Төгсгөл. Түрүүч нь
¹022 (3412) дугаарт
Бидний аяллын дараагийн
хот Эдмонтон байв. Цас их орсон ч нэмэх градустай байлаа. Яагаад ч юм Улаанбаатарыг
санагдуулав. Онгоцны буудлаас хотын төв рүү явахад яг л Монголдоо яваа мэт. Гэхдээ
зам нь донсолгоогүй. Нефтиэр баялаг энэ хот Альберто мужид харьяалагддаг бөгөөд
энд Монголоос цагаачлан ирээд амьдарч байгаа
Баатарцогт, Батбаатар гэх хоёр гэр бүлийнхэнтэй танилцав. Арван гурван монгол айл
энэ хотод байдаг бөгөөд хараар ажиллаж амьдардаг хүн алга. Угаасаа харлах тухай
ойлголт байхгүй. Албан ёсны зөвшөөрөлгүй бол ажил олдоно гэж үгүй. Тэд өөрсдийгөө Канадад амьдардаг монголчууд биш,
канад монгол хүн гэж байсан.
Нэгэнт л эндхийн хүн
болчихсон тэдний энэ үг хилээр хөл тавих үед таарсан хятад залуугийн хэлсэн үгийг
санагдуулав. Баатарцогт нь нисэхэд диспетчерийн
албаны дарга хийж байсан. Орост сургууль
төгссөн нэгэн. Хотдоо тээврийн машин барьдаг. “Манайд л дарга болохыг хүн болгон
хүсдэг. Энд хүн ажлаа л хийж чадаж байвал сайхан амьдарчихна. Хүн ер нь сайхан
амьдарч байвал илүү юу хүсэхэв. Энд зээлгүй хүн гэж байхгүй. Ажил хийж байгаа бол
аяндаа төлчихнө. Харин манайд зээлтэй хүн
өртэй гээд сүйд болдог” талаар ярина лээ. Хувийн байшинтай, эхнэр, хүү, охинтойгоо
амьдардаг юм байна. Хүү нь нээрээ л канад монгол болчихож. Энэ байшингийнхаа
зээлийг төлж дуусч байгаа гэнэ. Бас дахиад нэг хаус барьж байгаа бөгөөд одоо амьдарч
байгаагаа түрээслүүлэхээр төлөвлөжээ. Гэрийн эзэн анх энд пиццаны газар ажилд
орох гээд анкет бөглөхдөө баахан дээд сургууль төгссөн, том дарга хийж байснаа бичээд
өгчихөж. Ажил олддоггүй.
Гэтэл тэр анкетанд
нь хэн итгэх вэ дээ. Тийм олон сургууль төгсөж, дарга хийсэн хүн пицца зөөнө гээд
байхаар худалч нөхөр гэж бодсон биз. Дараа нь анкет бөглөхдөө аль хийж чадах юмаа
бичдэг болж. Тэрээр биднийг “Дэлхийн зөн”-гийн шугамаар Монголд амьдрахаар явж
буй нэгэн фермерийн эзэнтэй танилцуулав. Хотоос зайдуу энэ газраа түрээсэлдэг
бөгөөд гэр бүлийнх нь бизнес юм байна. Тэд тариа тарьж, будаагаа Энэтхэг, Хятад
руу экспортолдог аж. Ид ажлын үед ердөө гуравхан гэр бүл ирж эднийд хөлсөөр ажилладаг.
Бусад үед нь өөрсдөө бүхнийг амжуулна. Биднийг очиход засварын газраас тостойгоо хутгалдчихсан нэг нөхөр гараад ирсэн
юм. Эзэн нь хэн юм бол гэж бодож зогстол нөгөө тосондоо хутгалдсан хүн фермерийн
эзэн болж таарав. Хэдэн адуутай бөгөөд манайх шиг малын саравч бас байх юм.
Аяллын төгсгөлд бид
өвлийн олимп болох Ванкувер хотыг зорилоо. Сэвсийсэн цас болсон хот байх юм бодсон,
эсрэгээр өмнөх очсон газруудаас хамгийн дулаахан буюу +18 градусын дулаантай байв.
Байнга бороо шивэрч, өвс ногоо модод нь ногооноороо байх юм. Буудлын цонхоор Ванкуверын
олимп сурвалжлах сэтгүүлчдийн байрлах газар харагдана. Зарим улсаас мэргэжил нэгт
нөхөд минь эрт наашилсан бололтой. Мэргэжлийн камер барьсан телевизийнхэн энд
тэнд зураг аваад завгүй харагдах нь сэтгэлд ойр.
Мөн том усан онгоцон
дээр зайгүй олон контейнер байрлуулжээ. Олимпийн аюулгүй байдлыг нь хангах албаныхан
энд байрлах юм гэнэ. Яагаад усан дээрх хөлөгт байрлаж байгааг ойлгосонгүй. Өвлийн
олимпийн зарим төрөл энэ жил анх удаа битүү стадионд болох юм. Олимпод зориулж
онгоцны буудлаасаа хот хүртлээ цахилгаан галт тэрэгний зам тавьжээ. “2003 онд олимпийн
эрхээ авснаас хойш тасралтгүй хөдөлмөрлөсөн” гэж биднийг энэ хотод хүлээж авсан
Бритиш Колумбиа мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Тоббин Роббинс тайлбарласан
юм. Хот тэр аяараа олимпийн өнгө аястай болжээ. Олимпийн бэлгэ тэмдэг болсон зурагт
хуудас, туг далбаа хотоор нэг намирчээ.
Өргөмжит консул маань
социализмын үед Монголд ирсэн дурсамжаа хуваалцав. Хотын замд ганц ч машин харагдахгүй хэрнээ замын цагдаа замын
голд зогсож байсныг ярив. Замын цагдаа машингүй
зам дээр юу хийж зогсдог байсныг ойлгоогүй гэнэ. Тэр үед Монгол руу явах виз авах
гэж бөөн чирэгдэл болж байсан аж. Мань хүнийг Улаанбаатарт буусан цагаас нь НАХЯ-ны
бололтой хүн хаа ч явсан хажууд нь дагаж явж байжээ. Хөрөнгөтөн орноос ирсэн гэж
л сэрдэж дагасан нь тэр.
Ванкувер дэлхийн хамгийн
таатай хотоор сүүлийн арваад жил шалгарч байгаа аж. Тэрнийхээ хэрээр юмных нь үнэ
тэнгэрт хадчихсан. Хамгийн доод талын хаус хоёр сая таван зуун мянган ам доллараас
буухгүй.
Энд хууль бол хууль
байдаг юм байна. Бүгд ягштал дагах юм. Үгүйсэн бол газар газрын цагаачид учраа олж
амар амгалан амьдарч чадахгүй байхсан. Хүүхдүүдийг
хов зөөлөө гэж загнадаг бол эндхийнхэн сайн ховч болохыг сургадаг. Тэгээд бэлтгэгдсэн
ховчид нь насанд хүрэхээрээ дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, хууль
зөрчсөн нэгэн рүү харж канад инээмсэглэл илгээлээ ч зохих байгууллагад нь ховлож
орхидог байна. Хэн нэгэн хууль зөрчсөнөөр өөрийнх нь эрх зөрчигдөх учир ингэж асуудлыг
дор нь шийдчихнэ.
Тусгай зориулалтын
газар тамхилна. Казино, баар, олон нийтийн газраа ч тамхи татахгүй хориглоно. Хууль дүрэм зөрчиж та зөвшөөрөлгүй газар тамхи
татвал 250 доллар, автомашиныхаа бүсээ зүүгээгүй бол 130 доллар. Улаан гэрлээр давхиад
явчихвал 400 доллар гээд л түрийвчтэй нь яриад эхлэхээр аргагүй дүрэм, журам хуулийг
мөрддөг болдог юм байна.
Хог боловсруулж дахин
ашигладгаараа дэлхийд тэргүүлдэг. Бидний
очсон монгол айлын хүү шил хуванцар савнууд цуглуулж тушаагаад мөнгө олдог бяцхан
бизнестэй. Бизнес нь ашигтай байх нь ааваас нь шалтгаална. Аав нь гайгүйхэн пиво
уугаад байвал шил их цуглардаг гэж хошигнов.
Заримдаа хүү хогийн сав очиж ухаад шил түүдэг байна. Манайд жирийн амьдралтай айлын
хүүхэд ингэж явбал яасан их муулах бол. Олсон
мөнгөөрөө өөрийнхөө дуртай зүйлийг авна. Хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургах нь
боловсролтой бол гэхээс илүүтэй хэрэгтэй зүйл болохыг анзаарав.
Энд замын асуудал үнэхээр шийдэгдэж чаджээ. Хороолол бий болгохын тулд хамгийн түрүүнд замаа
л тавьдаг юм байна. Манайх шиг баахан замбараагүй байшин барилга, гэр, сууцаа барьчихаад
дараа нь замаа шийдэх гэж зовдоггүй нь илт.
Жаахан ч газар үлдээлгүй ашиглаж сурсан тэдэнд машины зогсоол гэдэг хүндрэлтэй
асуудал. Томоохон албан байгууллага орон сууцууд газар доорх зогсоолд машинаа тавих аж. Татвар татаас гэдэг туйлдаа хүрчихсэн газар юм.
Дэлгүүрт тавьсан бараан дээр татвар нэмэгдэнэ.
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг энд жинхэнэ ёсоороо
байна. Та үхсэн хойноо ч төлөх ёстой өр, татвараа төлнө. Төр танаас татвараа бол
яаж ийгээд авчихна. Хэзээ өр дуусна тэр цагт л яс амрах жишээтэй. Энд татваргүй
ганцхан зүйл байдаг. Тэр нь лото. Аз үзсэн лото тоглоом тоглох нь энд элбэг. Лото
тоглоод хожвол татвар авахгүй.
Канадчууд монголчуудыг
мэддэг болжээ.Таксинд суухаар Осама Бин
Ладены хамаатан гэлтэй араб царайтай, үс сахал болсон нөхөд жолоо барьж байх юм. Үгэнд дуртай гэж жигтэйхэн.
Заавал хаанахынх вэ гэж асуух юм. Нэг таксины
жолоочид монгол хүн гэж хэлтэл би бас монгол гэдэг байгаа. Харахаас араб тэр
нөхрийг яаж ч үгүйсгэх гээд өөрийгөө монгол
гээд байх юм. Бодвол Чингэс өвөг Арабд байлдан дагуулалт хийхдээ мань нөхрийг
бас монгол цустай болгох зам тавьсан юм байлгүй дээ.
Бид ч хөгжил, цэцэглэлт,
их хотын үймээнт амьдралаас дэндүү хол зэрлэгээрээ, дураараа байгаагаа их хотын
шуугиант амьдралаас Улаанбаатарт буухдаа л мэдэрлээ. Бидний эрх чөлөө тэднийхээс
тэс өөр юм. Канад инээмсэглэл надад лав
таалагдаагүй.
Ванкуверийн олимпод бэлтгэж буй хүүхдүүд