг байя гэж Ардын нам санал болгосон. Хэ­рэв тэгвэл олон түмний өмнүүр орж улс төрийн нам сонголт хийх болчих­но гэж манай нам үзсэн. Үүнээс болж нэлээд цаг барсан даа. Хуучин ма­жоритар тогтолцоогоор сон­гууль явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигч “алтан медаль” хүртэж пар­ламентад сууд­гийг харсаар бай­гаад сурчихаж. Тэгтэл олимпийн наадмаар та­мирч­дад зөвхөн алтан медаль өгдөггүй биз дээ. Мөнгө, хүрэл медальт­нууд тодор­дог. Үүн шиг сонгуульд мөнгө, хүрэл медаль авсан нэр дэв­шигчдийг парла­ментад оруулъя гэсэн нь энэ. Асуудлыг энэ талаас нь хараасай гэж хүсч байна.

Одоогийн парла­мен­­тад суугаа 76 хүн эргээд сонгогдохнү­хээмал­таж, өөрс­дө­дөө зориул­сан хууль гаргалаа ч гэх шүүмж­лэл бий?

-Хүн төрөлхтний түү­хэнд ийм тогтолцоо гар­сан гэж сонсоогүй. Тийм ид шидийн томъёолол байдаг бол бүх улс орны эрх бариг­чид хэрэглэж байх байлгүй. Үнэндээ хуулиар олгогдож байгаа сонгох, сонгогдох эрх зөв­хөн парламентад олонхи, цөөнх болсон хоёр намд хамааралтай юм биш. Улс төрийн бүрт­гэлтэй бүх хүчин 26 той­рогт өрсөлдөх боломж нээлттэй. МАНАН өөрс­дөдөө зориулж хууль гар­галаа ч гэж шүүмжилж байгаа. Гэхдээ нэг л хуу­лиар бүгдээрээ сон­гог­доно шүү дээ. Түүнээс биш одоо­гийн 76 хүнээс нэг нь ч “Би найдвартай сонгогдоно” гэж хэлж ча­дахгүй болов уу. Сонгогч бол­гонтой уулзаж, мө­рийн хөтөлбөрөө танил­цуулж байж гарахаас биш гэртээ зүгээр сууж бай­гаад сонгогдоно гэж байх­гүй.

Ардын нам ли­де­рүү­дээ намын жагсаал­таар оруулна, АН эсрэ­гээрээ тойрогтоо лиде­рүү­дээ сойно гэсэн яриа ч гараад байсан. Бодит байдал дээр яаж төлөвлөсөн бай­сан юм бол?

-УИХ-д олон жил сон­гогдсон, нэр нүүртэй хү­мүүсээ намын жаг­саал­таар оруулж, шууд гар­гана гэж нөгөө тал үзэж байсан. Харин манай нам бүгд той­рогтоо очиж, адилхан хүрз жоотуу бариад хар ажлаа хийе. Нэг саналын төлөө ажил­лая. Тэгээд авсан са­на­лаараа эрэмбэлэгдэж гаръя гэдэг саналтай бай­лаа. Намын лидерүүд гэ­хээ­рээ жирийн гишүү­дээсээ илүү эрх дархтай, автома­таар сонгогддог байж болох­гүй. Тойрогтоо очиж, намдаа суудал авахын төлөө явах ёстой. Тэгээд ч монгол­чуу­дын нэг чанар бий шүү дээ. Аливаа юмыг заавал эмэрч үзэж байж танина гэдэг шиг хүнээ харж байж сонголтоо хийдэг. Манай Ардын на­мынхан зунжингаа ярьсан биз дээ. “Хөдөөгүүр явлаа. Сонгогчид намаа биш хүнээ харж сонгоно гэж байна” гээд байсан. Тийм учраас бүгдээрээ тойрог дээрээ оч л доо. Хүмүүст өөрийгөө таниул. Тэгж байж гарч ир гэсэн зарч­мыг АН анхнаа­саа ба­рим­талж байсан юм.

Сонгогчдын 28 ху­вийн санал авсан хүн намын жагсаалт руу шил­жих эрхтэй болно. Тэгвэл сонгогчдын 28.1 хувийн санал авчихсан хүн яах вэ?

-28.1 хувийн санал ав­чих­сан хүн жагсаалт руу шилжиж болно. Харин 27.9 хувийн санал авсан хүнд асуудал үүснэ. Той­рогт нэр дэвшсэн бүх хүн жагсаалт руу ороод ирэх боломжтой болчихлоо гэж нөгөө та­лынхан шүүмж­лээд байсан л даа. Тиймээс ямар нэгэн босго тавихаас өөр арга­гүй болоод 28 гэсэн тоон дээр тогтсон. Улаан­баа­тар хотод гэхэд жишээ нь манай той­рог дээр өнгөр­сөн удаа 43 хүн өрсөл­дөж байлаа. Гэтэл зарим аймагт долоо, найман хүн өрсөлдөж байх жишээ­тэй. Үүнийг харьцуулахад шударга биш болоод бай­гаа юм. Тиймээс 28 ба түүнээс дээш хувийн босго тавихаар шийдсэн.

Ер нь нэр дэв­шиг­чид он гарахаас өмнө амжиж бэлэг сэлтээ та­раах гээд тойрог руу яарч байх шиг байна л даа?

-Он гарсны дараа олон зүйлийг энэ хууль хориг­лосон байгаа. Ми­ний хувьд тэмдэглэлт баяр ёслолын үеэр хувь хүнд хандсан арга хэмжээ явуулж байгаагүй дээ. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө хамаг ажлаа амжуу­лах гэж яарсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ту­хайн хүмүү­сийн сон­гуулиа яаж харж байгаа тактикаас хамаарах бо­лов уу. Сонгуулийн сур­тал­чилгааны сүүлийн сард нэлээд олон ажлыг нэр дэв­шигч­дийн хувьд хорьчихсон байгаа даа. Үүнийг зөрчвөл авах мөн­гөн торгуулийн хэмжээг нэмсэн, цаашлаад ту­хайн нэр дэвшигчийг нэр­сийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ ава­хаар тусгасан шүү дээ.

Манай уншигч нэг зүй­лийг асуусан нь нээ­рээ ч тийм юм уу гэж бодогдож байсан. Иргэ­дэд хувь хи­шиг тараах ажил шинэ оны дараа ч үргэлжилнэ. Ахмадууд сая төгрөг бэл­нээр, ир­гэд ч 21 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авна. Тэ­гэхээр энэ сон­гуулийн сурталчилгаанд орох юм биш үү?

-Энэ бол УИХ, Зас­гийн газар бүрэн эрхийн хуга­цаан­даа мөрийн хө­төлбөрөө хэрэгжүүлж бай­гаа хэрэг. Ер нь УИХ-ын гишүүд ч бүрэн эр­хийнхээ хугацаанд хий­сэн ажлынхаа тайланг тавих эрх нь нээлттэй.

Энэ хууль парла­мен­тын гадна байгаа намуу­дад УИХд орж ирэх бо­ломж олгож бай­гаа гэх. Гэвч үнэндээ УИХд суу­далгүй на­мууд ингэж ха­рахгүй байгаа тал бий?

-Ардчиллын үндсэн зарч­маараа аваад үзсэн ч гудманд ажиллаад бай­гаа “микрофонууд” Их хурлын танхимд ажил­лаа­сай гэж хүсдэг. Гу­дамжинд байгаа иргэ­дийн төлөөллийн хү­сээд байгаа зүйлүүд шийд­вэр гаргах түвшинд яригдаж байгаасай. Тиймээс пар­ламентад орж ирэх на­муу­дын босгыг таван хувь бол­гож бууруулсан. Ин­гээд парламентад олон нийтийн төлөөлөл ол­ноор орж ирэх боломж нэмэгдэж байгаа. Ард­чиллын үндсэн зарчмаа хадгалж, олон намын тог­толцоог бүрдүүлж, улс ор­ны­хоо хөгжлийг ярьж бай­­гаа­сай гэсэн байр суу­рийг АН үргэлж барим­талдаг. Энэ дагуу асуу­далд хандсан.

Олон жил яриад ший­­дэж чадахгүй бай­сан нэг асуудал нь эмэг­­тэй­чүү­дийн квот. Үүнийг шийд­сэн нь нэг дэвшил болсон байх

-Жендерийн тухай хуу­­лийг 16 жилийн турш пар­ла­мент дамжин хэ­лэлцсэн. Одоогийн пар­ла­мент энэ хуулийг батал­сан байгаа. Ингээд сая Сонгуулийн тухай хуульд эмэгтэй­чүү­дийн квотыг тусгаж өгч чад­лаа. Ингэс­нээр улс төрийн намууд сонгуульд 76 хүн нэр дэв­шүүлбэл тэдний дор хаяж 15 нь эмэгтэй байхаар болж байна. Тэгэхээр ирэх жилийн парламент эмэгтэй гишүүд олонтой байх болов уу гэж хараад байгаа.

УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэж байгаа. Гэх­дээ Ардын намын­хан салгах сонир­холтой байх шиг байна. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-АН-ын бүлэг тодор­хой байр суурьтай бай­гаа. Үүнээ­сээ холбирно гэж байх­гүй. Мэдээж УИХ, Орон нутгийн сонгууль салж явах тухай ойлголт байх ёсгүй. АН байгаа тохиолдолд энэ хоёр сон­гууль тусдаа явна гэж байхгүй. Бүх зүйл хуу­лиараа явна.

Энэ парламентын бү­рэн эрхийн хугацаа дуу­сахад хэдхэн сар үлдлээ. АНын бүлгийг толгойлж ажиллаж бай­гаагийн хувьд яаж ажил­ласан гэж дүгнэж байгаа вэ?

-Ер нь 2008-2012 оны парламентыг өөрийн гэ­сэн өнгө төрхтэй, түүхэнд мөрөө үлдээсэн гэж бо­дож байгаа. Парламент болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ энэ удаагийн УИХ улс орны өмнө тулгамдсан асууд­луудыг шийдсэн. Уул уур­хайг эргэлтэд оруулж, гэрээг батлах том ажлыг нугаллаа. Үүнээс гадна Монголын ард түмэнд уул уурхайн баялгийн эзэн байх эрхийг нээж өглөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал том дэвшил болно. Сон­гуулийн шинэ тогтолцоог нэвтрүүлсэн парламент боллоо гэх мэ­тээр дүгнэж болно. Гаргасан шийдвэ­рүүдийн үр дүнг мэдээж цаг хугацаа харуу­лах байх. Ялангуяа энэ УИХ төсвийн чиглэлээр том өөрч­лөлт хийж чадсан. Орон нутагт төсвийн маш их эрх мэдлийг шилжүүлж чадлаа шүү дээ. Ингэс­нээрээ УИХ-ын гишүүд худаг барьдаг, сургуу­лийн дээвэр засдаг ажилд оролцохоо болино. Төс­вийг дураараа зарла­гаддаг асуудлыг хязгаар­лаж, хариуцлагыг чангат­гаж өглөө. Төсвийн ал­дагдлыг тодорхой хувьд барьж бай­хаар тогтлоо. Ирэх онд төсвийн алдагд­лыг хасах хоёр хувьд ба­рихаар болсон гэх жи­шээ­ний. Сонгуулийн үеэр бэлэн мөнгөний амлал­тыг хязгаарлаж өгсөн гэх зэрэг ач холбогдолтой зүй­лүүдийг шийдсэн.

Энэ парламентын хуга­цаанд АНыг дага­сан нэг шүүмжлэл нь хам­тар­сан засагт орсон явдал байлаа. Одоо га­рах цаг нь болсон юм биш үү?

-Сөрөг хүчний дуу хоо­­лой үгүйлэгдсэн үү, үгүй юу гэдгийг Сон­гуу­лийн хуулийг баталсан асуудал харуу­лаад өглөө. Тэгэхээр ямар ч байсан сөрөг хүчний дуу хоолой дутагдаагүй юм болов уу гэж бодож байгаа.

Үнэндээ Ардчилсан намын гишүүд л Засгийн газрыг шахаж шаардаж, ажиллуулдаг байсан гэд­гийг хаана ч хэлнэ. УИХ-ын үйл ажиллагаанд идэвх­тэй оролцсон. Тийм учраас Монголын төр өн­гөрсөн ху­га­цаанд хараа хяналтгүй, дангаараа ду­раараа ажил­лаагүй ээ. Хэрвээ АН сөрөг хүчин байгаад бусад на­муудтай нийлээд гудамжинд гар­сан бол Оюу толгойн гэ­рээ батлагдах байсан уу үгүй юу гэдгийг мэргэч төл­гөч биш учраас хэлж мэ­дэхгүй. Ямар ч байсан за­сагт хамтарсан учраас энэ гэрээг сайжруулахын тулд ажилласан. Ирэх жил Таван толгой, Оюу толгойн гэрээ Монгол Ул­сыг аваад гарах нөх­цө­лийг бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн дээ.

Сонгуулиас өмнө хам­­тарсан Засгийн газ­раас гарчихвал яасан юм?

-Сайханбилэг гэдэг хү­нээс асууж байгаа бол тэг­сэн ч яахав гээд хэл­чих­мээр байна. Гэвч ард­чил­лын үндсэн зарчим, АН шийдвэр гаргадаг ме­ха­низ­маараа шийдэх ёс­той. Хам­тарсан Засгийн газарт орох шийдвэрийг бид олонхиороо гарга­сан. Гарах асуудлаа ч ингээд шийдэх бололцоо бий. Гэхдээ АН улс орны нийтлэг эрх ашгийг бодох уу, улс төрийн явцуу эрх ашгаа бодох уу гэдгээ чиг болгох учиртай. Энэ да­рааллаа зөв байрлуулж чадаж байгаа тохиол­долд засгаас гарч, орох тухай маргаж, мэтгээд байх шаардлагагүй. Улс орны эрх ашиг юу хүлээж байна түүнийг л дагах учиртай.

АНын ҮЗХоор хам­тарсан Засгийн газраас гарах асуудал яригдах юм биш үү?

-Магадгүй юм. ҮЗХ-оор ямар ч асуудал ярих нь нээлттэй. Гэхдээ эрх ашгийн­хаа зөв дараал­лаар шийдвэрээ гаргах нь чухал.

Та бол энэ дараа­лал зөв явж байгаа гэж үзэж байна уу?

-Өнөөдрийг хүртэл зөв дарааллаар явж чадаж бай­гаа гэсэн бодолтой байна. Чухал хуулиудыг бид гар­галаа. Одоо би­дэнд хийх ажил их байна. Хугацаа бага үлдсэн уч­раас юу ч хийж амжихгүй гэж болохгүй. Харин ч хугацаа бага байх тусам даацтай ажиллах хэрэг­тэй.

Ирэх сонгуулиар хоёр нам тэнцүү суудал авч чадвал дахиад хам­тарсан Засгийн газар бай­гуулаад явах юм биш биз дээ?

-Мэдээж АН сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа дангаа­раа бүр­дүү­­лэхийн төлөө сон­гуульд оролцоно. Тэгээд ч алаагүй баав­гайн арьсыг хувааж авахын үлгэ­рээр сонгууль болоо­гүй байна. Энэ асууд­лыг ярихад дэндүү эрт байна.

ҮЗХоор намын дар­гын асуу­дал хөндөг­дөнө гэж байнга яригд­­даг. Энэ удаа яах бол?

-Асууж байгаа хүнд ч, хариулах гэж буй хүнд ч энэ нь цочир санаг­дахаа байж дээ. Яагаад гэвэл энэ сэдэв 2000 оноос хойш яригдсан шүү дээ. Энэ яриа үнэн байсан бол АН-ын дарга хэдэн удаа солиг­дохоор бай­лаа, гэвч тэгсэнгүй. АН даргаа солих хэрэгтэй бол­лоо гэж бодъё. Ерөнхий­лөгчийн сонгуульд намаа ялуулсан учраас уу. Эсвэл хамтарсан Засгийн газарт орж, ҮЗХ-оор шийдэгдсэн асуудлыг хийж чадсангүй гэж үү. АН-ын рейтинг өр­сөлдөгч намаасаа дээ­гүүр гарсан гэдэг шалтгаанаар даргаа солих юм уу. Би бодохдоо ҮЗХ хуралдсан ч хамтарсан засагт байж бо­лох уу, үгүй юу, мөрийн хөтөлбөрөө яах гэж байна гэдгээс эхлээд “Монгол-хүн-2020” хэлэл­цүүлгээ дүгнэх асуудал хэлэлцэж болно. Ирэх сонгуулийн үр дүн гараагүй байхад намын дар­гын асуудлыг ярих нь эрт гэж бодож байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг есөн гишүүн гаргасан ч УИХ хэлэлцээгүй. Та аливаа асуудалд дандаа бүл­гийн­хээ байр суурийг илэр­хийлдэг. Харин ги­шүү­нийхээ хувьд энэ асуу­далд яаж хандаж бай­сан бэ?

-Хоёр нам хамтарч бай­гаа үед УИХ дахь цөөнхийн бүлгийг тол­гойлох нь хам­гийн хэцүү ажил юм байна. Бүлгийн ахлагч бол тогооны хүн гэгчээр намын халуун гал то­гооны ажилд оролцдог юм уу даа. Нөгөө талаар 101 буюу галын дуудлага шиг ажил шүү дээ. Энд тэнд дандаа гал унтраах үүрэг­тэй. Хүн болгоны эвийг олох шаард­лагатай болдог. Гэх­дээ үндсэн зарчмаа алдах­гүй байх ёстой гээд л хэцүү дээ. Хувь хүнийхээ хувьд хэлмээр, хашгирмаар, илэр­хийл­мээр асуудал их гардаг. Гэвч би хэлж байгаа учраас АН-ын байр суурь гээд ойлгочих вий гэж өөрий­гөө хянадаг. Ийм бай­дал нь хүнийг хариуц­ла­га­тай, сахилгатай бол­годог юм байна. Хэлэх үгээ бодож, амаа үдэх шаардлага тул­гардаг юм байна.

Харин Ерөнхий сайдыг огц­руулах асуудал дээр бол ийм байр суурьтай байсан. Ерөнхий сайдыг Засгийн газрын нэг кабинетийн гишүүнтэй адилтгаж үзэж болох­гүй. Ерөнхий сайд огцорвол ка­бинет огцорно гэдэг шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа. Үүнийг нэг мөр болгоё гэсэн учраас сая УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэсэн хяз­гаарлалт хийсэн. Тэгэхгүй бол хэн дуртай нь Ерөнхий сайдыг огц­руулах асуудал оруулж ирнэ. Бараг өдөр болгон ийм зүйл хэлэлцэх болно шүү дээ. 19 гишүүнийхээ босгыг давчихсан тохиолдолд энэ бол нээлттэй асуудал.

Долдугаар сарын 1-ний хэр­гээр хэлмэгдсэн хүмүүс, амиа алдсан иргэ­дийн ар гэрийнхнээс төр уучлал гуйх ёстой гэсэн тогтоолыг УИХаар бат­луу­лах гэсэн боловч дэмж­лэг авсангүй. Үнд­сэн­дээ Ардын намынхан унагачихсан л даа?

-Энд ямар ч эргэлзээ байх ёсгүй. Монголын төр алдааныхаа төлөө шаард­лагатай бол уучлал гуйх учиртай. Хувь хүнийхээ хувьд ч, бүлгийн байр суу­рийг илэр­хийлсэн ч Хүний эрхийн дэд хо­рооноос гар­гасан асуудлыг дэм­жиж байгаа. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Са­нал хураах үед гишүүдийн ирц хан­галттай байсан уу, үгүй юу гэдгийг нягтлах хэрэгтэй.

Засгийн газрыг шүүмжилсэн, буруу зүйл хийсэн гишүүддээ Ардын нам бүлгээрээ хэлэл­цээд сануулга өгдөг, хариуц­лага тооцдог. Харин АН яадаг вэ?

-Хариуцлага тооцох, са­нуулга өгөх нь АН-ын мөн чанар биш. Энэ дарга, тэр ахмад настай, парла­ментад удаан суусан гэдэг үндэс­лэлээр бие биедээ ханд­даггүй. АН-ын гишүүд бүгд тэгш эрхтэй. Ямар ч асуу­далд бүгд санаа бодлоо уралдуулдаг. Ингэж байж олон­хийн шийдвэр гаргадаг юм. АН-ын мөн чанар энэ. Ер нь хүнд сахилга хариуц­лага тооцоод, итгэл үнэмш­лээр нь нуга дарна гэдэг бол ойл­гомжгүй шүү дээ. Хүн хүний аран­шин, үзэл бодол дээр АН тогтдог юм байна. Бие биеийнхээ дутууг гүй­цээж явдагт АН-ын хүч орш­дог юм байна гэдгийг өн­гөрсөн 20 жилийн түүх ха­руулсан.

Үндсэн хуулийн хоёр заал­тад өөрчлөлт оруу­лах гэж бай­гаа. УИХын гишүүд сайд бо­лоход тоо­ны хязгаарлалт хийнэ. Сумын Засаг даргыг ир­гэд сон­годог болгохоор ярьж байна. Гэвч энэ өөрч­лөлтийг өнгөц төдий юм гэдэг шүүмжлэлийг хүмүүс хэлээд эхэлж бай­на. Та ямар бодолтой бай­гаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт оруулах гэж байгаа энэ үед өнгөц өөрч­лөлтийн тухай ойлголт хэзээ ч байж бо­лох­гүй. Үндсэн хуулийн үг өгүүл­бэр, цэг таслал бүр утга учир агуулж байдаг. Үндсэн хуулийн хоёр заал­тыг өөрчлөх нь маш том өөрчлөлт. Эхний ээлжинд нийг­мийн дийлэнх хэсэгт таалагдах хоёр зүйлээ өөр­чилье гэсэн юм. Үүний араас нийтийн хэлэл­цүүл­гийн үр дүнд том том өөрч­лөл­түүдийг Үндсэн хуульд оруулах боломж бий.

Улстөрч хүний хувьд эцэст нь нэг зүйлийг асууя. АНын мөнхийн өрсөлдөгч болох улс тө­рийн хүчин хоёр хувааг­даад МАН, МАХН бол­чих­лоо. Одоо Н.Энхбаяр, Ц.Ням­дорж зэрэг лиде­рүүд нь толхилцоод эхэл­сэн. Энэ нь магадгүй та­най намд ашигтай тусч байх шиг

-Төлөвшлийн хувьд аваад үз­вэл АН 22 жилийн түүхтэй, турш­лагатай шүү дээ. Нам хуваагдах, гишүүд нь урвах шарвахаас эхлээд бүх асуудлыг манай нам туулаад ирсэн. АН 22 настай мөртөө 90 настай нөгөө намаасаа хамаагүй илүү туршлагатай болчихсон байх­гүй юу. Бид хоорондоо арцалдаад байвал тоглоом биш шоглоом болно шүү гэдгээ ухаарчихсан. Энэ байдлаар харвал нөгөө нам хөгжлийнхөө аль хавьцаа яваад байгаа юм бэ дээ. Миний бодлоор магадгүй 90-ээд оны сүүл хавьцаа яваад байгаа юм болов уу. Үүнийг нь далимдуулж манай нам улс төрийн богино зайны гүйлт хийхийг хүсэхгүй байна. Гэнэн зүйлд итгэж болохгүй л дээ. МАН, МАХН хоёр хагаралдсанаас болж манай намын рейтинг өсөх тухай асуудал байхгүй. Энэ хоёрын хэрүүлээс бид зав­шаад байгаа гэж ойлгож болохгүй. Улс орныхоо хөгж­лийг урагшлуулахын төлөө АН бусад намаас илүү ажиллаж чадна гэдгээ ха­руулбал амжилтад хүрнэ гэдэг итгэл үнэмшлээрээ явж байгаа. Ингэж байж сонгуульд ялалт бай­гуулна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *