Монголд нам олон байна аа. Гэхдээ гол дүрийг бүтээж байгаа нь МАХН ба АН.
МАХН болон АН-ын хувьд унтаж байсан луу нь хэдийнэ сэрж, ам хамраараа гал улангасуулаад эхэлсэн учраас сонжиж харах зүйл их байх юм.
БАРУУНТАН ДАРГА НЬ БАРУУНЫ ЧИГЛЭЛИЙГ СОНГОЖ БАЙНА
МАХН-ын хувьд хэзээнээс шинэчлэгдэнэ гэдэг нэг том шүдний өвчинтэй. Ер нь шинэчлэгдэхгүй бол болохгүй нь гэж ярьсаар ч удлаа. Гэвч энэ намыг шинэчлэгдэж байгаа гэхэд хэцүү юм. Саяхан болж өнгөрсөн Бага хурал дээрээ шинэчлэгдэхийн чухлыг намын дарга нь мөн ч их ярьсан даа. Гэвч хэдхэн хоногийн дараа нь болсон МАСЗХ-ны хурал дээр залуучууд нь даргынхаа санал болгосон хүнийг дэмжиж байна гээд ярсхийтэл гараа өргөн, 100 хувиар дэмжчихэж байх юм. Үүнийг шинэчлэгдэж байна гэхээсээ харин ч бүүр л муудаад байна гэж харахаар. Сахил хүртсэн биш шал дордов гэдэг дээ. Шинэчлэгдэнэ гэж лоозогночихоод үүнийхээ эсрэг авирлаж байгаа нь ах намыг бүр чиг эвгүй байдалд оруулсаар байгаа юм. Мөн энэ намын хувьд ярианы гол сэдэв нь намын нэр солих асуудал болоод байгааг хэн хүнгүй мэднэ. Гаднаас тулгагдсан үзэл суртлаас татгалзан үзэл баримтлалаа шинэчлэн тодорхойлох эрэлд гарсан гэгдэх энэ нам урт хугацааны эрлээ үүсгэн байгуулагдах үеийнхээ МАН нэрийг авах хэмээн тодорхойлоод байна. Ингэснээр зүүний үзэлтэй намаа барууных болгох гэлээ гэсэн шүүмжлэл даргыг нь тойрсонгүй. МАХН-ын дарга С.Батболдын хувьд өөрөө яаж ч хазайлгах гээд хөдлөхгүй барууны үзэлтэй хүн. Сурч боловсорсон цаг хугацаа, бизнесийн байгууллагад ажиллаж ирсэн нь, хувийн өмчийн үзэл гээд олон зүйлээрээ тэр баруунтан. Харин хувь заяаны шоглоомоор зүүний намын дарга болсон биз. Харин тэр намаа өөрчилж шинэчлэх гэж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байгаа.
С.Баяр явснаас хойшхи хугацаанд С.Батболд байр сууриа тодорхой хугацаанд бэхжүүлэх гэж үзлээ. Хэдийгээр том намын дарга, Ерөнхий сайдын эрх мэдэл гээд олон зүйл түүнд ирсэн ч намын даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй генсек дэргэд нь бий. У.Хүрэлсүхийн хувьд хар залуугаасаа намын аппаратыг бэхжүүлэхийг хамгийн чухал нь гэж үзэж ирсэн нэгэн болохоороо энэ чиглэлээрээ ч ерөнхий нарийн бичгийн дарга болоод дагнаж ажилласан байдаг. С.Баяр түүний эл чадварт нь найдаад намаа эртнээс түүний гарт орхисон юм. Ингэснээр шинэ даргыг ирэх үед даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй нарийн бичгийн дарга бий болжээ. Тиймдээ ч У.Хүрэлсүх Бага хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Нэрээ солиод нам сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэж мэдэгдсэн биз. Намын даргынхаа өмнүүр ингэж мэдэгдэнэ гэдэг дээрхийн том баталгаа билээ. Ах намын зарим гишүүд манайх хоёр толгойтой болчихлоо гэх юм билээ. Гэхдээ С.Батболд, У.Хүрэлсүх хоёрын том жижгийн асуудал одоохондоо том асуудал биш. Харин тэд нэгэнт хөдөлгөсөн галт тэргэндээ суун намынхаа нэрийг өөрчилсөн тохиолдолд ямар тоглолтууд үүсэх вэ гэдэг нь гол бэрхшээл.
МАХН НЭРЭЭ СОЛЬСОН ТОХИОЛДОЛД ӨМЧИЛЖ ҮЛДЭХ БОЛОМЖГҮЙ
Тус намын экс дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр намын удирдлагуудынхаа гаргасан шинэчлэлийн уриалгын дараа өөрийн байр сууриа хатуу илэрхийлсэн. Тэрбээр зүүний чигийн нам барууны үзлээр замнах гэж буйд хачирхаж байгаа юм. Н.Энхбаярын хачирхсан хачирхаагүй МАХН нэрээ сольж, харин хачирхсан гэдгээ албан ёсоор илэрхийлээд амжсан экс Ерөнхийлөгч дараагийн нүүдлээ амжуулахаар харж байна. 2009 оны зургадугаар сарын 18-нд ардчилсан Ерөнхийлөгч тангаргаа өргөж байх зуур Төрийн ордны өргөтгөлийн хонгилоос цэцгийн баглаа бариулаад машинд нь суулган улс төрөөс явуулчихсан Н.Энхбаярт энэ салбарт дахин орж ирэх бололцоог намын нэр солих үйл явц өгөх нь ойлгомжтой байна.
Хэрэв МАХН нэрээ МАН болгож өөрчлөх юм бол МАХН нэрийг нь Н.Энхбаяр ба түүний хүрээллийнхэн авна гэдэгт эргэлзэхгүй буйгаа улс төрийн ажиглагчид илэрхийлж байгаа юм. Тэртэй тэргүй АН барууных, нэмээд МАХН баруунтан болчихвол зүүний чигийн орон зай гараад ирнэ. Харин тэр орон зайд нь Н.Энхбаяр МАХН нэрээ аваад мөн ҮШН-ын нөхөдтэйгээ нэгдээд гараад ирэх боломж байгаа юм. Нэрээ солино гээд хөөрцөглөөд яваа МАХН-ын нөхөд нэр ашиглуулахгүй болгоно гэж төлөвлөж л байгаа байх. Гэвч энэ нь боломжгүй гэдгийг ойрхны түүх гэрчлээд өгнө. Ардчиллын чигийн намууд нэгдэх үед Монголын социал демократ нам, Үндэсний Ардчилсан намын нэр АН-ын өмч гэж ирээд л ардчилагчид их хурлаараа чухам тогтоол гаргаж байв даа. Гэвч дараа нь А.Ганбаатар МСДН гээчийг байгуулаад ч явчихсан. С.Оюун, Б.Жаргалсайхан нар ураг нэгдэж, Иргэний Зориг Бүгд найрамдах хэмээн нэрийдэн байснаа туурга тусгаарлах үед ИЗН их хурлаараа мөн л тогтоол гарган энэ нэр нь намын өмч гэж зарлаж байсан. Гэвч хууль эрх зүйн хувьд тухайн нэрээрээ л оноогдож нэрлэгдэхгүй бол хувьчилж аваад байх ямар ч боломж байдаггүй. Буянгийн Жагаа Улсын дээд шүүхийн жагсаалтаар дөрөвт бичигддэг байсан эрэмбээ ИЗН-д алдсан ч одоо намынхаа уугуул нэртэй л байна. Үүнтэй адил МАХН хувьсгалт гэдэг үгнээсээ жигтэйхэн жийрхэн МАН болох юм бол МАХН гэдэг 90 жилийн түүхтэй нэрээ цаашид агуулах боломжгүй болно. Зүүний үзэлдээ үнэнч, халамжийн асуудлыг хүчтэй хөндөж ярих МАХН гараад ирэх нь эрх баригч намуудад тийм таатай зүйл биш байх аа.
Н.ЭНХБАЯРААС ЗУГТАХ БА ТАТАГДАХ ҮЗЭГДЭЛ
Гаднаас нь ажиглаад байхад МАХН-ынхан бас нэг төрлийн ангиллаар хуваагдчихаад байгаа юм. Үүнд Н.Энхбаяраас зугтах ба татагдах бүлэг хүмүүс бий болжээ. Үүнийг бүр үзэгдэл гэж нэрлэхэд болохоор байгаа юм. Цагтаа энэ хүний бараанд нь зогсч, сүрэнд нь дарагдах гэж хүмүүс хуйлардаг байлаа. Харин одоо МАХН-д Н.Энхбаяраас зугтах хүч газар авч байна. Түүнтэй нэр холбогдохоос эмээж, хүрээлэлд нь байсан байтугай таньдаг гэж хэлэхээс дөлцгөөнө. Хэн нэгнийг Н.Энхбаяртай холбоотохвол “Энэ хүний цаашдын амьдрал хэцүү болж байна” гэж халаглагсад ч ихэсчээ. Гэхдээ тэгж зугтаж байгаа хүмүүсийг харвал ихэнх нь долдойчууд байх вий. Ийн зугтагсдын бүлэгтэй зэрэгцээд түүнд татагдагсад бас байна аа. Зугтагсад нь голдуу намдаа дээгүүр байр суурь эзэлдэг, эсвэл намын нэрээр төрийн гайгүй албанд хүрсэн хүмүүс байх бол Н.Энхбаярын хүрээлэлд орж ирж байгаа хүмүүс дийлэнх нь намын энгийн гишүүд байгаа юм. Мөн зүүний төвийн нам байхыг чухалчилж буй жигүүрийнхэн ч голын нэг талд зогсох нь. Тэд С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын удирдлагын бодолтой санал нийлэхгүй байгаа хүмүүс. Намынхаа удирдлагуудын бодлоготой санал нийлэхгүй явдал ихэнх жирийн гишүүдэд тохиолдох бөгөөд тэд Н.Энхбаярыг өөрсдийнхөө дуу хоолой болно хэмээн итгэж байгаа учраас ийн соронзон мэт татагдаж байна. Өнгөрсөн баасан гаригт Драмын театрт болсон арга хэмжээ ч үүнийг нотолно. Харин Н.Энхбаяр нийгэмд бий болсон өөрөөс нь зугтах болоод татагдах үзэгдлийг ашиглан улс төрд хүчтэй орон зай бүрдүүлэхээр оролдож байна.